Шинэ үйлчилгээ хувийн нууцлалын асуудлыг хөндөж байна

Apple компани цаашид өөрийн бүтээсэн төхөөрөмжүүдэд Google Map-ийг ашиглахгүй гэдгээ мэдэгдэж, iOS6 системтэй хамт шинэ Maps апликэшн гаргах тухайгаа зарлалаа. Хариуд нь Google урьдынхаас илүү өндөр нарийвчлал бүхий гурван хэмжээст Google Map-ыг танилцуулаад байгаа билээ. Тэгвэл технологийн аваргуудын өрсөлдөөний сүүдэрт хувийн нууцлалын асуудал дахин хөндөгдөж байна.

Газрын зургийн эдгээр шинэ үйлчилгээнүүдэд зургийн нарийвчлалыг хэдхэн см хэмжээнд хүргэх бөгөөд энэ нь нийгмийг үргэлжийн "хяналт, цагдалт"-д хүргэж магадгүй хэмээн судлаачид анхааруулж байна. Шинэ түвшний газрын зургуудыг цэрэг, тагнуулын зорилгоор ашиглагддаг технологиор бүтээж байгаа учир таны цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг ч тодоор харуулж чадна.

Мөн таны дээгүүр зураг авах зориулалт бүхий онгоцууд шунгинан нисч байгаа гэсэн айдасгүйгээр наранд  биеэ шарахад ч хүндрэлтэй байх болно хэмээн Big Brother Watch компаний захирал Nick Pickles нарын шинжээчид сэтгэл зовниж байгаа юм. Тэд нисэх онгоцноос авсан хувийн эзэмшлийн зургийг онлайнд байрлуулахаас өмнө эздээс нь зохих зөвшөөрлийг авах ёстой гэж үзэж байна.

Google компани газрын зургийн шинэ үйлчилгээндээ зориулан зураг авалт хийх зорилгоор нисэх онгоцыг хотуудын дээгүүр аль хэдийн нисгэж эхэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэд энэ оны эцэс гэхэд нийт 300 сая оршин суугч бүхий хотуудын 3D газрын зургийг бүтээхээр төлөвлөж байна. Өмнөх үйлчилгээнүүдэд зурагт орсон хүний нүүр, машины дугаарыг бүдгэрүүлдэг боловч секс шопоос гарч буй эр, гудамжинд унтаж буй хүн мэтээр хэн болох нь илт танигдахуйц тохиолдлууд цөөнгүй гарсан.

Мөн Google Street View үйлчилгээний зураг авалт хийх үед хувийн WiFi сүлжээнээс имэйл, текст, фото зураг зэрэг мэдээллүүдийг санамсаргүйгээр татаж авах тохиолдлууд ч гарч байсан. Харин онгоцноос зураг авах үед иймэрхүү асуудал гарахгүй гэж Google-ийхэн найдаж байна. Онгоцоор 1 цагт 100 км квадрат талбайн зургийг авах бөгөөд харьцангуй их хурдтайгаар, утасгүй интернетийн дохиолол хүрэхээргүй өндөрт нисэх юм.

Тэгвэл Apple газрын зургийн шинэ үйлчилгээндээ цэрэг, тагнуулын түвшний технологийг ашиглаж байна. Тэд батлан хамгаалахын чиглэлээр зураг авах үйл ажиллагаа явуулж байсан C3 Technologie компанийг өнгөрсөн жил худалдан авсан. Өөрөөр хэлбэл Apple-ийн шинэ 3D газрын зургийг афганистанд террористуудыг илрүүлэх, пуужингийн довтолгоонд байг онилох зэрэгт ашиглагддаг технологийн тусламжтайгаар бүтээж байна.

Өндөр чадвар бүхий хос камераар тоноглогдсон онгоцууд ойролцоогоор 500 м өндөрт нисэхдээ байшин барилга, газар нутгийн зургийг боломжит бүх өнцөгөөс авч, боловсруулалтын үр дүнд гурван хэмжээст зурагт хувиргах юм. Цэрэг, тагнуулын түвшний эдгээр зургуудад хүний нүүр царай фото зургаас дутахааргүй тод гардаг. Мөн байшин барилгыг анх удаа хажуу талаас нь харуулах учир цонхоор харагдах өрөөний дотоод байдлыг ч тод буулгах чадвартай юм.

Хиймэл дагуулаас авсан зургаар бүтээдэг уламжлалт үйлчилгээнүүдэд зургийн нягтрал бага байдаг бөгөөд томруулах тохиолдолд дүрс сарниж фокусгүй харагддаг. Энэ нь зарим талаараа нууцлалын шаадлагыг хангадагаараа давуутай юм. Үүнтэй төстэйгээр шинэ газрын зурагтаа хувийн эзэмшлийн байгууламжийн зургуудийг бүдэгрүүлнэ гэж найдаж байгаа тухайгаа Америкийн электрон нууцлалын мэдээллийн төвийн мэргэжилтэн Amie Stepanovich мэдэгджээ.




эх сурвалж; mailonline

,

2 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх