Эмнэлэгт тохиолдох нууцлаг үзэгдлийн учир

25 настай, сувилагч эмэгтэй А-д эмнэлгийн подвалаас донорын цус авахын тулд цогцос хадгалах өрөөний хажуугаар өнгөрөх нь тийм ч тааламжтай зүйл биш байв. Ялангуяа энэ удаагийнх шиг шөнө дунд, бүдэг гэрэлтэй урт хонгилыг туулна гэхээс жихүүдэс төрнө. А алхаагаа хурдасган цогцос хадгалах өрөөний хажуугаар хурдхан өнгөрхийг хичээсэн боловч учир битүүлэг чимээ сонсогджээ. Яг л талийгаачийн хойдхыг даатгах мэт нэгэн хэвээр үргэлжлэн унших маанийн дуунд цочирдсон тэрээр нэг ч хүнгүй подвалын хонгилоор гүйн оджээ.

24 настай, сувилагч эмэгтэй Б шөнө дунд хийсэн яаралтай мэс заслын дараа багагүй ядарч, сувилагчдын өрөө лүү ганцаараа явж байхдаа өвчтний цахилгаан тэргэнцэр замд нь байгааг олж харжээ. Тэргэнцрийг байх ёстой газар нь хүргэе хэмээн дөхөж очихдоо өмнөх өдөр нь нас барсан өвчтөн хэрэглэж байсан болхыг анзаарахын хамт алхаа нь өөрийн эрхгүй удааширсан байна. Гэтэл хоосон тэргэнцэр түүнийг чиглэн гэнэт ухасхийн хөдлөв. Яг л талийгаач өвчтөн амьд ахуйнх шигээ тэргэнцэрт суун жолоодох мэт түүнд санагджээ.

Тархинд нь цус харваж, эрчимт эмчилгээний тасагт ирсэн өвчтөн шөнийн 2 цагт нас баржээ. 23 настай сувилагч эмэгтэй В эмчилгээний дараах багаж хэрэгслийг хурааж, цэвэрлэгээ хийхээр хөрч амжаагүй цогцостой хоёулхнаа байв. Гэнэт хэн нэгний гар мөрөнд нь хүрэхийг мэдэрч, эргэж харсан боловч дөнгөж саяхан нас барсан талийгаачийн цогцосноос өөр хэн ч үгүй байв. Мэдрэгчийг нь салгаж амжаагүй байгаа хэмжих багажийн заалт тэгийг зааж өвчтний зүрх бүрэн зогссон байгааг илтгэнэ. В ажлаа үргэлжүүлэх гэсэн боловч энэ удаад хэн нэгэн бүхий л нуруугаар нь дарахыг мэдэрч, мэс заслын өрөөнөөс сандран гүйж гарсан байна.

Эдгээр нь эмч, эмнэлгийн ажилтнуудад бодит байдалд тохиолдсон гэгдэх нууцлаг үзэгдлийн жишээ юм. Эмнэлэг бол амьдрал үхлийн хоорондох тэмцэл өдөр бүр өрнөж байдаг газар билээ. Магадгүй хүмүүсийн олонхи нь энэ л газар хойд насаа угтах тавилантай гэхэд хилсдэхгүй. Иймэрхүү тохиолдлуудыг нас барсан өвчтний сүнс ямар нэг байдлаар хүмүүстэй холбоо тогтоохыг оролдож байна хэмээх ойлгох нь элбэг. Үнэхээр сүнс гэж байгаад биднээр даажигнаж байна уу, эсвэл иймэрхүү үзэгдлийн учрыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах боломжтой юу. Эрдэмтэн судлаачид ч гар хумхин суусангүй, асуултын хариуг эрцгээж байна. Япон улсын Токушима хотын 1-р эмнэлгийн дарга асан, сэтгэц судлаач эмч Нобушигэ Кори тус улсын 197 эмнэлэг, эмнэлгийн байгуулагыг хамарсан судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнд нууцлаг үзэгдлийн гэрч болсон 5183 тохиолдлын тухай мэдээллийг цуглуулжээ.

Нийт тохиолдлын 61.5 хувь нь сувилагч нарт тохиолдсон бол хамгийн их анхаарал татсан үзэгдэл нь дуу чимээтэй холбоотой байв. Дуу чимээтэй холбоотой тохиолдуудыг судлаж үзэхэд шөнийн цаг, цогцос хадгалах өрөөний ойролцоо, хонгил гэсэн нийтлэг нөхцөл байдал дийлэнхэд нь хамаарч байв. Үүнд тулгуурлан судлаачид нууцлаг үзэгдлийн учрыг тайлхыг оролдож, янз бүрийн дуу чимээг бичиж авах өндөр мэдрэмж бүхий төхөөрөмжүүдийг суурилуулж туршсан байна. Туршилтын явцад төхөөрөмжид бичигдсэн чимээ маанийн дуутай төстэй гэмээр сонсогдож байв. Цогцос түр хадгалах өрөө, моорг, задлангийн өрөө зэргэлдээ байх нь ихэнх эмнэлгүүдэд нийтлэг байдаг. Эдгээрт байрлах хөргөгчүүд цогцосыг муутгахгүйн тулд 4 хэмийн температурыг тогтмол барихаар тохируулагдсан байдаг байна.

Туршилтын үед хөргөгчийн компрессорын шуугиан хана нэвтлэн бичигч төхөөрөмжид бичигдсэн байв. Судлаачид компрессорын чимээ, маанийн дуутай адил сонсогдох эсэх талаар мэргэжлийн байгууллагад хандаж, бичлэгт шинжилгээ хийлгэжээ. Эдгээр нь хэдийгээр адилхан нам давтамжийн долгион үүсгэж, давтамж нь бараг өөрчлөгдөхгүй байв. Гэхдээ компрессорын шуугианы давтамж 0.4 сек, маань унших чимээ 0.9 секунд учир хүний чихэнд адилхан сонсогдох учиргүй ажээ. Судлаачид бичигч төхөөрөмжийг хонгилд байрлуулан туршиж үзтэл компрессорын шуугиан хонгилын хананд ойж, цуурайтах үед долгионы урт маанийн дуутай бараг адил болж байв.

Энэ нөхцлийг тухайн тохиолдлын гэрч болсон сувилагчийн сэтгэлзүйн байдалтай хамтатган үзвэл цогцос хадгалах өрөөний орчмоос сонсогдсон компрессорын шуугиан маанийн дуу мэт сонсогдох бүрэн боломжтой байв. Япон улсын эмнэлгийн барилгын өндрийг стандартаар тодорхой хэмжээнд хязгаарладаг ажээ. Иймд томоохон эмнэлгүүд илүү олон тооны ор байрлуулахын тулд таазыг намсгаж, давхрын тоог нэмэгдүүлэхийг зорьдог. Үүний үр дүнд ихэнх эмнэлгийн тааз ердийн барилгатай харьцуулахад 40 см орчим намхан байдаг байна. Мөн сүүлийн үеийн эмнэлгүүдэд гадна орчны дуу чимээг тусгаарлахын тулд ханыг 2 давхар хийцээс бүрдүүлэх болжээ. Эдгээрээс гадна эмнэлгийн барилгын голлох материал төмөр бетон хийц нь эмнэлэг доторхи дуу чимээг илүү их цууриатахад хүргэдэг байна.

Дуу чимээтэй холбоотой ч зөвхөн эмнэлэг гэлтгүйгээр бусад нөхцөлд өргөн тохиолддог нэгэн жишээ бий. Хонгилоор алхах үед араас хэн нэгэн дагах мэт хөлийн чимээ сонсоогүй хүн үгүй байх. Дагаж байгаа эсэхийг мэдхээр түр зогсох үед адилхан зогсоно. Эргэн харахад хэн ч байхгүй боловч дахиад алхах үед араас мөн л даган алхана. Олон хүнийг жихүүцүүлдэг энэ үзэгдлийн жинхэнэ эзэн нь цуурай юм. Агаар дахь дууны хурд 340 м/с байдаг. Хэрэв хонгилын уртыг 25 м хэмээн тооцвол таны хөлийн чимээ хонгилийн үзүүрт ойн, буцаж ирэхдээ 0.1-0.2 секунд хугацаа зарцуулж араас чинь дагаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болно.

25 настай, сувилагч эмэгтэй Г шөнө дунд хонгилоор алхаж байхдаа хэн нэгний шаналан ёолох дуу хоолойг сонссон байна. Ийм чимээ өвчтөнүүд хэвтэн эмчлүүлэх тасгууд байрлаж буй 4-р давхарт сонсогдсон бол хэвийн үзэгдэл. Гэхдээ энэ удаад шөнийн цагт, хэн ч байх ёсгүй үзлэгийн өрөөнүүд байрлах 2-р давхарт байхад нь сонсогджээ. Ёолох чимээ ямар нэгэн зүйлд гомдоллон, аврал эрэх мэт үргэлжлэн, тэр ч байтугай яг хажуухнаас нь сонсогдож байв. Энэ тохиолдолд хамгийн түрүүнд дэвшүүлж болох таамаглал бол 4 давхарт хэвтэж буй өвчтнүүдийн хурхирах, өвдөлтийн үед яраглах гэх мэтийн чимээ 2 давхар хүртэл ямар нэгэн замаар сонсогдож болох магадлал юм. Мэргэжилтнүүдэд хандахад үнэхээр дуу чимээ агааржуулалтын хоолойг дамжин өөр давхарт сонсогдох үзэгдэл (cross talk)-ийн үр дүн гэдгийг нотложээ. Жишээнд дурдсан сувилагчийн дуу чимээ сонссон нөхцлийг үүсгэн туршилт хийж үзэхэд 4 давахрт үүсгэсэн чимээ агааржуулалтын хоолойг дамжин 2 давхарт бүрэн сонсогдож байв. Ийнхүү дуу чимээтэй холбоотой нууцлаг үзэгдлийн учрыг бүрэн тайлбарлав.

35 настай, сувилагч эмэгтэй Д шөнийн цагаар сувилагчдын өрөөнд компьютер дээр ажиллаж байтал гэв гэнэт хажуугийн өрөөнөөс хөгжим дуугарах сонсогджээ. Айж гайхсаар очиж үзвэл хоосон өрөөнд байх орнуудын нэгнийх нь дэргэд СД тоглуулагч ажиллаж байв. Энэ тухай сүүлд орж ирсэн өөр нэгэн сувилагчид хэлвэл тоглуулагч өмнөх өдөр нь нас барсан нэгэн өвчтнийх байсныг мэджээ. 20 настай, сувилагч эмэгтэй Е шөнө дунд гэнэт дуугарсан "сувилагч дуудах дохиолол"-ын дагуу өвчтний өрөөнд очтол хэн ч байсангүй. Гайхалтай нь хэн нэгэн тусламж хүсэх мэт хоосон өрөөнөөс ирэх дохиолол нэг удаагаар дууссангүй, шөнийн цагт хааяа хааяа сонсогдох болсон байна. Хэдийгээр тухай үед хоосон байсан ч амь нас нь дээсэн дөрөөн дээр байх хүнд өвчтнүүдийг сувилагчдын өрөөний ойролцоо байрлуулах нь элбэг байдаг, тэднээс цөөнгүй нь бурхны оронд оддог байна.

Цахилгаан тэргэнцэр, дуудлагын дохиолол, СД тоглуулагч мэтийн тохиолдлуудад ажиглагдах нийтлэг нөхцөл нь цахилгаанаар ажиллах төхөөрөмжүүд байв. Сувилагчдын өрөөнд зүрхний бичлэг хийгч, даралт хэмжигч, хиймэл амьсгалын гэх мэтийн янз бүрийн цахилгаан төхөөрөмжүүдийг байрлуулдаг. Мөн өрөөний хананд гар утас хэрэглэхийг хориглосон тухай анхааруулга хадсан байв. Цахилгаан төхөөрөмжтэй хамааралтай тохиолдлуудын тухай цахилгаан харилцаа холбооны чиглэлийн их сургуулийн мэргэжлийн профессороос тодруулахад цахилгаан соронзон долгионы нөлөөнөөс үүдэлтэй байж болохыг үгүйсгээгүй байна.

Гар утас зэрэг төхөөрөмжүүд ийм долгион ялгаруулж эмнэлгийн нарийн мэдрэгч багажуудад сөргөөр нөлөөлөх, ажиллагаагүй болгох магадлалтай байдаг. Өдрийн гэрэл 3 мГ (миллигаусс), айркондишнер 6 мГ, зурагт 8 мГ долгион тус тус ялгаруулдаг байна. Нөгөө талаас эмнэлгийн цахилгаан багаж хэрэгслүүд ч цахилгаан соронзон долгионы үүсгүүр болдог. Хэмжилт хийж үзэхэд зүрхний бичлэгийн аппарат 6 мГ, хиймэл амьсгалын аппарат 8 мГ, цус сэлбэх төхөөрөмж 6 мГ гэх мэтчилэн төхөөрөмж тус бүр долгион ялагруулж байв. Судлаачид цахилгаан төхөөрөмжийн аюулгүй байдлын судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагатай хамтран хэд хэдэн туршилт хийж үзжээ. Битүү тусгаарлагдсан өрөөнд байрлах цахилгаан тэргэнцэрт янз бүрийн давтамж бүхий цахилгаан соронзон долгион илгээж туршихад давтамжийн тодорхой утгын үед тэргэнцэр ухас ухасхийн хөдлөв. Мөн СД тоглуулагч ч ажиллаж, эдгээр нь тохирсон давтамжийн долгион илгээгдэх тохиолдолд маш сул хүч бүхий долгионы нөхцөлд ч ажиллах боломжтой нь нотлогдов.

Эхэнд дурдсан судалгаанаас үзвэл ямар нэгэн зүйл биед нь хүрэхийг мэдэрсэн тохиолдол хамгийн өндөр буюу 47.6 хувийг эзлэж байв. 23 настай, сувилагч эмэгтэй Ё-д хүнд өвчтөнг сэхээн амьдруулах тасагт хүргэн, эмчилгээнд бэлтгэж байх үед хэн нэгэн нуруугаар нь тэврэх мэт мэдрэмж төрсөн байна. Гэхдээ энэ мэдрэмж түүнд танил бөгөөд тэргэнцэрт суулгахын тулд хагас үүрч, орноос нь босгодог байсан ахмад насны өвчтөнг санагдуулжээ. Харин тэр өвчтөн тухайн өдрийн өглөө нь нас барсан байв. 32 настай, сувилагч эмэгтэй Ж рентгений өрөөнд орох үед хэн нэгэн хүзүүн дээр нь маш хүчтэй дархыг мэдэрчээ. Тухайн үед хөдөлж ч чадахгүй болсон байсан сувилагч Ж сүүлд нь рентгений өрөөнд орохоосоо айдаг болсон байна.

Эдгээр тохиолдлууд цахилгаан хэрэгсэлтэй адил эмнэлгийн багаж төхөөрөмжүүд суурилагдсан нөхцөлд ихэвчлэн хамаарч байв. Иймд судлаачид цахилгаан соронзон долгионы нөлөө хэмээн таамаглаж, туршилт хийжээ. Туршилтад оролцогч хүнийг тусгаарлагдсан өрөөнд байрлуулан зүрхний бичлэгийн ажиллаж буй аппаратыг аажим ойртуулсан байна. Энэ үед термограф ашиглан оролцогчийн биеийн температурыг, мөн булчингийн цахилгаанжилтыг хэмжиж, цахилгаан соронзон долгион хэрхэн нөлөөлж байгааг ажиглажээ. Туршилтаар долгионы давтамжийн тодорхой утгад, долгион үйлчилж буй булчин хүчтэй агшиж байгааг тогтоосон байна.  

Хүний биеийн эсүүд нэмэх цэнэг бүхий протон хасах цэнэг бүхий электроноос (атомоос) бүрддэг. Тэгвэл цахилгаан соронзон долгион нэмэх болон хасах цэнэгийн шинж чанарыг агуулдаг. Долгионы нэмэх цэнэгийн нөлөөнд орох үед хүний биеийн электронүүд түүнд татагдан шилжиж, булчингийн хэсэгт халалт ажиглагдана. Харин хасах цэнэгийн нөлөөнд орох үед электронүүд түлхэгдэж, булчинд агшилт өгнө. Эдгээрийн үр дүнд хэн нэгний гар хүрэх, дарах мэт мэдрэмж төрдөг байна. Үүнээс гадна хүний биеийн био хэмнэл тодорхой нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Шөнийн болон ээлжийн ажилтай хүмүүсийн бие температурын өөрчлөлтийн горимоо тогтвортой барьж чаддаггүй байна. Өдрийн ажилтай хүн унтах үед буюу оройн 11 цагаас өглөөний 7 цагийн хооронд биеийнх нь хэм нэмэгддэг.

Тэгвэл шөнө ажилладаг хүмүүс сэрүүн байлаа ч адил цагын хүрээнд биеийнх нь хэм харьцангуй өндөр байдаг. Ийм нөхцөлд биеийн хэм өдөр ажилладаг хүмүүсээс 0.7 градусаар илүү болж, зүрхний цохилт, цусны даралт тус тус нэмэгддэг байна. Өөрөөр хэлбэл симпатик мэдрэлийн систем идэвхтэй ажиллаж, долгионы нөлөөнд илүү өртөмтгий болгодог байна. Нөгөө талаас цусны урсгал саарч, хэсэгчилсэн байдлаар мөр, нурууны булчин хөшилт (агшилт)-ийн байдалд ордог байна. Энэ нь хүний гар хүрэх, нуруу, хүзүүн дээр нь дарахтай адил мэдрэмж үүсгэдэг ажээ. Дашрамд дурдахад эмнэлгийн багаж төхөөрөмжүүдэд долгион тусгаарлах материалыг бүрхүүл болгон ашиглах болсон сүүлийн үед ийм төрлийн нууцлаг үзэгдлийн тохиолдлын тоо эрс буурсан байна.

Гэхдээ нууц нь хараахан тайлагдаагүй үзэгдлүүд бас бий. Хонгилд гарч ирсэн цагаан өмсгөлт хүн сувилагчийг харангуут зогтуссанаа огцом эргэж, хана нэвтлэн уусан алга болсон, хэвтрийн өвчтний ширээний гэрэл асаалттай байгааг хараад хөшгийг нээх үед өмнөх өдөр нь нас барсан өвчтөн дэргэд нь сууж байсан, зөөвөрлөж явсан цогцос цахилгаан шатан дотор гэнэт хөдөлсөн гэх мэтийн тохиолдлуудын учрыг одоохондоо шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадаагүй байна.


эх сурвалж, Nippon TV

Агуу хувиралтын түүх 1; Далайн бүрэн ууршилт

Эх дэлхий маань 4.6 тэрбум жилийн өмнө үүссэн цагаасаа эхлэн агуу хувиралт өөрчлөлтүүдийг даван туулсаар ирсэн цуцашгүй тэмцэгч гариг билээ. 4 тэрбум жилийн өмнө солирын мөргөлдөөнөөс үүдэн далай бүрэн ууршиж байсан бол 2,2 тэрбум, мөн 600 сая жилийн өмнө дэлхий бүхэлдээ цас мөсөөр хучигдан хөлдөлтийн байдалд орж байв. 250 сая жилийн өмнө газрын гүнээс их хэмжээний магмыг үлээн гаргасан аварга дэлбэрэлтүүд болж амьд амьтадын 90%-ийг устан үгүй болоход хүргэжээ. Эдгээр агуу хувиралт өөрчлөлтүүд амьдралыг олон удаа мөхлийн ирмэгт хүргэж байсан юм. Гэвч нөгөө талаас бид бүхэн өнөөгийн төрхөө олсон явдал олон удаагийн агуу хувиралтыг даван туулах явцад хувьсан өөрчлөгдсөний үр дүн юм. Микроорганизм байсан бидний өвөг дээдэс олон эст амьтан болон хувирах явц их мөстлөгийн үеэс эхэлсэн бол аварга дэлбэрэлтүүдийн үеэс үр удмаа бие дотроо (умайд) өсгөх болсон гэдэг. Энэхүү урт удаан цаг хугацаа, орон зайг хамарсан тэмцлийн түүх дэлхий үүссэн мөчөөс эхлэлтэй билээ.

4.6 тэрбум жилийн өмнө дэлхийн гадарга бараг бүхэлдээ улаан өнгөөр туяарах далайн усаар бүрхэгдэж байв. Учир нь зузаан үүлэн давхарга нарны гэрлийн улаанаас бусад өнгийг нэвтрүүлж чадахгүй байсан юм. Мөн тэр үеийн дэлхий одоогийнхоос 10 дахин жижиг байв. Одоогийн наранд хамгийн ойрхон 4 гаригийн тойрог зам орчимд 20 гаруй жижиг гариг эргэлдэж байсан гэдэг. Эдгээр жижиг гаригуудаас өнөөгийн дэлхий хэрхэн үүссэнийг супер компьютерт тулгуурлан хийсэн япон эрдэмтэдийн судалгаагаар тодорхойлсон байна. 20 жижиг гариг 10 сая жилийн турш нэг нэгэндээ хал балгүйгээр нарыг тойрон эргэлдэж байв. Гэвч дараахан нь хоорондын таталцлын хүчнээс үүдэн тойрог замаа өөрчилж, мөргөлдөж эхлэнэ. Мөргөлдсөн жижиг гаригууд усны дусал мэт хайлан өмнөхөөс 2 дахин том гаригийг үүсгэнэ. Мөргөлдөлтийн тоо олон байх тусам гариг улам томорно. Буд гариг 1-2 жижиг гаригийн мөргөлдөөнөөс үүссэн бол Сугар гариг 8 орчим удаагийн мөргөлдөөний үр дүнд бий болжээ. Харин Ангараг нэг ч удаагийн мөргөлдөөнд оролцоогүй анхдагч жижиг гаригуудын нэгт тооцогдож байна.


Тэгвэл дэлхий 10 орчим удаагийн мөргөлдөлтийн гэрч болж, өнөөгийн хэмжээнд хүрчээ. Дэлхийн эхний үеийн мөргөлдөлтүүдээс үүлэн давхарга нь нимгэрч, зай завсраар нь далайн ус үзэгдэх болов. Харин хамгийн сүүлчийн мөргөлдөөн онцгой үйл явдал байв. Мөргөлдөөний улмаас хайлсан чулуулаг сансарт тархана. Чулуулгийн ихэнх хэсэг дэлхийн татах хүчний нөлөөгөөр солир болон буцаж унав. Мөргөлдөлтийн төв дэлхийн төвөөс зөрсөн учир чулуулгийн зарим хэсэг хэтэрхий холд шидэгдсэн байна. Хэрэв тухайн үед дэлхийн гадаргаас тэнгэр лүү ширтвэл Санчирын бүслүүр мэт тэнгэрт тархсан чулуулгуудыг харж болно. Эдгээр үлдэгдэл чулуулгууд хоорондоо татагдан нэгдсээр сарыг үүсгэжээ. Ийнхүү сар хэмээх дагуул бүхий дэлхий хэмээх гариг үүсэн бий болов. Дэлхийн хэмжээ бага гаригуудын мөргөлдөөний үр дүнд санамсаргүй байдлаар шийдэгдсэн хэмээн эрдэмтэд үзэж байна. Дэлхий санамсаргүйгээр том хэмжээтэй болсон явдал нь биднийг үүсэн бий болгох маш чухал бөгөөд санамсаргүй нөхцлүүдийн нэг юм. Чухамхүү энэ хэмжээ амьдрал үүсч, өдийг хүртэлх урт удаан хугацаанд оршин тогтноход хүргэжээ. Үүний нотлогоог хөрш Ангарагаас харж болно. Ангараг гариг далайтай байсан нь сүүлийн үеийн судалгаагаар тодорхой болоод байна. Хэдийгээр нарнаас алслагдсан зайн хувьд амьдрал үүсэх бүрэн боломжтой боловч өнөөдөр ус ч далай ч үгүй болжээ. Татах хүчний хэмжээ бага учир агаар мандал, далайг тогтоон барьж чадаагүй байна. Хэрэв дэлхий одоогийнхоос жижиг хэмжээтэй байсан бол Ангарагийн хувь тавиланг давтахаас өөр аргагүй болно. Том хэмжээтэй дэлхий өөрийн татах хүчээр далайг урт удаан хугацаанд тогтоон барьж байгаагийн ачаар далайн усанд амьдрал үүсч, оршин тогтнож байгаа билээ.

Нийт газар нутгийн 80 хувь нь цас, мөсөөр хучигдсан Грийнланд бол дэлхийн түүхэндэх хамгийн эртний чулуулгийг хадгалж үлдсэн бүс нутаг юм. Данийн эрдэмтэн Миник Росинг тэндээс хамгийн эртний амьдралын ул мөрийг илрүүлсэн юм. 1 м ч хүрэхгүй жижиг чулууны 30 см хэмжээтэй бараантан харагдах хэсгийг энгийн нүдээр хараад амьтны үлдэгдэл гэхээр зүйлийг олж харж чадахгүй. Гэвч чулууг электрон микроскопоор томруулан харсан эрдэмтэд нүүрстөрөгчийн бараан цэгүүдийг илрүүлсэн байна. Эдгээр цэгүүд 3.8 тэрбум жилийн өмнөх амьд биетийн үлдэгдэл гэдгийг шинжилгээгээр тогтоожээ. Одоогоор олдоод буй хамгийн эртнийд тооцогдох энэхүү амьт биетийн хэмжээ мм-г 100 хуваасны нэгтэй тэнцэж, өнөөгийн бактеритэй адил бичил биетэн байсныг илтгэнэ. 3.8 тэрбум жилийн өмнө Грийланд орчим хэдэн 100 м гүн бүхий далайн ёроол байсан бөгөөд эртний амьд биетүүд далайн уснаас нүүстөрөгчийг агуулах тэжээлийн бодисыг шингээн авч, бие махбодоо бүрдүүлж байжээ. Эрдэмтэд дэлхийн анхны амьдрал 4.3-аас 4 тэрбум орчим жилийн өмнө далайн усанд үүссэн гэж үздэг. Харин энэхүү эртний амьдралд заналхийлсэн хамгийн анхны аюул сансраас ирсэн солир байсан юм.


АНУ-ын Аризона мужид 20 мянган жилийн өмнө унасан солирын тогоо бий. 1.2 км диаметр бүхий энэхүү тогоог солироос үүдэлтэй гэдгийг 19-р зууны сүүл үеийн уул уурхайн бизнесмэн Даниэл Баллингэр 100 гаруй жилийн өмнө тогтоожээ. Ийм том хэмжээний тогоо үүсгэсэн солир мөн адил том хэмжээтэй, төмөр, никелийн арвин агууламжтай байна хэмээн найдсан тэрээр тогоог худалдан авч хэдэн арван мянган долларын өртөг бүхий малтлага хийсэн байна. Өнөөгийн ханшаар тэрбум гаруй долларын зардал гаргаж, 25 жил ухсан боловч Баллингэр солирын тогооноос юу ч олж чадсангүй. Харин уг солирын хэмжээ дөнгөж 10 м байсан тухай эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдсэний дараахан малтлагаа зогсоосон тэрээр зүрхний өвчнөөр нас баржээ. 10 м хэмжээтэй солирын мөргөлдөөнөөс 100 дахин том хэмжээтэй тогоо үүссэн байв. Тэгвэл үүнтэй харьцуулахад 10 мянга дахин том, жингийн хувьд тэрбум дахин том солирууд 4 тэрбум жилийн өмнө дэлхийг мөргөж байв. Бага гаригуудын мөргөлдөөн дөнгөж дуусаад байсан тэр үед гариг үүсгэхэд оролцоогүй чулуулгууд дэлхийн тойрог замын ойролцоо олон тоогоор эргэлдэж, ийнхүү аварга солир болон унаж байжээ. Нөгөө талаас дэлхий том хэмжээтэй болсныхоо хэрээр солируудыг урин дуудах болов.


Стэнфордын их сургуулийн Норман Слип, НАСА-гийн Кевин Занл нар дэлхийд хэдий хэр том солирууд унаж байсныг судлаж байна. Гэвч дэлхийн гадаргын тектоникийн хөдөлгөөний нөлөөгөөр эрт үеийн солирын тогоонууд арилж алга болсон байдаг. Харин тэдний анхаарлаа хандуулсан саранд ийм хөдөлгөөн үгүй учир эртний солирын тогоонууд хадгалагдаж үлджээ. Эрдэмтэд саран дээрх тогоонуудаас үүдэн илүү том хэмжээтэй, илүү их гадаргатай дэлхийд 25 дахин олон солир унаж байсныг тогтоосон байсан. Судалгаагаар дэлхийд 200 км-ээс дээш хэмжээний солир 10 - 20 ширхэг, 300 км-ээс дээш хэмжээний солир 3 - 11, хамгийн том буюу 400 км-ээс том хэмжээний солир 8 ш хүртэл тус тус дэлхийг мөргөж байжээ. Эрдэмтэд 400 км хэмжээтэй аварга солирын мөргөлдөөн дэлхийд ямархуу үр дагавар үлдээхийг компьютерийн симуляцийн тусламжтайгаар судлаж үзжээ. Үр дүнг ойлгомжтой байлгах үүднээс солир өнөөгийн дэлхийд, номхон далайн төв хэсэгт унана хэмээн тооцоолсон байна. Солирын унах хурд цагт 75000 км байна. Гэхдээ аварга том хэмжээтэй учир агаарт хөвөн орж ирэх мэт харагдана. Мөргөлдөлтийн үед 10 км-ийн өндөр цунами үүснэ. 1 км хүртэлх хэмжээтэй чулуулгууд хэдэн мянган метр өндөрт хүрч, агаар мандлыг нэвтлэн сансарт цацагдах боловч удалгүй солирын бороо болон буцаж ирнэ. Солирын тогооны амны хэсэг 7000 м өндөртэй уул нурууг үүсгэнэ. Тогооны диаметр 4000 км хүрч, Гуамын арлаас хятадын эх газар хүртэл үргэлжилнэ. Гэхдээ энэ бүхэн гамшгийн зөвхөн эхлэлээс хэтрэхгүй.

Мөргөлдөлтийн үед солирын хөдөлгөөний энерги дулааны энергид хувирна. Энэхүү дулаан нарны гадаргатай адил целсийн 4000 - 6000 хэмийн халууныг үүсгэж, их хэмжээний уснаас гадна далайн ёроолын чулуулгийг ч ууршуулна. Хэрэв мөргөлдөх мөчийг сансраас ажиглавал тогоон дотор бөмбөлөг мэт шаргалтан тэлэх чулуулгийн ууршилтыг харж болно. 100 тэрбум мегатонн дэлбэрэлтийн хүч ууршсан чулуулгыг агаарт тархаана. Энэ уур 3 цагийн дараа Гималайн нуруунд хүрнэ. 4000 хэм бүхий хайлсан чулуулгийн салхи 300 км/с хурдаар довтолгох үед уулын мөнх цас хайлж ч амжилгүйгээр ууршина. Чийгшлээ огцом алдсан экватор орчмын ширэнгэ ой галан далай болон хувирна. Чулуулгийн уур дэлхийг бүрхэж, далайг буцалган улмаар ууршихад хүргэнэ. Далайн ус ууршиж дуусахад тунаж үлдэх давсны давхарга ч мөн адил ууршина. Тэр ч байтугай далайн ёроолын ил гарсан чулуулаг хайлан галт уулын лав мэт урсана. Мөргөлдөлтөөс хойш 1 сарын дараа дэлхийд дусал ч ус үлдэхгүй бол хайлсан чулуулгийн уур дэлхийг бүтэн жилийн турш бүрхэнэ. 400 км хэмжээтэй аварга солирын мөргөлдөөн амьдралыг ор мөргүй устгах чадалтай аймшигт үзэгдэл ажээ. Аварга солирын мөргөлдөөн, далайн бүрэн ууршилт тохиох бүрт амьдрал устаж, дараа нь дахин шинээр үүсч байсан хэмээн эрдэмтэд үзэж байв. Гэвч сүүлийн үеийн судалгааны үр дүнд амьдрал далайн бүрэн ууршилтыг ч тэсэн гарч байсан нь тодорхой болсон юм.


Америкийн Нью-Жэрси мужийн давсан нуур 250 сая жилийн өмнө багахан далайн ёроол байжээ. Тектоникийн хөдөлгөөний нөлөөгөөр хуурай газарт шилжсэн энэ газарт одоо цацраг идэвхт бодис бүхий хаягдлыг булшилж байна. Цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийн явцад ашигласан хамгаалалтын хувцас, бээлий зэрэг цацрагт хордсон зүйлсийг газрын гүнд булах байгууламж далай уурших үед үүссэн 1000 м зузаан бүхий давсны давхаргын дунд байрлаж байна. Энэхүү давхаргын давсны бүтэц бага багаар тэлэх шинж чанартай учир хэдэн зуун жилийн дотор цацраг идэвхт хаягдал бүрэн түгжигдэнэ. Давсны энэ шинж чанар эрт үеийн бичил биетнүүдийг хадгалж үлдэх нөхцөл болсон байж магадгүй хэмээн Вест Чэстэр их сургуулийн бичил биетэн судлаач Рассэл Вриланд таамаглажээ. Тэрээр давсны давхаргын янз бүрийн хэсгээс 250 сая жилийн өмнөх далайн ёроолын давсны дээжийг цуглуулан шинжилгээ хийж, давс талстжих үед дотор нь түгжигдэн үлдсэн далайн усны хэсгүүд, тэдгээрийн дотроос бүрэн хэлбэрээ хадгалан үлдсэн бичил биетнүүдийг илрүүлжээ. Түүгээр ч зогсохгүй 4 сарын турш тэжээлийн уусмалд байлгасан бичил биетнүүд хуваагдан 250 сая жилийн дараа "дахин төрөх"-ийг гэрчилж, эрдэмтдийг цочирдуулав. Давсан талст доторхи бичил биетнүүд амьд ч бус, үхсэн ч бус, хоол тэжээл шаардалгүйгээр, илүүдэл бодис ч ялгаруулалгүйгээр зүгээр л "нойрсоцгоож", амьдрахад тохиромжтой орчин дахин бүрэлдэхийг тэвчээртэй хүлээцгээж байжээ. Янз бүрийн орчинд дасч, хүнд хэцүү нөхцлийг тэсч үлдэх тэр л хүч амьдралын үндсэн шинж чанар байж магад хэмээн Вриланд үзэж байна.


Гэхдээ 4 тэрбум жилийн өмнөх далайн бүрэн ууршилт илүү хүнд нөхцөл байсныг мартаж болохгүй. Хэт өндөр халуунд далайн давс ч бас ууршсан. Гэтэл амьд биетийг бүрдүүлэгч уураг 100 хэмийг тэсэн гарч чадахгүй учир ийм нөхцөлд хэрхэн амьд үлдэж чадах билээ. Гэвч эрдэмтэд гайхалтай нээлт хийж, бичил биетнүүд газрын гүн дэх давсны давхаргаас ч илүү гүнд оршин байгааг илрүүлжээ. Газрын гүний температурын тархалтыг авч үзвэл лавын давхаргын орчимд хэт халуун, дээшлэх буюу гүн багасах тусам температур буурдаг. Давсны давхаргаас дооших хэсэгт 50-аас бага хэмийн давхарга бий. Далайн бүрэн ууршилтын үед далайн ёроолын температур 2000 хэмд хүрч, тэр нь бага багаар газрын гүнд тархана. Чулуулгийн давхаргууд дах температурын тархалтын симуляци хийж үзэхэд тархалтын хурд жилд 1 хэм буюу маш бага хурдтай байв. Гэвч гайхалтай нь дулаан дамжих зузаан маш хязгаарлагдмал, аварга солирын мөргөлдөөнөөс хойш 10000 жил өнгөрсөн ч 50 хэмээс бага температур бүхий давхарга үгүй болох байдал ажиглагдаагүй байна. Хэрэв газрын гадаргаас 1000 м гүнд бичил биетнүүд оршин байсан бол тэнд солирын мөргөлдөлтийн дулаан хүрч чадахгүй. Харин ийм гүнд амь биет оршин байж чадах уу гэдэг асуултын хариу өмнөд африкаас аль хэдийн олдоод байна. Өмнөд Африк улс жилд 400 тонн алт олзворлож, 500 тэрбум долларын ашиг олж байна. Хүний дуусашгүй хүслийг гүйцэлдүүлэхээр ухсан уурхайн 3000 м хүртэлх гүнд бичил биетэн хайх судалгааны төсөл үргэлжилж байна. Метан хий хананаас нь ялгарч зарим хэсэгт дэлбэрэлт үүсэх аюул бүхий нөхцөлд ч амьд биетүүд оршин байв. Чулуулгийн ханаар гүний усны урсгал дагуу цагаан тууз мэт наалдсан бичил биетний бөөгнөрлүүд олноор одлжээ. Тэр ч байтугай газрын гадарга дээр байдаггүй ч хүчилтөрөгчийн амьсгал үүсгэхэд харгалзах зэрэг газрын гүнд огтоос шаардлагагүй генийг агуулах төрөл зүйлүүд илэрсэн нь тэдгээрийг эрт цаг үед газрын гадаргад амьдарч байсныг илчилнэ. Эрдэмтэд өмнө нь газрын гүнд 60 см-ээс доош амьд биет байхгүй гэж үзэж байсан бол одоо 3000 м гүнээс ч олдож байна. Газрын гүн үнэн чанартаа амьдралын асар том агуулах байв. Хэрэв бид илүү гүнд хүрч чадвал тэнд ч бас амьд биетийг олж харна гэдэгтэй маргахын аргагүй юм.


Солирын мөргөлдөөнөөс хойш 1 жилийн дараа чулуулгийн уур арилж, агаарын хэм бага багаар буурч эхлэнэ. Ууршсан далайн ус 1000 жилийн дараа бороо болон газарт бууна. Жилд орох тунадасны хэмжээ 3000 мм буюу одоогийн халуун орны бүс нутгийнхтай ойролцоо байна. Борооны ус өмнө нь далайн байсан хэсэг лүү урсана. Бороо 2000 жилийн турш үргэлжлэн орж далайн ус өмнөх хэмжээндээ хүрнэ. Газрын гүнд шунгасан бичил биетнүүд 3000 жилийн дараа далайн усанд эргэн ирж, шинэ адал явдал хайцгаана. Ийнхүү нүдэнд үл үзэгдэх бидний өвөг дээдэс 4 тэрбум жил үргэлжилж биднийг хүрэх амьдралын хүрдийг дахин эргүүлж эхэлжээ. Хүн төрөлхтөн адал явдал хайгчдийн үр удам билээ. 200 мянган жилийн өмнө африкт үүссэн хомосапиэнс, 50 мянган жилийн өмнө африкаас гарч ази тив, улмаар Берингийн хоолойг давж, өмнөд африкийн урд хэсэгт 10 мянган жилийн өмнө хүрчээ. 3000 жилийн өмнө номхон далайн арлуудыг зорьж, азиас хэдэн мянган км алслах арлуудад гар хийцийн завиар хүрч очив. 1000 жилийн өмнө Хавай, Ийстер арал, Шинэ Зеланд хүрч, номхон далайд бүрэн тархав. Хэдхэн 10 мянган жилийн дотор хүн төрөлхтөн дэлхийн бараг бүхий л эх газарт хүрчээ. Олон удаагийн далайн бүрэн ууршилтыг даван туулсан бичил биетний удам хүн төрөлхтний дунд, та бидний бие махбодь дотор амьдарсаар байгаад эргэлзэх зүйл үгүй билээ.

үргэлжилнэ ...

Стап эс эргэлзээ дагуулав

Шинжлэх ухаанд тэрсэлсэн нээлт хэмээгдэж байсан Стап эсийн судалгаа, түүнийг тойрсон үйл явдлууд эргэлзээ дагуулхын хамт Япон улсын шинжлэх ухааны салбарыг ихээхэн хөдөлгөөнд оруулаад байна. Судлаач Обоката Харукогийн эрдэм шинжилгээний өгүүлэл Начур сэтгүүлд нийтлэгдсний дараахнаас түүнд орсон зургууд хуурамч байж магадгүй тухай мэдээлэл интернетэд гарч эхлэв. Мөн туршилтаар Стап эс үүссэнийг нотлох үндсэн зураг нь зохиогчийн докторын диссертацид орсон чөмөгний үүдэл эсийн зурагтай адилхан, өөр нэгэн зурагт эвлүүлэг орсон байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолсон бол, Стап эсийн өгүүллийн хамтран зохиогчдийн нэг ч энэ талаар мэдэгдэл хийж, өгүүллийг эргүүлэн татах (хүчингүйд тооцох) ёстой хэмээв.



Улмаар Рикен судалгааны төвөөс шинжээчийн комис томилогдон, өгүүллийн үнэн эсэхийг шалган тодруулах арга хэмжээ авсны эцэст зургуудийг зохиомжилсон хэмээн дүгнэв. Комисс өгүүллийн зөвхөн хуурамч эсэхийг тогтоож, Рикен төвийн шинэчлэлийн хороонд илтгэх үүрэгтэй бөгөөд Стап эсийг үнэхээр үүсгэсэн эсэхийг шалгах туршилтыг нэг жил орчим хугацаанд хийж байж тодруулхаар тухайн үед төлөвлөж байсан юм. Мөн гуравдагч этгээдүүдийн давтан хийсэн туршилтаар Стар эсийг үүсгэсэн тохиолдол нэг ч удаа гараагүй тухай мэдээллүүд гарах болов. Харин судлаач Обоката "эхний зураг хэдэн жилийн өмнө хийсэн Стап эсийн туршилтын үр дүн илтгэх зураг мөн, өөрөө андууран хуучин туршилтын зураг ашигласнаа анзаарч шинэ зургийг нэмэлт өгөгдөл болгон илгээсэн, зургийн эвлүүлгийг үр дүнг ойлгомжтой болгох үүднээс хийсэн" хэмээн хэвлэлийн бага хурлын үеээр мэдэгдэв.


Үүний хамт "шинжээчийн комиссийн хийсэн шалгалт учир дутагдалтай байсан, хэдхэн удаагийн асуултад хариулт авах төдийгөөр өндөрлөсөн" гэж, "өөрөө Стап эсийг 200 гаруй удаагийн туршилтаар амжилттай үүсгэсэн" гэв. Мөн судалгааны хамтрагчдийн нэг бие даасан туршилтаар Стап эсийг үүсгэсэн гэсэн боловч нэрийг нь зарлахаас татгалзсан юм. Эдгээр үйл явдлаас үүдэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шинжлэх ухааны салбар, эрдэмтэдэд итгэх итгэлийн талаар хөндөж, энэ бүхэн зөвхөн нэг хүний, нэг л судалгааны асуудал бус, бүхэл бүтэн судалгааны төвийн хариуцлага яригдах ёстой талаар нийтлэх болсон юм. Үнэн чанартаа иймэрхүү томоохон хэмжээний эрдэм шинжилгээний өгүүлэл олон давхар хяналтыг давж, судалгааны байгууллагын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж байж нийтлэгддэг бөгөөд Начурт нийтлэгдсэн Стап эсийн тухай хос өгүүллийн хамтран зохиогч нийт 14 хүн байсан, уг эсийн тухай пантент авах хүсэлтийг Рикен төв өмнөх онд гаргаж байсан байна.

Стап эсийн нэг ч удаагийн туршилт хийж үзээгүй судлаачид, тэдний дотор Токио их сургуулийн нэр бүхий зарим эрдэмтэн уг эсийг үгүйсгэсэн мэдэгдэл хийсэн нь судалгааны байгууллагуудын хооронд явагддаг их хэмжээний хөрөнгө мөнгөний өрсөлдөөнийг илчилж, шинжлэх ухааны салбарт лугшсан алдаа дутагдлын хариуцлагыг нэгэн залуу эрдэмтэнд тохоож, золиослох гэж байна гэсэн сэжиг ч төрөх болсон юм. Гэтэл шинжээчийн комиссын ахлагчийн 2007 онд хэвлүүлсэн хөхний хорт хавдрын тухай эрдэм шинжилгээний өгүүлэлд зураг эвлүүлсэн байгаа нь илэрч даарин дээр давс нэмэв. "Судалгааны өгүүлэлд зураг эвлүүлэх явдал эрдэмтэн хүний ёс зүйд нийцэхгүй бүдүүлэг алдаа" хэмээн Обокатаг буруутгаж байсан комисийн ахлагч Иший "үр дүнг тодотгох зорилгоор эвлүүлсэн" гэж Обокатагийн адил тайлбар хэлээд ахлагчийн албан тушаалаас огцров. Асуудал үүгээр ч зогссонгүй, шинжээчийн комиссийн мэргэжлийн 4 гишүүний 3-ынх нь өмнө хэвлүүлж байсан өгүүлэлд алдаатай байж магадгүй тухай мэдээлэл гарах болов.

Улмаар өгүүллийн алдаа хайх хөдөлгөөн өрнөсөн гэхэд хилсдэхгүй бөгөөд Ай Пи Эс эсийн судалгаагаар нобелийн шагнал хүртсэн Яманакагийн 10 жилийн өмнөх өгүүлэл алдаатай байх тухай мэдээлэл гарсан боловч үндэслэлгүй нь нотлогдсон юм. Гэхдээ профессор Яманакагийн хувьд өөрийн 10 жилийн өмнө хийсэн судалгааны туршилтын тэмдэглэлүүдийг нэг бүрчлэн хадгалж байгаа боловч, хамтран судалгаа хийсэн эрдэмтдийн тэмдэглэлүүдийг өөртөө авч үлдээгүй нь эрдэмтэн хүний ёс зүйд нийцэхгүй байгаа тухай хоолой зангируулан мэдэгдэж, уучлалт гуйв. Дундаж хэмжээний судалгааны туршилтийн тэмдэгдлэл хамгийн багадаа сард 1 бүтэн дэвтэр болох ёстой атал Обокатагийн хувьд хэдэн жилийн туршид хийж буй Стап эсийн туршилтын тэмдэглэл 2-хон дэвтэрт багтаж байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Мөн тэмдэглэлийг тогтвортой хөтлөөгүй, ойлгомжгүй замбараагүй байгаа нь нотлох баримт болж чадахгүй гэж үзэхэд хүргэж байна.


Тэгвэл Начурт нийтлэгдсэн 2 өгүүллийн нэгийг буцаан татах тухай Обоката нарын 3 зохиогч санал нэгдсэн тухай энэ сарын эхээр мэдээлэв. Обоката үндсэн өгүүлэлд Стап эсийн тухай голлох нотлогоо байгаа хэмээж байсан боловч 7 хоногийн дараа 2 дахь өгүүллээ буцаан татахаар болсон байна. Шинжээчийн комиссийн дүгнэлтийг хүлээн авсан Рикен төвийн Шинэчлэлийн хороо өнгөрөгч 7 хоногт хэвлэлийн бага хурал зарлан, туршилтын тэмдэглэл, үр дүнгийн хөтлөлтийг хангалтгүй хийж байсан Обокатагийн хатуу шийтгэнэ гэв. Обоката 7 хоногтой хулганы эсээс үүсгэсэн гэх Стап эсийг шалгаж үзэхэд хромсомын гажиг илэрсэн байна. Үнэн чанартаа ийм гажиг бүхий хулгана төрөх байтугай ургийн шатандаа үхэх ёстой учир амьд хулганаас Стап эс үүсгэсэн гэх тайлбартай зөрчилдөж байгааг харгалзаж үзжээ. Мөн Обокатаг хууль бусаар ажилд авч, судалгааны алдаатай үйлдэл хийхэд хүргэсэн Дэвшилтэд билогийн төвийг татан буулгах буюу өөрчлөн зохион байгуулах ёстой гэв.

Сэтгүүлчид ч эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллагууд ард түмний татварын мөнгийг хэрхэн үр ашигтай зарцуулж байгааг хөндөж, 30 орчим сая доллараар үнэлэгдэх Дэвшилтэд билогийн төвийн  жилийн төсөв, Обокатад зориулан байгуулсан лабораторын зардал 100 мянган долларын зарцуулалт, түүний төвийн тэргүүний хамт 11 сарын хугацаанд хийсээн 55 удаагийн томилолтын зардлыг ч ухаж төнхөж байна.
Ийнхүү Стап эс оршин байгаа гэсэн итгэл үгүй болж, хэдхэн сарын өмнө од болон гялалзаж байсан Обокатагийн хувьд судлаачийн амьдрал нь төгсгөл болсон гэхэд хилсдэхгүй байдалд ороод байна. Энгийн хүмүүст аль хэдийн "худалч хүүхэн"-ээр дуудагдаж, нетэд элдвээр хэлэгдэх болсон түүний хувьд цорын ганц аврал Стап эс гээч үнэхээр байж болно гэдгийг гуравдагч этгээд туршилтаар нотлох эсэхийг харах л үлдэж байна.


эх сурвалж; NHK

Нисэх онгоцны ослын түүх; Юу Эс Айрвэйс 1549

2009 оны 1-р сарын 15, Хөлөглөж буй нисэх онгоцных нь хөдөлгүүр шатаж байхыг харсан зорчигчдод үхлээс өөр зам үлдээгүй мэт санагдаж байв. Удалгүй ослын буулт хийсэн нисэх онгоц усанд хөвж буй дүрсийг мэдээллийн хэрэгслүүдээр түгээжээ. Иймэрхүү томоохон осол ихэвчлэн муу мэдээ дагуулдаг боловч энэ удаад нисэх багийн гишүүд, зорчигчид нийлсэн 155 хүнээс нэг ч хүний амь нас эрсдээгүй байв. "Хадсон голын гайхамшиг" хэмээн нэрлэгдсэн энэ буулт нисэх багийн даргын жолоодлогын ур чадвар, нөхцөл байдлыг нарийн мэдэрч гаргасан оновчтой шийдвэрийн үр дүн байсан юм. Гэвч усан дээр амжилттай буусан нисэх онгоцны зорчигчдыг шинэ аюул хүлээж байв.

Ослын буултаас 4 хоногийн өмнө Норт Каролина мужийн Шарлот нисэх буудалд багийн дарга, 58 настай Чесли Саленбергер 4 хоног үргэлжлэх дараалсан нислэг хийхээр туслах нисгэгч Жефри Скайлстай уулзжээ. Саленбергер нь Юу Эс Айрвеиз компанид 30 дахь жилдээ ажиллаж буй ахмад туршлагтай нисгэгч юм. Скайлсийн 23 жилийн туршлага түүнээс нэг их дутахааргүй боловч Айрбас онгоцны жолоодлого хийсэн хугацаа харьцангуй бага байсан тул туслах нисгэгчээр сонгогджээ. 2 нисгэгч нэг компанид олон жил ажиллаж байгаа ч нэг баг болон ажиллаж буй анхны тохиолдол нь энэ юм. Мөн 3 үйлчлэгч бүгд 50 орчим настай, олон жилийн ажлын туршлагатай хүмүүс байв.

Эхний нислэг америкийн баруун эргийн Сан Франциско хотоос зүүн хойд нутгийн Питсбург хүрэх холын зайн аялал байв. Харин аялалын сүүлийн өдрүүдэд Нью-Иорк, Питсбург орчимд 3 удаагийн хоёр талын аялал хийхээр төлөвлөжээ. Төлөвлөсөн нислэгүүдийг амжилттай гүйцэтгэсэн багийн гишүүд сүүлийн өдөр Нью-Иоркийн Лагарди нисэх буудлаас Даглас олон улсын нисэх буудлыг чиглэн хөөрхөд бэлэн болоод байв. Лагарди нисэх буудлын ойролцоо далайн шувууд нисэх хөдөлгөөнд ихээхэн саад учруулдаг тул тодорхой давтамтайгаар өргөн хэмжээний үргээлгэ хийдэг. Гэвч энэ өдрийн тэнгэр аюулгүй мэт нам тайван байв.

2 цаг үргэлжлэх нислэгт бизнесменүүд, аялагчид голлож байв. Өмнөх 3 өдрийн нислэгийн үеэр хангалттай туршлага хуримтлуулсан тул сүүлчийн нислэгийг туслах нисгэгч гардан гүйцэтгэхээр болжээ. Эйрбас 320 онгоц төлөвлөсөн цагаас 20 минут гаруй хоцорч, үдээс хойш 3 цаг 26 минутад агаарт хөөрөв. Гэвч онгоц хөөрснөөс хойш минут хагасын дараа 1000м өндөрт гарч, 450 км/ц хурд авах үед шувуун сүрэг зөрөн өнгөрөхийн хамт дэлбэрэлтийн чимээ сонсогдож, их бие хүчтэй дайвалзсан байна. Энэ нь онгоц шувуутай мөргөлдсөний илрэл байв. Мөргөлдөөний дараахан зорчигчдын танхимд түлэнхий үнэртэж, хөдөлгүүрийн чимээ бүдгэрсээр зогсчээ. Мөн баруун талын хөдөлгүүрээс гал гарахыг харсан зорчигчид сандралдаж эхэлсэн байна.

Нисэх онгоц шувуутай мөргөлдөх тохиолдол цөөнгүй гардаг, тэдгээрээс хөдөлгүүрийн сэнсийг гэмтээх тохиолдол хамгийн томд тооцогддог боловч нислэгт тэр болгон аюул учруулдаггүй. Харин энэ удаагийн хөдөлгүүрийн гэмтэл ноцтой байв. 60 см урттай, 6 кг жинтэй, том овортойд тооцогдох канад нугас сэнсийг нэвт цохиж, түлш шатах хэсэгт оржээ. Үүний улмаас түлшний шаталт тогтворгүйжиж, хөдөлгүүр зогсоход хүрсэн байна. 2 нисгэгч өмнө нь цөөнгүй удаа шувуутай мөргөлдөж байсан боловч хөдөлгүүр зогссон энэ удаагийн тохиолдол анхных байв. Үнэндээ онгоцны нэг хөдөлгүүр ажиллагаагүй болсон ч нөгөө хөдөлгүүрээр газардах хүртлээ аюулгүй нисэх боломжтой байдаг. Нисгэгч нар ч ийм нөхцөл байдалд тохирсон сургуулилтыг тогтмол хийдэг.

Гэвч энэ удаад хоёр хөдөлгүүрт хоёуланд нь шувуу сорогдсон байв. Удалгүй зүүн талын хөдөлгүүрийн хүч багассаар бүрэн зогсчээ. Бүх хөдөлгүүр нь ажиллагаагүй болсон 70 тонн жинтэй онгоц планери нислэгийн горимд орж, өндрөө алдаж эхэлсэн учир ослын буулт хийхээс өөр аргагүй болов. Жолоодлогыг гартаа авсан багийн дарга хөлгийг бага зэрэг тонгойлгожээ. Энэ нь онгоц хамгийн бага хурдаа хадгалхад туслана. Туслах нисгэгч зааврын дагуу ажилласан боловч хөдөлгүүр дахин ассангүй. Иймд нислэгийн төвтэй холбогдож, буцаж газардах тухай мэдэгджээ. Энэ үед багийн даргын дуу хоолой хэдийгээр маш тайван сонсогдож байсан боловч нислэгийн дугаарыг 1539 хэмээн андуурч хэлсэн нь сэтгэлзүйн ямархуу хүнд нөхцөлд байсныг илтгэнэ.


370 км/ц хурдлах онгоц секунд тутамд 5 м доошлож байв. Энэ янзаараа бол 3-4 минутын дотор л газарт хүрнэ. Мөн буцаж газардахын тулд онгоцыг эргүүлэх шаардлагатай бөгөөд 11 км зайтай Лагардид газардах ямар ч боломжгүй байв. Нислэгийн төвөөс нислэгийн чиглэлийн зүүн талд 10 км зайд орших Тийтерборо нисэх буудалд газардахыг зөвлөжээ. Гэвч тэнд хүрч чадна гэсэн баталгаа байхгүй учир хүн амын нягтаршлаар дэлхийд хамгийн өндөрт тооцогдох хотод унах эрсдэлтэй. Багийн дарга олон хүний амь насаар дэнчин тавьсан шийдвэр гаргах шаардлагатай тулж, ослын буулт хийх боломжтой, хангалттай урт өргөн бүхий хурдны зам зэрэг газрыг нүдээрээ эрж хайжээ. Түүний нүдэнд туссан газар нь Хадсон гол байв.  

Хадсон голын өргөн 1 км гаруй, ослын буулт хийхэд хангалттай зай боловч гүүрүүд, усан онгоцны хөдөлгөөн саад болно. Гэвч эргэлзэж суух цаг хугацаа байхгүй байв. Нислэгийн хяналтын төвийхөн ч багийн даргын гэнэтийн шийдвэрт гайхаж, дахин давтан асуужээ. Нисэх онгоцыг усны мандалд буулгахын тулд хөлгийн түвшинг 10 хэмд хадгалж, хурдыг аажим багасган сүүл хэсгээр эхлэн усанд газардах ёстой. Хэрэв өнцөг хэт их бол цохилтын нөлөөгөөр онгоц гэмтэж, хуваагдах магадлалтай. Харин хэт бага бол онгоц шууд живэхэд хүрнэ. Мөн аль нэг далавч түрүүлэн усанд хүрвэл онгоц тэнцвэрээ алдаж эвдэрнэ. 1996 онд Этиопийн иргэний агаарын тээврийн нисэх онгоц барьцаалагдаж, энэтхэгийн тэнгисд буух үедээ зүүн далавчаараа усанд шүргэж онхолдсон осол гарч байв. Тухайн үед уг онгоцны багийн гишүүд зорчигчид нийлсэн 175 хүнээс 125 нь амь үрэгдсэн аймшигт осол болжээ. 

Салхи зүсэхээс өөр чимээ аниргүй, нам гүм онгоц нөхцөл байдал туйлын түгшүүртэй байгааг илтгэнэ. Онгоц доошилсоор усан дээр газардах дөхөх үед том гүүр хэтэрхий ойрхон байгааг багийн дарга анзаарчээ. Хамгийн өндөр цэгтээ 500 м-т хүрэх Жорж Вашингтон гүүр автомашины хөдөлгөөний томоохон урсгалыг хангахаас гадна олон хүн цуглах жуулчлалын обьект юм. Саленбергер онгоцны өндөр болон хурдыг тохируулах өчүүхэн боломжийг ашиглан гүүрний зүүн хэсгээр шүргэх шахам өнгөрөв. Юутай ч угтаж болох ослын хамгийн аймшигтай хувилбараас зайлсхийж чаджээ. Дараа нь усан онгоцны хоорондох чөлөө, аврах ажиллагаа явуулахад хялбар байрлалыг сонгох ёстой.


Нам өндөрт орсон онгоц хяналтын төвийн радараас алга болов. Иймд хаана газардсаныг мэдэх зорилгоор ойролцоо нислэг хийж буй онгоцнуудтай холбоо тогтоож, нэгэн жуулчлалын нисдэг тэргэнд ослын буулт хийж буй онгоцыг дагаж хянах үүрэг өгчээ. Нисдэг тэрэгний нисгэгч жуулчдыг сандралд оруулахгүйн тулд тэдэнд юу ч хэлсэнгүй. Онгоц 200 м өндөрт хүрэх үед зорчигчид ослын буулт хийх гэж байгааг анзаарчээ. Нисгэгчийн бүхээгнээс ямар ч захирамж аваагүй үйлчлэгчид ч болж буй үйл явдлын тухай мэдэхгүй байв. Үнэндээ нөхцөл байдлыг тайлбарлах хормын төдий ч зав нисгэгчдэд байгаагүй юм. Энэ үед цагдаагийн тусламжын утас хэтэрхий нам өндөрт нисч буй онгоцыг газраас ажигласан олон хүний дуудлагад дарагдаж байв.

Харин нисэх онгоцны зорчигчид сандралдаж, гэр бүл, найз нөхөддөө сүүлчийн илгээмжээ гар утаснаасаа илгээж байв. Айрбас 320 онгоцны далавчны агаарын эсэргүүцлийг саатуулагч (хэвтэ чиглүүлэгч) 4 түвшинд байрлах боломжтой бөгөөд усан дээр буулт хийх үед 3-р түвшинд шилжүүлэх тухай зааварт тусгасан байдаг. Гэвч энэ янзаараа хэт бага хурдтай газардвал цохилтын хүч хэтэрхий их байна гэж дүгнэсэн багийн дарга саатуулагчийн байрлалыг 2-р түвшинд тавьжээ. Онгоц 250 км/ц хурдаар усны мандалд буух үед хүчтэй доргилт үүсч, цахилгаан тасрав. Ослын буултын тухай юу ч сонсоогүй нисдэг тэрэгний зорчигч жуулчид томоохон хэмжээний сургуулилт, киноны зураг авалт мэтээр тааварлан ярилцацгааж байжээ. 

Энэ бүхэн хэдийгээр урт удаан санагдавч дөнгөж 5 минутад болсон үйл явдал юм. Харин онгоцны зорчигчид бүгд эсэн мэнд байв. Гэхдээ тэднийг амь өрссөн дараагийн ширүүн тэмцэл хүлээж байгаа. Доргилтоос үүдэн гэмтсэн онгоцны сүүл хэсгээс голын хүйтэн ус сад тавин орж, онгоцыг живүүлж эхэлжээ. Айрбас онгоцны ослын урд болон хойд хаалга онгойх үед аврах завь болгон ашиглах боломжтой гулсах шат хийлэгддэг. Гэвч сүүл хэсэг гэмтсэн учир хойд хаалгыг ашиглах боломжгүй байв. Нэгнээсээ түрүүлэн гарахыг хүсч, онгоцны голоор шахцалдсан хүмүүс живэх айдаст автаж эхэлжээ. Мөн зүүн урд хаалга онгойсон боловч гулсах шат гэмтлээс үүдэн дэлгэгдээгүй байна. Тэнд бөөгнөрсөн хүмүүсийн зарим нь араасаа шахагдан усанд унажээ. Харин дунд хэсгийн хаалгаар гарсан хүмүүс хоёр далавчин дээр гарч, аврагчдыг хүлээж байв.


Харин онгоцны дотор тал усанд хэтэрхий хурдан автаж байв. Энэ янзаараа бол 20 минутын дотор л бүрэн живнэ. Гарч амжаагүй хүмүүс зорчигчдын танхимын голд бөөгнөрч, зарим нь суудал дээгүүр дамжин гарахыг оролдож байв. Дэлгэгдсэн цорын ганц аврах завь хүнээр дүүрчээ. Далавчин дээр зогссон хүмүүсээс зарим нь голын хүйтэн усанд үсрэн орж, эрэг хүртэл сэлэхийг оролдсон байна. Өвлийн ид дунд үе, агаарын хэм -6, голын усны хэм -2.2. Ийм нөхцөлд хүн усан дотор 10 минутаас илүү хугацаагаар сэлж чадахгүй. Нисэх багийн гишүүд аврах хантааз цуглуулан зорчигчдод өгчээ. Багийн дарга онгоцны сүүл хэсэг рүү 2 ч удаа очиж, хүн үлдсэн эсэхийг өөрийн нүдээр шалгаад хамгийн сүүлд хөлгөөс гарсан байна.

Олсын буултаас хойш 4 минутын дараа эхний аврах завь иржээ. Гэхдээ голын ширүүн урсгал аврах ажиллагаанд саад болж байв. Цагдаагийн нисдэг тэрэгнээс усанд үсрэн орсон шумбагч живж буй онгоцон дотор орж, хүн үлдсэн эсэхийг сүүлчийн удаа шалгажээ. Хамгийн сүүлд багийн гишүүд аврах завинууд дээр гарснаар нисэх онгоцонд зорчиж явсан бүх хүн аврагдав. Харин ослын буулт хийснээс хойш 25 минутын дараа онгоц бараг бүрэн живжээ. Нисэх багийн дарга Саленбергер мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа "би өөрийн нислэгийн туршлагад тулгуурлан Хадсон голд бууж чадна гэсэн итгэлтэй байсан, гэхдээ энэ удаа хэт хүнд нөхцөл тохиолдсон учир амжилттай газардахын тулд өөрийгөө аль болох тайвшруулж, адреналинаа багасгахыг хичээсэн, мөн тэр орой бүх хүн аврагдсан тухай албан ёсны мэдээллийг сонсоод анх удаа гүнзгүүй амьсгаа авсан" гэжээ.


эх сурвалж, Nippon TV

Сүнс шингэх үзэгдлийн учир

Өсвөр насныхны дунд өргөн тархсан мэргэ төлгийн тоглоом буюу зугаацлын нэг хэлбэр нь сүнс дуудах юм. Сүнс дуудах үед цагаан толгойн үсгүүдийг бичсэн цаасан дээр зоосон мөнгө байрлуулж, оролцогчид түүн дээр долоовор хуруугаар дардаг. Хэрэв дуудсан сүнс ирсэн бол зоосон мөнгийг хөдөлгөх бөгөөд тодорхой үсгүүд дээр байрлах үед үүссэн үгсээр сүнс дуудагчдын хүссэн асуултын хариуг дуудсан сүнс өгч буй хэрэг хэмээн итгэдэг билээ. Сүнс дуудагчид ихэвчлэн нэр алдартай хүний сүнсийг дууддаг бол зарим оронд үнэг зэрэг амьтны сүнсийг дууддаг байна.

Нэгэн ахлах сургуулийн найз охид үнэгний сүнс дууджээ. Гэтэл А охин гэв гэнэт учиргүй уйлж, чичирч эхэлсэн байна. Найз охидын дуудсанаар яаран ирсэн ээж нь ойролцоо байсан зүйлсийг авч шидлэж, араатан мэт аашлах охиныхоо итгэмээргүй төрхийг олж харжээ. Ээжийн хамт гэртээ ирсэн охин өлсгөлөн амьтан мэт аяглан сүү нэхэж байв. Шилэн аяганд сүү хийж өгтөл унагаж асгаад яг л муур мэт долоож уужээ. Охины байдал орой болтол сайжирсангүй, хөргөгч онгойлгож хүнсий бүтээгдэхүүнийг түүхийгээр нь зулгаан идэж байв. Маргааш нь охиныг ангийн багшийн хамт сүнс зайлуулагч гэгдсэн хүнд дагуулан очиж, засал хийлгэсэн боловч ямар ч нөлөө үзүүлсэнгүй.

Хүчирхийлэлд өртсөн нэгэн эмэгтэй уулын мухарт орших нэгэн сүмийн хашаан дахь модноос боомилон үхсэн хэрэг 100 гаруй жилийн өмнө гарчээ. Гэвч удалгүй хүчирхийлэгч эрийн цогцос амиа хорлосон, бусдад хорлогдсон эсэх нь үл мэдэгдэх учир битүүлэг байдалтайгаар сүмийн ойролцоогоос олдсон байна. Тэр үеэс хойш эмэгтэйн сүнс модонд хоргодсон хэмээх цуу яриа тарсан байв. Тэр ч байтугай уг модны ойролцоо шөнө орой явах цагт эмэгтэй хүний гаслантайгаар инээх, уйлах дуу хоолойг сонссон хэмээн нотлох хүний тоо нэмэгдэх болжээ. Мөн модыг тайрахыг оролдсон хүн эмэгтэйн өширхсөн сүнсэнд хорлогдож нас бардаг хэмээх яриа хүч нэмэх болов.

Цуу яриаг үнэн эсэхийг шалгахаар шийдсэн 4 оюутан залуу шөнөөр сүмд иржээ. Анхнаасаа энд ирхээс татгалзаж байсан тэдний нэг эмэгтэй Б хэтэрхий их айдаст автсан тул сүмийн хаалганы гадна ганцаар үлдэв. Гэтэл хэсэг хугацааны дараа хэн нэгний гар мөрөн дээр нь хүрэхийг мэдэрч ухаан алдан унажээ. Энэ нь үнэндээ найзуудынх нь төлөвлөсөн шоглоом байв. Гэвч айлгахыг хүссэн найз нь ухаан орохдоо тэс өөр хүн болон хувирч, өөрсдийг нь айхад хүргэжээ. Босч зогссон Б "модыг битгий тайр, намайг битгий тайр" хэмээн өмнө нь сонсож байгаагүй хахир хоолойгоор хэлэв. Мөн ойртож ирсэн нэг найзаа багалзуурдан өргөж газраас хөндийрүүлсэн байна. Үнэндээ харьцангуй намхан нуруутай, хүч чадал багатай эмэгтэй Б 70 кг-аас илүү жинтэй эрэгтэйг иймэрхүү байдлаар хөнгөхөн өргөх ямар ч боломжгүй.

Сандарсан 2 найз гараас нь татаж, хориглох үед Б хэвийн байдалдаа орсон боловч дөнгөж сая хийсэн үйлдлээ огт санахгүй байв. Эдгээр нь бодит амьдралд тохиолдсон явдлуудын жишээ юм. Сүнс бусад хүний биед хоргодож, удирддаг хэмээх иймэрхүү үзэгдлийг "сүнс шингэх" гэнэ. Олонхи хүн үүнийг шашин, мухар сүсгийн хүрээнд сүнстэй холбож ойлгодог. Тэгвэл уг үзэгдлийг судлаач эрдэмтэд анагаахын шинжлэх ухааны үүднээс хэд хэдэн тайлбар хэлдэг. Эхнийх нь тархины гэмтлийн нөлөө юм. Хүний тархины чамархайн хэсэг (temporal lobe) ой дурсамжийг хадгалж байдаг тул тэр хэсэг гэмтсэнээр мэдээлэл боловсруулах чадвараа алдаж, хараа болон сонсголын хий үзэгдлийг мэдэрдэг.

Тухайлбал өөрийнх нь гар чөтгөрийнх мэт харагдах, бусдын захиран тушаасан дуу хоолой сонсогдох гэх мэт. Дараагийн тайлбар нь согтууруулах ундаа, мансууруулах бодисын нөлөө юм. Хүн архи, согтууруулах ундаа, хар тамхийг их хэмжээгээр хэрэглэх үед мөн адил хараа, сонсголын хий үзэгдлийг мэдэрнэ. Удаах тайлбар нь шизофрени өвчин юм. Энэ өвчний үед хүн хий үзэгдлүүдээр хүрээлэгдсэн мэт санагддаг. Эдгээр бүх нөхцөлд тухайн хүний хийж буй үйлдэл сүнс шингэсэн мэт харагддаг. Тэгвэл сүүлийнх нь "олон хүний зан чанарыг агуулах (dissociative identity disorder)" өвчин юм. Ийм өвчтэй хүний биед орших олон дүр төрхийн зарим нь этгээд үйлдэл, үг хэллэг хэрэглэх тохиолдол бий.

Биед нь үнэгний сүнс шингэж, харьцангуй удаан хугацаа өнгөрсөн ч гарахгүй байгаа А охиныг ээж нь нэгэн их сургуулийн эмнэлгийн мэдрэлийн эмчид үзүүлжээ. Эмч эхний ээлжинд таамаглаж болох дээрх 4 нөхцлийг шалгаж үзсэн байна. Компьютер томографийн шинжилгээгээр охины тархины чамархайн хэсэгт гэмтлийн улмаас үүсэх цус алдалтын шинж тэмдэг илэрсэнгүй. Мөн цусны шинжилгээгээр согтууруулах ундаа, мансууруулах бодисын ул мөр илрээгүй байна. 2 төрлийн өвчний сэжиг ч нотлогдсонгүй. Бодит байдалд сүнс шингэх үзэгдэл үүсгэж болох 5 дахь шалтгаан байв. Эмч А охины өвчинг тархины онцгой нөхцөл байдал буюу гипнозиос үүдэлтэй хэмээн оношилжээ. Мөн сүнс шингэхтэй төстэй үзэгдлийг гипнозийн нөлөөгөөр хялбар үүсгэх боломжтой юм.


Стэнфордын их сургуулийн профессор, гипнози судлалыг үндэслэгч Эрнэст Хилгардын тодорхойлсноор гипнозийн үед хүний биед 4 шинж тэмдэг илэрдэг байна. 1-рт, хүн өөрийгөө мэдрэх логик дүгнэлт хийх чадваргүй болдог. 2-рт, бусдын хэлсэн үг, тушаалыг амархан хүлээн авч даган биелүүлнэ. 3-рт, бусдын үгний дагуу ямар нэгэн зүйлд анхаарлаа хязгаарт нь хүртэл төвлөрүүлнэ. 4-рт, өнгөрсөн үеийн дурсамж сэргэх буюу маш тод дүрслэл болон харагдана. Энэ бүхний эцэст гипнозид орсон хүн хэвийн бус үйлдэл хийхэд хүрдэг байна. Гипнозийг тархины физиологийн үүднээс авч үзвэл сэрүүн байх, унтах хоёрын дунд буюу зүүрмэглэхтэй адил нөхцөл байдал юм. Ийм нөхцөлд хүн гаднаас ирэх цочролд өөрийн ухаангүй мэт хариу үйлдэл үзүүлдэг байна.

Гипнозийг дадлагажсан сэтгэлзүйчид хийдэг бөгөөд туршлагагүй хүний үйлдэл бие махбод, сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байдаг тул дууриан хийхгүй байхыг зөвлөж байна. Хүнийг гипнозид оруулах ажиллагаа тайвшруулхаас эхэлдэг. Үүний тулд суудалд тухтай суулган биеээ суллахыг зөвлөж, намуун хоолойгоор тоо тоолдог. Тайвширч, амралтын байдалд орсон хүний тархин дахь норадреналиний ялгарал багасна. Норадреналин нь аюулд өртөх үед бие махбодыг түгшүүрийн байдалд оруулж, улмаар тархины ажиллагааг идэвхжүүлэх, сонор сэрэмжийг сайжруулах, аюулыг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх үүрэгтэй бодис юм. Тайвширсан хүний тархин дахь норадреналин багасах боловч эсрэгээр серотониний ялгарал нэмэгдэнэ.

Серотонин нь ацетилацетонд, тэр нь нойрсолтыг дэмжих мелатонинд хувирдаг. Мелатонины нөлөөгөөр хүний бие нойрсолтын байдалд шилжинэ. Гипнозид оруулах ажиллагааны дараагийн шатанд хүний анхаарлыг хурууны үзүүр мэтийн ямар нэгэн зүйлд төвлөрүүлнэ. Улмаар "таны зовхи хүндэрч байна" хэмээн хэлэх үед зовхио буулгах зэргээр сэтгэлзүйчийн хэлсэн үгийг өөрийн мэдэлгүй биелүүлж эхэлдэг. Ердийн үед бид таван мэдрэхүйгээ ашиглах учир тухайн мэдрэхүйн эрхтнүүдээс тархинд төрөл бүрийн мэдээлэл ирдэг. Тэгвэл тайвширч, анхаарлаа ямар нэгэн зүйлд төвлөрүүлэх үед зөвхөн харааны мэдээлэл тархинд очиж, гипнозийн байдалд орно. Энэ үед тархины ажиллагаа сулрах боловч нойрсолтын байдалд бүрэн ордоггүй.

Гипнозийн үед тархины зулайн хэсгийн 46-р бүс (BA46)-ийн ажиллагаа хамгийн доод түвшиндээ хүрнэ. 46-р бүст нүд, чих зэрэг таван мэдрэхүйн мэдээлэл, болж өнгөрсөн үйл явдлын тухай ой дурсамж зэрэг, төрөл бүрийн мэдээлэл түр зуур хадгалагддаг. Эдгээр мэдээлэлд боловсруулалт хийгдсэний үр дүнд тухайлбал "гараа өргө, уруулаа хөдөлгө" хэмээх "тушаал" 46-р бүсээс хөдөлгөөн удирдах тархины хэсэг (motor cortex)-т хүрнэ. Эндээс гараа өргөх, уруулаа хөдөлгөх тушаал харгалзах эрхтнүүдийн булчинд дамжуулагдсанаар үйлдэл гүйцэтгэгдэнэ. Өөрөөр хэлбэл 46-р бүс нь хүний биеийн үйл хөдлөлийг удирдах хамгийн дээд түвшний удирдлагын хэсэг юм. Мөн 46-р бүст норадреналинийг мэдрэгч эдүүд их хэмжээгээр байрладаг.


Гипнозид оруулах ажиллагааны сүүлийн шат тушаал буюу заавар өгөх үйлдэл юм. Нойрсолтын өмнөх байдалд орсон хүн тухайлбал "таны зүүн гар дээш өргөгдөж байна" гэсэн үгийг өрийн мэдэлгүй даган биелүүлнэ. Таны урд цэцэгт тал байна гэвэл үл үзэгдэх цэцгийг түүж, үнэрлэх зэргээр гипнозид орсон хүний үйлдэл бусдын зааварчлага зөвлөгөөний дагуу, өөрийн бодолгүй хийгдэнэ. Ердийн нөхцөлд "таны гар өргөгдөж байна" гэсэн үгийг сонсох үед тархинд ямар процесс явагддагийг сонирхоё. Хүний сонссон үгсийг тархины сонсголын хэсэг (auditory cortex) хүлээн авч, хэл ярианы төв (language cortex)-өөр дамжуулан 46-р бүст хүргэнэ. Тэнд сонссон үгс орчны нөхцөл байдал, үг хэлж буй хүний тухай, өнгөрсний дурсамж, бодит байдлын мэдээллүүдэд нэгтгэсэн боловсруулалт хийгдсэний эцэст зааврыг дагах эсэх тухай шийдвэрээ гаргана. Хэрэв зааврыг дагая гэж шийдвэл гараа өргөнө, үгүй бол үйлдэл хийгдэхгүй.


Тэгвэл гипнозийн үед 46-р бүсийн ажиллагаа доод түвшиндээ хүрэх учир чихээр сонссон мэдээлэл түүнийг алгасч, хэл ярианы төвөөс хөдөлгөөн удирдах хэсэгт шууд тушаал болон хүрдэг байна. Үүний улмаас өөрийн мэдэлгүйгээр гараа өргөхөд хүрнэ. Бичлэгийн эхэнд дурдсан жишээнүүд гипнозитой тун адилхан нөхцөл байдалд үүссэн гэдгийг сэтгэл мэдрэлийн эмч, эрдэмтэд нотлож байна. А-ийн хувьд сүнс дуудах тоглоомын үед бие суллан сандалд сууж, зоосонд анхаарлаа төвлөрүүлсэн явдал нь гипнозид ороход хүргэжээ. Б-ийн хувьд ихээхэн айдаст автсан байсан учир тайвшрах бус эсрэгээрээ сандарч мэгдсэн байдалд орсон. Гэхдээ энэ нь гипнозид оруулах өөр нэгэн аргатай төстэй юм. Тархины 46-р бүсийн ажиллагааг доод түвшинд хүргэхийн тулд тайвшруулхаас гадна богино хугацаанд хэт их хэмжээний мэдээлэл өгч, сааталд оруулах боломжтой.

Үнэн чанартаа 46-р бүсийн мэдээлэл боловсруулах чадвар хязгаарлагдмал байдаг ажээ. Чадвараас давсан хэт их ачаалал авах үед сааталд орж, гипнозитой адил нөхцөл үүсгэдэг байна. Гипнозийн ийм хэлбэр цочролд орох үед элбэг тохиолддог. Тухайлбал унтаж байгаад гал түймэр гарахыг мэдэж, яаран зугтах үедээ дэр мэтийн онц хэрэггүй зүйлсийг авч гарах тохиолдол бий. Ердийн үед хүн галын аюулаас зугтахдаа түрийвч, бичиг баримт, үнэт эдлэлээ авахыг эрмэлздэг бол гипнозид орсон хүний тархины ажиллагаа суларч, зөв дүгнэлт гаргах чадвараа алдсанаар ойр зуур харагдсан зүйлсийг чухалд тооцож андуурдаг байна. А, Б хоёрын хувьд гипнозид орсон нь тодорхой боловч тэдэнд хэн нэгэн ямар нэгэн тушаал заавар өгөөгүй байхад юуны учир сүнс шингэсэн мэт үйлдэл хийх болов гэдэг нь сонирхол татна.

Шалтгааныг 46-р бүс ажиллагаагүй болсонтой холбогдон үүсэх "зан араншингийн шилжилт"-ээр тайлбарлаж болно. Ийм шилжилт "нэг хүний биед олон зан чанар орших эмгэг (dissociative identity disorder)"-ийн үед ажиглагддаг ч гипнозийн үед адил шинж тэмдгээр илрэх боломжтой. Ердийн нөхцөлд бидний зан араншинг тархины зулайн хэсгийн 9, 10-р бүс тодорхойлж байдаг. 9, 10-р бүсээс 46-р бүст ирсэн мэдээлэл хүн өөрийгөө мэдрэхэд тусладаг. Тэгвэл гимпнозид орж, 46-р бүсийн ажиллагаа саатсан тохиолдолд хүн 9, 10-р бүсийн мэдээлэл, бусад хүмүүсийн тухай болон ойн дурсамжийн мэдээллүүдийг ялгаж таних чадваргүй болно. Үүний улмаас бусдын эсвэл ой дурсамжид хадгалагдсан сүнсний төрхийг гипнозийн үеийн заавартай адил байдлаар хүлээн авч, зан араншинг өөрчлөхөд хүргэдэг.

А-ийн хувьд сүнс шингэвэл яах бол гэсэн айдаст автах үедээ гипнозид орж, өмнө нь уншиж, сонсож байсан сүнс шингэх үзэгдлийн тухай ой дурсамжид нь хадгалагдсан мэдээлэл сэргэсэн хэмээн тайлбарлаж болно. А-д эмчилгээ хийсэн сэтгэл мэдрэлийн эмч юуны өмнө хичээлээсээ түр чөлөө авахыг зөвлөжээ. Учир нь гипнозид орсон орчинд тухай үеийн айдас дахин сэргэж, сүнс шингэх үзэгдэл давтагдах хандлагатай байдаг байна. Мөн сэтгэл заслын эмчилгээ хийж, өнгөрсөн дурсамжуудыг нь сэргээн өөрийг нь байгаагаар нь ухамсарлуулснаар 1 сарын дараа бүрэн эдгэж хэвийн амьдралдаа эргэн оржээ.

Б-ийн хувьд сүнс шингэсэн үзэгдлийг адил хэлбэрээр тайлбарлаж болох боловч эрэгтэйг газраас хөндийрүүлэн өргөх хүч гаргасан явдал нь өөр учир шалтгаанаар тайлбарлагдана. 46-р бүсийн өөр нэгэн чухал үүрэг нь бие махбодын зарим боломжийг хязгаарлах явдал юм. Энэхүү хязгаарлалтын улмаас бид булчингийнхаа хүчийг 100% ашигладаггүй. Энэ нь боломжийн дээд хязгаарт тулсан ачаалал авч, яс хугарах, булчингийн ширхэгт тасрахаас сэргийлсэн физиологийн механизм юм. Насанд хүрсэн эмэгтэй хүний нэг гарын булчингийн хүч 50 кг ачааг хангалттай өргөх чадалтай гэгддэг. Гэхдээ 46-р бүсийн хязгаарлалтын нөлөөгөөр бодит байдалд 50%-иас илүү хүч гаргаж чаддаггүй байна. Харин гипнозийн үед хязгаарлалт алдагдсанаар булчингийн хүчийг дээд хэмжээгээр ашиглажээ.

Эрнэст Хилгардийн 1961 онд хийж, 510 хүнийг хамруулсан гипнозийн туршилтаар оролцогчдын 20% зан араншингийн шилжилт явагдах хэмжээний гүн хэлбэрийн гипнозид орж байжээ. Харин 5-10% нь гипнозид бараг орохгүй байсан бол үлдэх 70 % нь шийдвэр гаргах чадвараа алдах, бусдын тушаал зааврыг биелүүлэх зэргээр дунд түвшний гипнозид орж байв. Хэдийгээр нарийн учир нь тодорхойгүй байгаа боловч түргэн ууртай хүн гипнозид хялбар ордог байна. Мөн хүүхэд гипнозид амархан ордог, 10 насанд хамгийн гүн хэлбэр ажиглагддаг бол нас ахих тусам түвшин нь буурдаг байна. Ердийн хүмүүс ядарч сульдах, нойрны дутагдалд орох үед 46-р бүсийн ажиллагаа сулрах учир гипнозид амархан орох, улмаар сүнс шингэх үзэгдэл ажиглагдах магадлал өндөрсдөг байна.

Гипнози нь сүнс шингэх үзэгдлийн шалтгаан болхоос гадна сэтгэлзүй, сэтгэл заслын эмчилгээний зорилгод ашиглагддаг. Эмэгтэй В ажлаасаа оройтож тараад цахилгаан шатанд суужээ. Гэтэл цахилгаан шат гэнэт зогссон байна. Товчлууруудыг дарж, тусламж дуудан орилсон боловч хэн ч ирсэнгүй, айдаст автсан В ухаан алдан унажээ. Цахилгаан шатанд гэмтэл гарсан байгааг анзаарсан хамгаалагч түүнийг 5 цагийн дараа олж, гарган авчээ. Гэвч түүнээс хойш В цахилгаан шатанд суухаас айдаг болж, шөнө хар дарж зүүдлэн сэрдэг болсон байна. Тэр ч байтугай цахилгаан шатыг санагдуулам давчуу өрөөнд байж, адил үнэртэй галт тэргэнд сууж чадахаа больжээ. В-г үзсэн мэдрэлийн эмч цочролоос үүдэлтэй эмгэг хэмээн оношилжээ.

Хүний ой дурсамж мэдрэлийн эсүүдийн холбоос хэлбэрээр тархинд хадгалагддаг тухай бид дэжавугийн тухай өмнөх нийтлэлээс мэддэг болсон. Тэгвэл цочролын үед маш хүчтэй холбоос бий болдог байна. Энэ нь орчин, үнэр зэрэг төстэй нөхцөлд тухайн үеийн айдсын дурсамжийг хялбар сэргээхэд хүргэж, айдаст автуулдаг ажээ. Ердийн үед болж өнгөрсөн үйл явдлын тухай мэдээлэл хүний тархинд хоёр 7 хоногийн хугацаагаар түр хадгалагддаг. Энэ хугацаа өнгөрөх үед уг мэдээлэл шаардлагагүй гэж үзвэл мартагддаг. Харин эргэн санах шаардлагатай мэдээллүүд эсүүдийн холбоос үүсгэн ой дурсамж хэлбэрээр хадгалагдана. Дурсамжийг эргэн санах тусам холбоосоор олон удаа гүйдэл гүйж, эргээд холбоосыг өргөсөхөд хүргэнэ. Харин цочролын үед маш хүчтэй, өргөн холбоос үүсдэг нь бие махбодын хамгаалах механизмийн нэг юм.


Үүний үр дүнд өмнө учирч байсантай төстэй нөхцөлд орох үед норадреналин их хэмжээгээр ялгарч, айдсыг сэргээн, бие махбодын өөрийгөө хамгаалах боломжийг нэмэгдүүлдэг. В давтан хийсэн гипнозийн эмчилгээний үр дүнд хэвийн байдалдаа эргэн оржээ. Цочролоос үүдэлтэй өргөжсөн холбоосыг арилгах аргагүй. Харин гипнозийн эмчилгээний үр дүнд ой дурсамжийн шинэ холбоосыг хялбар үүсгэх боломжтой юм. В-ийн эмчилгээний үед гипнозид оруулж, "цахилгаан шат ямар ч аюулгүй, ослоос хамгаалах янз бүрийн төхөөрөмжөөр тоноглогдсон, галт тэрэгний үнэр хүүхэд байхдаа нуугдаж тоглодог байсан үйлдвэрийнхтэй адилхан" гэх мэтээр шинэ, тааламжтай дурсамжийн холбоос үүсгэжээ.

эх сурвалж, Nippon TV

Багц мэдээ 5; Биткойн, робот булчин, шинэ усан онгоц ...

Биткойн халдлагад өртөв үү
Биткойны арилжааны томоохон тоглогчдын нэг Токиод байрлах Эм Ти Гокс компани арилжаагаа тодорхойгүй шалтгаанаар зогсоосон байна. Тус компанийн гүйцэтгэх захирал "бид үйл ажиллагаагаа сэргээх бүхий л боломжийг эрэлхийлж байна" хэмээн мэдэгдсэн боловч харилцагчдын оруулсан хөрөнгийг буцаан олгох эсэх талаар дурдсангүй. Мэргэжилтнүүд тус компанийг кибер халдлагад өртөж, нийт 744000 биткойн буюу 330 сая долларыг хулгайд алдсан хэмээн таамаглаж байна. Мөн энэ сарын эхээр биткойны ханш 828.99 доллараас 135 доллар болж унахад ихээхэн хэмжээний алдагдал хүлээсэн юм. Нөхцөл байдлаас үүдэн Япон улсын санхүүгийн хяналтын байгууллагаас шалгалт хийж эхлээд байгаа боловч хөрөнгө оруулагчид, хувь хүмүүсийн хохирлыг барагдуулах эрхзүйн үндэслэл байхгүй байна. Энэ явдлаас үүдэн АНУ-ын холбооны прокурор биткойны арилжаанд шалгалт оруулах гэж байгаа тухай мэдэгдлээ.


Алсын удирдлагат усан онгоц бүтээнэ
Хүний шууд жолоодлогыг алсын удирдлагаар орлуулах хэрэгслүүд зөвхөн нисэх төхөөрөмжүүдээр хязгаарлагдахгүй бололтой. Ролс Ройс компани ачааны усан онгоцуудыг алсын удирдлагатай шууд бус жолоодлого бүхий хөлгүүдээр орлуулахаар төлөвлөжээ. Өнөөдөр 375 тэрбум долларын өртөг бүхий усан тээвэр дэлхийн худалдааны эргэлтийн 90%-ийг гүйцэтгэж байна. Тэгвэл хүний шууд бус жолоодлого бүхий шинэ усан онгоцууд илүү хямд, аюулгүй, орчны бохирдол багатай байх ажээ. Зохион бүтээгчид шинэ загварын усан онгоцны төслийг эхлүүлэхийн зэрэгцээ алсын удирдлагын "кибер ширээ"-г бүтээсэн байна. Усан онгоцны алсын удирдлага хөлөг дээр байрлаж, эргэн тойрон 360 хэмийг харах боломж бүхий камерт суурилсан кибер системд тулгуурлах юм. Манан, цас зэрэг зэрэг цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд хүнээс илүү харах чадвар бүхий камерууд усан тээвэрт аль хэдийн ашиглагдаж байгаа юм. Харин шинэ загварын усан онгоцууд 10 жилийн дотор далайд хөвж эхлэх төлөвтэй байна.



Кредит картыг байрлалын мэдээлэлтэй холбоно
Санхүүгийн үйлчилгээний Мастеркарт, харилцаа холбооны технологийн Синиверс компани хамтран кредит картыг зүй бусаар ашиглагдахаас сэргийлсэн нэгэн шинэ үйлчилгээ бий болгосон байна. Сонголт хэлбэрээр авч болох энэ үйлчилгээ кредит картаар хийгдэх төлбөр тооцооны үед хэрэглэгчийн ухаалаг утасны байрлалын мэдээллийг давхар шаардана. Хэрэв байрлалын мэдээлэл зөрөх тохиолдол гарвал картыг хүчингүй болгоно. Энэ нь кредит картыг хулгайлах, хуурамчаар дууриалган үйлдэх зэргээр гэмт этгээдүүдэд ашиглагдах магадлалыг эрс бууруулсан арга хэрэгсэл болох ажээ. Нөгөө талаас банк улс дамжин аялагчдад үзүүлэх үйлчилгээндээ илүү их итгэлтэй болох юм байна.


Хүнийхээс 100 дахин илүү хүчтэй булчин бүтээнэ
Эрдэмтэд хүний булчингийн ширхэгтээс 100 дахин илүү хүчтэй хиймэл утас бүтээсэн байна. Ердийн загасны уурга болон оёдолд ашиглагддаг утаснаас гаргаж авсан энэ бүтээгдэхүүн ирээдүйд терминатор мэтийн хүн хэлбэрийн хүчирхэг робот, төрөл бүрийн протезинээс авхуулаад робот өмсгөл, механик хөдөлгүүр, гидравлик систем зэрэг өргөн хүрээнд ашиглагдах боломжтой юм. Хүний гарынхтай адил урт, жин бүхий хиймэл булчингийн механик хүч хүнийхээс 100 дахин илүү байна. Энэ нь булчингийн кг бүрт 7.1 морины хүч үүсгэх бөгөөд тийрэлтэт хөдөлгүүрийн механик хүчтэй дүйцэж байгаа юм.

Хиймэл утасны хүчний нууц нь гэрэл шингээх болон химийн урвалын үр дүнд үүсэх температруын өөрчлөлтийн нөлөөнөөс үүдэлтэй хэмээн Сайэнс сэтгүүлд нийтлэсэн өгүүлэлд дурджээ. Минутад 10000 эргэлт бүхий хүнд ротороор эрчилсэн энэ хиймэл утас температур нэмэгдэхэд агшиж, буурах үед сунадаг байна. Уртын дагуух агшилт хүний булчинд 20% байдаг бол шинэ хиймэл булчинд 50%-д хүрэх ажээ. Мөн механик ачааллаас үүдэлтэй хэдэн сая агшилт суналтыг давах чадвартай юм. Судалгааг Австрали, Өмнөд Солонгос, Канад, Хятад, Туркийн эрдэмтэдийн хамтарсан баг Тексасын их сургуульд хийсэн байна.


Дулаарал түр зогссон шалтгаан
Дэлхийн агаар мандал дахь нүүрсхүчлийн болон бусад хүлэмжийн хийн агууламж 800 мянган жилийн түүхэнд хамгийн өндөр хэмжээндээ хүрээд байна. Гэхдээ сүүлийн 15 жилийн хугацаанд дэлхийн гадарга орчмын температур нэмэгдээгүй хэмээн Засгийн Газар Хоорондын Цаг Уурын байгууллагын илтгэлд дурджээ. Учир нь номхон далайн салхины нөлөөгөөр халсан усны урсгал далайн гүн лүү чиглэж, харьцангуй бага температуртай усыг далайн усны дээд хэсэгт хүргэж байгаас үүджээ. "Цаг Агаарын Өөрчлөлт" сэтгүүлд дурдсанаар экватор орчмын салхины эргэлт огцом нэмэгдсэнийг Австралийн эрдэмтэд тогтоосон байна. Энэ салхины нөлөөгөөр 2012 онд дэлхийн гадаргын температур 0.1-0.2 хэмээр буурчээ. Гэхдээ салхины нөлөө хэдхэн жилийн дараа арилж, дулаарал дахин эрчимжнэ гэдгийг компьютрийн загвар харуулж байна.



эх сурвалж; BBC, mailonline, physorg

Огторгуйн нүхнүүд

Сансар огторгуй хэмжээлшгүй, нууцлаг, аймшигтай бас гайхамшигтай. Тэнд амьд биетийг тээвэрлэж, гэв гэнэт алга болгож, эсвэл өөр хэмжээст орон зайд шилжүүлж чадах үзэгдлүүд бий гэх. Хэрэв хар нүхэнд орвол сэмэрч урагдана. Өтний нүхэнд орвол орчлонгийн тэс өөр орон зайд илгээгдэнэ. Харин цагаан нүхэнд ойртвол хүчтэй түлхэгдэн гарна. Огторгуйн эдгээр нүхнүүдийн тухай ойлголт анх Эйнштейний харьцангуйн онолоос үүдэн гарсан юм.

Галактикийн дотор олзоо хүлээн хэвтэх энэрэлгүй мангас мэт, ойртон ирсэн юуг ч болов залгиж, ор мөргүй устгах аймшигт бүс бий. Тэр бол огторгуйн хамгийн нууцлаг, эвдэн сүйтгэгч үзэгдэл болох ХАР НҮХ юм. Хар нүхний татах хүч хэт их учир гэрэл хүртэл нэг л удаа сорогдсон бол хэзээ ч эргэн гарахгүй. Мөн нэрнийхээ адил хар учир түүнийг илрүүлэхэд хүндрэлтэй. Гэхдээ сансрын биетийг сорох явцад ялгарах их хэмжээний рентген туяагаар нь таниж болoх бөгөөд эрдэмтэд олон жилийн хугацаанд хийсэн судалгааны үндсэн дээр хар нүх оршин байгааг нотлож, олноор илрүүлээд байна.


Нарнаас хэдэн арав дахин их, түүнээс илүү масстай аврага оддын мөхлийн үед тохиолдох цөмийн задралын үр дүнд хар нүх үүснэ. Насны тоо нь гүйцсэн аварга одод хүндийн хүчээ давалгүйгээр агшиж, тодорхой хэмжээнд хүрэх үед нэн шинэ одны дэлбэрэлт үүсгэдэг. Дэлбэрэлтийн аварга хүчний улмаас одыг бүрдүүлэх хий нисэн одож, үлдэх хүнд масс бүхий цөм нь хар нүх болон хувирна. Хар нүхийг 2 ангилдаг. Огторгуйд оршин буй хар нүхний ихэнхийг нарнаас 5-30 дахин их масстай, од хэлбэрийн хар нүх эзлэдэг. Ийм хар нүх Сүүн зам болон бусад галактик тус бүрт 100 сая орчим бий гэж үзэж байна.

Нөгөөх нь нарнаас хэдэн саяас хэдэн тэрбум дахин их масс бүхий аварга хар нүх юм. Ийм хар нүх Сүүн замаас авахуулаад бүхий л галактикийн төвд оршин байна. Хэдийгээр од хэлбэрийн хар нүхний адил оддын мөхлөөс үүдэлтэй боловч их тэсрэлтийн дараахан үүсч эхэлсэн нь тодорхой болсон байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам галактикийн мөргөлдөөний үед их хэмжээний хийг сорсноор аварга том болтлоо өсч томорчээ. Харин галактикийн нас уртсах тусам аварга хар нүх "хоол тэжээл"-ээр хомсдож, галактикийн дараагийн мөргөлдөөн болох хүртэл идэвхгүй байдалд шилждэг.

Хүн хар нүхэнд сорогдвол (унавал) юу болох вэ гэдэг нь бидний сонирхлыг ихээхэн татдаг. Хэрэв хүн од хэлбэрийн хар нүхэнд сорогдвол толгой, хөлд нь өөр өөр хүндийн хүч үйлчлэх учир гоймон мэт уртсана. Эцэстээ биеийнх нь атомууд ч сунаж, сэмэрч урагдсанаар төгсөх болно. Харин хэт аварга нүхэнд сорогдвол сунах процесс арай сүүлд тохионо. Хүн ийм хар нүхний ёроол (singularity)-д хүрэх хүртлээ хүндийн хүчийг мэдрэхгүй. Өөрөөр хэлбэл жингүйдэж унах явцаа ажиглах боломжтой. Харин хар нүхний ёроолд хүрсний дараа нарийсан сунаж, нийтлэг төгсгөлөө угтах болно.

Хар нүхийг илрүүлэхэд амаргүй байдаг нь түүнийг бидний хажууханд оршин байж болох магадлалыг давхар заадаг. Иймд дэлхий, нарны аймаг биднийг мэдээгүй байхад ямар нэгэн хар нүхэнд ойртож, сорогдох гэж байгаа мэт болгоомжлол үүсгэнэ. Гэхдээ хар нүхэнд ойр байрлах ихэнх одод оршин тогтнох хугацаандаа түүнийг тодорхой зайд тойрон эргэх боловч сорогддоггүй. Харин хоорондын зай нь хэт ойртвол зайлшгүй төгсгөлд хүрнэ. Эрдэмтэд хар нүхэнд сорогдох зайн хязгаарыг 160 мянгаас 16 тэрбум км хэмээн тооцоолжээ.

Одод, тоосонцор, сансрын бусад биетээс гадна хоорондоо хэт ойртсон хар нүхнүүд ч нэг нэгнээ эрхшээхээр тэмцдэг. Эхлээд нэгнийхээ татах хүчнээс хагацаж чадалгүйгээр эргэлдэн бүжиглэх мэт хөдөлгөөн хийнэ. Харин энэ үед хоорондоо аажим ойртож, улмаар нэгдэхэд хүрдэг. Хар нүхнүүд нэгдэх үед чулуу шидэхэд усны гадарга дээр үүсдэгтэй төстэй хэлбэр бүхий их хэмжээний хүндийн хүчний долгион сансарт тархдаг. Эрдэмтэд хар нүхний нэгдэл цөөнгүй тохиолддог гэж үздэг бөгөөд түүнийг илрүүлэх төхөөрөмжийг бүтээж байна. Уг төхөөрөмж хүндийн хүчний долгион дайран өнгөрөх үед дүүжлэгдсэн толинд ажиглагдах үл ялиг хөдөлгөөнийг лазераар хэмжих зарчмаар ажиллана. Мөн цаашид адил зориулалт бүхий ЛИСА (LISA ) төхөөрөмжийг сансарт хөөргөхөөр төлөвлөжээ.


Хар нүхний нэгдэл зөвхөн 2 хар нүхээр хязгаарлагдахгүй. 2007 оны 1-р сард Америк, Европын ажиглалтын хиймэл дагуул 1 тэрбум гэрлийн жилийн зайд орших 3 хар нүхийг ажиглажээ. Гэвч энэ нь бодит байдалд аварга хар нүхнүүдийн энергээр тэжээгдэн, гэрэлтэх аварга биет хэмээн төсөөлөгдөж буй квазар байв. Уг квазар дахь 3 хар нүх хэдийгээр хоорондоо 100-150 мянган гэрлийн жил буюу сүүн замын өргөнтэй бараг тэнцүү зайд байрлах боловч энэ нь тун ойрхон гэсэн үг юм. Иймд тун удахгүй нэгдэх хөдөлгөөнд орно хэмээн эрдэмтэд таамаглаж байна. 3 хар нүхний хүндийн хүчний харилцан үйлчлэлийн нөлөөгөөр нэг нь шидэгдэн одох бол үлдэх хоёр нь нэг нэгнээ тойрон эргэж, нэгдэх ажээ.

Хар нүхний хамгийн том нууц нь түүний ёроолд болж буй үзэгдэл юм. Зарим эрдэмтэд энэ нууцыг хэзээ ч тайлах боломжгүй гэж үздэг. Учир нь хар нүхэнд унасан хэн ч, юу ч эргэн гарч ирж чадахгүй. Хэрэв хар нүх маш жижиг хэмжээтэй бол харьцангуйн онол болон квант механик нэгэн зэрэг үйлчлэх боломжтой. Эрдэмтэд хар нүхний тооцоололд квант механикийг ашигласнаар зөвхөн юмсыг сордоггүй байж болохыг тогтоожээ. Гэхдээ ийм хар нүх нь од хэлбэрийн болон аварга хар нүхтэй харьцуулахад хамаагүй жижиг байх ёстой. Алдарт физикч Стивен Хокинг бичил хар нүхнээс дулаан ялгарна гэж үзжээ.

Хокингийн цацаргалт хэмээн нэрлэгдсэн уг үзэгдлийн нөлөөгөөр бичил хар нүх ууршиж алга болох ёстой. Энэ нь түүнд сорогдсон зүйлс эргэж гарч ирэхгүйгээр мөн адил алга болно хэмээн дүгнэхэд хүргэнэ. Гэтэл квант механикийн хуулиар биет ор мөргүй устах тохиолдол байх ёсгүй гэдэг нь физикийн салбарын эрдэмтдийн үзэл санааг хоёр хэсэгт хуваагдахад хүргэжээ. Эхний бүлэг эрдэмтэд Хокингд итгэж байгаа бол нөгөө хэсэг нь тооцооллыг дахиж нарийвчлан хийх ёстой гэж үзэж байна. Гэхдээ бодит байдалд хар нүхэнд сорогдсон зүйлс хаачдаг нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Тэгвэл Швеицарь улс дахь ЕЦСБ-ын Адроны Аварга Хурдасгуурын тусламжтай хийж буй орчлонгийн зүй тогтлыг тодорхойлох судалгаа бичил хар нүх үүсгэх нөхцөл бий болгож байна. Бөөмсийн мөргөлдөөнөөс үүсэх их хэмжээний энерги зарим тохиолдолд бичил хар нүхийг үүсгэх боломжтойг тогтоожээ. Үүссэн даруйдаа ууршин замхрах ёстой ийм бичил хар нүх квант ертөнц дэх хүндийн хүчийг илрүүлэхэд туслах найдлага төрүүлж байгаа боловч нөгөө талаас дэлхийг сорж, устгана хэмээх айдсыг бий болгож байна.

Бичил хар нүхэнд хамааралтай айдас өмнө нь ч гарч байжээ. 2001 онд Нью-Иорк мужын Брүүкхэвн Үндэсний Судалгааны Төвд бөөмсийг гэрлийн хурдны 99.9%-д хүртэл хурдлуулан мөргөлдүүлэх туршилтын үед үүсэх бичил хар нүх аюулгүй гэдгийг нотлон харуулах зорилгоор судлаачдыг урьж байсан байна. Үнэндээ дэлхийн гадаргаас хөөрөх сансрын хөлгүүд бичил хар нүхнээс илүү их энерги ялгаруулдаг. Мөн лабораторт хийж буй туршилттай адил бөөмсийн мөргөлдөөн сансар огторгуйд үргэлж тохиолдож байдаг тул тэдгээрээс үүдэлтэй бичил хар нүхний аюул үгүй гэдгийг эрдэмтэд нотлож байна.

Сансар огторгуйн хаашаа ч зорчиж болох тээврийн үйлчилгээ бий гэгддэг. Тэр нь асар өндөр хүчин чадалтай пуужин биш, харин дөт зам болгон ашиглаж болох онолын туннел ӨТНИЙ НҮХ юм. Энэ нэршил нь алимны нэг талаас нүхлэн идэж, нөгөө талаар гарч ирэх өтнөөс үүдэлтэй ажээ. Хэрэв гэрлийн хурдаар хурдалвал Адагчуулганы мананцар хүрхэд 600 мянган жил шаардагдана. Тэгвэл өтний нүхээр энэ зайг хормын төдийд л туулна. 1930-аад оны үед Эйнштэйн судалгааний найз Нэйтан Розэнтэй хамтран хийсэн тооцооллын үр дүнд галактикуудыг холбосон хоолой байж болохыг тогтоожээ. Үүнийг Эйнштеин-Розэний гүүр буюу өтний нүх гэдэг.


Хэдийгээр Эйнштейн өтний нүхээр сансрын аялал хийж болно гэж шууд хэлээгүй ч түүний бүтээсэн онол уг үзэгдлийг байж болно гэдгийг илэрхийлдэг. Өтний нүх нь хүндийн хүчийг тайлбарласан харьцангуйн онолын тэгшитгэлийн үр дүнгийн нэг бөгөөд орон зай, цаг хугацааны хэмжээсийн янз бүрийн цэгийг хооронд нь холбох энэ үзэгдэл хар нүхний судалгаанаас үүдэлтэй ажээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл өтний нүх оршин байгааг бодит ажиглалтаар тогтоож чадаагүй учир онолын таамаглалаас хэтрэхгүй. Онцлог нь өтний нүх маш тогтворгүй болохыг 1960-аад оны үе хүртэл хийсэн тооцооллын үр дүн харуулснаар тухайн судалгаа зогсонги байдалд оржээ. Тунел хэлбэрийн хоолой хэсэг хугацаанд үүсэх боловч доторхи (хэрэв орсон бол) юмсын хамт тэр дороо эвдэрч, устдаг байна.

1980-аад оны эцсээр Контакт хэмээх уран зөгнөлт кино гарчээ. Нэрт одон оронч Карл Сэганы зохиолоор бүтээсэн уг кинонд өтний нүх сансрын аялалын хэрэгсэл болох боломжтой тухай өгүүлжээ. Хэдийгээр зөгнөлт зохиол боловч физик үндэслэлтэй дүрслэл нь өтний нүхний талаархи судалгааг идэвхжүүлэхэд нөлөөлсөн байна. Эрдэмтэд Эйнштейний тогтворгүй өтний нүхнээс өөр, тээврийн хэрэгслийн зориулалтаар ашиглах нүхийг хайж эхэлснээр цоо шинэ эгзотик бодисын тухай ойлголтыг бий болгосон байна. Энэ нь сөрөг (негатив) энерги хэмээх эсрэг шинж чанарыг агуулж, өтний нүхийг тогтворжуулах нөлөө үзүүлнэ.

Гэхдээ өтний нүхний цаад талд ямар аюул угтаж байгааг онолын хувьд тодорхойлоход тун хүндрэлтэй юм. Магадгүй огторгуйн хамгийн аюултай бүстэй холбогдож, аварга хар нүхэнд хүргэж болно. Мөн өтний нүхний бүтцийн тухай ямар ч ойлголт алга байна. "Өтний нүхний инээмсэглэл" хэмээгдэх квант механикийн үзэгдлийн үр дүнд хөөс мэт гарч ирж, алга болох онолын бодис орчлонгийн хаа нэгтээ байх ёстой, аялалын зорилгоор ашиглаж болох өтний нүх энэхүү квантын хөөсний хувирсан хэлбэр, түүнийг ашиглан өтний нүхийг зориудаар үүсгэж болно хэмээх таамаглал ч бий. Хэдийгээр өтний нүх үүсгэх төхөөрөмж бидний төсөөлөлд ч байхгүй боловч түүгээр орон зай, цаг хугацааны аялал хийх боломжийг эрдэмтэд үгүйсгэдэггүй.

Цаг хугацааны машины тухай ойлголт 50 гаруй жилийн өмнөөс зөгнөлт зохиолд орж иржээ. Гэрлийн хурданд дөхөх, мөн хүндийн хүч их байх тусам цаг хугацаа харьцангуйгаар удааширдаг гэдэг нь харьцангуйн онол болон бусад бодит ажиглалтуудаад нотлогддог. Энэ нь хүний ирээдүйд аялах боломжийг харуулдаг. Тэгвэл бид өнгөрсөнд аялж, түүхийг өөрчилж чадах уу. Хэрэв нэгэн өтний нүх оршин байгаад нэг үзүүр нь дэлхийн ойролцоо, нөгөө нь Сүүн замын төвд байна гэе. Нүхний үзүүр буюу тунелийн төгсгөлүүд цаг хугацааны хувьд өөр өөр. Гэхдээ өтний нүхэн дотроос харвал хоёулаа адил харагдана.

Ийнхүү өтний нүхний гадна болон дотор талаас харсан цаг хугацааны өөр өөр байдал нь түүнийг цаг хугацааны машин хэлбэрээр ашиглаж боломжтойг харуулна. Хэрэв та өнөөдөр өтний нүхээр орвол нөгөө талд нь хэдэн зуу, магадгүй мянган жилийн өмнө очино. Гэхдээ өнгөрсөнд очих аялал олон тооны зөрчил үүсгэдэг бөгөөд төлөөлөх нэг жишээ нь "өвөөгийн парадокс" юм. Хэрэв өнгөрсөнд очоод өөрийнхөө өвөөгийн амь насанд халдвал өөрийнх нь аав төрөхгүй, өөрөө ч төрөхгүй, тэгэхээр өнгөрсөнд буцаж очихгүй болно. Эсвэл өнгөрсөнд очиж өөрийнхөө 18-тай настай ээжтэйгээ аавынхаа оронд уулзана гэж төсөөлвөл шийдэх аргагүй будлиан болно.

Юутай ч гэв гэнэт танай хаалгыг танихгүй нэгэн тогшоод би таны хэдэн үеийн ач, гуч байна гэвэл аль болох тааламжтай харьцахыг хичээх хэрэгтэй болохнэ. Тэр цаг хугацааны машин бүтээгдсэн алс ирээдүйгээс ирсэн нэгэн байж ч магадгүй. Гэхдээ өнгөрсөнд аялсан ч нэгэнт болоод өнгөрсөн түүхийг өөрчлөх боломжгүй гэсэн үзэл одоогийн байдлаар ноёлж байна. Мөн зарим эрдэмтэд цаг хугацааны машины зориулалтаар ашиглах тохиолдолд өтний нүх өөрөө эвдэрнэ гэж үзэж байна. Өтний нүх хоёр өөр цаг хугацааг холбох үед маш хүчтэй цацраг туяа ялгарч нүхийг устахад хүргэнэ. Энэ нь өнгөрсөнд очиж, зөрчил үүсгэхгүй байлгах ертөнцийн зохилдлого буюу байгалийн өөрийнх нь хориглох үйлдэл мэтээр төсөөлөгдөнө.

Хар нүх бүхнийг сорж, залгидаг бол түүний эсрэг бүхнийг түлхэж, нулимдаг ЦАГААН НҮХ байх ёстой хэмээх таамаглал мөн харьцангуйн онолоос үүджээ. Цагаан нүхэнд хар нүхний юмсыг сорох үзэгдлийн бичлэгийг буцааж ухраасантай адил үзэгдэл ажиглагдана. Эрдэмтэд их хэмжээний энерги ялгаруулах квазар анх нээгдэх үед цагаан нүх байх гэж таамаглаж байжээ. Хэрэв цагаан нүх үнэхээр оршин байсан бол орчлон ертөнцийг үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байх ёстой гэж үздэг. Их тэсрэлтийн өмнө орчлон асар их нягттай сингуляр цэг байсан гэдэг. Хэрэв түүнийг цагаан нүх байсан гэж үзвэл их тэсрэлтийн шалтгааныг тун хялбар тайлбарлаж болно. НАСА богино долгионы WМAP хиймэл дагуулын тусламжтайгаар сансрын үлдэгдэл цацрагийг судлаж, орчлон ертөнц огцом тэсрэлтийн хамт үүссэний нотлогоог илрүүлсэн билээ.


Мөн савангийн хөөс мэт бөөгнөрсөн олон орчлон ертөнц оршин байгаа, хөөс хагарч хуучин ертөнц мөхдөг бол шинэ хөөс үүсч шинэ ертөнц төрөн гардаг хэмээх олон ертөнцийн онол бий. Хиймэл дагуулуудын мэдээллүүд энэхүү онолтой зарим талаар таардаг. Үнэхээр олон ертөнц оршин байна уу, тэдгээр нь цагаан нүхнээс үүсдэг үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. Онолоор цагаан нүх маш эмзэг, хар нүхний нөлөөгөөр хялбар алга болдог учир урт насладаггүй гэж үздэг. Эрт дээр үед нэгэн цагаан нүх байгаад бидний орчлонг үүсгэсний дараахан устаж алга болсон байж магадгүй. Баттай биш ч магадлал бий. Бас хар нүх анх магадлал төдий байсныг ч мартаж болохгүй билээ.

эх сурвалж; The Universe TV series 2007

Хамгийн шилдэг хакер Айсманы түүх

1997 оны эхээр Санфранциско хотын компьютер тоглоом үйлдвэрлэгч нэгэн компанид 25 настай Макс Батлер хэмээх залуу зөвлөх програмистаар ажиллаж байв. Тэрээр ямар ч хүчтэй хамгаалагдсан системд нэвтэрч чадна гэдэгтээ бүрэн итгэх нэгэн бөгөөд хакерын авьяасын хувьд суутанд тооцоход буруудахгүй. Макс довтлоход хэцүү гэгдсэн системийн тухай мэдээлэл гарах бүрт тэр дор нь нэвтэрч чаддаг байв. Нэгэн өдөр түүнтэй уулзахаар хар шил, костюм, зангиа зүүсэн биерхүү хоёр залуу ирсэн нь Эф Би Айг-гийн мөрдөгчид байв. Тэдний зорилго хууль бусаар сүлжээнд нэвтэрч байсан Максийг шүүх бус хамтран ажиллах санал тавих явдал байжээ.

Эф Би Ай интернетийн хөгжлийн хамт үйл ажиллагаа нь өргөжин тэлж буй кибер гэмт хэрэгтнүүд, сүлжээ ашиглах террористуудыг илрүүлэх нэгжийг байгуулаад байв. 1997 оны 3 сард Макс гэрээнд гарын үсэг зурснаар Эф Би Ай-гийн Гэмт Хэрэгтний Мэдээлэл Цуглуулах Хөтөлбөрийн гишүүн болжээ. Дэлхий дахины хакеруудын тэргүүнд гарч ирэхийг хүссэн түүний авьяас Эф Би Ай-д хүлээн зөвшөөрөгдсөн явдал бардам занг нь дэвэргэж байв. Энэ нь түүнийг кибер гэмт хэргийн ертөнцийн шилдэг хакер болхын эхлэл байсан юм.

Эцэг нь компьютер засварын газар ажиллуулж байсан тул Макс төрсөн цагаасаа эхлэн компьютрээр хүрээлэгдсэн орчинд өсч хүмүүжжээ. 8 насандаа энгийн ямар ч төрлийн програм бичих болж, төрөлхийн авьяас нь хөгжсөн байна. 15 нас хүрч, ахлах сургуульд орох үедээ хүчирхэг хамгаалалт бүхий засгийн газрын сүлжээнд ч нэвтрэх чадвартай болжээ. Мөн анхны дурлалтай учирч, найз охиныхоо тухай илүү ихийг мэдэхийг хүссэн нь түүнийг аавын хаалга татахад хүргэнэ. Гар утасны сүлжээнд нууцаар нэвтэрч, имэйлүүдийг нь уншин, өөр нэгэнтэй холбоотой байсныг нь илчилсний дараа найз охин нь салахаар шийдэв.

Уурлаж бухимдсан Макс түүнийг алахаар заналхийлж, хүч хэрэглэсэн тул баривчлагдан хоригдох ялаар шийтгэгджээ. Дөнгөж 16 настай залуу хүүд оноосон ял амьдралыг нь ихээхэн өөрчлөхөд хүргэнэ. Макс шоронгоос гараад ажил хайсан боловч гэмт хэрэгт шийтгэгдсэн хүнийг авах газар олдсонгүй. Иймд түүнд авьяасаа ашиглахаас өөр сонголт үлдээгүй байна. Өөрийн гэсэн шинэ бизнес эхлүүлж, компаниудын сүлжээний хамгаалалтын цоорхойг илрүүлэн засварлах цагаан хакер болжээ. Яг энэ үед нь Эф Би Ай түүнд хандсан байна.

Макст даалгасан анхны ажил нь харилцаа холбооны компанийн сүлжээнд нэвтэрч, бусдын утасны шугамыг хууль бусаар ашиглаж буй бүлгийн үүрийг илрүүлэх явдал байв. Өмнө нь янз бүрийн сүлжээнд нэвтэрч байсан түүний хувьд тун хялбар даалгавар байсан бөгөөд Эф Би Ай ч өндрөөр үнэлжээ. Дараа дараачийн ажлуудыг амжилттай гүйцэтгэж, гэмтнүүдийг удаа дараалан илрүүлж байсан нь тэдний арга барилыг мэдэж авахад хүргэнэ. Макс хамгаалалтын системд нэвтэрч, хяналтын камерийг чөлөөтэй удирдах, цагдаагийн байгууллагын сүлжээнд нэвтэрч, жолоочийн зөрчлийн түүхийг устгах, банкний системд нэвтэрч, дансны үлдэгдлийг өөрчлөх зэрэг гэмтнүүдийн янз бүрийн арга барилд суралцжээ.

Интернет сүлжээ л байвал мөнгө олох боломжтойг ойлгосон Макс ямар ч кибер гэмт хэргийг хурууны үзүүрээр хийх чадвартай болов. Тэр нэгэн даалгаврын хүрээнд хакеруудын цуглаанд очих үедээ хуурамч кредит карт үйлдэх аргатай танилцжээ. Эф Би Ай-гийн мөрдөж байсан гэмт хэрэгтэн бусдын кредит картны мэдээллийг хулгайлж, түүнд тулгуурлан хуурамч карт үйлддэг хакер байв. Гэмт этгээдүүд мөн хуурамч картыг хар захын сайтаар дамжуулан худалдаалах, түүгээр төрөл бүрийн бүтээгдэхүүн худалдан авч, борлуулах замаар ашиг олдог байна.

Тэд Максийн хялбар хэрэгжүүлж чадах аргаар их хэмжээний мөнгө олж байв. Улмаар түүний ил ертөнцөд хийж буй ажил нь утгагүй санагдах болсноор хавьгүй өндөр ашиг, орлоготой боловч илүү бохир зүйлд авьяасаа сорихоор шийджээ. Юуны өмнө кретид картны мэдээлэл хулгайлж үзэв. Тэрээр үйлчлүүлэгч төлбөр хийх мөчийг дэлгүүрийн өмнөх машин дотор хүлээж байгаад кредит картны мэдээлэл төв рүү илгээгдэх үед утасгүй сүлжээний долгионыг барьж авснаар хүссэн зүйлээ гартаа оруулжээ. Энэ нь түүний хувьд мөн л амархан арга байв.

Максын хулгайлсан мэдээлэл хар захын сайтад тэр дороо зарагдав. Ийнхүү наанаа Эф Би Ай-гийн гэмт хэрэгтэнтэй тэмцэгчийн дүр эсгэх боловч цаагуураа хууль бус үйлдэл хийгч хар хакер болон хувирчээ. Тэр удалгүй илүү том хөдлөхөөр шийдсэн байна. Макс байрлал сайтай зочид буудлын өрөө хөлслөн авч, тэндээ том хэмжээний хүлээн авагч антени байрлуулжээ. Энэ нь дэлгүүр болгоны өмнө зогсож, цаг хугацаа алдалгүйгээр хот даяар тархах олон тооны кредит картны мэдээллүүдийг бөөнөөр нь, нэгэн зэрэг барьж авах үр ашигтай арга байв.

Макс хар захын сайтад кредит картны мэдээллээс илүүтэйгээр хуурамч картны наймаа унац болон эрэлт ихтэй байгааг анзаарчээ. Гэвч тэр хуурамч карт үйлдэх арга, технологийг мэдэхгүй байв. Иймд тэрээр шоронд хамт байсан нэгнээр зуучлуулан хуурамч карт үйлдэгч бүлгийн ахлагч Крис Арагонтой танилцжээ. Макс түүнтэй хамтран "кардерс маркет" хэмээх хар захын сайтыг 2005 оны 6 сард бүтээж, картны мэдээлэл зарж эхлэв. Сүлжээнд өөрийгөө Айсман (Iceman) хэмээн нэрлэж, кибер гэмт хэргийн ертөнцөд нэр алдраа дуурсгахаар яарсан тэрээр үйл ажиллагаа жигдрэх үед байшин худалдан авч, тэндээ үүрлэжээ.

Тухайн үед адил төрлийн үйл ажиллагаа явуудаг томоохон 5 сайт түүнээс илүү их хэмжээний ашиг олж байжээ. Макс хэдхэн шөнө сууж, тэдгээр сайтуудыг устгаснаар барахгүй бүх хэрэглэгчийнх нь мэдээллийг хулгайлав. Нэгэнт өрсөлдөгчид үгүй болсон тул хуурамч картны наймаа зөвхөн түүний сайтад төвлөрчээ. Энэ нь хэдийгээр Эф Би Ай-гийн анхаарлаас гадуур өнгөрөхгүй боловч Макс баригдахгүй гэдэгт итгэлтэй байв. Эф Би Ай ч аль хэдийн тагнуул шургалуулж, мэдээлэл цуглуулахаар шийдсэн гэдгийг Макс гадарлаж байжээ. Иймд тэднийг хуурахын тулд үндсэн ажлаа хэвийн байдлаар үргэлжлүүлж байв.

Тэгвэл түүний далд ертөнц дэх ажиллагаа улам идэвхжиж, ашгийн хэмжээ хэдэн арван сая доллароор тоологдох болов. Эф Би Ай Айсманыг илрүүлэхийг хичээж, сайтын хэрэглэгчийн дүрээр сүлжээн дотор холбоо тогтоохыг хэд хэдэн удаа оролджээ. Гэвч Макс хэрэглэгч нэг бүрийг нарийн шалгахаас гадна янз бүрийн серверээр дамжуулан өөрийгөө сайтар нууцласан тул түүнийг илрүүлнэ гэдэг амаргүй даваа байв. Энэ үед Эф Би Ай-гийн мөрдлөгийн тухай сэжиглэсэн Крис хангалттай мөнгөтэй болсон учир хар захын сайтын үйл ажиллагааг зогсоож, тоглоомыг дуусгах санал гаргасан байна. Тэгвэл Макс сайтаа улам томруулж, европт хөл тавихаар шийдсэнээр тэдний хооронд зөрчил үүснэ.

Харин Эф Би Ай Айсманы ул мөрийг илрүүлж чадалгүй байсаар 5 жилийн хугацаа өнгөрөв. Макст Крисийг орлох хүн хэрэгтэй болсон тул хэд хэдэн хүнийг судлаж үзээд хамтрахаар шийдсэн хүн нь хэдийгээр анх удаа уулзаж байгаа боловч үл таних хүн биш байв. Тэр нь Максийн хамгийн анх устгасан хар захын сайтыг эрхлэгч байжээ. Гэвч тэр хүн нь Макст бэлтгэсэн урхи байсан бөгөөд Эф Би Ай-гийн төлөө хүчин зүтгэж байв. Ийнхүү 2007 оны 9 сарын 5-нд Айсман - Макс баривчлагдав.

Түүнд анх 60 жил хорих ял оноох тухай яригдаж байсан ч гэм буруугаа хүлээж, мөнгө олох зорилгогүй байсан зэрэг нь тогтоогдсон учир хөнгөрүүлж 13 жил хорих, 27.5 сая долларын нөхөн төлбөр төлөх ялаар шийтгүүлжээ. Гэхдээ энэ нь кибер гэмт хэргийн түүхэнд хамгийн хүндэд тооцогдож байна. Макс баривчлагдах хүртлээ 2 сая кредит картны мэдээлэл хулгайлж, нийт 86 сая долларын ашиг олсон нь мөн л хамгийн өндөрт тооцогджээ. Харин түүнийг орост чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар хөлсөлж авсан орчуулагч нь монгол эмэгтэй хүн байсан, түүнийг ч бас хэрэгт холбогдуулан шалгаж байсан боловч буруугүйг тогтоосон тухай мэдээлэл гарч байсан билээ.


эх сурвалж; Nippon TV