"Их тэсрэлт болоход бурханы оролцоо шаардлагагүй байсан"

"Их тэсрэлт болоход бурханы оролцоо шаардлагагүй байсан" хэмээн астрофизикч эрдэмтэд мэдэгдэж байна. "Гэхдээ энэ нь бурхан оршин байгаа эсэхийг ор тас үгүйсгэсэн хэрэг биш бөгөөд орчлон ертөнцийн үүслийн асуудал бурхантай хамааралгүйгээр тайлбарлагдах боломжтой" хэмээн энэ сарын 23-нд зохион байгуулагдсан SETICon 2 хурлын хэлэлцүүлгийн үеэр Калифорнийн их сургуулийн одон оронч, профессор Alex Flippenko илтгэлдээ дурджээ.

Уг хурлаар эрдэмтэд, уран зөгнөлт зохиолчид, сонирхогчдыг хамруулан хүн төрөлхтний ирээдүй, сансарын аялал, ёс суртахуун болон философийн асуудлуудыг авч хэлэлцсэн байна. Flippenko-ийн хэлсэнээр "13.7 тэрбум жилийн өмнө болж орчлон ертөнцийг үүсгэсэн Их тэсрэлт нь хүчин төгөлдөр физикийн хуулиудын хүрээнд явагдсан" байна. Өөрөөр хэлбэл физикийн хуулиуд нь орчлон ертөнцийг үүсгэх хангалттай нөхцөл юм.

Үүнээс гадна квант механик нь хачин жигтэй "ертөнц" бөгөөд атомын түвшинд квантын дурын хэлбэлзэл (fluctuation)-ийн үр дүнд оргүй хоосноос матери болон энерги үүсч болно гэж үздэг. Мөн энэ нь асар том зүйлсийг ч бүтээхэд хүргэж болох юм. Тус хуралд оролцсон одон оронч Seth Shostak "квант механикийн хэлбэлзэл нь орчлон ертөнцийг үүсгэх бүрэн боломжтой" гэжээ. Тэрээр; "хэрэв та яг энэ өрөөнд, орон зай, цаг хугацааг зөв зохистой чиглэлд мушгин эргүүлбэл бүхэл бүтэн шинэ ертөнцийг ч бий болгож чадна" гэсэн байна.

Дашрамд дурдахад эрдэмтэд орчлон ертөнцийн гарал үүслийг шинжлэх ухааны онолын үүднээс тайлбарласаар ирсэн. Үүний нэг жишээ нь орчин цагийн нэр хүндтэй онолын физикчдийн нэг Стивен Хаукинг юм. Тэр 1988 онд бүтээсэн "Цаг хугацааны товч түүх" номоо орчлон ертөнц үүсч бий болоход бурхан нөлөөлсөн эсэхийг эрэлхийлсэн өнгө аястайгаар бичиж байсан бол 2010 онд бичсэн "Агуу загвар" номондоо бурханы оролцоог үгүйсгэсэн байдаг.


эх сурвалж, space.com

Фэйсбүүк "мөрдөгч" үйлчилгээг зогсоожээ

Хамгийн ойр байгаа сонирхол нэгтнээ олоход туслах Grindr хэмээх үйлчилгээг ижил хүйстэнгүүдэд зориулан гаргасан байдаг. Мөн сүүлд ердийн хүмүүст зориулагдсан Blendr хэмээх хувилбар гарсан. Эдгээр нь ухаалаг утасны GPS-ийн мэдээлэлд тулгуурлан газарзүйн байрлалын хувьд хамгийн ойр байгаа хүмүүсийг олоход тусладаг. Ийм боломжуудыг сүүлийн үеийн зарим болзох сайтууд ч өргөнөөр ашиглаж байна.

Тэгвэл Фэйсбүүк үүнтэй төстэй үйлчилгээг энэ 7 хоногийн эхээр идэвхжүүлсэн боловч нэг хоногийн дараа зогсоожээ. Find Friends Nearby (анх Friendshake гэгдэж байсан) нь ухаалаг утас бүхий хэрэглэгчдэд хамгийн ойр байгаа танилуудаа олоход туслах боломж юм. Гэхдээ энэ үйлчилгээ хүмүүсийг мөрдөж мөшгихөд хүргэнэ хэмээн блогууд тайлбарлаж байна.

Харин үүнийг "үйлчилгээг албан ёсоор гаргаж байгаа хэрэг бус, инженерүүдийн хийсэн туршилтын нэг хэсэг байсан" хэмээн Фэйсбүүкийн төлөөлөгч мэдэгдсэн тухай Wired magazine сэтгүүлд мэдээлжээ. Мөн "туршилт хийсэн бүхэн бүтээгдэхүүн болж үйлчилгээнд гардаггүй, энэ талаар одоогоор нэмж хэлэх зүйл байхгүй ч бид хүмүүсийг хооронд нь холбосоор байх болно" гэж тус сэтгүүлийн ярилцлагад дурдсан байна.

Find Friends мэтийн боломжууд нь хүн тус бүрээр, цаг хугацаа зарцуулж хайлт хийлгүйгээр зөвхөн товчлуурын ганцхан даралтаар тодорхой бүлэг хүмүүстэй нэгэн зэрэг танилцаж боломж олгодог. Зарим хүмүүс үүнийг шинэ танилтай болох хялбар боломж гэж үзэж байгаа бол зарим нь хувийн нууцад халдаж, хүсээгүй хүмүүсийн анхааралд өртөхөд хүргэнэ хэмээн болгоомжилж байгаа юм.

Find Friends Nearby боломжийг Фэйсбүүк одоогоор идэвхжүүлээгүй хэвээр байгаа боловч http://www.fb.com/ffn хаягаар орж гараар идэвхжүүлэх боломжтой юм байна. Хэрэв та өөрийн ухаалаг утаснаас фэйсбүүкт нэвтэрч, веб хөтчид дээрх URL хаягийг оруулбал адил хуудсанд хамгийн сүүлд холбогдсон, хамгийн ойр байрлах хүмүүсийн жагсаалтыг харуулах болно. Мөн тэдгээр хүмүүст тэр дор нь танил болох урилга илгээх боломжтой юм байна.

Дашрамд дурдахад боломжийг өөрийн утаснаас туршиж үзсэн боловч хоосон цагаан хуудас л нээгдэж байна. Гар аргаар идэвхжүүлэх боломжийг хаасан байж магадгүйгээс гадна зөвхөн АНУ-ын нутагт дэвсгэрт ашиглах зэргээр улс орнуудын онцлогт тохируулан хязгаарлалт хийгдсэн байж магадгүй юм.

GPS-ийн байрлалын мэдээллийг гадаад орнуудад, ялангуяа үйлчилгээний байгууллагууд хаяг тодорхойгүй болон хөдөлгөөнтэй байрлалд байгаа хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхэд ашиглаж эхлээд байна. Манайд жишээ нь, наадмын морь барианы газар байгаа ухаалаг утас бүхий наадамчдад түргэн хугацаанд халуун хуушуур хүргэж өгөх мэтийн онцлог үйлчилгээний боломжууд цөөнгүй байж болохыг зарим хүмүүс анхааралдаа авахад илүүдэхгүй буй заа.



эх сурвалж, mailonline

"Цаг хугацаа удааширч байгаа"

Хүмүүс нас ахих тусам цаг хугацаа хурдасдаг гэж ярьдаг. Тэгвэл үүний эсрэг онолыг Испанийн хоёр их сургуулийн эрдэмтэд дэвшүүлж байна. Уг шинэ онолоор, цаг хугацаа өнгөрөх тусам цаг хугацаа өөрөө удааширч байгаа, эцэстээ бүрмөсөн зогсож ч магадгүй үзэж байгаа юм. Профессор Senovilla, New Scientist сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "цаг хугацаа эцэстээ фото зургийн нэгэн эгшин мэт зогсонги байдалд орно" гэжээ.

Сэтгэл түгшээмээр сонсогдож байж магадгүй ч цаг хугацааны удаашрал энгийн хүнд үл ажиглагдам, өчүүхэн бага байх ажээ. Цаг хугацаа зогсох хүртэл хэмжээлшгүй урт хугацаа өнгөрөх болно. Шинэ онолд итгэхэд бэрх боловч Кэмбрижийн их сургуулийн одон орончид үүнийг үгүйсгэхгүй байна. Орчлон ертөнц их тэсрэлтээр үүссэн гэж үздэг. Цаг хугацаа ч мөн адил хамт үүссэн, орчлон ертөнцийн төгсгөлтэй хамт зогсож "хүйтэн элсэн цөл" болон хувирч ч болох юм.

Эрдэмтэд орчлон ертөнц тэлж байгааг батлахын тулд одны дэлбэрэлтээс үүсэх гэрлийн хэмжилтийг хийсээр ирсэн. Хүлээн зөвшөөрөгдсөн онолоор хар энерги хэмээн нэрлэгдэх ямар нэгэн үл таних хүч гравитацийн хүчний эсрэг үйлчилж галактикуудыг түлхэн, бие биеээс нь холдуулж байгаа.

Харин шинэ онол дэвшүүлсэн эрдэмтэд үүнийг онолдоо тохирох нотлогоог цуглуулж буй урвуу үйлдэл гэж үзжээ. Зүй нь баримт нотлогоон дээр тулгуурлан шинэ онолыг дэвшүүлж, батлах ёстой. Гэрэл оддыг алслан холдож байгаа мэт харагдуулж байгаа нь цаг хугацаа удааширч байгаагийн илрэл юм. Иймд орчлон ертөнц тэлж байгаа бус, бид цаг хугацааны удаашралаас үүдэн хувьсан өөрчлөгдөх гэрлийн мэдээлэлд хууртаж байгаа хэрэг гэж Senovilla тэргүүтэй эрдэмтэд үзэж байна.


эх сурвалж, mailonline

Ахуйн цахилгааны хэрэглээг цахилгаан машинаас хангана

Цахилгаан машинтай холбоотой яригдсаар ирсэн нэгэн асуудал нь түүнийг хэрхэн цэнэглэх тухай юм. Гэхдээ саяхныг хүртэл зөвхөн нэг чиглэлд, тодруулбал ахуйн цахилгаан сүлжээнээс цэнэглэх боломжтой болоод байгаа билээ. Тэгвэл Тоёота компани эсрэгээр нь цахилгаан машинаас ахуйн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах боломжийг туршиж байна.

Тоёотагийн бүтээсэн V2H (vehicle to home) систем Prius Plug-in автомашиныг ахуйн сүлжээнээс цэнэглэх болон түүнээс хувийн сууцны цахилгааны хэрэглээг хангах боломжийг зарим талаар бүрдүүлсэн, хоёр чиглэлээр цэнэглэх технологи юм. Автомашинд зориулагдсан жижиг оврын батерей хувийн сууцны цахилгааныг бүрэн хангах боломжгүй нь мэдээж. Гэхдээ шаардлагатай тохиолдолд аваарын үеийн нөөц эх үүсвэр маягаар ашиглах боломжтойг тэд олж харжээ.

Нөгөө талаас цахилгааны хэрэглээ багатай үед машины батерейг цэнэглэж, оргил ачааллын үед түүгээр сууцны цахилгааны хэрэглээний зарим хэсгийг хангах замаар цахилгааны төлбөрийг бууруулах боломжтой юм. Тоёота компаний мэдэгдэж байгаагар Prius Plug-in автомашины батерейд хуримтлагдах цэнэгээр дундаж хэрэглээ бүхий япон айлын 4 хүртэлх хоногийн цахилгааны хэрэглээг хангах боломжтой ажээ.

V2H системийн туршилт нь тус улсын Эдийн засаг, Худалдаа Үйлдвэрлэлийн яамнаас Тоёота хотод хэрэгжүүлж буй ухаалаг грид системийн төслийн хүрээнд хийгдэж байна. Тоёота хот нь тус яамнаас хэрэгжүүлж буй эрчим хүчний шинэ төрлийн системийг турших бүс нутгийн нэгээр сонгогдсон юм. Төслийн хүрээнд хувийн 40 орон сууцыг хамруулан нарны батерей, цахилгаан хадгалах төхөөрөмж, ахуйн эрчим хүчний зохицуулалтын систем, автомашинаар хоёр чиглэлд цэнэглэх технологийг тус тус ашиглаж цахилгааны эрчим хүчний хэрэглээг тогтвортой хангах боломж, хэрэглээний оновчтой, ухаалаг хэлбэрийг судлаж байна.

Харин Тоёота компаний V2H системийг 10 загвар орон сууцанд туршиж байгаа ажээ. Тоёота, машин болон орон сууцны хооронд цэнэглэх технологи дээр ажиллаж байгаа цорын ганц компани биш юм. Ниссан мөн адил Leaf машинаас ахуйн цахилгааны хэрэглээг хангах технологийг хөгжүүлж байна. Тэдний хувьд дундаж япон айлын 2 хоногийн цахилгааны хэрэглээг автомашинаас хангах боломжийг бүрдүүлээд байна.

Дашрамд дурдахад өнгөрсөн жилийн газар хөдлөлт, цунамигийн гамшигаас хойш ийм төрлийн технологи Япон улсад олон төрлөөр боловсруулагдаж байна. Тухайлбал зурагт, богино долгионы зуух, хөгжим зэрэг ахуйн цахилгаан хэрэгслүүдийг залгаж ажиллуулах боломжтой цахилгаан автомашины загварууд бүтээгдээд байна. Ийм төрлийн автомашиныг манай хөдөө орон нутагт болон аялал жуулчлалын байгууллагуудад ашиглахад тохиромжтой санагддаг юм.



эх сурвалж,  gizmag

Сар биднээс алслан холдох үед (эхний хэсэг)

Дэлхийн эргэлтийн тэнхлэг богино хугацаанд хүчтэй хэлбэлзэнэ. Эргэлтийн тэнхлэг болон нарыг тойрон эргэх траекторын хавтгай давхцах үед хойд, өмнөд туйлын мөсөн давхарга нарны хурц гэрлийн нөлөөнд орж хайлна. Эх газрын ихэнх хэсэг мөсөөр хучигдаж, европ тив элсэн цөл болон хувирна. Хойд америкт хүчтэй аадар орж ихэнх амьтад амиа алдана. Бразилийн нийслэлд хагас жилийн турш нар үзэгдэхээ больж, тэсгим хүйтэн өвөл үргэлжилнэ.


Далайн түвшин огцом нэмэгдэж эргийн хотууд усанд автана. Тэнхлэгийн хэлбэлзэл 0 - 90 хэмийн хооронд, гэхдээ урьдчилан тааварлах боломжгүй, тогтворгүй хэлбэрээр үргэлжлэн явагдана. Хэдхэн 100 жилийн дотор цаг уур огцом өөрчлөгдөж, улирлууд эсрэгээрээ солигдоно. Мөстлөг болж байсан газар нутагт аагим халуун шатах болно. Энэ бүхний эцэст дэлхийн амьдрал устаж үгүй болно.

1969 онд Аполло хөлгөөр нисч саранд хүрсэн сансарын нисгэгчид нэгэн төхөөрөмжийг сарны гадарга дээр байрлуулсан юм. Уг төхөөрөмж аль ч чиглэлээс ирсэн долгионыг буцаан ойлгох чадвартай, онцгой хийцтэй бөгөөд сар болон дэлхийн хоорондох зайг хэмжихэд ашиглагдаж байна. Энэ зорилгоор НАСА, Аполло хэмээх төслийг Нью Мексико мужид байрлах Apache Point одон орныг судлах төвд 40 жилийн өмнөөс хэрэгжүүлж байгаа юм.

Дэлхийгээс сар хүртэлх зайг хэмжихийн тулд лазерийн гэрлийг ашигладаг. Лазерийн гэрэл саран дээрх ойлгогч төхөөрөмжид хүрээд дэлхийд буцаж ирэх хугацааг хэмжиж, сар болон дэлхийн хоорондын зайг хэдхэн мм-ээс 1 см-ын нарийвчлалтайгаар тооцоолдог байна. Дэлхийгээс харвал сар дэлхийтэй хамааралгүйгээр хөдөлдөг. Мөн лазерийн гэрлийн долгион дэлхийн агаар мандлын нөлөөгөөр гажих үзэгдэл ажиглагдах учир саран дээрх ойлгогч төхөөрөмжийг чиглүүлэн онилоход хүндрэлтэй байдаг байна.


Эдгээрээс гадна лазерийн гэрэл нисгэгчдийн нүдэнд сөргөөр нөлөөлөх учир хэмжилт хийхэд онгоцны нислэгийн хувиарыг харгалзан үзэх ёстой. Нэг удаагийн лазерийн гэрлээр хэдэн их наядаар тоологдох протоныг илгээдэг. Тэдгээрээс саран дээрх ойлгогчид хүрч, эргэн ирэх протон дөнгөж 1% байлаа ч хүлээн авагч төхөөрөмж түүнийг мэдрэх чадвартай. Гэрэл саранд хүрээд эргэж ирэх 76 мянган км зайг 2.5 секунд хугацаанд туулна. Харин НАСА 40 жилийн турш үргэлжлүүлэн хийж буй хэмжилтээр сар дэлхийгээс жилд 3.5см-ээр холдож байгааг тогтоожээ.

Энэ хэмжээ хэдийгээр өчүүхэн бага мэт санагдах боловч он жил өнгөрөх тусам нэмэгдэж, дэлхийд үзүүлэх нөлөө мэдэгдэхүйц хэмжээнд хүрч магадгүй юм. Сар дэлхийн хувьд маш чухал зүйл гэдгийг мартаж болохгүй. Дэлхийн амьдрал сарны үүсгэх татах хүчтэй маш нягт холбогддог. Нарны аймгийн гаригуудын хэмжээг тэдгээрийн дагуулуудтай харьцуулж үзвэл дэлхий хамгийн том дагуултай гэдгийг мэдэж болно. Сансарын биетүүдийн хоорондын зай ойрхон, жин их байх тусам тэдгээрийн хоорондох таталцлын хүч их байдаг.

Харьцангуй том хэмжээтэй сар, харьцангуй их татах хүчээр үйлчилж дэлхийн эргэлтийн өнцөг буюу эргэлтийн тэнхлэгийг найдвартай тогтворжуулсаар иржээ. Дэлхий нарны аймгийн тэнхлэгтэй харьцуулахад 23.5 хэмийн налуу тэнхлэгийг тойрон эргэдэг. Эргэлтийн энэхүү тэнхлэг тогтвортой байдгийн ачаар дэлхийн эргэлт ч мөн адил тогтвортой явагддаг. Энэ нь дэлхий дээр амьдрал үүсч, хөгжихөд зайлшгүй шаардлагатай нөхцөлүүдийн нэг юм. Одоогоос 100 мянган жилийн өмнө дэлхийн тэнхлэгийн маш бага хэмжээний өөрчлөлтийн нөлөөгөөр африкийн ногоон ой элсэн цөл болон хувирсан гэж үздэг.


Энэ нь хүний өвөг дээдэс африкаас бусад тивүүд рүү нүүдэллэж, дэлхий даяар тархах нөхцөл болжээ. Харин европ  тив болон хойд америкт хэдэн 10 мянган жил үргэлжилсэн мөстлөг болсон юм. Далайн түрэлт, таталт ч бас сарны татах хүчний нөлөөгөөр үүсдэг. Дэлхийн бөмбөрцгийн сар ойрхон байрлах хэсэг болон түүний эсрэг талд далайн усны түвшин өндөрсдөг. Сарны талд далайн ус саранд татагдаж овойдог бол эсрэг талд татах хүч сул учир адилхан овойх үзэгдэл ажиглагдана. Далайн түрэлт, таталт сарны байрлалаас хамааран 12 цагийн давтамжтайгаар явагддаг.

Сарны татах хүч далайн уснаас гадна эх газарт ч бас нөлөөлнө. Түүний нөлөөгөөр эх газрын хэсгүүд 30 см хүртэл хэмжээгээр овойж, хотойдгийг нарийн мэдрэмж бүхий төхөөрөмжүүдээр хэмжиж болдог. Мөн нар хүртэх үед нар болон сарны татах хүч давхцах учир далайн ус болон, эх газрын хэсгийн овойлт илүү их хэмжээтэй байдаг. Хэрэв сар дэлхийгээс холдож түүний татах хүч багасвал экватор орчимд 4м-ээс дээш хэмжээгээр овойсон далайн ус туйлууд руу тархана. Үүнээс үүдэн Нью-Иорк, Рио дэ Жанеиро зэрэг далайн эргийн хотуудын орчимд усны түвшин аюултай хэмжээнд хүрнэ. Мөн уур амьсгалын өөрчлөлт хүчтэй явагдаж олон хүн орон гэрээ алдах болно.

Иймэрхүү үйл явдал алс ирээдүйд тохиолдох магадлалтай боловч сар биднээс алслан холдсоор байгаа нь хөдлөшгүй үнэн юм. Сарны ирээдүйг төсөөлөхийн тулд түүний өнгөрснийг судлах хэрэгтэй. Сар болон дэлхий 4 тэрбум 500 сая жилийн өмнө үүсчээ. Гэхдээ сарны үүслийг тохиолдлын чанартай гэж үзэж болно. Нарны аймаг бүрэлдэн тогтох үед эргэлдэгч матеруудын бөөгнөрлөөс үүссэн анхны гаригуудын нэг нь дэлхий юм. Бүрэлдэн тогтсоныхоо дараахан дэлхий асар халуун, чулуулаг бүтэцтэй байжээ. Гэтэл түүнтэй өөр нэгэн анхдагч гариг 45 хэмээр мөргөлдсөн байна.

Мөргөлдөлтөөс үүссэн чулуулгууд үүлэнцэр хэлбэрээр сансарт тархжээ. Харин дэлхийн ойролцоо байрлах чулуулгууд түүнийг тойрон эргэлдэх явцдаа нэг нэгэндээ татагдан нэгдсэнээр сарыг үүсгэсэн бол үүлэнцэрт агуулагдаж байсан төмөрлөгүүд дэлхийд татагдан унаж хүчтэй соронзон орон үүсгэх нөхцөл болсон юм. Соронзон орны нөлөөгөөөр агаар мандал бий болж амьдрал үүсэх эхний нөхцөл бүрэлджээ.


Нарны аймгийн гаригуудаас дэлхийтэй хамгийн төстэй нь Ангараг гариг юм. Тэнд амьдрал байхгүй ч эрт цагт ус, агаар байсан гэж үздэг. Ангарагт байсан ус, агаар ямар шалтгаанаар алга болсон нь тодорхойгүй боловч дэлхийтэй харьцуулахад сар мэт тогтвортой дагуул байдаггүйг тооцож үзэх ёстой юм. Сар байхгүй байлаа ч дэлхий дээр бичил биет амьтад үүсэх боломжтой. Гэхдээ тэднийг биологийн олон төрөл зүйл болон хувьсан өөрчлөгдөж, хөжихөд сар, түүний нөлөөгөөр хадгалагдах дэлхийн тэнхлэгийн тогтворжилт зайлшгүй шаардлагатай хүчин зүйлүүдийн нэг юм. 

Эрт цагт Ангараг болон Сугар гаригт дэлхийтэй адил амьдрал үүссэн байж болох магадлалтай боловч хувьсан өөрчлөгдөх боломж байсангүй. Учир нь тэдгээр гаригуудад сарны адил их хэмжээний татах хүчээр нөлөөлөх дагуулууд байдаггүй. Хэрэв сар байгаагүй бол дэлхийг ч бас адилхан хувь тавилан хүлээж байсан ч байж магадгүй юм. Үүнээс гадна сар биднийг сүүлт од болон солируудаас хамгаалж байдаг. Сарны гадаргад тэнгэрийн биеттэй мөргөлдсөний ул мөр болох, хэдэн 1000 км хүртэлх диаметр бүхий тогоонууд байдаг. Хэрэв томоохон хэмжээний солир саран дээр бус дэлхийд унавал дэлхийн амьдралд мөхлийн аюул учруулах болно.

Бидний өнгөрсөн цаг үед ч бас ийм аюул тохиолдож байсан юм. 65.5 сая жилийн өмнө 10км диаметртэй солир дэлхий дээр унаж үлэг гүрвэлийг мөхөөхөд хүргэсэн гэж үздэг. Тухайн үед мөргөлдөлтөөс асар их хэмжээний дулаан ялгарч, дэлбэрэлтээр цацарсан хад чулуу агаар мандлын дээд давхаргад ч хүрчээ. Мөргөлдөөнөөс хойш дөнгөж 1 цагийн дараа агаарын температур 260 хэмд хүрсэн байна. Хагас жилийн турш тэнгэрийг бүрхсэн утаа, манан нарны гэрлийг хааж динозавруудын хамт дэлхийн амьтадын 70%-ыг устаж үгүй болоход хүргэжээ. Харин сар биднийг иймэрхүү олон төрлийн аюулаас хамгаалсаар ирсэн юм.


үргэлжилж магадгүй, үгүй ч байж магад ...

.

Шинэ үйлчилгээ хувийн нууцлалын асуудлыг хөндөж байна

Apple компани цаашид өөрийн бүтээсэн төхөөрөмжүүдэд Google Map-ийг ашиглахгүй гэдгээ мэдэгдэж, iOS6 системтэй хамт шинэ Maps апликэшн гаргах тухайгаа зарлалаа. Хариуд нь Google урьдынхаас илүү өндөр нарийвчлал бүхий гурван хэмжээст Google Map-ыг танилцуулаад байгаа билээ. Тэгвэл технологийн аваргуудын өрсөлдөөний сүүдэрт хувийн нууцлалын асуудал дахин хөндөгдөж байна.

Газрын зургийн эдгээр шинэ үйлчилгээнүүдэд зургийн нарийвчлалыг хэдхэн см хэмжээнд хүргэх бөгөөд энэ нь нийгмийг үргэлжийн "хяналт, цагдалт"-д хүргэж магадгүй хэмээн судлаачид анхааруулж байна. Шинэ түвшний газрын зургуудыг цэрэг, тагнуулын зорилгоор ашиглагддаг технологиор бүтээж байгаа учир таны цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг ч тодоор харуулж чадна.

Мөн таны дээгүүр зураг авах зориулалт бүхий онгоцууд шунгинан нисч байгаа гэсэн айдасгүйгээр наранд  биеэ шарахад ч хүндрэлтэй байх болно хэмээн Big Brother Watch компаний захирал Nick Pickles нарын шинжээчид сэтгэл зовниж байгаа юм. Тэд нисэх онгоцноос авсан хувийн эзэмшлийн зургийг онлайнд байрлуулахаас өмнө эздээс нь зохих зөвшөөрлийг авах ёстой гэж үзэж байна.

Google компани газрын зургийн шинэ үйлчилгээндээ зориулан зураг авалт хийх зорилгоор нисэх онгоцыг хотуудын дээгүүр аль хэдийн нисгэж эхэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэд энэ оны эцэс гэхэд нийт 300 сая оршин суугч бүхий хотуудын 3D газрын зургийг бүтээхээр төлөвлөж байна. Өмнөх үйлчилгээнүүдэд зурагт орсон хүний нүүр, машины дугаарыг бүдгэрүүлдэг боловч секс шопоос гарч буй эр, гудамжинд унтаж буй хүн мэтээр хэн болох нь илт танигдахуйц тохиолдлууд цөөнгүй гарсан.

Мөн Google Street View үйлчилгээний зураг авалт хийх үед хувийн WiFi сүлжээнээс имэйл, текст, фото зураг зэрэг мэдээллүүдийг санамсаргүйгээр татаж авах тохиолдлууд ч гарч байсан. Харин онгоцноос зураг авах үед иймэрхүү асуудал гарахгүй гэж Google-ийхэн найдаж байна. Онгоцоор 1 цагт 100 км квадрат талбайн зургийг авах бөгөөд харьцангуй их хурдтайгаар, утасгүй интернетийн дохиолол хүрэхээргүй өндөрт нисэх юм.

Тэгвэл Apple газрын зургийн шинэ үйлчилгээндээ цэрэг, тагнуулын түвшний технологийг ашиглаж байна. Тэд батлан хамгаалахын чиглэлээр зураг авах үйл ажиллагаа явуулж байсан C3 Technologie компанийг өнгөрсөн жил худалдан авсан. Өөрөөр хэлбэл Apple-ийн шинэ 3D газрын зургийг афганистанд террористуудыг илрүүлэх, пуужингийн довтолгоонд байг онилох зэрэгт ашиглагддаг технологийн тусламжтайгаар бүтээж байна.

Өндөр чадвар бүхий хос камераар тоноглогдсон онгоцууд ойролцоогоор 500 м өндөрт нисэхдээ байшин барилга, газар нутгийн зургийг боломжит бүх өнцөгөөс авч, боловсруулалтын үр дүнд гурван хэмжээст зурагт хувиргах юм. Цэрэг, тагнуулын түвшний эдгээр зургуудад хүний нүүр царай фото зургаас дутахааргүй тод гардаг. Мөн байшин барилгыг анх удаа хажуу талаас нь харуулах учир цонхоор харагдах өрөөний дотоод байдлыг ч тод буулгах чадвартай юм.

Хиймэл дагуулаас авсан зургаар бүтээдэг уламжлалт үйлчилгээнүүдэд зургийн нягтрал бага байдаг бөгөөд томруулах тохиолдолд дүрс сарниж фокусгүй харагддаг. Энэ нь зарим талаараа нууцлалын шаадлагыг хангадагаараа давуутай юм. Үүнтэй төстэйгээр шинэ газрын зурагтаа хувийн эзэмшлийн байгууламжийн зургуудийг бүдэгрүүлнэ гэж найдаж байгаа тухайгаа Америкийн электрон нууцлалын мэдээллийн төвийн мэргэжилтэн Amie Stepanovich мэдэгджээ.




эх сурвалж; mailonline

Ухаалаг утсанд зориулан дүрс таних үйлчилгээ гаргажээ

NEC компани ухаалаг утас хэрэглэгчдэд зориулан дүрс таних Gaziru хэмээх үйлчилгээг энэ сараас эхлэн гаргажээ. Уг үйлчилгээ утасны камераар авсан фото зургийг мэдээллийн сантай харьцуулан зурган дээрх обектийн нэр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг үзүүлэх зорилготой юм. Технологийн хувьд обьектийн дүрсийг таньж ухаалаг утсанд суулгах програм хангамжийн тусламжтайгаар үр дүнг шууд үзүүлэх, мөн таньсан дүрсийг сервер буюу үүлэн дэх мэдээлэлтэй харьцуулсан боловсруулалт хийх замаар үр дүнг үзүүлэх хоёр хувилбарыг бүтээжээ.

Уг систем фото зургийг таних чадварын хувьд дэлхийд хамгийн өндөр түвшинд хүрсэн хэмээн үйлдвэрлэгчид нотлож байна. Үүнээс гадна мэдээллийг шахаж харьцангуй бага хэмжээний хадгалах багтаамж ашиглах, боловсруулалтыг аль болох бага хэмжээгээр хийж санах ой бага эзлэх технологийн боломжыг тус тус бүрдүүлж үүрэн төхөөрөмжид тохиромжтой байлгах тал дээр томоохон ахиц гаргажээ.

Gaziru үйлчилгээний хэрэглээний хувьд бүхий л төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулагч компаниудад тохиромжтой бөгөөд сурталчилгааны зах зээлийн илүү өргөн боломжийг нээж байна. Тухайлбал хуучин автомашин борлуулах, үл хөдлөх хөрөнгө худалдаалах, түрээслэх үйлчилгээнд ашиглаж болно. Эдгээр тохиолдлуудад хэрэглэгч автомашин болон байшин барилгын нэр, хаягийг бичиж, хайлт хийх шаардлагагүй бөгөөд фото зургийг авч, илгээх товчийг дарах төдийд дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Эсвэл өмнө нь хэн ч хийж байгаагүй шинэ жор бүхий шпагетти хийж, фото зургийг авсан тохиолдолд сүлжээгээр дамжуулан сервер дээрх зургуудаас хайлт хийх замаар хамгийн илүү төстэй байж болох мэдээллүүдийг илгээнэ. Тэдгээрийн үндсэн дээр хоолны төрлөөс авахуулаад, голлох материалуудыг ч ойролцоогоор мэдэх боломжтой юм байна.





эх сурвалж, diginfo

Таблетийн боломж бүхий хос үйлдлийн системт компьютер

Тус блогт өмнө нь ухаалаг утсыг иж бүрэн персонал компьютерийн хэлбэрээр ашиглах боломж бүхий үйлдлийн систем бүтээгдсэн тухай мэдээлж байсан билээ. Өөрөөр хэлбэл ухаалаг утсыг PC-тэй нэгтгэн хэрэглэх боломж бүрдэж байгаа юм. Тэгвэл энэ удаад PC болон таблетийг нэгтгэсэн компьютерийн загварын тухай мэдээллийг хүргэж байна. ASUS компани олон төрлийн боломжуудыг нэгтгэсэн компьютерийн нэгэн шинэ загварыг бүтээж Computex 2012 үзэсгэлэнд танилцуулсан байна.

Уг загварыг дагалдах Transformer AiO төхөөрөмж нь хос үйлдлийн системийг нэгэн зэрэг агуулж, тэдгээрийн хооронд хялбар шилжих боломжийг бүрдүүлжээ. Компьютерийг LED арын гэрэлтүүлэг бүхий 18.4 инчийн даралт мэдрэгч дэлгэцэнд багтаасан бөгөөд түүнийг том овор хэмжээний таблет гэж ойлгоход хилсдэхгүй юм. Онцлог нь дагалдах төхөөрөмжид суурилуулагдах тохиолдолд Windows 8 үйлдийн системийг, сууринаас салгах тохиолдолд Андройд 4 системийг тус тус ачаалах боломжтой юм.

Мөн андройд системийг ачаалах тохиолдолд таблетийн бүхий л боломжуудыг ашиглах боломжтой ажээ. Гэхдээ үнэ, хүчин чадлын үзүүлэлтүүд болон худалдаанд гарах хугацааны талаар тодорхой мэдээлээгүй байна. Хамгийн наад зах нь овор хэмжээ харьцангуй том учир таблет хэлбэрээр ашиглах тохиолдолд цахилгаан энергийн зарцуулалт хэр өндөр байх, батерей хэр удаан хугацаанд цэнэгээ хадгалах боломжтой байх зэрэг нь сонирхол татаж байгаа юм.






эх сурвалж, gizmag

Автомашины технологийн ойрын ирээдүй

Хүний гараар бүтээгдэж улмаар дэлхийг өөрчлөхөд түлхэц болсон техникүүдийн дунд автомашин яах аргагүй эхний байруудын нэгийг эзлэдэг билээ. Хоёр зууныг дамжин бидэнтэй зэрэгцэн оршиж бидний амьдралын салшгүй хэсэг болоод байгаа автомашины технологи хэдхэн жилийн өмнөөс огцом өөрчлөлтийн босгыг даваад байна. 21-р зууны автомашинд дотоод шаталтын хөдөлгүүрийн тусламжтайгаар түлшийг шатааж ялгарсан энергийг ашиглах технологи голлож байв. Шинэ зуун гарсанаар дэлхийн эдийн засгийн хямрал, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шаардлага, ойрхи дорнодын орнуудын улс төрийн ээдрээтэй байдал, нефтийн төрлийн түүхий эдийн нөөцийн төсөөлөгдөж буй хомсдолын нөлөөгөөр автомашинд шинэ төрлийн энерги үүсгэгчийг хэрэглэх шаардлага урган гарсан юм. Харин сүүлийн жилүүдэд бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтрээд байгаа хайбрид болон цахилгаан автомашинууд эдгээр шаардлагыг тодорхой хэмжээгээр хангаж байна.

Тэгвэл ойрын ирээдүйд автомашины технологи ямархуу дүр төрхтэй байхыг сонирхоцгооё. Автомашины энергийн эх үүсвэрийн хувьд цахилгаан энерги голлох төлөвтэй байна. Цахилгаан энерги нь бусад төрлийн энерги үүсгэгчүүдтэй харьцуулахад илүү хямд, илүү аюулгүй, илүү эдийн засгийн үр ашигтай юм. Зарим судлаачид 2020 онд дэлхийн нийт автомашины 10%-ийг, 2030 онд 25%-ийг тус тус цахилгаан машин эзлэх болно гэсэн урьдчилсан төлөвийг гаргаад байна. Одоогоор үйлдвэрлэгдэж байгаа цахилгаан автомашины гол дутагдал нь батерейн цэнэгийн агууламж хангалттай хэмжээнд хүрээгүйгээс туулах зай бага буюу нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 150 км хүртэлх зайг туулах боломжтой байгаа явдал юм. Сүүлийн үеийн нанотехнологийн судалгаануудын үр дүнд батерейн хүчин чадал жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд цахилгаан автомашин уламжлалт шатахуунаар ажиллах автомашинтай адил хурд хүчний үзүүлэлтүүдийг агуулах хэмжээнд хүрэх нь зөвхөн цаг хугацааны л асуудал юм.

Өнөөдөр үйлдвэрлэгдэж байгаа ихэнх цахилгаан машинууд шатахуунаар ажилладаг уламжлалт автомашины загвар дээр тулгуурлан үйлдвэрлэгдэж байна. Өөрөөр хэлбэл шатахуунаар ажилладаг автомашины мотор болон утаа ялгаруулах төхөөрөмжүүдийг цахилгаан хөдөлгүүр, инвертер буюу удирдлагын төхөөрөмж, батерейгээр солих төдийгөөр, бүтцийн хувьд онц өөрчлөлтгүйгээр үйлдвэрлэж байна. Энэ нь шинэ загварын цахилгаан машин үйлдвэрлэх тохиолдолд автомашины үйлдвэрлэлийн шугамыг иж бүрэн шинэчлэх шаардлага гарч үйлдвэрлэгчдийн хувьд хэтэрхий өндөр өртөг шаардагдаж байгаагаас шалтгаалж байгаа юм. Харин Япон улсын SIM-Drive компани цахилгаан автомашины хамгийн үр ашигтай, тохиромжтой загварыг бүтээж, ийм төрлийн автомашиныг ирэх оноос их хэмжээгээр үйлдвэрлэхээр төлөвлөөд байна. Тус компаний бүтээсэн SIM-LEI цахилгаан машин хотуудын автозамын нөхцөлд дөнгөж 4.8 секунд хугацаанд 100 км/ц хурд авч, 150 км хүртэлх хурдтайгаар, нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 333 км зай туулах боломжтой болсон байна. Мөн 1 км зайг туулахад 77 ватт цахилгаан энерги зарцуулах бөгөөд хөдөлгүүрийн энергийн үр ашгийг шатахуунт хөдөлгүүртэй харьцуулж үзэхэд 1 л шатахуунаар 70 км зайг туулахтай дүйцэх үзүүлэлт юм.


Өнөөгийн цахилгаан машинуудад зөвхөн нэг цахилгаан хөдөлгүүр угсарч, түүний үүсгэх эргэлтийн хүчийг уламжлалт араат дамжуулгын тусламжтайгаар дугуйнуудад дамжуулдаг. Тэгвэл SIM-LEI загварын автомашин 4 цахилгаан хөдөлгүүрийг агуулж тэдгээрийг дугуйн дотор байрлуулах замаар хүч дамжуулах төхөөрөмжийн энергийн алдагдлыг бүрэн арилгаж чадсан байна. Мөн батерей, удирдлагын төхөөрөмж зэрэг бусад эд ангиудыг машины суурь раманд багтааснаар бүхээгний эзэлхүүнийг ихэсгэж илүү өргөн, илүү тохь тухтай болгожээ.Ийм төрлийн цахилгаан машины туршилтын загвар гэхэд л 370 км/ц хүртэл хурдалж, нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 300 км хүртэлх зай туулахдаа дөнгөж 3 долларын цахилгаан эрчим хүч зарцуулж байна. Шатахуунаар ажилладаг автомашинууд дундаас хамгийн өндөр хурдтай Formula-1 уралдааны машинууд 700 морины хүчтэй бол уг туршилтын загвар 800 морьны хүчээр хөдлөх чадвартай юм. Шатахуунаар ажилладаг автомашины хөдөлгүүрт үүсгэсэн энергийн 85 % нь үр ашиггүй зарцуулагддаг бол шинэ төрлийн цахилгаан машинд уг үзүүлэлтийг 40% болгон бууруулжээ. Эдгээр үзүүлэлтүүдээс ойрын ирээдүйд цахилгаан машинууд ямархуу хүч чадалтай, эдийн засгийн үр ашигтай болохыг төсөөлж болно.

Цахилгаан машин түгэн дэлгэрэхтэй холбогдон гарч болох нэгэн хүндрэл нь цахилгаан шугам сүлжээний хүчин чадал хүрэлцэхгүй байх магадлал юм. Өмнөх үеийн цахилгаан машины батерей ахуйн цахилгаан сүлжээнээс дунджаар 6 цаг хүртэл хугацаанд бүрэн цэнэглэгддэг байсан бол одоо 10 минутад 100% цэнэглэх технологи нэвтэрч АНУ, Өмнөд солонгос, Европын орнуудад цахилгаанаар цэнэглэх станцууд олноор байгуулагдаж байна. Тэгвэл Хонда компани цахилгаан машиныг нарны энергээр цэнэглэх хувилбарыг туршиж эхлээд байна. Энэ тохиолдолд автомашины зогсоолын дээвэр дээр нарны зайг байрлуулах бөгөөд цахилгаан шугам сүлжээнд нэмэлт ачаалал өгөхгүй давуу талтай юм. Мөн сүүлийн үед цахилгаан энергийг утасгүйгээр дамжуулах технологи зарим хэлбэрээр амьдралд нэвтэрч эхлээд байна. Ийм төрлийн гар утас, зөөврийн компьютер зэрэг төхөөрөмжүүд худалдаанд гараад байгаа бөгөөд хамгийн сүүлийн нэгэн жишээ нь Самсунг компаний Galaxy ухаалаг утасны сүүлийн загвар юм.


Цахилгааныг утасгүйгээр дамжуулах технологи хэдийгээр үр ашгийн хувьд хангалттай түвшинд хүрээгүй байгаа боловч Масачусетс их сургуулийн эрдэмтэд цахилгаан машиныг цэнэглэх боломжийг судлаж байна. Энэ технологийн үндсэн зарчим нь гараж, зогсоолын шалны хэсэгт цахилгаан үүсгүүрийг байрлуулж автомашины их биеийн доод хэсэгт байрлах хүлээн авагчид цахилгаан энергийг утасгүйгээр дамжуулах зорилготой юм. Эдгээрээс гадна Юта их сургуулийн эрдэмтэд цахилгаан үүсгүүрийг автозам дээр байрлуулах санааг дэвшүүлж байна. Энэ нь цахилгаан машиныг явдал дунд нь цэнэглэх боломж бүрдүүлэх бөгөөд цэнэг буюу түлш дуусах асуудлаас бүрэн ангижруулж байгаа юм. Мөн ойрын ирээдүйд нано технологийн хөгжлийн үр дүнд нарны зайг авто зам дээр байрлуулах боломж бүрдэх төлөвтэй байна. Үүнд тулгуурлан нарны зайг цахилгаан үүсгүүртэй хамт автозам дээр байрлуулах санаа ч гарч байна. Юутай ч бид ойрын ирээдүйд автомашины түлш - цэнэг болон цэнэглэх асуудлаас ангижирч, нэгэнт худалдан авсан тохиолдолд түлшний ямар ч зардал гаргалгүйгээр автомашин хэрэглэх боломжтой болох төлөвтэй байна.


Эрдэмтэдийн алсын зорилго автомашиныг автомат жолоодлоготой болгоход чиглэж байна. Хотжилт эрчимтэй явагдаж байгаагаас сүүлийн үед дэлхийн томоохон хотуудад автомашины тоо нэмэгдэж, замын түгжрэл тулгамдсан асуудал болоод байна. Хэрэв машиныг автоматаар жолооддог болвол замын түгжрэлд зарцуулах цаг хугацааг үр ашигтай өөр хэлбэрээр ашиглах боломж бүрдэнэ. Google-ээс авахуулаад автомашин үйлдвэрлэгч бусад компаниуд ч автомат жолоодлготой машины туршилтын загварыг бүтээгээд байгаа бол ийм төрлийн машинууд 2020 оноос нийтэд түгэн дэлгэрэх төлөвтэй байгаа юм. Гэхдээ ийм төрлийн технологийг хөгжүүлэхэд хэд хэдэн төрлийн хүндрэл учирч байна. Хамгийн эхэнд осол авараас сэргийлэж, тогтсон замын дагуу явуулахын тулд навигацийн буюу GPS-ийн системийг боловсронгуй болгох шаардлагатай юм. Одоогоор ашиглагдаж байгаа GPS-ийн технологийн дутагдалтай тал нь хиймэл дагуулууд дэлхийг тойрон эргэлддэг учир өндөр барилгуудын дунд донгион сарниж байрлалыг зөв тодорхойлж чадахгүй тохиолдол гардаг явдал юм. Үүнээс шалтгаалан байрлалын мэдээллийг хэдэн 10 м хүртэл зөрүүлэх тохиолдол ч гардаг.

Тэгвэл Мицубиши компани болон Японы Сансар Судлалын агентлаг JAXA хамтран том хотуудын дээр хөдөлгөөнгүй байрлаж 3 см-ын нарийвчлалтайгаар байрлалын мэдээллийг дамжуулах хиймэл дагуулын технологийг боловсруулаад байна. Энэ технологи нь автомат машиныг байрлалын мэдээллээс хамааран осолд өртөх магадлалыг эрс бууруулж байгаа юм. Мөн Японы эрдэмтэд автозамын эгнээний тэмдэглээгээр баримжаалж замаас гаралгүйгээр явах боломжтой автомат машин, өөр хоорондоо мэдээлэл дамжуулж мөргөлдөхөөс зайлсхийх, хурдм хоорондын зайгаа тохируулах, байрлал зөв эзлэх автомашины сүлжээний технологийг хөгжүүлж эхлээд байна. Эдгээрээс гадна замын ойролцоо яваа хүнийг таних, зам дээрх саадыг мэдэрч автоматаар тоормозлох мэдрэгчийн системүүдийг ч боловсруулаад байна.

Мөн Волво компани "авто замын галт тэрэг" хэмээх нэгэн сонирхолтой технологийг хэдхэн хоногийн өмнө амжилттай туршлаа. Энэ технологид зөвхөн удирдагч автомашиныг хүн жолоодох бөгөөд түүний араас яваа автомашинуудыг жолоодох шаардлагагүй юм. Камер, радар, лазерийн мэдрэгч зэрэг төхөөрөмжүүдээр тоноглогдсон автомат жолоодлогын систем удирдагч автомашины жолоодлогыг цувааны машинуудад дамжуулж хурд, эгнээ, хоорондын зайг тохируулдаг. Энэ системийг хурдны замд хэрэглэхэд тохиромжтой бөгөөд цуваанд орж автомат жолоодлогод шилжиж, цуваанаас гарч жолооч машинаа өөрөө жолоодох боломжтой юм. Автомат жолоодлого бүхий цахилгаан автомашины хамгийн анхны загваруудыг Лондон хотын Хитроу нисэх буудалд ашиглаж эхлээд байна. 4 хүний суудалтай уг машин таксины зориулалтаар ашиглагдаж байгаа бөгөөд төмөр зам, цахилгаан соронзон орон зэрэг тусгай байгууламжууд шаардлагагүй, зөвхөн оптик навигаци бүхий зам байхад л хангалттай юм.



Дашрамд дурдахад энэ болон өмнөх бичлэгийг нэгэн уралдаанд сойсон боловч эхний шатнаас мултарч чадаагүй юм. Мултарсан нийтлэлүүдийг сонирхож байвал энд дарж уншаарай.

.

Автомашины технологийн өнөөгийн байдал

Хүний гараар бүтээгдэж улмаар дэлхийг өөрчлөхөд түлхэц болсон техникүүдийн дунд автомашин яах аргагүй эхний байруудын нэгийг эзлэдэг билээ. Хоёр зууныг дамжин бидэнтэй зэрэгцэн оршиж бидний амьдралын салшгүй хэсэг болоод байгаа автомашины технологи хэдхэн жилийн өмнөөс огцом өөрчлөлтийн босгыг даваад байна. 21-р зууны автомашинд дотоод шаталтын хөдөлгүүрийн тусламжтайгаар түлшийг шатааж ялгарсан энергийг ашиглах технологи голлож байсан. Тэгвэл шинэ зуун гарсанаар дэлхийн эдийн засгийн хямрал, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шаардлага, ойрхи дорнодын орнуудын улс төрийн ээдрээтэй байдал, нефтийн төрлийн түүхий эдийн нөөцийн төсөөлөгдөж буй хомсдолын нөлөөгөөр автомашинд шинэ төрлийн энерги үүсгэгчийг хэрэглэх шаардлага урган гарсан юм. Эрдэмтэд, судлаачид, үйлдвэрлэгч нар автомашиныг хөдөлгөхөд шаардагдах энерги үүсгэгчийн тохиромжтой бөгөөд эдийн засгийн үр ашигтай хэлбэрүүдийг эрэлхийлсний үр дүнд өнөөдөр хайбрид болон цахилгаан автомашинууд бидний ердийн хэрэглээ болоод байна.

Юуны өмнө автомашины энерги зарцуулалтын үр ашгийн тухай товч сонирхоцгооё. Автомашин хэдийгээр бидний амьдралын салшгүй хэсэг боловч өнөөдрийг хүртэл хүний гараар бүтээгдсэн машин, техникүүд дундаас хамгийн үр ашиг муутай нь мөн л энэ автомашин гэдгийг анзаарах хүн цөөхөн байх. Нефтийн төрлийн шатахуунаар ажилладаг автомашины энерги зарцуулалтын үр ашиг дөнгөж 15% орчим байна. Автомашинд түлшний шаталтаас үүсэх энергийг 100% гэж үзвэл түүний 62.4% нь зөвхөн хөдөлгүүр дээр алдагдана. Гэрэл дохио болон замын бөглөрлөөс шалтгаалан түр зогсолт хийх, хөдөлгүүрээ асаалттай орхих тохиолдолд нийт энергийн 17.2% нь ямар ч ашиггүйгээр зарцуулагддаг бол хөдөлгүүрт үүсэх хүчийг дугуйнуудад дамжуулах замд нийт энергийн 5.6% нь алдагддаг. Харин агаарын эсэргүүцэл, инерцийн болон дугуйны үрэлтийн хүчийг давах буюу автомашиныг хөдөлгөхийн тулд нийт энергийн 12.6 хувь, айкодишн, хөгжим тоглуулагч зэрэг төхөөрөмжүүдэд 2.2 % тус тус зарцуулагдаж нийт энергийн 15% хувь нь л зүй зохистойгоор ашиглагддаг байна.


Эдгээрээс түлшний шаталтын энергийг аль болох их хэмжээгээр ашиглахын тулд юуны өмнө хөдөлгүүр дээрх ашиггүй зарцуулалтын хувь хэмжээ (85%)-г бууруулах шаардлагатай нь ойлгогдоно. Дотоод шаталтын хөдөлгүүр нь автомашин болон бусад техникт өргөнөөр ашиглагддаг хамгийн түгээмэл энерги үүсгэгчүүдийн нэг боловч түүний шаталтын технологи нь халалт болон дуу чимээний хэлбэрээр их хэмжээний энергийн алдагдал үүсгэдэг, мөн хөдөлгүүрийн материалын онцлогоос халалтыг тэсвэрлэх чадвар хязгаарлагдмал байдаг нь үндсэн сөрөг тал юм. Үүнээс шалтгаалан өнөөдрийг хүртэл дотоод шаталтын хөдөлгүүрийн үр ашгийг хангалттай нэмэгдүүлж чадаагүй байгаа бөгөөд хөдөлгүүрийг хичнээн сайжруулсан ч энергийн алдагдлыг мэдэгдэхүйц бууруулах боломж хязгаарлагдмал байсан. Үүнээс гадна дотоод шаталтын хөдөлгүүр буюу шаталтын технологи нүүрсхүчлийн болон бусад хорт хийн ялгарал харьцангуй өндөр байдаг, мөн хурд, хүч авах зэрэг жолоолдогын онцлог тохиолдолд дутуу шаталт явагдаж хөдөлгүүрийн үр ашгийг бууруулдаг. Харин автомашинд хайбрид болон цахилгаан тэжээл ашигласнаар дотоод шаталтын хөдөлгүүрийн дутагдлуудыг арилгаж үр ашгийг хэд дахин нэмэгдүүлэх боломж бүрджээ.

Хайбрид гэдэг нь техникт хосломол, хослосон гэсэн утга санааг илэрхийлдэг. Иймд энергийн хоёр өөр төрлийн эх үүсвэрийг хослуулан ашиглах техникийг хайбрид буюу хосломол хөдөлгүүрт хэмээн нэрлэж болох юм. Хайбрид автомашинд түлшний энергийг бүрэн дүүрэн ашиглах, хөдөлгүүрийн үр ашгийг өндөр хэмжээнд барих зорилгоор шатахуунт хөдөлгүүртэй хамт цахилгаан хөдөлгүүр болон цахилгаан энерги хуримтлуулах батерейг маш ухаалгаар хослуулан хэрэглэж чадсанаар уламжлалт шатахуунт хөдөлгүүр бүхий автомашины дээр дурдсан дутагдалуудыг арилгаж чаджээ. Судалгаагаар хайбрид машиныг уламжлалт машинтай харьцуулахад түлшний зарцуулалт 50-60%, хүлэмжийн хийн ялгарал дунджаар 40% хүртэл хувиар тус тус бага байдаг байна. Цахилгаан хөдөлгүүр нь батерейд хуримтлагдсан цахилгаан энергээр ажиллаж ихэнх тохиолдолд машиныг хөдөлгөхөд дангаараа ашиглагдана. Харин дотоод шаталтын хөдөлгүүрээр үүсгэгдэх энерги нь батерейг цэнэглэхэд зарцуулагдах бөгөөд автомашинд хурд, хүч шаардагдсан үед цахилгаан хөдөлгүүрийг дэмжих хэлбэрээр зарцуулагдана. Батерей бүрэн цэнэглэгдсэн, харьцангуй тогтворжсон буюу бага хурдтай үед шатахуунт хөдөлгүүр зогсолтын байдалд байдаг.

Тэгвэл цахилгаан автомашинд батерейд хуримтлагдсан цахилгаан энергийн тусламжтайгаар цахилгаан хөдөлгүүрээр автомашиныг хөдөлгөх учир үр ашиг муутай шаталтын технологиос бүрэн татгалзаж чадсан юм. Нөгөө талаас дугуйг эргүүлэхэд шаардагдах эргэлтийн хүч үүсгэхэд цахилгаан хөдөлгүүр ашигласнаар энергийн хэмжээг хэрэглээний байдалтай уялдуулан хамгийн үр ашигтай хэлбэрээр тохируулах боломж бүрдэж үр ашгийг хангалттай нэмэгдүүлжээ. Хайбрид автомашинууд уламжлалт автомашинтай адил хурд хүчний үзүүлэлтүүдийг хадгалж чаддаг бол батерейн жин болон энергийн багтаамжаас үүдэн цахилгаан автомашины үзүүлтүүд хангалттай хэмжээнд хүрч чадаагүй байна. Одоогийн байдлаар ихэнх цахилгаан машин нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 150 орчим км зайг туулах чадвартай байгаа юм. Хайбрид болон цахилгаан автомашинд ашиглагдах өөр нэгэн дэвшилттэй технологи нь тоормозны сэргээгдэх систем юм. Энэ систем нь тоормозлох үед үүсэх үрэлтийн хүчийг соронзон орны тусламжтайгаар цахилгаан энергид хувиргаж батерейг цэнэглэхэд ашигладаг. Үүний үр дүнд тоормосны систем дэх энергийн алдагдлыг үндсэндээ арилгаж чадсан юм. Cэргээгдэх тоормоз ашигласнаар түлшний зарцуулалтыг дунджаар 20% хүртэл хэмжээгээр бууруулдаг. Автомашины хөдөлгүүрт үүсгэсэн энергийн үр ашигтай зарцуулалтын хэмжээ ердийн дотоод шаталтат хөдөлгүүр бүхий автомашинд дээрд дурдсанаар 15% байдаг бол хайбрид машинд 30%, туршилтын шатанд байгаа сүүлийн үеийн зарим цахилгаан машинд 60%-д тус тус хүрээд байна.


Хайбрид төрлийн автомашин цоо шинэ зүйл биш бөгөөд цахилгаан хөдөлгүүр зохион бүтээгдэж, үйлдвэрлэлд нэвтэрч эхлэхтэй хамт, 100 жилийн өмнөөс бүтээгдэж, туршигдаж байсан байх юм. Австри-Унгарын зохион бүтээгч инженер Фердинанд Форш 1901 онд шатахуун болон цахилгаанаар ажиллах Mixte хэмээх дэлхийн анхны хайбрид машиныг зохион бүтээж байжээ. Харин анхны цахилгаан автомашиныг хэн бүтээсэн нь тодорхойгүй боловч Унгарын инженер Аниос Жедикийн 1829 онд бүтээсэн цахилгаан тэрэгний загвар зэрэг бүтээлүүд цахилгаан автомашины өвөгт тооцогддог. Тухайн үед үйлдвэрлэлийн болон хүчин чадал өндөртэй батерейн технологи байгаагүйгээс хайбрид болон цахилгаан автомашинууд түгэн дэлгэрч чадаагүй юм. Харин 1970-аад оны нефтийн хямралаас үүдэн автомашины энерги үүсгэгчийн шинэ төрлийн технологийг эрж хайсны үр дүнд
1990-ээд оноос цахилгаан болон хайбрид автомашинууд олноор үйлдвэрлэгдэн худалдаалагдаж эхлээд байна. 1990-ээд оноос японы автомашин үйлдвэрлэгч Тоёота компани орчин үеийн техник, технологийн дэвшилд үндэслэн хайбрид технологийг хөгжүүлж, 1997 оноос Tоёота Приус машиныг үйлдвэрлэн худалдаалж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар энэ төрлийн автомашины үйлдвэрлэлт болон борлуулалтаар дэлхийд тэргүүлж байна. Энэ оны 4 сарын байдлаар дэлхийн хэмжээнд нийт худалдаалагдсан хайбрид машиний 72 хувь нь Tоёота загварын автомашинууд байгаа бол зөвхөн Приус гэхэд л дангаараа 50%-г эзлэж байна. 1997 оноос хойш тус компани 2.9 сая хайбрид машин борлуулаад байгаа нь одоогоор дэлхий хэмжээнд хамгийн түгээмэл хайбрид тэрэг болоод байгаа юм.


Цахилгаан автомашины хувьд нэлээд олон компани үйлдвэрлэж байгаа бол энэ оны 4 сарын байдлаар Ниссан компаний Leaf загвар 27 мянга, Мицубиши конпаний i-MiEV загвар 17 мянган ширхэг тус тус худалдаалагдаж дэлхий дээрх хамгийн түгээмэл цахилгаан автомашинд тооцогдож байна. Автомашин үйлдвэрлэгч компаниуд хайбрид автомашины судалгаа, үйлдвэрлэлийг үргэлжлүүлэн суудлын, ачааны, автобус зэрэг олон төрлийн автомашин, мотоцикл, унадаг дугуйнаас авахуулаад галт тэрэг хүртэл зохион бүтээж, үйлдвэрлэж эхлээд байна. Харин батерейн энергийн багтаамж хангалттай хэмжээнд хүрээгүй байгаагаас цахилгаан автомашинууд одоогоор ихэвчлэн зөвхөн суудлын тэргээр хязгаарлагдаж байна. Өмнө нь үйлдвэрлэгдэн худалдаалагдаж ирсэн цахилгаан автомашинууд хүч чадал, багтаамж багатай, шатахуунт хөдөлгүүр бүхий автомашинтай зүйрлэвэл ихэвчлэн 600-1000 сс хэмжээний хөдөлгүүр бүхий машинуудтай адил үзүүлэлттэй байсан юм. Тэгвэл Тоёота компани уламжлалт RAV-4 загварт тулгуурласан RAV 4 EV нь цахилгаан машиныг энэ оны эхээр худалдаалж эхлээд байна. Энэ нь нийтийн хэрэгцээнд зориулагдан их хэмжээгээр үйлдвэрлэгдэх хамгийн анхны SUV (бидний нэрлэж заншсанаар дунд оврын жийп) машин болж байгаа юм.

Автомашин үйлдвэрлэгч бусад компаниуд SUV төрлийн машины концепт загваруудыг танилцуулж байсан боловч их хэмжээгээр үйлдвэрлэгдэх тухай одоогоор хараахан зарлаагүй байгаа билээ. RAV 4 EV цахилгаан машин 2000 сс шатахуунт хөдөлгүүртэй адил хүчин чадлыг үзүүлэх боломжтой юм. Автомашин үйлдвэрлэгчдийн ойрын зорилт нь хайбрид болон цахилгаан автомашины овор хэмжээ, жинг багасгаж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж илүү олон төрлийн автомашинд нэвтрүүлэхэд чиглэж байна. Үүний тулд энергийн өндөр нягтрал бүхий батерей үйлдвэрлэх шаардлага гарч байгаа юм. Одоогоор никел-металл батерей голлон ашиглагдаж байгаа бөгөөд овор хэмжээ харьцангуй том, жин ихтэй учир машины жинг 15-20 хувь нэмэгдүүлдэг. Мөн үйлдвэрлэлийн технологийн төвөгтэй байдал нь автомашины үнийг хямдруулахад сөрөгөөр нөлөөлж байна. Харин никел-металл батерей нь 100% дахин боловсруулж ашиглах боломжтойгоороо байгальд хоргүй давуу талтай. Мөн батерейн насжилт 8-10 жилийн хугацаатай бөгөөд загваруудын онцлогоос хамааран суурилагдсан батерейг машины нийт гүйлт 160-240 мянган км хүртэл солих шаардлагагүй юм. Сүүлийн үед өндөр нягтрал бүхий лити ионы болон бусад төрлийн батерейн судалгаа эрчимтэй хийгдэж, тэдгээрийн зарим ололтуудыг сүүлийн үеийн загваруудад ашиглаж эхлээд байна. Мөн өнгөрсөн онд лити ионы батерейг түргэн цэнэглэх технологи бий болж 5 минутад батерейн 90%-г, 10 минутад 100% тус тус цэнэглэх боломжтой болов.


Монголчуудын хувьд сонирхолтой байж болох нэг асуудал нь цаг агаарын хүйтэн нөxцөлд шинэ төрлийн автомашинууд хэр тохиромжтой байх асуудал юм. Үйлдвэрлэгчид цахилгаан болон хайбрид автомашиныг уламжлалт машинтай адил нөхцөлд ашиглах бүрэн боломжтой хэмээн нотлож байгаа боловч хэт хүйтэн нөхцөлд батерей тэсвэр муутай гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Жишээлбэл Аляскад -56 градусын хүйтэн нөхцөлд ажиллуулж туршсан Приус машины батерэй хөлдөж ажиллагаагүй болж байжээ. Гэхдээ хэт хүйтэн нөхцөлд шатахуунт хөдөлгүүрийг харьцангуй удаан хугацаагаар ажиллуулах, нэмэлт халаагч суурилуулах зэргээр батерей орчмын температурыг шаардлагат хэмжээнд барьж дээрх хүндрэлээс зайлсхийх боломжтой юм. Сүүлийн үед цахилгаан болон хайбрид машины дэвшилттэй талуудыг нэгтгэн, цахилгаан төхөөрөмжөөс цэнэглэх боломж бүхий plug-in hybrid (PHEV) технологи бүхий автомашинууд үйлдвэрлэгдэж байна. Тоёота компани гэр ахуйн цахилгаан сүлжээнд залгаж цэнэглэх боломжтой plug-in Приус машиныг үйлдвэрлэн худалдаанд гаргаад байна. Одоогийн байдлаар хайбрид автомашины шатахуун зарцуулалтын хамгийн хэмнэлттэй үзүүлэлт нь 1л шатахуунаар 30-38км зайг туулж байгаа бол шинэ plug-in Приусын хувьд бараг 3 дахин буюу 57 км хүртэл нэмэгдүүлж чадсан байна. Энэ нь Япон улсын автозамын нөхцөлд, шатахуун болон цахилгааны нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 1400 км зайг туулах боломжтой болно гэсэн үг юм.


Дашрамд дурдахад энэ болон дараах бичлэгийг нэгэн уралдаанд сойсон боловч эхний шатнаас мултарч чадаагүй юм. Мултарсан нийтлэлүүдийг сонирхож байвал энд дарж уншаарай.

.

Фэйсбүүк 8 жилийн дотор "үзэгдэхээ болино"

Интернетийн компаниудаас түүхэнд хамгийн их хэмжээний хувьцаа гаргасан Фэйсбүүкийн хувьцааны ханшны уналт үргэлжилсээр байна. Тодруулбал хувьцаа гаргаснаас хойших арилжаа хийгдсэн 12 өдрийн 8-д нь ханш унасан үзүүлэлттэй гарчээ. Өнгөрөгч даваа гаригт гэхэд л нэгж хувьцаа 26 доллараар үнэлэгдэж анхны ханшнаас 30%-иар буурав. Энэ хугацаанд хөрөнгө оруулагчдын хүлээсэн нийт алдагдлын хэмжээ 4.6 тэрбум долларт хүрээд байна. Bernstein судалгааны төвийн шинжээч Kirjner Фэйсбүүкийн хувьцааны ханшийг ирэх 12 сарын хугацаанд 25 доллар хүртлээ унана гэсэн төлөвийг өмнө нь гаргаж байсан юм.

Үүнээс гадна энэ оны эхний улирлын байдлаар Фэйсбүүкийн нийт ашгийн өсөлтийн хэмжээ сүүлийн 2 жилийн хугацаанд анх удаа буурсан байна. Өнгөрөгч 2011 онд улирал тутам ашгийн хэмжээ өсч оны эцсээр нийт ашгийн өсөлтийн үзүүлэлт 45%-д хүрч байсан бол 2012 оны 1-р улиралд 1.06 тэрбум доллар буюу өмнөх улирлын дүнгээс 6 хувийн бууралттай гарлаа. GreenCrest Capital компаний шинжээч Anupam Palit нар ашгийн энэхүү бууралтыг тооцоолж байснаас илүү хурдан болж байна гэжээ.

Мөн 2011 оны сүүлээс Фэйсбүүкт шинээр бүртгүүлэх хэрэглэгчдийн тоо буурч эхэлсэн юм. Мөн оны сүүлийн сард гэхэд л дөнгөж 45 сая хэрэглэгч шинээр элссэн нь 2009 оноос хойших хамгийн бага үзүүлэлт бөгөөд судлаачид үүнийг түгшүүрийн харанга дэлдэж байгаатай адилтгаж байна. Ялангуяа Европ, Азид, тэр дундаа интернетийн томоохон зах зээл болох Энэтхэг, Япон, Солонгос улсуудад шинэ хэрэглэгчдийн тоо эрс буурч байгаа нь нийгмийн сүлжээний зах зээл ханаж байгаагийн илрэл ч байж магадгүй юм.

Тэгвэл хөрөнгийн зах зээлийн тэргүүлэх зэргийн шинжээчдийн нэг Фэйсбүүкийн ирээдүйг 5-8 жилээр хязгаарлагдана гэж үзэж байна. Ironfire Capital компаний шинжээч Eric Jackson Фэйсбүүкийг 8 жилийн дотор Yahoo-тай адил "үзэгдэхээ болино" хэмээн мэдэгдэв. Yahoo компани одоо ч ашигтай ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ одоогоор нийт 13 мянган ажилчинтай байгаа нь 2000 оны үзүүлэлттэй харьцуулахад дөнгөж 10%-д хүрэхтэй үгүйтэй байгаа юм. Энэ нь тоон болон хийсвэр утгаараа тус компанийг "алга болсон"-той зүйрлэхэд хүргэнэ.

Eric Jackson технологийн зах зээлийг суурин интернет, нийгмийн сүлжээ, хөдөлгөөнт интернет гэсэн хөгжлийн үе шатуудад хувааж, тэдгээрийн аль нэгэнд давамгайлсан компани дараагийн шинэ үед, шинэ өрсөлдөөнд ялах боломжгүй гэж үзэж байна. Аль нэгэн үед амжилт олсон нь дараагийн үед мөн адил амжилттай байхын баталгаа биш юм. Суурин интернетийн үе шатанд Yahoo ноёрхож байсан бол нийгмийн сүлжээний үед Фэйсбүүк зах зээлийг тэргүүлж байна.

Фэйсбүүк технологийн дараагийн үе болох хөдөлгөөнт интернетийн шатанд амжилт олохыг хичээж олон төрлийн шинэ апликэшн гаргасаар байгаа билээ. Гэхдээ тэдний хувьд шинэ зах зээлд өрсөлдөхөд улам л хэцүү байх болно. Өнөөдөр Google нийгмийн сүлжээний зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхийг оролдож байгаа боловч хүссэн үр дүнд хүрч чадахгүй байна. Үүнтэй төстэй ирээдүй Фэйсбүүкийг ч бас тойрон гарахгүй гэж Eric Jackson үзэж байгаа ажээ.


эх сурвалж, physorg, mailonline & mailonline

Хүний хувьсал ба бөөсний судалгаа

Дэлхий дээр амьдрал үүссэнээс хойш ойролцоогоор 4 тэрбум жилийн дараа хүнтэй төстэй анхны амьтад үзэгдэж эхэлсэн гэдэг. Хүн төрөлтөн эртний өвгөөсөө ойролцоогоор 10 сая жилийн өмнө салбарлажээ. Гэвч тэдний бүх биеэр үс бүрхэж, одоогийн хүнээс хамаагүй өөр дүр төрхтэй байв. Тэд тодорхой цаг хугацааны дараа толгой зэрэг хэдхэн хэсгийг эс тооцвол биенийхээ үснээс салж өнөөгийн төрхийг олжээ.

Үсгүй болсон хүн төрөлтөн байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалан хувцас өмсөх шаардлагатай болох нь мэдээжийн хэрэг. Гэхдээ хүний хувцас ч, үс ч ямар нэгэн ул мөр үлдээдэггүй учир яг хэзээ үснээсээ хагацаж, хувцас өмсч эхэлсэнийг тодорхойлох боломжгүй юм. Гэвч саяхнаас эдгээр ул мөрийг илрүүлэхэд төсөөлж ч байгаагүй "хамтрагчид" маань туслаж байна. Түүхийн уртад баларч арилсан ул мөрүүдийг сэргээж өгсөн амьтан бол хөөрхөн гэж хэлэхэд хэцүү, бяцхан шимэгч бөөс юм.

Бөөс бол хүн төрөлтөн үүссэн цагаас эхлэн хамт оршин байж, хамт хувьсан өөрчлөгдсөөр ирсэн амьтан юм. Хэрэв хүүхдийнх нь үснээс бөөс олдсоныг сонсвол ихэнх эцэг эхчүүд уурлаж бухимдахаа урьтал болгоно. Харин эцэг эх нь хувьсал судлаач эрдэмтэн бол арай өөрөөр хүлээж авдаг байж магадгүй юм. Манчестерийн их сургуулийн Хувьслын судалгааны хүрээлэнгийн судлаач Марк Стонкингэд хүүхдийнх нь сурч буй сургуульд толгойн бөөс илэрсэн тухай мэдээлэл ирсэн байна.

Сургуулиас ирүүлсэн материалууд толгойн бөөсний тухай маш чухал мэдээллүүдийг агуулж байв. Түүний сонирхолыг "толгойн бөөс зөвхөн толгойд л байрлаж үрждэг", "хүний цус сорохгүй бол амьдрах нөхцөлгүй" гэсэн 2 зүйл татаж багахан судалгаа хийж үзээд сонирхолтой дүгнэлтэд хүрчээ. Бөөс, хүн дөнгөж үүссэн цаг үед хамаарах нууцыг агуулж байв. Хүний үүсэл, хувьслын тухай ихэнх мэдээллийг булш, бунхануудаас илрүүлдэг. Эрдэмтэд эртний хүний араг ясыг судлаж жижигхэн биетэй, үсэрхэг амьтад хэрхэн том хэмжээний тархи бүхий хүн болон хувирсан нууцыг нээсээр ирсэн.

Гэвч араг ясыг хичнээн судалсан ч мэдэх боломжгүй асуудлууд гэж байдаг. Жишээ нь хүн яг хэзээнээс хувцас өмсч эхэлсэн бэ. Энэ асуултад хариулт өгөхөд туслах шууд нотлогоо ширхэг ч байхгүй бөгөөд байх ч боломжгүй мэт төсөөлөгдөнө. Хүн хувцас өмсч эхэлсэн хугацаа эрдэмтэдийн хувьд маш чухал бөгөөд магадгүй балар эртний хүмүүс хэзээ африк тивээс нүүдэллэн бусад тивүүдэд тархсаныг нотлоход хүргэж ч магадгүй юм.

Хувцастай холбоотой хамгийн эртний цаг үед хамаарах олдвор нь ойролцоогоор 40 мянган жилийн өмнөх ясан зүү байсан юм. Гэвч хүн түүнээс хамаагүй эрт, цаг агаарын ялгаатай нөхцөл бүхий өргөн уудам нутагт тархан суурьшсан нь эртний хүний булшны олдворуудаас нотлогддог. Биеийн үсээ гээсэн хүн төрөлтөн хүйтнээс биеэ хамгаалах зорилгоор анх хувцас өмсч эхэлжээ. Энэ цаг хугацааг тогтооход бөөс туслана. Мөн түүний туслалцаатайгаар хүний хувьслын үе шатуудад хамаарах нууцлаг мэдээллүүдийг ч тодорхойлох боломжтой юм.

Марк Стонкинг толгойн бөөснөөс гадна хувцасны бөөсийг ч бас судлажээ. Тэдгээр нь хоорондоо адил төстэй мэт харагдавч хэд хэдэн томоохон ялгаа бий. Хувцасны бөөс зөвхөн хувцас болон орны хэрэглэлд өндөглөж, үрждэг. Толгойн бөөснөөс ялгаатай нь хүнийг үхэлд ч хүргэх аюултай халдварт өвчнүүдийг тараах эрсдэлтэй. Үүнд гэдэсний хижиг, халуун хумхаа, дахидаг хижиг өвчнүүд орно. Наполёон Оростой дайтах үед хувцасны бөөснөөс үүдэлтэй хижиг өвчин дэгдэж түүний армийн маш олон цэргийн амь насыг авч одсон байдаг.

Хувцасны бөөс нь толгойн бөөстэй нэг гарал үүсэлтэй бөгөөд яг хэдийд 2 зүйлд хуваагдан салсаныг мэдэх замаар хүн хувцас өмсч эхэлсэн хугацааг тодорхойлох боломжтой юм. Өөрөөр хэлбэл хүн хувцас өмсч эхэлсэнээр бөөс амьдрах шинэ орчин бүрэлдэж, түүнд дасан зохицож, хувьсан өөрчлөгдөхөд хүргэжээ. Флоридагийн Байгалийн Түүхийн музеийн судлаач Дэвид Рийд толгойн болон хувцасны бөөс өөр өөр төрөл болон салсан цаг үеийг олохын тулд "Молекулын цаг" хэмээх генийн судалгааны аргачлалд тулгуурлан цаг хугацааны хэмжилтийг хийсэн байна.

Судалгаагаар эртний бөөс 170 мянган жилийн өмнө хоёр төрөлд хуваагдан салсан нь тодорхойлогдов. Энэ нь мөн адил цаг хугацааны үечлэлд хүн хувцас өмсч эхэлсэнийг илтгэж байгаа хэрэг юм. Тухайн үед эртний хүмүүс африк тивд байсан гэж үздэг боловч тэд аль хэдийн хувцас бүтээх технологийг эзэмшсэн байжээ. Магадгүй энэ нь бусад тивүүд рүү нүүдэллэх урьдчилсан нөхцөл болсон гэж эрдэмтэд үзэж байна.

Бөөсний судалгаа хүн хувцас өмсч эхэлсэн хугацаанаас гадна хэзээ биеийнхээ үснээс салсаныг тодорхойлох боломж олгож байгаа юм. Энэ нь хувьсал судлаач эрдэмтэдийн хувьд маш сонирхолтой сэдэв боловч өмнө нь хэн ч судлаж байгаагүй ажээ. Судалгаанд толгойн бөөснөөс дутахгүйгээр хүмүүсийн дургүйцлийг төрүүлдэг умдагний бөөс туслав. Бөөсний энэ төрөл зүйл зөвхөн хүний бэлэг эрхтний орчимд л амьдрана. Умдагны бөөс нь биедээ харьцангуй их хэмжээний үстэй байдгаараа онцлог бөгөөд толгойн болон хувцасны бөөснөөс тэс өөр төрөл зүйл юм.

Хүнээс өөр төрлийн, тухайлбал горилла сармагчний бөөстэй тун төстэй, түүний ойрын төрөлд тооцогддог. Гориллагаас хэрхэн хүний биед шилжсэн нь тодорхойгүй байдаг боловч үүрэнд нь байрлах, эсвэл махыг нь хүнсэндээ хэрэглэх үед шилжсэн хэмээх таамаглалуудыг эрдэмтэд дэвшүүлдэг. Хүн төрөлтөн биеийн үсээ гээснээс шалтгаалан толгой болон биеийн доод хэсгийн хооронд бөөсний хувьд туулж баршгүй хил хязгаар бүрэлдэн тогтжээ. Хэрэв тиймгүй бол магадгүй тэдгээр бөөснүүд толгойд ч, бэлэг эртхэн орчимд ч холилдон амьдрах учиртай юм.

Иймд умдагний бөөс хүний биед нутагших болсон цаг үеийг тодорхойлбол хүн үсээ гээсэн хугацааг ч бас мэдэх боломжтой. Дэвид Рийд хүний умдагний болон гориллагийн бөөсний ДНХ-ийн шинжилгээ хийж үзээд тэдгээр нь 3 сая жилийн өмнө хоёр төрөл зүйл болон салсан гэдгийг тогтоосон байна. Хүн мөн адил 3 сая жилийн өмнө биеийнхээ үсийг гээжээ. Өмнө нь эрдэмтэд энэ хугацааг 1 сая жилээс багагүй гэж үзэж байсан бол түүнээс ч эрт гэдэг нь тодорхой болов. Хүн үсээ гээснээр биеийнхээ арьсаар дамжуулан хөлсийг маш үр ашигтайгаар ялгаруулах болж, биеийнхээ температурын хэмжээг тохируулах боломжтой болсон юм.

Үүний үр дүнд илүү хол зайд гүйх чадварыг эзэмшин ан амьтан агнаж, их хэмжээний уургийг хүнсэндээ хэрэглэх болсоноор тархины хэмжээ томрох нөхцөл бүрджээ. Үсээ гээсэн явдал нь хүний хувьсалд маш чухал үүрэг гүйцэтгэж, орчин үеийн ухаант хүн үүсэхэд түлхэц болсон юм. Иймэрхүү байдлаар хүний хувьслийн түүхийн цагаан хуудсуудыг сэргээн бичихэд бидний хорсолт "хамтрагч" бөөс туслаж байна. Тэд бидэнд маш чухал мэдээллүүдийг дамжуулан өгч байна. Иймд бид бөөс үзвэл няцлахыг урьтал болгодгоо больсон ч буруудахгүй буй заа.


эх сурвалж, WGBN Where did we come from & NHK

Арьсны шинжилгээний апликэшн

Фүжицү компани ухаалаг утасны камерийн тусламжтайгаар нүүрний арьсны өнгийг нарийвчлан тодорхойлох чадвартай Color Frame хэмээх апликэшн бүтээсэн байна. Уг програм хангамж батга, толбо, нүх сүвийг оролцуулаад арьсны нөхцөл байдлыг хялбархан мэдэх боломжийг олгоно. Нүүрний арьс гэрэлтүүлгийн байдлаас хамааран янз бүр харагддаг бол шинэ апликэшн орчны нөxцөлөөс хамаарах гэрлийн нөлөөллийг засварлах функцийг агуулдаг байна.

Мөн утасны арын буюу үндсэн камер ашиглах учир толинд харангаа нүүрний хэсгүүдийн зургийг авах шаардлагатай юм.  Шанаа, хамрын хоёр тал, хацар, уруулын эргэн тойронд нийт 4 зураг авч "шинжилгээ" товчийг дарахад үр дүнг тоон үзүүлэлт болон дүрслэлээр харуулна. Шанааны зурагнаас батга, хамрын хоёр тал болон хацрын зурагнаас арьсны нүх сүвийг тус тус тодорхойлдог байна. Шинжилгээний өмнөх үр дүнгүүд хадгалагдах учир тэдгээрийг харьцуулах замаар гоо сайхны хэрэгслийн үйлчилгээг хялбар шалгах боломжтой юм.

Үүнээс гадна борлуулагч нар үнэгүй дээж (сэмпл)-ийг хэрэглэх үед арьсанд хэрхэн нөлөөлж байгааг богино хугацаанд үзүүлж бүтээгдэхүүнээ сурталчлах, хэрэглэгчидтэй харилцах хэрэгсэл болгон ашиглах боломжотой юм. Шинэ апликэшнийг энэ онд багтаан хэргэлэгчдэд хүргэхээр төлөвлөөд байгаа бөгөөд эхний ээлжинд зөвхөн япон эмэгтэйчүүдэд зариулан гаргахаар төлөвлөж байна. Цаашид нас, хүйс, арьсны өнгө харгалзахгүйгээр илүү олон хүний арьсны өгөгдлийг цуглуулж ямар ч хүнд хэрэглэхэд тохиромжтой хувилбарыг бүтээхэээр төлөвлөжээ.





эх сурвалж, diginfo

Манай галактик Адаг чуулганы мананцартай мөргөлдөнө

Манай галактик 4 тэрбум жилийн дараа Адаг чуулганы мананцар (Andromeda) хэмээх галактиктай мөргөлдөх болно. Бараг зуугаад жилийн өмнөөс таамаглагдсаар ирсэн энэхүү үйл явдал зайлшгүй гэдгийг НАСА-гийн эрдэмтэд тогтоож, мөргөлдөөний дүр төрхийг тодорхойлсон байна. Адаг чуулганы мананцар нь манай галактикаас хамгийн ойрхон буюу 2.5 сая гэрлийн зайд орших спирал хэлбэрийн аварга галактик юм.

Мөн манай галактик 300 тэрбум оддыг агуулдаг бол уг галактик 3 дахин олон тооны одыг агуулдаг байна. Шинжлэх ухааны хэллэгээр М31 хэмээн нэрлэгдэх уг галактик цагт 400 мянган км-ийн хурдтайгаар манай галактикийг угтан хөдлөж байгаа юм. Энэ хурд нь сар дэлхийг тойрох хурдтай тэнцэнэ. Хоёр галактикийн мөргөлдөөн 2 тэрбум жилийн хугацаанд үргэлжилж эцэстээ нэгэн том галактик болон хувирах юм.

Мөргөлдөөний үед нарны аймаг, түүний гаригууд устаж алга болохгүй бөгөөд галактийн төвөөс илүү холдож, шинэ тойрог замд шилжих юм байна. Орчлон ертөнц тэлэхийн зэрэгцээ түүний тэлэлтийн хурд нэмэгдэж байгаа нөхцөлд ойролцоо байрлах галактикууд тус тусын хар материйн гравитацын хүчний нөлөөгөөр нэг нэгэндээ татагдан мөргөлддөг байна. Гэхдээ ийм төрлийн мөргөлдөөн орчлон ертөнцийн хэмжээ өнөөгийнхөөс бага байсан өнгөрсөн үед элбэг тохиолддог байжээ.

Өмнө нь галактикийн мөргөлдөөнийг нарийвчлан судлах боломж хязгаарлагдмал байсан бол НАСА-гийн эрдэмтэд хамгийн сүүлийн үеийн хүчирхэг дурангийн тусламжтайгаар галактикийн тодорхой хэсгүүдийг 5-6 жилийн турш ажиглаж, тэдгээрийн хурдыг олон дахин давтан хэмжсэний үндсэн дээр дээрх дүгнэлтэд хүрчээ. Хоёр галактикийн мөргөлдөөн хэрхэн явагдахыг дараах бичлэгээс үзнэ үү.



Галактикууд мөргөлдөх үед, зүүн гар талынх нь манай галактик

Адаг чуулганы мананцар


эх сурвалж, mailonline