Hybrid буюу хосломол хөдөлгүүрт автомашины тухай - 2

Хосломол хөдөлгүүрийн төрлүүд
Одоогоор 3 төрлийн хөдөлгүүр ашиглагдаж байна.
1. Цуваа холболт
Шатахуунт хөдөлгүүр болон цахилгаан хөдөлгүүр нь цуваа байдлаар холбогдоно. Шатахуунт хөдөлгүүр нь машины хүч дамжуулах эд ангитай шууд холбогдохгүй бөгөөд бий болгосон энерги нь цахилгаан хөдөлгүүрийг тэжээх буюу батерейг цэнэглэхэд зарцуулагдана.

2. Зэрэгцээ холболт
Шатахуунт хөдөлгүүр болон цахилгаан хөдөлгүүр нь зэрэгцээ байдлаар холбогдоно. Шатахуунт хөдөлгүүр нь цахилгаан хөдөлгүүрийг тэжээхээс гадна машины хүч дамжуулах эд ангитай шууд холбогдож дугуйны эргэлтийн хүч үүсгэхэд давхар ашиглагддагаараа цуваа холболтоос ялгаатай юм.

3. Хуваагчтай холболт
Цуваа холболттой төстэй боловч энергийг хувиарлагч (хуваагч) төхөөрөмжийн тусламжтайгаар шатахуунт хөдөлгүүрт үүсэх энергээр цахилгаан хөдөлгүүр болон батерейг нэгэн зэрэг, эсвэл аль нэгийг тэжээх боломжтой болсон байна. Ингэснээр хөдөлгүүрүүдийн ачааллын тохируулга болон хувиарлалтыг илүү нарийвчлалтай гүйцэтгэх боломжтой болж энергийн хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлж чаджээ. Хосломол хөдөлгүүрт автомашины сүүлийн үеийн ихэнх загваруудад хуваагчтай холболтыг ашиглаж байна.

Хорт хийн ялгарал болон эдийн засгийн үзүүлэлтүүд
Хосломол хөдөлгүүрт машинд сэргээгдэх тормоз ашигласнаар түлшний зарцуулалтыг дунджаар 20% хүртэл хэмжээгээр бууруулдаг байна. Судалгаагаар хосломол хөдөлгүүрт машиныг уламжлалт машинтай харьцуулахад түлшний зарцуулалт 50-60%, хүлэмжийн хийн ялгарал дунджаар 40% хүртэл хувиар тус тус бага байдаг байна.
Сүүлийн үед ихэнх хосломол хөдөлгүүрт машинуудыг харьцангуй бага (15км/ц-аас бага) хурдтай явах тохиолдолд зөвхөн цахилгаан хөдөлгүүрээр ажилладаг байдлаар үйлдвэрлэж байна. Үнийн хувьд уламжлалт машинтай харьцуулахад хамгийн багадаа 2000-10000 доллараар илүү байгаа боловч удаан хугацаагаар олон жил ашиглах тохиолдолд илүү эдийн засгийн хэмнэлт гаргах боломжтой юм.

Автомашин үйлдвэрлэгчдийн ойрын зорилт нь хосломол хөдөлгүүрт автомашины овор хэмжээ, жинг багасгаснаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж илүү олон төрлийн автомашинд нэвтрүүлэхэд чиглэж байна. Үүний тулд энергийн өндөр нягтрал бүхий батерей үйлдвэрлэх шаардлага гарч байгаа юм. Одоогоор никел-металл (nickel metal) батерей ашиглаж байгаа бөгөөд овор хэмжээ харьцангуй том, жин ихтэй учир машины жинг 15-20 хувь нэмэгдүүлдэг. Мөн үйлдвэрлэлийн технологийн төвөгтэй байдал нь автомашины үнийг хямдруулахад сөрөгөөр нөлөөлж байна. Харин никел-металл батерей нь 100% дахин боловсруулж ашиглах боломжтойгоороо байгальд хоргүй давуу талтай. Мөн батерейн насжилт 8-10 жилийн хугацаатай бөгөөд загваруудын онцлогоос хамааран суурилагдсан батерейг машины нийт гүйлт 160-240 мянган км хүртэл солих шаардлагагүй юм. Сүүлийн үед өндөр нягтрал бүхий лити ионы (lithium-ion) болон бусад төрлийн батерейн судалгаа эрчимтэй хийгдэж, тэдгээрийн зарим ололтуудыг хэдэн жилийн дараагаас хосломол хөдөлгүүрт автомашинд ашиглаж эхлэх төлөвтэй байна.

Монголчуудын хувьд сонирхолтой байж болох нэг асуудал нь цаг агаарын хүйтэн нөxцөлд хосломол хөдөлгүүрийг хэрхэн ашиглах тухай юм. Үйлдвэрлэгчид ийм төрлийн автомашиныг уламжлалт машинтай адил нөхцөлд ашиглах бүрэн боломжтой хэмээн нотлож байгаа боловч хэт хүйтэнд батерей тэсвэр муутай гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Жишээлбэл Аляскад -56 градусын хүйтэн нөхцөлд ажиллуулж туршсан Приус машины батерэй хөлдөж ажиллагаагүй болж байсан байна. Гэхдээ хэт хүйтэн нөхцөлд шатахуунт хөдөлгүүрийг харьцангуй удаан хугацаагаар ажиллуулж батерей орчимын температурыг шаардлагат хэмжээнд барьснаар дээрх хүндрэлээс зайлсхийх боломжтой юм.



Дараагийн шатны технологи
Сүүлийн үед цахилгаан болон хосломол хөдөлгүүрт машины дэвшилттэй талуудыг нэгтгэн, цахилгаан төхөөрөмжөөс цэнэглэх боломж бүхий plug-in hybrid (PHEV) технологийн хөгжүүлэлт амжилттай явагдаж байна. Тоёота компани гэр ахуйн цахилгаан сүлжээнд залгаж цэнэглэх боломжтой хосломол хөдөлгүүрт plug-in Приус машиныг ирэх жилээс үйлдвэрлэн худалдаанд гаргаж эхлэх тухай саяхан зарлалаа. Одоогийн байдлаар хосломол хөдөлгүүрт автомашины шатахуун зарцуулалтын хамгийн хэмнэлттэй үзүүлэлт нь 1л шатахуунаар 30-38км зайг туулж байгаа бол шинэ plug-in Приусын хувьд бараг 3 дахин буюу 57 км хүртэл нэмэгдүүлж чадсан байна. Энэ нь япон улсын автозамын нөхцөлд, шатахуун болон цахилгааны нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 1400 км зайг туулах боломжтой болно гэсэн үг юм. Энэ машиныг ирэх жил япон, америк болон европин хэрэглэгчдэд 600 ширхэгийг худалдаалах бөгөөд 2011 оноос олон тоогоор үйлдвэрлэн худалдаалж эхлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Энэ шинэ технологи амьдралд нэвтэрснээр машины нэг удаагийн цэнэглэлтээр туулах зайг нэмэгдүүлж, хорт хийн ялгарлыг илүү бууруулж чадах юм. Гэхдээ ийм машин түгэн дэлгэрэх тохиолдолд цахилгаан шугам сүлжээний өргөтгөл, сайжруулалт шаардлагатай болох асуудал урган гарч болох юм.

Hybrid буюу хосломол хөдөлгүүрт автомашины тухай - 1

Сүүлийн жилүүдэд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан түүний хэрэглээг багасгах зорилгоор, байгалд үзүүлэх хорт нөлөөг багасгахыг эрмэлзсэн, эдийн засагт хэмнэлттэй шинэ технологиуд амьдралд цөөнгүй нэвтэрч байгаагийн нэг нь хайбрид (hybrid) автомашин юм. Дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор 2008 оноос олон оронд автомашин болон бусад машин, тоног төхөөрөмжийн борлуулалт эрс буурч байгаа боловч хайбрид машины борлуулалт эсрэгээрээ нэмэгдэж байна.

Үүнд олон орны засгийн газраас иргэддээ үзүүлдэг татварын хөнгөлөлт болон элдэв урамшууллууд багагүй хөшүүрэг болж байгаа билээ. Мөн байгаль орчны бохирдлыг бууруулах шаардлага болон хэрэглэгчдийн хүсэл сонирхлын дагуу автомашин үйлдвэрлэгчдийн бодлого өөрчлөгдөж үйлдвэрлэлийн чиг хандлага ч хайбрид болон цахилгаан автомашинд шилжиж байна.
Хайбрид төрлийн автомашин цоо шинэ зүйл биш бөгөөд цахилгаан хөдөлгүүр зохион бүтээгдэж, үйлдвэрлэлд нэвтэрч эхлэхтэй хамт буюу 100 жилийн өмнөөс бүтээгдэж, туршигдаж байсан байна. Австри-Унгарын зохион бүтээгч иженер Ferdinand Porsche 1901 онд шатахуун болон цахилгаанаар ажиллах Mixte хэмээх хайбрид машиныг дэлхийд анх зохион бүтээж байжээ. Уг машин нь 50 км/ц хүртэл хурдалж, 50 км орчим зайг туулах чадалтай байсан бөгөөд автомашинтай холбоотой тухайн үеийн зарим дээд амжилтыг тогтоож байжээ. 1930-аад он хүртэл хэд хэдэн загварууд зохион бүтээгдсэн боловч өртөг өндөр, туулах зай харьцангуй бага зэрэг шалтгаануудын улмаас судалгаа болон үйлдвэрлэлийн ажил үндсэндээ зогссон байна.

1990-ээд оноос японы автомашин үйлдвэрлэгч Тоёота компани орчин үеийн техник, технологийн дэвшилд үндэслэн хайбрид технологийг хөгжүүлж, 1997 оноос Tоёота Приус машиныг үйлдвэрлэн худалдаалж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар энэ төрлийн автомашины үйлдвэрлэлт болон борлуулалтаар дэлхийд тэргүүлж байна. Сүүлийн 2 жилийн байдлаар дэлхийд нийт худалдаалагдаж байгаа хайбрид машиний 70 хувь нь Tоёота загварын автомашинууд байгаа ба зөвхөн Приус гэхэд л дангаараа 50%-г эзлэж байна. 1997 оноос хойш Tоёота компани 1.25 сая ширхэг хайбрид машин борлуулаад байгаа нь одоогоор дэлхий хэмжээнд хамгийн түгээмэл хайбрид тэрэг болоод байна. Бусад олонхи үйлдвэрлэгчид ч мөн адил хайбрид автомашины судалгаа, үйлдвэрлэлийг эхлүүлэн суудлын, ачааны, автобус зэрэг олон төрлийн автомашин, мотоцикл, унадаг дугуйнаас авахуулаад галт тэрэг хүртэл зохион бүтээж, үйлдвэрлэж эхлээд байна.

Хайбрид (hybrid) гэж юу вэ
Хайбрид гэдэг нь техникт хосломол, хослосон гэсэн утга санааг илэрхийлдэг. Энергийн хоёр өөр төрлийн эх үүсвэрийг хослуулан ашиглах техникийг хайбрид буюу хосломол хөдөлгүүрт хэмээн нэрлэж болох юм. Үүний нэг жишээ нь 1980-аад оны үед манайд өргөн хэрэглэгддэг байсан 1000-ын унадаг дугуй юм. Ихэнх тохиолдолд шатахуунт хөдөлгүүрээр хөдлөх боловч өгсүүр замаар явах буюу нэмэлт хүч шаардагдах, мөн шатахуун дууссан тохиолдолд дөрөөг жийж хөдөлгөөнийг үргэлжлүүлдэг. 1000-ын дугуй нь хүний булчингийн хүч болон жижиг хэмжээний шатахуунт хөдөлгүүрийн тусламжтайгаар дугуйг эргүүлэхэд шаардагдах эргэлтийн хүчийг үүсгэдэг учир хосломол хөдөлгүүрт унадаг дугуй юм. Үүнтэй адилаар автомашиныг хөдөлгөхөд шаардагдах энергийн хэрэглээний байдлаас хамааруулан хоёр өөр төрлийн үүсгүүрийг хослуулан болон аль нэгийг нь ажиллуулах замаар эрчим хүчийг хамгийн үр ашигтай, алдагдал багатайгаар зарцуулах дэвшилтэт технологийг хэрэглэх болсон нь hybrid буюу хосломол хөдөлгүүр юм.

Хосломол хөдөлгүүрийн ажиллагааны зарчим
Автомашины хөдөлгүүрийн үндсэн хэлбэр болох уламжлалт дотоод шаталтын хөдөлгүүр (ДШX, шатахуунт хөдөлгүүр)-ийн дутагдалтай тал нь нүүрсхүчлийн болон бусад хийн ялгарал харьцангуй өндөр, дулаан ялгаруулж багагүй хэмжээний энергийг алддаг, хурд хүч авах зэрэг зарим онцлог тохиолдолд дутуу шаталт явагдаж хөдөлгүүрийн ашигт үйлийн коэффициент буурдаг явдал юм. Мөн тормозлож хурдыг удаашруулах, зогсох үед тормозны механизмийн үрэлтийн хүч хэлбэрээр тодорхой хэмжээний энергийг үр ашиггүйгээр алддаг. Тэгвэл хосломол хөдөлгүүрт автомашинд түлшний энергийг бүрэн дүүрэн ашиглах, хөдөлгүүрийн ашигт үйлийн коэффициентийг өндөр хэмжээнд барих зорилгоор шатахуунт хөдөлгүүртэй хамт цахилгаан хөдөлгүүр (ЦХ) болон цахилгаан энерги хадгалах батерейг маш ухаалгаар хослуулан хэрэглэж чадсанаар дээр дурдсан уламжлалт шатахуунт хөдөлгүүр бүхий автомашины дутагдалуудыг арилгаж чаджээ. Нөгөө талаас дугуйг эргүүлэхэд шаардагдах эргэлтийн хүч үүсгэхэд цахилгаан хөдөлгүүр ашигласнаар энергийн хэмжээг хэрэглээний байдалтай уялдуулан хамгийн үр ашигтай хэлбэрээр тохируулах боломж бүрдсэнээр түлшний зарцуулалт болон дутуу шаталтыг багасгаж, ялгарах хорт хийн хэмжээг бууруулж чадсан юм.

Хосломол хөдөлгүүрт автомашины цахилгаан хөдөлгүүр нь батерейд хуримтлагдсан цахилгаан энергээр ажиллаж ихэнх тохиолдолд машиныг хөдөлгөхөд дангаараа ашиглагдана. Харин шатахуунт хөдөлгүүрээр үүсгэгдэх энерги нь батерейг цэнэглэхэд зарцуулагдах бөгөөд автомашинд хурд, хүч шаардагдсан үед цахилгаан хөдөлгүүрийг дэмжих хэлбэрээр зарцуулагдана. Батерей бүрэн цэнэглэгдсэн болон харьцангуй тогтворжсон буюу бага хурдтай үед шатахуунт хөдөлгүүр зогсолтын байдалд байна.
Хосломол хөдөлгүүрт автомашинд ашиглагдах өөр нэгэн дэвшилттэй технологи нь тормозны сэргээгдэх систем (regeneretive brake) юм. Энэ систем нь тормозлох үед үүсэх үрэлтийн хүчийг соронзон орны тусламжтайгаар цахилгаан энергид хувиргаж батерейг цэнэглэхэд ашигладаг. Ингэснээр тормозлох үеийн үрэлтийн энергийн алдагдлыг эрс багасгаж, түлшний ашиггүй зарцуулалтыг бууруулж чадсан юм.

үргэлжлэл бий...

"Иргэн"-ий 3D үнэмлэx

Samsung компани 3D дүрслэл бүхий үнэмлэхийн загварыг CES-2010 үзэсгэлэнд танилцуулсан байна. Уг загварт уян хатан OLED дэлгэц ашигласан бөгөөд радио долгион бүхий уншигчийн ойролцоо байрлуулахад үнэмлэх эзэмшигчийн хөдөлгөөнт, гурван хэмжээст дүрслэл харагддаг байна. Дүрслэлийн чанар QVGA 240x320 бөгөөд өнгөний нягтрал 260K, контраст 10000:1 юм байна.


Дашрамд хэлэхэд манайхан иргэний үнэмлэхээ байн байн солих дуртай. Одоогоор хуучин "ухаан муутай" иргэний үнэм
лэхийг ухаалаг болгох тухай яригдаж байгаа билээ. Магадгүй хэдхэн жилийн дараа ухаалаг үнэмлэхээ 3D болгох тухай яригдаж магадгүй шүү, сэтгэлзүйн бэлтгэлтэй байцгаагаарай!

Дэлхийн анхны секс робот

АНУ-д явагдаж буй AVN Adult Entertainment Expo-д дэлхийн анхны секс роботыг танилцуулсан байна. Roxxxy хэмээх энэхүү робот хиймэл оюун ухаантай бөгөөд хүний арьстай төстэй синтетик арьстай юм. Мөн асуултад хариулж, ярьж чадахаас гадна түүний биеийн онцлог хэсгүүдэд суурилуулсан мэдрэгчүүдийн тусламжтайгаар биед нь хүрэхэд хариу үйлдэл үзүүлэх чадвартай юм байна.

Зөөврийн компьютерийн тусламжтайгаар WiFi холболт ашиглан түүний үгийн баялаг болон зарим онцлог үзүүлэлтүүдийг холбогдох сайтаас татаж авч суулгах боломжтой ажээ. Өөрөөр хэлбэл уг секс роботыг эзэмшигч өөрт таалагдах зан чанарыг бий болгож болох юм. "Хэрэв та хөлбөмбөг сонирхдог бол тэр Манчестер юнайтед багийн тухай дуртайяа ярьж өгч чадна". "Tэр гэр цэвэрлэж, хоол хийж чадахгүй, гэхдээ тэр таны хүсч буй зүйлсийн ихэнхийг биелүүлж чадна" хэмээн уг роботыг зохион бүтээгч Douglas Hines компаний захирал TrueCompanion хэлсэн байна. Roxxxy 170см өндөртэй, 55 кг жинтэй бөгөөд үс, нүдний өнгө хөхний хэмжээ зэргээс шалтгаалан 7000-9000 долларын үнэтэй байх юм. Мөн төгс эрчүүдийг хүсдэг хатагтай нарт зориулсан секс роботын эрэгтэй хувилбарыг бүтээх ажлыг аль хэдийн эхэлсэн гэнэ шүү.




эх үүсвэр; thehuffingtonpost

Утасгүй цахилгаан бүхий анхны телевизор

Хятадын Хайер компани утасгүй цахилгаан тэжээл бүхий телевизорын туршилтын хувилбарыг CES-2010-т үзэсгэлэнд танилцуулсан байна. Уг телевизорт утасгүй цахилгаан дамжуулалтын WiTricity технолигийг ашигласан бөгөөд цахилгаан дамжуулагч хэсэг нь телевизороосоо том хэмжээтэй юм.


Өнгөрөгч оны 8-р сард TED үзэсгэлэнд Сони компанид бүтээсэн утасгүй цахилгаан дамжуулалт бүхий телевизорын туршилтын хувилбарыг танилцуулж байсан юм. Энэ нь ойролцоогоор 50 см зайнаас цахилгаан энергийг 80%-ын үр ашигтайгаар дамжуулж байсан юм. Үүний тулд мөн багагүй овор хэмжээтэй дамжуулагч шаардлагатай болно.

Утасгүй цахилгаан дамжуулах технологийг гэр ахуйн цахилгаан болон электрон хэрэгслүүдэд нэвтрүүлэхийг оролдсон дээрх анхны загваруудын хувьд цахилгаан дамжуулагч болон хүлээн авагчийн овор хэмжээ том, хоорондын зай бага, дамжуулах энергийн алдагдал их зэрэг хүндрэлүүдийг хангалттай шийдэх чадаагүй байна. Иймд бид гэртээ утасгүй төхөөрөмжүүд хэрэглэх хүртэл багагүй хугацаа шаардлагатай байгаа нь харагдаж байна.


эх үүсвэр; gizmodo

Цаас мэт нимгэн батерей зохион бүтээжээ

Японы "Advanced Materials Innovation Center (AMIC)" болон "Enterprise Support Center (MIESC)"-ийн судлаачид хамтран цаас мэт нимгэн батерей зохион бүтээсэн байна. Батерей нь лити болон полимер материалаас бүрдэх бөгөөд хэвлэх технологиор нимгэн хуудсан хэлбэрээр үйлдвэрлэх боломжтой юм. Хуйлмал хэлбэрийн хэвлэх технологи нь бүтээгдэхүүнийг харьцангуй бага өртөгөөр, их хэмжээгээр үйлдвэрлэх боломжийг олгодог байна.

Одоогоор туршилтын журмаар хоёр төрлийн хэвлэмэл батерей үйлдвэрлээд байгаа бөгөөд өрөөний ердийн температурт 2 болон 4В хүчдэл гаргах чадалтай юм. Батерейн зузаан 500 микрометр ба эерэг, сөрөг электродүүдыг мөн адил хэвлэх аргаар үйлдвэрлэдэг байна. Мөн гар утас, зөөврийн компьютер зэрэгт ашиглагддаг уламжлалт лити-ионы батерейтэй харьцуулахад шатах, дэлбэрэх магадлалыг эрс бууруулсан, аюулгүй бүтээгдэхүүн болж чадсан байна.

Уг батерейг телевизор, электрон уншигч зэргийн уян хатан дэлгэц, бүх төрлийн зөөврийн төхөөрөмжүүд, цахилгаан автомашинд зэрэг олон хэлбэрээр ашиглах боломжтой юм. Мөн давхарга хэлбэрээр үйлдвэрлэх тохиолдолд нарны батерейн энерги үүсгэгч (нарны элемент буюу нарны гэрлийг цуглуулагч), хадгалагч (батерей) байдлаар үйлдвэрлэж болох юм байна. Судалгааны ажил ирэх оны 3 сард дуусах бөгөөд үлдэж буй хугацаанд их хэмжээгээр үйлдвэрлэх технологийг боловсруулахаар зорьж байгаа ажээ.


эх үүсвэр; AMIC

3D телевизийн суваг нээгдэнэ

2009 он touch технологийн жил байсан бол 2010 он 3D технологийн жил болох бололтой. Учир нь Discovery, Imax, Sony компаниуд хамтран 2011 оноос 3D дүрслэл бүхий телевизийн шинэ суваг нээх тухай зарласан байна. Тус сувгаар энтертэймент, спорт болон байгалын тухай нэвтрүүлгүүдийг 24 цагийн турш дамжуулах ажээ. Мөн өмнө нь Walt disney компани энэ оны 6-р сараас хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолтоор эхлүүлэн ESPN 3D суваг нээх тухай мэдээлж байсан билээ. ESPN 3D суваг эхний жилдээ спортын тоглолт зэрэг үйл явдлын тухай шууд нэвтрүүлгүүдийг 3D хэлбэрээр дамжуулах юм. Өмнө нь Sony болон LG компаниуд 3D телевизор үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлж байсан билээ. Мөн энэ онд болох "Consumer Electronics Show (CES)" үзэсгэлэнд 3D болон HD телевизорын олон шинэ загварууд танилцуулагдах төлөвтэй байна.


эх үүсвэр; the newyork times

Avatar киноны тухай

Найруулагч Камеруны шинэ уран бүтээл болох шинжлэх ухааны уран зөгнөлт Аватар кино сүүлийн нэг сар илүү хугацаанд дэлхийн хэмжээнд үзэгчдийг байлдан дагуулж ашиг орлогоороо ч түүхэн цаг үеийн хамгийн дээд амжилтыг тогтооход ойрхон байгаа билээ. Тус киног амжилтад хүргэхэд нөлөөөлсөн гол нөхцөлүүдийн нэг нь хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшилийг ашигласан явдал юм. Ингээд киног хэрхэн бүтээсэн тухай болон өгүүлж буй зарим үйл явдалын талаар техник, технологи сонирхогч хүний хувьд сонсож ажигласан зарим шинэ сонин зүйлсийн талаар өгүүлье.

Кинонд ашигласан шинэ технологийн тухай
Найруулагчид Аватар киног бүтээх санаа анх арван хэдэн жилийн өмнө төрсөн боловч техник, технологи хөгжиж, киног бүтээхэд тохиромжтой нөхцөл бүрдэхийг хүлээж байсан байна. Кино бүтээх ажил үндсэндээ хоёр хэсгээс бүрдсэн юм. Кинонд өгүүлэх Пандора хэмээх харь гаригийн байгалийн гайхал татам дүр зураг, амьтан, ургамал болон байлдааны техник хэрэгслүүд зэрэг киноны нийт дүрслэлийн 60-70 хувийг компьютер график ашиглан бүтээжээ.

Хамгийн сонирхолтой технологи нь нави хэмээгдэх харь гаригийн хүмүүсийг дүрслэхдээ уламжлалт нүүр хувиргалтын аргаас татгалзаж, бодит жүжигчдыг тоглуулан тэдгээрийг үйл хөдлөлийг программ хангамжийн тусламжтайгаар виртуал ертөнцөд хувиргасан явдал юм. Үүний тулд жүжигчдийн бие болон барьж буй зэвсэг хэрэгслүүдэд олон тооны гэрэл ойлгогч мэдрэгчүүд байрлуулан, тайзны эргэн тойронд суурилуулсан 72-96 камер ашиглан 3 хэмжээст оройн зайд зураг авалт хийсэн байна. Камерууд нь зөвхөн гэрэл ойлгогч мэдрэгчийн хөдөлгөөнийг бичиж авсан бөгөөд жүжигчдийн үйл хөдлөлийг олон тооны цэгийн хөдөлгөөнөөр дүрсэлдэг байна. Дараа нь эдгээр цэгүүдийг компьютер график ашиглан харь гаригийн хүмүүсийн "арьсыг нөмөргөж" хүнтэй адил, үнэмшилтэй дүр төрхийг бий болгожээ.

Гэхдээ энэ арга нь киноны түүхэнд анх удаа ашиглагдаж байгаа боловч огт шинэ зүйл бас биш юм. Хүн болон амьд амьтны биед олон тооны мэдрэгчүүд суурилуулан бичлэг хийж тэдгээрийн хөдөлгөөний зүй тогтолыг компьютер, программ хангамжаар боловсруулан судлах нь робот судлал болон зарим шинжлэх ухааны салбарт ашиглагддаг арга юм. Энгийн нэг жишээ гэхэд япон улс олимп, дэлхийн хэмжээний тамирчдынхаа бие махбоди болон хөдөлгөөний онцлогийг энэ аргаар судлаж тухайн тамирчин нэг бүрт тохирсон пүүз зэргийг зохион бүтээдэг.

Эдгээрээс гадна найруулагч Камерун, жүжигчдийн нүд, уруул болон нүүрний булчингуудын хөдөлгөөний зургийг тусгай камераар бичиж тэдгээрийг виртуал ертөнцөд дүрслэх, хувиргах технологийг боловсруулан ашигласнаар жинхэнэ мэт сэтгэгдэл төрүүлэх навичуудын нүүрний хөдөлгөөнийг бий болгож чадсан байна. Орчин үед киноны ямарч дүрийг комьютерээр бүтээх технологийн боломжтой болсон боловч хүн болон амьд амьтныг хийсвэрээр бий болгоход маш их хугацаа зарцуулагддаг. Мөн хүний үс, нүүр, хувцасны хөдөлгөөнийг үнэмшилтэй болгоход нарийн мэргэжлийн хүмүүс болон онцлог программ хангамж шаарддаг. Найруулагч Камеруны Аватар кинонд ашигласан технологи нь эдгээр хүндрэлүүдийг арилгаж, илүү бодит мэт сэтгэгдэл төрүүлэх дүрүүдийг бүтээж чадсан нь киноны түүхэн дэх нэгэн томоохон алхам болсон байна.

Киноны нийт дүрслэлийн үлдэх 30 орчим хувь буюу энгийн хүмүүсийн зураг авалтыг хийхэд хамгийн сүүлийн үеийн 3D камер ашигласан байна. Кинонд онцлог дүрсний эффект бий болгох, бодит хүмүүсийн жүжиглэлт болон компьютер графикаар бүтээсэн виртуал дүрслэлүүдийг нэгтгэх технологи боловсруулахад төсвийн ихэнх хувийг заржээ. Мөн найруулагчийн санааг зовоож байсан нэг зүйл нь бодит ертөнцийн буюу физикийн хуулиудыг зөрчихгүй байх явдал байсан бөгөөд энэ талаар эрдэмтдийн зөвлөгөөг авч байсан байна. Гэхдээ зарим тохиолдолд байлийн хуулийг маш бага хэмжээгээр зөрчихөөс аргагүй байсан тухай найруулагч ярилцлагадаа дурдаж байжээ.

Кинонд ажиглагдсан зарим нэг онцлог
Аватар кинонд үзүүлж буй дүр, дүрслэлүүд холливудын түүхэн дэх яамар ч кинотой харьцуулалтгүй гэдэгтэй санал нийлэх хүн олон байх. Мөн хүн байгалын холбоо, байгалиа хайрлаж хамгаалж байх ёстойг маш уран аргаар илэрхийлсэн байсан. Энэ удаад киноны үйл явдалын талаар бус кинонд өгүүлж буй ертөнцөд анзаарагдсан зарим нэг хийсвэр, бодит бус, дутагдалтай буюу арай өөр хэлбэрээр дүрслэгдсэн бол киног илүү сонирхолтой болгох магадлалтай зарим нэг зүйлсийн тухай өгүүлье. Гэхдээ дээр дурдаж байсан байгалийн хуулийг зөрчихөөс аргагүй болон киноны үйл явдал утга санаатай холбоотой зориудаар хийгдсэн байхыг үгүйсгэхгүй.

Харь гаригт зорчиж, аватарыг бүтээх хэмжээний технологийн дэвшилд хүрсэн 22-р зуунд болж буй үйл явдлын гол баатар тэргэнцэр дээр сууж явдаг нь үнэмшил муутай байлаа. Ядаж л robot-suit маягийн хувцас өмсүүлээд хоёр хөлөөрөө алхаж явсан бол гэдэг бодол эрхгүй төрнө.

Кинонд үзүүлж буй байлдааны техник хэрэгслүүд нь аль дээр үеийн вьетнамын дайныг санагдуулж байлаа. Агаарын эсэргүүцлийг давж ажиллах сэнстэй нисдэг тэрэг, галт сум бүхий буу зэвсэг нь кинонд үзүүлж буй эрин үетэй олигтой авцалдаж өгсөнгүй.

Дэлхийтэй харьцуулахад хүндийн хүч харьцангуй багатай гэгдэх Пандора гариг дээр сэнстэй нисдэг тэрэг нисч чадах эсэх, мөн тэнд байгаа дэлхийн хүмүүс дэлхийд байгаатай адилаар алхаж, гүйж байгаа нь эргэлзээ төрүүлж байлаа.

Кинонд гарч буй байлдааны робот-хувцас (The AMP Suit)-ыг Матрикс киноноос, нисдэг арлуудыг гурван ч төрлийн хүүхэлдэйн кино
(Dragon hunters, Castle in the Sky)-ноос, луу сургаж унадаг дүр зургийг мөн адил өөр нэгэн киноос тус тус хуулбарласан гэмээр зүйлүүд ч бас байлаа.










эх үүсвэр; bbcnews, popsci, gizmag, iesb, mb, the independent

Гар утсыг зайнаас удирдана

Орчин үед технологи хөгжихийн хэрээр аливаа төхөөрөмжүүдийн электрон хэсгийн овор хэмжээг шаардлагат хэмжээнд хүртэл багасгаж чадаж байгаа билээ. Харин гар утас зэрэг зөөврийн электрон төхөөрөмжүүдийн овор хэмжээг багасгахад түүнийг удирдах хэсэг (input interface)-ийн хэмжээг хангалттай жижигрүүлж чадахгүй байгаа явдал саад болж байгаа юм. Үүнийг шийдвэрлэхэд сүүлийн үед хэрэглээнд өргөнөөр нэвтэрч буй даралтат дэлгэцийн технологи (touch pad, touch screen) тодорхой хэмжээний дэвшил болж, iPhone гэхэд л уламжлалт гар утасны олон тооны товчлуурыг халсанаар удирдахад хялбар болж, хэрэглэгчдийн сонирхлыг өргөнөөр татаж байна.

Тэгвэл даралтат дэлгэцийн технологийг орлох, түүнээс илүү хурдтай, илүү өргөн боломж бүхий хурууны хөдөлгөөнөөр зайнаас удирдах технологи ( in-air gesture Input Interface)-ийг Токио их сургуулийн эрдэмтэд боловсруулсан байна. Энэ нь өмнө мэдээлж байсан зурагтны удирдлагын "Gesture Remote Control"-той төстэй юм. 1 секундэд 154 кадр зураг авах чадвар бүхий жижиг оврын камерийг гар утсанд байрлуулсанаар хүний хурууны хөдөлгөөнийг 3 хэмжээст орон зайд мэдрэх боломжийг бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл гар утасны курсорыг хөдөлгөх, үсэг бичих, фото зургийг томруулж жижгэрүүлэх зэрэг үйлдлийг ойрхон зайнаас хурууны хөдөлгөөнөөр удирдан гүйцэтгэх юм.

Одоогоор бүтээгдээд байгаа туршилтын загварыг зөвхөн нэг хуруугаар удирдаж байгаа боловч программ хангамжийн сайжруулалтыг хийснээр таван хуруугаар удирдах бүрэн боломжтой ажээ. Тун удахгүй энэ технологи гар утас, зөөврийн электрон төхөөрөмжүүдэд нэвтэрч магадгүй iPhone-ийг зах зээлээс шахаж эхлэх бизээ.





эх үүсвэр; Nikkan Kogyo

Ямар ч хэрэгцээгүй төхөөрөмж

Хэн нэгэн зохион бүтээгч гадна талаасаа энгийн модон хайрцаг мэт харагдавч үнэхээр гайхалтай шийдэл бүхий төхөөрөмжийг бүтээжээ. Гэхдээ үүнийг ямар хэлбэрээр ашиглаж болох талаар та толгойгоо гашилгаад хэрэггүй. Яагаад гэвэл энэ ямар ч хэрэгцээгүй төхөөрөмж юм. Гайхалтай шийдэлтэй мөртлөө, ямар ч хэрэгцээгүй гэхээр бас л гайхалтай байгаа биз. Хэрэв та үүнийг дуурилган хийж үзмээр байвал заавар нь энд байна. Удирдлагатай машинд ашиглагддаг серво мотор болон маш энгийн хэлхээ бүрдүүлээд хийчих боломжтой.


Гэхдээ бүр огт ашиггүй зүйл бас биш юмаа. Илүү тунгаан бодоод үзвэл ашиглахгүй ч гэсэн ямар нэг хэмжээний ашигтай тал байж л таарна. Тэр нь юу байж болох вэ?