Hugvie - зүрхний цохилт дамжуулах харилцааны хэрэгсэл

ATR компани хүн дүрст дэр хэлбэрийн харилцааны робот Hugvie-г танилцуулсан байна. Hugvie-ийн толгой хэсэгт гар утас байрлуулж, түүгээр ярих үед харилцан ярилцагчийг илүү ойр дотно мэдрэх боломжтой юм. Роботын их биед суурилагдсан микрофон болон хос вибраторын тусламжтайгаар ярилцаж байгаа хүний дуу хоолойны онцлогоос хамааруулан зүрхний цохилттой төстэй чичиргээг үүсгэдэг байна. Өөрөөр хэлбэл хоолойны өнгө болон дууны чанга сулаас хамааран харилцагчийн "зүрхний цохилт" хурдасч, удааширч байгааг "тэвэрч" мэдрэх боломжтой юм.

Урьд нь бүтээгдэж байсан адил төрлийн теленойд роботыг ганц бие өндөр настангууд ихэвчлэн тэвэрч ярилцах хэлбэрээр ашиглаж байжээ. Теленойд төрлийн ийм роботуудыг бусад олон янзын үйлдэл хийх чадвартайгаар бүтээх боломжтой боловч энэ удаад гар утасны харилцан яриа, хүний биетэй төстэй зөөлөн биетэд тулгуурласан хамгийн энгийн хэлбэрийг сонгож авсан байна.

4,935 иений үнэтэйгээр худалдаалагдаж эхлээд байгаа Hugvie-г өндөр настангууд, хүүхдүүд, мөн хосууд, эцэг эхчүүд хүүхдүүтэйгээ хамтран ашиглахад тохиромжтой юм. Зохион бүтээгч Осака их сургуулийн профессор Ишикүро цаашид уг роботыг араг ястайгаар бүтээхээр төлөвлөж байна. Мөн илүү олон вибратор болон бусад мэдрэгчүүдийг суулгаж роботыг хүчтэй тэврэх үед түүний хөдөлгөөн харилцан ярилцагчийн роботод дамжиж бодит хүнийг тэвэрч байгаа мэт мэдрэмжийг үүсгэхийг зорьж байна.

Дашрамд дурдахад уг роботыг ашиглах хэлбэр, зориулалт өмнө мэдээлж байсан үнсэлтийг дууриах хүртэх мэдрэхүйн харилцааны төхөөрөмж болон мэдрэхүйг дамжуулах роботтой төстэй санагдана. Эдгээр робот төхөөрөмжүүд нь хүнтэй адил олон төрлийн мэдрэх чадвар бүхий робот, эсвэл робот аватарыг бүтээх замын эхлэл ч байж магадгүй юм.






эх сурвалж, diginfo

Цусны даралт ихсэх өвчинг бүрэн эмчлэх найдвар төрж байна

Эмийн нөлөөлөл багатай цусны даралт ихсэх өвчин бүхий өвчтөний бөөрний ойролцоох мэдрэлийн судлын хэсгийг тайрах мэс засал хийж, 250 мм м.у.б хүртэл нэмэгддэг байсан өвчтөний цусны даралтыг 130 мм м.у.б буюу хэвийн хэмжээнд хүртэл бууруулах эмчилгээг Японы Хиого их сургуулийн эмч нар амжилттай хийсэн байна. Фүжи Кеничи тэргүүтэй эмч нарын баг өнгөрсөн 2-р сард 72 настай өвчтөнд гуяны судсаар дамжуулан катетер хэмээх нарийхан гуурс оруулж, бөөрний артерийн судасны эргэн тойронд байрлах симпатик мэдрэлийн судлын хэсгийг тайрах мэс засал хийжээ.

Тэдгээр мэдрэлийн судлууд "судасыг нарийсга" зэргээр цусны даралтыг ихэсгэх дохиоллыг тархи болон биеийн хэсгүүдэд дамжуулах үүрэг гүйцэтгэдэг байна. Харин нэг цаг гаруй үргэлжлэх мэс заслаар уг мэдрэлийн судлыг тайрч цусны даралт нэмэгдэхэд нөлөөлдөг физиологийн механизмыг зохиомлоор зогсоодог байна. Эмчилгээний энэ шинэ аргыг 3 жилийн өмнө Австралийн эмч нар анх эмнэлгийн практикт хэрэглэсэн бол энэ удаагийнх Япон улсад хийгдсэн анхны тохиолдолд тооцогдож байна.

Мөн бусдад улс орнуудад хийгдсэн мэс заслын тохиолдлуудыг оролцуулаад ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн тухай мэдээлэл хараахан байхгүй байгаа юм. Иймд Япон улсын Цусны Өндөр Даралтын Нийгэмлэг цаашид эмчилгээний үр дүн болон түүнээс үүдэн гарч болох эрсдлүүдийг сайтар нягталж, шалгасан тохиолдолд цусны даралт ихсэх өвчинг бүрэн төгс эмчлэх магадлалтай арга хэмээн мэдэгдэв. Одоогийн байдлаар тус улсад гурав болон түүнээс дээш төрлийн эм хэрэглэдэг ч цусны даралт буурдаггүй өвчтөний тоо 10 саяас давж байна. Тэдгээр өвчтөнүүд тархины цус харвалт, зүрхний шигдээсийн айдас дунд амьдарч байна гэхэд хилсдэхгүй. Фүжи Кеничи нар цаашид мэс заслын эмчилгээний шинэ аргыг өргөжүүлэхээр төлөвлөж байна.


Дашрамд дурдахад катетер буюу 3 - 5 мм-ийн гуурсыг гуяа болон шууны артерийн судсаар оруулан судсан цусны бүлэгнэлийг арилгах, тархи, зүрх зэрэг биеийн шаардлагатай хэсгүүдэд богино хугацаанд эмийг хүргэх зэрэг эмчилгээ өндөр хөгжилтэй орнуудад хийгдэж байна. Ялангуяа тархинд цус харвах зэрэг зүрх судасны өвчний эмчилгээнд өргөнөөр ашиглагддаг. Ийм төрлийн эмчилгээний нэг төрөл болох судсанд стент суулгах мэс заслын тухай өмнө нь тус блогт мэдээлж байсан билээ.

Катетерийн эмчилгээ нь өвчтөнд бараг ямар ч зовиургүйгээр, богино хугацаанд хийгдэх боломжтой боловч эмч нараас нарийн ур чадвар шаарддаг. Мөн гуурсны хөдөлгөөнийг хянах рентген төхөөрөмж зэрэг тусгай тоног төхөөрөмжүүд шаардлагатай байдаг. Манайд ийм төрлийн эмчилгээний технологи ямар түвшинд байгаа талаар мэдээлэл байхгүй байна. Харин Солонгос зэрэг улсуудад адил төрлийн эмчилгээ хийлгэх боломжтой боловч өртөг зардлын хувьд өндөр гарах нь мэдээж юм.


эх сурвалж, NHK news

Мэдрэхүйг хуурч турна

Хэрэглэж буй хоол хүнснийхээ хэмжээг зохистой хэмжээнд барих нь турах буюу жингээ барихад голлон нөлөөдөг боловч илүүдэл жинтэй ихэнх хүмүүст энэ нь туйлын хүндрэлтэй санагддаг. Харин хооллох үеийн сэтгэл ханамж амтлах, үнэрлэх, харах мэдрэмжээр дамжин үүсдэг гэж үзэж болно. Тэгвэл эдгээр мэдрэмжүүдийг хуурах замаар хооллолтын зохистой хэмжээг тохируулж, турахад туслах төхөөрөмжийг япончууд бүтээж байна.


Турахыг хүсэгчид Google-ийн Project Glass-тай адил технологи бүхий "нүдний шил"-ийг зүүснээр идэж байгаа хоолны хэмжээ 50%-иар ихсэж харагдах бөгөөд илүү их хэмжээний хоол идэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Туршилтаар уг нүдний шилийг зүүсэн хүн зүүгээгүй хүнээс 9.3%-иар бага хэмжээний жигнэмэг бага идэж байжээ. Эсрэгээр жигнэмэгийн хэмжээг 33% багасгаж харагдуулахад идэх хэмжээ 15 хувь болж нэмэгдсэн байна.


MetaCookie+ хэмээх өөр нэгэн төхөөрөмж хооллож буй хүний нүдэнд хоолны дүрслэлийг үзүүлэхээс гадна үнэрийг ч бас давхар мэдрүүлнэ. Энэ төхөөрөмж олон төрлийн хоолны үнэр ялгаруулж, амтлах мэдрэмжийг хийсвэрээр үүсгэдэг байна. Тухайлбал нэгэн төрлийн ердийн жигнэмэгийг олон төрөл болгон хувиргах чадвартай. Эдгээр концепт төхөөрөмжүүдийг Токио их сургуулийн профессор Мичитака Хиросэгийн удирдсан судлаачид бүтээж байгаа юм.


Эдгээр төхөөрөмжүүд одоогоор зөвхөн туршилтын шатанд байгаа учир хэрэглэгчдийн гарт хүрэх эсэхийг хэлэх боломжгүй. Гэхдээ турахыг хүсэгчид шууд хэрэгжүүлж болох адил төстэй хялбар арга бас байгаа бололтой. Хөх өнгө хоолны дуршилыг хариуцсан тархины хэсэгт нөлөөлдөгийг Юүмэтай компани судалгаагаар тогтоосон байна. Хөх өнгийн линз бүхий нүдний шил зүүснээр хоол хүнс тийм ч их сэтгэл татам харагддаггүй ажээ.




эх сурвалж, mailonline

Эйнштейний зөв байсан уу

Dario Autiero, Giulia Brunetti нарын судалгааны хүрээнд зөвхөн нейтрино бөөмийн хурдыг хэмжиж гэрлийн хурдны тоон утгатай харьцуулсан нь учир дутагдалтай гэж зарим эрдэмтэд үзэж байна. Тэдний бодлоор яг адил орчинд адил нөхцөлөөр нейтрино бөөм болон гэрлийн бөөмсийг "уралдуулах" замаар хэмжилт хийсэн тохиолдолд илүү бодитой үр дүн гарах ёстой. Гэвч бодит байдалд зөвхөн гэрэл нэвтрүүлэх туршилт хийж зорилгоор 732 км урт бүхий туннел байгуулах боломжгүй юм. Харин үүнтэй яг адил хэлбэрээр туршилтын үр дүнг шалгах боломж байгааг эрдэмтэд олж харсан байна.

1987 онд болсон нэн шинэ одны дэлбэрэлтээс ялгарсан нейтрино бөөмсийг Япон улсын сансарын туяаны ажиглалтын Камиока хүрээлэн дэлхийд анх удаа бүртгэж авчээ. Харин 160 мянган гэрлийн жилийн зайд байрлах уг одны дэлбэрэлтийг илтгэх гэрэл, түүнээс ялгарсан нейтрино бөөмс ойролцоо хугацаанд дэлхийд хүрч ирсэн байна. Энэ нь гэрэл болон нейтрино бөөмсийн хурд бараг адил гэдгийг илтгэж Dario Autiero, Giulia Brunetti нарын судалгааны үр дүнтэй зөрчилдөж байгаа юм.

Хэрэв нейтрино бөөм гэрлээс 57.8 наносекундээр илүү хурдалдаг нь үнэн бол нэн шинэ одны дэлбэрэлтээс үүсэх эгэл бөөмс түүний гэрлээс 4 жилийн өмнө дэлхийд ирэх ёстой. Хэдий тийм боловч үүнийг шууд хүлээн зөвшөөрч "нейтрино бөөм гэрлээс илүү хурдалдаггүй" хэмээн дээрх судалгааг барин тавин няцаах боломжгүй юм. Учир нь судалгааны үр дүн болон нэн шинэ одноос ирсэн бөөмсийн хэмжилтийг аль алиныг нь хүлээн зөвшөөрч болох таамаглалыг эрдэмтэд өмнө нь аль хэдийн дэвшүүлсэн байна.

Шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн түвшинд биднийг орон зай, цаг хугацааны дөрвөн хэмжээст ертөнцөд оршин байгаа гэж үздэг. Эрдэмтэд 5 болон түүнээс дээш хэмжээст ертөнцийн онолуудыг дэвшүүлдэг боловч тэдгээрийг бодит амьдралд хараахан батлах боломж алга байна. Гэхдээ бидний оршин байгаа орчлон ертөнц 4-өөс илүү олон хэмжээстэй бол гэрэл болон эгэл бөөмсийн хурдтай холбоотой дээрх эсрэг тэсрэг үзэл бодлуудыг аль алиныг нь зөвтгөх боломж гарч байгаа юм.

Үүнийг энгийн хүмүүст ойлгомжтой хэлбэрээр тайлбарлах үүднээс бидний оршин байгаа 4 хэмжээст ертөнцийг долгиолсон киноны хальс хэлбэртэй хэмээн төсөөлье. Бидний оршин байгаа орчлон ертөнц киноны кадр мэт зөвхөн хальсны гадарга дээр л оршино. Бид энэ ертөнцдөө түгжигдсэн байгаа учир хальсны гадаргаас гарч хараахан чадахгүй. Бидэнтэй адил гэрэл ч бас зөвхөн энэ хальсны гадарын дагуу л тархана. Харин нейтрино бөөмс материйг нэвтлэн гардаг учир олон хэмжээст ертөнцөд чөлөөтэй зорчих чадвартай.

Магадгүй энэ чадварын ачаар хальсны гадарганаас тасран гэрлээс илүү богино зай туулж, түүнтэй адил хугацаанд дэлхийд ирдэг байж болно. Энэхүү тайлбар нь онолын физикчдийн дэвшүүлдэг олон хэмжээст онолуудын нэг braneworld-ын энгийн тайлбар бөгөөд Эйнштейнийг ч, Dario Autiero нарыг ч уг онолоор зөвтгөх боломжтойг харуулж байгаа юм. Эсрэгээрээ хэрэв нейтрино бөөмс гэрлээс хурдалдаг нь үнэн бол braneworld онолын шууд бус нэгэн нотолгоо болно гэж зарим эрдэмтэд үзэж байна.


Нейтрино бөөмсийн хурдыг хэмжсэн судалгааны үр дүнг танилцуулснаас хойш бусад эрдэмтэд ч мөн адил уг бөөмийн хурдыг өөр аргачлалаар хэмжих, анхны туршилтын үр дүнг үнэн эсэхийг шалгах туршилтуудыг хийхээр төлөвлөв. Тухайлбал оросын эрдэмтэд голлон оролцсон Borexino төслийн хүрээнд саванд байрлах тусгай шингэн бүхий хүлээн авагч төхөөрөмжийн тусламжтайгаар нейтрино бөөмсийн хурдыг илүү өндөр нарийвчлалтайгаар тодорхойлох туршилт хийхээр төлөвлөжээ.

Мөн итали, польшийн эрдэмтэдийн хамтарсан Ikarus төслийн нэгэн шинэ зорилго мөн адил хэмжилтэд чиглэж Opera төслийн үр дүнг няцаасан эрдэм шинжилгээний онолын өгүүллийг хэвлүүлжээ. Нейтрино бөөмс үнэхээр гэрлээс илүү хурдан бол туршилтын үед хүлээн авагч төхөөрөмжид бүртгэгдсэн бөөмс энергиэ алдах ёстой. Гэвч анхны судалгаагаар энэ төрлийн үр дүн огт гараагүй байгааг тэд онцолж уг санаагаа туршилтаар батлахыг зорив. Opera төслийн баг ч мөн адил эгэл бөөмсийн үүсгүүр орчимд шинэ төрлийн мэдрэгч төхөөрөмжүүд суурилуулан хяналтын цэгүүдийг олшруулж туршилтыг давтан явуулахаар төлөвлөв.

Харин энэ оны 2-р сарын сүүлчээр Opera төслийн баг өмнөх туршилтад техникийн шалтгаанаар алдаа гарсан, нейтрино бөөмс гэрлээс илүү хурдалдаггүй тухай зарлав. Мөн Ikarus төслийн баг ч бие даасан судалгааны үр дүнд тулгуурлан адил үр дүнг танилцуулсан юм. Энэ удаад эгэл бөөмс гэрлээс илүү хурдалсангүй. Алдарт Эйнштейний харьцангуйн онол ч няцаагдсангүй.

Орчин үеийн шинжлэх ухаан хэдийгээр хөгжлийн өндөр түвшинд хүрээд байгаа боловч толгой дээр алим унах төдийд огт санамсаргүй байдлаар шинэ шинэ нээлт хийдэг цаг домог болж физикийн шинжлэх ухаан мухардалд ороод байна гэхэд хилсдэхгүй. Онолын физикчид орчлон ертөнцийн зүй тогтлын талаар атом, цөмийн түвшинд хүртэл элдэв онолуудыг Эйнштейнээс хойш сүүлийн 100 жилийн турш боловсруулсаар ирсэн. Тэдгээр онолууд цаасан дээр, комьютерээр тооцоолсон томьёогоор батлагддаг боловч бодит амьдрал дээр нотлож шалгах техникийн боломжийг бүрдүүлж чадаагүй л байна.

Энэ чиглэлд хийгдэж байгаа хамгийн дэвшилтэт оролдлого нь ЕЦСБ-ын LHC хурдасгуур боловч түүнд тулгуурлан хийсэн судалгаанууд мөн л хараахан бүрэн төгс хийгдэж чадахгүй байгааг нейтрино бөөмсийн хурдыг хэмжсэн судалгаа харуулж байгаа юм. LHC хурдасгуур 2008 онд ашиглалтад орсон ч түүний тусламжтайгаар өнөөдрийг хүртэл шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн ямар нэгэн тодорхой нээлт хийгдээгүй байна. Нейтрино бөөмсийг байг гэхэд онолын түвшинд байх ёстой хэмээн таамаглагдаж байгаа гэрлээс хурдан бөөмс магадгүй маргаашийн шинэ туршилтаар нотлогдохыг үгүйсгэх аргагүй юм.

Дашрамд дурдахад өмнөх мэдээлэлд бичигдсэн сэтгэгдлийн дагуу тодруулга оруулж байна. Нэргүй нэгэн уншигч нейтрино бөөмс гэрлээс илүү хурдалдаггүй тухай сүүлийн судалгааны үр дүнг дурдаад "haritsanguin onol unuudur hurtel heveerei bna", "iim chuhal sedev nichij baigaa bol ugt ni ortol sudlaad bichij baival sain bna" хэмээн шаардсан байсан. Нэгдүгээрт хэрэв өмнөх бичлэгийн төгсгөлд "үргэлжилнэ..." хэмээн бичсэний дагуу тэвчин хүлээж, өнөөдрийн бичлэгийг хүргэсэн бол Эйнштэйн болон өөр хэн нэгний ямар нэгэн онолыг няцаахыг хүсээгүй, зөвхөн мэдээлэл өгөх зорилготой гэдгийг ойлгох байсан биз.

Хоёрдугаарт мөн адил сэдвээр монгол хэлээр интернетээс хайлт хийж үзэхэд иймэрхүү, бас иймэрхүү мэдээлэл олдож байгаагаас хэн нь "chuhal sedev"-ээр хэр зэрэг "ugt ni ortol sudlaad bichij bai"-гааг ч бас ойлгох биз. Өмнөх мэдээллийн төгсгөлд "уг судалгааны үр дүн хараахан няцаагдаагүй байна" гэсэн нь мэдээлэл цаг хугацааны хувьд оройтсоноос гарсан алдаа юм. Учир нь бичлэгийг NHK телевизийн Science Zero нэвтрүүлгийн 2-р сарын 11-ний өдрийн дугаарыг үндэслэн тухайн үед бэлтгэж блогийн draft-д хадгалсан байсан бөгөөд бичлэг блогт автоматаар нийтлэгдсэн болно. Харин нейтрино бөөмс гэрлээс илүү хурдалдаггүй тухай шинэ судалгааны мэдээлэл 2-р сарын эцсээс мэдээллийн хэрэгслүүдээр цацагджээ. Мөн "Блогт нийтлэгдсэн материалд орчуулга, хэлзүйн болон бусад ямар нэгэн алдаа гарахыг үгүйсгэ"-эгүйг анхаарна уу.


эх сурвалж, NHK

Илүүдэл жинтэй ч эрүүл амьдрах боломжтой

Илүүдэл жинтэй байх нь эрүүл мэнддээ дайсагнасан хэрэг гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Иймдээ ч эмч нараас авахуулаад эрүүл мэндтэй холбоотой мэргэжилтнүүд турах, жингээ барихыг тогтмол зөвлөж, хүмүүс түүнийг хэрэгжүүлэхийг оролдсоор ирсэн. Тэгвэл энэ удаад тарган хүмүүст таатай мэдээ дуулгах гэж байна. Хэрэв эрүүл амьдралын хэв маягийг мөрдөж чадвал тарган хүмүүс ч туранхайчуудаас дутахааргүйгээр эрүүл байж чадна гэдгийг судалгааны үр дүн харуулж байна.

Өмнөд Каролинийн Анагаахын их сургуулийн профессор Eric M Matheson-ы удирдсан эмч нарын баг 14-өөс дээш насны 11,761 хүний BMI үзүүлэлтэд тулгуурласан судалгаа хийж эрүүл амьдралын хэв маяг болон нас баралтын хоорондын хамаарлыг судалжээ. Судалгаагаар өдөр бүр жимс, хүнсний ногоо хэрэглэж зохистой хооллох, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, согтууруулах ундааг тохируулан хэрэглэх, тамхи татахгүй байх зэргээр эрүүл мэнддээ анхаарсан амьдралын зуршил бүхий тарган хүмүүсийн харьцангуй залуугаараа нас барах эрсдэл туранхай хүмүүстэй ойролцоо байдгийг тогтоожээ.

Харин эрүүл амьдралын хэм хэмжээг мөрддөггүй тарган хүмүүс илүү өндөр эрсдэлд байдаг байна. Мөн эрүүл мэндийнхээ төлөө огт санаа тавьдаггүй бол туранхай байх нь илүү үр дүнтэй ажээ. Судалгааны үр дүнг нэгтгэсэн графикийн босоо тэнхлэгт залуудаа нас барах эрсдэлийн итгэлцүүр, хэвтээ тэнхлэгт эрүүл амьдралын зуршлын үзүүлэлтийг тус тус харуулсан байна. Хэрэв эрүүл амьдралын хэмжээг дундаас дээш түвшинд мөрддөг бол BMI индексээс хамааралгүйгээр нас барах эрсдэл бүх хүнд бараг адил байгааг доорхи графикаас харж болно.



эх сурвалж, mailonline

Үе мөчний суулгацын шинэ төрлийн бүрхүүл бүтээжээ

Өндөр настангуудад түгээмэл тохиолддог насжилтаас үүдэх өвчлөлүүдийн нэг нь үе мөчний зөөлөн эдийн элэгдэлээс үүдэлтэй хөдөлгөөний дутагдал билээ. Ийм тохиолдолд өндөр хөгжилтэй орнуудад хиймэл үе мөч (протези) суулгах мэс засал хийгдэж байна. Тухайлбал АНУ-д гэхэд л жил бүр 1 сая гаруй өндөр настан өвдөг болон сүүжний үе мөчний протези суулгуулдаг байна. Тэдгээр суулгацуудын дийлэнх нь сүүлийн жилүүдэд бүтээгдсэн боловч 17 орчим хувь нь харьцангуй олон жилийн өмнө суулгагдсан байдаг ажээ.

Тэгвэл эрт үеийн суулгацууд яснаас хөндийрөн суларсанаас өвдөлт үүсгэж өвчтөнг хүнд зовиурт оруулах тохиолдол цөөнгүй гардаг байна. Эдгээр хүндрэлээс зайлсхийхэд туслах суулгацын бүрхүүлийн материалыг MIT их сургуулийн эрдэмтэд бүтээжээ. Бүрхүүл материал нь суулгацыг сулрах эрсдэлээс сэргийлж урт удаан хугацаанд ашиглах боломжийг бүрдүүлдэг байна.


Сүүжний хиймэл үе мөч нь гол дээр суурилсан бөмбөлөгөөс бүрдэж аарцаг болон дунд чөмөгний ясыг хооронд нь холбодог. Бөмбөлөг нь сүүжний ясанд суулгасан хуванцар хүрээн дотор чөлөөтэй эргэлдэх боломжтой байдлаар холбогдоно. Хиймэл өвдөгний үе мөч ч бас үүнтэй адилхан ялтас, бөмбөлөгөөс бүрдэж дунд чөмөг болон шилбэний ясны хоорондох хөдөлгөөнийг хангадаг. Суулгацыг ясанд тогтоохын тулд мэс засалчид хатуурсан шилтэй төстэй полимер материалаас бүрдэх ясны цементийг ашигладаг байна.

Гэвч зарим тохиолдолд цемент хагарч, суулгац яснаас хөндийрөн мултарсанаас өвчтөнийг хөдөлгөөний дутагдалд хүргэж, үе мөчний өвчлөлийг сэдрээдэг байна. Ийм тохиолдолд ихэвчлэн суулгацыг авч, дахин шинээр суулгах шаардлагатай бөгөөд хүнд хэлбэрийн мэс заслыг давтан хийхээс өөр аргагүй байдалд хүргэдэг. Тэгвэл шинэ бүрхүүл суулгацыг өвчтөний өөрийн биед үүсэх ясны материалаар бүрж бат бэх тогтооход туслана.


Бүрхүүл 100 нанометрээс 1 микрон хэмжээний маш нимгэн ялтасаас бүрдэж ясны хурдтай ургалтыг дэмжих бодисыг агуулах давхаргуудаас бүрддэг байна. Тэдгээрийн нэг нь кальц болон фосфатаас бүрдэх, ясны үндсэн бүтцэд ордог hydroxyapatite юм. Hydroxyapatite нь чөмгөнд үүсэх ясны үүдэл эстэй харилцан үйлчлэлд орж ясны ургалтыг дэмждэг. Бүрхүүл материалын өөр нэгэн давхарга нь остеобласт хэмээх яс бүрдүүлэгч эст үүдэл эсүүдийг дамжуулах буюу ясны өсөлтийн хүчин зүйлийг хангадаг.

Харин цемент ашиглах тохиолдолд суулгацын ойролцоох зай завсар нь нян үржих нөхцөл болдог байна. Тэдгээр зай завсарт цусны судас агуулагддаггүй учир дархлалын систем тэнд хүрч нянгуудын эсрэг үйлчлэл үзүүлж чаддаггүй. Харин остеобласт эсүүд нь суулгацын зай завсарыг дүүргэн яс ургахад хүргэх учир цемент хэрэглэх шаардлагагүй болох учир нянгийн бохирдлоос бүрэн сэргийлж чаддаг байна. Мөн яс бүрэлдэж суулгац тогтворжих хүртэл 2-3 долоо хоногийн хугацаа шаардлагатай боловч энэ хугацаанд өвчтөн физик эмчилгээ хийлгэнгээ чөлөөтэй алхах боломжтой юм.


Hydroxyapatite бүхий суулгац ашиглах оролдлогууд өмнө нь гарч байсан боловч бүрхүүл илүү зузаан, тогтворгүй, мөн суулгацаас салах тохиолдол элбэг байжээ. Харин MIT-ын эрдэмтэд хальсны зузааныг шаардлагатай хэмжээнд тохируулах аргачлалыг мөн боловсруулсан байна. Бүрхүүл материалыг одоогоор амьтан дээр туршиж хүссэн үр дүндээ хүрээд байгаа юм. Шинэ бүрхүүлийн хэрэглээ зөвхөн үе мөчний протезээр зогсохгүй бөгөөд яс бэхжүүлэх ялтас, ясны хагарлыг тогтоох шураг хэлбэрээр ч ашиглагдах боломжтой юм байна.

Үүнээс гадна хиймэл шүд суулгахад ашиглах боломжтой. Уламжлалт аргаар хиймэл шүд хийхэд 2 шатны ажиллагаа шаардагддаг. Эхний ээлжинд эрүүний ясанд шургийг суулгах бөгөөд шургийн суурь ойр орчны ясны эдэд бүрэн бэхлэгдэж хиймэл шүдийг суулгах боломжтой болох хүртэл олон сарын хугацаа шаарддаг байна. Харин шинэ бүрхүүлийн тусламжтайгаар зөвхөн 1 удаагийн ажиллагаагаар хиймэл шүдийг бүрэн суулгах боломжтой.



эх сурвалж, physorg

Википедиагийн мэдээллүүдийн 60% нь алдаатай

Википедиагийн нийт өгүүллийн 60% нь ямар нэгэн алдаа агуулж байдгийг судалгаагаар тогтоожээ. Алдаануудыг ангилж үзвэл түүхэн мэдээлэл 68.5%, огноо 37.7%, компанийн удирдлагын тухай мэдээлэл 37.4%, санхүүгийн мэдээлэл 28.8%, үг, үсгийн алдаа 21.2%, бусад төрлийн алдаанууд 35.2 хувийг тус тус эзэлдэг байна. Энэ нь мэдээллийн хамгийн том онлайн сан хэр зэрэг найдваргүй вэ гэдгийг харуулж байгаа хэрэг юм. Өнөөдөр сая сая хүн гэрийн даалгавараас эхлүүлээд бизнес илтгэл хийхдээ Википедиагаас цуглуулсан баримт, материалуудыг ашигладаг.

Гэвч тэдгээр мэдээллүүд олон нийтийн дэмжлэгээр бүрддэг учир хүний санамсаргүй алдаанаас гадна зориудаар бэлтгэсэн хуурамч мэдээллүүд ч орох тохиолдол бас гардаг байна. Харин сайтын удирдлагууд мэдээллийг засварлах талаархи санал, гомдлуудад хариулт өгөхөд хэт хойрго ханддаг нь алдааны хэмжээнд нөлөөлж байна гэж үзжээ. Тухайлбал Википедиа аливаа санал, гомдолд 2 - 5 хоногийн дотор хариу өгөхийг хичээдэг гэдэг ч бодит байдалд хэдэн долоо хоногийн хугацаа зарцуулдаг байна.

Мөн судалгаанд оролцогчдын 25% нь тэдний компани болон үйлчлүүлэгчдийн тухай Википедиа дахь мэдээлэл бодит байдлаас зөрж байгаа гэсэн бол алдааны талаархи хүсэлт гаргагчдын дөрөвний нэг нь Википедиагаас ямар нэгэн хариулт аваагүй гэж хариулжээ. Судалгааг Америкийн Олон нийтийн харилцааны нийгэмлэгийн сэтгүүлээс зохион байгуулж олон нийтийн харилцааны 1287 мэргэжилтэнг хамруулан санал асуулга хэлбэрээр явуулсан байна.

Википедиа их хэмжээний алдаа агуулдаг тухай мэдээлэлтэй зэрэг шахуу түүнийг бүрдүүлэхэд сайн дураар хувь нэмрээ оруулагчдын дундаас хамгийн эхний 1 сая мэдээлэл бэлтгэгч тодорчээ. Индианаполис мужын иргэн, 30 настай Justin Knapp 2005 оноос хойш өдөрт дунджаар 385 мэдээлэл бэлтгэж оруулсан байна.

Тэрээр өөрийн мэргэжлийн дагуу улс төр болон философийн тухай өгүүллүүдийг голчлон бэлтгэдэг бол түүний 1 сая дахь өгүүлэл Википедиаг үндэслэгч Jimmy Wales-ын тухай байжээ. Харин түүний араас 600 мянган өгүүлэл оруулсан Их Британийн иргэн Neil Edwards нэхэж явна. Википедиад мэдээлэл оруулах эрх хэний ч өмнө нээлттэй боловч одоогийн байдлаар албан ёсны бүртгэл бүхий 90 мянган бүлэг сайн дураар ажиллаж байгаа юм. 

Дашрамд дурдахад 385 өгүүллийг бэлтгэхийн тулд амралтгүйгээр, өдөр бүр тасралтгүй 10 цаг ажилласан гэж тооцвол 1 өгүүлэлд дунджаар 1 минут 35 секундын хугацаа зарцуулна гэсэн тооцоо гарч байна. Википедиагийн дундаж мэдээлэл ямархуу хэмжээтэй байдгийг бид мэдэх учир ийм их хэмжээний мэдээллийг ганц хүн copy/paste-аас бусад хэлбэрээр бэлтгэх боломжтой эсэхийг төсөөлөх ч бэрх юм.

Мэдээллийг бэлтгэхээс гадна агуулгыг хянаж, алдааг заварлах шаардлага гарах нь мэдээж. Justin Knapp-т тусладаг хүмүүс байгаа эсэх талаар мэдээлэл байхгүй ч Википедиагийн алдааны бодит шалтгаан зарим талаар тодорхой байгаа мэт санагдана.




эх сурвалж; mailonline

"Ухаалаг гэр"-тэй болох цаг ирлээ

Мэдээлэл боловсруулах, сүлжээнд холбогдох боломжууд ердийн амьдралд нэвтэрч тэдгээрийг ашигласан технологиуд тийм ч гайхмаар зүйл биш болоод байгаа билээ. "Ухаалаг гэр" гэдэг нь гэр ахуйд зориулагдсан broadband холболтод суурилах технологуудыг нэгтгэсэн ойлголт юм. Энэ нь хэрэглэгчдэд гэр ахуйн хэрэгслүүдээ удирдах, өрөөний температурын тохируулга зэрэг зарим онцгой үйлдлүүдийг автоматжуулахад туслана. Ухаалаг гэр хэмээх ойлголт ихэнх хэрэглэгчдэд ирээдүйн технологи мэт санагдаж магад.

Харьцангуй өндөр орлоготой зарим гэр бүлүүд хаалгаа алс зайнаас цоожлох, эсвэл хүмүүс гэрээс гарсан үед автоматаар түгжигдэх мэтээр компьютертэй адил програмчлан удирдах боломжтой ухаалаг гэрт амьдарч эхлээд байна. Гэхдээ ийм технологи дундаж орлоготой олонхи хэрэглэгчид хүрэхэд эрт байгаа юм. Ухаалаг гэрийн системийн нарийн төвөгтэй байдал нь угсралт, ашиглалтад мэргэжлийн хүмүүсийн оролцоог зайлшгүй шаардаж, түүний өртөгийг өндөрсгөхөд хүргэдэг.

Гэвч энэ байдал өөрчлөгдөж эхэлж байна. Мэдрэгчүүд болон контролеруудын үнэ өртөг ч эрчимтэй буурч байна. Wi-Fi, ZigBee мэтийн сүлжээний стандарт протоколууд олон төхөөрөмжид ашиглагдах болж утасгүй холболтод зориулагдсан цахилгааны бага чадлын стандартууд илүү хялбараар системийг байгуулах боломжийг олгож байна. Мөн гар утас зэрэг ухаалаг төхөөрөмжүүдийн хэрэглээний өсөлт, утастай болон утасгүй broadband үйлчилгээнүүд хэрэглэгчдийг аль хэдийн тэдний гарт хүрээд байгаа төхөөрөмжүүдээр дамжуулан гэртэйгээ холбогдоход туслана.

Ухаалаг гэрийн үйлчилгээнд гарч буй нэгэн чухал өөрчлөлт нь ADT, Comcast, Verizon зэрэг компанууд ашиглалт, хяналтын урт хугацааны гэрээ байгуулахын хамт эхний хөрөнгө оруулалтад хөнгөлөлт үзүүлэх замаар дэвшилтэд технологийн хэрэглээг хялбарчилж байгаа явдал юм. Тухайлбал Comcast компани хамгаалалтын системийн мэдрэгчүүдийн стандарт хувилбарыг оролцуулан өөрийн шинээр эхлүүлсэн ухаалаг гэрийн үйлчилгээнд эхний суурилуулалтыг үнэ төлбөргүйгээр хийж өгөх үйлчилгээг санал болгож байна. Ийм үйлчилгээний төлбөр сард 40 доллар орчим байгаа нь уламжлалт "ухаалаг бус" гэрийн хамгаалалтын системийн төлбөртэй адил юм.

Мэдээж ухаалаг гэртэй болох боломж илүү нэмэгдэж байгаа боловч хүмүүс хорлон сүйтгэгч апликэшнүүдээс болгоомжилдог. Тэгвэл үйлчилгээ үзүүлэгч компаниуд ч үүнээс сэргийлсэн боломжуудыг санал болгож байна. Тухайлбал эцэг эхчүүд хүүхдүүдээ гэртээ байгаа эсэхээс нь хамааралгүйгээр текст хэлбэрийн анхааруулгыг шаардлагатай тохиолдолд тэдэнд илгээх боломжтой. Эсвэл ямар хүмүүс хамгийн сүүлд гэрийн үүдэнд ойртож ирсэнийг видео бичлэгээс харж болно. Байгальд ээлтэй хэрэглэгчид ойролцоо нь хэн нэгэн байхгүй үед айкондишний тохируулгыг автоматаар өөрчлөх, эсвэл гэрийнхээ цахилгааны хэрэглээг хянах зэрэг боломжуудыг тус тус авах боломжтой болжээ.



эх сурвалж; physorg

Фүкүшима ба робот техник - 2

Фүкүшима Дай-ни АЦС-ын реакторуудын хөргөлт тогтвортой горимд шилжээд байгаа боловч цөмийн түлшнээс ялгарах дулааны энергийн хэмжээ илэрхий багасах хүртэл 10-аад жилийн турш хөргөлтийг үргэлжлүүлэн явуулах шаардлагатай юм. Энэ хугацаанд цахилгаан хангамж тасалдах зэргээр хөргөлт зогсож ослын нөхцөл үүсэх тохиолдолд дахин устөрөгчийн дэлбэрэлт болох аюул бүрэн арилаагүй байна. Үүнээс гадна реакторуудын ойр орчимд цацраг идэвхт бодисын цэвэрлэгээ хийж, тодорхой хэмжээгээр хүн ажиллах нөхцөл бүрдүүлэх, цаашид цөмийн түлшийг гаран авч аюулгүй болгоход хэдэн арван жилийн хугацаа шаардагдах төлөвтэй байна.

Япон улсын засгийн газраас АЦС-ын ослын хор уршгийг арилгах дунд, урт хугацааны буюу 40 жилийн төлөвлөгөөг боловсруулсан тухай саяхан мэдэгдлээ. Уг төлөвлөгөөгөөр реакторын барилгын дотор талын, хана, шал, тааз, тоног төхөөрөмжүүдийн гадаргад тогтсон цацраг идэвхт бодисыг цэвэрлэх ажлыг ирэх 6 жилийн дотор гүйцэтгэж, реакторын их бие, хамгаалах хийцийн механик гэмтлийг засварлах ажлыг 10 жил, цөмийн түлшийг реактороос гаргаж авах ажилд 25 жил, гаргаж авсан түлшийг аюулгүй нөхцөлд хадгалж, реакторыг буулгахад 40 жил тус тус зарцуулахаар төлөвлөв.

Эдгээр төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд робот техник голлох үүргийг гүйцэтгэх болно. Гэвч ослын үр дагаварыг арилгах ажилд тохирох роботын технологийн хөгжүүлэлт дөнгөж эхлэлийн шатандаа байна. Фүкүшимагийн ослоос үүдэн өмнө нь бүтээгдэж байгаагүй онцгой чадвартай шинэ төрлийн робот бүтээх шаардлага урган гарч байгаа юм. Ослоос хойш жил илүү хугацаа өнгөрөөд байгаа боловч өндөр хэмжээний цацраг бүхий реакторын орчмын нөхцөл байлдыг бүрэн тодорхойлж чадаагүй байдал үргэлжилсээр байна.

1999 онд Токаймура АЦС-д жижиг хэмжээний осол гарч 2 ажилчин цацрагийн хордлогоор нас барсан тохиолдол гарч байжээ. Тухайн үед ослын зориулалт бүхий роботын туршилтын загварыг бүтээж байсан боловч удалгүй хөгжүүлэлтийн ажлыг зогсоосон байна. АНУ, Европын орнуудад АЦС-д ажиллах чадвартай роботуудыг нөөцөнд үргэлж бэлэн байлгах талаар хуульчлагдсан байдаг бол Япон улсад ийм төрлийн дүрэм, журам байдаггүй. Тус улсын мэргэжлийн байгууллагууд АЦС аюулгүй гэдэгт хэт итгэлтэй байснаас үүдэн ослын үед ажиллах чадвартай робот техник бүтээгээгүй байгаа нь ослын үр дагаврыг арилгах ажилд харьцангуй урт хугацаа зарцуулахад хүргэж байна.

Цаашид цөмийн түлшийг реакторуудаас гарган авч бүрэн аюулгүй болгоход гурван үндсэн асуудал тулгарч байна. Эхнийх нь цацраг идэвхжил өндөр байгаа явдал юм. Төлөвлөж буй ажиллагаанд хүний оролцоо зайлшгүй шаардлагатай бол хүн ажиллах орчинг бүрдүүлэхийн тулд цэвэрлэгээ хийж цацрагийн хэмжээг бууруулах шаардлагатай. Дараагийн асуудал нь ослын үеийн хэт өндөр температур, өндөр даралтын нөлөөгөөр реакторуудын хананд цууралт үүсч гэмтсэн байгаа явдал юм.

Цөмийн түлшийг гаргаж авахын тулд цацрагийн алдагдлаас сэргийлж реакторыг усаар дүүргэх шаардлагатай. Гэвч реакторын механик гэмтлийг арилгаагүй тохиолдолд энэ нь бараг боломжгүй асуудал юм. Эцэст нь хайлсан түлш реактороос гадагшилж хамгаалах хийцийн доод хэсэгт тунасан байх магадлал өндөр байгаа нь өнгөрөгч зун тодорхой болсон явдал юм. Энэ нь дэлхийн цөмийн эрчим хүчний түүхэнд тохиолдож байгаагүй реакторын ослын хамгийн хүнд нөхцөлд тооцогдож байна. Өмнө нь зөвхөн түлшний хайлалт (melt down) явагдаж цөмийн түлш реактороос алдагдаагүй гэж үзэж байв.

АЦС-д робот ашигласан хамгийн анхны тохиолдол 1979 онд АНУ-ын Three Mile Island АЦС-ын ослын дараа гарчээ. Уг ослоор төхөөрөмжийн гэмтэл, хүний үйл ажиллагааны алдаатай давхцан реакторын хөргөлт зогсож эцэстээ цөмийн түлшний хайлалтад хүргэсэн юм. Ослын дараа эхний ээлжинд цэвэрлэгээний роботыг ашигласан байна. Уг робот реактор орчмын бетонон ханыг нэг бүрчлэн зүлгэж түүнд тогтсон цацраг идэвхт бодисыг арилган, хүн харьцангуй удаан хугацаагаар ажиллах орчинг бүрдүүлсэн байна. Харин ослоос хойш 5 жилийн дараа реактор дотор камер оруулж түлшний байдлыг анх удаа тодорхойлоход хайлсан түлш үндсэн байрлалаас 1,5 м доош унаж байрласан байжээ.

Тухайн үед реакторын дээд хэсгээс оруулсан 9 м урттай робот гарны тусламжтайгаар хайлсан түлшийг гаргаж авсан байна. Эхний ээлжинд робот гарны үзүүрт байрлах таслагчаар хайлсан түлшний дээд хэсгийг жижиглэн хуваав. Дараа нь халбага хэлбэрийн төхөөрөмжөөр тэдгээрийг хутгаж гаргаж авсан байна. Харин реакторын доод хэсэгт тунаж хатуурсан түлшийг гаргаж авахын тулд зориулалтын өрмөөр жижиглэн хуваажээ. Зөвхөн түлшийг гаргаж авах ажлыг гүйцэтгэхэд нийт 11 жилийн хугацаа зарцуулсан байна.

Three Mile Island АЦС-тай харьцуулахад Фүкүшима Дай-ни АЦС-ын ослын нөхцөл байдал маш хүндрэлтэй байгаа юм. Three Mile Island АЦС-ын ослын үед зөвхөн нэг реакторт түлшний хайлалт явагдсан боловч реакторт ямар нэгэн гэмтэл гараагүй. Тэгвэл Фүкүшима Дай-ни АЦС-ын ослын үед 3 реакторт түлшний хайлалт явагдсанаас гадна реакторууд гэмтсэн байгаа нь нөхцөл байдлыг ихээхэн хүндрүүлж, хайлсан түлшийг гаргаж авахад илүү урт хугацаа зарцуулахад хүргэж байна.

Японы "Мицүбиши хүнд үйлдвэрлэл" компани ослын хор уршгийг арилгах робот бүтээх ажилд голлон оролцож байгаа юм. Тэд АЦС-ын төхөөрөмжүүдийн шалгалт, хяналтын зориулалттай роботууд бүтээж байсан туршлагадаа тулгуурлан цацраг идэвхт бодисын цэвэрлэгээ хийх, хайлсан түлшийг гаргаж авах роботын төслийг боловсруулж байна. Тухайлбал цацраг идэвхт бодисын цэвэрлэгээнд хүний гартай төстэй олон төрлийн үйлдэл хийх чадвартай 7 үе мөч бүхий манипулятор (робот гар)-ыг алсын удирдлагаар ажиллах тэргэнцэр дээр суурилуулан ашиглахаар төлөвлөжээ.

Үүнд тулгарч буй асуудал нь одоогоор бүтээгдээд байгаа манипуляторын урт дөнгөж 1,3 м байгаа учир цэвэрлэгээ хийхийн тулд реакторын барилгын 8 м өндөр бүхий таазанд хэрхэн хүргэх вэ гэдгийг шийдвэрлэх шаардлагатай юм. Энэ тохиолдолд тэргэнцэрийг өргөгчтэй байх боломжийг судлаж байна. Мөн реакторын механик гэмтлийг засварлахын тулд гэмтлийн хэмжээ, байрлалыг үнэн зөв тодорхойлох шаардлагатай боловч хэрэгжүүлэх арга, боломжыг олоогүй байна. Хяналт, шалгалтын зорилгоор реакторын хананы бүрэн бүтэн байдлыг дотор талаас нь шалгах камер бүхий урт долгионы төхөөрөмж ашиглагдаж байгаа ч ослын дараах цацраг идэвхт бодис болон нуранганы тоос шороо, зэврэлтээс бохирдсон усан орчинд уг төхөөрөмж хэвийн ажиллахад хүндрэлтэй юм.

Шийдвэрлэх ёстой хамгийн гол асуудал нь хайлсан түлшийг хэрхэн гаргаж авах вэ гэдэгт байна. Реакторын дээд хэсэгт зориулалтын суурь байрлуулж түүнд угсарсан робот гарын тусламжтайгаар түлшийг жижиглэн гаргаж авахар төлөвлөж байгаа ч түлшний хайлалт, түүний байрлалыг тодорхойлж чадаагүй байгаа нь төслийн ажилд саад тотгор учруулж байна. Three Mile Island АЦС-ын хайлсан түлш зөвхөн реакторын доод хэсэгт тунасан байсан бол Фүкүшимад түлш реактороос гадагшилж түүнээс доош 30 м зайд байрлах хамгаалах хийцийн шалны хэсэгт тунаж хатуурсан байх магадлал өндөр байгаа юм.


эх сурвалж; NHK

Эйнштейний буруу байсан уу

Өнгөрөгч оны 9-р сард Швейцар дахь Европын цөмийн судалгааны байгуулага (ЕЦСБ буюу CERN) -ын хурлын танхимд шинжлэх ухааныг донсолгосон илтгэл тавигдсан юм. Уг илтгэлийн агуулга нейтрино хэмээх эгэл бөөм гэрлээс илүү хурдалсан тухай байв. Эйнштейний харьцангуйн онолоор орчлон ертөнцөд гэрлээс хурдан зүйл үгүй гэдэг. Хэрэв эгэл бөөмс үнэхээр гэрлээс илүү хурдалдаг нь үнэн бол орчин үеийн шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн онолын физикийн суурь онол няцаагдахад хүрэх болно.


Энэхүү илтгэл алдарт Эйнштэйний ажиллаж амьдарч, орчлон ертөнцийн тулгуур онолуудаа боловсруулж байсан тэр жижигхэн хотоос, нэгэн залуу эрдэмтний докторын цолны судалгаанаас эхлэлтэй нь магадгүй тохиолдлын чанартай байж болох юм. Бернийн их сургуулийн докторант Giulia Brunetti-ийн судалгааны ажлын зорилго түүний удирдагч багш Dario Autiero-гийн 2 жилийн өмнө зөвлөсний дагуу нейтрино бөөмийн хурдыг хамгийн сүүлийн үеийн аргачлалаар хэмжихэд чиглэж байв. Нейтрино бөөм эрдэмтэдийн сонирхолыг ихээр татаж байсан боловч тухайн үед түүний хурдыг хэмжих талаар нэг ч судалгаа хийгдээгүй байжээ.


Аливаа биет, бодисууд молекул, атом хэмээх жижиг хэсгүүдээс бүрддэг гэдгийг бид мэднэ. Харин атомын цөмийг бүрдүүлэгч эгэл бөөмсийн нэг нь нейтрино юм. Нейтрино бөөм бид бүхнийг хүрээлэн буй бүхий л орон зайд маш өндөр хурдтайгаар цойлон нисч байдаг. Хэрэв та алгаа дэлгэвэл 1 секундын дотор таны алгыг 1 триллион нейтрино нэвтлэн гардаг байна. Мөн ямар ч биет зүйлсийг нэвтлэн гарах чадвартай, нисч явах замдаа шинж чанараа өөрчилдөг, долгиолог хэлбэртэй учир түүнийг "барьж авах"-ад маш хэцүү. Харин ЕЦСБ-ын Адроны аварга хурдасгуур (LHC) ийм төрлийн судалгаа хийх зарим боломжийг бүрдүүлжээ.

Ихэнх нейтрино бөөмс аливаа биетийг нэвтлэн гарах боловч цөөн хэсэг нь тэдгээрийн атомуудтай мөргөлдсөнөөс янз бүрийн эгэл бөөмс үүсэх бөгөөд уг үзэгдлийг нейтриногийн хэлбэлзэл хэмээн нэрлэдэг байна. Орчлон ертөнцийн үүслийн эхний шатанд матери болон антиматерүүд адил хэмжээтэй оршин байсан гэж үздэг. Хэрэв тэдгээр нь хоорондоо мөргөлдвөл бүрэн задарч үгүй болох ёстой. Гэтэл бидний оршин байгаа өнөөгийн орчлон ертөнц зөвхөн материйг агуулдаг. Нейтриногийн хэлбэлзлийн мөн чанарыг тодорхойлж чадвал орчлон ертөнцөд зөвхөн матери орчин байгаагийн нууцыг тайлах боломжтой гэгддэг байна. Иймд нейтрино бөөмийн хурдыг хэмжих туршилт нь түүний хэлбэлзлийг илрүүлэхээс гадна орчлон ертөнцийн оршин байгаа зүй тогтолын нууцтай холбогдож байгаа юм.


ЕЦСБ-ын лабораторт эгэл бөөмсийг зохиомлоор үүсгэж түүний шинж чанарыг тодорхойлох туршилт, судалгаанууд хийгдэж байна. Нөгөө талаас орчлон ертөнцийн эхлэл гэгддэг их тэсрэлтийн дараах нөхцөл байдлыг үүсгэж, одоогоор онолын хувьд тодорхойлогдсон боловч бодит байдалд хараахан илрүүлж чадаагүй хигс бозон зэрэг орчлон ертөнцийн үүсэл, оршин тогтнох зүй тогтлын үндэс болсон эгэл бөөмсийг нээн илрүүлэх зорилготой юм. Судалгааны хүрээнд газар дор суурилуулсан 27 км урт тойрог хэлбэрийн хоолойд протонуудыг гэрлийн хурдны 99.9999993%-д хүртэл хурдлуулан мөргөлдүүлж, тэдгээрийн задралаар үүсэх шинэ төрлийн эгэл бөөмсийг хүлээн авагч төхөөрөмжийн тусламжтайгаар тодорхойлохыг оролдож байгаа юм.

Харин Dario Autiero, Giulia Brunetti нарын судалгаа 160 судлаач эрдэмтэнийг хамарсан OPERA төслийн нэгэн хэсэг болон хийгдэж, протоны мөргөлдөлтөөс үүсэх нейтрино бөөмсийг газар доогуур илгээн, 732 км зайд байрлах Италын Gran Sasso лабораторид хүлээн авах замаар хурдны хэмжилтийг хийжээ. Протоны задралаар үүсэх нейтрино секундыг 1000 хуваасны 2-той тэнцэх хугацаанд Италийн лабораторт хүрч, хүлээн авах төхөөрөмжид бүртгэгддэг байна. Opera төслийн гол цөм болсон нейтриног бүртгэх төхөөрөмжийг Японы Нагоя их сургуулийн эрдэмтэд бүтээсэн бөгөөд фото зургийн хальстай төстэй технологийг ашигладаг ажээ. Туршилтын үед нейтрино бөөмүүд хүлээн авах төхөөрөмжийн мэдрэгчийн атомуудтай мөргөлдөх үед үүсэх дүрслэлийг электрон микроскопоор бүртгэн авч түүний ирсэн цаг хугацааг тодорхойлдог байна.


Gran Sasso лаборатори нь 2500 м өндөрлөг уулын бүст газар дор байрлах учир туршилтад туйлын тохиромжтой орчинг бүрдүүлдэг ажээ. Учир нь ердийн нөхцөлд сансарын туяа зэрэг гадны нөлөө туршилтын үр дүнд сөргөөр нөлөөлдөг бол уулын чулуулаг давхарга тэдгээрийг нэвтрэхээс сэргийлдэг байна. Туршилтын хүрээнд 3 жилийн хугацаанд нийт 15000 гаруй нейтрино бөөмийг бүртгэж авчээ. Харин өнгөрөгч оны 3 сард туршилтын үр дүнг нэгтгэж үзэхэд "байж болшгүй" үр дүн гарав. Нейтрино бөөмийн хурд гэрлийн хурднаас секундыг 100 сая хуваасны 6-тай тэнцэх хэмжээ буюу 57.8 наносекундээр илүү байв.


Алдарт харьцангуйн онолтой зөрчилдөх үр дүн гарна гэдгийг туршилтад оролцсон эрдэмтдийн хэн ч нь төсөөлж байгаагүй учир бүх хүн алдаа гарснаас зайлахгүй, үр дүнг эхнээс нь дахин шалгах ёстой гэж үзэж байв. Иймд Opera төслийн ахмад туршлагатай 9 эрдэмтэнийг оролцуулан туршилтын үр дүнг нягтлан шалгах ажлыг эхлүүлжээ. Тэд төхөөрөмжийн электрон сүлжээн дэх цаг хугацааны хэмжилт зөв байгаа эсэхээс авахуулаад бүх төхөөрөмжийн ажиллагааг нэг бүрчлэн шалгажээ. Хагас жилийн турш үргэлжилсэн шалгалтын эцэст нейтрино бөөм гэрлээс илүү хурдалсан хэмээх үр дүнг няцааж чадсангүй.

Туршилтын цаг хугацааны хэмжилтэд өндөр хөгжилтэй орнуудын цаг давтамжийн албанд нэвтрээд байгаа хамгийн сүүлийн үеийн хэмжилтийн системийг ашиглажээ. Уг систем эгэл бөөмсийг илгээх болон хүлээн авах төхөөрөмжийн цаг хугацааны хэмжилтийн алдааг сансарын хиймэл дагуулд байрлуулсан атомын цагны тусламжтайгаар залруулдаг байна. Харин хэмжилтийн системийн нарийвчлал секундыг тэрбум хуваасны нэг буюу 5 нано секунд байдаг ажээ. Туршилтаар нейтрино бөөм 732 км зайг 57.8 наносеунд туулсан байгаа нь системийн нарийвчлалаас 11 дахин их байгаа учир түүнээс шалтгаалах ямар нэгэн алдаа гараагүй болохыг илтгэв.


Шалгалтаар туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан илэрсэнгүй. Иймд 9 сарын 23-нд Opera төслийн баг судалгааны нэгтгэсэн үр дүнг танилцуулахаар шийджээ. ЕЦСБ-ын хурлын танхимд цугласан онолын физикийн тэргүүлэх зэргийн 200 гаруй эрдэмтэний өмнө бөөмс гэрлээс илүү хурдалсан тухай илтгэл хийгдэв. Нейтрино бөөм үнэхээр гэрлээс илүү хурдалдаг уу, харьцангуйн онол няцаагдах уу, алдарт Эйнштэйн алдаа хийсэн үү. Энэ бүх асуултад зөвхөн нэг удаагийн судалгаагаар эцсийн хариулт өгөхөд учир дутагдалтай боловч уг судалгааны үр дүн хараахан няцаагдаагүй байна.


үргэлжилнэ...

Blu-Ray, DVD-ний төгсгөл ойртож байна

IHS Screen Digest компаний судалгаагаар энэ онд киноны онлайн үйлчилгээний хэрэглээ дискний төрлийн хадгалах төхөөрөмжийн худалдаалах тоо хэмжээнээс давах төлөвтэй байна. Тодруулбал энэ онд америкчуудын онлайн киноны худалдан авалт 3.4 тэрбумд хүрэх бол Blu-ray, DVD зэрэг дискэнд бичигдсэн кино, видеог 2.4 тэрбум ширхэгийг худалдаж авна хэмээн уг судалгааны тайланд дурджээ. Энэ нь кино худалдаалах, түрээслэх уламжлалт хэлбэр буюу кассет, дискний 30 жил үргэлжилсэн эрин үе төгсгөлдөө ойртсоныг илтгэж медиа контентийн хэрэглээний түүхэн шилжилт эхэлсэнийг харуулж байна.

Гэхдээ энэхүү шилжилт тийм ч богино хугацаанд явагдахгүй бололтой. Тухайлбал iTunes Store нээгдсэнээс хойш 8 жил өнгөрөөд байгаа ч бодит CD хөгжмийн бизнест түүний хүчтэй өрсөлдөгч хэвээр байсаар байна. Харин өнгөрсөн жил бодит диск бүхий кино, видео 2,6 тэрбум ширхэг худалдаалагдсан бол онлайн кино 1 тэрбум ширхэгээр худалдаалагджээ. Өөрөөр хэлбэл онлайн киноны зах зээл жилд 135 хувиар өсч байна.

2007 оныг 2011 онтой харьцуулахад бодит дискний худалдан авалт багассан ч ахуйн хэрэглээний видео киноны нийт зах зээл 40 хувиар нэмэгджээ. Үүнд Netflix, Amazon Prime зэрэг тогтмол төлбөртэй ч хязгааргүй хэрэглээ бүхий онлайн (OnDemand) үйлчилгээнүүд голлох нөлөөг үзүүлж байна. Netflix гэхэд л интернет холболт бүхий телевизороор үзэх боломжтойгоос гадна тоглоомын консолуудад хүртэл суурилагдаж байна. Харин АНУ-ын нийт онлайн үйлчилгээний хэрэглэгчдийн 94%-ийг төлбөртэй онлайн үйлчилгээний хэрэглэгчид эзэлж байна.


эх сурвалж;  mailonline

Google, Project Glass төслийн талаар танилцууллаа

Google бодит болон хийсвэр ертөнцийг холбосон технологи (augmented reality) бүхий "нүдний шил"-ний төслийн тухай танилцууллаа. Энэ талаархи фото зураг, концепт видеог агуулсан мэдээллийг Google+ олон нийтийн сүлжээнд байрлуулсан байна. Уг "нүдний шил"-ний тусламжтайгаар хүний баруун нүдний харааны орчинд нэвт харагдах дэлгэц дээр дүрслэлүүдийг харуулдаг байна. Мөн дуу хоолойгоор удирдагдаж, GPS замчлалаас авахуулаад, и-мэйл, видео чат, Google+ зэрэг үйлчилгээнүүдийг хэрэглэх боломжтой байх ажээ.


Уг төсөл одоогоор бүрэн хэрэгжиж дуусаагүй байгаа бөгөөд хэрэглэгчдээс бүтээлд нэмэрлэх шинэ санаануудыг хүлээн авах зорилготой хэмээн зохион бүтээгчид мэдэгдсэн байна. Мөн хэзээ, ямар үнэтэйгээр худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа юм. Бусад олон төрлийн технологийн судалгаа хийж буй Google X лабораторын төлөөлөгчийн мэдэгдсэнээр шинэ нүдний шил хэрэглэгчийн хүссэн мэдээллийг тухайн эгшинд нь өгч, бусдад түгээхийг эрмэлзсэн бүтээгдэхүүн болох юм байна.


Видео бичлэгт үзүүлж байгаагаар дүрст тэмдэглэгээ (icon)-нүүдэд харгалзах цаг агаарын мэдээ, газар зүйн байрлал, өдөр тутмын ажлын төлөвлөгөө зэрэг нийт 14 төрлийн үйлчилгээг агуулж байна. Эдгээр нь тухайн хүний байгаа орчин нөхцөл болон аливаа үйлдэл хийх эгшинд нь тохирсон хариу үйлдлийг үзүүлнэ. Тухайлбал хоосон хана руу харах үед тухайн өдрийн оройн болзоог сануулж, цонхоор харах үед бороо орох магадлал хэдэн хувь байгааг мэдээлэх болно.


Хэрэв уулзах хүсэлтийг илэрхийлсэн текстэн мэдээлэл хэн нэгэн найзаас нь ирвэл дэлгэцийн буланд жижиг дүрслэлийг харуулах бөгөөд хариу өгөх тушаал өгөгдсөн тохиолдолд томорч мэдээлэл бүрэн харагдах болно. Үүнээс гадна зөв чигт явж байгаа эсэхийг дэлгэц дээрх сумны чиглэл буюу google map-ыг агуулсан функцын тусламжтайгаар мэдэх боломжтой. Мөн харж байгаа зүйлийн фото зургийг авч найзууддаа илгээх, дүрстэй ярилцлага хийх, дуу хөгжим сонсох боломжтой байх ажээ.


Google-ийн бүтээж буй уг шинэ бүтээгдэхүүний талаар өмнө нь янз бүрийн таамаглалууд гарч байсан боловч энэ удаагийнх албан ёсны анхны мэдээлэл болж байгаагаараа онцлог юм. Нью-Иорк Таймс сонинд гэхэд л өнгөрсөн оны сүүлээр энэ талаар мэдээлж 250-600 долларын үнэтэй байна хэмээн таамаглаж байв. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж байгаагар шинэ бүтээгдэхүүн зах зээлд гарахад хугацааны хувьд эрт байгаа бололтой. Brother зэрэг технологийн бусад компаниуд адил төрлийн концепт загвар бүтээж байсан боловч хэрэглэгчид биедээ нэмэлт төхөөрөмж авч явах шаардлагатай, мөн батерейн цэнэг хангамжийн асуудлаас шалтгаалан бүтэлгүйтэж байжээ.


Хэрэв ийм төрлийн технологи биелэлээ олвол GPS-т тулгуурлах байрлалын мэдээллийг ашиглан үр дүнтэй зар сурталчилгаа явуулахад туйлын тохиромжтой нөхцөл бүрдэх юм. Энэ нь ашиг орлого олох гайхалтай ирээдүйтэй мэт харагдаж байгаа боловч одоогоор мэдээллүүдийг хүлээн авч, боловсруулалт хийхэд шаардагдах компьютерийн төхөөрөмжийг бүрэн утгаар нь зөөврийн болгон жижигрүүлж чадаагүй байна. Хэрэв Google компьютерийн төхөөрөмжийн овор хэмжээг жижигрүүлэх тал дээр ажиллаж байгаа бол тэдэнд өрсөлдөгчид мундахгүй олон бий.


Apple компани ай-подоос видео үзүүлэх зэрэг боломжуудыг агуулсан "лазерийн заагч бүхий малгай хэлбэрийн төхөөрөмж"-ийн патентыг 2008 онд авсан билээ. Саяхан гэхэд л Сони, Майкрософт компаниуд "хэрэглэгчийн нүдний өмнөх багасгасан дэлгэц"-ийн патентийг аваад байна. Мөн Google өмнө нь ирээдүйн гэмээр технологийн концетийг танилцуулж байсан боловч бодит байдал болоогүй жишээ нэг бус бий. 2010 онд автомат жолоодлогот машины загварыг танилцуулж байсан бол ийм төрлийн автомашинууд хэзээ худалдаанд гарах нь одоо ч тодорхойгүй хэвээр байгаа билээ.

Дашрамд дурдахад технологийн дэвшлийн үр дүнд аливаа төхөөрөмжийг удирдах арга хэрэгсэл буюу интерфейс хувьсан өөрчлөгдсөөр ирсэн. Ингэхдээ ажиллагааны хувьд өмнөөсөө илүү амар хялбар болдог боловч хэрэглэгчид тодорхой хугацааны дараа уйдаж шинийг эрэлхийлж эхэлдэг. Бидэнд өнөөдөр товчлуур бүхий зурагтны удирдлага төвөгтэй санагдаж дуу хоолойгоороо, эсвэл гараа зангаж удирдахыг хүсч байна. Даралт мэдрэх дэлгэц дээр товшилт хийж ухаалаг утсаа удирдах нь хялбар ч автомашин жолоодож, унадаг дугуй унаж явах үед, эсвэл зүгээр л хувцасныхаа дотор халааснаас, цүнхнийхээ ёроолоос ухаалаг утсаа гаргаж яаралтай ашиглах шаардлага гарвал богино хугацаанд ч болов бухимдах сэтгэгдэл төрж магад.

Технологи хөгжүүлэгчид эдгээр бүх асуудлыг шийдвэрлэхийг оролдож ирээдүйн төхөөрөмжүүдийн интерфейсийн хэлбэрийг тодорхойлоод байгаагийн нэг жишээ нь энэхүү нүдний шил болж байна. Өнөөдрийн ухаалаг утасны хэмжээтэй компьютерийн төхөөрөмжийн даралт мэдрэх дэлгэцийг ийм нүдний шилээр орлуулах нь технологийн хувьд тийм ч их хэцүү биш зүйл. Тэгээд ч ухаалаг утсаа халааслаад удирдлагыг нь дуу хоолойгоор, эсвэл нүдний хөдөлгөөнөөр хийж, дэлгэцийг нь нүднийхээ өмнө байрлуулахаас дийлэнх хүмүүс татгалзахгүй бизээ. Тэгэхээр ийм төрлийн технологи бидний амьдралд хэдхэн жилийн дотор, магадгүй тун удахгүй нэвтрэнэ гэдэгт эргэлзэхгүй байж болмоор санагдана.

эх сурвалж;  bbc

Зурагтай үнсэлт хийх төхөөрөмжийн концепт

Японы Кейо их сургуулийн судлаачид дэлгэц хэрэглэгч хоёрын хоорондын зайг хэмжих замаар дэлгэц дээрх хүний дүрслэлтэй зохиомол үнсэлт хийж болох төхөөрөмжийн концепт загварыг бүтээж байна. Хүмүүс жүжигчин дуучин зэрэг өөрсдийн шүтэн биширдэг, нэр алдартай хүмүүсийн зургийг өрөөнийхөө хананд хадсан байдаг.

Гэвч зураг ямар ч хөдөлгөөнгүй байдаг нь уйтгартай санагдаж магад. Хэрэв тухайн хүний биеийн байрлалаас хамааран зураг хөдөлгөөнд ордог бол илүү сонирхолтой, интерактив байж магад гэдэг үүднээс энэхүү төхөөрөмжийн санаа төрсөн байна. Төхөөрөмжийн зарчим тун энгийн бөгөөд дэлгэцийн дээд талд байрлах богино долгионы мэдрэгч хүн ойртож байгаа эсэхийг мэдэрч хоорондын зайнаас хамааруулан өөр өөр зургийг харуулдаг байна.

Одоогоор зөвхөн фото зураг хэлбэртэй байгаа боловч моделийн үсний шампуний үнэрийг ялгаруулан үнэрлэх, дэлгэц дээр жүржийн амт бүхий хальс нааж амтлах мэдрэмжийг тус тус мэдэрч зугаацах боломжтой. Мөн түүнчлэн чанга яригч (спикер) угсарч "би чамд хайртай" мэтийн үгсийг сонсгох зэргээр төхөөрөмжийн янз бүрийн хэрэглээний төрлүүд байж болох юм. Зохион бүтээгчид концептийн Ай-падад зориулсан апликэшн хувилбарыг гаргахаар төлөвлөж байна.

Мөн камерын тусламжтайгаар хүний дүрсийг таних, орчны гэрлийн өөрчлөлтийн мэдрэгчийн тусламжтайгаар хүний нүүр ойртох үед тухайн байрлалд тохирсон дүрслэлүүдийг харуулах зэрэг мэдрэгчүүдийн технологийг судлаж байна. Уг концептийг цаашид нэр алдартай хүмүүс, тэдгээрийн сурталчилгааны байгууллагуудтай хамтран апликэшн програмуудыг бүтээж худалдаалах, гудамжны дижитал сурталчилгаа зэрэг олон хэлбэрээр ашиглаж боломжтой юм байна.

Дашрамд дурдахад youtube-д байрласан видео бичлэгт сонирхол татахуйц сэтгэгдлүүд бичигдэж байна. Заримаас нь дурдвал; "болиод өгөөрэй", "ингээд л японд төрөлт буураад байгаа байхгүй юу", "тэгвэл мань хүн өөрөө гэртээ плакат үнсэж суудаг байхнээ", "гаж донтой хүнд зориулагдсан эд үү, гэхдээ зүгээр ч юм шиг", "ичмээр юм" гэх мэтчилэн.





эх сурвалж; diginfo