Биткойн халдлагад өртөв үү
Биткойны арилжааны томоохон тоглогчдын нэг Токиод байрлах Эм Ти Гокс компани арилжаагаа тодорхойгүй шалтгаанаар зогсоосон байна. Тус компанийн гүйцэтгэх захирал "бид үйл ажиллагаагаа сэргээх бүхий л боломжийг эрэлхийлж байна" хэмээн мэдэгдсэн боловч харилцагчдын оруулсан хөрөнгийг буцаан олгох эсэх талаар дурдсангүй. Мэргэжилтнүүд тус компанийг кибер халдлагад өртөж, нийт 744000 биткойн буюу 330 сая долларыг хулгайд алдсан хэмээн таамаглаж байна. Мөн энэ сарын эхээр биткойны ханш 828.99 доллараас 135 доллар болж унахад ихээхэн хэмжээний алдагдал хүлээсэн юм. Нөхцөл байдлаас үүдэн Япон улсын санхүүгийн хяналтын байгууллагаас шалгалт хийж эхлээд байгаа боловч хөрөнгө оруулагчид, хувь хүмүүсийн хохирлыг барагдуулах эрхзүйн үндэслэл байхгүй байна. Энэ явдлаас үүдэн АНУ-ын холбооны прокурор биткойны арилжаанд шалгалт оруулах гэж байгаа тухай мэдэгдлээ.
Алсын удирдлагат усан онгоц бүтээнэ
Хүний шууд жолоодлогыг алсын удирдлагаар орлуулах хэрэгслүүд зөвхөн нисэх төхөөрөмжүүдээр хязгаарлагдахгүй бололтой. Ролс Ройс компани ачааны усан онгоцуудыг алсын удирдлагатай шууд бус жолоодлого бүхий хөлгүүдээр орлуулахаар төлөвлөжээ. Өнөөдөр 375 тэрбум долларын өртөг бүхий усан тээвэр дэлхийн худалдааны эргэлтийн 90%-ийг гүйцэтгэж байна. Тэгвэл хүний шууд бус жолоодлого бүхий шинэ усан онгоцууд илүү хямд, аюулгүй, орчны бохирдол багатай байх ажээ. Зохион бүтээгчид шинэ загварын усан онгоцны төслийг эхлүүлэхийн зэрэгцээ алсын удирдлагын "кибер ширээ"-г бүтээсэн байна. Усан онгоцны алсын удирдлага хөлөг дээр байрлаж, эргэн тойрон 360 хэмийг харах боломж бүхий камерт суурилсан кибер системд тулгуурлах юм. Манан, цас зэрэг зэрэг цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд хүнээс илүү харах чадвар бүхий камерууд усан тээвэрт аль хэдийн ашиглагдаж байгаа юм. Харин шинэ загварын усан онгоцууд 10 жилийн дотор далайд хөвж эхлэх төлөвтэй байна.
Кредит картыг байрлалын мэдээлэлтэй холбоно
Санхүүгийн үйлчилгээний Мастеркарт, харилцаа холбооны технологийн Синиверс компани хамтран кредит картыг зүй бусаар ашиглагдахаас сэргийлсэн нэгэн шинэ үйлчилгээ бий болгосон байна. Сонголт хэлбэрээр авч болох энэ үйлчилгээ кредит картаар хийгдэх төлбөр тооцооны үед хэрэглэгчийн ухаалаг утасны байрлалын мэдээллийг давхар шаардана. Хэрэв байрлалын мэдээлэл зөрөх тохиолдол гарвал картыг хүчингүй болгоно. Энэ нь кредит картыг хулгайлах, хуурамчаар дууриалган үйлдэх зэргээр гэмт этгээдүүдэд ашиглагдах магадлалыг эрс бууруулсан арга хэрэгсэл болох ажээ. Нөгөө талаас банк улс дамжин аялагчдад үзүүлэх үйлчилгээндээ илүү их итгэлтэй болох юм байна.
Хүнийхээс 100 дахин илүү хүчтэй булчин бүтээнэ
Эрдэмтэд хүний булчингийн ширхэгтээс 100 дахин илүү хүчтэй хиймэл утас бүтээсэн байна. Ердийн загасны уурга болон оёдолд ашиглагддаг утаснаас гаргаж авсан энэ бүтээгдэхүүн ирээдүйд терминатор мэтийн хүн хэлбэрийн хүчирхэг робот, төрөл бүрийн протезинээс авхуулаад робот өмсгөл, механик хөдөлгүүр, гидравлик систем зэрэг өргөн хүрээнд ашиглагдах боломжтой юм. Хүний гарынхтай адил урт, жин бүхий хиймэл булчингийн механик хүч хүнийхээс 100 дахин илүү байна. Энэ нь булчингийн кг бүрт 7.1 морины хүч үүсгэх бөгөөд тийрэлтэт хөдөлгүүрийн механик хүчтэй дүйцэж байгаа юм.
Хиймэл утасны хүчний нууц нь гэрэл шингээх болон химийн урвалын үр дүнд үүсэх температруын өөрчлөлтийн нөлөөнөөс үүдэлтэй хэмээн Сайэнс сэтгүүлд нийтлэсэн өгүүлэлд дурджээ. Минутад 10000 эргэлт бүхий хүнд ротороор эрчилсэн энэ хиймэл утас температур нэмэгдэхэд агшиж, буурах үед сунадаг байна. Уртын дагуух агшилт хүний булчинд 20% байдаг бол шинэ хиймэл булчинд 50%-д хүрэх ажээ. Мөн механик ачааллаас үүдэлтэй хэдэн сая агшилт суналтыг давах чадвартай юм. Судалгааг Австрали, Өмнөд Солонгос, Канад, Хятад, Туркийн эрдэмтэдийн хамтарсан баг Тексасын их сургуульд хийсэн байна.
Дулаарал түр зогссон шалтгаан
Дэлхийн агаар мандал дахь нүүрсхүчлийн болон бусад хүлэмжийн хийн агууламж 800 мянган жилийн түүхэнд хамгийн өндөр хэмжээндээ хүрээд байна. Гэхдээ сүүлийн 15 жилийн хугацаанд дэлхийн гадарга орчмын температур нэмэгдээгүй хэмээн Засгийн Газар Хоорондын Цаг Уурын байгууллагын илтгэлд дурджээ. Учир нь номхон далайн салхины нөлөөгөөр халсан усны урсгал далайн гүн лүү чиглэж, харьцангуй бага температуртай усыг далайн усны дээд хэсэгт хүргэж байгаас үүджээ. "Цаг Агаарын Өөрчлөлт" сэтгүүлд дурдсанаар экватор орчмын салхины эргэлт огцом нэмэгдсэнийг Австралийн эрдэмтэд тогтоосон байна. Энэ салхины нөлөөгөөр 2012 онд дэлхийн гадаргын температур 0.1-0.2 хэмээр буурчээ. Гэхдээ салхины нөлөө хэдхэн жилийн дараа арилж, дулаарал дахин эрчимжнэ гэдгийг компьютрийн загвар харуулж байна.
эх сурвалж; BBC, mailonline, physorg Технологи
3 сэтгэгдэл:
Bitcoin нээрээ яах бол их л сонин болчихоод байна
Sain baina uu? Tanai site deer 2013 onii technology geed tsusan dahi sahariin hemjeeg tohiruulagch bagajnii tuhai medeelel baisan. Oldoggui. Help.
Сэтгэгдэл үлдээх