Showing posts with label Биологи. Show all posts
Showing posts with label Биологи. Show all posts

"Зүйлийн үүсэл"

Сүүлийн 600 сая жилийн хугацаанд дэлхийн амьдрал гайхалтайгаар хувьсан өөрчлөгдөж, амьтад нарийн нийлмэл эд эрхтэн бүхий бие махбодь, програмчилсан мэт олон төрлийн зан төрхийг олжээ. Энэхүү хувьслын нууцыг тайлж, хүн байгалийн харилцааг цоо шинэ өнцгөөс харсан бүтээл бол 150 жилийн өмнө хэвлэгдсэн Чарльз Дарвины "Зүйлийн үүсэл" юм.


1. Зүйлийн үүсэл, хэрхэн бүтэв.
1809 онд англи эмчийн гэр бүлд төрсөн Чарльз Дарвин сургуульд сурах сонирхолгүй боловч амьтанд дуртай хүүхэд байв. Дарвин гэрийнхээ эзэмшил дэх аварга цэцэрлэгт хүрээлэнгээс шавьж цуглуулж, шувуу ажиглаж өсчээ. Эцгийн хүслийн дагуу эмч болохоор Эдинбургийн их сургуульд элссэн боловч цус харахаас дургуйцэж сургуулиа орхив. Дараа нь шашины номлогч болохоор Кэмбрижийн их сургуульд элссэн боловч байгалийн түүх болон геологийн ухаанд илүү их татагдах болжээ. Их сургуулиа төгсөөд байр сууриа хараахан олоогүй байсан түүнд санаанд оромгүй аз завшаан тохиож, Бийгл усан онгоцоор аялах байгаль судлаач хайж байгаа тухай зартай тааралдав. Ийнхүү өмнөд америкийн эргийн дагуу амьтан болон геологийн судалгаа хийх ажилд томилогдсон 5 жилийн аялалын хугацаанд Дарвин амьтан ургамлын их хэмжээний мэдээлэл цуглуулж, эрдэм шинжилгээний өгүүллүүд хэвлүүлэх болсноор эрдэмтэн болох замналаа эхэлжээ. Бийгл хөлгийн аялалын үед газар хөдлөлт болж, хэдхэн хормын дотор газрын дүр төрх өөчлөгдөхийг ажигласнаар хуурай газрын төрх үргэлж нэг хэвийн байдаггүйг мэджээ. Мөн өмнөд Америкийн Патагониа орчмоос эртний амьтадын олдворыг илрүүлж, устаж мөхсөн амьтад чулуужин үлддэгийг өөрийн нүдээр гэрчлэв. Галакпис арлуудад очихдоо адил төрхтэй боловч биеийн хэмжээ, дуу хоолой зэрэг ялгагдах шинж чанар бүхий амьтадыг ажиглав. Ажиглалт судалгааны явцад "амьтад орчны нөлөөгөөр хувьсан өөрчлөгдөж шинэ зүйл үүсдэг" байж болохыг анзаарав. Хэрэв энэ санаа үнэн бол хүнийг оролцуулаад бүхий л амьтад түүхийн эрт дээр үеийн нэгэн цэгт холбогдох ёстой. Хүн, амьтан бурхны бүтээл хэмээх шашны сургааль ноёлж байсан нийгэмд энэ санаа туйлын их аюул эрсдэлтэй байв.


Бурхны бүтээл бурханаас ангид байдлаар хувирч өөрчлөгдөж учиргүй. Дарвин өөрт төрсөн "тэрслүү" санаагаа хав дарахаар шийджээ. Бийгл хөлгийн аялаас хойш 20 жилийн дараа байгаль судлаач залуу Алфред Волсоос нэгэн захиа ирж, түүний хувь тавиланг өөрчлөх болно. Волс зүйл хувьсан өөрчлөгддөг гэсэн Дарвины адил дүгнэлтэд хүрсэн байв. Тэрээр их хэмжээний мэдээллийг дүгнэж, 50 насандаа "Зүйлийн үүсэл" номоо хэвлүүлжээ. "Зүйлийн үүсэл" хэдхэн өдрийн дотор зарагдаж дуусав. Бурханы төгс бүтээл болох хүнийг доод төрөлт болхи амьтадтай адилтгасан нь христийн шашинтнуудын эсэргүүцлийг тэр хэмжээгээр өдөөжээ. Ердийн нэг механик цагны арын тагийг нээж харцгаая. Хоорондоо гайхалтай нарийн зохицсон өчүүхэн эд ангиуд өөр хоорондоо нэгдэн ажиллаж, цаг хугацааг тодорхой заадаг. Цагийг хэн нэгэн ур чадвартан л бүтээнэ. Өөрөөр хэлбэл хаа нэгтээ оршин байсан байгалийн үнэт чулуунууд санамсаргүй байдлаар хоорондоо мөргөлдөн цаг болон хувирах боломжгүй. Үүнтэй адил гайхалтай эд эрхтнүүдээс бүтсэн төгс ажиллагаатай хүний биеийг яалт ч үгүй зохион бүтээгч буюу бурхан л бүтээнэ. Дарвин шинжлэх ухааны үндэслэлд тулгуурласан өөрийн онолоор хүнийг бурхан бүтээсэн, бурханы бүтээл хувирч өөрчлөгдөхгүй хэмээх тогтсон үзлийг няцаав. Зүйл хувьсан өөрчлөгддөгийн нотлогоо болгон гаргасан эхний жишээ нь хүний оролцоотойгоор бий болгож байсан амьтны үүлдэр байв. Тухайн үед түгээмэл гэрийн тэжээмэл амьтанд тооцогдож байсан тагтааг их хэмжээгээр үржүүлж, олон үүлдэр угсааг гаргасан байв.


Английн зөөгч (english carrier ) тагтаа хамар дээрээ гайхалтай бөмбөлөгтэй, урт хөмсөг, урт хүзүү, том амтайгаараа онцлог. Бахлуур (pouter) тагтааны бие, далавч, хөл нь тун урт боловч том гэдэстэй. Тэгвэл дэвүүр (fantail ) тагтааны сүүлний өдний тоо бусад үүлдрээс хэт олон, 30-40-д хүрнэ. Гэвч эдгээр тагтаанууд модонд үүрээ засдаггүй, модон дээр суудаггүй, шаталсан хадны тавцанд үүрлэх зэрэг нийтлэг шинжийг агуулна. Эдгээрийг хадны тагтаа (rock dove )-ны үр удам гэж үзжээ. Дарвин таамаглалаа шалгахаар цагаан дэвүүр тагтааг тэс өөр үүлдрийн хар барб (barb)-тай эвцэлдүүлэхэд 3 дах үед хадны тагтаа төржээ. Өөрөөр хэлбэл эцэг үүлдрийн тагтаа үр удамд буцан төрсөн байв. Нэгэн төрлийн өвгөөс өөр өөр хэлбэр дүрс, шинж чанар бүхий олон янзын үр удам төрөх боломжтой. Энэхүү туршилт зүйлийн үүслийн тухай түүхийн эхлэл болсон юм. Хүний оролцоотойгоор ийнхүү олон төрлийн үүлдэр угсаа үүсч байгаа бол урт удаан хугацааны явцад байгальд тохиосон ямар нэгэн шалгарлын нөлөөгөөр өөр өөр үүлдэр үүсэх боломжтой. Энэхүү хувьсал өөрчлөлтийн эцэст хоорондоо эвцэлдэхээ больж, цоо шинэ өөр зүйл үүсэх боломжтой. Эсрэгээр одоогийн олон төрлийн амьтад эрт үед нэгэн цэгт холбогдоно хэмээн Дарвин таамаглажээ. Харилцан үржилд орж үр удмаа үлдээх чадвартай амьтадын нэгдлийг зүйл хэмээн тодорхойлов.

2. Хувьсал хэрхэн явагддаг вэ.
Байгальд явагдах хувьслын механизмийг байгалийн шалгарал болон амьд үлдэхийн төлөөх тэмцэл хэмээн Дарвин шинжлэх ухааны үүднээс нотложээ. Тагтааны янз бүрийн үүлдрүүд бий болоход хүний оролцоо чухал байсан. Хүнд ачаа зөөвөрлөхөд зориулагдсан адууны үүлдэр том биетэй, хүчтэй байдаг. Гоёлын цэцэгний сортуудыг хүмүүс олон зууны өмнөөс гаргаж сурсан. Эдгээр жишээнүүдэд хүний оролцоо чухал бол байгалийн нөхцөлд хувьсалд хүргэх нэгэн гол хүчин зүйл нь Дарвины дүгнэснээр амьд үлдэхийн (амьдралын) төлөөх тэмцэл юм. Дарвин амьтадын үржих чадвар өндөр байдгийг анзаарчээ. Хэрэв амьтадын тооны өсөлтийг ямар нэг байдлаар хязгаарлахгүй бол тухайн төрлийн амьтны үр удам дэлхий даяар тархах хэмжээнд өсөн үржих хандлагатай байдаг. Хальт харахад байгаль дэлхийн амьдрал хөгжин цэцэглэж, өвс ургамал, хоол тэжээлээр бялхаж байгаа мэт харагдана. Гэвч бодит байдалд амьтад бүгдэд үл хүрэлцэх хоол тэжээлийн төлөө үргэлжийн өрсөлдөөнд орж байдаг нь ямар нэгэн төрөл зүйлийн хэт их өсөлтийг хязгаарладаг. Энэ нь амьдралын төлөөх тэмцэл юм. Тэгвэл энэ тэмцэл хэрхэн хувьсалд хүргэдэг вэ.

Урт болон богино хүзүүтэй анаашнууд байлаа хэмээн төсөөлье. Урт хүзүүтэй анаашнууд өндөр нам янз бүрийн модны навчийг идэж чадна. Харин богино хүзүүтэй анаашнууд зөвхөн намхан модны навч иднэ. Хэрэв анаашны тоо хэт олширч, хоол тэжээл ховордвол богино хүзүүтэй анаашнууд хамгийн түрүүнд үхэж үрэгдэнэ. Үлдсэн урт хүзүү бүхий анаашны үр удам эцэг эхийн гениэр дамжуулан урт хүзүүтэй төрөх магадлал өндөр. Ийнхүү урт хүзүүтэй анаашны үр удам олон дахин сонгогдож, урт хүзүү хэмээх шинж чанар нь хүчирхэгжинэ. Ийнхүү амьдралын төлөөх тэмцэлд орчиндоо илүү дасан зохицсон зүйлд хувьсана. Нэгэнт шалгаран үлдсэн зүйл илүү хүчирхэг, илүү мундаг харагдана. Зөвхөн түүнийг өмнөх зүйлүүдээс салгаж харвал бурхантай холбох сэтгэгдэл төрж магад. Гэвч олон төрөл зүйл үүсч мөхсөөр орчиндоо хамгийн их дасан зохицсон нь шалгаран үлдэх бөгөөд энэ нь ямар нэгэн зорилготой бус, тохиолдлын чанартай байна.


Хувьслын хөдөлгөгч хүчний нэг нь байгалийн шалгарал юм. "Зүйлийн үүсэл" номд жишээ болгон ятууны өдний өнгө амьдрах орчноосоо хамааран өөр өөр байдгийг дурджээ. Цастай ууланд амьдрах ятууны өвлийн өнгө цагаан, хээр талд амьдардаг бол хар, эсвэл бор байна. Амьдрах орчны газар нутгийн өнгийг дагах нь бүргэд зэрэг анч шувуудаас нуугдахад дөхөм болж, үр төлд нь удамшсан байна. Амьдрахын тулд хоол тэжээлийн төлөө өрсөлдөхөөс гадна өөрөө бусдын хоол болохоос сэргийлэх хэрэгтэй. Ийнхүү өөрчлөлтүүд хаа сайгүй, маш бага хэмжээгээр үргэлж явагдаж байдаг, ашиггүй өөрчлөлтөд орсон амьтан устан үгүй болж, өөрт ашиг тустай байдлаар өөрчлөгдсөн нь шалгаран үлдэнэ. Хувьсал маш олон үе удам дамжиж, урт удаан цаг хугацаа шаардах тул нэгэн амьтанд, нэгэн амьтны амьдралын хугацаанд ажиглах боломжгүй юм. Агуйд амьдрах загасны нүд устах зэргээр хувьслын үр дүнд тун сайн хөгжсөн эрхтэн үгүй болох тохиолдолд бий. Дарвины ажигласан Мадел арлын 55 төрөл бүхий нисдэг шавьжны тал хувь нь хэдийгээр далавчтай боловч нисэх чадваргүй болсон байв. Учир нь тэдний амьдрах орчин болох арлын орчимд салхи ихтэй учир том далавчтай шавьжнууд далайд унаж үхдэг бол жижиг далавчтай нь хаданд зүүгдэн үлддэг байна.

Байгалийн шалгарлаас гадна амьтадын хоорондын нарийн төвөгтэй хэлхээ холбоо Дарвины анхаарлыг татжээ. Байгальд зөвхөн идэгч, идүүлэгч хоёр бус бусад төрлийн амьтан ургамал ч нэгнийхээ хувьсалд нөлөөлдөг. Жишээ болгон хоёр бэлчээрийн ургамлыг харьцуулан судалсан байна. Нэг нь хүний нөлөө огт ороогүй ердийн бэлчээр байв. Тэгвэл нөгөөд нь 25 жилийн өмнөөс улаан нарс тариалж, малд идүүлэхээс сэргийлжээ. Тэнд ердийн бэлчээрт үл ургах ургамал 12 төрөл байв. Тэр нь шавьж улмаар шувуудад нөлөөлж, ердийн бэлчээрт үл байх 6 төрлийн шувуу нутаглах болжээ. Байгалийн олон төрлийн хүчин зүйлүүд нарийн төвөгтэйгээр холбогдсон байдаг тул нэг төрлийн амьтан ургамалд өөрчлөлт ороход ялагч ялагдагчийн байр суурь солигдож, хувьслын чиглэл эрс өөрчлөгдөх тохиолдол бий. 19-р зууны үед Ирландад хамгийн үржил шимтэй нэгэн төрлийн төмсийг их хэмжээгээр тариалах болсон үед төмсний өвчин дэлгэрснээс ургац алдаж, хүн амын тоог 20%-аар бууруулсан өлсгөлөнд хүргэж байв. Амьтан ургамлын хоол тэжээлийн гинжин хэлхээг бид пирамидар төсөөлж ирсэн бол өнөөдөр өөр хоорондоо холбогдсон сүлжээгээр дүрслэх нь зөв болохыг ойлгов.


3. Эргэлзээ
Дарвины суут эрдэмтэн гэдгийг "Зүйлийн үүсэл"-ээс тод харж болно. Учир нь тэрээр орчин үеийн биднийг хүртэл үргэжлэх эргэлзээг 150 жилийн өмнөөс урьдчилан харж, нухацтай судлан үнэмшилтэй тайлбaрласан явдал юм. "Миний онолыг уншсан хүмүүст янз бүрийн эргэлзээ төрөх нь мэдээж. Тэдний дунд өөрийг минь ч итгэл алдуулахад хүргэсэн хэцүү асуулт ч байсан" хэмээн бичжээ. Хувьслын онолын үндсэн 3 эргэлзээний эхнийх нь завсрын төрөл зүйлүүд байсан эсэх нь тодорхойгүй байсан явдал байв. Нэг зүйлээс нөгөө зүйл үүсэхэд аль алиных нь шинж чанарыг агуулсан зүйл тэдгээрийг хооронд нь холбох ёстой. Гэтэл эдгээр зүйлийн олдвор бараг илрээгүй байв. Дарвин эргэлзээг арилгах 2 нотлогоо гаргажээ. Үүнд 1-рт адил төстэй зүйлүүд амьд үлдэхийн төлөө үргэлжийн ширүүн өрсөлдөөнд орж байдаг учир орчиндоо илүү их зохицсон шинэ үе гарч ирэх үед завсрын үе богино хугацаанд устаж үгүй болдог. 2-рт завсрын үеийн бие махбод палентологийн олдвор болон үлдэх боломж хязгаарлагдмал бөгөөд огт үлдэхгүй байх нь ердийн үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл олдвор болон үлдэхэд хэд хэдэн санамсаргүй нөхцөлүүд зэрэгцэн бүрдэх шаардлагатай байдаг. Эхнийх нь үхэж үрэгдсэн амьтны бие махбод усан орчинд байрлаж, арьс болон махан эд үхжиж алга болох ёстой. Дараагийн шатанд хөрсөнд булагдаж, цахиур зэрэг ясны бүтэц эрдэсжиж чулуужих ёстой. Эцэст нь газрын гүний тектоникийн хөдөлгөөний нөлөөгөөр үлдэгдэл агуулагдах давхарга газрын өнгөн хэсэгт ойрхон ирэх ёстой. Эдгээр нөхцөлүүдийн аль нэг нь биелээгүй тохиолдолд үлдэгдэл огт үлдэхгүй, үлдсэн ч олдох боломжгүй байна.


Дарвины энэхүү тайлбар үнэн болохыг нотлосон олдворууд түүнийг нас барсны дараа олджээ. 55-45 сая жилийн өмнө амьдарч байсан гиракотерий (hyracotherium) биеийн хэмжээгээр одоогийн үнэгний адил, урд хөлөндөө тус бүр 4, хойд хөлөндөө тус бүр 3 хуруутай байв. Түүний үр удмын нэг болох, 37-32 сая жилийн өмнө амьдарч байсан мезогиппус (mesohippus)-ын биеийн хэмжээ том оврын нохойны адил, хөл илүү урт, бүх хөлийн хурууны тоо 3 болж, дунд хуруу нь  илүү хүчирхэгжин томорсон байв. Тэгвэл 12-6 сая жилийн өмнө амьдарч байсан плиогиппус (pliohippus) өнөөгийн пони морины адил биетэй, бүх хөл нь ганц хуруутай байжээ. Орчин үеийн адууны өвөг болох эдгээр завсрын үеүүд бүгд харьцангуй богино хугацаанд устсан байв.


Нүд мэтийн хэт нарийн бүтэцтэй эрхтэн хувьслын явцад үүсэх боломжтой эсэх нь өнөөгийн биднийг ч эргэлзүүлдэг. Энэ байдлыг урьдчилан харсан Дарвин хангалттай нотлогоонуудыг сөргүүлэн тавьсан байна. Хүний нүд фото зургийн камер мэт фокус, гэрлийн хэмжээг тааруулан, дүрсийг тод харж чаддаг. Тэгвэл ийм төгс гэмээр нүд үүсэх хүртэл тоолж баршгүй олон шатыг дамжиж, ямар ч шатанд байсан тухайн амьтанд тухайн нүд хамгийн чухал шаардлагатай эрхтэн байсан гэдгийг нотложээ. Эвглена хэмээх бичил биетэнд гэрэл мэдрэгч эрхтэн бий. Тэр нь фотосинтези явуулж, амьдрахад нь маш чухал үүрэгтэй эрхтэн юм. Планариа нэлээд эртний хэлбэрийн нүдтэй. Түүний нүдний ухархайн гадаргад байрлах гэрэл мэдрэх эсүүд гэрлийн ирсэн чиглэлийг тодорхойлж чадна. Тэгвэл наутилиды нэлээд сайн хөгжсөн нүдтэй, ухархайн урд хэсгийн жижиг нүх (pinhole)-ээр дамжсан гэрэл ухархайн гадаргад тусгал үүсгэнэ. Нүдний хувьслын үе шатуудыг өнөө цагт оршин амьдарч буй амьтадаас ч маш тодорхой харж болохыг Дарвин анзаарсан байв.


Нүднээс гадна амьтны үйлдэлээс хувьслын нөлөөг тод харж болдог. Балт зөгийн үүр орчин үеийн техникээр бүтээсэн мэт зөв зургаан өнцөгт (honeycomb structure)-үүдээс бүрдсэн байдаг. Энэ нь зөгий сэтгэж, тооцоолсны үр дүн бус, илүү энгийн хэлбэрүүдээс хувьслын явцад олж авсан төгс хэлбэр юм. Бөөрөнхий хамарт зөгий (bumblebee)-н үүрний хүүдийнүүд тун замбараагүй байрлана. Тэгвэл хатгуургүй зөгий (stingless bee)-н үүр илүү эмх цэгцтэй болсон байна. Гэхдээ балт зөгийн үүртэй харьцуулахад хүүдийнүүдийн хооронд илүү зай гарч, материалын зарцуулалтын хувьд харьцангуй үр ашиг муутай байна. Балт зөгийн 6 өнцөгт үүр хамгийн бага ажил болон материал зарцуулна. Хувьслын явцад ийм хэлбэрийн үүр барьж сурсан зөгий хамгийн бага энерги зарцуулж, үр удмаа илүү ихээр үлдээх боломжтой болно.


3 дахь эргэлзээ нь алс хол газар нутагт адил зүйлүүд амьдарч байгаа явдал юм. Хойд америк европоос далайгаар тусгаарлагдаж, 3000 км алслагдсан боловч адил төрөл зүйлийн амьтан, ургамлууд байдаг. Гэтэл тусгаар эх газруудад ямар нэг байдлаар адил төрөл зүйлүүд очсон байлаа ч хувьслын явцад өөр хоорондоо ялгаатай зүйлүүд үүсэх учиртай. Дарвин нэг эх газарт байх ургамал нөгөөд шилжсэн хэмээн таамаглаж судалгаа хийсэн байна. Тэр 87 зүйлийн ургамлын үрийг 28 өдрийн турш далайн усанд байлгаж туршихад 64 нь үрслэх чадвараа алдаагүй байна. Дарвины тооцоолсноор ургамлын үр энэ хугацаанд далайн урсгалаар дамжин 1500 км зайд шилжих боломжтой байв. Мөн шувууны хоол тэжээлийн хүүдий (crop)-д үр хадгалагдах хугацааг тооцож үзэхэд 800 км зайг туулах хүртэл боловсруулалтад орохгүй байв. Ургамал шувуу болон далайн усанд хөвөх зүйлсийн хамт өөр тивд шилжих боломжтой боловч сүүн тэжээлтэн амьтан далайг туулах боломжгүй мэт. Гэвч мөстлөгийн үед далайн түвшин бага, дээрх тивүүд хуурай газраар холбогдож байсан нь амьтадыг шилжих боломж олгожээ. Мөн Дарвинаас нэлээд хойно тодорхой болсон хуурай газрын хөдөлгөөний онол эх газрууд түүхэн цаг хугацааны явцад нэгдэж, салж байсан нь хувьслын онолын эргэлзээг тайлах нотлогоо болсон юм.

4. Орчин үед
Зүйлийн үүсэл хэвлэгдсэнээс хойш 150 жил өнгөрсөн ч хоцрогдож хуучрах нь байтугай генетик болон бусад шинжлэх ухаантай нарийн холбогдож хүний эрүүл мэнд, нийгэмд ч ач тусаа өгсөөр байна. Хувьслын анагаах ухаан хэмээн шинжлэх ухааны шинэ салбар үүсэн бий болж, өдийг хүртэл өвчинг зөвхөн эмчилж эдгээхийг оролдож ирсэн бол одоо өвчний үүслийг хувьслын түүхийн өнцгөөс судлах болов. Тухайлбал номхон далайн өмнө хэсгийн арлын иргэд нийтээрээ таргалах хандлагатай байдаг. Хувьслын үүднээс судлаж тухайн нутагт эрт дээр үед хүмүүс хүнд хэлбэрийн хоол тэжээлийн дутагдалд тодорхой давтамжтайгаар орж байсан хэмээн төсөөлж болно. Олон удаагийн, урт хугацааны өлсгөлөнгийн үед бага хэмжээний хоол тэжээлээр биеийн энергийг үр ашигтай хангах хэмнэлтийн гени бүхий хүмүүс тэсэн үлдэнэ. Тэгвэл хоол тэжээлийн хангалттай нөхцөл бүхий орчин үед хоол тэжээлийн энергийг бүрэн шингээх чадвар бүхий уг генийн нөлөөгөөр хүмүүс таргалах хандлагатай болжээ. Хэрэв цаашид хэмнэлтийн генийг жолоодох аргыг олвол хүмүүсийг таргалалтаас бүрэн ангижруулах боломжтой болно.

Өнөөгийн экологи судлал, сэтгэц судлалын үндэс хэмээн тооцож болохуйц судалгааг Дарвин анх хийж байв. Дарвин амьтадад дээд доод хэмээх зиндаа үгүй, бүгд адил тэгш хэмээн сэтгэж байв. Гэвч амьдралын төлөөх тэмцэл, байгалийн шалгарал зэрэг санааг нь нийгмийн амьдралд хамааруулж, өөрсдийн эрх ашгийн төлөө гуйвуулан тайлбарлах хүмүүс байсаар байв. Ийм үзэгдлийн оргил нь нацист нийгэм евреичүүдийг хомроголон устгасан явдал байлаа.

 эх сурвалж; NHK

Шинэ "Их мөхөл"-ийн ирмэгт

Дэлхийн амьдралын түүхэнд 5 удаа тохиолдсон төсөөлөхийн аргагүй үйл явдал бол "Их мөхөл" юм. Их мөхлийн үед амьтны олон төрөл зүйл богино хугацаанд устаж мөхөж байв. Өнөөдөр эрдэмтэд 2 томоохон их мөхлийн нууцыг тайлаад байгаа бол зарим нь биднийг шинэ их мөхлийн ирмэгт тулаад байгааг анхааруулж байна. 65 сая жилийн өмнө тэнгэрт ч, газарт, ч далайд ч ноёрхож байсан үлэг гүрвэлүүд нэгэн зэрэг мөхсөн гэдэг. Тэгвэл энэ их мөхлийн нууцыг тайлах түлхүүр Италийн төв хэсгийн Губбио хотоос анх олджээ. 1970-аад оны үед америкийн палентологич Волтер Алверас тус хотын ойролцоох шохойн чулуун давхаргаас чухал олдворуудыг илрүүлсэн байна. Эрт цагт далайн ёроол байсан хад чулуун дундах давхаргын доод хэсэгт фораминифер (foraminifer) хэмээх далайн планктоны үлдэгдэл их хэмжээгээр агуулагдаж байв. Харин түүний дээд талын шавар болон шохойн чулуун давхаргаас ийм төрлийн үлдвэр огт олдоогүй нь тэдгээрийг нэгэн цагт бараг бүрэн мөхсөнийг илтгэжээ.


Судалгаагаар планктоны мөхөл 66 сая жилийн өмнө тохиосон нь тодорхой болж, адил төрлийн олдвор 1500 км алслагдсан Испаниас ч бас олдов. Атлантын далайн эргийн ил гарсан чулуулаг планктон мөхсөний ул мөр бүхий судлыг агуулж байв. "K-Pg судал (K–Pg boundary)" хэмээн нэрлэгдэх болсон энэхүү судал үлэг гүрвэл амьдарч байсан Мезозойн эрин (мөлхөгчдийн) болон Сенозойн (сүүн тэжээлтний ) эринг тусгаарлаж байв. Сүүлд K-Pg судал дэлхийн олон газраас олдож, тухайн үед амьтан ургамлын хоол тэжээлийн гинжин хэлхээний суурь болох планктонг, олон төрөл зүйлийн амьтны хамт устгасан их мөхөл дэлхийг бүрэн хамарч байсныг нотлов. K-Pg судлын нууцыг тайлахаар Алверас өөрийн эцэг, нобелийн шагналт физикч Руй Алеврасаас тусламж хүсчээ.

Луй Алверас дэлхийд тэр болгон олддоггүй иридий K-Pg судалд их хэмжээгээр агуулагдаж байгааг тогтоосон байна. Уг бодис дэлхийн ойр орчимд эргэлдэж буй бага гаригуудын бүтцэд ордог тул 66 сая жилийн өмнө дэлхийг бага гариг мөргөсөн хэмээн таамаглажээ. Тэрээр дэлхийн олон газраас илрүүлсэн K-Pg судлын иридийн агууламжийг хэмжиж, бага гаригийн хэмжээг тооцоолж үзэхэд хэмжээ нь 10 км, жин нь хэдэн их наяд тоннд хүрч байв. Ийм хэмжээний бага гариг дэлхийтэй харьцуулахад өчүүхэн жижиг боловч цагт 80000 км хурдаар дэлхийг мөргөвөл 200 км диаметртэй тогоо үүсгэж, их хэмжээний энерги ялгаруулна. Улайстал халсан хад чулуу сансарын орон зай хүртэл шидэгдэж, их хэмжээжээр дэлхийн хаа сайгүй эргэн унана. Жижиг хэмжээний тоосонцор нарны гэрлийг хэдэн жилийн турш хаах тул дэлхийн амьтан ургамлын ихэнхийг мөхөөнө хэмээн эцэг хүү Алверас таамаглажээ. Гэвч мөргөлдөөнөөс үүссэн тогоо дэлхийн хаанаас ч олдсонгүй.


Тогооноос гадна үнэмшил төрүүлэхүйц нотлогоо нь мөргөлтөөр тархсан чулуулаг юм. Ийм чулуулаг буюу мөргөлдөлтийн ул мөр хэд хэдэн газрын K-Pg судлаас олджээ. Эдгээрийн дундаас зөвхөн хүчтэй дэлбэрэлтийн бүст л илрэх доргисон кварц (shocked quartz) америкийн Тексас мужийн Бразос голоос олдов. Мөн 1980-аад онд палентологич Алан Хилдэрбранд тухайн бүс нутагт үл байх чулуунуудыг илрүүлэв. Эдгээр нь цунамигаар тээвэрлэгдэн ирсэн байх магадлал өндөр юм. Мексикийн булангаас 300 км зай бүхий Бразос голын бүс нутаг 66 сая жилийн өмнө далайн ёроол байжээ. Хилдэрбранд бага гариг мөргөсөн цэгийг мексикийн булан орчимд байгаа хэмээн таамаглаж, нефтийн хайгуулын зургаас далайн ёроол дахь аварга тогоо мэт зүйлийг 1990 онд илрүүлжээ. Тогоог юкатаний хойгийн ойролцоох тосгоны нэрээр Чиксулубын тогоо хэмээн нэрлэв. Ийнхүү бага гаригийн мөргөлдөөний хөдлөшгүй баталгаа болж, хэмжээ нь Луй Алверасын тооцоолсонтой таарав. Гэвч цорын ганц бага гариг хэрхэн их мөхөлд хүргэсэн нь эргэлзээ төрүүлнэ.


Америкийн төв хэсгийн Хэлкрийк хэмээх газрын давхаргад үлэг гүрвэлийн  болон түүний дараагийн үеийн олдворууд их хэмжээгээр агуулагддаг. Эртний амьтан ургамал судлаач Кирк Жонсоны судалгаагаар тус нутагт теранозавр болон бусад 20 гаруй төрлийн үлэг гүрвэл амьдарч байсан бол K-Pg судлын дараах цаг үед бүрэн мөхсөнийг тогтоожээ. K-Pg судлаас дээших давхаргад ямар ч үлэг гүрвэлийн үлдэгдэл олдоогүйгээр барахгүй нийт амьтны 60 хувь устсаныг тогтоосон байна. Бага гаригийн мөргөлдөөний үр дагавар эцэг хүү Алверасын таамагласнаас илүү өргөн байв. Мөргөлдөлтийн цэгээс 1000 км тойрог доторхи амьтад хормын төдийд үхэж үрэгджээ. Улайссан чулуулгууд мөндөр мэт унаж их хэмжээний түймэр үүсгэв. K-Pg судалд агуулагдах тортог түймэр дэлхийг бараг бүрэн бүрхэснийг харуулжээ. Утаа тортог нарны гэрлийг хэдэн жилийн турш хааж, мөргөлдөөнөөс үүссэн хий озоны давхаргыг сүйтгэснээр хорт хэт ягаан туяа дэлхийн гадаргад орж ирэв. Ийнхүү 150 сая жил үргэлжилсэн үлэг гүрвэлийн эрин үе төгсчээ. Америкийн Баррингерийн тогоо мэтийн солир, бага гаригийн мөргөлдөөний ул мөр дэлхийн хаа сайгүй бий боловч тэдгээр нь бусад их мөхөлтэй холбоогүйг тогтоосон байна.

Үлэг гүрвэлийн үеэс өмнөх үеийн 4 их мөхлийн хамгийн их сүйрэл авчирсан нь 250 сая жилийн өмнө тохиожээ. Тухайн үеийн дэлхийн газрын зураг одоогийнхоос өөр, Пангеа хэмээх ганц том эх газраас бүрдэж, хуурай газарт горгонопс, дийктодон хэмээх эхэн үеийн сүүн тэжээлт амьтад, далайд хелиокорпион хэмээх аварга загас хэлбэрийн амьтад тархаж байв. Пермийн галавыг төгсгөсөн уг үйл явдал дэлхийн амьтан ургамлын 90 хувийг мөхөөжээ. Харин уг их мөхлийн ул мөр өмнөд хятадын нутгаас их хэмжээгээр олдож, чулуулаг нүүрстөрөгчийн агууламж өндөр, далайн ус хүчилтөрөгчөөр дутагдаж, хүчиллэг өндөр байсныг тодорхойлсон байна. Мөн галт уулын лаваас үүсч, цаг хугацааны нарийн хэмжилт хийх боломж олгодог цирконыг илрүүлэн их мөхөл 250 сая жилийн өмнө тохиосныг тогтоожээ. Нарийвчилсан судалгаагаар их мөхлийн шалтгаан өнөөгийн сибирийн нутагт галт уулын аварга дэлбэрэлт болж, АНУ-ын газар нутагтай тэнцэх хэмжээний газар нутаг лаваар бүрхэгдсэнээс үүдэлтэй байв. Дэлбэрэлтээр их хэмжээний нүүрстөрөгчийн хий агаарт тархаж, агаар хэмийг нэмэгдүүлжээ. Улмаар далайн урсгал удааширч, усны хүчиллэг чанар нэмэгдэв. Ийм нөхцөлд дун хясаа хэлбэрийн амьтад яс болон хальс үүсгэж чадахгүйд хүрнэ. Далайд ч хуурай газарт ч ихэнх амьтад цаг уурын огцом өөрчлөлтөд дасан зохицож амжилгүй мөхнө.


Одоогоор тодорхой болоод байгаа 2 их мөхлийн шалтгаан хэдийгээр өөр өөр боловч хүрээлэн байгаа орчны өөрчлөлт богино хугацаанд дэлхийг хамарвал амьдралыг зайлшгүй их мөхлийн эрсдэлд оруулдагийг нотлон харуулав. Өнөөгийн дэлхийг сүүн тэжээлтэн ноёрхсон олон төрөл зүйлийн амьдралын алтан үе гэхэд хилсдэхгүй. Дэлхийн түүхэнд тохиолдсон өмнөх 5 удаагийн их мөхөл магадгүй эрт баларын үзэгдэл, эсвэл өөр гаригт тохиосон мэт сонсогдож магадгүй. Гэвч биднийг шинэ их мөхлийн ирмэгт тулаад байгааг зарим эрдэмтэд анхааруулж байна. Энэхүү шинэ их мөхлийн шалтгаан нь хүмүүс бид байна. Хүн өнөөдөр дэлхийг сүйтгэгч болон хувирч нийт хуурай газрын 40%-ийг нэгэнт өөрчилжээ. Бид амьтны төрөл зүйлийг тэтгэх ойг их хэмжээгээр сүйтгэж, бусад бүс нутагт ч амьдрах орон зайг нь үгүй хийсээр байна. 70 жилийн өмнө африкийн талд 400 мянган арслан амьдарч байсан бол өнөөдөр 30 мянга болтлоо цөөрч, амьдрах газар нь тусгаарлагдах болов. Хүн өнөөдөр өмнөх их мөхлүүдтэй дүйцэх хэмжээгээр цаг уурыг өөрчилж, сүүлийн 100 жилийн хугацаанд ялгаруулсан нүүрсхүчлийн хийн сөрөг нөлөө сибирийн аварга дэлбэрэлтээс дутахааргүй хэмжээнд хүрчээ.

Шинэ их мөхлийн шинж тэмдэг цөөнгүй газраас илэрч эхэлж байна. Америкийн Еллоустоун үндэсний хүрээлэн их хэмжээний онгон байгалийг хамарч, 60 гаруй зүйлийн сүүн тэжээлтэн амьтадыг хамгаалж байна. Тэдний нэг саарал баавгайн тоо толгой нэгэн цагт 150 хүрч байсан бол одоо 600 болов. Гэвч дахин хорогдож, мөхөх аюул тулгараад байна. Саарал баавгайн үндсэн тэжээл болох америк царсан ой хатаж, 20-30 жилийн доор устах нөхцөл үүсэв. Цаг уурын дулаарлын нөлөөгөөр холтосны цохны тархалт их хэмжээгээр нэмэгдэж, царсан ойг идэж устгах болов. 21-р зууны төгсгөл гэхэд дэлхийн агаарын дундаж температур 5 хэмээр нэмэгдэх төлөвтэй байгаа нь Пермийн галавын төгсгөлтэй тун адил нөхцөл юм. Дэлхийн цаг уур хэдхэн хэмээр дулаарахад төсөөлөхийн аргагүй нөлөө үзүүлж байна. Калифорнийн эрэг орчим нүүрстөрөгч далайн усанд шингэх явц нэмэгдэж, дун хэлбэрийн амьтадад нөлөөлөх болов. Хойд америкийн эрэг орчимд адил төрлийн зарим амьтад устаж эхлээд байна. 2070-аад он гэхэд далайн ёроолын бүх шүрэн ой устана хэмээн таамаглаж буй. Хэрэв тэгвэл загасны төрөл зүйлийн 25 хувь устаж, загас агнуурын хэмжээ 10%-иар буурна.


Эртний амьтан ургамал судлаач Антони Барновский их мөхлийн үед мөхсөн амьтадыг өнөөгийн устах магадлалтай амьтадтай харьцуулан судлаж байна. Түүний судалгаагаар амьтадын мөхлийн хурд 12 дахин нэмэгджээ. Өнөөдөр сүүн тэжээлтэн амьтадын 1/4, загас болон шавьжны 1/5 мөхлийн ирмэгт тулаад байгаа бөгөөд хэрэв амьтадын мөхөл 20-р зууныхтай адил хурдаар үргэлжилвэл дэлхийн амьтадын 75% нь 200-хан жилийн дотор мөхөж устах ажээ. Хэрэв хүн төрөлхтөн байгаль орчинг сүйтгэсэн хэвээр байвал 6 дахь их мөхөл зайлшгүй зүйл болоод байна. Хэдийгээр өнөөдөр бидний хийж чадах зүйл хязгаарлагдмал байгаа ч шинэ их мөхөл ирэх эсэхийг зөвхөн бид л шийдэж чадах билээ.

эх сурвалж;  "Mass Extinction: Life at the Brink"

Хорт хүнс - хэрэглэх үү, эс хэрэглэх үү

Сүүлийн үед олон улсын болон мэргэжлийн байгууллагуудаас хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүн, тэдгээрийн зохистой хэрэглээний тухай цөөнгүй мэдээллүүд гарах болов. Мөн нийгмийн сүлжээ, интернетээр дамжин үнэн худал нь үл мэдэгдэх элдэв хортой хүнсний тухай мэдээлэл, цуурхал  тархаж, олон хүнд эргэлзээ төрүүлэхэд хүргэж байна. Бидний өдөр тутам хэрэглэж буй хоол хүнс, хүнсний түүхий эдэд эрүүл ахуйн шаардлага, хортон шавьж устгах химийн бодисын хэрэглээ зэрэг асуудал голчлон анхаарал татдаг байсан бол өнөөдөр цоо шинэ аюул эрсдэлүүдийн тухай ярих болов. Үүнд бидний өдөр тутам хэрэглэж буй голлох хүнсний түүхий эдүүд ч хамаарч, зарим төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ, борлуулалт буурч байна.

Хүнсний бүтээгдэхүүний аюул эрсдлийн талаархи бүрэн бус, тодорхойгүй мэдээлэл тархах явдал элбэг байгаа нь хэрэглэгчдэд илүү эмзэг хүлээж авах, болгоомжлол үүсгэхэд хүргэж байна. Тухайлбал махыг өндөр хэмд халаах, утах боловсруулалт хийх үед үүсэх бодис хорт хавдар үүсгэх магадлалыг нэмэгдүүлж байгаа тухай судалгааны дүнд тулгуурлан хиам зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүн бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэх магадлалтай талаар өнгөрөгч оны 11-р сард ДЭМБ-аас мэдээлсэн. Гэвч өдөр тутмын хиаман төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ 14 грамаас их байгаа тохиолдолд эрсдэл үүсгэж байгаа гэсэн судалгааны үр дүн мэдээллүүдэд тэр болгон дурдагдаагүйгээс хэрэглэх хэмжээнээс үл хамааран "хиам л бол хортой" гэсэн ойлголтыг олон хэрэглэгчид төрүүлж байна. Тэгвэл япончуудын дундаж хэрэглээний нөхцөлд эрсдлийн хэмжээ өчүүхэн бага тухай тус улсын хүнсний аюулгүй байдлын байгууллагын дүгнэлт гарчээ.

Мөн эрсдлийн түвшин хооллох соёл, хүнсний голлох түүхий эдийн төрлөөр эрс ялгаатай улс орон бүрт адил байх эсэх нь анхаарал татаж байна. Америкийн Хүнс Эмийн байгууллага (FDA) маргарин төрлийн бүтээгдэхүүнд агуулагдах ханаагүй тосны хүчил (trans-unsaturated fatty acids) зүрхний өвчлөлийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна гэж үзэн, хэрэглээг 3 жилийн дараагаас бүрэн хориглох тухай зарласан билээ. Тус байгууллага хүний өдөр тутмын хоол хүнснээс авах энергийн 1%-иас илүүгүйг ханаагүй тосны хүчлээс авах нь зохимжтой хэмээн тооцжээ. Түргэн хоол болон махан төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ өндөртэй АНУ-д ханаагүй тосны хүчлээс авах энергийн хэмжээ 2.6% байгаа бол японд энэ үзүүлэлт дөнгөж 0.3% байна.

Цагаан будааг өдөр тутам хүнсэндээ хэрэглэх тохиолдолд түүнд агуулагдах хүнцэл (arsenic)-ийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө эрс нэмэгдэнэ хэмээн Шведийн Хүнсний Байгууллага саяхан зарлав. Европын холбоо цагаан будааны хэрэглээний зохистой хэмжээг энэ онд багтаан тогтоохоор төлөвлөж байна. Швед улсын хувьд ази гаралтай цагаач иргэдийн тооны өсөлттэй хамт цагаан будааны хэрэглээ нэмэгдэж, иргэдийн эрүүл мэндэд шинэ эрсдэл үүсгэхээс сэргийлэхэд хүргэжээ. Нөгөө талаас эрсдэлийг Хятад, Бангладеш зэрэг орны ундны усанд агуулагдах хүнцлийн нөлөөлөлд хийсэн судалгаанд тулгуурлан тооцоолсон байна.

Тэгвэл олон зууны туршид цагаан будааг голлон хүнсэндээ хэрэглэсээр ирсэн япончуудын хувьд түүнээс үүдэн хүний эрүүл мэндэд үзүүлсэн сөрөг нөлөөллийн тохиолдол нэг ч удаа бүртгэгдээгүйгээр барахгүй урт наслалтаар дэлхийд тэргүүлэгч орнуудын нэгт тооцогдож байна. Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдэд агуулагдах хорт бодис, тэдгээрийн хоруу чанарын тухай мэдээлэл олноор гарах болсон нь энэ төрлийн эрсдэл огцом нэмэгдсэнээс бус шинжилгээний технологи эрс сайжирч байгаатай холбоотой юм. Үүний нөлөөгөөр хүмүүсийн олон зуун жилийн туршид хэрэглэж ирсэн хүнсний голлох бүтээгдэхүүн "хортой болон хувирч" байна. Үнэн чанартаа зарим төрлийн хүнсний ногоо, байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэмээн бидний ойлгож ахиухан хэрэглэж ирсэн түүхий эдүүд ч тодорхой хэмжээгээр хорт бодисуудыг агуулдаг. Хэрэв хорт бодис, аюул эрсдлийн тухай мэдээлэл бүрийг эмзэглэн хүлээж аваад байвал бидэнд хоол хүнсэндээ итгэж хэрэглэх зүйл олдохгүй болох нь мэдээжийн хэрэг юм.
Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах хорт бодисын эрсдэлийг эрс бууруулахын тулд хоёрхон хүчин зүйлийг анхаарахад хангалттай ажээ. Үүнд тухайн бүтээгдэхүүний хэрэглэх хэмжээ болон агуулагдах бодсын хоруу чанар юм. Эрсдэл үзүүлэх магадлал бүхий бодисын агууламж хэдий бага байлаа ч тухайн бүтээгдэхүүнийг тогтмол буюу их хэмжээгээр хэрэглэх тохиолдолд хүний бие, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл их байна. Нөгөө талаас эрсдэл ихтэй ч хэрэглээ бага тохиолдолд сөрөг нөлөөлөл эрс багасдаг. Ийнхүү хүнсний аливаа бүтээгдэхүүний сөрөг нөлөөллийг багасгах, хэрэглээний тохиромжтой хэмжээг сонгох хамгийн зөв арга нь бүтээгдэхүүний төрлүүдийн харьцааг зөв барих буюу зохистой хооллож хэвших явдал юм.

Нөгөө талаас хоол хүнсээр дамжин хүний эрүүл мэндэд учрах эрсдлүүдийг зөв үнэлж сурах нь чухал юм. Хэрэглэгчдийн хувьд хүнсэнд агуулагдах хорт бодис, хүнсний нэмэлт бодисын агууламж, шавьж устгах зориулалт бүхий химийн бодисын хэрэглээ хамгийн их анхаарал татдаг нь судалгаагаар тогтоогджээ. Гэвч бодит байдалд эдгээрийн нөлөө маш бага бөгөөд эрсдлийн түвшингээр 1-рт хэт их хэмжээний хоол идэж хэвших, 2-рт согтууруулах ундааны хэт их хэрэглээ 3-рт бактери буюу хоолны хордлого тэргүүлж байна. Голландын эрдэмтэдийн хийсэн судалгаагаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд;
1. Хоол, xүнсний зохисгүй хэрэглээ, Xөдөлгөөний дутагдал. 
2. Ханаагүй тосны хүчлийн хэт их хэрэглээ + загас, xүнсний ногооны дутагдал + согтуурлах ундааны хэт их хэрэглээ.
3. Ханаагүй тосны хүчлийн хэт их хэрэглээ, Агаар дахь тоосонцор, Томуу
4. Бактерээс үүдэлтэй хоол боловсруулах эрхтэний үрэвсэл.

Хүнсэнд агуулагдах хорт бодисын тухай мэдээллээс гадна бидний амьдралын хэвшилээс үүдэн хооллох дэгийг өөрчлөх төрөл бүрийн зөвлөмж, аргачлалууд гарч байна. Өвчинг хялбар эдгээх, гоо сайхнаа хадгалах, турах зорилгоор зөвхөн нэг буюу хэдэн төрлийн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх, эсвэл зарим төрлийн хүнсний хэрэглээнээс бүрмөсөн татгалзах зэрэг зөвлөмжүүд нь бодитоор хэрэгжүүлсэн гэгдэх хүмүүсийн жишээг дурдаж, итгэл үнэмшил төрүүлэх тохиолдол олон бий. Гэвч хүмүүсийн бие махбодь, амьдралын дадал, заншлын онцлог, ялгаанаас хамааран заримд нь таарч тохирох мэт санагдах боловч бүх хүнд адил тэгш үйлчилнэ гэх баталгаа үгүй юм.

Япон улсад худалдаалагдаж буй "Нүүрс ус хүн төрөлхтөнг мөхөөнө" хэмээх номын нийт борлуулалтын хэмжээ өнгөрөгч жил 100 мянгын босгыг давсан юм. Уг номын зохиогч, эмч Нацуй Макатоши "эрүүл амьдарч, урт наслахыг хүсвэл нүүрс ус агуулсан хүнсний бүтээгдэхүүнээс бүрмөсөн татгалзах хэрэгтэй" хэмээн зөвлөсөн нь олон мянган япончуудын сонирхлыг татжээ. Нүүрс ус нь хоол хүнсний шим тэжээлийн бодисын үндсэн хэлбэр бөгөөд гурил, гурилан бүтээгдэхүүн, будаа, төмс, лууван зэрэгт их хэмжээгээр агуулагддаг. Нацуйгийн зөвлөж байгаагаар нүүрс ус нь хүний биед сахар болон хувирах бөгөөд хар тамхины адил донтуулдаг. Бие дэх сахрын хэмжээ нэмэгдсээр чихрийн шижин болон бусад өвчний үүсгэвэр болно. Мөн таргалалтын шалтгааныг өөх тосны хэт их хэрэглээ гэж ойлгосоор ирсэн нь эндүүрэл бөгөөд үнэндээ нүүрс усны хэтэрсэн хэрэглээнээс үүдэлтэй гэжээ. Нөгөө талаас Нацуй өөрөө нүүрс ус хэрэглэхээ больсноос хойш хагас жилийн хугацаанд 11 кг турж, нойргүйдэл, цусны даралт ихсэх өвчнөөс бүрэн салсан гэв.

Гэвч нүүрс ус нь тархийг энергиэр хангагч үндсэн бодис болох глюкозыг үйлдвэрлэгч чухал түүхий эд бөгөөд хэрэв хэрэглээг огцом багасгавал тархи цусан хангамжийн дутагдалд орж, ажиллагаа нь эрс сулардаг байна. Хүн өдөр тутам хэрэглэж буй хоол хүнсний нийт илчлэгийн  20% нь зөвхөн тархинд зарцуулагддаг. Нүүрс ус нь мөн бие дэх устай нэгдэн булчинг бүрдүүлэгч гликогенг үүсгэнэ. Харин нүүрс ус бүхий хүнс хэрэглэхгүй тохиолдолд бие махбод булчин дахь гликогенг задлан, тархины тэжээлийн бодис глюкозыг үүсгэнэ. Иймд булчингийн жингийн хамт биеийн жин багасч турсан мэт харагдах боловч биед агуулагдах өөхний хэмжээ харьцангуйгаар нэмэгдэж, нуугдмал таргалалтад хүргэдэг байна. Харин таргалалтын үндсэн шалтгаан нь ихэвчлэн хооллох буруу зуршил, хэт их идэх, хөдөлгөөний дутагдал гэдэг нь тодорхой бөгөөд нүүрс ус бүхий үндсэн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах явдал нь зохисгүй хооллолтын нэг хэлбэр юм.

Харвард болон Индонезийн Үндэсний Их Сургуулийн эрдэмтэд хамтран, 1980-аас 2006 оны хооронд 130 гаруй мянган хүнийг хамруулан хийсэн судалгаа Нацуй болон түүнийхтэй төстэй турах аргачлал үндэслэлгүй болохыг харуулжээ. 20 гаруй жил үргэлжилсэн судалгаагаар нүүрс ус бага хэрэглэдэг эрчүүдийн нас барах эрсдэл ердийн хэрэглээтэй эрчүүдээс 1.5 дахин их байсан бол эмэгтэйчүүдийн хувьд 1.35 дахин илүү байгаа нь тодорхой болсон байна. Нүүрс усны бага хэрэглээ бүхий хүмүүсийн хувьд хорт хавдар болон зүрх судасны өвчлөл онцгой нэмэгдэж, нас баралтын голлох шалтгаан болжээ. Судалгаа хоол тэжээлийн зохистой баланс алдагдах нь хүнд өвчинд нэрвэгдэж, улмаар харьцангуй эрт нас барахад хүргэдгийг нотлов. Хоол хүнсэндээ хэрэглэх нүүрс усны хэмжээг нийт илчлэгийн 50-70 хувь байхаар тооцож, амьтны гаралтай уураг, өөх тос агуулах хүнсний хэрэглээг багасан, ургамлын ширхэгт бүхий хүнсний ногоо, ургамлын гаралтай уураг хэрэглэх нь эрүүл амьдарч, урт наслахад туслана. Харин турах, жингээ барих хамгийн зөв бөгөөд эрүүл арга нь зохистой хоололт, тогтмол дасгал хөдөлгөөн хийж хэвших явдал билээ. Мөн хоол тэжээлийн балансыг эвдэлгүйгээр нийт илчлэгийн хэмжээг бууруулах нь үр дүнтэй арга юм.


 эх сурвалж; NHK болон бусад

Агуу хувиралтын түүх 4; Аварга дэлбэрэлт болон "Их мөхөл"

Өдийгөөс 250 сая жилийн өмнө дэлхийн түүхэн дэх хамгийн аварга дэлбэрэлт болжээ. Энэхүү аварга дэлбэрэлт шим мандлыг огцом өөрчлөхийн хамт дэлхийн амьтан, ургамлын 95 хувийг устгасан "их мөхөл" (mass extinction)-д хүргэв. Харин шинэ агуу хувиралтыг даван гарахаар тэмцсэн амьтад шинэ хувьсалд орж, сүүн тэжээлтний онцлогийг биедээ агуулах болжээ.

Өмнөд Африк музейн доктор Рожер Смит африкийн орнуудаар 20 жилийн турш палентологийн судалгаа хийж буй хүн юм. Тэрээр эрт дээр үеийн хуурай газрын амьтны аймгийн хаан, өнөөгийн арслантай дүйх амьтны хөлийн мөрийг илрүүлжээ. Биеийн урт нь 3 м-т хүрэх хурц соёо бүхий махан тэжээлт Горгонопс (gorgonops) хэдийгээр мөлхөгч боловч үлэг гүрвэл биш байв. Учир нь анхны үлэг гүрвэлүүд түүнийг амьдарч байсан цаг үеэс хойш 20 сая жилийн дараа үүсчээ. Тухайн үеийн өвсөн тэжээлт амьтадын төлөөлөл Дийктодон (diictodon)-ы биеийн урт 50 см бөгөөд өнөөгийн доргоны адил нүхэнд хоргодон амьдарч байв. Эдгээр амьтад мөлхөгчидтэй адил өндөглөн үржих боловч араг яс болон шүд нь сүүн тэжээлтний онцлогийг агуулж байсан тул сүүн тэжээлтэн хэлбэрийн мөлхөгчид гэх болжээ. Сүүн тэжээлтэн хэлбэрийн мөлхөгчид дэлхийн хуурай газрыг хамгийн анх эрхшээсэн амьтад юм. Харин тэдэнтэй зэрэгцэн амьдарч байсан Диапсид (diapsid) хэмээх мөлхөгчид хожим дэлхийг 150 сая жилийн туршид эрхшээнэ гэхэд итгэхийн аргагүй, өнөөгийн гүрвэл мэт үл анзаарагдам жижиг амьтад байв.


Амьтад далайгаас гарч хуурай газарт шилжсэнээс хойш 100 сая жилийн дараа эх газарт их хэмжээгээр тархсан ойд фотосинтез идэвхтэй явагдаж, агаар дахь хүчилтөрөгчийн агууламж ихээхэн өндөр болсон байв. Хуурай газарт хамгийн анхны тайван дөлгөөн амьтадын хэлбэрүүд тархаж, амар амгалан амьдралын диваажин бүрэлдэн тогтжээ. Тэдний дунд бидний өвөг болох Кинодон (cynodont) амьдарч байсан бөгөөд ихэвчлэн голын загасаар хооллож байсан хэмээн эрдэмтэд төсөөлж байна. Гэвч 250 сая жилийн өмнө тохиосон нэгэн үйл явдал энэхүү амьдралын диваажинг мөхөөх болно.

Палентологич эрдэмтэд дэлхийн олон бүс нутаг дахь газрын давхаргад хийсэн судалгаанаас 250 сая жилийн өмнөх амьтадын дийлэнх хэсэг нэгэн зэрэг мөхсөнийг илрүүлжээ. Бүх дэлхийг хамарсан амьтадын мөхөлд хамаарах нэгэн олдворыг доктор Смит илрүүлж, "сүүлчийн тогтоол ус" хэмээн нэрлэжээ. Олон төрлийн сүүн тэжээлтэн хэлбэрийн мөлхөгчид ганц тогтоол усанд цуглаж, ус хатахад давхралдан үхсэн мэт дүр зургийг олдвороос харж болох байв.


Баруун сибирийн нутагт үргэлжлэх дэлхийн хамгийн өргөн уудам газрыг хамарсан нефьт олборлолтын бүсээс 2 жилийн өмнө илрүүлсэн зүйл их мөхлийн учрыг олоход түлхэц болжээ. Нефтийн нөөц агуулах гүнээс илүү доош, 3000 м-т өрөмдлөгө хийсэн олборлогчид газрын онцгой хатуу, налуу давхаргыг илрүүлсэн байна. Уг давхарга баруун сибир даяар тархаж, 2 сая хавтгай дөрвөлжин км-ээс давж байв. Нарийвчилсан судалгаагаар 250 сая жилийн өмнө урсаж хатуурсан галт уулын лав болохыг тогтоожээ. Лаваас үүдэлтэй хатуу давхаргын тархалт 2000 км зайтай төв сибирийн нутаг хүртэл үргэлжилж байгаа нь тодорхой болов. Өнөөгийн төв сибирийн өндөр уул нуруудыг үүсгэсэн лавын зузаан 4км-т хүрч, нийт талбай нь 4 сая хавтгай дөрвөлжин км бүс нутгийг эзлэж байв. Англи оросын эрдэмтэдийн хамтарсан судалгааны баг энэхүү аварга дэлбэрэлт болон их мөхлийн холбоог судалжээ. Лейстер их сургуулийн профессор, судалгааны багийн ахлагч Энди Саундерсийн тодорхойлсноор дэлбэрэлт төсөөлөхийн аргагүй аварга үзэгдэл байв. Энэхүү дэлбэрэлтийн үед агаарт цацарсан лавын өндөр өнөөдөр ажиглагдаж буй галт уулын дэлбэрэлтийн хамгийн их хэмжээнээс даруй 10 дахин их, 2000-3000 м-т хүрчээ. Тухайн үед 50 км-ээс илүү урт үргэлжлэх газрын хагарлууд үүсч, түүнээс галт хөшиг мэт лавын урсгал цацарч байсан гэдэг.


Доктор Саундерс Сибирийн газрын гүн дэх хагаралд анхаарлаа хандуулжээ. Өргөн хэсэгтээ 100 км, уртаашаа 1500 км үргэлжлэх газрын хагарал аварга өөрчлөлтийн хөдлөшгүй нотлогоо юм. 65 сая жилийн өмнө сансраас ирсэн солир үлэг гүрвэлийг мөхөөсөн бол 250 сая жилийн өмнө дэлхийн гүнээс "ирсэн аварга зүйл" их мөхөлд хүргэжээ. Үнэндээ аварга дэлбэрэлтийн шалтгаан дэлхийн гүнд байв. Дэлхийн эх газрууд мантын конвекцийн нөлөөгөөр байнга шилжин хөдлөж байдаг бөгөөд тэдгээр нь нэгэн онцлог байрлалд шилжих үед амьдралыг мөхөөх хүчтэй онцгой үзэгдэл тохиолддог болох нь сүүлийн үеийн судалгаагаар тодорхой болоод байна. Өмнө нь тус тусдаа оршин байсан эх газрууд 300 сая жилийн өмнө нэгэн газарт цуглаж, Пангея (Pangaea) хэмээх нэгэн том эх газрыг бий болгожээ. Эх газрын эргэн тойронд түүнийг хүрээлсэн суваг хэлбэрийн хонхор хэлбэр далайн ёроолд үүсдэг. Улмаар Пангея тивийн эргэн тойрны суваг орчмоос дэлхийн гүнийг чиглэн чулуулгууд шилжиж эхэлжээ. Эдгээр чулуулгууд 2000 км-ийн гүн дэх дэлхийн цөмд нэгэн зэрэг хүрэх үед түүний нөлөөгөөр эсрэг чиглэсэн аварга том мантын урсгал үүсчээ. 1000 км диаметр бүхий супер бамбар (super plume) хэмээн нэрлэгдэх аварга нударга мэт урсгал аварга дэлбэрэлтийн шалтгаан байв. Бидний эх дэлхий хэмээн нэрлэсэн цэнхэр гаригийн гүнд амьдралыг ч устгах чадал бүхий их хэмжээний энерги эргэлдэн хуйларч байдаг ажээ.

Сүүлийн жилүүдэд метанийн гидрат хэмээх бодис эрчим хүчний шинэ нөөцийн хувьд эрдэмтэдээр зогсохгүй засгийн газруудын анхаарлыг татаж байна. Энэ бодис эх газрын ойролцоо 1000-2000 м гүн бүхий далайн ёроолд оршдог. Метанийн гидрат нь метан хий устай нэгдэн үүсгэх цагаан шавар мэт онцгой бодис бөгөөд түүний нөөцийн хэмжээ дэлхий дээрх бүх нефть, байгалийн нөөцтэй тэнцүүд тооцогдож байна. Уг бодис хэдийгээр далайн ёроолд тогтвортой төлөв байдалд орших боловч орчны температур бага зэрэг нэмэгдэх үед огцом тэлж үндсэн эзлэхүүнээс 160 дахин их эзлэхүүн бүхий метан хийг үүсгэдэг. Олон улсын эрдэмтэдийн хамтарсан судлаагаагаар 250 сая жилийн өмнө метан хий их хэмжээгээр ялгарч байсны ул мөрийг хятадын газар нутгаас илрүүлжээ. Тухайн цаг үед хамаарах газрын давхаргад нүүрстөрөгч 12-ын хэмжээ хэт их байв. Энэ нь метаны гидратад их хэмжээгээр агуулагддаг бодис юм. Английн Лийдс их сургуулийн доктор Пол Вигнал далайн ёроол дахь усны температур 2-3 хэмээр нэмэгдвэл метаны гидрат хайлж, метан хий үүсгэдэг болохыг тогтоожээ. 250 сая жилийн өмнө супер бамбарын нөлөөгөөр сибирт тохиолдсон аварга дэлбэрэлтээр 40 их наяд тонн нүүрстөрөгчийн давхар исэл агаар мандалд ялгарчээ. Үүнээс үүдэлтэй хүлэмжийн үзэгдэл дэлхийн агаар мандлыг далайн усны хамт аажим халааж, нойрсож байсан метанийн гидратыг сэрээсэн байна.

Хүлэмжийн нөлөөгөөр нүүрстөрөгчийн давхар ислээс 20 дахин илүү метан хий далайгаас их хэмжээгээр ялгарч, дэлхийн дулаарлыг хурдасгав. Үр дүнд нь далайн ус улам их халж, илүү их хэмжээний метаны гидратыг хайлуулан, улам их метан хийг ялгаруулах болжээ. Гинжин хэлхээ мэт тасралтгүй үргэлжлэх энэ үзэгдэл дэлхийн экватор орчмын температурыг 7-8 хэмээр, хойд өмнөд туйл орчмын температурыг 25 хэмээр тус тус нэмэгдүүлж, сүүлийн 600 сая жилийн хугацаан дахь хамгийн халуун үеийг эхлүүлжээ. Хэт халууны улмаас ургамлын аймаг их хэмжээгээр сүйдэж, түүгээр хооллох амьтад олноор устаж мөхөв. Их мөхлийн үед дэлхийн амьтан ургамлын 95 хувь устаж үгүй болсон бол бидний өвөг дээдэс азаар тэсч үлдсэн 5%-д багтжээ. Гэвч санамсаргүй тохиосон аз шинэ зовлон зүдгүүрийг дагуулах болсон гэдэг.

Атрактид тивийн Трансантрактидын нуруунд судалгаа хийж буй америк, өмнөд африкийн судлаачид их мөхлийн үеийн газрын давхаргаас туйлын ховор эрдсийг илрүүлжээ. Бетерин (berthierine) нь хүчилтөрөгчийн өндөр агууламжтай нөхцөлд үүсэх боломжгүй учир их мөхлийн дараах амьтад хүчилтөрөгчийн дутагдалд орохуйц хэт бага хэмжээний агууламж бүхий орчинд амьдарч байсныг илтгэнэ. Еэл их сургуулийн доктор Боб Барнерийн хийсэн судалгаагаар их мөхлийн өмнө агаар дахь хүчилтөрөгчийн агууламж сүүлийн 600 сая жилийн хугацаанд хамгийн өндөр буюу 30%-д хүрч байсныг тогтоожээ. Тэгвэл их мөхлийн дараа агууламж огцом багасч 10%-д хүрсэн байна. Шалтгаан нь фотосинтез явуулах ургамлын ихэнх хэсэг устсан, мөн далайн гүнээс ялгарах метан хий хүчилтөрөгчтэй хялбар нэгдэх тул нэрмээс болж байв. Ийнхүү их мөхлийг тэсэн гарсан бидний өвөгт хүчилтөрөгчийн хэт бага агууламж бүхий орчинд зохицон амьдрах шаардлага тулгарав.


Их мөхлийн дараа амьтадын олдвор бараг үл олдох палентологийн хоосон цаг үе удаан хугацаанд үргэжлэв. Гэвч 100 сая жилийн дараа Юрын галав эхлэх үед дэлхий дахин амьдралаар бялхах болжээ. Гэхдээ өмнөх диваажингаас тэс өөр дүр зургийг үзүүлж, аварга мөлхөгч үлэг гүрвэлүүд дэлхийг эзэгнэх болов. Биеийн урт нь 30 м-т хүрэх өвсөн тэжээлт Апатозавр (apatosaurus), тухайн үеийн араатны хаан махан тэжээлт Аллозавр (allosaurus) тэдний гол төлөөлөл юм. Харин энэ үед бидний өвөг дээдэс үлэг гүрвэлээс нуугдан амьдрах хулгана мэт жижиг биет амьтан болон хувирсан байв. Юуны учир бидний өвөг бус мөлхөгчид аварга том биетэй болж дэлхийг эрхшээх болов. Асуултын хариу удаан хугацаанд тодорхойгүй байсан юм.

Америкийн Байгалийн Түүхийн Музейн доктор Марк Норел үлэг гүрвэлүүд одоогийн шувуудтай адил онцлогийг биедээ агуулж байсан явдалд анхаарлаа хандуулжээ. Ихэнх үлэг гүрвэлийн хүзүүний ясанд мэдрэл, хоолойноос гадна олон жижиг нүхнүүд байдаг. Энэ нь үлэг гүрвэлийг шувуутай адил амьсгалын онцлог эрхтэнтэй байсны нотлогоо болжээ. Сүүн тэжээлтний уушиг амьсгал авах үед хүчилтөрөгчөөр, гаргах үед нүүрстөрөгчөөр дүүрдэг. Тэгвэл шувууны уушигны эргэн тойронд байх хүүдийнүүдийн заримд гаднаас сорсон хүчилтөрөгч, заримд нь биеэс гадагшлах нүүрстөрөгч агуулагдах учир уушиг аль нэгээр нь дүүрэх байдал ажиглагддаггүй. Өөрөөр хэлбэл шувууны уушиг амьсгал авах гаргах үед тогтмол хүчилтөрөгчийг агуулж, биеийг шинэ хүчилтөрөгчөөр тасралтгүй хангаж байдаг. Ийм уушигний энергийн үр ашиг сүүн тэжээлтнийхээс 3 дахин өндөр байдаг. Үнэндээ 8000 м-ийн өндөр Гималайн нурууг даван нисэх нүүдлийн шувууд бага хүчилтөрөгчийн орчинд булчингийн хүчтэй ачаалал шаардах нисэх хөдөлгөөнийг амьсгалын хүүдийт системгүйгээр хийх боломжгүй ажээ.

Тэгвэл тэнгэрт үл нисэх ихэнх үлэг гүрвэлүүд шувуутай адил амьсгалын системтэй болон хувьссан талаархи хамгийн үнэмшилтэй таамаглалыг хувьслын судалгаагаар дэлхийд танигдсан, Вашингтоны их сургуулийн профессор Петер Ворд 2003 онд танилцуулсан юм. Тэрээр Боб Барнерийн судалгаанд тулгуурлан, их мөхлийн дараа бага хүчилтөрөгчийн агууламж бүхий үе юрын галав хүртэл 100 сая жил үргэлжилснийг тогтоожээ. Энэ хугацаанд явагдсан хувьслын явцад амьсгалын хүүдийт системтэй болсон нь үлэг гүрвэлийн биеийг аварга том болон хувирахад туслажээ. Их мөхлийн дараах сүүн тэжээлтэн хэлбэрийн мөлхөгчдийн шүд илүү хүчирхэг байсан боловч тэдэнтэй харьцуулахад эртний хэлбэрийн шүд бүхий үлэг гүрвэлүүд илүү томорч, илүү өргөн тархсан явдал нь ялагч ялагдагчийн байр суурь солигдсон мэт санагдуулахад хүргэнэ. Гэвч үнэн чанартаа шүднээс илүүтэйгээр бага хүчилтөрөгчийн орчинд илүү зохицох, амьсгалын илүү үр ашигтай систем бүхий амьтны зүйл байгалийн шалгарлыг хялбар даван гарсан байв.

Харин Рожер Смит нарын судалгаа бидний өвөг бага хүчилтөрөгчийн орчинг хэрхэн даван туулсан болон тухайн үеийн шинэ хувьслын нууцыг тайлжээ. 1 жилийн өмнө хэвлэгдсэн судалгааны өгүүлэлд бидний өвөг ч бас амьсгалын системээ өөрчлөн хувьссан тухай дурдсан байв. Их мөхлийг тэсэн гарсан кинодоны удам болох Тринаксодон (thrinaxodon)-ы олдвороос шинэ хувьслын ул мөрийг илрүүлжээ. Өмнө нь хэвлийг бүхэлд нь бүрхэж байсан бидний өвгийн хавирганы тоо цөөрч, зөвхөн цээжин хэсгийг бүрхэх болсон байв. Мөн өнөөгийн хүнийхтэй төстэй хавирганы энэ хэлбэрээс гадна цээжний хөндийн доод хэсэгт өрцний булчин (diaphragm) үүсэн бий болсон байв. Өрцний булчингийн агшилт суналт нь нэг дор их хэмжээний агаар солилцох бололцоог нээж, амьсгалын системийн үр ашгийг эрс нэмэгдүүлжээ. Гэхдээ үлэг гүрвэлийн амьсгалын хүүдийт системийг давж чадаагүй байна. Хавирганы тоог цөөлсөн хувьсал санаанд оромгүй үр дагаварт хүргэсэн гэдэг. Өнөөгийн ихэнх сүүн тэжээлтэн амьтад үр төлөө хөхүүлэхийн тулд биеэ мушгируулан хагас хэвтээ байрлалд ордог. Ийм байрлал нь хэвлийгээрээ битүү хавиргаар бүрхэгдсэн мөлхөгчдөд туйлын хэцүү үйлдэл юм. 100 сая жил үргэлжилсэн бага хүчилтөрөгчийн нөхцөлд дасан зохицсон бидний өвөг өнөөгийн сүүн тэжээлтний үндсэн шинж чанарын нэг буюу хэвлий дэх сүүний булчирхайгаар үр төлөө хооллох хэвшлийг их мөхлийн дараах хувьслын явцад олж авчээ.


Их мөхлийн дараах үеийн сүүн тэжээлтний өвгийн шинэ хувьсал үүгээр хязгаарлагдсангүй. Эрдэмтэд 2 жилийн өмнө хятадын нутгаас нэгэн ховор олдворыг илрүүлжээ. Үлэг гүрвэл ноёлж байсан үе буюу 125 сая жилийн өмнөх газрын давхаргаас олдсон Эомайя (eomaia) хэмээх амьтан хэвлийдээ үр удмаа өсгөдөг бүх сүүн тэжээлтний өвөг байв. Үлэг гүрвэлийн заналхийллээс зугтахын хамт бага хүчилтөрөгчийн нөхцөлд үр төлөө найдвартай хамгаалан удам залгах стратеги нь бидний өвгийн хувьд бие дотроо бойжуулах явдал байсан хэмээн Хятадын Археологийн хүрээлэнгийн доктор Жи Чан үзэж байна. Үр төлөө биедээ тээх явдал нь түүнд хангалттай хүчилтөрөгч болон хоол тэжээлийн бодисыг эхийн биеэс тасралтгүй өгч чаддаг байдлаараа өндөглөхөөс илүү өгөөжтэй ажээ. Хээл тээх болсон эх амьтан үр зулзагатайгаа эхэс хэмээх шинэ эрхтнээр холбогдох болжээ. Ийнхүү аварга дэлбэрэлт, түүнээс үүдэлтэй бага хүчилтөрөгчийн агууламж бүхий үе сүүн тэжээлтний амьдралын хэлбэрийг үүсгэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.


Үлэг гүрвэлийн үе эхэлснээс хойш 160 сая жилийн дараа 10 км-ын хэмжээ бүхий солир дэлхийг мөргөж шинэ их мөхөл ирэв. Үлэг гүрвэлийн ноёрхол төгссөний дараа агаар мандал дахь хүчилтөрөгчийн агууламж аажим нэмэгдэв. Бага хүчилтөрөгчийн үе алс хол хоцорсон ч хүүдийт амьсгалын системийг үлэг гүрвэлээс уламжлан авсан шувууд түүнийг нисэхэд ашиглаж, тэнгэрт чөлөөтэй дүүлэх болов. Мичин төрөлтөн бидний өвөг дээдсээс уламжлан авсан үр ашигтай амьсгалах хувьсал санаанд оромгүй цоо шинэ хувьслын угтал болж, тархиныхаа хэмжээг томруулахад туслав. Хүний тархи биеийн жингийн дөнгөж 2 хувийг эзлэх боловч амьсгалж буй нийт хүчилтөрөгчийн 20%-ийг зарцуулдаг. Том тархитай, улмаар сэтгэх болсон бид шинжлэх ухаан технологийг огцом хөгжүүлж, дэлхийн ирээдүйг ч өөрчлөх хүчийг гартаа оруулав. Бид болоод бидний оршин амьдрах иргэншилт нийгмийг тэтгэгч оюун ухаан бол нэгэн цагт бидний өвөг их мөхлийг тэсэн гарч, олон олон саад бэрхшээлийг даван туулсаны үр дүнд бий болсон зүйл билээ.

үргэлжилнэ ...

Агуу хувиралтын түүх 3; Эх газрын шилжилт

Дэлхийн бүрэн хэмжээний мөстлөгөөс хойш 150 сая жилийн дараа хуурай газарт амьтан, ургамал байтугай амьдралын шинж тэмдэг ч үгүй байв. Харин шинэ агуу хувиралт өөрчлөлтийн улмаас бидний өвөг - эрт үеийн загасан төрөлтнүүд эзэгнэж байсан төрөлх далайн уснаас хагацах цаг ирэв. Эх газрууд хөдөлгөөнд орж, загаснуудын амьдарч дассан далайг өөрчилснөөр амьдрал агуу хувьсалд ороход хүрсэн юм. Хуурай газарт түрүүлэн хүрсэн ургамал эх газрыг ногоон өнгөөр хучих үед уушгаар амьсгалж, хөлтэй болсон бидний өвөг дээдэс эх газарт тэмүүлэх болжээ.

Өдийгөөс 450 сая жилийн өмнө экватор орчимд гурван жижиг эх газар оршин байв. Тэдний дундах гүехэн ус бүхий Япетус далай (Iapetus Ocean)-н ёроолоор шүр мэтийн ургамал тархаж, амьтадын хувьд жинхэнэ диваажин байжээ. Арандаспис (Аrandaspis) хэмээн нэрлэгдэх бидний өвөг тухайн үед сээр нуруу бүхий хамгийн эртний загас хэлбэртэй байв. 20 см урттай уг загас сэлүүргүй учир усан дотор тийм ч сайн сэлж чаддаггүй байсан бөгөөд элсэн доторхи бичил биетнээр хооллох тайван дөлгөөн амьтан байсан хэмээн төсөөлөгдөнө. Гэвч диваажин удаан үргэлжилсэнгүй. Далайн ёроолоор мөлхөх, хөвөх мэтийн олон янзын амьдралын хэлбэр бүхий амьтадын бие сонирхол татахуйц өөрчлөлтөд орох болжээ.


Үүний учрыг тайлахад тухайн үеийн амьтадын төлөөлөл болсон триболит (Trilobite) туслав. Триболитын хэлбэр өөрчлөгдсөн байдал Лондоны Байгалийн Түүхийн Музейн доктор Ричард Фортигийн анxаарлыг татжээ. Анх хавтгай хэлбэртэй байсан триболит 400 сая жилийн өмнө биеийнхээ эргэн тойронд өргөс мэт тэмтрүүл бүхий айдас төрүүлэм төрхтэй болсон байв. Хувьслын үүднээс авч үзвэл өргөсүүд биеэ хамгаалах зорилготой гэж үзэхэд эндүүрэх явдалгүй юм. Тухайн үеийн далайн амьтад амьд үлдэхийн төлөөх өрсөлдөөнд орж, триболит янз бүрийн дайсны хялбар олз болж байв. Ийм нөхцөлд явагдсан хувьсал тирболитыг өөрийгөө хамгаалах "зэвсэгтэй" болгоход хүргэжээ. Тэгвэл амьтадыг ширүүн өрсөлдөөнд хүргэсэн шалтгаан дэлхийн гүнд байв. Дэлхийн гүний хэсэг хэдэн мянган хэмээр хэмжигдэх халуун учир тогтмол хөдөлгөөнд орж байдаг.

Мантын конвекц (Mantle convection) гэж нэрлэгдэх үзэгдлийн нөлөөгөөр эх газрууд ч бас хөдөлж байдаг. Уг үзэгдэл япетус далайн ойролцоох гурван эх газрыг аажим хөдөлгөөнд оруулж, хооронд нь ойртуулж байв. Эх газрын хөдөлгөөн хэдийгээр жилд хэдхэн см-ээр хэмжигдэх боловч хэдэн арван мянган жилийн дотор япетус далайг бүрэн устгажээ. Шүрэн ой үргэлжилж байсан далайн ёроол хуурай газар болон өргөгдөж, эртний загас болон триболитын амьдрах орчин гурван эх газар нэгдэж үүссэн шинэ эх газрын эргэн тойронд шилжив. Шинэ эх газрын эрэг орчимд далайн амьтадын амьдрах орчин хязгаарлагдаж, амьдралын төлөөх тэмцэл ширүүсэв. Загаснуудын зарим нь хүчирхэг эрүү шүдтэй, том биетэй болон хувьсаж, триболит ч бас хэлбэр дүрсээ өөрчлөхөөс өөр аргагүйд хүрэв. Бие даан чөлөөтэй хөдлөх чадваргүй триболитын ихэнх нь устаж мөхсөн бол шинэ хувьсалд орж, өргөстэй болсон хэсэг нь өрсөлдөөнд тэсэн үлджээ.


Бидний өвөг ч бас триболитын хувь тавиланг давтахаас өөр аргагүй байсан юм. Өнөөх тайван дөлгөөн Арандаспис 60 сая жилийн дараа сэрвээтэй, гарамгай сэлэгч естэноптерон (Eusthenopteron) болон хувирсан байв. Гэхдээ энэ нь өрсөлдөөнд ялахад хангалтгүй байсан бололтой. Естэноптерон болон түүний дараах удмын олдворууд зөвхөн европ тив болон хойд америк, канадын зүүн эргээс их хэмжээгээр олддог. Үнэндээ энэ бүс нутаг 450 сая жилийн өмнөх гурван жижиг эх газрын мөргөлдөн нийлсэн хэсэг юм. Дөнгөж үүссэн шинэ эх газрын гадарга элсэн цөл мэт үржил шимгүй байв. Үргэлжлэн явагдах мантын конвекцийн нөлөөгөөр эх газруудын мөргөлдсөн хэсэг 40 сая жилийн турш өргөгдөж, Каледони (Caledonia) хэмээх аварга нурууг үүсгэжээ.

Каледонийн нуруу өнөөгийн Гималайн адил 8000 м-ийн өндөртэй байсан гэдэг. Сонирхолтой нь өнөөдөр олдож буй естэноптероний төрлийн олдворууд зөвхөн энэ нурууны хоёр бэлийн бүс нутагт л хамаарч байна. Аварга уул нуруу үүлний хөдөлгөөнд саад болж их хэмжээний бороо оруулах болжээ. Улмаар нурууны бэл рүү урсан үүсэх гол мөрөн шинэ усан орчинг бүрдүүлэв. Каледонийн нуруунаас эх авсан том голууд эх газрыг туулан далайд цутгах болов. Энэхүү шинэ орчин амьдралын төлөөх тэмцэлд хүчин мөхөсдөж, далайгаас зугтах сул доройчуудын сүүлчийн хоргодох газар болжээ. Харин эх газарт анхдагч хэлбэрийн бутлаг ургамлууд ургаж эхэлсэн байна. Гэвч нар шарж хуурай улирал эхлэхэд голууд хатаж, борооны улирал эхлэх үед усаар бүрхэгдэж үерт автах орчны эрс тэс өөрчлөлт амьтад үржин амьдрахад хэтэрхий хүнд нөхцөл байв. Энэ хүнд нөхцөлийг өөрчлөхөд амьтадын өөрсдийн үүрэг оролцоо чухал байсан гэдэг.

Ma - сая жилийн өмнө (million years ago)
Америкийн Пенсилвани мужийн замын ойролцоо улаан өнгийн газрын давхарга ил гарсан байдаг. 370 сая жилийн өмнө Каледонийн нурууны нэг хэсэг байсан энэ газар (Red hill)-аас загаснуудыг татах ургамлын нэгэн төрлийг илрүүлжээ. 370 сая жилийн өмнө үүссэн дэлхийн анхны мод Археоптерис (Archaeopteris)-ын үндэс газрын гүнд тархаж хөрсийг, улмаар голын голдрилыг ойролцоох орчны хамт тогтворжуулж байв. Вержиниа мужийн их сургуулийн доктор Стивен Шеклэр археоптерисийн үүсгэж байсан орчинг судлаж байна. Олдворт тулгуурласан судалгаанаас үзвэл уг мод өвс ургамалгүй хоосон газар нутагт маш хурдан тархаж, 20 хүртэл өндөр, өтгөн шигүү ой үүсгэж байжээ. Улмаар хөвд төрлийн ургамал тархах, нуур цөөрөм үүсгэх нөхцөлийг бий болгов. Модны навч газарт унаж, бактерийн тусламжтайгаар задлагдан загас болон планктоны хоол тэжээлийг үүсгэв. Археоптерисийн ойн ачаар далайгаас зугтсан сул доройчууд цэнгэг усанд зохицон хувьсаж, хуурай газарт хүрэх анхны алхамаа хийжээ.


Өмнөд Америкийн Андын нуруу 400 сая жилийн өмнөх Калидоний нуруутай адил эх газрын хөдөлгөөний нөлөөгөөр үүсчээ. Андын нурууны бэлээр халуун орны ширэнгэ ойн дундуур урсах амазон мөрний загаснуудад усан дор орсон модны мөчир, навч хоол тэжээлийн чухал үүсгүүр болдог. Гэвч загаснууд жил бүрийн 6 сараас тун хүнд давааг давах хэрэгтэй болдог. Бороо үл орох хуурай улирал эхлэхэд Амазоны усны түвшин зарим хэсэгтээ 18 м-ээр багасдаг. Энд тэндгүй цөөрөм, тогтоол ус үүсч, халуун хуурай улирал 4 сарын турш үргэлжилнэ. Тогтоол усны төвшин багасч ус халах үед түүнд шингэсэн хүчилтөрөгчийн хэмжээ багасна. 370 сая жилийн өмнө цэнгэг усанд амьдрах болсон загаснуудад ч бас үүнтэй адил нөхцөл тохиолдож байв.

Цэнгэг усны загаснууд хуурай улирлын үед хүчилтөрөгчийн дутагдлаа хэрхэн нөхөх нь тулгамдах асуудал болжээ. Үүнээс гадна ач ивээлээ хайрлаж байсан археоптерисийн ой нэрмээс болж, түүнээс унасан навчийг задлах бактерийн ажиллагаа тогтоол усан дахь хязгаарлагдмал хүчилтөрөгчийг их хэмжээгээр зарцуулж байв. Мөхөлд ч хүргэж мэдэх энэхүү хүнд нөхцөлийг бидний өвөг дээдэс хэрхэн даван туулав. Хариултыг мөн л Амазоноос мэдэж болно. Тэнд хуурай улирлын үед хүчилтөрөгчөөр дутмаг цөөрөм, тогтоол усанд чөлөөтэй сэлж, хааяа уснаас толгойгоо гаргах сонирхол татам загастай тааралдана. Тэр бол хүчилтөрөгчийн дутагдлаас огт халшрахгүй уушигт загас (Armored plecos) бөгөөд эсрэгээр усан доор удаан байвал амьсгалж чадахгүй бүтэж үхэхэд хүрнэ. Энэ уушигт загас бидний өвөгтэй хамгийн ойрын төрөл болох нь сүүлийн үеийн судалгаагаар тодорхой болжээ.


Шведийн Апсала их сургуулийн доктор Пер Алберг бидний өвгийг амазоны уушигтай загастай адилхан байсан гэж үзэж байна. Эдгээр загаснууд адил цаг хугацаанд далайгаас цэнгэг усанд шилжсэн нь палентологийн олдворуудаар батлагджээ. Нэгэнт хүчилтөрөгчөөр дутмаг орчинд уушиг үүсч болох нь мэдээжийн зүйл. Эрдэмтэдийн төсөөлж байгаагаар уушиг нь загасны цагаан хоолойн хэлбэрийн өөрчлөлтөөс үүдэлтэй ажээ. Загасанд хүчилтөрөгч дутагдах үед цагаан хоолойн нэгэн хэсэг тэлж томрох болжээ. Улмаар судсаар бүрхэгдэж, илүү их хүчилтөрөгчийг шингээж авахуйц болон хувьсав. Ийнхүү цэнгэг усанд амьдрах явцад олж авсан уушиг амьдралыг үндсээр нь өөрчилж, далайн уснаас хуурай газарт, дараа нь тэнгэрт хүрэхэд түлхэц болов. Каледоны бэлээр үргэлжлэх археоптерисийн ой, түүн дундуур урсах гол мөрөн бидний өвгийн хувьд далайн дараах хоёр дахь эх нутаг нь болжээ. Гэвч амьдрал хуурай газарт шилжихэд уушигнаас гадна хөл, гар хэрэгтэй.

1987 онд Кембрижийн их сургуулийн Женифер Кларк зүүн грийнланд нутгийн 360 сая жилийн өмнөх цаг үед хамаарах газрын давхаргаас нэгэн чухал олдворыг илрүүлжээ. Биеийн бүрэн хэмжээтэйгээр дэлхийд цорын ганцад тооцогдож буй уг олдвор хуруу бүхий хөлтэй байв. Дэлхийн хамгийн анхны хөлтэй амьтанд тооцогдсон Акантостега (Acanthostega)-гийн бие 1 м урттай, сүүл нь загасны адил сэлүүртэй боловч хөлтэй загас гэмээр гайхалтай амьтан юм. Мөн гавлын яс нь илүү хүчирхэг болж, хүзүүгээ эргүүлэн толгойгоо хөдөлгөх боломжтой болжээ. Естэноптероны урд сэлүүр хувьсаж, акантостеганы урд хөл болон хувирсан байв.


10 сая жилийн дотор өрнөсөн энэхүү хувьсал доктор Кларкийн хувьд оньсого мэт байв. Тэрээр анх хуурай газарт алхахын тулд хувьссан гэж үзэж байсан ч хөлний бүтцийн нарийвчилсан шилжилгээгээр биеийн жинг дааж, алхах боломжгүй байсан нь тодорхой болжээ. Биеийн хоёр талд байрлах акантостеганы хөл хүндийн хүч үйлчлэх хуурай газарт ямар ч үүрэггүй эрхтэн байв. Нөгөө талаас бүх биеийн ясны бүтцийн шинжилгээгээр биеэ хоёр тийш мурилзуулан хөдлөх боломжтой байсныг тогтоожээ. Гэхдээ энэ хөдөлгөөн усан орчинд тийм ч их хурдан урагшлах боломж олгохгүй. Ердийн загасны адил сэлүүр хөлнөөс илүүтэйгээр усны эсэргүүцлийг бага мэдрэх тул илүү хурдан сэлж чадна.

Тодорхойгүй байсан анхны хөлний үүрэг мөн л Рэд Хиллээс олджээ. 1998 онд Филаделпийн Шинжлэх Ухааны Академийн доктор Тэд Дэшлер уг газраас 8 см урттай аварга загасны шүдийг олжээ. Шүдний хамт олдсон олдворуудаас тухайн үеийн уушигт загаснууд дотроо хамгийн хүчирхэг махчин загас болох Гинерпетон (Hynerpeton)-ийг илрүүлэв. Үнэн чанартаа далайгаас зугтсан сул доройчуудыг цэнгэг усанд ч бас хүчирхэг дайснууд хүрээлж байв. 5м урт биетэй гинерпетонтой тулсан дөнгөж 1 м урттай акантостеганы хувь тавилан хэрхэн төгсөх нь ойлгомжтой юм. Харин амьд үлдэхийн тулд шинээр олж авсан эрхтэн нь хөл байв. Доктор кларк цоо шинэ өнцөгөөс хөлний үүргийг судалж, одоо амьдарч буй алиалагч загас ( Antennarius striatus)-нд анхаарлаа хандуулжээ. Алиалагч загас далайн ёроолоор алхах болон хоол болох жижиг загаснуудыг отон хүлээх үедээ сэрвээгээ хөлний адил ашигладаг.



Акантостеган гүехэн усан дотор урагшлах, усанд унасан мөчир ургамал зэргийг замаасаа холдуулан зайлуулахад хөлөө ашиглаж байсан хэмээн төсөөлж байна. Усны гүехэн хэсэг том биетэй гинерпетон мэтийн хүчирхэг дайснаас зугтахад туслана. Нөгөө талаас анхны мод археоптерис навчнуудаа мөчрийн хамт унагадаг онцлогтой байв. Иймд их хэмжээгээр унасан мөчир навчны хоорондуур урагшлах, нуугдах үед хөл зайлшгүй шаардлагатай болжээ. Гинерпетон хэмээх аймшигт дайсантай тулсан бидний өвөг амьд үлдэхийн тулд соёогоо хурцлан тэрсэлдэх бус тэмцлээс зайлсхийх аргыг сонгожээ. Энэ нь бидний өвгийг урьдчилан таамаглах аргагүй хувьсалд хүргэнэ. Уушигтай бас хөлтэй болсон акантостеганы бие үе удам солигдох явцад усанд бус газарт илүү зохицон хувьсана. Ийнхүү сул доройгоос усанд амьдарч, үр удмаа үлдээх боломжгүй болсон бидний өвөг газарт гарах бэлтгэл хангагджээ.

Ирландийн баруун урд байрлах Валэнсиа арал хэдэн зуун сая жилийн өмнө каледонийн нурууны бэл байсан газар билээ. 1992 онд энд хийсэн малтлагаар бидний өвгийн үлдээсэн хамгийн эртний хөлийн мөрийг илрүүлжээ. Энэхүү 260 ширхэг мөр биднийг хүрсэн түүхийн харгис ширүүн, уртаас урт аялалын хамгийн эхний мөрүүд байсан юм. Хуурай газарт алхсан хамгийн анхны энэхүү амьтан бол акантостеганы үр удам, 360 сая жилийн өмнө амьдарч байсан Педерпес (Pederpes) юм. Сул доройгоос үл таних орчинд, үл мэдэх ирээдүйд зориглон хийсэн түүний алхам энэхүү цорын ганц төрлийн амьтнаас хуурай газрын бүхий л сээр нуруутанг төрүүлэн гаргах агуу хувьслын эхлэл болжээ.



Эх газарт хүрсэнээс хойш  амьдралын хувьсал огцом хурдсав. Энэ хувьсал далайн усанд байх үетэй харьцуулахад илүү олон төрлийн орчинд олон янзын амьтадыг бий болгов. 360 сая жилийн өмнө анхны модтой учирсан бидний өвөг 60 сая жилийн өмнө дахин өөр нэгэн модтой хувь тавилангийн уулзалт хийх болно. Анхны үр жимс ургуулагч мод (Angiosperm) модонд авирахаас илүүтэйгээр ашиглаж чаддаггүй байсан сүүн тэжээлтний хөлийг гар болгон хувиргана. Урд хөлийнх нь эрхий хуруу бусад хурууны эсрэг чиглэн байрласнаар мичин төрөлтөн түгэн дэлгэрэнэ. Удалгүй ойгоос гарсан бидний өвөгт сэтгэл санаагаа илэрхийлж, харилцан ойлголцоход энэхүү гар туслах болно.

үргэлжилнэ ...

Нойрон дунд саажих үзэгдлийн учир

Хэд хоног дараалан илүү цагаар ажилласан эмэгтэй А ердийнхээс нэлээд оройтож орондоо оржээ. Нойрондоо автаж эхэлсэн тэрээр орных нь хөлний ойролцоо ямар нэгэн чимээ гарахыг мэдэрч, өндийж харахыг хичээсэн боловч биеэ огт хөдөлгөж чадахгүй байв. Гэнэт хаа нэгтээгээс нялх хүүхдийн уйлах дуу сонсогдож эхлэхэд тусламж дуудахыг оролдсон ч дуугарах чадваргүй болсон байв. Энэ үзэгдэл хэдэн минут үргэлжлээд дахиж мэдрэгдээгүй байна. Зуны амралтаар ганцаар аялалд гарсан оюутан Б зочид буудлын өрөөнд орондоо орж, гүн нойронд автаж эхэлж байв. Гэвч нойрноос гэнэт сэрсэн тэрээр хэн нэгэн биеийг нь хөдлөх аргагүй болтол дарж, амьсгал нь давчдахыг мэдрэхийн хамт учир битүүлэг айдаст автсан байна. Нүдээ арай ядан хөдөлгөж, харцаа шилжүүлтэл үл таних эмгэн цээжин дээр нь даран суухыг харжээ.

Унтаж байгаад гэнэт сэрж, биеэ хөдөлгөх байтугай дуугарч ч үл чадах иймэрхүү үзэгдлийг баруунд нойрон дунд саажих (Sleep paralysis) үзэгдэл хэмээн нэрлэдэг. Хүмүүс эрт дээр үеэс мэдэрч, сүнс сүүдэр, чөтгөр шулмын нөлөө хэмээн ойлгосоор ирсэн энэ үзэгдэл зөвхөн нэг улс, нэг бүс нутгаар хязгаарлагддаггүй бөгөөд дэлхийн олон орны иргэд гэрчилж, тухайн улс орны үлгэр, домог яриатай холбож ойлгосоор иржээ. 18-р зууны үеийн "The Nightmare" хэмээх зураг үүний нэг жишээ юм. Нойрон дунд саажих үзэгдлийн олон жишээг судлаж үзэхэд хэд хэдэн онцлог төрх нийтлэг ажиглагддаг байна. Үүнд 1. Энэ үзэгдэл зүүд бус бодит байдал мэт санагдаж, өрөөнд байх эд зүйлс тодорхой харагдаж мэдрэгддэг. 2. Нүднээс бусдаар биеийнхээ ямар ч хэсгийг хөдөлгөж чаддаггүй. 3. Биеийг дээрээс нь хэн нэгэн хөдөлгөөнгүй дарж байгаа мэт санагддаг. 4. Аялах, зочид буудал зэрэг өөр газарт хоноглох үед элбэг тохиолддог.


Тэгвэл нойр судлаач эрдэмтэд нойрон дунд саажих үзэгдлийн учрыг шинжлэх ухааны үүднээс хялбархан тайлбарлаж, тэр ч байтугай туршилтын хүрээнд зохиомлоор үүсгэж байна. Энэ удаагийн туршилтад жирийн нэгэн эмэгтэй оюутанг оролцуулж, хэдэн хоногийн туршид ердийн үеийнхээс илүү хэмжээний эрчимтэй дасгал, хөдөлгөөн хийлгэжээ. Туршилтын үед унтаж буй оролцогчийн биед тархины долгион, цусны даралт, амьсгалын тоо, нүдний хөдөлгөөн зэргийг хэмжих мэдрэгчүүдийг биед нь байрлуулж, тодорхой хугацааны давтамжтайгаар хүчээр сэрээж байв. Оролцогч нэг удаа сэрээд буцаж унтсанаас хойш 6 минутын дараа нойрон дунд саажих үзэгдэлд орсныг хэмжих багажууд зааж байв. Туршилтад оролцогч өөрөө ч үүнийг нотлосон байна. Хүн унтаж эхлэх үед бага багаар гүн нойрсолтод шилждэг. Энэ үед тархи амралтын горимд шилжинэ. Харин 60-90 минутын дараа илүү гүн нойрсч, зүүдлэж эхэлдэг. Зүүд нь тархи ажиллаж байгаагийн илэрхийлэл бөгөөд унтаж байгаа ч нүдний идэвхтэй хөдөлгөөн ажиглагдах нойрны энэ үеийг Рэм нойрсолт (Rapid eye movement sleep) гэнэ.

Шөнийн турш унтаж байх хугацаанд тархи амрах Рэм бус болон зүүдлэх Рэм нойрны горим ойролцоогоор 90 минутын давтамжтайгаар ээлжилж байдаг. Тэгвэл унтаж эхлэж буй хүний нойр Рэм бус горимыг алгасч шууд Рэм горимд шилжих (sleep onset rem) үед нойрон дунд саажих үзэгдэл тохиолддог байна. Өөрөөр хэлбэл сэрүүн байх үеийн тархины ажиллагаа Рэм нойрсолтын үеийн тархины ажиллагаатай шууд холбогддог. Ингэснээр хүн сэрүүн байгаа эсвэл зүүдлэж байгаа эсэхээ ялгаж мэдрэх чадваргүй болно. Туршилтаас тодорхой болсон өөр нэгэн сонирхолтой зүйл нь нойрон дунд саажих үзэгдлийн үед тархинаас альфа долгион ялгарч байсан явдал юм. Уг долгион хүнийг зөвхөн сэрүүн байх үед ялгарах боловч нойрон дунд саажих үзэгдлийн үед хүний бие махбод унтаж байлаа ч тархи нь бараг сэрүүн үеийнхтэй адил хэмжээгээр ажиллаж байдгийг илтгэнэ.

Хүн унтах үедээ нойрны Рэм бус горимыг алгасч шууд гүн нойрсолтын Рэм горимд шилжих үед нойрон дунд саажих үзэгдэл үүсдэг. Сэрүүн байхдаа харж байсан өрөөн доторхи болон орчны дүр төрх хэдхэн мөчийн дараах зүүдэнд тэр хэвээр бууснааас хүн өөрийгөө сэрүүн байгаа мэтээр ойлгодог ажээ. Рэм нойрсолтын үед булчингийн ажиллагаа хамгийн сул түвшинд байх учир хүний бие бараг хөдлөдөггүй. Энэ нь нойрон дунд саажих үзэгдлийн үед ажиллагаатай байгаа тархинд булчинг удирдаж хөдөлгөж чадахгүй мэт хуурмаг мэдрэмжийг үүсгэдэг байна. Рэм нойрсолтын үед хэдийгээр булчингийн ажиллагаа сулрах ч зүрхний цохилт, цусны даралт, амьсгалын давтамжинд өөрчлөлт ордог. Түүгээр ч зогсохгүй туршилтад оролцсон эмэгтэйн амьсгал 28 секундын турш тасалдаж байв. Энэ байдал нь цээж давчдаж амьсгалахад хүндрэлтэй байгаа мэт санагдахад хүргэж, бие дээрээс нь дарж байгаа мэт хуурмаг мэдрэмжийг үүсгэдэг байна. Мөн энэ үед айдаст автдаг нь амьсгалын дутагдалд орох зэргээс сэргийлсэн бие махбодын хамгаалах механизмын нөлөө юм.

Нойрон дунд саажих үзэгдэл дунджаар 5 - 20 минут үргэлжилж, аяндаа арилдаг. Энэ нь ихэвчлэн нойрсолтын горим Рэм-ээс Рэм бус горимд шилжсэний үр дүн юм. Нойрон дунд саажих үзэгдэл зарим тохиолдолд тухайн хүний ой дурсамж, зарим мэдрэмтгий хүлээн авсан мэдээлэлтэй холбогдож, харь гаригийнхан, чөтгөр сүнстэй харьцаж буй мэтээр илрэх тохиолдол бий. Уг үзэгдэл хэдийгээр хүний биед шууд үзүүлэх ямар нэгэн сөрөг нөлөө үгүй боловч нойрны дэглэм алдагдаж байгааг илэрхийлдэг. 24 цагийн ээлжийн ажил, шөнө орой болтол сууж ажиллах, тоглоом тоглох зэргээр хүний биеийн биологийн цагтай зөрчилдөх амьдралын хэлбэр уг үзэгдлийн жинхэнэ шалтгаануудын нэг юм. Ажил амралтаа зохицуулж, дадаж хэвшсэн нойрны дэглэмээ баримтлах, хажуу тийш харж унтах зэргээр нойрон дунд саажихаас сэргийлэх боломжтой ажээ.

эх сурвалж; Nippon TV

Агуу хувиралтын түүх 2; Дэлхийн бүрэн хэмжээний мөстлөг

Далайн бүрэн ууршилтын дараа амьдралыг мөхлийн ирмэгт аваачсан хоёр дахь төрлийн үзэгдэл нь 600 сая жилийн өмнө тохиосон дэлхийн бүрэн мөстлөг юм. Энэ үед дэлхийн бүхий л хуурай газар зузаан мөсөөр хучигдаж, далайн ус түвшнээсээ доош 1000 м хүртлээ хөлдсөн байв. Агаарын температур -50 хэмээс ч багассан дэлхийн бүрэн мөстлөг хэдэн сая жил үргэлжилж, амьдрал мөхлийн аюултай нүүр тулжээ. Тэгвэл бүрэн мөстлөг дуусах үед агаарын хэм +50-д хүрч, 300 м/с хурдтай аварга хар салхи үүсэх болов. Агуу хувирлыг тэсэн гарсан бидний өвөг дээдэс агуу хувьслын босгыг алхав. Бүрэн мөстлөгийн дараа том хэмжээний биетэй болон хувьссан амьтадын диваажин үргэлжлэв. Үнэндээ 3.5 тэрбум жилийн туршид бичил биетэн төдий байсан амьтадын бие томроход бүрэн мөстлөг чухал үүрэгтэй байсан бөгөөд энэ нь хүн үүсэх анхны алхам болсон төдийгүй тойрохын аргагүй чухал үйл явдал байсан юм.


Нью-Иоркийн Сэнтрал паркад хаа сайгүй байх чулуунууд магадгүй олон хүнд танил байж болох ч хэн бүхний үл мэдэх нууцыг агуулж байдаг. Эдгээр чулуунуудын бүтэц тухайн газар нутгийн хөрсний бүтцээс тэс өөр бөгөөд хаа нэгтээгээс төөрөлдөн ирсэн мэт тул төөрсөн чулуу хэмээн нэрлэжээ. Чулуунуудыг Библэд дурдагдсан Ноагийн үер тээвэрлэсэн хэмээн домогт өгүүлдэг боловч үнэн чанартаа энэ бүс нутагт хамгийн сүүлд тохиолдсон мөсөн голын "үер"-ээр зөөвөрлөгдөн иржээ. Мөсөн гол ийм том чулуунуудыг хэрхэн алс хол зайд зөөвөрлөв?


Нью-Иоркоос хойд зүгт, 3000 км зайтай Грийнландад яг одоо зөөгдөж, төөрч буй чулууг харах боломжтой юм. Мөсөн голын мөс жилд хэдхэн метр зайд "урсаж", ойр орчны уулнаас хагаран унасан чулуунуудыг зөөдөг. Чулуунууд голын мөсний хамт алс хол тээгдэх бөгөөд мөстлөг дуусч, мөс хайлах үед төөрсөн чулуу болон үлддэг ажээ. Нөгөө талаас төөрсөн чулуу нь мөсөн гол урсаж байсны баталгаа болно. Эрдэмтэд уг чулууны бүтцийг судлаж, мөсөн гол аль хүртэл үргэлжилж байсныг судлажээ. 20 мянган жилийн өмнө арслан заан оршин байх үеийн мөсний хязгаар европ, ази, хойд америкийн төвөөс урагш байрлаж байв. Бага мөстлөг хэмээн нэрлэгдсэн үйл явдлын үед мөсөн бүрхүүл хуурай газрын багахан хэсгийг хамарч, мөсгүй хэсгийн амьтадын амьдралд ноцтой нөлөө үзүүлэхээргүй байв.

Гэвч 600 сая жилийн өмнө тохиосон мөстлөг тэс өөр дүр төрхийг үзүүлжээ. Африкийн эх газар эрт галавын үед үүсэн бий болсон. Элсэн цөлийн орон Намибийн нутагт голын ус олон олон жилийн туршид газрын хөрсийг ухаж, 600 сая жилийн өмнөх газрын давхаргыг ил гаргасан бий. Аль хэдийн усгүй болсон голын хөндийгөөс эрдэмтэд 600 сая жилийн өмнөх төөрсөн чулууг олжээ. Тухайн үед энэ нутаг дэлхийн экваторын бүст хамаарч байв. Өөрөөр хэлбэл 1м хэмжээ бүхий энэхүү төөрсөн чулуу дэлхийн хамгийн халуун цэгт ч мөсөөр бүрхэгдсэн байсны баталгаа болжээ. Ийнхүү экватор орчмын төөрсөн чулууг дэлхийн олон газраас илрүүлсэн профессор Жозеп Каршивинк хамгийн шинэ, хамгийн магадлал өндөртэй мөстлөгийн таамаглалыг дэвшүүлсэн байна. Энэ бол бидний ойлгож ирсэн их, бага мөстлөг бус, дэлхийн бүхий л хэсгийг хамарсан бүрэн хэмжээний мөстлөг байсан юм. Хэрэв бүрэн мөстлөгийн үед дэлхийг сансраас харвал аварга том цасан бөмбөлөг мэт харагдах байсан биз ээ.


Энэ таамаглалд тулгуурлан Харвардын их сургуулийн профессор Пол Хаупманы хийсэн судалгаагаар дэлхийн амьдралд үзүүлэх бүрэн мөстлөгийн нөлөө хэтэрхий ноцтой байсныг харуулжээ. Үр нөлөөг нь ойлгомжтой болгох үүднээс өнөөгийн дэлхийд бүрэн мөстлөг тохиолдох үйл явцыг супер компьютерийн симуляцийн тусламжтайгаар судалжээ. Хамгийн сүүлд тохиосон бага мөстлөгийн үе дэлхийн бөмбөрцгийн хойд өргөргийн 37 хэмд байрлах Токио хотод нөлөөлөөгүй гэдэг. Тэгвэл бүрэн мөстлөгийн үед тус хотын тэнгэр баганадсан өндөр барилгууд хүртэл цас мөсөөр хучигдаж үзэгдэхгүй болсон байв. Симуляцийн үр дүн Токио хот орчимд 1000 м зузаан бүхий мөсөөр бүрхэгдэхийг харуулжээ. Бүрэн мөстлөг дэлхийн хоёр туйлаас эхлэн аажим хурдаар явагдана. Энэ үед амьтны төрөл зүйлүүд экваторыг чиглэсэн их нүүдэл хийх нь мэдээж. Гэхдээ мөстлөгийн хурд экватор руу ойртох тусам ихэсч, эцэст нь дэлхийн хамгийн халуун бүс нутаг -50 хэмийн хүйтэн бүхий цас мөсний орон болон хувирна. Ургамал үгүй болж, түүгээр хооллох өвсөн тэжээлт амьтад, улмаар махан тэжээлт амьтад ч харангадаж үхэхэд хүрнэ. Далайн усны түвшнээс дооших 1000 м хүртэл хэсэг хөлдөнө. Энэхүү зузаан мөсний доорхи ус дэлхийн амьдралын сүүлчийн хоргодох газар байх боловч тэнд нарны гэрэл хүрэхгүй. Фотосинтез явуулах далайн ургамал, планктон устаж, түүгээр хооллох загас, далайн амьтны төрөл зүйлд мөхлөөс өөр зам үлдэхгүй. Хэдэн сая жил үргэлжлэх дэлхийн бүрэн мөстлөг фотосинтезийг зогсоож, ургамал амьтны хоол тэжээлийн гинжин хэлхээг устгаж, дэлхийг үхмэл гариг болгон хувиргах аймшигт үзэгдэл юм.

Гэхдээ 600 сая жилийн өмнө тохиосон бүрэн мөстлөгийн үеийн нөхцөл байдал арай өөр байжээ. Эх газарт ургах ургамал ч, хөдлөх амьтан ч үл үзэгдэж, дэлхий зөвхөн бичил биетний ертөнц байв. Тухайн үеийн амьдралын хэлбэр болсон бичил биетнүүд далайн усанд амьдарч байжээ. Тэдгээрээс голлох гурван төлөөлөгч нь бүрэн мөстлөгийн түүхийн гол баатрууд юм. Эхнийх нь бидний өвөг дээдэс болох чоанофлагеллат (choanoflagellate) юм. Хоёрдахь нь тэдний чухал хамтрагч болох фотосинтетик организм (photosynthetic organism) бөгөөд нарны гэрлийг ашиглан хүчилтөрөгч болон тэжээлийн бодисыг үүсгэдэг. Чоанофлагеллат нь энэхүү хүчилтөрөгчөөр амьсгалж, тэжээллэг бодисоор хооллож амьдарч байжээ. Тэгвэл 3 дахь бичил биетэн нь одоогоор бүрэн тодорхой болоогүй байгаа дэлхийн бүрэн мөстлөгийн шалтгаан болсон байх магадлал тун өндөр байна.



Харин энэхүү гуравдах бичил биетэн өнөөгийн дэлхийд ч амьдарсаар байна. Америкийн зүүн өмнөд хэсэгт орших Окофинокий дархан цаазат газрын урт өргөнөөрөө 40-60 км үргэлжлэх намгархаг нутаг 1м орчим гүн бүхий усаар бүрхэгджээ. Хэрэв усны ёроолын хөрсийг хутгавал хөөсний хамт шавар мэт зүйл усны гадарга дээр хөвөн гарч ирдэг. Усны ёроолд хуралдсан навч зэрэг органик бодисыг задлаж хооллох бичил биетнүүдийн бөөгнөрөл шавар мэт харагдах бөгөөд тэдний үүсгэсэн метан хий хөөс болон ялгардаг байна. Метан хий нь бидний гал тогоонд хэрэглэдэг шатах хийтэй адилхан юм. 600 сая жилийн өмнө амьдарч байсан гуравдагч бичил биетэн метанийн бактери (methane bacteria)-ийн үүсгэсэн метанийн хий дэлхийн агаар мандлын дулааныг тогтвортой хадгалахад голлох үүрэг гүйцэтгэж байв.


Метан нь хүлэмжийн нөлөөгөөр өнөөгийн бидэнд тулгамдаж буй нүүстөрөгчөөс 20 дахин илүү. Метаний бактери дэлхийн дулааныг тогтвортой хадгалж, бидний өвөг дээдсийн амьдрах нэгэн чухал нөхцлийг хангаж байв. Гэвч голлох гурван төрлийн бичил биетний тэнцвэр алдагдсанаас эмгэнэлт сүйрэлд хүргэх үйл явдал эхэлжээ. Фенсилваний их сургуулийн профессор Жим Кастинг фотосинтетик организмийн үйл ажиллагаа метаний хийг устгахад хүргэсэн гэж үзэж байна. Метан нь хүчилтөрөгчтэй урвалд орохдоо амархан. Хэрэв тэр үед хүчилтөрөгч их хэмжээгээр ялгарсан бол дэлхийг дулаарлыг хадгалж байсан метаны хийтэй урвалд орж, түүнийг үндсэндээ устгана. Метанаа алдсан дэлхийн агаар мандал нарны илчтэй хамт ирсэн дулааныг сансарт буцаан алдах болсноор огцом хөрч, бүрэн мөстлөг болоход хүргэв. Бичил биетнүүдийн үйл ажиллагаа агаар мандлын дулааныг амьдрах нөхцлийн хамт хадгалж байсан бол бүрэн мөстлөгийг үүсгэж, амьдралыг устгахад хүргэсэн буруутан нь мөн адил бичил биетнүүд өөрсдөө байв. Идэвхжин амьдарч, үржиж олшрох гэсэн амьдралын төрөлхийн мөн чанар өөрсдийнх нь эмгэнэлт төгсгөлийг урин дууджээ.

Гэхдээ бичил биетнүүд бүрэн мөстлөгийг хэрхэн тэсэн гарч, амьд үлдэж чадав. Асуултын хариуг олоход бичил биетний ангууч доктор Биго Марчинсоны аялал туслана. Тэрээр эмийн судалгаанд нэмэр болох ховор гени бүхий бичил биетнүүдийг эрж, -20 хэмийн хүйтнийг ч үл ажран, их мөстлөгийг санагдуулах Исландын нутгаар тэнүүчилдэг нэгэн юм. Нэг ч амьтангүй үхмэл мэт санагдах энэ нутаг түүний хувьд эрдэнэсийн уул мэт гэх. Аялал эхэлснээс хойш 3 хоногийн дараа Биго цас мөсөн дундаас оргилох цагаан ууранд хүрчээ. Ойртон очвол газрын гүнээс урсан гарч ирэх халуун рашаан байв. Рашааны урсах хэсэгт ногоон замаг мэт зүйлс тунаж янз бүрийн бичил биетнүүдийг их хэмжээгээр агуулж байв. Хамгийн олон байх нь фотосинтетик организм бөгөөд түүний үүсгэсэн фотосинтезийн нөлөөгөөр ногоон өнгийг үүсгэжээ. Тэгвэл түүний эргэн тойронд үүсгэсэн тэжээллэг бодисоор нь хооллох бусад төрлийн бичил биетнүүд амьдарч байв. Дэлхийн бүрэн мөстлөг газрын гүний болон галт уулын идэвхжилд үл нөлөөлөх учир дэлхийн дотоод дулаан бичил биетнүүдийг хоргодон амь гарахад туслажээ.


Харин бүрэн мөстлөг дуусах үед тэсч үлдсэн бичил биетнүүдийг үсрэлтийн чанартай гайхамшигт хувьсал хүлээж байв. Үүний баталгаа Намиби улсын нутаг дахь чулуулгийн дундаас олдсон байна. Чулууны гадаргад үлдэж, навч эсвэл загасыг санагдуулах хээ мэт зүйл 30 см урттай том биет амьтны үлдэгдэл юм. Амьд амьтад бичил биетэн байхаа аль хэдийн больж, том оврын бие махбодыг олсон байв. Дэлхийд үүссэн хамгийн анхны том оврын биет амьтанд тооцогдон Птеридин (Pteridinium) хэмээн нэрлэгдсэн энэ амьтан навч ч загас ч биш бөгөөд хүний уруул мэт хэлбэр дүрстэй гайхалтай амьтан юм. Далайн ёроолын элсэнд хагас булагдсан байдлаар амьдарч байсан хэмээн эрдэмтэд төсөөлж байна. Тэгвэл Сибирээс илүү нарийн төвөгтэй бүтэц бүхий амьтны үлдэгдэл олджээ. Чулуун дээр тамгалсан мэт 5 ширхэг ор үлдээсэн амьтан бол 30 см орчим урттай Ёргия (Yorgia) юм. Тэрээр далайн ёроолоор мөлхөн, тэжээллэг бодисоор хооллон амьдарч байжээ. Мөн Сибирээс олдсон Кимберелла (Kimberella) хэмээх амьтан яст мэлхийтэй төстэй биеэсээ хүзүү мэт эрхтнээ сунгаж, хооллодог байжээ. Ийнхүү нэгэн зэрэг үүсэн бий болсон том оворт амьтадын дунд бидний шинэ өвөг дээдэс ч бас том хэмжээний бие махбодиор өөрийн байр суурийг эзлэх болсон байв.





Тэдний дунд саяхан нээгдээд, нэр өгч амжаагүй амьтан ч бас бий. Шанаган хорхой мэт хэлбэрийн уг амьтныг бидний өвөг дээдэс гэдэгт Өмнөд Австралийн Музеин профессор Жэймс Кэринг итгэж байна. 6 см хэмжээтэй бие бүхий энэ амьтан бичил биетнээс 100 мянга дахин томорч, хувьслын хувьд аварга том үсрэлт хийжээ. Энэ цаг үед нэгэн үүссэн том оврын амьтны төрөл 100-аас давж, Эдиокарийн аймаг (Ediacara biota) хэмээн нэрлэгдэх болсон юм. Бичил биетнүүд хэрхэн том оврын биетэй болсны учрыг бидний хажууханд байх өнөөгийн нэгэн амьтан хэлж өгчээ. Эртний амьтадын амьд үлдэгдлүүдийн нэг, ургамал хэлбэрийн зөөлөн биет далайн перь (sea pen) юм. Эдиокарийн аймгийн амьтадын үлдэгдэл гэгдэх далайн перь нурууны ясгүй боловч түүний биеийг тогтоон барих үүргийг нэгэн төрлийн уураг гүйцэтгэдэг байна. Энэ нь гоо сайхны түүхий эд гэдгээрээ алдартай коллаген юм. Коллаген нь хагас тунгалаг цэлцэгнүүр мэт бодис бөгөөд түүнийг эстэй хольж өсгөвөрлөхөд жинхэнэ хүч чадлыг нь мэдрэнэ. Эсүүд коллагений үүсгэсэн торлог бүтцийн гадна дотно талаар байрлаж, идэвхтэй өсөн үрждэг. Харин дангаар нь өсгөвөрлөсөн эсүүдийн үржил хэд дахин бага байдаг байна. Эдиокарын аймгийн амьтад том биетэй болон хувирахад коллаген чухал үүрэг гүйцэтгэж, биеийх нь хэлбэрийг хадгалан тогтоон барихад туслажээ.


3 тэрбум 500 сая жилийн туршид бичил биетэн байсан бидний өвөг дээдэс юуны учир гэв гэнэт коллаген ихээр үйлдвэрлэж, асар богино хугацаанд том оврын биетэй болсны нууц бүрэн мөстлөгийн төгсгөл хэсэгтэй холбогдожээ. Дэлхий хэдэн сая жилийн турш цас мөсөөр бүрхэгдэж байсан ч галт уулын идэвхжил тогтвортой үргэжилж байв. Иймд галт уулын дэлбэрэлтээр ялгарсан нүүрсхүчлийн хий агаар мандлыг эрс дулааруулахад хүргэжээ. Өнөөгийн дэлхийд адил гарал үүсэл бүхий нүүрсхүчлийн хий далайн усанд бараг бүрэн шингэдэг. Тэгвэл далай зузаан мөсөөр бүрхэгдэж байсан тухайн үед нүүрсхүчлийн хий зөвхөн агаарт л хуримтлагдаж байв. Хэдэн сая жилийн турш хуралдсан нүүрсхүчлийн хийн агууламж өнөөгийн дэлхийнхээс 300 дахин их хэмжээнд хүрэх үед хүчтэй хүлэмжийн үзэгдлийн нөлөөгөөр мөс хайлж эхэлжээ. Ийнхүү бүрэн мөстлөг дууссаны дараа агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ огцом нэмэгдсэн хэмээн бүрэн мөстлөгийн таамаглалыг дэвшүүлсэн Каршивинк үзэж байна. Бүрэн мөстлөгийн өмнө хэдийгээр фотосинтетик организмууд их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулж байсан ч түүнийг нь бусад бичил биетнүүд бараг бүрэн хэрэглэж байсан тул агаарт хуримтлагдахгүй байв. Тухайн үед агаар дахь хүчилтөрөгчийн агууламж одоогийнхоос 20 дахин бага байсан хэмээн эрдэмтэд тооцоолж буй.

Гэвч бүрэн мөстлөгийн төгсгөл үе агаар дахь хүчилтөрөгчийг огцом нэмэгдүүлэхүйц нөлөө үзүүлжээ. Мөсийг хайлуулсан агаар дахь нүүрстөрөгчийн нөлөөгөөр -50 хэм байсан дэлхийн агаарын дундаж хэм +50 болтлоо нэмэгдэв. Хэт халуунаас үүдэн далайн ус их хэмжээгээр ууршиж, төв хэсгийн даралт 300 Гекта Па, 300 м/с хурд бүхий аварга хар салхийг үүсгэх болжээ. Өнөөгийн үед төсөөлөхийн аргагүй аварга хар салхи далайн эрэг орчимд 100м өндөр давалгаа үүсгэв. Бүрэн мөстлөгийн үед далайн ёроолын галт уулнаас ялгарсан тэжээллэг бодисууд их хэмжээгээр хуримтлагджээ. Гэхдээ амьд амьтад бараг мөхөөд байсан тул түүнийг хэрэглэж задлах нөхцөл үгүй байв. Аварга  хар салхи далайн усыг хольж хутгаснаар гүнд хуримтлагдсан тэжээллэг бодисыг усны гүехэн хэсэгт гаргаж иржээ. Амьтад ч энэ боломжийг чадварлаг ашиглав.


Тэжээллэг бодисоор элбэг далайн усанд нарны гэрэл тусам үед халуун рашаан зэрэгт хоргодон бүрэн мөстлөгийг тэсэн гарсан фотосинтетик организм тэсрэх мэт үржиж эхэлжээ. Тэдний нөлөөгөөр фотосинтез идэвхтэй явагдаж, их хэмжээний хүчилтөрөгчийг нэгэн зэрэг ялгаруулав. Нарны гэрэлд татагдан усны өнгөн хэсэгт их хэмжээгээр цугларсан фотосинтетик организм тухайн үеийн далайг ногоон өнгөөр туяаруулж байв. Ийнхүү дэлхий хүчилтөрөгчөөр баялаг гариг болон хувирчээ. Харин агаар дахь нүүрстөрөгчийн ихэнх хэсэг мөснөөс ангижирсан далайн усанд шингэв. Өнөөдөр агаар дахь агууламж нь 20%-д хүрээд байгаа хүчилтөрөгч бүрэн мөстлөгийг тэсэн гарсан амьдралын хүчээр бий болсон зүйл юм. Тэр үед бидний өвөг дээдэс хүчилтөрөгчийг их хэмжээгээр сорж, түүнд агуулагдах их хэмжээний энергийн тусламжтайгаар бие дотроо коллаген үүсгэх болжээ. Үнэндээ коллаген үүсэх анхны нөхцөл нь их хэмжээний хүчилтөрөгч юм. Ийнхүү 3 тэрбум 500 сая жилийн хугацаанд бичил биетэн байсан амьдрал хэдхэн зуун сая жилийн дотор нүдэнд үзэгдэхүйц том биетэй болон хувирчээ. Хэрэв дэлхийд бүрэн мөстлөг тохиогоогүй байсан бол бид өнөөдөр ч бактериэс илүү том биетэй болон хувирч чадахгүй байсан биз ээ.

Бүрэн мөстлөгийг давсан бидний өвөг дээдэс ч бас их хэмжээний хүчилтөрөгчийг хэрэглэн, бие дотроо коллагенийг үүсгэж, бидэнтэй төстэй том овор бүхий биеийн бүтцийг олж эхэлжээ. Бидний буюу сээр нуруутны өвөг гэгдэх амьтны нуруунд үзэгдэх хар судал коллагенаас бүрдэх нурууны ясны эртний хэлбэр ажээ. Мөн толгойд нь ямар нэгэн мэдрэхүйн эрхтэн - нүдний эртний хэлбэр байх магадлал өндөр. Коллаген ашиглан биеэ томсгосон эртний амьтад хүнд хүртэл үргэлжлэх хувьслын анхны босгыг бүрэн мөстлөгийн дараа алхжээ. Түүнээс хойш бидний дээд төрөлтөнгүүд коллагенаар янз бүрийн эрхтэн бүтээж, үргэлжлэн хувьсав. Хүний биеийг тулах тулгуур - ясны 90% нь коллагенаас бүрддэг. Яс нь үнэндээ калци зэрэг бусад бодисыг агуулсан коллагений бөөгнөрөл юм. Хүний арьсны 70 хувийг коллаген бүрдүүлдэг. Хүний нүдний эвэрлэг бүрхэвчийг коллагенаар урласан урлагийн бүтээл гэхэд хилсдэхгүй. Судасны хэлбэрийг бүрдүүлэгч нь мөн л коллаген юм. Бүрэн мөстлөгийг давсан бичил биетнүүд эх дэлхийгээ хүчилтөрөгчөөр баялаг болгон хувиргаж, биднийг өнөөгийн дүр төрхийг олох найдвартай замыг засч өгчээ. Амьдрал нүдэнд үзэгдэх хэмжээнд хүрснээс хойш 600 сая жил өнгөрч, өнөөдөр тэр амьдралын гэрэл гэгээг сансраас ч харах боломжтой болов.


үргэлжилнэ ...