Хуванцар дэлбэлэгч илрүүлэх төxөөрөмж

Японы Тохокү их сургуулийн эрдэмтэд хуванцар материалаар хийгдсэн дэлбэлэгч болон аюул осол бүхий шингэн бодисыг илрүүлэх шинэ төрлийн хянагч сканнер зохион бүтээсэн байна. Уг төхөөрөмж нь хүн болон биетээс ялгарах ердийн миллиметрийн долгионыг ашиглах учир хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд төхөөрөмжийн өмнө нэгээс хоёр секунд зогсох төдийд хувцасны үе давхаргад нуусан металл болон бусад төрлийн дэлбэлэгч зэрэг 2см хүртэлх хэмжээний аливаа хориотой биетийг гурван хэмжээст дүрслэлээр үзүүлэн илрүүлэх чадвартай ажээ.
Одоогоор олон улсын нисэх буудлуудад зөвхөн метал илрүүлэгчийн тусламжтай болон гаалийн ажилтны ажиглалтын хяналт л хийгдэж байгаа юм.

Зохион бүтээгчдийн өгүүлснээр ёсзүйн зарим шалтгааны үүднээс хянагдаж буй хүний биеийн гадна дүрслэлийг бүдгэрүүлэн харуулдаг байна. Уг төхөөрөмжийг зөвхөн нисэх буудалд бус, галт тэрэгний буудал зэрэг хүн олноор цугладаг газрууд, нийтийг хамарсан үйл ажиллагааны үед ашиглах боломжтой бөгөөд Нарита нисэх буудалд суурилуулахаар төлөвлөж байгаа ажээ.


эх үүсвэр; 47news

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх