Панасоник хэрэглэгчдэд зориулсан анхны 3D камер бүтээлээ

Панасоник компани жижиг оврын анхны 3D видео камер бүтээсэн тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тус компани энгийн хэрэглэгчдэд зориулагдсан дэлхийд анхны ийм төрлийн видео камер бүтээсэн тухайгаа өчигдөр мөн зарлалаа. Энэ камер нь уламжлалт хоёр хэмжээст видео бичлэг хийх чадвартай боловч хос линз бүхий нэмэлт адаптер залгаж 3D бичлэг хийх боломжтой болох юм байна. Бичлэгийн чанар FullHD бөгөөд зөвхөн зориулалтын 3D телевизороор үзэхээс гадна Bluray диск болон SD картад бичиж хадгалах боломжтой. Уг камер нь 1400 долларын үнэтэйгээр 8-р сарын 20-ноос япон улсад худалдаалагдаж эхлэх гэж байна. Камерийн дэлгэрэнгүй үзүүлэлтийг эндээс үзнэ үү.




Бодол санаагаараа "тоглоно"

Та ямар нэгэн биет зүйлийг бодол санаагаараа хөдөлгөх юмсан гэж мөрөөдөж байсан уу? Тэгвэл энэ мөрөөдлийнхөө багахан хэсгийг ч болов биелүүлэх боломжийг нэгэн шинэ тоглоом таньд олгож байна. Бидний мэдэх компьютерийн болон уламжлалт электрон тоглоомуудыг гар хурууныхаа хөдөлгөөнийг ашиглан удирддаг бол энэ шинэ тоглоомыг бодол санаагаараа удирддагаараа онцлогтой ажээ. Тоглоомыг удирдах хэлбэр нь өмнө мэдээлж байсан тэргэнцэр болон сармагчин робот гарыг удирдах судалгаануудтай төстэй юм.

Mindflex хэмээх энэ тоглоомын ажиллагааны зарчим нь үлээгч хошууны тусламжтайгаар бөмбөлгийг тодорхой зайд хөөргөж цагираг болон хоолойд гоол оруулдаг байна. Үүний тулд бөмбөлгийг хэвтээ чиглэлд тойрог хэлбэрээр, мөн босоо чиглэлд дээш доош хөдөлгөх шаардлагатай. Тоглоомын их биед байрлах товчлуурын тусламжтайгаар үлээгч хошууг гараар удирдан тойрог замын дагуу хөдөлгөдөг бол бөмбөлгийн босоо чиглэлийн хөдөлгөөнийг тоглогч өөрийн бодол санаагаараа удирддаг байна. Тоглогч бөмбөлөгт анхаарлаа төвлөрүүлэх үед бөмбөлөг дээш хөөрөх бөгөөд анхаарлаа сарниулах тохиолдолд эсрэгээрээ доошоо чиглэн хөдлөдөг байна.

Тоглогчийн духны хэсэгт мэдрэгч бүхий даруулгыг байрлуулах бөгөөд тэдгээр мэдрэгчүүд нь тархины дохиоллыг хүлээн авч хошуунаас үлээлгэх хийн хэмжээг тохируулах зарчимаар тоглоом удирдагддаг байна. Мэдрэгчүүд нь ямар нэгэн дохиолол ялгаруулах болон илгээдэггүй, зөвхөн тархинаас ялгарах дохиоллыг хүлээн авдаг ажээ. Тоглоомыг амжилттай тоглохын тулд толгойгоо жинхэнэ утгаар нь "ажиллуулах" шаардлагатай бөгөөд бөмбөлгийг илүү хурдан хөөргөхийг хүсвэл нүүрнийхээ ямар нэгэн булчинг хөдөлгөхгүй байх, бөмбөлгийн хөөрч байгааг дүрслэн бодох, бөмбөлгийг бодол санаагаараа өргөж хөөргөж байгаа хэмээн сэтгэх зэрэг нь эерэгээр нөлөөдөг байна.

Харин бөмбөлгийг буулгах үед биеэ суллах, гүн амьсгаа аваx, хэсэгхэн хугацаанд нүдээ аних, унтах тухай бодох зэрэг нь илүү үр дүнтэй гэнэ. Уг тоглоомыг тоглосноор анхаарлаа төвлөрүүлэх чадвараа нэмэгдүүлж, тархиа амраахад сайн нөлөөтэй ажээ. Тоглоомыг нийт 5 төрлөөр, 8-аас дээш насны, 4-8 хүртэл хүн хамтран тоглох боломжтой юм байна. Тус тоглоом нь Tokyo toy show 2010 үзэсгэлэнд танилцуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн оноос америкт, энэ оноос бусад улсуудад, 80 долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна.


Шинээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн болгоныг эвдэж, задлаж, эсвэл янз бүрээр өөрчилөх сонирхолтой гар нь загатнасан хүмүүс цөөнгүй байдаг. Дээрх тоглоомыг мөн адил хэдэн нөхдүүд хаакдаад амжжээ. Энэ удаад мэдрэгч бүхий даруулгыг бугуйвч хэлбэрийн төхөөрөмжтэй холбосон байна. Энэ яг яадаг эд вэ хэмээн сонирхох хүсэл төрж байна уу, тэгвэл өөр дээрээ туршиж үзээд хэрэггүй гэж зөвлөх байна. Учир нь та анхаарлаа төвлөрүүлсэний хариуд тогонд цохиулох болно. Дараах видеог сонирхоно уу.




эх үүсвэр; mindflexgame

Оросын тагнуулчид ба Steganography

Оросын 11 тагнуулчин АНУ-д баривчлагдсан тухай хэд хоногийн өмнөөс мэдээлэгдэх болсон билээ. Тэдгээр хүмүүс одоогоор мөнгө угаах болон үнэт цаасны хууль бус арилжаа хийсэн хэргээр яллагдаж байгаа боловч АНУ-ын Батлан хамгаалах яамны эх үүсвэрээс авсан гэгдэж буй зарим мэдээллийн хэрэгслүүдийн мэдээнээс үзвэл америкийн армийн удирдлагын байрлал, ираны эсрэг явуулж буй нууц үйл ажиллагаа, цөмийн зэвсгийн нууцад хамаарах зэрэг мэдээллүүдийг орост дамжуулж, тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан тухай мэдээлж байна. Эдгээр мэдээллүүд баталгаатай эсэх нь хараахан тодорхойгүй байгаа боловч бидэнд орчин үеийн тагнуулын үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар ойлгож мэдэх зарим боломжийг олгож байгаа юм.

Тагнуулын, түүн дундаа хамгийн чухал нь байж болох нууц мэдээлэл дамжуулах үйл ажиллагаа урт хугацаанд туршигдаж, үр дүн сайтай гэдэг нь амьдралд батлагдсан уламжлалт аргуудыг орчин үеийн технологитой чадварлагаар хослуулдан хэрэглэдэг болсон байна. Жишээ нь тагнуул хийсэн гэгдэж буй дээрх хүмүүс кафе зэрэг энгийн үйлчилгээний газруудын утасгүй wi-fi сүлжээг ашиглаж байсан байна. Тагнуулуудын нэг нь кафед орж зөөврийн компьютерээ асаан ойролцоо зогсож байгаа автомашин доторхи мэдээлэл хүлээн авагчийн компьютертэй түр хугацааны утасгүй холболт хийж мэдээлэл дамжуулж байсан гэжээ. Мөн үл үзэгдэгч бэх, богино долгионы радио зэрэг орчин үеийн технологи ашигласан төрөл бүрийн арга хэрэглэж байсны нэг нь стеганографи юм. Энэ нь зураг зэрэгт мэдээллийг нууцлан дамжуулах арга бөгөөд хүн төрөлхтөн мянган жилийн өмнөөс хэрэглэж байсан юм байна.

Манай эриний өмнөх 5-р зуунд Грекийн дарангуйлагч Histiaeus өөрийн зарц нарын нэгний толгойн үсийг хусаад татоо маягийн зураг зурж түүндээ дамжуулах мэдээллээ нууцлаж байсан байна. Зарцын үс хангалттай ургаж гүйцсэний дараа мэдээлэл дамжуулах элч болгон илгээдэг байжээ. Элч буцаж ирэх үед үс нь дахин хусагдаж, мэдээлэл уншигдсан байх бөгөөд тухайн үед Персүүдийн томоохон довтолгооны талаархи мэдээллийг "грекийн нууцлаг захиа" хэмээх энэ аргаар амжилттай дамжуулж байсан байна. Харин нэлээд сүүл үеэс морз мэт кодлосон дүрсүүдийг элчийн өмссөн хувцасанд оёх илүү боловсронгуй хэлбэрийг ашиглах болжээ.

Тэгвэл орчин үед нууц мэдээллүүдийг 1 болон 0 цифрүүдэд хувирган фото зураг, дуу, дүрсний файлуудад хавсарган дамжуулах болсон бөгөөд торрент, олон нийтийн сайтууд, интернет протоколуудыг ашигладаг ажээ. Мэдээллийг JPEG зураг болон MP3 аудио файланд нуухад маш тохиромжтой байдаг бөгөөд дээр дурдсан тагнуулуудын нэг болох Anna Chapman-ы Facebook дэх фото зургууд нууц мэдээллүүдийг дамжуулах нэг хэрэгсэл байж болох тухай дурдаж байна. Мөн Али Кайдагийхан 9 сарын 11-ний хэрэг явдалаас өмнө порно сайт ашиглан мэдээлэл дамжуулж сурсан гэх дам яриа байдаг боловч өдийг хүртэл хараахан батлагдаагүй байна.

Харин оросын тагнуулууд 2005 оноос дижитал мэдээлэлд стеганографи аргыг ашиглаж эхэлжээ. Тухайн үед америкийн ХМТ-ны ажилтууд нууц үгээр хамгаалагдсан диск болон alt, ctrl, E гэж бичсэн хэсэг цаасны өөдсийг илрүүлсэн байна. Дээрх үгнүүдийг нууц үг байдлаар оруулж дискийг нээж үзэхэд тоон мэдээллийг олон нийтийн сайт зэрэгт байрлах фото зурагт нуух программ хангамжийг суулгасан байжээ. Мөн зарим вэб хуудаснуудын хаягуудийг агуулж байсан бөгөөд тэдгээрийг нээж үзэхэд олон тооны фото зургууд байрлаж, их хэмжээгэээр таталт хийгдсэн байсан байна. Эдгээр зургуудыг энгийн нүдээр харахад ямар нэгэн онцлог зүйл мэдэгдэхгүй боловч стеганографи программ хангамжаар шинжилгээ хийж үзэхэд их хэмжээний текст мэдээлэл агуулж байжээ.

Стеганографийг орчин үед зарим хэлбэрээр ашиглаж байгаа бөгөөд нэг жишээ нь HP, Xerox зэрэг принтерүүдээр хэвлэгдэх материалуудад принтерийн серийн дугаар, хэвлэсэн огноо зэргийг хүний нүдэнд үл үзэгдэгч бэхээр хэвлэдэг байна. Энэ нь хэвлэмэл материалыг ямар нэгэн гэмт үйлдлийн баримт хэлбэрээр ашиглах боломжийг цагдаа нарт олгодог юм. Мөн бидний мэдэх, веб сайтуудад нэвтрэх үед оруулдаг спамаас хамгаалах элдэв хэлбэр дүрс бүхий кодууд нь стеганографийн нэг хэлбэр ажээ.



эх үүсвэр; wired and etc.