Оросууд дэлхийг солироос хамгаална

Дэлхийг сансарын биет болон жижиг гаригуудтай мөргөлдөх аюулаас сэргийлэх зорилгоор сансарын хөлөг хөөргөх асуудлыг авч хэлэлцэх ёстой хэмээн оросын сансарын агентлагийн тэргүүн Анатолий Перимов мэдэгдсэн байна. Тэрээр дэлхийд ойртон ирж буй Apophis хэмээх солирын талаархи уулзалтыг удахгүй зохион байгуулах бөгөөд НАСА, Европ болон хятадын сансарын агентлегийг урьсан тухай дурджээ.

Дэлхийд хамгийн ойрхон тойрог замаар эргэлдэх 270 м хэмжээтэй Apophis солирыг 2004 онд анх илрүүлсэн юм. Тухайн үед уг солирыг дэлхийтэй мөргөлдөх магадлал 1/37 буюу харьцангуй өндөр гэж үзэж байсан боловч сүүлийн үеийн судалгаагаар 2029 онд дэлхийгээс 29450км зайтай зөрж өнгөрнө хэмээн тооцоолж байгаа юм. НАСА солирын тойрог замыг тооцож үзээд дараачийн удаа 2036 онд дэлхийд ойртож ирэхэд мөргөлдөх магадлал 1/45000-аас 1/250000 буюу маш бага хэмээн мэдээлж байжээ.

Харин Перимов хэлэхдээ "Apophis солиртой мөргөлдөх магадлал бага ч гэсэн байгаа учир бид түүнээс урьдчилан сэргийлэх ёстой. Хэдэн зуун сая хүний амь үрэгдэхийг хүлээж сууснаас хэдэн зуун сая доллар зарж хамгаалалтын системийг байгуулах ёстой" гэсэн байна. Эрдэмтэд дэлхийг солироос хамгаалах хэд хэдэн арга замыг санал болгодог. Зарим эрдэмтэд сансарын станц нисгэж солирын ойролцоох таталцлын хүчинд нөлөөлөх замаар тойрог замыг өөрчлөх аргыг санал болгож байхад, зарим нь цөмийн зэвсэг ашиглан дэлбэлж устгах аргыг зөвлөдөг. Перимов сансарын хамгаалалтын системийн талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй боловч цөмийн зэвсэг ашиглах шаардлагагүй хэмээсэн байна.


эх үүсвэр; yahoo news

GoPro HD

Та спорт сонирхдог уу. Тэр тусмаа жинхэнэ эр зоригийн, аз сорьсон спортын төрлүүдийг сонирхдог бол худалдаж авахад харамсамгүй камер гарсан байна. GoPro HD хэмээх энэ камер загасан нүд буюу 170 градусын өргөн өнцөгийн, усны хамгаалалттай, бичлэгийн чанар full HD, мөн бичлэгийг удаашруулан харуулах чадвартай юм. Хамгийн гол нь хамгаалалтын дуулга зэрэгт тогтоож төвөгтэй, эгзэгтэй нөхцөл байдалд буюу спорт хийх үед бичлэг хийж болох ажээ. Магадгүй таны мэдэрдэг тэр гайхамшигт мэдрэмжүүдийг бусад хүмүүст бага ч болов ойлгож төсөөлүүлэхэд энэ камер туслаж чадах юм. Тийм ч их үнэтэй биш, 400 доллар орчим. Ингээд энэ камераар хийсэн бичлэгүүдээс боломжтой бол HD хэмжээгээр, дэлгэц дүүрэн томруулж байгаад сонирхоно уу.







LG компани 3D телевизор үйлдвэрлэнэ

LCD телевизор үйлдвэрлэлтээр дэлхийд 3-р байрыг эзлэж буй солонгосын LG Electronics компани ирэх жил 400 мянган ширхэг, 2011 онд 3.4 сая ширхэг 3 хэмжээст телевизор тус тус үйлдвэрлэн худалдаалахаар төлөвлөж байгаа тухай зарлажээ. Тус компани өнгөрөгч 8-р сард өөрсдийн бүтээсэн 3D телевизорын анхны хувилбарыг танилцуулж байсан юм. Дараачийн олимп, хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолт болон хэрэглэгчдийн хүсэл сонирхолтой холбоотойгоор 3D телевизорын зах зээл сүүлийн үед эрчимтэй нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ. LG компанийхны үзэж байгаагаар солонгосын болон бусад орны хэрэглэгчидын 60 хувь нь 3D телевизор худалдаж авах сонирхолтой байгаа юм. Монголчуудын хувьд сүүлийн үеийн цахилгаан хэрэгслүүдийг солонгосын зах зээлээс харьцангүй хямд үнээр худалдаж авах боломжтой байдаг билээ. Иймд ирэх жилийн сүүлч гэхэд манай электрон барааны дэлгүүрүүдэд мөн адил 3D телевизор худалдаалж эхлэх байх хэмээн найдаж байна.


Дэлхийн хамгийн хурдан галт тэрэг хятадад ашиглалтад оров

Хятадад 390 км/ц хурдтай буюу дэлхийн хамгийн хурдан галт тэргийг ашиглалтад оруулсан байна. Тус хурдан галт тэрэг хятадын төв хэсгийн Wuhan хотоос 1000 орчим км зайд байрлах өмнө зүгийн Guangzhou хотыг холбох бөгөөд эдгээр хотын хооронд зорчиход өмнө нь 9 цаг зарцуулдаг байсан бол шинэ хурдан галт тэрэг ашиглалтад орсоноор 350 км/ц-ын дундаж хурдтайгаар 3-хан цагийн дотор туулах боломжтой болсон байна. Нийт 100 тэрбум юан (14.6 сая доллар)-ын өртөг бүхий хурдан галт тэрэг болон дэд бүтцийг 4 жилийн хугацаанд барьж байгуулжээ.

Цагдаа нарыг камераар тоноглоно

Хөгжингүй орнуудын цагдаа, зарим такси болон нийтийн тээврийн үйлчилгээний автомашинуудад хяналтын камер суурилуулж бичлэгийг гэмт хэргийн болон хяналтын чанартай үйл ажиллагаанд ашигладаг. Тэгвэл америкийн San Jose хотын цагдаа нарыг ердийн Bluetooth төхөөрөмжтэй адил жижиг хэмжээний камераар тоноглож туршиж эхэлсэн байна. Одоогоор цагдаагийн эргүүлийн 18 оффицер энэ туршилтад хамрагдаж байгаа бөгөөд нар гэмт хэргийн чанартай үйлдэлд хүч хэрэглэх тохиолдолд толгойд бэхэлсэн камерийг ажиллуулж бичлэг хийх юм. Камер нь дүрстэй хамт дуу авиа бичих төхөөрөмжөөр тоноглогдсон ба бичлэг хийх хугацаа хязгаарлагдмал учир ердийн нөхцөлд унтраасан байдалд байх юм. Мөн камерийн бичлэгийг устгах боломжгүй бөгөөд ажлын өдрийн төгсгөлд цагдаагийн төв дээрх төхөөрөмжид бичлэгийг хуулж үлдээх юм. Туршилтын үйл ажиллагаа нь гэмт хэргийн нотлогоо болон цаг хугацааны уялдаа бүхий баримт болж мөрдлөгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байгаа ажээ.


"Сансар"-ын шар айраг үйлдвэрлэжээ

Японы Саппоро компанид үйлдвэрлэсэн‘‘Sapporo Space Barley’’хэмээх цөөн тооны "сансар"-ын шар айраг худалдаалагдах гэж байна. Уг шар айргийг ОХУ-ын шинжлэх ухааны академи болон японы Окаяма их сургуулийн хамтарсан төслийн хүрээнд оросын сансарын станцад 5 сарын турш ургуулсан буудайгаар үйлдвэрлэсэн аж. ‘‘Sapporo Space Barley’’ шар айргыг зөвхөн японы хэрэглэгчдэд худалдаалах бөгөөд энэ сарын 24 -нөөс эхлэн интернетээр захиалга авч эхлэх юм. 330грамаар савласан 6 ширхэг буюу 1 сет нь 10000 иений үнэтэй бөгөөд нийт 250 сет шар айраг худалдаалахаар төлөвлөж байгаа ажээ.




Дэлхийн хамгийн жижиг МР3 тоглуулагч

Зөөврийн электрон төхөөрөмж үйлдвэрлэгчдийн өрсөлдөөний нэг гол үзүүлэлт нь төхөөрөмжийн овор хэмжээг багасгах явдал юм. Энэ өрсөлдөөнд саяхныг хүртэл iPod shuttle аудио тоглуулагчаараа Apple компани тэргүүлж байсан билээ. Мөн сүүлийн үед спортын дасгал хийх үедээ хөгжим сонсох сонирхолтой хүмүүс олширч байна. Ийм сонирхол бүхий хүмүүст зориулагдсан, та бүхний харж буй дэлхийн хамгийн жижиг МР3 тоглуулагч Micro Sports өнгөрөгч 9-р сараас японд худалдаалагдаж эхэлсэн байна. Энэ тоглуулагч нь ердийн чихэвчнээс яльгүй том бөгөөд 8-хан грам жинтэй юм. Мөн асааж унтраах, гүйлгэх (дуу сонгох), дууг ихэсгэх багасгах гэсэн гуравхан товчлууртай юм. Тоглуулагчийн лити-ион баттерейг компьютерийн USB оролтоос цэнэглэх бөгөөд 1 цагийн хугацаанд бүрэн цэнэг авч 4 цаг тасралтгүй ажиллуулах боломжтой юм. Одоогоор 2гб, 4гб багтаамжтайгаар 2980, 5980 иений үнэтэйгээр худалдаалагдаж байна.






эх үүсвэр; thanko

Зурагтны удирдлагатай холбоотой шинэ мэдээллүүд

Бидний хэрэглэдэг уламжлалт зурагтны удирдлагууд маш олон товчлуурыг агуулж, удаан хугацаанд ашиглах тохиолдолд заримынх нь мэдрэх чадвар муудаж хэрэглэхэд хүндрэлтэй болгодог. Тэгвэл энэ хүндрэлийг арилгах дэвшилтэт алсын удирдлагын концептийг Панасоник компани интернетэд суурилсан телевиз болон бусад вэб хэрэглээнд зориулан өнгөрсөн онд танилцуулж байсан байна. Телевизорын дэлгэц дээр үзүүлэх дүрсүүд энэ удирдлагын товчлууруудын үүргийг гүйцэтгэх бөгөөд даралт мэдрэх дэвсгэр (touchpad)-ийн тусламжтайгаар уг дүрслэлүүдээс сонголт хийж маш хялбар, уян хатан хэлбэрээр удирдах боломжтой юм. Зөвхөн уламжлалт телевизорын функцүүдийг агуулахаас гадна фото зураг үзэх зэрэг интернетэд суурилсан бусад үйлчилгээнд компьютерийн хулганыг орлож чадах ажээ.



Орчин үеийн хүмүүсийг хөдөлгөөний дутагдалд оруулахад зурагтны удирдлага багагүй нөлөө үзүүлсэн гэдэгтэй санал нийлэх хүн цөөнгүй байгаа байх. Тэгвэл Хитачи компани хөгжүүлж буй Gesture Remote Control буюу дохио зангааны удирдлага нь бага хэмжээгээр ч гэсэн таныг хөдөлгөөний дутагдлаас ангижруулахыг эрмэлзжээ. Өөрөөр хэлбэл та гараараа элдэв хөдөлгөөн хийж телевизороо удирдана гэсэн үг юм. Энэ удирдлагын ажиллагааны үндсэн зарчим нь телевизорын доод хэсэгт байрлах 3D камерийн тусламжтайгаар хүний биеийн хөдөлгөөнийг таньснаар удирдлагын үйлдлүүд гүйцэтгэгддэг ажээ. Харин зурагт үзэж байх үед таны өмнүүр хүүхдүүд гүйгээд байвал зурагт тань асч унтраад янз бүр болоод магадгүй сөрөг тал байж болох юм. Энэ удирдлагыг гэрэлтүүлэг, айр кондишн зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг удирдахад мөн адил ашиглах боломжтой юм. Видеонд өгүүлж байгаагаар хэрэглээний өөр нэг жишээ нь үзэсгэлэн, дижитал музейн үйл ажиллагаанд ашиглаж боломжтой юм. Жишээ нь дэлхийн бөмбөрцөгийн дүрслэлээс хүссэн тивээ сонгоод, тэнд амьдардаг ан амьтдын тухай мэдээллийг өөрөө хайж олоход ашиглаж байгаагаар танилцуулжээ.




NEC Electronics болон Soundpower компаниуд хамтран гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдэд зориулагдах батерейгүй алсын удирдлага зохион бүтээж туршилтын хувилбарыг Embedded Technology 2009 үзэсгэлэнд танилцуулсан байна. Уг алсын удирдлагын товчлуурыг дарах үед үүсэх чичиргээг ашиглан бага хэмжээний цахилгаан энерги үүсгэх төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд энэ энерги нь зурагтыг удирдахад шаардагдах радио долгионыг үүсгэхэд хүрэлцээтэй юм. Хамтарсан судалгааны ажил 2006 оноос эхэлсэн бөгөөд одоогоор бүтээгдээд байгаа загвар нь 15x7.5x3см хэмжээтэй буюу ердийн удирдлагаас 2 дахин том байгаа юм. Цаашид овор хэмжээг багасгахыг зорьж ирэх оноос хэрэглэгчдийн гарт хүргэх зорилготой байгаа ажээ.


эх үүсвэр; бичлэг доторхи линк болон видео

Утасгүйгээр цэнэглэгдэх анхны компьютер худалдаалагдаж эхлэв

Dell компаний Latitude загварын зөөврийн компьютерүүд нь Apple-ийн macbook-ийг хуулбарласан хэмээн шүүмжлэгдэж байгаа боловч ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс давуутай олон үзүүлэлтээр "хамгийн" хэмээн нэрлэгдэж хэрэглэгчдийг татаж байгаа билээ. Тус компани дэлхийд хамгийн анх утасгүйгээр цахилгаан дамжуулах технологи (индукцийн арга) ашиглан цэнэглэх Latitude Z зөөврийн компьютерийг худалдаанд гаргаж эхлээд байна. Мөн одоогоор 16 инчийн дэлгэц бүхий дэлхийн хамгийн нимгэн, хамгийн хөнгөн (2кг жинтэй) компьютерээр тодроод байгаа юм.

Хэрэглээний ихэнх үйлдлүүд болон медиа тохируулгуудыг touchpad ашиглан гүйцэтгэх боломжтой юм. Мөн хоёр үйлдлийн системийг зэрэг ачаалах боломжтой хос хатуу диск, авто фокус бүхий 2мегапиксел камер, ердийн телефонтой адил чанар бүхий чанга яригчаар тоноглогдсон бөгөөд өндөр чанар бүхий видео конференц явуулах боломжийг бүрдүүлсэн байна. Latitude Z зөөврийн компьютер хойд америк, европ болон азийн зах зээлд 1999 доллараар худалдаалагдаж байгаа юм байна.




эх үүсвэр; dell

LCD vs OLED display

Аливаа шинэ техник, технологи хуучиныхаа алдаа, дутагдалыг арилгахыг эрмэлзэж, илүү сайжирсан, дэвшилттэй хэлбэр лүү тэмүүлж байдаг. LCD буюу шингэн кристалл дэлгэц болон түүний дараагийн шатны технологи болох OLED дэлгэцийн бат бэхийг харьцуулан шалгах туршилтыг солонгосын Unseen лабораторийн нэг нөхөр хийжээ. Үр дүнг дараах бичлэгээс сонирхоно уу.




Зурагт, гар утас, зөөврийн видео тоглуулагч зэрэг дэлгэц бүхий электрон төхөөрөмжөө алхаар нүдэх тэнэг санаа хэнд л төрөв гэж хэмээн маргамаар санагдаж байна уу. Гэхдээ хийж буй зүйлдээ хэт төвлөрсөнөөс алдаа эндэгдэл гаргахыг үгүйсгэх аргагүй юм. Үүнийг дараах нөхрийн жишээ тод томруун харуулж байна. Wii тоглоомын удирдлаганы оосорыг зөв хэрэглээгүй түүний буруу ч гэсэн хэрэв илүү сайн дэлгэц бүхий зурагттай байсан бол ...




Интел таны тархинд чип суулгахыг хүсч байна

Интел компанийн Pittsburgh дахь судалгааны төвд компьютерийг гар болон хулгана ашиглалгүйгээр, бодол санаагаар удирдахад зориулан хүний тархинд суулгах чипний судалгаа хийгдэж байна. Энэ чипний тусламжтайгаар гар утас, телевизор болон бусад электрон төхөөрөмжүүдийг удирдах боломжтой болох юм. Гэхдээ одоогоор ийм чипний ямар нэгэн хувилбар бүтээгдээгүй байгаа бөгөөд ойролцоогоор 10 жилийн дараа гэхэд хэрэглэгчдийн гар дээр очих боломжтой тухай судлаачид ярьж байна.

Тархины үйл ажиллагаа ямар зарчимаар хэрхэн явагддаг нь бүрэн танигдаагүй байгаа боловч онолын үүднээс хүмүүс ижил төрлийн үг яриа хэрэглэх, дүрслэлийг төсөөлөн бодох үед тэдний тархины идэвхжил ижил хэлбэртэй байдаг ажээ. Мөн сайн дураар судалгаанд оролцсон хүмүүсийн тархины бичлэгээс бодол санааны адил төстэй байдал ажиглагдсан байна.

Үүнтэй төстэй Тоёота компаний хэрэгжүүлж буй тэргэнцэрийг бодол санаагаар удирдах судалгаа, Pittsburgh-ийн их сургуулийн эрдэмтийн боловсруулж буй тархинд нь суулгасан чипний тусламжтайгаар роботыг сармагчингийн бодол санаагаар удирдуулах судалгааны үр дүнгээс ийм төрлийн чип бүтээх боломжтой нь харагдаж байгаа юм. Судалгааны хүрээнд одоогоор шийдэгдээгүй нэг гол асуудал нь чипний овор хэмжээг хангалттай хэмжээнд хүртэл багасгаж чадаагүй байгаа явдал юм.


эх үүсвэр; popsci

2012 онд галав юүлэхгүй

Сүүлийн үед 2012 онд болох дэлхийн сүйрэл олон хүний ярианы голлох сэдвүүдийн нэг болоод байгаа билээ. Мөн энэ тухай кино, ном, зохиолууд гарч мэдээллийн хэрэгслүүдээр элдэв утга агуулгатай мэдээлэлүүд олноор нийтлэгдэж байна. Эдгээр мэдээллүүд нь өсвөр насны, шашин шүтлэгтэй, эмзэг зан чанартай, мөн боловсрол нимгэн хүмүүсийн сэтгэлзүйд сөрөгөөр нөлөөлж байна. Дэлхийн сүйрэлтэй холбоотой айдас олон хүнийг хамарч, ийм төрлийн мэдээлэл бүхий сайтуудад бичигдсэн сэтгэгдлээс ажиглавал зарим нэг нь сэтгэл санаагаар унаж, амьдрах итгэлээ алдах дээрээ тулаад байгаа бололтой.

2012 оны дэлхийн сүйрэлтэй холбоотой мэдээллүүд нь анх элдэв домог үлгэр, далдын хүч сонирхогчдын хүрээнд, мөн бизнесийн зорилгоор олон нийтэд тараагдаж эхэлсэн гэдэгтэй санал нийлэх хүн олон байдаг. Энэ зорилгоо ч амжилттай биелүүлж чадаж байгаа бололтой. 2006 оны тавдугаар сард “The Return of Quetzalcoatl” ном хэвлэгдэн мөн оны эцсээр Мэл Гибсоны найруулсан “Apocalypse” кино бүтээгдсэнээр 2012 оны сүйрлийн тухай дэлхий даяар шуугиж эхэлсэн билээ.

2008 онд гэхэд л "Temple At The Center Of Time: Newton’s Bible Codex Finally Deciphered and the Year" ном amazon.com сайтын шилдэг борлуулалт бүхий 100 номын тоонд багтаад зогсохгүй түүхийн сэдэвтэй бестселлерийн No1 номоор шалгарч байсан байна. Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн "2012" кино гэхэд л 65 сая долларын орлого олж box-office-ийн долоо хоногийн жагсаалтыг хол тасархай тэргүүлж байна.

Ингээд дэлхийг сүйрэлд хүргэнэ хэмээн таамаглаж буй хүчин зүйлүүдийн хэр үнэн бодитой талаар НАСА-гийн албан ёсны веб хуудсанд нийтлэгдсэн мэдээллийг чадан ядан орчуулсанаа өөрийн дуулж сонссон бусад мэдээллээр баяжуулан тоймлож хүргэе. Хэрэв та дээр онцлон дурдсан шинж чанар бүхий хүмүүсийн нэг бол энэ мэдээлэл таныг айдсаас чинь бага ч болов салгахад туслах байх хэмээн найдаж байна.

Сүйрлийн тухай таамаглалын эх үүсвэр
Дэлхийн сүйрлийн тухай таамаглахад хүргэсэн анхдагч мэдээлэл нь эртний соёл иргэншлүүдийн домог үлгэр дээр үндэслэгдсэн зохиолоос үүдэлтэй юм. Нэгэнт домог ярианаас үүдэлтэй зүйлд итгэж үнэмших нь шинжлэх ухаан технологийн үсрэнгүй хөгжлийн үед амьдарч байгаа бидний хувьд туйлын тэнэг хэрэг болно. Домог, үлгэрт өгүүлсэн зүйлс үнэхээр тохиолддог бол өнөөдрийг хүртэл дэлхий хэд дахин сөнөж мөхөх хангалттай хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд түүхийн урт хугацааг ямархуу байдлаар туулж ирсэн нь эрүүл ухаантай хэнд ч ойлгомжтой юм. Эдгээр домгийн чанартай эх үүсвэрүүдийн тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Галааридын блогоос уншина уу.

Nibiru, Planet X, Eris хэмээх гаригуудын дэлхийтэй мөргөлдөх магадлал
НАСА-гийн эрдэмтдийн мэдэгдэж байгаагаар Nibiru, Planet X хэмээн нэрлэгдэх гаригууд огт байдаггүй байна. Хэрэв ийм гариг байгаад 2012 онд дэлхийтэй мөргөлдөхөөр байгаа бол одон орончид хамгийн багадаа арван жилийн өмнөөс илрүүлж, уг гариг нь энгийн нүдэнд харагдах хэмжээгээр дэлхийд ойртож ирсэн байх ёстой гэнэ. Харин Eris хэмээх гариг бий боловч өөр нарны аймагт хамаарагддаг бөгөөд дэлхийтэй мөргөлдөх байтугай хамгийн ойрхондоо 6.4 тэрбум км зайтай зөрж өнгөрдөг ажээ.

Сүүлт од унах аюул
Дэлхийн агаар мандалд олон тооны сүүлт од, тэдгээрийн үлдэгдэл орж ирдэг боловч томоохон хэмжээний солир маш ховор тохиолддог. Хамгийн сүүлчийн томоохон солир 65 мянган жилийн өмнө дэлхийн гадаргад унаж үлэг гүрвэлүүдийг мөхөлд хүргэсэн гэж үздэг. Одоо ашиглагдаж буй НАСА-гийн сансрын аюлгүйн хяналтын "Spaceguard Survey" систем нь дэлхийд ойртож ирсэн томоохон солирыг хангалттай хол зайнаас илрүүлж чаддаг ажээ. Уг системийн тусламжтайгаар ойрын хугацаанд дэлхийд ойртон ирэх томоохон солир байхгүйг тодорхойлсон байна. Үүнтэй холбоотой мэдээллүүд НАСА-гийн NASA NEO Program Office веб хуудсанд тогтмол нийтлэгддэг бөгөөд 2012 онд ямар нэгэн солир унахгүй гэдгийг хүсвэл та өөрөө ч шалгаж болох ажээ.

Мааяа нарын он тооллын төгсгөл
Мааяа нарын он тоолол бүрэн төгсчихөөгүй бөгөөд зөвхөн урт хугацааны тооллын нэгэн үе 2012 онд дуусч, дараа оны 1 сарын 1-ээс дахин шинэ урт хугацааны тоолол эхэлж байгаа юм. Тэгээд ч өнөөдрийг хүртэл олон календарын хуудас дуусгасан та бидэнд ямар нэгэн сүйрэл гамшиг тохиолдоогүй байгааг бэлхнээ мэдэж байгаа бизээ.

Гариг эрхсийн жагсаалын нөлөө
Ойрын хэдэн арван жилийн хугацаанд гариг эрхэсийн ямар нэгэн жагсаал болохгүй юм байна. Мөн дэлхий 2012 онд галактикийн хавтгайг хөндлөн гарахгүй бөгөөд гаригуудын жагсаал болсон ч дэлхийд үзүүлэх нөлөө маш өчүүхэн байх болно. Харин жил бүрийн 12 сард дэлхий болон нар галактикийн сүүн замын тэнхлэгтэй давхцдаг боловч тухайн үед болдог үйл явдалд сөрөг хэлбэрээр ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй юм.

Туйлуудын шилжилт, дэлхийн гадарга богино хугацаанд 180 градус эргэх
Эрдэмтдийн өгүүлж байгаагаар ийм шилжилт байх боломжгүй ажээ. Эх газрууд урт удаан хугацааны турш аажим шилждэг (жишээ нь антарктид тив 100 мянган жилийн өмнө экваторын ойролцоо байрлаж байсан) боловч туйлууд эргэж, шилжих ойлголт байдаггүй. Харин соронзон орны шилжилт 400 мянган жилийн хугацаагаар үргэлжлэн явагддаг боловч энэ нь дэлхий дээрх амьдралыг сүйрэлд хүргэх хэмжээний нөлөө үзүүлдэггүй байна. Соронзон орны хамгийн ойрын мэдэгдэхүйц шилжилт хэдэн мянган жилийн дараа болох ажээ.

Нарны соронзон шуурганы аюул
Нарны идэвхжил тогтмол хугацаанд адил давтамжтай явагддаг бөгөөд хамгийн өндөр идэвхжил ойролцоогоор 11 жилд нэг удаа тохиолддог байна. Өндөр идэвхжилийн үед зарим тохиолдолд хиймэл дагуулын холбоо тасрах зэрэг үзэгдэл ажигалагддаг боловч дэлхийн хүн амьтанд мэдэгдэхүйц хэмжээгээр нөлөөлөөд байдаггүй. Нарны дараачийн өндөр идэвхжил 2012-2014 оны хооронд тохиолдох боловч сүйрэлд хүргэх хэмжээнд хүрэх боломжгүй, урьд нь тохиолддогтой мэдэгдэх төдий байж ажээ.


Хөгжилтэй санаачлагын уралдаан

Thefuntheory.com сайтаас хүмүүсийн амьдралд өдөр тутам хэрэглэгддэг, заримд тохиолдолд үл анзаарагдам, энгийн зүйлсийг илүү хөгжилтэй, сонирхолтой хэлбэрээр өөрчилж хүмүүст бага ч гэсэн инээмсэглэл бэлэглэх зорилгоор шинэлэг санаачлагын уралдаан зарласан байна. Энэ уралдаанд хүссэн хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд өөрийн шинэ санаагаа ноорог зураг, тайлбар, фото, видео гэх мэт хэлбэрээр илэрхийлэн илгээх шаардлагатай юм. Уралдаанд оролцох бүтээлийг 12-р сарын 15 хүртэл хүлээж авах бөгөөд шалгарсан хүнийг 2500 еврогоор шагнаж бүтээлийг олны хүртээл болгох ажээ. Маш хялбархан технологи ашигласан хөгжилтэй санаануудын жишээ болгон дараах видеонуудыг сайтад байрлуулсан байна.

Ямар нэгэн урамшууллын хэлбэр байдаггүй учир хүмүүс хаягдал шилэн лонхыг хоёрдогч түүхий эд болгон тушаахад хойрго ханддаг байна. Харин лонх цуглуулах савыг автомат тоглоом шиг болгочихжээ. Хүмүүс хэрхэн хүлээж авсан бол, үр дүнг нь сонирхоно уу.



Хогийн сав байсан ч байгаагүй ч хаа тааралдсан газраа хогоо хаячихдаг зуршилтай хүмүүс цөөнгүй байдаг. Тэгвэл "дэлхийн хамгийн гүн хогын сав" эдгээр хүмүүсийн зуршлыг өөрчилж чадсан болов уу.



Цахилгаан болон энгийн шат зэрэгцээд байрлаж байвал ихэнх хүмүүс цахилгаан шатыг сонгодог. Тэгвэл хүмүүсийг энгийн шат ашиглах дуртай болгож чадах болов уу.



Харин пиано шат шинэ зүйл биш бөгөөд америкийн Миннесота хотын шинжлэх ухааны музей болон японы Токиод байрлах Сони компанийн үзэсгэлэнгийн барилгад бас байдаг бололтой юм.


Хүүхэд яагаад уйлсаныг iPhone хэлж өгнө

Залуу эцэг, эхчүүдэд нялх хүүхдээ уйлж байгаа шалтгааныг тодорхойлно гэдэг туйлын хүндрэлтэй, зарим тохиолдолд сэтгэл түгшиж юу хийхээ мэдэхгүй байх тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл Испанийн Biloop Technologic компани iPhone-д зориулан зохиосон "Cry translator" программ энэ хүндрэлээс зайлсхийхэд туслах юм. Уг программ нь хүүхдийг өлсөх, нойрмоглох, уурлаж тавгүйрхэх, зовиур болон залхахаас шалтгаалан уйлж байгаа эсэхийг 10-хан секундын хугацаанд тодорхойлж чаддаг байна. Эдгээр нөхцөлүүдээс үүдэлтэй хүүхдийн уйлах дууны давтамж нь хэл, соёлоос хамааралгүйгээр нийтлэг хэлбэртэй байдгийг судлаачад 6 жилийн судалгааны үр дүнд тогтоожээ. Жишээ нь ямар нэгэн зовиураас шалтгаалан уйлж буй хүүхдийн дуу богино хугацаанд чангарч, хүчтэй дуугарч байснаа аажим суларч, дараа нь дахин чангардаг бол өлссөнөөс уйлж буй хүүхдийн дуу өндөр нугалаатай, эрч хүчтэй байдаг байна. "Cry translator" программ нь эмнэлгийн нөхцөлд 96 хувийн магадлалтайгаар туршигдсан бөгөөд 9.99 доллараар нөгөөдрөөс худалдаалагдаж эхлэх ажээ.

Цөмийн түлш бүхий сансрын хөлөг бүтээнэ

Оросын сансрын агентлаг Марс гариг руу аялах зорилгоор цөмийн түлш бүхий жолоодлогот сансрын хөлөг бүтээхээр төлөвлөж байна. Сансрын агентлагийн тэргүүн Анатолий Перминовийн мэдэгдсэнээр 2012 оноос эхлэн 9 жилийн хугацаанд үргэлжлэх уг төсөлд 600 сая доллар зарцуулах бөгөөд төслийг гүйцэтгэснээр олон хүнийг гайхшруулах технологийн шинэ түвшинд хүрэх болно гэжээ. Олон улсын сансрын станцад багийн бүрэлдэхүүнийг хүргэх зорилгоор одоогоор ашиглаж буй оросын пуужин тээгч хөлгийн технологи нь 40 жилийн өмнө боловсруулагдсан боловч олигтой шинэчлэгдээгүй байгаа юм. Төлөвлөж буй цөмийн түлш бүхий хөлөг нь МВ (мегаватт) хэмжээний цөмийн реактороор тоноглогдох ажээ. Хүйтэн дайны үед оросын тагнуулын хиймэл дагуулуудад хэдхэн кв (киловатт) чадал бүхий цөмийн реакторыг ашигладаг байсан ба тэдгээр нь нэг удаагийн цэнэглэлтээр бүтэн жилийн хугацаагаар тасралтгүй ажиллах чадвартай байжээ. Сансрын хөлөгт ашиглах ирээдүйн цөмийн түлш нь уламжлалт түлшнээс 2 дахин илүү үр ашигтай байх юм.

Цахилгааныг утасгүйгээр дамжуулах тухай

Бидний өнөөдрийн амьдралыг цахилгаан эрчим хүч, цахилгаан хэрэгсэлгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Нэг айлын зөвхөн зочны өрөөнд гэхэд л зурагт, видео тоглуулагч, хөгжим, гар утас, компьютер, принтер гээд маш олон төрлийн цахилгаан болон электрон төхөөрөмжүүд өдөр тутам ашиглагддаг. Эдгээр төхөөрөмжүүдийн цахилгаан тэжээлийг холбох утаснууд багагүй зай талбай эзэлхээс авахуулаад, хөлд орооцолдох, цэвэрлэгээ хийхэд хүндрэлтэй болгох, зарим тохиолдолд халалт үүсч гал түймрийн болон цахилгаанд цохиулах эрсдэл үүсгэдгийг хэн бүхэн мэднэ.

Цахилгаан энерги буюу цахилгаан цэнэг нь цахилгаан дамжих чадвар бүхий хатуу биет, хий, шингэн бодис болон вакум орчинд хүртэл дамждаг тухай бид дунд сургуулийн физикийн хичээлээс мэддэг. Гэтэл дээр дурдсан цахилгаан хэрэгслүүдийг эмх замбараагүй орооцолдсон утасгүйгээр, жишээ нь агаараар цахилгаан дамжуулаад холбочихож болоогүй юм байх даа гэсэн бодол зарим хүнд төрж магад. Тэгвэл гэр ахуйн болон оффисийн зориулалтаар ашиглагдах электрон төхөөрөмжүүдийн төрөл, тоо хэмжээ олшрохын хэрээр нэмэгдэх дээр дурдсан хүндрэлүүдээс зайлсхийх үүднээс сүүлийн үед цахилгаан энергийг утасгүйгээр дамжуулах талаар олон төрлийн судалгааны ажилууд хийгдэж түрүүчээсээ хэрэглээнд нэвтэрч эхлээд байна. Ингээд эдгээр судалгаануудын талаар товч танилцуулъя.

Цахилгаан эрчим хүчийг утасгүйгээр дамжуулах оролдлого 100 жилийн өмнөөс хийгдэж эхэлсэн байна. Серби гаралтай инженер Nikola Tesla амьдралынхаа ихэнх идэвхтэй үеийг Теслагийн ороомог зэрэг цахилгааныг утасгүйгээр дамжуулах туршилтад зориулж байсан боловч 1904 онд төсөл нь зогссоноор мөрөөдөл нь эцэс болжээ. 1975 онд Bill Brown богино долгион ашигласан утасгүй цахилгаан дамжуулалтыг амжилттай туршсан бөгөөд 30кВ энергийг 82.5%-ийн үр ашигтайгаар 1.6км зайд дамжуулж чадсан байна. Түүнээс хойш хэсэг хугацаанд ийм төрлийн туршилт судлагаа бараг хийгдээгүй бөгөөд 2007 оноос Massachusetts их сургуулийн физикийн салбарын эрдэмтэд цахилгаан ороомог ашиглан цахилгаан эрчим хүч дамжуулах судалгааг амжилттай хийж эхэлсэн байна. Тэдний хийсэн туршилтаар 80см диаметр бүхий ороомог ашиглан 2 м зайд 60вт цахилгаан энергийг 40%-ийн үр ашигтайгаар дамжуулсан байна.

2008 онд Intel компани харьцангуй богино зайд цахилгаан чийдэн асаах хэмжээний энергийг 75%-ийн үр ашигтайгаар дамжуулж чадсан байна. Мөн онд зарим компаниуд утасгүй технологийг ашиглан зөөврийн компьютер, Iphone зэрэг электрон төхөөрөмжүүдийг цахилгаанаар тэжээх туршилтын хувилбаруудыг танилцуулсанаар энэ төрлийн судалгааны ажил эрчимтэй хийгдэж эхэлсэн юм. Одоогийн байдлаар цахилгаан дамжуулах хэлбэр, дамжуулалтын үр ашиг, цахилгаан чадал болон дамжуулах зайгаар хоорондоо ялгаатай үндсэн 5 аргын хүрээнд туршилт судалгааны ажлууд хийгдэж байна. Үүнд;

1. Индукцын холбоо (Inductive Coupling)


Энэ арга нь уламжлалт трансформатортой адил бөгөөд дамжуулагч ороомгийн орчинд бий болсон соронзон орны нөлөөгөөр үүсэх индукцын гүйдэл тодорхой зайд байрлах хүлээн авагч ороомог хүртэл дамжих зарчимаар цахилгаан дамжуулалт явагдана.
Дамжуулагч ороомог нь компьютерийн хулганы дэвсгэр (mouse pad) шиг хэлбэртэй бөгөөд хүлээн авагч ороомог нь цахилгаан төхөөрөмжүүдэд байрлах юм. Энэ аргаар хэдэн см зайд цахилгааныг дамжуулах боломжтой ба дамжуулалтын үр ашиг 50-75 хувь орчим байдаг ажээ. Powermat компаний судлаачид энэ аргаар 6 төрлийн аудио, видео төхөөрөмжүүдийг цахилгаанаар тэжээж туршсан байна. Энэ арга нь ямар нэгэн цацрагийн долгион ашигладаггүй учир хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй байна.
2. Радио давтамж (Radio-frequency)
Энэ арга нь бидний сайн мэдэх радиодолгионы давтамжын арга бөгөөд хананд байрлах дамжуулагчийн тусламжтайгаар радио долгион ялгаруулдаг байна. Уг долгионыг антенийн тусламжтайгаар хүлээн авч бага хэмжээний цахилгаан гүйдэлд хувирган цахилгаан төхөөрөмжүүдийг тэжээнэ. Радио долгионы дамжуулалтын зай харцангуй их боловч дамжуулах энергийн хэмжээ бага юм. PowerCast компани энэ аргаар 3вт хүртэлх хэмжээний энергийг 25м хүртэлх зайд дамжуулсан байна. Гэхдээ энэ аргаар энерги дамжуулах тохиолдолд радио долгион эргэн тойрны бүх чиглэлд тархдаг учир дамжуулалтын үр ашиг муутай юм.

3. Лазер (Laser)
Энэ арга нь лазерийн гэрэл ялгаруулах диод ашигладаг бөгөөд цахилгааныг xарьцангуй хол зайд дамжуулах боломжтой юм. Гэхдээ зай холдох тусам лазерийн гэрлийг цахилгаан төхөөрөмжид байрлах хүлээн авагчид онож тусгахад хүндрэлтэй байдаг байна. Мөн хөдөлгөөнт төхөөрөмжид ашиглах боломжгүй ажээ.
PowerBeam компаний судлаачид энэ аргаар чийдэн болон зургийн электрон жаазанд цахилгаан дамжуулж туршсан бөгөөд 1.5вт цахилгааныг 10 м зайд дамжуулж чадсан байна. Энэ нь LED гэрлийг асаах чадалтай боловч зөөврийн компьютер зэрэг харьцангуй их энерги зарцуулдаг төхөөрөмжүүдэд хүрэлцэхгүй юм.
4. Дамжуулагч дэвсгэр (Conductive Pad)
Энэ арга нь уламжлалт буюу дамжуулагч утас ашиглан цахилгаан дамжуулах аргатай адил учир дамжуулагч болон хүлээн авагчид нь хоорондоо шүргэлцэж байх шаардлагатай юм. Boulder компани WildCharge хэмээн нэрлэгдэх дамжуулагч дэвсгэрийн аргаар 150вт хүртэлх хэмжээний энергийг дамжуулж туршсан байна.
5. Соронзон орны хосолмол резонанс (Magnetically Coupled Resonance)
Хос үүсгэгчээс ялгарах цахилгаан соронзон долгион ресонанс үүсгэх зарчим дээр үндэслэгдсэн энэ арга нь одоогоор судлагдаж буй аргуудаас үр ашиг хамгийн өндөртэй нь юм. Ренонанс үүсэх үзэгдлийн энгийн жишээ нь хэн бүхний мэдэх хүүхдийн савлуур юм. Нэгэнт савлаад эхэлсэн тохиолдолд савлуурын хөдлөх чиглэлтэй давхцуулан багахан хүчээр биеэ хөдөлгөхөд улам өндөр, улам хол зайд савлуулж чаддаг бөгөөд энэ нь механик резонансын нэг хэлбэр юм.
Дээр дурдсан Massachusetts их сургуулийн эрдэмтэд анх энэ аргыг ашиглан 60Вт-ийн чийдэнг 2 м зайнаас туршсан бөгөөд дамжуулалтын үр ашиг 40% байсан байна. Мөн LCD телевизор, Ipod зэрэг төхөөрөмжийг утасгүй цахилгаанаар тэжээж туршсан бөгөөд энэ технологийг WiTricity хэмээн нэрлэжээ.

Ирээдүйд цахилгааныг утасгүйгээр дамжуулах технологийг олон хэлбэрээр ашиглаж болох бөгөөд нэг сонирхолтой жишээ нь Мицүбиши компанийн дэвшүүлж 2007 оны Tokyo motor show үзэсгэлэнд танилцуулсан цахилгаан машины баттерейг богино долгион ашиглан утасгүйгээр цэнэглэх хувилбар юм. Уг хувилбар нь индукцийн холбоог ашигласан бөгөөд үндсэн зарчим нь автозам дээр байрлах дамжуулагч ороомог болон цахилгаан машины бампер дор байрлах антенийн тусламжтайгаар явдал дунд нь утасгүйгээр цэнэглэх юм. Өөрөөр хэлбэл цахилгаанаар цэнэглэх станцыг зам дээр байрлуулах хэлбэр юм.


Цахилгааныг утасгүйгээр дамжуулах технологийг ашигласан гар утас, зөөврийн компьютер зэрэг бүтээгдэхүүнүүд энэ оноос худалдаанд гарч эхлээд байгаа бөгөөд эдгээр бүтээгдэнхүүнүүдийн тухай дараа танилцуулах болно. TED Conference 2009-д танилцуулагдсан утасгүй цахилгаан дамжуулалтын тухай сонирхолтой илтгэлийн бичлэгийг үзнэ үү.



эх үүсвэр; powerbeaminc.com болон бусад

"Аалзан үрэл"

Оношлогоо болон эмчилгээний зорилгоор эмнэлгийн салбарт ашиглагдах бичил роботын тухай өмнө нь нийтлэж түүнийг удирдан жолоодох боломжгүй, мөн эрчим хүчний тогтвортой эх үүсвэрийн асуудал шийдэгдээгүй байгаа тухай дурдаж байсан билээ. Тэгвэл эдгээр асуудлыг шийдвэрлэсэн аалзан үрэл (spider pill) буюу утасгүй капсул робот бүтээгдэж гахайн гэдсэнд амжилттай туршигдсан байна. Энэ робот нь 27 мм урттай бөгөөд диаметр нь ердийн ходоодны дурантай адил 11мм хэмжээтэй юм. Мөн 8 хөлтэй, нийтдээ 72 эд ангиас бүрддэг байна. Аалзан үрэл нь бие эрхтэн дотор минутад 50мм хурдтай хөдлөх бөгөөд операторын удирдлагын дагуу татах хүчний эсрэг босоо гэх мэт дурын чиглэлд хөдлөх чадвартай юм. Роботыг хүний биед ашиглах тохиолдолд шинжилгээ өгч буй хүний хувцасанд байрлуулсан соронзон орон үүсгэгчийн тусламжтайгаар утасгүй технологиор эрчим хүчээр хангах боломжтой ажээ. Хэрэв энэ робот хүний биед туршигдан их хэмжээгээр үйлдвэрлэгдэж эхэлбэл хоол боловсруулах замын эрхтнүүдийн оношилгоог ямар нэгэн зовиургүйгээр, хялбархан хийлгэдэг болохнээ.

Сэтгэл гутралыг харилцуурын цаанаас тодорхойлно

Сэтгэл зүйч эмч нарын удаан хугацааны ажиглалтын үр дүнд сэтгэл гутрал (depress)-д нэрвэгдсэн хүмүүс харьцангуй түгдэрч, удаан темпээр ярьдаг болохыг тодорхойлсон байдаг. Мөн тусгай дасгал, сургуулилт хийсэн хүмүүс хүний энгийн харилцан ярианаас сэтгэл гутралын шинж тэмдэгүүдийг илрүүлэх чадварыг эзэмшсэн байдаг. Тэгвэл дуу хоолойн шинжилгээний программ хангамжын тусламжтайгаар утсаар ярьж буй өвчтөнүүдийн сэтгэл санааны байдлыг харилцуурын цаанаас тодорхойлж мэдээлэх боломжтой болсон байна. MIT's Media Lab-ын боловсруулсан программ хангамжийн алгоритм нь дуу авианы нягтрал, ярианы эрчим, дууны долгионы энерги зэргийг хэмжиж аливаа өвчлөлтэй холбоотой сэтгэл зовнил, шаналалыг илрүүлэх чадвартай ажээ. Уг программыг Cogito Health эмнэлэгт сувилагч болон өвчтөнүүдийн телефон ярианы явцад ашиглаж туршиж эхэлсэн байна.

Нарны эрчим хүчээр цахилгаан машин цэнэглэх станцыг танилцуулав

Японы автомашин үйлдвэрлэгч Тоёота компани Tokyo Motor Show 2009 үзэсгэлэнд цахилгаан машиныг нарны эрчим хүчээр цэнэглэх станцыг танилцуулсан байна. Станц нь нарны энергийг цахилгаан энерги болгон хувиргаж баттерейн тусламжтайгаар хадгалах бөгөөд цахилгаан машинуудыг цэнэглэх зорилгоор ашиглагдах юм. Уг цэнэглэх станцын цахилгаан хүчдэл 100в, 200в байх бөгөөд LAN болон хөдөлгөөнт сүлжээ ашиглан хэрэглэгчдэд цэнэгийн хэмжээ зэрэг баталгаат мэдээллийг хүргэх боломжтой ажээ. Уг станцыг 2010 оноос худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд хэдэн мянган долларын үнэтэй байх төлөвтэй байна. Өмнө нь Showa Shell болон Ниссан компани хамтран хөгжүүлж буй ижил төрлийн цэнэглэгчийг мөн олон нийтэд танилцуулж байсан байна.

SenseCam

Алцгеймерийн өвчтэй өндөр настай болон ой санамжтай холбоотой бэрхшээл бүхий хүмүүст зориулан Майкрософт компаний зохион бүтээсэн SenseCam хэмээх төхөөрөмж худалдааны зориулалтаар үйлдвэрлэгдэж эхэлсэн байна. Энэ төхөөрөмж нь VGA чанар бүхий 30000 хүртэлх зураг авч хадгалах чадвартай юм. Гэхдээ зөвхөн зураг авах камер төдий бус, гэрлийн эрчим, өнгөний ялгарал, амьд биетээс ялгарах дулаан, температур мэдрэгчээр тоноглогдсон бөгөөд эдгээр мэдрэгчдийн дохиоллыг микропроцессороор боловсруулан зурган мэдээлэл хэлбэрээр хадгалдаг байна.
Уг төхөөрөмжийг хүзүүндээ зүүгээд хаана ч авч явах боломжтой бөгөөд зурган мэдээллээс гадна цаг хугацааны болон GPS-тэй холбоотой мэдээллийг давхар хадгалах чадвартай учир хаана, ямар хугацаанд, ямар орчинд байсныг бүрэн тодорхойлох боломжтой юм. Өөрөөр хэлбэл ой санамжаа алдсан хүмүүст өөрт нь тохиолдож байсан онцлох үйл явдлуудыг нь эргэж сануулах зорилгоор бүтээгдсэн ажээ. SenseCam нь ирэх оны эхний сараас худалдаалагдаж эхлэх бөгөөд 820 орчим долларын үнэтэй байх юм.



Дашрамд дурдахад манайд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хаана, юу хийж, ямар хэрэг тарьснаа санадаггүй хүмүүс мэр сэр байдаг билээ. Хэрэв та ийм найз, нөхөртэй бол дээрх төхөөрөмжөөс нэгийг олж аваад хүзүүнд нь зүүлгээд явуулж байхад гэмгүй байж магадгүй шүү!


Цаг-гар утас худалдаалагдаж эхлэв

Өнгөрсөн 8-р сараас англи улсад Watchphone буюу цаг хэлбэрийн үүрэн утас худалдаалагдаж эхэлсэн байна. LG компаний GD910 загварын энэ утас нь дуудлага хийх, хүлээн авах, богино хэмжээний текст мэдээлэл илгээх, МР3 дуу тоглуулах, дуу хоолойгоор удирдах, интернетэд холбогдох зэрэг ердийн гар утасны бүх үйлдлүүдийг агуулсан байна. Мөн 1.3 инчийн touchscreen буюу даралтат дэлгэцтэй, чанга яригч болон камераар тоноглогдсон бөгөөд Bluetooth ашиглан видео дуудлага хийх боломжтой юм. Баттерейг нэг удаа бүрэн цэнэглээд 250 цаг буюу 10 хоног орчим хугацаагаар ашиглаж болох бөгөөд хэрэв та 600 орчим доллартай бол энэ цаг-гар утсыг "гартаа оруулж" чадах юм байна.

Хаа сайгүй 3D

Ихэнх хүмүүс 3D буюу гурван хэмжээст дүрслэлийн талаар ийм төрлийн зарим кинонууд үзэж тодорхой ойлголттой болсон байдаг билээ. Хүний хоёр нүдний фокус ихэвчлэн нэг цэгт төвлөрдөг. Харин хоёр нүдэнд хоёр өөр дүрслэл үзүүлснээр хүний тархи тухайн дүрслэлийг нэгтгэн гурван хэмжээст хэлбэрээр хүлээн авдаг. Үүний тулд зориулалтын нүдний шил зүүх шаардлагатай бөгөөд нэг талын шил нь харж буй дүрслэлийн зарим өнгийг хаадаг, харин нөгөө талын шил нь уг хаасан өнгийг харуулах зарчимаар 3D дүрслэл болгон харуулдаг.

1953 онд House of Wax кино дэлгэцэнд гарсан нь 3D технологи нийтийн хүртээл болох анхны оролдлого болсон байна. Гэтэл уг кино нь аймшгийн сэдэвтэй, олон хүний дотор муухайруулж бие эвгүйцүүлмээр дүрслэлүүдийг үзүүлж байснаас олигтой амжилтад хүрээгүй юм байна. Хоёр дахь оролдлого буюу 1970-аад оны үед улаан ногоон шил бүхий нүдний шил ашиглаж байсан ба дүрслэлийн өнгөний чанар сул байснаас мөн л амжилтад хүрээгүй байна. Техник, технологийн хөгжлийн ачаар 2000-аад оноос эхлэн 3D технологи ашигласан кино, дэлгэцийн бүтээлүүд олноор бүтээгдэн гарч байгаа билээ. Тэгвэл энэ технологийг зөвхөн кино театрт бус, өдөр тутмын амьдралдаа ашиглах боломж бүрдэж эхэлж байна. Үүнтэй холбоотой зарим мэдээллийг хүргэе.

Зургийн аппарат
Өнгөрөгч 9-р сараас Англи улсад 3D фото зургийн аппарат худалдаалагдаж эхэлсэн байна. Fujifilm компаний FinePix REAL 3D W1 загварын уг аппарат нь гадна талаасаа ердийн зургийн аппарат мэт харагдах боловч хос линз, хос мэдрэгчтэй учир нэг удаагийн зураг авалтаар наана, цаана ялгаран харагдах 3 хэмжээст фото зураг авах чадвартай юм. Мөн LCD дэлгэц бүхий 3 хэмжээст зургийн жааз (дэлгэц), 3D хэлбэрээр хэвлэх принтерийг зохион бүтээсэн байна. Зургийн ерөнхий хэлбэр нь 1980-аад оны эхэн үед манай улсад худаалагддаг байсан, монгол ахуйг илэрхийлсэн гурван хэмжээст ил захидалтай төстэй харагдах ажээ.





Телевизор
Электрон бараа үйлдвэрлэгч аваргууд 3D телевизорийн эхний хувилбаруудаа уралдан танилцуулсан боловч алдарт Сони хамгийн түрүүнд худалдаанд гаргах тухайгаа зарлалаа. Сони компани ирэх жилийн сүүлээр Bravia 3D телевизороо хэрэглэгчдийн гарт хүргэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Мөн 3D технологи бүхий Playstation 3 тоглоом, Bluray диск тоглуулагч, зөөврийн компьютерүүд тун удахгүй хэр
эглэгчдийн хүртээл болох төлөвтэй байна.



Notebook
Acer компани өнгөрөгч сараас эхлэн AS5738 загварын 3D дэлгэц бүхий зөөврийн компьютер
ээ худалдаанд гаргасан байна. Уг зөөврийн компьютер нь компьютер тоглоом болон видео бичлэгийг гурван хэмжээст дүрслэлээр тоглож, сонирхох боломжтой юм. Хүсвэл дэлгэцээ 2D хэлбэрт тохируулах функцийг ч бас агуулах бөгөөд 4Гб санах ой, 320 Гб хард диск бүхий энэ компьютерийг 800 доллараар худалдаалж байгаа юм байна.


Carbon nanotube гэж юу вэ?

Гангаас 100 дахин бат бөх боловч хөнгөн цагаанаас хөнгөхөн жинтэй, агшиж сунадаггүй, маш уян хатан материал бүтээж болно гэдэгт та итгэж байна уу. Вакум орчинд целсийн 2800 градус хүртэл халаасан ч хайлдаггүй, шатдаггүй, тогтвортой байдлаа хадгалж чаддаг, цахилгаан дамжуулалтаар металаас 10000 дахин илүү гэх мэтчилэн маш онцгой шинж чанартай, сүүлийн үед шинжлэх ухааны бараг бүхий л салбарын эрдэмтэд, судлаачдын сонирхлыг татаж судлагдаж буй материал нь "Carbon Nanotube (CNT)" буюу "Нүүрстөрөгчийн нанo хоолой" юм.

CNT нь 2.5-30
нанометр диаметртэй, хэдэн арван нанометрээс микрометр хүртэлх хэмжээний урттай, нүүрстөрөгчийн атомаас бүрдэх хуйлмал хоолой хэлбэрийн нано материал юм. 1991 онд Японы эрдэмтэн Ийжима Сүмио электрон микроскоп ашиглан нүүрстөрөгч материалын судлагаа хийж байх явцдаа дээрх бүтэц бүхий нүүрстөрөгчийн нэгдлийг олж нээсэн байна. CNT нь дээр дурдсанаар бидний мэдэх бодисууд дотроос хамгийн хамгийн гэгдэх олон шинж чанарыг агуулжээ. Тухайлбал 1мм диаметртэй CNT нано утас 6300 кг жинтэй зүйлийг даах чадвартай юм. Мөн сунгалтын коэффициент маш өндөр учир агшихгүй, аливаа гадны үйлчлэлийн нөлөөгөөр гэмтэж, эвдрэхгүй байж чадахаас гадна одоогоор шинжлэх ухаанд мэдэгдээд байга элемнентүүд дундаас хамгийн өндөр цахилгаан дулааны шинж чанарыг агуулж байгаа юм.

CNT-г нуман цахилалт, лазер шарлага, химийн тундасжуулалт гэсэн гурван үндсэн аргаар гаргаж авч байна. Одоогоор үйлдвэрлэх технологийн хувьд төвөгтэй, өртөг зардал харьцангуй өндөр байгаагаас их хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй, зөвхөн туршилт суд
алгаанд зориулан багахан хэмжээгээр үйлдвэрлэж байна.

Ирээдүйд CNT нь үйлдвэрлэл болон хүмүүсийн өдөр тутмын амьдралд маш олон хэлбэрээр, өргөнөөр ашиглагдаж, тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд туслах юм. Электроникийн салбарт нано хэмжээст элементүүд, төхөөрөмж бүтээх, нисэх
онгоц, автомашин гэх мэт үйлдвэрлэлийн салбарт маш бат бөх, элэгддэггүй эд анги, бүрхүүл бий болгож ашиглах, сансрын төхөөрөмжүүд, спортын эдлэл хэрэглэлүүд гэх мэтээр маш олон салбарт ашиглагдах ажээ. Өнөөдрийн байдлаар CNT-г ашигласан хамгийн анхны бүтээл болох хөнгөн жинтэй, бат бөх унадаг дугуй спортын уралдаан тэмцээнд зориулагдан үйлдвэрлэгдээд байна. Анх 2005 онд Tour de France тэмцээнд ашиглагдсан BMC SLC01 Pro загварын унадаг дугуйн их бие нь л гэхэд дөнгөж 1055 гр жинтэй юм.

Мөн зарим судлаачид CNT-ийн хэрэглээний ирээдүйн төлөвийг зураглах оролдлого хийсэн байна. Үүгээр 5-10 жилийн хугацаанд нано хэмжээст санах ойн төхөөрөмжүүд, түлшны
болон устөрөгчийн батерей, био мэдрэгчүүд, генийн инженерчлэлийн төxөөрөмжүүд бий болж ердийн хэрэглээнд нэвтэрнэ. 15 жилийн дараагаас наноэлектроникийн болон молекулын электроник төхөөрөмжүүд бий болж нисэх онгоц автомашиний бүрхүүлийг CNT ашиглан хийдэг болохнээ. Ингээд өнөөдрийн байдлаар хийгдэж байгаа CNT-той холбоотой судалгааны сонирхолтой үр дүнгүүдээс танилцуулъя.

Хорт хавдарыг ялна
Rice их сургууль болон Virginia Tech компаний судлаачдын хамтарсан судалгаагаар CNT-г хулганы бөөрний хорт хавдарын цөмд тарьж туршжээ. Ингээд бөөрний хавдарт лазерийн туяа тусгахад хавдарын эсүүдийг устгахад шаардлагатай хэмжээний дулаан ялгарч байсан байна. Лазерийн эмчилгээг 30 секунд х
угацаагаар үргэлжлүүлэн туршихад хавдарын эсүүд агшиж, хавдарын 80 хувийг бүрэн устгаж чадсан байна. Энэ эмчилгээ нь хулганы биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй бөгөөд арьсны гадаргад бага зэргийн төөнөлт мэдрэгддэг аж. CNT нь 100% нүүрстөрөгч агуулдаг учир амьд биетэд сөргөөр нөлөөлөхгүй боловч хүний биед туршихад багагүй цаг хугацаа шаардлагатай байгаа юм.

Уян хатан, нугалж болох электрон төxөөрөмж
Сонингийн цаас шиг нугалж эвхэж болох компьютер байна гээд төсөөлөөд үз дээ. Үүний нэг жишээ нь Ток
ио их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан резин болон нанохоолой хэлбэрийн хагас дамжуулагчийг ашиглах OLED дэлгэц юм. Мөн үүнийг ашиглан дэлгэц буюу дүрст мэдээлэл үзүүлэх чадвартай баглаа боодол, роботын хиймэл арьс, тоног төхөөрөмжийн гадарга зэргийг хийж болох ажээ.

Бөх бат материал

Texas их сургуулийн эрдэмтэд маш бат бөх, уян хатан шинж чанарыг зэрэг агуулсан, агаар шиг хөнгөн жинтэй материал гаргаж авсан байна. Харин японы сансар судлалын эрдэмтэд уг материалыг сансрын өргөгчид ашиглаж болох санааг дэвшүүлсэн байна. Энэ нь ойролцоогоор 115 мянган км урттай, маш бөх бат боловч уян хатан, агаарын ямар ч салхи шуурга болон сансрын биетийн нөлөөгөөр эвдрэхгүй олс бүтээж дэлхий, гаригуудаас хиймэл дагуул болон сансрын станцад ачаа, хүн тээвэрлэх өргөгч лифт бүтээх тухай юм.

Жинхэнэ спайдeрман
Эгц босоо ханаар хамгийн чадмаг, хурдан авирч чаддаг Gecko хэмээх нэгэн төрлийн гүрвэл байдаг гэнэ. Тэгвэл Dayton, Akron зэрэг их сургуулийн эрдэмтдийн хамтарсан судалгаагаар уг гүрвэлийн хөлний наалдах чадвараас 10 дахин их наалдамхай чанар бүхий бодис гарган авсан байна. Энэ бодисыг ашиглан хүн-аалз шиг барилгын ханаар чөлөөтэй авирч чадахнээ.

Цаас шиг нимгэн чанга яригч

Хятадын эрдэмтэд уян хатан, цаас шиг нимгэн чанга яригч (sreaker) хийсэн байна. Энэ нь ажиллагааны зарчмын хувьд уламжлалт чанга яригчаас ялгаатай бөгөөд нимгэн нанохоолой хуудсаар цахилгаан гүйдэл гүйлгэхэд материал халж ойролцоох агаартай харилцан үйлчлэлд орсноор дууны долгион ялгаруулдаг ажээ.

Хамгийн жижиг чип
Stanford их сургуулийн эрдэмтэд дэлхийн хамгийн жижиг хэмжээний буюу 10-20 нанометр хэмжээний чип зохион бүтээсэн байна. Энэ чип нь гүйцэтгэх үүргийн хувьд ердийн электрон чипнээс ялгаагүй боловч нано хэмжээст учир хамгийн бага эрчим хүч зарцуулсан, өндөр хүчин чадал бүхий төxөөрөмж бүтээх боломжийг бүрдүүлэх ажээ.

Био мэдрэгч
Хүний биеийн эсүүдтэй ойролцоо хэмжээтэй, эсийн хүрээнд гарсан ямар нэгэн өөрчлөлтийг мэдэрч, бичлэг хийх, мэдээлэх үүрэг бүхий био мэдрэгчийг Rovira i Virgili их сургуулийн эрдэмтэд зохион бүтээсэн байна. Ирээдүйд энэ мэдрэгчийг ашигласнаар хүний биед өвчин үүсэхээс нь өмнө мэдэрч урьдчилан сэргийлэх боломж бүрдүүлэх юм.

Устөрөгчийн батерей
Одоогоор усаар ажилладаг машиныг их хэмжээгээр үйлдвэрлэхэд тулгамдаж буй нэг гол асуудал нь батерейн бүтцэд цагаан алт ашиглагддагаас өртөг зардал хэт өндөр болдог явдал юм. Тэгвэл Dayton, Ohio их сургуулийн эрдэмтэд устөрөгчийн батерейд цагаан алтны оронд CNT-г ашиглах аргыг нээсэн байна.


эx үүсвэр; Нано, нано бvх юм нано, мөн бичлэг дотор линкээр холбов.

Wii cyberbike

Хөдөлгөөний дутагдал, илүүдэл жинтэй холбоотойгоор эрүүл мэнддээ санаа зовниж явдаг, эсвэл гадна үзэмжиндээ сэтгэл хангалуун бус байдаг хүмүүс та бидний дунд олон бий. Гэтэл дасгал хөдөлгөөн хийхээс төвөгшөөдөг хүн ч бас цөөнгүй байдаг. Тэгвэл илүү зугаатай хэлбэрээр биеийн тамирын дасгал хийх боломжийг Ninetendo Wii-ийн шинэ тоглоом болох кибер унадаг дугуй олгож байна. Cyberbike тоглоом ирэх жилийн 1-р сараас европд худалдаалагдаж эхлэх бөгөөд одоогоор үнэ нь тодорхойгүй байна. Дараах сурталчилгааны видео бичлэгийг үзнэ үү.



Энэ дашрамд дурдахад хүн аливаа дасгал хөдөлгөөн хийж эхэлснээс хойш 30 минутын дараагаас эхлэн биеийн илүүдэл өөх хайлж эхэлдэг гэнэ. Гүйлт болон спортын бусад төрлийн дасгал хийхэд энгийн хүн амархан ядарч цуцдаг, тэр болгон 30 минутаас илүү хугацаагаар тасралтгүй хийж чаддаггүй учир олигтой үр дүнд хүрдэггүй бөгөөд харин ч залхаж биеэ зөнд нь орхих тохиолдол элбэг байдаг. Харин унадаг дугуй хүнээс их хүрч шаарддаггүй, хүнийг богино хугацаанд хурдан ядраадаггүй учир хангалттай урт хугацаагаар тасралтгүй хичээллэх боломжтой бөгөөд өөхнөөсөө салахыг хүсэгчдэд илүү үр дүн үзүүлдэг байна. Ингээд wii cyberbike худалдаж аваад, шаардлагатай бол зурагтаа жаахан томруулчихаад жийгээд байж дээ!


Киборг 3 - Тэргэнцэрийг бодол санаагаараа хөдөлгөнө

Киборг үнэхээр бодит зүйл болж чадах уу? Энэ асуултад хариулах зорилгоор киборг бүтээх анхан шатны алхамууд гэж хэлж болох, одоогийн байдлаар хийгдэж байгаа судлагаануудын талаархи товч мэдээллээ үргэлжлүүлье. Урьд нь тархинд нь суулгасан чипний тусламжтайгаар сармагчингийн тархины мэдрэлийн дохиоллуудыг хүлээн авч роботыг удирдахад ашиглаж байгаа судалгааны тухай өгүүлсэн билээ.

Туршилт, судлагааны түвшинд хүний тархинд дохиолол хүлээн авах чип буюу аливаа гадны биет суулгах нь маш өндөр эрсдэлтэй зүйл гэдэг нь хэнд ч ойлгомжтой билээ. Тэгвэл Тоёота компаны судлаачид энэ эрсдэлээс зайлсхийж, хүний бодол санаагаар техникийг удирдах туршилтыг амжилтай хийж эхэлсэн байна. Тэдний хөгжүүлсэн тархи болон техникийн хоорондох харилцан үйлчлэлийн төхөөрөмжийн систем (brain-machine interface) нь Electroencephalography хэмээх малгай хэлбэрийн өмсөх төxөөрөмжийн тусламжтайгаар хүний тархины цахилгаан идэвхжилийг хэмжсэний үндсэн дээр тэргэнцрийг хүний бодол санаагаар удирдаж сурсан байна. Уг систем нь тархинаас авсан мэдээллийг хэдхэн секунд хугацаанд боловсруулан тэргэнцэрийг баруун зүүн тийш эргүүлэн удирддаг байна. Харин тэргэнцэрийг зогсоох үйлдлийг бодол санаагаар удирдаж чадахгүй байгаа бөгөөд хацарт байрлуулсан мэдрэгчийн тусламжтайгаар зогсоодог байна.

Гэхдээ туршилтад оролцох энгийн хүн бодол санаагаараа тэргэнцэрийг удирдах сурахын тулд дор хаяж 20 орчим цагийн сургуулилт шаардагддаг байна. Цаашид эмнэлгийн болон хөгшдийн асрамжийн хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа боловч одоохондоо илүү олон төрлийн төвөгтэй үйлдэл хийх боломжгүй байгаа ажээ.



Мөн Honda компаний хөгжүүлж буй BMI технологийн demonstration



эх үүсвэр; InformationWeek

Зорчигчдыг "нүцгэлж" шалгана

Английн Manchester нисэх буудлын 2-р терминалд хүний бүтэн биеийн 3 хэмжээст дүрслэл үүсгэх шинэ төрлийн хяналтын сканнерыг туршилтын журмаар суурилуулсан байна. Энэ сканнер нь хүний биед нуусан зэвсэг, дэлбэлэгчийг богино хугацаанд илрүүлэх чадвартай боловч хөх томруулагч, бие эрхтэнээ нүхэлж суулгасан элдэв гоёл чимэглэлийн зүйлсийг харуулаад зогсохгүй зорчигчдын нууц эрхтэнг хүртэл тод харуулах чадвартай юм. Энэ нь порнограф буюу ёс зүйн шалгуурыг зөрчиж байгаа эсэхэд нисэх буудлын ажилтануудын сэтгэл зовниход хүргэсэн ажээ.

Нисэх буудлын холбогдох ажилтны яриагаар зорчигчид уламжлалт хянах хэрэгсэлээр шалгуулах дургүй байдаг, үүнтэй холбоотой хүндрэл цөөнгүй гардаг тухай дурдсан байна. Тэгвэл шинэ сканнераар хянаж шалгах тохиолдолд гутал, бүс, гадуур хувцасаа тайлах шаардлагагүй бөгөөд төхөөрөмжийн бүхээгт зогсох үед цахилгаан соронзон долгион ашиглан хяналт явагддаг байна. Цахилгаан соронзон долгион нь хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй, нэг жилийн хугацаанд 5000 удаа шалгуулсан ч ямар нэгэн аюулгүй хэмээн зохион бүтээгчид батлаж байгаа ажээ. Мөн зорчигчдын биеийн дүрслэлийг хамгаалалтын нэг л ажилтан хянах бөгөөд дүрслэл хадгалагдахгүй, бичлэг хийгдэхгүй, хяналтын дараа шууд устгагдах юм. Энэ төхөөрөмж нь 2004-2008 оны хооронд Heathrow нисэх буудалд мөн адил туршигдаж байжээ.


эх үүсвэр; timesonline

Хуванцар дэлбэлэгч илрүүлэх төxөөрөмж

Японы Тохокү их сургуулийн эрдэмтэд хуванцар материалаар хийгдсэн дэлбэлэгч болон аюул осол бүхий шингэн бодисыг илрүүлэх шинэ төрлийн хянагч сканнер зохион бүтээсэн байна. Уг төхөөрөмж нь хүн болон биетээс ялгарах ердийн миллиметрийн долгионыг ашиглах учир хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд төхөөрөмжийн өмнө нэгээс хоёр секунд зогсох төдийд хувцасны үе давхаргад нуусан металл болон бусад төрлийн дэлбэлэгч зэрэг 2см хүртэлх хэмжээний аливаа хориотой биетийг гурван хэмжээст дүрслэлээр үзүүлэн илрүүлэх чадвартай ажээ.
Одоогоор олон улсын нисэх буудлуудад зөвхөн метал илрүүлэгчийн тусламжтай болон гаалийн ажилтны ажиглалтын хяналт л хийгдэж байгаа юм.

Зохион бүтээгчдийн өгүүлснээр ёсзүйн зарим шалтгааны үүднээс хянагдаж буй хүний биеийн гадна дүрслэлийг бүдгэрүүлэн харуулдаг байна. Уг төхөөрөмжийг зөвхөн нисэх буудалд бус, галт тэрэгний буудал зэрэг хүн олноор цугладаг газрууд, нийтийг хамарсан үйл ажиллагааны үед ашиглах боломжтой бөгөөд Нарита нисэх буудалд суурилуулахаар төлөвлөж байгаа ажээ.


эх үүсвэр; 47news

Жижиг хэмжээтэй цөмийн батерей бүтээгджээ

Батерей нь жижиг хэмжээний мэдрэгчээс авхуулаад том машинууд хүртэл олон төрлийн техник хэрэгсэлд ашиглагддаг. Батерейн хэмжээ том байх тусам машин техникийн овор хэмжээ томорч, жин ихтэй болдог учир эрдэмтэд түүнийг жижигрүүлэхийн хамт урьдынхаас илүү их хүч чадалтай болгох арга замыг эрж хайсаар байгаа билээ. Мөн тоног төхөөрөмжийг эрчим хүчээр тогтвортой хангахын тулд энергийн өндөр нягтрал бүхий батерей бий болгох шаардлага гарч ирсэн.

Цацраг идэвхт изотопийн зардалаар энерги ялгаруулах цөмийн батерей нь одоогоор сансрын болон цэргийн зориулалттай тоног төхөөрөмжид ашиглагддаг юм байна. Эдгээр батерей нь том овор хэмжээтэй бөгөөд түүнд ашиглагддаг хатуу хагас дамжуулагчид нь удаан хугацаагаар ажиллуулах тохиолдолд цацраг идэвхт бодисоос ялгарах их хэмжээний энергийн нөлөөгөөр эвдрэлд хүрдэг байна.

Тэгвэл Missouri их сургуулийн эрдэмтэд зоосон мөнгөний хэмжээтэй адил жижиг оврын цөмийн батерей зохион бүтээсэн байна. Энэ батерейг 1 сая удаа цэнэглэх бөгөөд маш удаан хугацаагаар буюу 100 болон түүнээс олон жил ашиглах боломжтой нь хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татаж байгаа юм. Энэ батерейд шингэн хагас дамжуулагч ашигласнаар овор хэмжээг багасгах, ашиглах хугацааг уртасгах боломж бүрдүүлсэн байна.

Цацраг идэвхт бодисыг маш хортой, аюултай гэж ойлгох хүн олон байдаг. Гэвч цөмийн батерей нь зүрхний электрон төхөөрөмж, хиймэл дагуул болон, усан доорх төхөөрөмж гэх мэт олон төрлийн техникт аль хэдийн ашиглагдаж, эрчим хүчээр аюулгүйгээр хангаж байгаа тухай жишээг судлаачид дурдсан байна. Иймд энэ төрлийн батерейг ердийн хэрэглээнд ашиглах боломжтой ажээ. Судлаачид уг батерейг микро болон нано цахилгаан-механикийн төхөөрөмжид ашиглах зорилгоор хүний үснээс жижиг хэмжээтэй болгохоор төлөвлөж байгаа ажээ.


эx үүсвэр; bbcnews, technovelgy.com

Нүүрсхүчлийн хийнээс шатахуун гаргаж авна

Агаар дахь нүүрсхүчлийн хийн агууламжыг нэмэгдүүлж байгаа гол эх үүсвэрүүдийн нэг нь хүний үйл ажиллагаатай холбоотой буюу нүүрс, нефть гэх мэт байгалийн гаралтай түлшний шаталтын үр дүн юм. Тэгвэл энэ нүүрсхүчлийн хийг буцааж түлш болон хувиргах буюу сэргээгдэх эрчим хүчний салбарт хувьслын чанартай гэгдэх шинэ технологийг бий болгосон байна.

АНУ-ын "Joule Biotechnologies" корпораци нарны энергийн тусламжтайгаар нүүрсхүчлийн давхар ислийг шингэн био-түлшинд хувиргах технологи боловсруулсан байна. "Helioculture" хэмээн нэрлэгдэх энэ технологи бүхий хувиргагч нь генетикийн аргаар бий болгосон бичил биетүүдийн тусламжтайгаар фотосинтезийн урвал явуулан шатахуун болгон ашиглаж болохуйц нүүрс-устөрөгч буюу этанолыг ялгаруулдаг байна. Одоогоор бичил биетүүд болон технологийн нарийн үйл ажиллагааны тухай хараахан нийтэд мэдээлэгдээгүй байна.

Энэ технологи нь нарны эрчим хүч болон био-түлшний технологитой харьцуулахад олон давуу талтай юм. Ургамлын гаралтай био-түлшний адил их хэмжээний тарилангийн талбай болон хөдөө аж ахуйн нүсэр үйл ажиллагаа шаардлагагүй бөгөөд нэг жилийн хугацаанд 4 га талбайгаас 60 мянган литр био-түлш үйлдвэрлэх боломжтой ажээ. "Helioculture" технологиор үйлдвэрлэсэн түлшний энергийн агууламж нь нарны энергийн төхөөрөмжөөс илүү бөгөөд энергийг бараг алдагдалгүйгээр дамжуулж тээвэрлэх боломжтой юм. Мөн үйлдвэрлэлийн нийт өрт
өг нь нүүрс, нефть гэх мэт уламжлалт түлшний бүтээгдэхүүнтэй ойролцоо байх ажээ.

Joule Biotechnologies корпораци уг технологийг лабораторын хэмжээнд бүрэн туршиж дууссан бөгөөд туршилтын цахилгаан станц байгуулах ажлыг эхлүүлсэн байна. Хэрэв энэ ажил амжилттай болвол 2010 оноос этанолын үйлдвэрлэлийг, 2011 оноос нийтийн хэрэгцээнд зориулагдах түлшний үйлдвэрлэлийг тус тус эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.