iPhone 5 гомдол дагуулж эхэллээ

iPhone 5 ухаалаг утсыг технологийн түүхэн дэх хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг болно гэдгийг шинжээчид батлан хэлж байгаа билээ. Гэхдээ энэ нь түүнийг төгс зүйл гэсэн үг биш юм. Худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 5 сая ширхэг борлуулагдаад байгаа iPhone 5 утас анхны хэрэглэгчдийн дунд багагүй гомдол дагуулж байна.


Аливаа шинэ төрлийн төхөөрөмжүүдэд үйлдвэрлэлийн алдаа хэдий хэмжээтэй гарахыг урьдчилан тооцоолох боломжгүй. Нийт бүтээгдэхүүний 1% нь үйлдвэрлэлийн шатны ямар нэгэн согогтой гэж үзвэл iPhone 5 утасны хувьд 50 мянган ширхэг ийм утас хэрэглэгчдийн гар дээр очсон хэрэг болох бөгөөд энэ нь тийм ч бага тоо биш юм.

Хэрэглэгчдийн гомдол саналын цөөнгүй хувийг хамгаалалт бүхий Wi Fi сүлжээнд нэвтрэх үед сүлжээнд огт холбогдохгүй байх, холбогдсон ч хурд нь хэт удаан байгаа явдал эзлэж байна. Гэхдээ удахгүй гарах програмын шинэчлэлт (update)-ийн дараа энэ асуудал шийдэгдэнэ хэмээн Apple форумд зарим хэрэглэгчид зөвлөжээ.

Дараагийн асуудал нь утасны их биед хамаарч байна. Шинэ утасны гадаргын материал зурагдахаас маш сайн хамгаалагдсан мэт харагдах боловч дэлгэцийн ойролцоох хэсгүүдийн өнгөлгөө богино хугацаанд зурагдаж, элэгдэж байгаа талаар хэрэглэгчид гомдолложээ.

Үүнээс гадна арын LED гэрлийн тархалт өргөн байгаагаас дэлгэцийн өнцөгүүдэд цагаан гэрэл харагдаж байгаа тухай гомдол гарч байна. Батерей утсанд хангалттай нягт суурилуулагдаагүйгээс сэгсрэх үед хавирч дуугарах, мөн хэдхэн цагийн дотор цэнэгээ алдаж байгаа тухай тус тус цөөн тооны хэрэглэгчид гомдоллосон байна.

Мөн Сири хэрэглэж цаг агаарын мэдээ хүлээн авах үед хотуудын мэдээг хольж хутгах асуудал гарч байна. Тухайлбал Нью-Иорк хотын нэрээр хайлт хийх үед Тексас мужийн Нью-Иоркийн мэдээг гаргах гэх мэтээр адил нэртэй газар нутгийн мэдээллийг андууран гаргах тохиолдол олон байна.

iCloud үйлчилгээний багтаамжийн үнэгүй хэмжээ 20Гб байдаг бол энэ сарын эцсээр 5Гб болгон буурлахаар төлөвлөж байгаа нь хэрэглэгчдийн дургүйцлийг мөн адил төрүүлж байна. Энэ нь утасны мэдээллүүдийг нөөцлөн хадгалах (back up)-ад хангалттай хэмжээ юм, хэмжээг багасгаж байгаа нь үйлчилгээний хэт ачааллааас урьдчилан сэргийлж байгаа хэрэг хэмээн Apple компани мэдэгджээ.

Харин Apple-ийн газрын зургийн шинэ программ алдаа ихтэй байгаа нь гомдолын дийлэнх хэсгийг эзлэжээ. Үүнд зарим хотууд, барилга байгууламжууд газрын зурагт огт ороогүй, эсвэл нэршил зөрсөн, дүрсний ялгарал муу, зураг үүлэнд хаагдсан, муруйж гажсан зэрэг алдаанууд голлож байна.


Эдгээрээс гадна Швейцарийн үндэсний төмөр замын компани өөрийн галт тэрэгний буудлын билэг тэмдэг болсон цагны дизайныг хуулбарласан хэргээр шүүхэд гомдол гаргах тухайгаа мэдэгдлээ. 1944 онд зохион бүтээгдсэн уг дизайныг ашиглах талаар Apple компани урьдчилан ямар нэгэн зөвшөөрөл аваагүй гэж тус компаний төлөөлөгч хэлжээ.


Мөн Самсунг компани iPhone 5 утастай холбоотой хэд хэдэн патентийн эрх зөрчигдсөн асуудлаар АНУ-ын шүүхэд шинээр гомдол гаргах тухайгаа уг утсыг худалдаанд гарахтай зэрэг шахуу мэдэгдээд байгаа билээ.

эх сурвалж, mailonline болон бусад

Teledildonics

Бие биенээсээ алсад байгаа хосуудын дотно харилцааг хадгалахад технологийн дэвшлүүдийг ашиглах оролдлогууд хийгдсээр ирсэн билээ. Үүнд Skype болон FaceTime мэтийн апликэшнүүд чухал үүрэгтэй боловч илүү бодит байдлыг бий болгохыг эрмэлзсэн зүрхний цохилт дамжуулах, үнсэлтийг дууриах харилцааны төхөөрөмжийг тус тус онцолж болно. Тэгвэл энэ удаад арай өөр хэлбэр, зориулалт бүхий харилцааны систем бүтээгдэж байгаа тухай мэдээллийг хүргэж байна.

Ухаалаг утасны апликэшн програм, "хөх шүд" бүхий ухаалаг утас, нэмэлт хос төхөөрөмжөөс бүрдэх энэхүү систем хүний биеийн онцлог хэсгийн хөдөлгөөний мэдрэхүйг дамжуулах үүрэгтэй юм. Системийн нэмэлт хос төхөөрөмж нь эртний грекийн бурхадын нэрээр Зевс, Хера хэмээн тус тус нэрлэгджээ. Зевс нь цилиндр хэлбэртэй, чичиргээ мэдрэгч уутанцар бүхий төхөөрөмж юм.

Тэгвэл Хера нь мөн адил хэлбэртэй боловч олон төрлийн хурдаар хөдлөх поршин бүхий хэсгийг агуулдаг. Төхөөрөмжүүдийн хамгийн гол ид шидийг тэдгээрт байрлуулсан мэдрэгчүүдэд үзүүлдэг байна. Зевс нь түлхэлтийн хөдөлгөөнийг өндөр нарийвчлалтай мэдэрч, поршингийн түлхэлтийн хөдөлгөөнд шилжүүлэн Херад дамжуулна. Харин Хера нь түлхэлтийн хүчний улмаас хийгдэх булчингийн агшилт буюу хариу үйлдлийг Зевст дамжуулна.

Энэ үэд Зевсийн уутанцарт мөн адил агших үйлдэл хийгддэг байна. Хосууд ухаалаг утсаар нэг нэгнийхээ дүрсийг харж, дуу хоолойг сонсож, харилцан ярилцангаа LovePalz хэмээн нэрлэгдэх уг төхөөрөмжийг ашиглах боломжтой юм. Хос төхөөрөмж тус тус 49.95 доллараар үнэлэгдэж байгаа боловч одоогоор үйлдлэрлэлийн шатанд байгаа учир хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байна.







эх сурвалж, gizmag

Сүүлт одны хэлтэрхий буюу амьдрал сансараас үүдэлтэй

Цаг уурын болон орчны тохиромжтой нөхцөлүүд бүрэлдсэн үед дэлхий дээр амьдрал байгалийн жамаар үүссэн хэмээх таамаглал судалгааны хүрээнд зарим талаар батлагдсан байдаг билээ. Тэгвэл дэлхийн амьдрал үүсэхэд чухал шаардлагатай түүхий эд сансараас тээвэрлэгдэн ирсэн байж болохыг НАСА-гийн эрдэмтэд өнгөрсөн онд нээсэн юм. Зууны шилдэгүүдийн нэгт тооцогдох энэхүү нээлт хийгдэхэд сүүлт од, түүнд тулгуурласан судалгаа чухал үүрэг гүйцэтгэжээ.

Шөнийн тэнгэрт гэрлэн зурвас татуулан, хэдхэн мөчийн дотор харван одох мэт харагдах тэнгэрийн эрхэсийг бид "харваж буй од" хэмээн нэрлэдэг. Түүнийг энгийн нүдээр ажиглахад тэнгэрийн ододтой ойролцоо хэмжээтэй харагдах учир хүмүүс "од" хэмээн нэрлэсэн бизээ. Гэвч тэдгээр нь хэмжээ, бүтэц, гарал үүслийн хувьд одноос тэс өөр. "Харваж буй одод" нь үнэн чанартаа сүүлт одны хэлтэрхий юм. Дэлхийн ойролцоо нисэн өнгөрөх сүүлт одны хэлтэрхийнүүд агаар мандалд орох үедээ хурц гэрэлтэн шатаж, бидэнд "харваж байгаа од" болон харагддаг.

Сүүлт одны хэлтэрхий ямархуу хэмжээтэй байдаг бол. Түүний гэрэлтэлтийн байдлаас овор хэмжээг нь тодорхойлох боломжтой. -1.7 түвшин буюу энгийн нүдээр ажиглагдах дундаж хэмжээний гэрэлтэлт бүхий сүүлт одны хэлтэрхийн овор хэмжээг тооцоолж үзвэл 0.6 см гарна. Ийм жижиг хэмжээтэй биет юуны учир од мэт хурц гэрэлтдэг юм бол. Эрдэмтэд туршилт хийж үзэв. 6мм-ийн диаметртэй бөмбөлгийг сүүлт одны хэлтэрхий агаар мандалд орж ирэхтэй адил 5 км/с-ийн хурдаар харвахад нүд сохлом хурц гэрэл гарчээ.

Их хэмжээний гэрлийн нууц нь плазм хэмээх бодисын төлөв байдлаас үүдэлтэй юм. Асар өндөр хурдтай сүүлт одны хэлтэрхий агаар мандалд орж ирэхдээ өмнөх агаарыг огцом шахаж, түүний молекулийг плазмын төлөвт оруулсанаар хурцаар гэрэлтүүлдэг байна. Харин гэрэл нь нүдэнд үл ажиглагдам жижиг хэмжээтэйг тооцвол дэлхийн агаар мандалд хоногт сүүлт одны 20 тэрбум ширхэг хэлтэрхий орж ирдэг ч бараг бүгд 80км хүртэлх өндөрт шатаж алга болдог.

НАСА  1999 оны 2 сард Стардаст хэмээх сансарын станцыг хөөргөжээ. 7 жилийн аялалын дараа Юта мужид газардсан тус станцын капсул сүүлт одноос 100 мянгаар тоологдох дээжийг авч ирсэн юм. Тэдгээр дээжид глицин хэмээх амин хүчил агуулагдаж байгааг судлаач  Даниел Главин илрүүлжээ. Энэ нь дэлхийн амьдралын түүхий эд сансараас ирсэн байж болохыг илэрхийлэх нотлогоо болж байна. Үүсэн бий болоод удаагүй дэлхийд амьдрал үүсэхэд чухал шаардлагатай амин хүчил зэрэг органик нэгдэлүүд огт байгаагүй юм.

Халуун, хайлмаг чулуулгаас бүрдэх дэлхийн гадаргад амьдралын түүхий эд хаанаас хүрч ирэв. Ийм нөхцөлд органик нэгдэлүүд үүсэх, оршин тогтнох боломжгүй, оршин байлаа ч хормын төдийд задрах ёстой. Харин дэлхийн гадаргын орчин харьцангуй тааламжтай нөхцөлд шилжсэн үед сүүлт одны хэлтэрхийтэй хамт сансараас ирсэн амин хүчлүүд илүү нийлмэл бүтэц бүхий органик нэгдэлүүдийг үүсгэж дэлхийд амьдрал үүсэх урьдчилсан нөхцөл болжээ. Гэхдээ сүүлт одны ихэнх хэлтэрхийнүүд агаар мандалд орж ирэхдээ шатаж алга болдогийг мартаж болохгүй.

Амин хүчлүүд ч бас хамт шатах учиртай. НАСА-гийн профессор Майкл Золенский амин хүчлийг агуулах сүүлт одны хэлтэрхий газрын гадаргад бууж ирдэг эсэхийг шалгахаар шийджээ. Тэрээр сүүлт одны хэлтэрхийг барих төхөөрөмжийг нисэх онгоцонд суулгаж туршилт хийв. Онгоц 15 км-ийн өндөрт хөөрөх үед төхөөрөмжийн баригч ялтасыг агаарт гаргана. Хэрэв 80 км өндөрт шатаж дуусах учиртай сүүлт одны хэлтэрхийнүүдийг 15 км өндөрт барьж чадвал тэд газрын гадарга хүртэл бууж ирдэг гэдгийг батлана.

Туршилтаар төхөөрөмжийн ялтасанд наалдаж тогтсон тоосонцорыг шинжилж үзээд, дэлхий дээр бол байж боломгүй өндөр агууламж бүхий хүхрийг илрүүлжээ. Тоосонцрууд сүүлт одны хэлтэрхийг агуулж байв. Тэдгээрийн томоохон хэсгүүд 80 км өндөрт шатах боловч тоосонцорын хэмжээтэй жижиг хэсгүүд газрын гадаргад бууж ирдэг нь тодорхой болов. Золенский түүнээс хойш янз бүрийн аргаар сүүлт одны хэлтэрхийг цуглуулсаар байна. Үр дүнд нь газрын гадаргад бууж ирдэг хэлтэрхийнүүд хэмжээгээр жижиг, жин багатай, нийтлэг шинж чанарыг агуулж байгааг анзаарчээ.

Тоосонцорын хэмжээ 0.01 мм-ээс бага байв. Энэ нь гэрэлтэн шатах, "харваж буй од"-ноос 100 дахин бага хэмжээ юм. Жин бага байгаа нь нягт багатай, үлгэрлэвэл хөвөн мэт хөвсгөр гэсэн үг. Ийм хэмжээний тоосонцор агаар мандалд орох үед агаарын эсэргүүцлийн нөлөөгөөр хурдаа огцом алдана. Цасан ширхэгийг хичнээн хүчтэй шидлээ ч хол явдаггүйтэй адил юм. Ийм хэмжээний тоосонцор шаталгүйгээр газрын гадаргад бууж ирнэ. Түүний хэмжээ жилд 30 мянган тоннд хүрдэг байна. Энэ нь 1 квадрат м талбайд өдөр бүр тоосонцорын 1 ширхэгт унадаг гэсэн үг.

Дэлхийн амьдралын түүхий эд сансараас сүүлт одны хэлтэрхийнд тээвэрлэгдэн иржээ. 4.6 тэрбум жилийн өмнө нарны аймаг үүсэх үед, сансарын орон зайд их хэмжээний хий болон сансарын биетүүд тархаж байв. Тэдгээр нь амин хүчил мэтийн органик нэгдэлүүдийг их хэмжээгээр агуулж байв. Сансарт цацраг идэвхт туяа зэрэг өндөр энергийн нөлөөгөөр химийн урвал хялбар явагдаж, органик бодисууд амархан үүсэх боломжтой байжээ.

Органик бодисийг агуулах сансарын биетүүд нэгдэн нийлж нар болон гариг эрхэсийн үндэс суурь болжээ. Улмаар сансарын биетүүд нэг нэгэндээ татагдан нэгдсээр дэлхийг үүсгэв. Тэдгээрийн мөргөлдөөнөөс үүсэх дулааны энерги органик бодисуудыг бүрэн задлажээ. Гэвч нарны аймгийн сүүлт оддын бүст нөхцөл байдал өөр байв. Тэнд мөргөлдөөн бараг болсонгүй. Харин сансарын биетүүд мөс болон нэгдэн бөөгнөрөх болов. Түүн дотор органик бодисууд ч хөлдөлтийн байдалд түгжигдэн хадгалагдах болжээ.

Эдгээр сансарын биетүүд тодорхой траектороор нарыг тойрон эргэлдэж сүүлт однуудыг үүсгэв. Наранд ойртох үед мөсний зарим хэсэг нь хайлж органик бодисууд сүүлт одны сүүл хэсэг рүү цацагдана. Харин амьдрал үүсэх хүртэлх хугацаанд дэлхий сүүлт одны траекторыг олон дахин дайран гарсан байж таарна. Дэлхийн ойролцоо өнгөрсөн сүүлт одны хэлтэрхийнүүд ДНХ-г бүрдүүлэгч органик бодисуудыг дэлхийд авч ирж, амьдрал үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.


эх сурвалж, NHK

Япон улс эрчим хүчний бодлогоо шинэчлэн тодорхойлов

Япон улс Фүкүшима АЦС-ын ослоос үүдэн эрчим хүчний шинэ бодлогоо тодорхойлж, 2030-аад оны үеэс цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг бүрэн зогсоохоор шийдвэрлэлээ. Энэ төлөвлөгөөний хүрээнд АЦС-ын ажиллуулах хугацааг 40 жилээр хязгаарлаж байгаа учир одоо ажиллаж байгаа станцууд дурдсан хугацаанд ашиглалтаас бүрэн гарах юм. Мөн нэмж өргөтгөл хийх, шинээр АЦС барьж байгуулахгүй боловч цөмийн хаягдлыг дахин боловсруулах технологийн хөгжүүлэлтийн ажлыг үргэжлүүлэн хийхээр шийдвэрлэв.

14-ний өдрийн орой хийгдсэн хэвлэлийн бага хурал дээр "Атомын станцаас хамааралгүй нийгмийг аль болох хурдан бодит зүйл болгоно, 2030-аад оны үеэс АЦС-уудыг бүрэн зогсоохын төлөө төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ" хэмээн засгийн газрын төлөөлөгч мэдэгдлээ. Үүнд нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл голлох хувийг эзлэх төлөвтэй байна.

Нийт эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх цөмийн эрчим хүчний хэмжээг  2030 он гэхэд 0%, 15%, 20-25% болгох 3 хувилбараар, тус улсын олон нийт, засгийн газрын болон мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг хамарсан өргөн хэмжээний хэлэлцүүлгийг сүүлийн нэг жил гаруйн хугацаанд явуулсны эцэст энэхүү шийдвэрийг гаргаж байна.

Фүкүшимагийн осол нь газар хөдлөлтийн идэвхтэй бүст хамаарагддаг тус улсын АЦС-уудыг байгалийн гамшигаас найдвартай хамгаалах боломжгүй гэдгийг нотлон харуулсан юм. Мөн олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа дээрх шийдвэрт ихээхэн нөлөөлжээ. Тухайлбал сүүлийн саруудад долоо хоног бүрийн баасан гаригт ерөнхий сайдын ажлын байрны ойролцоо АЦС-ыг эсэргүүцэгчдийн цуглаан тогтмол хийгдэх болсон юм.

Гэхдээ эрчим хүч үйлдвэрлэгч компаниуд засгийн газрын шийдвэрийн эсрэг байр суурьтай байна. Тэд цөмийн эрчим хүчнээс татгалзсанаар эрчим хүчний хангамжид удаан хугацааны ноцтой доголдол үүснэ хэмээн мэдэгдэж байгаа юм. Мөн хүлэмжийн хийн ялгаруулалтыг нэмэгдүүлж, одоо ажиллаж байгаа атомын станцуудад шаардлагатай мэргэжлийн ажиллагсадыг хадгалж үлдэхэд саад болно гэжээ.

2010 оны байдлаар тус улсын эрчим хүчний үйлдвэрлэлд цөмийн эрчим хүч 26%, сэргээгдэх эрчим хүч 10%, байгалийн хий, нефтийн бүтээгдэхүүнээр ажиллах станцууд 63%-ийг тус тус эзлэж байсан юм. Мөн ирэх 20 жилийн хугацаанд цөмийн эрчим хүчний эзлэх хувийг 45%-д, сэргээгдэх эрчим хүчийг 20%-д тус тус хүргэхээр ослоос өмнө төлөвлөж байжээ.


эх сурвалж, technologyreview болон NHK

Тархи болон нугасны мэдрэлийн эсийг нөхөн сэргээнэ

Хүний биеийн эд эсүүд үүдэл эсийн ачаар нөхөн төлжих гайхалтай чадвартай байдаг боловч тархины мэдрэлийн эсүүд нэгэнт үхэжсэн тохиолдолд дахин хэзээ ч нөхөн сэргээгддэггүй гэж үздэг билээ. Тэгвэл АНУ-ын эрдэмтэд үүдэл эсийн тусламжтайгаар хүний санах ой, зан төлөвийг хариуцах тархины хэсгийн гэмтлийн дараа түүний үйл ажиллагааг үүдэл эсийн тусламжтайгаар сэргээх боломжтойг нээсэн байна.

Судлаачид тархины гэмтэл бүхий хулганы тархины дэд ховдол (subventricular zone)-ын хэсэгт ургуулсан үүдэл эсийг санах ойг хариуцсан хэсэг (hippocampus)-т суулгажээ. Үүний үр дүнд хулганы санах ой, зан төлөв, хөдөлгөөний байдал эрс сайжирсан байна. Судалгааны хүрээнд тархиндаа гэмтэл авсанаас хойш 5 хоногийн дараа үүдэл эсүүдийг хулганы тархинд суулгаж, 6 долоо хоногийн дараа эсүүд бүрэн суурилагдсан гэдгийг нотложээ.

"Тархины мэдрэлийн эсийн нөхөн сэргээгдэх чадвар алдагдах үед түүнийг сэргээхэд үүдэл эсийн эмчилгээ тохиромжтой гэдгийг илрүүлсэн боловч үр хөврөлийн болон насанд хүрэгчдийн үүдэл эсийн аль нь илүү нөлөөлдөгийг нарийвчлан судлах шаардлагатай" гэж A&M  хүрээлэнгийн туслах профессор Bharathi Hattiangady хэлсэн байна.

"Бидний судалгаа сэтгэл хөдлөлийн илэрхийлэл, суралцах чадвар, санах ой, орон зайн мэдрэмжийг удирдах тархины хэсгийн нууцыг нээх түлхүүр болж байна. Энэ хэсэгт суулгасан үүдэл эсүүд амьдрах, шилжин байрлах, хэрэв өмнө нь ой тогтоолтоо алдаж байсан бол түүнийг сэргээх чадвартай гэдгийг мэдэж авлаа" хэмээн A&M хүрээлэнгийн захирал Ashok Shetty онцолжээ.

Санах ойг хариуцсан тархины хэсэг нь алцгеймер зэрэг өвчний үед хамгийн түрүүнд гэмтдэг бол цус харвалт, хүчилтөрөгчийн дутагдал, нугасны үрэвсэл, татах өвчний зарим хэлбэрүүдийн үед ч ийм төрлийн гэмтэл элбэг тохиолддог. Тэгвэл тархины дэд ховдол нь насанд хүрсэн хүн, сармагчин болон мэрэгч амьтадын тархийг өсөн төлжиж буй мэдрэлийн эсүүдээр хангах хэсэг гэгддэг байна.

Мөн тархинаас гадна нугасны мэдрэлийн эсийн үйл ажиллагааг үүдэл эсийн тусламжтайгаар сэргээсэн тухай өгүүлэл Cell сэтгүүлд нийтлэгдсэн байна. Өмнө нь  iPS эсийн тусламжтайгаар нугасны тасарсан мэдрэлийг сэргээсэн тухай тус блогт мэдээлж байсан билээ. Хулганы нугасны мэдрэлийг мэс заслын аргаар таслаж, зориудаар саажилттай болгосон хулганы тасарсан мэдрэлийг үүдэл эсийн тусламжтайгаар нөхөн сэргээсэн байна. Уг судалгаа нугасны мэдрэл нь бүрэн таслагдсан байлаа ч ийм төрлийн өвчний эмчилгээнд үүдэл эс чухал үүрэгтэй гэдгийг нотлож байна.

Судалгааны хүрээнд үр хөврөлийн нугасны мэдрэлийн хэсгээс ялган авсан үүдэл эсийг хулганы нугасны мэдрэлийн гэмтсэн төгсгөлүүдэд суулгажээ. Хүний үүдэл эсүүд гэмтсэн хэсгийг нөхөн сэргээснээр барахгүй, эд эсийн өсөлт хөгжилт явагдах боломжгүй гэгддэг хулганы нугасны тасарсан мэдрэлийн эсүүдийн холбоос сэртэн (axon)-д холбогдсон байна. Үүдэл эсийг Neuralstem компанид үйлдвэрлэжээ.



эх сурвалж, yahoonews болон technologyreview

"Apple, iPhone 5-аас илүүг бүтээх шаардлагатай"

Утасгүй сүлжээний LTE технологийг дэмждэг iPhone5 мэтийн ухаалаг утаснууд их хэмжээгээр худалдаанд гарах нь сүлжээний холболтын төлбөрийг нэмэгдүүлж, мөн хуучин хэрэглэгчид илүү их хэмжээний контент татаж авах болсоноор оператор компаниудын ашиг орлогыг нэмэгдүүлэхэд түлхэц өгнө.

Гэвч зарим шинэ програмуудыг эс тооцвол iPhone-ийн шинэ загварт үндсэн програм хангамж болох үйлдлийн системд маш бага хэмжээний өөрчлөлт хийгдсэн нь Самсунг, Google зэрэг томоохон компаниудтай хүчтэй өрсөлдөж буй Apple компанийг цаашид технологийн аварга хэвээр байж чадна гэдэгт эргэлзэхэд хүргэнэ хэмээн шинжээчид үзэж байна.

Шинэ iPhone Apple-ийн хамгийн их амжилт олох ухаалаг утас болно хэмээн Мельбурнийн Ovum компанийн шинжээч дүгнэжээ. Гэхдээ ирэх 2 жилийн хугацаанд програм хангамжийн үндсэн платформд эрс шинэчлэлт хийж, хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцүүлэхгүй бол Apple компани Nokia болон RIM компаний өнөөгийн байр сууринд очих болно гэсэн байна.

Харин Daishin Securities компаний Kim Hue-jae "шинэ iPhone-ы сонирхол татах гол дэвшил нь LTE сүлжээг сонгосон явдал юм. Энэ нь опeрaтор компаниудад хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэхэд туслана" гэжээ. Гэвч Азийн, тухайлбал Японы зах зээлд байдал өөр байна. Японы ухаалаг утасны зах зээлийн 28.7 хувийг Apple эзлэж байна.

Мөн тус улсын хэмжээнд цар хүрээгээрээ 2 болон 3 дахь томоохон оператор компаниуд болох  KDDI, Softbank-аар дамжуулан iPhone утсыг худалдаалж байгаа билээ. Гэхдээ тэдгээр операторууд 4G сүлжээг хараахан ашиглаж эхлээгүй байна. Тэд iPhone5 утсанд тохирох LTE сүлжээг энэ намраас ашиглалтад оруулна хэмээн мэдэгдэж байсан боловч тодорхой цаг хугацааг зарлаагүй байна. iPhone5 утас Японд бусад улсуудтай адил хугацаанд худалдаалагдаж эхлэх юм.

Харин Японы үүрэн утасны зах зээлийн бараг тал хувийг эзэмшиж, энэ салбартаа тэргүүлдэг NTT DoCoMo компани LTE сүлжээг хэрэглэгчдэд аль хэдийн санал болгож эхэлсэн боловч iPhone төрлийн утсыг худалдаалдаггүй. Энэ байдал нь сүүлийн үед ази болон барууны олон оронд борлуулалтын жагсаалтыг тогтмол тэргүүлэх болсон Galaxy S III мэтийн андройд үйлдлийн систем бүхий утасны зах зээлийг ихээхэн нэмэгдүүлэх магадлалтай юм.

Apple Самсунгтай патентийн асуудлаар дэлхийн олон оронд шүүхдэлцэж байгаа бол өнгөрсөн сард АНУ-ын шүүх Самсунгаас 1 тэрбум долларын нөхөн төлбөр гаргуулах шийдвэрийг гаргасан. Мөн Apple компани Самсунг Электрониксоос нийлүүлдэг санах ойн чипний захиалгыг бусад улсын үйлдвэрлэгч нарт шилжүүлсэн тухай Wal l Street сэтгүүл энэ долоо хоногт мэдээлсэн.

Гэвч энэ нь Самсунг компанид тийм ч их хүндээр тусахгүй гэж HSBC банкны мэргэжилтнүүд үзэж байна. "Бид iPhone5 утас Самсунгийн эд анги үйлдвэрлэгч нарын бизнес болон ашиг орлогод нөлөөлөхгүй гэж найдаж байна. Apple хангамжийн сүлжээндээ өөрчлөлт оруулна гэдгийг тэд урьдчилан таамаглаж байсан" гэжээ.

Японы үүрэн утасны хэрэглэгчдийн дунд ухаалаг утасны хэрэглээ дөнгөж 22.5%-тай байгаа бол харьцангуй орлого өндөртэй хүмүүс л голлон хэрэглэж байгаа юм. Иймд ирэх жилүүдэд ухаалаг утасны хэрэглээ өсөн нэмэгдэх төлөвтэй байна. iPhone5 утас худалдаанд гарсанаар хэрэглэгчдийн дунд ухаалаг утас хэрэглэх сонирхол нэмэгдэнэ. Эдгээр нөхцөл байдал нь хагас дамжуулагч зэрэг үндсэн эд ангийн хангамжид сөргөөр нөлөөлж үйлдвэрлэлийн салбарт түр зуурын саатал үүсгэх магадлалтай хэмээх таамаглалыг IDC компаний зах зээлийн ахлах шинжээч Мичито Кимүра дэвшүүлж байна.

Гэвч iPhone5-ыг танилцуулах үед ханган нийлүүлэгч компаниудын хувьцааны ханш өссөн байна. Тухайлбал хэвлэмэл эх хавтан үйлдвэрлэгч Меико Элетрониксийн хувьцааны ханш Токиогийн хөрөнгийн бирж дээр 10.7%-иар өссөн бол Murata Manufacturing 2.85%, TDK 3.7%-ийн өсөлтийг тус тус үзүүлжээ.

Тэгвэл Solomon Investment & Securities компаний шинжээч Kang Hyun-gie "шинэ утас зах зээлийн тоглогчдод төдийлөн гүн сэтгэгдэл төрүүлээгүй байна" гэв. Түүний дүгнэснээр iPhone5 утас техник хангамж тал дээр тун хангалтгүй байлаа, харин програм хангамж нь бага зэргийн найдвар төрүүлж байгаа боловч энэ нь хөрөнгө оруулагчдыг гайхашруулахад хангалттай зүйл биш гэжээ.

Нэмэлт мэдээлэл
Бичлэгт дурдагдсан KDDI болон Softbank компани iPhone 5 утсыг худалдаалж эхлэх 9-р сарын 21-нээс эхлэн LTE сүлжээг ашиглалтад оруулах тухайгаа өнөөдөр тус тус зарласан байна. Шинэ сүлжээ эхний ээлжинд томоохон хотуудыг хамрах бол ирэх оны 3 сар гэхэд нийт хүн амын 96-100%-г хамруулах төлөвлөгөөтэй байна. Сүлжээнд холбогдох хурдны дээд хэмжээ эхний ээлжинд 75Мб/с байх бол ирэх онд 112.5Мб/с, 150 Мб/с болгон тус тус шат дараалан нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүгээр Япон улсын үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч бүх 4 оператор компани өндөр хурдны утасгүй интернетийн 4G технологид шилжиж байна.


эx сурвалж, physorg

Тархинд цус харвах өвчний тухай (эхний хэсэг)

Энэ удаад тархинд цус харвах өвчний тухай NHK телевизийн бэлтгэсэн эрүүл мэндийн нэвтрүүлгийн цуврал дугаарын агуулгыг хүргэж байна. Үүнд тархинд цус харвах өвчний шинж тэмдэг, түүний төрлүүд, Япон улсад хийгдэж байгаа хамгийн сүүлийн үеийн эмчилгээний аргууд, цус харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээний талаар нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөөнүүд голлоно. Хэдийгээр манайд ийм төрлийн эмчилгээний технологи хангалттай хөгжөөгүй, адил төрлийн эмчилгээг шууд хийх боломж хараахан бүрдээгүй байгаа боловч энэ өвчний талаар сонирхож буй хүмүүст мэдээлэл өгөхийг зорив.  

Тархинд цус харвах өвчний шинж тэмдэгүүд

Энэ өвчний үед янз бүрийн шинж тэмдэг илрэх боловч тэдгээрээс хамгийн түгээмэл, голлох 5-ыг авч үзэхэд хангалттай юм. Тархинд цус харвах өвчний шинж тэмдэгийг аль болох богино хугацаанд анзаарах нь эмчилгээний үр дүнд шууд нөлөөлдөг гэдгийг эмч нар сануулж байна. 

1. Өрөөсөн гар, хөл, нүүрний тал хэсэг саажих, мэдээгүй болох.
Энэ шинж тэмдэг нь биеийн баруун, зүүн талын аль нэг хэсэгт илэрнэ. Тухайлбал 2 гараа урагш сунгахыг оролдох үед нэг гар өөрийн мэдрэлгүй унжих, эсвэл нүүрний аль нэг хагас мэдээгүй болох зэргээр илэрнэ. Эдгээр нь мэдрэлийн системтэй холбоотой бөгөөд өөрийн хүслээр хөдөлгөх боломжгүй болохоос гадна халуун, хүйтэн, хүртэх зэргийг мэдрэхгүй болно гэсэн үг юм. Шүдний эмнэлэгт мэдээ алдуулах тариа хийлгэхтэй төстэй мэдрэмж үүсдэг гэж энэ шинж тэмдэгийн талаар өвчтнүүд ярьдаг байна.

2. Хэл орооцолдох, үг хэлж чадахгүй болох, өөр хүний хэлж байгааг ойлгохгүй болох.
Хэл орооцолдох гэдэг нь амны эргэн тойрны булчингууд ажиллагаагүй болсоноос үг зөв хэлэх чадвараа алдах гэсэн үг юм. Бусдын яриаг ойлгохгүй байх, ойлгосон ч хариу хэлэх чадваргүй болох шинж тэмдэг элбэг тохиолддог байна.

3. Зогсож, эсвэл алхаж чадахгүй болох, тэнцвэрээ олоход төвөгтэй болж бие ганхах.
Тухайлбал сууж байгаад босохыг оролдох үед хэдийгээр хүч чадалтай байгаадаа итгэлтэй байх боловч тэнцвэрээ алдах, нэг тал руугаа хазайх, унах тохиолдол гардаг.

4. Өрөөсөн нүд юм харахгүй болох, юмс 2 болж харагдах, эсвэл тал, хагас харагдах.
Өрөөсөн нүдний өмнө хөшиг татаж хаасан мэт юу ч харагдахгүй болно. Телевизорын дэлгэц хагас нь харагдах нь юмс тал харагдахын нэг жишээ юм. Хоёр нүдээ нэг нэгээр аньж байгаад харвал аль ч нүдэнд юмс тал харагдана.

5. Толгой хүчтэй өвдөх.
Толгой өвдөх нь ердийн хүмүүст ч элбэг тохиолддог боловч цус харвалтын үед маш хүчтэй өвддөгөөрөө онцлогтой.

Цус харвалтын хэлбэрүүд

Цус харвалтын эхний хэлбэр нь судасны бөглөрлөөс үүдэлтэй бол дараагийн 2 хэлбэр нь цус алдалтаас үүдэлтэй юм.
1. Тархины судас хатуурах тохиолдолд зарим хэсэгтээ нарийссан байдаг. Тэр хэсэгт тромб буюу цусны бөөгнөрөл тогтож, цусны урсгалыг хааснаас уг судаснаас тэжээгдэж байсан тархины хэсэг үхжинэ. 



2. Цусны өндөр даралт зэргээс шалтгаалан судасны хана хагарч, тэр хэсэгт тархсан цус тархийг дарсанаас эд эсүүд үхжинэ.


3. Тархины салбарласан судасны төгсгөл хэсэгт цусны өндөр даралтын нөлөөгөөр судасны хана тэлж, бөмбөлөг мэт овойно. Дараа нь хагарч цус тархины гадарга дагуу тархана.


Япон улсын Зүрх судасны эмгэг судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч Тоёода Казүнори зөвлөж байна. Тэрээр цус харвалтын эмчилгээ, оношлогоогоор мэргэжсэн эмч юм. Тархи нь хүний бүх биеийг удирдах үүрэгтэй. Үүнд гар, хөлийн хөдөлгөөн, хэл, яриа, харж, сонссон зүйлсийг ойлгож, мэдэх зэрэг олон төрлийн үүрэг бүхий эрхтэн юм. Иймд цус харвалт тархины аль хэсгийг хамарсанаас шалтгаалан илрэх шинж тэмдэгүүд янз бүр байдаг.

Дээрх шинж тэмдэгүүдийн эхний 4 нь ямар ч төрлийн цус харвалтын үед илрэх бөгөөд өвдөлт бараг мэдрэгддэггүй. Иймд ихэнх тохиолдолд өвчтөнүүд тэгж байгаад зүгээр болох байх хэмээн тайвширдагаас цаг алдаж, эмчилгээний үр дүн гарахгүй болоход хүргэдэг. Харин толгой хүчтэй өвдөх нь тархины гадаргын дагуу болон хэсэгчилсэн цус алдалтын үед илэрдэг байна. Цус харвалтаас хойш 3-4 цагийн дараа тархины эсүүд үхжих учир энэ хугацаанд амжиж эмчилгээг яаралтай эхлүүлэх шаардлагатай байдаг. Энэ хугацаанд тархины эсийн цусан хангамжийг сэргээж чадвал эсүүдийн үхжил, мөн сөрөг ул мөр багатайгаар эдгэрэх магадлал өндөр байдаг байна.

Жишээ; Өвчтөн А, 50 настай, эрэгтэй. Усанд ороод гарах үед баруун гар, хөл хүндэрсэн мэт санагдаж алхаж чадахгүй болсон байна. Аяндаа зүгээр болох байх хэмээн найдан, унтаж орхисон тэрээр маргааш өглөө нь ухаан алдаж эмнэлэгт хүргэгджээ. Шинжилгээгээр судасны бөглөрлөөс үүдэлтэй цус харвалт байв. Түүний хувьд өвчний шинж тэмдэгийг төдийлөн тоогоогүйгээс эмчилгээнд ихээхэн цаг алджээ.

Цус харвалтын шинж тэмдэгүүд богино хугацаагаар илрээд дараа нь алга болох тохиолдол цөөнгүй гардаг байна (Transient Ischemic Attack). Энэ үед цусны бөөгнөрөл хэсэг хугацаанд судсыг таглах боловч дараа нь өөрөө задарч цусны урсгал сэргэх үзэгдэл юм. Цус харвалтын шинж тэмдэгүүд хэдхэн минутын дотор алга болох боловч ийм төрлийн өвчтөнүүдийн 20 %-д нь цус харвалт дахин тохиолддог байна. Иймд шинж тэмдгүүдийг эмчид хэлж өгч, тохирох эмчилгээг хийлгэх шаардлагатай.

Судас бөглөрөх буюу эхний хэлбэрийн хэлбэрийн цус харвалтын үеийн эмчилгээ

Судас бөглөрөх буюу эхний хэлбэрийн цус харвалт хамгийн элбэг бөгөөд нийт өвчтөнүүдийн 70%-д тохиолддог байна.
Жишээ; Өвчтөн Б, 50 настай, эрэгтэй. Өглөө босоод шүдээ угаах гэтэл гэв гэнэт баруун гар нь салгалж, сойзоо барьж чадахгүй болсон байна. Тэр дороо эмнэлэгт хандаж тархиных нь судас бөглөрсөн байгааг илрүүлжээ. Тэрээр цусны бөөгнөрлийг задлах эм ууж, 7 хоног эмнэлэгт хэвтээд бүрэн эдгэрсэн байна.

Энэ төрлийн цус харвалтад эмийн эмчилгээ голлож байна. Үүнд ихэвчлэн цусны бөөгнөрлийг задлах үйлчилгээтэй эм (thrombolytic drugs)-үүд хэрэглэгдэнэ. Сүүлийн үед тодорхой хугацаанд дуслаар тарих t-Pa эмийг эмчилгээнд хэрэглэж эхлээд байна. Энэ нь маш сайн үйлчилгээтэй боловч хэрэглэхэд тодорхой нөхцөлүүдийг шаарддаг. 1-р нөхцөл нь уг эмийг цус харвалтаас хойш 3 цагийн дотор хэрэглэх шаардлагатай.

Үүнээс илүү хугацаанд тархины эсийн үхжилт явагддаг, мөн цусны урсгалыг сэргээх үед судасны хана гэмтэж цус алдалт явагдах магадлал өндөр байдаг. Иймд цус харвалтын шинж тэмдэг илэрсэн үед аль болох богино хугацаанд мэргэжлийн эмнэлэгт хандах шаардлагатай юм. 2-р нөхцөл нь өмнө нь тархины цус алдалт тохиолдолж байсан өвчтөнд, 3-р нөхцөл нь хоёр долоо хоногийн дотор томоохон мэс засал хийлгэсэн өвчтөнд хэрэглэхийг тус тус хориглодог байна. Бодит байдалд t-Pa эм өвчтнүүдийн тал хувьд нь хангалттай үр дүнг үзүүлдэггүй ажээ.

Харин цус харвалтаас хойш 8 хүртэл цагийн хугацаа өнгөрсөн тохиолдолд судсан доторхи цусны бөөгнөрлийг гаргаж авах эмчилгээ хийнэ. Үүний тулд катетер ашиглах бөгөөд түүнийг гуяаны судсаар оруулдаг. Ийм төрлийн эмчилгээ судасны ханыг цоолох эрсдэлтэй учир эмчээс маш өндөр ур чадварыг шаарддаг.


Эдгээрээс гадна цусны бүлэгнэлийг сааруулах уламжлалт эм (antiplatelet, anticoagulated drug)-үүдийг хэрэглэж байна. Цус харвалт нь дахих магадлалтай байдаг учир эмийг тогтмол уух шаардлагатай байдаг. Үүнээс гадна архи, тамхины хэрэглээ зэрэг амьдралын буруу зуршилаас татгалзаж, цусны даралт ихсэх, сахарын өвчинөөс ангижирах нь цус харвалтыг дахин давтагдахаас давхар сэргийлдэг.

Эцэст нь тархинд цус харвах өвчний шинж тэмдэгийг тодорхойлох, тэдгээр нь илэрсэн үед богино хугацаанд эмнэлэгт хандахыг FAST хэмээх үгээр төлөөлүүлэн тогтоож авахыг зөвлөж байна. 
F үсэг нь face үгийг төлөөлөх бөгөөд нүүрний өрөөсөн тал мэдээгүйжих шинж тэмдэг,
A үсэг нь arm буюу гар, хөлөө хөдөлгөж чадахгүй болох,
S үсэг нь speach буюу хэл ярианы чадвараа алдах,
T үсэг нь time буюу цаг алдалгүйгээр эмчид хандахыг сануулж байгаа бол FAST гэдэг нь шинж тэмдэгийг хурдан хугацаанд илрүүлэх, мөн хурдан хугацаанд эмчид хандахыг илэрхийлнэ.

үргэлжилнэ ...

Сар биднээс алслан холдох үед (төгсгөл хэсэг)

Сар биднээс алсан холдвол (эхний хэсгийг энд дарж уншина уу) дэлхийд хэрхэн нөлөөлөх бол. Дэлхийн ирээдүйг төсөөлөхөд хэрэг болох мэдээллийг түүний өнгөрсөн түүх хэлж өгөх болно. АНУ-ын Юта мужийн Биг Коттонвүүд хавцал жил бүр хэдэн мянган цаначин ирдэг аялал жуулчлалын бүс боловч эндхийн хад чулуунд дэлхий болон сарны өнгөрсөн цаг үед хамаарах чухал нууц хадгалагдаж байгааг тэр болгон анзаардаггүй. Эдгээр чулуулаг давхарга эрт үед далайн ойролцоо үүсэн бий болжээ.


Чулуулгийг бүрдүүлэгч элс, шавар дунд далайн таталт, түрэлтийн ул мөрийг илэрхийлэх хамгийн эрт үеийн баримтуудыг агуулдаг. Чулуулгийг ажиглавал өргөн цайвар үеүүд, тэдгээрийн хооронд байрлах нарийн бараан судлуудыг ажиглаж болно. Үүнээс эрт дээр үеийн далайн таталт түрэлтийн давтамжийг мэдэж боломжтой юм. Нар болон сар нэг шугамд байрлах үед тэдгээрийн хоорондын таталцлын хүч хамгийн их хэмжээнд хүрч, далайн түрэлтээр их хэмжээний элс шавар зөөвөрлөгдөнө.

Өөрөөр хэлбэл нар, сарны татах хүч далайн усыг нэгэн зэрэг татах болно. Их түрэлт хэмээн нэрлэгдэх энэ үзэгдэл сард 2 удаа тохиож цайвар өнгийн элс, шаврыг тээвэрлэн түүний ул мөр чулуулагт зузаан цайвар үе болон тогтжээ. Бусад хугацаанд тээвэрлэгдэх элс шаврын хэмжээ бага байх учир нарийхан зурвас болон тогтоно. Энэ нь модны жилийн цагирагтай төстэй зүйл юм. Түүнийг судлаж үзээд тухайн үеийн дэлхийн эргэлт өнөөдрөөс өөр давтамжаар явагдаж байсныг тогтоожээ. Далайн түрэлтийн давтамж одоогийнхоос илүү олон байв.

Тухайн үед дэлхий илүү хурдан эргэж байсан учир хоногийн үргэлжлэх хугацаа богино, жилийн нийт хоногийн тоо илүү олон байв. 4.5 тэрбум жилийн өмнөх дэлхий одоогийнхоос 4 дахин хурдан эргэж, 1 өдрийн урт дөнгөж 6 цаг байжээ. Мөн дэлхийн эргэлтийн тэнхлэгийн налуу 10-хан хэм байв. Энэ нь сар дэлхийд илүү ойрхон байрлаж байсан, үүний улмаас дэлхий түүний татах хүчний нөлөөнд илүү автаж байсан гэсэн үг юм. Үүсэн бий болоод удаагүй сар дэлхийгээс 32 мянган км зайтай байв. Энэ нь одоогийнхоос 12 дахин бага зай юм.

Сарны татах хүчний нөлөө их, дэлхийн эргэлт хурдан байснаас үүдэн далай болон эх газрын хооронд их хэмжээний үрэлт үүсгэж байжээ. Энэ нь дэлхийн эргэлтийг аажимаар сааруулах нөлөөллийг үзүүлж байв. Олон 100 сая жил үргэлжилсэн энэ үзэгдлийн нөлөөгөөр дэлхийн эх газар хуваагдаж эхэлсэн байна. Түүнээс хойш сар дэлхийгээс аажим холдон, дэлхийн эргэлт удааширч, 6 цаг байсан хоногийн үргэлжлэх хугацаа 24 цаг болжээ. Харин одоогоос 1 тэрбум жилийн дараа дэлхийн 1 хоног 30 цаг үргэлжлэх болно.


Дэлхийн татах хүч саранд ч бас нөлөөлдэг. Үүний улмаас сард 1 удаа дэлхийг бүтэн тойрч байна. Түүний дэлхийг тойрон эргэх давтамж дэлхийн эргэлттэй давхцаж байгаа учир сар бидэнд зөвхөн нэг талаа л харуулдаг. Одоогийн сар дэлхийн татах хүчний нөлөөгөөр чанд холбогдож, хөдөлгөөнгүй тогтсон мэт төсөөлөгдөх боловч түүнд төвөөс зугтах хүч үйлчилж байна. Үүний нөлөөгөөр сар дэлхийгээс алслан холдсоор байгаа юм. Чулуулагт агуулагдах мэдээллээс сар дэлхийгээс холдох хурд цаг хугацаа өнгөрөх тусам бага багаар нэмэгдэж байгаа нь ч бас илэрдэг. 500 сая жилийн өмнө сар дэлхийгээс жилд 2 см-ээр холдож байсан бол одоо энэ хэмжээ 3.5 см-т хүрээд байна.

Сар дэлхийгээс илүү алслан холдвол дэлхийд хэрхэн нөлөөлөх бол. Одоогоор тогтвортой байгаа дэлхийн эргэлтийн тэнхлэг өөрчлөгдөх үү. Эдгээр асуултын хариуг Ангараг гариг бидэнд хэлж өгч магадгүй юм. Ангараг нь дэлхийн ихэр гэгддэг гариг. Түүнд дэлхийтэй төстэй маш олон зүйл бий. Дэлхийтэй бараг адилхан хугацаанд үүсэн бий болсон. Иймд адил төрлийн бодисуудыг агуулдаг. Ангарагийн гадаргын улаан өнгө нь дэлхийд элбэг байдаг гематит хэмээх төмрийн нэгдэлийн нөлөө юм.


Ангарагт бас дэлхийтэй адил мөс бий. 2004 онд Ангарагт буулгасан НАСА-ийн хоёр станц хэд хэдэн шинэ нээлтийг хийсэн юм. Тэдний дундаас голын гольдролтой төстэй гуу жалга олдсон нь сонирхол татдаг. Хэдийгээр ус шингэн хэлбэрээр олдоогүй байгаа боловч түүнийг байж болохыг нотлох чулуулаг (concretion)-ийг илрүүлжээ. Тэдгээр чулуулаг нь эрдэс бодисууд нягтран, хатуурсанаас үүсэх жижиг бөөрөнхий биетүүд юм. Дэлхий дээр бол ус хөрсөнд нэвтрэх үед ууссан эрдэслэг бодисууд дахин хатуурахад адил төрлийн чулуулгууд үүсдэг.

Энэ бүхнээс Ангараг дээр их хэмжээний ус байсан гэж үзэж болно. Нэгэнт ус байсан бол амьдрал үүсэх магадлал өндөр. Хэрэв Ангарагт амьдрал үүссэн бол нэгэнт цагт устаж үгүй болжээ. Нэгэн нарны аймагт хамаарч, зэрэгцээ орших энэхүү гариг дэлхийн ирээдүйн дүр төрхийг харуулж байж ч болох юм. Ангарагийн эргэлтийн тэнхлэгийн налуу 25 хэм байгаа нь дэлхийгээс арай илүү налуу байрласан гэсэн үг. Мөн тэнхлэгийн налуу тодорхой давтамжаар өөрчлөгдөх боловч дэлхийтэй харьцуулахад хэтэрхий ширүүн байдаг.

Дэлхийн эргэлтийн тэнхлэг 100 мянган жилийн өмнө 2 хэмээр өөрчлөгдсөнөөс их мөстлөг эхэлсэн гэж үздэг билээ. Тэгвэл Ангарагийн тэнхлэгийн хэлбэлзэл 60 хэмд хүрдэг. Үүнээс үүдэлтэй хэт ширүүн уур амьсгалын нөхцөлд амьдрал оршин тогтнох боломжгүй юм. Тэнхлэгийн энэхүү хэлбэлзэл нь Ангарагийн дагуулууд дэлхийн сартай адилаар түүнийг тогтворжуулж чаддаггүйтэй холбоотой. Ангарагийн 2 дагуул нь түүний ойролцоо өнгөрөх үедээ татагдан үлдсэн огторгуйн биет юм. Тэгээд ч хэт жижиг учир Ангараг гаригт үзүүлэх татах хүчний нөлөө өчүүхэн бага юм.


Нар болон Бархасбадь зэрэг гаригуудийн татах хүч дэлхийд их хэмжээгээр нөлөөлдөг бол дэлхийн сар Сугар гаригийн татах хүчийг сулруулах үйлчлэл үзүүлдэг. Үүнтэй адил нөлөөлөл үзүүлэх чадвартай дагуул Ангарагт байхгүй. Иймд ойролцоох том гаригийн нөлөөнд амархан автаж эргэлтийн тэнхлэг нь ихээхэн хэлбэлздэг байна. Ангарагийн эргэлтийн тэнхлэгийн налуу одоогийн байдлаар 25 хэм байгаа нь түр зуурын хэрэг юм. Ангарагийн хойд туйл нарны зүгт, эсвэл түүний эсрэг байрлах тохиолдол ч бий. Тэнхлэгийн хэлбэлзэл хэдэн зуун жилийн турш үргэлжилдэг.

Сар хэмээх бамбай үгүй бол дэлхий Бархасбадь хэмээх аварга гаригийн нөлөөлд автах болно. Түүний диаметр дэлхийгээс 11 дахин том, жин нь 300 дахин илүү. Тэр хэмжээгээр татах хүчний нөлөө асар их байх болно. Дэлхийн тэнхлэг одоогийн Ангараг гаригийн адил ихээхэн хэлбэлзэж, цаг уурт эргэшгүй өөрчлөлт гарах болно. Далайн усны гадарга Ангарагт байдаггүй дэлхийн соронзон орны нөлөөнд орж шинээр хэлбэржин тогтоно. Үүнээс шалтгаалан зарим хэсэгт далайн түвшин 100 м-ээс илүү нэмэгдэж, олон хот сүйрлийн аюулд өртөнө. Төсөөлөхөд ч бэрх цаг агаарын өөрчлөлт дэлхийг там болгон хувиргана.

Эрдэмтэд 1,5 тэрбум жилийн дараах дэлхийн эргэлтийн дүр төрхийг компьютерийн симуляцийн тусламжтайгаар судалжээ. Үр дүн нь аймшигтай байв. Эргэлтийн тэнхлэг 0-90 хэмийн хооронд хэлбэлзэнэ. Тухайн үед сар дэлхийн хоорондын зай одоогийнхоос дөнгөж 10% нэмэгдэнэ. 1.54 тэрбум жилийн дараа дэлхий Бархасбадь гаригийн нөлөөнд орно. Эргэлтийн тэнхлэг болон нарыг тойрон эргэх траекторын хавтгай давхцах үед хойд, өмнөд туйлын мөсөн давхарга нарны хурц гэрлийн нөлөөнд орж хайлна. Эх газрын ихэнх хэсэг мөсөөр хучигдаж, европ тив элсэн цөл болон хувирна.


Хойд америкт хүчтэй аадар орж ихэнх амьтад амиа алдана. Бразилийн нийслэлд хагас жилийн турш нар үзэгдэхээ больж, тэсгим хүйтэн өвөл үргэлжилнэ. Далайн түвшин огцом нэмэгдэж эргийн хотууд усанд автана. Тэнхлэгийн хэлбэлзэл урьдчилан тааварлах боломжгүй, тогтворгүй хэлбэрээр үргэлжлэн явагдана. Хэдхэн 100 жилийн дотор цаг уур огцом өөрчлөгдөж, улирлууд эсрэгээрээ солигдоно. Мөстлөг болж байсан газар нутагт аагим халуун шатах болно. Энэ бүхний эцэст дэлхийн амьдрал устаж үгүй болно.

Сар биднээс бага багаар алслан холдсоор байна. Холдох тусам дэлхийд үзүүлэх түүний нөлөө суларсаар байх болно. Гэвч бид сарнаас бүрмөсөн хагацахаас хамаагүй өмнө дэлхийн төгсгөл жинхэнэ утгаараа ирэх болно. Үүнийг гардан гүйцэтгэгч нь өнөөдрийг хүртэл амьдралыг тэтгэсээр ирсэн Нар байх болно. 5 тэрбум жилийн дараа хөгширч, устөрөгчийн түлшээ шатааж дуусгасан Нар тэлж эхлэнэ. Тэлж буй Нар дэлхийг оролцуулаад ойролцоох гаригуудаа нэг нэгээр нь залгина.


Нарны нөлөөгөөр эхлээд сар, дараа нь дэлхий задарч, үүсэн бий болохынхоо өмнөх төрхийг олох болно. Эцэст нь Нарны нас дуусах цагт нарны аймаг ч бас төгсгөлөө угтах болно. Ямар гээчийн аймшигт хувь тавилан бэ. Гэхдээ энэ бүхэн 5 тэрбум жилийн дараа болох үйл явдал юм. Одоохондоо дэлхий маань сарны ачаар тогтворжиж, амьд амьтан, амьдралыг хамгаалсаар байна. Тэгэхээр сарандаа зөвхөн талархалаа илэрхийлцгээе.

эх сурвалж, earth without Moon 2010 болон NHK

Урт наслах нууцыг сохор номингоос эрж хайна

Энэхүү нүцгэн сохор номин хүнийг 200 наслуулах нууцыг хадгалж байна. Яагаад гэвэл түүний дундаж нас 30 бөгөөд өөрийн ойрын төрөл зүйлүүд дундаас даруй 10 дахин урт насладаг юм. Гэхдээ бие махбод нь хэзээ ч өтөлж хөгширдөггүй, насан эцэслэтлээ эд эсүүд нь шинэчлэгдэж, залуу бие галбир болон тархины чадавхиа хадгалсаар байдаг. Оксфордийн их сургуулийн эрдэмтэд энэ мэрэгч амьтны генийн мэдээлэл хүмүүст илүү урт удаан амьдрах боломжийг олгоно гэж найдаж байна.

Хулгана болон сохор номингийн төрлийн амьтадын генийн 93%-нь хүнтэй адил байдаг. "Одоогийн байдлаар 80-90-ийн хооронд хэлбэлзэж байгаа ч хүний наслалтад тогтсон хязгаар байхгүй" гэж тус сургуулийн профессор Jonathan Flint, The Sun сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Хэрэв бид хүний биологийн нууцыг таниж мэдвэл 200 хүртэл наслах боломжтой хэмээгдэх онолыг бодит байдал болгох боломжтой.

Сохор номингийн зарим онцлог чадварууд эрдэмтэдийг гайхашруулдаг. Хүйтэн цуст амьтадаас гадна тэдний бие ч бас хорт хавдарыг эсэргүүцэх онцгой чадвартай. Тэд хортой ургамлуудыг ч идэж чадна. Мөн хэт халууныг ч тэсвэрлэх чадвартай. Цорын ганц дутагдал нь ихэнх хугацааг газар дор өнгөрүүлэх учир нүдний хараа нь маш муу. Өнгөрсөн жил Ливерпулийн их сургуулийн эрдэмтэд сохор номингийн генийн бүтцийг тайлсан байна.

Үүнд тулгуурлан цаашид хийгдэх эрдэмтэдийн судалгаа түүний амьдрах чадварын нууцыг тайлна гэдэгт найдаж байгаа юм. Тус сургуулийн проффессор Joao Magalhaes "бидний судалгаа хорт хавдарыг оролцуулаад өвчин эсэргүүцэх чадвараар энэ төрлийн сохор номин бусад төрөл зүйлүүдээс яагаад ийм өндөр байдгийг ч бас хамрах болно" гэжээ. Эрдэмтэд эхний ээлжинд хөгшрөлтөөс үүдэх өвчлөлүүдээс сэргийлэх чадварыг нь танин мэдэхийг зорьж байна.



эх сурвалж, mailonline

"Hulk-ийн ген"-ийг нээжээ

Австралийн эрдэмтэд булчингийн өсөлт, хөгжилтөд нөлөөлөх генийг илрүүлсэн байна. "Hulk-ийн ген" хэмээн нэрлэгдэх уг ген хүнд хүчир дасгал сургуулилт хийлгүйгээр овойж, товойсон булчинлаг биетэй болох хялбар арга замыг нээхэд туслах юм. Сиднейн анагаахын хүрээлэнгийн Lowenna J. Holt-ын удирдсан эрдэмтэд 2 хэсэг хулганыг хамруулан харьцуулсан судалгаа хийжээ.

Эхний бүлэг хулганы Grb10 генийн ажиллагааг бүрэн саармагжуулсан бол дараагийн бүлэгт генийн ямар нэгэн өөрчлөлт хийгээгүй байна. Grb10 генийн ажиллагааг зогсоосноор ердийн хулганаас илүү хүч чадалтай, булчинлаг хулганыг төрүүлж чаджээ. Эх хулганы хэвлийд байгаа үр хөврөлийн өсөлтийн шатанд булчингийн хөгжил илүү эрчимтэй явагдаж байсан байна.

Энэ судалгаа турах гэх мэтийн нэмэлт үйл ажиллагаа шаардалгүйгээр, мөн ямар нэгэн сөрөг нөлөөгүйгээр булчингийн өсөлтийг нэмэгдүүлэх боломжийг нээж байна. Мөн судалгааны үр дүн 2-р төрлийн диабет, булчингийн сулрал, булчингийн үрэвсэлээс үүсэх өвчлөлүүдээс сэргийлэх зэрэг өргөн хүрээнд чухал ач холбогдолтой болохыг FASEB  сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэлд онцолсон байна.

Гэвч тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Gerald Weissmann бялдаржуулах спортоо яаран орхихгүй байхыг анхааруулжээ. Хүнд туухай өргөж, нойр хоолоо зохицуулан, гормоны балансаа барих нь одоогоор булчинлаг болох хамгийн шалгарсан арга хэвээр байгаа хэмээн тэрээр зөвлөжээ.


эх сурвалж, dailymail

Ахуйн хүрээний хяналтын камер

Maspro компани өрөөнд байрлаж буй гэрийн тэжээмэл амьтан зэрэг хөдөлгөөнт обьектүүдийг ухаалаг утас болон компьютерийн дэлгэцээр шууд хянах боломжтой камер бүтээсэн байна. Уг камерын 110 хэмийн өргөн өнцөгийн линз нь аль нэг буланд байрлуулсан ч тухайн өрөөг бүхлээр нь хянах боломжийг олгож байна. Дүрслэлийн үзүүлэлт 1МП учир обьектийн хөдөлгөөнийг автоматаар дагаж, дижитал таталт (зүүм) хийснээр дэлгэцийн гол хэсэгт байрлуулах боломжтойгоороо адил төрлийн бусад камеруудаас давуутай юм.

Мөн хөдөлгөөн мэдрэх учир гэрийм тэжээмэл амьтадаас гадна өндөр настан, бага насны хүүхдийн хөдөлгөөнийг ч хянах боломжтой. Нэг өрөөнд хэд хэдэн хөдөлгөөнт обьект байрлаж байгаа тохиолдолд "солигдох горим"-ийг сонговол тодорхой хугацааны давтамжтайгаар нэг бүрээр ээлжлэн үзүүлнэ. Хянаж эхлэх, дуусгах үйлдэл камерийн дурангийн хаалтыг хааж, нээснээр хялбар хийгдэнэ. Хөдөлгөөнөөс гадна дуу чимээ, өрөөний температурын өөрчлөлтийг хянаж тус бүр 3 графикаар 24 цагийн мэдээллийг үзүүлэх боломжтой юм

Мөн аюул осолтой орчин, тусгайлан сонгосон байрлалын фото зургийг авч и-мэйлээр илгээнэ. Үүнээс гадна ганц бие өндөр настангуудыг хянаж, тэдний бие хөдлөхөө боливол, эсвэл 3 цаг гэх мэтээр тогтоосон хугацаанд ямар нэгэн хөдөлгөөн ажиглагдахгүй бол и-мэйлээр анхааруулага илгээх боломжтой. Мөн өөр өрөөнд байгаа эцэг эхчүүд бага насны хүүхдээ хянахад ашиглах боломжтой юм. Ирэх сараас худалдаалагдаж эхлэх энэ камер 300 доллараар үнэлэгдэж байна.






эх сурвалж, diginfo