Багц мэдээ 5; Биткойн, робот булчин, шинэ усан онгоц ...

Биткойн халдлагад өртөв үү
Биткойны арилжааны томоохон тоглогчдын нэг Токиод байрлах Эм Ти Гокс компани арилжаагаа тодорхойгүй шалтгаанаар зогсоосон байна. Тус компанийн гүйцэтгэх захирал "бид үйл ажиллагаагаа сэргээх бүхий л боломжийг эрэлхийлж байна" хэмээн мэдэгдсэн боловч харилцагчдын оруулсан хөрөнгийг буцаан олгох эсэх талаар дурдсангүй. Мэргэжилтнүүд тус компанийг кибер халдлагад өртөж, нийт 744000 биткойн буюу 330 сая долларыг хулгайд алдсан хэмээн таамаглаж байна. Мөн энэ сарын эхээр биткойны ханш 828.99 доллараас 135 доллар болж унахад ихээхэн хэмжээний алдагдал хүлээсэн юм. Нөхцөл байдлаас үүдэн Япон улсын санхүүгийн хяналтын байгууллагаас шалгалт хийж эхлээд байгаа боловч хөрөнгө оруулагчид, хувь хүмүүсийн хохирлыг барагдуулах эрхзүйн үндэслэл байхгүй байна. Энэ явдлаас үүдэн АНУ-ын холбооны прокурор биткойны арилжаанд шалгалт оруулах гэж байгаа тухай мэдэгдлээ.


Алсын удирдлагат усан онгоц бүтээнэ
Хүний шууд жолоодлогыг алсын удирдлагаар орлуулах хэрэгслүүд зөвхөн нисэх төхөөрөмжүүдээр хязгаарлагдахгүй бололтой. Ролс Ройс компани ачааны усан онгоцуудыг алсын удирдлагатай шууд бус жолоодлого бүхий хөлгүүдээр орлуулахаар төлөвлөжээ. Өнөөдөр 375 тэрбум долларын өртөг бүхий усан тээвэр дэлхийн худалдааны эргэлтийн 90%-ийг гүйцэтгэж байна. Тэгвэл хүний шууд бус жолоодлого бүхий шинэ усан онгоцууд илүү хямд, аюулгүй, орчны бохирдол багатай байх ажээ. Зохион бүтээгчид шинэ загварын усан онгоцны төслийг эхлүүлэхийн зэрэгцээ алсын удирдлагын "кибер ширээ"-г бүтээсэн байна. Усан онгоцны алсын удирдлага хөлөг дээр байрлаж, эргэн тойрон 360 хэмийг харах боломж бүхий камерт суурилсан кибер системд тулгуурлах юм. Манан, цас зэрэг зэрэг цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд хүнээс илүү харах чадвар бүхий камерууд усан тээвэрт аль хэдийн ашиглагдаж байгаа юм. Харин шинэ загварын усан онгоцууд 10 жилийн дотор далайд хөвж эхлэх төлөвтэй байна.



Кредит картыг байрлалын мэдээлэлтэй холбоно
Санхүүгийн үйлчилгээний Мастеркарт, харилцаа холбооны технологийн Синиверс компани хамтран кредит картыг зүй бусаар ашиглагдахаас сэргийлсэн нэгэн шинэ үйлчилгээ бий болгосон байна. Сонголт хэлбэрээр авч болох энэ үйлчилгээ кредит картаар хийгдэх төлбөр тооцооны үед хэрэглэгчийн ухаалаг утасны байрлалын мэдээллийг давхар шаардана. Хэрэв байрлалын мэдээлэл зөрөх тохиолдол гарвал картыг хүчингүй болгоно. Энэ нь кредит картыг хулгайлах, хуурамчаар дууриалган үйлдэх зэргээр гэмт этгээдүүдэд ашиглагдах магадлалыг эрс бууруулсан арга хэрэгсэл болох ажээ. Нөгөө талаас банк улс дамжин аялагчдад үзүүлэх үйлчилгээндээ илүү их итгэлтэй болох юм байна.


Хүнийхээс 100 дахин илүү хүчтэй булчин бүтээнэ
Эрдэмтэд хүний булчингийн ширхэгтээс 100 дахин илүү хүчтэй хиймэл утас бүтээсэн байна. Ердийн загасны уурга болон оёдолд ашиглагддаг утаснаас гаргаж авсан энэ бүтээгдэхүүн ирээдүйд терминатор мэтийн хүн хэлбэрийн хүчирхэг робот, төрөл бүрийн протезинээс авхуулаад робот өмсгөл, механик хөдөлгүүр, гидравлик систем зэрэг өргөн хүрээнд ашиглагдах боломжтой юм. Хүний гарынхтай адил урт, жин бүхий хиймэл булчингийн механик хүч хүнийхээс 100 дахин илүү байна. Энэ нь булчингийн кг бүрт 7.1 морины хүч үүсгэх бөгөөд тийрэлтэт хөдөлгүүрийн механик хүчтэй дүйцэж байгаа юм.

Хиймэл утасны хүчний нууц нь гэрэл шингээх болон химийн урвалын үр дүнд үүсэх температруын өөрчлөлтийн нөлөөнөөс үүдэлтэй хэмээн Сайэнс сэтгүүлд нийтлэсэн өгүүлэлд дурджээ. Минутад 10000 эргэлт бүхий хүнд ротороор эрчилсэн энэ хиймэл утас температур нэмэгдэхэд агшиж, буурах үед сунадаг байна. Уртын дагуух агшилт хүний булчинд 20% байдаг бол шинэ хиймэл булчинд 50%-д хүрэх ажээ. Мөн механик ачааллаас үүдэлтэй хэдэн сая агшилт суналтыг давах чадвартай юм. Судалгааг Австрали, Өмнөд Солонгос, Канад, Хятад, Туркийн эрдэмтэдийн хамтарсан баг Тексасын их сургуульд хийсэн байна.


Дулаарал түр зогссон шалтгаан
Дэлхийн агаар мандал дахь нүүрсхүчлийн болон бусад хүлэмжийн хийн агууламж 800 мянган жилийн түүхэнд хамгийн өндөр хэмжээндээ хүрээд байна. Гэхдээ сүүлийн 15 жилийн хугацаанд дэлхийн гадарга орчмын температур нэмэгдээгүй хэмээн Засгийн Газар Хоорондын Цаг Уурын байгууллагын илтгэлд дурджээ. Учир нь номхон далайн салхины нөлөөгөөр халсан усны урсгал далайн гүн лүү чиглэж, харьцангуй бага температуртай усыг далайн усны дээд хэсэгт хүргэж байгаас үүджээ. "Цаг Агаарын Өөрчлөлт" сэтгүүлд дурдсанаар экватор орчмын салхины эргэлт огцом нэмэгдсэнийг Австралийн эрдэмтэд тогтоосон байна. Энэ салхины нөлөөгөөр 2012 онд дэлхийн гадаргын температур 0.1-0.2 хэмээр буурчээ. Гэхдээ салхины нөлөө хэдхэн жилийн дараа арилж, дулаарал дахин эрчимжнэ гэдгийг компьютрийн загвар харуулж байна.



эх сурвалж; BBC, mailonline, physorg

Огторгуйн нүхнүүд

Сансар огторгуй хэмжээлшгүй, нууцлаг, аймшигтай бас гайхамшигтай. Тэнд амьд биетийг тээвэрлэж, гэв гэнэт алга болгож, эсвэл өөр хэмжээст орон зайд шилжүүлж чадах үзэгдлүүд бий гэх. Хэрэв хар нүхэнд орвол сэмэрч урагдана. Өтний нүхэнд орвол орчлонгийн тэс өөр орон зайд илгээгдэнэ. Харин цагаан нүхэнд ойртвол хүчтэй түлхэгдэн гарна. Огторгуйн эдгээр нүхнүүдийн тухай ойлголт анх Эйнштейний харьцангуйн онолоос үүдэн гарсан юм.

Галактикийн дотор олзоо хүлээн хэвтэх энэрэлгүй мангас мэт, ойртон ирсэн юуг ч болов залгиж, ор мөргүй устгах аймшигт бүс бий. Тэр бол огторгуйн хамгийн нууцлаг, эвдэн сүйтгэгч үзэгдэл болох ХАР НҮХ юм. Хар нүхний татах хүч хэт их учир гэрэл хүртэл нэг л удаа сорогдсон бол хэзээ ч эргэн гарахгүй. Мөн нэрнийхээ адил хар учир түүнийг илрүүлэхэд хүндрэлтэй. Гэхдээ сансрын биетийг сорох явцад ялгарах их хэмжээний рентген туяагаар нь таниж болoх бөгөөд эрдэмтэд олон жилийн хугацаанд хийсэн судалгааны үндсэн дээр хар нүх оршин байгааг нотлож, олноор илрүүлээд байна.


Нарнаас хэдэн арав дахин их, түүнээс илүү масстай аврага оддын мөхлийн үед тохиолдох цөмийн задралын үр дүнд хар нүх үүснэ. Насны тоо нь гүйцсэн аварга одод хүндийн хүчээ давалгүйгээр агшиж, тодорхой хэмжээнд хүрэх үед нэн шинэ одны дэлбэрэлт үүсгэдэг. Дэлбэрэлтийн аварга хүчний улмаас одыг бүрдүүлэх хий нисэн одож, үлдэх хүнд масс бүхий цөм нь хар нүх болон хувирна. Хар нүхийг 2 ангилдаг. Огторгуйд оршин буй хар нүхний ихэнхийг нарнаас 5-30 дахин их масстай, од хэлбэрийн хар нүх эзлэдэг. Ийм хар нүх Сүүн зам болон бусад галактик тус бүрт 100 сая орчим бий гэж үзэж байна.

Нөгөөх нь нарнаас хэдэн саяас хэдэн тэрбум дахин их масс бүхий аварга хар нүх юм. Ийм хар нүх Сүүн замаас авахуулаад бүхий л галактикийн төвд оршин байна. Хэдийгээр од хэлбэрийн хар нүхний адил оддын мөхлөөс үүдэлтэй боловч их тэсрэлтийн дараахан үүсч эхэлсэн нь тодорхой болсон байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам галактикийн мөргөлдөөний үед их хэмжээний хийг сорсноор аварга том болтлоо өсч томорчээ. Харин галактикийн нас уртсах тусам аварга хар нүх "хоол тэжээл"-ээр хомсдож, галактикийн дараагийн мөргөлдөөн болох хүртэл идэвхгүй байдалд шилждэг.

Хүн хар нүхэнд сорогдвол (унавал) юу болох вэ гэдэг нь бидний сонирхлыг ихээхэн татдаг. Хэрэв хүн од хэлбэрийн хар нүхэнд сорогдвол толгой, хөлд нь өөр өөр хүндийн хүч үйлчлэх учир гоймон мэт уртсана. Эцэстээ биеийнх нь атомууд ч сунаж, сэмэрч урагдсанаар төгсөх болно. Харин хэт аварга нүхэнд сорогдвол сунах процесс арай сүүлд тохионо. Хүн ийм хар нүхний ёроол (singularity)-д хүрэх хүртлээ хүндийн хүчийг мэдрэхгүй. Өөрөөр хэлбэл жингүйдэж унах явцаа ажиглах боломжтой. Харин хар нүхний ёроолд хүрсний дараа нарийсан сунаж, нийтлэг төгсгөлөө угтах болно.

Хар нүхийг илрүүлэхэд амаргүй байдаг нь түүнийг бидний хажууханд оршин байж болох магадлалыг давхар заадаг. Иймд дэлхий, нарны аймаг биднийг мэдээгүй байхад ямар нэгэн хар нүхэнд ойртож, сорогдох гэж байгаа мэт болгоомжлол үүсгэнэ. Гэхдээ хар нүхэнд ойр байрлах ихэнх одод оршин тогтнох хугацаандаа түүнийг тодорхой зайд тойрон эргэх боловч сорогддоггүй. Харин хоорондын зай нь хэт ойртвол зайлшгүй төгсгөлд хүрнэ. Эрдэмтэд хар нүхэнд сорогдох зайн хязгаарыг 160 мянгаас 16 тэрбум км хэмээн тооцоолжээ.

Одод, тоосонцор, сансрын бусад биетээс гадна хоорондоо хэт ойртсон хар нүхнүүд ч нэг нэгнээ эрхшээхээр тэмцдэг. Эхлээд нэгнийхээ татах хүчнээс хагацаж чадалгүйгээр эргэлдэн бүжиглэх мэт хөдөлгөөн хийнэ. Харин энэ үед хоорондоо аажим ойртож, улмаар нэгдэхэд хүрдэг. Хар нүхнүүд нэгдэх үед чулуу шидэхэд усны гадарга дээр үүсдэгтэй төстэй хэлбэр бүхий их хэмжээний хүндийн хүчний долгион сансарт тархдаг. Эрдэмтэд хар нүхний нэгдэл цөөнгүй тохиолддог гэж үздэг бөгөөд түүнийг илрүүлэх төхөөрөмжийг бүтээж байна. Уг төхөөрөмж хүндийн хүчний долгион дайран өнгөрөх үед дүүжлэгдсэн толинд ажиглагдах үл ялиг хөдөлгөөнийг лазераар хэмжих зарчмаар ажиллана. Мөн цаашид адил зориулалт бүхий ЛИСА (LISA ) төхөөрөмжийг сансарт хөөргөхөөр төлөвлөжээ.


Хар нүхний нэгдэл зөвхөн 2 хар нүхээр хязгаарлагдахгүй. 2007 оны 1-р сард Америк, Европын ажиглалтын хиймэл дагуул 1 тэрбум гэрлийн жилийн зайд орших 3 хар нүхийг ажиглажээ. Гэвч энэ нь бодит байдалд аварга хар нүхнүүдийн энергээр тэжээгдэн, гэрэлтэх аварга биет хэмээн төсөөлөгдөж буй квазар байв. Уг квазар дахь 3 хар нүх хэдийгээр хоорондоо 100-150 мянган гэрлийн жил буюу сүүн замын өргөнтэй бараг тэнцүү зайд байрлах боловч энэ нь тун ойрхон гэсэн үг юм. Иймд тун удахгүй нэгдэх хөдөлгөөнд орно хэмээн эрдэмтэд таамаглаж байна. 3 хар нүхний хүндийн хүчний харилцан үйлчлэлийн нөлөөгөөр нэг нь шидэгдэн одох бол үлдэх хоёр нь нэг нэгнээ тойрон эргэж, нэгдэх ажээ.

Хар нүхний хамгийн том нууц нь түүний ёроолд болж буй үзэгдэл юм. Зарим эрдэмтэд энэ нууцыг хэзээ ч тайлах боломжгүй гэж үздэг. Учир нь хар нүхэнд унасан хэн ч, юу ч эргэн гарч ирж чадахгүй. Хэрэв хар нүх маш жижиг хэмжээтэй бол харьцангуйн онол болон квант механик нэгэн зэрэг үйлчлэх боломжтой. Эрдэмтэд хар нүхний тооцоололд квант механикийг ашигласнаар зөвхөн юмсыг сордоггүй байж болохыг тогтоожээ. Гэхдээ ийм хар нүх нь од хэлбэрийн болон аварга хар нүхтэй харьцуулахад хамаагүй жижиг байх ёстой. Алдарт физикч Стивен Хокинг бичил хар нүхнээс дулаан ялгарна гэж үзжээ.

Хокингийн цацаргалт хэмээн нэрлэгдсэн уг үзэгдлийн нөлөөгөөр бичил хар нүх ууршиж алга болох ёстой. Энэ нь түүнд сорогдсон зүйлс эргэж гарч ирэхгүйгээр мөн адил алга болно хэмээн дүгнэхэд хүргэнэ. Гэтэл квант механикийн хуулиар биет ор мөргүй устах тохиолдол байх ёсгүй гэдэг нь физикийн салбарын эрдэмтдийн үзэл санааг хоёр хэсэгт хуваагдахад хүргэжээ. Эхний бүлэг эрдэмтэд Хокингд итгэж байгаа бол нөгөө хэсэг нь тооцооллыг дахиж нарийвчлан хийх ёстой гэж үзэж байна. Гэхдээ бодит байдалд хар нүхэнд сорогдсон зүйлс хаачдаг нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Тэгвэл Швеицарь улс дахь ЕЦСБ-ын Адроны Аварга Хурдасгуурын тусламжтай хийж буй орчлонгийн зүй тогтлыг тодорхойлох судалгаа бичил хар нүх үүсгэх нөхцөл бий болгож байна. Бөөмсийн мөргөлдөөнөөс үүсэх их хэмжээний энерги зарим тохиолдолд бичил хар нүхийг үүсгэх боломжтойг тогтоожээ. Үүссэн даруйдаа ууршин замхрах ёстой ийм бичил хар нүх квант ертөнц дэх хүндийн хүчийг илрүүлэхэд туслах найдлага төрүүлж байгаа боловч нөгөө талаас дэлхийг сорж, устгана хэмээх айдсыг бий болгож байна.

Бичил хар нүхэнд хамааралтай айдас өмнө нь ч гарч байжээ. 2001 онд Нью-Иорк мужын Брүүкхэвн Үндэсний Судалгааны Төвд бөөмсийг гэрлийн хурдны 99.9%-д хүртэл хурдлуулан мөргөлдүүлэх туршилтын үед үүсэх бичил хар нүх аюулгүй гэдгийг нотлон харуулах зорилгоор судлаачдыг урьж байсан байна. Үнэндээ дэлхийн гадаргаас хөөрөх сансрын хөлгүүд бичил хар нүхнээс илүү их энерги ялгаруулдаг. Мөн лабораторт хийж буй туршилттай адил бөөмсийн мөргөлдөөн сансар огторгуйд үргэлж тохиолдож байдаг тул тэдгээрээс үүдэлтэй бичил хар нүхний аюул үгүй гэдгийг эрдэмтэд нотлож байна.

Сансар огторгуйн хаашаа ч зорчиж болох тээврийн үйлчилгээ бий гэгддэг. Тэр нь асар өндөр хүчин чадалтай пуужин биш, харин дөт зам болгон ашиглаж болох онолын туннел ӨТНИЙ НҮХ юм. Энэ нэршил нь алимны нэг талаас нүхлэн идэж, нөгөө талаар гарч ирэх өтнөөс үүдэлтэй ажээ. Хэрэв гэрлийн хурдаар хурдалвал Адагчуулганы мананцар хүрхэд 600 мянган жил шаардагдана. Тэгвэл өтний нүхээр энэ зайг хормын төдийд л туулна. 1930-аад оны үед Эйнштэйн судалгааний найз Нэйтан Розэнтэй хамтран хийсэн тооцооллын үр дүнд галактикуудыг холбосон хоолой байж болохыг тогтоожээ. Үүнийг Эйнштеин-Розэний гүүр буюу өтний нүх гэдэг.


Хэдийгээр Эйнштейн өтний нүхээр сансрын аялал хийж болно гэж шууд хэлээгүй ч түүний бүтээсэн онол уг үзэгдлийг байж болно гэдгийг илэрхийлдэг. Өтний нүх нь хүндийн хүчийг тайлбарласан харьцангуйн онолын тэгшитгэлийн үр дүнгийн нэг бөгөөд орон зай, цаг хугацааны хэмжээсийн янз бүрийн цэгийг хооронд нь холбох энэ үзэгдэл хар нүхний судалгаанаас үүдэлтэй ажээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл өтний нүх оршин байгааг бодит ажиглалтаар тогтоож чадаагүй учир онолын таамаглалаас хэтрэхгүй. Онцлог нь өтний нүх маш тогтворгүй болохыг 1960-аад оны үе хүртэл хийсэн тооцооллын үр дүн харуулснаар тухайн судалгаа зогсонги байдалд оржээ. Тунел хэлбэрийн хоолой хэсэг хугацаанд үүсэх боловч доторхи (хэрэв орсон бол) юмсын хамт тэр дороо эвдэрч, устдаг байна.

1980-аад оны эцсээр Контакт хэмээх уран зөгнөлт кино гарчээ. Нэрт одон оронч Карл Сэганы зохиолоор бүтээсэн уг кинонд өтний нүх сансрын аялалын хэрэгсэл болох боломжтой тухай өгүүлжээ. Хэдийгээр зөгнөлт зохиол боловч физик үндэслэлтэй дүрслэл нь өтний нүхний талаархи судалгааг идэвхжүүлэхэд нөлөөлсөн байна. Эрдэмтэд Эйнштейний тогтворгүй өтний нүхнээс өөр, тээврийн хэрэгслийн зориулалтаар ашиглах нүхийг хайж эхэлснээр цоо шинэ эгзотик бодисын тухай ойлголтыг бий болгосон байна. Энэ нь сөрөг (негатив) энерги хэмээх эсрэг шинж чанарыг агуулж, өтний нүхийг тогтворжуулах нөлөө үзүүлнэ.

Гэхдээ өтний нүхний цаад талд ямар аюул угтаж байгааг онолын хувьд тодорхойлоход тун хүндрэлтэй юм. Магадгүй огторгуйн хамгийн аюултай бүстэй холбогдож, аварга хар нүхэнд хүргэж болно. Мөн өтний нүхний бүтцийн тухай ямар ч ойлголт алга байна. "Өтний нүхний инээмсэглэл" хэмээгдэх квант механикийн үзэгдлийн үр дүнд хөөс мэт гарч ирж, алга болох онолын бодис орчлонгийн хаа нэгтээ байх ёстой, аялалын зорилгоор ашиглаж болох өтний нүх энэхүү квантын хөөсний хувирсан хэлбэр, түүнийг ашиглан өтний нүхийг зориудаар үүсгэж болно хэмээх таамаглал ч бий. Хэдийгээр өтний нүх үүсгэх төхөөрөмж бидний төсөөлөлд ч байхгүй боловч түүгээр орон зай, цаг хугацааны аялал хийх боломжийг эрдэмтэд үгүйсгэдэггүй.

Цаг хугацааны машины тухай ойлголт 50 гаруй жилийн өмнөөс зөгнөлт зохиолд орж иржээ. Гэрлийн хурданд дөхөх, мөн хүндийн хүч их байх тусам цаг хугацаа харьцангуйгаар удааширдаг гэдэг нь харьцангуйн онол болон бусад бодит ажиглалтуудаад нотлогддог. Энэ нь хүний ирээдүйд аялах боломжийг харуулдаг. Тэгвэл бид өнгөрсөнд аялж, түүхийг өөрчилж чадах уу. Хэрэв нэгэн өтний нүх оршин байгаад нэг үзүүр нь дэлхийн ойролцоо, нөгөө нь Сүүн замын төвд байна гэе. Нүхний үзүүр буюу тунелийн төгсгөлүүд цаг хугацааны хувьд өөр өөр. Гэхдээ өтний нүхэн дотроос харвал хоёулаа адил харагдана.

Ийнхүү өтний нүхний гадна болон дотор талаас харсан цаг хугацааны өөр өөр байдал нь түүнийг цаг хугацааны машин хэлбэрээр ашиглаж боломжтойг харуулна. Хэрэв та өнөөдөр өтний нүхээр орвол нөгөө талд нь хэдэн зуу, магадгүй мянган жилийн өмнө очино. Гэхдээ өнгөрсөнд очих аялал олон тооны зөрчил үүсгэдэг бөгөөд төлөөлөх нэг жишээ нь "өвөөгийн парадокс" юм. Хэрэв өнгөрсөнд очоод өөрийнхөө өвөөгийн амь насанд халдвал өөрийнх нь аав төрөхгүй, өөрөө ч төрөхгүй, тэгэхээр өнгөрсөнд буцаж очихгүй болно. Эсвэл өнгөрсөнд очиж өөрийнхөө 18-тай настай ээжтэйгээ аавынхаа оронд уулзана гэж төсөөлвөл шийдэх аргагүй будлиан болно.

Юутай ч гэв гэнэт танай хаалгыг танихгүй нэгэн тогшоод би таны хэдэн үеийн ач, гуч байна гэвэл аль болох тааламжтай харьцахыг хичээх хэрэгтэй болохнэ. Тэр цаг хугацааны машин бүтээгдсэн алс ирээдүйгээс ирсэн нэгэн байж ч магадгүй. Гэхдээ өнгөрсөнд аялсан ч нэгэнт болоод өнгөрсөн түүхийг өөрчлөх боломжгүй гэсэн үзэл одоогийн байдлаар ноёлж байна. Мөн зарим эрдэмтэд цаг хугацааны машины зориулалтаар ашиглах тохиолдолд өтний нүх өөрөө эвдэрнэ гэж үзэж байна. Өтний нүх хоёр өөр цаг хугацааг холбох үед маш хүчтэй цацраг туяа ялгарч нүхийг устахад хүргэнэ. Энэ нь өнгөрсөнд очиж, зөрчил үүсгэхгүй байлгах ертөнцийн зохилдлого буюу байгалийн өөрийнх нь хориглох үйлдэл мэтээр төсөөлөгдөнө.

Хар нүх бүхнийг сорж, залгидаг бол түүний эсрэг бүхнийг түлхэж, нулимдаг ЦАГААН НҮХ байх ёстой хэмээх таамаглал мөн харьцангуйн онолоос үүджээ. Цагаан нүхэнд хар нүхний юмсыг сорох үзэгдлийн бичлэгийг буцааж ухраасантай адил үзэгдэл ажиглагдана. Эрдэмтэд их хэмжээний энерги ялгаруулах квазар анх нээгдэх үед цагаан нүх байх гэж таамаглаж байжээ. Хэрэв цагаан нүх үнэхээр оршин байсан бол орчлон ертөнцийг үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байх ёстой гэж үздэг. Их тэсрэлтийн өмнө орчлон асар их нягттай сингуляр цэг байсан гэдэг. Хэрэв түүнийг цагаан нүх байсан гэж үзвэл их тэсрэлтийн шалтгааныг тун хялбар тайлбарлаж болно. НАСА богино долгионы WМAP хиймэл дагуулын тусламжтайгаар сансрын үлдэгдэл цацрагийг судлаж, орчлон ертөнц огцом тэсрэлтийн хамт үүссэний нотлогоог илрүүлсэн билээ.


Мөн савангийн хөөс мэт бөөгнөрсөн олон орчлон ертөнц оршин байгаа, хөөс хагарч хуучин ертөнц мөхдөг бол шинэ хөөс үүсч шинэ ертөнц төрөн гардаг хэмээх олон ертөнцийн онол бий. Хиймэл дагуулуудын мэдээллүүд энэхүү онолтой зарим талаар таардаг. Үнэхээр олон ертөнц оршин байна уу, тэдгээр нь цагаан нүхнээс үүсдэг үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. Онолоор цагаан нүх маш эмзэг, хар нүхний нөлөөгөөр хялбар алга болдог учир урт насладаггүй гэж үздэг. Эрт дээр үед нэгэн цагаан нүх байгаад бидний орчлонг үүсгэсний дараахан устаж алга болсон байж магадгүй. Баттай биш ч магадлал бий. Бас хар нүх анх магадлал төдий байсныг ч мартаж болохгүй билээ.

эх сурвалж; The Universe TV series 2007

Хамгийн шилдэг хакер Айсманы түүх

1997 оны эхээр Санфранциско хотын компьютер тоглоом үйлдвэрлэгч нэгэн компанид 25 настай Макс Батлер хэмээх залуу зөвлөх програмистаар ажиллаж байв. Тэрээр ямар ч хүчтэй хамгаалагдсан системд нэвтэрч чадна гэдэгтээ бүрэн итгэх нэгэн бөгөөд хакерын авьяасын хувьд суутанд тооцоход буруудахгүй. Макс довтлоход хэцүү гэгдсэн системийн тухай мэдээлэл гарах бүрт тэр дор нь нэвтэрч чаддаг байв. Нэгэн өдөр түүнтэй уулзахаар хар шил, костюм, зангиа зүүсэн биерхүү хоёр залуу ирсэн нь Эф Би Айг-гийн мөрдөгчид байв. Тэдний зорилго хууль бусаар сүлжээнд нэвтэрч байсан Максийг шүүх бус хамтран ажиллах санал тавих явдал байжээ.

Эф Би Ай интернетийн хөгжлийн хамт үйл ажиллагаа нь өргөжин тэлж буй кибер гэмт хэрэгтнүүд, сүлжээ ашиглах террористуудыг илрүүлэх нэгжийг байгуулаад байв. 1997 оны 3 сард Макс гэрээнд гарын үсэг зурснаар Эф Би Ай-гийн Гэмт Хэрэгтний Мэдээлэл Цуглуулах Хөтөлбөрийн гишүүн болжээ. Дэлхий дахины хакеруудын тэргүүнд гарч ирэхийг хүссэн түүний авьяас Эф Би Ай-д хүлээн зөвшөөрөгдсөн явдал бардам занг нь дэвэргэж байв. Энэ нь түүнийг кибер гэмт хэргийн ертөнцийн шилдэг хакер болхын эхлэл байсан юм.

Эцэг нь компьютер засварын газар ажиллуулж байсан тул Макс төрсөн цагаасаа эхлэн компьютрээр хүрээлэгдсэн орчинд өсч хүмүүжжээ. 8 насандаа энгийн ямар ч төрлийн програм бичих болж, төрөлхийн авьяас нь хөгжсөн байна. 15 нас хүрч, ахлах сургуульд орох үедээ хүчирхэг хамгаалалт бүхий засгийн газрын сүлжээнд ч нэвтрэх чадвартай болжээ. Мөн анхны дурлалтай учирч, найз охиныхоо тухай илүү ихийг мэдэхийг хүссэн нь түүнийг аавын хаалга татахад хүргэнэ. Гар утасны сүлжээнд нууцаар нэвтэрч, имэйлүүдийг нь уншин, өөр нэгэнтэй холбоотой байсныг нь илчилсний дараа найз охин нь салахаар шийдэв.

Уурлаж бухимдсан Макс түүнийг алахаар заналхийлж, хүч хэрэглэсэн тул баривчлагдан хоригдох ялаар шийтгэгджээ. Дөнгөж 16 настай залуу хүүд оноосон ял амьдралыг нь ихээхэн өөрчлөхөд хүргэнэ. Макс шоронгоос гараад ажил хайсан боловч гэмт хэрэгт шийтгэгдсэн хүнийг авах газар олдсонгүй. Иймд түүнд авьяасаа ашиглахаас өөр сонголт үлдээгүй байна. Өөрийн гэсэн шинэ бизнес эхлүүлж, компаниудын сүлжээний хамгаалалтын цоорхойг илрүүлэн засварлах цагаан хакер болжээ. Яг энэ үед нь Эф Би Ай түүнд хандсан байна.

Макст даалгасан анхны ажил нь харилцаа холбооны компанийн сүлжээнд нэвтэрч, бусдын утасны шугамыг хууль бусаар ашиглаж буй бүлгийн үүрийг илрүүлэх явдал байв. Өмнө нь янз бүрийн сүлжээнд нэвтэрч байсан түүний хувьд тун хялбар даалгавар байсан бөгөөд Эф Би Ай ч өндрөөр үнэлжээ. Дараа дараачийн ажлуудыг амжилттай гүйцэтгэж, гэмтнүүдийг удаа дараалан илрүүлж байсан нь тэдний арга барилыг мэдэж авахад хүргэнэ. Макс хамгаалалтын системд нэвтэрч, хяналтын камерийг чөлөөтэй удирдах, цагдаагийн байгууллагын сүлжээнд нэвтэрч, жолоочийн зөрчлийн түүхийг устгах, банкний системд нэвтэрч, дансны үлдэгдлийг өөрчлөх зэрэг гэмтнүүдийн янз бүрийн арга барилд суралцжээ.

Интернет сүлжээ л байвал мөнгө олох боломжтойг ойлгосон Макс ямар ч кибер гэмт хэргийг хурууны үзүүрээр хийх чадвартай болов. Тэр нэгэн даалгаврын хүрээнд хакеруудын цуглаанд очих үедээ хуурамч кредит карт үйлдэх аргатай танилцжээ. Эф Би Ай-гийн мөрдөж байсан гэмт хэрэгтэн бусдын кредит картны мэдээллийг хулгайлж, түүнд тулгуурлан хуурамч карт үйлддэг хакер байв. Гэмт этгээдүүд мөн хуурамч картыг хар захын сайтаар дамжуулан худалдаалах, түүгээр төрөл бүрийн бүтээгдэхүүн худалдан авч, борлуулах замаар ашиг олдог байна.

Тэд Максийн хялбар хэрэгжүүлж чадах аргаар их хэмжээний мөнгө олж байв. Улмаар түүний ил ертөнцөд хийж буй ажил нь утгагүй санагдах болсноор хавьгүй өндөр ашиг, орлоготой боловч илүү бохир зүйлд авьяасаа сорихоор шийджээ. Юуны өмнө кретид картны мэдээлэл хулгайлж үзэв. Тэрээр үйлчлүүлэгч төлбөр хийх мөчийг дэлгүүрийн өмнөх машин дотор хүлээж байгаад кредит картны мэдээлэл төв рүү илгээгдэх үед утасгүй сүлжээний долгионыг барьж авснаар хүссэн зүйлээ гартаа оруулжээ. Энэ нь түүний хувьд мөн л амархан арга байв.

Максын хулгайлсан мэдээлэл хар захын сайтад тэр дороо зарагдав. Ийнхүү наанаа Эф Би Ай-гийн гэмт хэрэгтэнтэй тэмцэгчийн дүр эсгэх боловч цаагуураа хууль бус үйлдэл хийгч хар хакер болон хувирчээ. Тэр удалгүй илүү том хөдлөхөөр шийдсэн байна. Макс байрлал сайтай зочид буудлын өрөө хөлслөн авч, тэндээ том хэмжээний хүлээн авагч антени байрлуулжээ. Энэ нь дэлгүүр болгоны өмнө зогсож, цаг хугацаа алдалгүйгээр хот даяар тархах олон тооны кредит картны мэдээллүүдийг бөөнөөр нь, нэгэн зэрэг барьж авах үр ашигтай арга байв.

Макс хар захын сайтад кредит картны мэдээллээс илүүтэйгээр хуурамч картны наймаа унац болон эрэлт ихтэй байгааг анзаарчээ. Гэвч тэр хуурамч карт үйлдэх арга, технологийг мэдэхгүй байв. Иймд тэрээр шоронд хамт байсан нэгнээр зуучлуулан хуурамч карт үйлдэгч бүлгийн ахлагч Крис Арагонтой танилцжээ. Макс түүнтэй хамтран "кардерс маркет" хэмээх хар захын сайтыг 2005 оны 6 сард бүтээж, картны мэдээлэл зарж эхлэв. Сүлжээнд өөрийгөө Айсман (Iceman) хэмээн нэрлэж, кибер гэмт хэргийн ертөнцөд нэр алдраа дуурсгахаар яарсан тэрээр үйл ажиллагаа жигдрэх үед байшин худалдан авч, тэндээ үүрлэжээ.

Тухайн үед адил төрлийн үйл ажиллагаа явуудаг томоохон 5 сайт түүнээс илүү их хэмжээний ашиг олж байжээ. Макс хэдхэн шөнө сууж, тэдгээр сайтуудыг устгаснаар барахгүй бүх хэрэглэгчийнх нь мэдээллийг хулгайлав. Нэгэнт өрсөлдөгчид үгүй болсон тул хуурамч картны наймаа зөвхөн түүний сайтад төвлөрчээ. Энэ нь хэдийгээр Эф Би Ай-гийн анхаарлаас гадуур өнгөрөхгүй боловч Макс баригдахгүй гэдэгт итгэлтэй байв. Эф Би Ай ч аль хэдийн тагнуул шургалуулж, мэдээлэл цуглуулахаар шийдсэн гэдгийг Макс гадарлаж байжээ. Иймд тэднийг хуурахын тулд үндсэн ажлаа хэвийн байдлаар үргэлжлүүлж байв.

Тэгвэл түүний далд ертөнц дэх ажиллагаа улам идэвхжиж, ашгийн хэмжээ хэдэн арван сая доллароор тоологдох болов. Эф Би Ай Айсманыг илрүүлэхийг хичээж, сайтын хэрэглэгчийн дүрээр сүлжээн дотор холбоо тогтоохыг хэд хэдэн удаа оролджээ. Гэвч Макс хэрэглэгч нэг бүрийг нарийн шалгахаас гадна янз бүрийн серверээр дамжуулан өөрийгөө сайтар нууцласан тул түүнийг илрүүлнэ гэдэг амаргүй даваа байв. Энэ үед Эф Би Ай-гийн мөрдлөгийн тухай сэжиглэсэн Крис хангалттай мөнгөтэй болсон учир хар захын сайтын үйл ажиллагааг зогсоож, тоглоомыг дуусгах санал гаргасан байна. Тэгвэл Макс сайтаа улам томруулж, европт хөл тавихаар шийдсэнээр тэдний хооронд зөрчил үүснэ.

Харин Эф Би Ай Айсманы ул мөрийг илрүүлж чадалгүй байсаар 5 жилийн хугацаа өнгөрөв. Макст Крисийг орлох хүн хэрэгтэй болсон тул хэд хэдэн хүнийг судлаж үзээд хамтрахаар шийдсэн хүн нь хэдийгээр анх удаа уулзаж байгаа боловч үл таних хүн биш байв. Тэр нь Максийн хамгийн анх устгасан хар захын сайтыг эрхлэгч байжээ. Гэвч тэр хүн нь Макст бэлтгэсэн урхи байсан бөгөөд Эф Би Ай-гийн төлөө хүчин зүтгэж байв. Ийнхүү 2007 оны 9 сарын 5-нд Айсман - Макс баривчлагдав.

Түүнд анх 60 жил хорих ял оноох тухай яригдаж байсан ч гэм буруугаа хүлээж, мөнгө олох зорилгогүй байсан зэрэг нь тогтоогдсон учир хөнгөрүүлж 13 жил хорих, 27.5 сая долларын нөхөн төлбөр төлөх ялаар шийтгүүлжээ. Гэхдээ энэ нь кибер гэмт хэргийн түүхэнд хамгийн хүндэд тооцогдож байна. Макс баривчлагдах хүртлээ 2 сая кредит картны мэдээлэл хулгайлж, нийт 86 сая долларын ашиг олсон нь мөн л хамгийн өндөрт тооцогджээ. Харин түүнийг орост чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар хөлсөлж авсан орчуулагч нь монгол эмэгтэй хүн байсан, түүнийг ч бас хэрэгт холбогдуулан шалгаж байсан боловч буруугүйг тогтоосон тухай мэдээлэл гарч байсан билээ.


эх сурвалж; Nippon TV

Багц мэдээ 4; Гэй ген, Ухаалаг хэрээ, Био чулуу ...

Гэй гэнийг илрүүлжээ
Ижил хүйстнээ сонирхох явдал гениэс үүдэлтэй ажээ. Чикажээагогийн их сургуулийн эрдэмтэд 400 хос гэй эрэгтэйд хийсэн ДНХ-ийн шинжилгээгээр тэдний бэлгийн чиг хандлагад 2 төрлийн гени нөлөөлж байгааг илрүүлсэн байна. Энэ нь ижил хүйстнээ сонирхогч болох эсэх нь сонголт бус байгалиас заягдсан зүйл болохыг нотлож байна. Нөгөө талаас хүүхдийнхээ бэлгийн чиг хандлагыг төрөхөөс нь өмнө мэдэх боломжийг эцэг эхчүүдэд олгоно. Гэхдээ үүнээс шалтгаалан хорвоод мэндэлж, хүн болох эрхээ хасуулах эрсдэл гарч болхыг судалгаа хийсэн эрдэмтэд анхааруулж байна. Энэ удаагийн судалгаа зөвхөн эрчүүдийг хамарсан бөгөөд одоохондоо хэдэн гени бэлгийн чиг хандлагыг тодорхойлоход нөлөөлдгийг бүрэн тогтоогоогүй байна. Мөн эхийн умайн нөхцөл байдал ижил хүйстэн болох эсэхэд нөлөөлдөг болохыг өмнө нь хийгдсэн судалгааны үр дүн харуулж байжээ.


Ном уншиж өгөх нь хүүхдэд хийх хамгийн том хөрөнгө оруулалт
Эцэг эхчүүд хүүхэддээ хоногт хамгийн багадаа 10 минут зарцуулж, ном уншиж, үлгэр ярьж, харилцан ярилцаж байвал тэдний ирээдүйд хийх маш том хөрөнгө оруулалт болно гэдгийг эрдэмтэд нотлож байна. Эцэг эх, томчуудтай байнга харилцан ярилцдаг хүүхдийн тархины үг боловсруулж, утгыг танин мэдэх процесийн хурд эрс нэмэгддэг байна. Энэ цаашид амжилттай суралцаж, сайн боловсрол эзэмших, сайн сайхан амьдрахад нөлөөлдөг. Станфордын их сургуулийн сэтгэл зүйч Феранлдын хийсэн судалгаа хүүхдийн үг боловсруулах хурд ихээхэн ялгаатай байдгийг тогтоожээ. Зарим хүүхэд хоногт 600 хүрэхгүй цөөн үг хэрэглэдэг бол зарим нь 12000 үгийг хүлээн авч, ойлгож чаддаг. Хүүхдийн ийм чадварыг хөгжүүлэхэд телевиз ямар ч нөлөө үзүүлэхгүй. Харин ном гайхалтай үр дүнтэй. Ном нь үгээр баялаг байхаас гадна үйл явдлын утга агуулгыг ойлгохыг хичээх явцад хүүхдийн дүрслэн бодох чадварыг хөгжүүлдэг ажээ.


Хэрээний "ухаан"-ыг шалгав
Кэмбрижийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн туршилт хэрээг бусад бүх сүүн тэжээлтнээс илүү ухаантай, 3-4 настай хүүхдийн хийдэг үйлдлийг гүйцэтгэж чадвартайг харуулсан байна. Хэрээний тархины төвөгтэй бүтэц нь дүрслэх, боломжит үйлдлүүдийг таамаглах зэрэг сэтгэцийн арга хэрэгслүүдийг ашиглаж адил төстэй асуудлыг шийдэх чадвар өгдөг байна. Энэ удаагийн туршилт амьтны ертөнцийн тархины боломжийг шалгасан хамгийн төвөгтэй 8 даалгаврыг агуулсан бол 007 хэмээн нэрлэгдсэн хэрээ нийт даалгаврыг 2.5 минутад бүрэн гүйцэтгэсэн байна. Дараах туршилтын бичлэгт торон доторхи хоол тэжээлд хүрэхийн тулд хэрээ богино савааны тусламжтайгаар өөр торнууд дотроос чулуу цуглуулж, тэдгээрийг жингийн ачааллаар хазайх тавцан дээр унагах замаар илүү урт саваа авч байгааг үзүүлжээ.





Унтаж байхдаа ч шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулах боломжтой
Хүмүүсийг унтаж байх үед хэдэн зуун сая ухаалаг утасны хүчирхэг процессор ямар ч ашиглалтгүйгээр зогсолтын байдалд ордог. Тэгвэл Самсунгийн Австри улс дахь салбар Венийн их сургуультай хамтран энэ их хэмжээний хэрэглэгдээгүй хүчин чадлыг зохистой ашиглахаар төлөвлөжээ. Павер Слийп (Power Sleep) хэмээх андройд апликэшн хэрэглэгчдийг ухаалаг утасныхаа ашиглагдаагүй тооцоолох хүчин чадлыг шинжлэх ухааны судалгаанд зориулан зээлдүүлэх боломж олгоно. Хэрэглэгчийн хувьд энгийн цаг, сэрүүлэг хэлбэрээр ашиглагдах уг аликэшн сэрүүлгийн тохируулга хийгдсний дараа цэнэглэх болон Вай Фай холболт хийж орхисон тохиолдолд мэдээллийн баазаас илгээсэн мэдээллүүдийг боловсруулж эхлэнэ. Утасны процессор анагаах ухаан, биохими, молекулын биологи, хорт хавдрын судалгаанд ашиглагдах юм. Павер Слийп апликэшн  60 мянган комьпютрийг Берклийн Компьютрийн Сүлжээний Нээлттэй Бүтцэд холбох чадвартай ажээ.


Био бетон үйлдвэрлэх энгийн арга
Эрчим хүчний үйлдвэрлэл, түүхий эдийн хомсдлоос үүдэлтэй асуудлуудаас зайлсхийх нэгэн шинэ санаачлагыг Питер Трумблэ хэмээх дизайнер гаргасан байна. Байгаль орчинд сөрөг нөлөө бүхий цементийн үйлдвэрлэлийг орлох бүтээгдэхүүнийг эрж хайсан тэрээр зөөвөрлөх боломжтой жижиг оврын төхөөрөмж бүтээж, элс, бактери, шээс гурвыг холих замаар био чулуу (biostone) хэмээх материал гаргаж авах аргыг олжээ. Төхөөрөмжийн туршилтын загвар хэдийгээр жижиг хэмжээний бүтээгдэхүүн гарагж байгаа боловч цаашид үйлдвэрлэлийн зориулалтаар их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой. Био чулуу нь мөн байгальд ээлтэй бөгөөд хөгжиж буй орнууд болон алслагдсан бүс нутагт тун хямд барилгын материл болох давуу талтай юм. Трибмлийн үзэж байгаагаар цемент үйлдвэрлэлийн уламжлалт аргаар боловсруулалт хийх үеийн нийт үйл ажиллагааны 96 % нь үр ашиггүй хаягдал болдог бол дөнгөж 4% нь бүтээгдэхүүнд хувирдаг байна. Хаягдал нь түүхий эдийг олзворлох, түлш шатаах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэх шатанд гардаг. Тэгвэл биочулууг хэвэнд хийж, хатаахад л хангалттай. Шээсээр хооллосон бактериуд хэсэг хугацааны дараа элсийг нягтруулж, тодорхой хэмжээний ачаалал даах чадвартай болгодог байна.





эх сурвалж; mailonline, gizmag

Дэжаву үзэгдэхийн учир

Хоёр найз хүүхэн төрөлх хотоос нь нэлээд хол орших эртний түүх дурсгал, сүмийн цогцолборыг анх удаа үзэхээр аялалд гарчээ. Гэтэл зорьсон газартаа ойртох тусам тэр хоёрын нэг болох А-д сонин мэдрэмж төрж эхэлсэн байна. Сүмийн хаалгаар оронгуут бага зэргийн түгшүүрийн хамт өмнө нь энд ирж байсан мэт сэтгэгдэл төржээ. Анх удаагаа ирж байгаа нь тодорхой учир тухайн үеийн мэдрэмжийн шалтгааныг олж чадаагүй тэрээр найздаа энэ тухай хэлсэн боловч тоглоом хийгээд өнгөрсөн байна. Гэтэл дараагийн мэдрэмжүүд тэр хоёрыг хоёуланг нь жихүүцүүлнэ.

А "энэ өнцгийг тойроод сүмийн дугана, тэрний цаана гол сүм, дэргэд нь онцлог хэлбэр бүхий мод байх ёстой" гэдгийг хархаасаа өмнө зөгнөх мэт хэлсэн нь үнэн байв. Учрыг лавлахаар ээжрүүгээ утастаж асуухад А хүүхэд байхдаа ч энэ сүмд ирж байгаагүй гэв. Уг сүмийн бурхан ханийн заяа дуудаж өгдөг хэмээгдэж эрт дээр үеэс ганц бие хүмүүсийн цуваа тасардаггүй байжээ. А сүмийн ойролцоо ганц биеэр амьдарч байгаад нас барсан нагац эгчийнхээ сүнстэй холбож ойлгоход хүрсэн байна.

Амьдралдаа анх удаа харж буй юмс, уулзаж буй хүн, гэрчилж буй үйл явдал өмнө нь хэзээ нэгэн цагт тохиож байсан мэт санагдах үзэгдлийг "урьд нь харж байсан" хэмээх утга бүхий франц үгээр Дэжаву (dejavu) хэмээн нэрлэжээ. Эрдэмтэд дэжавугийн тухай 19-р зууны дунд үеэс идэвхтэй судлаж эхэлсэн байна. Энэ үзэгдлийн нарийн учир тодорхой болоогүй байх үед хүмүүс сүсэг бишрэлээс үүдэл бүхий гурван янзын зүйлтэй холбож ойлгож байв. Эхнийнх нь сүнсний тухай таамаглал юм. Нас барсан хэн нэгний сүнс хүний биед шингэж, өмнөх амьдралынх нь дурсамж тухайн хүний өөрийнх юмшиг санагдснаас үүддэг байж магадгүй.

Дараагийх нь урьд болон хойд насны тухай бурханы шашны ойлголт юм. Энэ тохиолдолд өмнөх амьдралын дурсамж хадгалагдан үлдэж, одоогийнхтой давхцан сэргэдэг байж магадгүй. Сүүлийнх нь ирээдүйг урьдчилан харах чадварын тухай таамаглал юм. Хүн өөрөө анзаараагүй байхад энэ чадвар сэргэж дэжавуг мэдрэхэд хүргэж магадгүй. Мөн үүнтэй төстэй оюун ухааны нэгдмэл мэдээллийн системийн ойлголт бий. Хүмүүсийн тархи ямар нэгэн нууцлаг телепатийн аргаар бусдын оюун ухаантай холбогдож, зарим ой дурсамжийг өөрийн мэт хүлээн авдаг байж магадгүй. Мөн сүүлийн үеийн зарим хүн бидний амьдардаг матрикс ертөнцийн засвар хийгдэж байгаагийн илрэл гэж хэлж ч магадгүй. Гэхдээ эдгээр бүх таамаглал шинжлэх ухааны үндэслэл, нотлогоо үгүй учир хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Тэгвэл неорологч эрдэмтэд энэ үзэгдлийн учир шалтгааныг тархины санах ойн механизмтай холбон тайлбарлаж байна. Бидний ой дурсамж тархиний гүнд байрлах гиппокамп (hippocampus) хэмээх хэсгээс хамаардаг. Тэнд үүссэн ой дурсамж тархины гадарга (cerebral cortex)-д, мэдрэлийн эсүүдийн холбоос буюу сүлжээ байдлаар хадгалагдана. Уг сүлжээгээр бага хэмжээний цахилгаан гүйдэл гүйх үед ой дурсамж сэргэдэг. Өөрөөр хэлбэл ой дурсамж хадгалагдахад мэдрэлийн ямар нэгэн эс бус, тэдгээрийн хоорондох холбоос гол үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ сүлжээг эрэгтэй Б, эмэгтэй В-тэй болзсон үйл явдлаар жишээ болгон авч үзэе. Эмэгтэй В, болзсон газар голын эрэг, гүүрийн ойролцоо, мөхөөлдөс, бэлэг гэх мэтийн түлхүүрүүд мэдээллийн сүлжээ байдлаар холбогдож, нэгэн ой дурсамж болон Б-гийн тархинд хадгалагдана.


Гэхдээ энд нэгэн онцлог үзэгдэл ажиглагддаг. Дурсамжаа олон дахин сэргээн санах, эсвэл огт мартагддаггүй онцгой үйл явдлын дурсамжын үед мэдрэлийн эсүүдийн хооронд цахилгаан гүйдэл олон удаа давтагдан гүйх тул холбоосыг хүчирхэгжүүлдэг. Гадаад хэл сурах үед шинэ үгсийг олон дахин давтан дуудах, бичих арга олон хүнд үр дүнтэй байдаг нь тархины энэ онцлогт тулгуурладаг байна. Нөгөө талаас хүчирхэгжсэн холбоосууд дурсамжийг эргэн санахад хялбар болгодог. Тэгвэл эсрэгээр бараг санаанд ордоггүй дурсамжуудын хувьд мэдрэлийн эсүүдийн холбоос суларч эцэстээ тасрахад хүрнэ. Ойн жимээр олон хүн явах тусам жим тодорч өргөждөг бол, хүн явахаа больсон зам бүдгэрч арилдагтай адилхан.

Хэрэв эрэгтэй Б олон хүнтэй учир ургуулдаг, хөнгөн явдалтай нэгэн бол цаг хугацаа өнгөрөх тусам түүний өмнөх болзооны дурсамжууд мартагдаж эхлэнэ. Дээр дурдсан жишээний хувьд эхлээд гүүр, бэлэг, эцэст нь эмэгтэй В мартагдана. Харин мөхөөлдөс, голын эрэг, болзоо гэсэн гурван түлхүүр, тэдгээрийн хоорондох холбоос л үлджээ. 5 жилийн дараа эрэгтэй Б, эмэгтэй Д-тэй өмнөхөөс өөр хотод, өөр голын эрэг дээр болзов. Энэ үед эмэгтэй санамсаргүйгээр мөхөөлдөс идэж таарвал, эрэгтэй Б-гийн дурсамжинд үлдсэн гурван түлхүүрийн хоорондох холбоос сэргэж, уг эмэгтэйтэй урьд нь яг адил байдлаар болзож байсан мэт санагдана. Өөрөөр хэлбэл өмнөх болзооны дурсамжийн бүрэн бус мэдээлэл өнөөгийн болзоотой санамсаргүй давхацсанаар дэжавуг мэдрэнэ.


Судлаачид дэжаву үүссэн шалтгааныг илрүүлэхээр хамгийн эхэнд дурдсан А-гийн гэрт очиж, фото зургийн альбомыг нь шалгаад өмнө нь дээрх сүмд очиж байгаагүйг тогтоожээ. Гэтэл түүнийг хүүхэд байхдаа гэр бүлийн хамт өөр нэгэн сүмд очиж байсныг илрүүлэв. 6 настайдаа очиж байсан сүмийн гол барилгын гадна байдал 20 жилийн дараа анх удаа очсон сүмийнхтэй тун адилхан байв. Мөн гэр бүлийнхнээсээ төөрч, айж түгшсэн тухайн үеийн сэтгэгдэл сүүлд очсон сүмийн гадна байдлыг харах үед сэргэжээ.

Сүмийн төстэй байдал дэжаву үүсгэх нөхцөл болсон гэдгийг ойлгож болох боловч дугана, онцлог мод зэргийн байрлалыг хэрхэн мэдсэн нь тодорхойгүй. Гэтэл судлаачид гэр бүлийн видео бичлэгийн архиваас сүүлд очсон сүмийн сурталчилгааны бичлэг бүхий хуурцгийг олжээ. А өмнө нь уг хуурцгийг үзэж, сүмийн тухай зарим мэдээлэл тархинд нь хадгалагдан үлдсэн байна. Хүүхэд байхдаа очиж байсан сүмийн гадна төрх, тухайн үеийн (төөрсөн) айдас, видео бичлэгийн мэдээлэл ой дурсамжийн шинэ холбоос үүсгэж, сүүлд сүмд очих үед харсан зүйлстэй санамсаргүй давхацсанаар дэжаву үүсчээ.

Дэжавугийн нийтлэг тохиолддог нэгэн хэлбэр бий. Та Е Ё хоёрыг танхим дотор муудалцаж байхыг хараад энэ хоёр өмнө нь бас л ингэж муудалцаж байсан, одоо Г тэдний хооронд орж эвлэрүүлэхийг оролдох болно гэж бодтол ёсоор болов. Бодит байдалд та өмнө нь Ж З хоёрын хэрүүлийг, Л ирж салгахыг харсан. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам Е, Ё, Г нарын тухай мэдээлэл таны тархинаас арчигдаж, танхим, хэрүүл, эвлэрүүлэх гэсэн гурван түлхүүр, холбоосын хамт үлдсэн байна. Таны тархи эдгээр холбоосыг нэтгэн Е, Ё, Г нарыг Ж, З, Л нараар орлуулан дэжаву болгож харжээ.

Айдаст амархан автдаг, сэтгэл түгшимтгий, эмзэг мэдрэмтгий хүмүүс дэжавуг хялбар мэдэрдэг байна. Хүн ямар нэгэн үйлдэл хийх үед тархи нь өнгөрсөн үеийн дурсамж, үзэж харсан зүйлстэй өөрийн мэдэлгүйгээр харьцуулалт хийж, үйлдлээ хэрхэн хийхийг шийдэж байдаг. Эмзэг хүмүүсийн тархи яг одоо мэдэрч байгаа сэтгэл тавгүйтлээ арилгахын тулд өнгөрсөн туршлагаасаа хэрэг болохыг хичээнгүйлэн хайдаг. Үүний улмаас өнгөрсөн дурсамжийн үлдэгдэл холбоосууд хялбар сэргэж, дэжавуг илүү олон удаа мэдрэх хандлагатай байдаг.

Мөн бүхнийг өөрөө хийж үзэх, юм бүхэнд оролцох дуртай, идэвхтэй хүмүүс дэжавуг амархан мэдэрнэ. Учир нь тэдний тархинд маш олон төрлийн дурсамж хадгалагдаж байдаг. Хэт мөрөөдөмтгий хүмүүс ч бас үүнтэй адилхан. Тэгвэл ердийн хүмүүс ядрах, стрест орох зэргээр төвлөрөх чадвараа алдах үед дэжаву ихэвчлэн илэрнэ. Ядаргаанаас үүдэн шийдвэр гаргах, хариу үйлдэл үзүүлэх чадвар буурч, тархин доторхи дурсамжийн зөв холбоосыг олох чадвар сулрана. Иймд буруу холбоосыг андууран сэргээж, бодит байдалтай давхцуулан ойлгосноос дэжаву үүсдэг байна.

эх сурвалж, Nippon TV

Эртний өвөг дээдсийг тодорхойлох генетикийн атлас бүтээжээ

Эзэнт гүрнүүдийн мандал, мөхөл, цэргийн довтолгоо, боолчлол зэрэг үйл явдлууд дэлхий даяар хүмүүсийг "цус холилдоход" хүргэжээ. Ийм үйл явдлууд хүний геномд бичигдэн үлдсэн байдаг боловч урт удаан хугацаанд зааглаж ойлгоход төвөгтэй, нарийн нийлмэл төрхийг олсон байдаг. Тэгвэл генетикч эрдэмтэд сүүлийн 4000 жилийн хугацаанд дэлхий даяар явагдсан хүмүүсийн цус холилдолт буюу этникийн групууд нэгдэн нийлэхэд хүргэсэн үйл явдлуудыг статистикийн шинэ аргачлалаар тодорхойлж, түүхчдийг шинэ төрлийн эх сурвалжаар хангаж байна.


Генетикийн шинэ аргачлалаар ард түмнүүдийн цус холилдоход хүргэсэн үйл явдлын цаг хугацааг тодрхойлох боломжтой болжээ. Дэлхийн бүх хүн генийн хувьд адил боловч ДНХ-ийн нэгжийн дарааллын ялгаа буюу геном дахь мутацын онцлогоор ялгагддаг. Мутаци нь эцэг эхээс үр хүүхдэд дамжин нийтлэг ард түмэнд төстэй хэлбэрээр илэрдэг. Нөгөө талаас хүүхэд эцэг эхийн өвгийн геномын томоохон хэсгийг өвлөн авдаг байна. Генетикчид энэ онцлогт тулгуурлан ямар өвөг дээдсээс гаралтай болохыг хүний геномын шинжилгээгээр тодорхойлдог ажээ.


Оксфордын их сургуулийн Саймон Майерс, Лондоны их сургуулийн Гаррет Хэлэнтал, Германы Эволюцийн Антропологийн Макс Планк Хүрээлэнгийн Даниэл Фалуш нарын ахласан судалгааны баг "хүний цус холилдолтын генетикийн атлас"-ыг бүтээж, энэ тухай өгүүллийг Сайэнс сэтгүүлд нийтлүүлжээ. Тэд дэлхий даяар авсан хүмүүсийн генийн дээжээс 95 ялгаатай онцлог бүлгийг тодорхойлсон байна. Харин Майерийн ахалсан баг хромсомын сегментийн уртыг хэмжих статистик аргачлалыг боловсруулж, хүмүүсийн цус холилдоход хүргэсэн үйл явдлын цаг хугацааг тодорхойлсон байна.

Цус холилдоход хүргэсэн үйл явдлуудыг хэдийгээр генетикийн үүднээс тодорхойлсон боловч түүхийн баримтуудтай таарч байгаа юм. Тухайлбал газар дундын тэнгисийн хойд хэсэг болон ойрхи дорнодын хүмүүс африкаас гаралтай, тэдгээр этникийн групууд 659 - 1900 оны хооронд холилдсон болохыг генетикийн аргачлалаар тооцоолон гаргажээ. Энэ нь 7-р зууны үеэс эхэлсэн арабын боолын худалдаатай давхцаж байгаа юм. Өөр нэг жишээ нь Европ хэлбэрийн ДНХ МЭӨ 990 - 210 оны хооронд Пакистаны калаш хүмүүсийн ДНХ-д нэгдсэн явдал юм. Энэ нь МЭӨ 326 онд Александр хааны Энэтхэг лүү хийсэн довтолгоотой цаг хугацааны хувьд дүйцэж байна.

Xамгийн өргөн хүрээг хамарсан үйл явдлуудын нэг нь Монголын Их Гүрний үе бөгөөд Афганистаны хазар, төв азийн уйгар, турк хүмүүст монголын эртний өвгийн цус холилдсон байна. Энэ үйл явдал генетикийн аргачлалаар 22 үеийн өмнө явагдсан бол 14-р зууны үед эхэлсэн Монголын Их Гүрний өргөжин тэлсэн цаг хугацаатай тохирч байна. Тэгвэл европчууд америк тивийг колончилсон үйл явдал мая болон индианчуудын геномд бичигдэж үлджээ. Мөн эртний европчууд хятадуутай цус холилдсон явдал 11-14 зууны үед тохиосон нь торгоны замын цэцэглэн хөгжсөн үетэй тохирч байгаа юм.

Судалгаа хийсэн эрдэмтэд дэлхийн хүн амын цус холилдолтын зэргийг дүрсэлсэн атлас бүхий веб хуудас бүтээсэн байна. Энд сонирхол татах мэдээлэл нь түүхэн үйл явдлуудын доторхи "Еврази дахь монголын үеийн цус холилдолт" (Mongol era admixture in Eurasia) хэсэгт бичигдсэн өнөөгийн монголчуудын гарал үүслийн тухай юм. Энд монголчууд өөрсдөө эртний өөр өөр групын нэгэн зэрэг явагдсан маш төвөгтэй хэлбэр бүхий цус холилдолтын түүхийн баталгаа гэжээ. Энэ нь 1194 - 1446 оны үед хойд ази болон өмнөд хятадын групуудыг хамран явагдсан байна.


Мэдээллийг атласаас дэлгэрүүлэн харвал өнөөгийн "монгол цус"-ны 14.5 %-ийг "орчон (oroqen)" буюу өөрсдийгөө "гөрөөчин" хэмээн нэрлэсэн эртний овгийнхон эзлэж байна. Энэ овгоос үлдсэн 8600 гаруй хүн өнөөдөр Хятадын Өвөр Монголын ӨЗО, Хармөрөнд амьдарч байгаа гэдэг. Үүнээс гадна якут цус 7.4%,  хазар цус 4.3%-ийг тус тус эзлэж, бусад цөөнхийн хамт бидний хойд азиаас гаралтай өвгийг тодорхойлжээ. Харин өмнөд хятадаас гаралтай өвгийн цус "эртнээс шавалдан сууж ижилсээд дэлхийд хамгийн олон тоотой болсон" хан үндэстний 2 төрөл, монгор (tu), тужя (tujia) өвгийн хамт 49.7 %-ийг эзлэсэн байх юм.


эх сурвалж, nytimesadmixturemap

Олимпийн амжилтад булчингийн хүч бус шинжлэх ухаан нөлөөлнө

Сочийн өвлийн олимпт өрсөлдсөн Словакийн тамирчин Жозеф Пэтрулак өөрөөсөө 3 насаар ахмад чаргаар уралдсан байна. Тэгвэл түүний Герман өрсөлдөгчид алдарт Би Эм Би компанийн бүтээж, зөвхөн тухайн улиралд тохирсон, илүү хурдлах боломжтой шинэ чаргаар жил бүр хангагдаж байна. Ийм нөхцөлд германы тамирчид хамгийн олон алтан медал хүртэж байгаа нь тийм ч гайхалтай хэрэг биш юм. Өөрөөр хэлбэл олимп болон спортын уралдаан тэмцээнүүдэд зөвхөн булчингийн хүчээр амжилт үзүүлэх боломжгүй болсныг харуулж байна.

Ивээн тэтгэгч сайтай, хүчтэй эдийн засаг бүхий улсын тамирчдын ард дэлхийн зэрэглэлийн эрдэмтэд, инженерүүд ажиллаж, тамирчдынхаа тэшүүрийг хурцалж, хувцасыг таруулж, гравитацын оновчтой нөлөөллийг тооцоолж байна. Ингэж бэлтгэгдсэн тамирчдын амжилт эргээд олон нийтийн анхаарлыг татаж, дараагийн уралдаан тэмцээнд улам олон ивээн тэтгэгч, хөрөнгө оруулалт дуудах нөхцөл болж байна. Алт болон хүрэл медалийн ялгаа секундыг 100 хуваасны нэгтэй тэнцэх хугацаагаар хэмжигдэж байгаа нөхцөлд шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашигласан багууд илүү амжилт гаргах болов.

Феррари компани Италийн тэшүүр, бобслейн багийг, Формулагийн аварга Макларен Их Британийн багийг тус тус ивээн тэтгэж, аэродинамик зэрэг чиглэлээр зөвлөгөө өгч байна. Дэвшилтэт технологи цанын тосолгооны материалд биелэлээ олж 500 төрлийн бүтээгдэхүүн бий болжээ. Ийм материал үйлдвэрлэдэг японы компани Сочийн цасыг 2 жилийн өмнөөс судлаж, тохирсон тосолгооны материалаар тамирчдаа хангасан байна.

Олимпын бэлтгэл ажлын хүрээнд технологи ашигласан жишээнүүд дундаас АНУ-ын тэшүүрийн багийн тамирчдын шинэ хувцас анхаарал татаж байна. Уг хувцасыг бүтээхийн тулд зохион бүтээгчид гурван хэмжээст сканер, хөдөлгөөн бүртгэгч төхөөрөмж ашиглан тамирчин нэг бүрийн биеийн компьютер дүрслэл үүсгэсэн байна. Түүнд тулгуурлан хувцасны хэдэн зуун хувилбараас амжилтад хамгийн их нөлөөлөх магадлалтайг сонгожээ. Мөн хувцасны магнай, гар хөлийн булчинд таарах хэсэгт тамирчны хөдөлгөөнд саад бололгүйгээр агаарын эсэргүүцлийг бууруулах полиуретан зурвас оруулсан байна.

Өврийн чарга (skeleton)-ны уралдаан тамирчин чарган дээр үсэрч гарахын өмнөх 40 м-ийн гүйлтээс эхэлдэг. Чарганд жолоо байхгүй боловч тамирчны суудал (эмээл) дахь байрлалаар чиглэлийг тохируулж, 140 км/ц хурдлах боломжтой. Тэгвэл АНУ-ын баг Би Эм Даблю компанийн дизайнеруудаас авхуулаад тэргүүлэх зэргийн инженерүүд оролцож, шингэний урсгалын динамик, хөдөлгөөн бүртгэх, гурван хэмжээст загварчлал, салхины туннелийн туршилт зэрэг хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан бүтээсэн шинэ суудал ашиглажээ.


эх сурвалж, theboar, physorg

Хүйтэн дайны үеийн сансарын өрсөлдөөн - 4

Сансарын аялал удаан хугацааны туршид мөрөөдлөөс хэтрээгүй юм. Гэвч тэр мөрөөдлийг биелүүлэхийн төлөө бүхий л хүч чадлаа дайчилсан 2 эрдэмтэн түүхэнд үлдэх ширүүн тэмцэл өрнүүлжээ. Зөвлөлтийн сансар судлалын суутан Сергей Королев дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөж, анхны хүнийг сансарт нисгэв (өмнөх хэсгийг энд дарж уншина уу). Тэгвэл Вон Браун түүнийг мөр даган нэхэж, анхны америк хүнийг сансарт нисгэжээ. Шинээр байгуулагдсан Америкийн Сансар Судлалын Агентлаг НАСА болон 2 суут эрдэмтний дараагийн зорилго саранд хүрэх явдал байх болно.

4. Саранд хүрэх өрсөлдөөн

1964 он, Зөвлөлтийн улсын нууцад хамрагдсан Королев дэлхий даяар танил болсон өрсөлдөгчийнхөө пуужингийн тухай баримтат киног үзэж байв. Вон Брауны удирдсан Аполло төслийн хүрээнд 107 м урттай Сатурн пуужинг бүтээжээ. Пуужингийн эхний шатны 5 хөдөлгүүр 3400 тоннын хүч үүсгэнэ. Энэ нь 1500 ширхэг Спутник хиймэл дагуулыг нэгэн зэрэг сансарт хүргэх чадал юм. Тэгвэл Сатурны адил хэмжээний пуужин бүтээх санхүүжилт олж чадаагүй Королевийн пуужин ширээн дээрх загвар төдий байв. Сатурны хөдөлгүүр пуужингийн бусад төрлийн хөдөлгүүртэй адил бөгөөд хамгийн чухал хэсэг нь шүршигч хавтан юм. Энэ нь түлшийг шатаах савруу шүрших маягаар тасралтгүй илгээнэ. Хөдөлгүүрийн туршилтыг 2 жилийн өмнөөс хийж эхэлсэн боловч асуудал үргэлжилсээр байв. Хавтангийн олон жижиг нүхээр хэдэн арван мянган тонн түлшний хамт исэлдүүлэгчийг илгээж, шатаах замаар их хэмжээний түлхэлтийн хүчийг үүсгэнэ. Түлшний шүршилтэд үл ялиг алдаа гарахад л шаталт тогтворгүй явагдаж, аймшигтай осолд хүргэх нөхцөл болно. Мөн 5 хөдөлгүүр нэгэн зэрэг ажиллах ёстой.

Шинээр төлөвлөж буй Эн-1 пуужинд хангалттай төсөв хувиарлахгүй байгаа коммунист намын дарга нарыг ятгуулахаар Королев эхнэр Нинагийн хамт Валентин Глушкогийнд очжээ. Глушко туслана гэсэн боловч түлшийг өөрчлөх нөхцөл тавьсан байна. Хэрэв шингэнээс өөр төрлийн түлш ашиглавал хангалттай цаг хугацаа байхгүй нөхцөлд бүхнийг дахин эхлэх шаардлагатай болно. Асуудлын гол нь түлшинд бус тэр хоёрын харьцаанд байв. Глушко өмнө нь Королевийг Хрушевт муулж байсан бол одоо Брежневээс холдуулахыг оролдож, түүний амжилтад атаархаж байв. Саранд хүрэх эсэх нь пуужингийн хөдөлгүүрээс хамаарна. Вон Браун хөдөлгүүр дотор жижиг оврын дэлбэлэх төхөөрөмж суурилуулж, түлшний шаталтын тогтворгүй байдлыг зориудаар үүсгэх хэтэрхий шийдэмгий туршилт хийжээ. Хэрэв энэ дэлбэрэлтэд хөдөлгүүр тэсч үлдвэл асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Гэвч туршилт амжилтгүй болжээ. Ард түмний татварын мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж байна гэх мэтээр Вон Брауны эсрэг хэл ам гарах болж, түүнийг шоглосон дуу ч зохиогдов.


Вон Браун хэдэн сая доллар зарцуулж, эд ангиудыг сайжруулан олон дахин туршилт хийсний эцэст амжилтад хүрчээ. Гэхдээ шаталт тогтворгүй явагдаж байгаагийн шалтгаан тодорхойгүй хэвээр байв. 1965 оны 3 сарын 18-нд Вон Брауны болгоомжилж байсан зүйл биелэлээ олж, өрсөлдөгч нь түүхэнд анх удаа хийсэн амжилтын жагсаалтаа нэгээр нэмэгдүүлэв. Зөвлөлтийн сансарын нисгэгч Алексей Леонов анх удаа задгай сансарт гарчээ. Королев ч энэ амжилт улс төрчдөд нөлөөлж, саранд хүрэх төсөлд хөрөнгө, мөнгө гаргана гэж найдаж байв. Харин Леонов хөлөгтөө эргэн орох үед түүний хувцас хөөж, томорсноос гараа ч атгаж чадахгүй болсон байна. Королевийн зөвлөсний дагуу хувцас доторхи агаарыг бага зэрэг гадагшлуулж, 12 минут оролдсоны эцэст хөлөгтөө орж чаджээ. Түүний задгай сансарт өнгөрүүлсэн нийт хугацаа 23 минут 41 секунд байв.

Тухайн үед вьетнамын дайны гал өргөжиж, америк даяар эсэргүүцлийн дуу хоолой цууриатаж байв. Вон Браун эсэргүүцлийн хөдөлгөөн сансарын технологийн хөгжүүлэлтэд чиглэхээс болгоомжилж байсан бол Королев өрсөлдөгчийнхөө хөрөнгө санхүүжилтийн чөлөөт байдалд атаархаж байсан юм. НАСА зөвхөн 1965 онд гэхэд л 5 тэрбум долларын төсөвтэй байжээ. Сатурн пуужингийн эд ангиудыг үйлдвэрлэхэд америк даяараа хүчин зүтгэж, нисгэгчид ч саран дээр газардах бэлтгэлээ хангаж байв. 1965 оны 5-р сард Королев чихэнд чимэгтэй мэдээ дуулав. Октябрийн хувьсгалын 50 жилийн ойд зориулан 3 жилийн дотор зөвлөлтчүүд саранд хүрэхээр төлөвлөжээ. Гэхдээ олдсон төсвийн хэмжээ Эн-1 пуужинг бүтээх зардлын хагаст л хүрэх байв. Харин шинэ пуужингийн хөдөлгүүрийг Глушкогийн оронд Николай Кузнецов хариуцах болсон байна.


Королев нар хангалттай түлхэлтийн хүчийг үүсгэхийн тулд пуужингийн эхний шатанд 24 хөдөлгүүр угсрахаар шийджээ. Америкчууд дөнгөж 5 хөдөлгүүрийг удирдах гэж ядаж байхад 24 хөдөлгүүр маш хэцүү. Хөдөлгүүр бүтээж байх явцад Королев капсулын загварыг бүтээсэн байна. 6500 кг жинтэй Союз хөлгийн капсул 3 нисэгчийг тээвэрлэхээс гадна жолоодох боломжоороо Востокоос ялгагдана. Эхний үед капсулын бүхээгний хэмжээг хэтэрхий давчуу байхаар төлөвлөсөн байна. Харин шалан дээр тойрог зурж, хариуцсан залуу зохион бүтээгчийг өөрийг нь зогсоож үзүүлсний дараа хэмжээг томруулж, Восток хөлгийнхөөс 2 дахин их болгожээ. Саранд хүрэх сансарын нисгэгчээр Леонов, Гагарин, Комаров нар сонгогдоод байв. Гэвч нисгэгчдэд капсулыг танилцуулсны дараа Королев зүрхний хүчтэй өвдөлтийг мэдэрчээ. Гэрээр эмчилгээ хийлгэх зөвлөгөөг эмчээс авсан түүнийг 20 жил туслах хийсэн Василий Мишин орлох болов.

Харин НАСА Жэмини хэмээх сансарын шинэ хөлөг бүтээж, 2 сарын зайтай жолоодлогот нислэгийг 2 ч удаа амжилттай үйлдэв. Задгай сансарт гарах, хөлгүүдийг залгах туршилт хийж, сансарт 2 долоо хоног байрлан дээд амжилт тогтоосон байна. Ийнхүү саранд хүрэх америкчуудын эхний алхамууд амжилттай хийгдэж эхэлжээ. 1966 оны 1 сарын 14-нд Кремлийн эмнэлэгт зүрхний булчингийн ургац авах мэс засал хийх үед Королевт хавдар илрэв. Тэрээр мэс заслын дараа ухаан оролгүй байсаар зүрх нь зогсчээ. Засан хүмүүжүүлэх газрын хүнд хүчир нөхцөл, сансарын хөгжүүлэлтийн олон жилийн амралтгүй хөдөлмөрт бүхий л боломжоо аль хэдийн шавхсан байв. 3 хоногийн дараа 20 жил нууцласан түүний нэрийг дэлхий даяар зарлажээ. Нэгэн цагт хоригдол байсан хүнийг зөвлөлтийн ард түмний баатрын ёсоор Кремлийн хананд оршуулсан байна.


Тэр үед Кэйв Канаверал хошуунд байрлах дэлхийн хамгийн том үйлдвэрт аварга Сатурн 5 пуужингийн угсралт явагдаж байв. 1967 оны 1 сарын 17-нд НАСА Аполло төслийн бэлтгэл ажлыг бараг дуусгаж, газар дахь хамгийн сүүлчийн туршилт хийхээр 3 нисгэгч капсулд орсон байна. Гэвч осол болж, чөлөөт хүчилтөрөгчийн нөлөөгөөр капсул бүхэлдээ галд автжээ. Амеркчуудыг цочирдуулсан ослын дараа НАСА капсулыг дахин шинэчлэх шаардлагатай болов. Түүнээс хойш 3 сарын дараа Зөвлөлтөд Союз хөлгийн туршилтын нислэг хийжээ. Хөлөг тойрог замд орох үед нарны панел нээгдээгүйгээс хүч хүрэлцэхгүй болж, нисгэгч Комаровын амь нас аюулд учрав. Энэ үйл явдал Королевийг залгамжилсан Василий Мишины хувьд томоохон сорилт болно. Тэрээр зөвхөн шаардлагатай системийг үлдээж, бусад бүх товчлуурыг унтраах үүрэг өгсөн байна. Гэвч хөлөг дэлхийг 13 тойрсны дараа агаар мандалд автоматаар оруулах системд гэмтэл гарчээ.

Эцсийн арга гар жолоодлого боловч бас л найдваргүйд тооцогдож, сансарын нисгэгч Комаровын эхнэрийг салах ёс гүйцэтгүүлэхээр нислэгийг удирдах төвд дуудсан байна. Сансарын нисгэгч хөлгөө жолоодон агаар мандалд амжилттай орсон боловч Союз хөлгийн шүхэр дэлгэгдээгүйгээс газарт унаж нас баржээ. Нэгэн зэрэг гурван алдаа гаргасан Мишин хувьсгалын 50 жилийн ойн жилд багтаж саранд хүрэх боломжгүй хэмээн намын төв хороонд илтгэв. Харин сансарын нисгэгчид амь насаараа дэнчин тавьж, саранд хүрч чадах тухайгаа илэрхийлсэн ч удирдлагуудаас ямар ч хариу өгөөгүй байна. Мишин уг ослын дараагаас эхлэн согтууруулах ундаа ихээр хэрэглэх болсон гэдэг. 2 сарын дараа Гагарин нисэх онгоцны дадлагын нислэгийн үед тохиолдсон ослоор амь үрэгдэв. Королев, дараа нь Гагарины үхэл нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж, зөвлөлтийн сансарын технологийн хөгжүүлэлт зогсонги байдалд орох эрсдэл учирсан юм.


Тэгвэл америкт Сатурн пуужинг сансарт хөөргөх туршилт эхлэж байв. Энэ удаад сансарын нисгэгч суулгаагүй хоосон капсулыг тойрог замд оруулна. 1968 оны 4 сарын 4-ний өдөр, аюулгүйн үүднээс хэвлэл мэдээллийнхнийг 6 км зайд байрлуулжээ. 36 давхар барилгатай тэнцэх өндөр, өмнөх байгаагүй аварга том Сатурн 5 пуужин цөмийн бөмбөгийг эс тооцвол түүхэн дэх хамгийн их тэсрэлтийн дуу чимээг үүсгэн хөөрөв. Пуужин хөөрөх үед үүссэн чичирхийллийг америкийн нутаг дэвсгэрт байрлах газар хөдлөлтийн бүхий л төхөөрөмжүүд бүртгэж авчээ. Хөөрснөөс хойш 125 минутад их биед бага зэргийн чичиргээ мэдрэгдэж, дараа нь 2-р шат салах явц бага зэрэг саатсан ч пуужин капсулыг тойрог замд амжилттай оруулав. Гэхдээ өмнөх ослын дараах сайжруулалт дуусаагүй нөхцөлд хүн суулгаж хөөргөх боломжгүй.

Тэр үед Кузнецовыг хөдөлгүүрийн хүчний асуудал зовоож байв. Шаардлагатай хүчийг үүсгэхийн тулд хөдөлгүүрийн тоог нэмэхээс өөр аргагүй болж, эхний шатны хөдөлгүүрийн тоо 30-д хүрсэн байна. Мөн Королевтой сөргөлдөж байсан Глушко ч бас Кузнецовыг эсэргүүцэж байв. Өмнө нь өөрийн бүтээж байсан РД-23 хөдөлгүүрийг ашиглан, Эн 1-ийн хөдөлгүүрийн зураг төслийг тэгээс эхлүүлэх шаардлагатай гэжээ. Глушкогийн эсэргүүцлийг үл тоон Королевийн мөрөөдлийн биелэл болох учиртай Эн 1 пуужин хөөргөх тавцанд хүрсэн боловч их биед цууралт илэрч, эхний туршилт хойшлов. Энэ үед оросууд тухайн ондоо багтаан саран дээр газардах гэж байгаа тухай Си Ай Эй-гийн мэдээлэл америкчүүдэд хүрчээ. Хиймэл дагуулаас авсан зурагт Сатурнтай дүйцэх хэмжээний пуужин дүрслэгдсэн байв. Иймд дараагийн нислэг хийхээр төлөвлөж буй Аполло 8 хөлгийг сарны тойрог замд оруулахаар шийджээ. Харин Королевийг алдсан зөвлөлт улсын сансарын технологи уналтын босгыг алхаж байв. 1968 оны 11 сард Мишинд үл итгэсэн сансарын нисгэгчид түүнийг алгасан 12 сарын эхээр саранд хүрэх жолоодлогт нислэг хийх боломжтой тухайгаа намын удирдлагуудад илтгэсэн боловч тэдний хүсэл биелсэнгүй.

1968 оны 12 сарын 21-нд, хөдөлгүүрийн чичиргээний асуудал бүрэн шийдэгдээгүй нөхцөлд америкчууд сарыг тойрон эргэх 3 нисгэгчийг сансарт хөөргөв. Пуужингийн 2-р шат амжилттай салж, сарыг чиглэх тийрэлтэт хөдөлгүүр ажиллагаанд залгагджээ. Сансарын 3 нисгэгч 380 мянган км зам туулж, сарны тойрог замд оров. Тэд Крисмасын баярын өмнөх өдөр сарны гадаргыг анх удаа өөрсдийн нүдээр харжээ. Аполло 8 хөлөг сарны эсрэг талд орох үед дэлхийтэй холбоо тасарна. Сарны эсрэг талаас гарч ирсэн нисгэгчид хүн төрөлхтөн хэзээ ч харж байгаагүй дэлхийн шинэ төрхийг тольджээ. Сарны гадаргын хязгаараас дэлхий мандаж байв. Сансарын нисгэгчид үзэсгэлэн төгөлдөр дэлхий ертөнцөд амьдрагсдад крисмасын баяр хүргэж, бурханы авралд багтахыг хүсэн ерөөв. 12 сарын 27-нд Аполло 8 хөлгийн нисгэгчид сарны гадаргад 110 км ойртсон байв. Дараагийн нислэгээр анхны хүн сарны гадарга дээр газардах болно.


1969 оны 7 сарын 3, америкчууд саранд хүрэхээс 17 хоногийн өмнө Эн 1 пуужинг хөөргөж, саранд хүрэх хөлгийг хүнгүйгээр нисгэх туршилт хийхээр төлөвлөжээ. Пуужин амжилттай хөөрхийн тулд 30 хөдөлгүүр нэгэн зэрэг асах ёстой. Гэвч туршилт бүтэлгүйтэж, пуужингийн түүхэнд тохиолдсон хамгийн том дэлбэрэлтийн ул мөр атомын бөмбөгнийхөөс ялгагдхааргүй байв. Пуужингийн үлдэгдлүүд 10 км тойрогт цацагдсан байна. Дэлбэрэлтийн шалтгаан ганц ширхэг эрэг (болт) түлшний насосонд сорогдсоноос болжээ. 20 жилийн турш нууцлагдсан уг ослоор Мишиний сансарын карьер төгсгөл болов. Тэгвэл америкчууд саранд хүрэх бэлтгэл ажлын хамгийн сүүлчийнх болох төрийн далбааны сонголт хийж байв. Аль нэгэн компаний бүтээсэн далбаа саран дээр мандаж байгаа нь сурталчилгаанд ашиглагдан зүй бусаар ашиг олохоос сэргийлэх зорилгоор сонголтыг нууцласан байна. 1969 оны 7 сарын 16-нд Нил Армстронг, Баз Олдринг, Майкл Коллинз нар Аполло 11 хөлгөөр саранд хүрэх нислэг эхлэхэд бэлэн болоод байв.

Нислэгийн явцыг ажиглахаар Кэйв Канаверал хошуунд 1 сая гаруй хүн цугласан бол дэлхий даяар 5 тэрбум хүн догдлон хүлээж байв. Аполло 11 хөлөг дэлхийн тойрог замд орох эсэх нь Сатурн пуужингийн үндсэн хөдөлгүүрийн эхний 150 секундын ажиллагаанаас хамаарна. 4 хоногийн дараа, Вон Браун пуужингийн технологийн хамт америкт ирснээс хойш 25 жилийн дараа түүний амьдралын туршид тээсэн мөрөөдөл биелэл болох гэж байв. Сарны тойрог замд орсны дараа эх хөлөгт Майкл Коллинз үлдэж, Нил Армстронг, Баз Олдринг нар буугч хөлгөөр сарны гадаргыг чиглэн урууджээ. Саран дээр түрүүлэн хөл тавьсан Нил Армстронг "нэг хүний хувьд жижиг алхам боловч хүн төрөлхтөнд томоохон дэвшил боллоо"  хэмээв. Америкийн сансарын 2 нисгэгчийг саран дээр байх үед зөвлөлтийн станц тэдний дээгүүр нисэн өнгөрч, цаахна байх "хямралын тэнгис"-т унажээ. Вон Браун түүнээс хойш 5 удаагийн нислэгээр саран дээр дахин 5 удаа хүн амжилттай газардуулав. Гэхдээ бусад гаригт хүрэх сансарын аялал биелэл болж амжаагүй юм.


Вон Браун 1972 онд НАСА-гаас гарч, 5 жилийн дараа нас баржээ. Харин Сергей Королевийн үйл хэрэг үргэлжилсээр байна. Түүний бүтээсэн Р7 пуужин, Союз капсул Оросын сансарын нислэгт өдийг хүртэл ашиглагдсаар байгаа юм.

эх сурвалж, BBC Space Race

Стап эс - шинжлэх ухаанд тэрсэлсэн шинэ нээлт

Япон улсын Дэвшилтэт Биологийн Судалгааны Рикен Төвийн судлаачдын баг шинжлэх ухааны тогтсон ойлголтыг эвдэж, үүдэл эс үүсгэх хялбар аргыг нээсэн тухай мэдээллээ. Биеийн янз бүрийн эст хувирах чадвартай Стап (STAP; Stimulus-Triggered Acquisition of Pluripotency cells) хэмээн нэрлэгдсэн уг эсийг Ай Пи Эс эстэй харьцуулахад илүү богино хугацаанд бий болгох, мөн генийн оролцоо шаардлагагүй учир хорт хавдар үүсгэх эрсдэлгүйгээрээ давуутай юм. Судлаачид хулганы тунгалагийн эсийг сул хүчиллэг орчинд 30 минут хугацаанд үржүүлэхэд долоо хоногийн дараа үүдэл эс болон хувирсан байна. Тэгвэл Ай Пи Эс эсийг бүтээхэд 2 - 3 долоо хоногийн хугацаа шаарддаг.

Үүдэл эсийн янз бүрийн эст хувирах чадвар нь эсийн хэмжээнээс хамаарч байж магадгүй хэмээх таамаглал судалгааны багийн ахлагч Обоката Харуког Харвардын их сургуульд суралцаж байх үед төржээ. Тэрээр эсүүдийг нарийн шилэн хоолойгоор дамжуулж туршихад зарим эсүүд үүдэл эст хувирч байв. Тогтсон ойлголтоор бол хоолойд орохын өмнөх эсүүд дунд үүдэл эс холилдсон байх магадлал өндөр. Гэвч нарийн хоолойг туулах үед стрест орсон эсүүд үүдэл эс болон хувирч байгааг олон удаагийн туршилтын үр дүнд тогтоожээ. Улмаар эст цочрол өгөх орчинг өөрчлөн янз бүрийн шингэнд оруулж туршсанаар сул хүчиллэг орчинд үүдэл эс үүсэх явц хамгийн өндөр үр ашигтай байгааг илрүүлсэн байна. Мөн Стап эсээс хулганы үр хөврөл үүсгэж, зүрх нь цохилох бүрэн хэмжээний ураг болтол хөгжүүлжээ.



Обоката судалгааны үр дүнг нэгтгэсэн өгүүллийг Начур сэтгүүлд илгээсэн боловч "Эсийн биологийн хэдэн зуун жилийн түүхийг үгүйсгэж байна" хэмээн хэвлэхээс татгалзсан хариу авчээ. Нэгэнт төрөлжсөн эс үүдэл эст буцаж хувирах явдал ургамлын эст байдаг боловч, амьтны эст боломжгүй гэгдэж байв. Иймд дөнгөж хорин хэдэн настай залуу судлаач шинжлэх ухааныг орвонгоор нь эргүүлэх нээлт хийсэн гэдэгт түүний ойролцоох эрдэмтэд ч эргэлзэж байсан гэдэг. Харин 5 жил гаруй хугацаанд туршилтаа давтан хийж, баталгаатай өгөгдлүүдийг цуглуулсны дараа сая л Начур сэтгүүл нээлтийг хүлээн зөвшөөрч, өнгөрөгч 1-р сарын сүүлчээр нийтлэсэн байна.

Стап эс нь цаашид нөхөн сэргээх эмчилгээнд ашиглагдах найдварыг ихээхэн төрүүлж байгаа юм. Гэхдээ одоогоор байдлаар цочролын улмаас үүдэл эст хувирах процесийн мөн чанар тодорхой болоогүй байна. Мөн үүдэл эсийг зөвхөн төрөөд удаагүй байгаа гөлчгийн эсээс үүсгэж байгаа бөгөөд насанд хүрсэн хулганы эсээс үүсгэх оролдлого амжилт олохгүй байна. Амьтны биед хийгдсэн туршилт, судалгааны үр дүн хүний биед адил нөлөөлөл үзүүлэхгүй байх тохиолдол элбэг байдаг. Иймд дөнгөж эхлэлийн шатанд байгаа ийм төрлийн судалгаа бодит хэрэглээнд нэвтрэх хүртлээ багагүй хугацаа зарцуулна.

Харин Харвардын их сургуулийн профессор Чарльз Вакантигийн удирдсан судалгааны баг хүний Стап эсийг үүсгэсэн байж магадгүй тухай мэдээлэл 3 хоногийн өмнөөс гараад байна. Судлаачид нярайн арьсны салстын эсийг Обокатагийн аргачлалын адил сул хүчиллэг орчинд оруулж туршихад хулганы Стап эстэй адил шинж чанар бүхий эсүүд үүссэн байна. Мөн нугасны гэмтэл бүхий сармагчинд Стап эсийг амжилттай суулгаж, эдгэрүүлсэн гэжээ. Гэхдээ энэ судалгааны баталгаатай үр дүн хараахан гараагүй байгаа юм. Шинжлэх ухааны онцлог нээлтүүд, ач холбогдол бүхий судалгаа хийсэн эрдэмтэд тэргүүлэх байр сууриа алдахгүйн үүднээс баталгаатай үр дүн гарахаас нь өмнө ийнхүү мэдээлэх тохиолдол элбэг байдаг ажээ.


Чөлөөт цагаараа гэртээ тэжээдэг яст мэлхийгээ арчилж, дэлгүүр хэсч, ном унших дуртай жирийн нэгэн хэмээн өөрийгөө тодорхойлсон Обоката 29 насандаа судалгааны багийг тэргүүлэхээс гадна амьтанг (долли хонь) хамгийн анх амжилттай хувилсан Иэн Вилмут, Ай Пи Эс эсийн судалгаагаар нобелийн шагнал хүртсэн Яманака Шинья нартай эн зэрэгцэх нээлтийг дөнгөж 30 насандаа хийсэн гэгдэж, япончуудын шинэ бахархлаар яахын аргагүй тодорч байна. Дашрамд дурдахад түүний туршилт хийх үедээ өмсдөг гал тогооны зориулалт бүхий цагаан өнгөтэй хормогч (халаад)-ны борлуулалт томоохон дэлгүүрүүдэд 3 - 5 дахин нэмэгдсэн байна.


эх сурвалж, NHK

Хүний хувьслын ирээдүйн хачирхалтай 10 хувилбар

Уран зөгнөлт кинонд дүрслэгддэг алс ирээдүйн хүмүүсийн дүр төрх одоогийн биднээс ялгагддаггүй. Гэхдээ бид киборг болон хувирах, ДНХ-г өөрчлөх технологийг аль хэдийн гартаа оруулж эхлээд байгаа билээ. Энэ нь бидэнд өөрсдийгөө дахин нээх хязгааргүй боломжийг өгнө. Хүн төрөлхтөнг цаашид ямархуу мутаци, хувьсал хүлээж байгаа бол. Бидний өнгөрсөн түүх хувьсалд захирагдаж ирсэн бол ирээдүйд бид түүнийг захирах болно. Бага зэрэг аймшигтай санагдаж магадгүй хүний хувьслын ирээдүйн хачирхалтай 10 хувилбарыг танилцуулж байна.


1. Сайн дурын ухралт
Та зөвхөн хувьслын тухай бодож байгаа бол эндүүрэл болно. Учир нь жагсаалт "ухралт"-аас эхэлж байна. Ирээдүйн хүмүүс хязгааргүй хөгжсөн технологи ашиглан хүн төрөлхтөнг хүн үүсэхээс өмнөх байдалд нь эргүүлэн оруулна. Учир нь хүн амьтны бусад төрөл зүйл, байгаль орчин, эх дэлхийдээ туйлын балагтай амьтан тул хувьслын аюул заналгүй эхлэлийн шатанд аваачиж, дахин иргэншил үүсгэснээр олон асуудал шийдвэрлэгдэх боломжтой. Энэ нь "дэвшил бол хүний боломжийн өсөлт болон түүний зориудын сайжруулалтаас гадна ухралтаас ч бас давхар хамаарах ёстой" хэмээх хэт өндөр технологи бүхий дээд иргэншлийг эсэргүүцэгчдийн үзэл бодлоос үүдэлтэй таамаглал юм. Эцсийн шатанд иргэншил устгаж, бид бүгдээр ширэнгэн ойдоо буцацгаана.


2. Сайн дурын мөхөл
Ухралт хэтэрхий зөөлөн арга, ерөөсөө хүнийг ул мөргүй устгаж орхиё гэх сөрөг бодолтой хүн байхгүй гэж бодож байна уу. Хэдийгээр хамрах хүрээгээр бага боловч "хүн төрөлхтөнг устгах хөдөлгөөн" зарим улсад өрнөсөөр байна. Энэ хөдөлгөөн дэлхийн ирээдүйн төлөө хүн төрөлхтөнг зориудаар мөхөөх нь зөв гэж, үүний төлөө "үр удмаа үлдээдэг байдлаа зогсооцгооё" хэмээн уриалж байна. Хүн дэлхийгээс алга болвол амьтны бусад төрөл зүйл өөрийн жамаар төрж үхэж, хувьсан өөрчлөгдөнө. Ийм үзэл бодолд итгэх хүмүүсээс гадна хүнийг үзэн ядалгүйгээр мөхөлд хүргэх "эелдэг" хөдөлгөөн өрнүүлэхийг хүсч буй хүмүүс бас бий. Тэдний уриа бол "бүгдээрээ урт наслаж, жаргалтай амьдралаар дуусцгаая".


3. Дахин загварчилсан эко хүн
Ухралт, мөхөл арай хэрцгий санагдаж байгаа бол хүнийг өөрчилж, дэлхийд ээлтэй амьтан болгоё. Мэтью Лиао нарын философчидийн "хүний инженерчлэл болон цаг уурын өөрчлөлт" өгүүлэл хүний биеийг өөрчилж, махан тэжээл хэрэглэдэггүй болгох, харах мэдрэмжийг мууртай төстэй болгон гэрэлтүүлгийн хэрэглээг эрс буруулах, эрэгтэй хүний биеийг 21%, эмэгтэй хүний биеийг 25% хүртэл тус тус жижигрүүлэн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлийг бүрэн арилгах зоримог санааг агуулж байна. Мөн хүний ухамсарын түвшинг дээшлүүлэх замаар бусдад санаа тавьдаг, энэрэнгүй үзэлтэй болгож, байгальтай илүү зохицсон хүн бий болгох тухай дурджээ.


4. Генийн өөрчлөлттэй хүн
Бусад амьтдын онцлог шинжийг хуулбарлан авч, тун шийдэмгийгээр хүний генитэй хольж орхиё. Гени өөрчлөх технологи ашиглавал хүний бие бусад амьтадтай эрлийзжиж, хязгааргүй боломжийг гартаа оруулна. Нохойн үнэрлэх, сонсох мэдрэмж төгс хөгжсөн, шөнө муур шиг сайн хардаг амьтан үгүй, шимпанзийн ой тогтоолт хүнээс хол давдаг, шувууны харах мэдрэмж ямар ч амьтныг дагуулдаггүй гэдэг. Тэгвэл бүргэдийн нүдтэй, гүрвэлийн хайрстай, халим мэт шумбах чадвартай олон хүн бий болно. Мартсанаас муурны чих ч бас муугүй сонголт шүү.


5. Аварга тархитай наймаалжин хүн
Хүний зөвхөн тархи нь хөгжиж, бие нь давжаарсаар наймаалж шиг хэлбэртэй болон хувирах тухай онол дээр үеэс оршсоор ирсэн. Херберт Уэлсийн 1893 онд бүтээсэн "Сая жилийн хүн" зохиолд технологиос хэт их хамааралтай болсон хүний бие жижгэрч, тархи нь томорно гэж бичсэн байдаг. Тэгвэл энэ санаа бодит байдалд биелэх магадлал хэр өндөр бол. Дарвины "хувьслын онол"-оор өдөр тутам хэрэглэдэггүй эрхтэн, биеийн хэсэг аажим устана гэдэг. Гэтэл өнөөдрийн хүн "бодож сэтгэх" ажиллагааг компьютерт бага багаар даатгаж байгааг тооцож үзвэл тархи хэд дахин томроно гэдэгт үл итгэх сэтгэл төрнө. Гэхдээ өнөөгийн цагаан арьст америкчүүдийн толгойн хэмжээ жил бүр томорч байгаа нь судалгаагаар нотлогддог гэсэн шүү.


6. Бүлийн оюун санаа
Энэ нь хүмүүсийн оюун ухааныг ямар нэгэн аргаар хооронд нь холбож, шоргоолж, зөгий шиг бүлээр амьдрах шавьж мэт болгох хувилбар. Зөгнөлт зохиолд дүрслэгдсэн жишээ нь "Оддын аялал" цувралын Борг юм. Ийм нөхцөлд хүний хувийн бодол санаа оршин байхгүй бөгөөд бүхий л үйлдэл бүлийн шаардлагын дагуу, эсвэл хатан зөгий мэт хэн нэгний тушаалын дагуу хийгдэнэ. 20-р зууны сүүлийн хагаст үзэгдсэн дарангуйлан захирах (тоталитар) дэглэм бүлийн оюун санаатай төстэй боловч бодит байдалд түүнийг хэрэгжүүлэх технологи байгаагүй нь олон үндэстний хувьд аз болсон. Гэхдээ цаашид, алс ирээдүйд юу болох бол. Наноробот, тархинд суулгах төхөөрөмжийг ашиглан хүний бодол санаа, үйлдлийг захирах технологи аль хэдийн, хаа нэгтээ нууцаар хийгдэж эхэлсэн ч байж магадгүй.


7. Хүйсийн нэгдэл
Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн үр дүнд эрэгтэй, эмэгтэй эсэхээс хамааралгүйгээр үр удмаа үлдээх чадвар эзэмшвэл хүйсээр ялгагдах шаардлагагүй болно. Хүйсгүй шинэ хүн эрэгтэй, эмэгтэйн аль алины давуу талыг шингээж, аль нэгнийх нь шинж давамгайлах байдал үгүй болно. Бас ирээдүйд эрэгтэй ч биш, эмэгтэй ч биш гуравдагч хүйс бий болж, тухайн нөхцөл байдлаас хамааран аль нэгэнд нь шилжих чадвартай хүн бий болж магадгүй гэсэн таамаглал бий. Өнөөгийн ямар ч хүний бие үржлийн эрхтнүүдийг эс тооцвол эр, эм шинжийг давхар агуулж, гол ялгааг дааврын систем зохицуулж байдгийг дурдахад илүүдэхгүй биз ээ.


8. Гениэр жолоодох хүний биеийн засвар
Генетикийн шинжлэх ухааны хөгжил эцэг эхчүүдэд төрүүлэх хүүхдийнхээ бие махбодийн онцлогийг урьдчилан сонгох боломж олгоно. Мөн генийн эмчилгээний технологи хөгжиж, хүний биеийн гениэс хамаарах онцлогуудыг төрсний дараа ч өөрчлөх боломжтой болно. Гэхдээ иймэрхий генийн жолоодлого онцлог салбарт ашиг олох зорилгоор хийгдвэл хүний биеийн засварлалтын ширүүн өрсөлдөөн явагдана. Спортоор жишээ авбал сагсан бөмбөгийн тамирчид биеийн өндрөөр, усанд сэлэлтийн тамирчид дөрвөн мөчний уртаар тус тус өрсөлдөнө. Мөн шинжлэх ухааны оролцоогүйгээр байж боломгүй хэлбэр бүхий хүн ч бүтээгдэж магадгүй.


9. Сансарт зохицсон хүн
Хүн бүхний мэдэж байгаагаар одоогийн бидний бие сансарын орчинд амьд үлдэх боломжгүй. Иймд сансарт чөлөөтэй зорчих чадвар бүхий бие бялдартай болвол зохилтой. Энэ талаархи эрдэмтдийн санаа ч тун зоримог. Нанотехнологийн шинжээч Роберт Прэйдас хүнийг уушиггүй, улмаар амьсгалах шаардлагагүй болно гэсэн бол Рэй Курцвэйл ирээдүйд хүний биеийн эсүүдийг энергиэр хангах наноробот бүтээгдэх тул хооллох шаардлагагүй болно хэмээн таамаглажээ. Генийн судалгаагар нэрд гарсан Грег Вэнтэр тээврийн хэрэгслээр зорчих үед дотор муухайрдаг явдлыг арилгахын тулд дотоод чихний өөрчлөлт, яс нөхөн сэргээх генийн, цацраг туяанаас хамгаалах ДНХ-ийн засварын судалгааг тус тус хийхийг уриалж байна. Мөн хүнийг жингүйдлийн нөхцөлд чөлөөтэй хөдлөж чадах мэлхий хэлбэртэй болвол дээр гэх мэтийн санаа ч бас бий. Ер нь бидэнд тэгтлээ их сансарт тэмүүлэх шаардлага бий бил үү.


10. Тархины мэдээлэл
Хүний тархины бүхий л мэдээллийг компьютерт шилжүүлж, бие хүн зөвхөн түүн дотор л оршин байна. Зах зээлийн таамаглалаар мэргэшсэн эдийн засагч Робин Хансон хүмүүсийн тархины олон тооны хуулбар хийж, олон янзын үйлдлийг нэгэн зэрэг хийх боломжтой болно хэмээн таамаглажээ. Өөр нэгэн хувилбараар бол компьютер доторхи тархи цаг хугацааны харьцангуй хурдыг удирдаж чадна. Тухайлбал цагийн зүүний эргэлтийг удаашруулах замаар уул өөд өгсөх, уруудах мэтийн геологийн орон зайг богиносгож, орчноо өөрчилж чадна. Мөн бодит ертөнцөд байгаа робот биеэс өөр робот биед шилжиж, хэлбэр дүрсээ өөрчилнө. Тэр ч байтугай хийсвэр ертөнцөд орж, бодит байдалд байж боломжгүй өөр хэмжээст орон зай, цоо шинэ үзэгдлийн гэрч болж чадна. Матрикс киноны Неогийн адил сумнаас бултана гээд төсөөлөөд үз дээ.


эх сурвалж, kotaku