Showing posts with label Харилцаа холбоо. Show all posts
Showing posts with label Харилцаа холбоо. Show all posts

Өмнөд Солонгос улс 2017 оноос 5 Жи технологи ашиглана

Үүрэн холбооны технологиор дэлхийд тэргүүлэгч Өмнөд Солонгос улс утасгүй харилцааны 5 Жи технологит шилжихэд зориулан 1,5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн тухай тус улсын Шинжлэх Ухаан Технологийн Яамны сайд мэдэгдсэн байна. 6 жилийн дараа ашиглаж эхлэх уг технологи одоогийн 4 Жи системээс 1000 дахин хурдан байх юм. Өмнөд Солонгос улс 1990-ээд онд 2 Жи, 2000-аад онд 3 Жи, 2010-аад оноос 4 Жи системд тус тус шилжжээ. Харин 5 Жи системийг 2017 оноос ашиглаж эхлэх бол 2020 оноос бүх нийтээр хэрэглэх боломжтой болох юм. Энэ төлөвлөгөөнд үүрэн холбооны Кореа Телеком, Эс Кэй Телеком, үүрэн төхөөрөмж үйлдвэрлэгч Самсунг, Эл Жи компаний хөрөнгө оруулалт болон дэмжлэгийг авна гэдэгт засгийн газар найдаж байна.

Шинэ системийн давуу талууд Ультра Эйч Ди дүрслэл, голограм дамжуулалт, хамгийн сүүлийн үеийн нийгмийн сүлжээ зэрэг шинэ боломжуудыг хөгжүүлэхэд дэмжлэг болно. Мөн 5 Жи төхөөрөмж, дэд бүтцийн хэрэгслүүдийн үйлдвэрлэл өсч, борлуултын хэмжээ 2020-2026 оны төвшинд 331 тэрбум воноор нэмэгдэх төлөвтэй байна. Үүнээс гадна үүрэн төхөөрөмжийн салбартай харьцуулахад илүү сул түвшинд байгаа харилцаа холбооны дэд бүтцийн төхөөрөмжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхэц өгнө. Үүрэн утасны үйлдвэрлэлээр дэлхийд хамгийн томд тооцогдож буй Самсунг компани энэ төрлийн зах зээлийн 30%-ийг Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчид эзлэж байгаа тухай мэдэгдсэн.

Тэгвэл харилцаа холбооны дэд бүтцийн төхөөрөмжийн салбар дэлхийн зах зээлийн дөнгөж 4,4 хувийг эзлэж байгаа бол, 2020 оны түвшинд 20%-д хүргэж нэмэгдүүлэхээр зорьж байна. Харин Хуавей зэрэг Хятадын компаниудын эзлэх хувь 2007 онд 12 % байсан бол 5 жилийн хугацаанд 16% болон нэмэгджээ. Хуавей компани дөнгөж 600 сая долларын хөрөнгө оруулалтаар 2020 он гэхэд 5 Жи системд шилжихээр төлөвлөж байгаа тухай мэдэгдсэн. Мөн Европийн орнууд болон Хятад, АНУ ч мөн адил системд шилжихээр эрчимтэй ажиллаж, ойрын хэдэн жил зах зээлийн ширүүн өрсөлдөөнд орох төлөвтэй байна.

Үүрэн холбооны 4 Жи системд 800 Мб хэмжээ бүхий киног 40 секундэд татаж авах боломжтой бол 5 Жи системд дөнгөж 1 секунд зарцуулна. 5 Жи систем нь мөн 500 км/ц- аас илүү хурдлах хурдны галт тэргэнд интернет хэрэглэх боломж олгоно. Самсунг компани өнгөрөгч оны 5-р сард 5 Жи технологийн туршилтыг амжилттай хийж, терабит хэмжээний мэдээллийг 2 км зайд дөнгөж 1 сеундын хугацаанд дамжуулсан тухай мэдэгдсэн. Тус компани мөн өнөөгийн утасгүй харилцааны технологийн сул тал болох долгионы "тархалтын үр ашиггүй шинж чанар"-аас зайлсхийх миллиметрийн долгионы зурвасийн аргачлалыг боловсруулсан тухай мэдэгдсэн.


эх сурвалж, physorg

iPhone 5 гомдол дагуулж эхэллээ

iPhone 5 ухаалаг утсыг технологийн түүхэн дэх хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг болно гэдгийг шинжээчид батлан хэлж байгаа билээ. Гэхдээ энэ нь түүнийг төгс зүйл гэсэн үг биш юм. Худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 5 сая ширхэг борлуулагдаад байгаа iPhone 5 утас анхны хэрэглэгчдийн дунд багагүй гомдол дагуулж байна.


Аливаа шинэ төрлийн төхөөрөмжүүдэд үйлдвэрлэлийн алдаа хэдий хэмжээтэй гарахыг урьдчилан тооцоолох боломжгүй. Нийт бүтээгдэхүүний 1% нь үйлдвэрлэлийн шатны ямар нэгэн согогтой гэж үзвэл iPhone 5 утасны хувьд 50 мянган ширхэг ийм утас хэрэглэгчдийн гар дээр очсон хэрэг болох бөгөөд энэ нь тийм ч бага тоо биш юм.

Хэрэглэгчдийн гомдол саналын цөөнгүй хувийг хамгаалалт бүхий Wi Fi сүлжээнд нэвтрэх үед сүлжээнд огт холбогдохгүй байх, холбогдсон ч хурд нь хэт удаан байгаа явдал эзлэж байна. Гэхдээ удахгүй гарах програмын шинэчлэлт (update)-ийн дараа энэ асуудал шийдэгдэнэ хэмээн Apple форумд зарим хэрэглэгчид зөвлөжээ.

Дараагийн асуудал нь утасны их биед хамаарч байна. Шинэ утасны гадаргын материал зурагдахаас маш сайн хамгаалагдсан мэт харагдах боловч дэлгэцийн ойролцоох хэсгүүдийн өнгөлгөө богино хугацаанд зурагдаж, элэгдэж байгаа талаар хэрэглэгчид гомдолложээ.

Үүнээс гадна арын LED гэрлийн тархалт өргөн байгаагаас дэлгэцийн өнцөгүүдэд цагаан гэрэл харагдаж байгаа тухай гомдол гарч байна. Батерей утсанд хангалттай нягт суурилуулагдаагүйгээс сэгсрэх үед хавирч дуугарах, мөн хэдхэн цагийн дотор цэнэгээ алдаж байгаа тухай тус тус цөөн тооны хэрэглэгчид гомдоллосон байна.

Мөн Сири хэрэглэж цаг агаарын мэдээ хүлээн авах үед хотуудын мэдээг хольж хутгах асуудал гарч байна. Тухайлбал Нью-Иорк хотын нэрээр хайлт хийх үед Тексас мужийн Нью-Иоркийн мэдээг гаргах гэх мэтээр адил нэртэй газар нутгийн мэдээллийг андууран гаргах тохиолдол олон байна.

iCloud үйлчилгээний багтаамжийн үнэгүй хэмжээ 20Гб байдаг бол энэ сарын эцсээр 5Гб болгон буурлахаар төлөвлөж байгаа нь хэрэглэгчдийн дургүйцлийг мөн адил төрүүлж байна. Энэ нь утасны мэдээллүүдийг нөөцлөн хадгалах (back up)-ад хангалттай хэмжээ юм, хэмжээг багасгаж байгаа нь үйлчилгээний хэт ачааллааас урьдчилан сэргийлж байгаа хэрэг хэмээн Apple компани мэдэгджээ.

Харин Apple-ийн газрын зургийн шинэ программ алдаа ихтэй байгаа нь гомдолын дийлэнх хэсгийг эзлэжээ. Үүнд зарим хотууд, барилга байгууламжууд газрын зурагт огт ороогүй, эсвэл нэршил зөрсөн, дүрсний ялгарал муу, зураг үүлэнд хаагдсан, муруйж гажсан зэрэг алдаанууд голлож байна.


Эдгээрээс гадна Швейцарийн үндэсний төмөр замын компани өөрийн галт тэрэгний буудлын билэг тэмдэг болсон цагны дизайныг хуулбарласан хэргээр шүүхэд гомдол гаргах тухайгаа мэдэгдлээ. 1944 онд зохион бүтээгдсэн уг дизайныг ашиглах талаар Apple компани урьдчилан ямар нэгэн зөвшөөрөл аваагүй гэж тус компаний төлөөлөгч хэлжээ.


Мөн Самсунг компани iPhone 5 утастай холбоотой хэд хэдэн патентийн эрх зөрчигдсөн асуудлаар АНУ-ын шүүхэд шинээр гомдол гаргах тухайгаа уг утсыг худалдаанд гарахтай зэрэг шахуу мэдэгдээд байгаа билээ.

эх сурвалж, mailonline болон бусад

"Apple, iPhone 5-аас илүүг бүтээх шаардлагатай"

Утасгүй сүлжээний LTE технологийг дэмждэг iPhone5 мэтийн ухаалаг утаснууд их хэмжээгээр худалдаанд гарах нь сүлжээний холболтын төлбөрийг нэмэгдүүлж, мөн хуучин хэрэглэгчид илүү их хэмжээний контент татаж авах болсоноор оператор компаниудын ашиг орлогыг нэмэгдүүлэхэд түлхэц өгнө.

Гэвч зарим шинэ програмуудыг эс тооцвол iPhone-ийн шинэ загварт үндсэн програм хангамж болох үйлдлийн системд маш бага хэмжээний өөрчлөлт хийгдсэн нь Самсунг, Google зэрэг томоохон компаниудтай хүчтэй өрсөлдөж буй Apple компанийг цаашид технологийн аварга хэвээр байж чадна гэдэгт эргэлзэхэд хүргэнэ хэмээн шинжээчид үзэж байна.

Шинэ iPhone Apple-ийн хамгийн их амжилт олох ухаалаг утас болно хэмээн Мельбурнийн Ovum компанийн шинжээч дүгнэжээ. Гэхдээ ирэх 2 жилийн хугацаанд програм хангамжийн үндсэн платформд эрс шинэчлэлт хийж, хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцүүлэхгүй бол Apple компани Nokia болон RIM компаний өнөөгийн байр сууринд очих болно гэсэн байна.

Харин Daishin Securities компаний Kim Hue-jae "шинэ iPhone-ы сонирхол татах гол дэвшил нь LTE сүлжээг сонгосон явдал юм. Энэ нь опeрaтор компаниудад хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэхэд туслана" гэжээ. Гэвч Азийн, тухайлбал Японы зах зээлд байдал өөр байна. Японы ухаалаг утасны зах зээлийн 28.7 хувийг Apple эзлэж байна.

Мөн тус улсын хэмжээнд цар хүрээгээрээ 2 болон 3 дахь томоохон оператор компаниуд болох  KDDI, Softbank-аар дамжуулан iPhone утсыг худалдаалж байгаа билээ. Гэхдээ тэдгээр операторууд 4G сүлжээг хараахан ашиглаж эхлээгүй байна. Тэд iPhone5 утсанд тохирох LTE сүлжээг энэ намраас ашиглалтад оруулна хэмээн мэдэгдэж байсан боловч тодорхой цаг хугацааг зарлаагүй байна. iPhone5 утас Японд бусад улсуудтай адил хугацаанд худалдаалагдаж эхлэх юм.

Харин Японы үүрэн утасны зах зээлийн бараг тал хувийг эзэмшиж, энэ салбартаа тэргүүлдэг NTT DoCoMo компани LTE сүлжээг хэрэглэгчдэд аль хэдийн санал болгож эхэлсэн боловч iPhone төрлийн утсыг худалдаалдаггүй. Энэ байдал нь сүүлийн үед ази болон барууны олон оронд борлуулалтын жагсаалтыг тогтмол тэргүүлэх болсон Galaxy S III мэтийн андройд үйлдлийн систем бүхий утасны зах зээлийг ихээхэн нэмэгдүүлэх магадлалтай юм.

Apple Самсунгтай патентийн асуудлаар дэлхийн олон оронд шүүхдэлцэж байгаа бол өнгөрсөн сард АНУ-ын шүүх Самсунгаас 1 тэрбум долларын нөхөн төлбөр гаргуулах шийдвэрийг гаргасан. Мөн Apple компани Самсунг Электрониксоос нийлүүлдэг санах ойн чипний захиалгыг бусад улсын үйлдвэрлэгч нарт шилжүүлсэн тухай Wal l Street сэтгүүл энэ долоо хоногт мэдээлсэн.

Гэвч энэ нь Самсунг компанид тийм ч их хүндээр тусахгүй гэж HSBC банкны мэргэжилтнүүд үзэж байна. "Бид iPhone5 утас Самсунгийн эд анги үйлдвэрлэгч нарын бизнес болон ашиг орлогод нөлөөлөхгүй гэж найдаж байна. Apple хангамжийн сүлжээндээ өөрчлөлт оруулна гэдгийг тэд урьдчилан таамаглаж байсан" гэжээ.

Японы үүрэн утасны хэрэглэгчдийн дунд ухаалаг утасны хэрэглээ дөнгөж 22.5%-тай байгаа бол харьцангуй орлого өндөртэй хүмүүс л голлон хэрэглэж байгаа юм. Иймд ирэх жилүүдэд ухаалаг утасны хэрэглээ өсөн нэмэгдэх төлөвтэй байна. iPhone5 утас худалдаанд гарсанаар хэрэглэгчдийн дунд ухаалаг утас хэрэглэх сонирхол нэмэгдэнэ. Эдгээр нөхцөл байдал нь хагас дамжуулагч зэрэг үндсэн эд ангийн хангамжид сөргөөр нөлөөлж үйлдвэрлэлийн салбарт түр зуурын саатал үүсгэх магадлалтай хэмээх таамаглалыг IDC компаний зах зээлийн ахлах шинжээч Мичито Кимүра дэвшүүлж байна.

Гэвч iPhone5-ыг танилцуулах үед ханган нийлүүлэгч компаниудын хувьцааны ханш өссөн байна. Тухайлбал хэвлэмэл эх хавтан үйлдвэрлэгч Меико Элетрониксийн хувьцааны ханш Токиогийн хөрөнгийн бирж дээр 10.7%-иар өссөн бол Murata Manufacturing 2.85%, TDK 3.7%-ийн өсөлтийг тус тус үзүүлжээ.

Тэгвэл Solomon Investment & Securities компаний шинжээч Kang Hyun-gie "шинэ утас зах зээлийн тоглогчдод төдийлөн гүн сэтгэгдэл төрүүлээгүй байна" гэв. Түүний дүгнэснээр iPhone5 утас техник хангамж тал дээр тун хангалтгүй байлаа, харин програм хангамж нь бага зэргийн найдвар төрүүлж байгаа боловч энэ нь хөрөнгө оруулагчдыг гайхашруулахад хангалттай зүйл биш гэжээ.

Нэмэлт мэдээлэл
Бичлэгт дурдагдсан KDDI болон Softbank компани iPhone 5 утсыг худалдаалж эхлэх 9-р сарын 21-нээс эхлэн LTE сүлжээг ашиглалтад оруулах тухайгаа өнөөдөр тус тус зарласан байна. Шинэ сүлжээ эхний ээлжинд томоохон хотуудыг хамрах бол ирэх оны 3 сар гэхэд нийт хүн амын 96-100%-г хамруулах төлөвлөгөөтэй байна. Сүлжээнд холбогдох хурдны дээд хэмжээ эхний ээлжинд 75Мб/с байх бол ирэх онд 112.5Мб/с, 150 Мб/с болгон тус тус шат дараалан нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүгээр Япон улсын үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч бүх 4 оператор компани өндөр хурдны утасгүй интернетийн 4G технологид шилжиж байна.


эx сурвалж, physorg

Ахуйн хүрээний хяналтын камер

Maspro компани өрөөнд байрлаж буй гэрийн тэжээмэл амьтан зэрэг хөдөлгөөнт обьектүүдийг ухаалаг утас болон компьютерийн дэлгэцээр шууд хянах боломжтой камер бүтээсэн байна. Уг камерын 110 хэмийн өргөн өнцөгийн линз нь аль нэг буланд байрлуулсан ч тухайн өрөөг бүхлээр нь хянах боломжийг олгож байна. Дүрслэлийн үзүүлэлт 1МП учир обьектийн хөдөлгөөнийг автоматаар дагаж, дижитал таталт (зүүм) хийснээр дэлгэцийн гол хэсэгт байрлуулах боломжтойгоороо адил төрлийн бусад камеруудаас давуутай юм.

Мөн хөдөлгөөн мэдрэх учир гэрийм тэжээмэл амьтадаас гадна өндөр настан, бага насны хүүхдийн хөдөлгөөнийг ч хянах боломжтой. Нэг өрөөнд хэд хэдэн хөдөлгөөнт обьект байрлаж байгаа тохиолдолд "солигдох горим"-ийг сонговол тодорхой хугацааны давтамжтайгаар нэг бүрээр ээлжлэн үзүүлнэ. Хянаж эхлэх, дуусгах үйлдэл камерийн дурангийн хаалтыг хааж, нээснээр хялбар хийгдэнэ. Хөдөлгөөнөөс гадна дуу чимээ, өрөөний температурын өөрчлөлтийг хянаж тус бүр 3 графикаар 24 цагийн мэдээллийг үзүүлэх боломжтой юм

Мөн аюул осолтой орчин, тусгайлан сонгосон байрлалын фото зургийг авч и-мэйлээр илгээнэ. Үүнээс гадна ганц бие өндөр настангуудыг хянаж, тэдний бие хөдлөхөө боливол, эсвэл 3 цаг гэх мэтээр тогтоосон хугацаанд ямар нэгэн хөдөлгөөн ажиглагдахгүй бол и-мэйлээр анхааруулага илгээх боломжтой. Мөн өөр өрөөнд байгаа эцэг эхчүүд бага насны хүүхдээ хянахад ашиглах боломжтой юм. Ирэх сараас худалдаалагдаж эхлэх энэ камер 300 доллараар үнэлэгдэж байна.






эх сурвалж, diginfo

Телевизор "ухаалаг" болж эхэллээ, гэвч ...

Шинэ үеийн ухаалаг телевизорууд хэрэглэгчдэд "Ууртай шувуу" тоглох, танилуудынхаа авсан фото зургуудыг тэр дор нь үзэх, бусдад түгээх, кибер хувцасыг ямар нэгэн тоглоомын консол болон тусгай төхөөрөмжгүйгээр өмсөж үзэх боломжийг олгож байна. Мөн суваг солих, нэвтрүүлгийн хайлт хийхийг хүсвэл гараа зангах төдийд, эсвэл дуу хоолойгоороо удирдах болно. Телевизор үйлдвэрлэгч нар 3 жилийн өмнөөс интернет холболт бүхий ухаалаг телевизорууд бүтээж Ахуйн хэрэглээний цахилгаан хэрэгслийн үзэсгэлэн (CES)-д танилцуулж ирсэн нь телевизорын технологийн цаашдын чиг хандлагыг тодорхойлж байна.

Өмнө нь зөвхөн тооцоолох төхөөрөмжид л агуулагдаж байсан хүчирхэг микропроцессор, иж бүрэн үйлдлийн систем, уламжлалт алсын удирдлагаас тэс өөр чамин удирдлагын системийг ухаалаг телевизорын хамгийн дэвшилтэт загварууд агуулах болов. Компьютер үйлдвэрлэгч Леново компани сүүлийн үеийн ухаалаг утаснуудад л харагдах болсон Гүүглийн андройд үйлдлийн системийн шинэ хувилбар, хос цөмт процессор зэргийг агуулсан шинэ загварыг танилцуулсан бол LG компани андройдын нэг төрөл болох хамгийн сүүлийн үеийн Гүүгл ТВ програм хангамж бүхий ухаалаг телевизор бүтээлээ.

Самсунг компани Майкрософтын XBOX-ын кинект удирдлагатай төстэй камерт суурилсан хөдөлгөөн мэдрэгч бүхий телевизорыг танилцуулсан бол Nuance Communications компани Apple-ийн Айфон 4S утасны Сиритэй адил төрлийн дуу хоолой таних боломжтой телевизор бүтээв. Мөн Bodymetrics компани кинекттэй төстэй төхөөрөмжөөр өөрийн зочны өрөөг хэрхэн кибер хувцасны өрөө болгон хувиргаж болохыг харуулав. Үүгээр хэрэглэгчид өөрийн дүрслэлийг телевизороор харж янз бүрийн кибер хувцасуудыг сольж өмсөж үзэх боломжтой болов.

Гэвч хэрэглэгчдийн хувьд эдгээр ухаалаг телевизоруудын аль төрлийн хэрэглээг түлхүү сонгох нь тодорхойгүй байгаа юм. Гүүгл телевизийн төхөөрөмж гэхэд л эхний загварууд 2010 оны эхээр худалдаанд гарсан боловч борлуулалтын байдал тийм ч сайнгүй байна. Олонхи хэрэглэгч Netflix мэтийн онлайн кабелийн сувгийг өөрийн телевизороор үзэхийг илүүд үзэх боловч технологи шүтэгсэд веб хуудсуудаар аялж, твиттерээ шалгахаас авахуулаад ухаалаг утасныхтай адил апликэшнүүдийн хэрэглээг сонирхох нь мэдээж.

Технологийн эрс шинэчлэлүүд нь үйлдвэрлэгчдийн борлуулалтын хэмжээ болон ашигт хэрхэн нөлөөлөхөөс илүүтэйгээр хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг хангалттай хэмжээнд татаж чадах эсэх нь үйлдвэрлэгчдийн сэтгэлийг түгшээж байна. Гэхдээ шинэ нэмэлтүүд телевизорын үнийг өсгөж борлуулалтыг нэмэгдүүлнэ гэж тэд найдаж байгаа юм. 3D технологи хэрэглэгчдийн таашаалд төдийлөн нийцээгүй бол ухаалаг телевизорууд тэдний эрэлтийг хангана гэж үзэж байна. Мөн үйлдвэрлэгч нар энэ жилийн CES үзэсгэлэнд оролцоогүй Apple компаниас ихээхэн болгоомжилж байна.

Apple хэдэн жилийн өмнөөс ухаалаг телевизорийн технологи дээр ажиллаж байгаа бөгөөд Стив Жобс ч "бид төхөөрөмжийн удирдлагын арга хэрэгсэлд эргэлт хийх интерфейсийг бүтээсэн" хэмээн энэ талаар өөрийн намтар бичигч  Walt Isaacson-д хэлж байсан тухай мэдээлэл байдаг. Өнгөрөгч арваад жилийн хугацаанд Apple компани зөөврийн хөгжим тоглуулагч, хөдөлгөөнт утас, компьютерийн бизнесийг ор үндсээр нь хэрхэн өөрчилснийг бид бэлхнээ мэдэж байгаа билээ. Харин телевизор үйлдвэрлэгч бусад компаниуд өрсөлдөөнд тэсч үлдэхийг оролдож байна. Тэд ухаалаг телевизорын шинэ үе ирсэнийг дөнгөж хүлээн зөвшөөрч эхэлж байгаа боловч яг ямар дүр төрхтэй байх талаар нэгдсэн ойлголтод хараахан хүрээгүй байгаа юм.

Үйлдвэрлэгчид, нэмэлт үйлчилгээ үзүүлэгч компаниуд, програм хөгжүүлэгч нар, шинжээчид хэрэглэгчдийг шинэ үеийн ухаалаг телевизортой хэрхэн харьцах, түүнийг хэрхэн хүлээж авах зэрэг суурь асуудлууд дээр санал зөрөлдөж байна. Мөн техникийн нэгдсэн стандарт боловсруулах тал дээр ч тохиролцож чадаагүй байна. Тухайлбал ухаалаг телевизорын удирдлагын олон хэлбэрүүд гарч ирсэн боловч телевизорын загвар, үйлдвэрлэгч компаниас хамааруулан гараараа зангах хөдөлгөөнд суурилсан удирдлага хэрэглэх уу, ухаалаг утсаа кибер удирдлага болгон ашиглах уу, эсвэл хэмжээг нь багасгасан бүрэн хэлбэрийн гар (кийборд)-аар удирдах уу гэдгийг ярилцаж тэдгээрээс хэрэглэгчдийн таашаалд нийцэх хэлбэрийг сонгох шаардлагатай байгаа юм.

Энэ бүхний үр дүнд зочны өрөөний телевизор унтлагын өрөөнийхөөс өөр хэлбэрээр удирдагдана, нэг үйлдвэрлэгчийн загварууд байлаа ч удирдлагын болон үйлдлийн систем өөр өөр байна гэх мэтээр нэгдсэн шийдэлд хүрэх шаардлагатай юм. Технологид дурлагчдын хувьд эдгээрийг турших үзэх нь гайхалтай санагдана. Гэвч энгийн хэрэглэгчдэд зориулсан зарим төрлийн стандартжуулалт хийгдээгүй тохиолдолд ухаалаг телевизорын зах зээлийг бүтэлгүйтэлд хүргэх магадлал их биш ч тодорхой хэмжээгээр байгаа гэж үзэж болно. Эцэст нь телевизор ухаалаг байх шаардлагатай эсэхийг зөвхөн хэрэглэгчдийн хүсэл сонирхол л шийдэх болно.

Дашрамд хэлэхэд зурагтны удирдлагын шинэ хэлбэрүүдийн тухай өмнө нь тус блогт мэдээлж байсан билээ. Харин тэдгээрээс ихэнх нь өнөөдөр биелэлээ олоод байгааг сануулахад илүүдэхгүй бизээ.


эх сурвалж; physorg

Синхрон орчуулгын технологи

NTT Dokomo компаний хөгжүүлж буй хүний ярианы шууд (синхрон) орчуулгын үйлчилгээний туршилтын хувилбарыг Wireless Japan 2011 үзэсгэлэнд танилцуулсан байна. Энэ удаад япон хэлээр бичигдсэн сонинг унших үед орчуулга хэрхэн явагдаж байгааг үзүүлсэн бөгөөд уншиж буй хүний яриа шууд орчуулагдан танхимд байрлуулсан таблетийн тусламжтайгаар текстийг дэлгэц дээр харуулж, англи орчуулгыг сонсгожээ.

Уг үйлчилгээг хүний ярианы агуулгыг таних, автоматаар орчуулга хийх, орчуулсан текстийг дуу хоолойд хувиргах 3 технологийн нэгдэл гэж хэлж болно. Эдгээр технологиуд нь өөр өөр компаниудад бүтээгдсэн боловч тус компаний хувьд тэдгээрийг нэгтгэж тухайн эгшинд ярианы шууд орчуулга хийхийг зорьж байгаагаараа онлог юм. Хүний яриаг таньж текстэд хувиргах технологийн боломж 100%-д хүрээгүй байгаа бөгөөд таних, хувиргах нарийвчлалыг хангалттай хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

Автомат орчуулгын хувьд мөн адил нарийвчлалын асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Технологийн боломж хэдий хугацааны дараа 100% болох вэ гэдгийг хэлэхэд хэцүү боловч тодорхой хэмжээний орчуулгын алдаа гарсан ч хэрэглээний ямар нэг хэлбэр, боломж байгаа эсэхийг тодруулах зорилгоор энэ жилдээ багтааж хязгаарлагдмал хүрээнд хэрэглээнд нэвтрүүлж туршихаар төлөвлөж байна.




Дашрамд хэлэхэд текстийг хүний ярианд хувиргах технологийн боломж бараг 100%-д хүрээд байна. Үүнийг энд дарж туршиж үзэх боломжтой бөгөөд гадаад хэл сурч байгаа хүмүүс дуудлага болон сонсголоо сайжруулах зорилгоор ашиглахад тохиромжтой юм. Мөн гадаад хэлээр ямар нэгэн илтгэл хийхээр төлөвлөж байгаа бол аудио бичлэг хийж сонсох, дагаж ярих зэргээр давтах боломжтой.

эх сурвалж; diginfo

Гар утасны технологийн хөгжлийн тухай товчхон

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд гар утас буюу утасгүй харилцаа холбооны хөгжлийн 4-р (4G) үед шилжиж эхэлж байгаа билээ. Мөн манайд хэдэн жилийн өмнө хөдөлгөөнт интернетийн 4G Mobile Wimax утасгүй систем байгуулагдсан боловч гар утасны технологид хараахан нэвтэрч эхлээгүй байна. Энэ удаад гар утасны хөгжлийн үе шатуудын тухай товч танилцая.

0G
Утасгүй харилцаа холбооны технологи 1940-өөд оны дунд үед үүсч бий болсон боловч 1980-аад оноос нийтийн хэрэгцээнд нэвтэрч эхэлсэн байна. Зарим мэргэжилтнүүд утасгүй холбооны технологийн хөгжлийн эхний шатыг 0G хэмээн нэрлэдэг. Энэ үеийн гар утаснууд радио долгионы зарчимаар ажилладаг бөгөөд овор, жин ихтэй байсан учир ихэвчлэн автомашинд суурилуулан ашигладаг байжээ. Мөн одоогийн Иридиум системтэй төстэй сансарын холбооны технологи бүхий гар утаснууд усан онгоцны холбооны зориулалтаар ашиглагдаж байсан байна.


1G
1982 оноос эхний шатны гар утаснууд бүтээгдэж хүний дуу хоолойг аналоги долгион хэлбэрээр дамжуулж дууны өнгөнөөс хамаарах тасралтгүй дохиоллыг ашигладаг болов. Дохиоллын зурвасын хүрээ өргөн боловч, харьцангуй том хэмжээний батерей шаардагддаг, хөндлөнгийн элдэв дохиоллын нөлөөлөлд өртөмтгий, хамгаалалтын систем муу буюу зарим онцлог төхөөрөмж бүхий хүн бусдын яриаг хөндлөнгөөс сонсох боломжтой байжээ. Хамгийн сул тал нь бусдын утасны дугаарыг хуулж аваад өөрийн дураар ашиглах боломжтой байв.

2G
1991 оноос 2G стандарт боловсруулагдаж PDC, GSM мэтийн дижитал системүүд ашиглагдах болов. Энэ технолиги нь дуу хоолойг 1 буюу 0-оор илэрхийлэгдэх тоон дохиолд хувирган дамжуулдаг учир дээр дурдсан дутагдалуудыг бүрэн арилгасан, илүү найдвартай систем болсон байна. Мөн дохиоллыг кодлон хувиргаж хамгаалалтын шаардлагуудыг бүрэн хангасан учир дохиоллын илүү нарийн зурвасыг хамарч, харьцангуй бага энерги зарцуулдаг учир батерейн хэмжээг жижигрүүлэх боломжтой болов. Мөн үнийн хувьд харьцангуй хямд болсон байна. Өөр нэг онцлог нь энэ үеийн технологиос эхлэн гар утсаараа SMS буюу богино хэмжээний текст илгээх, хүлээн авах боломжтой болсон байна. Адил урттай радио долгионы хүрээнд их хэмжээний харилцан ярианы долгионыг шахах боломжтой болсон учир гар утасны оператор компаниуд олноор байгуулагдаж, дэлхий даяар түгэн дэлгэрч эхэлсэн юм.

3G
Олон улсын Телефон Харилцаа Холбооны байгууллагаас IMT-2000 хэмээх хөдөлгөөнт утасны стандартыг тодорхойлсон бөгөөд анхны 3G системийг 2001 онд Япон улсын NTT Dokomo компани нэвтрүүлсэн байна. Энэ шатанд W-CDMA, CDMA2000 зэрэг өндөр хурдны дижитал системүүд голлож байна. 3G системийн гар утсаар дуу, дүрс болон өгөгдлийг өндөр үр ашигтайгаар дамжуулдагаас гадна интернетээр аялж мэдээлэл татаж авах, youtube видео үзэх, фото зураг агуулсан текст мэдээлэл илгээх боломжтой болсон байна. Мөн 3.5 G хэмээх завсрын ангиллыг гаргаж ирсэн бөгөөд интернетээс мэдээлэл унших хурдаар ялгагдаж байна. 3G системээр интернетэд ойролцоогоор 200-700 кб/с хурдаар холбогддог бол 3.5 G системд 3.6 - 7.2 Мб/с хүртэлх хурдтай холбогдох боломжтой юм. Өөрөөр хэлбэл broadband буюу өргөн зурвасын интернетийг утасгүй технологиор хүлээн авах боломжтой болжээ. Харин 2009-2010 онд гарсан хамгийн сүүлийн үеийн зарим системүүд 15-24 Mб/с хурдыг санал болгож байна.

4G
Гар утасны TeliaSonera компани хамгийн анхны 4G сүлжээг Норвег болон Шведийн Осло, Стокольм хотуудад байгуулж 2009 оны 12 сард ашиглалтад оруулсан байна. Мөн 2010 оноос АНУ, Япон зэрэг улсуудад 4G системд шилжиж, гар утас болон бусад хөдөлгөөнт төхөөрөмжүүд IP-д суурилсан хөдөлгөөнт өргөн зурвасын сүлжээнд 50 Мб/с-ээс 100 Мб/с хүртэлх хурдаар холбогдон интернет, өндөр чанар бүхий телевизийн нэвтрүүлэг, видео, онлайн тоглоом тоглох зэргээр орчин үеийн интернетэд суурилсан бүх төрлийн үйлчилгээг хүртэх боломжтой болж байна. Холболтын хурдаар өмнөх үеэс 10 дахин илүү бөгөөд цаашид 1Гб/с-д хүргэх боломжтой. 4G үеийн голлох 2 систем нь LTE-Advanced болон WiMаx2 стандартууд бөгөөд аль аль нь хүчин чадал сайтай боловч өндөр өртөг шаардагдсан технологиуд юм. АНУ-д Sprint Nextel, Comcast компаниуд Mobile WiMAX сүлжээг байгуулж , 2010 оны 6 сараас анхны 4G гар утас HTC EVO-г худалдаалж эхэлсэн байна. Гар утасны дэлхийн хамгийн том оператор компани болох China Mobile ирэх жилээс 4G системд шилжихээ мэдэгдсэн билээ. Япон улсын хувьд Мобиком компаний хөрөнгө оруулагчдын нэг болох KDDI компани анхлан 4G системд шилжиж байна. Гэхдээ өөрийн сүлжээ байгуулаагүй бөгөөд Uq Wimax компаний сүлжээг ашиглаж байна.

5G?
Хөдөлгөөнт холбооны 4G системд бүрэн шилжсэнээр бүх төрлийн зөөврийн төхөөрөмжийн интернет холболтын хурд 1Гб/с-д хүрч өнөөдрийн бидний хэрэглэж, хөгжүүлж, төсөөлж байгаа ямар ч үйлчилгээг хүртэхэд саадгүй болох юм. Иймд одоогийнхоос цааших буюу 5G систем байх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Үнсэлтийг дууриах хүртэх мэдрэхүйн харилцааны төхөөрөмж

Япон улсын Цахилгаан-харилцаа холбооны их сургуулийн судалгааны баг хосууд болон гэр бүлийн хүмүүст зориулан хүртэх мэдрэхүйн харилцааны төхөөрөмж бүтээж байна. Энэ нь амны хүртэх мэдрэхүйн үйлдлийг дамжуулах, өөрөөр хэлбэл үнсэлттэй адил мэдрэмжийг төрүүлэх зорилготой төхөөрөмж юм. Нэг төхөөрөмжийг амандаа байрлуулаад эргэлдэх хэсгийг хэлээрээ эргүүлбэл нөгөө төхөөрөмжид мөн адил хөдөлгөөн давтагдана. Хэрэв эсрэг тийш нь эргүүлбэл нөгөө төхөөрөмжийн эргэлдэх хэсэг мөн адил эсрэг тийш эргэж тухайн хүний өөрийн эргүүлсэн чиглэлийн хөдөлгөөн өөр нэгэн төхөөрөмжийг амандаа байрлуулсан хамтрагчид мөн адил мэдрэгдэнэ.

Төхөөрөмжийн хөдөлгүүрийн эргэлтийг компьютерээр удирдах бөгөөд bilateral буюу хоёр талын удирдлага хэмээгдэх зарчимаар эргэлтийн өнцөгийн мэдээллийг харилцан хамааралтайгаар төхөөрөмж хооронд дамжуулсанаар эргэлдэх хэсгийн нэгэн адил байрлалын нөхцөлийг бий болгодог байна. Төхөөрөмжийг одоогоор зөвхөн нэг комьютерийн тусламжтайгаар ажиллуулж байгаа боловч цаашид сүлжээгээр дамжуулан удирдах систем бий болгох тохиолдолд хол зайд байрлаж байсан ч үйлдлийг хялбархан гүйцэтгэх боломжтой болох юм. Мөн эргэлдэх хэсгийн байрлалын мэдээллийг хадгалах боломжтой бөгөөд тухайн хүний өөрийнх нь давтагдашгүй онцлогийг шингээсэн үнсэлтийг дууриалган сэргээх боломжтой болно.

"Жишээлбэл нэр алдартай хэн нэгэн хүн төхөөрөмжийг ажиллуулсан тохиолдолд түүний үнсэлтийн мэдээллийг хадгалж аваад шүтэн бишрэгчдэд нь санал болговол таашаан хүлээн авах нь гарцаагүй. Цаашид үнсэлтийн үндсэн зарчимууд болох амт, амьсгал мэдрэх, хэл бага зэрэг нойтон байх гэх мэт нөхцөлүүдийг бүрдүүлвэл жинхэнэ хүчирхэг төхөөрөмж болж чадна" хэмээн зохион бүтээгчдийн нэг ярьж байна.






эх сурвалж; diginfo

Нэвт харагдах дэлгэц бүхий төxөөрөмжүүд

OLED материалыг дэлгэцийн технологид нэвтрүүлснээр онцлог шинж чанар бүхий электрон төхөөрөмжүүдийг бүтээх боломж олдож байгаа тухай өмнө нийтлэж байсан билээ. Самсунг компани OLED технологи ашигласан нэвт харагдах дэлгэц бүхий хоёр төрлийн бүтээгдэхүүний хувилбарыг өнгөрч CES-2010 үзэсгэлэнд танилцуулсан байна. Үүний нэг нь 14 инчийн OLED дэлгэц бүхий зөөврийн компьютер юм. Тус компани ийм төрлийн комьпютерүүдийг нэг жилийн дотор үйлдвэрлэлд шилжүүлэн америкийн заx зээлд худалдаж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ.



Өөр нэг бүтээгдэхүүн нь AMOLED дэлгэц бүхий аудио видео тоглуулагч юм. Ice touch хэмээх энэ тоглуулагч нь 2 инчийн дэлгэцтэй, 16Гб багтаамжтай, DVD чанар бүхий видео тоглуулагчийг агуулсан ажээ. Энэ бүтээгдэхүүнийг 2010 оны 2-р хагасаас худалдаалж эхлэхээр төлөвлөж байна.



Самсунг компани нь LCD зурагтын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд OLED чиглэлийн дэлгэцийн технологийн хөгжүүлэлтээр мөн адил тэргүүлэх байр суурийг эзлэхээр зорьж байна. Одоогоор автомашины салхины шилэнд байрлуулах навигацын төхөөрөмжийн нэвт харагдах дэлгэцийн хөгжүүлэлтийг хийж байгаа бөгөөд ийм төрлийн дэлгэцийг бусад электрон төxөөрөмжүүдэд өргөнөөр ашиглах боломжтой юм.


Хүүхэд яагаад уйлсаныг iPhone хэлж өгнө

Залуу эцэг, эхчүүдэд нялх хүүхдээ уйлж байгаа шалтгааныг тодорхойлно гэдэг туйлын хүндрэлтэй, зарим тохиолдолд сэтгэл түгшиж юу хийхээ мэдэхгүй байх тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл Испанийн Biloop Technologic компани iPhone-д зориулан зохиосон "Cry translator" программ энэ хүндрэлээс зайлсхийхэд туслах юм. Уг программ нь хүүхдийг өлсөх, нойрмоглох, уурлаж тавгүйрхэх, зовиур болон залхахаас шалтгаалан уйлж байгаа эсэхийг 10-хан секундын хугацаанд тодорхойлж чаддаг байна. Эдгээр нөхцөлүүдээс үүдэлтэй хүүхдийн уйлах дууны давтамж нь хэл, соёлоос хамааралгүйгээр нийтлэг хэлбэртэй байдгийг судлаачад 6 жилийн судалгааны үр дүнд тогтоожээ. Жишээ нь ямар нэгэн зовиураас шалтгаалан уйлж буй хүүхдийн дуу богино хугацаанд чангарч, хүчтэй дуугарч байснаа аажим суларч, дараа нь дахин чангардаг бол өлссөнөөс уйлж буй хүүхдийн дуу өндөр нугалаатай, эрч хүчтэй байдаг байна. "Cry translator" программ нь эмнэлгийн нөхцөлд 96 хувийн магадлалтайгаар туршигдсан бөгөөд 9.99 доллараар нөгөөдрөөс худалдаалагдаж эхлэх ажээ.

Цахилгааныг утасгүйгээр дамжуулах тухай

Бидний өнөөдрийн амьдралыг цахилгаан эрчим хүч, цахилгаан хэрэгсэлгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Нэг айлын зөвхөн зочны өрөөнд гэхэд л зурагт, видео тоглуулагч, хөгжим, гар утас, компьютер, принтер гээд маш олон төрлийн цахилгаан болон электрон төхөөрөмжүүд өдөр тутам ашиглагддаг. Эдгээр төхөөрөмжүүдийн цахилгаан тэжээлийг холбох утаснууд багагүй зай талбай эзэлхээс авахуулаад, хөлд орооцолдох, цэвэрлэгээ хийхэд хүндрэлтэй болгох, зарим тохиолдолд халалт үүсч гал түймрийн болон цахилгаанд цохиулах эрсдэл үүсгэдгийг хэн бүхэн мэднэ.

Цахилгаан энерги буюу цахилгаан цэнэг нь цахилгаан дамжих чадвар бүхий хатуу биет, хий, шингэн бодис болон вакум орчинд хүртэл дамждаг тухай бид дунд сургуулийн физикийн хичээлээс мэддэг. Гэтэл дээр дурдсан цахилгаан хэрэгслүүдийг эмх замбараагүй орооцолдсон утасгүйгээр, жишээ нь агаараар цахилгаан дамжуулаад холбочихож болоогүй юм байх даа гэсэн бодол зарим хүнд төрж магад. Тэгвэл гэр ахуйн болон оффисийн зориулалтаар ашиглагдах электрон төхөөрөмжүүдийн төрөл, тоо хэмжээ олшрохын хэрээр нэмэгдэх дээр дурдсан хүндрэлүүдээс зайлсхийх үүднээс сүүлийн үед цахилгаан энергийг утасгүйгээр дамжуулах талаар олон төрлийн судалгааны ажилууд хийгдэж түрүүчээсээ хэрэглээнд нэвтэрч эхлээд байна. Ингээд эдгээр судалгаануудын талаар товч танилцуулъя.

Цахилгаан эрчим хүчийг утасгүйгээр дамжуулах оролдлого 100 жилийн өмнөөс хийгдэж эхэлсэн байна. Серби гаралтай инженер Nikola Tesla амьдралынхаа ихэнх идэвхтэй үеийг Теслагийн ороомог зэрэг цахилгааныг утасгүйгээр дамжуулах туршилтад зориулж байсан боловч 1904 онд төсөл нь зогссоноор мөрөөдөл нь эцэс болжээ. 1975 онд Bill Brown богино долгион ашигласан утасгүй цахилгаан дамжуулалтыг амжилттай туршсан бөгөөд 30кВ энергийг 82.5%-ийн үр ашигтайгаар 1.6км зайд дамжуулж чадсан байна. Түүнээс хойш хэсэг хугацаанд ийм төрлийн туршилт судлагаа бараг хийгдээгүй бөгөөд 2007 оноос Massachusetts их сургуулийн физикийн салбарын эрдэмтэд цахилгаан ороомог ашиглан цахилгаан эрчим хүч дамжуулах судалгааг амжилттай хийж эхэлсэн байна. Тэдний хийсэн туршилтаар 80см диаметр бүхий ороомог ашиглан 2 м зайд 60вт цахилгаан энергийг 40%-ийн үр ашигтайгаар дамжуулсан байна.

2008 онд Intel компани харьцангуй богино зайд цахилгаан чийдэн асаах хэмжээний энергийг 75%-ийн үр ашигтайгаар дамжуулж чадсан байна. Мөн онд зарим компаниуд утасгүй технологийг ашиглан зөөврийн компьютер, Iphone зэрэг электрон төхөөрөмжүүдийг цахилгаанаар тэжээх туршилтын хувилбаруудыг танилцуулсанаар энэ төрлийн судалгааны ажил эрчимтэй хийгдэж эхэлсэн юм. Одоогийн байдлаар цахилгаан дамжуулах хэлбэр, дамжуулалтын үр ашиг, цахилгаан чадал болон дамжуулах зайгаар хоорондоо ялгаатай үндсэн 5 аргын хүрээнд туршилт судалгааны ажлууд хийгдэж байна. Үүнд;

1. Индукцын холбоо (Inductive Coupling)


Энэ арга нь уламжлалт трансформатортой адил бөгөөд дамжуулагч ороомгийн орчинд бий болсон соронзон орны нөлөөгөөр үүсэх индукцын гүйдэл тодорхой зайд байрлах хүлээн авагч ороомог хүртэл дамжих зарчимаар цахилгаан дамжуулалт явагдана.
Дамжуулагч ороомог нь компьютерийн хулганы дэвсгэр (mouse pad) шиг хэлбэртэй бөгөөд хүлээн авагч ороомог нь цахилгаан төхөөрөмжүүдэд байрлах юм. Энэ аргаар хэдэн см зайд цахилгааныг дамжуулах боломжтой ба дамжуулалтын үр ашиг 50-75 хувь орчим байдаг ажээ. Powermat компаний судлаачид энэ аргаар 6 төрлийн аудио, видео төхөөрөмжүүдийг цахилгаанаар тэжээж туршсан байна. Энэ арга нь ямар нэгэн цацрагийн долгион ашигладаггүй учир хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй байна.
2. Радио давтамж (Radio-frequency)
Энэ арга нь бидний сайн мэдэх радиодолгионы давтамжын арга бөгөөд хананд байрлах дамжуулагчийн тусламжтайгаар радио долгион ялгаруулдаг байна. Уг долгионыг антенийн тусламжтайгаар хүлээн авч бага хэмжээний цахилгаан гүйдэлд хувирган цахилгаан төхөөрөмжүүдийг тэжээнэ. Радио долгионы дамжуулалтын зай харцангуй их боловч дамжуулах энергийн хэмжээ бага юм. PowerCast компани энэ аргаар 3вт хүртэлх хэмжээний энергийг 25м хүртэлх зайд дамжуулсан байна. Гэхдээ энэ аргаар энерги дамжуулах тохиолдолд радио долгион эргэн тойрны бүх чиглэлд тархдаг учир дамжуулалтын үр ашиг муутай юм.

3. Лазер (Laser)
Энэ арга нь лазерийн гэрэл ялгаруулах диод ашигладаг бөгөөд цахилгааныг xарьцангуй хол зайд дамжуулах боломжтой юм. Гэхдээ зай холдох тусам лазерийн гэрлийг цахилгаан төхөөрөмжид байрлах хүлээн авагчид онож тусгахад хүндрэлтэй байдаг байна. Мөн хөдөлгөөнт төхөөрөмжид ашиглах боломжгүй ажээ.
PowerBeam компаний судлаачид энэ аргаар чийдэн болон зургийн электрон жаазанд цахилгаан дамжуулж туршсан бөгөөд 1.5вт цахилгааныг 10 м зайд дамжуулж чадсан байна. Энэ нь LED гэрлийг асаах чадалтай боловч зөөврийн компьютер зэрэг харьцангуй их энерги зарцуулдаг төхөөрөмжүүдэд хүрэлцэхгүй юм.
4. Дамжуулагч дэвсгэр (Conductive Pad)
Энэ арга нь уламжлалт буюу дамжуулагч утас ашиглан цахилгаан дамжуулах аргатай адил учир дамжуулагч болон хүлээн авагчид нь хоорондоо шүргэлцэж байх шаардлагатай юм. Boulder компани WildCharge хэмээн нэрлэгдэх дамжуулагч дэвсгэрийн аргаар 150вт хүртэлх хэмжээний энергийг дамжуулж туршсан байна.
5. Соронзон орны хосолмол резонанс (Magnetically Coupled Resonance)
Хос үүсгэгчээс ялгарах цахилгаан соронзон долгион ресонанс үүсгэх зарчим дээр үндэслэгдсэн энэ арга нь одоогоор судлагдаж буй аргуудаас үр ашиг хамгийн өндөртэй нь юм. Ренонанс үүсэх үзэгдлийн энгийн жишээ нь хэн бүхний мэдэх хүүхдийн савлуур юм. Нэгэнт савлаад эхэлсэн тохиолдолд савлуурын хөдлөх чиглэлтэй давхцуулан багахан хүчээр биеэ хөдөлгөхөд улам өндөр, улам хол зайд савлуулж чаддаг бөгөөд энэ нь механик резонансын нэг хэлбэр юм.
Дээр дурдсан Massachusetts их сургуулийн эрдэмтэд анх энэ аргыг ашиглан 60Вт-ийн чийдэнг 2 м зайнаас туршсан бөгөөд дамжуулалтын үр ашиг 40% байсан байна. Мөн LCD телевизор, Ipod зэрэг төхөөрөмжийг утасгүй цахилгаанаар тэжээж туршсан бөгөөд энэ технологийг WiTricity хэмээн нэрлэжээ.

Ирээдүйд цахилгааныг утасгүйгээр дамжуулах технологийг олон хэлбэрээр ашиглаж болох бөгөөд нэг сонирхолтой жишээ нь Мицүбиши компанийн дэвшүүлж 2007 оны Tokyo motor show үзэсгэлэнд танилцуулсан цахилгаан машины баттерейг богино долгион ашиглан утасгүйгээр цэнэглэх хувилбар юм. Уг хувилбар нь индукцийн холбоог ашигласан бөгөөд үндсэн зарчим нь автозам дээр байрлах дамжуулагч ороомог болон цахилгаан машины бампер дор байрлах антенийн тусламжтайгаар явдал дунд нь утасгүйгээр цэнэглэх юм. Өөрөөр хэлбэл цахилгаанаар цэнэглэх станцыг зам дээр байрлуулах хэлбэр юм.


Цахилгааныг утасгүйгээр дамжуулах технологийг ашигласан гар утас, зөөврийн компьютер зэрэг бүтээгдэхүүнүүд энэ оноос худалдаанд гарч эхлээд байгаа бөгөөд эдгээр бүтээгдэнхүүнүүдийн тухай дараа танилцуулах болно. TED Conference 2009-д танилцуулагдсан утасгүй цахилгаан дамжуулалтын тухай сонирхолтой илтгэлийн бичлэгийг үзнэ үү.



эх үүсвэр; powerbeaminc.com болон бусад

Цаг-гар утас худалдаалагдаж эхлэв

Өнгөрсөн 8-р сараас англи улсад Watchphone буюу цаг хэлбэрийн үүрэн утас худалдаалагдаж эхэлсэн байна. LG компаний GD910 загварын энэ утас нь дуудлага хийх, хүлээн авах, богино хэмжээний текст мэдээлэл илгээх, МР3 дуу тоглуулах, дуу хоолойгоор удирдах, интернетэд холбогдох зэрэг ердийн гар утасны бүх үйлдлүүдийг агуулсан байна. Мөн 1.3 инчийн touchscreen буюу даралтат дэлгэцтэй, чанга яригч болон камераар тоноглогдсон бөгөөд Bluetooth ашиглан видео дуудлага хийх боломжтой юм. Баттерейг нэг удаа бүрэн цэнэглээд 250 цаг буюу 10 хоног орчим хугацаагаар ашиглаж болох бөгөөд хэрэв та 600 орчим доллартай бол энэ цаг-гар утсыг "гартаа оруулж" чадах юм байна.