Үхэлтэй нүүр тулж үзсэн хүмүүс ямар нэгэн нууцлаг гайхамшигийн ачаар амьд үлдсэн тухай ярих тохиолдол цөөнгүй байдаг. Зарим хүн түүнийг аврагч сахиусан тэнгэр гэж итгэж байхад зарим нь сэтгэлзүйн төвөгтэй байдлаас үүдэлтэй хий үзэгдэл гэх нь ч бас бий. Гэхдээ иймэрхүү тохиолдлыг зүгээр л гайхамшиг гээд орхих нь учир дутагдалтай юм. Зарим эрдэмтэд ч энэ нууцлаг үзэгдлийн учрыг олж шинжлэх ухааны үүднээс тайлбарлахыг хичээж байна.
9 сарын 11-ний халдлагад өртсөн ч тохиолдлоор аврагдсан цөөн хүний нэг нь Рон Дифранческо юм. Тэр өдөр түүний ажлын өрөө байрлах дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийн нэгний 84-р давхарт 30-аад хүн ердийн байдлаар ажиллаж байв. Гэтэл барилгаас хурдан гарахыг хүссэн утасны дуудлага найзаас нь иржээ. Түүнийг өрөөнөөсөө гараад хэдхэн секунд өнгөрөхөд түүний ажлын өрөө нь байрлаж байсан хэсэгт 2 дахь онгоц мөргөж дэлбэрчээ.
Дифранческо амьд үлдсэн бусад хүмүүстэй хамт барилгаас гарахаар аврах шатаар хэдэн давхар уруудсан боловч явах замд нь түймэр асч гацсан байна. Барилгын аюулгүйн хамгаалалтын систем ажиллаж бүх хаалга түгжигдсэн учир давхруудын коридорт гарах боломж байсангүй. Галын дөл, нуранганы хооронд түгжигдсэн хүмүүс сүүлчийн итгэл найдвараа алдаж, харанхуйд нойтон шатан дээр хэвтэцгээжээ. Удалгүй амьсгалах агаар ч хүрэлцэхээ больж эхлэхэд хүмүүс өөрийн эрхгүй нойронд автаж эхэлсэн байна.
Яг тэр үед Дифранческо нэгэн сонин зүйл мэдэрч эхэлжээ. Хэн гэдэг нь мэдэгдэхгүй ч нэгэн хүн түүнийг нэрээр нь дуудаж, босох хэрэгтэй гэж хэлэх шиг болсон байна. Тэр эрэгтэй хүний дуу хоолой байв. Тэр түүнд хүрч, гараас нь дэмжиж босгоогүй боловч түүнийг аврахаар дуудаж байв. Үл мэдэгдэх хүний дуудлагыг дагаж Дифранческо галд автсан шатаар уруудаж эхэлжээ. Бага зэрэг түлэгдсэн боловч 3 давхар уруудаад галаас гарч чадсан байна. Тэр түүнийг "намайг дагаад яв, гэрт чинь хүргэж өгнө" гэж хэлж байх шиг санагдаж байв.
Дараа нь 1500-аад алхам бүхий явган шатаар уруудаж барилгаас гарах үед шатсан эд зүйлс галт бөмбөлөг мэт тэнгэрээс унаж байжээ. Түүнийг гарах хаалганаас хэдхэн арван метр зайд холдох үед цамхаг нурж үнс нуранга болон хувирсан нь 2 дахь онгоц мөргөснөөс хойш 56 минутын дараа болсон хэрэг байв. Дифранческо 3 хоногийн дараа эмнэлэгт ухаан оржээ. Тэр өөрийгөө ямар нэгэн нууцлаг хүчин зүйлийн ачаар аврагдсан гэж одоо ч итгэсээр байна.
Дифранческо ганцаараа ийм тохиолдлын гэрч болоогүй юм. Зохиолч Жон Гейгер уулчин, туйл судлаач, аялагч зэрэг эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүмүүсийг 5 жилийн турш судлаж байна. Хэн нэгэн "гуравдагч хүн"-ий тусламжтайгаар аврагдсан хамгийн эртний тохиолдлуудын нэг нь өнгөрөгч зууны эхэн үед хамаарагдаж байгаа юм. Аялагч судлаач Эрнст Шаклтон өмнөд туйлд хүрэхээр 1914 онд аялалаа эхэлсэн боловч 10 сарын турш мөсөнд гацаж зогссон байна. Дараа жилийн 11 сард мөсөнд зоогдсон усан онгоцоо орхиод 1300 км зайд байрлах нөөц баазыг жижиг завиар зорьжээ.
Антрактидын тэсвэрлэшгүй цаг агаарын нөхцөлд хүнд хэцүү аялалыг даван туулахад нь хэн нэгэн түүнд зам зааж өгч, тэрхүү хэн нэгнийг дагаж явсаар нөөц баазад эсэн мэнд хүрсэн тухай тэмдэглэн үлдээжээ. Түүнээс хойш аюул осолтой нөхцөлд хэн нь үл мэдэгдэх нэгэн хүн зам зааж амьд үлдэхэд туслаж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг үзэгдлийг "гуравдагч хүн" үзэгдэл (third man factor) гэж нэрлэх болсон юм. "Гуравдагч хүн"-тэй учирсан тохиолдлуудын тухай Гейгерийн цуглуулга 200-д хүрээд байна.
Энэ үзэгдлийг эрт дээр үеэс ам дамжин яригдаж, бидний үеийг хүртэл уламжлагдан ирсэн аврагч сахиусан тэнгэрийн ойлголттой адилтгаж үзэж болно. 2008 онд хийгдсэн судалгаагаар америкчуудын 55% нь бурханд, 46% нь өөрсдийн сахиусан тэнгэр бий гэдэгт итгэдэг гэж хариулсанаас үзвэл "гуравдагч хүн"-ийг бурхан өөрийн биеэр ирж биднийг аварч хамгаалж байгаагийн илрэл гэсэн итгэл үнэмшил оршсоор байна. Харин тархи мэдрэл судлаач эрдэмтэдийн хийсэн зарим судалгаа энэ чиглэлд хонгилын үзүүрт гэрэл асааж байгаа юм.
Швейцарын мэдрэл судлаач Олаф Бланк сэтгэцийн хямралд орсон өвчтнүүдэд эмчилгээ хийх явцдаа "гуравдагч хүн"-д хамаарах сонирхолтой нээлт хийсэн байна. Тэрээр өвчтнүүдийн тархины гадаргын янз бүрийн хэсгүүдэд маш бага хэмжээний цахилгаан хүчдэлээр цочрол өгөх туршилт хийжээ. Харин тархины тодорхой нэгэн хэсэгт цочрол өгөхөд тухайн өвчтөн өрөөний хаа нэгтээ ямар нэгэн юм байна гэдгийг мэдэрч тэр зүг рүү харахыг оролдож байсан байна. Цочрол өгөх хугацааг бага зэрэг уртасгахад ямар нэгэн юм бус, хэн нэгэн хүн байгаа нь мэдрэгдэж байна гэж хариулж байжээ.
Харин цочрол өгөхөө болингуут тэрхүү хэн нэгэн хүн ор мөргүй алга болж байсан байна. Цахилгаан хүчдэлээр нөлөөлж гуравдагч хүний мэдрэмж үүсгэх тархины хэсгийг тархины зулай болон чамархайн хэсгийн холбоос (temporo-parietal junction) гэдэг. Түүнд цочрол өгсөнөөр унтраалга дарж гэрэл асаах мэт гуравдагч хүнийг мэдэрсэн мэт мэдрэмжийг зохиомлоор үүсгэж байгаа хэрэг юм. Тархины чамархайн хэсэг (temporal lobe) хүний толгой, гар, хөл зэрэг биеийн эрхтнүүдийн байрлалыг мэдрэх үүрэгтэй бол зулайн хэсэг (parietal lobe) нь орон зайн мэдээллийг боловсруулж түүнтэй харьцангуйгаар хүний биеийн байрлалыг мэдрэх үүрэгтэй ажээ. Гэхдээ Бланкийн нээлтийг олонхи эрдэмтэд хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.
Аюул осолтой нөхцөлд хэн нэгний дуудлагаар аврагдах боломжийг эрж хайх "гуравдагч хүн" үзэгдэл ямар замаар үүсдэг бол. Мэдрэл судлаач Майкл Парсингер энэ асуудлын учрыг тайлахаар 20 жилийн турш судалгаа хийж байна. Тэрээр мянга хэдэн зуухан грам жинтэй бидний тархи "гуравдагч хүн"-ийг үүсгэн бий болгож байна гэж үзэж байгаа юм. Тархи адилхан мэт харагдах баруун, зүүн хэсгүүдэд хуваагддаг боловч тэдгээр нь тэс өөр үүрэг зориулалттай байдаг. Тархины баруун, зүүн хэсгийг холбосон мэдрэлийн эсүүд тархины нийт эзлэхүүний хэдхэн хувийг эзлэдэг боловч аль болох их хэмжээний мэдээлэл дамжуулахын тулд тэр хэмжээгээр цочролд орох шаардлагатай байдаг байна.
Харин өндөр уулын оройд гарах, ойд төөрөх зэргээр огцом хэлбэрийн стресс болон сэтгэцийн хямралд орох нь түүнийг цочроох нөхцөлүүдийн нэг болдог байна. Иймэрхүү тохиолдолд эртний хүмүүс өөрсдийн тархины баруун хагаст үүссэн "гуравдагч хүний" дуу хоолойг сонсож амь алдах эрсдэлтэй нөxцөл байдлыг давж ирсэн гэх таамаглал байдаг ажээ. Харин орчин үеийн хүмүүст ч бас хүчтэй шоконд орох үед илрэх тархины иймэрхүү онцгой чадвар хадгалагдан үлдсэн гэдэгт Парсингер итгэлтэй байна.
Тархины зүүн хагас ихэвчлэн логик хэлбэрийн үйлдэл хийх үүрэгтэй бол баруун хагас нь түүний ажиллагааг саармагжуулж бодит байдалд байхгүй хэн нэгнийг бий болгодог гэсэн үг юм. Парсингер стресст орсон хүний тархины баруун хагасын ажиллагааг идэвхжүүлэх замаар эртний хүнээс хадгалагдан үндсэн чадварыг илрүүлэх судалгаа хийж байна. Тэрээр соронзон орон үүсгэх чадвартай малгай хэлбэрийн өмсөх төхөөрөмж зохион бүтээж, түүний тусламжтайгаар тархины баруун хагасын чамархайн хэсэгт цочрол өгөх туршилтыг 2000 орчим хүнд хийж үзэхэд тэдгээрийн 80% нь "гуравдагч хүн"-ийг мэдэрсэн байна.
үргэлжилнэ...
Эх сурвалж;
National geographic documentary- Science of angels