Өмнөд Солонгосын анхны цахилгаан автомашин

Автомашин үйлдвэрлэгч дэлхийн хэмжээний томоохон компаниудын нэгт тооцогдох Өмнөд Солонгосын Хьюндай, Киа компаниуд өмнө нь цахилгаан автомашины туршилтын загваруудыг танилцуулж байсан бол Киа компани өнгөрөгч сараас эхлэн Kia Ray EV загварыг үйлдвэрлэлд шилжүүлж цахилгаан автомашин үйлдвэрлэлтээр тус улсад анхдагч болоод байна. Уг цахилгаан машин нь шатахуунаар ажилладаг Ray CUV загварт суурилсан бөгөөд 1 л-ийн багтаамжит хөдөлгүүрийг 50 кВт-ын цахилгаан хөдөлгүүр болон 16.4 кВт.цаг лити-ионы полимер батерейгээр сольж нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 140 км хүртэлх зайг туулах боломж бүрдүүлжээ. Шинэ цахилгаан машиныг 220 в-ын ахуйн цахилгаан сүлжээнээс ердийн байдлаар 6 цагийн хугацаанд бүрэн цэнэглэх боломжтой бол хурдан цэнэглэх горимд 25 минут шаардагддаг байна.

Машины суудал болон шалан дор 330 в-ын лити-ионы полимер батерейн багц байрлана. Мөн тормозны системээс гидравлик даралт үүсгэх шинэ төрлийн нөхөн сэргээгдэх тоормозны системээр тоноглогджээ. Үүгээр тормозлох үеийн илүүдэл энергиэр батерейг цэнэглэхээс гадна олон төрлийн замын нөхцөлд тохирсон тормосны педалын хүчээр хангадаг байна. Мөн Ниссан, Тоётогийн цахилгаан автомашинуудтай адил аудио дохиоллын системээр тоноглогдож 20 км/ц-аас бага хурдтай явах үед шатахуунт машинтай төстэй дуу авиа гаргадаг бол хянах самбарт цахилгаан хөдөлгүүрийн үйл ажиллагааг харуулж, батерейн үлдэгдэл цэнэгийн хэмжээ, түүгээр туулах зайг харуулдаг байна.

Үүнээс гадна 7 инчийн дэлгэц бүхий цахилгаан автомашины навигацийн систем нь тус улсад одоогоор ашиглагдаж байгаа цахилгаанаар цэнэглэх 500-аад станцаас хамгийн ойр байгаа станцуудын байршлыг заадаг байна. Тус улсын засгийн газар ирэх оны эцэс гэхэд цахилгаанаар цэнэглэх станцын тоог 3100-д хүргэхээр төлөвлөж байгаа юм. Киа компани уг машиныг одоогоор энгийн хэрэглэгчдэд худалдаалахгүй бөгөөд бодит хэрэглээнд хэр зэрэг тохиромжтой байгааг шалгах, ирээдүйн цахилгаан машины технологийн хөгжүүлэлтэд шаардагдах мэдээллүүдийг цуглуулах зэрэг судалгаа сайжруулалтын зорилгоор засгийн газар болон нийтийн үйлчилгээний газруудад ашиглуулахаар төлөвлөж байна.







 эх сурвалж, gizmag

Орчлон ертөнцийн тэлэлт хурдасч байна

1927 онд Белгийн одон оронч, физикч Georges Lemaître тэлж буй орчлон ертөнцийн тухай төсөөллийг анх танилцуулсан бол 2 жилийн дараа Америкийн одон оронч Edwin Hubble орчлон ертөнц үнэхээр тэлж байгааг анхлан ажиглалтаар тогтоосон байдаг. Эдгээр нь орчлон ертөнцийн гарал үүслийн талаархи хамгийн үнэмшилтэй гэгдэх болсон "Их тэсрэлт"-ийн онолын үндэс суурь болсон юм. Үүнээс гадна "Их тэсрэлт"-ийн загварыг бүрэлдэн тогтоход Эйнштэйний харьцангуйн онол чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Харин 1964 онд Америкийн физикч Arno Penzias, одон оронч Robert Wilson нар сансарын богино долгионы цацрагийг санамсаргүй нээснээр уг онолыг үндэслэлтэй байж болохыг нотложээ. Сансрын богино долгионы цацраг нь огторгуй маш халуун төлөв байдлаас хөрч өнөөг хүрсэн гэдгийг батладаг.

"Их тэсрэлт"-ийн онолоор орчлон ертөнц 13.7 тэрбум жилийн өмнө хэмжээлшгүй их нягттай материйн хоромхон зуурын дэлбэрэлтээс үүссэн гэж үздэг бөгөөд өнөөгийн шинжлэх ухаан ч үүнийг хүлээн зөвшөөрч байна. Харин орчлон ертөнц яг одоо ямарт төлөв байдалд байгаа, цаашдын хувь тавилан, түүний эцэс төгсгөл ямархуу дүр төрхтэй байх талаар эрдэмтэд саяхныг хүртэл голлох 2 онол дээр санал хуваагдаж байв. Эхний онолоор тэлэлт тогтмол хурдаар тогтвортой явагдана, удаах онолоор гравитацийн хүчний үйлчлэлийн нөлөөгөөр тэлэлтийн хурд саарч орчлон ертөнц эргэж агшиснаар эцэстээ "Их нягтрал"-д хүргэнэ гэж үзэж байв.

Харин эдгээр онолуудыг няцааж, "орчлон ертөнцийн тэлэлт улам илүү хурдасч байгаа"-г 1998 онд нээсэн Saul Perlmutter, Brian Schmidt, Adam Riess нар энэ онд физикийн салбарт нобелийн шагнал хүртлээ. Энэхүү нээлт физикч Perlmutter-ийн 1988 оноос хийж эхэлсэн судалгаанаас эх үүсвэртэй юм. Тэрээр орчлон ертөнцийн ирээдүйг тодорхойлохын тулд түүний тэлэлтийн хурдыг хэмжихийг зорьсон байна. Үүний тулд хамгийн алс холын оддын гэрлийг хэмжих шаардлагатай бөгөөд хэмжилтэд хамгийн тохиромжтой, одод дундаас хамгийн тод гэрэлтэлттэй нэн шинэ оддыг онцолсон нь тун зөв шийдвэр байжээ. Нэн шинэ одны гэрэл цагаан байдаг боловч хэт алсад байрлах ийм оддын гэрэл илүү бараан харагддаг байна.

Харин биднээс алслан холдож байгаа оддын гэрлийн спектрийн долгионы урт нэмэгдэж улаан өнгөнд шилждэг. Энэхүү улааны шилжилтийг хэмжсэнээр тухайн одны хурдыг тооцоолж мэдэх боломжтой гэдгийг Edwin Hubble анх нээжээ. Од хүртэлх зайг түүний алслах хурдтай харьцуулан графикаар үзүүлбэл нарны аймгийн ойр орчимд шулуун шугам гарах бөгөөд энэ нь тэлэлтийн хурд тогтмол гэдгийг илэрхийлнэ. Хэрэв алсад байрлах нэн шинэ оддын өгөгдлүүдийг адил графикт дүрслэхэд шулуун шугам хэвээр байвал тэлэлтийн хурд тогтмол гэсэн үг юм. Тухайн үед алс холын нэн шинэ оддыг илрүүлэх арга нээгдээгүй байсан нь Perlmutter-ийн судалгаанд хүндрэл учруулж байв.

Мөн нэг галактикаас нэг нэн шинэ од эрж олно гэдэг 100 жилд ганц олдох ховор тохиолдол байдаг ажээ. Харин Perlmutter тодорхой хугацааны давтамжтайгаар хэдэн арван мянган галактикийн зургийг сансарын дуран авайгаар авч харьцуулах аргыг бодож олсон байна. Нэн шинэ одны хамгийн тод гэрэлтэлт богино хугацаанд үргэлжилдэг учир эдгээр зургуудаас илрүүлэх боломжтой байв. Perlmutter 3 жилийн турш ажиглалт хийж байж анхны нэн шинэ одыг нээжээ. Харин физикч мэргэжилтэй түүнд өөрийн хүссэнээр сансарын дуран авай ашиглах боломж тухайн үед олдоогүй байна. Иймд одон орончдод хүсэлт тавьж тэдний дэмжлэгтэйгээр нэн шинэ оддыг удаа дараалан илрүүлэн, судалгаагаа үргэлжлүүлэх болжээ.

Тэр үед одон орны салбарын бус боловч нэн шинэ одны судалгаа хийж нэлээдгүй амжилт олж байгаад цочирдсон олон одон орончдын нэг нь Австралийн эрдэмтэн Brian Schmidt байв. Тэрээр 1995 оны эхээр Perlmutter-тэй адил төрлийн судалгаа хийж эхэлснээр 2 эрдэмтний өрсөлдөөн эхэлсэн байна. Жилийн хугацаанд Perlmutter-ийн баг 11 нэн шинэ од нээсэн бол Schmidt-ийн багийн ажиглалтын програм хангамж доголдох зэргээр саад бэрхшээл тасралтгүй гарч дөнгөж 2 шинэ одыг илрүүлсэн байна. 1996 оны эхээр тухайн үеийн хамгийн нарийвчлал сайтай сансарын Хабл дуранг ашиглах боломж 2 багт олдож ээлжлэн ажиглалт хийх болжээ.

Харин Perlmutter Хаблийн ажиглалтын үр дүнг хүлээлгүйгээр 1996 оны зун өмнөх судалгааны үр дүнгээ танилцуулж түүнд үндэслэн "орчлонгийн тэлэлт удааширч байна" гэж зарласан байна. Гэхдээ хэмжилтийн нарийвчлал хангалттай хэмжээнд хүрээгүй учир эрдэмтдийн дэмжлэгийг авч чадсангүй. Тэрээр илүү олон нэн шинэ од нээсэн боловч тэдгээрийн хэмжилтийн үр дүнд хийх боловсруулалтын нарийвчлалыг нэмэгдүүлэх тал дээр эсрэг багаас хоцорч байв. Шалтгаан нь сансарын тоосонцрын нөлөөллийг хангалттай тооцож чадаагүйгээс хэмжилтийн алдаа харьцангуй өндөр гарсанд байжээ. Сансарын тоосонцор нэн шинэ одны гэрлийг хааж бүдгэрүүлснээс түүнийг бодит байдлаас илүү хол харагдуулж байв.

Харин шинэ од нээх тал дээр хоцорч байсан Schmidt-ийн багт нобелийн шагнал авсан гуравдах эрдэмтэн болох Adam Riess байв. Тэрээр хэмжилтийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхдээ гаргууд сайн мэргэжилтэн байсан бөгөөд тоосонцорын нөлөөллийг тооцож засварлах аргачлалыг боловсруулсан байна. Үүний үр дүнд хэмжилтийн нарийвчлалыг тухайн үеийн бусад аргачлалуудаас 9 дахин нэмэгдүүлж чаджээ. Тэрээр хэмжилтийн үр дүнг боловсруулах явцдаа орчлон ертөнцийн тэлэлт хурдасч байгааг харуулах үр дүнг анх олж харсан байна. Schmidt, Adam нарын баг судалгааны гайхалтай үр дүнд дөхөж очсон тэр үед буюу 1998 оны 1 сард өрсөлдөгч Perlmutter-ийн баг судалгааны шинэ үр дүнгээ дахин танилцуулсан байна. Энэ удаад нарийвчлалыг хангалттай хэмжээнд хүртэл нэмэгдүүлэн "орчлон ертөнц мөнхөд тэлнэ" гэж зарласан нь 1 жилийн өмнөх дүгнэлтээс 180 хэм эргэсэн хэрэг байв.

Гайхалтай нь Perlmutter-ийн судалгааны үр дүнгээс Schmidt-ийн судалгаатай адилаар "орчлон ертөнцийн тэлэлтийн хурд нэмэгдэж байна" гэсэн дүгнэлт давхар гаргаж болох нь илэрхий байжээ. Өөрөөр хэлбэл хоорондоо хамааралгүйгээр бие даан судалгаа хийсэн 2 багийн үр дүн адилхан байв. Мөн оны 5-р сард Америкийн эрдэм шинжилгээний Fermi хүрээлэнд болсон дэлхийн хэмжээний тэргүүлэх одон орончид, физикчдийн нэгдсэн зөвлөгөөнд хангалттай тооны нэн шинэ од нээсэн 2 баг судалгааны шинэ үр дүнгүүдээ танилцуулжээ. Эцэст нь тэдний нээлт болох "орчлон ертөнцийн тэлэлт хурдасч байгаа"-г хүлээн зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэх санал хураалт явуулахад танхимд цугласан 60 гаруй эрдэмтдийн гуравны хоёр нь зөвшөөрч санал өгсөн байна.

Ийнхүү эрдэмтдийн өрсөлдөөн, магадгүй хор шарын нөлөөгөөр хийгдсэн нээлт шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдөх болж нээсэн эрдэмтэд нобелийн шагнал авахад хүргэсэн юм. Энэхүү шинэ нээлтээр орчлон ертөнцийн тэлэлтийн хурд нэмэгдэж байгаа нь тодорхой болсон боловч түүний шалтгааныг одоогоор хүлээн зөвшөөрөгдөж буй физикийн хуулиудаар тайлбарлах боломжгүй юм. Тэлэлт хурдасч, одод галактикууд цаг өнгөрөх тусам бие биенээсээ улам алсан холдож байгаа нь гравитацийн хүчнээс илүүтэйгээр тэдний хооронд түлхэлцэх хүч үүсгэх нууцлаг энерги оршин байгааг харуулж байгаа хэрэг юм. Уг нууцлаг энергийг өдийг хүртэл тодорхойгүй байгаа сансарын хар матери, хар энергийн нөлөө хэмээн тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл энэхүү нээлт нь сансарын хар энерги оршин байгааг давхар нотлож байгаа юм.

Уг нээлт нэгэн сонирхолтой тохиолдлоор Эйнштэйнтэй холбогддог. Эйнштэйн харьцангуйн онолын томьёоллоо боловсруулж байхдаа орчлон ертөнц тэлэхгүй, агшихгүй, нэг хэвийн тогтонги төлөв байдалд байна гэж үзэж байв. Гэтэл гравитацийн хүчний нөлөөллийг тооцож үзвэл галактикууд бие биедээ татагдаж орчлон ертөнц нягтарч агших дүр зураг харагдана. Иймд тэрээр гравитацийн хүчний эсрэг үйлчилж тогтонги төлөв байдлыг хадгалах нөхцөл болох сансарын тогтмол (сosmological constant) хэмээх хэмжигдэхүүнийг томьёлолдоо оруулсан байдаг. Мөн тухайн үед хар энерги, хар материйн тухай ойлголт огт байгаагүй юм. Харин Hubble-ын ажиглалтаар орчлон ертөнц тэлж байгааг тогтоосны дараа Эйнштэйн сансарын тогтмолыг өөрийн амьдралдаа хийсэн хамгийн том алдаа гэж үзэх болсон байна. Тэгвэл тэлэлт хурдасч байгааг нотлосон нээлт нь сансарын тогтмолыг байх ёстой хэмжигдэхүүн гэдгийг илэрхийлж, түүнийг шинэ утга агуулгаар баяжуулжээ.

Орчлон ертөнцийн ирээдүйн загварууд;
a. Тэлэлт саарч агших загвар, b. Тогтвортой тэлэх загвар, c. Тэлэлт хурдсах загвар (шинэ нээлт)
Saul Perlmutter, Brian Schmidt, Adam Riess
Ia төрлийн нэн шинэ од

эх сурвалж; NHK

Дууг хит болох эсэхийг урьдчилан мэдэж болно

Энэ мэдээ дуу бичлэгийн компаниуд болон шинэ залуу дуучдад тааламжтай сонсогдож магадгүй. Дууг шилдэг дууны жагсаалтын эхний тавд багтах эсэхийг урьдчилан мэдэх боломжтой болсон байна. Бристолийн их сургуулийн хиймэл оюун ухааны салбарын эрдэмтэд хит болох дууг 60%-ын нарийвчлалтайгаар тодорхойлох томъёоллыг боловсруулсан байна. Үүний тулд сүүлийн 50 жилийн 40 хит дуунд програм хангамжийн тусламжтай шинжилгээ хийж амжилт олоход нөлөөлсөн онцлогуудыг эрж хайжээ. Уг томъёололд дууны темп, хугацааны давтамж, үргэлжлэл, чанга сул зэргээс авхуулаад өнгөний хослол, хөг ая зохицол зэрэг онцлог аудио хэмжигдэхүүнүүдийг тооцож үздэг байна.

Хит болох эсэхийг мэдэхийн тулд дууны 23 аудио элементэд шинэ томъёоллоор шинжилгээ хийж үнэлгээ өгдөг байна. Уг үнэлгээгээр дуунуудыг хит болон хит бус гэж ангилж, хит дууны жагсаалтын эхний 5-д орно, эсвэл 30-аас дээш хэзээ ч гарахгүй гэх мэтээр урьдчилан тааварлаж боломжтой болжээ. Эрдэмтэд мөн зарим цаг үеийн хит дуунуудын онцлогийг тодорхойлсон байна. 1980-аад оноос өмнөх үед баллад төрлийн удаан хэмнэлтэй дуунууд жагсаалтад илүү дээгүүр байр эзлэхээс гадна дууг хит болоход бүжгийн хэмнэлтэй эсэх нь нөлөөлдөггүй байжээ.

Харин 1980-аад оноос хойш бүжгийн хэмнэл бүхий дуунууд амжилт олж эхэлсэн байна. Мөн сүүлийн жилүүдэд амжилт олсон дуунууд илүү чанга дуутай болж байгаа, зөвхөн хит дууны жагсаалтын хүрээнд авч үзэхэд эхний байр эзэлсэн дуунууд сүүлийн байр эзэлсэн дуунуудаас чанга дуутай байгааг ажиглаж үүнийг хит дуу болох нэг нөхцөл гэж дүгнэсэн байна. Эрдэмтдийн хэлж байгаагаар шинээр боловсруулсан томъёолол нь 1990-аад оны эхний хагас болон 2000-аад оноос хойших дуунуудад илүү их таарч тохирч байгаа гэжээ.


эх сурвалж; Mailonline

Амьдрал үхлийн зааг дахь бурханы дуу хоолой -1

Үхэлтэй нүүр тулж үзсэн хүмүүс ямар нэгэн нууцлаг гайхамшигийн ачаар амьд үлдсэн тухай ярих тохиолдол цөөнгүй байдаг. Зарим хүн түүнийг аврагч сахиусан тэнгэр гэж итгэж байхад зарим нь сэтгэлзүйн төвөгтэй байдлаас үүдэлтэй хий үзэгдэл гэх нь ч бас бий. Гэхдээ иймэрхүү тохиолдлыг зүгээр л гайхамшиг гээд орхих нь учир дутагдалтай юм. Зарим эрдэмтэд ч энэ нууцлаг үзэгдлийн учрыг олж шинжлэх ухааны үүднээс тайлбарлахыг хичээж байна.

9 сарын 11-ний халдлагад өртсөн ч тохиолдлоор аврагдсан цөөн хүний нэг нь Рон Дифранческо юм. Тэр өдөр түүний ажлын өрөө байрлах дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийн нэгний 84-р давхарт 30-аад хүн ердийн байдлаар ажиллаж байв. Гэтэл барилгаас хурдан гарахыг хүссэн утасны дуудлага найзаас нь иржээ. Түүнийг өрөөнөөсөө гараад хэдхэн секунд өнгөрөхөд түүний ажлын өрөө нь байрлаж байсан хэсэгт 2 дахь онгоц мөргөж дэлбэрчээ.

Дифранческо амьд үлдсэн бусад хүмүүстэй хамт барилгаас гарахаар аврах шатаар хэдэн давхар уруудсан боловч явах замд нь түймэр асч гацсан байна. Барилгын аюулгүйн хамгаалалтын систем ажиллаж бүх хаалга түгжигдсэн учир давхруудын коридорт гарах боломж байсангүй. Галын дөл, нуранганы хооронд түгжигдсэн хүмүүс сүүлчийн итгэл найдвараа алдаж, харанхуйд нойтон шатан дээр хэвтэцгээжээ. Удалгүй амьсгалах агаар ч хүрэлцэхээ больж эхлэхэд хүмүүс өөрийн эрхгүй нойронд автаж эхэлсэн байна.

Яг тэр үед Дифранческо нэгэн сонин зүйл мэдэрч эхэлжээ. Хэн гэдэг нь мэдэгдэхгүй ч нэгэн хүн түүнийг нэрээр нь дуудаж, босох хэрэгтэй гэж хэлэх шиг болсон байна. Тэр эрэгтэй хүний дуу хоолой байв. Тэр түүнд хүрч, гараас нь дэмжиж босгоогүй боловч түүнийг аврахаар дуудаж байв. Үл мэдэгдэх хүний дуудлагыг дагаж Дифранческо галд автсан шатаар уруудаж эхэлжээ. Бага зэрэг түлэгдсэн боловч 3 давхар уруудаад галаас гарч чадсан байна. Тэр түүнийг "намайг дагаад яв, гэрт чинь хүргэж өгнө" гэж хэлж байх шиг санагдаж байв.

Дараа нь 1500-аад алхам бүхий явган шатаар уруудаж барилгаас гарах үед шатсан эд зүйлс галт бөмбөлөг мэт тэнгэрээс унаж байжээ. Түүнийг гарах хаалганаас хэдхэн арван метр зайд холдох үед цамхаг нурж үнс нуранга болон хувирсан нь 2 дахь онгоц мөргөснөөс хойш 56 минутын дараа болсон хэрэг байв. Дифранческо 3 хоногийн дараа эмнэлэгт ухаан оржээ. Тэр өөрийгөө ямар нэгэн нууцлаг хүчин зүйлийн ачаар аврагдсан гэж одоо ч итгэсээр байна.

Дифранческо ганцаараа ийм тохиолдлын гэрч болоогүй юм. Зохиолч Жон Гейгер уулчин, туйл судлаач, аялагч зэрэг эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүмүүсийг 5 жилийн турш судлаж байна. Хэн нэгэн "гуравдагч хүн"-ий тусламжтайгаар аврагдсан хамгийн эртний тохиолдлуудын нэг нь өнгөрөгч зууны эхэн үед хамаарагдаж байгаа юм. Аялагч судлаач Эрнст Шаклтон өмнөд туйлд хүрэхээр 1914 онд аялалаа эхэлсэн боловч 10 сарын турш мөсөнд гацаж зогссон байна. Дараа жилийн 11 сард мөсөнд зоогдсон усан онгоцоо орхиод 1300 км зайд байрлах нөөц баазыг жижиг завиар зорьжээ.

Антрактидын тэсвэрлэшгүй цаг агаарын нөхцөлд хүнд хэцүү аялалыг даван туулахад нь хэн нэгэн түүнд зам зааж өгч, тэрхүү хэн нэгнийг дагаж явсаар нөөц баазад эсэн мэнд хүрсэн тухай тэмдэглэн үлдээжээ. Түүнээс хойш аюул осолтой нөхцөлд хэн нь үл мэдэгдэх нэгэн хүн зам зааж амьд үлдэхэд туслаж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг үзэгдлийг "гуравдагч хүн" үзэгдэл (third man factor) гэж нэрлэх болсон юм. "Гуравдагч хүн"-тэй учирсан тохиолдлуудын тухай Гейгерийн цуглуулга 200-д хүрээд байна.

Энэ үзэгдлийг эрт дээр үеэс ам дамжин яригдаж, бидний үеийг хүртэл уламжлагдан ирсэн аврагч сахиусан тэнгэрийн ойлголттой адилтгаж үзэж болно. 2008 онд хийгдсэн судалгаагаар америкчуудын 55% нь бурханд, 46% нь өөрсдийн сахиусан тэнгэр бий гэдэгт итгэдэг гэж хариулсанаас үзвэл "гуравдагч хүн"-ийг бурхан өөрийн биеэр ирж биднийг аварч хамгаалж байгаагийн илрэл гэсэн итгэл үнэмшил оршсоор байна. Харин тархи мэдрэл судлаач эрдэмтэдийн хийсэн зарим судалгаа энэ чиглэлд хонгилын үзүүрт гэрэл асааж байгаа юм.

Швейцарын мэдрэл судлаач Олаф Бланк сэтгэцийн хямралд орсон өвчтнүүдэд эмчилгээ хийх явцдаа "гуравдагч хүн"-д хамаарах сонирхолтой нээлт хийсэн байна. Тэрээр өвчтнүүдийн тархины гадаргын янз бүрийн хэсгүүдэд маш бага хэмжээний цахилгаан хүчдэлээр цочрол өгөх туршилт хийжээ. Харин тархины тодорхой нэгэн хэсэгт цочрол өгөхөд тухайн өвчтөн өрөөний хаа нэгтээ ямар нэгэн юм байна гэдгийг мэдэрч тэр зүг рүү харахыг оролдож байсан байна. Цочрол өгөх хугацааг бага зэрэг уртасгахад ямар нэгэн юм бус, хэн нэгэн хүн байгаа нь мэдрэгдэж байна гэж хариулж байжээ.

Харин цочрол өгөхөө болингуут тэрхүү хэн нэгэн хүн ор мөргүй алга болж байсан байна. Цахилгаан хүчдэлээр нөлөөлж гуравдагч хүний мэдрэмж үүсгэх тархины хэсгийг тархины зулай болон чамархайн хэсгийн холбоос (temporo-parietal junction) гэдэг. Түүнд цочрол өгсөнөөр унтраалга дарж гэрэл асаах мэт гуравдагч хүнийг мэдэрсэн мэт мэдрэмжийг зохиомлоор үүсгэж байгаа хэрэг юм. Тархины чамархайн хэсэг (temporal lobe) хүний толгой, гар, хөл зэрэг биеийн эрхтнүүдийн байрлалыг мэдрэх үүрэгтэй бол зулайн хэсэг (parietal lobe) нь орон зайн мэдээллийг боловсруулж түүнтэй харьцангуйгаар хүний биеийн байрлалыг мэдрэх үүрэгтэй ажээ. Гэхдээ Бланкийн нээлтийг олонхи эрдэмтэд хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.

Аюул осолтой нөхцөлд хэн нэгний дуудлагаар аврагдах боломжийг эрж хайх "гуравдагч хүн" үзэгдэл ямар замаар үүсдэг бол. Мэдрэл судлаач Майкл Парсингер энэ асуудлын учрыг тайлахаар 20 жилийн турш судалгаа хийж байна. Тэрээр мянга хэдэн зуухан грам жинтэй бидний тархи "гуравдагч хүн"-ийг үүсгэн бий болгож байна гэж үзэж байгаа юм. Тархи адилхан мэт харагдах баруун, зүүн хэсгүүдэд хуваагддаг боловч тэдгээр нь тэс өөр үүрэг зориулалттай байдаг. Тархины баруун, зүүн хэсгийг холбосон мэдрэлийн эсүүд тархины нийт эзлэхүүний хэдхэн хувийг эзлэдэг боловч аль болох их хэмжээний мэдээлэл дамжуулахын тулд тэр хэмжээгээр цочролд орох шаардлагатай байдаг байна.

Харин өндөр уулын оройд гарах, ойд төөрөх зэргээр огцом хэлбэрийн стресс болон сэтгэцийн хямралд орох нь түүнийг цочроох нөхцөлүүдийн нэг болдог байна. Иймэрхүү тохиолдолд эртний хүмүүс өөрсдийн тархины баруун хагаст үүссэн "гуравдагч хүний" дуу хоолойг сонсож амь алдах эрсдэлтэй нөxцөл байдлыг давж ирсэн гэх таамаглал байдаг ажээ. Харин орчин үеийн хүмүүст ч бас хүчтэй шоконд орох үед илрэх тархины иймэрхүү онцгой чадвар хадгалагдан үлдсэн гэдэгт Парсингер итгэлтэй байна.

Тархины зүүн хагас ихэвчлэн логик хэлбэрийн үйлдэл хийх үүрэгтэй бол баруун хагас нь түүний ажиллагааг саармагжуулж бодит байдалд байхгүй хэн нэгнийг бий болгодог гэсэн үг юм. Парсингер стресст орсон хүний тархины баруун хагасын ажиллагааг идэвхжүүлэх замаар эртний хүнээс хадгалагдан үндсэн чадварыг илрүүлэх судалгаа хийж байна. Тэрээр соронзон орон үүсгэх чадвартай малгай хэлбэрийн өмсөх төхөөрөмж зохион бүтээж, түүний тусламжтайгаар тархины баруун хагасын чамархайн хэсэгт цочрол өгөх туршилтыг 2000 орчим хүнд хийж үзэхэд тэдгээрийн 80% нь "гуравдагч хүн"-ийг мэдэрсэн байна.

үргэлжилнэ...


Эх сурвалж; National geographic documentary- Science of angels

iPS эс гэж юу вэ

1998 онд АНУ-ын Wisconsin их сургуулийн профессор James Thomson хүний үр хөврөлөөс үүдэл эс гарган авах аргыг нээжээ. Хүний үр хөврөлийн үүдэл эсээс олон төрлийн эд эрхтэн ургуулах боломжтой боловч ёсзүйн асуудлаас гадна эд эсийн таарамжгүй байдлаас шалтгаалан хүссэн өвчтөн болгонд шилжүүлэн суулгах боломжгүй юм. Иймд эд эсийн нийцэмжийн асуудлыг шийдвэрлэх үүднээс тухайн үед хорт хавдрын эсрэг үйлчлэх генийн судалгаа хийж байсан Киото их сургуулийн профессор Яманака Шинья хүний арьснаас зохиомлоор үүдэл эс бүтээх судалгааг эхлүүлсэн байна.

Хүний үр хөврөлийн үүдэл эс 10000 генийг агуулдаг. Профессор Яманака 4 жилийн турш судалгаа хийж тэдгээрээс үүдэл эс үүсгэх магадлал өндөртэй 24 генийг ялгаж тодруулжээ. Түүнээс хойш 2 сарын дараа Oct3/4, Sox2, Klf4, c-Myc гэж нэрлэгдэх дөрөвхөн ген байхад хангалттай гэдгийг нээсэн байна. Тэрээр 2006 онд хулганы арьсны эсэд дээрх 4 генийг суурилуулж туршихад 3 долоо хоногийн дараа үүдэл эс болон хувирчээ. Уг эсийг Induced pluripotent stem cell буюу iPS cell (утгачилбал олон боломжит зохиомол үүдэл эс) гэж нэрлэсэн бөгөөд дараа жил нь хүний арьсны эсээс iPS эсийг амжилттай бүтээж чадсан юм.

Үүдэл эсийн онцлог нь түүнээс олон төрлийн эд эрхтэн үүсэн бий болохоос гадна эсийн хуваагдал богино хугацаанд явагдаж маш хурдан өсч томордогоороо хорт хавдрын эстэй төстэй байдаг. Тухайн үед iPS эс бүтээхэд ашиглагдаж байсан c-Myc ген нь хорт хавдрын эст мөн адил агуулагддаг учир ургуулсан эд эрхтэнд хавдар үүсэх магадлалтай байжээ. Иймд хавдар үүсэх аюулгүй iPS эс гаргаж авах ажлыг 2 жилийн дотор гүйцэтгэх, хүн дээр суурилсан туршилт судалгааны ажлыг 5 жилийн дотор эхлүүлэх зорилтыг 2009 оны 6 сард Япон улсын улсын боловсролын яамнаас тавьж хэд хэдэн их сургуулиудад ийм төрлийн судалгаа хийгдэх болсон байна.

Уг зорилтын хүрээнд Япон улсад "Нөхөн сэргээх эмчилгээний төсөл"-ийг хэрэгжүүлж эхлэн 2008 онд 4,5 тэрбум, 2009 онд 14,5 тэрбум иенийг зөвхөн iPS эстэй холбоотой судалгаа шинжилгээний ажилд зарцуулсан байна. Харин 1 жилийн дараа Киото их сургуулийн эрдэмтэд c-Myc генийг төстэй бүтэц бүхий L-Myc генээр орлуулах замаар аюулгүй iPS эсийг бүтээх аргыг олжээ. Мөн тус улсад 6 - 81 насны хүмүүсийн арьснаас туршилтын журмаар iPS эсийг амжилттай гаргаж авснаар цаашид ямар ч насны хүний эмчилгээнд ашиглах ирээдүйтэйг нотлосон юм. Мөн сүүлийн үед 115 настай хүний эсээс үүдэл эс үүсгэх судалгаа хийгдэж байна.

Судалгааны эхний үед iPS эсийг ургуулах ажлыг зөвхөн туршлагатай мэргэжилтний гараар, харьцангуй урт хугацаа зарцуулан гүйцэтгэж, маш бага хэмжээгээр үйлдвэрлэж байсан бол 2010 оны 6 сард Кавасаки компани, Япон улсын анагаах ухааны судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл технологийн нэгдсэн хүрээлэн хамтран зориулалтын робот бүтээж их хэмжээгээр, автоматаар үйлдвэрлэх боломжтой болжээ. Мөн оны 7 сард Кэйёо их сургуулийн эрдэмтэд цусны дуслаас iPS эс гарган авах аргыг нээсэн байна. Үүний тулд зөвхөн 0.1 мл хэмжээний цусны дусал шаардлагатай бөгөөд lymphocyte хэмээх цусны цагаан бөөмийн эсэд 4 төрлийн генийг нэмж өсгөвөрлөдөг байна. Ингэснээр iPS эс үүсгэхэд 72 хоног зарцуулдаг байсан бол 25 болгож шаардагдах хугацааг 3 дахин багасгажээ.

2009 оны 7 сард Хятадын шинжлэх ухааны академи Шанхайн генийн судалгааны хүрээлэнтэй хамтран iPS эс бүхий үр хөврөлийн эсээс хулгана төрүүлэх туршилтыг амжилттай хийсэн байна. Туршилтаар хулганы үр хөврөлийн эсийн хуваагдаж өсөх чадварыг зогсоох үйлчлэл бүхий боловсруулалтад оруулжээ. Дараа нь уг үр хөврөлд iPS эс суулган өсөх чадварыг зохиомлоор дахин сэргээж өөр эх хулганад суулгасан байна. Өнгөрөгч онд Яманака нарын эрдэмтэд нугасны гэмтлийн улмаас саажилттай болсон хулганы мэдрэлийн системд хүний iPS эсээс ургуулсан хиймэл мэдрэлийн эсүүд суулгах туршилт хийж үзэхэд хулганы мэдрэлийн системийн үйл ажиллагаа 4 долоо хоногийн дотор бүрэн сэргэсэн байна.

iPS эс болон эд эрхтэн ургуулах судалгаа хэдийгээр эхлэлийн шатандаа байгаа боловч богино хугацаанд анагаахын практикт ашиглагдаж эхлэх төлөвтэй байгаа юм. Тухайлбал одоогоор шалтгаан нь бүрэн тодорхойгүй байгаа өвчнүүдийг эмчлэх аргыг судлах, шинэ төрлийн эмүүдийг туршихад ашиглагдах боломжтой юм. Хүний тархи, зүрх, дотоод эрхтнүүдийн эд эсийг зохиомлоор ургуулж түүний тусламжтайгаар алцгеймер, паркинсон, чихрийн шижин зэрэг өвчний шалтгааныг эрж хайх, тэдгээрт зориулсан эмийн нөлөөллийг судлах боломж бүрдэж эм үйлдвэрлэгч зарим компаниуд ч энэ чиглэлд анхаарал хандуулж эхлээд байна. Цаашид хүний янз бүрийн эрхтэнг лабораторт ургуулах боломж бүрдэж нөхөн сэргээх эмчилгээний үр дүнг шинэ шатанд гаргаснаар хүний эрүүл, урт наслах магадлалыг ихээхэн нэмэгдүүлэх ирээдүйтэй юм.

Профессор Яманака iPS эсийн судалгаагаар сүүлийн 2 жилийн хугацаанд нобелийн шагнал хүртэх магадлалтай эрдэмтдийн жагсаалтын эхний байруудыг эзлэж, нэр дэвшиж байна. Тэрээр 2009 оны 10 сард нобелийн шагналын угтвар гэгддэг Америкийн анагаах ухааны салбарын хамгийн дээд шагнал болох Lasker болон шинжлэх ухааны салбарын бусад нэр хүндтэй шагналуудыг хүртжээ.

үргэлжилнэ ...

Солонгосчууд шоронгийн харгалзагч робот бүтээжээ

Өмнөд солонгосчууд шоронгийн хамгаалагч робот бүтээсэн байна. Тус улсын Хууль зүйн яамны санхүүжилтээр хийгдэж буй 1 тэрбум воны өртөг бүхий төслийн хүрээнд бүтээгдсэн роботын эхний загваруудыг ирэх 3-р сараас эхлэн Pohang хотын засан хүмүүжүүлэх газар 1 сарын хугацаанд ажиллуулж турших гэж байна. Эдгээр нь шоронгийн коридороор эргүүл хийж хоригдлуудыг хянах зориулалттай юм. Мөн мэдрэгчүүдийн тусламжтайгаар хоригдлуудын олон төрлийн үйлдэлд дүн шинжилгээ хийж, амиа хорлохыг оролдох, хүчирхийлэл үйлдэх зэрэг тохиолдлуудыг илрүүлэн хянагч нарт мэдээлэх чадвартай програм хангамжаар тоноглогдсоноороо зөвхөн дэлгэц дээрх дүрслэлээр хянах уламжлалт CCTV камеруудаас давуу талтай ажээ.

Роботууд нь мөн яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд хоригдлуудыг хянагч нартай холбох нэмэлт холбооны суваг хэлбэрээр ашиглагдана. Үүнээс гадна хянагч нарын ажлын ачааллыг ялангуяа шөнийн цагт ихээхэн хэмжээгээр бууруулах учир шоронгийн офицерууд тун тааламжтай хүлээн авч байгаа юм байна. Харин хоригдлуудын хувьд ямархуу байх нь эргэлзээтэй байна. "Эдгээр роботууд терминатор биш. Тэдний ажил уурссан хоригдлыг дарж номхруулах биш бөгөөд тэд бол туслагчид, хэрэв хоригдлын бие муудах зэрэг гэнэтийн тохиолдол гарвал тусламжийг цаг алдалгүй хүргэхэд туслана" хэмээн төслийн удирдагч Kyonggi их сургуулийн профессор Lee Baik-chul хэлсэн байна.

Роботын удирдлагын системийг бараг бүрэн хийж дууссан байгаа бөгөөд одоогоор хоригдлуудад илүү нөхөрсөг харагдуулахад шаардлагатай жижиг хэсгүүдийг бүтээж байна. Өмнөд Солонгос улс роботын технологиор дэлхийд тэргүүлэхийг зорьж байгаа бололтой. Тус улсад бүтээгдсэн роботууд цэцэрлэгийн хүүхдүүдэд хичээл заах, хойд хилээ хамгаалах, тэквондогийн тэмцээн хийх, гэр цэвэрлэх мэтийн олон хэлбэрээр бодит амьдралд ашиглагдаж эхлээд байна.



эх сурвалж; wall street journal

Монголчууд мөсөн "халхавч" барьж УБ хотоо сэрүүцүүлнэ

Монголын цаг уурчид аварга мөсөн уул байгуулж Улаанбаатарын өвлийн хүйтнийг зун хүртэл хадгалахаар төлөвлөж байна. Тэд дэлхийд хамгийн том мөсний агуулах хийх туршилтыг энэ сарын сүүлээр эхлүүлэн дэлхийн дулаарал болон хотын "дулааны арал"-ын нөлөөллийн эсрэг тэмцэхээр зорьж байгаа юм. 1 саяас дээш хүн амтай хотын орчимд агаарын температур орон нутгийн цаг агаараас 1-3 хэм дулаан болох үзэгдлийг "дулааны арал" гэж нэрлэдэг байна. Цаг уурчдын энэхүү төсөл нь Улаанбаатар хотын захиргаанаас санхүүжиж байгаа бөгөөд өвлийн хүйтнийг мөс хэлбэрээр хөлдөөж хадгалан хайлах үед нь зуны турш хотыг сэрүүцүүлэх болон усжуулахаар төлөвлөж байгаа юм.

1 тэрбум төгрөг (750 мянган доллар)-ийн төсөв бүхий энэхүү төсөл сэрүүцүүлгийн системийн хэрэглээг багасгаж усжуулалт болон ундны усны хангамжийг тохируулна хэмээн эрдэмтэд найдаж байна. Хэрэв уг төсөл амжилттай хэрэгжвэл дэлхийн бөмбөрцгийн хойд бүс нутгийн бусад хотуудад хэрэгжүүлэх боломжтой юм. Хойд бүсийн цаг агаарын нөхцөлд булаг шанд, голын мөсийг өдрийн цагт шүүрч гарч ирсэн ус (халиа) шөнөдөө хөлдөж нимгэн давхарга хэлбэрийн мөсний бүтцийг үүсгэдэг. Монгол - Английн хамтарсан ECOS & EMI компани Туул голын мөсөн дээр цооног өрөмдөх замаар энэ процесийг зохиомлоор эрчимжүүлж мөсний агуулах байгуулах бөгөөд өвлийн турш хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мөсний иймэрхүү бүтцийг Хойд Солонгост танкийг гол гатлуулах, Орост өрөмдлөгийн тавцан хэлбэрээр ашигладаг байна. Гэвч инженерүүдийн хувьд гүүр болон төмөр замд аюул учруулах сөрөг нөлөөтэй гэж үздэг. Харин ECOS & EMI компанийхан зуны үеийн сэрүүцүүлгийн өртөгийг багасгах, ундны усны хангамжийг тохируулах, хотын бичил уур амьсгал бий болгох зэргээр энэхүү мөсөн бүтцийг ашиг тустай зүйл болгохыг зорьж байна. "Хойд туйлын мөсөн уулууд хайлж байгаад хүн бүхэн сэтгэл түгшиж байдаг боловч түүний эсрэг тэмцэх хямд бөгөөд хялбар аргыг олоогүй байна, хэрэв бид мөсний бүтцийг ашиглаж чадвал сэрүүцүүлгийн зардлыг багасгаж мөнх цэвдэгийг сэргээж чадна" гэж монголд ажиллаж буй геологич Robin Grayson хэлжээ.


Мөсний давхарга хэлбэрийн бүтэц үүсэх процесийг тайлбарласан зургаас үзвэл өрөмдлөг хийж зохиомлоор халиа үүсгэснээр 7 м хүртэлх зузаантай мөсөн бүтэц үүсгэх боломжтой гэжээ. Өвлийн нөхцөлд урсгал ихтэй голын мөс бүрэн хөлддөггүй бөгөөд мөсний доод хэсгээр усны урсгал үргэлжилж байдаг. Мөсний жингээр дарагдаж байсан ус мөсний ан цаваар хальж гарах үзэгдлийг бид бүхэн мэддэг. Төслийн зорилго нь мөсөн дээр өрөмдлөг хийж халиа үүсэх явцыг зохиомлоор түргэсгэх зорилготой байгаа нь ойлгогдоно.

Дашрамд дурдахад тухайлбал Япон улсад өвөл орсон цасыг зуны турш хадгалж сэрүүцүүлгэд ашиглах тохиолдол байдаг. Цас их ордог Нийгата зэрэг мужид дулааны тусгаарлалт бүхий томоохон агуулхуудад их хэмжээний цасыг хурааж хадгалан агуулахын агаарыг сэрүүцүүлэг шаардлагатай барилгын өрөөнүүд рүү үлээлгэх хэлбэрээр ашигладаг. Япон улс цаг агаарын хувьд зуны 3 сарын турш тогтмол 35-аас дээш хэмжээгээр халж айр кондишн, сэрүүцүүлгийн төхөөрөмжийн цахилгааны зарцуулалт их хэмжээгээр нэмэгддэг.

Харин Улаанбаатарын нөхцөлд зуны улиралд сэрүүцүүлэг бараг шаарддаггүй байдаг. Мөн хотын усан хангамжийн хувьд хүндрэлтэй гэгддэг боловч Туул голын мөсөөр ундаалах хэмжээнд хүрэх яагаа ч үгүй байна. Нөгөө талаас мөсөн доогуур урсаж буй голын усыг хөлдөөж хуримтлуулснаар зуны улиралд Улаанбаатар хотыг сэрүүцүүлнэ гэдэг амьдралаас тасархай санагдана. Мэдээнд төслийн зорилгыг хойд бүсийн хотуудын сэрүүцүүлгийг шийдэх зорилготой гэж байгаа боловч тухай хотууд ихэвчлэн Улаанбаатартай адил цаг агаарын хувьд сэрүүхэн, зуны улирал богино учир сэрүүцүүлгийн хувьд тулгамдсан асуудал биш юм.

Мэдээлэлд Япон улсын жишээтэй адилаар мөс хадгалах агуулах байгуулахаар төлөвлөгдсөн тухай дурдаагүй бөгөөд ийм тохиолдолд мөсийг зуны турш ашиглах боломжгүй гэдэг нь ойлгогдоно. Хавар цаг агаар дулаарах үед голын мөс нэгэн зэрэг хайлж урсах учир зуны эхний саруудад ч хүргэх боломжгүй. Үнэхээр сэрүүцүүлэг, ус хангамжийн дутагдалтай асуудал байгаад түүнийг шийдэхийг оролдож байгаа бол өөр хэрэг юм. Утаа, атвозамын түгжрэл, гэр хорооллын дэд бүтцээс авахуулаад тулгамдсан асуудал өч төчнөөн байхад өвлийн турш Туул голын мөсийг дэмий шахуу өрөмдөж 1 тэрбум төгрөгийг салхинд хийсгэхээр төлөвлөж байгаа нь цаанаа давхар өөр зорилготой байх гэсэн эргэлзээг өөрийн эрхгүй төрүүлнэ.

эх сурвалж; the guardian

Хүний бодлыг хуулбарлан видео бичлэгт хувиргана

California, Berkeley-ийн их сургуулийн эрдэмтэд хүний бодол санааг хуулбарлан дэлгэц дээр видео хэлбэрээр үзүүлэхийг хичээж байна. Уран зөгнөл мэт сонсогдож болох ч энэ нь ирээдүйд эмч нарт комийн байдалд байгаа өвчтөний бодлыг унших, зүүд судлаач нарт хүний зүүдийг харуулах, тархи болон техникийн интерфейсийн тусламжтайгаар робот гар, хөлийг удирдах боломж олгох юм. Тархины мэдрэл судлаач Jack Gallant-аар удирдуулсан судалгааны баг хүний харааны ойг санамжийг унших тооцоолуурын төхөөрөмжийг тархины идэвхжлийг бүртгэх төхөөрөмж (MRI)-тэй хослуулан судалгаандаа ашигласан байна. Туршилтад 3 хүнийг оролцуулан киноны сурталчилгаа үзэж байх үед нь тэдний харааны мэдээллийг боловсруулах тархины хэсгийн цусны урсгалыг MRI-аар хэмжжээ.

Эхний ээлжинд туршилтад оролцогчдын тархины идэвхжлийг бичиж авсан байна. Энэ нь ямар дүрс хүний тархинд ямар хэлбэрийн идэвхжил үүсгэж байгааг мэдэх зорилготой юм. Туршилтын дараагийн шатанд оролцогчдод хэд хэдэн төрлийн киноны сурталчилгааны багцыг үзүүлж байх үед компьютерт тэдгээрийн тархины бичлэгээс ямар дүрс харж байгааг тааж мэдэх үйлдэл хийгджээ. Үүний дараа сэргээх алгоритмын тусламжтайгаар тархинаас уншсан мэдээллийг видео болгон дэлгэц дээр харуулсан байна. Туршилтын үед компьютер хүний бодлыг хэрхэн уншиж байсныг дараах видеонд харуулж байна.

Видео болон тархинаас уншсан дүрслэлүүд гайхалтай төстэй байгааг харж болно. Учир нь компьютер хүний тархины мэдрэлийн эсүүдийн идэвхжлийг шууд уншаагүй бөгөөд урьдчилан бичигдсэн сурталчилгааны бичлэгүүдээс тохирох зурган мэдээллийг сонгож байсантай холбоотой юм. Идэвхжил бүхий тархины мэдрэлийн эсүүд харьцангуй их энерги шаарддаг учир мэдрэлийн эсүүдийн өндөр идэвхжилтэй бүсэд цусны урсгал нэмэгддэг байна. MRI нь ердийн нөхцөлд тархины идэвхжлийг бүртгэж авдаг боловч мэдрэлийн эсүүдийн идэвхжлийг шууд хэмжих боломжгүй байдаг.

Мөн цусны урсгалын өөрчлөлт нь мэдрэлийн эсүүдийн богино хугацааны идэвхжлийг гүйцэж нэгэн зэрэг явагдаж чаддаггүй байна. Иймд өнөөг хүртэл хүний бодлыг видео болон дүрслэлд хувиргах төрлийн судалгаанд компьютерт урьдчилан хадгалсан зурган мэдээллүүдийг ашиглаж байна. Энэ удаагийн судалгааны гол ач холбогдол нь цусны урсгалын өөрчлөлтийн энгийн хэмжилтээс илүүтэйгээр тархины идэвхжлийн MRI мэдээллийг хувиргах компьютерийн загвар бүтээхэд чиглэж байна.



эх сурвалж; singularity hub

Урт наслалтын нууц - илчлэг багатай хоол хүнс

Хэдхэн хоногийн өмнө дэлхийн хүн амын тоо 7 тэрбумд хүрлээ. Хүний түүхийн ихэнх хугацаанд хүн амын тоонд томоохон өөрчлөлт гараагүй байсан бол үйлдвэржилтийн хувьсгалаас хойш эрс нэмэгдэн энэ зууны эцсээр 10 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйлийг анагаах ухааны хөгжлийн үр дүн хэмээн эрдэмтэд дүгнэж байгаа юм. Энэ нь сүүлийн хагас зуу гаруй жилийн хугацаанд эмчилгээний чанар эрс дээшилж, хүнийг үхэлд хүргэх өвчин эмгэгүүдийг амжилттай эмчилж, улмаар хүмүүс харьцангуй урт наслаж байгаатай холбоотой юм. 1950-аад оны үед дэлхийн хүн амын дундаж наслалт 48 байсан бол одоо 69 болж 20-оод жилээр уртасчээ. Эрдэмтэд урт наслалтын нууцыг цуцалтгүй эрж хайсаар ирсэн бөгөөд шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтууд хүмүүст илүү урт наслах боломжийг олгож, урт наслах, залуужих илүү үр дүнтэй аргуудыг санал болгож байгаагийн нэг нь бага илчлэгтэй хоол тэжээл хэрэглэх арга (calorie restriction) юм.

1934 онд Cornell-ийн их сургуулийн эрдэмтэд хоол тэжээлийн илчлэгийн хэмжээ лабораторын хулганы наслалтад хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Уг судалгаагаар бага хэмжээний илчлэг бүхий хоол тэжээл өгч байсан хулганы нас дундаж хэмжээний илчлэг бүхий тэжээлээр хооллож байсан хулгануудаас 2 дахин илүү байгааг анх ажигласан байна. Сүүлд удаан хугацаагаар хоол сойх туршилтад оруулсан микро организмуудаас авахуулаад өт, жимсний ялаа, зарим төрлийн загас зэрэг янз бүрийн амьтдын насыг 30-60% уртасч байгааг тогтоосон байдаг.

Харин физиологийн хувьд хүнтэй хамгийн ойр гэгддэг сармагчинд хийгдсэн судалгааны үр дүн 2009 онд Sciense сэтгүүлд нийтлэгдсэн юм. Wisconsin их сургуулийн Ricki J. Colman and Richard Weindruch нарын удирдсан судалгааны баг 1989 онд, насанд хүрсэн 30 сармагчинтайгаар туршилтаа эхэлсэн бол, 1994 онд 46 сармагчинг нэмж оролцуулан 20 хүртэлх жилийн турш өөр өөр хэмжээний илчлэг бүхий тэжээл өгч туршсан байна. Туршилтаар эхний бүлэг сармагчингуудад хоол тэжээлийг хүссэн хэмжээгээр нь, бусад сармагчингуудад дундаж хэмжээнээс 30% бага илчлэг бүхий хоол тэжээл өгч байжээ.

Сармагчингийн хөгшрөлтийн гадаад шинж тэмдэг хүнтэй төстэй хэлбэрээр илэрч нас өтөлсөн сармагчингийн нүүр болон биеийн арьс унжиж үрчлээтэн, үс нь гууждаг байна. Туршилтын үр дүнгийн жишээ болгон танилцуулсан сармагчингууд (фото зураг) 27, болон 29 настай бөгөөд хүнээр зүйрлэвэл 80 орчим настай юм. Хоол тэжээлийн илчлэгийн ялгаа сармагчингийн зөвхөн гадаад дүр төрхөнд нөлөөлсөнгүй. Хөдөлгөөний идэвхтэй байдал, булчингийн хүч чадал, насжилтаас шалтгаалах өвчлөл зэрэг олон шинж тэмдэгээр хоол сойсноос хөгшрөлт удааширч залуужин, улмаар урт наслаж байгаа нь нотлогджээ. Үүгээр ч зогсохгүй чихрийн шижин, хорт хавдар, тархи, зүрхний хүнд хэлбэрийн өвчлөлүүдийн эрсдэл эрс багасч байгааг илрүүлсэн байна. Туршилтын хугацаанд хүссэн хэмжээгээр нь хооллож байсан сармагчингуудийн 50 % нь үхэж үрэгдсэн бол бага илчлэг бүхий хоол өгч байсан сармагчингуудын 80% нь амьд үлджээ.

Дэлхий дээр хамгийн урт насладаг хүмүүсийн тоонд Японы Окинава арлын оршин суугчид ордог. Америк, Японы эрдэмтэд хамтран окинавачуудын хооллолтын байдлыг судлаж үзээд оновчтой хэмжээний калор бүхий хоол хүнс хэрэглэж байгаа нь урт наслалтын голлох шалтгаан гэж дүгнэсэн байдаг. Хонолулугийн Анагаахын сургуулийн John A. Burns-ын судалгаагаар Окинавагийн оршин суугчдын хоол тэжээлийн илчлэгийн хэмжээ хүний биеийн жин болон өндөртэй харьцуулан гаргадаг дундаж хэмжээнээс 11% бага байгааг тогтоожээ. Тэдний дундаж наслалт америкчуудтай харьцуулахад 5 жилээр, япончуудын дундаж наслалтаас 18 сараар тус тус өндөр байдаг байна.

2009 онд Германы Munster их сургуулийн эрдэмтэд 52-68 насны хүмүүсийг 30%-ын бага илчлэг бүхий хоол хэрэглэх туршилтад оруулахад оролцогчдын ой тогтоолтын хэмжээ 30 орчим хувиар нэмэгдэж байсан байна. Эдгээр болон бусад олон туршилт, судалгааны үр дүнд амьтадтай адил хүн ч бас илчлэг багатай хоол хүнс хэрэглэснээр насжилттай холбоотой элдэв өвчинд нэрвэгдэх магадлал багасч, урт наслах боломжтой гэдгийг тогтоосон юм. Харин дээр дурдагдсан туршилтын амьтадтай харьцуулахад харьцангуй урт насладаг хүнийг оролцуулсан удаан хугацааны туршилт хараахан хийгдээгүй байгаа учир илчлэгийн хэмжээг ямар хэмжээгээр багасгаж хэдэн жилээр урт наслаж болох вэ гэдэг талаар одоогоор тодорхой хариулт өгөх боломжгүй юм. Зарим эрдэмтэд 15% бага илчлэгтэй хоол хэрэглэдэг хүний нас 10-20 жилээр уртасна гэх мэтээр таамаглах тохиолдол байдаг байна.

Урт наслахын тулд хоол тэжээлийн илчлэгийн хэмжээг бага байлгах шаардлагатай. Гэтэл хэт багасгаснаас бие махбодод шаардагдах энергийн дутагдалд орвол эргээд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх асуудал гарна. Мөн хоол сойх нь олон хүнд сэтгэлзүйн хувьд даван туулахад бэрхшээлтэй санагддаг. Хоол тэжээлийн илчлэг хүний биеийн BMI үзүүлэлтээр тооцон гаргадаг хэмжээнээс яг хэдэн хувиар бага байх нь зохистой вэ гэдэг талаар эрдэмтэд хүн дээр туршилт хийж үзсэн байна. Илчлэгийг 40% хүртэл хэмжээгээр бууруулах нь урт наслахад нөлөөлөх хамгийн сайн үзүүлэлт боловч сэтгэлзүйн хүчин зүйлийг тооцож үзээд дундаж хэмжээг 10-35% бага байхад хангалттай гэж үзжээ.

Бага илчлэгтэй хоол тэжээл хэрэглэх арга нь (calorie restriction) нь бие махбодын хувьд дундаж болон тарган хүмүүст тохиромжтой гэж үздэг. Харин жин барих зорилгоор бага хэмжээгээр хооллож хэвшсэн эмэгтэйчүүд, хөгшрөлтөөс үүдэн хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа алдагдсан өндөр настангуудад нэмж хоолоо сойх нь тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн хэсэг хугацаанд хоолоо сойгоод орхих бус амьдралын туршид бага илчлэг бүхий хоол хүнс хэрэглэж хэвших нь урт наслахад илүү эерэг нөлөө үзүүлдэг байна. Бага илчлэгтэй хоол хэрэглэхэд заавал махнаас татгалзах, цагаан хоолтон болох шаардлагагүй бөгөөд хэрэглэж заншсан хоол тэжээлийнхээ илчлэгийг тооцож, түүний үндсэн дээр орц хэмжээг багасгахад хангалттай гэгддэг. Харин ус болон хүний биед шаардлагатай эрдэс бодисын хэрэглээг багасгахгүй байхыг зөвлөдөг байна.

Цусан дахь холестерины хэмжээ ихэсч, судасны хананд өөхлөг давхрага хуралдах, улмаар цусны даралт ихсэж, гэнэтийн үхэлд хүргэх нөлөөтэй зүрх судасны системийн хүнд өвчлөлд нэрвэгдэх магадлал эрс ихэсдэг гэх мэтээр хэт их идэх, буруу хооллолттой холбоотой олон сөрөг нөлөөг бид мэддэг. Энэ бүхнээс зайлсхийхийн тулд спортоор хичээллэх, хорт зуршлаас ангижрах зэргийг зөвлөдөг боловч уураг, эрдэс бодис, илчлэгийн зохистой харьцаа бүхий, зохистой хооллох нь голлох нөлөөтэй гэдгийг эрдэмтэн мэргэд ч зөвлөсөөр ирсэн, бид бүхэн ч тэгж ойлгож, хэрэгжүүлэх гэж оролдсоор байгаа билээ. Харин бага илчлэг бүхий хоол хэрэглэхэд хүний бие махбодид ямар ямар процесс явагдсаны үндсэн дээр урт наслах нөхцөл бүрддэг тухай огт дурдаагүйг уншигч та анзаарч байгаа байх.

2000 онд Massachusetts-ийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд Sirtuin хэмээн нэрлэгдэх бүлэг генийг нээсэн байдаг. Энэ бүлэгт хамаарагдах Sir2 гени хүнийг урт наслахад голлон нөлөөлж урт наслалтын ген гэж нэрлэгдэж байгаа юм. Энэ генийн тухай, мөн урт наслахын тулд зөвхөн хоолоо сойх бус, биотехнологи, генетикийн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтуудын үр дүнд илүү хялбар аргаар уг генид нөлөөлж урт наслах боломж бүрдэж байгаа тухай дараачийн удаад танилцуулах болно.


Telesar V - мэдрэхүйг дамжуулах робот

Бидний эргэн тойронд урьдчилан тааварлашгүй олон тооны эрсдэл хүрээлж байдаг. Гарцаар гарах, эсвэл таксинд сууж явахдаа авто осолт өртөх, үгүйдээ хэн нэгний гэмт үйлдийн санамсаргүй хохирогч болж эрүүл мэнд, тэр байтугай амь насаараа хохирох тохиолдол хэдийд ч гарч болохыг үгүйсгэх аргагүй. Харин эдгээр эрсдлүүдээс таны хуулбар таныг 99% хамгаална. Тэр таньтай төстэй боловч мөнхийн залуу, царайлаг, бас хүч чадалтай байна.

Хэрэв тэр ямар нэг байдлаар эвдэрч гэмтвэл шинийг захиалаад хийлгэж авч болно. Хуулбар нь хүнтэй адил 5 мэдрэхүйтэй байх бөгөөд таньд бүхий л мэдрэмжийг дамжуулж, таны байх ёстой газарт байж, таныг хаа ч бүрэн орлоно. Таны биологийн бие гэртээ хэвтээд хуулбараа удирдахаас өөр үйлдэл хийх шаардлагагүй болно. Учир нь хуулбар чинь таны өмнөөс нийгмийн бүхий л харилцаанд орно. Хэрэв та цагдаа бол таны хуулбар - цагдаа мөн адил өөр хэн нэгэн хуулбар - гэмт хэрэгтний араас хөөцөлдөх болно.

Энэ бол Брюс Уиллисийн тоглосон "Төгс хуулбарууд" (Surrogates) киноны үйл явдал юм. Энэхүү "хуулбар"-тай төстэй робот бүтээх санааг анх 1980 онд Японы Кэйё их сургуулийн профессор Тачи гаргаж байжээ. Тэрээр өөрийн санаагаа хэрэгжүүлэхээр Teleser V хэмээх роботын систем бүтээж байна. Уг роботын зорилго нь зайнаас удирдах робот болон алс зайн орчны харилцан үйлчлэлийн тусламжтайгаар хүмүүсийг цаг хугацаа болон орон зайн саад бэрхшээлээс ангижруулахад чиглэж байгаа юм.

Энэ роботын тусламжтайгаар алс хол байгаа зүйлсийг өөрийн дэргэд байгаа мэт харж чадна. Хэрэв та эмч бол өвчтөнөө хаана ч байсан гараа сунгах төдийд үзлэг хийх боломжтой. Мөн роботын эргэн тойронд юу болж байгааг сонсож чадна. Эдгээр нь ийм төрлийн робот систем (telexistence)-ийн өнөөгийн боломж юм. Харин Telesar V системд роботын хуруунуудад хүртэхүйн мэдрэгчүүд суулгаж, түүний мэдрэмжийг оператор (роботыг удирдаж буй) хүнд дамжуулдагаараа онцлог юм. Энэхүү технологи роботыг өөрийн аватар хэлбэрээр ашиглах, түүний хүртэх мэдрэхүйг ямар ч хол зайнаас ч мэдрэх боломжийг олгож байна.

Оператор нь 3D дэлгэц бүхий малгай хэлбэрийн төхөөрөмжийг толгойдоо байрлуулж роботын харж буй орчныг яг тэр хэвээр нь харах боломжтой. Хүчний вектор болон температурын мэдээллээс бүрдэх хүртэхүйн мэдрэхүйг роботоос операторт дамжуулж обьектийн хэлбэр болон температурыг мэдрэхэд туслах бөгөөд одоогийн байдлаар уг робот лего тоглоомын гадаргууг хангалттай хэмжээнд мэдэрч чадаж байна. Робот нь их бие, гар, гарын сарвуунаас бүрддэг бол их бие нь хүнтэй адил чөлөөт хөдөлгөөний 7 үе мөчтэй юм. Харин гар нь хүнтэй адил биш боловч илүү төстэйгээр 15 үе мөч бүхий хөдөлгөөн хийх чадвартай ажээ.






эх сурвалж; diginfo

Асимо илүү ухаалаг, илүү хурдан боллоо

Хонда компани Асимо роботын шинэ загварыг танилцууллаа. Сансарын нисгэгчийг санагдуулам хүн хэлбэрийн роботын эхний загвар 1984 онд OE нэртэйгээр анх зохион бүтээгдсэнээс хойш сайжруулагдсаар ирсэн бөгөөд одоогоор нийт 100 гаруй ширхэг бүтээгдээд байна. Энэ удаагийн шинэ загварын хувьд автоматаар ажиллах үндсэн шинж чанарыг хадгалахаас гадна хэд хэдэн шинэ боломжуудыг агуулж байна. Шинэ роботын жин 48 кг болж 4 жилийн өмнөх хуучин загвараас 6 кг-аар буурсан бол гүйх хурд 9км/ц болж 3 км/ц-аар нэмэгджээ.


Хэд хэдэн мэдрэгчийн систем
Робот хүний харах, сонсох, хүртэх мэдрэмжтэй адил хэд хэдэн мэдрэгчүүдийн тусламжтайгаар гадаад орчны мэдээллүүдийг тасралтгүй хүлээн авах боломжтой болсон байна. Энэ нь ойролцоо байгаа хүнийг мэдэрч, түүний хөдөлгөөний чиглэлийг тооцоолон тойрч гарах зэргээр орчиноо ухамсарлан ойлгох чадвартай болгожээ. Мөн харах болон сонсох мэдрэмжийг хослуулан хэн нэгэн хүнийг дуу хоолой болон нүүр царайгаар нь хэд хэдэн хүний дундаас ялган таних чадвартай болжээ. Эдгээр технологи нь ирээдүйн автомат жолоодлогот автомашины мөргөлдөхөөс зайлсхийх системийн үндэс суурь болж байгаа юм.


Илүү сайжруулсан тэнцвэрийн систем
Бие даан үйлдэл гүйцэтгэж байх үед робот тэнцвэрээ гэнэт алдах тохиолдол байдаг бол шинэ загварын робот ийм тохиолдолд унахаас сэргийлж хөлөөрөө богино хугацаанд илүү өргөн зайд гишгэлт хийх чадвартай болсон байна. Энэ нь хотгор гүдгэр гадаргуугаар алхах, урагш хойш гүйх, нэг болон хоёр хөл дээрээ дэвцэх хөдөлгөөн хийх боломжуудыг олгож байна.



Гарын шалмаг хөдөлгөөн
Роботын гаранд хүртэхүйн, бүх хуруунуудад хүчний мэдрэгчүүд суурилуулсан байна. Харах болон хүртэхүйн мэдрэгчийн тусламжтайгаар шилэн савыг атгах, таглааг эргүүлэн онгойлгох, цаасан аяга барьж түүнд шингэн зүйл хийх үйлдлүүдийг тус тус гараараа хийж чаддаг болжээ. Мөн хуруунууд нь тус тусдаа өөр өөр хөдөлгөөн хийх боломжтой учир дохионы хэлээр харьцах чадвартай болсон байна.


Робот гар
Хонда компани Асимогийн шинэ технологид тулгуурлан байгалийн гамшиг тохиолдсон зэрэг аюултай нөхцөлд ажилаж чадвартай робот гар бүтээж байна. Энэ гар нь хаалт клапанг хааж нээх зэрэг төрөл бүрийн үйлдлийг гүйцэтгэх чадвартай байх ажээ. Уг роботыг цаашид АЦС-ын ослын болон хүн ажиллахад хүндрэлтэй нөхцөлд ашиглахаар төлөвлөж байна.




эх сурвалж; gizmag

Цусны даралт бууруулах массаж

Монголчуудын 4 хүн тутмын нэг нь нэрвэгдээд байгаа гэгдэж буй цусны даралт ихсэх өвчин цаашид тархинд цус харвах, зүрхний имфаркт, бөөрний дутагдал зэрэг нас баралтын үндсэн шалтгаан болсон өвчлөлүүдийн үндэс суурь болж байна. Энэ өвчний үед хоолны дэглэм барих, дасгал хөдөлгөөн хийх, хорт зуршлаас татгалзах, эмийн эмчилгээ хийх зэрэг арга хэмжээ авдаг боловч манайд ч, хөгжингүй орнуудад ч бүрэн төгс эмчилж эдгээж хараахан чадахгүй байгаа юм. Нэгэнт анагаах ухааны боломж хязгаарлагдмал байгаа нөхцөлд уламжлалт болон бусад төрлийн эмчилгээний аргыг хослуулан хэрэглэх талаар эрдэмтэд, эмч нар зөвлөх тохиолдол цөөнгүй байдаг.

Ийм төрлийн аргуудын нэг болох иллэг, массажны аргын үр дүнг орчин үеийн шинжилгээний багаж, аргачлалын тусламжтайгаар үнэлж, даралт ихсэх өвчнөөр шаналж буй хүмүүст санал болгосон NHK телевизийн "Тамэши гаттэн" (туршаад үз) нэвтрүүлгийн 8-р сарын 31-ний дугаарын агуулгыг хүргэж байна. Урьдчилан сануулахад иллэг массажны тусламжтайгаар цусны даралт бууруулах арга нь шинжлэх ухаанаар хараахан батлагдаагүй учир анагаахын практикт хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны эмчилгээний арга биш юм. Гэхдээ нэвтрүүлгийн үед хийгдсэн болон бусад туршилтуудын үед эерэг үр дүнгүүд ажиглагдаж байгаа учир цусны даралт өндөртэй хүмүүс туршаад үзэхэд илүүдэхгүй юм.

Нэвтрүүлэгт 86 настай Тэраниши гэх эрэгтэйг жишээ болгон авсан бөгөөд түүний цусны даралт тогтмол ихэсч 180 мм м.у.б-аас илүү өндөрсөж байснаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх тохиолдол цөөнгүй гардаг байжээ. Тэрээр иллэг хийж даралт буулгах аргын тухай дуулаад 10 жилийн турш хэрэгжүүлсний үр дүнд түүний цусны даралт 121 мм м.у.б буюу хэвийн хэмжээнд хүртэл багасч тогтмолжсон байна. Энэхүү иллэгийн аргыг Япон улсын Окаяма их сургуулийн профессор Сэо Сачимару анхлан судлаж, хэд хэдэн ном бичиж хэвлүүлэхийн зэрэгцээ уг аргыг өвчтнүүдэд санал болгодог байжээ. Профессор Сео 3 жилийн өмнө 92 насандаа нас барсан юм.

Иллэг хийснээр судсанд ямар нөлөө үзүүлж цусны даралт хэрхэн буурдаг болохыг тодруулах үүднээс нэвтрүүлэгт оролцож буй эмч богино долгионы төхөөрөмжийн тусламжтайгаар гарын артерийн судсанд хэмжилт хийж үзжээ. Ердийн нөхцөлд судасны өргөнийг хэмжихэд 3.88 мм диаметртэй байсан бол иллэг хийсний дараа судасны диаметр 4.11 мм болж 5.9 %-иар өргөссөн байна. Судас өргөссөнөөр түүгээр урсаж буй цусны даралтыг бууруулах нөлөө үзүүлэх нь мэдээжийн хэрэг юм. Нэвтрүүлгийн хүрээнд судас өргөсөх шалтгаан яг юунд байв гэдэг асуултын хариултыг олох зорилгоор нарийвчилсан шинжилгээ хийж үзэхэд иллэг хийснээр артерийн судасны дотор талын нимгэн эсийн давхарга (endothelium) агших, тэлэх хөдөлгөөнд орж судсыг өргөсгөх нөлөө бүхий азотын исэл ялгаруулж байгаа нь тодорхой болсон байна.

Дараагийн шатанд цусны даралт харьцангуй өндөртэй 20 хүнийг хамруулсан туршилт хийв. Тэдгээрээс 10-ыг нь нэг бүлэг болгон өдөр бүр 15 минутын хугацаагаар иллэг хийлгэн цусны даралт буурч байгаа эсэхийг 3 долоо хоногийн турш ажиглажээ. Бусад 10 хүнийг нүүрэн дээрээ нойтон алчуур тавиулах (даралт бууруулах нөлөөтэй гэгддэг уламжлалт аргуудын нэг бололтой) маягаар үр дүнг мөн адил хугацааны туршид ажигласан байна. Туршилтын үр дүнд "нойтон даавууны бүлэг"-ийн оролцогчдын цусны даралтын дундаж утга мэдэгдэх төдий бага хэмжээгээр буурсан бол "иллэг- массаж" бүлгийн оролцогчдын цусны даралт 8.6 мм м.у.б буюу харьцангуй өндөр хэмжээгээр буурчээ.

Туршилтын үр дүнг зүрх судасны мэргэжлийн эмчид үзүүлэн санал сэтгэгдлийг нь асуухад эмийн буюу цусны даралт ихсэх өвчний үндсэн эмчилгээтэй хослуулан хэрэглэхэд тохиромжтой байж магадгүй гэж хариулжээ. Харин иллэг-массажны аргыг үргэлжлүүлэн судлаж буй Сeo профессорын гарын шавь болох эмчийн нотлож байгаагаар уг арга өвчтнүүдийн 90%-д даралтыг бууруулах эерэг нөлөө үзүүлж байгаа юм байна.

Нэвтрүүлгийн төгсгөлд даралт бууруулах нөлөөтэй иллэгүүдийг танилцуулав. Иллэгийг доорх зааврын дагуу өдөрт 1 удаа 15 минут хугацаагаар хийхэд хангалттай бөгөөд үнэхээр даралт бууруулах нөлөө үзүүлж байгаа эсэхийг хэдхэн сарын хугацаанд өөрийн биеэр туршиж мэдэх боломжтой юм. Харин иллэгийн аргыг туршиж байгаа хүмүүс даралт бууруулах эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд ямар ч нөхцөлд эм уухаа зогсоож, үндсэн эмчилгээгээ тасалдуулахгүй байхыг нэвтрүүлэгт оролцсон эмч нар анхааруулж байна.

Даралт бууруулах иллэгүүд

1. Хуруу.
Хуруугаа атгаад хоёр тийш нь эргүүлэх маягаар иллэг хийнэ. Үргэлжлэх хийх хугацаа нэг гарын хуруунуудад нийтдээ 1 минут орчим байна.


2. Гар.
Алгаа дэлгэсэн байдлаас гарынхаа арьсан дээр дарж атгаад булчинг ясанд үрж мушгих маягаар иллэг хийнэ. Үргэлжлэх хугацаа нэг гарын бугалганаас мөр хүртэл нийтдээ 2 минут орчим байна.


3. Хөл.
Гарын иллэгтэй адилаар мушгих маягийн иллэгийг хоёр гараар хийнэ. Үргэлжлэх хугацаа хөлийн хуруунаас бүдүүн гуя хүртэл 3 минут орчим байна.


4. Толгой.
Шанаанаас дух хүртэл артерийн маш олон жижиг судсууд тархсан байдаг. Тэдгээр хэсгүүдэд тойрог зурах маягийн иллэг хийнэ. Үргэлжлэх хугацаа 3 минут орчим.


эх сурвалж; NHK ためしガッテン

Ухаалаг утасны батерейн асуудал

Даралт мэдрэгч дэлгэц бүхий шинэ үеийн ухаалаг гар утасны эхний загварууд худалдаанд гарч эхэлснээс хойш үйлдвэрлэгчид хүчирхэг процессор, илүү тод дэлгэц, камерийн үзүүлэлт, мэдээлэл хадгалах багтаамж, нимгэн хөнгөн, үнэ өртөг хямд байх гэх мэт үзүүлэлтүүдээр өрсөлдөж шинэ шинэ загварууд бүтээж байгаа боловч батерейн цэнэг агуулах чадварыг нэмэгдүүлэх тал дээр хэн нь ч мэдэгдэхүйц ахиц гаргаж хараахан чадаагүй байна. Тухайлбал Хятадын Huawei компани дэлхийн хамгийн хямд ухаалаг утсыг Кени улсад худалдаалж байгаа билээ. 80 доллараар үнэлэгдэж буй IDEOS загварын утасны үндсэн үзүүлэлтүүд Айфон утаснаас 50 - 90% бага байгаа боловч кеничүүд цорын ганц үзүүлэлт буюу утасны батерей цэнэгээ хурдан алддаг талаар л гомдоллож байна.

Эдгээр нь сүүлийн жилүүдэд цэнэг хадгалах технологийн боломж хангалттай нэмэгдээгүй, цэнэгийн багтаамж батерейн овор хэмжээгээр хязгаарлагдаж байгаагаас үүдэлтэй юм. Өнөөдөр зөөврийн компьютер, гар утас, видео камер, дуу тоглуулагч зэрэг ихэнх зөөврийн төхөөрөмжүүдэд лити-ионы батерей ашиглагдаж байна. 2G, 3G гар утасны цахилгаан хэрэглээ дунджаар 0.5 - 2 ватт байсан бол хамгийн сүүлийн үеийн ухаалаг утасны хувьд батерейн багтаамж 800 - 1200 мА.ц буюу 5 ватт-д хүрээд байна. Ердийн 3G, 3.5G гар утаснуудын батерейн үзүүлэлт хүлээх горимд 400 цаг , ярианы горимд 10 цаг байгаа бол ухаалаг утсанд эдгээр үзүүлэлтүүд дунджаар 150 - 400, 5-10 цаг тус тус байна.

Эдгээр харьцуулсан үзүүлэлтүүдээс батерейн багтаамжид онц өөрчлөлт гараагүй байгааг харж болно. Гэвч бодит байдалд интернетээр аялах, тоглоом тоглох тохиолдолд ухаалаг утасны батерейн цэнэг хагас өдөртөө л дуусдаг. Ухаалаг утаснуудад шинээр нэмэгдсэн эдгээр боломжууд нь харьцангуй их хэмжээний цахилгаан энерги шаардах болжээ. Солонгосын Чунгнам үндэсний их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар ямар төрлийн апликэшн програмыг ажиллуулж байгаагаас хамааран ухаалаг утасны зөвхөн дэлгэцэнд батерейн цэнэгийн 30-65%-ийг зарцуулагддаг байна. Энерги зарцуулалтын үзүүлэлтээр WiFi, CPU, GPS, аудио төхөөрөмжүүд удаалж байна. Мэргэжилтнүүдийн зөвлөж буй GPS-ийг унтраах, дэлгэцийн контрастыг багасгах зэрэг аргууд нь батерейн цэнэг зарцуулах хугацааг уртасгахад тодорхой хэмжээгээр нөлөөлөх боловч нөгөө талаас утасны хэрэглээг хязгаарлахад хүргэдэг. Цэнэг хэмнэх үүднээс утасныхаа боломжуудыг бүрэн ашиглаж чадахгүйд хүрвэл ухаалаг утас худалдаж авах нь утгагүй хэрэг болно.

Эрдэмтэд E-MiLi зэрэг программ хангамжийн тусламжтайгаар ухаалаг утасны цэнэг зарцуулалтыг 50 хувь уртасгаж болно хэмээн мэдэгдэж байгаа боловч энэ нь бас л хангалттай үзүүлэлт биш юм. Ухаалаг утасны батерейг цэнэглэх зориулалттай нэмэлт цэнэглэгчүүд үйлдвэрлэгдэн худалдаалагдаж байгаа боловч тэдгээр нь хэрэглэгчдийн шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. ААА, АА буюу бидний хэлж заншсанаар хуруу батерейн тусламжтайгаар ухаалаг утсыг цэнэглэх нэмэлт цэнэглэгчүүдийн батерейг бүрэн цэнэглэх хугацаа 3 - 5 цаг, нарны энергиэр цэнэглэх нэмэлт төхөөрөмжүүдийн хувьд цэнэглэх хугацаа 3 - 8 цаг тус тус байна. Иймд хөдөө орон нутаг зэрэг цахилгааны суурин хангамж дутагдалтай нөхцөлд батерейн цэнэг агуулалтын хүрэлцээгүй байдал нь ухаалаг утасны хэрэглээнд хүндрэл үүсгэж байгаа юм. Гэхдээ сүүлийн үед нэмэлт цэнэглэгчийн технологид зарим дэвшил гарч байна.

Тухайлбал японы Docomo компани 10 минутад бүрэн цэнэглэх боломжтой утасны гэр хэлбэрийн нэмэлт батерей зохион бүтээж туршилтын загварыг Ceatec Japan 2011 үзэсгэлэнд танилцууллаа. Батерейг богино хугацаанд цэнэглэхийн тулд харьцангуй өндөр хэмжээний гүйдлийн хүч шаардлагатай учир USB-ээр цэнэглэх боломжгүй. Мөн ухаалаг утсаа уг гэр хэлбэрийн төхөөрөмжинд суурилуулан хэрэглэх учир утасны овор хэмжээг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй юм. Эдгээрээс зайлсхийж, хэрэглэхэд хялбар хувилбарыг сонгох шаардлагатай байгаа учир яг хэдийд худалдаанд нь гарах нь тодорхойгүй байна.

Нано бүтэц бүхий шинэ төрлийн материалууд, түлшний элемент зэрэг зөөврийн төхөөрөмжүүдийн батерейн цэнэгийн багтаамжийг нэмэгдүүлэх талаар хийгдэж буй олон төрлийн судалгааны үр дүнгүүд мэдээлэгдэж байгаа боловч үйлдвэрлэх өртөг хэт өндөр, технологийн боломж хүндрэлтэй байгаагаас нийтийн хэрэглээнд нэвтрэх хүртэл нэлээд хэдэн жилийн хугацаа шаардагдах төлөвтэй байна. Мөн хүний алхаа, биеийн дулаан зэргээс цахилгаан энерги гарган авах судалгаанууд хийгдэж байгаа боловч энергийн багтаамжийг ухаалаг утсанд шаардагдах хэмжээнд хүргэх яагаа ч үгүй байна. Иймд бид дахиад хэдэн жилийн хугацаанд ухаалаг гар утасны батерейн цэнэг хүрэлцдэггүй асуудлаас ангижирч чадахгүй бололтой.

Дашрамд дурдахад free.zaluu.com сайтын админуудыг энд дарж мэдээллийн төгсгөл хэсэгт анхаарлаа хандуулахыг хүсч байна.

.

Үүдэл эс гэж юу вэ

Мөнх наслах хүсэл хүн төрөлхтний мөнхийн хүсэл байсаар ирсэн гэхэд хилсдэхгүй биз ээ. Иймдээ ч эрт дээр үеэс эрдэмтэн мэргэд мөнхийн уснаас авахуулаад урт наслах, хөгшрөхгүй байх, залуужуулах жорыг эрж хайсаар ирсэн боловч харамсалтай нь амжилт олсон түүх нэгээхэн ч байдаггүй. Харин орчин үеийн шинжлэх ухааны хөгжил дэвшлийн үр дүнд хүнийг мөнхрүүлэхээ байг гэхэд эрүүл чийрэг, хүч чадалтай, залуу цоглог хэвээр одоогийнхоос хэд дахин урт наслуулах боломж байгааг нотлож, тэр нь зарим нэг хэлбэрээр ойрын ирээдүйд бодит амьдралд хэрэгжих эхлэх төлөвтэй байна.

Осол гэмтэл, элдэв өвчлөл, хөгшрөлтөөс шалтгаалан хүний биеийн эд эрхтнүүдийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр алдагддаг. Ийм тохиолдолд нөхөн сэргээх эмчилгээ чухал үүрэгтэй бөгөөд бүрэн ажиллагаагүй болсон эрхтэнг солихоос өөр аргагүй болдог. Өнөөдрийн нөхцөлд эрхтэнг зөвхөн хүн болон цогцосноос шилжүүлэн суулгаж байгаа учир донор хүрэлцээгүй байдаг, донор болон эрхтэн суулгуулж буй хүний эд эсийн нийлэмж тохирдоггүй байдал нь эмчилгээний хугацаа алдах, улмаар нас баралтын үндсэн шалтгаан болж байна. Мөн төрөл бүрийн хиймэл эртхэнүүд зохион бүтээж өвчтөнүүдэд суулгасаар ирсэн боловч тэдгээр нь технологийн хувьд олон талаар дутагдалтай байгаагаас эмчилгээний үр дүнг хангалттай хэмжээнд үзүүлж чадахгүй байгаа юм. Тухайлбал хиймэл зүрх суулгуулсан хүний амьдрах хугацаа дөнгөж 3-5 жил байна.

Харин сүүлийн үед донор эд эрхтэнг ургуулах төрлийн судалгаа эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд эдгээрийн дундаас хамгийн их найдлага төрүүлж, ирээдүйтэй хэмээгдэж байгаа чиглэл нь iPS эсийн судалгаа юм. iPS эс гэж юу гэдгийг ойлгохын тулд хүний бие бүрэлдэн бий болох процессийн эхний шатуудыг анхаарч үзэх шаардлагатай болно. Хүний биеийг эр бэлгийн болон өндгөн хэмээх хоёрхон эсээс үүсдэг гэдийг бид мэднэ. Үр тогтсон өндгөн эс буюу хүний үр хөврөлийн эсүүд хуваагдлын замаар үржиж хүн насанд хүрэх үед дунджаар 60 триллионд хүрдэг. Харин үр хөврөлийн эсийн хуваагдлын тодорхой шатанд ямар ч эд эртхэн болон хувирах онцгой чадвартай эсүүд бий болдог байна. Энэ онцгой эсийг ES cell (Embryonic stem cell) буюу үр хөврөлийн үүдэл эс гэдэг. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хялгасан эс, суурь эс , язгуур эс, гол эс, тулгуур эс, ургал эс хэмээн янз бүрээр нэрлэж байгаа боловч анагаахын шинжлэх ухааны хэвшсэн хэллэг нь үүдэл эс юм. Үүдэл эсийг орос-америкийн эрдэмтэн, биологч, физикч А. Максимов цусны эсийн судалгаа хийж байх явцдаа 1908 онд анх илрүүлсэн байдаг.

Үр хөврөлийн үүдэл эсүүд нь цаашид хуваагдан тархи, зүрх, яс, арьс зэрэг төрөл бүрийн эрхтэнг бий болгодог. Нэгэнт эд эрхтэнгүүд үүсэн бий болж хүний бие бүрэлдэн тогтсон тохиолдолд дахин үүдэл эс бий болох шаардлагагүй мэт санагдаж болох юм. Тэгвэл насанд хүрсэн хүний биед ч бас үүдэл эсүүд агуулагдаж байдгийг 1950-аад оны үед эрдэмтэд нээсэн байна. Хамгийн анх чөмөг болон цусны үүдэл эсийг нээсэн бол сүүлд тархи, булчин зэрэг бүхий л эд эрхтэнд ч бас тэдгээрийн шинж чанарыг агуулах үүдэл эсүүд байдгийг илрүүлжээ. Хүн болон амьтны бие махбод нөхөн төлжих чадвартай байдаг. Цус, яс, булчин гээд ихэнх эд эрхтэний зарим эсүүд  үхжиж байхад өөр бусад эсүүд тасралтгүй хуваагдан үржиж, нөхөн сэргээгдсэнээр хүн болоод амьтны амьд явах нөхцөлийг бүрдүүлдэг. Эд эрхтний ингэж нөхөн төлжихөд биеийн бүхий л хэсэгт тархан байрлах үүдэл эсүүд голлох үүрэг гүйцэтгэдэг байна.

Насанд хүрэгчдийн үүдэл эс (Adult stem cell)-ийг нээснээс хойш түүний онцгой шинж чанарыг эмчилгээнд ашиглах талаар олон төрлийн судалгаанууд хийгдэж зарим төрлийн эм бүтээх, чөмөг шилжүүлэн суулгах зэргээр эмчилгээний аргууд бий болов. Харин сүүлийн жилүүдэд эрхтэн ургуулах чиглэлд үүдэл эс ашиглан нөхөн сэргээх болон гоо сайхны эмчилгээнд ашиглаж эхлээд байна. Ялангуяа Токио их сургуулийн профессор Окано Тэрүогийн 2000 оноос боловсруулж эхэлсэн үүдэл эсийг өсгөвөрлөх эсийн хуулдас (cell sheet)-ын аргаар хийгдсэн зарим төрлийн эмчилгээнүүд амжилттай хийгдэж байна. Лабораторын нөхцөлд үүдэл эсийг үржүүлэх тохиолдолд үүссэн эд эсүүд 5-10 микрон зузаантай байдаг бол эсийн хуулдасын аргаар тэдгээрийг холбогч материалаар холбон давхарлах замаар шаардлагатай зузаан бүхий эд эсийн хэсгийг гаргаж авдаг байна. Мөн шаардлагатай орчинг бүрдүүлснээр эсийн амьдрах чадварыг 100% хадгалж чадсан байна.

2007 онд Оосака их сургуулийн эрдэмтэд эсийн хуулдасын тусламжтайгаар зүрхний булчингийн үйл ажиллагаа сулрах (dilated cardiomyopathy) өвчний улмаас хиймэл зүрх залгуулсан өвчтний зүрхний үйл ажиллагааг бүрэн сэргээх мэс заслыг дэлхийд анх удаа хийв. Уг мэс заслаар 59 настай өвчтөн Шигэкүнигийн хөлийн гуяны булчингийн хэсгээс үүдэл эсийг ялган авч 0.1 мм зузаантай эсийн хуулдасыг ургуулан үйл ажиллагаа нь алдагдсан зүрхний булчингийн хэсгийг нөхжээ. 2008 оны 7 сар гэхэд мөн адил аргаар ургуулсан нүдний эвэрлэг бүрхүүл суулгах мэс заслыг 80 орчим хүнд амжилттай хийж гэрэл мэдрэх төдий хараатай байсан хүний хараа бүрэн сэргээсэн байна. Нүдний эвэрлэгийн эд эсүүдийг ургуулахын тулд тэдгээртэй адил төстэй шинж чанар бүхий амны салстын үүдэл эсийг ашигладаг. Мөн хортой, хоргүй хавдар зэрэг өвчний мэс л заслын үед өвчтөний ходоод, нарийн, бүдүүн гэдэс зэрэг дотоод эрхтний тайрагдсан хэсэгт үүссэн шархыг эсийн хуулдас ашиглан нөхөх эмчилгээ эмнэлгийн практикт нэвтрээд байна.

Сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнуудад үүдэл эсийн тусламжтайгаар гоо сайхны эмчилгээ хийх зарим шинэ төрлийн аргачлалууд амжилттай туршигдан, хэрэгжиж эхлээд байна. Ахимаг насны эмэгтэйчүүд үрчлээнээсээ салахын тулд арьсаа татуулах, огтлуулж багасгуулах, арьсны давхарга дор өөх шахуулах мэтийн төвөгтэй хэлбэрийн уламжлалт мэс ажилбарууд хийлгэдэг байсан бол шинэ аргаар үүдэл эс бүхий эмчилгээний шингэн тариулах төдийд залуу, толигор арьстай болох боломж бүрдэв. Хөх, өгзөгөө томруулахыг хүсвэл эд эрхтэнээ зүсүүлж силикон мэтийн гадны биет суулгуулах шаардлагагүй болоод байна.

Эдгээр төрлийн эмчилгээнд тухайн өвчтөний өөрийнх нь эд эсийг ашигладаг учир эд эсийн таарамжгүйн асуудал гардаггүй, эмчилгээ найдвартай явагдаж, хурдан хугацаанд хүндрэлгүйгээр эдгэрэх боломжтой нь дээр дурдсан эмчилгээний үр дүнгүүдээр нотлогдож байна. Гэхдээ үүдэл эст суурилсан эмчилгээний нэг гол дутагдалтай тал нь насжилт болон хүрээлэн байгаа орчны нөлөөллөөс шалтгаалан үүдэл эсийн нөхөн сэргээх чадвар мууддаг явдал юм. Үүнтэй холбоотойгоор эсийн нөхөн сэргээлт дутагдаж арьс үрчлээтэж унжих, тархины хэмжээ багасч хатингарших, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдах зэргээр хөгшрөлтийн шалтгаан болдог байна. Өөрөөр хэлбэл өвчтний нас өндөр байх тусам үүдэл эст суурилсан эмчилгээний үр дүн муу байдаг. Үүнээс зайлсхийхийн тулд хүмүүсийг залуу байх үед нь тэдний биеэс үүдэл эсийг авч хадгалах эсийн банк байгуулах саналыг зарим эрдэмтэд санал болгож байна.

Харин насанд хүрэгсдийн бие эрхтэнд агуулагдах үүдэл эсүүд зөвхөн тухайн эрхтэний эсэд хувирах боломжтой байдаг учир өөр төрлийн эрхтэний эд эс ургуулах боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл хүн насанд хүрэх үед үүдэл эсүүд аль хэдийн өөр өөр эрхтний эсэд хувирахаар програмчлагдсан байдаг гэсэн үг юм. Мөн зүрх, элэг, бөөр зэрэг эд эрхтэнг бүхлээр нь ургуулах асуудал дөнгөж судалгааны эхлэлийн шатанд байна. Үр хөврөлийн эсээс эрхтэн ургуулах боломжтой бөгөөд энэ нь хулгана зэрэг амьтадад амжилттай туршигдаад байгаа юм. Бүр 1960-аад оны үеэс амьтны үр хөврөлийн үүдэл эсийг ялгах арга боловсруулагдсан байдаг боловч хүний хувьд ёсзүйн асуудлаас хүлээн зөвшөөрөгддөггүй, зарим тохиолдолд сөрөг зорилгоор ашиглагдаж гэмт хэргийн шинж чанартай үр дүнд хүргэх магадлалтай учир ийм төрлийн судалгаанууд бодит амьдралд нэвтрэх магадлал багатай юм.

үргэлжилнэ... (iPS эс гэж юу вэ)

Ангарагийн аялалд Европын Сансрын Агентлаг Оростой хамтарна

Ангараг гариг руу нисэх анхны аялалыг Европын Сансрын Агентлаг (ESA), Оросын Роскосмос хамтран зохион байгуулах болно хэмээн ЕSА-ын тэргүүн Jean-Jacques Dordain энэ долоо хоногт Орост болсон нисэх онгоцны үзүүлбэрийн шоуны үеэр мэдэгдсэн байна. Гэхдээ ингэж төлөвлөхөд цаг хугацааны хэт хувьд эрт байгаа боловч Марс-500 төсөл энэхүү санааг бодит зүйл болгоход түлхэц болж байна. ЕSА-тай хамтран хэрэгжүүлж буй уг төслөөр сансарын удаан хугацааны аялалд зориулан сансарын хөлгийн газар доорхи дууриамал орчинд 6 оролцогчийг 520 хоногийн турш тусгаарлан туршилт хийж байгаа юм. Туршилтад оролцогчид энэ оны 11 сард "эх дэлхийдээ буцаж ирэх" юм байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар технологийн болон санхүүгийн асуудлууд хангалттай шийдэгдээгүй байгаа учир Ангараг руу хүн аялахад дахиад хэдэн арван жилийн хугацаа шаардлагатай байгаа ажээ.


эх сурвалж; Rianovosti

Сум үл нэвтрэх арьс бүтээжээ

Эрдэмтэд сум үл нэвтрэх чадвар бүхий арьс бүтээсэн байна. Энэхүү судалгаа нь ирээдүйд супермэн, эсвэл сум даах чадвартай цэрэг, тэдэнд зориулсан цэргийн супер генийг бий болгоход туслах магадлалтай юм. АНУ-ын Utah их сургуулийн эрдэмтэд онцгой бат бэх шинж чанар бүхий материал гарган авахаар ямаа болон хүр хорхойн генийг өөрчлөн хийсэн нэлээд хэдэн жилийн судалгааны үр дүнд аалзны шүлсэнд агуулагддагтай адил төрлийн уураг агуулах сүүг ямаанаас гарган авчээ. Уг сүүний тусламжтайгаар бүтээсэн материал гангаас 10 дахин илүү бат бэх шинж чанартай болдог байна. Харин Jalila Essaidi-аад удирдуулсан германы эрдэмтэд "аалзны шүлс" агуулах сүүг хүний арьсны эд эстэй холбон сум үл нэвтрэх чадвартай арьсны хэсгийг бүтээж 22 мм-ийн урт калибрын винтовоор буудаж туршсан байна. Туршилтын үр дүн төгс биш байгаа боловч уран зөгнөлийг бодит зүйл болгоход ойрхон байгаа, мөн цаашид аалзны шүлс бий болгоход шаардагдах генийг хүнд суулгаснаар хүнийг сум үл нэвтрэх арьстай болгох боломжтой тухай эрдэмтэд ярьж байна.





эх сурвалж; Technewsdaily

ULTra PRT автомат машин ашиглагдаж эхэллээ

Лондоны Heathrow нисэх буудалд ULTra PRT хэмээгдэх автомат жолоодлогот цахилгаан машин ашиглагдаж эхэллээ. Эхний ээлжинд 5-р терминал болон автомашины 2 зогсоолын хоорондох 3.8 км зайд зорчигчдыг тээвэрлэж эхлээд байна. Одоогоор 22 автомат машинаар өдөрт нийт 800 зорчигчийг 40 км/ц хүртэлх хурдтайгаар тээвэрлэх хүчин чадалтай юм. Мөн эдгээр шинэ машинууд ямар нэг хэлбэрээр осол гаргах магадлал бага бөгөөд аюулгүйн үнэлгээ 95%-д хүрсэн хэмээн New York Times сонин онцолсон байна.

Шинэ автомат машинд төмөр зам, цахилгаан соронзон орон зэрэг тусгай байгууламжууд шаардлагагүй, зөвхөн оптик навигаци бүхий зам байхад л хангалттай юм. Байгаль орчинд сөрөг нөлөө багатай, үр ашиг өндөртэй иймэрхүү автомат машин шинэ санаа биш бөгөөд өмнө нь Арабын Нэгдсэн Эмират улсын Masdar хотод туршигдаж байжээ. Мөн цаашид автобус, такси зэрэг хот доторхи тээврийн хэрэгслүүдийг орлуулан ашиглах боломжтой юм. Одоогоор адил төрлийн тээврийн хэрэгслүүдийг Энэтхэг, АНУ-д ашиглаж эхлэхээр төлөвлөөд байна.







эх сурвалж; popsci

Чернобылийн ослоос хойш 20 жилийн дараа

Монгол улсад АЦС байгуулах, цөмийн хаягдлыг булшлах эсэх тухай сүүлийн үед их яригдах болж тэдгээрээс учирч болох хор хохирлын тухай хүмүүс хангалттай ойлголттой болж байна. Ямарваа цөмийн байгууламжтай холбоотой томоохон ослын үед цацраг идэвхт бодис их хэмжээгээр ялгарсан тохиолдолд хүн болоод байгаль орчинд мөн адил хэмжээлж баршгүй хор хохирол учруулах эрсдэлтэй байх нь ойлгомжтой юм. Харин цацрагийн бага хэмжээний ялгарал, цацраг идэвхт бодисын харьцангуй бага тунгийн хордлогын үед хүний биед ямар хэмжээгээр нөлөөлдөг нь бүрэн тодорхой болоогүй байна.

Тухайлбал Фүкүшима АЦС-ын ослын үед тархсан цацраг идэвхт бодис зөвшөөрөгдөх дээд стандарт хэмжээнээс бага учир хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй хэмээн эрдэмтэн мэргэжилтнүүд мэдэгдэж байгаа билээ. Гэвч цацрагийн хэмжээ ердийн нөхцөлд байгаль орчинд ялгардаг хэмжээнээс хэдэн 10 дахин их байгаа нь түүнтэй холбоотой өвчинд хүмүүсийг нэрвэгдэх магадлалыг мөн адил хэмжээгээр ихэсгэдэг байж болохыг үгүйсгэх аргагүй юм. Иймдээ ч Япон улс Фүкүшима мужийн 2 сая иргэдийг эрүүл мэндийн удаан хугацааны хяналтад хамруулахаар шийдвэрлээд байна.

Уран олборлох үйл явцаас авахуулаад цөмийн байгууламжуудын ашиглалтын явцад бага хэмжээний цацраг туяа ялгарч байдаг. Энэхүү бага хэмжээний цацраг туяа хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар Чернобылийн АЦС-ын ойролцоо амьдарч буй хүмүүсийг хамруулан японы эрдэмтэдийн хийж буй сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлын талаархи NHK special нэвтрүүлгийн бичлэгийг орчуулан хүргэж байна. Нэвтрүүлэг Чернолбылийн ослын 20 жилийн ойд зориулан 2006 онд бүтээгдсэн цувралын нэг хэсэг юм.