Хүн үнэхээр саранд хүрсэн үү

1969 оны 7 сарын 21-ний өдөр Апполо 11 хөлгийн нисгэгчид хүн төрөлхтний түүхэнд анх удаа саран дээр газардсан бол Аполло төслийн хүрээнд 3 жилийн хугацаанд нийт 6 удаагийн нислэгээр сансарын 12 нисгэгч саранд хүрчээ. Гэвч эдгээр үйл явдлын дүрс бичлэгүүдэд эргэлзээ төрүүлэм мөчүүд цөөнгүй дүрслэгдсэн гэх. Тухайлбал Аполло 14-ийн нисгэгч америкийн далбааг сарны хөрсөнд зоож тогтоох үед далбаа намирч харагддаг. Далбаа салхинд хийсэх мэт, тэр ч байтугай нисгэгч холдсон үед ч хэсэг хугацаанд намирч байгаа нь саран дээрх үзэгдэл гэдэгт эргэлзээ төрүүлнэ. Сар агаар мандалгүй учир дэлхийн шөнө мэт үй түмэн одод тэнгэрт үзэгдэх учиртай. Гэтэл саран дээр авсан фото зургуудын тэнгэрт ширхэг ч од дүрслэгдээгүй байдаг. Мөн сансрын нисгэгчид, бусад обьектуудын сүүдэр урт богино, өөр өөр өнцгөөр байрласан нь нарны бус зохиомол гэрэлтүүлгийн дор авсан мэт харагдана. Зүй нь алс холоос тусах нарны гэрэлд адил өндөртэй биетүүдийн сүүдэр адил урттай, өндөр өөр байлаа ч адил өнцгөөр, параллель хэлбэрээр байрлах ёстой. Мөн 14 тонн жинтэй буугч хөлөг газардах үеийн тийрэлтийн хүчний нөлөөгөөр сарны хөрсөнд том хэмжээний хонхор үүсэх ёстой мэт. Гэтэл бодит фото зурагт хөлгийг зөөлхөн байрлуулсан мэт, хөрсөнд ямар ч өөрчлөлт ороогүй байдаг.





Хүн үнэхээр саранд хүрсэн үү, эсвэл НАСА студид авсан зохиомол дүрслэлээр дэлхий дахиныг олон жилийн туршид хуурсаар ирэв үү. Сансар судлалын түүхэн үйл явдлын үнэн эсэхэд эргэлзсэн анхны ном Аполло төсөл дууссанаас хойш 4 жилийн дараа хэвлэгджээ. Номын зохиогч Бил Кэйсинг Апполло төслийн пуужин бүтээх ажилд оролцож байсан нэгэн бөгөөд америкийн сансарын технологийн боломжид үл итгэж байсан нь түүнд эргэлзээ үүсэхэд хүргэжээ. Хүйтэн дайны ид өрнөлтийн үе болох 1961 онд Зөвлөлт Холбоот Улс анх удаа сансарт хүн амжилттай нисгэж, сансар судлалын шинэ эринийг эхлүүлэв. Тэгвэл өрсөлдөгчдөө ялагдаж, тулгамдсан АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди 1960-аад ондоо багтаа саранд хүрэхээр амлажээ. Хэдийгээр Аполло төсөл аль хэдийн эхэлсэн байсан ч их хэмжээний түлшийг тогтвортой шатаах технологийг хөгжүүлж амжилгүй, дэлбэрэлтээр төгсөх пуужингийн бүтэлгүй туршилтууд удаан хугацаанд үргэлжилжээ. Ийм нөхцөлд хэдхэн жилийн дотор саранд хүрэх технологи бүтээх боломжтой гэдэгт Кэйсинг үл итгэж байв.

Түүний дүгнэснээр саранд хүрсэн үйл явдлын үед Кеннедийн сансрын төвөөс жинхэнэ пуужинг хөөргөж, дүрслэлийг дэлхий дахинд үзүүлж байжээ. Харин пуужин хөөрөхөөс өмнөхөн хөлгөөс нууцаар гарсан сансрын нисгэгчдийг баруун америкийн элсэн цөлд хүргэж, тэнд байх студид хийсэн бичлэгийг дэлхий даяар дамжуулж байсан гэжээ. НАСА юуны учир ийнхүү хуурмаг бичлэг хийх болсон талаархи өөрийн дүгнэлтэд кино найруулагч Барт Сибрел итгэлтэй байна. Түүний бодлоор Кеннеди хэдийгээр ерөнхийлөгч байсан ч эрдэмтэн байгаагүй, хүнийг сансарт 15-хан минут байлгах түвшинд байсан тухайн үеийн америкийн сансрын технологи 10-хан жилийн дотор саранд хүрэх ямар ч боломжгүй байсан гэжээ. Саранд хүрсэн үйл явдал үнэхээр хууран мэхлэлт байв уу? Дүрслэлүүд эргэлзээ төрүүлж байгаа хэдий ч бодит байдалд бидний өнгөц ойлголт алдаанд хүргэх тохиолдол олон. Нухацтай судлаж, сайтар эргэцүүлж үзвэл эргэлзээг тайлах боломжтой болов уу?

Бодит байдалд ишийг нь эргүүлэх үед далбаа вакум орчинд ч намирах хөдөлгөөн хийдэг. Энэ нь инерцийн үзэгдлийн нөлөө бөгөөд ишийг эргүүлэх хүч далбааны үзүүр хүртэл дамжих учир салхинд намирах мэт харагдах бөгөөд ишийг эргүүлэхээ больсон ч хэсэг хугацаанд ажиглагддаг. Гэхдээ дэлхийн агаарын нөхцөлтэй харьцуулахад намиралт илүү хүчтэй, илүү удаан үргэлжилдэг. Энэ нь далбааны хөдөлгөөнд саад болох агаарын эсэргүүцэл байдаггүйтэй холбоотой юм. Агаар мандалгүй саран дээр салхигүй учир далбаа намирах ёсгүй гэсэн бидний өнгөц ойлголт буруу байв. Нөгөө талаас эргэлзээ төрүүлэх дүрслэл харин ч эсрэгээр нотлогоо болж чадна. Саран дээр тогтоосон далбааны дэргэдүүр сансрын нисгэгч дэгдэн өнгөрөх үед далбаанд ямар ч хөдөлгөөн ажиглагддаггүй. Энэ нь хүний биеийн хөдөлгөөний нөлөөгөөр үүсч далбаанд нөлөөлөх агаарын хөдөлгөөн үгүйг харуулж, саран дээр байгааг баталгаажуулна.


Саран дээр авсан зурагт одод дүрслэгддэггүйн учрыг фото зураг сонирхогчид тодорхой хэлж чадна. Дэлхийн шөнийн нөхцөлд одны зураг авахын тулд камерний хөшигний хурдыг дор хаяж 10 секундээс багагүй хэмжээнд тохируулах шаардлагатай байдаг. Одны гэрэл бодит байдалд харагдаж байгаагаасаа хэт бага учир фото зураг авах үед хангалттай урт хугацаанд хангалттай хэмжээний гэрлийг камерийн линзээр нэвтрүүлэхгүй бол оддыг тод дүрслэх боломжгүй. Харин гэрэлтүүлэгтэй нөхцөлд орчны хамт сансрын нисгэгчийн зургийг авах үед хөшигний хурд хэд дахин бага байна. Энэ тохиолдолд хүн болон одны гэрлийн ялгаа хэт их тул хүн тод гарлаа ч тэнгэрт одод дүрслэгдэхгүй. Саран дээр авсан зургууд өдрийн цагаар авагдсан тул хүн болон орчинд тусам нарны гэрэл хангалттай их байна. Харин агаар мандалгүй учир сарны тэнгэр дэлхийн шөнийхтэй адил харагдана. Энэ тохиолдолд камераар харагдах дүрслэл хүний нүдээр хардагтай адил байх ёстой гэсэн бидний өнгөц ойлголт буруу байв. Мөн сансрын нисгэгчийн тод дүрслэл болон одот тэнгэрийн зургийг нэг камераар зөвхөн нэг удаагийн оролдлогоор авах боломжгүй юм.


Бодит байдалд саран дээрх сансрын нисгэгчдийн сүүдрийн урт, өнцөг гэрэлтүүлгээс хамааралгүйгээр адил байх ганцхан нөхцөл бий. Тэр нь сарны гадаргыг тэв тэгш гэж тооцох тохиолдол юм. Нэгэнт сарны гадарга тэгш бус, дов сондуултай учир түүний хэлбэрээс хамааран хүний сүүдэр тодорхой цэгээс ажиглахад янз бүр харагдана. Хэрэв хүний сүүдэр довын өгсүүр хэсэгт тусч байвал богино, уруудах хэсэгт тусч байвал урт харагдана. Мөн налуугын хэлбэрээс хамааран өөр өөр өнцгөөр харагдана. Энэ тохиолдолд сүүдэр тусах гадаргын хэлбэрийг тооцож үзэлгүйгээр ойрхон байрлах зохиомол гэрэлтүүлгийн (студийн) үеийн сүүдэр урт богино, янз бүр байна гэсэн бидний өнгөц ойлголт буруу байв.


Хөлөг болон хүний сүүдэр параллел бус харагдахын шалтгаан нь дүрслэх урлагаас авахуулаад барилга архитектурын салбарт ашиглагддаг чухал ойлголт болох дүрсний алслалтын нөлөө юм. Хэрэв эгц дээрээс нь харвал алс хол байрлах гэрлийн нөлөөгөөр үүсэх биетийн сүүдрүүд параллель байна. Харин аль нэг биетэд ойртож, хүний нүдний түвшингээс харвал алс байгаа биетийн сүүдрийн харагдах өнцөг багасч харагддаг.


Сансрын нисгэгч урт саваа хэлбэрийн илрүүлэгч төхөөрөмжийг суурилуулах үеийн дүрслэлээс сарны хөрс нэлээд хатуу болохыг мэдэж болно. Сарны хөрс солирын мөргөлдөөнөөс үүссэн тоосонцор мэт элсээр хучигдсан байдаг. Сарны гадаргад элс хуралдах тусам доорхи элсний хоорондын зайг дүүргэж, аажим хатууруулдаг. Гадаргын хэдхэн см өнгөн хэсэгт элс байх боловч түүнээс доош нягт ихтэй хатуу хөрс байрладаг. Харин дэлхийн нөхцөлд газар дорхи амьтад, шавьжны хөдөлгөөн, бороо, салхины нөлөөгөөр хөрс гүндээ хүртэл сийрэг, зөөлөн байдаг. Саран дээр хөлөг газардах үед үлээх хийн (тийрэлтийн) нөлөөгөөр хөрсний өнгөн хэсгийн элс хийсэн одож, зөвхөн хатуу хэсэг нь үлдэнэ. Энэ тохиолдолд сарны хөрсийг дэлхийнхтэй адил зөөлөн байна гэсэн бидний өнгөц ойлголт буруу байв.


Ийнхүү нухацтай судлаж, сайтар эргэцүүлж үзвэл эргэлзээг тайлах боломжтой ажээ. Гэвч худал хуурмагийг илчлэх гэсэн эсрэг талыхан түүхэн нөхцөл байдалд ч эргэлзсээр байна. Хэрэв хүн хагас зуун жилийн өмнө саран дээр очсон нь үнэн бол өдийд тэнд багагүй хэмжээний суурин байгуулсан байх ёстой. Хэрэв одоо саранд хүрч чадахгүй байгаа бол хагас зуун жилийн өмнө хэрхэн очиж чадав. НАСА үнэнг мэдэх гэсэн хүмүүсийг хуурсаар байгаа гэдэгт Бартер нарын хүмүүс итгэл төгс байна. НАСА-д үл итгэх хүмүүсийн эргэлзээ зөвхөн сараар зогссонгүй, нарны аймгийн бусад гаригууд руу тэлэн өргөжсөөр байна.

үргэлжилнэ...