Showing posts with label Технологи. Show all posts
Showing posts with label Технологи. Show all posts

Хүн үнэхээр саранд хүрсэн үү

1969 оны 7 сарын 21-ний өдөр Апполо 11 хөлгийн нисгэгчид хүн төрөлхтний түүхэнд анх удаа саран дээр газардсан бол Аполло төслийн хүрээнд 3 жилийн хугацаанд нийт 6 удаагийн нислэгээр сансарын 12 нисгэгч саранд хүрчээ. Гэвч эдгээр үйл явдлын дүрс бичлэгүүдэд эргэлзээ төрүүлэм мөчүүд цөөнгүй дүрслэгдсэн гэх. Тухайлбал Аполло 14-ийн нисгэгч америкийн далбааг сарны хөрсөнд зоож тогтоох үед далбаа намирч харагддаг. Далбаа салхинд хийсэх мэт, тэр ч байтугай нисгэгч холдсон үед ч хэсэг хугацаанд намирч байгаа нь саран дээрх үзэгдэл гэдэгт эргэлзээ төрүүлнэ. Сар агаар мандалгүй учир дэлхийн шөнө мэт үй түмэн одод тэнгэрт үзэгдэх учиртай. Гэтэл саран дээр авсан фото зургуудын тэнгэрт ширхэг ч од дүрслэгдээгүй байдаг. Мөн сансрын нисгэгчид, бусад обьектуудын сүүдэр урт богино, өөр өөр өнцгөөр байрласан нь нарны бус зохиомол гэрэлтүүлгийн дор авсан мэт харагдана. Зүй нь алс холоос тусах нарны гэрэлд адил өндөртэй биетүүдийн сүүдэр адил урттай, өндөр өөр байлаа ч адил өнцгөөр, параллель хэлбэрээр байрлах ёстой. Мөн 14 тонн жинтэй буугч хөлөг газардах үеийн тийрэлтийн хүчний нөлөөгөөр сарны хөрсөнд том хэмжээний хонхор үүсэх ёстой мэт. Гэтэл бодит фото зурагт хөлгийг зөөлхөн байрлуулсан мэт, хөрсөнд ямар ч өөрчлөлт ороогүй байдаг.





Хүн үнэхээр саранд хүрсэн үү, эсвэл НАСА студид авсан зохиомол дүрслэлээр дэлхий дахиныг олон жилийн туршид хуурсаар ирэв үү. Сансар судлалын түүхэн үйл явдлын үнэн эсэхэд эргэлзсэн анхны ном Аполло төсөл дууссанаас хойш 4 жилийн дараа хэвлэгджээ. Номын зохиогч Бил Кэйсинг Апполло төслийн пуужин бүтээх ажилд оролцож байсан нэгэн бөгөөд америкийн сансарын технологийн боломжид үл итгэж байсан нь түүнд эргэлзээ үүсэхэд хүргэжээ. Хүйтэн дайны ид өрнөлтийн үе болох 1961 онд Зөвлөлт Холбоот Улс анх удаа сансарт хүн амжилттай нисгэж, сансар судлалын шинэ эринийг эхлүүлэв. Тэгвэл өрсөлдөгчдөө ялагдаж, тулгамдсан АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди 1960-аад ондоо багтаа саранд хүрэхээр амлажээ. Хэдийгээр Аполло төсөл аль хэдийн эхэлсэн байсан ч их хэмжээний түлшийг тогтвортой шатаах технологийг хөгжүүлж амжилгүй, дэлбэрэлтээр төгсөх пуужингийн бүтэлгүй туршилтууд удаан хугацаанд үргэлжилжээ. Ийм нөхцөлд хэдхэн жилийн дотор саранд хүрэх технологи бүтээх боломжтой гэдэгт Кэйсинг үл итгэж байв.

Түүний дүгнэснээр саранд хүрсэн үйл явдлын үед Кеннедийн сансрын төвөөс жинхэнэ пуужинг хөөргөж, дүрслэлийг дэлхий дахинд үзүүлж байжээ. Харин пуужин хөөрөхөөс өмнөхөн хөлгөөс нууцаар гарсан сансрын нисгэгчдийг баруун америкийн элсэн цөлд хүргэж, тэнд байх студид хийсэн бичлэгийг дэлхий даяар дамжуулж байсан гэжээ. НАСА юуны учир ийнхүү хуурмаг бичлэг хийх болсон талаархи өөрийн дүгнэлтэд кино найруулагч Барт Сибрел итгэлтэй байна. Түүний бодлоор Кеннеди хэдийгээр ерөнхийлөгч байсан ч эрдэмтэн байгаагүй, хүнийг сансарт 15-хан минут байлгах түвшинд байсан тухайн үеийн америкийн сансрын технологи 10-хан жилийн дотор саранд хүрэх ямар ч боломжгүй байсан гэжээ. Саранд хүрсэн үйл явдал үнэхээр хууран мэхлэлт байв уу? Дүрслэлүүд эргэлзээ төрүүлж байгаа хэдий ч бодит байдалд бидний өнгөц ойлголт алдаанд хүргэх тохиолдол олон. Нухацтай судлаж, сайтар эргэцүүлж үзвэл эргэлзээг тайлах боломжтой болов уу?

Бодит байдалд ишийг нь эргүүлэх үед далбаа вакум орчинд ч намирах хөдөлгөөн хийдэг. Энэ нь инерцийн үзэгдлийн нөлөө бөгөөд ишийг эргүүлэх хүч далбааны үзүүр хүртэл дамжих учир салхинд намирах мэт харагдах бөгөөд ишийг эргүүлэхээ больсон ч хэсэг хугацаанд ажиглагддаг. Гэхдээ дэлхийн агаарын нөхцөлтэй харьцуулахад намиралт илүү хүчтэй, илүү удаан үргэлжилдэг. Энэ нь далбааны хөдөлгөөнд саад болох агаарын эсэргүүцэл байдаггүйтэй холбоотой юм. Агаар мандалгүй саран дээр салхигүй учир далбаа намирах ёсгүй гэсэн бидний өнгөц ойлголт буруу байв. Нөгөө талаас эргэлзээ төрүүлэх дүрслэл харин ч эсрэгээр нотлогоо болж чадна. Саран дээр тогтоосон далбааны дэргэдүүр сансрын нисгэгч дэгдэн өнгөрөх үед далбаанд ямар ч хөдөлгөөн ажиглагддаггүй. Энэ нь хүний биеийн хөдөлгөөний нөлөөгөөр үүсч далбаанд нөлөөлөх агаарын хөдөлгөөн үгүйг харуулж, саран дээр байгааг баталгаажуулна.


Саран дээр авсан зурагт одод дүрслэгддэггүйн учрыг фото зураг сонирхогчид тодорхой хэлж чадна. Дэлхийн шөнийн нөхцөлд одны зураг авахын тулд камерний хөшигний хурдыг дор хаяж 10 секундээс багагүй хэмжээнд тохируулах шаардлагатай байдаг. Одны гэрэл бодит байдалд харагдаж байгаагаасаа хэт бага учир фото зураг авах үед хангалттай урт хугацаанд хангалттай хэмжээний гэрлийг камерийн линзээр нэвтрүүлэхгүй бол оддыг тод дүрслэх боломжгүй. Харин гэрэлтүүлэгтэй нөхцөлд орчны хамт сансрын нисгэгчийн зургийг авах үед хөшигний хурд хэд дахин бага байна. Энэ тохиолдолд хүн болон одны гэрлийн ялгаа хэт их тул хүн тод гарлаа ч тэнгэрт одод дүрслэгдэхгүй. Саран дээр авсан зургууд өдрийн цагаар авагдсан тул хүн болон орчинд тусам нарны гэрэл хангалттай их байна. Харин агаар мандалгүй учир сарны тэнгэр дэлхийн шөнийхтэй адил харагдана. Энэ тохиолдолд камераар харагдах дүрслэл хүний нүдээр хардагтай адил байх ёстой гэсэн бидний өнгөц ойлголт буруу байв. Мөн сансрын нисгэгчийн тод дүрслэл болон одот тэнгэрийн зургийг нэг камераар зөвхөн нэг удаагийн оролдлогоор авах боломжгүй юм.


Бодит байдалд саран дээрх сансрын нисгэгчдийн сүүдрийн урт, өнцөг гэрэлтүүлгээс хамааралгүйгээр адил байх ганцхан нөхцөл бий. Тэр нь сарны гадаргыг тэв тэгш гэж тооцох тохиолдол юм. Нэгэнт сарны гадарга тэгш бус, дов сондуултай учир түүний хэлбэрээс хамааран хүний сүүдэр тодорхой цэгээс ажиглахад янз бүр харагдана. Хэрэв хүний сүүдэр довын өгсүүр хэсэгт тусч байвал богино, уруудах хэсэгт тусч байвал урт харагдана. Мөн налуугын хэлбэрээс хамааран өөр өөр өнцгөөр харагдана. Энэ тохиолдолд сүүдэр тусах гадаргын хэлбэрийг тооцож үзэлгүйгээр ойрхон байрлах зохиомол гэрэлтүүлгийн (студийн) үеийн сүүдэр урт богино, янз бүр байна гэсэн бидний өнгөц ойлголт буруу байв.


Хөлөг болон хүний сүүдэр параллел бус харагдахын шалтгаан нь дүрслэх урлагаас авахуулаад барилга архитектурын салбарт ашиглагддаг чухал ойлголт болох дүрсний алслалтын нөлөө юм. Хэрэв эгц дээрээс нь харвал алс хол байрлах гэрлийн нөлөөгөөр үүсэх биетийн сүүдрүүд параллель байна. Харин аль нэг биетэд ойртож, хүний нүдний түвшингээс харвал алс байгаа биетийн сүүдрийн харагдах өнцөг багасч харагддаг.


Сансрын нисгэгч урт саваа хэлбэрийн илрүүлэгч төхөөрөмжийг суурилуулах үеийн дүрслэлээс сарны хөрс нэлээд хатуу болохыг мэдэж болно. Сарны хөрс солирын мөргөлдөөнөөс үүссэн тоосонцор мэт элсээр хучигдсан байдаг. Сарны гадаргад элс хуралдах тусам доорхи элсний хоорондын зайг дүүргэж, аажим хатууруулдаг. Гадаргын хэдхэн см өнгөн хэсэгт элс байх боловч түүнээс доош нягт ихтэй хатуу хөрс байрладаг. Харин дэлхийн нөхцөлд газар дорхи амьтад, шавьжны хөдөлгөөн, бороо, салхины нөлөөгөөр хөрс гүндээ хүртэл сийрэг, зөөлөн байдаг. Саран дээр хөлөг газардах үед үлээх хийн (тийрэлтийн) нөлөөгөөр хөрсний өнгөн хэсгийн элс хийсэн одож, зөвхөн хатуу хэсэг нь үлдэнэ. Энэ тохиолдолд сарны хөрсийг дэлхийнхтэй адил зөөлөн байна гэсэн бидний өнгөц ойлголт буруу байв.


Ийнхүү нухацтай судлаж, сайтар эргэцүүлж үзвэл эргэлзээг тайлах боломжтой ажээ. Гэвч худал хуурмагийг илчлэх гэсэн эсрэг талыхан түүхэн нөхцөл байдалд ч эргэлзсээр байна. Хэрэв хүн хагас зуун жилийн өмнө саран дээр очсон нь үнэн бол өдийд тэнд багагүй хэмжээний суурин байгуулсан байх ёстой. Хэрэв одоо саранд хүрч чадахгүй байгаа бол хагас зуун жилийн өмнө хэрхэн очиж чадав. НАСА үнэнг мэдэх гэсэн хүмүүсийг хуурсаар байгаа гэдэгт Бартер нарын хүмүүс итгэл төгс байна. НАСА-д үл итгэх хүмүүсийн эргэлзээ зөвхөн сараар зогссонгүй, нарны аймгийн бусад гаригууд руу тэлэн өргөжсөөр байна.

үргэлжилнэ...

30 жилийн дараа бид хэд наслах вэ

Шинэ 2015 он, анагаах ухааны түүхэн дэх шинэ хувьсгалын эхлэлийн жил болно хэмээн эрдэмтэд нотлож байна. Энэхүү хувьсгалын үр дүнд 30 жилийн дараа гэхэд хүний дундаж наслалт 100-д хүрнэ. Бид хөгшрөлтийн механизмыг нээж, түүнийг зогсоох аргыг танин мэдсэнээр эрүүл, залуу хэвээр урт наслах боломж нээгдэж байна. Технологийн дэвшлийн нөлөөгөөр хорт хавдрын эмчилгээг үндсээр нь өөрчлөхөд бэлэн болов. Хүнийг өвчлөхөөс нь өмнө өвчний үндсийг илрүүлж устгах урьдчилан сэргийлэх эмчилгээний суурь тавигдаж эхэллээ.


Бидний насны тоог хязгаарлахад хүргэдэг хамгийн том саад нь хөгшрөлт юм. Гэвч энэ саадыг давахад тун ойртож байна. Өнгөрөгч оны 11 сард зохион байгуулсан нэгэн симпозиумд урт наслалтын судалгаагаар дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийн хийж буй судалгааны үр дүнг танилцуулав. Эдгээрийн дундаас хамгийн их анхаарал татсан зүйл нь хөгшрөлтийг удаашруулж, насыг уртасгах чадвартай гэгдэж буй Эн Эм Эн (NMN) хэмээх бодис юм. Уг бодисыг нээсэн Вашингтон их сургуулийн профессор Имай Шиничиро чихрийн шижин өвчнөөс үүдэн өөхөлж таргалсан хулганад Эн Эм Эн-ийг долоо хоногийн турш уулгаж туршихад цусан дахь глюкозын хэмжээ хэвийн хэмжээнд хүрч, өвчин бүрэн эдгэсэн байв. Түүгээр ч зогсохгүй уг хулгана ердийн хулганаас 16% урт наслажээ. Чихрын шижин өвчин ихэнх тохиолдолд хөгшрөлтийн улмаас нойр булчирхайн ажиллагаа алдагдсанаас шалтгаалж үүсдэг байна.


Хөгшрөлтийг амьд биетийн хувьд зогсоох боломжгүй, заавал дайрах ёстой зүйл хэмээн бид ойлгосоор ирсэн. Тэгвэл компьютерийн тооцоолох чадварын өсөлт энэхүү хэвшмэл ойлголтыг эвдэх үүд хаалгыг нээв. Генийн мэдээллийг унших хурд 20 жилийн дотор 1 сая дахин нэмэгдэв. Хүний геномыг тайлах ажиллагаанд огцом дэвшил гарч, урт наслалтын ген оршин байгааг нээгээд байна. Сиртуин (sirtuin) хэмээх 7 төрлийн гени ердийн нөхцөлд идэвхгүй төлөвт байдаг. Хэрэв түүнийг ямар нэг аргаар сэргээвэл эсийн энергийн эх сурвалж болох митохондрыг идэвжхүүлж, эсийн хөгшрөлтийг зогсооно. Сиртуин генийг сэргээх бодисыг профессор Имай 8 жилийн өмнө нээжээ. Эн Эм Эн нь ямар ч амьтны биед байдаг, эсийн доторхи витаминтай төстэй бодис боловч нас ахих тусам түүний хэмжээ багасдаг байна. Харин хэмжээг зохиомлоор нэмэгдүүлснээр хөгшрөлт удааширч, наслалтай холбоотойгоор ажиллагаа нь алдагдсан эрхтэн дахин сэргэдэг ажээ.


Эн Эм Эн нь эмчлэгдэх боломжгүй гэгдэж байгаа өвчинг эмчлэхэд ашиглагдах магадлал тун өндөр байна. Тухайлбал тархи хөгширч, мэдрэлийн эсүүдийн тоо цөөрснөөс үүдэх Алцгеимер өвчний эхний шатанд хэрэглэснээр өвчлөлийн явцыг эрс сааруулах боломжтойг хулгана дээр хийсэн туршилтууд харуулж байна. Ийм төрлийн эмчилгээнд чиглэсэн судалгаа энэ оноос эхлэн эмнэлгийн нөхцөлд хүний биед хийгдэж эхлэх гэж байна. Эм үйлдвэрлэгч нар ч Эн Эм Эн-ийг их хэмжээгээр үйлдвэрлэх технологийг бие даан боловсруулжээ. Судалгааны зорилгоор ашиглагдах уг бүтээгдэхүүний 0.1 грам нь одоогоор 400 доллараар үнэлэгдэж байна.

Эн Эм Эн-ий боломж зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд бидний туйлын мөрөөдөл болох залуужих хүслийг биелүүлэх боломжтой нь тодорхой болов. Харвардын их сургуулийн профессор Дэвид Сэнклеир Эн Эм Эн-ийн залуужуулах нөлөөг нээгээд байна. 22 сартай хулганад 7 хоног уулгаж туршихад бие махбод нь 6 сартай хулганатай адил болон залуужжээ. Үүнийг хүнээр зүйрлэвэл 60 настай хүний бие махбодийн залуужилтыг илэрхийлэх эсийн идэвхжлийн түвшин 20 настай хүнийхтэй адил болсон хэрэг юм. Хүний тархины Гипоталамус (Hypothalamus) биеийн бүхий л эрхтэнд хөгшрөлтийг зогсооход чиглэсэн хүчтэй дохиолол илгээж байдаг нь сүүлийн үеийн судалгаагаар тодорхой болсон. Гэхдээ энэ дохиоллын хэмжээ бас л насжилттай холбогдон буурдаг байна. Эн Эм Эн-ийн үйлчилгээгээр уг дохиоллын хэмжээг нэмэгдүүлж байгааг тогтоожээ. Хэрэв судалгаа цаашид амжилттай үргэжилвэл хөгшрөх, насан өтлөх хэмээх ойлголт арилж, 90, 100 насласан ч 20 настны адил залуу бие махбодио хадгалж чадах ажээ.


Урт наслахад тулгарах бас нэгэн томоохон саад нь өвчин юм. Гэвч яг л тэсрэх мэт хувьсан өөрчлөгдөх технологийн хөгжлийн ачаар бид энэ саадыг давах боломж нээгдэж байна. Супер компьютер дэх виртуал зүрхний тусламжтайгаар мэс заслын өмнө өвчтний зүрхний симуляци хийх, робот болон хиймэл оюун ухаан өнгөрсөн цаг үеийн өвчний түүхээс хамгийн үр дүнтэй эмчилгээний аргыг сонгох, өндөр мэдрэмж бүхий нарийн төвөгтэй эд ангиудыг зүрхний хананд байрлуулж, зүрхийг зогсохоос нь өмнө ажиллагааг дэмжих цаг тийм ч их хол биш юм. Үйлдвэрлэлийн технологийг шинэ түвшинд хүргэсэн гурван хэмжээст хэвлэгч эрхтэн шилжүүлэх суулгах эмчилгээнд хувьсгал хийхэд бэлэн болов. Одоогийн байдлаар эсийг хавтгай хэлбэрээр өсгөвөрлөж, эмчилгээнд ашиглаж байна. Тэгвэл Вэйст Форест их сургуулийн нөхөн сэргээх эмчилгээний төвд хүний эсийг өсгөвөрлөн, хуруу зэрэг хэд хэдэн төрлийн эд эрхтэнг туршилтын хүрээнд хэвлэж байна. Тус төвийн захирал Антониа Атала яс, судас, мэдрэлийн судал бүхий төрөл бүрийн гурван хэмжээст эрхтэн үйлдвэрлэн, эмчилгээнд ашиглахад 15 жил байхад л хангалттай гэв.


Наслалтад саад болох өвчнүүдийн дундаас биднийг хүчин мөхөсдүүлж буй хамгийн том дайсан нь хорт хавдар юм. Тэгвэл хорт хавдрын эсрэг тэмцэлд эргэлт гарахад бэлэн болоод байна. АНУ-ын Сиэтл хотын төв эмнэлэгт саяхан хийгдсэн хорт хавдрын мэс засалд хамгийн сүүлийн үеийн робот ашиглав. 83 настай өвчтний биед учрах эрсдлийг тооцвол уламжлалт аргаар мэс засал хийх боломжгүй. Тодорхой зайд байрлах эмчийн гарын хөдөлгөөнөөр удирдах Да Винчи роботын 3 гар хүний хувьд байж боломгүй уян хатан хөдөлгөөнийг үзүүлж байна. Нүдэнд үл үзэгдэх нарийхан судсыг ногоон өнгөөр гэрэлтүүлэх технологи давхар ашиглагдаж, цус алдалтыг байж болох хамгийн бага хэмжээнд хүргэжээ. Ердийн нөхцөлд хагас цаг шаардагдах мэс заслыг Да Винчи 3 дахин богино хугацаанд төгс гүйцэтгэв.


Хорт хавдрын эмчилгээг үндсээр нь өөрчлөх шинэ арга тун удахгүй эмчилгээнд нэвтрэх гэж байна. Токио их сургуулийн профессор Катаока Кацүнноригийн бүтээсэн наномашин мм-ийг 200 мянга хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний, нүдэнд үл үзэгдэх зүйл юм. Полимер хэмээх өндөр молекулт нэгдэлд эм шингээвэл түүнийг автоматаар хүрээлж, капсул хэлбэртэй болохоор зохион бүтээжээ. Ердийн үеийнхээс 1000 дахин их агууламж бүхий эмийг агуулах микро тэсрэх бөмбөг өвчний голомтыг онилж, найдвартай устгах чадвартай. Хорт хавдар элгэнд нь үсэрхийлж 3 сараас илүү амьдрах боломжгүй гэгдсэн өвчтөнд хийсэн эмнэлгийн туршилтаар хавдрын 90%-ийг устгаж, өвчтөн 1 жилээс илүү хугацаанд амьдарч байна. Наномашиныг хорт хавдрын ердийн эмтэй харьцуулахад өвчтний биед үзүүлэх сөрөг нөлөө бараг байхгүй. Ердийн эм судасны ханаар шингэж эрүүл эст хүртэл довтолдог бол наномашин хавдрын эсийг таньж зөвхөн түүнд довтолдог байна. Наномашины гадаргад бэхэлсэн лиганд (Ligand) хэмээх бодис хорт хавдрын эст агуулагдах уурагт харилцан үйлчилдэг. Хорт хавдрыг бүрэн ялах найдлага төрүүлж буй наномашины эмнэлгийн туршилт сүүлийн шатандаа ороод байгаа бөгөөд цаашид хавдрыг үсэрхийлэх, дахихаас найдвартай сэргийлж, наслалтыг уртасгах нэгэн чухал нөхцөл болох юм.


Технологийн дэвшлийн үр дүнд эмчилгээний цоо шинэ салбар бий болох гэж байна. Энэ нь хүний биеийг өвчлөхөөс нь өмнө өвчний үр үндсийг устгах урьдчилан сэргийлэх эмчилгээ юм. Үүнд зүрхний цохилт, биеийн хэм, цусны үзүүлэлтүүд зэрэг их хэмжээний мэдээлэл (big data)-ийг ашиглана. 5 см хавтгай дөрвөлжин талбайд 144 эд ангийг суулгасан электрон арьс (e-skin)-ны тусламжтайгаар цусан дахь хүчилтөрөгчийн агууламжаас авахуулаад булчингийн хөдөлгөөн хүртэл олон төрлийн үзүүлэлтийг 24 цагийн турш хянаж, ямар нэгэн сэжиг илэрвэл хиймэл оюун ухааны тусламжтайгаар анхааруулга өгөх систем бүрдүүлэхийг зорьжээ. Мөн их хэмжээний мэдээлэл хүний нас барах хугацааг урьдчилан таамаглах хэмээх гайхалтай зүйлийг биелэл болгоход хүргэнэ.


Эстоний Тарту их сургуульд тус улсын хүн амын төрснөөс нь авахуулаад насан эцэслэх хүртэлх эрүүл мэндийн мэдээллийг цуглуулан судлаж байна. Тухайлбал 5200 хүний цусны дээжээс эрүүл байсан ч богино хугацаанд өвчилж нас барсан 500 хүний дээжийг онцгойлон судлаж, хэдийгээр үхлийн шалтгаан өөр өөр байсан ч адил төстэй шинж тэмдэг илэрч байсныг тогтоожээ. 42 настай эрүүл эмэгтэй цусны цагаан бөөмийн өвчнөөр гэнэт өвчилж 2.5 жилийн хугацаанд нас барсан байна. Мөн 32 настай эрүүл эрэгтэй зүрхний өвчнөөр 1 жилийн дотор нас баржээ. Энэ 2 хүн өөр өвчнөөр нас барсан боловч цусан дахь 4 төрлийн бодисын үзүүлэлтээр адил байв. Цусанд ДНХ, уураг зэрэг олон төрлийн нэгдэл агуулагдаж байдаг. Эрүүл байсан ч гэнэт өвчилж богино хугацаанд нас барсан хүмүүсийн цусан дахь 4 төрлийн бодис (Alb, VLDL-D Gp, Cit)-ын агууламж хэт өндөр байжээ. Гэхдээ одоогоор нарийн учир шалтгааныг тодруулж амжаагүй байгаа бөгөөд тус их сургуулийн судалгаа үргэлжилж байна.

Наномашиныг ч мөн адил урьдчилан сэргийлэх эмчилгээнд ашиглахаар төлөвлөжээ. Профессор Катаока судалгаандаа олон улсын эрдэмтэдийг урьж, хүний бие дэх өөрчлөлтийг наномашин мэдрэх, түүнийг арьсанд суулгасан чилээр дамжуулан эмчид мэдээлэх систем бий болгох, цаашид өвчний төрөл зүйлд тохируулан янз бүрийн эмээр үйлчлэх чадвартай супер (универсиал) нано машин бүтээхээр зорьж байна. Эрүүл үеэс нь эхлэн хүний бие дотор цусны урсгалтай хамт эргэлдэж, илэрсэн өвчний үндсийг тэр дор нь устгах, өөрөөр хэлбэл хүний бие доторхи эмнэлэг бодит байдал болох цаг холгүй бизээ.

Хөгшрөлтийг зогсоож, өвчинг найдвартай эмчилж, тэр ч байтугай урьдчилан сэргийлж, наслалтын хязгаарыг давах гэж буй анагаахын шинжлэх ухаан хорт хавдрын эмчилгээнд ч шинэ амжилт олсоор байна. Харвардийн их сургуулийн профессор Мэтью Маерсоны удирдсан судалгааны баг супер компьютер ашиглан хорт хавдрын генийн мутацын хэлбэрүүдийг судалж байна. Тэд элэгний хавдрын генийн мутацын 15000 хэлбэр байгааг тогтоожээ. Ийнхүү хавдрын нуугдмал төрхийг илрүүлж түүнтэй хийх тэмцэл шинэ шатанд хүрч байна. Хорт хавдрын эмчилгээнд гарч буй дэвшлийн үр дүнд америкт уг өвчнөөр нас барагсдын тоо жил ирэх тусам буурсаар байна. Япон улс бараг 800 сая долларын хөрөнгө оруулалт бүхий наномашины судалгааны төвийг байгуулж, тун удахгүй ашиглалтад оруулах гэж байна. Технологийн дэвшлийн ачаар хөгжингүй орнуудад хүний дундаж наслалт хоног тутам 5 цагаар нэмэгдэж байгааг та мэдэх үү. 30 жилийн дараа, 2045 он гэхэд дундаж наслалт 100-д хүрэх нийгэмд та хэрхэн амьдрах вэ.

эх сурвалж; NHK

Багц мэдээ 5; Биткойн, робот булчин, шинэ усан онгоц ...

Биткойн халдлагад өртөв үү
Биткойны арилжааны томоохон тоглогчдын нэг Токиод байрлах Эм Ти Гокс компани арилжаагаа тодорхойгүй шалтгаанаар зогсоосон байна. Тус компанийн гүйцэтгэх захирал "бид үйл ажиллагаагаа сэргээх бүхий л боломжийг эрэлхийлж байна" хэмээн мэдэгдсэн боловч харилцагчдын оруулсан хөрөнгийг буцаан олгох эсэх талаар дурдсангүй. Мэргэжилтнүүд тус компанийг кибер халдлагад өртөж, нийт 744000 биткойн буюу 330 сая долларыг хулгайд алдсан хэмээн таамаглаж байна. Мөн энэ сарын эхээр биткойны ханш 828.99 доллараас 135 доллар болж унахад ихээхэн хэмжээний алдагдал хүлээсэн юм. Нөхцөл байдлаас үүдэн Япон улсын санхүүгийн хяналтын байгууллагаас шалгалт хийж эхлээд байгаа боловч хөрөнгө оруулагчид, хувь хүмүүсийн хохирлыг барагдуулах эрхзүйн үндэслэл байхгүй байна. Энэ явдлаас үүдэн АНУ-ын холбооны прокурор биткойны арилжаанд шалгалт оруулах гэж байгаа тухай мэдэгдлээ.


Алсын удирдлагат усан онгоц бүтээнэ
Хүний шууд жолоодлогыг алсын удирдлагаар орлуулах хэрэгслүүд зөвхөн нисэх төхөөрөмжүүдээр хязгаарлагдахгүй бололтой. Ролс Ройс компани ачааны усан онгоцуудыг алсын удирдлагатай шууд бус жолоодлого бүхий хөлгүүдээр орлуулахаар төлөвлөжээ. Өнөөдөр 375 тэрбум долларын өртөг бүхий усан тээвэр дэлхийн худалдааны эргэлтийн 90%-ийг гүйцэтгэж байна. Тэгвэл хүний шууд бус жолоодлого бүхий шинэ усан онгоцууд илүү хямд, аюулгүй, орчны бохирдол багатай байх ажээ. Зохион бүтээгчид шинэ загварын усан онгоцны төслийг эхлүүлэхийн зэрэгцээ алсын удирдлагын "кибер ширээ"-г бүтээсэн байна. Усан онгоцны алсын удирдлага хөлөг дээр байрлаж, эргэн тойрон 360 хэмийг харах боломж бүхий камерт суурилсан кибер системд тулгуурлах юм. Манан, цас зэрэг зэрэг цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд хүнээс илүү харах чадвар бүхий камерууд усан тээвэрт аль хэдийн ашиглагдаж байгаа юм. Харин шинэ загварын усан онгоцууд 10 жилийн дотор далайд хөвж эхлэх төлөвтэй байна.



Кредит картыг байрлалын мэдээлэлтэй холбоно
Санхүүгийн үйлчилгээний Мастеркарт, харилцаа холбооны технологийн Синиверс компани хамтран кредит картыг зүй бусаар ашиглагдахаас сэргийлсэн нэгэн шинэ үйлчилгээ бий болгосон байна. Сонголт хэлбэрээр авч болох энэ үйлчилгээ кредит картаар хийгдэх төлбөр тооцооны үед хэрэглэгчийн ухаалаг утасны байрлалын мэдээллийг давхар шаардана. Хэрэв байрлалын мэдээлэл зөрөх тохиолдол гарвал картыг хүчингүй болгоно. Энэ нь кредит картыг хулгайлах, хуурамчаар дууриалган үйлдэх зэргээр гэмт этгээдүүдэд ашиглагдах магадлалыг эрс бууруулсан арга хэрэгсэл болох ажээ. Нөгөө талаас банк улс дамжин аялагчдад үзүүлэх үйлчилгээндээ илүү их итгэлтэй болох юм байна.


Хүнийхээс 100 дахин илүү хүчтэй булчин бүтээнэ
Эрдэмтэд хүний булчингийн ширхэгтээс 100 дахин илүү хүчтэй хиймэл утас бүтээсэн байна. Ердийн загасны уурга болон оёдолд ашиглагддаг утаснаас гаргаж авсан энэ бүтээгдэхүүн ирээдүйд терминатор мэтийн хүн хэлбэрийн хүчирхэг робот, төрөл бүрийн протезинээс авхуулаад робот өмсгөл, механик хөдөлгүүр, гидравлик систем зэрэг өргөн хүрээнд ашиглагдах боломжтой юм. Хүний гарынхтай адил урт, жин бүхий хиймэл булчингийн механик хүч хүнийхээс 100 дахин илүү байна. Энэ нь булчингийн кг бүрт 7.1 морины хүч үүсгэх бөгөөд тийрэлтэт хөдөлгүүрийн механик хүчтэй дүйцэж байгаа юм.

Хиймэл утасны хүчний нууц нь гэрэл шингээх болон химийн урвалын үр дүнд үүсэх температруын өөрчлөлтийн нөлөөнөөс үүдэлтэй хэмээн Сайэнс сэтгүүлд нийтлэсэн өгүүлэлд дурджээ. Минутад 10000 эргэлт бүхий хүнд ротороор эрчилсэн энэ хиймэл утас температур нэмэгдэхэд агшиж, буурах үед сунадаг байна. Уртын дагуух агшилт хүний булчинд 20% байдаг бол шинэ хиймэл булчинд 50%-д хүрэх ажээ. Мөн механик ачааллаас үүдэлтэй хэдэн сая агшилт суналтыг давах чадвартай юм. Судалгааг Австрали, Өмнөд Солонгос, Канад, Хятад, Туркийн эрдэмтэдийн хамтарсан баг Тексасын их сургуульд хийсэн байна.


Дулаарал түр зогссон шалтгаан
Дэлхийн агаар мандал дахь нүүрсхүчлийн болон бусад хүлэмжийн хийн агууламж 800 мянган жилийн түүхэнд хамгийн өндөр хэмжээндээ хүрээд байна. Гэхдээ сүүлийн 15 жилийн хугацаанд дэлхийн гадарга орчмын температур нэмэгдээгүй хэмээн Засгийн Газар Хоорондын Цаг Уурын байгууллагын илтгэлд дурджээ. Учир нь номхон далайн салхины нөлөөгөөр халсан усны урсгал далайн гүн лүү чиглэж, харьцангуй бага температуртай усыг далайн усны дээд хэсэгт хүргэж байгаас үүджээ. "Цаг Агаарын Өөрчлөлт" сэтгүүлд дурдсанаар экватор орчмын салхины эргэлт огцом нэмэгдсэнийг Австралийн эрдэмтэд тогтоосон байна. Энэ салхины нөлөөгөөр 2012 онд дэлхийн гадаргын температур 0.1-0.2 хэмээр буурчээ. Гэхдээ салхины нөлөө хэдхэн жилийн дараа арилж, дулаарал дахин эрчимжнэ гэдгийг компьютрийн загвар харуулж байна.



эх сурвалж; BBC, mailonline, physorg

Багц мэдээ 4; Гэй ген, Ухаалаг хэрээ, Био чулуу ...

Гэй гэнийг илрүүлжээ
Ижил хүйстнээ сонирхох явдал гениэс үүдэлтэй ажээ. Чикажээагогийн их сургуулийн эрдэмтэд 400 хос гэй эрэгтэйд хийсэн ДНХ-ийн шинжилгээгээр тэдний бэлгийн чиг хандлагад 2 төрлийн гени нөлөөлж байгааг илрүүлсэн байна. Энэ нь ижил хүйстнээ сонирхогч болох эсэх нь сонголт бус байгалиас заягдсан зүйл болохыг нотлож байна. Нөгөө талаас хүүхдийнхээ бэлгийн чиг хандлагыг төрөхөөс нь өмнө мэдэх боломжийг эцэг эхчүүдэд олгоно. Гэхдээ үүнээс шалтгаалан хорвоод мэндэлж, хүн болох эрхээ хасуулах эрсдэл гарч болхыг судалгаа хийсэн эрдэмтэд анхааруулж байна. Энэ удаагийн судалгаа зөвхөн эрчүүдийг хамарсан бөгөөд одоохондоо хэдэн гени бэлгийн чиг хандлагыг тодорхойлоход нөлөөлдгийг бүрэн тогтоогоогүй байна. Мөн эхийн умайн нөхцөл байдал ижил хүйстэн болох эсэхэд нөлөөлдөг болохыг өмнө нь хийгдсэн судалгааны үр дүн харуулж байжээ.


Ном уншиж өгөх нь хүүхдэд хийх хамгийн том хөрөнгө оруулалт
Эцэг эхчүүд хүүхэддээ хоногт хамгийн багадаа 10 минут зарцуулж, ном уншиж, үлгэр ярьж, харилцан ярилцаж байвал тэдний ирээдүйд хийх маш том хөрөнгө оруулалт болно гэдгийг эрдэмтэд нотлож байна. Эцэг эх, томчуудтай байнга харилцан ярилцдаг хүүхдийн тархины үг боловсруулж, утгыг танин мэдэх процесийн хурд эрс нэмэгддэг байна. Энэ цаашид амжилттай суралцаж, сайн боловсрол эзэмших, сайн сайхан амьдрахад нөлөөлдөг. Станфордын их сургуулийн сэтгэл зүйч Феранлдын хийсэн судалгаа хүүхдийн үг боловсруулах хурд ихээхэн ялгаатай байдгийг тогтоожээ. Зарим хүүхэд хоногт 600 хүрэхгүй цөөн үг хэрэглэдэг бол зарим нь 12000 үгийг хүлээн авч, ойлгож чаддаг. Хүүхдийн ийм чадварыг хөгжүүлэхэд телевиз ямар ч нөлөө үзүүлэхгүй. Харин ном гайхалтай үр дүнтэй. Ном нь үгээр баялаг байхаас гадна үйл явдлын утга агуулгыг ойлгохыг хичээх явцад хүүхдийн дүрслэн бодох чадварыг хөгжүүлдэг ажээ.


Хэрээний "ухаан"-ыг шалгав
Кэмбрижийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн туршилт хэрээг бусад бүх сүүн тэжээлтнээс илүү ухаантай, 3-4 настай хүүхдийн хийдэг үйлдлийг гүйцэтгэж чадвартайг харуулсан байна. Хэрээний тархины төвөгтэй бүтэц нь дүрслэх, боломжит үйлдлүүдийг таамаглах зэрэг сэтгэцийн арга хэрэгслүүдийг ашиглаж адил төстэй асуудлыг шийдэх чадвар өгдөг байна. Энэ удаагийн туршилт амьтны ертөнцийн тархины боломжийг шалгасан хамгийн төвөгтэй 8 даалгаврыг агуулсан бол 007 хэмээн нэрлэгдсэн хэрээ нийт даалгаврыг 2.5 минутад бүрэн гүйцэтгэсэн байна. Дараах туршилтын бичлэгт торон доторхи хоол тэжээлд хүрэхийн тулд хэрээ богино савааны тусламжтайгаар өөр торнууд дотроос чулуу цуглуулж, тэдгээрийг жингийн ачааллаар хазайх тавцан дээр унагах замаар илүү урт саваа авч байгааг үзүүлжээ.





Унтаж байхдаа ч шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулах боломжтой
Хүмүүсийг унтаж байх үед хэдэн зуун сая ухаалаг утасны хүчирхэг процессор ямар ч ашиглалтгүйгээр зогсолтын байдалд ордог. Тэгвэл Самсунгийн Австри улс дахь салбар Венийн их сургуультай хамтран энэ их хэмжээний хэрэглэгдээгүй хүчин чадлыг зохистой ашиглахаар төлөвлөжээ. Павер Слийп (Power Sleep) хэмээх андройд апликэшн хэрэглэгчдийг ухаалаг утасныхаа ашиглагдаагүй тооцоолох хүчин чадлыг шинжлэх ухааны судалгаанд зориулан зээлдүүлэх боломж олгоно. Хэрэглэгчийн хувьд энгийн цаг, сэрүүлэг хэлбэрээр ашиглагдах уг аликэшн сэрүүлгийн тохируулга хийгдсний дараа цэнэглэх болон Вай Фай холболт хийж орхисон тохиолдолд мэдээллийн баазаас илгээсэн мэдээллүүдийг боловсруулж эхлэнэ. Утасны процессор анагаах ухаан, биохими, молекулын биологи, хорт хавдрын судалгаанд ашиглагдах юм. Павер Слийп апликэшн  60 мянган комьпютрийг Берклийн Компьютрийн Сүлжээний Нээлттэй Бүтцэд холбох чадвартай ажээ.


Био бетон үйлдвэрлэх энгийн арга
Эрчим хүчний үйлдвэрлэл, түүхий эдийн хомсдлоос үүдэлтэй асуудлуудаас зайлсхийх нэгэн шинэ санаачлагыг Питер Трумблэ хэмээх дизайнер гаргасан байна. Байгаль орчинд сөрөг нөлөө бүхий цементийн үйлдвэрлэлийг орлох бүтээгдэхүүнийг эрж хайсан тэрээр зөөвөрлөх боломжтой жижиг оврын төхөөрөмж бүтээж, элс, бактери, шээс гурвыг холих замаар био чулуу (biostone) хэмээх материал гаргаж авах аргыг олжээ. Төхөөрөмжийн туршилтын загвар хэдийгээр жижиг хэмжээний бүтээгдэхүүн гарагж байгаа боловч цаашид үйлдвэрлэлийн зориулалтаар их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой. Био чулуу нь мөн байгальд ээлтэй бөгөөд хөгжиж буй орнууд болон алслагдсан бүс нутагт тун хямд барилгын материл болох давуу талтай юм. Трибмлийн үзэж байгаагаар цемент үйлдвэрлэлийн уламжлалт аргаар боловсруулалт хийх үеийн нийт үйл ажиллагааны 96 % нь үр ашиггүй хаягдал болдог бол дөнгөж 4% нь бүтээгдэхүүнд хувирдаг байна. Хаягдал нь түүхий эдийг олзворлох, түлш шатаах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэх шатанд гардаг. Тэгвэл биочулууг хэвэнд хийж, хатаахад л хангалттай. Шээсээр хооллосон бактериуд хэсэг хугацааны дараа элсийг нягтруулж, тодорхой хэмжээний ачаалал даах чадвартай болгодог байна.





эх сурвалж; mailonline, gizmag

Олимпийн амжилтад булчингийн хүч бус шинжлэх ухаан нөлөөлнө

Сочийн өвлийн олимпт өрсөлдсөн Словакийн тамирчин Жозеф Пэтрулак өөрөөсөө 3 насаар ахмад чаргаар уралдсан байна. Тэгвэл түүний Герман өрсөлдөгчид алдарт Би Эм Би компанийн бүтээж, зөвхөн тухайн улиралд тохирсон, илүү хурдлах боломжтой шинэ чаргаар жил бүр хангагдаж байна. Ийм нөхцөлд германы тамирчид хамгийн олон алтан медал хүртэж байгаа нь тийм ч гайхалтай хэрэг биш юм. Өөрөөр хэлбэл олимп болон спортын уралдаан тэмцээнүүдэд зөвхөн булчингийн хүчээр амжилт үзүүлэх боломжгүй болсныг харуулж байна.

Ивээн тэтгэгч сайтай, хүчтэй эдийн засаг бүхий улсын тамирчдын ард дэлхийн зэрэглэлийн эрдэмтэд, инженерүүд ажиллаж, тамирчдынхаа тэшүүрийг хурцалж, хувцасыг таруулж, гравитацын оновчтой нөлөөллийг тооцоолж байна. Ингэж бэлтгэгдсэн тамирчдын амжилт эргээд олон нийтийн анхаарлыг татаж, дараагийн уралдаан тэмцээнд улам олон ивээн тэтгэгч, хөрөнгө оруулалт дуудах нөхцөл болж байна. Алт болон хүрэл медалийн ялгаа секундыг 100 хуваасны нэгтэй тэнцэх хугацаагаар хэмжигдэж байгаа нөхцөлд шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашигласан багууд илүү амжилт гаргах болов.

Феррари компани Италийн тэшүүр, бобслейн багийг, Формулагийн аварга Макларен Их Британийн багийг тус тус ивээн тэтгэж, аэродинамик зэрэг чиглэлээр зөвлөгөө өгч байна. Дэвшилтэт технологи цанын тосолгооны материалд биелэлээ олж 500 төрлийн бүтээгдэхүүн бий болжээ. Ийм материал үйлдвэрлэдэг японы компани Сочийн цасыг 2 жилийн өмнөөс судлаж, тохирсон тосолгооны материалаар тамирчдаа хангасан байна.

Олимпын бэлтгэл ажлын хүрээнд технологи ашигласан жишээнүүд дундаас АНУ-ын тэшүүрийн багийн тамирчдын шинэ хувцас анхаарал татаж байна. Уг хувцасыг бүтээхийн тулд зохион бүтээгчид гурван хэмжээст сканер, хөдөлгөөн бүртгэгч төхөөрөмж ашиглан тамирчин нэг бүрийн биеийн компьютер дүрслэл үүсгэсэн байна. Түүнд тулгуурлан хувцасны хэдэн зуун хувилбараас амжилтад хамгийн их нөлөөлөх магадлалтайг сонгожээ. Мөн хувцасны магнай, гар хөлийн булчинд таарах хэсэгт тамирчны хөдөлгөөнд саад бололгүйгээр агаарын эсэргүүцлийг бууруулах полиуретан зурвас оруулсан байна.

Өврийн чарга (skeleton)-ны уралдаан тамирчин чарган дээр үсэрч гарахын өмнөх 40 м-ийн гүйлтээс эхэлдэг. Чарганд жолоо байхгүй боловч тамирчны суудал (эмээл) дахь байрлалаар чиглэлийг тохируулж, 140 км/ц хурдлах боломжтой. Тэгвэл АНУ-ын баг Би Эм Даблю компанийн дизайнеруудаас авхуулаад тэргүүлэх зэргийн инженерүүд оролцож, шингэний урсгалын динамик, хөдөлгөөн бүртгэх, гурван хэмжээст загварчлал, салхины туннелийн туршилт зэрэг хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан бүтээсэн шинэ суудал ашиглажээ.


эх сурвалж, theboar, physorg

Багц мэдээ 3; Ухаалаг буу, Хортой бактери, НАСА-гийн туршилт ...

Ухаалаг гар буу
Арматикс компани үндсэн эзэмшигчээс өөр хүн хэрэглэх боломжгүй ухаалаг буу бүтээсэн байна. Жэймс Бондынхтой төстэй уг буу зөвхөн эзэмшигчийн бугуйн цагны радио долгионыг хүлээн авсан нөхцөлд буудах боломжтой болно. 2012 онд Сэнди Хүүк бага сургуулийн 26 хүүхэд алагдсан хэргийн дараа технологийн компаниудын санаачлан бий болгосон "Ухаалаг Технологийг Дэмжих Сан"-гийн 1 сая долларын шагналд нэр дэвшиж буй технологийн бүтээлүүдийн нэг болох энэ буу хослон ажиллах бугуйн цагийг зүүгээгүй тохиолдолд ердийн тоглоомноос ялгагдахгүй. Дэвшилтэт технологи ашигласан ухаалаг буу зөвхөн Арматикс компанийхаар зогсохгүй бөгөөд хулгайлагдсан эсвэл бусдад ашиглагдсан тохиолдолд эзэмшигчид мэдээлэх төхөөрөмж агуулах Глок гар буу бүтээгдсэн бол Сэнди Хүүкийн хохирогчдийн нэгнийх нь өвөө эзэмшигчийн хурууны хээг таних чадвартай гар буу зохион бүтээсэн байна.


Сансарт ургуулсан хүнсний ногоо аюулгүй
Оросын эрдэмтэд Олон Улсын Сансарын Станцад хэд хэдэн төрлийн хүнсний ногоо ургуулж, тэдгээрийг хүнсэнд хэрэглэхэд ямар нэгэн эрсдэлгүй болохыг тогтоосон байна. Лада хэмээн нэрлэгдэх хүлэмжинд ургуулсан вандуй, давжаа буудай, япон навчит ногооны өсөлт хэвийн, дэлхий дээр ургуулснаас ялгаагүй байжээ. Энэ нь сансарт хүнсний ногоо ургуулах, нисгэгчдийг шинэ ногоогоор хангахад асуудалгүй гэдгийн нотлогоо болж байна. Хүнсний ногоо нь зөвхөн хүнсний хэрэгцээнээс гадна сансарын нисгэгчдийн сэтгэл зүйд ихээхэн эерэг нөлөө үзүүлэх юм. Лада хүлэмжийн модуль нь зөөвөрлөх боломжтой бөгөөд одоогийн байдлаар хорт бичил биетүүд үржсэн эсэхийг шалгах, зарим засвар хийх зорилгоор дэлхийд ирүүлээд байна. Цаашид цагаан будаа, төмс, чинжүү зэрэг ургамлыг сансарт тариалахаар төлөвлөжээ. Оросын эрдэмтэд өмнө нь ОУСС-д буудай тариалж, түүгээр нэрсэн шар айргийг худалдаалж байсан билээ.


Бээжингийн агаарт хортой бактери илрэв
Бээжингийн агаарт 1300 төрлийн бичин биетэн агуулагдаж байгааг хятадын эрдэмтэд илрүүлсэн байна. Тэдгээрийн ихэнх нь харшил үүсгэх, элэгний өвчний үндэс суурь болох зэргээр хүний биед аюултай юм байна. 2013 оны 1-р сард буюу агаарын бохирдлын хамгийн өндөр үед Бээжингийн агаараас авсан дээжийн ДНХ-ийн шинжилгээгээр бичил биетний аюултай төрөл зүйлийн агууламж хэт өндөр хэмжээнд байгааг тогтоожээ. ДНХ-ийн шинжилгээ нь зөвхөн амьд биетээс гадна хүний арьс, нохойн ялгадас зэргээс агаарт тархах бактерийн үлдэгдлийг ч хамардаг байна. Тэгвэл энэ оны 1-р сарын 31-нээс эхэлсэн хятадын уламжлалт цагаан сарын өдрүүдэд Бээжин, Шанхай зэрэг хотын агаарт агуулагдах тоосонцрын Пи Эм 2.5 үзүүлэлт огцом өсч, стандартаас хэдэн 10 дахин нэмэгдсэн байна. Энэ нь цагаан сарын үеэр их хэмжээгээр хэрэглэдэг ёслолын буудлага, тэсрэгч бодисуудын утаанаас үүдэлтэй юм.


Хүн дэлхийтэй хамт хэр хурдан эргэлддэг вэ
Энэ тухай бодол хэзээ нэгэн цагт таньд төрж байсан уу. АНУ-ын Интеграл Консалтин компаний нэгэн шинжээчийн бүтээсэн графикаас өөрийн амьдарч буй газар нутгийн байрлалаас хамааруулан дэлхийтэй хамт хэр хурдан эргэлдэж байгаагаа мэдэх боломжтой. Эргэлтийн хурд дэлхийн бөмбөрцгийн уртрагийн байрлалаас хамаарах бөгөөд 0-ээс 1674 км/ц (1040 мил/цаг)-ийн хооронд байдаг байна. Графикийг дэлхийг төгс бөмбөрцөг хэлбэртэй хэмээн тооцоолж бүтээсэн бол үр дүнгийн нарийвчлал 1,6 км/ц юм. Дэлхийн экватор орчимд байрлах биет хамгийн урт буюу 40,075 км зайг 23 цаг 56 минут 4 секунд хугацаанд 1674 км/ц хурдаар туулдаг байна. Харин монголчууд бид ойролцоогоор 1125 км/ц буюу секундэд 312 м зай туулах хурдаар эргэлддэг байна.


Орчлонгийн хамгийн хүйтэн цэгийг бий болгоно
НАСА орчлонгийн хамгийн бага (хүйтэн) температурыг ОУСС-д үүсгэхээр төлөвлөж байгаа тухай мэдээллээ. Огторгуйн одод, галактикуудийн хоорондын орон зайд орших хийн материйн температур Кельвиний 3 хэм буюу Целсийн -270 хэмд хүртэл буурдаг. Тэгвэл НАСА түүнээс ч бага, 100 пико келвин температурыг үүсгэхээр төлөвлөсөн байна. Энэ нь атомын дулааны үйл ажиллагаа онолын хувьд бүрэн зогсох абсолют тэг температураас кельвиний нэгжийн 10 тэрбумны нэгтэй тэнцэх хэмжээгээр өндөр юм. Ийм нөхцөлд бодисын хатуу, хий, шингэн төлөвийн тухай ердийн ойлголт хүчингүй болж, тэгээс яльгүй өндөр энерги бүхий атомуудыг агуулах матери квантын онцлог төлөвт шилжих ажээ. ОУСС-ын өчүүхэн бага таталцлын нөхцөл нь дэлхий дээрхээс илүү бага температур үүсгэх боломж өгдөг байна. 2016 онд хөөргөхөөр төлөвлөж буй төхөөрөмжийн тусламжтайгаар хийх энэхүү туршилтын зорилго хэт хөрсөн атом бүхий хийнүүдийг холих замаар квантийн шинэ үзэгдлүүдийг нээж, асар хурдан электрон төхөөрөмж, лазер зэргийг бүтээх боломж бүрдүүлэх найдлага төрүүлж байгаа юм.



эх сурвалж; mailonline, popsci

Багц мэдээ 2; Атомын цаг, Орион хөлөг, Амазоны үйлчилгээ ...

Хамгийн өндөр нарийвчлал бүхий атомын цаг
АНУ-ын Колорадагийн их сургуулийн Астрофизикийн хүрээлэн, Технологи Стандартчиллын Үндэсний Хүрээлэн хамтран дэлхийн хамгийн өндөр нарийвчлал бүхий атомын цаг бүтээсэн байна. Стронцийн цагны нарийвчлал өмнөх дээд амжилтаас 50% нэмэгдэж, 5 тэрбум жилийн хугацаанд 1 секунд алдах хэмжээнд хүрчээ. Энэ нь дэлхий үүсэн бий болсноос хойших цаг хугацаанаас ч урт хугацаа юм. Уг атомын цаг нарийвчлалаас гадна тогтворжилт буюу тоолж буй үргэлжилсэн хугацааны дундаж утгын хамгийн өндөр хэмжээг хэр удаан хангаж байгааг илэрхийлэх үзүүлэлтээр дээд амжилт тогтоосон байна. Харин өмнөх дээд амжилтыг квантын логик цаг 3.7 тэрбум жилд 1 секунд алдах үзүүлэлтээр 4 жилийн өмнө тогтоож байжээ.


Утасны дэлгэцийн цоожийг чихээрээ нээнэ
Дэлгэцийн цоож нь хурууны хээгээр нээгдэх Аплийн ухаалаг утасны шинэ загвар хэрэглэгчдийг мэгдүүлж, Самсунгийн дараагийн утсанд нүдний солонгон бүрхэвчийн зургийг унших технологи ашиглагдана гэсэн цуурхал тарахад хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад Дэкарт Байометрикс компани чихээрээ дэлгэцийн цоожийг нээх боломжтой андройд апликэшн бүтээсэн байна. Хүмүүсийн чих хурууны хээтэй адил онцлог давтагдашгүй шинж чанарыг агуулдаг байна. Уг апликэшн хувь хүний зуршил буюу утсаа барих өнцөг зэрэг чихэнд хамаарах хэмжилтүүдийг хийдэг байна. Мөн утсаа чихнийхээ ойролцоо байрлуулах үйлдлийг хурууны хээтэй адил урьдчилан бүртгүүлэх шаардлагатай юм.


Хүний биеийн биометрийн хэмжилтийн аргууд нууц үгийг орлуулах зэргээр өргөн хүрээнд ашиглагдаж байна. Айлок компаний судалгаагаар биометрийн хэмжилтын аргын андуурдах магадлал хурууны хээ таних системд 10000 уншилтад 1 удаа тохиодог бол хоёр нүдний солонгон бүрхэвчийн зургийг зэрэг хянах аргад 2.25 тэрбум уншилтад нэг удаа байдаг байна.



Гүүгл глас сексийн хэрэглээнд
Гүүгл нүдний шил "экс ангилал"-ын хэрэглээнд ч бас ашиглагдах бололтой. Хосуудын харилцааны хамгийн дотно мөчид таазан дахь толь, толгойд бэхлэх дүрс бичлэгийн камер хэрэглэлгүйгээр өөрсдийн дүрийг хамтрагчийнхаа "нүдээр харах" боломжийг олгох апликэшн бүтээгдсэн байна. Бүтээгдэхүүний дизайны ангийн нэгэн оюутны Ай ҮС-д зориулан бүтээсэн уг апликэшнийг дуу хоолойгоор удирдаж, бичлэг хийхээс гадна хамтрагчийнхаа "нүдээр харах" боломжтой. Хэрэв Гүүгл гласыг гэрийн ухаалаг төхөөрөмжүүдэд холбосон тохиолдолд гэрэлтүүлгийн тохируулга өөрчлөх, дуу хөгжим сонгохоос авахуулаад сексийн байрлалын талаар интернетээс хайлт хийхэд хүртэл ашиглах боломжтой. Гэхдээ энэ апликэшнийг Гүүглээс хориглох магадлал өндөр байгаа юм. Өмнө нь үүнтэй адил төрлийн порно апликэшнийг хориглож байсан бөгөөд хөгжүүлэгчийн веб хуудаснаас устгахаас өмнө Гүүгл Глас хэрэглэгч 17 хүн татаж авч, 1000 гаруй хүн үзэж амжсан байна.


Амазон барааг захиалахаас өмнө хүргэж өгнө
Амазон компани хэрэглэгч ямар нэгэн бүтээгдэхүүнийг худалдан авахаар шийдэхээс нь өмнө, эсвэл захиалга хийгдсэнээс хойш 1 минутын дотор хүргэж өгөх систем бүтээж байна. Тус компанийн авсан "Урьдчилсан тээвэрлэлт"-ийн патентад дурдсанаар ачаа илгээгч байгууллагын салбар буюу захиалагчийн гэрийн гадна байрлах шуудан хүргэлтийн автомашинд хүлээлтийн байдалд хадгалагдах юм байна. Энэ үйлчилгээ борлуулалт сайтай ном зэрэг бүтээгдэхүүнд тохирох бөгөөд хэрэглэгчийн захиалгын түүх, худалдан авахыг хүсч буй бүтээгдэхүүний жагсаалт, тэр ч байтугай ямар бүтээгдэхүүн дээр курсороо удаан байрлуулсан зэрэг онлайн үйлчилгээний үеийн хэрэглэгчийн мэдээлэлд тулгуурлах ажээ. Мөн буцаалтыг багасгах зорилгоор хямдралын карт дагалдуулах, сурталчилгааны бэлэг хэлбэрээр ашиглах боломжийг ч бас тусгажээ. Тус компани өмнө нь барааг 30 минутын дотор захиалагчид хүргэх нисдэг төхөөрөмж, систем бүтээж байгаа тухай мэдээлж байсан билээ.

Орион хөлөг бүтээх ажлын гуравны хоёрыг гүйцэтгэв
НАСА Шатлл хөтөлбөр дуусгавар болсноос хойш бүтээж буй сансарын анхны хөлгийн үйлчилгээний модулийг бүтээсэн тухай мэдэгдлээ. Үүгээр Аюулгүйн салгалтын систем (LAS), Нисгэгчийн модуль (CM), Үйлчилгээний модуль (SM) гэсэн гурван хэсгээс бүрдэх Орион (Orion)  хөлгийг бүтээх ажлын гуравны хоёрыг гүйцэтгээд байна. Аюулгүйн салгалтын системийг өнгөрөгч 11 сард хийж дуусгасан бол хөлөг бүтээх ажлын сүүлчийн шат буюу Нисгэгчийн модулийн хэсгийн ажлыг ирэх хаврын эхлэл үед дуусгахаар төлөвлөжээ. Орион хөлөг нь дэлхийн тойрог замаас гарч, сар, бага гаригууд, Ангараг зэрэгт хүрэх сансарын алсын зайн, урт хугацааны аялалд зориулагдах юм. Уг хөлгийн туршилтын автомат нислэгийг энэ оны 9-р сарын дундуур хийхээр төлөвлөж байна. НАСА бие даан сансарын хөлөг бүтээхээс гадна хувийн компаниудийн адил төрлийн технологийн хөгжүүлэлтийг дэмжиж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан билээ.





эх сурвалж, gizmag, mailonline, universetoday

Далавчит пуужингийн түүх

880 км/ц-ын хурдаар нам өндөрт нисч, 2500 км зайг туулна. Онилсон цэгийн 10 м-ийн радиус дотор тусч, байг устгах далавчит пуужинг жинхэнэ төгс зэвсэг гэхэд хилсдэхгүй. 1991 онд "Цөлийн шуурга" ажиллагааны үеэр анх ашигласан Томахавк пуужингийн оновчтой тусгал дэлхий нийтийн анхаарлыг татах болжээ. Гэхдээ далавчит пуужин анхнаасаа төгс байгаагүй нь мэдээж. Пуужингийн технологийг олон арван жилийн турш хөгжүүлж ирсэн эрдэмтэн, судлаачдад хэд хэдэн томоохон саад бэрхшээлийг даван гарах шаардлага тулгарчээ. Эхний бэрхшээл нь суудлын тэрэгтэй адил 1.5 тонн жинтэй пуужинг усан дорхи шумбагч онгоцноос харвах явдал байв. Томахавк пуужинг суурилуулсан шумбагч онгоц өнөөгийн дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэглэлд тооцогдох болжээ. Бодит байдалд дэлхийн хүн амын 90% оршин суугаа газар нутгийг шумбагч онгоц, Томахавк пуужингууд бүрэн хянаж байна.


Тэгвэл 1950-аад оны үед пуужинг зөвхөн уснаас ил гарсан шумбагч онгоцны тавцангаас л харваж байв. Пуужинд түлш хийж, харвах тавцанд суурилуулах хугацаанд шумбагч онгоц далайн усан дээр ил байрлах шаардлагатай. Энэ нь түүний голлох давуу талыг алдагдуулахад хүргэнэ. Иймд Америкийн Далайн Цэргийн Хүчин усан дотроос харвах технологи боловсруулахаар төлөвлөсөн боловч энэ нь бараг хэрэгжих боломжгүй байв. Харвах хоолойд байрлах пуужингийн хөдөлгүүрт гал ноцоох үед дэлбэрэлт болж, шумбагч онгоцыг өөрийг нь сөнөөөх аюултай байжээ. Орчин үед пуужинг хөөргөхөд шингэн түлш голлон ашиглаж байна. Үүнд устөрөгчийн хэт исэл, гидразин хэмээх хоёр шингэнийг холих үед тэсрэх мэт огцом шатах үзэгдлийг ашигладаг. Эдгээр бодисууд нь дангаар байх үедээ ч аюултай юм. Устөрөгчийн хэт исэл өтгөрвөл дэлбэрэх, цаас, хөвөн зэрэг хялбар шатах материал дээр асгарах тохиолдолд шатах  аюултай. Тэгвэл гидразин нь хортой учир амьсгалаар дамжин хүний биед орж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Америкчууд анх далавчит пуужинд шингэн түлш ашиглахаар төлөвлөх үед ихээхэн эсэргүүцэлтэй тулгарчээ. Тэгвэл дарь мэтийн химийн бодисоос бүрдэх хатуу түлш илүү аюулгүй боловч тухайн үед хангалттай хэмжээний түлхэлтийн хүчийг үүсгэх боломжгүй байв. Иймд хатуу түлшинд хольж, түүний шаталтаас илүү өндөр температур гаргаж авахад шаардагдах бодисыг эрж хайжээ. Чарльз Хэндэрсон, Кийт Рамбэл нар химийн үелэх системийн элементүүд дундаас эрэл хайгуул хийсний эцэст нунтаг хөнгөн цагаан шатахад амархан, температурыг огцом нэмэгдүүлж байгааг илрүүлжээ. Гэхдээ хэмжээг хэт ихэсгэвэл пуужингийн чадал буурахад хүргэнэ. Хэндэрсон нар хөнгөн цагааны агууламж 20% байх нь хамгийн оновчтой болохыг тогтоов. Туршилтаар хөнгөн цагаан агуулсан түлш бараг 2 дахин их хүчийг үүсгэж байжээ. 1950-аад оны үед Хэндэрсон нарын хийсэн нээлт пуужигнийн технологийг хурдацтай хөгжихөд түлхэц өгсөн юм.


Өнөөдөр хөнгөн цагаан Шатллаас авахуулаад Томахавк хүртэл төрөл бүрийн пуужинд ашиглагдаж байна. Гэхдээ харьцангуй богино хугацаанд шатаж дуусдаг. Томоохон пуужингуудад түлш бүрэн шатахад хэдхэн минутад л шаардагдана. Шаталтын технологийн ийм нөхцөлд Томахавк хэрхэн 2500 км зай туулдаг вэ. Учир нь усны гадаргаас тасарсны дараа нислэгийн хэлбэрээ гайхалтайгаар өөрчилдөг явдал юм. Энэ үед пуужингийн агаар сорох хаалт нээгдэж, хоёр далавч автомат хутга мэт гарч ирнэ. Дараа нь хурдасгах (пуужинт) хөдөлгүүрийн хэсэг салах үед 880 км/ц хурд авч, нам өндрийн нислэг эхлэнэ. Ийнхүү хэдхэн секундын дотор пуужингаас нисэх онгоцонд хувирна. Далавчит пуужингийн гарал үүсэл ч нисэх онгоцноос эхлэлтэй ажээ.

Дэлхийн 1-р дайны үед их буу хамгийн хүчирхэг зэвсэг байсан боловч сумны тусгал дөнгөж 30 км байв. Нисэх онгоц дайсны нутгийн гүнд нэвтэрч чадах ч бөмбөгийг гараар шидэх учир хангалттай ойртохгүй бол довтлох боломжгүй байв. Иймд 1917 онд Охаё мужын Детройтод цугласан эрдэмтэдийн баг бөмбөг суурилуулсан нисгэгчгүй онгоц бүтээхээр зорьжээ. Шинэ автомат бөмбөгдөгчийн их биеийг нисэх онгоц анхлан бүтээсэн ах, дүү хоёрын нэг Орвил Райт хариуцсанаар хуучин нисэх онгоцны эд ангиар 5-хан минутад угсрах боломжтой, 80 кг тэсрэх бодис зөөх чадал бүхий "Кэтэрин Бааг" төрөн гарчээ. Мөн анхны автомат залуурын төхөөрөмж ашиглагдсан байна. Гэхдээ туршилтын ихэнх нислэг бүтэлгүйтэж байв. Төхөөрөмжийн зүрх болсон гироскоп нь нислэгийн үед их бие ямар ч чиглэлд хазайхад эргэлдэгч хавтангууд үндсэн чиглэлээ хадгалах төхөөрөмж юм. Гироскопийн хөдөлгөөнөөр далавчийг удирдаж, эгц шулуун чиглэлийн нислэг хийх боломжтой болжээ.


Гэхдээ их биеийг агаарт зөвхөн хэвтээ чиглэлд тэнцвэртэй байлгаж, шулуун нислэг үргэлжлүүлэн хийх боловч бүрэн автомат нислэг биш байв. Өөр нэгэн сул тал нь нислэгийн хугацаа уртсах тусам чиглэлийн зөрүү хэт ихэсдэг явдал байв. Анхны нислэгүүдийн нэгт туршилтын загвар төлөвлөсөн шулуун чиглэлд 2.5 км ниссэн боловч гэнэт салхины нөлөөнд автаж хот руу чиглэсэн байна. Цэргийн нууц төхөөрөмжийг хүмүүст мэдэгдэхээс болгоомжилсон зохион бүтээгчид байдаг чадлаараа нэхэж, тариалангийн талбайд унах үед нь амжиж гүйцжээ. Тухайн үед ойролцоо ирсэн аж ахуй эрхлэгч унасан онгоцны нисгэгчийн тухай асуухад шүхрээр бууж амжсан хэмээн худал хариулсан хөгжилтэй тохиолдлууд ч гарч байжээ. Анхны нисэх онгоцноос хойш 15 жилийн дараа, 1918 онд бүтээгдсэн Кэтэрин Бааг хэдийгээр дайн байлдаанд нэг ч удаа ашиглагдаагүй боловч дэлхийн анхны далавчит пуужинд тооцогдсон юм.

Томахавк пуужингаас нисэх онгоцонд хувирах замаар туулах зайг ихээхэн нэмэгдүүлнэ. Пуужинт хөдөлгүүр салсны дараа тийрэлтэт хөдөлгүүр ажиллагаанд залгагдаж, түлш дуусах хүртэл 2500 км зайг туулж амжина. 1950-аад оны үед үр ашиг муутай тийрэлтэт хөдөлгүүр, түлшны том хэмжээний савыг шаардаж, пуужингийн овор хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэсэн тул шумбагч онгоцонд ашиглах боломжгүй байв. Иймд хөдөлгүүрийн овор хэмжээг багасгахыг зорьсон эрдэмтэд 1964 онд тодорхой шийдэлд хүрчээ. Тухайн үед цэргүүдийг тээвэрлэх нэг бүрийн нисэх төхөөрөмжийн судалгаа хийж байсан Америкийн Арми "Тийрэлтэт бүс"-ийг зохион бүтээжээ. Ердийн пуужингийн хөдөлгүүр 6000 орчим эд ангиас бүрдэх тул, хэт нарийн нийлмэл бүтэц нь нийт овор хэмжээг багасгахад саад болж байв. Гэхдээ олон жижиг ангиудыг нэгтгэн нэг болгох замаар үйлдвэрлэж, эцсийн шатанд эд ангийн тоог 600-д хүргэн бууруулсан байна.


Хөдөлгүүрийн овор хэмжээ ч багасч, 30 кг болсон тул хүний нуруунд үүрэх боломжтой болжээ. Тухайн үед туршилтын нисгэгч Боб 18м өндөртэй модыг давах зэрэг гайхалтай чадварлаг нислэгийн үзүүлбэр хийж байв. Сүүлд "тийрэлтэт бүс"-ийн хэд хэдэн загвар бүтээгдэж, технологи илүү хөгжсөн боловч армийн анхаарал бага багаар сулсарсаар эцэстээ судалгаа бүрэн зогссон байна. Тэнгэрт нисэх цэргүүд дайсанд туйлын тааламжтай бай болно гэдгийг анзаарсан ч байж магадгүй.  "Тийрэлтэт бүс" хэдийгээр бүтээгдэхүүн болж чадаагүй ч пуужингийн технологийн хөгжилд томоохон дэвшил болсон юм. Жижиг хэмжээний тийрэлтэт хөдөлгүүр пуужингийн овор хэмжээг багасгаж, усан онгоцноос хэдэн зуун км зайд харвах боломж бүрдүүлэв. Гэхдээ далавчит пуужин бүтээгчид шинэ саадтай учирах болно.

Пуужинг төөрөлгүйгээр хэдэн зуун км нисгэх залуурын төхөөрөмж зохион бүтээгчдийн хувьд толгойн өвчин болжээ. Хүйтэн дайны үед америкийн пуужин 8000 км зайг туулж, Зөвлөлтөд хүрэх ёстой байв. Иймд чиглэлээ бага зэрэг алдахад л байнд онож тусахад бэрх байна. 1966 онд шинэ төрлийн залуурын төхөөрөмж бүхий Снак пуужинг бүтээжээ. Залуурын аргачлал нь цоо шинэ санаа байв. Пуужинд байрлуулсан телескопын тусламжтайгаар туулах замын дээр байрлах ямар нэгэн одоор баримжаалан траектор буюу чиглэлээ засварлаж байв. Гэхдээ туршилтын хүрээнд амжилттай хэрэгжсэн гайхалтай санаа бодит байдалд ашиглах боломжгүй байв. 1000 км/ц хурдлах пуужин одоор баримжаа авч чадалгүйгээр ихэнх туршилтын нислэг бүтэлгүйтэж, пуужингууд далайд унаж байжээ. Пуужинг зөв залах гэсэн бүтэлгүй оролдлогууд "Снакаар дүүрсэн далай" хэмээх хошин хэллэг бий болоход хүргэснээр төгссөн байна.


Удалгүй залуурын найдвартай төхөөрөмж бий болов. Мөн дуунаас 3 дахин хурдалж, Зөвлөлтөд хүрч чадах анхны үй олноор хөнөөх зэвсэг Слам баллистик пуужин бүтээгдэв. Слам тус бүр 1 мегатонн хүч бүхий 16 цэнэгт хошууг агуулж, бүгдийг онилсон байд дараалан унагаж чадна. Зохион бүтээгчид дов толгод, уул нурууд зэрэг газрын гадаргын онцлогийг агуулсан дижитал газрын зураг бүтээж, Сламын компьютерт оруулжээ. "Хурууны хээ" хэмээн нэрлэгдсэн энэ технологи дижитал газрын зургийг радараар хэмжсэн газрын гадаргын байрлалтай харьцуулах замаар пуужинг төөрөлгүй нисч, 16 байд дараалан оновчтой довтлох боломжоор хангасан байна. Тухайн үеийн америк 50 ширхэг слам пуужин бүтээжээ. Мэргэжилтнүүдийн нотлож байгаагаар 1 мегатоннын 800 цэнэгт хошуу байхад л Зөвлөлтийг газрын хөрснөөс бүрэн арчих боломжтой байв. Гэхдээ Батлан Хамгаалах Яам пуужинг ашиглах шаардлагагүй гэж үзэж, 1964 онд төслийг зогсоожээ.


Харин 1970-аад оноос хөгжүүлэлт хийж эхэлсэн Томахавк пуужинд "хурууны хээ" ашиглагдаж, өнөөдрийг хүрээд байна. Радарын залуур нь пуужинд шинэ хүч чадал буюу "үл үзэгдэх" боломжийг өгчээ. 800 км/ц-аас илүү хурдлах Томахавк газраас хэдхэн метрийн өндөрт нисэх учир дайсны радараас бүрэн нуугдах боломжтой болсон байна. Гэхдээ энэ гайхалтай нислэг автоматаар хийгддэгийг мартаж болохгүй. Мөн далавчит пуужинтай дүйцэх чадварлаг нисгэгч нэг ч үгүй гэгдэж байна. Гэхдээ пуужингийн эхний шатны залуурын төхөөрөмж сул талыг агуулж байв. Энэ нь зөвхөн газрын гадаргын элдэв хэлбэрийг таних учир тэгш тал газарт ашиглах боломжгүй байдал юм. Иймд "Цөлийн шуурга" ажиллагааны үеэр далайгаас харвасан Томахавк пуужинг Ираны уул нурууг дагуулан шулуун замаас хоёр дахин урт зайд нисгэн байж Багдад хотод довтолж байв. Томахавк төлөвлөсөн байг найдвартай устгах боловч довтлох мөчийг хэрхэн тааруулдаг бол.

1944 онд Лондон хотод үл таних нисдэг биетүүд үзэгдэх болж, яг хотын дээр ирэх үедээ унаж дэлбэрч байв. Тэр бол германчуудын бүтээсэн Ви 1 далавчит пуужин байсан юм. Тухайн үед шинэ пуужингийн судалгаа хийхээр англид ирсэн америк цэрэг Хэппи Арнольд 26 жилийн өмнө "Кэтэрин Бааг"-ийг бүтээгчдийн нэг байжээ. Түүний цуглуулсан Ви 1 пуужингийн үлдэгдлийг америкт аваачиж, ердөө 3 долоо хоногийн дараа бүхий нууцыг танин мэджээ. Ви 1 энгийн бүтэцтэй боловч түүний хөдөлгүүр 600 км/ц хурдлах боломж өгч байв. Мөн америкчуудийн анхаарлыг ихээхэн татсан зүйл нь түүнийг автоматаар унагах төхөөрөмж байсан юм. Пуужингийн урд хэсэгт байрлах жижиг сэнсний эргэлт автомашины механик мильтэй төстэй тоолуурт холбогдоно. Пуужин унах ёстой газарт дөхөж очсоныг илэрхийлэх тоолуурын заалтын тодорхой утгад хүрэх үед цахилгаан хэлхээ салж, сүүл хэсгийн хөндлөн чиглүүлэгчийг хөдөлгөөнгүй болгоно. Дараа нь далавчнаас нислэгийн чиглэлд 90 хэмийн өнцөг үүсгэн байрлах хос ялтас гарч ирснээр пуужин удирдлагагүй болж, агаарын эсэргүүцлийн нөлөөгөөр унахад хүргэдэг байна.


Ви 1 тодорхой байд довтлох боломжгүй байсан боловч Лондон шиг томоохон хотод хангалттай хохирол учруулах чадалтай байжээ. Уг пуужин зөвхөн 6 долоо хоногийн дотор 80 мянган барилгыг эвдлэн сүйтгэж, нийт 6000 гаруй хүний аминд хүрсэн бол түүний довтолгоонд өртөж ноцтой гэмтэж бэртсэн хүний тоо 18 мянгад хүрчээ. Гэвч англичууд Ви 1-ийг угтан сөнөөх аргаа олсон байна. Тухайн үеийн английн нисэх онгоцуудын хүчин чадал  560 км/ц хурдаар хязгаарлагдаж байсан учир Ви 1-ийг гүйцэх боломжгүй байв. Гэвч 3000 м өндрөөс чөлөөт уналт хийх замаар илүү өндөр хурд авах нисгэгчдийн чадварлаг нислэг Ви 1-ийг гүйцэж, буудан устгах боломж өгчээ. Хэт ойрхноос довтлох үед пуужингийн дэлбэрэлтэд өөрсдөө өртөх аюултай байсан тул онгоц пуужинтай зэрэгцэх үед далавчаараа цохин унагах шинэ ур чадвар бий болж, түүнийг анхлан хэрэгжүүлсэн нисгэгчийн тухай сонин хэвлэлүүд шуугиж байв. Мөн их бууны тусгай сум бүтээснээр Лондонд довтлон ирсэн 8000 гаруй Ви 1 пуужингийн талаас илүүг замд нь устгасны эцэст германчууд Ви 1-ээс татгалзжээ.

Харин америкчууд Ви 1 пуужингийн технологит тулгуурлан шинэ робот зэвсэг бүтээж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байсан боловч чиглэлийн зөрүү 11 км-т хүрч байв. Тэгвэл өнөөдрийн Томахавкийн хувьд энэ үзүүлэлт 1000 дахин сайжирсан. Өнөөдөр газрын гадаргын зургийг камераар авч комьпютерийн мэдээлэлтэй харьцуулахаас гадна Жи Пи Эс дохиоллыг ашиглаж байна. Иймд Томахавк байг нэг л удаа танисан бол 10 м радиусын хүрээнд байд найдвартай тусч, байшингийн цонхоор ч орж чадна гэгдэж байна. Гэхдээ дөнгөж 500 кг тэсрэх бодис тээвэрлэх учир дайсны хүчитгэсэн төмөр бетон хана бүхий газар доторхи байгууламжийг устгаж чадахгүй байв. Иймд далавчит пуужингийн учруулах хөнөөлийн хүчийг нэмэгдүүлэхийн тулд хүнд төмөр хошууг бүтээжээ. Ийм хошуу газрын гүнд шунгах замдаа орчны байдлыг мэдэрч, төмөр бетон хамгаалалтыг нэвтлэх мөчид тэсрэх төхөөрөмжийг ажиллуулах чадвартай. Хүчин чадлын хувьд газрын гадаргаас 30 м гүнд нэвтэрч, 6 м хүртэлх зузаантай төмөр бетон ханыг нэвтлэх боломжтой болжээ.

Иракийн дайны үед Томахавк пуужинтай зэрэгцэн сөнөөгч онгоцнууд нам өндрөөс довтолж байсан боловч илүү аюултай даалгаврыг анх удаа автомат нисэх төхөөрөмжүүд гүйцэтгэж эхэлжээ. Өнөөдөр бүтээгдэж байгаа нисэх онгоцны загваруудыг хүн жолоодох хамгийн сүүлчийн онгоцод тооцож байна. Учир нь ирээдүйн далавчит пуужин гэгдэх олон дахин ашиглах боломжтой автомат нисэх төхөөрөмжүүд хянах, ажиглахаас авхуулаад төрөл бүрийн үүрэг гүйцэтгэх чадвартай болжээ. Их бие нь сум үл нэвтрэх чадвартай болж, онцгой материлаар бүтээгдсэн тул радарт харагдах боломжгүй болов. Ийм төхөөрөмжүүд дээвэр дээр байрласан мэргэн буудагч, нуугдсан террористийг ч илрүүлэн устгах боломжтой. Өөр нэгэн гайхалтай боломж нь алсаас удирдах явдал юм. Тухайлбал Иракийн цөлд байх автомат нисэх төхөөрөмжийг Лос-Анжелесийн тохилог өрөөнөөс удирдаж болно. Далавчит пуужинг нэгэнт хөөргөсөн л бол замд нь зогсоох, довтолгооныг болиулах аргагүй. Тэгвэл сөнөгч онгоцны нисгэгчтэй адил автомат нисэх төхөөрөмжүүдийн довтолгооныг бодит байдалд тохируулан эцсийн мөчид ч зогсоох боломжтой юм. Энэ бүхэн технологи хэдий хөгжсөн ч хүний оролцоо үргэлж байна гэдгийг харуулж байгаа хэрэг юм.


Дашрамд дурдахад Ирак, Афганистан улсын нутаг дэсвгэрт ашиглагдаж буй Глобал Хавк мэтийн автомат нисэх төхөөрөмжүүдийн довтолгооны улмаас энгийн иргэд олноор амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа явдалд НҮБ-аас авахуулаад дэлхий нийтээрээ анхаарал хандуулж эхэлж байна. Америкчуудын довтолсон химийн зэвсгийн үйлдвэр бодит байдалд хуурай сүүний үйлдвэр байсан зэрэг мэдээллүүд олноор дуулдах болов. Зориуд нууцласан иймэрхүү бодит үнэнг илрүүлэхэд Ассанж, Сноудэн нарын дуулианы эзэд ч чухал үүрэг гүйцэтгэж байна. Мөн автомат нисэх төхөөрөмжүүдийг америкаас удирдаж буй хүмүүс мэдрэмжийн хувьд ердийн компьютер тоглоом тоглогчтой адил түвшинд очиж, энгийн хүнийг террористээс ялгах, улмаар хүний амь насны үнэ цэнийг ухамсарлах чадвараа алддаг тухай чөлөөнд гарсан гүйцэтгэх албаны хүний яриа шуугиан тарьж байсан билээ.

эх сурвалж, Machines of War-Missiles