Showing posts with label Камер. Show all posts
Showing posts with label Камер. Show all posts

"Нүүр хийх газар үгүй болох нь"

"Бодол санаа чинь нүүрэн дээр чинь бичээстэй байна", "нүүр хийх газаргүй боллоо" хэмээн монголчууд бидний хэрэглэсээр ирсэн уран цэцэн зүйрлэл үгс бий. Тэгвэл эдгээр үгс биелэлээ олж, гудамжинд зөрөх төдийд л таны тухай бүхий л мэдээллийг нүүрэн дээрээс чинь унших боломж бүрдэж байна. Хувийн нууцлалаа хамгаалахын тулд нүүр царайгаа нууж, баг зүүж явах дээрээ тулах цаг ирэх үү.

Хүний нүүрний зургаас хэн болохыг таних технологи бидний өдөр тутмын амьдралд нэвтэрч эхлээд байна. Хурууны хээ, нүдний солонгон бүрхэвчийн зургаар тухайн хүн мөн эсэхийг таних технологи өнөөдрийг хүртэл ашиглагдсаар ирсэн. Эдгээр нь хүн болгонд давтагдашгүй онцлогийг агуулахаас гадна насжилтаас хамааран ямар нэгэн өөрчлөлт ажиглагддаггүй учир нууцлал хамгаалатын хүрээнд найдвартай аргад тооцогдсоор байгаа юм.

Тэгвэл хүнийг нүүр царайны дүрслэлд нь тулгуурлан таних нь илүү хүндрэлтэй мэт санагдана. Малгай өмсөж нүдний шил зүүх, харж байгаа чиглэл, инээмсэглэх уурлах мэтийн нүүрний хувирлаас хамааран танихад төвөгтэй байдлыг үүсгэдэг. Гэвч сүүлийн хэдэн жилийн хугацаанд хийгдсэн технологийн дэвшлийн үр дүнд уг технологи бидний амьдралд нэвтрэх түвшинд аль хэдийн хүрчээ.



Жилд 10 сая гаруй үйлчлүүлэгч зочилдог Осака хотын Юниверсал студиос паркад нэвтрэхэд нүүр царай таних технологи ашиглагдаж байна. Жилийн турш үйлчлүүлэх билет эзэмшигч мөн эсэхээ шалгуулахын тулд нүүрний дүрс хүлээн авах төхөөрөмжид секунд хүрэхгүй хугацаанд харахад л хангалттай. Системд өмнө нь бүртгүүлсэн хүний нүүрний зурагтай харьцуулалт хийх замаар таних ажиллагаа явагдана. Туршилтын журмаар малгай өмсөж, хиймэл сахал зүүж, эрүүгээ ороолтоор далдалсан ч үйлчлүүлэгчийг бүрэн таних чадвартай юм.
Хүний нүүр царай өөрийн гэсэн онцлогийг агуулдаг. Тухайлбал хамрын угалзны хэсгийн дүрслэлийг харахад өөр өөр өнгийг үзүүлнэ. Энэ мэтчилэн нүүрний онцлог хэсгүүдийн дүрслэлийг харьцуулах замаар техник тухайн хүнийг ялган таньдаг. Хүний нүүр царайны онцлогууд нь насан туршид өөрчлөгддөггүй учир залуу үеийн фото зураг ашиглан ямар ч насны хүнийг таних боломжтой.

Нүүр царай таних технологийн зарим онцлог хэлбэрүүд ашиглагдаж эхлээд байна. Тухайлбал камерийн өмнө хэдхэн хором саатах төдийд авсан дүрслэлээс хүний нас, хүйсийг хангалттай нарийвчлалаар тодорхойлж байна. Энэ нь хүн нас ахих үед нүүр царайд гарах өөрчлөлтүүдийг тодорхойлсоны үр дүн юм. Энэ технологи одоогийн байдлаар Япон улсын хэдэн арван их дэлгүүрийн сүлжээнд ашиглагдаж байна. Технологийн зорилго нь өдөр, сарын ямар цаг хугацаанд нас, хүйсийн ямар ангилалд хамаарах хүмүүс үйлчлүүлж байгаагаас хамааруулан тохирсон үйлчилгээг санал болгоход чиглэж байгаа юм.


Нүүр царай таних технологи санаанд оромгүй тохиолдолд ч ашиглагдаж байна. 2 жилийн өмнө Япон улсад тохиолдсон газар хөдлөлтийн гамшигийн дараа нэгэн хотын орчмоос олдсон фото зургийн тоо 60 мянгад хүрчээ. Гамшигт нэрвэгдэж бүхий л эд хогшилоо алдсан хүмүүс өөрсдийн болон нас барсан төрөл төрөгсдийн зургийг тэндээс эрж олоход хүндрэлтэй байв. Иймд хотын захиргааны санаачлагаар нүүр царай танайх технологи ашиглан олон хүний дурсамж болсон фото зургуудыг богино хугацаанд олж өгчээ.

Одоогийн байдлаар нүүр царай таних технологийн таних магадлал 99.7 %-д хүрээд байна. Ийм хэмжээний танилт хийхийн тулд нүүрний чиглэл баруун зүүн тийш 40 хэм, дээш доош 30 хэмийн хүрээнд байхыг шаарддаг. Гэхдээ нарны шил зүүх тохиолдолд таних магадлал бага зэрэг буурдаг байна. Гудамжны хяналтын камер зэрэг дүрсний нягтрал бага, мөн хэт их өнцөгөөс харсан дүрслэл бүхий зургаас танилт хийх боломж бага байгаа бөгөөд энэ чиглэлийн судалгааны ажил эрчимтэй хийгдэж байна.

Хүний нүүр царай таних технологийн боломжийн нууц нь таних аргачлал буюу алгоритм хангалттай өндөр түвшинд хүрсэнд байгаа юм. Үүнд нүд, хамрын хэлбэр, үрчлээ зэргийг оролцуулаад нүүрний ерөнхий дүр төрхөөс ялгарах онцлогуудыг тодорхойлдог. Мөн их хэмжээний зурган мэдээлэлд боловсруулалт хийх замаар хүмүүсийн нүүрний онцлог ялгааг програм хангамж өөрөө "суралцаж мэдрэх" чадвартай болсоноор таних чадварыг эрс нэмэгдүүлж байна. Хүний нүүр царай таних технологи компаниудын цаг бүртгэл, хамгаалалтын арга хэмжээнээс авахуулаад ухаалаг утасны нууцлалын зорилгоор ашиглагдаж байна. Гэхдээ энэ технологи хувийн нууцлалын асуудлыг давхар хөндөж байгаа юм.


Ирэх жил зохион байгуулагдах хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд Бразил улс аюулгүй байдал болон хамгаалалтын арга хэмжээг сайжруулахад ихээхэн анхаарч байна. Тухайлбал согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийн хэн болохыг илрүүлэхэд нүүр царай таних технологийг ашиглаж эхлээд байна. Шалгалтын явцад жолооны үнэмлэхийг шаардах боловч түүнийг хуурамчаар үйлдэх явдал газар авсан учир хяналтын нэмэлт арга хэмжээ авах шаардлага гардаг байна.

Иймд хяналт шалгалтын явцад автомашин жолоодогчийн фото зургийг авч жолооны үнэмлэх эзэмшигчдийн мэдээлэлтэй харьцуулалт хийн, тухайн хүн жолооны үнэмлэхтэй эсэхийг тогтоодог байна. Үүнээс гадна гэмт хэргийн мэдээллийг нэгтгэхээр төлөвлөж, эрэн сурвалжлагдаж байгаа болон өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан хүмүүсийг илрүүлэх замаар аюлгүй байдлыг хангахыг оролдож байгаа юм.

Мөн хөл бөмбөгийн зарим стадионуудад хүний нүүр таних системийг туршилтын журмаар суурилуулаад байна. Систем хэдэн арван камерийн тусламжтайгаар хөгжөөн дэмжигчдийн зургийг авч хяналтын өрөөнд цуглуулна. Камерийн дүрсний чанар HD үзүүлэлтээс 14 дахин өндөр учир үзэгч нэг бүрийн царайг тод харах боломжтой. Улмаар удаа дараалан хэвийн бус үйлдэл гаргаж буй сахилгагүй үзэгчийн нүүр царайг бүртгэж авсанаар дараагийн тоглолтоос эхлэн стадионд орохыг хориглох боломжтой.

Хүний нүүр царай таних технологи олон давуу талыг агуулах боловч өргөнөр ашиглагдах тохиолдолд хүний хувийн нууцлалын асуудлыг хөндөхөд хүрэх магадлалтай юм. Карнеги Меллон их сургуулийн профессор Александро Аквисти нэгэн програм бүтээж туршилт хийжээ. Програмыг суулгасан ухаалаг утсаар 93 хүний фото зургийг авч туршихад 29 хүний нэр, төрсөн өдөр, нийгмийн даатгалын дугаар зэрэг хувийн мэдээллийг 3 секунд хүрэхгүй хугацаанд дэлгэц дээр харуулж байв.


Үүний нууц нь мэдээллийн аварга том агуулах болох интернет, тодруулбал нийгмийн сүлжээ сайт юм. Хүмүүс тэнд хувийн мэдээллээ олонд дэлгэж, фото зургуудаа ч ил тод байрлуулдаг. Програм хангамжийн тусламжтайгаар фото зурагт дүрслэгдсэн хүний зурган мэдээллийг интернетээс хайж, холбоотой бусад мэдээллийг олох боломжтой. Бааранд санамсаргүйгээр ойролцоо суусан үл таних хүн таны нас, нэр, гэрийн хаягийг мэдэж байвал таньд ямар санагдах вэ. Технологийн аваргууд болох Google, Apple компаниуд ч дүрс боловсруулах өндөр технологи бүхий мэргэжлийн компаниудыг мөнгөөр зодож худалдаж аваад байна. Үүний үр дүнд бий болсон шинэ бүтээгдэхүүний нэг нь Google glass юм.

Сүүлийн үеийн фото зургийн компакт камерууд ч газарзүйн байрлалын мэдээллийг агуулах болжээ. Ухаалаг утасныхаа GPS-г асаасан тохиолдолд дарсан зургаас хаана авагдсан болохыг хялбар тодорхойлох боломжтой. Интернетэд байрлуулагдсан байрлалын мэдээлэл бүхий иймэрхүү фото зургуудийг газарзүйн мэдээллийн хамт үзүүлэх нэр бүхий сайт ч нээгдсэн байна. Өөөөр хэлбэл гудамжинд алхах төдийд хамаг хувийн мэдээллээ алдах цаг үе эхлэх гэж байна.

Үүнээс хамгаалахын тулд хувийн мэдээллээ интернетэд байрлуулахдаа шаардлагатай хязгаарлалтуудыг хийх, таны төсөөлж байгаагүй ямар нэг хэлбэрээр ашлагдах боломжтойг давхар бодолцох ёстойг мэргэжилтнүүд анхааруулж байна. Цаашид технологи боловсруулах явцад хувийн нууцад халдах магадлалыг эрс багасгах арга хэмжээ авах, үүнээс гадна хууль эрхзүйн арга хэмжээг ч урьдчилан төлөвлөх шаардлага урган гарч байгаа юм.


Робот камерийн систем бүтээжээ

Киноны онцлог дүрслэлийг түр зогсоож, объектийг 360 хүртэлх хэмээр олон талаас нь эргүүлэн харуулах технологи байдаг. Тэгвэл уг технологийг спортын тэмцээний шууд дамжуулалтын үед ашиглах боломж тун удахгүй бүрдэх бололтой. NHK телевиз үндсэн камерийн хөдөлгөөнийг 8 туслах камер нэгэн зэрэг дагаж, обьектийн дүрс бичлэг хийх робот камерийн систем бүтээсэн байна. Уг систем объектийн хөдөлгөөний тухайн эгшинг зогсоосон дүрслэлээр олон талаас нь харуулах чадвартай ажээ.

Кино бүтээхэд ашиглагддаг уламжлалт технологид хөдөлгөөнгүй камерууд ашиглагддагаас бичлэг хийх орон зай хязгаарлагдмал, объектийн хөдөлгөөнийг дагах боломжгүй байв. Тэгвэл шинэ робот камерийн систем тамирчин зэрэг идэвхтэй хөдөлгөөн хийж буй объектийг илүү өргөн орон зайд дагаж, янз бүрийн байрлалд зогсоосон дүрслэлийг бүтээх чадвартай болжээ.

Камер болгон 2 хөдөлгүүрээр тоноглогдсоноос гадна, үндсэн камерийн дурангийн мэдээлэл туслах камеруудад дамжих учир дүрслэлийг татаж томруулах, жижигрүүлэх боломжтой. Туслах камеруудын орон зайн чиглэлд бага зэргийн зөрөө гарах учир компьютерийн тусламжтайгаар засварлах боловсруулалт хийж обьектийн зогсоосон виртуал дүрслэлийг үүсгэдэг байна.

Тухайн эгшний бичлэг хийгдсэнээс хойш 1 минутын дараа онцлог дүрслэлийг үзүүлэх боломжтойгоос гадна спортын уралдаан тэмцээний шууд дамжулалтын үед ч одоогийн удаашруулж харуулах технологитой төстэй хэлбэрээр, олон талаас нь харуулж илүү ойлгомжтой илэрхийлэх боломжтой ажээ.






эх сурвалж, diginfo

Бостоны сэжигтнүүдийг илрүүлэхэд технологи туслажээ

Сүүлийн 10-аад жилийн хугацаанд америкийг хамгийн их донсолгосон үйл явдалд тооцогдож байгаа Бостоны дэлбэрэлтэд сэжиглэгдэгсдийн дүрс бичлэгийг хэрэг явдлаас хойш 3 хоногийн дараа олон нийтэд танилцуулсан билээ. Гэмт хэргийн сэжигтнүүдийг ийнхүү богино хугацаанд илрүүлэхэд технологи голлох үүрэг гүйцэтгэжээ.

Фото болон видео камерийн бичлэгүүдэд тулгуурласан дүрс таних, боловсруулах технологийн боломжууд зарим талаар хүний харааны мэдрэмжид дүйцэх түвшинд хүрээд байна. Өмнө мэдээлж байсан хүний нүүр царай, үйл хөдлөлийг таних системүүд иймэрхүү боломжуудийн жишээ юм.

Америкийн олон нийтийн үндэсний радиогийн мэдээлснээр марафон гүйлтийн үеийн хэрэг явдалтай холбоотой терабит хэмжээ бүхий дүрс бичлэг болон фото зурган мэдээллээс сэжигтнүүдийг эрж хайх шаардлага хууль сахиулагчдад тулгарсан байна. Ийм хэмжээний мэдээлэлд компьютерийн туслалцаагүйгээр, зөвхөн хүний хүчээр боловсруулалт хийвэл хэдэн жилийн хугацаа шаардагдах болно.

Иймд сэжигтнүүдийг илрүүлэхэд хамгийн сүүлийн үеийн дүрс боловсруулах програм хангамжийг ашигласан байна. Ийм програм хүнээс дутахгүйгээр хэрэгтэй дүрсийг видео бичлэгээс ялгаж чаддаг ажээ. Тухайлбал "баруун зүг руу явсан бүх улаан машиныг харуул гэх мэтийн даалгаврыг гүйцэтгэж чадна" хэмээн хамгаалалтын програм хангамжийн  3VR компаний захирал Аал Шип ярьсан байна.

Мөн програм хангамж тухайн өдрийн дүрс бичлэгүүдээс зөвхөн хар, цагаан малгай бүхий сэжигтнүүдийг эрж олох боломжтой. Тухайлбал 3VR компаний програм өндөр нягтрал бүхий видео бичлэгээс тодорхой нас, хүйсийн хүнийг таниж, дагах чадвартай юм.

Хяналтын камерүүд, тэдгээрийн програм хангамж тун удахгүй шаардлагатай өндөр түвшинд хүрэх төлөвтэй байна. Одоогоор хөгжүүлэлтийн шатанд байгаа BRS Labs програм гэхэд л ямар нөхцөлд хүний ямар үйлдэл хэвийн байж болохыг ажиглаж танихад суралцах чадвартай болгохыг зорьж байна. Ийм програм нь эд зүйлсийг орхих, дороо эргэж тээнэгэлзэх мэтийн хүний хэвийн бус хөдөлгөөнийг таних чадвартай байх ажээ.


эх сурвалж, popsci

Ахуйн хүрээний хяналтын камер

Maspro компани өрөөнд байрлаж буй гэрийн тэжээмэл амьтан зэрэг хөдөлгөөнт обьектүүдийг ухаалаг утас болон компьютерийн дэлгэцээр шууд хянах боломжтой камер бүтээсэн байна. Уг камерын 110 хэмийн өргөн өнцөгийн линз нь аль нэг буланд байрлуулсан ч тухайн өрөөг бүхлээр нь хянах боломжийг олгож байна. Дүрслэлийн үзүүлэлт 1МП учир обьектийн хөдөлгөөнийг автоматаар дагаж, дижитал таталт (зүүм) хийснээр дэлгэцийн гол хэсэгт байрлуулах боломжтойгоороо адил төрлийн бусад камеруудаас давуутай юм.

Мөн хөдөлгөөн мэдрэх учир гэрийм тэжээмэл амьтадаас гадна өндөр настан, бага насны хүүхдийн хөдөлгөөнийг ч хянах боломжтой. Нэг өрөөнд хэд хэдэн хөдөлгөөнт обьект байрлаж байгаа тохиолдолд "солигдох горим"-ийг сонговол тодорхой хугацааны давтамжтайгаар нэг бүрээр ээлжлэн үзүүлнэ. Хянаж эхлэх, дуусгах үйлдэл камерийн дурангийн хаалтыг хааж, нээснээр хялбар хийгдэнэ. Хөдөлгөөнөөс гадна дуу чимээ, өрөөний температурын өөрчлөлтийг хянаж тус бүр 3 графикаар 24 цагийн мэдээллийг үзүүлэх боломжтой юм

Мөн аюул осолтой орчин, тусгайлан сонгосон байрлалын фото зургийг авч и-мэйлээр илгээнэ. Үүнээс гадна ганц бие өндөр настангуудыг хянаж, тэдний бие хөдлөхөө боливол, эсвэл 3 цаг гэх мэтээр тогтоосон хугацаанд ямар нэгэн хөдөлгөөн ажиглагдахгүй бол и-мэйлээр анхааруулага илгээх боломжтой. Мөн өөр өрөөнд байгаа эцэг эхчүүд бага насны хүүхдээ хянахад ашиглах боломжтой юм. Ирэх сараас худалдаалагдаж эхлэх энэ камер 300 доллараар үнэлэгдэж байна.






эх сурвалж, diginfo

Curiosity-ийн камер таны гар утасныхаас хэд дахин муу

Амьдралын ул мөрийг хайх зорилгоор Ангараг гариг дээр газардсан НАСА-гийн Curiosity сансарын станцын тухай мэдээлэл сүүлийн хэд хоногийн туршид сансар, одон орон, цаашлаад шинжлэх ухаан, технологи сонирхогчдын дунд шуугиан дэгдээж байна. Станц газардлаа, эхний фото зургуудыг илгээлээ, станцыг жолоодож эхэллээ гэх мэтчилэн шинэ шинэ мэдээллүүдийг бид өдөр тутам хүлээн авч байгаа билээ.

Харин тус станцаас илгээж буй Ангараг гаригийн дүр төрхийг харуулсан фото зургууд чанарын хувьд хэр тааруухан байгааг анзаарч байгаа байх. Учир нь Curiosity станцын камерийн дүрсний нарийвчлалын хамгийн дээд үзүүлэлт дөнгөж 2 МП байгаа юм. Тэгвэл сүүлийн үеийн ухаалаг утаснуудын камерийн хувьд энэ үзүүлэлт 8 МП болон түүнээс дээш хэмжээнд хүрээд байна.

2.5 тэрбум доллараар бүтээгдсэн хамгийн сүүлийн үеийн сансарын станцын камер таны гар утасныхаас хэд дахин таруухан үзүүлэлттэй байгаад гайхаж байна уу. Үүнд 2 гол хүчин зүйл нөлөөлсөн тухай мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна. Эхнийх нь төхөөрөмжүүдийн хөгжүүлэлтэд харьцангуй урт хугацаа шаардагдсан явдал бол удаах шалтгаан нь гариг хоорондын орчинд мэдээлэл дамжуулах боломж хязгаарлагдмал байдгаас үүджээ.

Энэ талаар Curiosity станцын камерийн хөгжүүлэлтийг хариуцан ажилласан Malin Space Science Systems компаний менежер Mike Ravine, Digital Photography сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тус компани 2004 оны эхнээс сансарын станцын камерийн төсөл дээр ажиллаж эхэлжээ.

Сансарын станцад суурилуулсан флэш санах ойн хэмжээ 8Гб байгаа бөгөөд энэ нь бидний өдөр тутам хэрэглэдэг зөөврийн төхөөрөмжүүдтэй харьцуулахад тийм ч бага хэмжээ биш мэт санагдана. Гэхдээ Ангараг гариг дээр 2 жилийн турш ажиллах станцын хувьд хангалттай хэмжээ биш юм. 2 МП камераар авсан зураг харьцангуй бага хэмжээтэй боловч хэдхэн мянган фото зураг хадгалахад л дээрх хэмжээний санах ойг дүүргэнэ.

Мөн төсөл эхэлсэн 2004 онд 2МП гэдэг тийм ч муу үзүүлэлт байгаагүй бөгөөд Mike Ravine-ий компани нэгэнт батлагдсан НАСА-гийн төлөвлөгөөнд тусгагдсанаас өөр төрлийн камер бүтээх боломжгүй байжээ. 2 дахь хүчин зүйл нь мэдээлэл дамжуулах зурвасын өргөн хязгаарлагдмал байгаа явдал юм. Бодит байдалд гариг хоорондын мэдээлэл дамжуулалт туйлын удаашралтай байдаг нь орчин үеийн шаардлагад тийм ч сайн нийцэхгүй байна.

Curiosity станц эхний ээлжинд мэдээллийг Ангарагийн тойрог замд байрлах хоёр хиймэл дагуулд илгээж байна. Тэдгээр нь дэлхий рүү дамжуулах үүрэг гүйцэтгэх бөгөөд дамжуулалтын хурд дөнгөж 128 Кб/с, нэг хоногт дамжуулах мэдээллийн багтаамж 250 Мб тус тус байна.

Curiosity-ийн камер
Curiosity-ийн илгээсэн эхний зургуудын нэг
Сүүлийн үеийн ухаалаг утасны камер илүү сайн зураг авдаг

эх сурвалж, mailonline

Никон компани андройд камер бүтээжээ

Ухаалаг утас, таблетүүд олон төрлөөр худалдаалагдах болж, тэдгээрийн камерууд ч ердийн фото зургийн аппаратаас дутахааргүй чанартай зураг авах боломжтой болсон. Энэ нь уламжлалт фото камер үйлдвэрлэгчдийн зах зээлийг уналтад оруулж байгаа юм. Тэгвэл Никон компани энэ байдлаас зайлсхийх зорилгоор шинэ төрлийн фото камер бүтээсэн байна.

Ирэх сарын сүүлээр худалдаалж эхлэхээр төлөвлөж байгаа Nikon Coolpix S800c камер нь Google-ийн андройд үйлдлийн системийг агуулах бөгөөд WiFi холболтоор интернетэд холбогдож фото зураг болон видео бичлэгийг олон нийтийн сүлжээ зэрэг сайтуудад шууд ачаалах боломжтой юм.

3.5 инчийн даралт мэдрэх OLED дэлгэцийн тусламжтайгаар видео үзэх, интернетээр аялах, апликэшн програмуудыг ажиллуулах зэрэг андройд систем бүхий төхөөрөмжийн адил үйлдлүүдийг хийх боломжтой. Мөн GPS-тэй бөгөөд линзний таталтын үзүүлэлт 10x байна.

Үнийн хувьд 350 доллар орчим байгаа нь 64 GB-ийн iPod Touch-оос хямдхан юм. Хамгийн гол нь 16 МП бүхий CMOS мэдрэгчийг агуулах учир фото зургийн хувьд бусад ямар ч зөөврийн төхөөрөмжид байхгүй өндөр чанарыг үзүүлэх боломжтой ажээ.





эх сурвалж, weeklyacsii

Дижитал камерын мэдрэгчийн тухай

Фото зургийн чанарт голлон нөлөөлж дижитал камерын амин сүнсэд тооцогддог зүйл нь дүрсний элемэнт буюу гэрэл мэдрэгч (sensor) байдаг. Каталогт камерын болон мэдрэгчийн үндсэн үзүүлэлтүүдийг хүснэгтээр үзүүлсэн байдаг боловч дийлэнх хүмүүс тэдгээрийн нарийн учрыг анзаардаггүй. Мэдрэгчийн төрлүүд, тэдгээрийн ялгаа болон шинж чанарыг ойлгож мэдэх нь өөрийн хэрэглээнд тохирсон камер сонгоход туслана. Ингээд мэдрэгчийн шинж чанарыг тодорхойлдог үндсэн 3 үзүүлэлтийн тухай сонирхоё.

Мэдрэгчийн хэмжээ
Каталогийн хүснэгт дэх мэдрэгчийн үзүүлэлтүүдийг заасан хэсэгт 1/2.3, 1/1.8, 22.3×14.9 мм мэтийн тоонууд бичигдсэн байдаг. Эдгээр нь тухайн камерт суурилагдсан мэдрэгчийн хэмжээг заадаг. 1/2.3, 1/1.8 зэрэг тоонууд нь мэдрэгчийн диагоналын уртыг заадаг бөгөөд ихэнх компакт камерын мэдрэгч 1/2.3 буюу 7.7мм-ийн хэмжээтэй байдаг. Харин илүү том хэлбэрийн буюу бүрэн хэмжээний (full size) мэдрэгчийн хэмжээ 36×24 мм (урт өргөний хэмжээ) болон диагоналын урт 43.2 мм байдаг бол APS-C (Advanced Photo System type-C) төрлийн мэдрэгчүүд 23.4×15.6 мм болон 29.3мм, Four Thirds System болон Micro Four Thirds System төрлийн мэдрэгчүүд 17.3×13мм болон 21.6 мм, Nikon 1 төрлийн нэг инчийн мэдрэгчүүд 13.2×8.8мм болон 8.8мм тус тус хэмжээтэй байна. Мэдрэгчийн хэмжээ томрох тусам их хэмжээний гэрлийг хүлээн авч илүү сайн чанарын зураг авах боломжтой болдог.

Гэхдээ full size-аас бусад төрлийн мэдрэгчүүдийн хэмжээг яг таг тодорхойлдоггүй учир тухайн загвараас хамааран дээрх хэмжээнээс бага зэрэг зөрөх тохиолдол бий. Мэдрэгчийн хэмжээ олон янз байдаг учир өөрийн гэсэн давуу болон сул талуудыг агуулдаг. Овор багатай камерын мэдрэгч жижиг хэмжээтэй боловч үнэ хямд байдгаараа давуу талтай. Гэхдээ зургийн зарим хэсгийг бүрсийлгэх зэргээр чанартай зураг авах боломжгүй. Харин мэргэжлийн буюу том хэмжээний мэдрэгч бүхий камерууд өндөр чанартай фото зураг авах боломжтой ч өндөр үнэтэй, зөөвөрлөн авч явахад хүндрэлтэй байдаг билээ. Иймд олонхи хүмүүс хөнгөн, жижиг, компакт камерыг илүүд үздэг.

CCD болон CMOS
Дижитал камерын мэдрэгчийн үндсэн үүрэг нь линзээр орж ирсэн гэрлийг фото диод буюу гэрэл хүлээн авах элементээр дамжуулан цахилгаан дохиолол болгон хувиргах юм. CCD (Charge Coupled Device) болон CMOS (Complementary Metal Oxide Semiconductor)гэсэн 2 төрлийн мэдрэгчүүд байдгийг каталогоос харж болно. Аль аль нь фото диодоор дамжуулан гэрлээс цахилгаан цэнэгийг ялгаж, өсгөгч төхөөрөмжөөр нэмэгдүүлэн цахилгаан дохиололд хувиргах зарчимаар ажиллана. CCD мэдрэгч нь гэрлийн нэгж мэдээлэл буюу пикселийг нэг нэгээр нь цувруулан өсгөгчөөр дамжуулан санах ой руу зөөвөрлөдөг бол CMOS мэдрэгч нь өсгөгчөөр хэд хэдэн пикселийг нэгэн зэрэг бэлтгэж шууд дохиолол болгон илгээдэг учир ажиллагааны хувьд илүү хурдан байдаг.

CCD мэдрэгчийг боловсруулалтын хурд удаан, нойз (гэрлийн боловсруулалтын явцад гарах алдаа)-ыг бууруулах чадвар сайтайгаараа давуу талтай гэж урьд нь үзэж байсан бол үйлдвэрлэлийн технологийн дэвшлийн ачаар сүүлийн үеийн CMOS мэдрэгчүүдэд нойзыг илүү багасгаж хямд өртөгөөр бүтээгдэх болжээ. CMOS мэдрэгчид өмнө нь фото диодын урд хэсэгт байрлаж байсан хэлхээг хойд хэсэгт холбох замаар илүү их хэмжээний гэрэл хүлээн авах боломжтой болгож арын гэрэлтүүлэг ашигласан, мөн гэрлийн долгионы урт болгонд гэрлийн гурвалсан мэдээлэл хүлээж авах Foveon X3 төрлийн мэдрэгчүүд хэрэглээнд нэвтрээд байна. Арын гэрэлтүүлэгтэй мэдрэгчийн хэмжээ бага байдаг боловч мэдрэмж өндөр (бүдэг гэрэлтэй нөxцөлд зураг авах чадвар) учир компакт камер, гар утас, ухаалаг утас зэрэгт өргөнөөр ашиглагдаж байна.

Пикселийн тоо
Өнөөдөр 10 мегапиксел бүхий камерууд өргөнөөр худалдаалагдаж байгаа бол 20 мегапикселтай камерууд ч үзэгдэж эхлээд байна. Камерын пиксел нэмэгдэхийн хэрээр зургийн хэмжээг томруулах боломжтой гэдгийг бид мэднэ. Эхний үеийн дижитал камеруудын авах зургийн хэмжээ 320×240, 640×480 байсан бол одоо Никон D800 камерын мэдрэгч гэхэд л 36.3 мегапиксел буюу 7360×4912 хэмжээтэй зураг авах боломжтой болсон байна.

Гэхдээ мэдрэгчийн хэмжээг томруулалгүйгээр пикселийн хэмжээг ихэсгэснээр нэгж пикселд харгалзах талбай багасч түүгээр нэвтрэх гэрлийн хэмжээ буурдаг. Энэ нь камерын гэрэл мэдрэх чадварыг бууруулж линз холбохыг шаарддаг, улмаар гэрлийн долгионы уртыг багасгаж зургийн нарийвчлалыг бууруулах нөхцөл болдог байна. Мөн пикселээс хангалттай хэмжээний цахилгаан цэнэг гарган авахын тулд өсгөгчийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай болж пикселийн жигд бус байдал буюу нойз үүсдэг. Үүнийг арилгахын тулд нойз бууруулах боловсруулалт хийх шаардлагатай болж тэр нь гэрэл мэдрэх чадвар болон өнгөний ялгарлыг бууруулдаг.

Өндөр пиксел болон гэрэл мэдрэх өндөр чадварыг хослуулах хамгийн энгийн арга нь мэдэгчийн нойзийг ихэсгэх юм. Адилхан 10 мегапиксел бүхий мэдрэгчүүд байлаа ч хэмжээ том бол нойзыг илүү хэмжээгээр ихэсгэх боломжтой. Үйлдвэрлэгчид өмнө нь шинэ камер худалдаанд гаргахдаа пикселийн хэмжээг голлон сурталчилж байсан бол 2 жилийн өмнөөс гэрлийн мэдрэмжийн үзүүлэлтийг сурталчлах болсон үүнтэй холбоотой юм.

Эцэст нь дүгнэхэд хэрэв камерын үнэ өртөг болон овор хэмжээг харгалзаж үзэлгүйгээр зөвхөн сайн чанарын зураг авахыг хүсвэл илүү том хэмжээний мэдрэгч бүхий камер худалдаж авах нь тохиромжтой юм. Мэдрэгчийн төрлийн хувьд өртөг хямд боловч зургийн боловсруулалтын үзүүлэлт сайтай CMOS мэдрэгчийг сонгоход буруудахгүй. Харин хэт өндөр пикселийн хэмжээ тийм ч их дурлаад байхар зүйл биш бөгөөд мэдрэгчийн хэмжээг хангалттай нэмэгдүүлээгүй нөхцөлд зургийн чанарт сөргөөр нөлөөлдөг байна. Бусад талаар дундаж үзүүлэлт бүхий камер худалдан авахыг хүсвэл NEX-3, 5 мэтийн компакт, DSLR камерын завсрын загварыг сонгоход илүүдэхгүй юм.




эх сурвалж; yahoo japan news

Фото зураг авах үед илүүдэл хүмүүсийг арилгах апликэшн

Олон нийтийн газар болон гудамжинд фото зураг авахуулах тохиолдолд үл таних хүмүүс зурганд орох, хөшөө дурсгал зэрэг фон болгон харуулах зүйлсийг халхлах тохиолдол байнга шахуу гардаг. Тэгвэл Шведийн фото зургийн Scalado компани фото зурагт боловсруулалт хийх төвөгтэй ажиллагаа бүхий нүсэр програм хангамжгүйгээр үүнийг шийдвэрлэх хялбар аргыг олсон байна.

Ухаалаг утас зэрэг үүрэн төхөөрөмжүүдэд зориулагдсан Remove хэмээх апликэшний тусламжтайгаар дэлгэц дээр хуруугаар даралт хийх төдийд зурагт орсон хүсээгүй хүмүүс болон обектүүдийг арилгах боломжтой болжээ. Фото зураг авах үед хэд хэдэн цуврал кадрууд автоматаар дарагдах бөгөөд уг апликэшн тэдгээрийн хооронд нь харьцуулалт хийх замаар сонгосон обьектүүдийн дүрслэлийг арилгадаг байна.

Энэ нь Google street view-ийн зураг авалт хийх үед гудамжинд байгаа явган зорчигдийн дүрслэлийг арилгах технологитой төстэй юм. Мөн харьцуулалт хийх үйлдэл нь сүүлийн үеийн дижитал камеруудад үзэгдэх болсон HDR, панорама зураг авах функцүүдийг санагдуулна. Харин дутагдалтай тал нь хөдөлгөөнгүй обьектийг арилгах боломжгүй юм байна.

Ийм тохиолдолд зурганд илүүдэл болох гуравдагч этгээдийг түр холдож байхыг эелдэгээр хүсэхээс өөр аргагүй бололтой. Одоогоор туршилтын шатанд байгаа учир Remove апликэшний нийтэд зориулагдсан хувилбар хараахан гараагүй байна. Харин энэ сарын сүүлээр зохион байгуулагдах 2012 Mobile World Conference-д иж бүрэн хувилбарыг танилцуулах магадлал өндөр байна.





эх сурвалж; gizmag

Sony Bloggie

Сони компани Bloggie хэмээх шинэ төрлийн халаасны видео камер бүтээсэн байна. Уг камер нь F2.8 өргөн өнцөгийн, автомат фокустай, 4X дижитал зүүм бүхий тогтмол үзүүлэлтүүдтэй юм. 3 инчийн даралтат дэлгэцтэйгээс гадна 1080p хүртэлх хэмжээний өндөр нягтрал бүхий 12.8 мегапиксел дүрслэл үүсгэх чадвартай ажээ. 52 x 107 x 15.2 мм буюу ердийн гар утастай адил хэмжээний уг камер нь Exmoor CMOS дүрсний мэдрэгчээр тоноглогдсон бөгөөд 4 Гб багтаамжтай нь 200, 8 Гб багтаамжтай нь 180 орчим доллараар тус тус худалдаалагдаж байна.







эх үүсвэр; gizmag

Панасоник хэрэглэгчдэд зориулсан анхны 3D камер бүтээлээ

Панасоник компани жижиг оврын анхны 3D видео камер бүтээсэн тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тус компани энгийн хэрэглэгчдэд зориулагдсан дэлхийд анхны ийм төрлийн видео камер бүтээсэн тухайгаа өчигдөр мөн зарлалаа. Энэ камер нь уламжлалт хоёр хэмжээст видео бичлэг хийх чадвартай боловч хос линз бүхий нэмэлт адаптер залгаж 3D бичлэг хийх боломжтой болох юм байна. Бичлэгийн чанар FullHD бөгөөд зөвхөн зориулалтын 3D телевизороор үзэхээс гадна Bluray диск болон SD картад бичиж хадгалах боломжтой. Уг камер нь 1400 долларын үнэтэйгээр 8-р сарын 20-ноос япон улсад худалдаалагдаж эхлэх гэж байна. Камерийн дэлгэрэнгүй үзүүлэлтийг эндээс үзнэ үү.




Хамгийн том дижитал камер

Хавайн аралд дэлхийн хамгийн том дижитал камер бүхий сансрын дуран авайг байрлуулсан байна. Дижитал камер нь 1400 мегапиксел бөгөөд 36 тэргэл сартай тэнцэх хэмжээний тэнгэрийн хэсгийн зургийг нэг дор авах хүчин чадалтай гэнэ. Энэ үзүүлэлтээрээ тэргэл сарны зууны нэгтэй тэнцэх хэмжээний зураг авах чадалтай сансарын Хабл дурангийн WFC3 камераас 3600 дахин илүү байгаа юм. Хэрэв уг камераар авсан 1 ширхэг зургийг 300 dpi нягтаршилтайгаар цаасан дээр хэвлэвэл бейсболын талбайг бүрхэх хэмжээнд хүрэх юм байна.

Pan-STARRS хэмээх тус дурангийн тусламжтайгаар дэлхийд ойртон ирж байгаа 300м-ээс дээш буюу дэлхийн амьдралыг сүйтгэж чадах хэмжээний солирыг илрүүлэх зорилготой ажээ. Мөн нэн шинэ од болон сансарын аливаа хөдөлгөөнт биетийг ажиглахад ашиглах боломжтой юм. Тус камераар 30 секунд тутамд сансар огторгуйн зураг авдаг бөгөөд зөвхөн нэг шөнийн дотор авсан нийт зургийн хэмжээ 1000 DVD-г дүүргэх юм гэнэ шүү.





эх үүсвэр; nationalgeographic

ChobiCam - хамгийн жижиг камер

Japan Trust Technologies компани ердийн баллуураас томгүй хэмжээтэй фото зураг авах болон видео бичлэг хийх чадвартай бяцхан камер бүтээж өнгөрөгч 4-р сараас худалдаалж эхэлсэн байна. ChobiCam хэмээх энэ жижиг камер нь 29×44×12мм хэмжээтэй, 14 грамм жинтэй боловч 1280×960, 30fps үзүүлэлт бүхий AVI видео бичлэг хийхээс гадна 2048 x 1536 хэмжээ бүхий стандарт MPEG форматаар фото зураг авах чадалтай гэнэ. Мөн 50 минут хүртэл хугацаагаар аудио бичлэг хийх боломжийг агуулах бөгөөд зураг, бичлэгүүд microSD картад хадгалагддаг байна. Уг камерийг нь USB кабел ашиглан 2 цагийн хугацаанд бүрэн цэнэглэх боломжтой ердийн цахилгаан хэрэгсээс цэнэглэх нэмэлт цэнэглэгчтэй юм. Үнийн хувьд 100 орчим доллараар худалдаалагдаж байна.





эх үүсвэр; AVwatch

Сони NEX-3, NEX-5 камерууд худалдаалагдаж эхлэнэ

Сони компани шинэ загварын компакт SLR камер бүтээж байгаа тухай өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ камерийн дэлгэрэнгүй үзүүлэлтүүд болон худалдаанд гарах хугацаа өнгөрсөн долоо хоногт зарлагдлаа. NEX-5, NEX-3 загварын камерууд ирэх сарын 3, 10-наас худалдаалагдаж эхлэх бөгөөд Сонигийн альфа загварын SLR камеруудад ашиглагддаг Exmor APS CMOS датчик, дүрс боловсруулах BIONZ системийг агуулахаас гадна их бие нь ердийн жижиг оврын компакт камераас ялгагдахгүй байх юм. NEX-5 загвар л гэхэд их биеийн зузаан 24.2мм, жин нь 229гр байх ажээ. Эдгээр үзүүлэлтээрээ дэлхийн хамгийн жижиг, хамгийн хөнгөн SLR камер хэмээн нэрлэгдэж байна.

Энэ камер нь мэдээж фото зургийн чанар маш сайн байхаас гадна дүрсний хамгийн сайн үзүүлэлт бүхий видео бичлэг хийх чадвартай байх юм. NEX-5 загварын хувьд дижитал телевиз, blu-ray тоглуулагч зэрэгт тохиромжтой AVCHD (1920x1080), компьютерт ажиллуулахад тохиромжтой MPG-4 (1440x1080, 640x480) формат бүхий дүрс бичлэгийг тус тус хийх боломжтой бөгөөд бичлэг нь memory stick-т файл хэлбэрээр хадгалагдах ажээ. 8 гигабайтын memory stick ашиглах тохиолдолд NEX-5 загварын хувьд дүрсний хэмжээнээс хамааран 1-5 цаг, NEX-3 загвар 2-5 цаг хүртэлх хугацаагаар бичлэг хийх боломжтой байх юм. NEX-3 загварын хувьд зөвхөн MPG-4 форматаар бичлэг хийнэ.

Шинэ камерийн зарим онцлогоос дурдвал 14.2 мегапикселтэй, ISO үзүүлэлт 12800, чичирхийлэл болон дүрсний сарнилтаас хамгаалах функцтэй учир шөнийн болон гэрэл багатай орчинд, трипод (тулгуур хөл) хэрэглэлгүйгээр чанартай фото зураг авах боломжтой юм. Мөн секундэд 7 кадр бүхий үргэлжилсэн фото зураг авах, 226 градусын панорама зураг бүтээх боломжтой. Үүнээс гадна автоматаар HDR зураг авах функц агуулсан байх ажээ. Өнөөдрийг хүртэл үйлдвэрлэгдэж буй нэг ч камер ийм төрлийн зураг авах чадваргүй байсан бөгөөд зориулалтын программ хангамжын тусламжтайгаар цайвар, дундаж, бараан гэрэл бүхий 3 дижитал фото зургийг нийлүүлэн бүтээдэг байсан. HDR зураг нь гэрлийн үзүүлэлтийн хувьд хүний нүдээр хардагтай хамгийн ойролцоо байдаг. Панорама зургийг ч мөн адил хэд хэдэн фото зургаас программ хангамж ашигласан бүтээдэг байсан юм.

Шинэ камертай хамт E16мм (F2.8), E18-55мм (F3.5-5.6), E18-200мм (F3.5-6.3)-ийн болон бусад төрлийн линз (дуран)-үүд, флаш гэрэл, микрофон зэрэг нэмэлт төхөөрөмжүүдээс сонгон худалдаж авах боломжтой бөгөөд нэмэлт холбогч адаптер худалдан авсан тохиолдолд урьд нь хэрэглэгдэж байсан альфа загварын бусад линзүүдийг ч мөн адил холбож ашиглаж боломжтой ажээ. Мөн ажиллуулахад маш хялбар, ойлгомжтой шинэ хэлбэрийн удирдах товчлуур болон функцүүдийг агуулсан бөгөөд 3 инчийн LCD дэлгэцийг дээшээ 80 градус, доошоо 45 градусаар эргүүлэн байрлуулж болох учир янз бүрийн төвөгтэй байрлалаас хялбар зураг авах боломжийг олгож байна.

NEX-3 загварын камерийг 16мм линзтэй бол 550 доллар, 18-55мм линзтэй бол 600 долларын үнэтэйгээр худалдаалах ажээ. NEX-5 загварын хувьд 16мм линзтэй бол 650 доллар, 18-55 линзтэй нь 700 долараар тус тус үнэлэгдэж байна. Харин 18-200мм-ийн линз нь дангаараа 900 долларын үнэтэй байх бөгөөд энэ оны намраас худалдаанд гарах төлөвтэй байгаа ажээ.

Мөн Сони компани Exmor APS HD CMOS датчикийг агуулахаас гадна NEX загварын дээрх камеруудад зориулагдсан линзүүдийг холбох боломжтой бичлэгийн AVCHD чанар бүхий видео камер бүтээж байгаа тухай мэдээлэгдэж байна. Одоогоор туршилт сайжруулалтын шатанд байгаа бөгөөд худалдаанд гарах тохиолдолд энэ чиглэлийн зах зээлд мөн л анхдагч болох юм. Фото камерт хэрэглэгддэг олон төрлийн линзийг видео камертай холбосноор бичлэгийн чанарын хувьд мэргэжлийн дүрс бичлэгийн камераас бараг ялгагдахгүй болох ба бичлэг хийх явцад зарим төрлийн дүрсний эффектүүдийг үүсгэх боломжтой болох юм.





Дашрамд дурдахад хэрэв та фото зураг сонирхдог, "мэргэжлийн" гэмээр өндөр чанартай зураг авч сурахыг хүсч байвал NEX загварын камер худалдаж авахыг хувийн зүгээс зөвлөж байна. Мэргэжлийн камерууд нь өндөр үнэтэй, овор хэмжээ том учир авч явахад төвөгтэй, учир нь үл олдох олон төрлийн товчлуур, функцүүдтэй байдаг бол шинэ камер илүү авсаархан, энгийн, хялбар болж чаджээ. Үнийн хувьд Nikon D3000, D5000 зэрэг сүүлийн үеийн хямд SLR камеруудтай ойролцоо боловч хэрэглэж байсан линз ашиглах тохиолдолд илүү хямд байж чадах юм. Ихэнх фото зураг сонирхогчид Nikon болон Canon төрлийн камеруудыг хамгийн сайн гэдэгтэй санал нийлдэг. Сонигийн SLR камерууд харьцангуй нэр хүнд багатай боловч нэгэнт SLR камер, дээр нь бусад камеруудад байхгүй онцлог чадваруудыг агуулсан учир фото зураг эхлэн сонирхогч хэн ч худалдан авахад буруудахгүй юм. Мөн ийм энэ камертай бол тусдаа видео камер худалдаж авах шаардлагагүй гэдгийг ч бас анзаарсан бизээ.


эх үүсвэр; sony.co.jp

Видео камерийн цаашдын чиг хандлага - Флаш ба 3D?

Ганзагын наймаачдын ачаар 1990-ээд оны үеэс манайхан олон төрлийн электрон бараа хэрэглэж эхэлсний нэг нь видео камер юм. Тухайн үед видео тоглуулагч ашиглан гэртээ кино үзэхээс гадна гэр ахуйн хүрээнд дүрс бичлэг хийж хадгалах, хүссэн үедээ үзэж болдог зэрэг технологийн дэвшил олон хүнийг гайхашруулж байсан билээ. Видео камерийн түүхийг сөхөж үзвэл нийтийн хэрэгцээнд зориулагдсан Betamovie BMC-100P хэмээх анхны видео камерийг 1983 онд Сони компани бүтээж худалдаанд гаргаж байсан байна.

1985 оноос JVC, Хитачи, Панасоник зэрэг компаниуд соронзон туузтай VHS кассет бүхий аналог камерууд худалдаанд гаргаж эхэлсэн нь монголд орж ирж байсан анхны камерууд байжээ. Электроникийн салбарын хөгжлийн үр дүнд 1990-ээд оны эхэн үеэс "дижитал хувьсгал" эхэлж үр дүн нь бусад электрон төхөөрөмжүүдтэй адил дуу болон дүрс бичлэгийн төхөөрөмжүүдэд нэвтэрч эхэлсэн юм. Дижитал технологи нь бичлэгийн чанар илүүгээс гадна удаан хугацаанд хадгалах тохиолдолд муудаж чанараа алддаггүйгээрээ аналогиос давуу талтай юм.

Өнөөдөр туузан кассеттэй, DVD-тэй, хард дисктэй гэх мэт олон төрлийн дижитал видео камерууд худалдаалагдаж байгаа билээ. Хүмүүс видео камер худалдан ава
хад тавьдаг гол шаардлагуудын нэг нь бичлэгийн чанар боловч эдгээр камеруудын хувьд энэ үзүүлэлт бараг адилхан болжээ. Бичлэгийн нягтралын хувьд DVD формат 720x480, HD (High-Definition/Density) DVD, Bue-ray диск 1280x720 байдаг бол хамгийн сүүлийн үеийн AVCHD форматаар 1920x1080 байгаа юм. HD телевизор (HDTV)-ийн хэрэглээг дагаад гэрийн болон олон нийтийн хэрэгцээнд ашиглах камерийн хувьд HD үзүүлэлттэй камер байхад хангалттай гэж үзэх хүмүүс цөөнгүй байгаа бизээ.

Харин овор хэмжээ том, дуу чимээ ихтэй, бат бөх бус зэрэг шалтгааны улмаас туузан кассет бүхий видео камер үндсэндээ үйлдвэрлэлээс хасагдах хандлага ажиглагдаж байна. DVD, хатуу дисктэй болон эдгээрийг хослосон (
hybrid) камерууд эргэлдэгч эд ангиудыг агуулах учир доргилт зэрэг механик үйлчлэлийн үед мөн адил төдийлөн бат бөх байж чадахгүй нь ойлгомжтой бөгөөд хэрэв диск болон DVD гэмтэх тохиолдолд бичлэгийг эргэж сэргээх боломжгүй юм. Мөн хард диск эвдрэх магадлал өндөрсдөг учир далайн түвшнээс дээш 3000м ээс илүү өндөрлөг газарт ийм төрлийн видео камеруудыг ашиглахгүй байхыг үйлдвэрлэгч нар зөвлөдөг байна.

Харин 2004 оноос Панасоник компани анхлан худалдаалж эхэлсэн, хамгийн сүүлийн үеийн технологи болох флашт суурилсан видео камерийн зах зээл энэ оноос эхлэн бусад төрлийн камеруудыг шахаж эхлэх тухай судлаачид өгүүлж байна. Ийм камерийн давуу тал нь овор хэмжээ бага, дуу чимээгүй, цахилгаан энергийн хэрэглээ багатай учир батерейн нэг удаагийн цэнэглэлтээр харьцангуй удаан хугацаанд ажиллуулах боломжтой бөгөөд хамгийн гол үзүүлэлт нь бичлэгийг найдвартай хадгалах боломжийг олгож байгаа явдал юм.

Одоогоор флаш санах ой бүхий камеруудын гол дутагдал нь үнэ өндөр, баг
таамж харьцангуй бага байгаа явдал юм. Жишээ нь 240 Гб буюу хамгийн том багтаамж бүхий хард дисктэй камер 96 цагийн бичлэг хийх боломжтой бол 64 Гб буюу хамгийн том санах ой бүхий камер 24 цагийн бичлэг хийх боломжтой байна. Гэхдээ SD карт, SSD (цул биет диск ) дискний багтаамж цаг ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа өнөө үед флашт суурилсан бага хүчин чадалтай видео камер худалдан авсан ч алзахгүй юм. Одоогоор худалдаанд гараад байгаа хамгийн том багтаамж бүхий SD кард 256Гб байгаа бөгөөд цаашид 2 Тб хэмжээнд хүрэх тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Мөн одоогоор SD карттай болон давхар дотоод диск (SSD) бүхий флашт суурилсан 2 төрлийн камерууд худалдаалагдаж байгаа юм. Иймд флаш диск ашиглах боломжтой камер худалдаж авсан ч цаашид багтаамж томтой флаш картууд гарах үед авч хэрэглэж болох юм.

Цаашид видео камеруудад ямар шинэ технологи нэвтрэх бол. Саяхнаас 3D телевизор худалдаалагдаж эхлэн, телевизийн зарим сувгууд гурван хэмжээст нэвтрүүлэг цацаж эхлэх тухай зарласан билээ. Харин 3D технологи зөвхөн кино болон телевизийн салбараар хязгаарлагдахгүй бололтой. Саяхныг хүртэл хязгаарлагдмал хүрээнд ашиглагдаж байсан мэргэжлийн 3D видео камерууд нь олон арван кг жинтэй, хэдэн арван мянган долларын үнэтэй байсан бол өнгөрөгч CES-2010 үзэсгэлэнд Панасоник компани жижиг овор хэмжээ бүхий нэгдмэл 3D камерийн загварыг танилцуулсан байна. Энэ камер нь Full HD (1920x1080) чанартай, SD карт ашиглах боломжтой юм. Мөн 3кг жинтэй бөгөөд энэ оны сүүлчээр 21 мянган долларын үнэтэйгэээр худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

Мөн DGX компани халаасны 3D видео камерийг танилцуулсан байна. Гэхдээ энэ камер нь үзүүлэлтүүдийн хувьд тийм ч хангалттай бус юм. Бичлэгийн чанар VGA (640x480) бөгөөд камерийн дэлгэц болон жижиг цонхоор бичлэгийг голограмм хэлбэрээр харах боломжтой юм. Харин бусад үзүүлэлтүүдийн талаар тодорхойгүй байна. Ирэх 6 сараас эхлэн 200 орчим доллараар худалдаалж эхлэхээр төлөвлөж байгаа юм. Эдгээрээс дүгнэхэд та бид гэр болон нийтийн хэрэгцээнд зориулагдах 3D камер худалдаж авах өдөр тун ч холгүй гэдэгт найдаж байна.