Сансарын жуулчлал хаяанд ирлээ (төгсгөл хэсэг)

Спэйсшип-1 хөлөг (эхний хэсгийг энд дарж уншина уу)-ийг бүтээх 10 жил үргэлжилсэн нөр их хөдөлмөрийн шийдвэрлэх мөч түүнийг агаар мандалд хөөргөх, буулгах туршилт хийгдсэнээс хойш 7 сарын дараа ирэв. 2004 оны 6 сарын 21-нд уг хөлгийн анхны сансарын нислэгийг өөрийн нүдээр ажиглахаар 11 мянган хүн цугласан байна. Тээвэрлэгч онгоц хөөрснөөс хойш 1 цагийн дараа сансарын хөлгийг салгаж, тийрэлтэд хайбрид хөдөлгүүр ажиллагаанд амжилттай залгагджээ.

Гэвч хөлөг агаар мандалд хөөрч байх үед асуудал үүсэв. Хөлгийн их бие савлаж, төлөвлөсөн замаас гажиж эхэлсэн байна. Нисгэгч хөлгийн чиглэлийг засварлахыг оролдож, жолоодлогын төхөөрөмжийг зөв зүгт залсан боловч эгц дээш чиглэх ёстой хөлөг налуу чиглэлээр хөөрчээ. 55 км өндөрт хөдөлгүүр унтрав. Гэвч хөлөг цаашид хөөрсөөр 100 км-ын босгыг давав. Нисгэгчийн бүхээгний цонхоор бараг агааргүй бараан тэнгэр харагдаж, хувийн компаний бүтээсэн сансарын хөлөг түүхэнд анх удаа сансарт хүрэв.

Удалгүй хөлөг дууны хурднаас бараг 3 дахин их хурдаар агаар мандалд буцан орж иржээ. 17 км өндөрт хүрэх үед далавчийг хэвтээ чиглэлд шилжүүлэв. 1 цаг 30 минутын дараа Спэйсшип-1 хөлөг амжилттай газардав. Магадгүй олон хүний хувьд бүтэхгүй мөрөөдөлд тооцогдож байсан зүйлийг Барт Рютан бодит байдал болгов. Хүсэл эрмэлзлэл, технологи, найз нөхөд байвал сансарын хөлөг бүтээнэ гэдэг боломжгүй зүйл биш гэсэн түүний үг сансарын амжилттай нислэгийн тухай мэдээллийн хамт хэвлэлийн хуудсанд нийтлэгджээ.


Спэйсшип-1 хөлгийн анхны нислэгээс хойш 7 жилийн дараа бизнесийн зорилго бүхий дэлхийн хамгийн анхны сансарын нисэх буудал Америкийн Нью Мексико мужид байгуулагдав. Энэ онд уг нисэх буудлаас Спэйсшип-2 хөлгийн 2 нислэгийг хийхээр төлөвлөж байна. Уг хөлөг өмнөх загвараас бараг 2 дахин том хэмжээтэй, 1 удаад 6 зорчигчийг тээвэрлэх чадалтай юм. Нислэгийн өндөр ч нэмэгдэж 150 км-т хүрчээ. Хөлгийн хөөрөх үеийн хурд дууны хурднаас 4 дахин их байна.

Сансарын хөлөг тээвэрлэгчээс салсаны дараа 2 мин 30 секундэд сансарт хүрнэ. Зорчигчид сансарт жингүйдлийн байдалд өнгөрүүлэх хугацаа 4 минут байна. Нислэгийн нийт хугацаа 2 цаг үргэлжлэх бол, нэг зорчигч 200 мянган доллар төлнө. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 450 гаруй хүн Спэйсшип-2 хөлгөөр сансарт нисэхээр захиалгаа өгөөд байна. Тус компаний сансарын нислэгийн тийзийг ердийн жуулчлалын компаниас ч худалдан авах боломжтой болжээ.


Хувийн компаний сансарын нислэг зөвхөн Спэйсшип хөлгөөр хязгаарлагдсангүй. Мохабэ орчимд өнөөдөр сансарын 14 компани (venture) үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдний нэгт 400 км өндөрт хүрэх пуужинг зохион бүтээж байгаа бол, нөгөөд илүү хүчтэй хөдөлгүүр бүтээхээр ажиллаж байна. Сансарын "цахиуртын хөндий"-д хамгийн их анхаарал татаж байгаа компани бол XCOP Эйроспеис (XCOR Aerospace) юм.

1999 онд байгуулагдсан тус компаний үйлдвэрт сансарын нислэгийн инженерээс авахуулаад электроник, метал боловсруулалт зэрэг төрөл бүрийн мэргэжлийн 30 гаруй хүн ажиллаж, хөдөлгүүр зэрэг эд ангиас авахуулаад сансарын хөлгийг бие даан бүтээхээр төлөвлөжээ. Тус компаний Линкс хөлөг мэргэжилтнүүдийн анхаарлыг хамгийн их татаж байгаа бөгөөд нислэгийн давтамж өндөр байгаагаараа онцлог юм.

9 м урттай жижиг оврын сансарын уг хөлөг өдөрт 4 удаа сансарт нисч, буцаж ирэх боломжтой. Пуужинт 4 хөдөлгүүрээр ердийн нисэх онгоц мэт газраас хөөрнө. Дууны хурднаас 3 дахин их хурдалж, ердөө 3 минутын дотор 100 км өндөр сансарт хүрнэ. Харин хөлгийн зорчигчид 4 минут 30 секундын хугацаанд жингүйдлийг мэдрэх боломжтой. Линкс хөлгийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлснээр тийзний үнийг бусад компаниудаас илүү бууруулж, 95 мянган долларт хүргэжээ.


Үүний нууц нь тийрэлтэт хөдөлгүүрийн бүтцийг өөрчилсөн явдал юм. Уламжлалт хөдөлгүүрүүдийн дотор талд хэт халалтаас сэргийлэх ус бүхий хоолойг байрлуулдаг бол хоолой өөрөө хэт халалтад орж амархан гэмтдэг. Иймд цөөн тооны нисэлгийн дараа хоолойг тогтмол сольдог байдал нь өртөгийг өндөрсгөж байв. Тэгвэл Линкс хөлгийн хөдөлгүүрийн их биеийн хийцийг өөрчилж, хос металын хооронд ус бүхий давхарга байрлуулав.

Түлштэй шүргэлцэх дотор талын метал ханыг ирмэгжүүлсэнээр хэт халалтаас үүдэн гэмтэх эрсдлийг арилгажээ. Үүний үр дүнд 4 жилийн хугацаанд хийсэн Линкс хөлгийн 5000 удаагийн туршилтаар хөдөлгүүрийн гэмтэл нэг ч удаа гараагүй байна. Хөдөлгүүрийн бүтцээс гадна түлш илгээх насосыг өөрчилжээ. Ердийн тийрэлтэт хөдөлгүүрт турбинт насос ашиглагдаж, өндөр хурдтай хийн тусламжтайгаар их хэмжээний түлшийг богино хугацаанд хөдөлгүүрт илгээдэг. Гэвч эргэлтийн хурд их учир эд ангиуд богино хугацаанд элэгдэж эвдэрдэг байна.

Тэгвэл Линкс хөлөгт автомашин, мотоциклд өргөнөөр хэрэглэгддэг поршинт насосыг сонгосноор өртөгийг бууруулж, олон дахин ашиглах боломжтой болов. Поршинт насос жин ихтэй байдаг бол 10 жилийн судалгааны үр дүнд турбинт насостой бараг адил хэмжээнд хүргэжээ. Мөн турбинт насос дундажаар 1 цаг тасралтгүй ажиллаад эвдэрдэг бол шинэ насос 15 цагийн турш сааталгүйгээр ажилласан байна.


Шинэ насос НАСА-гийн анхааралд өртөж, дараагийн сансарын хөлөгт Линксийн технологийг ашиглахаар шийджээ. НАСА өмнө нь хувийн компаниудад технологи санал болгодог байсан бол одоо эсрэгээр тэднээс суралцдаг цаг үе ирэв. НАСА-гийн төсөв жил ирэх тусам буурсаар байна. Шатлл хөлгийн нэг удаагийн нислэгийн зардал, засвар үйлчилгээг оролцуулаад 8 тэрбум доллараас давж байжээ. Иймд НАСА Шатлл хөтөлбөрийг дуусгавар болгож, сансарын технологийн хөгжүүлэлтэд хувийн компаниудын хүчийг өргөнөөр ашиглах бодлогыг барьж байна.

Лос Анжелес хотоос арван хэдэн км зайд, 180 сая долларын хөрөгө оруулалт хийж байгуулагдсан компани бол Биглоу юм. Тус компани 9.5 x 6.7 м хэмжээ бүхий цилиндр хэлбэрийн сансарын хөлөг бүтээж байна. Уг хөлөгт хүн удаан хугацаанд байрлахад шаардагдах хүнсний болон өдөр тутмын хэрэглээний зүйлсийн нөөцийг оролцуулаад 6 хүртэлх хүнийг байрлуулах тааламжтай нөхцөлөөр хангажээ. Хүн тус бүр өөрийн гэсэн зай, ор, ачааны хэсэг, хувийн компьютерээр хангагдана.


Ирээдүйд ийм хөлгийг хэд хэдийг нийлүүлж, сансарын аварга зочид буудал бүтээхээр төлөвлөж байна. Гэхдээ дээр дурдсан хэмжээний хөлгийг сансарт хөөргөхөд хүндрэлтэй. Тэгвэл Биглоу компаний зочид буудал - хөлгийг эвхэгдэх боломжтой даавуун материалаар бүтээжээ. Эвхэгдсэн хөлөг ердийн пуужингаар тээвэрлэх боломжтой жижиг хэмжээтэй байна. Харин түүнийг сансарт хөөргөсний дараа доторхи агаарын даралтыг нэмж, овор хэмжээг 5 дахин томсгоно.

2006, 2007 онд уг эвхэгддэг хөлгийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээтэй туршилтын загварыг тус тус сансарт хөөргөөд байна. Тэдгээр загварууд 550 км-ийн өндөрт дэлхийг тойрон эргэж, доторхи агаарын даралт, температурын мэдээллийг 5 жилийн турш илгээсээр байгаа бол энэ хугацаанд хөлөг доторхи нөхцөл байдал нэгэн хэвийн төлөвийг тогтвортой хадгалсаар байна. Харин уг хөлгийг зочид буудал гэхээс илүүтэйгээр сансарын үл хөдлөх хөрөнгө хэмээн нэрлэж байгаа юм. Ирээдүйд түүнийг хувь хүн болон байгууллагуудад түрээслэж, төрөл бүрийн зорилгоор ашиглах боломж бүрдэх ажээ.


Харин Рютан Мохабэд шинэ мөрөөдлөө хэрэгжүүлэх ажилдаа оржээ. Тэрээр илүү хол зайд нисэх шинэ хөлгийн төсөл боловсруулж эхлэв. Шинэ сансарын хөлөг тээвэрлэгчийн тусламжтайгаар агаараас хөөрөх боловч технологийг илүү сайжруулах болно. Тээвэрлэгчийн далавчны нийт урт ойролцоогоор 117 м буюу хөлбөмбөгийн талбайн урттай тэнцэнэ. 36 м урттай сансарын шинэ хөлөг өмнөхөөс 4 дахин их, 400 км өндөрт хүрэх болно. Рютан 2010 онд тэтгэвэртээ гарч, өөрийн шинэ мөрөөдлөө Виржин галактик компанид шилжүүлэн өгсөн юм.

Мохабэ хотын гол хаалганы үүдэнд нэгэн самбар босгосон байдаг. Самбарт "мөрөөдөл эндээс эхлэнэ" хэмээн бичжээ. Сансарт тэмүүлэх нь хэн бүхний мөрөөдөл билээ. Энэ мөрөөдөл хэдийгээр өнөөдөр хүсэл төдий байх боловч маргааш бодит зүйл болно. Мохабэд сансарын технологийн хөгжүүлэлт одоо ч эрчимтэй үргэлжилсээр байна.

эх сурвалж, NHK

Алим муудаж эхлэв үү

Олонхи хөрөнгө оруулагчдын хувьд Apple-ийн алтан үе ард хоцорчээ. Тэд тус компанийг өрсөлдөгчиддөө гүйцэгдэж, iPhone 5 утас хүсэн хүлээж байсан амжилтад хүрсэнгүй гэж үзэж байна. Apple-ийн хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногт 500 доллараас бууж, сүүлийн 11 сарын хамгийн доод түвшиндээ хүрэв. Энэ нь iPhone 5 утсыг анх худалдаанд гаргасан өнгөрөгч оны 9 сарын 21-ний үеийн оргил ханштай харьцуулахад 30%-иар бага байгаа юм. Өөрөөр хэлбэл Apple компаний хөрөнгө 200 тэрбум доллараар багасчээ.

Одоохондоо дэлхийн хамгийн хүчирхэг компаниудын нэг хэвээр байгаа Apple үл итгэгчдэд цохилт өгөх боломж олж авах найдлагын хамт 2012 оны 4-р улирлын тайлангаа өнгөрөгч долоо хоногт танилцуулав. Гэвч нөгөө талаас уг тайлан технологийн шинэчлэлийн голлон тоглогч болон зах зээлийн хошуучлагч байх чадвараа алдаж байгааг харуулж, тус компанид хандах итгэлийг илүү ихээр бууруулах магадлал өндөр байгааг шинжээчид онцолж байна. Асуудлын гол нь iPhone утасны сүүлийн загварт төвлөрч байгаа юм.

iPhone 5 утас ижил боломж бүхий бусад ухаалаг утаснуудтай харьцуулахад илүү өндөр үнэтэй байна. Apple хамгийн сүүлийн үеийн ухаалаг утас бүтээсэн боловч өндөр өртөгтэй брэндийн явцуу хүрээнд хэт баригдаж байгаа нь адил төрлийн бүтээгдэхүүнээр хахаж буй зах зээлд нэгэнт олсон байр сууриа цаашид хадгалахад хүндрэл үүсгэх магадлалтай юм. Google-ийн Андройд үйлдлийн систем бүхий ухаалаг утастай хийж буй Apple-ын өрсөлдөөн нь Mac болон персонал компьютерийн хооронд 1980-1990-ээд оны үед хийгдэж байсан өрсөлдөөнийг олон талаар давтаж байна. Тухайн үед Mac Майкрософтын хямд үнэтэй DOS болон Windows систем бүхий хямд персонал комьютерүүдэд ялагдсан.

ABI судалгааны байгууллагын шинжээчид Apple компаний зах зээлд эзлэх хувийг 2012 онд 20,5% 2013 онд 22%-д тус тус хүрэх боловч цаашид өсөлт ажиглагдахгүй хэмээн таамаглаж байв. Тэгвэл Самсунг электроникс дэлгэц болон чип үйлдвэрлэх өөрийн боломжийг давуу тал болгон ашигласнаар зах зээлд эзлэх хувиа 33 хүртэл нэмэгдүүлж, дэлхийн хамгийн том ухаалаг утас үйлдвэрлэгч  компани болоод байна. Тус компани Galaxy S III, Galaxy Note II-ийг оролцуулаад нийт 60 сая ухаалаг утсыг өнгөрөгч 4-р улиралд борлуулав.

Тэгвэл мөн хугацаанд iPhone утасны борлуулалт 48 саяад хүрч өмнөх оны 4-р улирлынхаас 11 саяар нэмэгджээ. Хэдийгээр Apple сүүл даган нэхсээр байгаа боловч ямар нэгэн санамсаргүй бэрxшээл тохиолдохгүй бол Самсунг дэлхий тэргүүлэх байрь сууриа энэ оны туршид хадгалсаар байх төлөвтэй байна. Шинжээчид мөн Apple-ийн ойрын хугацааны хүндрэлүүдийг онцолж байгаа юм. Өнгөрөгч долоо хоногт Wall street болон Японы Никкэй сонин iPhone-ийн борлуулалт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгаа учир зарим эд ангийн захиалгыг цуцлаж байгаа тухай мэдээлсэн.

Apple худалдаалагдсан утасныхаа зөвхөн тоон хэмжээг зарлаж байгаа нь дүн шинжилгээ хийх боломжийг хязгаарлаж байна хэмээн зарим шинжээчид дүгнэж байна. Хэдийгээр тоон өсөлт гарч байгаа нь харагдаж байгаа боловч 4, болон 4S загваруудаа хямдруулан худалдаалсаар байгаа учир шинээр гаргасан утасны борлуулалт өмнөх загваруудаа гүйцэхгүй байна. Энэ байдал нь шинэ загварын борлуулалтад саад учруулж байгаа ажээ. Мөн шинэ загварын шинэ боломжууд хэрэглэгчдэд төдийлөн сэтгэгдэл төрүүлэхгүй байгаагаас өмнөх загварын хуучин утаснуудаа хэрэглэсээр байна.

Хэрэглэгчид хэрэв шинэ утас авахыг хүсвэл iPhone 5-аас илүү хямд утсыг сонгох болно. Өөрөөр хэлбэл борлуулалтын дүнг загвар тус бүрээр нарийвчлан гаргасан тохиолдолд олон зүйлийг мэдэх боломжтой хэмээн шинжээчид үзжээ. Apple өнгөрөгч 4-р улиралд iPhone утасны борлуулалтаас 30.8 сая долларын ашиг олсон нь компаний нийт ашгийн 56 хувийг бүрдүүлжээ. Тус компани мөн шинэ бүтээгдэхүүн гаргах бүртээ өмнөх загварын үнийг хямдруулж байгаа боловч үнийн бууралт харьцангуй бага хэмжээтэй байна. Тухайлбал хуучин iPhone 4 загвар шинээр гарч буй олонхи андройд утаснуудаас илүү үнэтэй байгаа юм.

эх сурвалж, physorg

"Нэг фунтын загас"

Мухамед Шахид Назир хэмээх 31 настай пакистан эр Лондон хотын нэгэн хүнсний захад загасны наймаа эрхэлдэг байв. Харин түүнийг ажиллуулж байсан дэлгүүрийн эзэн худалдан авагчдыг татах ямар нэгэн шинэ зүйл санаачлах шаардлагатайг зөвлөжээ. Зөвлөгөөний дагуу тэрээр "эзэгтэй нараа нааш ирцгээ, нэг фунтын загас зарж байна" хэмээн дуулах мэт аялгуулан зарлах болсон байна.

Түүний байдал гудамжинд яваа хүмүүсийн анхааралд өртөх болж, хэн нэг нь бичлэг хийж өнгөрөгч оны 4 сард youtube-д байрлуулжээ. Уг бичлэг хүмүүсийн сонирхолыг татаж, хандалтын тоо одоогийн байдлаар 10 саяд хүрээд байна. Тэгтэл бичлэгийг үзсэн дуу бичлэгийн компаний хүмүүс санал тавьсаны дагуу хөгжмийн найруулга хийж, клип бүтээснээр "Нэг фунтын загас" дуу төрөв. Уг бүтээл тэр дороо нэрд гарч Их британийн долоо хоногийн шилдэг 40 дууны жагсаалтад багтжээ.

Шахид Назир телевизийн нэвтрүүлэгт уригдан оролцож, нэр хүндтэй сонин хэвлэлийн хуудсанд бичигдэж, од болов. Харин Их британид амьдрах нэг жилийн визны хугацаа нь дуусч түүнийг нутаг буцах үед 250 шүтэн бишрэгч нь цуглаж, одын ёсоор угтан авчээ. Тэр ч байтугай 5 жилийн өмнө алагдсан ерөнхий сайдын дурсгалд зориулсан телевизийн нэвтрүүлгийг дундаас нь таслан байж, нисэх буудлаас хийсэн шууд сурвалжлага Пакистан даяар цацагдав.

Шахид Назир гэр бүлтэй, 4 хүүхдийн эцэг хүн юм. Нутагтаа эдийн засгийн чиглэлээр дээд сургууль дүүргэсэн тэрээр өөрийн эцгийн эрхэлдэг тээврийн компанид ажиллаж байжээ. Харин бизнес сургалтын хүрээнд Их британи улсад 1 жилийн хугацаагаар ажиллаж, амьдрах боломж олдсон нь түүнийг од болох замыг нээсэн байна.

Youtube-ийн шинэ од, интернет ертөнцийн шинэ вайрал, хоёр дахь ганнам стайл гэгдэж буй тэрээр өөрийн бүтээлийн нэрээр "Нэг фунтын загас" хэмээн нэрлэгдэх болов. Өнөөдрийн байдлаар түүний сарын орлого өмнөхөөс 10 дахин нэмэгдэж, түүнтэй хамтран ажиллах санал гадаад улсуудаас ч ирэх болов. Тэрээр гэр бүлийн хамтаар Их британи улсад шилжин суурьшихаар төлөвлөж байгаа боловч багаасаа дуртай байсан дуулах сонирхол, өөрийг нь нэрд гаргасан загасны худалдаагаа аль алиныг нь орхих хүсэлгүй гэжээ.



Харьцангуйн онол; Масс болон энерги

Гэрлийн хурд тогтмол учир цаг хугацаа, орон зайн хэмжигдэхүүнүүд хувьсдаг гэдгийг бид мэдэж авсан (өмнөх хэсгийг энд дарж уншина уу). Харьцангуйн онолын илэрхийлэл болсон эдгээр үзэгдлүүдийг бидний өдөр тутмын амьдралаас ажиглахад хэцүү. Гэхдээ үүнийг сансар огторгуйд, мөн микро буюу атом, цөмийн ертөнцөд ажиглаж болно. Үүний нэг жишээ нь Мюон хэмээх бөөм юм. Сансарын туяа дэлхийн агаар мандалд орж ирэх үед агаар дахь азотын молекултой мөргөлдөн мюон болон хувирдаг. Мюон нь бараг гэрлийн хурдтай тэнцүү хурдаар довтолгох боловч маш тогтворгуй учир онолоор бол дэлхийн агаар мандал дотор богино хугацаанд задарч алга болох ёстой.

Энгийн тооцоогоор агаар мандлын доод хэсэгт мюон бөөм орж ирэх магадлал тэрбум хуваасны нэг буюу энэ нь бараг магадлалгүй гэсэн үг. Гэвч 1936 онд хийсэн судалгаагаар газрын гадаргын ойролцоо мюон бөөмийг ажиглав. Энэ бол харьцангуйн онолын анхны бодит нотолгоонуудын нэг байсан юм. Бараг гэрлийн хурдаар нисч буй бөөмийн хувьд цаг хугацаа удааширч, орон зайн богиносдог байна. Иймд мюон бөөм агаар мандалд задралгүйгээр газрын гадарга хүртэл бууж ирдэг ажээ.

Орон зай, цаг хугацаа хувьсдаг юм бол хурдыг гэрлийн хурднаас олон дахин ихэсгэж, орон зайг тэг болтол богиносгож болох уу гэсэн асуулт гарна. Өөрөөр хэлбэл сансарын хөлөг алс холын ямар нэгэн гариг эрхэс рүү асар өндөр хурдаар нисвэл харьцангуйн онолын дагуу гариг хүртэлх орон зай богиносч, хурдны тодорхой утгад тэгтэй тэнцэх үү. Энэ нь боломжгүй юм. Эйнштэйн гэрлийн хурд бол орчлон ертөнцөд байж болох хурдны дээд хязгаар хэмээн дүгнэв. Иймд ямар ч биет гэрлийн хурдад хүрч, түүнээс илүү хурдлах боломжгүй.

Сансар огторгуйд аялж буй сансарын хөлгөөс түүний нислэгийн чиглэлд пуужин харвая. Тэгвэл хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас харахад пуужингийн хурд ямар байх бол. Эйнштейнээс өмнөх цаг үед бол бидний өнөөгийн мэддэг энгийн томъёогоор сансарын хөлгийн хурд дээр пуужингийн хурдыг нэмэхэд л хангалттай. Тэгвэл хөлөг болон пуужингийн хурдыг гэрлийн хурданд ойрхон хэмээн тооцвол ямар үр дүн гарах бол. Энэ тохиолдолд мөн адил хоёр хурдны утгыг нэмэхэд хангалттай юу.

Сансарын хөлгийн хурдыг 200 мянган км/с, пуужингийн хурдыг мөн адил 200 мянган км/с гэж тоовол энгийн нэмэх үйлдлээр пуужингийн харьцангуй хурд 400 мянган км/с болж гэрлийн хурднаас давж таарна. Гэтэл ямар ч тохиолдолд гэрлийн хурднаас илүү хурд байх учиргүй. Сансарын хөлгөөс пуужин харвасан бус гэрэл тусгасан гэж үзсэн ч адил дүр зураг харагдана. Бидний мэдэж байгаагаар гэрлийн хурд ямар ч ажиглагчийн хувьд тогтмол байх ёстой. Тэгэхээр бидний өдийг хүртэл зөв гэж итгэж ирсэн хурдыг хооронд нь шууд нэмэх энгийн томъёо буруу болж таарч байна.


Хурдны нийлбэрийн томъёо (жинхэнэ) үнэн чанартаа бидний мэддэгээс илүү нарийн төвөгтэй хэлбэртэй ажээ (энд; w пуужингийн харьцангуй хурд, u хөлгийн хурд, v пуужингийн хурд, c гэрлийн хурд). Хэрэв 80 км/ц хурдтай машинаас 20 км/ц хурдаар пуужин харвасан гэж тооцвол пуужингийн хурд хөндлөнгийн ажиглагчийн хувьд хялбар нэмэх үйлдлээр тооцоход 80+20=100 км/ц болно. Харин хурдны нийлбэрийн шинэ томъёогоор пуужингийн хурд 99.9999999999999 км/ц гарна. Бидний өдөр тутмын амьдралын бага хурдны нөхцөлд аль ч томьёо бараг адил үр дүнг үзүүлж байгаа учир энгийн нэмэх үйлдлийг ашиглахад л хангалттай ажээ.

Харин тус бүр нь 200 мянган км/с хурдтай хөлөг болон пуужингийн жишээгээр тооцвол бодит байдалд хөндлөнгийн ажиглагчийн хувьд пуужингийн хурд 280 мянган км/с (шинэ томъёогоор) болж байна. Хөлөг болон пуужингий хурд гэрлийн хурданд хичнээн ойртсон ч пуужингийн харьцангуй хурд гэрлийн хурданд хэзээ ч хүрэхгүй гэдгийг эндээс мэдэж болно. Хурдны хязгаарын тухай энэ ойлголт нь тун сонирхолтой үр дүнд хүргэдэг.

Сансарын хөлгийн хурдыг аажим нэмэгдүүлж байна хэмээн төсөөлье. Үүний тулд хөлгийн хөдөлгүүрийн хүчийг тогтмол нэмэгдүүлэх шаардлагатай. Хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт төсөөлшгүй их хэмжээний хүч үүсгэх чадалтай супер хөдөлгүүр зохион бүтээнэ гэж тооцоод хөдөлгүүрийн хүчийг цаашид үргэлжлүүлэн нэмэгдүүлэе. Энэ тохиолдолд энгийн ойлголтоор бол хөлгийн хурд нэмэгдсээр гэрлийн хурднаас давж, түүнээс ч илүү хурдлах мэт санагдана. Гэтэл орчлон ертөнцөд гэрлийн хурднаас илүү хурд үгүй учир хурдны энэ утгад тодорхой хэмжээгээр ойртож очих үед хөдөлгүүрийн хүчийг хичнээн нэмлээ ч хөлгийн хурд цаашид нэмэгдэхгүй. Хөдөлгүүрийн өсөн нэмэгдэж буй энэ их энерги хаачих вэ.

Эйнштэйн энерги масс хоёр хоорондоо шилждэг гэж үзжээ. Иймд хөлгийн хурд гэрлийн хурданд дөхөх тусам түүний хөдөлгүүрийн үүсгэсэн энерги хөлгийн масст шилждэг байна. Өөрөөр хэлбэл үүсгэх энергийг нэмэгдүүлэх тусам хөлгийн масс нэмэгдэж түүнийг илүү хурдлуулах боломжгүй болгоно. Масс нь нөгөө талаас юмсыг хөдөлгөх боломжийг илэрхийлж байдаг. Их масстай зүйлийг хөдөлгөхөд хэцүү, бага масстай зүйлийг хялбар хөдөлгөж, хурдлуулж болдог. Тэгвэл биетийн хурд гэрлийн хурданд ойртох тусам түүний масс хязгааргүй нэмэгдэж гэрлийн хурднаас илүү хурдлах боломжийг хаадаг байна. Эдгээр төсөөлөл нь энерги масст шилжих боломжийг харуулж байна.

Тэгвэл эсрэгээр масс хэрхэн энергид шилждэг бол. Энэ ойлголт нь цөмийн эрчим хүчийг ашиглах технологийн үндэс суурь болжээ. Цөмийн реакторт уран 235 түлш цөмийн гинжин урвалаар задарсаны үр дүнд их хэмжээний дулааны энерги үүснэ. Тэгвэл задралаас үүссэн материалын массыг задралын өмнөх түлшний масстай харьцуулахад 0.1 %-аар бага байдаг байна. Массын ийм өчүүхэн бууралт нь их хэмжээний энергийг үүсгэдэг ажээ. Цөмийн реактор доторхитой адил процесс наран дээр мөн адил явагдаж байдаг. Тэнд бидний мэдэх устөрөгчийн бөмбөгийг секунд тутамд хэмжээлшгүй олон тоогоор нэгэн зэрэг дэлбэлж байгаатай адил цөмийн урвал үргэлжлэн явагддаг.

Иймд нарны гэрлээр дамжин тархах их хэмжээний энерги нь мөн адил түүний массын бууралттай холбоотой юм. Наран дээр болж буй урвалд орсон бодисын масс 0.7%-иар буурдаг байна. Массын бууралтыг цөмийн урвалаас гадна нүүрс шатаахаас авахуулаад энерги ялгаруулж, шингээх бүхий л төрлийн химийн урвалын үед ажиглаж болдог. Гал өрдөж тогоотой усыг халаавал халсан ус түлшний шаталтаас ялгарах энергийн зарим хэсгийг шингээж масс нь маш бага хэмжээгээр нэмэгдэнэ. Үүнийг нарийн мэдрэмж, өндөр нарийвчлал бүхий багажаар хэмжиж тодорхойлох боломжтой байдаг байна.

Эндээс биетийн массыг энергид хувиргаж эрчим хүч үйлдвэрлэх боломж онолын хувьд байж болохыг анзаарч болно. Гэхдээ ийм технологи бүтээх байтугай энэ талаархи төсөөлөл ч хүн төрөлхтөнд алга байна. Хэрэв хэзээ нэгэн цагт, алс ирээдүйд ийм боломжийг нээж, ашиглаж эхэлвэл магадгүй бид эрчим хүчний мөнхийн эх үүсвэртэй болох боломжтой юм. Тодруулбал ямар нэгэн материйн 5 грам жинд 1 сая тонн усыг буцалгах хэмжээний энерги агуулагдаж байдаг байна. Биетийн масс бол үнэн чанартаа түүний агуулж буй энерги юм хэмээн Эйнштэйн дүгнэжээ. Бидний мэдэх харьцангуйн онолын хамгийн энгийн томъёлол нь үүний илэрхийлэл юм.
үргэлжилнэ

Google нууц үгийг түлхүүрээр орлуулах уу

Бид электрон шуудан болон бусад онлайн үйлчилгээнд нэвтрэхэд хэрэглэгчийн нэр, нууц үгийг оруулдаг. Интернетэд холбогдох боломжтой төхөөрөмжүүдийн төрөл зүйл олширсон өнөө үед энэ үйлдлийг олон дахин давтах нь хүмүүст төвөгтэй санагдаж эхэлж байна. Нөгөө талаас хэрэглэгчийн нууцлалыг найдвартай хамгаалах үүднээс нууц үгний тэмдэгтийн уртыг байнга нэмэгдүүлэх шаардлага гарч байгаа бол одоогийн байдлаар 12-оос олон тэмдэгт бүхий нууц үг хамгийн найдвартай гэгдэж байна.

Гэхдээ Моорын хууль цаашид хүчин төгөлдөр үйлчилсээр байх юм бол хэзээ нэгэн цагт ганц нууц үг оруулж, веб хуудсанд нэвтрэхийн тулд зохиол бичих дээрээ тулж ч магадгүй юм. Тэгвэл онлайн бүртгэлтэй холбоотой иймэрхүү хүндрэлээс зайлсхийх технологийг Google бүтээж байна. Ухаалаг чипийг агуулах бодит түлхүүрийн тухай өгүүлэл тус компаний нууцлал хамгаалалт хариуцсан дэд захирал Эрик Гросс, инженер Мэйэнк Үпэдая нарын нэрээр IEEE Security & Privacy Magazine сэтгүүлийн ирэх долоо хоногийн дугаарт нийтлэгдэнэ хэмээн Wired сайт мэдээлэв.



Бидний мэддэг хаалганы цоожны түлхүүртэй төстэй төхөөрөмжийг комьютертээ холбох тохиолдолд веб хуудаснуудын бүртгэлд нэвтрэх ажиллагаа автоматаар хийгдэх болно. Ийм түлхүүрийн нэг нь Google компани бүтээж байгаа хэмээн таамаглагдаж буй USB холболт бүхий Юбикий юм. Мөн веб хуудас түлхүүрийг таньж нэвтрүүлэх зориулалтын програм хангамжийг зохиох шаардлагатай. Юбикий түлхүүр нь механик гэмтлээс хангалттай сайн хамгаалагдсан, ус нэвтрүүлдэггүй, мөн энгийн түлхүүрний оосор хэлбэрээр ашиглах боломжтой байх бололтой.

Ирээдүйд иймэрхүү түлхүүр утасгүй технологиор холбогдож, хэрэглэхэд илүү хялбар болно. "Бид цаашид хэрэглэгчийн хурууны хээний мэдээллийг агуулах ухаалаг утас болон ухаалаг картад суурилагдаж, үүрэн утасны сүлжээний холболтын байдлаас хамааралгүйгээр ажиллах боломжтой түлхүүрийг бүтээхийг зорьж байна" хэмээн Google-ийн өгүүлэлд дурджээ. Ийм түлхүүр нь компьютерийн ойролцоо тодорхой зайд байрлуулах төдийд веб хуудсанд бүртгэлээр нэвтрэх боломж олгоно.


Харин нууц үг мэтийн энгийн арга хэрэгсэл нь хэрэглэгчийн нууцыг найдвартай хамгаалж чадахгүй гэдгийг Google компани хүлээн зөвшөөрч байна. Нэвтрэх үйлдлийг хялбарчилсан ямар ч түлхүүр бий болголоо ч нууц үгийг бүрэн халж чадахгүй. Судлаачид зүрхний цохилт таних мэтийн элдэв аргыг туршиж байгаа боловч төгс хувилбарыг хараахан олж чадаагүй л байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгч өөрийн хурууны хээ бүхий ухаалаг түлхүүрээ хулгайд алдах, гээгдүүлэх тохиолдолд холбогдох газарт аль болох хурдан мэдэгдэх шаардлага хэвээр байсаар байх бололтой.


эх сурвалж, wired

Боеинг 787-ын бүх нислэгийг зогсоов

2 хоногийн өмнө Японы Ямагүчи мужаас Нарита нисэх буудлыг чиглэн нисч байсан тус улсын иргэний агаарын тээврийн ANA компаний Боеинг 787 онгоцонд саатал гарч ослын буулт хийсэн билээ. 129 зорчигч бүхий уг онгоц 9100 м-ийн өндөрт нисч байх үед огцом доошилж, онгоц доторхи утаа мэдрэх дохиолол ажилласан байна. Улмаар нисгэгчийн бүхээг болон зорчигчдийн танхимд түлэнхий үнэртэж, нисгэгчид онгоцыг Такамацу нисэх буудалд газардуулсан юм. Уг саатлын шалтгааныг онгоцны батерейнээс үүдэлтэй гэж урьдчилан байдлаар дүгнэж байна.

787 загвар нь Боеинг компаний хамгийн сүүлийн үеийн онгоц бөгөөд их биеийн жинг багасгаж, хөдөлгүүрийн технологийг сайжруулан, түлшний зарцуулалтыг 20% багасгаснаараа онцлог юм. Европын Айробус компанитай агаарын тээврийн салбарт хийж буй ширүүн өрсөлдөөнд давуу байдал олоход 787 загвар чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн тус компани найдаж байв. Гэвч 2 жилийн өмнө ашиглагдаж эхэлснээс хойш уг онгоцтой холбоотой саатал, гэмтэл тасрахгүй байна.

Ялангуяа шинэ он гарсанаас хойш АНУ болон Япон улсад нийт 7 удаа саатал гараад байна. Эдгээр саатлууд онгоцны хөдөлгүүр, их бие, далавч, нисгэгчийн бүхээг зэрэг янз бүрийн хэсэгт хамаарч, түлшний алдагдал, нисгэгчийн бүхээгний шилний цууралт, тоормосны системийн гэмтэл болон тослох материалын алдагдал тус тус гарч байсан бол хамгийн ноцтой нь батерейтэй холбоотой саатал 2 дахь удаагаа гараад байна. Энэ сарын 7-ны өдөр Бостонд газардсан онгоцны батерейд гал гарсан бол энэ удаад мөн адил батерейд агуулагдах шатамхай шингэн алдагдсан нь илрэв.

Үүнээс шалтгаалан ослын буулт хийхийн өмнөхөн цахилгаан хүчдэлийн уналт, цахилгаан хэлхээний гэмтэл, тоормос болон жолоодлогын төхөөрөмжтэй холбоотой ослын дохиоллууд ажилласан нь урьдчилсан шалгалтаар тогтоогдоод байгаа юм. Боеинг 787 онгоцны түлшний зарцуулалтыг багасгах зорилгоор хөдөлгүүрийн эрчим хүчээр хангаддаг байсан зарим системийг лити-ионы батерейн цахилгаан тэжээлд шилжүүлсэн байна. Энэ нь түлш хэмнэх ач холбогдолтой боловч нарийн нийлмэл бүтэцтэй цахилгаан хэлхээ ашиглахад хүргэж, түүнээс хамааран элдэв саатал гарах магадлалыг нэмэгдүүлдэг сул талтай хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

Батерейтэй холбоотой саатал гарсан 2 онгоцны батерейг Япон улсад үйлдвэрлэжээ. Тэдгээр нь халалт болон цахилгаантай холбоотой бусад төрлийн гэмтлээс хамгаалах системээр тоноглогдсон боловч яг ямар шалтгаанаар асуудал үүсч байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Саатлаас үүдэн ANA компани өөрийн ашиглаж буй 787 загварын 17 онгоцны нислэгийг түр хугацаагаар зогсоож байгаа тухайгаа өчигдөр мэдэгдсэн бол АНУ-д мөн уг загварын бүх нислэгийг зогсоов.

Харин өнөөдөр АНУ-ын Холбооны Агаарын Тээврийн Байгууллагаас дэлхий даяар ашиглагдаж буй нийт 49 ш 787 онгоцны нислэгийг зогсоохыг хүссэн тухай мэдэгдэв. Үүний дагуу Энэтхэг, Польш улс болон Японы JAL компани тус тус уг загварын нислэгийг зогсоогоод байна. Боеинг 787 онгоцыг одоогийн байдлаар Япон улс 24, АНУ 6, Энэтхэг 5, Катар 5, Этиоп 4, Чили 3, Польш 2-ыг тус тус эзэмшиж байгаа юм. Дашрамд дурдахад манай МИАТ компани 787 загварын онгоц худалдаж авахаар судлаж байсан боловч үнэ харьцангуй өндөр, хүлээн авах хугацаа урт байсан зэрэг шалтгааны улмаас 767 загвар дээр тогтоод байгаа билээ.




АНУ-ын занарын хувьсгал

Эрчим хүчний хэрэглээгээр дэлхийд хамгийн өндөрт тооцогддог АНУ арваадхан жилийн дараа нефть, байгалийн хийн олборлолтоор Саудын аравийг гүйцэж дэлхийн хамгийн том олборлогч орон болон хувирна. Ерөнхийлөгч Барак Обама "бидний хөл доор 100 жил хэрэглэсэн ч хүрэлцэхүйц байгалын баялаг нойрсож байна, манай улсын эрчим хүчний түүхий эдийн импорт тун удахгүй 50%-иар буурч, зөвхөн байгалийн хийн салбарт л гэхэд 600 мянган ажлын байр шинээр бий болно" хэмээн мэдэгдэв. Энэ бүхэнд нөлөөлөх гол хүчин зүйл нь занарын хувьсгал юм.

Сүүлийн 100 илүү жил дэлхийн эрчим хүчний хэрэглээг хангаж ирсэн голлох түүхий эд бол газрын тос болон байгалийн хий билээ. Эдгээр уламжлалт нөөц нь газрын дор 1300 м хүртэлх гүнд, нэг цэгт их хэмжээгээр төвлөрөн байрладаг учир босоо өрөмдлөгийн энгийн технологиор харьцангуй урт хугацааны туршид тогтмол олборлолт явуулах боломжтой юм. Гэхдээ ийм төрлийн нөөц цаашид 60-90 жилийн дотор бүрэн дуусна хэмээн эрдэмтэд таамаглаж, улс орнууд сэргээгдэх эрчим хүч зэрэг бусад төрлийн эрчим хүчний эх үүсвэрүүдэд анхаарлаа хандуулж байна.

Тэгвэл занарын давхарга нь 2000-3000м-ын гүнд байрлах чулуулаг бүтэцтэй бөгөөд их хэмжээний нефть болон байгалийн хийн нөөцийг агуулдаг байна. АНУ-д өнгөрөгч зууны дунд үед занарын давхаргаас олборлолт явуулах оролцлого хийж байсан боловч тухайн үеийн технологи харьцангуй өндөр өртөгтэй байснаас зогсчээ. Нөгөө талаар түүхий эдийн нөөцийн төвлөрөл харьцангуй бага, өргөн уудам нутагт тархан байрладгаас босоо чиглэлд өрөмдөж олборлох тохиолдолд ашиггүй байв.

Харин орчин үеийн технологийн боломжид тулгуурлан 10-аад жилийн өмнөөс АНУ-д занарын хий болон нефтийг олборлох болов. Технологийн үндсэн зарчим нь босоо чиглэлийн өрөмдлөг хийж занарын давхаргад хүрэх үед өрмийн хошууны чиглэлийг аажим эргүүлэн, хэвтээ чиглэлд өрөмдөх технологи юм. Мөн өрөмдлөгийн ажиллагааг өндөр хүчин чадал бүхий компьютерийн системээр удирдаж, өрмийн хошууг занарынд давхаргад гурван хэмжээст орон зайд өндөр үр ашигтайгаар жолооддог. Өрөмдлөгөөр үүсэх нүхээр ус, элс, химийн бодисын холимгийг өндөр даралтаар шахаж, занарын чулуулаг давхаргад хагарал үүсгэн түүгээр байгалийн хий болон нефтийг соруулж авдаг байна.


Занарын давхаргаас олборлолт явуулж эхэлсний үр дүнд АНУ-д байгалийн хийн үнэ эрс буурч байна. 2008 онд байгалийн хий 13 доллар (1 сая Btu тутамд) байсан бол өнгөрөгч онд 3 доллар болов. Мөн тус улс 1980-аад оны үед байгалийн хийн хэрэглээний 70%-ыг импортоор хангадаг байсан бол өнөөдөр энэ хэмжээ 30% болж буурчээ. 10 жилийн өмнө нийт хийн олборлолтын 2 %-ийг занарын хий эзлэж байсан бол өнөөдөр 37%-д хүрэв. Олборлолтын хэмжээний хувьд 5 жилийн өмнөхтэй харьцуулахад занарын хий 30 дахин, нефть 25%-иар тус тус нэмэгдсэн байна.

Өнөөдөр тус улсын занарын гаралтай нефть, байгалийн хийн олборлолт Норт Дакота мужид төвлөрч, нийт 150 гаруй компани үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний ачаар тус муж улсын ажилгүйдлийн түвшин нэгдсэн улсдаа хамгийн бага буюу 3%-д хүрч, ажиллагсдын цалин орлого ч эрс дээшилжээ. Тухайлбал түүхий эд тээвэрлэх автомашины жолоочийн жилийн орлого 150 мянган долларт хүрэв. Тэгвэл нефть, хийн дэд бүтэц өндөр хөгжсөн Тексас мужид америкийн DOW, германы BASF зэрэг дэлхийн хэмжээний компаниуд байгалийн хий болон химийн томоохон үйлдвэрүүдийг байгуулж эхлээд байна.

АНУ-д занарын гаралтай түүхий эдийн олборлолт дөнгөж эхлэлийн шатанд байгаа гэгдэж байгаа бөгөөд 2020-иод оны үед тус улс нефтийн олборлолтоор Саудын Аравыг гүйцэж хамгийн том олборлогч орон болсоноор дэлхийн нефтийн газрын зурганд томоохон өөрчлөлт оруулах төлөвтэй байгаа юм. Иймд хэрэглээ өндөртэй бусад улс орнууд ч тодорхой хэмжээгээр импортлох боломж бүрдэнэ хэмээн найдаж байна. Занарын гаралтай байгалийн хий, газрын тосны нөөц нь зөвхөн АНУ-аар зогсохгүй, өмнөд америк, европ, ази тивийн олон улс орны газар нутагт тархаж байна.

Хятад улс ийм төрлийн нөөцөөр АНУ-аас ч давж, дэлхийн нийт нөөцийн 40 орчим хувийг агуулж байгаа боловч усны нөөц хомс, дэд бүтэц хангалттай хөгжөөгүй, технологийн боломж хязгаарлагдмал зэрэг байдал нь ойрын хугацаанд олборлолт явуулж эхлэхэд саад болох  төлөвтэй байгаа юм. Занарын хувьсгал нефть, хийн томоохон экспортлогч орнуудад ч нөлөөлж эхэлж байна. Тухайлбал ОХУ-ын ерөнхийлөгч Путин "бид эрчим хүчний бодлогоо эрс өөрчлөх шаардлага урган гарч байна" хэмээн өнгөрөгч оны 10 сард мэдэгдлээ.

Орос улс европын байгалийн хийн хэрэглээний 75%-ийг хангаж, үнийн бодлогод давуу байдлаа хадгалсаар ирсэн. Гэвч 2 жилийн өмнө Германы байгалийн хий импортлогч Ион компани үнийн асуудлаар олон улсын шүүхэд хандсан билээ. Үүний үр дүнд Оросоос нийлүүлдэг байгалийн хийн үнийг 10 хүртэл хувиар бууруулав. Занарын хувьсгал, скандиновын орнууд болон герман зэрэг улсын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлт зэрэг нь Орос улсыг байгалийн хийн шинэ зах зээл хайхад хүргэж байна.

Занарын хий нь нүүрстэй харьцуулахад хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ 50% бага гэгддэг учир дэлхийн дулааралтай тэмцэхэд эерэгээр нөлөөлнө. Гэвч олборлолт явуулж буй орон нутгын хөрс болон ундны усыг бохирдуулах эрсдэлтэй юм. Зарим бүс нутагт олборлолтод ашигласан химийн бодисууд хөрсний усанд нэвтэрч, ундны усны худгууд бохирдож байгаа тухай мэдээллүүд ч гарч эхэлж байна.


эх сурвалж, NHK

Хятадууд CES үзэсгэлэнд хүч түрэн орж ирэв

АНУ-ын Лас Вегас хотноо хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн Ахуйн хэрэглээний цахилгаан хэрэгслийн үзэсгэлэнд хамгийн их шуугиан тарьсан төхөөрөмжүүдийг Хятадын өндөр технологийн компаниуд танилцуулж, дэлхийн хэмжээний брэндүүдийн байр суурийг ганхуулж эхэллээ. Шинжээчдийн онцолж байгаагаар Леново, Хуавей компаниуд АНУ-ын зах зээлд эзлэх хувиа эрс нэмэгдүүлж байгаа бол харьцангуй шинэ тоглогчид болох Хайер, Хайсэнс компаниуд хамгийн том, хамгийн дэвшилтэт ухаалаг утас болон телевизоруудыг толилуулав.

IDC судалгааны фирмийн шинжээч Боб Одоннелийн хэлсэнээр хятад брэндүүд хүч түрэн орж байгаа нь хамгийн их сэтгэгдэл төрүүлж байна, телевизорын зах зээлд Өмнөд солонгос, Япон улсууд тэргүүлж байгаа боловч Хятадууд Японыг гүйцэж түрүүлэхэд ойртож байна гэв. Энэ удаагийн үзэсгэлэнд Хайсэнс дэлхийн хамгийн том 110 инчийн, мөн ультра HD болон 3D телевизоруудыг тус тус танилцуулж шуугиан тарьлаа. Бид сүүлийн 9 жилийн туршид хятадын зах зээлийг тэргүүлж байгаа боловч дэлхийн брэнд болох гарц нь америкийн зах зээл байх болно хэмээн тус компаний америк дэх салбарын захирал Роки Ян хэлэв.


Тэгвэл Хайер компани өөрийн нэрийн хуудас гэгддэг ахуйн цахилгаан хэрэгслүүдийн зэрэгцээгээр дохио зангаа болон дуу авианы удирдлага бүхий ухаалаг телевизорыг, TCL компани зах зээл дээрх хамгийн нимгэн загварын нэг болох Blade TV-г тус тус танилцууллаа. Blade TV нь өмнө үйлдвэрлэж байсан RCA, Thomson брэндийн шинэ хувилбар юм. TCL компани мөн ямар хүн үзэж байгааг таньж тохирох нэвтрүүлгүүдийг санал болгох ухаалаг телевизороор чамирхав.

Үүнээс гадна Хятадын компаниуд хамгийн хүчирхэг, хамгийн нимгэн, хэд хэдэн загварын ухаалаг утсыг танилцууллаа. Энэ салбарт америкийн зах зээлд нэвтэрч амжаагүй компаниуд цөөнгүй байгаа боловч тэд орж ирэхэд аль хэдийн бэлэн болсон хэмээн IDC компаний шинжээч Ремон Ламас хэлжээ. Түүний үзэж байгаагаар хамгийн гол асуудал нь хэрэглэгчид шинэ брэндтэй танилцаж, хүлээн зөвшөөрөх явдал бөгөөд энэ нь Самсунг компани болон түүний Galaxy 3S зэрэг утсыг шахан гаргахад түлхэц болох юм. Гэхдээ хятадууд америкийн үүрэн төхөөрөмжийн зах зээлд өндөр хувь хэмжээ эзлэх нь цаг хугацааны л асуудал ажээ.


ZTE компаний Grand S ухаалаг утас тус үзэсгэлэнгийн үеэр олон улсын дизайны байгууллагын 2013 оны шагналыг хүртэв. Уг утас зөвхөн дизайнаар шилдэг нь биш бөгөөд дэлхийн хамгийн нимгэн утасны дээд амжилтыг эвдээд байна. Андройд үйлдлийн систем бүхий бусад утаснууд хүний нүүр царай таних, доргилтоос хамгаалах, панорама зураг авах зэрэг боломжуудыг агуулж байна. Хуавей компани адил төрлийн төхөөрөмжүүд дундаа хамгийн том, 6.1 инчийн дэлгэц бүхий Ascend Mate ухаалаг утсыг танилцууллаа. Энэ утасны процессорын хүчин чадал интелийнхээс дутахааргүй үзүүлэлттэй бол батерейн хувьд ч хангалттай сайжирсан байна.

Тус компани хятад болон японы зах зээлд худалдаалж буй эрчим хүчний хэмнэлттэй Ascend D2 утасны шинэ загварыг мөн гаргажээ. Энэ утсыг iPhone болон Самсунгийн шилдэг утаснууд ноёлж буй америк зэрэг улсын зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Тэгвэл Lenovo компани залуусаас бизнес ангилал хүртэл бүх төрлийн хэрэглэгчдэд зориулсан ухаалаг утасны цуврал загварыг танилцуулав. Тэдгээр нь хятадаас гадна зарим тодорхой улсуудын зах зээлд зориулагджээ. Мөн хэд хэдэн хүн нэгэн зэрэг ашиглах боломжтой аварга таблетээс авахуулаад ультра зөөврийн компьютерүүдийг ч бас танилцуулсан байна.


эх сурвалж, physorg

Ангараг руу хийх аялал хэр зэрэг эрсдэлтэй вэ

Хүн төрөлхтөн 40 жилийн өмнө анх удаа дэлхийгээс өөр гариг эрхэс дээр мөрөө гаргаж, саран дээр газардсан билээ. Тэгвэл дараагийн удаад Ангарагт хүрэхийг мөрөөдөх болов. НАСА 2021-ээс 2035 онд тус гариг руу жолоодлогот сансарын хөлөг нисгэхээр төлөвлөөд байна. Дэлхийгээс Ангараг хүртэлх 75 сая км зайг сансарын хөлөг хамгийн багадаа 3 жилийн хугацаанд туулах болно. Иймд эрдэмтэд удаан хугацааны сансарын аялал нисгэгчдийн биед ямар нөлөө үзүүлж болохыг тодорхойлохыг оролдож, түүнээс хамгаалах арга замыг эрж хайж эхлээд байна.


Өмнө нь 1994-1995 онд оросын сансарын нисгэгч Валерий Поляков 14 сарын турш Мир станцад байрлаж сансарт өнгөрүүлсэн хугацаагаар дээд амжилт тогтоож байсан юм. Харин  2015 оноос америкийн сансарын нисгэгч Скот Келли, Оросын сансарын нисгэгч Михайл Корненко нар 1 жилийн хугацагаар сансарт байрлахаар төлөвлөж байна. Сансарын урт хугацааны аялалын үед тохиолдож болох асуудлуудын нэг нь нисгэгчдийн нойртой холбоотой байх бололтой.

2011 онд хэрэгжиж дууссан Марс-500 төслийн хүрээнд Оросын 3, Итали, Франц, Хятадын тус бүр 1 иргэнийг 550 метр куб эзэлхүүн бүхий битүү орчинд 520 хоногийн турш тусгаарлаж, тэдний эрүүл мэнд, сэтгэлзүйд гарах өөрчлөлтүүдийг судалжээ. Сансарын хөлгийг дууриалгасан битүү орчинд 17 сарын турш байрласан оролцогчдод тулгарсан хамгийн том бэрхшээл нь дутуу нойр байв. Тусгаарлагдсан орчинд байгалийн гэрэл болон агаар ч нэвтрэх боломжгүй байсан юм. Туршилтын үед оролцогчдийн хөдөлгөөн багасч, унтах, сэрэх хугацаа замбараагүй болж эхэлсэн байна.

Үүний улмаас биологийн цагийн давтамж алдагдаж, 4 оролцогч их хэмжээгээр нойрны дутагдалд орсоноос, түүнээс шалтгаалах сэтгэлзүйн дарамтад оржээ. Харин зөвхөн нэг оролцогчийн биед "аялалын туршид" нойртой холбоотой ямар нэгэн aсуудал гараагүй гэж Шинжлэх ухааны академийн сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд дурдсан байна. Сансарын урт хугацааны аялалын явцад хөлөг дотор дэлхийн өдөр шөнө солигддогтой төстэй гэрлийн орчинг бүрдүүлэх шаардлагатай гэдгийг энэ удаагийн судалгааны үр дүн харуулж байна.


Харин АНУ-ын Броун их сургуулийн эрдэмтэд сансарын урт хугацааны аялалын үед нисгэгчдийн эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулах зүйл нь найтаалт гэж үзэж байна. Дэлхий дээр хүн найтаах үед амьсгалын эрхтэнд агуулагдаж байсан нянгууд хэдэн метр орчим зайд газарт унадаг. Тэгвэл жингүйдлийн нөхцөлд нянгууд нисгэгчдийг хүрээлж, тэдний амьсгалаар дамжин өвчний халдвар авах эрсдлийг аялалын бүх цаг хугацааны туршид агуулсаар байх болно.

Алсын зайн сансарын хөлгийн эрчим хүчний хэрэглээний хязгаарлагдмал байдал нь хангалттай хэмжээний агаарыг шүүж, цэвэршүүлэх боломжийг хязгаарлана. НАСА-гийн Шатлл хөлгийн 106 удаагийн нислэгт оролцсон 742 нисгэгчээс нислэгийн үед ямар нэгэн өвчний халдвар дамжсан 29 тохиолдолд бүртгэгдэж байжээ. Гэхдээ НАСА сансарын нисгэгчдэд томуу зэрэг хэд хэдэн төрлийн вакцин хийх, сүрьеэ зэрэг өвчний халдвар байгаа эсэхийг хянах, нисгэгчдийг ариутгасан алчуур, мэс заслын маск, хорт хийн баг, мөн шаардлагатай антиботокуудаар тус тус хангаж байна.

Сансарын нислэгийн үед нисгэгчдийн эрүүл мэндэд учирч болох гадны хамгийн том аюул нь сансарын туяа юм. Амьдралын ул мөрийг хайхаар Ангараг гариг дээр газардаад байгаа Сониуч станцын өөр нэгэн зорилго түүний хэмжээг нарийвчлан тодорхойлоход чиглэж байна. Дэлхийн соронзон орон биднийг сансарын туяанаас найдвартай хамгаалдаг бол сансарын нөxцөлд төрөл бүрийн цацраг идэвхт туяа нисгэгчдийн биед чөлөөтэй нэвтрэх болно. Нисгэгчдийг хэд хэдэн төрлийн цацраг туяанаас тусгаарлах боломжтой боловч бусад төрлийн сансарын туяанаас найдвартай хамгаалж чадахгүй.

Иймд урт хугацааны аялалын үед хүний тархинд нөлөөлж Алцгеймер зэрэг өвчний явцыг түргэсгэх нөлөө үзүүлж болохыг Рочестерийн их сургуулийн эрдэмтэд судалгаагаар тогтоосон байна. Тэд туршилтын хүрээнд Ангараг руу хийх аялалын үед хүний биед шингэж болох сансарын туяаны янз бүрийн тунгаар хулганыг шарж туршчээ. НАСА өмнө нь 25 жил хүртэлх хугацаагаар үргэлжлэх сансарын аялалын үед хүний эрүүл мэндэд учирч болох эрсдлийг тодорхойлох зорилгоор хөрөнгө гаргаж, хорт хавдар, зүрх судас болон яс булчингийн өвчлөлд сансарын туяа хэрхэн нөлөөлдөг болохыг судлаж байсан юм. Харин энэ удаагийн судалгаа анх удаа тархи мэдрэлийн системийг хамарсанаараа онцлог болжээ.


эх сурвалж, mailonline, mailonline, mailonline

Сүүлт одны домог (эхний хэсэг)

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс нар, сар, оддыг ажиглаж, тэдгээр нь цаг хугацаанаас хамааран тодорхой давтамжтайгаар өөр өөр дүр төрхийг үзүүлдэг гэдгийг ойлгож мэджээ. Дундад зууны эрдэмтэд ч сансар огторгуйн үзэгдлүүд нэгэнт тогтсон горимын дагуу явагдаж, түүнд ямар ч өөрчлөлт гарахгүй гэдэгт итгэж байв. Гэвч салхи, бороо, байгалийн үзэгдэл мэт гэв гэнэт үзэгдэж, гэв гэнэт алга болох сүүлт од хүмүүсийн ойлголттой зөрчилдсөн, учир битүүлэг, нууцлаг зүйл байжээ.


Хүмүүс сүүлт одны нууцыг нээж, өөрсдийн амьдралд хэрхэн нөлөөлдөгийг мэдэхийг хичээсээр ирсэн юм. МЭӨ 2-р зууны үед хятадууд сүүлт оддыг ажиглаж 29 төрөл зүйлд ангилан хувааж байсан баримт түүхэнд үлдсэн байдаг. Гэхдээ ихэнх хүмүүс сүүлт одыг сүсэг бишрэлтэй холбон ойлгож, бурханы илгээмжид тооцож байв. Сүүлт од үзэгдэхэд хаадын үхэл, дайн байлдаан, халдварт өвчний дэгдэлт, байгалийн ноцтой гамшиг тохионо хэмээн таамаглах одон орон судлаачид ч байв.

Чингэс хаан тухайн үед үзэгдсэн томоохон сүүлт одыг ази болон европийг эрхшээлдээ оруулахыг илэрхийлсэн тэнгэрийн зарлиг хэмээн хүлээн авчээ. Английг булаан эзэлсэн 1-р Виллиамын хувьд 1066 онд үзэгдсэн сүүлт од амжилтын билэгдэл байв. Түүний баталгаа болгон тухайн үеийн түүх дурсгалын зүйлүүдэд сүүлт одыг олноор дүрслэн үлдээжээ. Сүүлт од урт удаан хугацааны туршид хүмүүсийн хувьд мухар сүсгээр тайлбарлагдаж, амьдрал үхлийг зөгнөдөг хэмээн ойлгогдсоор ирсэн юм.


Харин нэлээд сүүлд, 17-р зууны үеэс эрдэмтэд сүүлт одыг шинжлэх ухааны үүднээс судлах эхлэл тавигджээ. 1680 онд алдарт Исаак Ньютоны нүдэнд туссан нэгэн сүүлт одны гэрэл сансар огторгуйн талаархи хүн төрөлхтний ойлголтыг эрс өөрчилсөн юм. 11 сарын 19-ний өглөөний 4 цаг 30 минутад Кэмбрижийн их сургуулийн нэгэн оюутан сүүлт од үзэгдсэнийг гэрчилжээ. Мөн өдрийн үдээс хойш Нью-Ингландийн Бостонд адил сүүлт од ажиглагдсан тухай тэмдэглэл үлдсэн байна.

Энгийн нүдэнд харагдахуйц тод гэрэлтэй сүүлт од 1680 оны 10-аас 11 сарын хооронд үзэгдээд нарлуу чиглэн алга болов. Харин сарын дараа нарны эсрэг талаас дахин үзэгдэж 1681 оны 3-р сар хүртэл ажиглагджээ. Хэрэв эдгээр нь нэг сүүлт од байгаад нарыг тойрсон гэж үзвэл түүний траектор ямархуу хэлбэртэй байхыг Ньютон зураглан үлдээсэн байна. Түүний тооцоогоор сүүлт од 10-11 сарын хооронд дэлхийн тойрог зам болон нарны ойролцоо иржээ. Харин нарыг тойрох үед хэсэг хугацаанд үзэгдэхээ байгаад, дараа жилийн 3 сар хүртэл дахин үзэгдэнэ гэдгийг уг траектор зураг илтгэж байв.




Сүүлт од юуны учир нарыг тойрох хөдөлгөөн хийх болов. Нар болон сүүлт одны хооронд нүдэнд үл үзэгдэх ямар нэгэн хүч үйлчилж байгаа юм биш биз гэдгийг Ньютон анзаарчээ. Тэрээр уг нууцлаг хүчийг гравитацийн хүч хэмээн нэрлэв. Үнэн чанартаа Ньютоны толгой дээр алим унаснаас бус, түүний хийсэн сүүлт одны ажиглалт ертөнц дахины таталцлын хуулийг нээхэд хүргэсэн юм. Ньютон сүүлт одыг бусад гариг эрхэстэй адил нарыг тойрон эргэдэг гэж үзээд, тодорхой хугацааны дараа дэлхийн ойролцоо дахин эргэж ирнэ хэмээн таамаглав.

Траекторыг нь нарийвчлан тооцох замаар сүүлт од дахин үзэгдэх хугацааг тодорхойлж болно гэдгийг ойлгосон Ньютон өөрийн найз, одон оронч Эдмонд Халлейгийн хамт судлаж эхлэв. Гравитацийн хүчний томьёоллыг боловсруулж, сүүлт одны эргэлтийн давтамжийг тодорхойлж чадвал сүүлт одод нарыг тойрон эргэдэг хэмээх Ньютоны таамаглалыг батлах боломжтой. Нөгөө талаас сүүлт од байгалийн үзэгдэл бус сансар огторгуйн нэгэнт тогтсон зүй тогтлын дагуу үзэгддэг гэдгийг давхар нотлоно.


Халлей өмнөх цаг үед бүртгэгдсэн мэдээллүүдийг нэгтгэн, сүүлт оддын хэлбэр, үзэгдэх өнцөг болон нар хүртэлх зайг тооцоолж, адил төстэй шинж чанар байгаа эсэхийг судалсаны эцэст 3 сүүлт од түүний анхаарлыг татсан байна. Эхний 2 сүүлт од 1531, 1607 онд тус тус үзэгдсэн тухай тэмдэглэгдэн үлдсэн бол 3 дахь сүүлт одыг 1682 онд өөрийн нүдээр ажиглажээ. Тэдгээрийн үзэгдэх хугацаа 75 жилийн зайтай байв. Халлей эдгээр сүүлт оддыг нэг сүүлт од хэмээн зарлаж, дараагийн удаад 75 жилийн дараа 1758 оны эцэс, 1759 оны эхэн үеэр дахин үзэгдэнэ хэмээн таамагласан нь тухайн цаг үеийн эрдэмтэн хүний хувьд хэтэрхий эрс шийдэмгий дүгнэлт байв.

1758 оны 12 сарын 26-нд Германы эрдэмтэд уг сүүлт одыг ажиглаж, түүхэн таамаглал батлагдах үед Ньютон ч, Халлей ч аль хэдийн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байсан юм. Мухар сүсгийг ялж, шинжлэх ухаанд оруулсан үнэт хувь нэмрийг нь үнэлсэн эрдэмтэд уг сүүлт одыг Халлейн сүүлт од хэмээн нэрлэжээ. Халлейн сүүлт од нэлээд нарийн тогтсон давтамжтайгаар ажиглагддаг болохыг түүхэн мэдээллүүдээс мэдэж болно. Хамгийн анхны ийм мэдээлэл МЭӨ 164 оны Вавилоны бичээст тэмдэглэгдэн үлджээ.

Чингэс хаан, 1-р Виллиам нарын үед үзэгдсэн сүүлт од бурхан, тэнгэрийн зарлиг бус тодорхой давтамжаар үзэгдэх Халлейн сүүлт од байсан юм. Уг сүүлт од хамгийн сүүлд 1986 онд дэлхийд ойртон ирэх үед хиймэл дагуулийн тусламжтайгаар түүний цөмийн зургийг авч дэлхий даяар шимтэн сонирхсон билээ. Халлейн сүүлт од дараагийн удаад 2061 онд ажиглагдах болно.


Ньютон, Халлей нараас хойш 300 жилийн дараа л сүүлт одны талаархи нарийвчилсан судалгаа хийгдэж, хүмүүсийн амьдралд үзүүлэх (үзүүлсэн) нөлөөлийг тодорхойлж эхэлж байна. Сүүлт одны цөм маш жижиг хэмжээтэй учир гэрлийг бараг ойлгодоггүй, иймд барагтаа л бол үзэгдэхгүй. Энэ байдал нь сүүлт оддыг илрүүлэхэд хүндрэл үүсгэж байв. Сүүлт одны траектороос харахад тэдгээр нь нарны аймгийн гаригуудаас ч илүү хол, алс сансараас ирдэг болохыг мэдэж болно. Гэхдээ яг хаанаас ирдэгийг тодорхойлох нь тийм ч амар хялбар ажил байгаагүй юм.

Одон орончид Далай ван гаригийн тойрог замын гадна талд сансарын жижиг хэмжээний биетүүдийг агуулах Кюперийн хэмээх бүс (Kuiper Belt) оршин байгаа гэж үзээд 1940-өөд оноос түүнийг эрж хайж эхэлжээ. Гэвч хэдэн арван жил үргэлжилсэн эрэл хайгуул амжилтгүй болж Дэлхий ван гаригаас өөр зүйл дуран авайд нь харагдсангүй. Ихэнх одон орончид мухардаж судалгаагаа зогсоож байсан боловч тэдний дунд бусдын жишгийг дагаагүй 2 эрдэмтэн байв.


Жэйн Лиу, Дэвид Жевит нар 1987 оноос Хавайн аралд байрлах дуран авайн тусламжтайгаар ажиглалтаа эхлүүлжээ. Тэд 5 жилийн дараа жижиг хэмжээний тэнгэрийн эрхэсийн хөдөлгөөнийг ажигласан нь Кюперийн бүст хамаарах хамгийн анх илэрсэн сансарын биетэд тооцогдож 1992QB1 хэмээн нэрлэгдэв. Түүнээс хойш Далай вангийн тойрог замын гадна талд байрлах 1000 орчим ийм биетийг илрүүлээд байна. Энэ нь уг бүст хамаарах биетүүдийн өчүүхэн хэсэг нь бөгөөд тэнд 3 тэрбум км-ээс өргөн орон зайд нийт 6 тэрбумаар тоологдох сансарын биет байгаа хэмээн эрдэмтэд таамаглаж байгаа юм.


Тэдгээр биетүүдийн зарим нь эргэлтийн явцад хоорондоо мөргөлдөн тойрог замаасаа гажиж, нарны аймгийн дотор орж ирэх бөгөөд богино давтамжит сүүлт од хэмээн нэрлэгдэнэ. Ийм сүүлт од 10-20 жил хүртэл харьцангуй богино хугацаанд нарыг тойрдог. 75 жилд нарыг тойрох алдарт Халлейн сүүлт од мөн энэ ангилалд хамаарана. Харин 200-аас хэдэн сая жилийн урт давтамжит сүүлт одод нь Кюперийн бүсээс ч алс хол байрлах Оортын үүлнээс ирдэг гэж үздэг.

Дэлхийгээс нар хүртэлх зайнаас 50000 дахин хол байрлах Оортын үүл нь нарны аймгийн хамгийн гадна талын бүс бөгөөд хэдэн миллиардаар тоологдох сансарын жижиг хэмжээний биетүүдийг агуулдаг. Нарны аймаг үүсэн бий болох үед сансарын биетүүдийн мөргөлдөөнөөс цацарсан жижиг хэсгүүд сансарт тархаж Оортын үүлийг үүсгэжээ. Иймд сүүлт одны судалгаа нарны аймгийн үүсэл хөгжлийг танин мэдэхэд чухал ач холбогдолтой юм.

үргэлжилнэ...