Компьютер таймс сэтгүүлийн тухай

Бичлэгүүд хуулбарлагдан нийтлэгдсэн явдал нь Компьютер таймс сэтгүүлтэй холбоогүй тухай тус сэтгүүлийн холбогдох хүнээс тайлбар ирлээ. Иймд өмнө нийтлэсэн бичлэгийг тус сэтгүүлд хамааралгүй хэмээн залруулан ойлгоно уу. Асуудлын үнэн учрыг урьдчилан лавлаж тодруулалгүйгээр сэтгүүлийн нэр хүндэд халтай зүйл бичсэндээ хүлцэл өчиж байна.
Хүндэт Саарал,

Би КТ сэтгүүлийн Жаргал байна.
Эрхэм та надтай яаралтай холбогдоно уу.

Бидэнд эдгээр нийтлэлүүдийг Б гэдэг залуу өгдөг байсан юм. Тэрээр шагналаа авсан бөгөөд баримтууд нь бий.

Би тантай уулзаж учир явдлыг тодруулах хүсэлтэй байна. Түүнчлэн боломжтой бол энэхүү нийтлэлээ блогоосоо авахыг хичээнгүйлэн хүсье.

Та бид цаашдаа олон зүйл дээр хамтран ажиллах буйзаа.

Хүндэтгэсэн Т.Жаргал
Саарал блог маань агуулгаа өөрчилснөөс хойш багахан хугацаа өнгөрсөн ч бас ч гэж цөөнгүй бичлэгтэй болжээ. Чадан ядан эвлүүлж бичсэн хэдэн халтар бичлэгийг маань цөөхөн ч гэсэн хүмүүс уншиж, мэдлэг оюунд нь дусал ч болов нэмэр болж байгаасай хэмээн найдаж чөлөө завандаа энд тэндэхийн сайт, сэтгүүлүүдийг эргүүлж суудаг юм. Гэтэл өнөөдөр харамсах, гайхах сэтгэгдлийг нэгэн зэрэг төрүүлсэн зүйл олж уншаад та бүхэнтэйгээ хуваалцах гэж яарч орж ирлээ.

Та бүхэн гарчигнаас бараг ойлгосон байх. Монголдоо компьютер болон техник, технологийн чиглэлээр номер нэг гэгдэх КТ сэтгүүлд Саарал блогийн нэр бүхий дөрвөн ч нийтлэл зарим нэг фото зургийг эс тооцвол үг үсэг, хэл найруулгын алдаатайгаа хамт хуулбарлагдан нийтлэгджээ. Гайхалтай нь нийтлэлүүдийн жинхэнэ зохиогчийн тухай ямар ч үг өгүүлбэр дурдагдаагүйгээр барахгүй КТ сэтгүүлийн Болд-Эрдэнэ гэгчийн бэлтгэсэн нийтлэл мэтээр бичигдсэн байна. Харамсалтай нь юу вэ гэвэл энэ талаараа өчүүхэн блогийн эзнээс ганц өгүүлбэр бичээд ч болов зөвшилцөх сэтгэл сэтгүүлийг эрхлэгчдийн хэнээс ч гарсангүй.

Гэхдээ энэ талаар олон долоон үг нуршиж, зовлон гуниг тоочих хүсэл алга. Хулгайчдаас гуйх, хүсэх юм ч надад байхгүй. Харин хулгай хийгээд та нар хол явахгүй шүү! Форумаараа, сэтгүүлд дагуулж өгдөг CD-ээрээ тараадаг софтууд, тоглоомууд чинь бас хулгайнх шүү, энэ янзаараа явбал шүүхэд дуудагдах өдөр ч ирж магадгүй шүү!



Дэлхийн анхны робот парк байгуулагдана

Солонгосчууд дэлхийн хамгийн анхны робот паркийн иж бүрэн цогцолбор байгуулахаар төлөвлөж байгаа тухай мэдээлсэн байна. Инчон хотод байгуулагдах уг паркийг 2014 онд иж бүрэн ашиглалтад оруулах боловч 2012 оноос хэсэгчлэн нээх төлөвтэй байгаа ажээ. Робот паркад олон төрлийн зугаа цэнгээний болон сургалт танин мэдэхүйн зориулалт бүхий робот тоглоомууд суурилуулах бөгөөд Matrix, I robot, Minority Report зэрэг киноны хэсгүүдийг бодит байдлаар бүтээх юм. Мөн роботын үзэсгэлэн, музей, робот загас бүхий аквариум, роботын судалгааны төв, худалдаа, үйлчилгээний газрууд зэргийг барьж байгуулах ажээ.

Робот парк нь Диснейлэнтэй адил 4 хэсгээс бүрдэх бөгөөд хэсэг бүр нь өмнө хэн ч харж байгаагүй эргэлдэгч галзуу хулгана, 4D сансрын аялал зэрэг онцгой тоглоомуудаас бүрдэх юм. Робот паркийн бүтээн байгуулалтад нийтдээ 1 тэрбум орчим доллар зарцуулах ба ирэх 5 жилийн хугацаанд 18000 ажлын байр шинээр бий болгох ажээ. Мөн бүрэн ашиглалтад орсны дараа жилд дунджаар 2.8 сая үйлчлүүлэгч хүлээн авахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ паркийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг robotland сайтаас үзэх боломжтой юм.



17 настай хүүгийн бүтээсэн сайт гайхалтай амжилтад хүрчээ

Интернет болон түүний олон зуун сая хэрэглэгчид асар том зах зээл, мөнгө олох боломжийг агуулж байгаа нь маргашгүй үнэн билээ. Энэ боломжийг ашиглахын төлөө олон олон шинэ санаа, шийдэл цаг үргэлж урган гарч байгаа боловч амь өрссөн гэмээр ширүүн өрсөлдөөнд тоотойхон хэд нь тэсч үлдэн, өөрийн гэсэн орон зайгаа эзэлдэг. Гэтэл хэний ч санаанд ороогүй, хэн ч бодож төлөвлөж байгаагүй энгийн санаа амжилтад хүрсэн тохиолдол цөөнгүй байдаг. Үүний нэг жишээ болох нэгэн сонирхолтой вэб хуудас бүтээсэн 17 настай орос хүүгийн тухай мэдээлэл Нью-Иорк таймс сонинд нийтлэгдсэн байна.

Москва хотын нэгэн сургуулийн ахлах ангийн сурагч жирийн нэгэн өсвөр насны хүү Андрей Терновский найзуудтайгаа скайпаар дамжуулан вэб камер, микрофон ашиглан харилцах дуртай байжээ. Гэтэл зөвхөн найз нартайгаа харилцах нь уйтгартай санагдаж зүгээр л зугаацах зорилгоор өөр бусад үл таних хүмүүстэй харьцаа тогтоох нэгэн жижигхэн вэб сайтыг өнгөрөгч 11-р сард бүтээсэн байна. Уг сайт нь AOL зэрэг вэб камер бүхий уламжлалт чатуудтай төстэй боловч ямар нэгэн хүнтэй санамсаргүй байдлаар интернетээр дамжуулан нүүр нүүрээ харж харилцах боломжийг олгодог юм. Түүнд анх сайт бүтээхэд олон саад бэрхшээл тулгарч байсан боловч аавынхаа дэмжлэгээр 11 наснаасаа интернет сонирхож, код бичиж эхэлсэн нь тус болсон байна.

Гэтэл түүний сайтыг хэрэглэгчдийн тоо санаанд оромгүйгээр эрчимтэй нэмэгдэж эхэлсэн бөгөөд программ хангамж болон техник хангамж нь хэрэглэгчдийн тооны өсөлтийг гүйцэхээ больж сэрвер ашигласны төлбөр ч нэмэгдэж эхэлсэн байна. Вэб хуудасны ачаалал нэмэгдэхийн хэрээр код нэмж бичих шаардлагатай болсон нь түүнд хүндрэлтэй байсан боловч олон шинэ зүйл нээж, олон асуудлуудыг шийдвэрлэж байсан нь түүнд эргээд сонирхолтой санагдаж эхэлсэн байна. Мөн төрөл садангууд нь багахан хэмжээний хөрөнгө оруулалт хийж шинэ сервер худалдаж авахад тусалжээ.

Chatroulette хэмээх түүний веб сайт одоогоор германы Франкфурт хотод байрлах секундэд 7Гб хурд бүхий хамгийн шилдэг 7 серверийг ашиглаж байгаа бөгөөд нэг шөнийн дотор л гэхэд 20 мянган хүн холбогддог болсон байна. Тэрээр цаашид өөр улсуудад олон серверууд авч өөрийн сайтыг улам сонирхолтой болгохоор төлөвлөж байгаа тухайгаа ярьжээ. Мөн "бусад сайтууд хэт их сурталчилгааны материал агуулж байдгаас хэрэгтэй мэдээллээ ялгаж авахад төвөгтэй байдаг, өөрийнхөө сайтад сурталчилгааг хамгийн бага байлгахыг хичээнэ" хэмээсэн байна.

Хэрэв та вэб сайтаар нь зочилж үзвэл үнэхээр дөрөвхөн ширхэг үгэн сурталчилгаа хуудасны доод талд байрлаж байгааг харах болно. Энэхүү мэдээллийг уншиж суухдаа амьдрал дээр ийм боломж цөөнгүй байдгийг урьдчилаад хэлчихсэн хэн нэгэн суутны үгийг иш татахыг хүссэн боловч дүйцэх үг санаанд орж ирсэнгүй. Хэрэв та ямар нэгэн үг санаж байвал харамгүй хэлж өгнө үү.

Терабит хэмжээтэй флаш диск 2012 оноос худалдаанд гарна

Японы Тошиба болон Кэйёо их сургуулийн хамтарсан судалгаагаар SSD хатуу дискны овор хэмжээг 90 хувиар бууруулж шуудангийн маркны хэмжээтэй болгож чадсан байна. Үүнээс гадна эрчим хүчний хэрэглээг 70 хувиар бууруулсан нь түүнийг хямд өртөгөөр үйлдвэрлэх боломж олгож байна. Одоогоор бүтээгдээд байгаа шинэ хатуу дискний 1 Терабит багтаамжтай туршилтын хувилбар нь 128 NAND флаш диск болон удирдах хэсгээс бүрдэх бөгөөд мэдээлэл дамжуулах хурд секундэд 2Гб байгаа юм. Уг хатуу дискийг 2012 оноос нийтийн хүртээл болгохоор төлөвлөж байгаа бөгөөд үйлдвэрлэлд шилжүүлэх хүртэл сайжруулалтын ажил хийгдэх юм. Xудалдаалагдах үнийн талаар одоогоор ямар нэгэн мэдээлэл байхгүй байна.

Дашрамд дурдахад Сони болон SanDisc компаний мэргэжилтнүүд хамтран 2Тб хэмжээтэй мемори стик бүтээж байгаа тухай өнгөрөгч оны эхээр мэдээлж байсан билээ. Гэхдээ хэзээнээс худалдаанд гарч эхлэх нь тодорхойгүй байгаа юм.


эх үүсвэр; technovelgy

Нэвт харагдах дэлгэц бүхий төxөөрөмжүүд

OLED материалыг дэлгэцийн технологид нэвтрүүлснээр онцлог шинж чанар бүхий электрон төхөөрөмжүүдийг бүтээх боломж олдож байгаа тухай өмнө нийтлэж байсан билээ. Самсунг компани OLED технологи ашигласан нэвт харагдах дэлгэц бүхий хоёр төрлийн бүтээгдэхүүний хувилбарыг өнгөрч CES-2010 үзэсгэлэнд танилцуулсан байна. Үүний нэг нь 14 инчийн OLED дэлгэц бүхий зөөврийн компьютер юм. Тус компани ийм төрлийн комьпютерүүдийг нэг жилийн дотор үйлдвэрлэлд шилжүүлэн америкийн заx зээлд худалдаж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ.



Өөр нэг бүтээгдэхүүн нь AMOLED дэлгэц бүхий аудио видео тоглуулагч юм. Ice touch хэмээх энэ тоглуулагч нь 2 инчийн дэлгэцтэй, 16Гб багтаамжтай, DVD чанар бүхий видео тоглуулагчийг агуулсан ажээ. Энэ бүтээгдэхүүнийг 2010 оны 2-р хагасаас худалдаалж эхлэхээр төлөвлөж байна.



Самсунг компани нь LCD зурагтын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд OLED чиглэлийн дэлгэцийн технологийн хөгжүүлэлтээр мөн адил тэргүүлэх байр суурийг эзлэхээр зорьж байна. Одоогоор автомашины салхины шилэнд байрлуулах навигацын төхөөрөмжийн нэвт харагдах дэлгэцийн хөгжүүлэлтийг хийж байгаа бөгөөд ийм төрлийн дэлгэцийг бусад электрон төxөөрөмжүүдэд өргөнөөр ашиглах боломжтой юм.


Эко принтер бүтээжээ

"Sanwa Newtec" компани цаасны хэрэглээг их хэмжээгээр бууруулсан эко принтерийг "Eco Products 2009" үзэсгэлэнд танилцуулсан байна. Prepeat хэмээх энэ принтерт ямар ч хор хэрэглэх шаардлагагүй бөгөөд, PET төрлийн хуванцар материалаар хийгдсэн онцгой цаас ашигладаг байна. Хуванцар цаас нь дулааны энергийн үйчлэлээр хар өнгийг үзүүлэх, эсвэл арилгах бөгөөд энэ чанарыг ашиглан дулаан үүсгэх хэвлэгч толгойн тусламжтайгаар нэгэнт хэвлэсэн цаасан дээр олон дахин хэвлэх боломжтой ажээ. 1 хуудас цаасыг ойролцоогоор 1000 удаа дахиж ашиглах боломжтой бөгөөд одоогоор 1000 ширхэг хуванцар цаас нь 300 мянган иен, принтер нь 500 мянган иений үнэтэй байгаа юм байна.

Хүний биеэс цахилгаан үүсгэнэ

Принстон их сургуулийн эрдэмтэд амьсгалах, алхах зэрэг хүний биеийн хөдөлгөөнөөс гар утас гэх мэт электрон төxөөрөмжүүдийг цэнэглэх боломж бүхий эрчим хүч үүсгэх силикон ялтас зохион бүтээсэн байна. Силикон ялтасанд нано-тууз хэлбэрийн керамик материал суурилуулснаар түүнийг нугалах, тахийлгах үед механик энергийг цахилгаан энергид хувиргах боломжтой ажээ.

Zirconate titanate хэмээн нэрлэгдэх нано-туузан материал нь пьезоэлектрик буюу биет деформацид орох үед цахилгаан энерги үүсгэх шинж чанарыг агуулах бөгөөд ийм төрлийн материалууд дундаа цахилгаан энерги үүсгэх чадвар хамгийн өндөртэй нь юм байна. Өөрөөр хэлбэл кварц зэрэг материалаас 100 дахин илүү үр ашигтай буюу механик энергийг 80%-ын үр ашигтайгаар цахилгаан энергид хувиргадаг байна.

"Хэрэв уг материалыг уушгинд суурилуулбал түүний агшилт тэлэлтээс цахилгаан гаргах "мөнхийн" үүсгүүр бoлж чадна" хэмээн төслийн удирдагч проффессор Michael McAlpine хэлсэн байна. Гэхдээ хүний биед суулгахад ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд био нийцэмж сайтай ажээ. Орчин үед силикон төрлийн материал нь гоо сайхны болон эмчилгээний мэс засалд өргөнөөр ашиглагдаж байгаа билээ. Мөн энэ шинэ материал нь эмнэлгийн салбарт микро мэс заслын төхөөрөмжүүдэд ашиглах зэрэг бусад олон болмжуудыг нээж байгаа ажээ.



эх үүсвэр; gizmag