Эмнэлэгт тохиолдох нууцлаг үзэгдлийн учир

25 настай, сувилагч эмэгтэй А-д эмнэлгийн подвалаас донорын цус авахын тулд цогцос хадгалах өрөөний хажуугаар өнгөрөх нь тийм ч тааламжтай зүйл биш байв. Ялангуяа энэ удаагийнх шиг шөнө дунд, бүдэг гэрэлтэй урт хонгилыг туулна гэхээс жихүүдэс төрнө. А алхаагаа хурдасган цогцос хадгалах өрөөний хажуугаар хурдхан өнгөрхийг хичээсэн боловч учир битүүлэг чимээ сонсогджээ. Яг л талийгаачийн хойдхыг даатгах мэт нэгэн хэвээр үргэлжлэн унших маанийн дуунд цочирдсон тэрээр нэг ч хүнгүй подвалын хонгилоор гүйн оджээ.

24 настай, сувилагч эмэгтэй Б шөнө дунд хийсэн яаралтай мэс заслын дараа багагүй ядарч, сувилагчдын өрөө лүү ганцаараа явж байхдаа өвчтний цахилгаан тэргэнцэр замд нь байгааг олж харжээ. Тэргэнцрийг байх ёстой газар нь хүргэе хэмээн дөхөж очихдоо өмнөх өдөр нь нас барсан өвчтөн хэрэглэж байсан болхыг анзаарахын хамт алхаа нь өөрийн эрхгүй удааширсан байна. Гэтэл хоосон тэргэнцэр түүнийг чиглэн гэнэт ухасхийн хөдлөв. Яг л талийгаач өвчтөн амьд ахуйнх шигээ тэргэнцэрт суун жолоодох мэт түүнд санагджээ.

Тархинд нь цус харваж, эрчимт эмчилгээний тасагт ирсэн өвчтөн шөнийн 2 цагт нас баржээ. 23 настай сувилагч эмэгтэй В эмчилгээний дараах багаж хэрэгслийг хурааж, цэвэрлэгээ хийхээр хөрч амжаагүй цогцостой хоёулхнаа байв. Гэнэт хэн нэгний гар мөрөнд нь хүрэхийг мэдэрч, эргэж харсан боловч дөнгөж саяхан нас барсан талийгаачийн цогцосноос өөр хэн ч үгүй байв. Мэдрэгчийг нь салгаж амжаагүй байгаа хэмжих багажийн заалт тэгийг зааж өвчтний зүрх бүрэн зогссон байгааг илтгэнэ. В ажлаа үргэлжүүлэх гэсэн боловч энэ удаад хэн нэгэн бүхий л нуруугаар нь дарахыг мэдэрч, мэс заслын өрөөнөөс сандран гүйж гарсан байна.

Эдгээр нь эмч, эмнэлгийн ажилтнуудад бодит байдалд тохиолдсон гэгдэх нууцлаг үзэгдлийн жишээ юм. Эмнэлэг бол амьдрал үхлийн хоорондох тэмцэл өдөр бүр өрнөж байдаг газар билээ. Магадгүй хүмүүсийн олонхи нь энэ л газар хойд насаа угтах тавилантай гэхэд хилсдэхгүй. Иймэрхүү тохиолдлуудыг нас барсан өвчтний сүнс ямар нэг байдлаар хүмүүстэй холбоо тогтоохыг оролдож байна хэмээх ойлгох нь элбэг. Үнэхээр сүнс гэж байгаад биднээр даажигнаж байна уу, эсвэл иймэрхүү үзэгдлийн учрыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах боломжтой юу. Эрдэмтэн судлаачид ч гар хумхин суусангүй, асуултын хариуг эрцгээж байна. Япон улсын Токушима хотын 1-р эмнэлгийн дарга асан, сэтгэц судлаач эмч Нобушигэ Кори тус улсын 197 эмнэлэг, эмнэлгийн байгуулагыг хамарсан судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнд нууцлаг үзэгдлийн гэрч болсон 5183 тохиолдлын тухай мэдээллийг цуглуулжээ.

Нийт тохиолдлын 61.5 хувь нь сувилагч нарт тохиолдсон бол хамгийн их анхаарал татсан үзэгдэл нь дуу чимээтэй холбоотой байв. Дуу чимээтэй холбоотой тохиолдуудыг судлаж үзэхэд шөнийн цаг, цогцос хадгалах өрөөний ойролцоо, хонгил гэсэн нийтлэг нөхцөл байдал дийлэнхэд нь хамаарч байв. Үүнд тулгуурлан судлаачид нууцлаг үзэгдлийн учрыг тайлхыг оролдож, янз бүрийн дуу чимээг бичиж авах өндөр мэдрэмж бүхий төхөөрөмжүүдийг суурилуулж туршсан байна. Туршилтын явцад төхөөрөмжид бичигдсэн чимээ маанийн дуутай төстэй гэмээр сонсогдож байв. Цогцос түр хадгалах өрөө, моорг, задлангийн өрөө зэргэлдээ байх нь ихэнх эмнэлгүүдэд нийтлэг байдаг. Эдгээрт байрлах хөргөгчүүд цогцосыг муутгахгүйн тулд 4 хэмийн температурыг тогтмол барихаар тохируулагдсан байдаг байна.

Туршилтын үед хөргөгчийн компрессорын шуугиан хана нэвтлэн бичигч төхөөрөмжид бичигдсэн байв. Судлаачид компрессорын чимээ, маанийн дуутай адил сонсогдох эсэх талаар мэргэжлийн байгууллагад хандаж, бичлэгт шинжилгээ хийлгэжээ. Эдгээр нь хэдийгээр адилхан нам давтамжийн долгион үүсгэж, давтамж нь бараг өөрчлөгдөхгүй байв. Гэхдээ компрессорын шуугианы давтамж 0.4 сек, маань унших чимээ 0.9 секунд учир хүний чихэнд адилхан сонсогдох учиргүй ажээ. Судлаачид бичигч төхөөрөмжийг хонгилд байрлуулан туршиж үзтэл компрессорын шуугиан хонгилын хананд ойж, цуурайтах үед долгионы урт маанийн дуутай бараг адил болж байв.

Энэ нөхцлийг тухайн тохиолдлын гэрч болсон сувилагчийн сэтгэлзүйн байдалтай хамтатган үзвэл цогцос хадгалах өрөөний орчмоос сонсогдсон компрессорын шуугиан маанийн дуу мэт сонсогдох бүрэн боломжтой байв. Япон улсын эмнэлгийн барилгын өндрийг стандартаар тодорхой хэмжээнд хязгаарладаг ажээ. Иймд томоохон эмнэлгүүд илүү олон тооны ор байрлуулахын тулд таазыг намсгаж, давхрын тоог нэмэгдүүлэхийг зорьдог. Үүний үр дүнд ихэнх эмнэлгийн тааз ердийн барилгатай харьцуулахад 40 см орчим намхан байдаг байна. Мөн сүүлийн үеийн эмнэлгүүдэд гадна орчны дуу чимээг тусгаарлахын тулд ханыг 2 давхар хийцээс бүрдүүлэх болжээ. Эдгээрээс гадна эмнэлгийн барилгын голлох материал төмөр бетон хийц нь эмнэлэг доторхи дуу чимээг илүү их цууриатахад хүргэдэг байна.

Дуу чимээтэй холбоотой ч зөвхөн эмнэлэг гэлтгүйгээр бусад нөхцөлд өргөн тохиолддог нэгэн жишээ бий. Хонгилоор алхах үед араас хэн нэгэн дагах мэт хөлийн чимээ сонсоогүй хүн үгүй байх. Дагаж байгаа эсэхийг мэдхээр түр зогсох үед адилхан зогсоно. Эргэн харахад хэн ч байхгүй боловч дахиад алхах үед араас мөн л даган алхана. Олон хүнийг жихүүцүүлдэг энэ үзэгдлийн жинхэнэ эзэн нь цуурай юм. Агаар дахь дууны хурд 340 м/с байдаг. Хэрэв хонгилын уртыг 25 м хэмээн тооцвол таны хөлийн чимээ хонгилийн үзүүрт ойн, буцаж ирэхдээ 0.1-0.2 секунд хугацаа зарцуулж араас чинь дагаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болно.

25 настай, сувилагч эмэгтэй Г шөнө дунд хонгилоор алхаж байхдаа хэн нэгний шаналан ёолох дуу хоолойг сонссон байна. Ийм чимээ өвчтөнүүд хэвтэн эмчлүүлэх тасгууд байрлаж буй 4-р давхарт сонсогдсон бол хэвийн үзэгдэл. Гэхдээ энэ удаад шөнийн цагт, хэн ч байх ёсгүй үзлэгийн өрөөнүүд байрлах 2-р давхарт байхад нь сонсогджээ. Ёолох чимээ ямар нэгэн зүйлд гомдоллон, аврал эрэх мэт үргэлжлэн, тэр ч байтугай яг хажуухнаас нь сонсогдож байв. Энэ тохиолдолд хамгийн түрүүнд дэвшүүлж болох таамаглал бол 4 давхарт хэвтэж буй өвчтнүүдийн хурхирах, өвдөлтийн үед яраглах гэх мэтийн чимээ 2 давхар хүртэл ямар нэгэн замаар сонсогдож болох магадлал юм. Мэргэжилтнүүдэд хандахад үнэхээр дуу чимээ агааржуулалтын хоолойг дамжин өөр давхарт сонсогдох үзэгдэл (cross talk)-ийн үр дүн гэдгийг нотложээ. Жишээнд дурдсан сувилагчийн дуу чимээ сонссон нөхцлийг үүсгэн туршилт хийж үзэхэд 4 давахрт үүсгэсэн чимээ агааржуулалтын хоолойг дамжин 2 давхарт бүрэн сонсогдож байв. Ийнхүү дуу чимээтэй холбоотой нууцлаг үзэгдлийн учрыг бүрэн тайлбарлав.

35 настай, сувилагч эмэгтэй Д шөнийн цагаар сувилагчдын өрөөнд компьютер дээр ажиллаж байтал гэв гэнэт хажуугийн өрөөнөөс хөгжим дуугарах сонсогджээ. Айж гайхсаар очиж үзвэл хоосон өрөөнд байх орнуудын нэгнийх нь дэргэд СД тоглуулагч ажиллаж байв. Энэ тухай сүүлд орж ирсэн өөр нэгэн сувилагчид хэлвэл тоглуулагч өмнөх өдөр нь нас барсан нэгэн өвчтнийх байсныг мэджээ. 20 настай, сувилагч эмэгтэй Е шөнө дунд гэнэт дуугарсан "сувилагч дуудах дохиолол"-ын дагуу өвчтний өрөөнд очтол хэн ч байсангүй. Гайхалтай нь хэн нэгэн тусламж хүсэх мэт хоосон өрөөнөөс ирэх дохиолол нэг удаагаар дууссангүй, шөнийн цагт хааяа хааяа сонсогдох болсон байна. Хэдийгээр тухай үед хоосон байсан ч амь нас нь дээсэн дөрөөн дээр байх хүнд өвчтнүүдийг сувилагчдын өрөөний ойролцоо байрлуулах нь элбэг байдаг, тэднээс цөөнгүй нь бурхны оронд оддог байна.

Цахилгаан тэргэнцэр, дуудлагын дохиолол, СД тоглуулагч мэтийн тохиолдлуудад ажиглагдах нийтлэг нөхцөл нь цахилгаанаар ажиллах төхөөрөмжүүд байв. Сувилагчдын өрөөнд зүрхний бичлэг хийгч, даралт хэмжигч, хиймэл амьсгалын гэх мэтийн янз бүрийн цахилгаан төхөөрөмжүүдийг байрлуулдаг. Мөн өрөөний хананд гар утас хэрэглэхийг хориглосон тухай анхааруулга хадсан байв. Цахилгаан төхөөрөмжтэй хамааралтай тохиолдлуудын тухай цахилгаан харилцаа холбооны чиглэлийн их сургуулийн мэргэжлийн профессороос тодруулахад цахилгаан соронзон долгионы нөлөөнөөс үүдэлтэй байж болохыг үгүйсгээгүй байна.

Гар утас зэрэг төхөөрөмжүүд ийм долгион ялгаруулж эмнэлгийн нарийн мэдрэгч багажуудад сөргөөр нөлөөлөх, ажиллагаагүй болгох магадлалтай байдаг. Өдрийн гэрэл 3 мГ (миллигаусс), айркондишнер 6 мГ, зурагт 8 мГ долгион тус тус ялгаруулдаг байна. Нөгөө талаас эмнэлгийн цахилгаан багаж хэрэгслүүд ч цахилгаан соронзон долгионы үүсгүүр болдог. Хэмжилт хийж үзэхэд зүрхний бичлэгийн аппарат 6 мГ, хиймэл амьсгалын аппарат 8 мГ, цус сэлбэх төхөөрөмж 6 мГ гэх мэтчилэн төхөөрөмж тус бүр долгион ялагруулж байв. Судлаачид цахилгаан төхөөрөмжийн аюулгүй байдлын судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагатай хамтран хэд хэдэн туршилт хийж үзжээ. Битүү тусгаарлагдсан өрөөнд байрлах цахилгаан тэргэнцэрт янз бүрийн давтамж бүхий цахилгаан соронзон долгион илгээж туршихад давтамжийн тодорхой утгын үед тэргэнцэр ухас ухасхийн хөдлөв. Мөн СД тоглуулагч ч ажиллаж, эдгээр нь тохирсон давтамжийн долгион илгээгдэх тохиолдолд маш сул хүч бүхий долгионы нөхцөлд ч ажиллах боломжтой нь нотлогдов.

Эхэнд дурдсан судалгаанаас үзвэл ямар нэгэн зүйл биед нь хүрэхийг мэдэрсэн тохиолдол хамгийн өндөр буюу 47.6 хувийг эзлэж байв. 23 настай, сувилагч эмэгтэй Ё-д хүнд өвчтөнг сэхээн амьдруулах тасагт хүргэн, эмчилгээнд бэлтгэж байх үед хэн нэгэн нуруугаар нь тэврэх мэт мэдрэмж төрсөн байна. Гэхдээ энэ мэдрэмж түүнд танил бөгөөд тэргэнцэрт суулгахын тулд хагас үүрч, орноос нь босгодог байсан ахмад насны өвчтөнг санагдуулжээ. Харин тэр өвчтөн тухайн өдрийн өглөө нь нас барсан байв. 32 настай, сувилагч эмэгтэй Ж рентгений өрөөнд орох үед хэн нэгэн хүзүүн дээр нь маш хүчтэй дархыг мэдэрчээ. Тухайн үед хөдөлж ч чадахгүй болсон байсан сувилагч Ж сүүлд нь рентгений өрөөнд орохоосоо айдаг болсон байна.

Эдгээр тохиолдлууд цахилгаан хэрэгсэлтэй адил эмнэлгийн багаж төхөөрөмжүүд суурилагдсан нөхцөлд ихэвчлэн хамаарч байв. Иймд судлаачид цахилгаан соронзон долгионы нөлөө хэмээн таамаглаж, туршилт хийжээ. Туршилтад оролцогч хүнийг тусгаарлагдсан өрөөнд байрлуулан зүрхний бичлэгийн ажиллаж буй аппаратыг аажим ойртуулсан байна. Энэ үед термограф ашиглан оролцогчийн биеийн температурыг, мөн булчингийн цахилгаанжилтыг хэмжиж, цахилгаан соронзон долгион хэрхэн нөлөөлж байгааг ажиглажээ. Туршилтаар долгионы давтамжийн тодорхой утгад, долгион үйлчилж буй булчин хүчтэй агшиж байгааг тогтоосон байна.  

Хүний биеийн эсүүд нэмэх цэнэг бүхий протон хасах цэнэг бүхий электроноос (атомоос) бүрддэг. Тэгвэл цахилгаан соронзон долгион нэмэх болон хасах цэнэгийн шинж чанарыг агуулдаг. Долгионы нэмэх цэнэгийн нөлөөнд орох үед хүний биеийн электронүүд түүнд татагдан шилжиж, булчингийн хэсэгт халалт ажиглагдана. Харин хасах цэнэгийн нөлөөнд орох үед электронүүд түлхэгдэж, булчинд агшилт өгнө. Эдгээрийн үр дүнд хэн нэгний гар хүрэх, дарах мэт мэдрэмж төрдөг байна. Үүнээс гадна хүний биеийн био хэмнэл тодорхой нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Шөнийн болон ээлжийн ажилтай хүмүүсийн бие температурын өөрчлөлтийн горимоо тогтвортой барьж чаддаггүй байна. Өдрийн ажилтай хүн унтах үед буюу оройн 11 цагаас өглөөний 7 цагийн хооронд биеийнх нь хэм нэмэгддэг.

Тэгвэл шөнө ажилладаг хүмүүс сэрүүн байлаа ч адил цагын хүрээнд биеийнх нь хэм харьцангуй өндөр байдаг. Ийм нөхцөлд биеийн хэм өдөр ажилладаг хүмүүсээс 0.7 градусаар илүү болж, зүрхний цохилт, цусны даралт тус тус нэмэгддэг байна. Өөрөөр хэлбэл симпатик мэдрэлийн систем идэвхтэй ажиллаж, долгионы нөлөөнд илүү өртөмтгий болгодог байна. Нөгөө талаас цусны урсгал саарч, хэсэгчилсэн байдлаар мөр, нурууны булчин хөшилт (агшилт)-ийн байдалд ордог байна. Энэ нь хүний гар хүрэх, нуруу, хүзүүн дээр нь дарахтай адил мэдрэмж үүсгэдэг ажээ. Дашрамд дурдахад эмнэлгийн багаж төхөөрөмжүүдэд долгион тусгаарлах материалыг бүрхүүл болгон ашиглах болсон сүүлийн үед ийм төрлийн нууцлаг үзэгдлийн тохиолдлын тоо эрс буурсан байна.

Гэхдээ нууц нь хараахан тайлагдаагүй үзэгдлүүд бас бий. Хонгилд гарч ирсэн цагаан өмсгөлт хүн сувилагчийг харангуут зогтуссанаа огцом эргэж, хана нэвтлэн уусан алга болсон, хэвтрийн өвчтний ширээний гэрэл асаалттай байгааг хараад хөшгийг нээх үед өмнөх өдөр нь нас барсан өвчтөн дэргэд нь сууж байсан, зөөвөрлөж явсан цогцос цахилгаан шатан дотор гэнэт хөдөлсөн гэх мэтийн тохиолдлуудын учрыг одоохондоо шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадаагүй байна.


эх сурвалж, Nippon TV

Агуу хувиралтын түүх 1; Далайн бүрэн ууршилт

Эх дэлхий маань 4.6 тэрбум жилийн өмнө үүссэн цагаасаа эхлэн агуу хувиралт өөрчлөлтүүдийг даван туулсаар ирсэн цуцашгүй тэмцэгч гариг билээ. 4 тэрбум жилийн өмнө солирын мөргөлдөөнөөс үүдэн далай бүрэн ууршиж байсан бол 2,2 тэрбум, мөн 600 сая жилийн өмнө дэлхий бүхэлдээ цас мөсөөр хучигдан хөлдөлтийн байдалд орж байв. 250 сая жилийн өмнө газрын гүнээс их хэмжээний магмыг үлээн гаргасан аварга дэлбэрэлтүүд болж амьд амьтадын 90%-ийг устан үгүй болоход хүргэжээ. Эдгээр агуу хувиралт өөрчлөлтүүд амьдралыг олон удаа мөхлийн ирмэгт хүргэж байсан юм. Гэвч нөгөө талаас бид бүхэн өнөөгийн төрхөө олсон явдал олон удаагийн агуу хувиралтыг даван туулах явцад хувьсан өөрчлөгдсөний үр дүн юм. Микроорганизм байсан бидний өвөг дээдэс олон эст амьтан болон хувирах явц их мөстлөгийн үеэс эхэлсэн бол аварга дэлбэрэлтүүдийн үеэс үр удмаа бие дотроо (умайд) өсгөх болсон гэдэг. Энэхүү урт удаан цаг хугацаа, орон зайг хамарсан тэмцлийн түүх дэлхий үүссэн мөчөөс эхлэлтэй билээ.

4.6 тэрбум жилийн өмнө дэлхийн гадарга бараг бүхэлдээ улаан өнгөөр туяарах далайн усаар бүрхэгдэж байв. Учир нь зузаан үүлэн давхарга нарны гэрлийн улаанаас бусад өнгийг нэвтрүүлж чадахгүй байсан юм. Мөн тэр үеийн дэлхий одоогийнхоос 10 дахин жижиг байв. Одоогийн наранд хамгийн ойрхон 4 гаригийн тойрог зам орчимд 20 гаруй жижиг гариг эргэлдэж байсан гэдэг. Эдгээр жижиг гаригуудаас өнөөгийн дэлхий хэрхэн үүссэнийг супер компьютерт тулгуурлан хийсэн япон эрдэмтэдийн судалгаагаар тодорхойлсон байна. 20 жижиг гариг 10 сая жилийн турш нэг нэгэндээ хал балгүйгээр нарыг тойрон эргэлдэж байв. Гэвч дараахан нь хоорондын таталцлын хүчнээс үүдэн тойрог замаа өөрчилж, мөргөлдөж эхлэнэ. Мөргөлдсөн жижиг гаригууд усны дусал мэт хайлан өмнөхөөс 2 дахин том гаригийг үүсгэнэ. Мөргөлдөлтийн тоо олон байх тусам гариг улам томорно. Буд гариг 1-2 жижиг гаригийн мөргөлдөөнөөс үүссэн бол Сугар гариг 8 орчим удаагийн мөргөлдөөний үр дүнд бий болжээ. Харин Ангараг нэг ч удаагийн мөргөлдөөнд оролцоогүй анхдагч жижиг гаригуудын нэгт тооцогдож байна.


Тэгвэл дэлхий 10 орчим удаагийн мөргөлдөлтийн гэрч болж, өнөөгийн хэмжээнд хүрчээ. Дэлхийн эхний үеийн мөргөлдөлтүүдээс үүлэн давхарга нь нимгэрч, зай завсраар нь далайн ус үзэгдэх болов. Харин хамгийн сүүлчийн мөргөлдөөн онцгой үйл явдал байв. Мөргөлдөөний улмаас хайлсан чулуулаг сансарт тархана. Чулуулгийн ихэнх хэсэг дэлхийн татах хүчний нөлөөгөөр солир болон буцаж унав. Мөргөлдөлтийн төв дэлхийн төвөөс зөрсөн учир чулуулгийн зарим хэсэг хэтэрхий холд шидэгдсэн байна. Хэрэв тухайн үед дэлхийн гадаргаас тэнгэр лүү ширтвэл Санчирын бүслүүр мэт тэнгэрт тархсан чулуулгуудыг харж болно. Эдгээр үлдэгдэл чулуулгууд хоорондоо татагдан нэгдсээр сарыг үүсгэжээ. Ийнхүү сар хэмээх дагуул бүхий дэлхий хэмээх гариг үүсэн бий болов. Дэлхийн хэмжээ бага гаригуудын мөргөлдөөний үр дүнд санамсаргүй байдлаар шийдэгдсэн хэмээн эрдэмтэд үзэж байна. Дэлхий санамсаргүйгээр том хэмжээтэй болсон явдал нь биднийг үүсэн бий болгох маш чухал бөгөөд санамсаргүй нөхцлүүдийн нэг юм. Чухамхүү энэ хэмжээ амьдрал үүсч, өдийг хүртэлх урт удаан хугацаанд оршин тогтноход хүргэжээ. Үүний нотлогоог хөрш Ангарагаас харж болно. Ангараг гариг далайтай байсан нь сүүлийн үеийн судалгаагаар тодорхой болоод байна. Хэдийгээр нарнаас алслагдсан зайн хувьд амьдрал үүсэх бүрэн боломжтой боловч өнөөдөр ус ч далай ч үгүй болжээ. Татах хүчний хэмжээ бага учир агаар мандал, далайг тогтоон барьж чадаагүй байна. Хэрэв дэлхий одоогийнхоос жижиг хэмжээтэй байсан бол Ангарагийн хувь тавиланг давтахаас өөр аргагүй болно. Том хэмжээтэй дэлхий өөрийн татах хүчээр далайг урт удаан хугацаанд тогтоон барьж байгаагийн ачаар далайн усанд амьдрал үүсч, оршин тогтнож байгаа билээ.

Нийт газар нутгийн 80 хувь нь цас, мөсөөр хучигдсан Грийнланд бол дэлхийн түүхэндэх хамгийн эртний чулуулгийг хадгалж үлдсэн бүс нутаг юм. Данийн эрдэмтэн Миник Росинг тэндээс хамгийн эртний амьдралын ул мөрийг илрүүлсэн юм. 1 м ч хүрэхгүй жижиг чулууны 30 см хэмжээтэй бараантан харагдах хэсгийг энгийн нүдээр хараад амьтны үлдэгдэл гэхээр зүйлийг олж харж чадахгүй. Гэвч чулууг электрон микроскопоор томруулан харсан эрдэмтэд нүүрстөрөгчийн бараан цэгүүдийг илрүүлсэн байна. Эдгээр цэгүүд 3.8 тэрбум жилийн өмнөх амьд биетийн үлдэгдэл гэдгийг шинжилгээгээр тогтоожээ. Одоогоор олдоод буй хамгийн эртнийд тооцогдох энэхүү амьт биетийн хэмжээ мм-г 100 хуваасны нэгтэй тэнцэж, өнөөгийн бактеритэй адил бичил биетэн байсныг илтгэнэ. 3.8 тэрбум жилийн өмнө Грийланд орчим хэдэн 100 м гүн бүхий далайн ёроол байсан бөгөөд эртний амьд биетүүд далайн уснаас нүүстөрөгчийг агуулах тэжээлийн бодисыг шингээн авч, бие махбодоо бүрдүүлж байжээ. Эрдэмтэд дэлхийн анхны амьдрал 4.3-аас 4 тэрбум орчим жилийн өмнө далайн усанд үүссэн гэж үздэг. Харин энэхүү эртний амьдралд заналхийлсэн хамгийн анхны аюул сансраас ирсэн солир байсан юм.


АНУ-ын Аризона мужид 20 мянган жилийн өмнө унасан солирын тогоо бий. 1.2 км диаметр бүхий энэхүү тогоог солироос үүдэлтэй гэдгийг 19-р зууны сүүл үеийн уул уурхайн бизнесмэн Даниэл Баллингэр 100 гаруй жилийн өмнө тогтоожээ. Ийм том хэмжээний тогоо үүсгэсэн солир мөн адил том хэмжээтэй, төмөр, никелийн арвин агууламжтай байна хэмээн найдсан тэрээр тогоог худалдан авч хэдэн арван мянган долларын өртөг бүхий малтлага хийсэн байна. Өнөөгийн ханшаар тэрбум гаруй долларын зардал гаргаж, 25 жил ухсан боловч Баллингэр солирын тогооноос юу ч олж чадсангүй. Харин уг солирын хэмжээ дөнгөж 10 м байсан тухай эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдсэний дараахан малтлагаа зогсоосон тэрээр зүрхний өвчнөөр нас баржээ. 10 м хэмжээтэй солирын мөргөлдөөнөөс 100 дахин том хэмжээтэй тогоо үүссэн байв. Тэгвэл үүнтэй харьцуулахад 10 мянга дахин том, жингийн хувьд тэрбум дахин том солирууд 4 тэрбум жилийн өмнө дэлхийг мөргөж байв. Бага гаригуудын мөргөлдөөн дөнгөж дуусаад байсан тэр үед гариг үүсгэхэд оролцоогүй чулуулгууд дэлхийн тойрог замын ойролцоо олон тоогоор эргэлдэж, ийнхүү аварга солир болон унаж байжээ. Нөгөө талаас дэлхий том хэмжээтэй болсныхоо хэрээр солируудыг урин дуудах болов.


Стэнфордын их сургуулийн Норман Слип, НАСА-гийн Кевин Занл нар дэлхийд хэдий хэр том солирууд унаж байсныг судлаж байна. Гэвч дэлхийн гадаргын тектоникийн хөдөлгөөний нөлөөгөөр эрт үеийн солирын тогоонууд арилж алга болсон байдаг. Харин тэдний анхаарлаа хандуулсан саранд ийм хөдөлгөөн үгүй учир эртний солирын тогоонууд хадгалагдаж үлджээ. Эрдэмтэд саран дээрх тогоонуудаас үүдэн илүү том хэмжээтэй, илүү их гадаргатай дэлхийд 25 дахин олон солир унаж байсныг тогтоосон байсан. Судалгаагаар дэлхийд 200 км-ээс дээш хэмжээний солир 10 - 20 ширхэг, 300 км-ээс дээш хэмжээний солир 3 - 11, хамгийн том буюу 400 км-ээс том хэмжээний солир 8 ш хүртэл тус тус дэлхийг мөргөж байжээ. Эрдэмтэд 400 км хэмжээтэй аварга солирын мөргөлдөөн дэлхийд ямархуу үр дагавар үлдээхийг компьютерийн симуляцийн тусламжтайгаар судлаж үзжээ. Үр дүнг ойлгомжтой байлгах үүднээс солир өнөөгийн дэлхийд, номхон далайн төв хэсэгт унана хэмээн тооцоолсон байна. Солирын унах хурд цагт 75000 км байна. Гэхдээ аварга том хэмжээтэй учир агаарт хөвөн орж ирэх мэт харагдана. Мөргөлдөлтийн үед 10 км-ийн өндөр цунами үүснэ. 1 км хүртэлх хэмжээтэй чулуулгууд хэдэн мянган метр өндөрт хүрч, агаар мандлыг нэвтлэн сансарт цацагдах боловч удалгүй солирын бороо болон буцаж ирнэ. Солирын тогооны амны хэсэг 7000 м өндөртэй уул нурууг үүсгэнэ. Тогооны диаметр 4000 км хүрч, Гуамын арлаас хятадын эх газар хүртэл үргэлжилнэ. Гэхдээ энэ бүхэн гамшгийн зөвхөн эхлэлээс хэтрэхгүй.

Мөргөлдөлтийн үед солирын хөдөлгөөний энерги дулааны энергид хувирна. Энэхүү дулаан нарны гадаргатай адил целсийн 4000 - 6000 хэмийн халууныг үүсгэж, их хэмжээний уснаас гадна далайн ёроолын чулуулгийг ч ууршуулна. Хэрэв мөргөлдөх мөчийг сансраас ажиглавал тогоон дотор бөмбөлөг мэт шаргалтан тэлэх чулуулгийн ууршилтыг харж болно. 100 тэрбум мегатонн дэлбэрэлтийн хүч ууршсан чулуулгыг агаарт тархаана. Энэ уур 3 цагийн дараа Гималайн нуруунд хүрнэ. 4000 хэм бүхий хайлсан чулуулгийн салхи 300 км/с хурдаар довтолгох үед уулын мөнх цас хайлж ч амжилгүйгээр ууршина. Чийгшлээ огцом алдсан экватор орчмын ширэнгэ ой галан далай болон хувирна. Чулуулгийн уур дэлхийг бүрхэж, далайг буцалган улмаар ууршихад хүргэнэ. Далайн ус ууршиж дуусахад тунаж үлдэх давсны давхарга ч мөн адил ууршина. Тэр ч байтугай далайн ёроолын ил гарсан чулуулаг хайлан галт уулын лав мэт урсана. Мөргөлдөлтөөс хойш 1 сарын дараа дэлхийд дусал ч ус үлдэхгүй бол хайлсан чулуулгийн уур дэлхийг бүтэн жилийн турш бүрхэнэ. 400 км хэмжээтэй аварга солирын мөргөлдөөн амьдралыг ор мөргүй устгах чадалтай аймшигт үзэгдэл ажээ. Аварга солирын мөргөлдөөн, далайн бүрэн ууршилт тохиох бүрт амьдрал устаж, дараа нь дахин шинээр үүсч байсан хэмээн эрдэмтэд үзэж байв. Гэвч сүүлийн үеийн судалгааны үр дүнд амьдрал далайн бүрэн ууршилтыг ч тэсэн гарч байсан нь тодорхой болсон юм.


Америкийн Нью-Жэрси мужийн давсан нуур 250 сая жилийн өмнө багахан далайн ёроол байжээ. Тектоникийн хөдөлгөөний нөлөөгөөр хуурай газарт шилжсэн энэ газарт одоо цацраг идэвхт бодис бүхий хаягдлыг булшилж байна. Цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийн явцад ашигласан хамгаалалтын хувцас, бээлий зэрэг цацрагт хордсон зүйлсийг газрын гүнд булах байгууламж далай уурших үед үүссэн 1000 м зузаан бүхий давсны давхаргын дунд байрлаж байна. Энэхүү давхаргын давсны бүтэц бага багаар тэлэх шинж чанартай учир хэдэн зуун жилийн дотор цацраг идэвхт хаягдал бүрэн түгжигдэнэ. Давсны энэ шинж чанар эрт үеийн бичил биетнүүдийг хадгалж үлдэх нөхцөл болсон байж магадгүй хэмээн Вест Чэстэр их сургуулийн бичил биетэн судлаач Рассэл Вриланд таамаглажээ. Тэрээр давсны давхаргын янз бүрийн хэсгээс 250 сая жилийн өмнөх далайн ёроолын давсны дээжийг цуглуулан шинжилгээ хийж, давс талстжих үед дотор нь түгжигдэн үлдсэн далайн усны хэсгүүд, тэдгээрийн дотроос бүрэн хэлбэрээ хадгалан үлдсэн бичил биетнүүдийг илрүүлжээ. Түүгээр ч зогсохгүй 4 сарын турш тэжээлийн уусмалд байлгасан бичил биетнүүд хуваагдан 250 сая жилийн дараа "дахин төрөх"-ийг гэрчилж, эрдэмтдийг цочирдуулав. Давсан талст доторхи бичил биетнүүд амьд ч бус, үхсэн ч бус, хоол тэжээл шаардалгүйгээр, илүүдэл бодис ч ялгаруулалгүйгээр зүгээр л "нойрсоцгоож", амьдрахад тохиромжтой орчин дахин бүрэлдэхийг тэвчээртэй хүлээцгээж байжээ. Янз бүрийн орчинд дасч, хүнд хэцүү нөхцлийг тэсч үлдэх тэр л хүч амьдралын үндсэн шинж чанар байж магад хэмээн Вриланд үзэж байна.


Гэхдээ 4 тэрбум жилийн өмнөх далайн бүрэн ууршилт илүү хүнд нөхцөл байсныг мартаж болохгүй. Хэт өндөр халуунд далайн давс ч бас ууршсан. Гэтэл амьд биетийг бүрдүүлэгч уураг 100 хэмийг тэсэн гарч чадахгүй учир ийм нөхцөлд хэрхэн амьд үлдэж чадах билээ. Гэвч эрдэмтэд гайхалтай нээлт хийж, бичил биетнүүд газрын гүн дэх давсны давхаргаас ч илүү гүнд оршин байгааг илрүүлжээ. Газрын гүний температурын тархалтыг авч үзвэл лавын давхаргын орчимд хэт халуун, дээшлэх буюу гүн багасах тусам температур буурдаг. Давсны давхаргаас дооших хэсэгт 50-аас бага хэмийн давхарга бий. Далайн бүрэн ууршилтын үед далайн ёроолын температур 2000 хэмд хүрч, тэр нь бага багаар газрын гүнд тархана. Чулуулгийн давхаргууд дах температурын тархалтын симуляци хийж үзэхэд тархалтын хурд жилд 1 хэм буюу маш бага хурдтай байв. Гэвч гайхалтай нь дулаан дамжих зузаан маш хязгаарлагдмал, аварга солирын мөргөлдөөнөөс хойш 10000 жил өнгөрсөн ч 50 хэмээс бага температур бүхий давхарга үгүй болох байдал ажиглагдаагүй байна. Хэрэв газрын гадаргаас 1000 м гүнд бичил биетнүүд оршин байсан бол тэнд солирын мөргөлдөлтийн дулаан хүрч чадахгүй. Харин ийм гүнд амь биет оршин байж чадах уу гэдэг асуултын хариу өмнөд африкаас аль хэдийн олдоод байна. Өмнөд Африк улс жилд 400 тонн алт олзворлож, 500 тэрбум долларын ашиг олж байна. Хүний дуусашгүй хүслийг гүйцэлдүүлэхээр ухсан уурхайн 3000 м хүртэлх гүнд бичил биетэн хайх судалгааны төсөл үргэлжилж байна. Метан хий хананаас нь ялгарч зарим хэсэгт дэлбэрэлт үүсэх аюул бүхий нөхцөлд ч амьд биетүүд оршин байв. Чулуулгийн ханаар гүний усны урсгал дагуу цагаан тууз мэт наалдсан бичил биетний бөөгнөрлүүд олноор одлжээ. Тэр ч байтугай газрын гадарга дээр байдаггүй ч хүчилтөрөгчийн амьсгал үүсгэхэд харгалзах зэрэг газрын гүнд огтоос шаардлагагүй генийг агуулах төрөл зүйлүүд илэрсэн нь тэдгээрийг эрт цаг үед газрын гадаргад амьдарч байсныг илчилнэ. Эрдэмтэд өмнө нь газрын гүнд 60 см-ээс доош амьд биет байхгүй гэж үзэж байсан бол одоо 3000 м гүнээс ч олдож байна. Газрын гүн үнэн чанартаа амьдралын асар том агуулах байв. Хэрэв бид илүү гүнд хүрч чадвал тэнд ч бас амьд биетийг олж харна гэдэгтэй маргахын аргагүй юм.


Солирын мөргөлдөөнөөс хойш 1 жилийн дараа чулуулгийн уур арилж, агаарын хэм бага багаар буурч эхлэнэ. Ууршсан далайн ус 1000 жилийн дараа бороо болон газарт бууна. Жилд орох тунадасны хэмжээ 3000 мм буюу одоогийн халуун орны бүс нутгийнхтай ойролцоо байна. Борооны ус өмнө нь далайн байсан хэсэг лүү урсана. Бороо 2000 жилийн турш үргэлжлэн орж далайн ус өмнөх хэмжээндээ хүрнэ. Газрын гүнд шунгасан бичил биетнүүд 3000 жилийн дараа далайн усанд эргэн ирж, шинэ адал явдал хайцгаана. Ийнхүү нүдэнд үл үзэгдэх бидний өвөг дээдэс 4 тэрбум жил үргэлжилж биднийг хүрэх амьдралын хүрдийг дахин эргүүлж эхэлжээ. Хүн төрөлхтөн адал явдал хайгчдийн үр удам билээ. 200 мянган жилийн өмнө африкт үүссэн хомосапиэнс, 50 мянган жилийн өмнө африкаас гарч ази тив, улмаар Берингийн хоолойг давж, өмнөд африкийн урд хэсэгт 10 мянган жилийн өмнө хүрчээ. 3000 жилийн өмнө номхон далайн арлуудыг зорьж, азиас хэдэн мянган км алслах арлуудад гар хийцийн завиар хүрч очив. 1000 жилийн өмнө Хавай, Ийстер арал, Шинэ Зеланд хүрч, номхон далайд бүрэн тархав. Хэдхэн 10 мянган жилийн дотор хүн төрөлхтөн дэлхийн бараг бүхий л эх газарт хүрчээ. Олон удаагийн далайн бүрэн ууршилтыг даван туулсан бичил биетний удам хүн төрөлхтний дунд, та бидний бие махбодь дотор амьдарсаар байгаад эргэлзэх зүйл үгүй билээ.

үргэлжилнэ ...