Showing posts with label Дэлгэц. Show all posts
Showing posts with label Дэлгэц. Show all posts

Автомашиныг нэвт харагдуулах технологи бүтээж байна

Японы Кеио их сургуулийн судлаачид автомашины хойд хэсгийг нэвт харагдуулах системийг бүтээсэн байна. Энэ нь профессор Инамигийн бүтээсэн гэрлийг буцааж ойлгох шинж чанар бүхий материалын технологийг автомашинд хэрэглэсэн хувилбар бөгөөд жолоочийн харааны цэгээс машины арын хэсгийг нэвт харагдахаар тохируулжээ. Технологийн онцлог нь жолоочид өөрийн нүдээр машины гадна орчинг ямар нэгэн саадгүйгээр харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Одоогоор автомашинд ашиглагдаж байгаа хойд хэсгийг харах камерын дүрслэлүүд нь машин болон саадын хоорондын зайг тодорхой харуулдаг боловч хүний нүдээр харсантай адил алслалттай дүрсийг үүсгэж чаддаггүй. Тэгвэл шинэ систем гурван хэмжээст үзэгдэх байдалтай төстэй бодит дүрслэлийг харуулдагаараа онцлог юм. Уг систем автомашины хойд хэсэгт байрлах камераар хүлээн авсан дүрсийг хагас толиор дамжуулан арын суудлын хооронд байрлах гэрэл ойлгогч материалд проекцлох зарчимаар ажиллана.

Материалаас ойсон гэрэл буюу машины арын дүрслэл жолоочид машиныг "нэвт харагдуулна".  Мөн дүрслэлийг зөвхөн жолоочийн харааны цэгээс бүрэн харагдахаар комьютерээр тохируулдаг байна. Гэрэл ойлгогч материал нь оптикийн хувьд гэрлийг ирсэн чиглэл рүү нь буцаан ойлгох онцгой шинж чанартайгаас гадна автомашинд хэрэглэх тохиолдолд өрдийн гэрэлтэй нөхцөлд ч тод харагддагаараа онцлог юм.

Технологийн судалгааны түвшин одоогийн байдлаар зөвхөн арын суудлын хэсгээр хязгаарлагдаж байгаа боловч цаашид харааны цэгийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлэх замаар автомашиныг 360 хэмээр нэвт харагдуулж, жолоодлогын үеийн харааны саадыг бүрэн арилгахыг зорьж байна. Мөн хэрэглээнд нэвтрүүлэх талаар автомашин үйлдвэрлэгчид нартай ярилцаж байгаа бөгөөд 5 жилийн дотор зарим хэлбэрээр ашиглаж эхлэхээр төлөвлөжжээ.





эх сурвалж, diginfo

Нэвт харагдах дэлгэц бүхий ухаалаг утас бүтээж байна

Японы NTT Docomo, Фужицү компаниуд хамтран нэвт харагдах дэлгэц бүхий ухаалаг утасны туршилтын загварыг бүтээсэн байна. Уг утасны дэлгэц даралт мэдрэх бөгөөд урд болон ар талаас нь удирдах боломжтой юм. Өнөөдрийн байдлаар өргөн хэмжээгээр ашиглагдаж байгаа даралт мэдрэгч дэлгэцүүд дээр хуруугаар дарж төхөөрөмжийг удирдахад гар, хуруу дэлгэцийг хааж харахад саад болдог. Тэгвэл нэвт харагдах дэлгэцийг ар талаас нь удирдах боломжтой болсоноор энэ хүндрэлээс зайлсхийж чадах юм.

Мөн хоёр талаас нь нэгэн зэрэг даралт хийх замаар ухаалаг утсыг удирдах шинэ хэлбэрийг санал болгож байна. Тухайлбал дэлгэцийн урд талаас апликэшний тэмдэглэгээн дээр дарангаа ар талаас дэлгэцийг сольж хүссэн байрлалд шилжүүлэх боломжтой. Иймэрхүү шинэ төрлийн удирдах хэлбэрийн жишээ болгож рубикийн шоог эвлүүлэх үйлдлийг видео бичлэгт үзүүлжээ. Дэлгэцний урд талд даралт хийж шоог бүхлээр нь эргэлдүүлэх бол ар талын даралтаар шооны зөвхөн сонгосон давхаргыг эргүүлж, өнгө нийлүүлэх үйлдлийг хийх боломжтой юм.
 
Дэлгэцийн үзүүлэлтийн хувьд одоогоор QVGA (320 x 240) бөгөөд 2.4 инчийн хэмжээтэй байгаа учир зах зээлд нэвтрүүлэхийн тулд илүү сайжруулах шаардлагатай юм. Мөн төхөөрөмжүүдэд угсрагдах нэмэлт дэлгэц хэлбэрээр ашиглах боломжтой. Ийм тохиолдолд дэлгэцийн хүчин чадал хязгаарлагдмал байх бөгөөд илүү өргөн хүрээнд ашиглагдана гэж үзэж байна. Үүнээс гадна одоогийн ухаалаг утаснуудтай харьцуулахад дэлгэцийн гэрэлтэлт бага байгаа учир гэрэл багатай орчинд дүрслэлүүдийг ялгаж харахад хүндрэлтэй. Зохион бүтээгчид цаашид технологийн сайжруулалт хийж эдгээр дутагдлуудыг арилгахаар төлөвлөж байна.





эх сурвалж, diginfo

Google, Project Glass төслийн талаар танилцууллаа

Google бодит болон хийсвэр ертөнцийг холбосон технологи (augmented reality) бүхий "нүдний шил"-ний төслийн тухай танилцууллаа. Энэ талаархи фото зураг, концепт видеог агуулсан мэдээллийг Google+ олон нийтийн сүлжээнд байрлуулсан байна. Уг "нүдний шил"-ний тусламжтайгаар хүний баруун нүдний харааны орчинд нэвт харагдах дэлгэц дээр дүрслэлүүдийг харуулдаг байна. Мөн дуу хоолойгоор удирдагдаж, GPS замчлалаас авахуулаад, и-мэйл, видео чат, Google+ зэрэг үйлчилгээнүүдийг хэрэглэх боломжтой байх ажээ.


Уг төсөл одоогоор бүрэн хэрэгжиж дуусаагүй байгаа бөгөөд хэрэглэгчдээс бүтээлд нэмэрлэх шинэ санаануудыг хүлээн авах зорилготой хэмээн зохион бүтээгчид мэдэгдсэн байна. Мөн хэзээ, ямар үнэтэйгээр худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа юм. Бусад олон төрлийн технологийн судалгаа хийж буй Google X лабораторын төлөөлөгчийн мэдэгдсэнээр шинэ нүдний шил хэрэглэгчийн хүссэн мэдээллийг тухайн эгшинд нь өгч, бусдад түгээхийг эрмэлзсэн бүтээгдэхүүн болох юм байна.


Видео бичлэгт үзүүлж байгаагаар дүрст тэмдэглэгээ (icon)-нүүдэд харгалзах цаг агаарын мэдээ, газар зүйн байрлал, өдөр тутмын ажлын төлөвлөгөө зэрэг нийт 14 төрлийн үйлчилгээг агуулж байна. Эдгээр нь тухайн хүний байгаа орчин нөхцөл болон аливаа үйлдэл хийх эгшинд нь тохирсон хариу үйлдлийг үзүүлнэ. Тухайлбал хоосон хана руу харах үед тухайн өдрийн оройн болзоог сануулж, цонхоор харах үед бороо орох магадлал хэдэн хувь байгааг мэдээлэх болно.


Хэрэв уулзах хүсэлтийг илэрхийлсэн текстэн мэдээлэл хэн нэгэн найзаас нь ирвэл дэлгэцийн буланд жижиг дүрслэлийг харуулах бөгөөд хариу өгөх тушаал өгөгдсөн тохиолдолд томорч мэдээлэл бүрэн харагдах болно. Үүнээс гадна зөв чигт явж байгаа эсэхийг дэлгэц дээрх сумны чиглэл буюу google map-ыг агуулсан функцын тусламжтайгаар мэдэх боломжтой. Мөн харж байгаа зүйлийн фото зургийг авч найзууддаа илгээх, дүрстэй ярилцлага хийх, дуу хөгжим сонсох боломжтой байх ажээ.


Google-ийн бүтээж буй уг шинэ бүтээгдэхүүний талаар өмнө нь янз бүрийн таамаглалууд гарч байсан боловч энэ удаагийнх албан ёсны анхны мэдээлэл болж байгаагаараа онцлог юм. Нью-Иорк Таймс сонинд гэхэд л өнгөрсөн оны сүүлээр энэ талаар мэдээлж 250-600 долларын үнэтэй байна хэмээн таамаглаж байв. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж байгаагар шинэ бүтээгдэхүүн зах зээлд гарахад хугацааны хувьд эрт байгаа бололтой. Brother зэрэг технологийн бусад компаниуд адил төрлийн концепт загвар бүтээж байсан боловч хэрэглэгчид биедээ нэмэлт төхөөрөмж авч явах шаардлагатай, мөн батерейн цэнэг хангамжийн асуудлаас шалтгаалан бүтэлгүйтэж байжээ.


Хэрэв ийм төрлийн технологи биелэлээ олвол GPS-т тулгуурлах байрлалын мэдээллийг ашиглан үр дүнтэй зар сурталчилгаа явуулахад туйлын тохиромжтой нөхцөл бүрдэх юм. Энэ нь ашиг орлого олох гайхалтай ирээдүйтэй мэт харагдаж байгаа боловч одоогоор мэдээллүүдийг хүлээн авч, боловсруулалт хийхэд шаардагдах компьютерийн төхөөрөмжийг бүрэн утгаар нь зөөврийн болгон жижигрүүлж чадаагүй байна. Хэрэв Google компьютерийн төхөөрөмжийн овор хэмжээг жижигрүүлэх тал дээр ажиллаж байгаа бол тэдэнд өрсөлдөгчид мундахгүй олон бий.


Apple компани ай-подоос видео үзүүлэх зэрэг боломжуудыг агуулсан "лазерийн заагч бүхий малгай хэлбэрийн төхөөрөмж"-ийн патентыг 2008 онд авсан билээ. Саяхан гэхэд л Сони, Майкрософт компаниуд "хэрэглэгчийн нүдний өмнөх багасгасан дэлгэц"-ийн патентийг аваад байна. Мөн Google өмнө нь ирээдүйн гэмээр технологийн концетийг танилцуулж байсан боловч бодит байдал болоогүй жишээ нэг бус бий. 2010 онд автомат жолоодлогот машины загварыг танилцуулж байсан бол ийм төрлийн автомашинууд хэзээ худалдаанд гарах нь одоо ч тодорхойгүй хэвээр байгаа билээ.

Дашрамд дурдахад технологийн дэвшлийн үр дүнд аливаа төхөөрөмжийг удирдах арга хэрэгсэл буюу интерфейс хувьсан өөрчлөгдсөөр ирсэн. Ингэхдээ ажиллагааны хувьд өмнөөсөө илүү амар хялбар болдог боловч хэрэглэгчид тодорхой хугацааны дараа уйдаж шинийг эрэлхийлж эхэлдэг. Бидэнд өнөөдөр товчлуур бүхий зурагтны удирдлага төвөгтэй санагдаж дуу хоолойгоороо, эсвэл гараа зангаж удирдахыг хүсч байна. Даралт мэдрэх дэлгэц дээр товшилт хийж ухаалаг утсаа удирдах нь хялбар ч автомашин жолоодож, унадаг дугуй унаж явах үед, эсвэл зүгээр л хувцасныхаа дотор халааснаас, цүнхнийхээ ёроолоос ухаалаг утсаа гаргаж яаралтай ашиглах шаардлага гарвал богино хугацаанд ч болов бухимдах сэтгэгдэл төрж магад.

Технологи хөгжүүлэгчид эдгээр бүх асуудлыг шийдвэрлэхийг оролдож ирээдүйн төхөөрөмжүүдийн интерфейсийн хэлбэрийг тодорхойлоод байгаагийн нэг жишээ нь энэхүү нүдний шил болж байна. Өнөөдрийн ухаалаг утасны хэмжээтэй компьютерийн төхөөрөмжийн даралт мэдрэх дэлгэцийг ийм нүдний шилээр орлуулах нь технологийн хувьд тийм ч их хэцүү биш зүйл. Тэгээд ч ухаалаг утсаа халааслаад удирдлагыг нь дуу хоолойгоор, эсвэл нүдний хөдөлгөөнөөр хийж, дэлгэцийг нь нүднийхээ өмнө байрлуулахаас дийлэнх хүмүүс татгалзахгүй бизээ. Тэгэхээр ийм төрлийн технологи бидний амьдралд хэдхэн жилийн дотор, магадгүй тун удахгүй нэвтрэнэ гэдэгт эргэлзэхгүй байж болмоор санагдана.

эх сурвалж;  bbc

Дижитал телевизорын шинэ боломжууд

Манай улс 2014 оны 7 дугаар сарын 31-нд телевизийн тоон буюу дижитал системд шилжихээр төлөвлөөд байгаа билээ. Харин бид нэвтрүүлгийн дүрс болон дууны чанар эрс сайжирна гэдгээс бусдаар шинэ системийн ач холбогдлын талаар хангалттай мэдээлэлгүй байна. Тоон систем нь дуу, дүрсний мэдээллийг илүү өндөр чанартайгаар дамжуулах боломж бүрдүүлдэг боловч түүнийг хүлээн авч буй дижитал технологи бүхий телевизорууд ч мөн адил олон төрлийн дэвшилтэт боломжуудыг агуулах болжээ.

Энэ талаар Япон улсад худалдаалагдаж буй сүүлийн үеийн дижитал телевизоруудад нэвтрээд байгаа шинэ технологиудад тулгуурлан танилцуулья. Тус улс өнгөрөгч оны 7 сараас телевизийн нэвтрүүлгийн аналог дамжуулалтыг зогсоож дижитал системд бүрэн шилжээд байна. Мөн 2003 оноос тоон технологи бүхий телевизийн нэвтрүүлгүүдийг 3 том хотод анх дамжуулж эхэлсэн бол өнөөдөр сансарын хиймэл дагуулаас BS (Broadcasting Satellite) болон CS (communications satellite) хэмээх 2 төрлийн, газрын 1 төрлийн дижитал дамжуулалтыг тус тус орон даяар хийж байна.

Дижитал дамжуулалтаар телевизийн нэвтрүүлгээс гадна текст болон зурган мэдээллүүдийг дамжуулах боломжтой. Үүнд тухайн сувгийн нэвтрүүлгүүдийн жагсаалт, орон нутгийн болон дэлхийн мэдээ, цаг агаарын мэдээлэл, нэвтрүүлгийн тухай дэлгэрэнгүй тайлбар зэргийг дамжуулж байна. Мөн зурагтны удирдлагын зориулалтын товчлуурын тусламжтайгаар шууд нэвтрүүлгийн үед санал асуулгад хариулах зэргээр нэвтрүүлэгт зарим хэлбэрээр оролцох боломжтой болжээ.

Дижитал телевизорын үндсэн шинж чанар нь HD буюу 1,280×720 пикселээс дээш үзүүлэлт бүхий телевизийн нэвтрүүлэг, видео бичлэгийг үзэх боломжоор тодорхойлогдоно. Үүнээс гадна нэгэнт тоон технологийг дэмжих учир USB, HDMI холболт болон SD зэрэг картуудыг шууд холбох замаар фото зураг үзэх, дуу сонсох боломжтой болсон. Мөн LAN холболтоор интернетэд холбогдож, онлайн (ondemand), кабелийн телевизийн сувгууд болон бусад төрлийн үйлчилгээнүүдийг нэмэлт төхөөрөмжгүйгээр хүлээн авах боломжийг бараг бүх төрлийн дижитал телевизорууд хангаж байна. Дэлгэц дээр 1-ээс 8 хүртэлх тооны сувгийг нэгэн зэрэг харуулах, тэдгээрийн хооронд чөлөөтэй шилжиж сонголт хийх боломжтой болов.

Дижитал дамжуулалтыг үр ашигтай хийх зорилгоор өнгөний мэдээллийг 4 дахин нягтруулдаг учир дүрсний чанар алдагдах тохиолдол байдаг. Тэгвэл сүүлийн үеийн телевизорууд процессорын тусламжтайгаар дүрсний мэдээлэлд боловсруулалт хийж өнгөний чанарыг үндсэн хэмжээнд хүртэл сэргээх боломжтой болсон байна. Мөн Тошибагийн Regzа зэрэг загварууд фрейм буюу дүрсний тухайн, өмнөх, дараагийн кадруудыг нэгтгэсэн боловсруулалт хийх замаар дижитал төхөөрөмжүүдэд үүсэх нойзийг арилгаж дүрсний дээд зэргийн чанарыг бий болгож байна.

Нэвтрүүлгийн дундуур зар сурталчилгаа явах, өөр төрлийн нэвтрүүлэг эхлэх зэрэг тохиолдлуудад дууны өнгө буюу чанга, сулын хэмжээ өөрчлөгдөх нь телевиз үзэгчдэд төвөгтэй санагддаг. Тэгвэл Шаарпын Aquos загварын "CM auto volume" технологи нэвтрүүлгээс сурталчилгаанд шилжих үед телевизорын дууг автоматаар багасгана. Харин Тошибагийн "Auto volume" технологи сурталчилгаанаас гадна, суваг солих зэргээр дууны хэмжээ өөрчлөгдөх бүхий л нөхцөлд дууг нэг түвшинд барих боломжийг олгож байна.

Эдгээр нь зөвхөн телевизийн нэвтрүүлгээр зогсохгүй blu-ray зэрэг тоглуулагчаас хүлээн авах видеонд ч мөн адил хамаарна. Үүнээс гадна нэвтрүүлгийн төрөл, хэлбэрт тохирсон онцлог бүхий дуу авиаг автоматаар гаргах боломжтой болжээ. Хэрэв спортын тэмцээн үзэж байгаа бол цэнгэлдэх хүрээлэнд байгаа үзэгчдийн сэтгэл хөдлөлийг дотор нь орсон мэт мэдрэх дуу авиаг сонсгох болно. Харин сонгодог хөгжмийн концерт үзэж байгаа бол хөгжмийн зэмсгийн нарийн дуу авиа болон хөгжимчний ур чадварыг мэдрүүлнэ.

Дижитал телевизоруудын өөр нэгэн шинэ боломж нэвтрүүлгийн бичлэг хийхэд чиглэж байна. Үүнд уламжлалт видео, DVD, blu-ray бичигч төхөөрөмжөөс гадна суурин болон зөөврийн хатуу дискэнд бичих, мөн дотроо хатуу диск болон blu-ray бичигч агуулсан загварууд гараад байна. Нэвтрүүлгийн бичлэг нэгэнт дижитал хэлбэрээр хийгдэх учир компьютер, SD карт зэрэгт хуулбарлан гар утас, таблет мэтийн бусад төрлийн төхөөрөмжүүдээр үзэх боломжтой. Төхөөрөмжийн төрлөөс хамааран бичлэгийг HD болон гар утасны форматаар хувиргана.

Зарим загварууд зөвхөн тухайн үзэж байгаа сувгийн нэвтрүүлгийн бичлэг хийдэг бол Тошибагийн загварууд үзэж буй сувгаас гадна өөр 2 сувгийн нэвтрүүлгийг давхар бичиж авах боломжтой болсон. Мөн гэнэтийн зочин ирэх зэргээр нэвтрүүлгээ үргэлжлүүлэн үзэх боломжгүй бол дундаас нь бичлэг хийх, олон анги бүхий цуврал кино, тогтмол цагт хийгддэг нэг төрлийн нэвтрүүлгүүдийг зөвхөн нэг удаагийн сонголтоор автоматаар бичигдэх боломжуудаар хангагджээ.

Үүнээс гадна нэвтрүүлгийн жагсаалтаас сонголт хийж 7 хүртэлх хоногийн дараах төлөвлөгдөж буй нэвтрүүлгээс захиалан бичлэг хийх боломжтой болов. Хэрэв телевизор нь интернетед холбогдсон бол гар утас болон компьютерээс бичлэгийн захиалга хийж болох загварууд ч бий болсон байна. Захиалсан бичлэгүүд таныг гэртээ байхгүй үед, тэр ч байтугай зурагтаа унтраасан байсан ч автоматаар хийгдэх болно. Бичлэг хийх болон түүнийг дахин үзэх үед сурталчилгааг алгасах, бичлэгийг гүйлгэх, ухраах, зогсоох үйлдлүүд ч мэдээж бүрэн боломжтой.

Зарим загварууд ердийн горимд 2 Тб хэмжээний хатуу дискэнд 117 (24Mbps) цагийн бичлэг хийх боломжтой бол зарим нь урт хугацааны горимд 4 дахин их буюу 711 (6Mbps) цагийн бичлэг хийх боломжтой болсон. Мөн загвараас хамаараад 4 - 8 хатуу дискийг нэгэн зэрэг холбох боломжтой нь гэр бүлийн гишүүн бүр өөрийн гэсэн хатуу диск эзэмшиж өөрийн дуртай нэвтрүүлгийн бичлэгийг
 дискний зай булаацалдалгүйгээр хийх боломжийг олгож байна.

Дараагийн нэгэн боломж нь DLNA стандартад тулгуурлаж байна. Хэрэв гэртээ ийм сүлжээтэй бол аль ч өрөөнийхөө зурагтаар компьютерт, гар утсанд эсвэл хатуу диск тоглуулагчид хадгалагдаж байгаа нэвтрүүлэг, кино, видео, дуу, фото зургийг үзэж болно. Мөн ухаалаг утас, таблетээс зурагтаа удирдахаас авахуулаад нэвтрүүлгийн бичлэг хийх зэрэг үйлдлүүдийг хийж болно. Тэр ч байтугай компьютерээсээ телевизороо удирдах, эсрэгээр телевизороос компьютерээ удирдсан ч болно.

Мөн ихэнх телевизор үйлдвэрлэгч нар ухаалаг утас, blu-ray тоглуулагч зэрэг бусад төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж байгаа билээ. Эдгээрийг тухайн загварын телевизоруудтай хамтатган ашиглаж боломжтой. Тошибагийн Regza загварын телевизортой бол адил загварын ухаалаг утас, таблетэд ашиглагддаг апликэшн програмуудыг зурагт дээрээ ч ажиллуулж болно. Мөн Рegza ухаалаг утсаа зурагтныхаа удирдлага болгон ашиглах боломжтой. Хэрэв Панасоникийн blu-ray тоглуулагчтай бол түүн дээрх бичлэгүүдийг аль ч өрөөнд байгаа панасоник зурагтаараа үзэж болно.

Эдгээрээс гадна эрчим хүчний хэмнэлттэй нэлээд хэдэн загварууд гарсан байна. Сонигийн Bravia загварын телевизор ойролцоо нь хүн байгаа эсэхийг мэдрэх бөгөөд холдсон тохиолдолд автоматаар унтарч, эргэж ирэхэд автоматаар асдаг. Тэр ч байтугай хүний нүүр царайг мэдэрч зурагтнаас өөр тийш харах үед дэлгэцийн гэрэлтэлтийг 50% багасгах, өрөөний гэрэлтүүлгийн байдалтай уялдуулан автоматаар тохируулах технологи нэвтрэв.

Гар утас, хатуу диск, SD карт, компьютер зэргийг телевизорт холбож тэдгээрт хадгалагдаж буй дуу, видео, кино, фото зургийг үзэж тоглуулах боломжтой болов. Энэ боломж нь CD, DVD, видео кассет зэрэг овор ихтэй хадгалах төхөөрөмжүүдийн ашиглалтаас зайлсхийх боломж олгож гэр ахуйн орчинд медиа мэдээллүүдтэй харьцах ажиллагааг ихээхэн хөнгөвчилж байна.

Нөгөө талаас гэр ахуйн интертеймент, медиа чиглэлийн бүхий л төрлийн төхөөрөмжүүдийн үүргийг зөвхөн телевизорт төвлөрүүлэхийн эхлэл байж ч магадгүй юм. Мөн сүүлийн үеийн телевизорууд 2D болон 3D тоглоомын хэрэгслүүдтэй зохицож ямар ч асуудалгүйгээр тоглох боломжийг олгож байна. Үүнд PSP зэрэг зөөврийн тоглоом, ухаалаг утасны тоглоомыг ч хүртэл дүрсний сарнилтгүйгээр том дэлгэцээр тоглох боломжтой.

Дашрамд дурдахад эдгээр бүх боломжуудыг ямар нэгэн нэмэлт төлбөр төлөлгүйгээр телевизортойгоо хамт зөвхөн нэг л удаа худалдан авах боломжтой юм. Мөн бичлэгт дурдагдсан телевизорын загварууд зөвхөн Япон улсын дотоодын зах зээлд зориулагдан худалдаалагдаж байгаа учир Монгол зэрэг бусад улсаас захиалж, худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Эдгээр загварууд нь аналог дамжуулалтыг дэмждэггүй, мөн телевизийн системээс авахуулаад технологи, стандартын хувьд таарч тохирохгүй байх магадлал өндөр юм. Энэ удаагийн бичлэг зөвхөн мэдээлэл өгөх зорилготой учир тоон технологийн давуу талыг ойлгоход туслах, цаашид уг технологид шилжих үед телевизорын сонголт хийхэд суурь мэдээлэл болно гэдэгт найдаж байна.


Японы электроникийн үйлдвэрлэл хүнд байдалтай байна

Япон улсын электрон бараа үйлдвэрлэгч Панасоник компаний алдагдлын хэмжээ энэ оны 3 сар хүртэлх нэг жилийн хугацаанд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 780 тэрбум иен (10.2 тэрбум доллар)-д хүрэх төлөвтэй байгаа тухай мэдэгдлээ. Энэ нь тус улсын үйлдвэрлэлийн салбарын түүхэнд тохиолдож буй алдагдлын хамгийн өндөр үзүүлэлт юм. Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнд улсаас олгодог хөнгөлөлтийн хугацаа дууссан, телевизийн тоон системд шилжсэнээр дотоодод худалдаалж буй телевизорын борлуулалт буурсанаас гадна гадаад нөхцөл байдлын нөлөөгөөр их хэмжээний алдагдалд ороход хүрчээ.

Сони компани мөн хугацаанд 220 тэрбум иений алдагдалд орох төлөвтэй байгаа бол Шарп компаний хувьд алдагдлын хэмжээ сүүлийн 3 улирлын нийлбэр дүнгээр 290 тэрбум иенд хүрээд байна. Сони компанийн зөвхөн телевизорын үйлдвэрлэлийг авч үзвэл сүүлийн 8 жил дараалан алдагдалтай ажиллаж байгаа юм.

Харин Хитачи сүүлийн 3 улирлын дүнгээр 85.2 тэрбум иений ашигтай ажиллаж ашгийн хэмжээгээр электрон бараа үйлдвэрлэгч компаниуд дундаа тэргүүлж байна. Гэвч 3 жилийн өмнө тус компани мөн л үйлдвэрлэлийн салбарын түүхэнд хамгийн өндөр хэмжээний буюу 787 тэрбум алдагдал хүлээж байсан юм. Тухайн үед ашиг багатай плазма дэлгэц болон LCD телевизорын үйлдвэрлэлээ зогсоож цахилгаан станц, төмөр зам зэрэг дэд бүтцийн салбарт түлхүү хөрөнгө оруулах болсон юм. Тошиба компани 65 тэрбум иений ашигтай ажилласан боловч ашгийн хэмжээ өмнөх оныхоос 70%-иар буурсан байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн телевизорын зах зээлийн үнийн өрсөлдөөн ширүүсч зах зээлд Өмнөд Солонгос, Хятад улсын үйлдвэрлэгчдийн эзлэх хувь нэмэгдэж байна. Одоогийн байдлаар телевизорын нийт зах зээлийн 36.2%-ийг Өмнөд солонгос, 34.4%-ийг Япон, 19.4%-ийг Хятад улс тус тус эзлэж байгаа юм. Сүүлийн үед доллартой харьцах иений ханш тогтмол өндөр байгаа, Тайланд улс дахь салбар үйлдвэрүүд үерт автсан зэрэг гадаад нөхцөл байдлаас шалтгаалан Японы электрон бараа үйлдвэрлэгчдийн ашиг орлого буурч, их хэмжээний алдагдалд орж байна.

Панасоник компани нарны батерей зэрэг байгаль орчинд ээлтэй технологийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх замаар энэ ондоо багтаан алдагдлаас гарахаар төлөвлөж байгаа бол Шарп компани телевизорын үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж, ухаалаг утсанд зориулсан жижиг оврын дэлгэцийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Харин Сони компани Олимпустай хамтран эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Япон улсын электрон бараа үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэл болон ашгийн дийлэнх хувийг телевизорын үйлдвэрлэл бүрдүүлсээр ирж, телевизор тэдгээр компаниудын нүүр царай болсон бүтээгдэхүүнд тооцогдож байв. Гэвч энэ байдал дэлхийн эдийн засгийн хямрал болон бусад шалтгааны улмаас үндсээрээ өөрчлөгдөж байна.


Телевизор "ухаалаг" болж эхэллээ, гэвч ...

Шинэ үеийн ухаалаг телевизорууд хэрэглэгчдэд "Ууртай шувуу" тоглох, танилуудынхаа авсан фото зургуудыг тэр дор нь үзэх, бусдад түгээх, кибер хувцасыг ямар нэгэн тоглоомын консол болон тусгай төхөөрөмжгүйгээр өмсөж үзэх боломжийг олгож байна. Мөн суваг солих, нэвтрүүлгийн хайлт хийхийг хүсвэл гараа зангах төдийд, эсвэл дуу хоолойгоороо удирдах болно. Телевизор үйлдвэрлэгч нар 3 жилийн өмнөөс интернет холболт бүхий ухаалаг телевизорууд бүтээж Ахуйн хэрэглээний цахилгаан хэрэгслийн үзэсгэлэн (CES)-д танилцуулж ирсэн нь телевизорын технологийн цаашдын чиг хандлагыг тодорхойлж байна.

Өмнө нь зөвхөн тооцоолох төхөөрөмжид л агуулагдаж байсан хүчирхэг микропроцессор, иж бүрэн үйлдлийн систем, уламжлалт алсын удирдлагаас тэс өөр чамин удирдлагын системийг ухаалаг телевизорын хамгийн дэвшилтэт загварууд агуулах болов. Компьютер үйлдвэрлэгч Леново компани сүүлийн үеийн ухаалаг утаснуудад л харагдах болсон Гүүглийн андройд үйлдлийн системийн шинэ хувилбар, хос цөмт процессор зэргийг агуулсан шинэ загварыг танилцуулсан бол LG компани андройдын нэг төрөл болох хамгийн сүүлийн үеийн Гүүгл ТВ програм хангамж бүхий ухаалаг телевизор бүтээлээ.

Самсунг компани Майкрософтын XBOX-ын кинект удирдлагатай төстэй камерт суурилсан хөдөлгөөн мэдрэгч бүхий телевизорыг танилцуулсан бол Nuance Communications компани Apple-ийн Айфон 4S утасны Сиритэй адил төрлийн дуу хоолой таних боломжтой телевизор бүтээв. Мөн Bodymetrics компани кинекттэй төстэй төхөөрөмжөөр өөрийн зочны өрөөг хэрхэн кибер хувцасны өрөө болгон хувиргаж болохыг харуулав. Үүгээр хэрэглэгчид өөрийн дүрслэлийг телевизороор харж янз бүрийн кибер хувцасуудыг сольж өмсөж үзэх боломжтой болов.

Гэвч хэрэглэгчдийн хувьд эдгээр ухаалаг телевизоруудын аль төрлийн хэрэглээг түлхүү сонгох нь тодорхойгүй байгаа юм. Гүүгл телевизийн төхөөрөмж гэхэд л эхний загварууд 2010 оны эхээр худалдаанд гарсан боловч борлуулалтын байдал тийм ч сайнгүй байна. Олонхи хэрэглэгч Netflix мэтийн онлайн кабелийн сувгийг өөрийн телевизороор үзэхийг илүүд үзэх боловч технологи шүтэгсэд веб хуудсуудаар аялж, твиттерээ шалгахаас авахуулаад ухаалаг утасныхтай адил апликэшнүүдийн хэрэглээг сонирхох нь мэдээж.

Технологийн эрс шинэчлэлүүд нь үйлдвэрлэгчдийн борлуулалтын хэмжээ болон ашигт хэрхэн нөлөөлөхөөс илүүтэйгээр хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг хангалттай хэмжээнд татаж чадах эсэх нь үйлдвэрлэгчдийн сэтгэлийг түгшээж байна. Гэхдээ шинэ нэмэлтүүд телевизорын үнийг өсгөж борлуулалтыг нэмэгдүүлнэ гэж тэд найдаж байгаа юм. 3D технологи хэрэглэгчдийн таашаалд төдийлөн нийцээгүй бол ухаалаг телевизорууд тэдний эрэлтийг хангана гэж үзэж байна. Мөн үйлдвэрлэгч нар энэ жилийн CES үзэсгэлэнд оролцоогүй Apple компаниас ихээхэн болгоомжилж байна.

Apple хэдэн жилийн өмнөөс ухаалаг телевизорийн технологи дээр ажиллаж байгаа бөгөөд Стив Жобс ч "бид төхөөрөмжийн удирдлагын арга хэрэгсэлд эргэлт хийх интерфейсийг бүтээсэн" хэмээн энэ талаар өөрийн намтар бичигч  Walt Isaacson-д хэлж байсан тухай мэдээлэл байдаг. Өнгөрөгч арваад жилийн хугацаанд Apple компани зөөврийн хөгжим тоглуулагч, хөдөлгөөнт утас, компьютерийн бизнесийг ор үндсээр нь хэрхэн өөрчилснийг бид бэлхнээ мэдэж байгаа билээ. Харин телевизор үйлдвэрлэгч бусад компаниуд өрсөлдөөнд тэсч үлдэхийг оролдож байна. Тэд ухаалаг телевизорын шинэ үе ирсэнийг дөнгөж хүлээн зөвшөөрч эхэлж байгаа боловч яг ямар дүр төрхтэй байх талаар нэгдсэн ойлголтод хараахан хүрээгүй байгаа юм.

Үйлдвэрлэгчид, нэмэлт үйлчилгээ үзүүлэгч компаниуд, програм хөгжүүлэгч нар, шинжээчид хэрэглэгчдийг шинэ үеийн ухаалаг телевизортой хэрхэн харьцах, түүнийг хэрхэн хүлээж авах зэрэг суурь асуудлууд дээр санал зөрөлдөж байна. Мөн техникийн нэгдсэн стандарт боловсруулах тал дээр ч тохиролцож чадаагүй байна. Тухайлбал ухаалаг телевизорын удирдлагын олон хэлбэрүүд гарч ирсэн боловч телевизорын загвар, үйлдвэрлэгч компаниас хамааруулан гараараа зангах хөдөлгөөнд суурилсан удирдлага хэрэглэх уу, ухаалаг утсаа кибер удирдлага болгон ашиглах уу, эсвэл хэмжээг нь багасгасан бүрэн хэлбэрийн гар (кийборд)-аар удирдах уу гэдгийг ярилцаж тэдгээрээс хэрэглэгчдийн таашаалд нийцэх хэлбэрийг сонгох шаардлагатай байгаа юм.

Энэ бүхний үр дүнд зочны өрөөний телевизор унтлагын өрөөнийхөөс өөр хэлбэрээр удирдагдана, нэг үйлдвэрлэгчийн загварууд байлаа ч удирдлагын болон үйлдлийн систем өөр өөр байна гэх мэтээр нэгдсэн шийдэлд хүрэх шаардлагатай юм. Технологид дурлагчдын хувьд эдгээрийг турших үзэх нь гайхалтай санагдана. Гэвч энгийн хэрэглэгчдэд зориулсан зарим төрлийн стандартжуулалт хийгдээгүй тохиолдолд ухаалаг телевизорын зах зээлийг бүтэлгүйтэлд хүргэх магадлал их биш ч тодорхой хэмжээгээр байгаа гэж үзэж болно. Эцэст нь телевизор ухаалаг байх шаардлагатай эсэхийг зөвхөн хэрэглэгчдийн хүсэл сонирхол л шийдэх болно.

Дашрамд хэлэхэд зурагтны удирдлагын шинэ хэлбэрүүдийн тухай өмнө нь тус блогт мэдээлж байсан билээ. Харин тэдгээрээс ихэнх нь өнөөдөр биелэлээ олоод байгааг сануулахад илүүдэхгүй бизээ.


эх сурвалж; physorg

Батерейгаар ажилладаг телевизор үйлдвэрлэнэ

LCD болон LED телевизоруудын нэг давуу тал нь өмнөх үеийн телевизоруудаас эрчим хүчний хэрэглээ эрс бага байдаг явдал юм. Зарим тооцоогоор CRT телевизортой харьцуулахад цахилгааны хэрэглээ 10 дахин бага байдаг бөгөөд энэ үзүүлэлтээр Самсунг зэрэг компаний сүүлийн телевизорууд тэргүүлж байна. Харин Тошиба компани батерейгаар ажилладаг анхны телевизор үйлдвэрлэх тухай өнөөдөр зарлалаа. Power TV хэмээн нэрлэгдэх REGZA PC1 загварын телевизоруудыг ирэх оноос азийн заx зээлд худалдаалахаар төлөвлөж байна. Уг телевизорийн батерейг бүрэн цэнэглэсэн тохиолдолд ойролцоогоор 2 цаг хугацаагаар ажиллуулах боломжтой байна.

Энэ нь хөлбөмбөгийн тоглолт буюу бүрэн хэмжээний кино үзэхээд хангалттай хугацаа юм. Мөн уг телевизорт 2 төрлийн шинэ төхөөрөмж суурилуулах ажээ. “Auto Signal Booster” хэмээх төхөөрөмж нь нэвтрүүлгийн долгион сул үед түүнийг нэмэгдүүлэх зорилготой бол “Auto View” төхөөрөмж нь телевизорын дүрсний тохируулгыг эрчим хүчний хэмнэлттэй горимоор тохируулах үүрэгтэй юм. Эхний ээлжинд 24 болон 32 инчийн телевизорууд үйлдвэрлэх бөгөөд тус тус 290, 400 долларын үнэтэй байх ажээ.



эх сурвалж; toshiba

Нэвт харагдах, даралтат дэлгэц бүтээгджээ

Панасоник компани дэлхийд хамгийн анхны нэвт харагдах, даралтат дэлгэцийн туршилтын загварыг бүтээж өнгөрөгч SID 2010 үзэсгэлэнд танилцуулсан байна. Ийм төрлийн дэлгэцийг OLED-оос өөр төрлийн материалаар бүтээх боломжгүй мэт санагдаж байсан боловч энэ дэлгэцийг LCD буюу шингэн кристтал материалаар бүтээжээ. LCD дэлгэцийг нэвт харагдуулахын тулд дэлгэцийн арын гэрлийг хэрхэн нуусан нь хэн бүхний сонирхолыг татаж байгаа боловч энэ талаар тодорхой мэдээлэл алга байна.

Шингэн талст материал дээр арын гэрэлтүүлэгчээс үүссэн гэрлийг тусгаж дүрслэл үүсгэдэг учир тэдгээрийг үл үзэгдэгч болгон нууна гэдгийг энгийн хүн төсөөлөхөд бэрх юм. Юутай ч туршилтын загварын дараах видео бичлэгийг үзээд үнэхээр ийм дэлгэц бүтээгдсэн гэдгийг үнэмшихээс өөр аргагүй юм. Энэ дэлгэцийн талаархи илүү тодорхой мэдээлэл гарах үед тус блогт дахин дэлгэрэнгүй мэдээлэх болно.



эх үүсвэр; techi

Дижитал технологи бүхий MEDEA vodka

Саяхандаа, манай нэгэн "үндэсний үйлдвэрлэгч" компани "хэрэглэгчдийн сайн сайхны төлөө" "технологийн хувьсгал" хийсэн 3S бөглөө нэвтрүүлсэн нь олон хүний "таашаалд нийцэж" байсан билээ. Тэгвэл үүнтэй төстэй мэт боловч илүү үр дүнтэй, шинэлэг хэлбэрээр 21-р зууны дижитал технологийг Голландын нэгэн компани өөрийн бүтээгдэхүүндээ нэвтрүүлсэн байна.

18-р зуунаас үйлдвэрлэгдэж эхэлсэн MEDEA архины шилэнд программчлагдах боломж бүхий LED гэрлийн дэлгэцийг байрлуулсан бөгөөд нийт 255 тэмдэгт хүртэлх хэмжээний текстийг бичиж харуулах чадвартай юм. Үүний тулд OnOff, Enter, Up, Down гэсэн дөрөвхөн товчны тусламжтайгаар хүссэн текстээ оруулах боломжтой юм байна. Дэлгэцийн батерей нийт 40 цаг тасралтгүй ажиллахад хүрэлцээтэй бөгөөд энэ нь ойролцоогоор 100 удаа текст бичих оруулах боломжийг олгож байгаа ажээ. Мөн 6 өгүүлбэрийг нэгэн зэрэг бичих боломжтойгоос гадна автоматаар унтрах хүртлээ 3 минутын турш ажилладаг байна.

Бичлэгийг засах болон устгах боломжгүй, нэгэн зүйлийг онцлон анхааруулахад spell check байхгүй учир та бага зэрэг халамцсан үедээ үг үсгийн алдаа гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй гэнэ. Хэрэв та ойр дотны хэн нэгэн хүнд зүрх сэтгэлийн үгээ романтик байдлаар илэрхийлэх хэрэгтэй болоод яах учираа мэдэхгүй байгаа бол 40 доллараар худалдаалагдаж буй энэ бүтээгдэхүүн таньд туслаж чадах юм.



Дашрамж дурдахад электрон төхөрөөмжүүдийг хэр зэрэг бага овор хэмжээтэй хийж чаддаг болсныг энэ бүтээгдэхүүн харуулж байна. Манайхан ч гэсэн иймэрхүү төрлийн электрон хэсгүүдийг хятад, солонгос зэрэг улсуудад захиалан хийлгэж өөрсдийн бүтээгдэхүүндээ хэрэглэхэд болохгүй гэx газаргүй юм.


эх үүсвэр; medeaspirits

Виртуал цонх

Плазма дэлгэц ашиглаад виртуал цонх хийжээ. Уг цонх нь Макбүүктэй холбогдсон, Wii тоглоомын алсын удирдлагаар удирдагддаг юм байна. Хүн цонхонд ойртох, хажуу тийш хөдлөх үед 1080 пиксел чанар бүхий дэлгэцээр үзүүлж буй зураг мөн адил дагаж хөдлөн жинхэнэ цонхоор харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Цонхоор харах дүрсээ өөрийн хүссэнээрээ сонгоод Нью-Иоркт, уулан дээр, эсвэл усны ёроолд гэх мэтчилэн "дуртай газраа амьдарч" болохнээ. Плазма дэлгэцүүд үндсэндээ үйлдвэрлэлтээс хасагдаж худалдаалагдахаа больж байгаа билээ. Хэрэв таньд ийм хуучин дэлгэц байгаа бол цонхгүй өрөө болон подвалдаа виртуал цонх хийж ашиглаж яагаад болохгүй гэж.





Multitoe

Даралтат дэлгэц (multitouch screen)-ийг гар утас, компьютер, ширээ, хана зэрэгт суурилуулан ашигласан олон хэлбэрийг та бид мэднэ. Ер нь хавтгай гадаргатай бүхий л зүйл дээр байрлуулчихжээ, шалан дээр хүртэл шүү. Шалан дээр суурилуулсан даралтат дэлгэц бүхий Multitoe хэмээх харилцан үйлчлэлийн хэрэгсэлийг Германы Hasso Plattner хүрээлэнд бүтээсэн байна. Гараар удирдагддаг ихэнх дэлгэцүүд жижиг хэмжээтэй байдаг бол хөлөөр удирдахад арай илүү том хэмжээтэй байх шаардлагатай санагдаж магад.

Харин Multitoe-г удирдахад харьцангуй хязгаарлагдмал орон зай байхад хангалттай юм. Нэг онцлог нь дэлгэцийг хэд хэдэн хүн нэгэн зэрэг удирдах боломжтой бөгөөд хүмүүсийн биеийн тэнцвэрийн шилжилтийн өнцөг, хөдөлгөөн болон гишгэлтийн хүчний байдлаар хөлний онцлогийг таньж мэдэрдэг байна. Мөн хөлөөрөө виртуал кийборд ашиглан үсэг бичих зэрэг олон төрлийн үйлдлийг гүйцэтгэх боломжтой юм. Уг дэлгэцийг музей, үзэсгэлэн болон бүжиг сурах зэргээр ашиглах боломжтой мэт төсөөлөгдөж байгаа боловч доорх бичлэгт компьютерийн тоглоом хүртэл тоглож болохыг харуулсан байна.




эх үүсвэр; Hasso Plattner Institute

iPod, iPhone, iPad..., дараа нь юу вэ

Apple-ийн iPod, iPhone, iPad дараалан хэрэглэгчдийн хүртээл болсон бөгөөд шинэ төрлийн бүтээгдэхүүн бүрийн овор хэмжээ өмнөхөөсөө томорч байгааг та анзаарсан байх. Эдгээрийн нийтлэг бөгөөд онцлог чанар нь өвөрмөц дизайн, MAC OSX үйлдлийн систем, мэдээж даралтат дэлгэц гэдэгтэй хэн бүхэн санал нийлнэ. Тэгвэл эдгээрийн дараа ямар төхөөрөмж гарч ирж биднийг гайхшруулах бол. Энэ удаад Apple бус "Цахиурын хөндий"-н PQ Labs-ийн мэргэжилтнүүд G3 touchscreen технологийг жирийн сэтгүүлийн ширээтэй нэгтгэсэн "iTable" нэртэй концепт загвар боловсруулжээ.

Энэ нь хэдэн жилийн өмнө танилцуулагдаж байсан Windows table-тэй төстэй боловч илүү өргөн боломжуудыг агуулах бөгөөд USB тэжээл бүхий Multi-Touch G3 touchscreen дэлгэцийг 80-162.5см хүртэл харьцангуй том хэмжээтэйгээр бүтээх боломжтой болсон байна. Дэлгэцийн өнцөгүүдэд байрлах мэдрэгчүүд нь 32 даралтын цэгийн тусламжтайгаар хурууны даралтаар үүсэх хөдөлгөөний хэлбэрийг танихаас гадна дэлгэц дээр байрлуулсан эд зүйлсийн хэлбэрийг таних чадвартай юм байна. Мөн iPhone, Windows болон Андройд гар утаснуудтай адил контентүүдийг суулгах боломжтой байх юм. Одоогоор худалдаалагдах үнийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа бөгөөд энгийн хэрэглэгчдын худалдан авах чадварт тохирсон харьцангуй хямд хувилбарыг ойрын хугацаанд боловсруулахаар зорьж байгаа ажээ.





эх үүсвэр; thecoolgadgets

3D телевизор худалдаалагдаж эхэллээ

2010 оны хамгийн их хүсэн хүлээсэн бүтээгдэхүүн болох 3D телевизор 2 сарын 25-наас Солонгос улсад, онлайн худалдааны Amazon сайтаар өнөөдрөөс тус тус худалдаалагдаж эхэлсэн байна. Одоогоор 46, 55 инчийн телевизорууд худалдаалагдаж байгаа бөгөөд үнийн хувьд төсөөлж байснаас тийм ч их өндөр бус 2600, 3300 долларын үнэтэй байна. Энэ нь Самсунгийн ижил төрлийн 2D зурагтнаас 500 орчим доллараар илүү байгаа юм.

Мөн энэ сарын дундаас Америкийн цахилгаан барааны томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ. Гэхдээ та 3D TV худалдаж авсан ч одоохондоо ид шидийг нь хүртэж чадахгүй бололтой. Учир нь одоогоор хиймэл дагуулын 3D сувгийн дамжуулалт хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. Мөн 3D Bluy-ray диск зэрэг гурван хэмжээст технологид суурилсан бүтээгдэхүүнүүд ирэх намраас нааш худалдаанд гарах төлөвгүй байна. Самсунгийн 3D телевизор нь уламлалт телевизтэй адил адил хоёр хэмжээст нэвтрүүлэг үзүүлэх боломжтой бөгөөд LED арын гэрэлтүүлэгчтэй, дэлгэцийн үзүүлэлт 1080 пиксел HDTV юм байна.




эх үүсвэр; physorg

Нэвт харагдах дэлгэц бүхий төxөөрөмжүүд

OLED материалыг дэлгэцийн технологид нэвтрүүлснээр онцлог шинж чанар бүхий электрон төхөөрөмжүүдийг бүтээх боломж олдож байгаа тухай өмнө нийтлэж байсан билээ. Самсунг компани OLED технологи ашигласан нэвт харагдах дэлгэц бүхий хоёр төрлийн бүтээгдэхүүний хувилбарыг өнгөрч CES-2010 үзэсгэлэнд танилцуулсан байна. Үүний нэг нь 14 инчийн OLED дэлгэц бүхий зөөврийн компьютер юм. Тус компани ийм төрлийн комьпютерүүдийг нэг жилийн дотор үйлдвэрлэлд шилжүүлэн америкийн заx зээлд худалдаж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ.



Өөр нэг бүтээгдэхүүн нь AMOLED дэлгэц бүхий аудио видео тоглуулагч юм. Ice touch хэмээх энэ тоглуулагч нь 2 инчийн дэлгэцтэй, 16Гб багтаамжтай, DVD чанар бүхий видео тоглуулагчийг агуулсан ажээ. Энэ бүтээгдэхүүнийг 2010 оны 2-р хагасаас худалдаалж эхлэхээр төлөвлөж байна.



Самсунг компани нь LCD зурагтын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд OLED чиглэлийн дэлгэцийн технологийн хөгжүүлэлтээр мөн адил тэргүүлэх байр суурийг эзлэхээр зорьж байна. Одоогоор автомашины салхины шилэнд байрлуулах навигацын төхөөрөмжийн нэвт харагдах дэлгэцийн хөгжүүлэлтийг хийж байгаа бөгөөд ийм төрлийн дэлгэцийг бусад электрон төxөөрөмжүүдэд өргөнөөр ашиглах боломжтой юм.


Утасгүй цахилгаан бүхий анхны телевизор

Хятадын Хайер компани утасгүй цахилгаан тэжээл бүхий телевизорын туршилтын хувилбарыг CES-2010-т үзэсгэлэнд танилцуулсан байна. Уг телевизорт утасгүй цахилгаан дамжуулалтын WiTricity технолигийг ашигласан бөгөөд цахилгаан дамжуулагч хэсэг нь телевизороосоо том хэмжээтэй юм.


Өнгөрөгч оны 8-р сард TED үзэсгэлэнд Сони компанид бүтээсэн утасгүй цахилгаан дамжуулалт бүхий телевизорын туршилтын хувилбарыг танилцуулж байсан юм. Энэ нь ойролцоогоор 50 см зайнаас цахилгаан энергийг 80%-ын үр ашигтайгаар дамжуулж байсан юм. Үүний тулд мөн багагүй овор хэмжээтэй дамжуулагч шаардлагатай болно.

Утасгүй цахилгаан дамжуулах технологийг гэр ахуйн цахилгаан болон электрон хэрэгслүүдэд нэвтрүүлэхийг оролдсон дээрх анхны загваруудын хувьд цахилгаан дамжуулагч болон хүлээн авагчийн овор хэмжээ том, хоорондын зай бага, дамжуулах энергийн алдагдал их зэрэг хүндрэлүүдийг хангалттай шийдэх чадаагүй байна. Иймд бид гэртээ утасгүй төхөөрөмжүүд хэрэглэх хүртэл багагүй хугацаа шаардлагатай байгаа нь харагдаж байна.


эх үүсвэр; gizmodo

3D телевизийн суваг нээгдэнэ

2009 он touch технологийн жил байсан бол 2010 он 3D технологийн жил болох бололтой. Учир нь Discovery, Imax, Sony компаниуд хамтран 2011 оноос 3D дүрслэл бүхий телевизийн шинэ суваг нээх тухай зарласан байна. Тус сувгаар энтертэймент, спорт болон байгалын тухай нэвтрүүлгүүдийг 24 цагийн турш дамжуулах ажээ. Мөн өмнө нь Walt disney компани энэ оны 6-р сараас хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолтоор эхлүүлэн ESPN 3D суваг нээх тухай мэдээлж байсан билээ. ESPN 3D суваг эхний жилдээ спортын тоглолт зэрэг үйл явдлын тухай шууд нэвтрүүлгүүдийг 3D хэлбэрээр дамжуулах юм. Өмнө нь Sony болон LG компаниуд 3D телевизор үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлж байсан билээ. Мөн энэ онд болох "Consumer Electronics Show (CES)" үзэсгэлэнд 3D болон HD телевизорын олон шинэ загварууд танилцуулагдах төлөвтэй байна.


эх үүсвэр; the newyork times

LG компани 3D телевизор үйлдвэрлэнэ

LCD телевизор үйлдвэрлэлтээр дэлхийд 3-р байрыг эзлэж буй солонгосын LG Electronics компани ирэх жил 400 мянган ширхэг, 2011 онд 3.4 сая ширхэг 3 хэмжээст телевизор тус тус үйлдвэрлэн худалдаалахаар төлөвлөж байгаа тухай зарлажээ. Тус компани өнгөрөгч 8-р сард өөрсдийн бүтээсэн 3D телевизорын анхны хувилбарыг танилцуулж байсан юм. Дараачийн олимп, хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолт болон хэрэглэгчдийн хүсэл сонирхолтой холбоотойгоор 3D телевизорын зах зээл сүүлийн үед эрчимтэй нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ. LG компанийхны үзэж байгаагаар солонгосын болон бусад орны хэрэглэгчидын 60 хувь нь 3D телевизор худалдаж авах сонирхолтой байгаа юм. Монголчуудын хувьд сүүлийн үеийн цахилгаан хэрэгслүүдийг солонгосын зах зээлээс харьцангүй хямд үнээр худалдаж авах боломжтой байдаг билээ. Иймд ирэх жилийн сүүлч гэхэд манай электрон барааны дэлгүүрүүдэд мөн адил 3D телевизор худалдаалж эхлэх байх хэмээн найдаж байна.


Зурагтны удирдлагатай холбоотой шинэ мэдээллүүд

Бидний хэрэглэдэг уламжлалт зурагтны удирдлагууд маш олон товчлуурыг агуулж, удаан хугацаанд ашиглах тохиолдолд заримынх нь мэдрэх чадвар муудаж хэрэглэхэд хүндрэлтэй болгодог. Тэгвэл энэ хүндрэлийг арилгах дэвшилтэт алсын удирдлагын концептийг Панасоник компани интернетэд суурилсан телевиз болон бусад вэб хэрэглээнд зориулан өнгөрсөн онд танилцуулж байсан байна. Телевизорын дэлгэц дээр үзүүлэх дүрсүүд энэ удирдлагын товчлууруудын үүргийг гүйцэтгэх бөгөөд даралт мэдрэх дэвсгэр (touchpad)-ийн тусламжтайгаар уг дүрслэлүүдээс сонголт хийж маш хялбар, уян хатан хэлбэрээр удирдах боломжтой юм. Зөвхөн уламжлалт телевизорын функцүүдийг агуулахаас гадна фото зураг үзэх зэрэг интернетэд суурилсан бусад үйлчилгээнд компьютерийн хулганыг орлож чадах ажээ.



Орчин үеийн хүмүүсийг хөдөлгөөний дутагдалд оруулахад зурагтны удирдлага багагүй нөлөө үзүүлсэн гэдэгтэй санал нийлэх хүн цөөнгүй байгаа байх. Тэгвэл Хитачи компани хөгжүүлж буй Gesture Remote Control буюу дохио зангааны удирдлага нь бага хэмжээгээр ч гэсэн таныг хөдөлгөөний дутагдлаас ангижруулахыг эрмэлзжээ. Өөрөөр хэлбэл та гараараа элдэв хөдөлгөөн хийж телевизороо удирдана гэсэн үг юм. Энэ удирдлагын ажиллагааны үндсэн зарчим нь телевизорын доод хэсэгт байрлах 3D камерийн тусламжтайгаар хүний биеийн хөдөлгөөнийг таньснаар удирдлагын үйлдлүүд гүйцэтгэгддэг ажээ. Харин зурагт үзэж байх үед таны өмнүүр хүүхдүүд гүйгээд байвал зурагт тань асч унтраад янз бүр болоод магадгүй сөрөг тал байж болох юм. Энэ удирдлагыг гэрэлтүүлэг, айр кондишн зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг удирдахад мөн адил ашиглах боломжтой юм. Видеонд өгүүлж байгаагаар хэрэглээний өөр нэг жишээ нь үзэсгэлэн, дижитал музейн үйл ажиллагаанд ашиглаж боломжтой юм. Жишээ нь дэлхийн бөмбөрцөгийн дүрслэлээс хүссэн тивээ сонгоод, тэнд амьдардаг ан амьтдын тухай мэдээллийг өөрөө хайж олоход ашиглаж байгаагаар танилцуулжээ.




NEC Electronics болон Soundpower компаниуд хамтран гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдэд зориулагдах батерейгүй алсын удирдлага зохион бүтээж туршилтын хувилбарыг Embedded Technology 2009 үзэсгэлэнд танилцуулсан байна. Уг алсын удирдлагын товчлуурыг дарах үед үүсэх чичиргээг ашиглан бага хэмжээний цахилгаан энерги үүсгэх төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд энэ энерги нь зурагтыг удирдахад шаардагдах радио долгионыг үүсгэхэд хүрэлцээтэй юм. Хамтарсан судалгааны ажил 2006 оноос эхэлсэн бөгөөд одоогоор бүтээгдээд байгаа загвар нь 15x7.5x3см хэмжээтэй буюу ердийн удирдлагаас 2 дахин том байгаа юм. Цаашид овор хэмжээг багасгахыг зорьж ирэх оноос хэрэглэгчдийн гарт хүргэх зорилготой байгаа ажээ.


эх үүсвэр; бичлэг доторхи линк болон видео

LCD vs OLED display

Аливаа шинэ техник, технологи хуучиныхаа алдаа, дутагдалыг арилгахыг эрмэлзэж, илүү сайжирсан, дэвшилттэй хэлбэр лүү тэмүүлж байдаг. LCD буюу шингэн кристалл дэлгэц болон түүний дараагийн шатны технологи болох OLED дэлгэцийн бат бэхийг харьцуулан шалгах туршилтыг солонгосын Unseen лабораторийн нэг нөхөр хийжээ. Үр дүнг дараах бичлэгээс сонирхоно уу.




Зурагт, гар утас, зөөврийн видео тоглуулагч зэрэг дэлгэц бүхий электрон төхөөрөмжөө алхаар нүдэх тэнэг санаа хэнд л төрөв гэж хэмээн маргамаар санагдаж байна уу. Гэхдээ хийж буй зүйлдээ хэт төвлөрсөнөөс алдаа эндэгдэл гаргахыг үгүйсгэх аргагүй юм. Үүнийг дараах нөхрийн жишээ тод томруун харуулж байна. Wii тоглоомын удирдлаганы оосорыг зөв хэрэглээгүй түүний буруу ч гэсэн хэрэв илүү сайн дэлгэц бүхий зурагттай байсан бол ...




SenseCam

Алцгеймерийн өвчтэй өндөр настай болон ой санамжтай холбоотой бэрхшээл бүхий хүмүүст зориулан Майкрософт компаний зохион бүтээсэн SenseCam хэмээх төхөөрөмж худалдааны зориулалтаар үйлдвэрлэгдэж эхэлсэн байна. Энэ төхөөрөмж нь VGA чанар бүхий 30000 хүртэлх зураг авч хадгалах чадвартай юм. Гэхдээ зөвхөн зураг авах камер төдий бус, гэрлийн эрчим, өнгөний ялгарал, амьд биетээс ялгарах дулаан, температур мэдрэгчээр тоноглогдсон бөгөөд эдгээр мэдрэгчдийн дохиоллыг микропроцессороор боловсруулан зурган мэдээлэл хэлбэрээр хадгалдаг байна.
Уг төхөөрөмжийг хүзүүндээ зүүгээд хаана ч авч явах боломжтой бөгөөд зурган мэдээллээс гадна цаг хугацааны болон GPS-тэй холбоотой мэдээллийг давхар хадгалах чадвартай учир хаана, ямар хугацаанд, ямар орчинд байсныг бүрэн тодорхойлох боломжтой юм. Өөрөөр хэлбэл ой санамжаа алдсан хүмүүст өөрт нь тохиолдож байсан онцлох үйл явдлуудыг нь эргэж сануулах зорилгоор бүтээгдсэн ажээ. SenseCam нь ирэх оны эхний сараас худалдаалагдаж эхлэх бөгөөд 820 орчим долларын үнэтэй байх юм.



Дашрамд дурдахад манайд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хаана, юу хийж, ямар хэрэг тарьснаа санадаггүй хүмүүс мэр сэр байдаг билээ. Хэрэв та ийм найз, нөхөртэй бол дээрх төхөөрөмжөөс нэгийг олж аваад хүзүүнд нь зүүлгээд явуулж байхад гэмгүй байж магадгүй шүү!