Showing posts with label Мэдээллийн технологи. Show all posts
Showing posts with label Мэдээллийн технологи. Show all posts

"Намайг Ватсон гэдэг"

Сүүлийн үед хиймэл оюун ухаан гэж нэрлэгдэх бүтээлүүдийн тухай цөөнгүй сонсогдох болсон ч тэр болгон оноосон нэрэндээ тохирдоггүй, бодит байдалд маркетингийн арга хэрэгслээс хэтэрдэггүй. Тэгвэл жинхэнэ хиймэл оюун ухаанд дөхөж очсон програм хангамж АНУ-д 40 жилийн турш хийгдэж буй телевизийн тааврын нэвтрүүлэгт 2011 онд оролцон түрүүлж, 1 сая долларын эзэн болсон юм. Ай Би Эм компанийн бүтээл "Ватсон" комьютер 10 ширхэг хөргөгчтэй тэнцэх овор хэмжээтэй, 6000 компьютерийн тооцоолох төхөөрөмж, 200 тэрбум хуудас мэдээлэл хадгалах хиймэл оюун ухааны програм хангамжийг тус тус агуулдаг. Уг компьютер, програм хангамжийг 25 судлаач 4 жилийн хугацаанд бүтээжээ.

Жеопарди тааврын нэвтрүүлэгт 3 оролцогч 6 бүлэг асуултаас сонголт хийж, нийт 30 асуултад хариулах журамтай. Түрүүлж товчлуур дарсан оролцогч хариулах эрх авч, хэрэв зөв хариулт өгвөл илүү оноо авна. Уг нэвтрүүлэгт 74 удаа түрүүлсэн, нэвтрүүлгийн хамгийн хүчтэй оролцогч бол Кен Женингс юм. Түүний асуултад зөв хариулах магадлал 90%-иас илүү байв. Женингсийг ялах компьютер бүтээхээр шийдсэн хүн бол Дэвид Феррючи юм. Гэвч хамтрагчид түүнийг амжилтад хүрнэ гэдэгт итгэхгүй байв. Учир нь хүний хэл яриа компьютерийн хувьд ойлгоход хэтэрхий төвөгтэй. Хүний хэрэглэж буй үг яриа тухайн нөхцөл байдлаас хамааран олон янзын утга санааг илэрхийлдэг. (Тухайлбал, "I shot an elephant wearing my pajamas." Энэ өгүүлбэрт унтлагын хувцас өмссөн байгаа нь би юу, заан уу гэдгийг ойлгоход хүндрэлтэй. Мөн "shot" хэмээх үг нөхцөл байдлаас хамааран буудах, зураг авах гэсэн 2 өөр утгыг илэрхийлнэ.)


1997 онд анхны хиймэл оюун ухаан гэгддэг "Гүн цэнхэр" нэртэй компьютер дэлхийн шатрын аваргыг ялав. Шатар нь 16 дүрс тус бүр тогтсон нүүдэл хийж, нийт 64 нүдэнд тоглон эсрэг талын хааныг унагах өрсөлдөөн юм. Хүний тархины боломжийг давах тооцооллын төхөөрөмжийн чадвар онолын хувьд шатрын нүүдлийн хамгийн төгс хувилбарыг тооцоолон гаргах бүрэн боломжтой юм. Тэгвэл тааврын нэвтрүүлэгт оролцох компьютер математикийн хувьд тодорхой зүй тогтол бүхий шатраас ялгаатай нь асуултын үг нэг бүрийг шинжилж, олон салаа утгаас зөв хариултыг эрж олох төвөгтэй чадварыг эзэмших ёстой.

Феррючигийн баг тааврын нэвтрүүлэгт оролцох компьютерийг 2006 оноос бүтээж эхэлжээ. Эхний ээлжинд бүтээсэн програм хангамжид асуултын зөв хариултыг олох даалгавар өгөхөд үр дүн бараг тэгтэй тэнцүү байв. "Сүүлт одны нээлтээр нэрд гарч, 1968 онд Парамор Пинк (paramour pink) усан онгоцоор шинжлэх ухааны ажиглалт хийсэн хүн хэн бэ" гэсэн асуултын зөв хариулт нь Эдмонд Халлеи. Гэвч програм яaгaад ч юм "ягаан" гэсэн үгийг онцолж, түүгээр "Ягаан нууц амраг" киноны Параморийн дүрд тоглосон жүжигчин Петер Селерсийг нэрлэжээ. Програм асуултын утгыг огт ойлгохгүй байв. Жеопардид оролцогч хүмүүсийн таах магадлал 70-90% байдаг бол програмын хувьд дөнгөж 10% байжээ.


Зохион бүтээгчид тааварт ялах боломжийг нэмэгдүүлэхийн тулд их хэмжээний мэдээлэл хадгалах системийг бүтээж, өөрчлөн байгуулагдсан Ай Би Эм компаний анхны захирал Томас Ватсоны нэрээр програмыг нэрлэжээ. Ватсон компьютер нэвтрүүлэгт оролцох үед интернетэд холбогдохыг хориглох учир алдарт толь бичгүүд, кино, Нью-Иорк таймс зэрэг сонины мэдээлүүдийг төрөлжүүлсэн 200 тэрбум хуудас мэдээлэл хадгалах болов. Мөн тэдгээрээс хэрэгтэй мэдээллийг шүүж олохын тулд суралцах чадвар (machine learning)-т дадлагажуулж эхлэв. Энэ нь хүүхэд шинэ үг эхлэн сурч, янз бүрээр хэрэглэх замаар тухайн нөхцөлд байдалд тохирсон хэрэглээнд суралцахтай төстэй арга барил юм.

Хэсэг хугацааны дараа судалгааны багийн гишүүд Ватсоны сургалтын үр дүнг шалгахаар цуглажээ. "1978 онд Нью-Жерсийн Долоо Хоног сэтгүүлийн сурвалжлагч Стивен Леви хэн гэгч алдартай хүний тархийг олсон бэ?" Ватсон "Алберт Эйнштэйн" хэмээн зөв хариулав. Ватсонг суралцах арга барил эзэмших явцад зохион бүтээгчид нэвтрүүлэгт өмнө нь ирж байсан хэдэн арван мянган асуултыг зөв хариултын хамт "зааж өгсөн" байв. Үүний үр дүнд асуултын үгнүүд дундаас хамгийн чухал үгийг эрж, зөв хариулт байж болох хэдэн зуун хувилбарыг, дараа нь тэдгээрийн зөв хариултад тооцож болох нөхцөлүүдийг харгалзуулан олж сурчээ. Суралцах процес амжилттай явагдаж, таах магадлал ч эрс нэмэгдэв. Улмаар Жеопарди нэвтрүүлгийн хөтлөгчийг урьж, нэвтрүүлэгтэй адил тайз засалт бүхий лабораторт анхны туршилтад оржээ. Зохион бүтээгчид ч итгэл дүүрэн байв. "1912 оны 3 сарын 16-нд Телма Катерин Райаны хүү болон мэндэлсэн нэгдүгээр хатагтайн нэр хэн бэ?" Ватсоны хариулт Ричард Никсон, харин зөв хариулт нь Патриксон (эмэгтэй). Хүйс ялгах чадваргүй Ватсон ялагдав. Энэ нь зохион бүтээгчдийн анзаараагүй орхигдуулсан алдаа байв.

Ватсоны асуултад хариулах процесийг авч үзье. "Киану Рийвес Нокиа гар утастай байсан ч суурин утас хэрэглэсэн 1999 оны уран зөгнөлт киноны нэр юу вэ?" Зөв хариулт нь Матрикс. Ватсон эхлээд өгүүлбэр дэх гол үгийг олохын тулд Киану Рийвес, гар утас, кино гэх мэтийн магадлал бүхий үгсийг нэг бүрчлэн шалгана. Мөн Киану Рийвес жүжигчин тул түүний тоглосон бүх киног шалгана. Түүний тоглоогүй зөгнөлт кинонуудыг ч бас шалгана. Мөн магадлал бүхий үгсээр энгийн өгүүлбэр зохиож хариултыг шалгана. "Матрикс кино юу?, тийм." "Хурд кино юу?, тийм." "Киану Рийвес кино юу?, үгүй" гэх мэтчилэн. Энэ бүхний эцэст нэр дэвшиж буй үг тус бүрт зөв хариулт байх магадлалыг илтгэх оноог өгнө. Ийм үгсийн дотор Рийвесийн тоглоогүй кино ч бас орсон байна. Харин Ватсон хамгийн өндөр оноо бүхий үгийг зөв хариултаар сонгоно. Мөн өмнөх нэвтрүүлгүүдийн асуулт, хариулттай харьцуулж, асуулт дахь гол үгийг олох аргад суралцана. Үүний үр дүнд 1999 оны зөгнөлт кино, Киану Рийвес гэсэн гол үгсийг таньж тэдгээрт харгалзах хамгийн өндөр оноо бүхий Матрикс үгийг зөв хариултаар сонгоно. Ватсоны онцлог нь хэд хэдэн хайлтыг нэгэн зэрэг хийх чадвар юм. Урт, нийлмэл өгүүлбэрийг хэдэн хэсэгт задлаж, зэрэг хайлт хийснээр ердийн комьютерийн 2 цаг хийх үйлдлийг хэдхэн секундэд гүйцэтгэж чадна.


Ээлжит сайжруулалтаар зохион бүтээгчид хүний дуу хоолойг дамжуулах шинэ боломжийг суулгав. Дуу хоолойг таних систем нь мэдээллийг боловсруулахад хугацаа шаардах тул асуулт асууж буй хүний дуу хоолойг текстэд хувиргаж, Ватсонд шууд дамжуулах систем бүтээжээ. Ватсон нэвтрүүлгийн нөхцөл байдалд ойртуулан, 2 хүнтэй өрсөлдөх дараагийн туршилтад орсон боловч санаанд оромгүй асуудал гарав. "Эрэгчин нь цусаар, эмэгчин нь цэцгийн балаар хооллодог, морины шавьжны нэр юу вэ?" Өрсөлдөгч түрүүлэн товчлуур дарж, "шумуул" гэв. Энэ бол буруу хариулт, зөв нь "морины ялаа". Дараа нь Ватсоны ээлж ирсэн боловч "шумуул" хэмээн өрсөлдөгчийн буруу хариултыг давтсан байна. Учир нь Ватсон зөвхөн хөтлөгчийн асуултыг анхаарч, бусад оролцогчийн хариултыг тооцож үзэх байтугай сонсох ч чадваргүй байв. Ватсон өмнө нь зөвхөн ганцаараа асуултад хариулж ирсэн тул хүмүүсийн хувьд тун энгийн сонголтыг зохион бүтээгчид мөн л орхигдуулжээ.

2010 оны 4-р сард Жеопарди нэвтрүүлгийн продюсер Ватсоны чадлыг шалгаж, нэвтрүүлэгт оролцогчдын сонгон шалгаруулалтад тэнцэх эсэхийг үзэхээр Ай Би Эм компанийн лабораторт хүрэлцэн ирэв. Энэ өдөр сонгогдсон сэдэв нь тэмдэглэлт ойн өдөр бүхий саруудыг нэрлэх байв. Энэ нь Ватсоны хувьд тун тааламжгүй сэдэв юм. "Аудит, нягтлан бодох бүртгэлийн болон захиргааны ажилчдын өдөр хэдэн сард тохиодог вэ?" Товчлуур түрүүлж дарсан Ватсоны хариулт буруу байв. Ватсон үнэндээ тэмдэглэлт өдөр бүхий сар хэмээх сэдвийг ойлгохгүй байв. Энэ янзаараа бол энэ сэдвийн бүхий л хариулт буруу болно. Гэвч өрсөлдөгчийн хариултыг тооцох чадвар үүргээ гүйцэтгэж Ватсон тэр дороо "ухаарав". Дараагийн бүх хариултыг зөв хариулж, нэвтрүүлэгт орох эрхээ авсанаар зохион бүтээгчдийн найдаж байснаас давсан амжилт үзүүлжээ.

2011 оны 2-р сарын 16-нд компьютерийн хөгжлийн түүхэнд шинэ хуудас нээгдэв. 15 терабит багтаамж, 1880 процессорын тооцоолох чадал, секундэд 80 их наяд үйлдэл хийх чадвар бүхий Ватсон Жеопарди нэвтрүүлгийн танхимд суурилуулагдаж, тааврын тэмцээнд комьютер анх удаа хүнтэй нүүр тулав. Ватсоны өрсөлдөгчид нэвтрүүлгийн түүхэнд домог болсон хүчирхэг хүмүүс байна. Кен Женингс нэвтрүүлгийн түүхэнд хамгийн олон буюу 74 удаа түрүүлсэн бол Брэд Бартер шагналын нийт мөнгөн дүнгээр тэргүүлэгч нь юм. Оролцогчид өөрсдийгөө танилцуулж, Ватсоны ээлж ирэх үед "Намайг Ватсон гэдэг, би энэ мөчийг тун их удаан хүлээлээ" гэсэн компьютерийн дуу хоолой танхимд сонсогдов. Эхний ээлжинд Брэдийн сонгосон сэдэв "төрөл бүрийн утга агуулгатай үгс", Ватсоны хувьд бага зэрэг тэвдүүлсэн сэдэв байв. "Ил харагдах газар (vantage point) болон итгэл (belief)-ийг илэрхийлэх 4 үсгээс бүрдсэн үг юу вэ?" Брэдийн хариулт зөв (view) байв. Ватсон ч зөв хариултыг олсон байв.


"Морины туурайд бэхэлдэг, бас казинод карт хийхэд ашигладаг хайрцагийг илэрхийлэх 4 үсэгтэй үг юу вэ?" Ватсон зөв (shoe) хариулав. Тийм ч сайн биш сэдэвтээ зөв хариулсан түүний хувьд сайхан эхлэл байв. Гэвч аваргууд сүүл даран нэхсээр эхний өдөр Ватсон Брэд хоёр тус бүр 5000 долларын эрх авч тэргүүлэв. Тэмцээний 2 дахь өдөр Ватсоны хувьд од нь гийж, дараалан зөв хариулсаар 36681 долларын болзол хангасан бол өрсөлдөгчид нь дөнгөж 5400, 2400 доллартайгаар хол хаягдав. Гэвч 3 дахь өдөр Кен даагаа нэхэж, зөв хариултыг өгч эхлэв. Нэвтрүүлгийн сүүлчийн асуултыг хариулах цаг болж, 3 оролцогч 3-ууланд хариулах адил тэгш боломж өгөгдөнө. "Хамгийн алдартай бүтээл нь Вилиям Вилконсоны номноос урам зориг авсан зохиолчийн нэр хэн бэ?" Зөв хариулт нь Дракулаг зохиосон Брэм Стокер. 3 оролцогч бүгд зөв хариулсан боловч эцсийн дүнгээр Ватсон илт давуу ялав.

Зохион бүтээгчдийн цаашдын зорилго зөгнөлт кино мэт зүйлд чиглэж байна. Хүнтэй ердийн байдлаар харилцан ярилцах компьютер, програм хангамж төрөл бүрийн салбарт ашиглагдах ирээдүйтэй юм. Тухайлбал анагаах ухаанд шинэ төрлийн эмчилгээ зэрэг мэдээлэл их хэмжээгээр нэмэгдэж байна. Хүний ой санамжид бүгдийг хадгалах боломжгүй. Иймд тухайлбал мэс заслын үед компьютер анагаахын сэтгүүлээс хайлт хийж, шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх боломжтой. Энэ нь хүний мэдлэгийг нэмэгдүүлэх (intelligent amplifier) хиймэл оюун ухааны хэрэглээний төсөөлөгдөж буй нэг хэлбэр юм. Ватсонд хиймэл оюун ухааны 100 гаруй технологи ашиглагдсан гэдэг. Зохион бүтээгчдийн үзэж байгаагаар цаашид компьютер зөвхөн хайлт хийх бус, хүний хэл яриаг бүрэн ойлгох чадварыг эзэмшүүлэх явдал чухал гэдгийг онцолж байна.

Дашрамд дурдахад бичлэгийг бэлтгэж, нийтлэх явцад Ватсонтой холбоотой шинэ мэдээлэл гарлаа. Ай Би Эм компани Ватсоныг ашиглан бизнесийн шинэ нэгж байгуулахад 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн байна. Энэхүү хөрөнгөний 100 сая долларыг шинэ хэрэглээг дэмжих, үйлдвэр компаниудын хэргэлээнд ашиглагдах Ватсонд суурилсан үүлэн үйлчилгээнд зориулах юм. Ай Би Эм компани мөн Айфоны Сиритэй адил ухаалаг утасны хэрэглээг төлөвлөж байгаа талаар өнгөрсөн онд зарлаж, хөгжүүлэгчдэд зориулан зарим системийг нээлттэй болгосон байна.


эх сурвалж, NHK

Биткойн хувьсгал уу, хий хоосон зүйл үү

Токио хотод тулааны спортын дамжаа ажилуулдаг нэгэн залуу 1 жилийн өмнө шавиасаа 1500 долларын сургалтын төлбөрийн өрөнд 130 нэгж хийсвэр валют авсан байна. Хийсвэр валютын талаар сайн ойлголтгүй тэрээр саяхан ханшийг нь шалгаж үзтэл нийт өртөг нь 150 мянган доллараар үнэлэгдэж байв. Норвегийн иргэн Кристофер Коч 4 жилийн өмнө 17 фунттай тэнцэх хэмжээний өртөг бүхий хийсвэр валют худалдаж авчээ. Тэгвэл тэр өнөөдөр хуруугаа ч хөдөлгөлгүйгээр хагас сая фунтын хадгаламжтай болоод байна.

Английн мэдээллийн технологийн мэргэжилтэн Жэймс Ховел зөөврийн компьютер дээрээ жүржийн ундаа асгах үедээ компьютерээ дахиж хэрэглэх шаардлагагүй болсон гэж бодож байв. Хэрэв тэгсэн бол тэр компьютерийн хатуу дискэн дээр хадгалагдаж байсан 5 сая фунтыг хог дээр хаях байв. Ховел 2009 онд дөнгөж гараад байсан хийсвэр валютаас 7500 нэгжийг худалдаж авсан байжээ. Өнөөдөр интернетээр тархах нэгэн нууцлаг валютад дэлхий даяр анхаарлаа хандуулж байна. Энэ бол хийсвэр валют, тоон мөнгө гэгдэж буй биткойн (bitcoin) юм.


Биткойн нь интернетэд солилцох мэдээллийн нэг хэлбэр бөгөөд үнэн чанартаа ямар ч үнэ цэнэгүй зүйл. Гэвч сүүлийн саруудад хөрөнгө оруулалтын хэрэгсэл болон хувирч ханш нь огцом өсөөр байна. Энэ оны эхээр нэг биткойн ойролцоогоор 10 доллартай тэнцэж байсан бол нэг жилийн хугацаанд ханш нь 100 дахин өсч, 1000 доллараас даваад байна. Ханшны энэ өсөлт нь нөгөө талаас ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг урин дуудаж байна.

Хийсвэр валют дэлхий даяар тархах нөхцөл нь эдийн засгийн хямрал юм. Зарим улс оронд иргэдийн хадгаламжийн тодорхой хэсгийг хүчээр төвлөрүүлж байгаа зэргээс шалтгаалан хүмүүс өөрсдийн мөнгөн хөрөнгийг хамгаалах үүднээс их хэмжээний мөнгийг биткойнд цутгаж байна. Биткойн анхнаасаа иймэрхүү нөхцөл байдлыг харгалзаж үзсэн валют юм. Сатоши Накамото хэмээх програмистын 2008 онд хэвлүүлсэн өгүүлэлд засгийн газраас хамааралгүйгээр бие даасан валют бүтээх тухай өөрийн санааг тусгажээ.


Бодит валют нь эдийн засгийн хямрал, засгийн газарт итгэх итгэл буурах зэргээс шатгаанаас үнэ цэнэ нь буурах тохиолдол элбэг байдаг. Тэгвэл улс орны хил хязгаарыг давж, дэлхий даяар хэрэглэгдэх валютыг интернетэд бий болгох санаа олон улсын програмистуудын дэмжлэгийг авснаар 2009 онд биткойн бий болжээ. Биткойны нийт хэмжээг хатуу хязгаарлах учир түүний үнэ цэнэ тогтвортой хадгалагдана. Биткойн өнөөдөр бусад бодит валютын адил дэлхий даяар хэрэглэгдэж байна.

Валютын хямралд орсон Киприйн их сургууль сургалтын төлбөрийг биткойноор хийхийг зөвшөөрсөн байна. Эдийн засгийн хямралаас гарч чадахгүй байгаа АНУ-д хүмүүсийн долларт итгэх итгэл буурч, биткойныг хэрэглэх хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Бэлэн мөнгө, кредит карт, шуудангийн маркгүйгээр зөвхөн биткойноор амьдарч буй хосын тухай мэдээлэл гарчээ. Токиогийн Роппонги дүүрэгт зарим ресторанууд биткойноор төлбөр тооцоо хийх боломжтой болов. Биткойнд зориулсан дэлхийн анхны АТМ Ванковер хотод байгуулагдсан байна. Биткойний арилжааны биржийн мэдээллээр өнөөдөр дэлхий дээр уг хийсвэр валютыг хэдэн сая хүн хэрэглэж, түүний зах зээлийн багтаамж 13 тэрбум доллараар хэмжигдэж байна.


Өргөжин тэлэхийн хамт хийсвэр валютыг дагасан хууль бус, сөрөг үзэгдлүүд ч гарч эхэлсэн байна. Биткойн хакеруудын анхааралд өртөж, хамгийн сүүлд гэхэд л 1 сая доллараар үнэлэгдэх 1295 нэгж биткойн хулгайлагдсан байна. Худалдан авагчийн тухай мэдээлэл үлдэхгүй учир хуурамч пасспорт, хар тамхи наймаалах, мөнгө угаах зэргээр хууль бус арилжаанууд ч биткойноор тооцоо хийх худалдааны сайтуудад хийгдэх болов. Хийсвэр валютын ханшны огцом өсөлт нь 17-р зууны үеийн Амстердамын "алтанзул цэцгийн халуурал" хэмээх ханшны хөөсрөлтийн үзэгдлийг давтаж байгаа талаар эдийн засгийн мэргэжилтнүүд анхааруулж байна.

Биткойныг дагасан сөрөг үзэгдлүүдээс засгийн газрууд ч болгоомжилж эхлэв. Өнгөрөгч оны 7-р сард Тайландын банк биткойны арилжааг хориглосон бол саяхан Хятадын төв банк мөн адил арга хэмжээ аваад байна. Улс орнуудын бодит мөнгө валют, алтны нөөц зэргээр баталгааждаг бол хэдийгээр дэлхий даяар тархаж байгаа боловч хийсвэр валют ямар ч баталгаагүй юм. Хэрэв хөөс хагарч ханш унах, дэлхийн хэмжээний санхүүгийн томоохон байгууллагуудаас хориглох зэргээр хийсвэр валют үнэ цэнэгүй болж хувирвал олон сая хүн их хэмжээний хохирол амсах болно. Гэхдээ үүний хариуцлагыг хэн ч үүрэхгүй.

Дашрамд дурдахад манай интернет орчин, тухайлбал асуулт самбарт биткойны тухай яриа хамгийн идэвхтэй өрнөж байгаа сэдвүүдийн нэг болсон харагдсан.

эх сурвалж, NHK, mailonline, mailonline & mailonline

Гүүгл шинэ патентууд авсаар байна

Гүүгл компани хэрэглэгчдийг төлөөлөн тэдний өмнөөс бичлэг хийж, сэтгэгдэл бичих автомат програм хангамж (bot)-ийн патентыг авсан байна. Уг програм фэйсбүүк, гүүгл нэмэх зэрэг нийгмийн сүлжээ сайтуудад тухайн хэрэглэгчийн өмнө нь бичиж байсан бичлэг, сэтгэгдэл, тэр ч байтугай и-мэйл, текст илгээмжүүдэд шинжилгээ хийж, тухайн хүний бичлэгийн хэлбэр, хэллэгийг дууриах чадвартай юм. Програмыг олон дахин ашиглах тусам илүү сайн суралцаж, бодит хэрэглэгчээс ялгагдахааргүй бичлэг хийх боломжтой байна.

Мөн найз нөхөд, гэр бүлийн гишүүдэд хамаарах бичлэгүүдийн агуулгыг шалгах замаар тухайн хэрэглэгчийн хувийн онцлогийг бүрэн илэрхийлж чадах юм. Гүүгл өмнө нь хэрэглэгчдийн электрон шууданг хянаж, зар сурталчилгааны зорилгоор ашиглаж байгаадаа ихээхэн шүүмжлэлд өртөж байсан. Энэ нь бичлэг, текст илгээмжүүдийг хянах боломж онолын хувьд байгааг илтгэнэ. Автоматаар бичлэг хийх програм ч аль хэдийн бэлэн болсон байгаа боловч одоогоор хэрэглэгч нэг бүрт тохируулахад шаардагдах сайжруулалтыг хийж байна.

Патентийн мэдээллээс үзвэл хэрэглэгч ямар нэгэн тохируулга, идэвжхүүлэлт хийх шаардагагүй. Систем хандаж буй мэдээлэлд хүний оролцоогүйгээр дүн шинжилгээ хийж, харгалзах бичлэгийн хувилбарыг санал болгоно. Харин түүнийг нийтлэх эсэхийг эцсийн шатанд хэрэглэгч өөрөө шийднэ. Хэрэв автоматаар бичигдсэн хувилбар хэрэглэгчид таалагдаагүй тохиолдолд програм илүү сайн хувилбар гаргахын төлөө өөрөө суралцах болно. Цаашид ийм програм хангамжийн үйлчилгээг роботоор дамжуулан авч магадгүй талаар зарим сайт таамаглаж байна.

Гүүгл компани роботын технологи бүтээгч 7 компанийг сүүлийн 6 сарын дотор чимээгүйхэн худалдаж авсан. Цаашдын зорилго нь одоогоор тодорхойгүй байгаа боловч автомат жолоодлого бүхий машинтай хослон ажиллах робот бүтээж, бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гэрт хүргэж өгөх үйлчилгээ бий болгож магадгүй талаар Нью-Иорк таймс сонин таамаглажээ. Үүнтэй төстэй үйлчилгээг Амазон компани төлөвлөж, шууданг зөөвөрлөх нисэх төхөөрөмжийг 4 жилийн дотор ашиглаж эхлэх тухай мэдэгдээд байгаа билээ.

Өнгөрөгч 8-р сард Гүүгл компани Гүүгл глас-ийг хэрэглэгчийн нүдний хөдөлгөөнийг дагах төхөөрөмжийн патентийг авсан байна. "Харцыг дагах систем" нь хэрэглэгчийн харц хааш чиглэж, ямар зүйл дээр хэр удаан тогтохыг бүртгэнэ. Уг өгөгдлийг серверт илгээж, дүрс боловсруулах алгоритмын тусламжтайгаар харсан зүйлийг тодорхойлон, мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор ашиглах ажээ.


эх сурвалж, mailonline

Интернетийн шифрлэлтийн тухай

Өнөөдөр интернетэд төвлөрсөн мэдээллийн аварга ертөнцөд цахим худалдаа, онлайн банкны үйлчилгээ зэрэг янз бүрийн хэлбэрээр их хэмжээний мөнгө эргэлдэж байна. Гэхдээ кибер ертөнцөд хакерын довтолгоо хэмээх айдас байнга заналхийлж байдаг. 600 компаний сүлжээг хариуцаж, 24 цагийн турш хяналт хийж буй мэдээллийн хамгаалалт аюулгүй байдлыг хариуцсан нэгэн компаний жишээг сонирхоход нэг хоногт 300 сая сэжиг бүхий хандалт илэрдэг байна. Иймэрхүү өдөр тутмын аюулаас бидний нууцыг найдвартай хамгаалах арга хэрэгсэл нь шифрлэлт юм. Тухайлбал бидний кредит картны дугаар тэс өөр тоонд шифрлэгдэн хувирч, банкинд илгээгддэг. Төрөл бүрийн картуудыг төхөөрөмжид уншуулах тохиолдолд бидний мэдээлэл шифрлэгдэн дамжина. Шифр нь зөвхөн илгээгч, хүлээн авагч хоёрын таних тэмдэгт болон тоонууд бөгөөд ямар нэг байдлаар гуравдагч этгээдэд мэдээлэл алдагдах бололцоог хаадаг.


Тухайлбал ямар нэгэн үгийг түүнийг бүрдүүлэгч үсгийн цагаан толгойн дараалал дахь дараагийн үсгээр төлөөлүүлэн шифрлэж болно. Энэ бол Юлий Цезарийн хэрэглэж байсан арга юм. Мэдээлэл боловсруулалтын эцэг хэмээгддэг Клауд Шанонын бүтээсэн шифрлэлтийн загварын дагуу илгээгч мэдээллийг шифрлэн илгээх тохиолдолд гуравдагч этгээд түүнийг олж авсан ч агуулгыг таних боломжгүй байдаг. Хүлээн авагч нь шифрийг тайлах түлхүүрийн тусламжтайгаар мэдээллийн агуулгыг мэдэж чадна. Өөрөөр хэлбэл илгээгч хүлээн авагч хоёр адил үйлдлэл хийж байж мэдээлэл дамжина. Энд тэр хоёрыг нэгтэх зүйл бол шифрийн түлхүүр байх бөгөөд түүнийг хэнд ч алдах ёсгүй. Шифрлэлтийн түүх хамгийн шилдэг шифр бүтээгч, түүнийг тайлахыг эрмэлзэгчдийн тэмцэл дунд өрнөсөөр иржээ. 16-р зууны үед англичуудад барьцаалагдсан шотландын хатан хаан Мэри Стюарт английн хатан хаан 1-р Элизаветийн амь насанд халдахаар төлөвлөж байв. Тэрээр үсгүүдийг үл таних дүрсээр орлуулах шифр хэрэглэж байсан боловч, илгээсэн мэдээлэл нь англичуудын гарт орж шифр тайлагдсанаар цаазаар авахуулж байжээ. Шифрлэлтийн технологийг дэвшилд хүргэсэн зүйл бол дайн юм.

Дэлхийн 2-р дайны үед германчуудын хэрэглэж байсан төхөөрөмж Энигма нэг үгийг 159 000 000 000 000 000 000 өөр хэлбэрээр шифрлэх боломжтой байв. Энигма нь тухайн үеийн хамгийн шилдэг төхөөрөмжид тооцогдож, түүгээр шифрлэсэн мэдээллийг тайлах боломжгүй гэгдэж байв. Гэвч английн суут математикч Алан Тюрингийн аргачлалаар цилиндрийг эргүүлэх замаар шифрийг тайлах төхөөрөмж Бомбэ бүтээгдэв. 37 ширхэг Энигматай тэнцэх хүчин чадал бүхий энэ төхөөрөмж дэлхийн 2-р дайн дуусах хугацааг 2 жилээр богиносгосон гэж үздэг. Эдгээр түүх шифрийн түлхүүрийг хичнээн нууцласан ч түүнийг тайлах боломжтой гэдгийг харуулна. Тэгвэл орчин үед түлхүүрийг олон нийтэд дэлгэн харуулах арга өргөнөөр ашиглагдаж байна. Учир нь түлхүүр байлаа ч шифрийг тайлах боломжгүй. Энэхүү хувьслын чанартай шифрлэлтийн арга 1977 онд Масечусетс их сургуульд боловсруулагджээ. Уг аргачлалыг бүтээсэн Рон Ривест, Ади Шамир, Лэонард Адлмен нарын нэрний эхний үсгээр RSA алгоритм хэмээн нэрлэгдсэн байна.


Шифрлэлтийн энэ арга өнөөгийн мэдээллийн ертөнцийн хамгаалалтын гол тулгуур болж байна. Интернетээр худалдаа хийх үед хөтчийн веб хаягний өмнөх цоожны зураг онлайн дэлгүүртэй хийж буй харилцаа шифрлэгдсэн байгааг илэрхийлнэ. Цоожны зурган дээр даралт хийж, дэлгэрэнгүй мэдээлэл дотроос тоо болон үсэгнүүдийн дарааллыг харж болно. Энэ нь 16-тын тооллоор илэрхийлэгдсэн хэн ч харж болох нийтэд дэлгэсэн түлхүүр юм. Кредит картны дугаарыг оруулах үед нийтэд ил харагдах түлхүүр автоматаар дуудагдаж, дугаарыг шифрлэн дэлгүүрт илгээдэг. Ил түлхүүр үнэхээр аюулгүй байж чадах уу гэсэн эргэлзээ төрнө. Үүний нууц нь зөвхөн нэг чиглэлт функцын үр дүн юм. Бид телефон утасны жагсаалтаас хүний нэрээр утасны дугаарыг олж болох ч, эсрэгээр дугаараас нэрийг олж болдоггүйтэй адил юм. RSA алгоритм анхны тоог ашигладаг. Анхны тоо нь 1, 3, 5, 7, 11 гэх мэтчилэн хязгааргүй үргэлжилнэ. Эрдэмтэд 2500 жилийн туршид бүхий л анхны тоог нэгэн зэрэг илэрхийлэх нэгдсэн томъёог хайсаар ирсэн боловч олж чадаагүй л байна. Энэ нь анхны тоог шифрлэлтэд ашиглах үндэс болжээ.


Зөвхөн анхны тоонуудын үржвэрээр илэрхийлэгдэх тоонууд (бүхэл тооны факториал) бий. Тухайлбал 35=5x7. Гэхдээ ийм тоо томрох тусам ямар анхны тоонуудын үржвэр болохыг олоход хэцүү. Дахин нэг жишээ авч 9991 ямар анхны тоонуудын үржвэр болохыг шалгая. 9991/2, 9991/3, 9991/3, 9991/7 гэх мэтчилэн хуваах үйлдлийг нэлээдгүй урт хугацаа зарцуулан, давтан хийж байж 9991/97=103 гэдгийг олж болно. Дэлгүүр хэрэглэгчийн мэдээллийг нууцлахын тулд урьдчилан 2 анхны тоог сонгодог. Тэдгээрийн үржвэр нь нийтэд үзүүлэх түлхүүр болно. Бидний кредит картны дугаар энэ түлхүүрээр шифрлэгдэн илгээгдэж, дэлгүүр анхны 2 тоог мэдэх учир шифрийг тайлж кредит картны дугаар уншигдана. Нөгөө талаас хакерүүд түлхүүрийг анхны тооны үржвэрт задлаж чадвал кредит картны дугаарыг мэдэж чадах мэт санагдана. Гэвч энэ нь боломжгүй юм. Одоогийн байдлаар RSA шифрлэлтийн түлхүүр нийт 617 оронгоос бүрдэж байна. Энэ нь өнөөгийн ямар ч супер компьютер, хэдэн ч ширхэгийг ашигласан үржвэрийг олох боломжгүй том тоо юм.


RSA шифрлэлтийг санал болгож буй компани түүний аюулгүй байдлыг нотлохын тулд нэгэн уралдаан зарласан байна. Олон орон бүхий тоогоор илэрхийлэгдэх түлхүүрийг зарлаж, түүнийг ямар анхны тооны үржвэр болохыг олох тохиолдолд 200 мянган долларын шагнал өгөхөөр амласан байна. Веб хуудсан дахь мэдээллийг үзвэл 174 орон, 193 орон бүхий тоог анхны тоогоор задлах даалгавар биелэгдсэн байна. Харин 309 орон, 463 орон, өнөөдөр ашиглагдаж буй 617 орон бүхий тоо мэдээж задлагдаагүй байгааг харж болно. Тэгвэл энэ чиглэлийн хамгийн дээд амжилт 2009 онд эвдэгдэж, 232 орон бүхий тоог 2 анхны тооны үржвэрт задласан байна. Үүнд Япон, Швед, Герман, Франц, Ирландын мэргэжилтнүүдийн хамтарсан баг 5 мянган компьютер ашиглан 3 жилийн хөдөлмөрөө зарцуулжээ. Тоог ямар анхны тоонуудын үржвэр вэ гэдгийг мэдэхийн тулд анхны тоог хамгийн багаас нь эхлүүлэн нэг бүрчлэн шалгахаас өөр арга байдаггүй ажээ. Цаашид 617 орон бүхий тоо задлагдах 2-хон нөхцөл бий. Нэг нь компьютерийн хурд жил ирэх тусам нэмэгдэж байгаа явдал юм. Моорын хуулиар компьютерийн тооцоолох хурд 3 жил тутам 4 дахин нэмэгдэнэ. Хэрэв энэ хурд цаашид хадгалагдана гэж үзвэл 80 жилийн дараа 617 орон бүхий тоог тайлах комьютер бүтээгдэнэ. Нөгөө нэг нөхцөл нь анхны тоог илэрхийлэх томъёог олж нээх тохиолдолд юм. Гэхдээ энэ талаар ямар нэгэн таамаглал хэлэх боломжгүй.

эх сурвалж, NHK

Өмнөд солонгосын захуудад өндөр технологи нэвтэрч байна

Техник технологийн өндөр хөгжил бүхий Өмнөд солонгос улсын захууд болон хямд үнэ бүхий бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн наймаачдад өндөр технологийн төлбөр, тооцооны хэрэгслүүд хүртээмж огт үгүй байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл саяхнаас тэдний данс тооцооны дэвтрийг таблет компьютер орлох болж, түрийвч нь кредит карт унших төхөөрөмжөөр солигдож эхэлсэн байна.

Юү Хёнжин бол Сөүлийн Жунгок чэйл захад 14 жилийн турш ургамлын тос худалдаалж байгаа жижиглэнгийн наймаачин юм. Тэр 2 сарын өмнө тус улсын үүрэн төхөөрөмжийн хамгийн том оператор СК Телеком компаниас Самсунг Галакси таблетийг үнэ төлбөргүйгээр хүлээн авсан байна. Уг таблет данс тооцооны электрон бүртгэл хийхээс гадна жижиг бизнесийн үйл ажиллагааг дээшлүүлэхэд туслах програм хангамжийг агуулж байна.


Таблет нь борлуулалт болон бүтээгдэхүүний нөөцийн мэдээллээр хангаж, тооцооллын үр дүнг өдөр, долоо хоног, сараар ангилан харуулах боломжтой юм. Мөн худалдан авагч хүн тус бүрээр худалдан авсан бүтээгдэхүүний мэдээллийг үүсгэж, шинэ бүтээгдэхүүнийг текст мессежээр сурталчлах, үндсэн худалдан авагчдад электрон шуудангаар мэдээлэл илгээх боломжтой ажээ.

"Одоогоор би мэдээлэлд янз бүрийн шинжилгээ хийхийг оролдож байна. Юутай ч шинэ төхөөрөмжийг хүлээн авснаас хойш борлуулалт 30%-аар нэмэгдсэн" хэмээн Юү Хёнжин ярьж байна. СК Телеком компани өрсөлдөх чадвараа хадгалахыг хүсч буй жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих ерөнхийлөгчийн уриалгыг хүлээн авч, хэрэгжүүлж буй ажлын нэг хэсэг нь ийнхүү жижиг наймаачдыг төлбөр тооцооны тоон хэрэгслээр хангаж байгаа явдал юм.

Өмнөд солонгосын Самсунг, Хьюндай зэрэг гэр бүлийн эзэмшил бүхий аварга компаниуд өөрсдийн шинэ зах зээлийг тэлэхийн тулд жижиг бизнес эрхлэгчдийг хавчин гадуурхаж байна гэх шүүмжлэлд байнга өртдөг. Ялангуяа И-март, Хөөм Плас зэрэг зай талбай ихтэй, агааржуулалтын системтэй, зогсоолын хүрэлцээ сайтай, орчин үеийн сүлжээ дэлгүүрүүдийн тархалт нь тус улсын 300 гаруй захад ажиллаж буй жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн бизнест хүндээр тусдаг байна.


СК Телеком компани өнөөдрийг хүртэл 2 захын 25 наймаачинг таблетээр хангасан бол энэ жилдээ багтаж бусад захуудад нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Мөн кредит карт унших жижиг оврын төхөөрөмжөөр хангаж, уламжлалт захын үйлчлүүлэгчдийн түгээмэл гомдлыг арилгахад туслаж байна. Гэхдээ шинэ технологи нэвтрүүлж байгаа газар нь зөвхөн Жунгок чэйл зах биш юм.

Пусан хотын нэгэн зах орон нутгийн захиргаатай хамтран хямдралын карт санал болгож, 100 дэлгүүр тус бүрийн мэдээлэл, байрлалын зураг, зогсоолыг тус тус заах ухаалаг утасны апликэшн програмыг бүтээж ашиглаж байна. Сувон хотод захын өнцөг булан бүрт үйлчлүүлэгчдийг тоолох чадвартай камер суурилуулж, түүний мэдээллээс хямдралтай худалдаа зэрэг борлуулалтыг дэмжих ажиллагаа явуулахад тохирох цаг болон байрлалыг тогтоож байгаа юм.

эх сурвалж, physorg

Цагдаагаар даажигнасан хакер баригдав

Компьютерийг алсаас удирдах вирус ашиглан, аллага үйлдэх тухай бичлэгийг бусдын өмнөөс хийж интернетэд байрлуулж байсан япон хакер баригдлаа. Түүний бичлэгүүд америкт байрлах серверээр дамжин хийгдэж байсан учир японы цагдаагийн байгууллага өнгөрсөн оны сүүлчээр 5 мэргэжилтэнг тус улсад илгээж, Холбооны мөрдөх товчоотой хамтран мөрдлөг хийсэн боловч гэмт хэрэгтний талаар ямар нэгэн ул мөрийг кибер ертөнцөөс олж чадаагүй байна.

Ийнхүү мөрдлөгийн ажил мухардалд орсон тул уг хакерийг баривчлахад туслах баттай мэдээлэл өгсөн хүнд 3 сая иений шагнал өгөхөөр амлав. Харин энэ оны эхний өдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандсан мэйл гэмт этгээдээс ирсэн байна. Мэйлд хавсралтад байгаа цуврал даалгаврыг биелүүлсэн нэг хүнд  IESys вирусын эх кодийг өгч, өөртэйгээ шууд холбогдох боломжоор хангана, шуугиан тарьсан мэдээлэл хийх боломжыг бүү алдаарай гэсэн байв.

Даалгавар нь солонгост нэрд гарсан компьютерийн тоглоомын зурагнаас нуугдмал үгийг олж солонгос хэлнээс орчуулах, түүнийг нууц үг болгон ашиглаж зориулалтын програмын тусламжтайгаар хэд хэдэн зургийг эвлүүлэх, япон даамны нүүдэл хийх, дууны файлыг урвуу тоглуулан нуугдмал үгийг илрүүлэх гэх мэт хэсгүүдээс бүрдэж байв. Тэдгээрийг бүрэн тайлж уншвал Токио хотын газар нутагт харъялагдах хамгийн өндөр уулын оргил дээр эх код бүхий флэш дискийг нуусан тухай фото зураг бүхий мэдээлэл гарчээ. Мэдээллийн дагуу цагдаа нар уулын оргилыг шалгаж, заасан цэгт ухаж үзсэн боловч юу ч олдсонгүй.


1 сарын 5-нд гэмт этгээдээс ирсэн дараагийн мэйлд, нуусан зүйлсийг хэтэрхий гүехэн булсан учир ил гарч салхинд хийсэн алга болсон, мөн шинэ даалгавар биелүүлэх тухай бичсэн байв. Энэ удаад Канагава мужын Эно хэмээх арлаас хүзүүвчинд нь мэдээлэл нуусан муурыг олох тухай даалгавар байв. Эно арал нь олон тооны золбин мууртай учир муурны диваажин хэмээн нэрлэгддэг. Мөрдөгч нар арлаас муурыг олж хүзүүвчинд нь нуусан микро SD картыг олов. Мөн ойролцоо байрлуулагдсан хамгаалалтын камеруудын бичлэгийг давхар шалгаж,  мууранд хүзүүвч зүүж буй эрэгтэйг мотоциклийн хамт илрүүлжээ.


Улмаар програм хангамжийн мэргэжилтэй, 30 настай, Катаяма гэгчийг баривчлав. Тэрээр одоогийн байдлаар хэргээ хүлээгээгүй байгаа боловч камерийн бичлэгээс гадна өмнө нь аллагын тухай хийсэн интернетийн бичлэгийн нэгийг өөрийн ажлын газрын компьютерээс хийсэн нь нотлогдоод байна. Хэрэгтэн 8 жилийн өмнө нэр бүхий компаний захирлуудын амь насанд халдах тухай бичлэгийг интернетэд хийсэн хэргээр 1.5 жил хоригдох ял эдэлж байжээ. Тэрээр тухайн үед өөрийгөө хилс хэргээр шийтгэгдсэн хэмээн мэдэгдэж байсан байна.

Сэтгэлзүйчдийн ярьж байгаагаар хэрэгтэн ял эдэлснээр өөрийнх нь амьдралд олон сөрөг өөрчлөлт гарсанд шүүх, цагдаагийн байгууллагыг буруутгаж хорссон, мөн интернетийн ертөнцөд шуугиан тарьж од болохыг хүссэн нь энэ удаагийн хэргийг үйлдэх шалтгаан болжээ. Ийнхүү өөрийн хийсэн хэргийн ул мөрийг чадварлаг нууж цөөнгүй хүмүүсийг хилсээр баривчлуулан, багагүй ажил явдал болгож цагдаагаар хагас жил илүү хугацаанд даажигнаж чадсан хэрэгтэн хакер кибер ертөнцдөө бус, бодит амьдралд хазгай гишгэсэн мөрнөөсөө үүдэн баривчлагдаад байна.

Хэрэв тэрээр ийм алдаа хийгээгүй бол бараг илрэх боломжгүй байсан гэдгийг ч мэргэжилтнүүд нуухгүй байгаа юм. Цагдаагийн байгууллага их хэмжээний шагнал амладаг явдал нь нэг талаас мөрдлөгийг мухардалд оруулсан мэт харагдуулдаг боловч, цаагуураа хэрэгтэнд ялан дийлсэн мэт сэтгэгдэл төрүүлж, иймэрхүү болгоомжгүй алдаа гаргуулах зорилготой байдаг ч байж магадгүй л юм.

Google нууц үгийг түлхүүрээр орлуулах уу

Бид электрон шуудан болон бусад онлайн үйлчилгээнд нэвтрэхэд хэрэглэгчийн нэр, нууц үгийг оруулдаг. Интернетэд холбогдох боломжтой төхөөрөмжүүдийн төрөл зүйл олширсон өнөө үед энэ үйлдлийг олон дахин давтах нь хүмүүст төвөгтэй санагдаж эхэлж байна. Нөгөө талаас хэрэглэгчийн нууцлалыг найдвартай хамгаалах үүднээс нууц үгний тэмдэгтийн уртыг байнга нэмэгдүүлэх шаардлага гарч байгаа бол одоогийн байдлаар 12-оос олон тэмдэгт бүхий нууц үг хамгийн найдвартай гэгдэж байна.

Гэхдээ Моорын хууль цаашид хүчин төгөлдөр үйлчилсээр байх юм бол хэзээ нэгэн цагт ганц нууц үг оруулж, веб хуудсанд нэвтрэхийн тулд зохиол бичих дээрээ тулж ч магадгүй юм. Тэгвэл онлайн бүртгэлтэй холбоотой иймэрхүү хүндрэлээс зайлсхийх технологийг Google бүтээж байна. Ухаалаг чипийг агуулах бодит түлхүүрийн тухай өгүүлэл тус компаний нууцлал хамгаалалт хариуцсан дэд захирал Эрик Гросс, инженер Мэйэнк Үпэдая нарын нэрээр IEEE Security & Privacy Magazine сэтгүүлийн ирэх долоо хоногийн дугаарт нийтлэгдэнэ хэмээн Wired сайт мэдээлэв.



Бидний мэддэг хаалганы цоожны түлхүүртэй төстэй төхөөрөмжийг комьютертээ холбох тохиолдолд веб хуудаснуудын бүртгэлд нэвтрэх ажиллагаа автоматаар хийгдэх болно. Ийм түлхүүрийн нэг нь Google компани бүтээж байгаа хэмээн таамаглагдаж буй USB холболт бүхий Юбикий юм. Мөн веб хуудас түлхүүрийг таньж нэвтрүүлэх зориулалтын програм хангамжийг зохиох шаардлагатай. Юбикий түлхүүр нь механик гэмтлээс хангалттай сайн хамгаалагдсан, ус нэвтрүүлдэггүй, мөн энгийн түлхүүрний оосор хэлбэрээр ашиглах боломжтой байх бололтой.

Ирээдүйд иймэрхүү түлхүүр утасгүй технологиор холбогдож, хэрэглэхэд илүү хялбар болно. "Бид цаашид хэрэглэгчийн хурууны хээний мэдээллийг агуулах ухаалаг утас болон ухаалаг картад суурилагдаж, үүрэн утасны сүлжээний холболтын байдлаас хамааралгүйгээр ажиллах боломжтой түлхүүрийг бүтээхийг зорьж байна" хэмээн Google-ийн өгүүлэлд дурджээ. Ийм түлхүүр нь компьютерийн ойролцоо тодорхой зайд байрлуулах төдийд веб хуудсанд бүртгэлээр нэвтрэх боломж олгоно.


Харин нууц үг мэтийн энгийн арга хэрэгсэл нь хэрэглэгчийн нууцыг найдвартай хамгаалж чадахгүй гэдгийг Google компани хүлээн зөвшөөрч байна. Нэвтрэх үйлдлийг хялбарчилсан ямар ч түлхүүр бий болголоо ч нууц үгийг бүрэн халж чадахгүй. Судлаачид зүрхний цохилт таних мэтийн элдэв аргыг туршиж байгаа боловч төгс хувилбарыг хараахан олж чадаагүй л байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгч өөрийн хурууны хээ бүхий ухаалаг түлхүүрээ хулгайд алдах, гээгдүүлэх тохиолдолд холбогдох газарт аль болох хурдан мэдэгдэх шаардлага хэвээр байсаар байх бололтой.


эх сурвалж, wired

Ухаалаг телевизор таныг хянана

Бид телевизорийг үздэг байсан бол телевизор биднийг "харж, хянадаг" цаг үе ирж байна гэхэд хилсдэхгүй бололтой. Ухаалаг телевизор, түүнд суурилагдсан камер болон микрофоны тусламжтайгаар бидний зочны өрөөнд болж буй бүхий л үйл явдлыг дэргэд байгаа мэт харж, сонсох боломжийг хакеруудад олгож байна. Риволн хэмээх нууцлал хамгаалалтын компаний судлаачид Самсунг компаний бүтээсэн ухаалаг телевизорын системийн тохируулга болон түүнд хадгалагдсан хувийн мэдээллүүдэд хэрхэн нэвтэрч болохыг туршилтаар үзүүлжээ. Үүний тулд телевизорт вирусны програм суулгасан байна.

Ийм програмаар дамжуулан хакерууд зурагтны өмнө болж байгаа үйл явдалын дүрслэл болон дуу чимээг хүлээн авах боломжтой. Самсунгийн ухаалаг телевизор нь зөөлөн буйданд тухлангаа интернетээр аялах, нийгмийн сүлжээнд холбогдох, интернетэд суурилсан киноны шууд дамжуулалтыг үзэх, онлайн тоглоом тоглох зэрэг боломжуудыг агуулахын зэрэгцээ хүний дуу хоолойг микрофоноор, гарын хөдөлгөөнийг камераар тус тус таньж удирдагддаг.  Гэвч интернетэд холбогдох боломж нь түүнд хакерууд нэвтрэх үүд хаалга болж байна.

Риволн компанийг үндэслэгчдийн нэг Луйжи Ориэмагийн хэлсэнээр тэд IP хаягаар дагаж телевизорын төхөөрөмжийн удирдлагын хэсэгт нэвтрэхээс гадна түүнд холбогдсон хадгалах төхөөрөмжүүдийг ч ухаж төнхөх боломжтой програм хангамжийн цоорхойг илрүүлсэн байна. Тэдний толилуулсан видео бичлэгт тухайн телевизороор үзсэн нэвтрүүлгүүдийн жагсаалт, USB төхөөрөмжүүдэд хадгалагдаж байгаа болон бусад мэдээлүүдийг хэрхэн үзэж болохыг харуулжээ. Энэ нь тухайн эгшинд хакер телевизорыг бүрэн удирдах боломжтойг илэрхийлж байгаа хэрэг юм. Нөгөө талаас телевиор өөрөө хакер болсон гэсэн үг.

Интернетэд холбогдох боломж бүхий ахуйн хэрэгцээний төхөөрөмж эзэмшигчид компьютертэй адил төрлийн заналхийлэлд өртөх боломжтой тухай судалгаанууд сүүлийн үед олноор танилцуулагдаж байна. Гэрэлтүүлгийн системээс авахуулаад айр кондишн, компьютер тоглоомын консолууд онлайн боломжуудыг агуулах болсон боловч тэдгээрийн үйлдлийн системүүд Майкрософт болон Аплийн систем бүхий төхөөрөмжүүдтэй адил өндөр түвшний хамгаалалттай байж чадахгүй байна. Энэ удаад Риволн компани зөвхөн интернетэд холбогдсон телевизороор жишээ болгон үзүүллээ. Харин гол аюул нь хакеруудын довтолгоо ямар нэгэн компани болон хувь хүн зэрэг онцолсон байд чиглэхэд оршиж байна.

Луйжи Ориэма "хэрэв бидний туршилт нийтийн хэрэглэдэг интернетийн сүлжээнээс гадна нээлттэй, сул хамгаалалттай, хакердсан утасгүй болон утастай сүлжээг ашиглаж, ямар нэгэн онцгой байд чиглэсэн бол илүү бодитой бөгөөд сонирхолтой болох байлаа" гэжээ. Риволн компани төхөөрөмжийн хамгаалалтын цоорхой болон сул талуудын талаархи мэдээллийг өндөр үнэ санал болгогчдод худалдаалахаар төлөвлөж, алдааг богино хугацаанд засч залруулах боломжийг үйлдвэрлэгчдэд олгохыг зорьж байгаа ч энэ удаад илрүүлсэн ухаалаг телевизорын сул талын талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.

Энэ сарын эхээр АНУ-ын интернетийн үйчилгээ үзүүлэгч Веризон компани телевизор үзэгчдийг ажиглаж, түүний үр дүнд тулгуурласан зар сурталчилгаа үзүүлэх төхөөрөмжийн патентийг авсан. Уг төхөөрөмж температурын дүрслэлийн камер, микрофон, хөдөлгөөн мэдрэгч зэргээр тоноглогдож, хэрэв телевиз үзэж буй хос тэврэлдэж байвал романтик аялал, жирэмслэлтээс хамгаалах бүтээгдэхүүн, цэцгийн худалдааны сурталчилгаа явуулах зэргээр илүү өндөр үр дүнтэй сурталчилгааны боломжийг бүрдүүлнэ. Ийм төрлийн боломж бүхий ахуйн хэрэгслүүдийн хэрэглээ ч цаашид нэмэгдэх төлөвтэй байна.

Харин Самсунг компаний төлөөлөгч энэ удаагийн судалгааны талаар "тэд 2011 онд бүтээгдсэн манай телевизорын маш ховор тохиолдох алдааг илрүүлсэн боловч Самсунгийн телевизор ямар ч аюулгүй гэдгийг бид нотлоно. Ирэх оны 1-р сард гарах програм хангамжийн шинэчлэлт илүү найдвартай байх болно. Гэхдээ бид аюулгүйн үүднээс хэрэглэгчиддээ хамгаалалт бүхий утасгүй сүлжээг ашиглахыг давхар зөвлөж байна" гэжээ.



эх сурвалж, mailonline

Хакер, цагдаагаар даажигнав

Гудамжинд аллага үйлдэнэ, цэцэрлэг, бага сургуулийн хүүхдүүдийн амь насанд халдана, онгоцны буудлыг дэлбэлнэ гэх мэт агуулга бүхий 13 бичлэг энэ оны 6-аас 9 сарын хооронд Японы веб хуудсуудад байрлуулагдсан байна. Цагдаагийн байгууллага ч шуурхай ажилллаж, IP хаягийн тусламжтайгаар тэдгээр бичлэг илгээгдсэн компьютерүүдийг тогтоож, 5 хүнийг сэжигтнээр татан баривчилжээ.

Хамгийн эхнийх нь болох Ёкохама хотын нэгэн бага сургуульд аллага хийх тухай бичлэг 6 сард интернетийн зарын сайтад байрлуулагдсан байна. Тус хотын цагдаа нар 19 настай оюутанг сэжиглэн баривчилав. Сэжигтэн эхлээд хэрэгт ямар ч холбогдолгүй хэмээн мэдэгдэж байсан боловч мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээж, улмаар шүүхээр таслагдан тэнсэн харгалзах ялаар шийтгүүлжээ.

Олон хүнийг хамарсан аллага үйлдэхээр төлөвлөж байгаа тухай бичлэг энэ оны 7 сард Осака хотын веб хуудсанд хийгдсэн байна. Тус хотын цагдаагийн газар 2 дах эрэгтэйг сэжигтнээр татаж баривчилав. Сэжигтэн бичлэгт өөрийн жинхэнэ нэрийг бичсэн байсан нь, кибер гэмт хэргийн илрүүлэлтэд онцгой хүчин чармайлт гаргаж, жилд 100-аас олон тооны хэргийг илрүүлж буй тус хотын мөрдөн байцаагч нарт эргэлзээ төрүүлж байв.

Токио хотын нэгэн цэцэрлэгийн хүүхдүүдийн амь насанд халдана гэсэн бичлэг 8-р сард интернетэд байрлуулагдсан байна. Тус хотын цагдаа нар Фүкүока хотын оршин суугч эрэгтэйг сэжиглэн баривчилжээ. Тэрээр хэргээ хүлээсэн боловч яг ямар шалтгаанаар тухайн цэцэрлэгийг сонгож авсан тухайд тодорхой зүйл мэдүүлж чадахгүй байсан зэрэг нь мөн л эргэлзээ төрүүлж байв.

Олон хүнийг хамарсан аллага, дэлбэрэлт хийх тухай бичлэг 10 сард интернетэд байрлуулагдаж, 4 хоногийн дараа Миэ мужийн 28 настай эрэгтэй баривчлагдав. Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн хэргээ хүлээгээгүй байна. Харин бичлэг хийгдсэн өдөр тэрээр файлын нэр өөрчлөх нэгэн програмыг интернетээс татаж авсан тухай мэдүүлжээ. Мөн татаж авсан програм ажиллагаагүй байсан боловч түүний компьютерийн процессор их хэмжээгээр ачааллаж байгааг анзаарсан гэжээ.

Мэдүүлгийн дагуу нарийвчлан шинжилсэн цагдаагийн мэргэжилтнүүд сэжигтний компьютерээс IESys хэмээх урьд өмнө нь мэдэгдэж байгаагүй шинэ төрлийн вирусыг илрүүлэв. Уг вирус хэн нэгний компьютерийг алсаас удирдах боломжоор хангадаг байв. Өөрөөр хэлбэл таны компьютерийг дэлхийн хаа нэгтээгээс хэн нэгэн өөрийн мэт дураар удирдаж, интернет сайтуудад бичлэг хийх боломжтой ажээ.

Эндээс дээрх сэжигтнүүдийн хийсэн гэгдэх гэмт үйлдлүүд вирусны тусламжтайгаар хөндлөнгийн хүний хийсэн хэрэг байж болох талаар анх сэжиглэж эхэлжээ. Компьютерээс вирусыг устгасан тохиолдолд ямар ч ул мөр үлдэхгүй бөгөөд интернетэд хийгдсэн гэмт хэргийн чанартай бичлэгүүдэд зөвхөн тухайн компьютерийн IP хаяг л үлдэх болно. Харин 10 сарын сүүлчээр интернет гэмт хэргээр мэргэшсэн нэгэн өмгөөлөгчид нэр үл мэдэгдэх нэгэн хүнээс мэйл ирсэн байна.

Мэйлд өөрийгөө өмнөх бичлэгүүдийг хийсэн жинхэнэ хэрэгтэн гэдгээ илчилж, сүүлийн сэжигтний компьютерт вирусыг устгалгүй зориуд үлдээсэн гэх мэтээр зөвхөн жинхэнэ гэмтний мэдэж байж болох мэдээллүүдийг дурдсан байв. Мөн цагдаа, шүүхийн байгууллагаар зугаацаж тоглоом хийх зорилгоор энэ бүхнийг хийсэн, хэргээ хүлээсэн сэжигтнүүдийг суллах эсэхийг мэдэх зорилготой гэсэн байжээ.  

Эцэст нь цагдаагийн байгууллага уучлалт гуйж сэжигтнүүдийг сулласан түүхэнд байгаагүй үйл явдал болоод байна. Харин жинхэнэ гэмт хэрэгтэн вирусуудыг суулгах, өөр хүмүүсийн өмнөөс интернетэд бичлэг хийх, мэйл илгээхдээ мэдээллийг гадаад улсуудын хэд хэдэн сервэрүүдээр дамжуулан, өөрийн ул мөрийг чадамгай нууж чадсан учир түүнийг илрүүлэх боломжгүй хэмээн сүлжээний хамгаалалтын мэргэжилтнүүд мэдэгдэж байгаа юм.

Эхний буюу Ёкохама хотын сэжигтэнг мөрдөн шалгах явцад хэргээ өөрөө хүлээвэл шоронд орохгүй, бараг шийтгэлгүй өнгөрнө хэмээн цагдаа нар дарамт шахалт үзүүлж байсан нь тодорхой болоод байна. Харин Фүкүока хотын сэжигтэн өөрийн хамтан амьдрагч эмэгтэйн хийсэн үйлдэл хэмээн ойлгож, түүнийг хамгаалах зорилгоор хилс хэрэг хүлээснээ мэдэгджээ. Буруугүй хүмүүсийг хилсээр хэрэг хүлээлгэж, заримыг нь шүүхээр ялласан явдал нь хэдийгээр цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах ажиллагааны алдаа дутагдлаас шалтгаалсан боловч нөгөө талаас гэмт этгээдүүд интернет орон зайг ашиглан буруугүй хэнийг ч буруутан болгох боломжтой гэдгийг энэ хэрэг харуулж байгаа юм.

Шүүх, цагдаагийн байгууллага ч зөвхөн IP хаяг мэтийн техник технологид чиглэсэн мөрдлөгөд тулгуурлах бус, тухайн хүнийг буруутан эсэхийг тодорхойлох хүнд чиглэсэн мөрдөн байцаах ажиллагаа явуулах шаардлагатайг харуулж байна. Энэ удаагийн хэрэгт ашиглагдсантай адил вирусыг хэн нэгэн онцгой чадвартай хүн бус, програм хангамжийн тодорхой хэмжээний мэдлэг бүхий ямар ч хүн зохиох боломжтой гэгдэж байна.

Мөн энэ удаад гэмт хэрэгтний үйлдэл зөвхөн интернетэд бичлэг хийгдэх төдийгөөр хязгаарлагдсан боловч интернет банк, интернет худалдаа зэргээр их хэмжээний мөнгө кибер орчинд эргэлдэж байгаа, мөн жижиг хэмжээний комьютер болох ухаалаг утас олон тоогоор түгэн дэлгэрч, түүгээр гэр ахуйн цахилгаан хэрэгсэлээ удирдахаас авахуулаад өргөн хүрээнд ашиглагдаж байгаа өнөөгийн нөхцөлд адил аргаар ямар ч хүнд хэлбэрийн гэмт үйлдэл хийгдэхийг тааварлахад ч бэрх юм.

Нөгөө талаас интернет ашиглагч хэн бүхэн энэ талаар тодорхой хэмжээний ойлголт, мэдлэг, хамгаалалттай байхгүй бол өнөөдөр ч гэмт хэрэгтэн болин хувирахад амархан гэдгийг сануулж байна. Ийм төрлийн гэмт үйлдлээс бүрэн хамгаалах нь одоогоор бараг боломжгүй гэгдэж байгаа боловч, вирусны эсрэг програм ашиглаж вирусны мэдээллийг тогтмол шинэчилж байх (апдэйт хийх), сэжиг бүхий элдэв програмыг интернетээс татаж авахгүй байх, компьютерээ хэрэглээгүй, мөн шаардлагагүй үед интернет холболтыг салгаж байх нь тодорхой хэмжээгээр сэргийлж чадна гэдгийг хамгаалалтын мэргэжилтнүүд зөвлөж байна.


Дашрамд дурдахад интернетийн цахим гэмт хэргийн талаархи аюултай хуулийн төсөл боловсруулагдаж байгаа тухай Дусал блогийн нийтлэлийг уншаад түүнд дурдагдсан гэмт хэргийн тухай өмнө нь бичиж өөрийн блогийн Draft-д хадгалж байсан бичлэгийг гаргаж ирэв. Интернет, нийгмийн сүлжээ олон хүний өдөр тутмын хэрэглээ болж, интернет орчин хүмүүсийн хоорондын харилцааны ихээхэн хэсгийг бүрдүүлэх болов.

Энэ утгаараа манайд интернетийн орчинд зориулсан хууль зайлшгүй шаардлагатай боловч түүнийг боловсруулахын тулд олон талаас нь судлах шаардлагатайг, мэдээллийн технологийн өндөр хөгжилтэй, кибер гэмт хэргийн эсрэг тэмцэх арвин туршлагатай япончуудыг хүртэл барьц алдуулсан дээрх жишээ тод харуулж байна.

(Цагдаагаар даажигнасан хакер хэдэн сарын дараа баригджээ.)

эх сурвалж, NHK

Оросууд кибер довтолгооны үйлчилгээг санал болгож байна

Оросын хар зах дээр санал болгож буй кибер довтолгооны үйлчилгээний төрөл, тоо хэмжээ өнгөрсөн жилээс эхлэн эрс нэмэгдэж байна. Энэ талаар сүлжээний хамгаалалтын Трендмайкро компаний танилцуулсан илтгэлд дурджээ. Тухайлбал нэлээд хэдэн жилийн өмнөөс муу нэрээрээ алдаршиж, ердийн айл өрхийн компьютерэээс авахуулаад АНУ-ын төв банк, НАСА, Амазон зэрэг томоохон сүлжээнүүдэд хүртэл нэвтэрч байсан ZeuS трожан вирусын хувилбарууд дөнгөж 200-500 доллараар үнэлэгдэж байна

Мөн 2007-2011 онд тархаж, учруулсан хохирлын хэмжээгээр багагүйд тооцогдож байсан DNSChanger, өнгөрсөн жил ихээр тархсан Ransomware (компьютерийн файл болон системийн ажиллагааг зогсоож, түүнийг засварлах нэрээр төлбөр шаарддаг mallware)-үүд  ээс гадна спам тараах энгийн үйлчилгээнүүдийг ч бас санал болгож байна. Оросын хар зах дээрх кибер довтолгооны голлох үйлчилгээнүүдийн ханш дараах байдалтай байна.

・ Gmail бүртгэлд нэвтрэх - 1 имэйлд 162$
・ SOCKS бот (хамгаалалтын системийг нэвтлэх зорилготой) - 100$
・ DDoS довтолгоо - хоногт 30-70$, сард 1200$
・ Хэрэглэгчийн мэдээллийн сан болон имэйлрүү спам илгэх:1 сая имэйл тутамд 50-500$
・ SMS спам - 100 мянгаас 1 сая мессеж тутамд 3-150$
・ Ботнет - 200-2000$
・ Windows-ын Root-kit - 292$
・ Фэйсбүүк болон Твиттер бүртгэлд нэвтрэх - 130$
・ Компаниудын имэйлийн сүлжээнд нэвтрэх - 500$
・ Windowsийн хамгаалалт эвдэхэд зориулсан программууд - 10-20$

Илтгэлд дурдсанаар эдгээр кибер үйлчилгээний үнэ хөлс улам хямдарч байгаа бөгөөд Фэйсбүүкийн 1 сая 100 мянган хэрэглэгчийн хувийн мэдээллийг 5 доллараар худалдаж авсан тохиолдол ч гарчээ. Мөн кибер гэмт хэрэгтнүүд халдлагын үйлчилгээний үнийг бууруулахын тулд хамгийн сүүлийн үеийн технологуудыг ашиглаж байна гэжээ.


эх сурвалж, wired

Хакерууд таны утасны камерийг нууцаар ашиглах боломжтой

Ухаалаг утас хэрэглэгчдэд таагүй мэдээ дуулгаж байна. Танд мэдэгдэлгүйгээр таны утасны камерыг ажиллуулан, танай орон байрны зургуудыг авах, тэр ч байтугай хувийн нууцад хамаарах мэдээллүүдийг урт гартнуудад илгээх боломжтой апликэшн програм бүтээгдсэн байна.

Гэхдээ яаран санаа зовох хэрэггүй юм. PlaiceRaider хэмээн нэрлэгдэх уг апликэшнийг АНУ-ын армийн хамгаалалт хариуцсан мэргэжилтнүүд, ирээдүйн кибер гэмт хэрэг хэрхэн хийгдэж болохыг үзүүлэх зорилгоор, туршилтын журмаар бүтээжээ. Уг апликэшний илгээсэн зургуудыг серверт байрлах програм хангамжаар хувирган 3D загвар бүтээх боломжтой юм байна.

Туршилтын хүрээнд 20 оролцогчийн ухаалаг утсанд PlaiceRaider апликэшнийг суулгаж, тэдний ажлын байрны нөхцөлд туршчээ. Апликэшн бүх оролцогчийн өрөөний дотоод байдлыг харуулсан зургуудыг судлаачдад илгээж, тэдгээрийн дундаас банкны чекийн дугаар зэрэг хувийн чанартай мэдээллүүдийг ч бага багаар амжилттай цуглуулж чадсан байна.

Апликэшн програм ямар нэгэн дуу чимээ гаргалгүйгээр утасны камерийг ажиллуулж, авсан зургуудыг тохиромжтой нөхцөл бүрдсэн үед илгээдэг байна. Мөн фокусгүй болон хэт бараан зэрэг шаардлагагүй дүрслэлийг автоматаар устгах, зургийн хамт цаг хугацаа, байрлал, зүг чигийн мэдээллийг илгээх чадвартай.

Зургуудаар үүсгэсэн өрөөний гурван хэмжээст загвараас тухайн орон байрны талаар нарийвчлан судлахаас гадна ханын календар дээрх тэмдэглэгээ, компьютерийн дэлгэц дээрх мэдээлэл, санхүүгийн бичиг баримт, банкны дэвтэрийн дугаар зэрэг хувийн мэдээлүүдийг ч таних боломжтой юм.

Туршилт хийсэн судлаачдын нэг Robert Templeman-ы хэлсэнээр апликэшнийг Андройд 2.3 систем бүхий ухаалаг утсанд зориулан бүтээсэн боловч iOS, Windows Phone системүүдэд тохирох хувилбарыг ч хялбар бүтээх боломжтой ажээ. Үүнээс гадна туршилт хийсэн судлаачид, ухаалаг утас үйлдвэрлэгчдэд зориулан төрөл бүрийн хамгаалалтын арга хэрэгслүүдийг санал болгож байна.

Үүнд утасны камерийг дуугүй ажиллуулах боломжийг хаах арга ч бас хамарч байгаа юм. Одоогийн байдлаар зарим үйлдвэрлэгч нар энэ аргыг хэрэгжүүлж эхлээд байгаа боловч дууг хаах боломжтой олон төрлийн ухаалаг утаснууд хууль бус болон ёс суртахуунд харшлах хэрэглээнд аль хэдийн ашиглагдсаар байгаа билээ.

Фото зургуудаас өрөөний 3D загварыг бүтээнэ
Өрөөний виртуал зургаас банкны чекийн дугаарыг ч мэдэж болно
Зургуудын нарийвчлал нь өрөөний дүрслэл бүтээх, обьектүүдийг ялгаж танихад хангалттай хүрэлцэнэ

эх сурвалж; mailonline

Ажилчидаа хянахад Google туслана

Google өнгөрсөн сарын сүүлээр танилцуулж байсан Google Maps Coordinate үйлчилгээг хоёр хоногийн өмнөөс албан ёсоор гаргалаа. Энэ үйлчилгээ нь ухаалаг утас болон Google Маp технологид тулгуурлаж, ажилчдынхаа байрлалыг хянах боломжийг менежерүүдэд олгож байна.

Гэхдээ үйлчилгээний байгуулагуудад ямар нэгэн асуудал гарах тохиолдолд хамгийн ойр байрлах ажилчныг богино хугацаанд илгээж, ажил үйлчилгээг цаг алдалгүй, үр ашигтай зохион байгуулахад туслана хэмээн Google шинэ үйлчилгээний зорилгыг тодорхойлж байна.

Үйлчилгээнд бүртгүүлсэн байгууллагууд веб хуудсанд нэвтрэх эрх болон ухаалаг утасны апликэшнийг хүлээн авах болно. Апликэшн програмыг ажилчдын ухаалаг утсанд суулгах бөгөөд гадаа байрлаж байх тохиолдолд тэдний байрлалын мэдээллийг тогтмол илгээдэг бол барилга байшин дотор ч байрлалыг тодорхойлох боломжтой юм.

Мөн компаниуд өөрсдийн барилга, байгууламжийн давхрын зураглалыг оруулж Wi Fi-ийн тусламжтайгаар ажилчдын байрлалыг хянах боломжтой юм. Эдгээрээс гадна хэмжилтийн болон үйлчлүүлэгч, харилцагчдын мэдээллийг оруулах боломжоор хангагджээ.

Google Maps Coordinate үйлчилгээг ашиглахын тулд 2.3, 3.0, 4.0 болон түүнээс хойших загварын андройд үйлдлийн систем бүхий ухаалаг утас, таблетууд шаардагдана. Мөн  зөвхөн ажлын цагаар идэвжхүүлэн ажиллуулах боломжтой юм. Үйлчилгээний төлбөрийн хувьд ирэх 9-р сарын 1 хүртэл сард 15 доллар байна.

Үйлчилгээнд хамрагдаж буй байрлалын мэдээлэл Google-ийн мэдээллийн төвийн сүлжээнд хадгалагдана хэмээн Google компани мэдэгдэж байна. Мөн шинэ үйлчилгээгээр дамжуулан  ажиллагсдад зар сурталчилгаа түгээхгүй гэжээ.




эх сурвалж, pcworld

Хөрөнгийн зах зээлийн арилжааг хэн гардан хийдэг вэ

2010 оны 5 сарын 6-ны өдрийн 14 цаг 47 минут 50 секунд. Хөрөнгийн зах зээл дээр нэгэн компаний хувьцааны арилжаа ердийн байдлаар явагдаж нэгж хувьцаа 26.44 доллараар арилжаалагдаж байв. Гэтэл 0.12 секундийн дараа "хэн нэг нь" уг хувьцааг 14.87 доллараар худалдан авах захиалга өгсөн байна. Ердийн нөхцөлд бол бодит ханшаас хэт доогуур үнэлэгдсэн иймэрхүү захиалгын дагуу арилжаа хийгдэхгүй бөгөөд үүнийг хэн ч тоох ёсгүй.

Гэвч 0.6 секундийн дараа өөр "хэн нэг нь" захиалгыг хүлээн авч арилжаа хийгдэв. Дараа нь илүү хямд үнээр худалдахыг хүссэн захиалга дараалан ирэх болж хэдхэн хоромын дотор уг хувьцааны ханш 1 цент болтлоо унажээ. Дөнгөж 4 секундийн дотор ханшны уналт 99%-д хүрсэн байна. Энэ бол зах зээлийн шинжилгээний Monex компанид хадгалагдаж буй арилжааны мэдээллийн нэг хэсэг юм.

Тухайн үед зөвхөн нэг хувьцааны ханш унаагүй бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн биржийн дундаж ханш 25%-иар буурч, 10-хан минутын хугацаанд нийт алдагдлын хэмжээ 100 тэрбум ам. доллараас давсан юм. Wall street-ийг доргиосон энэхүү үйл явдлыг flash crash гэж нэрлэх болсон бөгөөд түүнээс хойш жижиг хэмжээтэйг оролцуулаад хэдэн зуун удаа тохиолдоод байна. Flash crash нь хөрөнгийн зах зээлийн арилжаанд компьютер, програм хангамжууд хүнээс илүү үүрэг гүйцэтгэх болсоныг илтгэж байгаа юм.

Үнэн чанартаа ашигтай арилжаа хийхийн тулд секундээс ч богино хугацаанд шийдвэр гаргах шаардлага урган гарч, түүнийг хангахад  хүний тархины боломж хүрэлцэхгүйд хүрээд байна. Сүүлийн жилүүдийн байдлаар биржүүдэд явагдаж буй арилжааны 70%-ийг компьютерийн програм хангамжууд гардан гүйцэтгэх болсон байна. 2010 оны flash crash-ын үед зөвхөн нэг л компьютерийн алдаатай шийдвэр үл таних нөхцөл байдлыг үүсгэж, улмаар бусад компьютерүүдийг төөрөгдөлд оруулснаас зах зээлийн ханшийг огцом унахад хүргэжээ.

Өнөөдөр програм хангамжууд хүний хувьд боломжгүй хэт өндөр хурдаар их хэмжээний мэдээлэлд боловсруулт хийж, секундыг 1000 хуваасны 1-тэй тэнцэх хугацаанд зөв шийдвэрийг гаргаж байна. Мөн өмнөх 10 хүртэлх жилийн арилжааны мэдээлэлд дүн шинжилгээ хийж, ямар ч ерөнхий тохиолдлоос ашиг олох сценарийг олж чаддаг болсон. Үүний тулд "бие даан суралцах" чадвартай ухаалаг алгоритмууд ашиглагдаж байна.

Ихэнх тохиолдолд арилжаанд хүний оролцоо бараг байхгүйтэй адил бөгөөд зөвхөн хянах үүргийг л гүйцэтгэж болжээ. Хэн хамгийн хүчирхэг компьютертэй, хамгийн сайн програм хангамжтай байна, тэр хамгийн өндөр ашгийг олох боломжтой юм.
Оюун ухаант машин техникүүд бидний өдөр тутмын амьдралд нэвтэрч, зарим хэлбэрээр бидний орон зайг эзлэх нь алс ирээдүйд болох үйл явдал мэтээр хүмүүст төсөөлөгддөг. Гэвч цаг хугацааны хувьд энэ бүхэн аль хэдийн бидний хажууханд ирчихсэн байж ч магадгүй юм.


эх сурвалж, NHK

Ухаалаг утсанд зориулан дүрс таних үйлчилгээ гаргажээ

NEC компани ухаалаг утас хэрэглэгчдэд зориулан дүрс таних Gaziru хэмээх үйлчилгээг энэ сараас эхлэн гаргажээ. Уг үйлчилгээ утасны камераар авсан фото зургийг мэдээллийн сантай харьцуулан зурган дээрх обектийн нэр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг үзүүлэх зорилготой юм. Технологийн хувьд обьектийн дүрсийг таньж ухаалаг утсанд суулгах програм хангамжийн тусламжтайгаар үр дүнг шууд үзүүлэх, мөн таньсан дүрсийг сервер буюу үүлэн дэх мэдээлэлтэй харьцуулсан боловсруулалт хийх замаар үр дүнг үзүүлэх хоёр хувилбарыг бүтээжээ.

Уг систем фото зургийг таних чадварын хувьд дэлхийд хамгийн өндөр түвшинд хүрсэн хэмээн үйлдвэрлэгчид нотлож байна. Үүнээс гадна мэдээллийг шахаж харьцангуй бага хэмжээний хадгалах багтаамж ашиглах, боловсруулалтыг аль болох бага хэмжээгээр хийж санах ой бага эзлэх технологийн боломжыг тус тус бүрдүүлж үүрэн төхөөрөмжид тохиромжтой байлгах тал дээр томоохон ахиц гаргажээ.

Gaziru үйлчилгээний хэрэглээний хувьд бүхий л төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулагч компаниудад тохиромжтой бөгөөд сурталчилгааны зах зээлийн илүү өргөн боломжийг нээж байна. Тухайлбал хуучин автомашин борлуулах, үл хөдлөх хөрөнгө худалдаалах, түрээслэх үйлчилгээнд ашиглаж болно. Эдгээр тохиолдлуудад хэрэглэгч автомашин болон байшин барилгын нэр, хаягийг бичиж, хайлт хийх шаардлагагүй бөгөөд фото зургийг авч, илгээх товчийг дарах төдийд дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Эсвэл өмнө нь хэн ч хийж байгаагүй шинэ жор бүхий шпагетти хийж, фото зургийг авсан тохиолдолд сүлжээгээр дамжуулан сервер дээрх зургуудаас хайлт хийх замаар хамгийн илүү төстэй байж болох мэдээллүүдийг илгээнэ. Тэдгээрийн үндсэн дээр хоолны төрлөөс авахуулаад, голлох материалуудыг ч ойролцоогоор мэдэх боломжтой юм байна.





эх сурвалж, diginfo

Таблетийн боломж бүхий хос үйлдлийн системт компьютер

Тус блогт өмнө нь ухаалаг утсыг иж бүрэн персонал компьютерийн хэлбэрээр ашиглах боломж бүхий үйлдлийн систем бүтээгдсэн тухай мэдээлж байсан билээ. Өөрөөр хэлбэл ухаалаг утсыг PC-тэй нэгтгэн хэрэглэх боломж бүрдэж байгаа юм. Тэгвэл энэ удаад PC болон таблетийг нэгтгэсэн компьютерийн загварын тухай мэдээллийг хүргэж байна. ASUS компани олон төрлийн боломжуудыг нэгтгэсэн компьютерийн нэгэн шинэ загварыг бүтээж Computex 2012 үзэсгэлэнд танилцуулсан байна.

Уг загварыг дагалдах Transformer AiO төхөөрөмж нь хос үйлдлийн системийг нэгэн зэрэг агуулж, тэдгээрийн хооронд хялбар шилжих боломжийг бүрдүүлжээ. Компьютерийг LED арын гэрэлтүүлэг бүхий 18.4 инчийн даралт мэдрэгч дэлгэцэнд багтаасан бөгөөд түүнийг том овор хэмжээний таблет гэж ойлгоход хилсдэхгүй юм. Онцлог нь дагалдах төхөөрөмжид суурилуулагдах тохиолдолд Windows 8 үйлдийн системийг, сууринаас салгах тохиолдолд Андройд 4 системийг тус тус ачаалах боломжтой юм.

Мөн андройд системийг ачаалах тохиолдолд таблетийн бүхий л боломжуудыг ашиглах боломжтой ажээ. Гэхдээ үнэ, хүчин чадлын үзүүлэлтүүд болон худалдаанд гарах хугацааны талаар тодорхой мэдээлээгүй байна. Хамгийн наад зах нь овор хэмжээ харьцангуй том учир таблет хэлбэрээр ашиглах тохиолдолд цахилгаан энергийн зарцуулалт хэр өндөр байх, батерей хэр удаан хугацаанд цэнэгээ хадгалах боломжтой байх зэрэг нь сонирхол татаж байгаа юм.






эх сурвалж, gizmag

Арьсны шинжилгээний апликэшн

Фүжицү компани ухаалаг утасны камерийн тусламжтайгаар нүүрний арьсны өнгийг нарийвчлан тодорхойлох чадвартай Color Frame хэмээх апликэшн бүтээсэн байна. Уг програм хангамж батга, толбо, нүх сүвийг оролцуулаад арьсны нөхцөл байдлыг хялбархан мэдэх боломжийг олгоно. Нүүрний арьс гэрэлтүүлгийн байдлаас хамааран янз бүр харагддаг бол шинэ апликэшн орчны нөxцөлөөс хамаарах гэрлийн нөлөөллийг засварлах функцийг агуулдаг байна.

Мөн утасны арын буюу үндсэн камер ашиглах учир толинд харангаа нүүрний хэсгүүдийн зургийг авах шаардлагатай юм.  Шанаа, хамрын хоёр тал, хацар, уруулын эргэн тойронд нийт 4 зураг авч "шинжилгээ" товчийг дарахад үр дүнг тоон үзүүлэлт болон дүрслэлээр харуулна. Шанааны зурагнаас батга, хамрын хоёр тал болон хацрын зурагнаас арьсны нүх сүвийг тус тус тодорхойлдог байна. Шинжилгээний өмнөх үр дүнгүүд хадгалагдах учир тэдгээрийг харьцуулах замаар гоо сайхны хэрэгслийн үйлчилгээг хялбар шалгах боломжтой юм.

Үүнээс гадна борлуулагч нар үнэгүй дээж (сэмпл)-ийг хэрэглэх үед арьсанд хэрхэн нөлөөлж байгааг богино хугацаанд үзүүлж бүтээгдэхүүнээ сурталчлах, хэрэглэгчидтэй харилцах хэрэгсэл болгон ашиглах боломжотой юм. Шинэ апликэшнийг энэ онд багтаан хэргэлэгчдэд хүргэхээр төлөвлөөд байгаа бөгөөд эхний ээлжинд зөвхөн япон эмэгтэйчүүдэд зариулан гаргахаар төлөвлөж байна. Цаашид нас, хүйс, арьсны өнгө харгалзахгүйгээр илүү олон хүний арьсны өгөгдлийг цуглуулж ямар ч хүнд хэрэглэхэд тохиромжтой хувилбарыг бүтээхэээр төлөвлөжээ.





эх сурвалж, diginfo

Ухаалаг утсыг персонал компьютер хэлбэрээр ашиглана

Хэдхэн жилийн өмнө хүмүүсийн мөрөөдөл төдий байсан компьютерийн хүчин чадлыг өнөөдөр гарын алганд багтах төхөөрөмжүүд агуулах болж, ухаалаг утас, түүний технологийн боломжууд гайхалтай түвшинд хүрээд байна. Өөрөөр хэлбэл жил ирэх тусам гар утас болон компьютерийн ялгаа багассаар байгаа билээ.

Тэгвэл Canonical компани ухаалаг утасны сүүлийн үеийн дэвшилтэт боломжуудад тулгуурлан андройдод зориулагдсан Ubuntu үйлдлийн системийн хувилбарыг гаргасан байна. Уг систем нь ухаалаг утсыг иж бүрэн персонал компьютерийн хэлбэрээр ашиглах боломжийг олгож байна. Ubuntu нь Андройдтой адил, Linux kernel-д суурилсан компьютерийн үйлдлийн систем юм.

Энэ нь магадгүй ухаалаг утас үндсэн компьютерийн зориулалтаар ашиглагдах цаг ойртсоныг харуулж байж болох юм. Мөн USB HDMI холболт бүхий суурин болон зөөврийн компьютерт холбож тэдгээрийн үндсэн компьютер болгон ашиглах боломж бүхий Motorola ATRIX 4G ухаалаг утас өнгөрсөн оны эхээр худалдаанд гарсан бөгөөд Canonical-ын үйлдлийн системтэй төстэй зарчимд тулгуурлажээ. Эдгээрт үйлдлийн систем, дэлгэцээс гадна Bluetooth холболт бүхий нэмэлт гар болон хулгана шаардлагатай болно. 

Ubuntu нь баш бага хэмжээний санах ой шаарддаг учир ухаалаг утасны сүүлийн үеийн хос цөмт процессоруудтай хялбар зохицож ажиллах боломжтой юм. Ийм боломж бүхий ухаалаг утасны процессорын хүчин чадлын хамгийн бага хэмжээ дараах байдлаар тодорхойлогдож байна.

  • Dual-core 1GHz CPU
  • Video acceleration: shared kernel driver with associated X driver; Open GL, ES/EGL
  • Storage: 2GB for OS disk image
  • HDMI: video out with secondary frame buffer device
  • USB host mode
  • 512 MB RAM
Canonical компани одоогийн байдлаар Ubuntu үйлдлийн систем бүхий компьютерийн боломжийн талаар ухаалаг утас үйлдвэрлэгчидтэй ярилцаж байгаа боловч ямар үр дүнд хүрэх нь хараахан тодорхойгүй байгаа юм.




эх сурвалж, gizmag

Жиргээнээс "алт ургуулна"

Хөрөнгийн зах зээлд маргааш юу тохиолдох, эсвэл ямар нэгэн компаний хувьцааны ханш хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан мэдэхийг хүсч байна уу. Тэгвэл зөвхөн Твиттерийг ашиглахад л хангалттай гэж судлаачид нотлож байна. Калифорнийн их сургуульд бүтээгдсэн компьютерийн загвар Твиттерийн жиргээнд шинжилгээ хийх замаар хөрөнгийн зах зээлийн ирээдүйг урьдчилан тааварлахад туслана. Мөн энэ загвар компьютерийн шинжилгээний уламжлалт бусад аргачлалуудтай харьцуулахад 11 хувиар илүү нарийвчлал бүхий үр дүнг үзүүлжээ.

Уг загварын тусламжтайгаар компаниуд болон бүтээгдэхүүний нэрсийг иш татсан жиргээнүүдэд шүүлт хийж, тэдгээр нь бусад жиргээчидтэй хэрхэн холбогдож байгааг тогтоосноор арилжааны далайц болон арилжаалагдах хувьцааны тоон хэмжээг өмнөх өдөр нь тааварлан мэдэх боломжтой болжээ. Мөн загварыг шалгах туршилтыг 4 сарын хугацаагаар үргэлжлүүлэн хийж үзэхэд Dow Jones Industrial Average индекс болон зах зээлийн шинжилгээний бусад суурь стратегүүдээс 1.4-өөс дээш, ихэнх тохиолдолд 11 хувиар илүү үр дүнг тус тус үзүүлсэн байна.

Твиттерийн асар их хэмжээтэй өгөгдөл доторхи зүй тогтлыг олж харж, загварын хөгжүүлэлтийг хийсэн профессор Vagelis Hristidis; энэ загвар хөрөнгө оруулагч нарт томоохон цохилт болно гэж хэлжээ. Нийгмийн сүлжээн дэх мэдээллийн цар хэмжээ ихсэхийн хэрээр хөрөнгө оруулагч нар тэдгээрийг шинжилж ашиг олохыг эрмэлзсээр ирсэн. Урьд нь хийгдэж байсан адил төстэй судалгаануудад жиргээний агуулга эерэг болон сөрөг байгаа эсэхэд шинжилгээ хийж хувьцааны ирээдүйг тааварлахыг оролдож байв. Мөн ямар нэгэн компанийг сонгох бус, зах зээлийн ерөнхий индэксүүдийг хамарч байсан юм.

Тэгвэл харьцангуй цөөн судлаачид жиргээний тоон хэмжээ болон бусад жиргээчидтэй хэрхэн холбогдож байгаад анхаарал хандуулж байв. Шинэ загварыг боловсруулсан судалгааны хүрээнд 2010 оны эхний хагасын S&P 500 жагсаалтад орсон компаниудаас дурын байдлаар 150-г сонгон авч тэдгээрийн хувьцааны өдөр тутмын хаалтын ханш, арилжаалагдсан тоог тус тус бүртгэж авсан байна. Туршилтын дараагийн шатанд тэдгээр компаниудын талаархи жиргээнүүдээс судалгааны зорилгод хамаарахыг сонгон авах програм хангамжийн шүүлтүүрийг боловсруулсан байна. Хэрэв Apple компанийг сонгосон бол алим болон бусад төрлийн жимстэй холбоотой жиргээг харгалзаж үзэхгүй байх шаардлагатай гэсэн үг юм.

Судлаачид жиргээний нийт тооноос үндэслэн хувьцааны арилжаалагдах тоо хэмжээг тодорохойлж болно хэмээн таамаглаж байв. Гэвч хувьцааны тоо нь ямар нэгэн компанид хамаарах тодорхой сэдэв бүхий бичлэгийн тоотой шууд хамааралтай байв. Тухайлбал Аpple-ийг сонгосон тохиолдолд тус компаний шинэ гүйцэтгэх захирлын тухай жиргээнүүдээс илүүтэйгээр сүүлд худалдаанд гаргасан бүтээгдэхүүн болон түүний худалдааны ашиг орлогын тухай жиргээ илүү ач холбогдолтой байжээ.

Судлаачид мөн хувьцааны ханш тодорхой сэдэв бүхий бичлэгийн тооноос хамаарч байгааг тогтоож 2010 оны 3 сарын 1-нээс 6 сарын 30-ны хоорондох зах зээлийн бодит үзүүлэлтүүдэд тулгуурлан симуляци хийж загварын гүйцэтгэлд үнэлгээ өгсөн байна. Энэ хугацаанд Dow Jones Industrial Average индекс 4.2 хувиар унасан бол шинэ загвар дөнгөж 2.4 хувийн алдааг үзүүлжээ. Харин профессор Vagelis Hristidis Dow Jones Industrial Average индексийн уналтын үеийн арилжааны стратегид тулгуурлан хийсэн уг судалгаанд хэд хэдэн сул тал байгааг үгүйсгээгүй байна. Тухайлбал дээрх индексийн өсөлтийн үед адил үр дүн үзүүлэх магадлал багатай юм байна.


эх сурвалж; mailonline

Хашгираан

Норвегийн экспрессионист зураач Edvard Munch-ийн "Хашгираан" зургийг ирэх 5 сард дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөсөн, 80 сая орчим доллараар худалдаалагдах төлөвтэй байгаа тухай мэдээллүүд гарч байна. Зургийн 4 хувилбар байдгаас уг хувилбар хувийн хадгаламжинд байсан учир олон нийтэд төдийлөн толилуулагдаж байгаагүй, иймдээ ч хүмүүсийн сонирхлыг ихээр татаж байгаа бололтой.

Зургийн утга санааг ямар ч хүнд ойлгомжтой энгийн хэлбэрээр илэрхийлсэн нь нэр алдартай болсон шалтгаануудын нэг юм гэнэ. Гэхдээ олонхи хүмүүсийн хувьд иймэрхүү сонгодог урлагийн бүтээлүүдийн утга санаа, үнэ цэнийг ойлгож мэдрэхэд төвөгтэй байдаг. Ялангуяа Пикассо зэрэг зураачдын хийсвэр урлагийн төрөлд хамаарах зургуудийг ойлгоход торгон мэдрэмжээс гадна тодорхой хэмжээний урлагийн боловсрол шаардагдах нь мэдээж.

Тэгвэл сонгодог урлагийн бүтээлүүдийг энгийн хүмүүст илүү ойлгомжтой, илүү хүртээмжтэй хэлбэрт хувиргахад компьютер график туслаж байна. MediaPro Majic компаний уран бүтээлчид өөрсдийн уран сэтгэмжээр "Хашгираан" зургийг хөдөлгөөнд оруулж, тохирсон дуу хөгжим, харилцан яриаг оролцуулан видео хэлбэрт хувиргажээ. Зурагт юун тухай өгүүлснийг дараах бичлэгээс үзнэ үү.



Фото зураг авах үед илүүдэл хүмүүсийг арилгах апликэшн

Олон нийтийн газар болон гудамжинд фото зураг авахуулах тохиолдолд үл таних хүмүүс зурганд орох, хөшөө дурсгал зэрэг фон болгон харуулах зүйлсийг халхлах тохиолдол байнга шахуу гардаг. Тэгвэл Шведийн фото зургийн Scalado компани фото зурагт боловсруулалт хийх төвөгтэй ажиллагаа бүхий нүсэр програм хангамжгүйгээр үүнийг шийдвэрлэх хялбар аргыг олсон байна.

Ухаалаг утас зэрэг үүрэн төхөөрөмжүүдэд зориулагдсан Remove хэмээх апликэшний тусламжтайгаар дэлгэц дээр хуруугаар даралт хийх төдийд зурагт орсон хүсээгүй хүмүүс болон обектүүдийг арилгах боломжтой болжээ. Фото зураг авах үед хэд хэдэн цуврал кадрууд автоматаар дарагдах бөгөөд уг апликэшн тэдгээрийн хооронд нь харьцуулалт хийх замаар сонгосон обьектүүдийн дүрслэлийг арилгадаг байна.

Энэ нь Google street view-ийн зураг авалт хийх үед гудамжинд байгаа явган зорчигдийн дүрслэлийг арилгах технологитой төстэй юм. Мөн харьцуулалт хийх үйлдэл нь сүүлийн үеийн дижитал камеруудад үзэгдэх болсон HDR, панорама зураг авах функцүүдийг санагдуулна. Харин дутагдалтай тал нь хөдөлгөөнгүй обьектийг арилгах боломжгүй юм байна.

Ийм тохиолдолд зурганд илүүдэл болох гуравдагч этгээдийг түр холдож байхыг эелдэгээр хүсэхээс өөр аргагүй бололтой. Одоогоор туршилтын шатанд байгаа учир Remove апликэшний нийтэд зориулагдсан хувилбар хараахан гараагүй байна. Харин энэ сарын сүүлээр зохион байгуулагдах 2012 Mobile World Conference-д иж бүрэн хувилбарыг танилцуулах магадлал өндөр байна.





эх сурвалж; gizmag