Компьютер таймс сэтгүүлийн тухай

Бичлэгүүд хуулбарлагдан нийтлэгдсэн явдал нь Компьютер таймс сэтгүүлтэй холбоогүй тухай тус сэтгүүлийн холбогдох хүнээс тайлбар ирлээ. Иймд өмнө нийтлэсэн бичлэгийг тус сэтгүүлд хамааралгүй хэмээн залруулан ойлгоно уу. Асуудлын үнэн учрыг урьдчилан лавлаж тодруулалгүйгээр сэтгүүлийн нэр хүндэд халтай зүйл бичсэндээ хүлцэл өчиж байна.

Хүндэт Саарал,

Би КТ сэтгүүлийн Жаргал байна.
Эрхэм та надтай яаралтай холбогдоно уу.

Бидэнд эдгээр нийтлэлүүдийг Б гэдэг залуу өгдөг байсан юм. Тэрээр шагналаа авсан бөгөөд баримтууд нь бий.

Би тантай уулзаж учир явдлыг тодруулах хүсэлтэй байна. Түүнчлэн боломжтой бол энэхүү нийтлэлээ блогоосоо авахыг хичээнгүйлэн хүсье.

Та бид цаашдаа олон зүйл дээр хамтран ажиллах буйзаа.

Хүндэтгэсэн Т.Жаргал
Саарал блог маань агуулгаа өөрчилснөөс хойш багахан хугацаа өнгөрсөн ч бас ч гэж цөөнгүй бичлэгтэй болжээ. Чадан ядан эвлүүлж бичсэн хэдэн халтар бичлэгийг маань цөөхөн ч гэсэн хүмүүс уншиж, мэдлэг оюунд нь дусал ч болов нэмэр болж байгаасай хэмээн найдаж чөлөө завандаа энд тэндэхийн сайт, сэтгүүлүүдийг эргүүлж суудаг юм. Гэтэл өнөөдөр харамсах, гайхах сэтгэгдлийг нэгэн зэрэг төрүүлсэн зүйл олж уншаад та бүхэнтэйгээ хуваалцах гэж яарч орж ирлээ.

Та бүхэн гарчигнаас бараг ойлгосон байх. Монголдоо компьютер болон техник, технологийн чиглэлээр номер нэг гэгдэх КТ сэтгүүлд Саарал блогийн нэр бүхий дөрвөн ч нийтлэл зарим нэг фото зургийг эс тооцвол үг үсэг, хэл найруулгын алдаатайгаа хамт хуулбарлагдан нийтлэгджээ. Гайхалтай нь нийтлэлүүдийн жинхэнэ зохиогчийн тухай ямар ч үг өгүүлбэр дурдагдаагүйгээр барахгүй КТ сэтгүүлийн Болд-Эрдэнэ гэгчийн бэлтгэсэн нийтлэл мэтээр бичигдсэн байна. Харамсалтай нь юу вэ гэвэл энэ талаараа өчүүхэн блогийн эзнээс ганц өгүүлбэр бичээд ч болов зөвшилцөх сэтгэл сэтгүүлийг эрхлэгчдийн хэнээс ч гарсангүй.

Гэхдээ энэ талаар олон долоон үг нуршиж, зовлон гуниг тоочих хүсэл алга. Хулгайчдаас гуйх, хүсэх юм ч надад байхгүй. Харин хулгай хийгээд та нар хол явахгүй шүү! Форумаараа, сэтгүүлд дагуулж өгдөг CD-ээрээ тараадаг софтууд, тоглоомууд чинь бас хулгайнх шүү, энэ янзаараа явбал шүүхэд дуудагдах өдөр ч ирж магадгүй шүү!



6 сэтгэгдэл:

Ингээд заваараад байдаг юм Манайхан Блогын эзэнээс блогын нэр дурдана гээд асуухад юу л гэж үгүй гэхэв дээ ярьж хөөрнө шд .

хариулах...

Хүндэт Саарал,

Би КТ сэтгүүлийн Жаргал байна.
Эрхэм та надтай яаралтай 70161176 эсвэл 99090579 утсаар холбогдоно уу.

Бидэнд эдгээр нийтлэлүүдийг Болд-Эрдэнэ гэдэг залуу өгдөг байсан юм. Тэрээр шагналаа авсан бөгөөд баримтууд нь бий.

Би тантай уулзаж учир явдлыг тодруулах хүсэлтэй байна. Түүнчлэн боломжтой бол энэхүү нийтлэлээ блогоосоо авахыг хичээнгүйлэн хүсье.

Та бид цаашдаа олон зүйл дээр хамтран ажиллах буйзаа.

Хүндэтгэсэн Т.Жаргал

хариулах...

Хүндэт Саарал,
КТ сэтгүүлээс дахиад холбогдож байна.
Асуудлыг ойлгож залруулга хийсэн явдалд маш их талархаж байна. Танд хэцүү санагдсан явдлыг бид сайн ойлгож байна.

Бидэнд ч гэсэн том цохилт боллоо. Тэрхүү залуутай бид дахин холбогдохгүй бөгөөд нүүрийг нь ч харах хүсэлгүй байна.

Харин та зүй ёсны шагналаа авахыг хүсвэл бид танд дуртайяа өгөх болно. Түүнчлэн таны нийтлэлүүд бүхий дугааруудаас тус бүр 3, 3 ширхгийг өгөхөд бэлэн байна. Хэрвээ та монголд байдаггүй бол төлөөний хүнээ явуулаарай. Манай хаягийг www.kt.mn сайт дээрээс авч болно.

Таны шилдэг бичлэгүүдийг бид болон уншигчид маань таашаан уншдаг гэдгийг дуулгая. Ялангуяа "Дэлгэцийн шинэ технологи", NanoTube зэрэг нь гойд сайн бичлэгүүд болсон билээ.

Үүнээс хойш таны блог руу байнга зочилж байх болно. Түүнчлэн сэтгүүлийн уншигчдад зориулж нийтлэлүүд өгч байхыг хүсье.

Хүндэтгэсэн КТ сэтгүүл

хариулах...

Нэгэнт та бүхний буруу биш учир шагнал, сэтгүүлийг авах хүсэлгүй байна. Тэгээд ч блог маань одоохондоо ямар нэгэн хэлбэрээр ашиг орлого олох зорилго агуулаагүй байгаа. Харин нарийн учрыг урьдчилан лавлаж тодруулалгүйгээр сэтгүүлийн нэр хүндэд халтай зүйл бичсэндээ уучлал хүсэж байна.

хариулах...

Хүнээр дамжаад байна уу, өөрсдөө байна уу, ерөөсөө хэвлэсэн л бол "буруутай" л даа. Саарал маань, хүнд сургамж болох нийтлэл гаргачихаад араас нь та нар буруугүй гэх нь хэр вэ :-)?

Миний бодлоор хэн хэн нь эхнээсээ тал талаас нь бодож байж шийдвэр гаргах хэрэгтэй. Тодруулбал, нийтлэлийг зөвшөөрөлгүй хэвлэсэн газрыг "Оюуны хулгайч" хэмээн нэрлэж нийтлэл бичих нь зөв ч эхлээд сайтар тодруулж байж зарлах хэрэгтэй юм. Ам алдвал барьж болохгүй гэдэг дээ. Нэгэнт шийдвэр гаргаад зарлан тунхагласнаа нөгөө зүйлээ алга болгож блогоосоо хасвал утгагүй болно хэмээн бодож байтал сайхан, зөв тайлбар тавиад бас уучлал нэмсэн нь харин таалагдлаа.

Нөгөө талаас нийтлэлийн шагнал, төлбөрийг төлсөнд асуудлын гол байх ёсгүй юм. Төлбөртэй ч бай, төлбөргүй ч бай нийтлэл хэвлэсэн л бол хариуцлага нь хэвлэн нийтлэгчид байх нь жинхэнэ ёс зүй л дээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл, хичээлийг Сиатл хотоос блог эрхэлж, мөн онлайн хичээл заадаг сэтгүүлч, багш А.Оюунгэрэлээс (http://www.mongolianjournalism.blogspot.com/) тодруулбал жинхэнэ мэргэжлийн хариу ирнэ дээ. АНУ-д бол хэвлэн нийтлэгч нь бүх хариуцлагыг даах хуультай байдаг. Монголын хувьд бол ийм хууль үгүй байх, гэхдээ хаана ч гэлээ, байрлалаасаа үл хамаараад хувьд хүний нийтлэлийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр худалдаад авчхаар сэтгүүл зүй, оюуны өмчийн талаасаа ёс суртахууны тун дорой хэрэг болно.

За дээр нь энд АНУ-д мэдээллийн эх сурвалжийн нууцлалыг хадгална гэсэн лут ойлголт бас бий. Мэдээллийн эх сурвалжаа хэлэхгүй гээд эрх чөлөөгөө хасуулан шоронд сууж асан хэрэг сүүлийн хэдэн жилд нийлээд гарсан. Нэг талаас хариуцлагаа хэвлэн нийтлэгч өөрөө хүлээж буй, нөгөө талаас мэдээллийн эх сурвалжаа хамгаалж чадаж байгаагаараа энэ жинхэнэ байх ёстой, жинхэнэ хэвлэн нийтлэлийн сайхан ёс суртахуунтай болж чадаж буй юм.

Гэтэл энэ асуудал дээр сэтгүүл маань эхлээд оюуны өмчийн алдаа гаргаад, араас нь хариуцлагаа мэдээллийн эх сурвалж руугаа чихээд, дээр нь хүний нийтлэлийг блогоосоо аваач ээ гэж эелдгээр гуйгаад гэх мэтээр олонтаа бүдэрч байх юм даа.

За энэхүү саналаараа, зөвхөн өөрийн бодол, сэтгэгдлээ илэрхийлэн хэвлэн нийтлэгч болон блог эрхлэгчдэд сургамж болох үүднээс бичлээ. Түүнээс хэн нэгнийг буруутгах, эсэргүүцэхийг гол болгосонгүй болгооно биз ээ.

Баярлалаа,
Жагдаг
Колумбиа хот, Мизури муж
http://argamag.blogspot.com

хариулах...

Санал сэтгэгдлээ хуваалцсан Жагдагт баярлалаа. Японд ч мөн адил зохиогчийн эрхтэй холбоотой болон бусад хуулиудыг маш сайн сурталчилдаг. Бүр гэр бүлийн гишүүдийн хүрээнд хүртэл ийм хууль ингэж мөрдөгдөх ёстой гэсэн маш энгийн ойлгомжтой хэлбэрээр зохиомжилсон нэвтрүүлгүүд хүртэл үзүүлдэг.

Харин манайд нөхцөл байдал болон хүмүүсийн хандлага ямар байдгийг ойлгож байгаа учираас ямар нэгэн асуудал гарсан нөхцөлд хөгжилтэй орнуудын нөхцөл шиг их юм шаардаад хэрэггүй байх гэж бодож байна. Гэхдээ үүнтэй эвлэрэх биш, бага багаар ч гэсэн өөрчлөхийг эрмэлзэх ёстой нь мэдээжийн хэрэг. Урьдчилж асууж тодруулаагүй маань ч бас үүнтэй холбоотой, сэтгүүл бид хоёр хоорондоо ойлголцоод энэ талаар чимээгүй өнгөрсөн бол дараа дараачийн хуулбарлагч нарыг өөгшүүлсэн хэрэг болно гэж бодож байна даа.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх