
эх үүсвэр; gizmodo
Mongolnews; ... Америкийн иргэн, 42 настай эмэгтэй 1990 онд үр хөврөл суулгуулжээ. Үүнээс өмнө тэр бээр дөрвөн удаа хуруу шилний хүүхэдтэй болох оролдлого хийсэн байна. Гэвч аль нь ч эмэгтэйн биед таарахгүй байж. Харин тав дахь оролдлого амжилттай болж, тэрбээр хүүхэдтэй боллоо. Хачирхалтай нь түүнд хамгийн сүүлд суулгасан үр хөврөл бүтэн 20 жилийн турш бүрэлдэж, өнгөрсөн тавдугаар сард хорвоод мэндэлсэн байна. Урьд нь үр хөврөл ийм удаан бүрэлдсэн тохиолдол гарч байгаагүй юм. 20 жил эхийнхээ хэвлийд амьдарсан хүүхэд төрөхдөө гурван кг жин татаж байжээ. ...Мэдээллийн утга агуулга ямар байгаад ямар болж хувирсаныг харж байгаа биз. Энд цэвэр орчуулагчийн гадаад хэлний мэдлэгийн түвшин нөлөөлсөн гэж дүгнэж болмоор. "1990 онд хөлдөөж 20 жил хадгалсан үр хөврөл"-ийг эмэгтэй "1990 онд жирэмсэлсэнээс хойш 20 жил гэдсэндээ тээж төрүүлсэн" болгож том "андуурчээ". Мөн 5 үр хөврөл ашигласныг 5 удаа жирэмслүүлэхээр оролдсон болгож "ойлгосон" бололтой юм.
Гадаад эх үүсвэр; ... Америкийн Jones Institute for Reproductive Medicine-ийн эмч нарын тусламжтайгаар 20 жилийн настай хөлдөөсөн үр хөврөл суулгуулсан эмэгтэй жирэмсэлж хүүхдээ амжилттай төрүүлсэн байна. Нэрийг нь зарлаагүй 42 настай эмэгтэй энэ оны 5 сард эрүүл хүүхэд төрүүлжээ. Харин түүний үр хөврөлийг 1990 онд донор хосоос авч зохиомлоор үр тогтоож хадгалсан байсан юм. Ийм төрлийн өмнөх дээд амжилт 13 жилийн хугацаатай байсан байна. Хөлдөөсөн үр хөврөлийг зөвхөн нэг хоёр ширхэгээр бус, хэд хэдийг авч жирэмслүүлэхэд ашигладаг. Энэ удаад 5 ширхэг үр хөврөл сонгон авсанаас 2 нь гэмтэж, үлдэх 3-аас 1 нь л амжилттай жирэмслүүлж чадсан байна...
Mongolnews; ...Нобелын шагнал гардуулах хорооноос энэ жилийн шагналтнуудыг өчигдрөөс эхлэн олон нийтэд зарлалаа. Хамгийн түрүүнд анагаах ухааны салбарын эзнийг тодруулжээ. Тэр хүн бол Японы Киотогийн их сургуулийн профессор Шинья Яманака юм. Тэрбээр 2007 онд арьсны эдээс үр хөврөлийн эс гарган авах аргыг нээжээ. Үүний ачаар элэг, зүрх, мэдрэлийн гээд бүх л төрлийн эсийг ургуулж, эрхтэн шилжүүлэн суулгах, зарим хүнд өвчнийг анагаах болсон юм. ...Шинья Яманака энэхүү шагналыг авах нь гарцаагүй хэрэг” хэмээн Нобелын шагналын хорооноос мэдээлжээ...Энэ мэдээнд Нобелийн шагнал огт аваагүй хүнийг авсан болгож мэдээлжээ. Эх мэдээллийн агуулга нь шагнал авах өндөр магадлалтай хэмээсэн байтал аль хэдийн авчихсан байгаа хэмээн "андуурсан" байх юм. "...Авах нь гарцаагүй" гэж Нобелийн хороо мэдэгддэг нь ч бас юу билээ. Мөн суурь эсийг үр хөврөлийн эс гэж буруу орчуулсан байна. Дашрамд хэлэхэд Mongolnews-ийн мэдээ тухайн салбарт Нобелийн шагнал хүртэгчийг зарласнаас 1 хоногийн дараа нийтлэгдсэн байх юм, бусад эх үүсвэрээс шалгачихаж болоогүй юм байх даа.
Гадаад эх үүсвэр; Арьсны эсээс суурь эс гарган авах аргыг нээсэн Японы Киотогийн их сургуулийн профессор Шинья Яманака нобелийн шагнал авах уу? Энэ асуултын хариуг бид ирэх даваа гаригт хийх Нобелийн хорооны мэдэгдлээс мэдэх болно...
Mongolnews; ... Дэлхийн хамгийн өндөр цэгт байрлуулсан цаг ердийн үеийнхээс илүү хурдан явдаг гэж Эйнштейн өгүүлсэн. Тэгвэл түүний зөв болохыг эрдэмтэд баталжээ. Хүний амьдралын дундаж нас 79 гэдэг бол амьдрах газрын өндөр дээшлэх тусам энэ хугацаа богиносох аж. Чухамдаа амьдралын хугацаа богиносох бус цагийн эргэлт хурдассантай холбоотойгоор нас богиносдог байна. ...Энэхүү сонирхолтой үзэгдлийн нууц нь дэлхийн татах хүчтэй шууд холбоотой. Татах хүчнээс холдох тусам цаг илүү хурдан явдаг. Эл шалтгааны улмаас онгоц, агаарын хөлгүүд маш хурдтай хөөрөн нисдэг аж.Эйнштэйний харьцангуйн онол, хурд болон таталцлын хүчний үйлчлэлээс хамаарч цаг хугацаа хурдасч удааширдаг гэх мэтийн хэллэгүүдийг дунд сургууль төгссөн хэн ч мэдмээр юм, үүнд ямар ч тусгай мэдлэг мэргэшил шаардлагагүй. Нас богиносдог гэсэн нь хэллэг ч бас хэр зохистой юм бол. Хамгийн гол мэдээлэл болох атомын цаг, түүний нарийвчлал, цаг хугацааны удаашралын хэмжээний тухай огт дурдсангүй. Онгоц, агаарын хөлгийн тухай хаанаас юу олж уншаад энд нэмээд оруулчихав гэж гайхмаар...
Гадаад эх үүсвэр; Шат буюу уулан дээр байгаа хүн автомашинаар хурдалж яваа хүнээс илүү хурдан хөгширдөг хэмээх Эйнштэйний 1907 онд нээсэн харьцангуйн ерөнхий онолын хялбар томъёоллыг бид мэднэ....
... Колорода мужийн "National Institute of Standards and Technology (NIST)"-ийн физикчид Эйнштэйний харьцангуйн онолыг бодит амьдралын хүрээнд хэр зэрэг нөлөөлдөг болохыг туршилтаар тогтоожээ. Туршилтад мөн адил атомын цаг ашигласан бөгөөд уг цаг нь 3.7 тэрбум жилд 1-хэн секундийн алдаа үзүүлэх өндөр нарийвчлалтай юм. Туршилтаар шатны хэдэн алхамын дээр болон доор зогсож байгаа хүний насны зөрөөг тооцож гаргаснаар шатны дээд талд зогсож байгаа хүн илүү хурдан хөгширнө гэдгийг тогтоожээ. Гэхдээ энэ зөрүү нь маш өчүүхэн бөгөөд хүмүүс шатан дээр 79 жил амьдарсан гэж тооцвол хөгшрөлтийн зөрүү нь секундийг 90 тэрбум хуваасны нэг хугацаагаар хэмжигдэх ажээ.
Mongolnews; Америкийн Луизанагийн их сургуулийн эрдэмтэн Лон Чю хэрэглэсэн эрчим хүчнээсээ цахилгаан ургуулах технологи боловсруулснаа мэдээлжээ. Тэрбээр алдагдсан эрчим хүчийг хувирган, шинээр сэргээх консоль системийг ашиглан уг аргыг боловсруулсан гэнэ. Хэрэглэсэн цахилгааныг боловсруулахдаа гэрэл, дулаан дахин шингээж, шинээр хэрэглэх боломжтой болгох юм байна. “Цахилгаан, эрчим хүч дахин боловсруулах олон арга байдаг. Харин хамгийн хямд төсөр, хэрэглэхэд амар нь бидний бүтээсэн шинэ технологийн онцлог юм” хэмээн Лон Чю хэлсэн байна. Эрчим хүч ургуулах эл арга ирээдүйд нано технологи, микро системийн салбарт чухал байр суурь эзэлнэ гэж шинжээчид үзэж байгаа юм.Өвс мод ургуулдаг болохоос цахилгаан ургуулдаг гэж огт дуулаагүй байх юм. Үнэндээ орчуулагч этгээд мэдээнийхээ утга учрыг огт ойлгосонгүй. Пьезоэлектрик зэрэг хэллэгүүдийг хэрхэн орчуулахаа мэдэхгүйгээс хасч, нээлтийн гол утга санааг орхигдуулжээ. Үүнээс шалтгаалаад мэдээг бүхэлд нь холион бантан болгож орхиж. Осолтгүй ганц эрдэмтний нэрийг л зөв бичжээ. Гэснээс энэ мэдээ news.mn дээр яг хэвээрээ тууж явна лээ.
Гадаад эх үүсвэр; Лузианагийн их сургуулийн доктор Long Que электрон хэрэгсэлүүд, нарны энерги зэрэг дулааны эргэлт бүхий цахилгаан дулааны хэрэгсэлүүдээс дулааны энерги хэлбэрээр ялгардаг хаягдал дулааныг шингээж авах төхөөрөмж зохион бүтээсэн байна. Энэ төхөөрөмж нь бидний хэрэглэдэг бүхий л төрлийн цахилгаан хэрэгсэлүүдэд ямар нэгэн өөрчлөлт хийлгүйгээр үр ашгийг нэмэгдүүлэх боломж олгож байна. Шинэ төхөөөрөмж нь нүүрстөрөгчийн нано хоолойн ялтас суурилуулсан пьезоэлектик шинж чанар бүхий материалаар хийгдсэн гол төмрийг агуулдаг байна. Халалтын, гэрлийн зэрэг дулааны энергийг нүүртөрөгчийн нано хоолойн ялтас хүлээн авсанаар гол төмөрт тахийлгах үйлчлэл үзүүлдэг. Тахийх хөдөлгөөн олон дахин давтагдсанаар пьезоэлектрик материалд цахилгаан гүйдэл үүсэх нөхцөл болдог байна. Өмнө нь алхах, бүжиглэх зэрэг хүний хөдөлгөөний үед пьезоэлектрик материалийг ашиглан энерги гаргаж авах адил төстэй судалгаа хийгдэж байсан юм.