Showing posts with label Фүкүшима. Show all posts
Showing posts with label Фүкүшима. Show all posts

Япон улс эрчим хүчний бодлогоо шинэчлэн тодорхойлов

Япон улс Фүкүшима АЦС-ын ослоос үүдэн эрчим хүчний шинэ бодлогоо тодорхойлж, 2030-аад оны үеэс цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг бүрэн зогсоохоор шийдвэрлэлээ. Энэ төлөвлөгөөний хүрээнд АЦС-ын ажиллуулах хугацааг 40 жилээр хязгаарлаж байгаа учир одоо ажиллаж байгаа станцууд дурдсан хугацаанд ашиглалтаас бүрэн гарах юм. Мөн нэмж өргөтгөл хийх, шинээр АЦС барьж байгуулахгүй боловч цөмийн хаягдлыг дахин боловсруулах технологийн хөгжүүлэлтийн ажлыг үргэжлүүлэн хийхээр шийдвэрлэв.

14-ний өдрийн орой хийгдсэн хэвлэлийн бага хурал дээр "Атомын станцаас хамааралгүй нийгмийг аль болох хурдан бодит зүйл болгоно, 2030-аад оны үеэс АЦС-уудыг бүрэн зогсоохын төлөө төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ" хэмээн засгийн газрын төлөөлөгч мэдэгдлээ. Үүнд нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл голлох хувийг эзлэх төлөвтэй байна.

Нийт эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх цөмийн эрчим хүчний хэмжээг  2030 он гэхэд 0%, 15%, 20-25% болгох 3 хувилбараар, тус улсын олон нийт, засгийн газрын болон мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг хамарсан өргөн хэмжээний хэлэлцүүлгийг сүүлийн нэг жил гаруйн хугацаанд явуулсны эцэст энэхүү шийдвэрийг гаргаж байна.

Фүкүшимагийн осол нь газар хөдлөлтийн идэвхтэй бүст хамаарагддаг тус улсын АЦС-уудыг байгалийн гамшигаас найдвартай хамгаалах боломжгүй гэдгийг нотлон харуулсан юм. Мөн олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа дээрх шийдвэрт ихээхэн нөлөөлжээ. Тухайлбал сүүлийн саруудад долоо хоног бүрийн баасан гаригт ерөнхий сайдын ажлын байрны ойролцоо АЦС-ыг эсэргүүцэгчдийн цуглаан тогтмол хийгдэх болсон юм.

Гэхдээ эрчим хүч үйлдвэрлэгч компаниуд засгийн газрын шийдвэрийн эсрэг байр суурьтай байна. Тэд цөмийн эрчим хүчнээс татгалзсанаар эрчим хүчний хангамжид удаан хугацааны ноцтой доголдол үүснэ хэмээн мэдэгдэж байгаа юм. Мөн хүлэмжийн хийн ялгаруулалтыг нэмэгдүүлж, одоо ажиллаж байгаа атомын станцуудад шаардлагатай мэргэжлийн ажиллагсадыг хадгалж үлдэхэд саад болно гэжээ.

2010 оны байдлаар тус улсын эрчим хүчний үйлдвэрлэлд цөмийн эрчим хүч 26%, сэргээгдэх эрчим хүч 10%, байгалийн хий, нефтийн бүтээгдэхүүнээр ажиллах станцууд 63%-ийг тус тус эзлэж байсан юм. Мөн ирэх 20 жилийн хугацаанд цөмийн эрчим хүчний эзлэх хувийг 45%-д, сэргээгдэх эрчим хүчийг 20%-д тус тус хүргэхээр ослоос өмнө төлөвлөж байжээ.


эх сурвалж, technologyreview болон NHK

Фүкүшима ба робот техник - 2

Фүкүшима Дай-ни АЦС-ын реакторуудын хөргөлт тогтвортой горимд шилжээд байгаа боловч цөмийн түлшнээс ялгарах дулааны энергийн хэмжээ илэрхий багасах хүртэл 10-аад жилийн турш хөргөлтийг үргэлжлүүлэн явуулах шаардлагатай юм. Энэ хугацаанд цахилгаан хангамж тасалдах зэргээр хөргөлт зогсож ослын нөхцөл үүсэх тохиолдолд дахин устөрөгчийн дэлбэрэлт болох аюул бүрэн арилаагүй байна. Үүнээс гадна реакторуудын ойр орчимд цацраг идэвхт бодисын цэвэрлэгээ хийж, тодорхой хэмжээгээр хүн ажиллах нөхцөл бүрдүүлэх, цаашид цөмийн түлшийг гаран авч аюулгүй болгоход хэдэн арван жилийн хугацаа шаардагдах төлөвтэй байна.

Япон улсын засгийн газраас АЦС-ын ослын хор уршгийг арилгах дунд, урт хугацааны буюу 40 жилийн төлөвлөгөөг боловсруулсан тухай саяхан мэдэгдлээ. Уг төлөвлөгөөгөөр реакторын барилгын дотор талын, хана, шал, тааз, тоног төхөөрөмжүүдийн гадаргад тогтсон цацраг идэвхт бодисыг цэвэрлэх ажлыг ирэх 6 жилийн дотор гүйцэтгэж, реакторын их бие, хамгаалах хийцийн механик гэмтлийг засварлах ажлыг 10 жил, цөмийн түлшийг реактороос гаргаж авах ажилд 25 жил, гаргаж авсан түлшийг аюулгүй нөхцөлд хадгалж, реакторыг буулгахад 40 жил тус тус зарцуулахаар төлөвлөв.

Эдгээр төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд робот техник голлох үүргийг гүйцэтгэх болно. Гэвч ослын үр дагаварыг арилгах ажилд тохирох роботын технологийн хөгжүүлэлт дөнгөж эхлэлийн шатандаа байна. Фүкүшимагийн ослоос үүдэн өмнө нь бүтээгдэж байгаагүй онцгой чадвартай шинэ төрлийн робот бүтээх шаардлага урган гарч байгаа юм. Ослоос хойш жил илүү хугацаа өнгөрөөд байгаа боловч өндөр хэмжээний цацраг бүхий реакторын орчмын нөхцөл байлдыг бүрэн тодорхойлж чадаагүй байдал үргэлжилсээр байна.

1999 онд Токаймура АЦС-д жижиг хэмжээний осол гарч 2 ажилчин цацрагийн хордлогоор нас барсан тохиолдол гарч байжээ. Тухайн үед ослын зориулалт бүхий роботын туршилтын загварыг бүтээж байсан боловч удалгүй хөгжүүлэлтийн ажлыг зогсоосон байна. АНУ, Европын орнуудад АЦС-д ажиллах чадвартай роботуудыг нөөцөнд үргэлж бэлэн байлгах талаар хуульчлагдсан байдаг бол Япон улсад ийм төрлийн дүрэм, журам байдаггүй. Тус улсын мэргэжлийн байгууллагууд АЦС аюулгүй гэдэгт хэт итгэлтэй байснаас үүдэн ослын үед ажиллах чадвартай робот техник бүтээгээгүй байгаа нь ослын үр дагаврыг арилгах ажилд харьцангуй урт хугацаа зарцуулахад хүргэж байна.

Цаашид цөмийн түлшийг реакторуудаас гарган авч бүрэн аюулгүй болгоход гурван үндсэн асуудал тулгарч байна. Эхнийх нь цацраг идэвхжил өндөр байгаа явдал юм. Төлөвлөж буй ажиллагаанд хүний оролцоо зайлшгүй шаардлагатай бол хүн ажиллах орчинг бүрдүүлэхийн тулд цэвэрлэгээ хийж цацрагийн хэмжээг бууруулах шаардлагатай. Дараагийн асуудал нь ослын үеийн хэт өндөр температур, өндөр даралтын нөлөөгөөр реакторуудын хананд цууралт үүсч гэмтсэн байгаа явдал юм.

Цөмийн түлшийг гаргаж авахын тулд цацрагийн алдагдлаас сэргийлж реакторыг усаар дүүргэх шаардлагатай. Гэвч реакторын механик гэмтлийг арилгаагүй тохиолдолд энэ нь бараг боломжгүй асуудал юм. Эцэст нь хайлсан түлш реактороос гадагшилж хамгаалах хийцийн доод хэсэгт тунасан байх магадлал өндөр байгаа нь өнгөрөгч зун тодорхой болсон явдал юм. Энэ нь дэлхийн цөмийн эрчим хүчний түүхэнд тохиолдож байгаагүй реакторын ослын хамгийн хүнд нөхцөлд тооцогдож байна. Өмнө нь зөвхөн түлшний хайлалт (melt down) явагдаж цөмийн түлш реактороос алдагдаагүй гэж үзэж байв.

АЦС-д робот ашигласан хамгийн анхны тохиолдол 1979 онд АНУ-ын Three Mile Island АЦС-ын ослын дараа гарчээ. Уг ослоор төхөөрөмжийн гэмтэл, хүний үйл ажиллагааны алдаатай давхцан реакторын хөргөлт зогсож эцэстээ цөмийн түлшний хайлалтад хүргэсэн юм. Ослын дараа эхний ээлжинд цэвэрлэгээний роботыг ашигласан байна. Уг робот реактор орчмын бетонон ханыг нэг бүрчлэн зүлгэж түүнд тогтсон цацраг идэвхт бодисыг арилган, хүн харьцангуй удаан хугацаагаар ажиллах орчинг бүрдүүлсэн байна. Харин ослоос хойш 5 жилийн дараа реактор дотор камер оруулж түлшний байдлыг анх удаа тодорхойлоход хайлсан түлш үндсэн байрлалаас 1,5 м доош унаж байрласан байжээ.

Тухайн үед реакторын дээд хэсгээс оруулсан 9 м урттай робот гарны тусламжтайгаар хайлсан түлшийг гаргаж авсан байна. Эхний ээлжинд робот гарны үзүүрт байрлах таслагчаар хайлсан түлшний дээд хэсгийг жижиглэн хуваав. Дараа нь халбага хэлбэрийн төхөөрөмжөөр тэдгээрийг хутгаж гаргаж авсан байна. Харин реакторын доод хэсэгт тунаж хатуурсан түлшийг гаргаж авахын тулд зориулалтын өрмөөр жижиглэн хуваажээ. Зөвхөн түлшийг гаргаж авах ажлыг гүйцэтгэхэд нийт 11 жилийн хугацаа зарцуулсан байна.

Three Mile Island АЦС-тай харьцуулахад Фүкүшима Дай-ни АЦС-ын ослын нөхцөл байдал маш хүндрэлтэй байгаа юм. Three Mile Island АЦС-ын ослын үед зөвхөн нэг реакторт түлшний хайлалт явагдсан боловч реакторт ямар нэгэн гэмтэл гараагүй. Тэгвэл Фүкүшима Дай-ни АЦС-ын ослын үед 3 реакторт түлшний хайлалт явагдсанаас гадна реакторууд гэмтсэн байгаа нь нөхцөл байдлыг ихээхэн хүндрүүлж, хайлсан түлшийг гаргаж авахад илүү урт хугацаа зарцуулахад хүргэж байна.

Японы "Мицүбиши хүнд үйлдвэрлэл" компани ослын хор уршгийг арилгах робот бүтээх ажилд голлон оролцож байгаа юм. Тэд АЦС-ын төхөөрөмжүүдийн шалгалт, хяналтын зориулалттай роботууд бүтээж байсан туршлагадаа тулгуурлан цацраг идэвхт бодисын цэвэрлэгээ хийх, хайлсан түлшийг гаргаж авах роботын төслийг боловсруулж байна. Тухайлбал цацраг идэвхт бодисын цэвэрлэгээнд хүний гартай төстэй олон төрлийн үйлдэл хийх чадвартай 7 үе мөч бүхий манипулятор (робот гар)-ыг алсын удирдлагаар ажиллах тэргэнцэр дээр суурилуулан ашиглахаар төлөвлөжээ.

Үүнд тулгарч буй асуудал нь одоогоор бүтээгдээд байгаа манипуляторын урт дөнгөж 1,3 м байгаа учир цэвэрлэгээ хийхийн тулд реакторын барилгын 8 м өндөр бүхий таазанд хэрхэн хүргэх вэ гэдгийг шийдвэрлэх шаардлагатай юм. Энэ тохиолдолд тэргэнцэрийг өргөгчтэй байх боломжийг судлаж байна. Мөн реакторын механик гэмтлийг засварлахын тулд гэмтлийн хэмжээ, байрлалыг үнэн зөв тодорхойлох шаардлагатай боловч хэрэгжүүлэх арга, боломжыг олоогүй байна. Хяналт, шалгалтын зорилгоор реакторын хананы бүрэн бүтэн байдлыг дотор талаас нь шалгах камер бүхий урт долгионы төхөөрөмж ашиглагдаж байгаа ч ослын дараах цацраг идэвхт бодис болон нуранганы тоос шороо, зэврэлтээс бохирдсон усан орчинд уг төхөөрөмж хэвийн ажиллахад хүндрэлтэй юм.

Шийдвэрлэх ёстой хамгийн гол асуудал нь хайлсан түлшийг хэрхэн гаргаж авах вэ гэдэгт байна. Реакторын дээд хэсэгт зориулалтын суурь байрлуулж түүнд угсарсан робот гарын тусламжтайгаар түлшийг жижиглэн гаргаж авахар төлөвлөж байгаа ч түлшний хайлалт, түүний байрлалыг тодорхойлж чадаагүй байгаа нь төслийн ажилд саад тотгор учруулж байна. Three Mile Island АЦС-ын хайлсан түлш зөвхөн реакторын доод хэсэгт тунасан байсан бол Фүкүшимад түлш реактороос гадагшилж түүнээс доош 30 м зайд байрлах хамгаалах хийцийн шалны хэсэгт тунаж хатуурсан байх магадлал өндөр байгаа юм.


эх сурвалж; NHK

Фүкүшима ба робот техник - 1

Фүкүшима Дай-Ичи АЦС-д осол гарсанаас хойш 1 жилийн хугацаа өнгөрч байна. Ослоор реакторуудад цөмийн түлшний хайлалт (melt down) явагдаж түүнээс үүдэн гарч болох цацраг идэвхт бодисын алдагдал өнөөдөр ч дэлхий дахиныг түгшээсэн хэвээр байгаа билээ. Мөн реакторуудын орчимд цацраг идэвхжилийн хэмжээ хэт өндөр байгаа нь хүн ажиллах нөхцөлгүй болгож, реактор доторхи нөхцөл байдлыг тодорхойлох, цаашид ослын хор уршигийг арилгах ажлыг робот техникт даатгахаас өөр аргагүй байдалд хүргэж байгаа юм.

Харамсалтай нь роботын технологиор дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн нэг гэгддэг Япон улсад АЦС-д ажиллах чадвартай робот ширхэг ч байсангүй. АЦС аюулгүй гэдэгт япончууд хэт их итгэлтэй байсан явдал нь ослын үед ажиллах робот бүтээх байтугай, ослын нөхцөл байдлыг хүндрүүлж их хэмжээний цацраг идэвхт бодисын алдагдал гарахад нөлөөлсөн хэмээн олон хүн дүгнэж байна. Мөн нэг жилийн хугацаа өнгөрөөд байгаа өнөөдрийг хүртэл реакторуудын дотор ямархуу байдалтай байгааг хэн ч тодорхой мэдэж чадаагүй байгаа юм.

Ослын үед реакторуудад гарсан устөрөгчийн дэлбэрэлтийн дараа 4-р сарыг хүртэл хөргөлтийн ажиллагааг бүрэн сэргээж чадаагүй бөгөөд реакторын усны температур нэмэгдэж хэзээ ч дахин дэлбэрэлт болох нөхцөл байдал үргэлжилж байсан юм. Тухайн үед усны температурыг аль болох хурдан 100 хэмээс багасгаж буруулах шаардлагатай байв. Гэвч АЦС-ын барилгын реакторын хэсэгт өндөр хэмжээний цацраг идэвхт бодис тархсан байснаас ажилчид реакторын орчинд очиж хөргөлтийг сэргээх боломжгүй байв.

Нэгэнт өөрсдийн гэсэн роботгүй учир Токио Дэнрёкү компани Америкт үйлдвэрлэгдсэн Packbot роботыг 4 сарын 17-нд  реакторын барилгад оруулав. Уг роботын хийсэн дүрс бичлэгүүдээс 1-р реакторын барилга доторхи нөхцөл байдлыг анх удаа бодитоор тодорхойлж чадсан юм. Мөн цацрагийн хэмжилт хийж хамгийн өндөр хэмжээ 1200 млзв/ц-т хүрч байгааг, барилгын зарим хэсэгт 10.5 млзв/ц буюу хүн богино хугацаагаар ажиллах боломжтой газруудыг ч бас тодорхойлов.

Эдгээр мэдээлэлд үндэслэн 5 сарын 9-нд ослоос хойш анх удаа ажилчид реакторын барилгад орж реактор доторхи усны түвшин, даралтын хэмжүүрүүдийг засварлав. Мөн тэдгээр хэмжүүрүүдийн заалтад үндэслэн реакторт түлшний хайлалт болсон гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Түүгээр ч зогсохгүй хайлсан түлш реакторын их биеийг гэмтээж гадагшлан, төмөр бетон хамгаалах хийцийн доод хэсэгт тунасан байх магадлалтайг тогтоожээ. Энэ нь дэлхийн цөмийн эрчим хүчний түүхэнд тохиолдож байгаагүй реакторын хамгийн том гэмтэлд тооцогдож байгаа юм.

Цаашид роботын туслалцаатайгаар авсан мэдээлэлд үндэслэн шаардлагатай арга хэмжээнүүдийг авсанаар 1 болон 2-р реакторын усны температурыг зохих хэмжээнд хүртэл амжилттай буулгаж чадсан юм. Харин 3-р реакторын хөргөлт хүссэн хэмжээнд хүрээгүйгээр барахгүй 6 сарын 10-нд усны температур 180 хэмд хүрч дахин дэлбэрэлт үүсэх нөхцөл бий болов. Хөргөлтийн усны хэмжээг нэмэгдүүлэх тохиолдолд их хэмжээний цацраг идэвхт бодис шингээсэн ус реактор орчмоос алдагдаж далай болон хөрсөнд шингэхэд хүрчээ.

Тухайн үед Токио Дэнрёкү компани реакторын ослын үеийн хөргөлтийн 1-р системийг ажиллуулахаар шийдсэн юм. Уг систем нь реакторын дээд хэсгээс шүрших замаар бага хэмжээний усаар харьцангуй үр дүнтэй хөргөлт явуулах боломжтой байв. Гэхдээ түүнийг ажиллуулахын тулд реакторын барилгын 2 давхарт байрлах хаягдал хийг зайлуулах хоолой бүрэн бүтэн эсэхийг шалгах хэрэгтэй болсон юм. Гэтэл Packbot роботод 2 давхарт хүрэх огцом, өгсүүр шатаар авирах чадвар байсангүй.

Иймд тухайн үед туршилтын шатанд байсан Quince роботыг ажиллуулахаар шийдэв. Уг робот нь ямар ч замд гайхалтай туулах чадвар сайтай бөгөөд гамшигийн үед ашиглахаар төлөвлөн Чиба Коогё их сургууль зэрэг байгууллагууд хамтран бүтээж байв. Quince ердийн нөхцөлд радио долгионы удирдлагаар ажиллах боловч долгион АЦС-ын барилгын зузаан бетонон ханыг нэвтэлж чадахгүй учир утсан холболт бүхий удирдлагыг ашиглах болсон байна.

Улмаар Quince 7 сарын 26-нд 3-р реакторын барилгад орж, шатаар төвөггүй өгсөн 2-р давхарт байрлах хоолойнуудыг ноцтой гэмтэл аваагүй болохыг тодорхойлов. Мөн үргэлжлүүлэн хийсэн хэмжилтээр цацраг идэвхжил богино хугацаагаар хүн ажиллаж болох хэмжээнд байгааг тогтоов. Дараагийн өдрөөс ажилчид ээлжлэн барилгад орж хаягдлын хоолойг залган, хөргөлтийн 1-р системийг ажиллуулсанаар реакторын усны температурыг бууруулж чадсан юм. Quince түүнээс хойш реакторын барилга дотор үргэлжлүүлэн ажиллаж байсан боловч 10-р сард удирдлагын кабель нурангад орооцолдсоноос гацаж, өнөөдрийг хүртэл АЦС дотор хөдөлгөөнгүй хэвээр байна.

Packbot
Quince

үргэлжилнэ ...

Фүкүшимагийн эргэн тойронд-1

Фүкүшима Дай-Ичи АЦС-д осол гарсанаас хойш 2 сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд реакторууд болон хэрэглэсэн түлш хадгалах савнуудын хөргөлтийг тодорхой хэмжээгээр тогтворжуулж, цацраг идэвхт бодисын алдагдлыг үндсэндээ зогсоогоод байна. Токио Дэнрёкү компани реакторуудын хөргөлтийг найдвартай горимд оруулахад 3 сар, цаашид бүрэн аюулгүй болгох хүртэл дахин 6 сарын хугацаа тус тус шаардагдана хэмээн мэдэгдэж байсан юм. Харин хэд хоногийн өмнөөс 1-р реакторын хэсгийн цацраг идэвхт бодисын өндөр агууламж бүхий агаарыг соруулан авч хүн ажиллах нөхцөл бүрдсэнээр хөргөлтийн үндсэн системийг ажиллагаанд оруулах ажил эхлээд байв. Гэтэл хамгийн аюул багатай гэгдэж байсан тус реакторын түлшний бортогнууд бүрэн хайлж (melt down), реакторын ханыг гэмтээн хайлсан түлш хамгаалах савны ёроолд тунасан байгаа нь илэрлээ. Түлшний бүрэн хайлалт осол болсоноос хойших хэдэн цагийн хооронд явагдсан гэж үзэж байна. Мөн 1-р реакторын подвалын хэсэгт тус АЦС-д осол болсоноос хойш хамгийн өндөр үзүүлэлт буюу 2000 млЗв цацраг идэвхжил бүхий 3000 тонн орчим ус тунасан байгааг илрүүлэв. Энэ нь реакторыг хөргөх зорилгоор шахаж байсан ус хайлсан түлшний цацраг идэвхт бодисоор бохирдон реакторын хамгаалах савны зай завсараар алдагдсан ус юм. Өмнө нь түлшний бортогоны хайлалтын хувь хэмжээг 1-р реакторт 55%, 2, 3-р реакторт 35%, 30%-д тус тус хүрсэн гэж үзэж байсан бөгөөд 2, 3 -р реакторт ч мөн адил түлш бүрэн хайлсан байж болохыг үгүйсгэхгүй байна. Эдгээр нөхцөл байдлаас үүдэн АЦС-г бүрэн аюулгүй болгоход төлөвлөж байгаагаас илүү урт хугацаа шаардагдаж магадгүй байна.

АЦС-д осол үүссэн нөхцөл байдал болон түүнээс гарсан сөрөг үр дагаварыг арилгах, цаашид тохиолдох хүндрэлүүдийг даван туулах талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд болон эрдэмтэн судлаачдын дунд өргөн хэмжээнд хэлэлцэгдэж байна. Фүкүшима Дай-Ичи АЦС-ын зураг төслийг Тошиба болон Хитачи компанийн мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэсэн байдаг. Тус АЦС-д осол үүсэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь байгалийн гамшигийн нөлөөллийг дутуу тооцсон явдал гэдэгтэй дийлэнх мэргэжилтнүүд санал нийлж байна. Зураг төслийн явцад АЦС-ыг 8 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэлт болон 5.7 м өндөртэй цунамигийн давалгаанаас хамгаалагдахаар тооцсон байдаг байна. Гэхдээ газар хөдлөлтийн чичирхийллийн нөлөөллийг голлон тооцоолж, цунамигийн аюулыг бүрэн хэмжээнд хангалттай тооцоолж чадаагүйгээс ослын нөхцөл үүссэн юм. Газар хөдлөлтийн чичирхийллийн хүч төслийн дээд хэмжээнээс 1 магнитудаар илүү байсан боловч АЦС-д ноцтой хохирол учруулаагүй. Харин цунамигийн давалгааны өндөр 14 м-т хүрч зураг төслийн явцад тооцоолж байсан хамгийн дээд хэмжээнээс даруй 3 дахин илүү байснаас АЦС-ын үндсэн байгууламжуудийн дийлэнх хэсэг 5 м хүртэл гүнтэй усанд автагдсан байна. Мөн ослын үед гол үүрэг гүйцэтгэх дизел станцууд (цахилгааны гадаад эх үүсвэр), хөргөлтийн үндсэн системийн насосуудыг далай талд байрлуулсан нь давалгаанд хамгийн түрүүнд өртөж ажиллагаагүй болоход нөлөөлжээ.

Мөн Фүкүшима АЦС-г хариуцагч Токио Дэнрёкү компаний үйл ажиллагаанд дийлэнх хүмүүс шүүмжлэлтэй хандаж байна. Хэдийгээр өмнөх 1000 жилийн хугацаанд ийм хэмжээний хүчтэй газар хөдлөлт, цунами тус бүс нутагт тохиолдож байгаагүй, байгалын гамшгийн хүчийг хангалттай тооцоолох боломж хомс байсан боловч аюулын цар хүрээг зарим талаар урьдчилан тооцоолж, түүнээс хамгаалах арга хэмжээ шаардлагатай түвшинд хүрэхгүй байгааг сануулж байсан тохиолдлууд осол болохоос өмнө цөөнгүй удаа гарч байжээ. 2009 онд Засгийн газар, Токио Дэнрёкү, орон нутгийн засаг захиргааны хамтарсан ээлжит хуралд 869 онд тухайн нутагт тохиолдсон Шооган хэмээгдэх газар хөдлөлтийн судалгаа хийсэн эрдэмтэд цунамигийн давалгааны өндөр тооцоолж байгаагаас илүү гарах магадлалтай, АЦС-ын хамгаалалтыг сайжруулах шаардлагатай хэмээн мэдэгдэж байсан боловч Токио Дэнрёкү компанийхан судалгаа бүрэн бус гэдгээр шалтаглан хүлээж аваагүй байна. Мөн нэгэн эрдэмтэн тус бүс нутагт тохиолдож болох цунамигийн симуляци хийж хэдэн сарын өмнөөс танилцуулж байсан нь энэ удаагийн газар хөдлөлтөөс үүссэн цунамигийн тархалттай ихээхэн ойролцоо үр дүнг үзүүлж байсан байна. Япон улсын газар нутгийн дийлэнх хэсэгт газар хөдлөлт, цунами, галт уулын дэлбэрэлт, тайфуны аюул тогтмол заналхийлж байдаг учир энэ талын судалгаа эрчимтэй хөгжсөн байдаг. Эрдэмтэд хэдийгээр байгалийн гамшгийн аюулыг тодорхой хэмжээгээр тооцоолж урьдчилан сануулсаар ирсэн боловч тэр бүхнийг тооцож хамгаалалтын систем боловсруулахад асар өндөр хэмжээний өртөг зардал шаардагдах нь ойлгомжтой юм. Токио Дэнрёкү компани эрдэмтэдийн саналыг тэр бүр авч үзэж байгаагүй нь үүнтэй холбоотой байж болох юм.

Мөн байгалийн гамшгийн аюулыг сэрэмжлүүлсэн эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд тогтмол нийтлэгдэж тэдгээрт үндэслэсэн нийтлэл нэвтрүүлгүүд ч хийгдсээр ирсэн. Тухайлбал Фужи галт уул дэлбэрэх тохиолдолд түүнээс цацагдсан үнс нурам Токио хотыг бүрхэнэ. Галт уулын үнсний ширхэгтүүд компьютер болон электрон системийг гэмтээж тэдгээрийг ажиллагаанаас бүрэн гаргаснаар нийслэл хотын амьдрал зогсох магадлалтай тухай нэвтрүүлгүүд хийгдэж байсан.  Орчин үед шинжлэх ухаан технологи өндөр хөгжсөн боловч газар хөдлөлтийг урдьчилан мэдэж чадах хэмжээнд хараахан хүрээгүй байна. Харин газар хөдлөлт тодорхой хугацаанд давтагдах шинж чанартай байдаг учир өмнө тохиолдсон хөдлөлтүүдийг судлан дараагийн газар хөдлөлт хэдий хугацаанд тохиолдож болохыг харуулсан судалгаанууд хийгдэж тэдгээрийн үр дүнгээр шаардлагатай арга хэмжээнүүдийг төлөвлөж байна. Ийм төрлийн судалгааг тус улсын засгийн газрын харьяаны мэргэжлийн байгууллагууд нэгтгэн гаргаж нийтэд танилцуулдаг. Фүкүшимагийн АЦС-ын осол Япон улсын засгийн газар болон бусад салбарт эрдэмтэдийн дуу хоолойг хангалттай сонсох шаардлагатайг мэдрүүлсэн үйл явдал болж байна. Саяхан Хамаока АЦС-ын ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн нь үүний нэг илрэл юм. Япон улсын газар нутаг Евроази, Номхон Далай, Филиппины гэсэн хавтангуудын уулзвар дээр оршдогоос газар хөдлөлтийн идэвхтэй бүсүүдийн нэгд тооцогддог. Мөн тус улсын хамгийн том хотууд болох Токио, Осака, Нагояагийн ойролцоо Токай (зүүн далай), Нанкай (өмнөд далай), Тонанкай (зүүн өмнөд далай) хэмээх газар хөдлөлтийн идэвхтэй томоохон голомтууд оршдог бөгөөд тэдгээрийн нэгнийх нь хүрээнд Хамаока АЦС байрлаж байгаа юм.

2009 онд гаргасан ойрын 30 жилийн хугацаанд тус улсын нутагт хөдлөх магадлал өндөртэй томоохон газар хөдлөлтийн голомтыг харуулсан зургаас Хамаока АЦС-ын орчимд 6.7 - 7.2 магнитудын газар хөдлөлт болох магадлал 70% байгааг гэдгийг харж болно. Өмнөх мэдээлэлд дурдсанаас тоон утгын хувьд зөрж байгаа шалтгаан нь цаг хугацааны хувьд шинэчлэн хийсэн өөр өөр судалгааны үр дүн байж болох юм (шалгах боломж байсангүй). Гэхдээ аль аль нь магадлал харьцангуй өндөр байгааг харуулж байна. Сонирхолтой нь 3-р сарын 11-ны газар хөдлөлт болсон районд 7.5 магнитудын газар хөдлөлт болох магадлал зураг дээрх хамгийн өндөр үзүүлэлт буюу 99% байгааг бид харж байна. Юутай ч энэ жишээ япончууд ирээдүйд тохиолдож болох байгалийн гамшигуудын тухай хангалттай төсөөлөлтэй байгаагийн нэг илэрхийлэл юм. Харин тэдгээрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа ямар түвшинд байгааг эргэн дүгнэхэд нь Фүкүшимагийн осол томоохон сургамж болж байна.

Ирэх 30 жилийн дотор газар хөдлөлт болох хамгийн өндөр магадлалтай газрууд

Газар хөдлөлтийн  идэвхтэй томоохон голомтууд

Газрын гүний хавтангуудын байрлал

Хөргөлт үр дүнгээ өгч эхлэв

Сүүлийн хоёр хоногт ус цацаж хөргөлт хийсний үр дүнд реактор болон түлшний бассейний халалт буурч цацраг туяаны хэмжээ мэдэгдэхүйц багасч байна.

19-ний өдөр
Түлшний бассейний температур нэмэгдэж байсан 5, 6-р реакторын ослын үеийн хөргөлтийн насосууд энэ өдрийн өглөө автоматаар ажиллаж эхэлсэнээр 60 градус хүрээд байсан түлшний бассейний температур 15-30 градусаар буурч хөргөлтийн хэвийн горимд шилжсэн байна. Өмнөх өдрүүдэд гал унтраах машинуудаар ус зөөвөрлөн богино хугацаанд харьцангуй бага хэмжээний усыг 3-р реакторын дээвэрт цацаж байсан бол 19-ний өдөр 350 м урттай усны хоолой татаж ус цацах ажлыг тасралтгүй хийх боломжтой болов. Мөн өдрийн үдээс хойш 7 цагийн турш тус реакторын түлшний бассейнд ойролцоогоор нийт 1200 тонн орчим ус цацсан байна. Энэ нь бассейн дахь түлшийг усанд хангалттай булхах хэмжээний ус цацсан гэсэн үг юм. Харин реакторын ойролцоо хийсэн хэмжилтээр цацраг туяаны хэмжээ 3443 -аас 2906 мкЗв болж буурсан байна. Мөн өдрөөс нисдэг тэргэнд суурилуулсан хэт ягаан туяаны хэмжүүрийн тусламжтайгаар реакторуудын гадаргын температурыг агаараас хэмжих эхэлсэн бөгөөд бүх реактор, түлшний бассейний гадаргуу 100 градусаас доош хэмжээний температуртай байсан нь хөргөлт харьцангуй тогтвортой явагдаж байна гэж үзэхэд хүргэв.

Үдээс хойш 1,2 -р реактор хүртэл цахилгааны өндөр хүчдэлийн кабел татах ажил дуусч 2-р реакторын цахилгааны төв шиттэй холбогдсон байна. Харин газар хөдлөлтөөс үүдэлтэй гэмтэл байгаа эсэхийг тодорхойлохын тулд цахилгаан тоноглолуудыг нэг бүрчлэн шалгах шаардлагатай байгаа учир цахилгаанд залгах ажлыг 21-ний өдөр хүртэл хойшлуулав. Хэдийгээр ээлжлэн ажиллаж байгаа боловч 6 ажилчны биед шингэсэн цацрагийн хэмжээ 100 млЗв-т хүрчээ. Фүкүшима мужын 7 цэгээс хотын цэвэр ус хангамжийн системийн усны дээж авч шинжилгээ хийж үзэхэд Кавамата хотоос авсан дээжинд агуулагдах цацрагийн хэмжээ нормоос давсан үзүүлэлттэй гарсан боловч хүний эрүүл мэндэд ямар нэг байдлаар нөлөөлөхгүй, аюулгүй хэмжээнд байна хэмээн мэдээлэгдлээ.

20-ны өдөр
20-ны өдрийн өглөө 4-р реакторын түлшний бассейнд анх удаа ус цацав. 11 машинаар цацсан усны хэмжээ нийт 80 тонн орчим болсон байна. Харин үдээс хойш 14 цагаас эхлэн 3-р реакторт 13 цагийн туршид нийт 2000 тонн орчим ус цацсан байна. Үүний үр дүнд тус реактор орчимд цацрагийн хэмжээ 3400 -аас 2723 мкЗв хүрч буурчээ. Мөн өдөр Фүкүшима Дай-Ичи АЦС-аас хойд зүгт 20 зайд байрлах үхрийн фермд үйлдвэрлэсэн сүүнд агуулагдаж буй цацрагийн хэмжээ нормт хэмжээнээс 5 дахин их байгааг илрүүлсэн байна. Мөн япон улсын бүх мужуудад хүнсний ногоонд агуулагдаж буй цацрагийн шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд АЦС-аас 30 км зайд байрлах хүлэмжээс хураасан шпинат (байцааны төрлийн хүнсний ногоо, Spinacia)-ад агуулагдах цацрагийн хэмжээ норм (2000 мкБк)-оос 12 дахин их буюу 24000 мкБк (микро беккерель), Ибараки мужаас хураасан шпинатад 27 дахин их буюу 54100 млБк тус тус үзүүлэлттэй гарсан байна. Мөн Точиги, Гунма мужуудаас хураасан шпинатад агуулагдах цацраг туяаны хэмжээ нормоос өндөр гарчээ. Гэхдээ эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг хүнсэнд хэрэглэх тохиолдолд хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэгдэж байгаа боловч худалдаалахыг түр зогсоогоод байна.

20-ны өдрийн хэмжилтээр агаар дахь цацрагийн хэмжээ АЦС-аас хойд зүгт 20 км зайд 3,3 мкЗв, 60 км зайд 10.4 мкЗв, Токио хотод 0.050 мкЗв тус тус хэмжээтэй байна. Мөн Олон Улсын Атомын Эрчим Xүчний Агентлагийн мэргэжилтнүүд Токиод хэмжилт хийж, цацрагийн хэмжээ ердийн үеийнхээс бага зэрэг өндөр байгаа боловч хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээгүй хэмээн мэдэгдэв. АЦС-ын ойр орчимд барилгын нуранга их хэмжээтэй байгаагаас цахилгааны кабел, усны хоолой татах ажилд машин техник ашиглах боломжгүй болгож, ихэнх ажлыг гараар гүйцэтгэхэд хүргэж цаг алдах, улмаар ажиллагсдын биед шингэх цацрагийн хэмжээг нэмэгдүүлэх нөхцөл болж байгаа юм. Иймд 74 загварын 2 танкыг нуранга зайлуулах ажилд ашиглахаар шийдвэрлэжээ. Энэ танк нь цацраг туяаны хамгаалалттай бөгөөд нэмэлт төхөөрөмж угсарч бульдозерийн адил зориулалтаар ашиглах боломжтой юм байна.

Реакторуудын хөргөлтөд өөрчлөлт гараагүй байна

Сүүлийн хоёр хоногийн байдлаар реакторуудын хөргөлт болон ялгарч буй цацрагийн хэмжээнд онц өөрчлөлт гараагүй байна. Реакторуудын ойр орчимд цацраг туяаны хэмжээ өндөр байгаа учир станцын ажилчидын гүйцэтгэж байсан далайн ус шахах ажлыг зогсоосон байна. Мөн дэлбэрэлтээс үүдсэн барилгын эврдэл гэмтэл хамгийн их байгаа 3-р реакторын түлшний бассейны хөргөлт шаардлагат хэмжээнд хүрэхгүй байгаа нь тодорхой болсон байна. 16-ны өдрийн хэмжилтээр Токио хотод 0.361 млЗв, Точиги хотод 0.388 млЗв болж цацрагийн хэмжээ өмнөх өдрийнхөөс тус тус гурав дахин буурсан байна. Мөн шинээр хийсэн хэмжилтээр Нагано хотод 0.107 млЗв, Ямагата хотод 0.114 млЗв буюу ердийн үеийнхээс өндөр үзүүлэлтүүд гарчээ.

17-ны өдөр
Реакторын барилгын ойролцоо агаар дахь цацрагийн хэмжээ цагт 250 млЗв хүрч хүн ажиллах зөвшөөрөгдөх дээд хэмжээ (100 млЗв)-нээс илүү гарсан учир өмнөх өдөр төлөвлөгдөж байсан хөргөх зорилгоор нисдэг тэрэгнээс ус цацах ажлыг хойшлуулсан байсан юм. Харин 17-ны өдрийн өглөөний хэмжилтээр газрын гадаргаас 90 м өндөрт цацрагийн хэмжээ цагт 87 млЗв буюу зөвшөөрөгдөх хязгаарт хүрч буурсан учир цэргийн зориулалттай CH47 загварын 2 нисдэг тэрэгнээс барилга дээрээс ус цацах ажлыг хийсэн байна. Энэ үед нисдэг тэргийг хэт өндөрт нисгэх тохиолдолд салхины үйлчлэлээр усны ихэнх хэсэг хийсч сарних, эсрэгээр хэт бага өндөрт нисгэх тохиолдолд асгасан ус реакторыг гэмтээх аюултай байсан учир өндөрийн зохистой хэмжээг сонгоход нисгэгчдээс ихээхэн ур чадвар шаардагджээ. Нисэгчдийг цацраг туяаны хордлогоос сэргийлэх үүднээс реакторын барилгын ойролцоо нисдэг тэргийг агаарт түр зогсоох боломжгүй байсан учир реактор болон түлшний бассейн орчимд хангалттай хэмжээний ус асгаж чадаагүй байна. Мөн ус цацсаны дараа 3-р реакторын орчимд цацрагийн хэмжээ төдийлөн буураагүй байна.

Харин энэ өдрийн үдээс хойш цагдаагийн болон гал унтраах зориулалттай машинуудаар 3-р реакторын дээвэрт ус цацсан байна. Үймээн самууны үед ус цацаж хүмүүсийг тараах тусгай зориулалттай цагдаагийн машин 1 минутад 4 тонн усыг 100 м хол зайд цацах чадалтай боловч усны тусгал станцын дээвэрт хүрч чадаагүй байна. Харин гал унтраах 4 машинаар нийт 30 тонн орчим ус цацсан бөгөөд станцын дээвэр орчимд усны ууршилт ажиглагдсан учир тодорхой хэмжээгээр хөргөлт явагдсан гэж үзжээ. Энэ өдөр зогсолтын байдалд байгаа 5,6-р реакторуудын түлшний бассейнд мөн адил халалт ажиглагдаж эхэлсэн боловч одоогоор аюултай хэмжээнд хүрээгүй байгаа тухай мэдээлэгдлээ. Мөн зүүн хойд бүсийн цахилгаан түгээх сүлжээнээс 2-р реактор орчимд цахилгааны өндөр хүчдэлийн кабел татах ажлыг эхлүүлсэн байна. Фүкүшима Дай-Ичи АЦС-аас хойд зүгт 25 км зайд хийсэн хэмжилтээр цацрагийн хэмжээ цагт 80 мкЗв хүрч ердийн хэмжээнээс 1600 дахин, 60 км зайд орших хотод хийсэн хэмжилтээр цагт 18-20 мкЗв хүрч ердийн хэмжээнээс 400 дахин илүү гарчээ.

18-ний өдөр
Үдээс өмнө цахилгааны кабелийг 2-р реакторын турбины хэсэг хүртэл татсан байна. Турбин болон реакторын орчимд харанхуй байгаа, мөн цацрагийн хэмжээ өндөр байгаа нь кабел татах ажилд саад учруулж байна. Энгийн нөхцөлд ийм хэмжээний ажлыг хагас өдөрт гүйцэтгэдэг бол мөн ус цацах ажилтай давхцуулахгүй байх үүднээс 2-р реактороор дамжуулан 1-р реактор хүртэл 6900 в-ийн 1.5 км кабел татахад нийт 3 өдөр зарцуулж 19-ний өдөр дуусгахаар төлөвлөж байна. Энэ ажил хийгдсэнээр ослын үеийн реакторын хөргөлтийн системийг ажиллуулж хөргөлтийг илүү найдвартай явуулах, станцын удирдлагын хэсгийг ажиллагаанд оруулж одоо хүртэл хангалттай хэмжээнд хийгдэхгүй байгаа параметрүүдийн хэмжилт, хяналтыг бүрэн хийх боломж бүрдэх юм. Гэхдээ газар хөдлөлтөөс үүдэн насос болон цахилгаан хэлхээнд гэмтэл гарсан тохиолдолд хөргөлтийн системийг сэргээх ажил илүү их хугацаа зарцуулж магадгүй байна. Үүний зэрэгцээ 3, 4-р реактор луу кабел татах ажлыг мөн гүйцэтгэж байна.

Энэ өдрийн үдээс хойш гал унтраах 7 машинаар нийт 50 тонн орчим усыг 3-р реакторын дээвэрт цацсан байна. Химийн үйлдвэрт гарсан томоохон гал түймэр унтраах зориулалттай, 22 м өндөрөөс ус цацах чадвартай машинууд ашигласан нь өмнөх өдрийнхөөс илүү үр дүн үзүүлсэн байна. Реакторын хөргөлтийн бассейн нийт 1320 тонн усны багтаамжтай бөгөөд түлшний бортогыг бүрэн хэмжээгээр усанд булхуулахын тулд дор хаяж 500 тонн ус агуулах шаардлагатай юм. Усны түвшин одоогоор тодорхойгүй байгаа учир цахилгааны кабел татагдаж дуусах хүртэл гал унтраах машинаар ус цацах ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

АЦС-ын байдлыг агаараас хянахад туслах зорилгоор Global Hawk хэмээх автомат жолоодлогот нисэх онгоцыг америкчууд илгээсэн байна. Энэхүү онгоц нь зөвхөн америкийн цэргийн зэвсэглэлд нийт 20 ш ашиглагддаг бөгөөд 2000 м өндөрт 24 цагийн турш нисэх боломжтойгоос гадна хэт ягаан туяаны мэдрэгчийн тусламжтайгаар хиймэл дагуулынхаас илүү нарийвчлалтай зураг авч обьектийг хянах чадвартай юм. Мөн алсын зайнаас удирдагдаж цацраг идэвхт орчинд ажиглалт болон бичлэг хийх чадвартай роботыг япон улсын боловсролын яамнаас тус АЦС-д илгээсэн байна.

Цацраг туяаны тухай

Цацраг туяа нь хүмүүст маш аюултай зүйл гэсэн ойлголт төрүүлдэг боловч хүнд тустай хэлбэрээр ашиглагдах тохиолдол олон байдаг. Ургамлын өсөлтийг дэмжих, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ариутгал хийх, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ашиглах гэх мэтээр олон салбарт хэрэглэгдэнэ. Барилгын таазанд суурилуулдаг галын дохиоллын мэдрэгчид хүртэл цацраг туяа ашиглагддаг. Цацраг туяа нь рентген зураг авахад ашиглагддаг рентген туяанаас гадна альфа, бетта, гамма гэх мэт төрлүүд байдаг. Рентген болон гамма туяа нь энергийн өндөр агууламж бүхий цахилгаан соронзон долгион учир түүнийг шингээсэн биет ионждог байна. Цацраг туяа нь ДНК гэх мэт амьд биетийн эд эсийг гэмтээх үйчлэл үзүүлдэг. Гэхдээ шууд бус хэлбэрээр үзүүлэх нөлөө харьцангуй өндөр гэгддэг. Цацраг туяаны нөлөөгөөр амьд биетэд агуулагдах усны молекул задарч идэвхтэй хүчилтөрөгч үүссэнээс амьд эд эсийг гэмтээдэг байна. Амьд биетийн эд эсүүд дундаас идэвхтэй хуваагдах чадвартай эсүүдэд цацраг туяа илүү их нөлөөлдөг. Үүний нэг жишээ нь хорт хавдарын эс бөгөөд эрчимтэй хуваагдах чадвартай учир ердийн эстэй харьцуулахад цацраг туяаны нөлөөлийг илүү их хэмжээгээр авдаг байна. Мөн нарийн гэдэсний эс гэх мэт цацраг туяаны нөлөөнд автамтгай ердийн эсүүд ч бас байдаг ажээ.

Цацраг туяа нь хиймэл зүйл мэт төсөөлөгддөг боловч бидний эргэн тойрон хүрээлэн байгаа орчинд байгалийн жамаар тодорхой хэмжээгээр ялгарч байдаг. Тухайлбал агаарын найрлагад цацраг идэвхт чанар бүхий радон агуулагдаж амьсгалын замаар дамжин хүний биед нэвтэрч байдаг. Үүнээс гадна газрын хөрс, чулуулаг, хүнсний бүтээгдэхүүнд хүртэл их бага хэмжээгээр агуулагдаж байдаг. Мөн сансараас долгион хэлбэрээр агаар мандалд орж ирдэг байна. Газар нутгийн байрлалаас хамаарах боловч хүн жилд дундажаар байгалийн гаралтай цацраг идэвxт бодисоос авах цацраг туяаны хэмжээ 2.4 млЗв байдаг байна. Энэхүү млЗв хэмжээ нь хүний биед сөрөгөөр нөлөөлөхүйц хэмжээний 1000 хуваасны 1-тэй тэнцдэг байна. 100-аас хэдэн мянган млЗв хэмжээний цацраг туяа хүний биед нэвтрэх тохиолдолд үр хөврөлийн эс үхжих, үргүй болох, үс унах гэх мэт нөлөөлөл үзүүлдэг байна. Дэлхийн цацраг туяаны байгууллагын стандартаар байгаль, осол аваари, эмнэлгийн нөхцөлүүдийг оролцуулаад хүний биед нэг жилийн турш шингэх цацраг туяаны хэмжээг 1млЗв (цацраг идэвхт бодистой орчинд ажилладаг хүнд 20 млЗв)-ээс хэтрүүлэхгүй байхыг шаарддаг байна.

Гэхдээ энэ нь зөвхөн стандарт хэмжээ учир илүү гарсан тохиолдолд аюултай гэсэн үг биш юм. Жишээлбэл АНУ-д хийгдсэн судалгаагаар 100 млЗв хэмжээний цацраг туяа шингэсэн тохиолдолд хорт хавдар тусам эрсдэл 100 хүнд 1-ээр нэмэгддэгийг тодорхойлсон байна. Харин хүрээлэн буй байгаль орчны цацрагийн нөхцөлд байгаа хүний хорт хавдар тусах эрсдэл 100 хүний 40-д тохиолддог байна. Амьтанд хийсэн туршилтаар цацрагийн үйлчлэл удам дамжин нөлөөлдөг нь тогтоогдсон байдаг бөгөөд цацрагийн үйлчлэлд орсон амьтны нөхөн үржихүйн эрхтэнүүдийн гэмтэл удамшдаг байна. Харин хүний биед энэхүү нөлөөл удамшдаг нь одоогоор тогтоогдоогүй байна. Япон улсад хийгдсэн судалгаагаар Хирошима, Нагасакийн цөмийн дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн гэмтэл удамшссан тохиолдолд илрээгүй байна. Бага хэмжээний цацрагийн нөлөөлөл хорт хавдар үүсгэх, удамшилд хэрхэн нөлөөлдөг эсэх нь одоогоор бүрэн тодорхой болоогүй байгаа ажээ.

Төрөл бүрийн нөхцөлд хүний биед шингэх цацраг туяаны тун хэмжээг сонирхож үзвэл дотоод эрхтэний рентген зураг авахуулах үед 0.05 млЗв, Токио, Нью-Иорк хотуудын орчимд онгоцоор нисэх үед сансараас ирэх цацраг туяаны хэмжээ 0.2 млЗв, ходоодны рентген зураг авахуулах үед 0.6 млЗв, хүний бүтэн биеийн компьютер томографийн шинжилгээ хийхэд 6.9 млЗв хэмжээний цацраг туяа тус тус хүний биед шингэдэг байна. Сонирхуулахад Бразилийн Guarapari хэмээх газар байгалийн цацраг туяаны ялгарлын хэмжээ 10 млЗв-д хүрдэг байна. Тухайн газрын ойролцоо байрлах наран шарлагын газар цацраг туяаны үйлчлэлд алжаалаа тайлахыг хүссэн жуулчдын сонирхлыг татдаг байна. Магадгүй энэхүү цацраг туяаны өндөр ялгарлын нөлөөгөөр бразилийн хөлбөмбөгчид дэлхийд хамгийн шилдэг нь болдог байж болох юм (хошигнол). Хүний биед шингэсэн цацраг туяаны хэмжээ 3-5 мянган млЗв-д хүрвэл 2 хүний нэгийг, 7-10 мянга млЗв-д хүрвэл ямар ч хүнийг үхэлд хүргэх аюултай юм байна.


Дашрамд дурдахад мэдээллийг Newton сэтгүүлийн япон хэлээр хэвлэгддэг хувилбарын 2008 оны 10 дугаар болон бусад эх сурвалжаас орчуулав. Харин цацрагийн нөлөөлөл хүний биед удамшдаггүй гэсэн байгаа нь эргэлзээтэй санагдав. Миний хувьд өмнө нь Хирошимагийн атомын бөмбөгний дэлбэрэлтэд өртсөн хүний дурсамжийг уншиж байсан юм. Дурсамжид дэлбэрэлтийн үед цацраг туяаны хордлого авсан хүний хожим төрсөн хүүхдийн төмсөг гэдсэн дотроо байрлаж байсныг мэс засал хийж эмчилсэн тухай өгүүлсэн байдаг. Магадгүй энэ тохиолдол дээрх мэдээлэлд дурдагдсан цацраг туяаны удамшлийн нөлөөллийн тухай ойлголтод хамаарагдахгүй байхыг үгүйсгэхгүй.

Фүкүшимад юу болов

Юуны өмнө атомын цахилгаан станц (АЦС)-ын ажиллагааны зарчимын тухай товч танилцуулья. Түлшний цөмийн задралын үед суллагдсан нейтронууд түлшний атомуудтай нэгдэн түүний цөмийг задлаж илүү олон тооны нейтронууд суллагддаг. Суллагдсан нейтронууд дараа дараачийн атомуудтай нэгдэн тэдгээрийн цөмийг задлах процесс гинжин урвал хэлбэрээр үргэлжлэн явагдаж үр дүнд нь их хэмжээний дулааны энерги ялгардаг. Цөмийн түлшний задрал явуулж ялгарсан энергийн тусламжтайгаар усыг ууршуулах зориулалттай төхөөрөмжийг реактор гэх бөгөөд энэ нь атомын цахилгаан станцын үндсэн төхөөрөмж юм.
Реактор нь даралтат сав (1) болон хамгаалах сав (11)-аас бүрдэж, гадна талаараа ган буюу барилгын хүчитгэсэн төмөр бетон хийц (containtment) -ээр хамгаалагдсан байдаг. Реакторын төвд байрлах бортого хэлбэрийн сав (2)-ууд цөмийн түлшийг агуулах бөгөөд тэдгээрийн хооронд дээш доош шилжих хөдөлгөөн бүхий тохируулах саваа (3)-ууд байрлана. Тохируулах саваанууд нь нейтронуудыг шингээж авах чадвартай учир тэдгээрийн байрлалыг өөрчилөх замаар цөмийн урвалаас ялгарах энергийн хэмжээг тохируулдаг. Хэрэв тохируулах саваануудыг ашиглахгүй тохиолдолд цөмийн задралын гинжин урвалын үед маш богино хугацаанд асар их хэмжээний энерги ялгарах бөгөөд цөмийн энергийн ийм хэлбэрийг ашигласан жишээ нь атомын бөмбөг юм.

Реактороос гарах өндөр даралт бүхий усны уураар турбин (6)-ыг эргүүлэх үед түүнд холбогдсон генератор (7)-т цахилгаан энерги үүсдэг. Энэхүү процесс нь нүүрсэн түлш бүхий дулааны цахилгаан станцтай адил юм. Турбиныг эргүүлсэн усны уур конденсацлагдан шингэн хэлбэр (ус)-т шилжих бөгөөд насос (10)-ны тусламжтайгаар дахин реакторт оруулж ууршуулдаг. Ус (5), уур (4)-ын эргэлтийн энэхүү хэлхээ реакторын цөмийг дайрч өнгөрөх учир задралын процессоос үүсэх цацраг идэвхт бодисыг агуулж байдаг. Мөн турбинээс гарсан уур усны холимгийг конденсацлаж бүрэн хэмжээгээр ус болгон хувиргах зориулалттай хөргөлтийн үндсэн систем (9) ашиглагдах бөгөөд энэхүү системийн насосууд зэрэг АЦС-ын төхөөрөмжүүд тухайн өөрийн үйлдвэрлэсэн цахилгаан энергээр тэжээгддэг. Японы АЦС-уудын реакторууд хөргөлтийн үндсэн системээс гадна зөвхөн ослын үед ажиллах зориулалттай ослын хөргөлтийн хоёр системээр давхар тоноглогдсон байдаг. Ослын хөргөлтийн 1-р систем нь цахилгааны гадны буюу дизел эх үүсвэрээр тэжээгдэж хөргөлтийн үндсэн ситемээс тусдаа схемээр ажилладаг. Харин энэхүү систем ямар нэг байдлаар доголдсон тохиолдолд ослын хөргөлтийн 2-р систем ажиллаж далайн усыг шууд реакторт шахах замаар хөргөлт явуулдаг. Хөргөлтийн үндсэн болон ослын 1-р системд өндөр хэмжээгээр цэвэрлэгдсэн ус ашиглагддаг бол ослын 2-р систем шууд далайн ус ашигладгаас энэхүү систем ажилласан тохиолдолд реакторыг дахин ашиглах боломжгүй болдог байна.

Аваар осол тохиолдох үед АЦС-д реакторын үйл ажиллагааг зогсоох, реакторыг хөргөх, цөмийн түлш болон цацраг идэвхт бодисын алдагдал гаргахгүй байх гэсэн 3 үндсэн шаардлага тавигддаг байна. Реакторын ажиллагаа буюу цөмийн задралын гинжин урвалыг зогсоогоогүй тохиолдолд ялгарч буй энергийн нөлөөгөөр дэлбэрэлт үүсч цацраг идэвхт бодис их хэмжээгээр алдагдах нөхцөл болдог. Мөн реакторын ажиллагааг зогсоосон ч задралаас үүссэн цацраг идэвхт бодисууд тодорхой хэмжээний дулааны энерги агуулах учир хэд хоногийн туршид хөргөх шаардлага гардаг байна. Эцэст нь ямар нэгэн байдлаар цацраг идэвхт бодисын алдагдал гаргах тохиолдолд хүний бие болон байгал орчинд нөхөж баршгүй хохирол учруулах эрсдэлтэй юм.

1-р реакторын дэлбэрэлт
Фүкүшима Дай-Ичи (нэгдүгээр) АЦС нь 4.7 ГВт хүчин чадалтай бөгөөд энэ үзүүлэлтээр дэлхийн хамгийн том 25 АЦС-ын нэгт тооцогддог. 1971 онд байгуулагдсан, японы Фүкүшима мужын Окүма хотод далин эрэг дээр байрладаг, 460-1100 МВт хүчин чадал бүхий 6 цөмийн реактортой юм.
3 сарын 11-ний өдрийн газар хөдлөлтөөр япон улсын дөрвөн АЦС-ын ослын үеийн хамгаалалтын систем ажиллаж 11 цөмийн реакторын ажиллагаа автоматаар зогссон байна. Энэ үед тохируулах саваанууд реакторуудын түлшний бортогоны хооронд байрлаж реактор доторхи нейтронуудыг шингээж авсанаар задралын процесс бүрэн зогсчээ. Өөрөөр хэлбэл дээр дурдсан ослын үеийн 3 шаардлагын эхнийх нь бүрэн хангагдсан юм. Энэ үед АЦС-ийн цахилгаан генераторуудын ажиллагаа мөн адил зогсож цахилгааны дотоод тэжээлийн үүсгэвэргүй болсоноос хөргөлтийн үндсэн системийн насос зэрэг дотоод тэжээлээс хангагддаг цахилгаан төхөөрөмжүүд мөн адил зогсов. Дараагийн ээлжинд ихэнх АЦС-уудад ослын үеийн хөргөлтийн 1-р систем (хөргөлтийн үндсэн системээс тусдаа, зөвхөн аваарын үед ажиллах ) ажиллаж реакторын хөргөлт зохих ёсоор явагдсан байна. Мөн реакторыг зогсоох, хөргөх үйл ажиллагаа амжилттай явагдсан учир түлш болон цацраг идэвхт бодисын алдагдалгүйгээр ихэнх станцуудыг бүрэн зогсоож чадсан юм.

Харин газар хөдлөлтийн голомтод хамгийн ойр байрлах Фүкүшимагийн Дайичи АЦС-ын 1-р реакторын ослын үеийн хөргөлтийн 1-р систем ажиллаагүй байна. Шалтгаан нь бүрэн тодорхойгүй болоогүй байгаа боловч газар хөдлөлтийн нөлөөгөөр дизел станцад гэмтэл гарсанаас ажиллаагүй, мөн гадаад үүсвэрээс цахилгаан тэжээл авах боломжгүй болсонтой холбоотой гэж үзэж байгаа юм. Дараагийн шатанд ослын хөргөлтийн 2-р системийг ажиллуулан далайн усыг реакторт шахаж эхэлсэн боловч доголдол гарч хөргөлт бүрэн явагдаж чадаагэй байна. 11-ний өдрийн орой реактор дотор их хэмжээний уур үүсч даралт ихэссэнээс дэлбэрэх нөхцөл бий болсон учир даралтат хийг шууд агаарт гаргасан байна. Үүгээр дээр дурдсан 3-р шаардлага хангагдаагүй бөгөөд цацрагийн тун хэмжээг тодорхой хэмжээгээр агуулсан усны уур агаарт цацагдаж тархаж эхэлсэн юм. Хөргөлтийн үед түлшний бортогууд бүрэн хэмжээгээр усанд булхсан байдалд байх ёстой боловч тодорхойгүй шалтгаанаар усны түвшин буурч бортгоны дээд хэсэг уснаас ил гарчээ. Энэ нь дулааны энергийн нөлөөгөөр бортогууд хайлах, гэмтэх эрсдэл бий болгож цаашид цацраг идэвхт бодис алдагдахад хүргэж болох байв.

12-ны өглөө реакторын усны түвшин буурч 4 м урттай түлшний бортогоны 170 см орчим хэсэг нь уснаас ил гарсан бөгөөд хайлах буюу гэмтсэн байх магадлалтай хэмээн мэдээлэгдэв. Өдрийн 12 цагийн үед 1-р реакторын цөмийн хаягдалд хийсэн шинжилгээгээр цацраг идэвхт цезий илэрсэн байна. Энэ бодис нь түлшний бортогод агуулагдах учир бортого хайлсан байж болох таамаглалыг баталгаажуулав. Эцэст нь өдрийн 3 цаг 30 минутад 1-р реакторт дэлбэрэлт болов. Дэлбэрэлтийн шалтгааныг түлшний бортого хайлан усны ууртай урвалд орж их хэмжээний устөрөгчийн хий үүссэнээс болсон хэмээн таамаглаж байгаа боловч реакторын битүүмж ямар нэг байдлаар алдагдаагүй хэмээн мэдээлэв. Мөн реактор дотор үүссэн усны уур реактороос гадагшилж төмөр бетонон барилгын хийцийн дээвэр дор хуралдаж дэлбэрсэн гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд гаргасан нь барилгын зөвхөн дээврийн хэсэг дэлбэрсэн байгаагаар нотлогдож байгаа юм. Гэхдээ уур ямар замаар реактороос гадагшилсан нь тодорхойгүй байна. Энэ үйл явдал Япон улсын цөмийн эрчим хүчний түүхэнд хамгийн том осолд тооцогдох болов. 19 хүн дэлбэрэлтээс алдагдсан цацраг туяаны нөлөөнд орсон нь тодорхой болсон боловч нийтдээ 600 гаруй хүн мөн адил цацрагийн тунг хүртсэн байх магадлалтай хэмээн мэдээлэгдэв. Станцын ойролцоох хэмжих төхөөрөмжийн заалтаар цацрагийн хэмжээ цагт 1600 орчим мкЗв (микрозиверт) хүрсэн байна.

3-р реакторын дэлбэрэлт
12-ны оройн 5 цагаас 3-р реакторт усны түвшин буурч мөн адил түлшний бортого хайлах нөхцөл үүссэн учир ослын хөргөлтийн 1-р системийг зогсоож реакторт далайн ус шахах ажил эхлэв. Мөн адил реакторын даралт ихэссэнээс реакторын уурыг агаарт гаргах ажиллагааг өглөөний 5 цаг орчимд эхлүүлсэн байна. 13-ний өдөр усны түвшин буурч түлшний бортогоны 2.2 м хэмжээтэй хэсэг уснаас ил гарсан учир хайлсан байх магадлалтай тухай мэдээлэгдэв. Энэ нь 1-р реактортой адил устөрөгчийн дэлбэрэлт үүсэх нөхцөл бий болсон гэсэн үг юм. Усны түвшингийн бууралтын шалтгаан тодорхойгүй байсан бөгөөд усны шугамд ямар нэгэн алдагдал гарсан, мөн түвшингин хэмжүүр алдаатай зааж байж магадгүй хэмээн таамаглаж байв. 13-ний 11 цагт 1-р реакторт болсон адил дэлбэрэлт 3-р реакторт болов. 3-р реакторын хүчин чадал нь 1-ээс 1.5 дахин илүү учир дэлбэрэлтийн хүч ч тэр хэмжээгээр их байв. Хэмжилтээр реакторын ойр орчимд нейтрон болон цацраг идэвхт бодис илрээгүй учир реакторын бүрэн бүтэн байдал алдагдаагүй гэсэн дүгнэлт гарчээ. Станцын ажилчин 11 хүн шархдаж 1 хүнд цацрагын тун шингэсэн учир ойр орчимын 20км-ийн тойрогт байрлах хүмүүсийг нүүлгэх буюу гэртээ хоргодох арга хэмжээг авч эхлэв. 13-ний өдрийн 2 цаг 20 минутад хийсэн хэмжилтээр цацрагын хэмжээ зөвшөөрөгдөх дээд хязгаар (500 мкЗв)-ыг давж цагт 751 мкЗв-т хүрсэн боловч хэсэг хугацааны дараа 200 мкЗв-т хүрч тогтворжсон байна.

2 болон 4-р реакторын дэлбэрэлт
13-ний өдрийн 1 цагийн үеэс 1, 3 -р реакторуудтай адилаар 2-р реакторын хөргөлтийн ажиллагаа доголдон, реакторын даралтын хэмжээ ихэсч усны түвшин буурч эхлэв. Энэ нь түлшний бортого хайлж устөрөгчийн дэлбэрэлт үүсэх нөхцөл учир усны уурыг агаарт гаргах оролдлого хийсэн боловч агаарын хаалтууд нээгдээгүйгээс амжилтгүй болсон байна. Мөн реакторт далайн ус шахаж байсан боловч хөргөлт шаардлагатай хэмжээнд хүртэл явагдсангүй. Мэргэжилтнүүд реакторын даралт өндөр байгаагаас насос усыг бүрэн шахаж чадахгүй байна хэмээн дүгнэж реакторыг хөргөх үйл ажиллагаа хяналтаас гарсаныг хүлээн зөвшөөрөв. 14-ний өглөөний 6 цаг 10 минутад 2 реакторт жам ёсны гэмээр дэлбэрэлт болов. Энэ удаад реакторын хамгаалалтын саванд гэмтэл гарсан байх магадлалтай тухай мэдээлэгдэв. Өглөө 8 цаг 30 минутад хийсэн хэмжилтээр цацрагын хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 16 дахин ихэсч 8217 мкЗв болов. Энэ нь түлшний бортого хайлсаныг харуулж байна гэж үзэж болох юм. Хэсэг хугацааны дараа цацрагын хэмжээ цагт 2000 мкЗв орчимд хүрч тогтворсон байна. Оршин суугчдыг нүүлгэх буюу аюулгүй байдалд хоргодох тойрийн хэмжээг 30 км болгон нэмэгдүүлэв.

15-ны өдрийн өглөөний 6 цаг 14 минутад 4-р реакторын орчимд дэлбэрэлтийн чимээ сонсогдож дээврийн хэсэгт түймэр гарсан байгааг станцын ажилчин илрүүлсэн байна. 4-р реактор нь 1, 2, 3-р реакторын адил ажиллагаанд залгаатай байгаагүй бөгөөд шалгалт, засвар хийх зорилгоор зогсолтын байдалд байсан юм. Түймэр хэсэг хугацааны дараа унтарсан боловч барилгын дээврийн хэсэгт 8 м хэмжээний 2 нүх үүссэн байна. Станцын ажилчид 1, 2, 3-р реакторын хөргөлтийн ажиллагаанд анхаарал хандуулж 4-р реакторын хянлтыг орхигдуулсанаас хэрэглээгүй түлшний хөргөлтийн ажиллагаа алдагдан усны түвшин буурч, температур нэмэгдсэнээс дэлбэрэлт болсон гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргав. 15-ний өдрийн 1 цагийн үед 3-р реакторын орчимд хийсэн хэмжилтээр цацрагын хэмжээ цагт 400 млЗв (миллизиверт) буюу нэлээд аюултай хэмжээнд хүрч өссөн байна.

Цацраг туяаны тархалт
Одоогоор цацрагын тархалтын хэмжээ хэрхэн өөрчлөгдөх нь хүмүүсийн сэтгэлийг хамгийн ихээр түгшээж байна. Өнөөдрийг хүртэл АЦС-ын ойр орчинд илэрсэн цацраг туяаны хэмжээ компьютер томограф, рентгэн зэрэг эмнэлгийн шинжилгээний үед хүний биед шингэх хэмжээнээс илүү гараагүй байсан юм. Харин хамгийн сүүлийн хэмжилтээр илэрсэн цагт 400 млЗв хэмжээ нь АЦС-ын ажилчны биед бүтэн жилийн турш нөлөөлж болох хэмжээнээс 8 дахин их байгаа нь ноцтой үзүүлэлт юм. Цацрагийн хэмжээ цагт 500 млЗв болох тохиолдолд хүний бие хордлогод орж венийн судсан дахь линфоцитийн хэмжээ багасах, цагт 1000 млЗв хүрсэн тохиолдолд 10 хүний нэгт дотор муухайруулах нөлөөг тус тус үзүүлдэг байна. Мөн энэ өдрөөс гамшигт нэрвэгдсэн мужуудад цацрагын хэмжилт хийж эхэлсэн бөгөөд өглөөний 6 цагийн хэмжилтээр АЦС-аас 70 км зайтай Ибараки мужын Китаибараки хотод ердийн хэмжээнээс 100 дахин их буюу 5.575 мкЗв, Точиги мужийн Үцүномия хотод 35 дахин их буюу 1.317 мкЗв, Сайтама хотод 20 дахин буюу 1.222 мкЗв, Токиод мөн адил 20 дахин их хэмжээний цацраг туяа тус тус тархсан нь илэрсэн байна. Ердийн хэмжээ гэдэг нь байгальд ердийн нөхцөлд үүсэх цацараг туяаны хэмжээ юм.

Фүмүшима Дайичи АЦС-ын гурван реакторт гарсан дэлбэрэлтийн шалтгаан болон явц бүрэн тодорхой болоогүй байгаа боловч үндсэндээ газар хөдлөлтөөс үүдэлтэй хөргөлтийн системийн гэмтэлээс шалтгаалсан хэмээн урьдчилсан байдлаар дүгнэж болох юм. Дайичи АЦС-аас 11 км зайд байрлах Фүкүшима Дай-ни (хоёрдугаар) АЦС-д хөргөлтийн системд гэмтэл гараагүй бөгөөд бүх реакторуудын хөргөлтийг 14-ний өдөр бүрэн гүйцэтгэж чадсан байгаа нь энэхүү дүгнэлтийг баталгаажуулж байна. Хэдийгээр цацраг туяа болон цацраг идэвхт бодисыг хүрээлэн байгаа орчинд тодорхой хэмжээгээр алдсан ч хөргөлтийн системийн ажиллагааны доголдолтой нөхцөлд нарийн төвөгтэй процессийг тодорхой хэмжээгээр чадварлагаар удирдаж цөмийн реакторын томоохон дэлбэрэлтэд хүргээгүй япон мэргэжилтнүүдийн ур чадварыг үнэлэх хэрэгтэй болов уу.

Мөн түүнчлэн энэ удаагийн газар хөдлөлтийн хүч урьд тохиолдож байгаагүй өндөр байсан учир хамгаалалтын системийн хүчин чадлаас давсан, өөрөөр хэлбэл ийм хэмжээний газар хөдлөлтөд бэлтгэлгүй байсан хэрэг юм. Иймд бүх АЦС-уудын хамгаалалтын ситемийн түвшинг дээшлүүлэх асуудал мөн адил яригдаж байна. Одоогийн байдлаар гурван реакторын параметрүүд болон хөргөлтийн үйл ажиллагаа тогтворжсон байгаа боловч цаашид нөхцөл байдал ямар нэг байдлаар хүндэрч болохыг үгүйсгэхгүй байна. Хэдийгээр дэлбэрэлт үүссэн ч 4 хоногийн туршид хөргөлт хийгдэж, реакторын температур тодорхой хэмжээгээр буурч байгаа учир хэд хоногийн дараа хөргөлтийг бүрэн дуусгах боломж бүрдэнэ гэдэгт хүмүүс найдаж байна. Цаашид реакторуудын хөргөлтийн үйл ажиллагааны явцын талаархи онцлог мэдээллүүдийг тус блогоор мэдээлж байх болно.