Япон улсын Дэвшилтэт Биологийн Судалгааны Рикен Төвийн судлаачдын баг шинжлэх ухааны тогтсон ойлголтыг эвдэж, үүдэл эс үүсгэх хялбар аргыг нээсэн тухай мэдээллээ. Биеийн янз бүрийн эст хувирах чадвартай Стап (STAP; Stimulus-Triggered Acquisition of Pluripotency cells) хэмээн нэрлэгдсэн уг эсийг Ай Пи Эс эстэй харьцуулахад илүү богино хугацаанд бий болгох, мөн генийн оролцоо шаардлагагүй учир хорт хавдар үүсгэх эрсдэлгүйгээрээ давуутай юм. Судлаачид хулганы тунгалагийн эсийг сул хүчиллэг орчинд 30 минут хугацаанд үржүүлэхэд долоо хоногийн дараа үүдэл эс болон хувирсан байна. Тэгвэл Ай Пи Эс эсийг бүтээхэд 2 - 3 долоо хоногийн хугацаа шаарддаг.
Үүдэл эсийн янз бүрийн эст хувирах чадвар нь эсийн хэмжээнээс хамаарч байж магадгүй хэмээх таамаглал судалгааны багийн ахлагч Обоката Харуког Харвардын их сургуульд суралцаж байх үед төржээ. Тэрээр эсүүдийг нарийн шилэн хоолойгоор дамжуулж туршихад зарим эсүүд үүдэл эст хувирч байв. Тогтсон ойлголтоор бол хоолойд орохын өмнөх эсүүд дунд үүдэл эс холилдсон байх магадлал өндөр. Гэвч нарийн хоолойг туулах үед стрест орсон эсүүд үүдэл эс болон хувирч байгааг олон удаагийн туршилтын үр дүнд тогтоожээ. Улмаар эст цочрол өгөх орчинг өөрчлөн янз бүрийн шингэнд оруулж туршсанаар сул хүчиллэг орчинд үүдэл эс үүсэх явц хамгийн өндөр үр ашигтай байгааг илрүүлсэн байна. Мөн Стап эсээс хулганы үр хөврөл үүсгэж, зүрх нь цохилох бүрэн хэмжээний ураг болтол хөгжүүлжээ.
Обоката судалгааны үр дүнг нэгтгэсэн өгүүллийг Начур сэтгүүлд илгээсэн боловч "Эсийн биологийн хэдэн зуун жилийн түүхийг үгүйсгэж байна" хэмээн хэвлэхээс татгалзсан хариу авчээ. Нэгэнт төрөлжсөн эс үүдэл эст буцаж хувирах явдал ургамлын эст байдаг боловч, амьтны эст боломжгүй гэгдэж байв. Иймд дөнгөж хорин хэдэн настай залуу судлаач шинжлэх ухааныг орвонгоор нь эргүүлэх нээлт хийсэн гэдэгт түүний ойролцоох эрдэмтэд ч эргэлзэж байсан гэдэг. Харин 5 жил гаруй хугацаанд туршилтаа давтан хийж, баталгаатай өгөгдлүүдийг цуглуулсны дараа сая л Начур сэтгүүл нээлтийг хүлээн зөвшөөрч, өнгөрөгч 1-р сарын сүүлчээр нийтлэсэн байна.
Стап эс нь цаашид нөхөн сэргээх эмчилгээнд ашиглагдах найдварыг ихээхэн төрүүлж байгаа юм. Гэхдээ одоогоор байдлаар цочролын улмаас үүдэл эст хувирах процесийн мөн чанар тодорхой болоогүй байна. Мөн үүдэл эсийг зөвхөн төрөөд удаагүй байгаа гөлчгийн эсээс үүсгэж байгаа бөгөөд насанд хүрсэн хулганы эсээс үүсгэх оролдлого амжилт олохгүй байна. Амьтны биед хийгдсэн туршилт, судалгааны үр дүн хүний биед адил нөлөөлөл үзүүлэхгүй байх тохиолдол элбэг байдаг. Иймд дөнгөж эхлэлийн шатанд байгаа ийм төрлийн судалгаа бодит хэрэглээнд нэвтрэх хүртлээ багагүй хугацаа зарцуулна.
Харин Харвардын их сургуулийн профессор Чарльз Вакантигийн удирдсан судалгааны баг хүний Стап эсийг үүсгэсэн байж магадгүй тухай мэдээлэл 3 хоногийн өмнөөс гараад байна. Судлаачид нярайн арьсны салстын эсийг Обокатагийн аргачлалын адил сул хүчиллэг орчинд оруулж туршихад хулганы Стап эстэй адил шинж чанар бүхий эсүүд үүссэн байна. Мөн нугасны гэмтэл бүхий сармагчинд Стап эсийг амжилттай суулгаж, эдгэрүүлсэн гэжээ. Гэхдээ энэ судалгааны баталгаатай үр дүн хараахан гараагүй байгаа юм. Шинжлэх ухааны онцлог нээлтүүд, ач холбогдол бүхий судалгаа хийсэн эрдэмтэд тэргүүлэх байр сууриа алдахгүйн үүднээс баталгаатай үр дүн гарахаас нь өмнө ийнхүү мэдээлэх тохиолдол элбэг байдаг ажээ.
Чөлөөт цагаараа гэртээ тэжээдэг яст мэлхийгээ арчилж, дэлгүүр хэсч, ном унших дуртай жирийн нэгэн хэмээн өөрийгөө тодорхойлсон Обоката 29 насандаа судалгааны багийг тэргүүлэхээс гадна амьтанг (долли хонь) хамгийн анх амжилттай хувилсан Иэн Вилмут, Ай Пи Эс эсийн судалгаагаар нобелийн шагнал хүртсэн Яманака Шинья нартай эн зэрэгцэх нээлтийг дөнгөж 30 насандаа хийсэн гэгдэж, япончуудын шинэ бахархлаар яахын аргагүй тодорч байна. Дашрамд дурдахад түүний туршилт хийх үедээ өмсдөг гал тогооны зориулалт бүхий цагаан өнгөтэй хормогч (халаад)-ны борлуулалт томоохон дэлгүүрүүдэд 3 - 5 дахин нэмэгдсэн байна.
эх сурвалж, NHK Физиологи
2 сэтгэгдэл:
mundag ymaa, nadtai chatsuu busgui bna shdee, mundag ch huurhun ch busgui bna daa.
Bi Science setguul muruuduud 8 jil suuj bdg, oiriin 5 jildee bagtaaj hevluulnee xaxa
Миний бичиж байсан Ховор япон эмэгтэйчүүдийн нэг байх нь. Японд судалгаа шинжилгээ хийхэд үнэн сайхан газар л даа. Судалгаанаас өөр юунд ч санаа зовох хэрэггүй, цалин нь амьдралд хангалттай, шинжлэх ухааны судалгааны санхүүжилт элбэг олдоно, бараа материал түүхээ эд нь хангалттай, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж лабораторитой гэх мэт. Хувь хүн өөрөө ганц бие, ажлаас өөр санаа зовох зүйлгүй бол тэгээд л лабдаа амьдраад ч болсон ямар л бол ямар судалгааны эцсийг үзэж болохоор.
Миний амьдралын хамгийн сайхан үе Японд лабдаа судалгаагаа хийгээд сууж байсан үе минь л юм даа гэж хааяа бодох юм.
Сэтгэгдэл үлдээх