Showing posts with label Зугаа. Show all posts
Showing posts with label Зугаа. Show all posts

Солигдож буй зургууд - харааны хуурмаг үзэгдэл

Хүний мэдрэхүйн эрхтнүүдийн хүлээж авч буй мэдээллүүд бодит байдлаас гажиж хуурмаг мэдрэмж үүсгэх тохиолдол амьдралд цөөнгүй гардаг. Тухайлбал харааны мэдрэмж ихэвчлэн харж байгаа зүйлийн аль нэг хэсэгт (цэгт) төвлөрөх учир эргэн тойрны гэрлийн мэдээллийг орон зайн хэлбэрээр нэгэн зэрэг, бүрэн хүлээж авч чаддаггүй. Харааны фокус төвлөрөөгүй ийм хэсгүүдэд харааны хуурмаг мэдрэмж үүсэх тохиолдол элбэг байдаг.

Queensland их сургуулийн судлаачид хүний харааны хуурмаг мэдрэмжийн нэгэн сонирхолтой жишээг илрүүлсэн байна. Бичлэгт үзүүлсэн солигдож буй зургуудын дунд байрлах хэрээс дээр анхраарлаа төвлөрүүлэн харвал хэдэн секундын дараа нэр алдартай хүмүүсийн аймшигтай гэмээр гажсан дүрсүүдийг харах болно.

"Хэрэв тухайн хүний нүүрний аль нэг хэсэг харьцангуй том хэмжээтэй бол дүрсний гажилтын хэмжээ бусдаасаа илүү их байна" хэмээн ажиглалтын үр дүнг нэгтгэж Perceptions сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлд дурджээ. Тодруулбал өргөн духтай хүний дух хэт өргөн болж харагддаг байна. Харин уг хуурмаг үзэгдлийн нууцыг ажиглалт хийсэн судлаачид хараахан тайлж чадаагүй байна.




эх сурвалж, mailonline

Hugvie - зүрхний цохилт дамжуулах харилцааны хэрэгсэл

ATR компани хүн дүрст дэр хэлбэрийн харилцааны робот Hugvie-г танилцуулсан байна. Hugvie-ийн толгой хэсэгт гар утас байрлуулж, түүгээр ярих үед харилцан ярилцагчийг илүү ойр дотно мэдрэх боломжтой юм. Роботын их биед суурилагдсан микрофон болон хос вибраторын тусламжтайгаар ярилцаж байгаа хүний дуу хоолойны онцлогоос хамааруулан зүрхний цохилттой төстэй чичиргээг үүсгэдэг байна. Өөрөөр хэлбэл хоолойны өнгө болон дууны чанга сулаас хамааран харилцагчийн "зүрхний цохилт" хурдасч, удааширч байгааг "тэвэрч" мэдрэх боломжтой юм.

Урьд нь бүтээгдэж байсан адил төрлийн теленойд роботыг ганц бие өндөр настангууд ихэвчлэн тэвэрч ярилцах хэлбэрээр ашиглаж байжээ. Теленойд төрлийн ийм роботуудыг бусад олон янзын үйлдэл хийх чадвартайгаар бүтээх боломжтой боловч энэ удаад гар утасны харилцан яриа, хүний биетэй төстэй зөөлөн биетэд тулгуурласан хамгийн энгийн хэлбэрийг сонгож авсан байна.

4,935 иений үнэтэйгээр худалдаалагдаж эхлээд байгаа Hugvie-г өндөр настангууд, хүүхдүүд, мөн хосууд, эцэг эхчүүд хүүхдүүтэйгээ хамтран ашиглахад тохиромжтой юм. Зохион бүтээгч Осака их сургуулийн профессор Ишикүро цаашид уг роботыг араг ястайгаар бүтээхээр төлөвлөж байна. Мөн илүү олон вибратор болон бусад мэдрэгчүүдийг суулгаж роботыг хүчтэй тэврэх үед түүний хөдөлгөөн харилцан ярилцагчийн роботод дамжиж бодит хүнийг тэвэрч байгаа мэт мэдрэмжийг үүсгэхийг зорьж байна.

Дашрамд дурдахад уг роботыг ашиглах хэлбэр, зориулалт өмнө мэдээлж байсан үнсэлтийг дууриах хүртэх мэдрэхүйн харилцааны төхөөрөмж болон мэдрэхүйг дамжуулах роботтой төстэй санагдана. Эдгээр робот төхөөрөмжүүд нь хүнтэй адил олон төрлийн мэдрэх чадвар бүхий робот, эсвэл робот аватарыг бүтээх замын эхлэл ч байж магадгүй юм.






эх сурвалж, diginfo

Дижитал телевизорын шинэ боломжууд

Манай улс 2014 оны 7 дугаар сарын 31-нд телевизийн тоон буюу дижитал системд шилжихээр төлөвлөөд байгаа билээ. Харин бид нэвтрүүлгийн дүрс болон дууны чанар эрс сайжирна гэдгээс бусдаар шинэ системийн ач холбогдлын талаар хангалттай мэдээлэлгүй байна. Тоон систем нь дуу, дүрсний мэдээллийг илүү өндөр чанартайгаар дамжуулах боломж бүрдүүлдэг боловч түүнийг хүлээн авч буй дижитал технологи бүхий телевизорууд ч мөн адил олон төрлийн дэвшилтэт боломжуудыг агуулах болжээ.

Энэ талаар Япон улсад худалдаалагдаж буй сүүлийн үеийн дижитал телевизоруудад нэвтрээд байгаа шинэ технологиудад тулгуурлан танилцуулья. Тус улс өнгөрөгч оны 7 сараас телевизийн нэвтрүүлгийн аналог дамжуулалтыг зогсоож дижитал системд бүрэн шилжээд байна. Мөн 2003 оноос тоон технологи бүхий телевизийн нэвтрүүлгүүдийг 3 том хотод анх дамжуулж эхэлсэн бол өнөөдөр сансарын хиймэл дагуулаас BS (Broadcasting Satellite) болон CS (communications satellite) хэмээх 2 төрлийн, газрын 1 төрлийн дижитал дамжуулалтыг тус тус орон даяар хийж байна.

Дижитал дамжуулалтаар телевизийн нэвтрүүлгээс гадна текст болон зурган мэдээллүүдийг дамжуулах боломжтой. Үүнд тухайн сувгийн нэвтрүүлгүүдийн жагсаалт, орон нутгийн болон дэлхийн мэдээ, цаг агаарын мэдээлэл, нэвтрүүлгийн тухай дэлгэрэнгүй тайлбар зэргийг дамжуулж байна. Мөн зурагтны удирдлагын зориулалтын товчлуурын тусламжтайгаар шууд нэвтрүүлгийн үед санал асуулгад хариулах зэргээр нэвтрүүлэгт зарим хэлбэрээр оролцох боломжтой болжээ.

Дижитал телевизорын үндсэн шинж чанар нь HD буюу 1,280×720 пикселээс дээш үзүүлэлт бүхий телевизийн нэвтрүүлэг, видео бичлэгийг үзэх боломжоор тодорхойлогдоно. Үүнээс гадна нэгэнт тоон технологийг дэмжих учир USB, HDMI холболт болон SD зэрэг картуудыг шууд холбох замаар фото зураг үзэх, дуу сонсох боломжтой болсон. Мөн LAN холболтоор интернетэд холбогдож, онлайн (ondemand), кабелийн телевизийн сувгууд болон бусад төрлийн үйлчилгээнүүдийг нэмэлт төхөөрөмжгүйгээр хүлээн авах боломжийг бараг бүх төрлийн дижитал телевизорууд хангаж байна. Дэлгэц дээр 1-ээс 8 хүртэлх тооны сувгийг нэгэн зэрэг харуулах, тэдгээрийн хооронд чөлөөтэй шилжиж сонголт хийх боломжтой болов.

Дижитал дамжуулалтыг үр ашигтай хийх зорилгоор өнгөний мэдээллийг 4 дахин нягтруулдаг учир дүрсний чанар алдагдах тохиолдол байдаг. Тэгвэл сүүлийн үеийн телевизорууд процессорын тусламжтайгаар дүрсний мэдээлэлд боловсруулалт хийж өнгөний чанарыг үндсэн хэмжээнд хүртэл сэргээх боломжтой болсон байна. Мөн Тошибагийн Regzа зэрэг загварууд фрейм буюу дүрсний тухайн, өмнөх, дараагийн кадруудыг нэгтгэсэн боловсруулалт хийх замаар дижитал төхөөрөмжүүдэд үүсэх нойзийг арилгаж дүрсний дээд зэргийн чанарыг бий болгож байна.

Нэвтрүүлгийн дундуур зар сурталчилгаа явах, өөр төрлийн нэвтрүүлэг эхлэх зэрэг тохиолдлуудад дууны өнгө буюу чанга, сулын хэмжээ өөрчлөгдөх нь телевиз үзэгчдэд төвөгтэй санагддаг. Тэгвэл Шаарпын Aquos загварын "CM auto volume" технологи нэвтрүүлгээс сурталчилгаанд шилжих үед телевизорын дууг автоматаар багасгана. Харин Тошибагийн "Auto volume" технологи сурталчилгаанаас гадна, суваг солих зэргээр дууны хэмжээ өөрчлөгдөх бүхий л нөхцөлд дууг нэг түвшинд барих боломжийг олгож байна.

Эдгээр нь зөвхөн телевизийн нэвтрүүлгээр зогсохгүй blu-ray зэрэг тоглуулагчаас хүлээн авах видеонд ч мөн адил хамаарна. Үүнээс гадна нэвтрүүлгийн төрөл, хэлбэрт тохирсон онцлог бүхий дуу авиаг автоматаар гаргах боломжтой болжээ. Хэрэв спортын тэмцээн үзэж байгаа бол цэнгэлдэх хүрээлэнд байгаа үзэгчдийн сэтгэл хөдлөлийг дотор нь орсон мэт мэдрэх дуу авиаг сонсгох болно. Харин сонгодог хөгжмийн концерт үзэж байгаа бол хөгжмийн зэмсгийн нарийн дуу авиа болон хөгжимчний ур чадварыг мэдрүүлнэ.

Дижитал телевизоруудын өөр нэгэн шинэ боломж нэвтрүүлгийн бичлэг хийхэд чиглэж байна. Үүнд уламжлалт видео, DVD, blu-ray бичигч төхөөрөмжөөс гадна суурин болон зөөврийн хатуу дискэнд бичих, мөн дотроо хатуу диск болон blu-ray бичигч агуулсан загварууд гараад байна. Нэвтрүүлгийн бичлэг нэгэнт дижитал хэлбэрээр хийгдэх учир компьютер, SD карт зэрэгт хуулбарлан гар утас, таблет мэтийн бусад төрлийн төхөөрөмжүүдээр үзэх боломжтой. Төхөөрөмжийн төрлөөс хамааран бичлэгийг HD болон гар утасны форматаар хувиргана.

Зарим загварууд зөвхөн тухайн үзэж байгаа сувгийн нэвтрүүлгийн бичлэг хийдэг бол Тошибагийн загварууд үзэж буй сувгаас гадна өөр 2 сувгийн нэвтрүүлгийг давхар бичиж авах боломжтой болсон. Мөн гэнэтийн зочин ирэх зэргээр нэвтрүүлгээ үргэлжлүүлэн үзэх боломжгүй бол дундаас нь бичлэг хийх, олон анги бүхий цуврал кино, тогтмол цагт хийгддэг нэг төрлийн нэвтрүүлгүүдийг зөвхөн нэг удаагийн сонголтоор автоматаар бичигдэх боломжуудаар хангагджээ.

Үүнээс гадна нэвтрүүлгийн жагсаалтаас сонголт хийж 7 хүртэлх хоногийн дараах төлөвлөгдөж буй нэвтрүүлгээс захиалан бичлэг хийх боломжтой болов. Хэрэв телевизор нь интернетед холбогдсон бол гар утас болон компьютерээс бичлэгийн захиалга хийж болох загварууд ч бий болсон байна. Захиалсан бичлэгүүд таныг гэртээ байхгүй үед, тэр ч байтугай зурагтаа унтраасан байсан ч автоматаар хийгдэх болно. Бичлэг хийх болон түүнийг дахин үзэх үед сурталчилгааг алгасах, бичлэгийг гүйлгэх, ухраах, зогсоох үйлдлүүд ч мэдээж бүрэн боломжтой.

Зарим загварууд ердийн горимд 2 Тб хэмжээний хатуу дискэнд 117 (24Mbps) цагийн бичлэг хийх боломжтой бол зарим нь урт хугацааны горимд 4 дахин их буюу 711 (6Mbps) цагийн бичлэг хийх боломжтой болсон. Мөн загвараас хамаараад 4 - 8 хатуу дискийг нэгэн зэрэг холбох боломжтой нь гэр бүлийн гишүүн бүр өөрийн гэсэн хатуу диск эзэмшиж өөрийн дуртай нэвтрүүлгийн бичлэгийг
 дискний зай булаацалдалгүйгээр хийх боломжийг олгож байна.

Дараагийн нэгэн боломж нь DLNA стандартад тулгуурлаж байна. Хэрэв гэртээ ийм сүлжээтэй бол аль ч өрөөнийхөө зурагтаар компьютерт, гар утсанд эсвэл хатуу диск тоглуулагчид хадгалагдаж байгаа нэвтрүүлэг, кино, видео, дуу, фото зургийг үзэж болно. Мөн ухаалаг утас, таблетээс зурагтаа удирдахаас авахуулаад нэвтрүүлгийн бичлэг хийх зэрэг үйлдлүүдийг хийж болно. Тэр ч байтугай компьютерээсээ телевизороо удирдах, эсрэгээр телевизороос компьютерээ удирдсан ч болно.

Мөн ихэнх телевизор үйлдвэрлэгч нар ухаалаг утас, blu-ray тоглуулагч зэрэг бусад төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж байгаа билээ. Эдгээрийг тухайн загварын телевизоруудтай хамтатган ашиглаж боломжтой. Тошибагийн Regza загварын телевизортой бол адил загварын ухаалаг утас, таблетэд ашиглагддаг апликэшн програмуудыг зурагт дээрээ ч ажиллуулж болно. Мөн Рegza ухаалаг утсаа зурагтныхаа удирдлага болгон ашиглах боломжтой. Хэрэв Панасоникийн blu-ray тоглуулагчтай бол түүн дээрх бичлэгүүдийг аль ч өрөөнд байгаа панасоник зурагтаараа үзэж болно.

Эдгээрээс гадна эрчим хүчний хэмнэлттэй нэлээд хэдэн загварууд гарсан байна. Сонигийн Bravia загварын телевизор ойролцоо нь хүн байгаа эсэхийг мэдрэх бөгөөд холдсон тохиолдолд автоматаар унтарч, эргэж ирэхэд автоматаар асдаг. Тэр ч байтугай хүний нүүр царайг мэдэрч зурагтнаас өөр тийш харах үед дэлгэцийн гэрэлтэлтийг 50% багасгах, өрөөний гэрэлтүүлгийн байдалтай уялдуулан автоматаар тохируулах технологи нэвтрэв.

Гар утас, хатуу диск, SD карт, компьютер зэргийг телевизорт холбож тэдгээрт хадгалагдаж буй дуу, видео, кино, фото зургийг үзэж тоглуулах боломжтой болов. Энэ боломж нь CD, DVD, видео кассет зэрэг овор ихтэй хадгалах төхөөрөмжүүдийн ашиглалтаас зайлсхийх боломж олгож гэр ахуйн орчинд медиа мэдээллүүдтэй харьцах ажиллагааг ихээхэн хөнгөвчилж байна.

Нөгөө талаас гэр ахуйн интертеймент, медиа чиглэлийн бүхий л төрлийн төхөөрөмжүүдийн үүргийг зөвхөн телевизорт төвлөрүүлэхийн эхлэл байж ч магадгүй юм. Мөн сүүлийн үеийн телевизорууд 2D болон 3D тоглоомын хэрэгслүүдтэй зохицож ямар ч асуудалгүйгээр тоглох боломжийг олгож байна. Үүнд PSP зэрэг зөөврийн тоглоом, ухаалаг утасны тоглоомыг ч хүртэл дүрсний сарнилтгүйгээр том дэлгэцээр тоглох боломжтой.

Дашрамд дурдахад эдгээр бүх боломжуудыг ямар нэгэн нэмэлт төлбөр төлөлгүйгээр телевизортойгоо хамт зөвхөн нэг л удаа худалдан авах боломжтой юм. Мөн бичлэгт дурдагдсан телевизорын загварууд зөвхөн Япон улсын дотоодын зах зээлд зориулагдан худалдаалагдаж байгаа учир Монгол зэрэг бусад улсаас захиалж, худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Эдгээр загварууд нь аналог дамжуулалтыг дэмждэггүй, мөн телевизийн системээс авахуулаад технологи, стандартын хувьд таарч тохирохгүй байх магадлал өндөр юм. Энэ удаагийн бичлэг зөвхөн мэдээлэл өгөх зорилготой учир тоон технологийн давуу талыг ойлгоход туслах, цаашид уг технологид шилжих үед телевизорын сонголт хийхэд суурь мэдээлэл болно гэдэгт найдаж байна.


PlayStation Vita

Sony компани PlayStation Vita-г худалдаанд гаргаснаар уламжлалт зөөврийн тоглоомын хэрэгслүүдэд ухаалаг утас болон таблетийн зарим боломжуудыг нэмж ийм төрлийн төхөөрөмжүүдийг түгээмэлжүүлэхийг оролдож байна. Харамсалтай нь иймэрхүү оролдлого элдэв технологийн эв хавгүй цуглуулга болж хэрэглэгчдийн сэтгэлд хүрэхгүй байх тохиолдол цөөнгүй гардаг. Өнгөрөгч сард худалдаанд гаргасан Sony Vita гадна байдлаараа 7 жилийн өмнөх "өвөг эцэг" PlayStation Portable-тэй төстэй болжээ.

Харьцангуй том хэмжээний дэлгэцийн хоёр талаар тоглоомын удирдлагын товчлууруудыг байрлуулсан байна. Гэхдээ ухаалаг утасны зарим боломжийг зээлдэж даралт мэдрэх дэлгэцийг агуулах болжээ. Ийм төрлийн дэлгэцийн давуу тал нь хөлбөмбөг тоглох үед бөмбөг дамжуулах, тулаант тоглоомд цохилт хийх зэрэг зарим төрлийн үйлдлүүдийг хялбар гүйцэтгэх боломж олгож байна.

Мөн хос камер суурилуулагдаж фото зураг авах, бодит болон хийсвэр орчинг хосолсон тоглоом тоглох, найз нартайгаа видео чат хийх боломжтой болсон байна. Үүнээс гадна тоглоомын их биеийн хазайлтыг мэдрэх хөдөлгөөн мэдрэгчийг агуулж байна. Мөн WiFi болон 3G утасгүй сүлжээнд холбогдож интернетээр аялах, апликэшн програм татаж авах боломжтой болжээ. Тэдгээр апликэшнүүд нь Facebook, Twitter-т холбогдож, ойролцоо байрлах Vita тоглоом сонирхогчийг эрж олоход туслана.

Карт хэлбэрийн уламжлалт тоглоомуудаас гадна ухаалаг утасны апликэшнтэй адилаар Vita-д зориулан бүтээсэн тоглоомуудыг интернетээс татаж авч тоглох боломжтой. Үүгээр хэд хэдэн тоглоомыг мемори картад нэгэн зэрэг хадгалж, хүссэн тоглоомоо тоглоомын картгүйгээр тоглох боломжийг бүрдүүлжээ. Үүнд Vita-д зориулан бүтээгдсэн 25 шинэ тоглоомоос гадна 275 PSP тоглоомыг Sony-гоос татаж авах боломжтой.

Хэрэв та ухаалаг утсандаа хэдэн мянган тоглоом суулгаж тоглодог бол түүнтэй харьцуулахад цөөхөн санагдаж магад. Гэхдээ уламжлалт тоглоомын консолын стандартын хувьд хангалттай тоо юм. Тэгээд ч илүү чанартай тоглоомуудыг харьцангуй урт хугацаанд тоглох боломжтой. Харин апликэшний хувьд харьцангуй цөөхөн, одоогоор зөвхөн 20 төрлийнх байна.


SONY PLAYSTATION VITA тоглоом
Давуу тал; Өндөр нягтрал бүхий дэлгэц, дундаж үнэ, хос товчлуурууд, өндөр чанартай тоглоомууд.

Сул тал; Нарийн төвөгтэй, ойлгомжгүй удирдлага, болхидуу интерфейс, цөөхөн апликэшн, зөвхөн нэг төрлийн мемори карт шаарддаг, зөөврийн төхөөрөмжийн хувьд харьцангуй том хэмжээтэй.

Үзүүлэлтүүд; 5 инчийн OLED даралт мэдрэх дэлгэц, хос аналог жойстик удирдлага, ар талын даралт мэдрэгч, урд болон ар талын камерууд

Үнэ; WiFi загвар нь 250 доллар, WiFi болон 3G дэмжих загвар нь 300 доллар.
Веб: us.playstation.com

Vita-д зориулагдсан шилдэг 5 тоглоом
WipeOut 2048
Ирээдүйн дүр төрхийг агуулсан өмнө байгаагүй уралдаант тоглоом, гоёмсог график дүрслэл, хангалттай арвин агуулга, өндөрлөг зам болон хурдны гайхалтай мэдрэмж.


Rayman Origins
Хүүхдүүдээс гадна насанд хүрэгчдийг ч дурлуулах сэтгэл татам 2D орчин. Гэгээлэг, гоемсог график дүрслэл нь Vita-гийн OLED дэлгэцийн төгс чанарыг илтгэнэ.


Ultimate Marvel vs Capcom 3
Хавтгай орон зайд тулалдах Capcom төрлийн тоглоомын сүүлчийн хувилбар.


Uncharted: Golden Abyss
Тулаант болон адал явдалт төрлийн тоглоомын энэ гайхалтай хувилбар PlayStation 3-аас хойш хийгдэж буй эрс өөрчлөлтийг илтгэнэ.


Super Stardust Delta
Сэтгэл догдлуулсан тоглоомын удирдлага тоглогчийг Vita-гийн орчинд орсон мэт сэтгэгдэл төрүүлнэ.


эх сурвалж; physorg & gizmag

DLNA гэж юу вэ?

Хэрэв та зочны өрөөндөө ямар нэгэн дуу сонсохыг хүсвэл юу хийх ёстой вэ. Эхлээд зөөлөн буйдангаасаа босч ханын шүүгээг онгойлгоод, зэрэгцүүлэн өрсөн олон CD-үүд дундаас хүссэн цомгоо эрж хайх шаардлагатай болно. Зөв цомгоо олсны дараа дуу тоглуулагчдаа байрлуулж тоглуулах товчыг дараад, алсын удирдлагаа авч буцаад буйдан руугаа зүглэнэ. Хэрэв CD буруу хавтасанд байвал, эсвэл дараагийн дууг өөр дуучны цомгоос сонсохыг хүсвэл дээрх үйлдлүүдийг эхнээс нь дахин давтах хэрэгтэй болно.

Яг ийм тохиолдолд таныг буйдангаас нэг ч удаа босголгүйгээр хүссэн дуунуудаа үргэлжлүүлэн сонсоход DLNA стандарт туслана. Зөвхөн дуу хөгжмөөр зогсохгүй видео бичлэг, кино, фото зураг, телевизийн нэвтрүүлэг зэрэг медиа контентүүдийг хүссэн төхөөрөмжүүд дээрээ сонгон үзэж хэрэглэх боломжийг мөн адил олгож байна.

Технологийн дэвшлийн ачаар сүүлийн жилүүдэд гэр ахуйн хүрээнд ашиглагддаг медиа контентүүд CD, DVD, Blu-ray дискний төрлүүдээс гадна хатуу диск болон үүлэн үйлчилгээнд төвлөрөх хандлага ажиглагдаж байна. Үүнд зөөврийн болон суурин хатуу диск, SD зэрэг картууд, тэдгээрийг агуулсан видео камер, фото зургийн аппарат, дуу дүрс тоглуулагч, компьютер, тоглоомын консол зэрэг төхөөрөмжүүд хамаарагдана.

DLNA стандарт нь утастай (LAN) болон утасгүй (WiFi) холболтын тусламжтайгаар эдгээр төхөөрөмжүүдийн хооронд мэдээллийг чөлөөтэй дамжуулах зорилготой юм. Хэрэв та уг стандартыг агуулсан (DLNA certified тэмдэглэгээ бүхий) төхөөрөмжүүдтэй бол жишээ нь ухаалаг утаснаасаа удирдаж компьютерийнхээ хатуу дискэнд хадгалагдаж байгаа видео бичлэгийг зурагтныхаа дэлгэцээр үзэх боломжтой болно.

DLNA буюу Digital Living Network Alliance хэмээх ашгийн бус байгууллага 2003 онд Сони компаний санаачлагаар байгуулагдсанаас хойш 26 үүсгэн байгуулагч, дэмжигчээс гадна дэлхийн 250 гаруй компанийг эгнээндээ нэгтгэж байна. Тус байгууллагын гишүүдэд IBM, Intel, LG, Sony, Hewlett-Packard, Samsung Electronics, Sharp, Sony Electronics, Nokia зэрэг цахилгаан бараа, компьютер, автомашин, хагас дамжуулагч үйлдвэрлэгч, интернет үйлчилгээ үзүүлэгч дэлхийн хэмжээний компаниуд хамрагдаж байгаа юм.

Өнгөрсөн оны 1-р сарын байдлаар ахуйн хэрэглээний 9000 төрлийн электрон төхөөрөмжид DLNA сертификат олгогдоод байгаа бол уг стандартыг дэмждэг төхөөрөмжийн тоо энэ онд 440 саяд хүрэх төлөвтэй байна. Сүүлийн үеийн HD телевизор, ухаалаг утаснаас авахуулаад зөөврийн тоглоомын консолууд хүртэл уг стандартыг дэмждэг ахуйн хэрэглээний олон төрлийн төхөөрөмжүүд үйлдвэрлэгдэн худалдаалагдаж байна.

DLNA төхөөрөмжүүд хэрэглэгч болон сервер гэсэн 2 төрөлд хуваагдана. Сервер нь медиа контентүүдийг хэрэглэгч төхөөрөмжүүдэд түгээх үүрэгтэй. Компьютер, NAS drive, таблет, ухаалаг утас зэрэг нь серверт тооцогддог бол телевизор, компьютер, Blu-ray бичигч, дуу тоглуулагч зэрэг нь хэрэглэгч төхөөрөмжид тооцогдоно. DLNA-ын тусламжтайгаар серверээс контентыг дамжуулахын тулд серверийн програм хангамжыг суулгах шаардлагатай.

Twonky, TVersity, PS3, Media Player, Plex зэрэг компьютерт зориулагдсан серверийн програмууд байдаг бол Media: connect (iOS), UPnPlay (Android), Twonky (Android), Plex (iOS & Android), AirPlayer (iOS) зэрэг ухаалаг утас, таблетүүдэд зориулагдсан апликэшн програмууд байдаг. Мөн серверийн програмын үүрэг бүхий зарим төрлийн апликэшнийг iStore болон Google play-ээс үнэ төлбөргүйгээр татаж авах боломжтой.

Харин NAS drive зэрэг зарим төрлийн төхөөрөмжүүдэд програмыг үйлдвэрлэгчээс суулгаж өгсөн байдаг. Сервер програмыг суулгасны дараа ямар төрлийн контентүүдийг түгээхийг заасан тохируулга хийх шаардлагатай. Хэрэв телевизорт контент түгээх бол эхлээд ямар нэгэн серверийн программ танигдаж байгаа эсэхийг хайлт хийж шалгах хэрэгтэй болно. Хэрэв танигдахгүй байгаа бол өөр төрлийн серверийн програмыг суулгах шаардлагатай болно.

Учир нь үйлдвэрлэгчээс хамаараад телевизорууд зарим төрлийн програмыг дэмждэггүй. DLNA тэмдэглэгээ бүхий ихэнх төрлийн электрон төхөөрөмжүүд уг технологийг дэмждэг боловч зарим хязгаарлалтууд байдаг. Тухайлбал видео контент гэхэд л avi, mpeg2, mpeg4, wmv, DivX мэтийн олон төрлийн формат байдаг боловч телевизорын төрлөөс хамааруулаад заримыг нь дэмжихгүй тохиолдол бий. Мөн 1080p формат бүхий кинонуудыг зарим төрлийн програм болон серверүүд дэмждэггүй.

DLNA стандартыг дэмждэг төхөөрөмжүүдийн жишээ;
Ухаалаг утас
    * Samsung Galaxy Note
    * Samsung Galaxy SII
    * Samsung i9000 Galaxy S
    * Sony Ericssson Xperia Arc
    * HTC Sensation
    * LG Optimus 2X
    * Motorola Defy +
    * Nokia E5
Телевизор
    * BRAVIA™ HD TV (LED & LCD) – HX925 Series
Дижитал медиа тоглуулагч
    * LG Media Station MS400
Тоглоомын консол
    * Sony Playstation CECHH00
Рүүтэр
    * D-link HD Media Router 3000 DIR-857
Сүлжээний холболт бүхий хадгалах төхөөрөмж
    * Seagate BlackAmor NAS 220 2TB
Фото камер
    * Sony Cybershot DSC-G3
Принтер
    * HP Photosmart Premium Fax All-in-One Printer CQ521


 



Өмнөд Солонгост дэлхийн анхны 4D парк байгуулагджээ

Өмнө нь зөвхөн "Minority Report", "Avatar" мэтийн кинонуудад л дүрслэн үзүүлж байсан хийсвэр ертөнцийн технологи бодит байдал боллоо. Өмнөд Солонгосын Коян хотод дэлхийн анхны 4D сэдэвчилсэн парк өнгөрөгч оны 12 сард нээлтээ хийж виртуал бодит байдлын концептийг шинэ түвшинд гаргаж байна. Медиа энтертеймэнт чиглэлийн D'strict компанийн байгуулсан ‘Live Park 4D World Tour’ парк идэвхгүй хэлбэрийн уламжлалт паркийн үе өнгөрснийг илтгэж байна.

Паркад зочилогсод видео, аудио, 3D харилцан үйлчлэлийг нэгтгэсэн 4D технологийн ертөнцөд өөрсдийн аватар дүрслэлийг үүсгэж ер бусын адал явдлуудын гол баатар болон хувирах боломжтой юм. Мөн тоглоомын харилцан үйлчлэлийн элементүүд өөрийн түүхийг бий болгож түүнд өөрийн биеэр оролцох боломжийг олгож байна. 10000 метр квадрат талбай бүхий шинэ паркийг байгуулахад 2 жилийн хугацаа зарцуулж нийт 13 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Мөн 3000 үйлчлүүлэгчийг нэгэн зэрэг хүлээн авч хоногт 10000 хүнд үйлчлэх хүчин чадалтай юм. Тус паркаар үйлчлүүлэгчид тэдний биеийн хөдөлгөөн, нүүр царай, дуу хоолойг таних кинект мэдрэгч болон радио давтамж бүхий бугуйвчийн тусламжтайгаар өөрсдийн аватар дүрслэлийн хамт сэдэвчилсэн 7 үе шат бүхий 65 атракционоор тоглох боломжтой юм. Зарим онцлог атракционуудаас танилцуулбал;

Ender Mirror - Үйлчлүүлэгчид өөрсдийн аватар дүрслэлийг үүсгэнэ.
Live360 - Дэлхийн хамгийн том 360 хэмийн стерео театрын турсламжтайгаар олон янзын төгсөл бүхий адал явдалд өөрийн аватар дүрслэлийн хамтаар оролцоно.
Live Square - Үйлчлүүлэгчид өөрсдийн аватар дүрслэлийн хамтаар 150 м-ийн өргөн проекцийн талбайд төрөл бүрийн тоглоомуудаар тоглоно.
Live Holo - чамин голограф дэлгэцээр солонгосын болон гадаадын алдартай жүжигчдийн хийсвэр дүрслэлийг үүсгэнэ.
Syno Star Performance - Үйлчлүүлэгчийг тэдгээрийн аватар болон голограм дүрслэлийн хамт хийсвэр ертөнцөд оруулна.
Mega Live Event - Парк бүхий л үзүүлбэрийн хамтаар шөнийн энтертеймэнт хэлбэрт шилжинэ.

D’strict компани ийм төрлийн паркийг эхний ээлжинд Хятад болон Сингапурт байгуулж улмаар дэлхий даяар түгээн дэлгэрүүлэхээр төлөвлөж байна. 2000 онд байгуулагдаж 4D бүтээлийн чиглэлээр дэлхийд тэргүүлж байгаа тус компани 3 жилийн дараа азид нээгдэх 1 тэрбум долларын өртөг бүхий олон төрлийн сэдэвчилсэн паркийн цогцолборын сонгон шалгаруулалтад тэнцээд байгаа юм. Өмнөд солонгосчууд мөн дэлхийн анхны робот паркийг байгуулж байгаа тухай өмнө нь тус блогт мэдээлж байсан билээ.









эх сурвалж; prweb & gizmag

Дууг хит болох эсэхийг урьдчилан мэдэж болно

Энэ мэдээ дуу бичлэгийн компаниуд болон шинэ залуу дуучдад тааламжтай сонсогдож магадгүй. Дууг шилдэг дууны жагсаалтын эхний тавд багтах эсэхийг урьдчилан мэдэх боломжтой болсон байна. Бристолийн их сургуулийн хиймэл оюун ухааны салбарын эрдэмтэд хит болох дууг 60%-ын нарийвчлалтайгаар тодорхойлох томъёоллыг боловсруулсан байна. Үүний тулд сүүлийн 50 жилийн 40 хит дуунд програм хангамжийн тусламжтай шинжилгээ хийж амжилт олоход нөлөөлсөн онцлогуудыг эрж хайжээ. Уг томъёололд дууны темп, хугацааны давтамж, үргэлжлэл, чанга сул зэргээс авхуулаад өнгөний хослол, хөг ая зохицол зэрэг онцлог аудио хэмжигдэхүүнүүдийг тооцож үздэг байна.

Хит болох эсэхийг мэдэхийн тулд дууны 23 аудио элементэд шинэ томъёоллоор шинжилгээ хийж үнэлгээ өгдөг байна. Уг үнэлгээгээр дуунуудыг хит болон хит бус гэж ангилж, хит дууны жагсаалтын эхний 5-д орно, эсвэл 30-аас дээш хэзээ ч гарахгүй гэх мэтээр урьдчилан тааварлаж боломжтой болжээ. Эрдэмтэд мөн зарим цаг үеийн хит дуунуудын онцлогийг тодорхойлсон байна. 1980-аад оноос өмнөх үед баллад төрлийн удаан хэмнэлтэй дуунууд жагсаалтад илүү дээгүүр байр эзлэхээс гадна дууг хит болоход бүжгийн хэмнэлтэй эсэх нь нөлөөлдөггүй байжээ.

Харин 1980-аад оноос хойш бүжгийн хэмнэл бүхий дуунууд амжилт олж эхэлсэн байна. Мөн сүүлийн жилүүдэд амжилт олсон дуунууд илүү чанга дуутай болж байгаа, зөвхөн хит дууны жагсаалтын хүрээнд авч үзэхэд эхний байр эзэлсэн дуунууд сүүлийн байр эзэлсэн дуунуудаас чанга дуутай байгааг ажиглаж үүнийг хит дуу болох нэг нөхцөл гэж дүгнэсэн байна. Эрдэмтдийн хэлж байгаагаар шинээр боловсруулсан томъёолол нь 1990-аад оны эхний хагас болон 2000-аад оноос хойших дуунуудад илүү их таарч тохирч байгаа гэжээ.


эх сурвалж; Mailonline

Хийсвэр теннис тоглоом

Happinet компани үл үзэгдэгч өрсөлдөгчтэй тоглох хийсвэр теннис тоглоомыг Tokyo Toy Show 2011 үзэсгэлэнд танилцуулсан байна. Хийсвэр теннис нь зөвхөн цохиураас бүрдэх боловч түүний тусламжтайгаар бөмбөг цохих мэт хөдөлгөөн хийх төдийд өөрөө өөртэйгээ теннис тоглох боломжтой юм. Цохиур (ракет) нь чанга яригч болон хөдөлгөөний мэдрэгчийг агуулж, тоглогч хийсвэр бөмбөгний цохилтын чимээг сонсож түүний хэмнэлийг мэдэрч тоглодог. Мөн цохиурын бариулд байрлах товчлуурыг дарангаа цохих хөдөлгөөн хийвэл илүү хүчтэй цохилт хийнэ. Харин цохилтын дууны хэмнэлийг хамгийн сайн мэдэрч тоглож чадсан хүн ялагч болдог байна.

Тоглоом нь эхлэн суралцагчдад зориулсан "хэмнэл", дунд болон дээд шатныханд зориулсан "тэмцээн" хэмээх 2 хувилбартай юм. Уг тоглоомын үндсэн зарчим нь тасралтгүй тоглож байгаа мэт боловч тоглоомыг үргэлжлүүлэх тусам хийсвэр өрсөлдөгчөө ялах хүсэлд автдаг байна. Мөн гэртээ ганцаараа тоглох боломжтой ч баяр ёслолын үед олон хүн цугласан газарт элдэв хөгжилтэй хөдөлгөөн хийж тоглох замаар баярын уур амьсгалыг өндөрсгөх боломжтой. Кибер теннисийг энэ оны 10-р сараас эхлэн 25 долларын үнэтэйгээр худалдаалахаар төлөвлөж байна.



Дашрамд дурдахад ихэнх дижитал тоглоомуудыг дэлгэц дээрх дүрслэлийг харж, өөрөөр хэлбэл нүдээр харж тоглодог бол энэ тоглоом чихээр сонсож тоглодгоороо онцлог юм. Магадгүй ийм төрлийн анхны тоглоом байж ч болох юм. Иймд харааны бэрхшээлтэй хүмүүс тоглонгоо хөгжилтэйгээр хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд тун ч тохиромжтой тоглоом болжээ.

эх сурвалж; diginfo

Төрсөн өдрийн цуцлагдсан баярт 1500 зочин "оролцов"

Германы Thessa хэмээх 16 настай охин төрсөн өдрийн баяраа хийх гэж байгаа тухай мэдээллийг Фэйсбүүкт байрлуулахдаа зөвхөн ойр дотны болон найз нөхдийн хүрээнд харагдах тохируулгыг санамсаргүйгээр хийлгүй орхижээ. Төрсөн өдрийн тухай мэдээллийг уншсан 15000 хүн оролцоно гэсэн тэмдэглэгээг чагталсаны дараа охины эцэг эх баярыг цуцласан боловч асуудал үүгээр дууссангүй. Цуцлагдсан төрсөн өдрийн баяр эхлэх цаг болоход охины эцэг эхийн шийдвэрийг үл тоогч 1500 зочин баярт оролцохоор гэрийнх нь гадаа цугласан байна. Тэдний зарим нь төрсөн өдрийн бэлэг, бялуу авч ирсэн байхад зарим нь "Thessa хаана байна" гэсэн бичиг бүхий самбар барьсан байжээ.

Эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэн 100 цагдаа зохицуулалт хийхэд хүрч, сэтгэл хөөрсөн зарим оролцогчид цагдаагийн тавьсан шаардлагад, "бид төрсөн өдөр тэмдэглэж байна, тэгээд ч энэ бол гэмт хэрэг биш" гэж хариулж байжээ. Харин гол баатар Thessa өөрийн төрсөн өдрийг өвөө эмээгийнхээ гэрт чимээгүйхэн өнгөрөөсөн боловч энэ нь фэйсбүүкийн мэдээлэлтэй холбоотой анхны тохиолдол биш юм байна. Өнгөрсөн жил 14 настай нэгэн охины төрсөн өдрийн тухай мэдээлэлд оролцох сонголтыг 21000 хүн хийж байжээ. Өнгөрөгч 2-р сард гэхэд л 15 настай охин 50 хүн оролцсон баяр тэмдэглэж гэр орноо бусниулж орхисон тохиолдол гарч байсан байна.





эх сурвалж; dailynews

Хэрэв та сансарт төөрвөл...

Таньд хэзээ нэгэн цагт ойролцоох орчлон ертөнцөөс үйлчилгээ сайтай кафе хайх цаг ирж магадгүй юм. Тэгж яваад төөрчихвөл яах вэ. Ийм тохиолдолд энэ зураг таньд туслана. Энэ бол Сүүн замын энгийн нэг хэсгийн зураг биш, орчлон ертөнцийн хязгааргүй орон зайд бидний оршин байгаа хумхын тоос адил бяцхан ертөнцийн байрлалыг бусад эрхэстэй харьцуулан зааж өгнө. Энд дарж, томруулан үндсэн хэмжээгээр үзэх боломжтой.


эх сурвалж; gizmodo

Кинэкт ба кибер секс

Бараг л худалдаанд гарсан өдрөөс нь эхлэн програм сонирхогчдийн хүрээнд кинэктийн зориулалтыг өөрчилсөн оролдлогууд гарч тухай бүр мэдээлэгдэж байсан билээ. Гэхдээ уг удирдлагын төхөөрөмжийн хэрэглээ зөвхөн тоглож зугаацахаар хязгаарлагдахгүй бололтой. Зарим компаниас 3000 доллар хүртэлх хэмжээний урамшуулал зарласны үр дүнд кинэктэд зориулагдсан нээлттэй эхийн драйвер програмууд хүртэл хэд хэдэн хувилбараар гарч төрөл бүрийн хэлбэрээр чөлөөтэй ашиглах боломж бүрдэж байна.

Зарим төрлийн программ хангамж үйлдвэрлэгч компаниуд ч энэ мэтийн боломжуудыг зүгээр хараад суугаад байсангүй. Насанд хүрэгчдэд зориулсан 3D тоглоом үйлдвэрлэгч thriXXX компани кинэкт удирдлагын тусламжтайгаар урьд нь таны хэзээ ч үзэж, амсаж байгаагүй кибер сексийн боломжуудыг үзүүлж чадна хэмээн амлаж, шинэ тоглоомын демо хувилбарыг танилцуулсан байна. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл нь.

Хэрэглэгчид бүх биеийн хөдөлгөөн, эсвэл зөвхөн гарын дохио зангаа болон дуу хоолойгоор тоглоомыг удирдаж, 2 хүртэлх тооны идэвхтэй тоглогчийг оролцуулан зарим бодит буюу уламжлалт төхөөрөмжүүдтэй хослуулан хэрэглэх боломжтой гэж тус компаний дэд захирал Brad Abram хэлжээ. Ийм төрлийн тоглоом одоогоор програм хөгжүүлэлтийн эхний буюу альфа шатандаа байгаа бөгөөд ирэх оноос thriXXX компанийн бүх төрлийн тоглоомуудад нэвтрүүлэх төлөвтэй байна.




эх сурвалж;  kinecthacks

FIFA 2022-ыг 3D голограмаар дамжуулах уу

2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг өөрийн оронд зохион байгуулахаар өрсөлдөж буй Япон улсын төлөөлөгчид өчигдөр Германы Zurich дэх FIFA-ын төв байранд сүүлчийн танилцуулгаа хийлээ. Шалгаруулалтад оролцож буй орнууд дундаас Япон улс тоглолтод өндөр технологи ашиглан үзэгчдийг гайхашруулахаар төлөвлөж байгаагаараа ялгагдаж байна. Хэрэв шалгарсан тохиолдолд дэлхийн улс орнуудын 400 цэнгэлдэх хүрээлэнд 3D хавтгай дэлгэц байрлуулан түүний тусламжтайгаар тоглолтын явцыг бодит хэмжээ бүхий голограмм дүрслэлээр үзүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь үзэгчдэд хөлбөмбөгийн жинхэнэ амьд тоглолт үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх бөгөөд заавал тоглолт болж буй улс орнуудад зорчин очих шаардлагагүй болгож байгаа юм. Ийм боломжийг хөлбөмбөгийг хортойхон нийт 360 сая үзэгч хүртэх бөгөөд 1994 онд АНУ-д болсон дэлхийн аваргын тэмцээнийг цэнгэлдэх хүрээлнд үзсэн хүний тооноос даруй 100 дахин их үзүүлэлт болох юм.

Үүнээс гадна Япон улсад тоглолтыг шууд үзэх үзэгчдийг гарын алганд багтах хэмжээтэй, 50 хэлний хооронд шууд орчуулга хийх чадвартай автомат орчуулагч төхөөрөмжөөр хангах учир хэлний ямар нэгэн бэрхшээл гарахгүй гэж амлаж байна. Энэ төхөөрөмжийн хүчин чадал зөвхөн орчуулгаар хязгаарлагдахгүй бөгөөд онцлог газруудын байрлалыг зааж, тамирчид болон зарим шаардлагатай хүмүүсийн тухай мэдээллийг харуулах чадвартай байх ажээ. Японы спортын сайд Сүзүки Кан бид тоглолтод эдийн засаг, улс төрийн баталгаа өгөхөөс гадна технологийн баталгаа өгч байна гэжээ. 2022 оны дэлхийн аваргын тоглолтыг зохион байгуулахаар АНУ, Катар, Өмнөд Солонгос, Австрали, Япон улсууд өрсөлдөж байгаа бөгөөд шалгаруулалтын эцсийн хариу маргааш зарлагдах гэж байна. Саяхан буюу 2002 онд тоглолтыг зохион байгуулсан Япон улс дахин шалгарах магадлал бага хэмээгдэж байгаа боловч спортын түүхэнд технологийн дэвшилийг гайхалтайгаар ашиглах цаг тун ч холгүй гэдгийг харуулж байна.




эх сурвалж; physorg

Kinect

Өнгөрөгч 6-р сард Electronic Entertainment Expo 2010 үзэсгэлэнд анх танилцуулагдаж байсан Майкрософтын Xbox 360 тоглоомд зориулсан Kinect удирдлагын төхөөрөмж энэ сарын 4-нөөс эхлэн Америк, Европын болон Австрали зэрэг улсуудаас эхлэн худалдаанд гарч, эхний өдөртөө 450 мянга, эхний арав хоногийн дүнгээр 1 сая ширхэг тус тус худалдаалагдсан байна. Шинэ техник, технологийн тухай сүүлийн үеийн мэдээллүүдэд олон дахин ишлэгдэх болсон Том Крусын Minority Report киноны нэгэн зөгнөлийн биелэл нь Кинэкт гэж хэлж болох юм. Удирдлагын ерөнхий зарчим нь камерын тусламжтайгаар хүний биеийн хөдөлгөөнийг таних чадвартай бөгөөд өмнө мэдээлж байсан дохио зангааны удирдлагатай төстэй боловч зөвхөн гар хуруу бус тоглогч бүхэл биеэр тоглоомыг удирддагаараа онцлогтой юм. Энэ нь нөгөө талаас тоглогч өөрийн биеэр тоглоомонд оролцохоос гадна зөвхөн тоглох зугаацах бус, Wii тоглоомтой адил спорт хийх болон бусад шинэ энтертэймэнт боломжуудыг олгож байна.

Кинэктийг Израйлын PrimeSense компаний хэт ягаан туяны загвараас 3Д дүрслэл бий болгох технологи болон Майкрософтийн программ хангамжийг хослуулан бүтээжээ. RGB буюу улаан, ногоон, хөх өнгө мэдрэх камер, зайн хэмжигч, микрофонуудаар тоноглосон нь биетийн хөдөлгөөнийг 3 хэмжээст орон зайд мэдрэх, хүний нүүр таних, мөн дуу хоолой таних боломжуудыг тус тус бүрдүүлсэн байна. Кинэктэд хэд хэдэн микрофонууд байрлуулсан нь орон зайн өөр өөр хэсгүүдээс ирэх дууны долгионыг хүлээн авч олон тоглогчийн дуу хоолойг таних, мөн орчны дуу шуугианыг ялган таньж бууруулах боломжтой болгожээ.





Зайн мэдрэгч нь нь хэт ягаан туяаны лазерийн гэрэл үүсгэгч, хар цагаан өнгө хүлээн авах CMOS мэдрэгчээс бүрдэх бөгөөд эдгээр нь орчны ямар ч гэрлийн нөхцөлд гурван хэмжээст дүрслэл үүсгэх, тоглогчийн хүрээлэн байгаа орчны (өрөөний дотоод байдал) физик дүрслэлийг таних чадвартай юм. Удирдлагын төхөөрөмжийн бүрдэл хэсгүүд тийм ч их өндөр хүчин чадал, үзүүлэлттэй биш бөгөөд өнгөний камер 8 битийн, зайн мэдрэгч 11 битийн VGA дүрслэл тус тус үүсгэх чадвартай бол гаралтын видео дүрслэл нь дөнгөж 30 Гц (секундэд 30 дүрслэл) давтамжтай байх жишээтэй.

Эдгээр тоноглолууд болон кинэктэд зориулан Майкрософтийнхны хөгжүүлсөн хүний бие болон үе мөчний хөдөлгөөн, нүүр царай болон дуу таних программ хангамжууд нь тоглоомыг биеийн хөдөлгөөнөөр удирдах, тоглогчдын нүүр царай, дуу хоолойг ялган таньж 6 хүртэлх тооны тоглогчдыг нэгэн зэрэг тоглуулах боломжийг олгож байна. Үүнээс гадна хүний биеийн хөдөлгөөнт 20 хэсэг буюу үе мөчний хөдөлгөөний онцлогуудад дүн шинжилгээ хийж 2 голлон тоглогчийг таньдаг байна.

Кинэктийн мэдрэх орон зайн ердийн хэмжээ 1.2-3.5м бөгөөд 0.7-6м хүртэлх нэмэлт зайд мэдрэх чадвартай юм. Өөрөөр хэлбэл энэ зайн хүрээнд тоглогч байрлах шаардлагатай. Удирдлагын төхөөрөмж нь хэвтээ чиглэлд 57 градус, босоо чиглэлд 43 градусын өргөнтэй орон зайг мэдрэх бөгөөд 27 градусаар гэдийх, бөхийх хөдөлгөөн хийдэг. Харин энэ хөдөлгөөнд зориулагдсан хөдөлгүүр нь тодорхой хэмжээний цахилгаан энерги шаарддаг, USB-ээс тэжээх боломжгүй учир нэмэлт цахилгаан залгуур суурилуулсан байна.

Одоогийн байдлаар энэхүү удирдлагыг ашиглахад тохиромжтой 20 орчим тоглоомыг бүтээж худалдаалж эхлээд байна. Зарим нэг онцлог тоглоомыг дурдвал Dance Masters тоглоом нь хип хоп, блюз, поп зэрэг хэд хэдэн төрлийн 30 бүжгийг дууриан бүжиглэж болохоос гадна өөр шинэ хувилбарыг холбогдох сайтаас татаж авах боломжтой байх юм. Мөн спортын олон төрлүүд дундаас сонгон тоглох боломжтой Kinect Sports тоглоомын хувилбарыг ч мөн адил худалдаалж байна. Kinectimals нь виртуаль амьтад бөгөөд тэдгээртэй шууд хөдөлгөөнөөрөө харьцаж, ярьж болдог. Тэдгээр амьтад тодорхой хэмжээгээр хүнтэй харьцах чадвартай бөгөөд таны үг болон үйлдэлд өөрийнхөөрөө хариу үйлдэл үзүүлнэ. Кинект удирдлагын төхөөрөмж 150 долларийн үнэтэй бол тоглоом тус бүр нь дунджаар 50 долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна.

Майкрософтийнхны мэдэгдэж байгаагаар шинэ удирдлагын төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэгчдийн тухай мэдээллийг онолын хувьд цуглуулж авах боломжтой юм. Үүнд хэдэн хүн, ямар өрөөнд, ямар хөдөлгөөн хийж байгааг, баярлаж хөөрч байгаа эсэхийг, мөн тоглогчийн төрх, тоглох болон ярианы онцлог зэрэг мэдээллүүд багтаж болох бөгөөд эргэх холбоо буюу дараа дараачийн тоглоомуудаа илүү сайжруулан, хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэх зорилготой хэмээжээ. Харин хүний хувийн нууцад хамаарах мэдээллийг ямар нэг байдлаар хүлээн авахыг оролдохгүй гэдгийг батлаж байна. Мөн ямар нэгэн бүтээгдэхүүн худалдаалах, зар сурталчилгаа явуулах зэрэг маркетингийн зорилгоор ашиглахгүй гэжээ.


Шинэ техник болгоныг хаакдаж кайф авах дуртай зарим нөхдүүд Кинектийн нууцад мөн адил нэвтэрсэн тухай зарим мэдээллүүд технологийн сайт, блогуудаар гарч эхлээд байна. Дараах бичлэгүүд тоглогч хүмүүс бид Кинэктийн "нүдээр" ямархуу харагдахыг мэдэх боломжийг олгож байна. Эхний бичлэгт нээлттэй эхийн Mac OS X системд кинектийг холбож хүний биеийн хэсгүүд болон хөдөлгөөнийг хэрхэн ялган таньж байгааг, 2 дахь бичлэгт хүн болон өрөөний байдлыг хэрхэн гурван хэмжээст орон зайн дүрслэлд хувирган таньж байгааг харуулжээ.




Ямар ч техник хэрэгсэлийг зөв, аюулгүй ашиглах зааварчилгаа байдаг ч түүнийг хайхраагүй, мөн анхаарал болгоомжгүйгээс осол эндэгдэлд хүрэх тохиолдол цөөнгүй байдаг. Кинект ашиглан тоглох үед мөн адил багахан хэмжээний осол гарч бичлэг нь youtube-д тавигджээ. Өмнө нь Wii тоглоом тоглох үеийн нэгэн тохиолдлын бичлэгийн хүргэж байсан билээ.



эх үүсвэр; freekiller, wiki & etc.

Соронзон шингэний урлаг

Энэ робот зараа юу, Lady Gagа-гийн малгай юу, эсвэл зүгээр л нимбэгний шүүс гаргаж авах шинэ арга уу. Та бид тэр болгон хараад байдаггүй энэхүү гайхалтай дүрслэлийг компьютер график сонирхогчид хялбархан бүтээчих мэт санагдаж болох боловч энэ удаад гарт баригдаж нүдэнд үзэгдэх химийн бодис ашиглаж бүтээжээ. Соронзон орны үйлчлэлээр хэлбэр дүрсээ хувиргах онцлог шинж чанартай ферро соронзон шингэн (ferrofluids) хэмээх бодисыг неодум, ган, борын хольц бүхий материалын үүсгэсэн соронзон оронд байрлуулан элдэв хөдөлгөөнт дүрслэлийг бий болгодог бөгөөд уг бодисыг ашиглан хийсвэр урлагын бүтээлүүд хүртэл хийгддэг байна. Ферро соронзон шингэн нь соронзон шинж чанартай нано бүтцүүдийн холимог бөгөөд хорт хавдарын шинжилгээнд зориулагдах микроскопын хэлбэр дүрсээ өөрчлөх чадвартай линз хэлбэрээр ашиглагддаг ажээ.








Эх үүсвэр; NewSceintist

Санамсаргүй төрсөн 10 шилдэг бүтээл

Манай эриний өмнөх суут сэтгэгчдийн нэг Архимед ваннтай усанд орж байхдаа зөв бус хэлбэртэй биетийн эзлэхүүнийг хэмжих аргыг нээгээд Эврика хэмээн орилон гудамжаар нүцгэн гүйж явсан түүхийг бид бүгд мэднэ. 17-р зуунд Ньютоны толгой дээр алим унаагүй байсан бол ертөнц дахины таталцлын хуулийн томьёлол нээгдэх хүртэл хэдий хугацаа зарцуулагдах байсныг төсөөлөх боломжгүй билээ. Хүн төрөлхтөний түүхэнд эрдэмтдийн алдаа эндэгдэлээс, эсвэл огт санамсаргүй байдлаар иймэрхүү шинэ нээлт, шинэ бүтээлүүд төрсөн тохиолдол цөөнгүй байдаг. Энэ удаад нэлээд сүүлийн үед хамаарагдах санамсаргүй нээгдсэн шинэ бүтээлүүдийг сонирхоцгооё.

10. Богино долгионы зуух
Америкийн шинийг санаачлагч инженер Percy Spencer радиолакацийн антений туршилтад хэрэглэж байсан богино долгион ялгаруулагч үүсгүүрийг гартаа эргэлдүүлэн тоглож суужээ. Гэнэт түүний өмд шажигнан дуугарч сонин мэдрэмж төрөхийг мэдэрсэн байна. Тэр хийж байгаа зүйлээ түр орхиод шалгаж үзэхэд халаасанд нь байсан хэсэг шоколад хайлж эхэлж байсныг мэджээ. Spencer энэ бүхний шалтгаан нь үүсгүүрээс ялгарах богино долгион гэдгийг анзаарч хүнсний бүтээгдэхүүний халаагч зохион бүтээх санаагаа олсоноор богино хугацаанд хөнгөн хэлбэрээр хооллохыг хүсэгчид болон ганц бие хүмүүсийн аврал болсон богино долгионы зуух бий болжээ.


9. Сахарин
1879 оны нэгэн өдөр нүүрсний давирхай ашиглан туршилт хийж байсан Ira Remsen, Constantin Fahlber нар хооллохоор лабораторийн ажилаа түр завсарласан байна. Харин Fahlberg хоолны өмнө гараа угаасангүй. Иймэрхүү хайнга байдал нь олон химичийг түргэн зуур үхэлд хүргэх шалтгаан болдог боловч Fahlberg-ийн хувьд ямар нэгэн муу зүйл тохиолдсонгүй, харин өдрийн хоол нь онцгой чихэрлэг амтай болсоныг анзаарчээ. Шалтгаан нь түүний гарт наалдсан химийн бодисийн нөлөө болохыг ойлгосноор хамгийн анхны хоол амтлагч хиймэл бүтээгдэхүүн төрсөн байна. Энэхүү нээлтийн тухай өгүүлэл дээрх хоёр эрдэмтний нэрээр хэвлэгдсэн боловч өнөөдөр дэлхийн хаанаас ч олж болох ягаан уут бүхий амтлагч зөвхөн Fahlber-ийн нэрээр патентлагджээ. Үүнээс улбаалан Remsen хамтрагчаа нэлээд тааламжгүй үгээр тодоройлон хэлдэг байжээ.


8. Залхуу пүрш (Slinky)
1943 онд усан цэргийн инженер Richard James усан онгоцны мэдрэмтгий төхөөрөмжүүдийг механик гэмтлээс хамгаалахын тулд пүрш ашиглан туршилт хийж байжээ. Тэрээр өөрийн нэгэн туршилтын загварыг санамсаргүй шүргэж унагаахад тэр нь шалан дээр онцгой хэлбэр үүсгэн цовхрон ойж, хурдан хугацаанд анхны хэвэндээ орохыг харсан байна. Үүнээс үндэслэн зохион бүтээгч хүүхдийн тоглоом бүтээх санаагаа олсон нь дэлхий даяар 300 сая ширхэгээр худалдаалагдан, орчин үеийн хамгийн түгээмэл тоглоомуудын нэг болж чаджээ.

7. Баримлын шавар
Баримлын шавар нь анх бохирдсон ханын цаасыг цэвэрлэх зориулалттай бүтээгдэхүүн байжээ. Гэхдээ энэ бүтээгдэхүүн бизнесийн үйл ажиллагаа нь өдөр ирэх тусам уруудан доройтож байсан Kutol Products компанийг санамсаргүй байдлаар дампуурлаас аварсан юм. Нэгэн дунд сургуулийн хүүхдүүд цэвэрлэгээний зориулалттай баримлын шаврыг элдэв хэлбэрт оруулан зул сарын баярын чимэглэл хийж байсан нь үйлдвэрлэгчийг бүтээгдэхүүнийхээ зориулалтыг өөрчлөх санаа өгсөн байна. Тэд бүтээгдэхүүнийхээ найрлагаас цэвэрлэгч бодисийг хасч, өнгө үнэр оруулагч нэмж өгсөнөөр бүх цаг үеийн нэгэн нэр хүндтэй тоглоом төрсөн түүхтэй ажээ.


6. Супер цавуу
1942 онд доктор Harry Coover нэгэн төрлийн наалдамхай бодисын судалгаа хийж байх явцдаа наалдамхай чанарыг хэт ихэсгэснээс цианоакрилат хэмээх бодисийг санамсаргүй гарган авчээ. Уг бодис нь хүрсэн болгондоо наалдаж докторын уур цухлыг хүргэж байсан боловч тэгсгээд мартаж орхисон байна. 6 жилийн дараа онгоцны нисгэгчийн шинэ загварын бүхээгийн туршилт хийж байх үед мөн л нэгэн төрлийн бодис хаа сайгүй наалдаж бүхээгний тунгалаг хуванцар гадаргыг бохирдуулсан байгааг анзаарчээ. Уг бодис нь халаалгүйгээр маш гайхалтай наалдуулж байгааг доктор тухайн үед л анх ажигласан байна. Тэрээр санамсаргүй нээсэн супер цавуундаа 1958 онд патент авсан нь тухайн бодистой анх учирсанаас хойш бүхэл бүтэн 16 жилийн дараах үйл явдал болжээ.


5. Теплон, тос шаардлагагүй хайруулын таваг
Химич Roy Plunket 1932 онд шинэ төрлийн хийн найрлага бий болгохоор туршилт хийж байжээ. Тэрээр хөргөлтийн тасалгаанд орж ирээд туршилтын үр дүнд үүссэн хийгээр дүүрэх ёстой савыг шалгахад хий бус цагаан өнгийн хэдхэн нимгэн ялтас байхыг олж харжээ. Туршилтын үр дүн эрдэмтнийг санаагаар унахад хүргэсэн боловч ялтасууд түүний сонирхолыг татаж химийн шинж чанарыг нь судлаж үзэхэд гайхмаар тослог шинж чанартай бөгөөд хайлах температур өндөртэй бодис болохыг илрүүлжээ. Уг бодисыг анх цэргийн зориулалттай машин механизмын эд ангиудад ашиглаж байсан бол өнөөдөр тос хэрэглээгүй ч хоол хүнсийг түлэгдэлт үүсгэлгүйгээр боловсруулах боломжтой хайруулын таваг үйлдвэрлэхэд ашиглаж байна.


4. Хуванцар
1907 онд шеллак хэмээх резиний төрлийн бодис нь радио телефон аппарат зэрэг эрт үеийн электрон төхөөрөмжүүдийн цахилгаан утасны тусгаарлагч материал хэлбэрээр ашиглагддаг байжээ. Гэхдээ энэ материал нь зүүн өмнөд азийн цох хорхойноос гаргаж авдаг, хэт өндөр өртөгтэй байсан учир Белгийн химич Leo Baekeland илүү хямд материал гарган авахаар шийдсэн байна. Тэрээр туршилтын үр дүнд өндөр температурт ч хэлбэрээ хадгалах чадвартай, хэвлэх аргаар хэлбэржүүлж болохуйц материал гарган авсан нь дэлхийн анхны нийлэг хуванцар байсан бөгөөд Bakelite хэмээн нэрлэгдэх болжээ. Онцлог нь зохион бүтээгч өөрийн бүтээсэн материалын хэрэглээг зөвхөн дуу авиа бичигч төхөөрөмжөөр хязгаарлагдана гэж төсөөлж байсан боловч өнөөдөр гоёл чимэглэл, гэр ахуй, үйлдвэрлэлийн зэрэг маш олон салбарт төрөл бүрийн бүтээгдэхүүн болон өргөнөөр хэрэглэгдэх болжээ.


3. Зүрхний цохилолтыг дэмжих жижиг оврын төхөөрөмж
Америкийн инженер Wilson Greatbatch зүрхний хэвийн бус цохилолтыг хэмжих зориулалттай багаж бүтээхээр ажиллаж байх үедээ төхөөрөмжинд ашиглахаар төлөвлөж байснаас 100 дахин их үзүүлэлт бүхий эсэргүүцэлийг андууран залгаж орхижээ. Гэтэл багажны цахилгаан хэлхээнээс хэдхэн миллисекунд хугацааны давтамж бүхий лугших долгион ялгарч эхэлсэн байна. Greatbatch лугшилтыг тохируулах гүйдлийн тохируулагч нэмж залгаснаар өвчний улмаас доголдсон зүрхний үйл ажиллагааг дэмжих чадвартай жижиг оврын зөөврийн анхны төхөөрөмж бий болсон байна. Тухайн үеийн адил үүрэг зориулалт бүхий төхөөрөмжүүд нь телевизортой адил нүсэр том хэмжээтэйгээс зөөвөрлөн авч явахад туйлын хүндрэлтэй байсан ажээ.


2. Наалддаг тууз
Швейцарын инженер George de Mestral нохойгоо дагуулан анд явах үедээ түүний хувцас, оймс болон нохойных нь үсэнд өвсний ширхэгтүүд наалдаж шигдсэн байхыг анзаарчээ. Тэрээр гэртээ эргэж ирээд өвсийг микроскопоор ажиглахад даавуу болон үс ноосонд жижиг дэгээ хэлбэрийн үзүүрээр гогцоолдон наалдсан байгааг хараад түүнийг дууриасан бүтэцтэй материал гарган авахаар шийдсэн байна. Mestral жилийн турш төрөл бүрийн материалуудаар туршиж үзсэн боловч амжилтад хүрсэнгүй. Харин тухайн үед шинээр нээгдсэн нейлоныг туршсанаар өвсний дэгээтэй адил барьцалдах чадвар бүхий туузыг бий болгож чадсан байна. Хачирхалтай нь тухайн бүтээгдэхүүн НАСА-гийн зохион бүтээгчид сансарын нисгэгчийн хувцасанд ашиглах хүртэл 20 жилийн хугацаанд хэний ч сонирхолыг татсангүй, тэр хэмжээгээр нийтэд түгэн дэлгэрч чадаагүй байжээ.


1. Рентген туяа
1895 онд Германы физикч Wilhelm Roentgen шилэн хоолойноос ялгарах катодын цацрагийг хараар будсан хатуу цаасан дэлгэц дээр тусган ердийн нэгэн туршилт хийж байжээ. Туршилтын явцад цаасан дэлгэцийн өмнө төрөл бүрийн материалыг байрлуулан цацрагийн нэвтрэлтийг ажиглаж байхдаа түүний гарын ясны дүрслэл ханан дээр тусч байхыг анзаарчээ. Тэрээр тухайн цацраг хатуу биетийг төвөггүй нэвтрэн гарч байгааг ойлгосноор орчин үеийн эмнэлгийн практикт өргөнөөр хэрэглэгдэх болсон рентген туяаг нээжээ.



эх үүсвэр; gizmodo

Animator vs Animation III

Alan Becker хэмээх америк залуугийн бүтээсэн Animator vs animation хэмээх хөдөлгөөнт флаш хүүхэлдэйн киноны шинэ анги гарсан байна. Хөдөлгөөнт дүрс болон түүнийг бүтээгч хоёрын хооронд компьютерийн дэлгэц дээр өрнөх үхлийн тулааныг харуулсан энэ богино хэмжээний хөгжилтэй хөдөлгөөнт дүрсийг тэрээр анх 2006 онд 17 настай байхдаа Macromedia flash программ ашиглан 3 сарын сарын хугацаанд бүтээж байсан юм. Өмнөх хоёр ангийн үргэлжлэл болох шинэ Animatior vs animation III ангийг эндээс үзнэ үү.

Animatior vs animation I


Animatior vs animation II

Виртуал үнсэлт

Японы NeuroSky, Double Crane компаниуд хамтран iPad-ийн нэгэн шинэ хэрэглээний програм бүтээснээ өнгөрөгч Tokyo Game Show-д танилцуулсан байна. Энэ програм нь өмнө мэдээлж байсан Mindflex тоглоомтой адил зарчимаар ажиллах бөгөөд толгойд байрлуулах мэдрэгчийн тусламжтайгаар тоглогч анхаарлаа хэр сайн төвлөрүүлж байгаагаас хамааран удирдагддаг юм. Буруу харж зогссон виртуал бүсгүйчүүдээс сонголт хийснээр тоглоом эхлэх бөгөөд 20 секундын хугацаанд анхаарлаа 80%-иас дээш хэмжээгээр төвлөрүүлж чадвал сонгосон бүсгүй эргэж харна.

Үүний дараа хэсэг хугацаанд анхаарлаа суллан тайван байдалд шилжихэд виртуал бүсгүйн үнсэлтийг хүлээн авдаг байна. Хамгийн сүүлийн үеийн шинэ техник технологийн тухай танилцуулдаг японы Фүжи телевизийн Сэрүүлэг нэвтрүүлгийн нэгэн дугаарт виртуал үнсэлт программыг ажиллуулж туршиж байгааг дараах бичлэгээс үзнэ үү. Нэвтрүүлэгт оролцон тоглогч анхаарлаа хангалттай төвлөрүүлж чадаагүй учир тоглоом амжилтгүй болсон бөгөөд төгсгөлд нь хэрэв амжилттай тоглосон бол ямархуу үр дүнд хүргэдгийг харуулж байна.

Youtube-ийн баячууд

Вэб-2 технологи олон хүнд төлөвлөсөн болон санамсаргүй байдлаар багагүй хэмжээний орлого олох боломжийг олгож байгаа билээ. Одоогийн байдлаар youtube сайтад гэхэд л долоо хоног тутамд 60 мянган видео бичлэг ачаалагдаж, нийт бичлэгийн хэмжээ минут тутамд 12 цагаар уртасч байна. Энэ хэмжээгээр олон шинэ "од" төрөн гарч бичлэгүүдийг нь үзсэн тоо хэдэн зуун саяд хүрдэг. Судалгааны TubeMogul компани тус сайтаас өнгөрсөн жил хамгийн их орлого олсон хүмүүсийн жагсаалтыг гаргасан байна. Видео бичлэгүүдийн хамт дижитал сурталчилгааны материалуудыг сая сая хүнд хүргэсний төлбөрт жилийн дүнгээр 100 мянгаас дээш долларын орлого олсон хүмүүс уг жагсаалтын эхний 10-т багтсан байна.

Мөн эдгээр 10 хүний 9 нь хошин шогийн богино хэмжээний зохиомжууд бүтээдэг хүмүүс ажээ. Калифорнийн иргэн 22 настай Shane Dawson богино хэмжээний хошин шогийн тоглолтуудаараа өнгөрөгч 12 сарын хугацаанд 200 мянган долларын орлого олж жагсаалтын эхэнд орсон байна. Ингээд жагсаалтыг сонирхоно уу.

1. Shane Dawson. Хошин шогийн жүжигчин. Орлого; $315,000. Бичлэгийг нь үзсэн тоо; 431,787,450

2.Ядаргаатай амтат жүрж. Орлого; $288,000. Бичлэгийг нь үзсэн тоо; 349,753,047

3. Philip DeFranco, улс төрийн сэдвээр блог бичигч. Орлого; $181,000. Бичлэгийг нь үзсэн тоо; 248,735,032

4. Ryan Higa. Хошин шогийн жүжигчин. Орлого; $151,000. Бичлэгийг нь үзсэн тоо; 206,979,909

5. Lukas Cruikshank, "Уур хилэнгийн менежментийн асуудал" зохиомж бүтээгч. Орлого; $146,000. Бичлэгийг нь үзсэн тоо; 200,656,150

6. Shay Carl. Хошин шогийн зохиомж бүтээгч. Орлого; $140,000. Бичлэгийг нь үзсэн тоо; 192,309,247

7. Mediocre Films. Богино хэмжээний хошигнол бүтээгч. Орлого; $116,000. Бичлэгийг нь үзсэн тоо; 159,030,703

8. Хошин шогийн жүжигчин хос. Орлого; $113,000. Бичлэгийг нь үзсэн тоо; 154,936,876

9. Турк залуу нэрээр чөлөөт болон улс төрийн ярилцлага хийгч. Орлого; $112,000. Бичлэгийг нь үзсэн тоо; 153,807,362

10. Natalie Tran. Хошин шогийн жүжигчин. Орлого; $101,000. Бичлэгийг нь үзсэн тоо; 138,871,829

Сонирхуулахад шүдний эмчид очсоны дараа, мэдээ алдуулах тарианы үйлчлэл гараагүй байхад хийгдсэн David хэмээх хүүгийн хөгжилтэй бичлэг дээрх жагсаалтад ороогүй боловч нийт 150 мянган долларын орлого олсон байна. Харин Чарли миний хурууг хазчихлаа бичлэг 200 сая удаа нээгдсэн боловч дөнгөж хэдхэн арван мянган доллараар үнэлэгджээ. Бас араб, эмэгтэй, зомби гэх мэтчилэн хувилбарууд нь гарсан байна.


эх үүсвэр; mailonline

Бодол санаагаараа "тоглоно"

Та ямар нэгэн биет зүйлийг бодол санаагаараа хөдөлгөх юмсан гэж мөрөөдөж байсан уу? Тэгвэл энэ мөрөөдлийнхөө багахан хэсгийг ч болов биелүүлэх боломжийг нэгэн шинэ тоглоом таньд олгож байна. Бидний мэдэх компьютерийн болон уламжлалт электрон тоглоомуудыг гар хурууныхаа хөдөлгөөнийг ашиглан удирддаг бол энэ шинэ тоглоомыг бодол санаагаараа удирддагаараа онцлогтой ажээ. Тоглоомыг удирдах хэлбэр нь өмнө мэдээлж байсан тэргэнцэр болон сармагчин робот гарыг удирдах судалгаануудтай төстэй юм.

Mindflex хэмээх энэ тоглоомын ажиллагааны зарчим нь үлээгч хошууны тусламжтайгаар бөмбөлгийг тодорхой зайд хөөргөж цагираг болон хоолойд гоол оруулдаг байна. Үүний тулд бөмбөлгийг хэвтээ чиглэлд тойрог хэлбэрээр, мөн босоо чиглэлд дээш доош хөдөлгөх шаардлагатай. Тоглоомын их биед байрлах товчлуурын тусламжтайгаар үлээгч хошууг гараар удирдан тойрог замын дагуу хөдөлгөдөг бол бөмбөлгийн босоо чиглэлийн хөдөлгөөнийг тоглогч өөрийн бодол санаагаараа удирддаг байна. Тоглогч бөмбөлөгт анхаарлаа төвлөрүүлэх үед бөмбөлөг дээш хөөрөх бөгөөд анхаарлаа сарниулах тохиолдолд эсрэгээрээ доошоо чиглэн хөдлөдөг байна.

Тоглогчийн духны хэсэгт мэдрэгч бүхий даруулгыг байрлуулах бөгөөд тэдгээр мэдрэгчүүд нь тархины дохиоллыг хүлээн авч хошуунаас үлээлгэх хийн хэмжээг тохируулах зарчимаар тоглоом удирдагддаг байна. Мэдрэгчүүд нь ямар нэгэн дохиолол ялгаруулах болон илгээдэггүй, зөвхөн тархинаас ялгарах дохиоллыг хүлээн авдаг ажээ. Тоглоомыг амжилттай тоглохын тулд толгойгоо жинхэнэ утгаар нь "ажиллуулах" шаардлагатай бөгөөд бөмбөлгийг илүү хурдан хөөргөхийг хүсвэл нүүрнийхээ ямар нэгэн булчинг хөдөлгөхгүй байх, бөмбөлгийн хөөрч байгааг дүрслэн бодох, бөмбөлгийг бодол санаагаараа өргөж хөөргөж байгаа хэмээн сэтгэх зэрэг нь эерэгээр нөлөөдөг байна.

Харин бөмбөлгийг буулгах үед биеэ суллах, гүн амьсгаа аваx, хэсэгхэн хугацаанд нүдээ аних, унтах тухай бодох зэрэг нь илүү үр дүнтэй гэнэ. Уг тоглоомыг тоглосноор анхаарлаа төвлөрүүлэх чадвараа нэмэгдүүлж, тархиа амраахад сайн нөлөөтэй ажээ. Тоглоомыг нийт 5 төрлөөр, 8-аас дээш насны, 4-8 хүртэл хүн хамтран тоглох боломжтой юм байна. Тус тоглоом нь Tokyo toy show 2010 үзэсгэлэнд танилцуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн оноос америкт, энэ оноос бусад улсуудад, 80 долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна.


Шинээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн болгоныг эвдэж, задлаж, эсвэл янз бүрээр өөрчилөх сонирхолтой гар нь загатнасан хүмүүс цөөнгүй байдаг. Дээрх тоглоомыг мөн адил хэдэн нөхдүүд хаакдаад амжжээ. Энэ удаад мэдрэгч бүхий даруулгыг бугуйвч хэлбэрийн төхөөрөмжтэй холбосон байна. Энэ яг яадаг эд вэ хэмээн сонирхох хүсэл төрж байна уу, тэгвэл өөр дээрээ туршиж үзээд хэрэггүй гэж зөвлөх байна. Учир нь та анхаарлаа төвлөрүүлсэний хариуд тогонд цохиулох болно. Дараах видеог сонирхоно уу.




эх үүсвэр; mindflexgame