
1985 оноос JVC, Хитачи, Панасоник зэрэг компаниуд соронзон туузтай VHS кассет бүхий аналог камерууд худалдаанд гаргаж эхэлсэн нь монголд орж ирж байсан анхны камерууд байжээ. Электроникийн салбарын хөгжлийн үр дүнд 1990-ээд оны эхэн үеэс "дижитал хувьсгал" эхэлж үр дүн нь бусад электрон төхөөрөмжүүдтэй адил дуу болон дүрс бичлэгийн төхөөрөмжүүдэд нэвтэрч эхэлсэн юм. Дижитал технологи нь бичлэгийн чанар илүүгээс гадна удаан хугацаанд хадгалах тохиолдолд муудаж чанараа алддаггүйгээрээ аналогиос давуу талтай юм.
Өнөөдөр туузан кассеттэй, DVD-тэй, хард дисктэй гэх мэт олон төрлийн дижитал видео камерууд худалдаалагдаж байгаа билээ. Хүмүүс видео камер худалдан авахад тавьдаг гол шаардлагуудын нэг нь бичлэгийн чанар боловч эдгээр камеруудын хувьд энэ үзүүлэлт бараг адилхан болжээ. Бичлэгийн нягтралын хувьд DVD формат 720x480, HD (High-Definition/Density) DVD, Bue-ray диск 1280x720 байдаг бол хамгийн сүүлийн үеийн AVCHD форматаар 1920x1080 байгаа юм. HD телевизор (HDTV)-ийн хэрэглээг дагаад гэрийн болон олон нийтийн хэрэгцээнд ашиглах камерийн хувьд HD үзүүлэлттэй камер байхад хангалттай гэж үзэх хүмүүс цөөнгүй байгаа бизээ.
Харин овор хэмжээ том, дуу чимээ ихтэй, бат бөх бус зэрэг шалтгааны улмаас туузан кассет бүхий видео камер үндсэндээ үйлдвэрлэлээс хасагдах хандлага ажиглагдаж байна. DVD, хатуу дисктэй болон эдгээрийг хослосон (hybrid) камерууд эргэлдэгч эд ангиудыг агуулах учир доргилт зэрэг механик үйлчлэлийн үед мөн адил төдийлөн бат бөх байж чадахгүй нь ойлгомжтой бөгөөд хэрэв диск болон DVD гэмтэх тохиолдолд бичлэгийг эргэж сэргээх боломжгүй юм. Мөн хард диск эвдрэх магадлал өндөрсдөг учир далайн түвшнээс дээш 3000м ээс илүү өндөрлөг газарт ийм төрлийн видео камеруудыг ашиглахгүй байхыг үйлдвэрлэгч нар зөвлөдөг байна.

Одоогоор флаш санах ой бүхий камеруудын гол дутагдал нь үнэ өндөр, багтаамж харьцангуй бага байгаа явдал юм. Жишээ нь 240 Гб буюу хамгийн том багтаамж бүхий хард дисктэй камер 96 цагийн бичлэг хийх боломжтой бол 64 Гб буюу хамгийн том санах ой бүхий камер 24 цагийн бичлэг хийх боломжтой байна. Гэхдээ SD карт, SSD (цул биет диск ) дискний багтаамж цаг ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа өнөө үед флашт суурилсан бага хүчин чадалтай видео камер худалдан авсан ч алзахгүй юм. Одоогоор худалдаанд гараад байгаа хамгийн том багтаамж бүхий SD кард 256Гб байгаа бөгөөд цаашид 2 Тб хэмжээнд хүрэх тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Мөн одоогоор SD карттай болон давхар дотоод диск (SSD) бүхий флашт суурилсан 2 төрлийн камерууд худалдаалагдаж байгаа юм. Иймд флаш диск ашиглах боломжтой камер худалдаж авсан ч цаашид багтаамж томтой флаш картууд гарах үед авч хэрэглэж болох юм.

