Аварга улаан одны мөхөл дэлхийн амьдралд нөлөөлөх үү

Шөнийн тэнгэрийн баруун хаяанд тод гялалзах цувраа гурван од бол эрт үеэс нүүдэлчин монголчуудын цаг хугацааг баримжаалах хэрэгслүүдийн нэг болж үлгэр домогт ч тусгалаа олсон байдаг Гурван марал (Orion) од юм. Эдгээр оддын баруун дээд талд байрлах тод улаан одыг Бетельгейз (Betelgeuse) гэх бөгөөд дэлхийгээс 640 гэрлийн жилийн зайд байрлах энэ аварга улаан од мөхлийнхөө сүүлийн шатанд шилжиж тун удахгүй асар их хүчээр дэлбэрэх гэж байна. Бетельгейзийн гадаргын температур 3800 хэм боловч хэмжээний хувьд нарнаас 1000 дахин том юм.


Энэ одны гэрэл тодорч бүдгэрэн, гэрэлтэлтийн хэмжээ өөрчлөгддөг шинж чанар нь дээр үеэс эрдэмтдийн сонирхлыг татсаар иржээ. Түүнийг английн одон орон судлаач John Herschel анх ажиглаж эхэлсэн байдаг. Тэрээр оддыг гэрэлтэлтийн хэмжээгээр ангилахыг оролдож ажиглалт хийж байх явцдаа Бетельгейзийн гэрэлтэлт тогтмол өөрчлөгдөж байгааг илрүүлжээ. 1836 онд хийсэн түүний ажиглалтаар гэрэлтэлтийн ангиллын 3-р түвшинд байсан бол 8 сарын дараа хамгийн тод гэрэлтэлттэй болж байжээ.

Түүнээс хойш 80-аад жилийн дараа америкийн физикч Albert Michelson гэрэлтэлтийн өөрчлөлт нь одны овор хэмжээ өөрчлөгдөж байгаагаас шалтгаалж байна хэмээн таамагласан байна. Тэрээр гэрэл ойлгогч хос толь бүхий сансарын дурангийн тусламжтайгаар хэмжилт хийж уг одны хэмжээг нарнаас 300 дахин том гэж зарласан боловч гэрэлтэлтийн өөрчлөлтийн нууцыг тайлж чадаагүй юм. Харин энэ нууц 40 жилийн дараа хийгдсэн судалгаагаар тодорхой болжээ. Бетельгейзийн гадарга болон гүний хооронд шилжин хөдлөх хийн урсгалын халж тэлэх, хөрч агших хөдөлгөөний нөлөөгөөр түүний овор хэмжээ 7 орчим хувиар ихэсч багасдагаас гэрэл нь тодорч бүдгэрч харагддаг байна.

Мөн нарийвчилсан шинжилгээгээр уг одны диаметрийг 1 тэрбум 400 сая км буюу нарнаас 1000 дахин том гэдгийг тогтоожээ. Үүнийг нарны аймагтай харьцуулж үзэхэд дэлхийн тойрог замын диаметрээс ч давж Бархасбадь гаригийн тойрог замд дөхөж очдог нь ямархуу аварга хэмжээтэй вэ гэдгийг төсөөлөхөд дөхөм болох юм. Харин сүүлийн үеийн судалгааны үр дүнд эрдэмтэд Бетельгейзийг мөхлийн сүүлчийн шатандаа аль хэдийн орж, дэлбэрэх магадлал 99.9%-д хүрсэн гэж үзэж байна.

Токио их сургуулийн профессор Номото Кэничигийн удирдсан судалгааны хэсэг шинжлэх ухааны үндэслэлтэй онолын судалгаанд үндэслэн Бетельгейзийн дэлбэрэлтийн үеийн өнгө, хэлбэр, гадаргын хэм хэрхэн өөрчлөгдөхийг тогтоосон байна. Одны мөхлийн эхний шатанд температур эрс нэмэгдсэнээс өнгө нь улаанаас хөх болж хувирна. 1 цагийн дараа дэлбэрэлт эхэлж шөнийн ямар ч одноос илүү тод гэрэлтэн, энгийн нүдээр анзаарагдах хэмжээнд хүрнэ.

Дэлбэрэлт эхэлснээс хойш 3 цагийн дараа гэрэлтэлт эрс нэмэгдэн тэргэл сарнаас 100 дахин хурц гэрлээр гялбуулж энэхүү гэрэлтэлт 3 сарын турш үргэлжилнэ. Дэлбэрэлтийн сүүлийн мөчид одноос үлдсэн хийн мананцар түүний ойр орчинд тархана. 4 сарын дараа температур аажим буурч одны өнгө хөхөөс улбар шар болж хувирна. Дараа нь температур эрс буурч өнгө нь харлаж бүдгэрнэ. 4 жилийн дараа гэхэд Бетельгейзийг энгийн нүдээр харах боломжгүй болох ажээ.

Аварга улаан одны мөхөл хамгийн сүүлд 1604 онд ажиглагдсан бөгөөд Kepler од дэлбэрч дээрхтэй төстэй үзэгдлүүд ажиглагдаж байжээ. Түүнээс хойш 400 жил өнгөрсөн боловч уг одноос үлдсэн мананцар одоог хүртэл сарниж алга болоогүй байна. Сансар огторгуйн энэхүү үзэгдэл сонирхол төрүүлэх боловч нөгөө талаас манай нарны аймагт ямар нөлөө үзүүлэх бол гэсэн болгоомжлол төрүүлдэг. Хэдийгээр дэлхийгээс хэдэн зуун гэрлийн жилийн зайтай боловч сансар огторгуйн орон зайд авч үзвэл энэ нь тийм ч их хол зай биш юм.

Аварга улаан од дэлбэрэлтийнхээ үед асар их хэмжээний цацраг идэвхт гамма туяаг сансар огторгуйд цацаргадаг. Иймэрхүү цацрагийн нөлөө дэлхийн амьдралыг эрс өөрчилж байсан талаархи баримт судалгаагаар олджээ. Дэлхий дээр 440 сая жилийн өмнө амьдарч байсан шавьж хэлбэрийн амьтадын ихэнх нь богино хугацаанд устаж үгүй болсон байна. Харин Америкийн Washburn их сургуулийн сансарын физикч Bryan Thomas тэдгээр амьдатын мөхлийг аварга улаан одны дэлбэрэлтээс үүссэн сансарын туяаны нөлөө гэж үзэж байна.

Тухайн үеийн дэлхийн амьтны ихэнх төрөл зүйл далайн усанд амьдарч байв. Палентологийн судалгаанаас үзвэл далайн эрэг болон усны өнгөн хэсэгт амьдарч байсан амьтад устаж үгүй болсон байна. Bryan Thomas сансарын цацраг идэвхт туяа дэлхийд хэрхэн нөлөөлсөнийг тооцоолжээ. Түүний судалгаагаар гамма туяны нөлөөгөөр дэлхийн агаар мандалын озоны давхарга 40 хүртэл хувиар багассан бөгөөд эргэж хэвийн хэмжээнд орох хүртэл 10-аад жилийг зарцуулсан байна. Энэ хугацаанд нарны хэт ягаан туяа агаар мандлыг нэвтэрч дэлхийн амьтадын ДНХ болон уургийн бүтцэд гэмтэл учруулснаар тэдгээрийг мөхөлд хүргэсэн бол хэт ягаан туяа нэвтрэх боломжгүй далайн ёроолын амьтад амьд үлдэж чаджээ.

Харин Бетельгейзийн дэлбэрэлт дэлхийн амьдралд нөлөөлөх эсэх талаархи нарийвчилсан судалгааг эрдэмтэд хийж одны дэлбэрэлтийн үед түүний эргэлтийн тэнхлэгийн дагуух 2 хэмийн орон зайд л гамма цацраг тархадгийг тогтоожээ. Хабл дурангийн тусламжтай хийсэн ажиглалтаар дэлхий Бетельгейзийн эргэлтийн тэнхлэг буюу цацрагын тархалтын чиглэлээс 20 хэмээр зөрсөн байрлалд байгааг батласан байна. Хэдийгээр дэлбэрэлтээс үүсэх гамма туяа дэлхийд амьдралд нөлөөлөхгүй нь тодорхой болсон боловч бусад хэлбэрээр аюул занал учруулж болохыг үгүйсгэхгүй байгаа юм.

Эцэст нь Бетельгейзийн дэлбэрэлт яг хэзээ болох гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Дээр дурдсанаар дэлбэрэх магадлал 99.99%-д хүрээд байгаа, тун удахгүй дэлбэрнэ гэж үзэж байгаа боловч дэлбэрэлтийн хугацааг яг таг хэлэх боломжгүй. Магадгүй маргааш дэлбэрч болно, эсвэл 10 мянган жилийн дараа ч байж болно. Нэгэнт дэлхийгээс 640 гэрлийн жилийн зайд байрлах учир аль хэдийн дэлбэрчихээд гэрэл нь бидэнд хүрэх замдаа явж байж ч магадгүй. Юутай ч сансарын энэхүү сонирхолтой үзэгдэл ойрын хугацаанд тохиовол түүнийг ажиглах, улмаар шинэ шинэ нээлтүүд хийх хүсэл одон оронч эрдэмтэдийг эзэмдсээр байна.

эх сурвалж;  NHK

Азид хамгийн том нүүрсээр ажиллах цахилгаан станц барина

 Хятадын Шенхуа групп азид хамгийн томд тооцогдох нүүрсээр ажиллах цахилгаан станцыг ирэх 5 жилийн хугацаанд байгуулахаар төлөвлөж байгаа тухай Шинхуа агентлаг болон засгийн газрын веб хуудсанд мэдээлсэн байна. Гуанжу мужийн өмнө зүгийн Бэйхай хотод байгуулагдах 8 ГВт-ын хүчин чадалтай цахилгаан станц нь ган гачиг, хуурайшилтаас үүдэлтэй эрчим хүчний хомсдолоос зайлсхийхэд туслах юм.

Хятад улс сүүлийн жилүүдэд гарсан эдийн засгийн огцом өсөлтийг хангахад шаардагдаж буй эрчим хүчний хэрэглээнийхээ 70 хувийг нүүрсээр хангаж байна. Өнгөрсөн онд гэхэд л эрчим хүчний тасалдал болон хязгаарлалт нийт 17 мужийг хамарч, хэрэв нүүрсний хэрэглээг нэмэгдүүлээгүй бол хойд хэсгийн хүйтэн уур амьсгалтай мужуудад эрчим хүчний хангамж хүрэлцэхгүй байдалд хүрээд байсан юм.

Шенхуагийн төлөвлөгөө хүлэмжийн хийг 2015 он хүртэл 10-аас дээш хувиар бууруулах засгийн газрын захирамжийн дараа гарч байгаа бөгөөд агаарын бохирдлыг их хэмжээгээр нэмэгдүүлнэ гэсэн түгшүүрийг олон нийтэд төрүүлж байна. Хятад улс хүлэмжийн хийн ялгаруулалтаар дэлхийд хамгийн өндөрт тооцогддог бөгөөд олон хотын агаар бохирдож, утаагаар бүрхэгдсэн байдаг.

Шенхуа групп болон Гуанжу мужийн засаг захиргаа 8 генератор бүхий шинэ станцын нүүрсний хэрэглээг Австрали, Индонези улсуудаас найдвартай хангах баталгаа өгч байгаа юм. Үүний тулд 100 мянган тоннын даацтай усан боомтын ачих буулгах байгууламж 4-ийг, жилд 30 сая тонн нүүрс нөөцлөх боломжтой агуулахыг Тэйшан боомтод тус тус байгуулахаар төлөвлөж байна.



эх сурвалж;  physorg

Телевизор "ухаалаг" болж эхэллээ, гэвч ...

Шинэ үеийн ухаалаг телевизорууд хэрэглэгчдэд "Ууртай шувуу" тоглох, танилуудынхаа авсан фото зургуудыг тэр дор нь үзэх, бусдад түгээх, кибер хувцасыг ямар нэгэн тоглоомын консол болон тусгай төхөөрөмжгүйгээр өмсөж үзэх боломжийг олгож байна. Мөн суваг солих, нэвтрүүлгийн хайлт хийхийг хүсвэл гараа зангах төдийд, эсвэл дуу хоолойгоороо удирдах болно. Телевизор үйлдвэрлэгч нар 3 жилийн өмнөөс интернет холболт бүхий ухаалаг телевизорууд бүтээж Ахуйн хэрэглээний цахилгаан хэрэгслийн үзэсгэлэн (CES)-д танилцуулж ирсэн нь телевизорын технологийн цаашдын чиг хандлагыг тодорхойлж байна.

Өмнө нь зөвхөн тооцоолох төхөөрөмжид л агуулагдаж байсан хүчирхэг микропроцессор, иж бүрэн үйлдлийн систем, уламжлалт алсын удирдлагаас тэс өөр чамин удирдлагын системийг ухаалаг телевизорын хамгийн дэвшилтэт загварууд агуулах болов. Компьютер үйлдвэрлэгч Леново компани сүүлийн үеийн ухаалаг утаснуудад л харагдах болсон Гүүглийн андройд үйлдлийн системийн шинэ хувилбар, хос цөмт процессор зэргийг агуулсан шинэ загварыг танилцуулсан бол LG компани андройдын нэг төрөл болох хамгийн сүүлийн үеийн Гүүгл ТВ програм хангамж бүхий ухаалаг телевизор бүтээлээ.

Самсунг компани Майкрософтын XBOX-ын кинект удирдлагатай төстэй камерт суурилсан хөдөлгөөн мэдрэгч бүхий телевизорыг танилцуулсан бол Nuance Communications компани Apple-ийн Айфон 4S утасны Сиритэй адил төрлийн дуу хоолой таних боломжтой телевизор бүтээв. Мөн Bodymetrics компани кинекттэй төстэй төхөөрөмжөөр өөрийн зочны өрөөг хэрхэн кибер хувцасны өрөө болгон хувиргаж болохыг харуулав. Үүгээр хэрэглэгчид өөрийн дүрслэлийг телевизороор харж янз бүрийн кибер хувцасуудыг сольж өмсөж үзэх боломжтой болов.

Гэвч хэрэглэгчдийн хувьд эдгээр ухаалаг телевизоруудын аль төрлийн хэрэглээг түлхүү сонгох нь тодорхойгүй байгаа юм. Гүүгл телевизийн төхөөрөмж гэхэд л эхний загварууд 2010 оны эхээр худалдаанд гарсан боловч борлуулалтын байдал тийм ч сайнгүй байна. Олонхи хэрэглэгч Netflix мэтийн онлайн кабелийн сувгийг өөрийн телевизороор үзэхийг илүүд үзэх боловч технологи шүтэгсэд веб хуудсуудаар аялж, твиттерээ шалгахаас авахуулаад ухаалаг утасныхтай адил апликэшнүүдийн хэрэглээг сонирхох нь мэдээж.

Технологийн эрс шинэчлэлүүд нь үйлдвэрлэгчдийн борлуулалтын хэмжээ болон ашигт хэрхэн нөлөөлөхөөс илүүтэйгээр хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг хангалттай хэмжээнд татаж чадах эсэх нь үйлдвэрлэгчдийн сэтгэлийг түгшээж байна. Гэхдээ шинэ нэмэлтүүд телевизорын үнийг өсгөж борлуулалтыг нэмэгдүүлнэ гэж тэд найдаж байгаа юм. 3D технологи хэрэглэгчдийн таашаалд төдийлөн нийцээгүй бол ухаалаг телевизорууд тэдний эрэлтийг хангана гэж үзэж байна. Мөн үйлдвэрлэгч нар энэ жилийн CES үзэсгэлэнд оролцоогүй Apple компаниас ихээхэн болгоомжилж байна.

Apple хэдэн жилийн өмнөөс ухаалаг телевизорийн технологи дээр ажиллаж байгаа бөгөөд Стив Жобс ч "бид төхөөрөмжийн удирдлагын арга хэрэгсэлд эргэлт хийх интерфейсийг бүтээсэн" хэмээн энэ талаар өөрийн намтар бичигч  Walt Isaacson-д хэлж байсан тухай мэдээлэл байдаг. Өнгөрөгч арваад жилийн хугацаанд Apple компани зөөврийн хөгжим тоглуулагч, хөдөлгөөнт утас, компьютерийн бизнесийг ор үндсээр нь хэрхэн өөрчилснийг бид бэлхнээ мэдэж байгаа билээ. Харин телевизор үйлдвэрлэгч бусад компаниуд өрсөлдөөнд тэсч үлдэхийг оролдож байна. Тэд ухаалаг телевизорын шинэ үе ирсэнийг дөнгөж хүлээн зөвшөөрч эхэлж байгаа боловч яг ямар дүр төрхтэй байх талаар нэгдсэн ойлголтод хараахан хүрээгүй байгаа юм.

Үйлдвэрлэгчид, нэмэлт үйлчилгээ үзүүлэгч компаниуд, програм хөгжүүлэгч нар, шинжээчид хэрэглэгчдийг шинэ үеийн ухаалаг телевизортой хэрхэн харьцах, түүнийг хэрхэн хүлээж авах зэрэг суурь асуудлууд дээр санал зөрөлдөж байна. Мөн техникийн нэгдсэн стандарт боловсруулах тал дээр ч тохиролцож чадаагүй байна. Тухайлбал ухаалаг телевизорын удирдлагын олон хэлбэрүүд гарч ирсэн боловч телевизорын загвар, үйлдвэрлэгч компаниас хамааруулан гараараа зангах хөдөлгөөнд суурилсан удирдлага хэрэглэх уу, ухаалаг утсаа кибер удирдлага болгон ашиглах уу, эсвэл хэмжээг нь багасгасан бүрэн хэлбэрийн гар (кийборд)-аар удирдах уу гэдгийг ярилцаж тэдгээрээс хэрэглэгчдийн таашаалд нийцэх хэлбэрийг сонгох шаардлагатай байгаа юм.

Энэ бүхний үр дүнд зочны өрөөний телевизор унтлагын өрөөнийхөөс өөр хэлбэрээр удирдагдана, нэг үйлдвэрлэгчийн загварууд байлаа ч удирдлагын болон үйлдлийн систем өөр өөр байна гэх мэтээр нэгдсэн шийдэлд хүрэх шаардлагатай юм. Технологид дурлагчдын хувьд эдгээрийг турших үзэх нь гайхалтай санагдана. Гэвч энгийн хэрэглэгчдэд зориулсан зарим төрлийн стандартжуулалт хийгдээгүй тохиолдолд ухаалаг телевизорын зах зээлийг бүтэлгүйтэлд хүргэх магадлал их биш ч тодорхой хэмжээгээр байгаа гэж үзэж болно. Эцэст нь телевизор ухаалаг байх шаардлагатай эсэхийг зөвхөн хэрэглэгчдийн хүсэл сонирхол л шийдэх болно.

Дашрамд хэлэхэд зурагтны удирдлагын шинэ хэлбэрүүдийн тухай өмнө нь тус блогт мэдээлж байсан билээ. Харин тэдгээрээс ихэнх нь өнөөдөр биелэлээ олоод байгааг сануулахад илүүдэхгүй бизээ.


эх сурвалж; physorg

Урт наслалтын ген

Илчлэг багатай хоол хүнсний хэрэглээ хүн, амьтадыг урт наслахад эерэгээр нөлөөлж байгааг эрдэмтэд хэдэн арван жилийн өмнөөс ажигласаар ирсэн боловч түүний цаад учир шалтгаан 2000 оны үед хийгдсэн генийн судалгааны үр дүнд тодорхой болсон юм. Massachusetts-ийн технологийн хүрээлэн (MIT)-гийн эрдэмтэд урт наслалтын гени хэмээн нэрлэгдэх болсон sir2 (sirtiun) генийг нээж, түүний ажиллагаа наслалтад чухал үүрэгтэй болохыг тогтоожээ.


Хүн болон амьтадын биеийн зарим эсүүд үхжиж устаж байхад өөр бусад эсүүд хуваагдан олширч түүнийг нөхөж байдаг. Өөрөөр хэлбэл биеийн бүх эсүүд амьдралын туршид шинэчлэгдэн солигдож байдаг. Ходоодноос шулуун гэдэс хүртэлх хоол боловсруулах эрхтний эсүүд 24 цагийн дотор бүрэн солигддог бол 1 жилийн дотор бүх бие атом, молекулын түвшинд бүрмөсөн шинэчлэгддэг байна. Харин нас ахих тусам эсийн шинэчлэгдэх үйл явц удааширч улмаар хөгшрөлтийн үндсэн шалтгаан болдог ажээ.

Эсийн энергийн эх үүсвэр болсон митонхондр хэмээх утаслаг эд эсийн дотор байх бөгөөд нас ахих тусам түүний ажиллагаа  суларч чөлөөт радиакал буюу идэвхтэй хүчилтөрөгчийг ялгаруулж эхэлдэг. Идэвхтэй хүчилтөрөгч эсийг дотроос нь гэмтээж устгах нөлөө үзүүлдэг учир нөхөн сэргээлтийг удаашруулж биеийг хөгшрөлтөд хүргэдэг байна. Харин хоол сойх үед sir2 генээс ялгарах уургийн нөлөөгөөр митохондрийн ажиллагаа эргэж сэргэн идэвхтэй хүчилтөрөгчийг шингээх процес явагддаг байна. Энэ нь эсийн нөхөн төлжих, шинэчлэгдэх үйл явцыг дэмжиж хөгшрөлтийг удаашруулж, урт наслахад тусладаг.

Гэхдээ эрдэмтэдийн таамаглаж байгаагаар Sir2 генийн үндсэн үүрэг нь урт наслахад бус уур амьсгалын огцом өөрчлөлт, хоол тэжээлийн хомсдол зэрэг эрсдэлтэй нөхцөлд тэсч үлдэх, улмаар удам угсаагаа таслахгүй үргэлжлүүлэхийг эрмэлзсэн байгалийн зохилдлоготой холбоотой гэж үзэж байгаа юм. Удаан хугацааны туршид үргэлжлэх хоол тэжээлийн хомсдолын үед уг гени идэвхжиж бие махбодыг харьцангуй бага энергийн горимд шилжүүлснээр эрсдэлтэй нөхцөлийг даван туулах боломжийг эрс нэмэгдүүлдэг байна.

Харин хүний хувьд нийгэмшихийн хэрээр амьдралын харьцангуй таатай орчинд шилжиж хоол тэжээлийн дутагдлаас хамааралтай эрсдэлд орох нөхцөл үгүй болсноор урт наслалтын ген идэвхгүй байдалд шилжсэн гэж үзэж байгаа юм. Хоол сойх нь ийм нөхцөлийг зохиомлоор бий болгож бие махбодын нуугдмал чадварыг идэвхжүүлснээр хөгшрөлт удааширч урт наслах нөхцөл болж байна.

Үүнээс гадна урт наслалтын генийн идэвхжил нь насжилтын өвчин гэгдэх алцгеймер, чихрийн шижин, зүрхний өвчлөлүүд, үе мөчний эрхтний доройтлоос үүдэлтэй хөдөлгөөний дутагдал, цусны даралт ихсэх өвчнүүдээс сэргийлэх нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал алцгеймерийн өвчний үед тархины мэдрэлийн эсүүд, зүрхний өвчний үед зүрхний булчингийн эсүүд, чихрийн шижингийн үед нойр булчирхайн эсүүдийн ажиллагаа тус тус алдагдаж үхэждэг учир тэдгээрийн нөхөн сэргэх явцыг идэвхтэй хадгалснаар харгалзах өвчлөлүүдээс сэргийлэх боломж бүрддэг.

Pennington-ы биоанагаахын судалгааны төвийн профессор Eric Ravussin илчлэг багатай хүнс болон sir2 генийн хоорондын холбоог тогтоох туршилт явуулж хоол тэжээлийн илчлэгийн хэмжээг ердийн хэмжээнээс 25%-иар бууруулах нь зохистойг тогтоожээ. Түүний туршилтад оролцогчид бага хэмжээний илчлэгтэй хоол хүнс 1 жилийн хугацаанд хэрэглэж туршихад sir2 генийн идэвхжил дунджаар 50% нэмэгдэж байв. Тэдний дундаас хамгийн өндөр үр дүн үзүүлсэн оролцогчийн хувьд 3 сарын хугацаанд генийн идэвхжил 2.4 дахин нэмэгдэж байв.

Илчлэгийг бууруулж хоол хүнсний хэрэглээндээ хязгаарлалт хийхийг ихэнх хүмүүс тэр болгон таашааж хүлээн авдаггүй. Үүнээс илүү хялбар аргаар урт наслалтын генийг идэвжжүүлэх боломж байхгүй юу гэсэн асуултын хариуг эрдэмтэд эрж хайсны эцэст тодорхой үр дүнд хүрээд байна. Алим болон усан үзэмийн төрлийн жимсний хальсанд маш бага хэмжээгээр агуулагддаг ресвератрол хэмээх бодис насжилтаас хамааран алдагдах митохондрийн ажиллагааг сэргээж урт наслалтын гентэй адил үйлчилгээ үзүүлдэг болохыг 2004 онд италын эрдэмтэд тогтоожээ. Энэ бодис усан үзмийн түүхий эдээр бүтээгддэг улаан винонд мөн адил бага хэмжээгээр агуулагддаг байна.

Энэ үеэс судалгааны байгууллагууд, их сургуулиуд, эм үйлдвэрлэгч компаниудад уг бодисын судалгаа эрчимтэй хийгдэж байна. Ресвератролын судалгаа цаашид урт наслуулах нөлөөтэй эмийн бүтээгдэхүүн бий болгох найдварыг ихээхэн төрүүлж байгаа юм. Зарим компаниудын хийсэн судалгааны хувьд амьтан дээрх туршилтын үе шат амжилттай дуусч хүнд хийх туршилтыг эхлүүлсэн тухай мэдээлж байна. Мөн эрдэмтэдийн судлагааны эцсийн үр дүнг хүлээлгүйгээр зарим  үйлдвэрлэгч нар уг бодисыг агуулсан эрүүл мэндийн нэмэлт (supplement) бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байгаа нь америк зэрэг орнуудад их хэмжээгээр худалдаалагдаж байна.

Ресвератрол нь зөвхөн хөгшрөлтийг удаашруулаад зогсохгүй, булчингийн хүчийг нэмэгдүүлэх нөлөө үзүүлдэгийг францын Illkirch-ийн генетик, эсийн билогийн хүрээлэнгийн эрдэмтэн Johan Auwer-ын хулгана дээр хийсэн судалгаа нотлож байна. Ресвератролын нөлөөгөөр хулганы булчингийн урт хугацааны туршид хадгалагдах хүч 1.5 дахин нэмэгдэж байжээ. Сиднейн New South Wales их сургуулийн профессор Peter Smith өнөөдөр Австрали улсад төрж буй охид бүгд шинэ эмийн тусламжтайгаар 100 хол давж наслана гэж үзэж байгаа бол Харвардын их сургуулийн профессор David Sinclair бид хүнийг 150 наслуулах технологийн эхний шатанд хүрээд байна гэж үзэж байна.

Учир нь ресвератролын химийн бүтцийг судласан эрдэмтэд түүнээс 1000 дахин илүү үйлчилгээ үзүүлэх чадвартай Srt2104 зэрэг бэлдмэлүүдийг гаргаж аваад байна. Мөн уухад тэр дороо тархины мэдрэлийн эсүүдэд нөлөөлөл үзүүлэх Srt3025 мэтийн эмчилгээний зориулалттай бэлдмэлүүд бүтээгджээ. Энэ чиглэлийн судалгаанд Sirtris зэрэг эм үйлдвэрлэгч компаниуд ч багагүй амжилт олоод байна. Юутай ч технологийн дэвшлийн хүчээр хүний насыг одоогийнхоос хоёр дахин уртасгах боломж бүрдэж эхэлж байгаа бололтой. Магадгүй хэдхэн жилийн дараа урт наслалтын эмүүд ердийн хэрэглээ болж бидний үр хүүхэд эрүүл, залуу эрч хүчтэйгээр, биднээс илүү урт удаан наслах итгэлийг төрүүлж байна.


эх сурвалж;  NHK & etc.

Галт зэвсэг авч яваа эсэхийг зайнаас илрүүлнэ

Нью-Иоркийн цагдаагийн салбар биедээ буу авч яваа эсэхийг нэгжлэг хийлгүйгээр зайнаас илрүүлэх төхөөрөмжийг бүтээж байна. Хэт улаан туяны долгион ялгаруулах уг төхөөрөмж хүний биеэс ялгарах дулааны цацрагийг хэмжсэний үндсэн дээр галт зэвсэгийг илрүүлдэг байна. Буу болон зэвсгийн чанартай эд зүйлс биедээ авч яваа тохиолдолд тэдгээр нь дулааны цацрагийн ялгаралд саад болж илрүүлэхэд тусладаг ажээ. Төхөөрөмжийг цагдаагийн автомашинд суурилуулан гудамжинд яваа сэжигтэн этгээд рүү дохиолол илгээж шинжилгээ (скан) хийдэг байна.

The New York Post сонинд мэдээлснээр уг төсөл 3 жилийн өмнөөс хэрэгжиж байна. Одоогоор туршигдаж байгаа төхөөрөмжийн хүчин чадлын хувьд хүний биеэс 1 - 1,2 м зайд илрүүлэх чадвартай байгаа бол цаашид энэ зайг дор хаяж 25 м-т хүргэхийг зорьж байгаа юм. Зөвхөн өнгөрөгч онд гэхэд л Нью-Иорк хотын гудамжуудад нэгжлэг хийлгэсэн сэжиг бүхий хүмүүсийн 13 % нь биедээ галт зэвсэг авч явж байжээ.

Шинэ төхөөрөмжийн ажиллагаа нисэх буудлуудад суурилуулагдаад байгаа "нүцгэлж" шалгах төхөөрөмжтэй төстэй учир хэмжилт, шалгалт хийх нь хүний эрхэнд халдсан хэрэг болно гэсэн болгоомжлол байгаа юм. Гэхдээ уг төхөөрөмж гудамжинд цагдаа нар байгаа эсэхийг офицерүүдэд хэлж өгөх ач холбогдолтой. Мөн хэт улаан долгион нь цагдаа нарын буу хооронд дохиолол илгээхэд туслана. Өөрөөр хэлбэл нэг нэгэн цагдаа буугаа хуйнаас нь сугалсан тохиолдолд бусад цагдаа нарт дохиолол очиж гэмт хэргийн чанартай үйлдлийг цаг алдалгүй таслан зогсоох боломж олгох юм.


эх сурвалж; mailonline

Бурханы орноос илгээх фэйсбүүкийн сүүлчийн мэссэж

Өнгөрсөн жил зохиогдсон нэгэн апликэшн таныг бурханы оронд заларсныхаа дараа Фэйсбүүк дэх сүүлчийн мэссэжээ илгээх боломжийг олгож байна. Мэссэж видео болон текст хэлбэртэй байх юм. Үүнийг илгээхийн тулд 'If I Die' хэмээх апликэшнийг суулгаж "Та нас барсныхаа дараа үлдэгсэддээ юу захиж үлдээх вэ" гэсэн асуултад хариулах шаардлагатай болно. Мэссэжид өөрийн амьдралын товч түүхээс авахуулаад бүр хэзээ ч хэнд ч задалж байгаагүй, хүн бүхнийг гайхашруулах нууцаа найзууддаа илгээх боломжтой юм. Сүүлчийн мэссэж автоматаар нийтлэгдэхгүй бөгөөд найзууд дундаасаа таны сонгон итгэмжилсэн 3 хүн таныг нас барсан гэдгийг нотлосны дараа нийтлэгдэх ажээ.

Энэ апликэшн аль хэдийн 5000 лайк аваад байгаа юм байна. Фэйсбүүк өмнө нь "дурсамжийн үйлчилгээ"-г санал болгоод байгаа бөгөөд нас барсан нэгний дурсамж болон үлдэх хуудсыг найзуудад нь харуулдаг. "Бид статус, холбоо барих хаяг зэрэг мэдээллийг устгах замаар талийгаачийн хувийн нууцыг хамгаалах болно" гэж фэйсбүүкийг эрхлэгчид өөрсдийн блогт бичсэн байна. "Time capsule" төрлийн бүтээгдэхүн болох 'If I Die' апликэшнийг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой юм.




эх сурвалж; mailonline

Согтолын хэмжээг тодорхойлох апликэшн

Согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барих нь тийм ч сайн зүйл биш гэдгийг хүн бүхэн ойлгодог боловч ууж наргисныхаа дараа автомашин жолоодож амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавих ухамсар султай хүмүүс байсаар байна. Ихэнх тохиолдолд найз нөхөд нь такси дуудахыг зөвлөдөг ч согтолтын байдал жолоо барихад тохиромжгүй хэмжээнд хүрсэн байгааг итгүүлэх шаардлага гардаг.

Бид хүний амьсгалын хийн агууламжийг шинжилж согтолтын хэмжээг тодорхойлох зориулалттай гарт барьдаг, бугуйд зүүдэг олон төрлийн төхөөрөмжийг мэддэг. Тэгвэл эдгээрээс ялгаатайгаар хүний нүдний хөндлөн чиглэлийн санамсаргүй хөдөлгөөн (НХСX)-ийг шинжилж согтолтыг хэмжээг тодорхойлох BreathalEyes апликэшн гарсан байна. Энэ нь жолооч нарын уусан эсэхийг шалгадаг эргүүлийн цагдаа нарын аргатай адил юм.

Хүн эгц урагш харж байх үед нүдний хүүхэн хараа 2 тийш санамсаргүйгээр огцом хөдлөж, нүдний солонгон бүрхэвчийн хөдөлгөөний өнцөг 45 хэмд хүрдэг байна. Энэ хөдөлгөөн балчир болон өтөл насны хүмүүсийн нүдний харах чадвар буурах үед ажиглагддаг боловч тархины мэдрэлийн системийн гэмтэл, хорт болон мансууруулах бодисын нөлөө, спиртийн хэрэглээний үед мөн адил илэрдэг ажээ.

Иймд согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тодорхойлох аргуудын нэг болгон ашигладаг байна. Урьд нь согтолтыг илрүүлэх "үзгэн тест" (мэдрэлийн эмч нар нүдний өмнө үзэг барьж мэдрэлийн эмгэг байгаа эсэхийг шалгадаг аргатай төстэй бололтой) мэтийн аргууд хэрэглэгдэж байсан бол одоо илүү найдвартай, хямд арга хэрэгслийн тоо нэгээр нэмэгдэж байна. Шинэ апликэшн хүний цусан дахь спиртийн агууламжийн ойролцоо хэмжээг хэдхэн секундын дотор тооцоолж 0.04 -0.17% буюу хамгийн үр ашигтай утгын хязгаарт харуулах чадвартай юм.

Хөгжүүлэгчдийн зөвлөж байгаагаар бүрэн эрүүл байх үедээ, маш сайн гэрэлтүүлэгтэй нөхцөлд ухаалаг утсаа тогтвортой, хөдөлгөөнгүй байрлуулж шинэ апликэшний ажиллагааг урьдчилан шалгах шаардлагатай юм. Энэ нь согтууруулах ундаанаас бусад төрлийн шалтгаан бүхий НХСX илэрч байгаа эсэхийг тодорхойлох зорилготой. Мөн ухаалаг утасны флэш гэрэл ажиллах тохиолдол гарч болох ч энэ нь шинжилгээний нарийвчлалд нөлөө үзүүлэх магадлалтай юм.

BreathalEyes апликэшний аргыг амьсгалаар шинжлэх бусад төрлийн багажуудтай харьцуулж шалгахад хэт үнэтэй төхөөрөмжүүдтэй адил шинжилгээний үзүүлэлтийг удаан хугацааны турш тогтвортой үзүүлж байжээ. Шинэ апликэшн уух дуртай хүмүүст согтууруулах ундааны хэрэглээндээ хяналт тавих, мөн бие махбодоо хэр зэрэг хордож байгааг хянах боломжийг давхар олгож байна.

BreathalEyes апликэшнийг 0.99 доллараар худалдаалж байгаа бөгөөд Ай фон 4-өөс хойших загваруудад тохирно. Мөн түүнийг ажиллуулахад интернетийн холболт шаардлагагүй. Харин андройдын фенүүдэд зориулсан шинэ хувилбар энэ онд багтаж гарах төлөвтэй байна.





эх сурвалж; gizmag

Апликэшн зохиох ажиллагааг хялбарчилжээ

Сүүлийн үед ухаалаг утас, таблетуудийн хамтаар тэдгээрийн апликэшн програмууд хэрэглээнд олон тоогоор нэвтэрч байна. Үүнтэй холбоотойгоор шинэ төрлийн бизнес эрхлэх боломж нээгдэж програм хангамжийн мэргэжил, мэдлэг бүхий хүмүүсийн сонирхлыг татаж байгаа билээ. Харин апликэшн програм зохиоход С зэрэг програмчлалын хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай учир мэргэжлийн бус хүмүүст ийм боломж байхгүй гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл саяхнаас энэ боломж бараг хүссэн хэн бүхний өмнө нээгдэж эхэлж байна. Үүний тулд програмчлалын хэл ашиглаж, нүсэр код бичих шаардлагагүй бөгөөд хялбар интерфейс бүхий HTML, CSS хэлний анхан шатны мэдлэг байхад л хангалттай юм. Япон улсын электрон хэвлэлийн Next book компани Apple-ын iOS системийн апликэшн зохиоход зориулагдсан NextScrift хэмээх хөгжүүлэлтийн интерактив хэрэгсэл (tool)-ийг бүтээжээ.

Ай фон болон Ай падын апликэшнийг зохиоход Apple компаниас гаргасан Xcode хөгжүүлэлтийн орчинд обьект хандлагат С хэлээр программ бичиж, харьцангуй их цаг хугацаа зарцуулдаг бол NextScrift нь апликэшн зохиогчдын ажиллагааг ихээхэн хөнгөвчилж бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна бүтээлч хүмүүст өөрсдийн шинэ санаагаа өөрийн гараар хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа юм.

Мөн NextScrift -ийн тусламжтайгаар бүтээсэн апликэшнүүдийг олон хэлээр илэрхийлэх боломжтой. Одоогийн байдлаар япон хэлнээс гадна англи, хятад, солонгос, франц, испани, португал хэлээр хувиргах боломжтой юм. Харин ашиглах зааварчилгааг зөвхөн япон болон англи хэлээр гаргаад байна. Тус компани одоогоор NextScrift -ийн тусламжтайгаар, мөн андройд системд зориулагдсан апликэшн програмуудыг зохиож худалдаалж байна.

Өнөөдрийг хүртэл тус компаний ажиллагаа зөвхөн Япон улсаар хязгаарлагдаж, хэрэглэгчдийн 80% нь тус улсын иргэд байгаа бол цаашид гадаадын бусад улсуудад чиглэсэн ажиллагааг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Шинэ хэрэгсэл үнэ төлбөргүй бөгөөд NextScrift2 хувилбарыг эндээс татаж авч ашиглах боломжтой.




эх сурвалж; diginfo

Согтож, шартахаас бүрэн хамгаалах эм бүтээж байна

Калифорнийн их сургуулийн эрдэмтэд согтолт, шарталтаас хамгаалах эм бүтээж байна. Тэд 15-20 шил пивотой тэнцэх хэмжээний спиртийн төрлийн ундааг хулгануудад 2 цагийн дотор уулгаж туршсан байна. Ердийн нөхцөлд хулганууд согтож, хөдөлгөөн нь эрс удаашран эцэстээ "тас үсэрч" байсан бол согтолтоос хамгаалах шинэ төрлийн бэлдмэлийг уулгасан хулгана бараг согтоогүйгээр барахгүй 15 минутын дотор эрүүлжиж байжээ.

Хулганы бие спиртийн төрлийн ундаанд хүний биетэй төстэй байдлаар хариу үйлдэл үзүүлдэг байна. Мөн шинэ бэлдмэл хулганы "уух хүсэл"-ийг дарж байгаа нь ажиглагджээ. Өөрөөр хэлбэл согтууруулах ундаанд донтогчдын эмчилгээний зорилгоор ашиглагдах магадлалтай гэсэн үг юм. DHM (dihydromyricetin) хэмээн нэрлэгдэх уг бэлдмэлийг 659 оноос эртний хятадад шар тайлах зорилгоор хэрэглэгдэж байсан эмийн ургамлуудын нэг болох Hovenia Dulcis модноос гаргаж авчээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар уг бэлдмэл нь тархины мэдрэлийн системийг согтолтын нөлөөнд орохоос хамгаалдаг байна. Одоогоор хэрэглэгдэж буй согтолтоос хамгаалах бусад эмүүд адил төрлийн нөлөө үзүүлдэг боловч ядарч сульдах, толгой эргэхээс авахуулаад хий юм харах зэргээр тархины хэвийн ажиллагааг алдагдуулах сөрөг нөлөөтэй байдаг байна.

Neuroscience сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн судлаач Jing Liang DHM бэлдмэлийг уусан хүн согтох шартахаас найдвартай хамгаалагдана гэжээ. Одоогоор уг бэлдмэлийн хүнд тохирох хувилбарыг бүтээхээр ажиллаж байна. Дашрамд хэлэхэд ихэнх хүмүүс согтууруулах ундааг согтох, шартах зорилгоор л хэрэглэдэг. Зориуд эмээр даруулж согтолт, шарталтгүйгээр цэнгэх дээрээ тулах юм бол анхнаасаа (ихэнх тохиолдолд) уухын хэрэг юу болох билээ.


эх сурвалж; mailonline

Гамшгийн бүс нутагт "ирээдүйн ферм" байгуулна

Япон улсын Хөдөө аж ахуйн яам гамшигт нэрвэгдсэн бүс нутагт газар тариалангийн "ирээдүйн ферм"-ийг байгуулахаар төлөвлөж байна. Уг фермийн автомат жолоодлогот тракторууд хортон шавьжтай тэмцэх хэрэгслүүдийг LED гэрлээр орлуулсан талбайд ажиллаж, цагаан будаа, улаан буудай, буурцгийн шош, жимс, хүнсний ногоо тариалан, ургацыг роботоор хурааж авах юм. 250 га хүртэлх хэмжээний тариалангийн талбайд ажиллах машин техникүүдээс ялгарсан нүүрстөрөгчийн давхар ислийг тариалангийн ургацыг нэмэгдүүлэх, химийн бордооны хэрэглээг багасгах зорилгоор дахин ашиглана хэмээн Никкей сонинд бичжээ.

"Мөрөөдлийн төсөл" хэмээн нэрлэгдэх уг төслөөр шаардлагатай эрдэс бодисууд бүхий усан орчинд хөрс шороогүйгээр тариалан эрхлэх технологийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ технологи нь тус блогт мэдээлж байсан ирээдүйн хүнсний үйлдвэрлэлийн технологи (акуапоник)-той адил төстэй байх бололтой. Хөдөө аж ахуйн яамны мэргэжилтний мэдэгдсэнээр газар дээр нь хэрэгжүүлэх судалгаа шинжилгээний ажилд ирэх 6 жилийн хугацаанд 1 тэрбум иен (52 сая доллар) зарцуулахаар төлөвлөжээ.

Токиогоос хойд зүгт 300 км-т байрлах Мияаги мужийн тариалангийн бүс нутаг 3 сарын 11-ний гамшгийн үед далайн усаар бүрхэгдэж 24 мянган га хэмжээтэй талбайн үржил шимт хөрс давс болон агуулахад хадгалагдаж байсан нефтийн бүтээгдэхүүнээр бохирдсоноос тариалалт эрхлэх боломжгүй болсон юм. Үүнээс гадна Фүкүшимагийн АЦС-ын ослоор тархаж агаар, далайн ус, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд шингэсэн цацраг идэвхт бодис тухайн орон нутагт үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд нөлөөлсөн хэмээн олон нийтийн эргэлзээг төрүүлж байна.

АЦС-ын осол болон хөрсний бохирдол нь татварын хөнгөлөлтийн гэрээнд нэгдэхээр төлөвлөж байгаа америк, номхон далайн орнуудтай хийгдэх хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөөнд саад тотгор болж байгаа юм. Төсөлд Panasonic, Fujitsu, Hitachi, Sharp, NEC, Ajinomoto зэрэг өндөр технологийн компаниуд хамтран оролцож байгаа бөгөөд хувийн секторын хөрөнгө оруулалтыг тооцвол төслийн нийт өртөг 10 тэрбум иенд хүрэх юм.

Уг төсөл гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн хөдөө ах ахуй эрхлэгчдэд туслахаас гадна үндэсний хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна. Мөн төсөл хэрэгжих хугацаанд хөрсөнд агуулагдах давсны хэмжээ багасч дахин тариалалт эрхлэх боломжтой хэмжээнд хүрнэ гэдэгт орон нутгийн хөдөө аж ахуй эрхлэгчид найдаж байна.


эх сурвалж; physorg