Харьцангуйн онол; Цаг хугацаа болон орон зай

Онолын физикийн салбарт хувьсгал хийсэн ойлголт бол гэрлийн хурд тогтмол бөгөөд хувьсан өөрчлөгдөхгүй хэмээх харьцангуйн тусгай онол (эхний хэсгийг энд дарж уншина уу)-ын тодорхойлолт юм. Хурдыг тогтмол гэж үзвэл цаг хугацаа болон орон зайн хэмжигдэхүүн хувьсана гэдгийг бид дунд сургуулийн физикийн хичээлд үздэг хурд, зам, хугацааны хамаарлын томьёоноос хялбархан ойлгож чадна. Цаг хугацаа, орон зай хэрхэн хувьсан өөрчлөгддөг вэ.

Үүнийг ойлгоход гэрлийн цаг хэмээх төхөөрөмжөөр ажиглаж болох сонирхолтой үзэгдэл туслана. Гэрлийн цаг нь гэрэл үүсгэгч болон түүнийг хүлээн авагч тольноос бүрдэнэ. Үүсгэгчээс гарсан гэрэл толинд хүрэхэд 1 секундийн хугацаа зарцуулдаг хэмээн тооцоё. Туршилтын хүрээнд  гэрлийн цагийг сансарын хөлөг болон ямар нэгэн гариг дээр тус тус байрлуулжээ.


Сансарын хөлөг хөдөлгөөнгүй байрлаж байгаа тохиолдолд гэрлийн цагны үүсгүүрээс гарсан гэрэл гариг дээрх цагтай адил 1 секундийн хугацаанд толинд хүрнэ. Дараа нь хөлгийг тодорхой хурдаар хөдлөж байх үед туршилтыг давтан явуулая. Сансарын хөлөг дотор зорчиж буй хүн гэрэл мөн адил 1 секундын хугацаанд толинд хүрч байгааг ажиглана. Харин хөдлөж буй сансарын хөлөг дотор байрлах гэрлийн цагийг гариг дээрээс ажиглавал ямархуу дүр зураг харагдах бол.

Ердийн нөхцөлд цаган доторхи гэрлийн цацраг эгц босоо чиглэдэг бол хөдлөж буй сансарын хөлөгт байрлах цагны гэрэл гариг дээрхи ажиглагчид тодорхой өнцөг үүсгэсэн налуу чиглэлтэй харагдана. Өөрөөр хэлбэл сансарын хөлөгт байрлах цагны гэрэл үүсгэгчээс гарсаны дараа хөлгийн хурднаас хамааран толины байрлал шилжих учир гэрэл гариг дээрх цагныхаас илүү хол зай туулж толинд хүрэх болно. Иймд гариг дээрх цагны гэрэл 1 секундын хугацаанд толинд аль хэдийн хүрсэн байхад сансарын хөлөгт байрлах цагны гэрэл толинд хүрээгүй байх болно.


Өөрөөр хэлбэл гариг дээр 1 секундын хугацаа өнгөрсөн байтал сансарын хөлгийн цаг хугацаа 1 секундээс бага байгаа нь гариг дээрх хүнд ажиглагдана. Энэ бол хөдлөж буй биетийн хувьд цаг хугацаа харьцангуй удаан өнгөрдгийн илэрхийлэл юм. Сансарын хөлгийн цаг хугацаа гаригийнхаас удаан байгааг гариг дээрх ажиглагч гэрлийн цагны тусламжтайгаар ажиглаж чадлаа. Харин сансарын хөлгийн зорчигчийн хувьд бүх зүйл хэвийн мэт санагдаж, гэрэл толинд хүрэхэд 1 секундын хугацаа зарцуулна.

Дараагийн удаад хөдлөж буй сансарын хөлгөөс гариг дээрх гэрлийн цагийг ажиглая. Сансарын хөлөгт байрлах ажиглагчид хөлөг хөдөлгөөнгүй, харин гариг хөлгийн хөдөлгөөний эсрэг чиглэлд хөдлөж байгаа мэт санагдана. Иймд гариг дээрх цагны гэрлийн цацрагийн хөдөлгөөн, гариг дээрх ажиглагч сансарын хөлгийн цагийг ажигласантай адил хэлбэртэй харагдана. Хөлөгт байрлах ажиглагч гариг дээр цаг хугацаа удаан өнгөрч байгааг ажиглах болно.

Эндээс бодит байдалд гариг дээр цаг хугацаа удааширч байна уу, эсвэл хөлөг дээр цаг хугацаа удааширч байна уу, аль нэгнийх нь цаг хугацаа удаашраад нөгөөгийнх нь хурдсаад байна уу гэх мэтийн эргэлзээтэй асуултууд урган гарна. Гариг болон хөлөг дээрх ажиглагчийн алиных нь зөв юм бол. Үнэн чанартаа аль алиных нь зөв юм. Цаг хугацааны удаашрал (уртсалт) нь ажиглагч тус бүрийн хувьд харьцангуйгаар төстэй шинж чанартай байна. Энэ бол харьцангуйн тусгай онолоос урган гарсан 2 дахь дүгнэлт юм.

Цаг хугацааны удаашралын хэмжээг пифагорийн теоромоор тодорхойлно. Тэгш өнцөгт гурвалжингийн босоо катет нь гэрлийн цагны өндөр буюу гэрлийн туулах зай, хэвтээ катет нь сансарын хөлгийн туулсан зай, гипотнуз нь гариг дээрх хүнд ажиглагдсан хөлөг доторхи цагны гэрлийн цацрагийн туулсан зай болно. Жишээлбэл сансарын хөлөг гэрлийн хурдны 80%-тай тэнцэх хурдаар хөдөлсөн гэж тооцвол хөлөгт байрлах цагны гэрлийн туулах зай 10 нэгж, хөлгийн туулах зай 8 нэгж, гэрлийн цагны өндөр 6 нэгж тус тус болно.


Эдгээрийг цаг хугацаанд шилжүүлбэл гариг дээр 10 нэгж хугацаа өнгөрөхөд, хөлөг дээр 6 нэгж хугацаа өнгөрсөнийг илтгэнэ. Өөрөөр хэлбэл гариг дээр 1 секунд хугацаа өнгөрхөд гэрлийн хурдны 80%-тай тэнцэх хурд бүхий сансарын хөлөг дотор 0.6 секунд өнгөрсөн байна. Хөлгийн хурдыг гэрлийн хурдны 90%-д хүрсэн гэж тооцвол хөлгийн цаг хугацаа 0.4 секунд болно. Хөдөлж буй биетийн хурд гэрлийн хурданд ойртох тусам цаг хугацааны удаашрал нэмэгддэг ажээ.

Бид цаг хугацаа хувьсан өөрчлөгддөг гэдгийг мэдэж авлаа. Тэгвэл орон зайн хэмжигдэхүүн ямар хэлбэрээр өөрчлөгддөг бол. Үүнийг ойлгохын тулд туршилт хийе. Цагийн механизм бүхий тэсрэх бөмбөг байрлуулсан сансарын хөлөг нэгэн гаригаас дэлхий рүү нисчээ. Гариг болон дэлхийн хоорондын зай гэрлийн 1 жил бөгөөд хөлөг гэрлийн хурдаар хөдлөнө хэмээн тооцоё. Бөмбөг дэлхийн цаг хугацаагаар яг 1 жилийн дараа дэлбэрнэ. Харин цагийн механизмийг аюулгүй болгох төхөөрөмж зөвхөн дэлхийд бий. Сансарын хөлөг эсэн мэнд ирж чадах болов уу?

Хөлөг 1 жилийн дараа яг дэлхийд ирэх мөчид дэлбэрэх мэт санагдаж магадгүй. Бид хөдөлж буй биетийн цаг хугацаа удааширдаг гэдгийг мэднэ. Иймд дэлхийгээс харвал сансарын хөлөгт мөн адил цаг хугацаа удааширна. Хэдийгээр дэлхий дээр нэг жилийн хугацаа өнгөрсөн байлаа ч сансарын хөлөг дээр 1 жилээс хамаагүй бага хугацаа өнгөрөх учир бодит байдалд хөлөг дэлбэрэлгүйгээр дэлхийд ирж чаджээ. Дэлбэрэх бөмбөг бүхий сансарын хөлгийн жишээ бидэнд орон зайн нууцыг нээж өгнө.

Энэ удаад уг сансарын хөлгийн нисгэгчийн байр сууринаас ажиглая. Хөлөг дэлхийн нэг жилээс богино хугацаанд дэлхийд хүрсэн мэт түүнд санагдана. Үүнийг дэлбэрээгүй бөмбөг ч нотлоно. Дэлхийд хүрэхэд зарцуулсан хөлгийн цаг хугацаа 1 жилээс богино байсан гэдэг нь юуг илэрхийлэх вэ. Энэ нь нөгөө талаас хөлгийн нисгэгчдийн хувьд дэлхий хүртэлх зай богиноссоныг харуулна. Дэлхийгээс харахад хэдийгээр 1 гэрлийн жилийн зай боловч нисгэгчдийн хувьд илүү богино зайг туулжээ.

Хөдлөж буй биетээс харахад хөдөлгөөнгүй биетийн цаг хугацаа удааширна. Харин өөрийнх нь цаг хугацааг эсрэг тал (хөдөлгөөнгүй)-аас ажиглахад мөн л удааширч богиноссон байна. Цаг хугацаанаас гадна орон зай ч бас агшина. Гэтэл орчлон ертөнцөд хөдөлгөөнгүй зүйл гэж үгүй. Дэлхий нарыг тойрч эргэнэ, нар сүүн замын төвийг тойрч эргэнэ, галактикууд ч бас өөрсдийн бие даасан хөдөлгөөнтэй. Эдгээрийн аль нэгийг сонгон авч цаг хугацаа болон орон зайн стандарт тогтоох боломжгүй. Бүх зүйлс бие биетэйгээ харьцангуйгаар өөр өөрсдийн замаар хөдөлж байдаг. Ертөнцөд туйлын цаг хугацаа, орон зай гэж үгүй, бүх зүйлс харьцангуй ажээ.

үргэлжилнэ

Харьцангуйн онол; Хурд

Харьцангуйн онол гэж юу вэ. "Халуун пийшин дээр гараа нэг хором тавь, бүхэл бүтэн нэг цаг өнгөрсөн мэт урт удаан санагдана. Харин сайхан бүсгүйтэй нэг цаг хөгжилтэй яриа дэлгэн суу, дөнгөж нэгээхэн хором өнгөрсөн мэт санагдах болно" хэмээн 20-р зууны суут эрдэмтэн, А.Эйнштейний "өөрийнх нь тодорхойлсон"-оос өөрөөр орчлон ертөнцийн зүй тогтлыг тайлбарласан агуу онолын тухай ойлголт мэргэжлийн бус хүмүүст тэр болгон байдаггүй.

Тэгвэл тус блог энэхүү онолын талаар энгийн хүмүүст ойлгомжтой хэлбэрээр тайлбарласан мэдээллийг цувралаар хүргэж байна. "Харьцангуйн онол" нь хоёр хэсгээс бүрддэг. 1905 онд нийтлэгдсэн "Харьцангуйн тусгай онол" гэрлийн хурд, орон зай, цаг хугацаа, масс, энергийн шинж чанарыг тодорхойлсон бол 1916 онд нийтлэгдсэн "Харьцангуйн ерөнхий онол" нь таталцлын хүч, түүнээс үүдэлтэй орон зайн муруйлтын тухай ойлголтыг хамарсан илүү өргөн хүрээний онол юм. Ингээд алдарт онолоо хэрхэн боловсруулсан талаар сонирхоё.


Эйнштэйн 1879 онд Германы нэгэн еврей гэр бүлийн том хүү болон мэндэлжээ. Тэрээр бага сургуульд тооны хичээлдээ сайн байсан боловч хэл ярианы хөгжил муутай түүнийг бусад хүүхдүүд нүд үзүүрлэн "тэнэг" хэмээн дууддаг байв. Эйнштэйн хангалттай ерөнхий боловсрол эзэмшиж амжилгүйгээр 15 насандаа дунд сургуулиа орхижээ. Харин орчлон ертөнцийн зүй тогтлын тухай бодол эргэцүүлэл түүний оюун ухаанаас салаагүй бөгөөд 16 насандаа гэрлийн нууцыг эрж хайж эхэлсэн байна.

Хэрэв хүн толь бариад гэрлийн хурдаар хөдөлбөл өөрийнх нь дүрс толинд үзэгдэх болов уу. Хүний нүүр царай толинд харагдана гэдэг нь нүүрнээс туссан (ойсон) гэрэл толинд ойж, нүдэнд мэдрэгдэж байгаа хэрэг юм. Харин толинд харагч хүн өөрөө гэрлийн хурдаар хөдөлж байгаа бол нүүрнээс нь туссан гэрэл толинд хүрч амжих уу. Энэ асуултын хариуг олохыг эрмэлзсэн залуу Эйнштейний эрэл хайгуул алдарт харьцангуйн онолыг нээх үндэс суурь болжээ.

Тэрээр 18 насандаа Цюрихийн политеxникийн дээд сургуульд элсэн орж өөрийн дуртай тоо, физикийн чиглэлээр хичээллэх болов. Харин уг сургуулиа төгсөх үед түүнд ажил олоход хэцүү байсан тул нэгэн танилынхаа туслалцаатайгаар Швейцарийн патентийн байгууллагад шинжээчээр ажилд оржээ. Эйнштэйн ажиллахын зэрэгцээ гэрээр судалгаа хийж, 3 жилийн дараа шинэ онолоо танилцуулсан байна. Төрийн байгууллагын жирийн нэгэн ажилчны бүтээсэн онол их сургуулийн эрдэмтэн судлаачдаас авахуулаад бүхэл бүтэн шинжлэх ухааны салбарынхныг гайхашруулав.

1905 онд нийтлэгдсэн "Хөдөлж буй биетийн цахилгаан хүчний онол" буюу сүүлд нийтэд нэрлэгдэж заншснаар "Харьцангуйн тусгай онол" тэр дороо дэлхий дахины эрдэмтэдийн дунд хүлээн зөвшөөрөгдөв. Энэ онолын хамгийн том ач холбогдол нь гэрлийн нууцыг тайлж физикийн шинжлэх ухааныг мухардлаас гаргасан явдал юм. Тухайн үеийн эрдэмтэд гэрлийн хурд секундэд 300 мянган км гэдгийг тогтоосон байсан боловч хөдөлж буй биетээс цацарсан гэрлийн хурд өөрчлөгдөх эсэх талаар хариулт өгч чадахгүй байв.

Бид автомашинаар зорчиж байх үедээ өөдөөс ирж байгаа машинууд маш хурдан хугацаанд ойртож ирдэгийг анзаардаг. Тэгвэл араас ирж байгаа машин аажим, алгуур ойртож ирдэг. Энэ үзэгдлийн учир шалтгаан урдаас болон араас ирж байгаа машинууд ойролцоо хурдаар хөдөлж байлаа ч бидний өөрсдийн машин мөн адил тодорхой хурдаар хөдөлж байгаагаас хамаардаг. Тэгвэл хөдөлж байгаа биетээс цацрах гэрлийн хувьд үүнтэй төстэй үзэгдэл ажиглагддаг болов уу.

Хэрэв тийм бол сансарын вакум орчинд гэрэл адил хурдаар тархах боловч ямар нэгэн гаригийн хөдөлгөөний чиглэлээс хамааран түүнийг угтан ирж байгаа гэрэл хурдан, араас гүйцэн ирж байгаа гэрэл удааширч ирэх учиртай. Эрдэмтэд дэлхий нарыг тойрон эргэх явцад нар луу ойртох үед түүнээс ирэх гэрлийн хурд, мөн нарнаас холдох үеийн гэрлийн хурдыг тус тус  хэмжсэн боловч адил хэмжээтэй байв.

Үүний учир шалтгааныг тухайн үеийн шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байв. Эрдэмтэд янз бүрийн онол дэвшүүлж байсан боловч нэг нь ч үнэмшил төрүүлэлгүй мухарджээ. Харин "харьцангуйн тусгай онол" эргэлзээг тайлах гайхалтай зөв хариултыг өгч, асуудлыг эцэслэн шийдвэрлэв. Гэрлийн хурд биетийн хөдөлгөөнөөс хамаараxгүйгээр тогтмол хэмжээтэй байна. Гэрэл ямар ч нөхцөлд хурдаа өөрчлөхгүй учир хүн толь бариад хичнээн өндөр хурдаар хөдөлсөн ч нүүр нь толинд харагдсаар байх болно.

Эйнштейний онол 17-р зууны суут эрдэмтэн Галилейн боловсруулсан "харьцангуйн дүрэм"-д суурилжээ. Галилейн үеийн эрдэмтэд нарны аймгийн зүй тогтлын талаар, дэлхий нарыг тойрч эргэдэг хэмээх "нар төвт онол", нар дэлхийг тойрч эргэдэг хэмээх "дэлхий төвт онол"-д санал хуваагдаж байв. Өндөр цамхагаас чулуу унагах туршилт хийе. Чулуу унагасан цэгийн эгц доорхи газарт унана.


"Энэ бол дэлхий нарыг тойрч эргэдэггүйн нотлогоо" хэмээн "дэлхий төвт онол"-ыг дэмждэг эрдэмтэд үзэж байв. "Дэлхий үнэхээр нарыг тойрч эргэдэг бол чулуу цамхагийн эгц доор бус илүү хол зайд унах ёстой. Учир нь чулуу унаж байх явцад дэлхий анхны байрлалаас хөдлөж холдох учиртай." Харин "нар төвт онол"-ыг дэмжигч Галилей туршилтыг арай өөр хэлбэрээр хийж уг нотлогоог няцаав.

Зогсоолд байгаа завины шурагнаас чулууг унагаавал эгц доош чиглэн унана. Энэ үзэгдэл завин дээр болон арал дээр байгаа ажиглагчид адилхан харагдана. Дараа нь тодорхой чиглэлд хөдлөж байгаа завины шурагнаас чулууг унагаая. Завин дээр байгаа хүнд чулуу эгц доош унаж харагдах боловч арал дээр байгаа хүнд чулуу хагас дугуйрсан траектор үүсгэн унаж байгаа нь харагдана. Чулууны хөдөлгөөн нь ажиглагчийн байрлалаас хамаарах харьцангуй үзэгдэл. Иймд нар дэлхийг тойрч эргэдэг эсэхийг дэлхий дээр байгаа бид чулуу унагах туршилтаар нотлох боломжгүй.


Биет хөдлөж байсан ч, үгүй байсан ч ойролцоох ажиглагчийн хувьд түүний хөдөлгөөний хууль адил байна хэмээн Галилей дүгнэжээ. Эйнштейн биетийн хөдөлгөөний физик шинж чанарыг тайлбарласан "Галилейн харьцангуйн дүрэм"-ийг гэрэлд хүртэл өргөжүүлсэн юм. Эйнштейний өмнөх үеийн эрдэмтэд "гэрлийн хурд хувьсан өөрчлөгддөггүй, тогтмол шинж чанартай" гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байсан нь 17-р зууны үеийн эрдэмтэдтэй адил алдаатай үзэл бодол байв.

Харин Эйнштейн гэрлийн хурдны шинж чанарыг судлах явцдаа Галилейн оронд өөрийгөө тавьж үзсэнээр, гэрэл хөдлөж буй болон хөдөлгөөнгүй ажиглагчийн хувьд аль ч тохиолдолд адил хурдтай байна хэмээн дүгнэв. Хөдөлгөөнт биетийн хурд туулсан зай, түүнд харгалзах хугацаанаас хамаардаг. Гэвч "харьцангуйн тусгай онол"-ын хүрээнд гэрлийн хурдыг тогтмол гэж тооцвол нөхцөл байдлаас хамаарч цаг хугацаа болон орон зай хувьсан өөрчлөгдөх учиртай. Өөрөөр хэлбэл тэдгээр нь тогтмол хэмжигдэхүүн биш бөгөөд хувьсан өөрчлөгддөг байхнэ.

үргэлжилнэ

Хүний биеийн 3D загвар хэвлэх үйлчилгээ

Та өөрийнхөө болон ойр дотны хүмүүсийнхээ жижигрүүлсэн загвартай болохыг хүсч байна уу. Тэгвэл Японы Omote 3D компани яг энэ боломжийг бүрдүүлсэн байна. Үйлчлүүлэгчдийн биеийг сканнердаж, 3D загварыг комьютерт оруулахад 15 минут л шааардагдана. Дараа нь компани таньтай усны дусал мэт адил, жижигрүүлсэн загварыг 3 хувилбараас сонгон хэвлэж өгөх болно.

Харин хөдөлгөөнтэй биетийг сканнердах үед загвар гажиж, хэлбэр дүрсээ алддаг учир 6-аас доош насныы хүүхдүүд болон гэрийн тэжээвэр амьтадын хувьд энэ үйлчилгээ одоохондоо боломжгүй юм. Гурван хэмжээст хэвлэлийн технологийн өртөг өндөр хэвээр байгаа учир үйлчилгээний үнэ хөлс тийм ч хямд биш боловч бүтээгдэхүүний чанарын хувьд сэтгэл хангалуун байж болно. 10см, 20г-ийн жижиг загвар 264$, 15см, 50г-ийн дундаж загвар 403$, 20см, 200г-ийн том загвар 528$-оор тус тус үнэлэгдэж байна. Гэхдээ хосууд болон гэр бүлийн хүмүүст хөнгөлөлт үзүүлнэ.

Мөн загварыг хэвлэхийн өмнө хувцас, үсний өнгө зэргийг өөрчлөх боломжтой. Omote 3D компани уг үйлчилгээг энэ оны 11 сарын 24-өөс ирэх оны 1 сарын 13-ны хооронд, EYE OF GYRE үзэсгэлэнгийн танхимд үзүүлж байна. Үйлчилгээг авахын тулд компаний веб хуудсанд урьдчилан захиалга өгөх шаардлагатай бол бүтээгдэхүүнийг 1 сарын дараа хүлээн авах боломжтой юм байна.





эх сурвалж, gizmag

Оросууд кибер довтолгооны үйлчилгээг санал болгож байна

Оросын хар зах дээр санал болгож буй кибер довтолгооны үйлчилгээний төрөл, тоо хэмжээ өнгөрсөн жилээс эхлэн эрс нэмэгдэж байна. Энэ талаар сүлжээний хамгаалалтын Трендмайкро компаний танилцуулсан илтгэлд дурджээ. Тухайлбал нэлээд хэдэн жилийн өмнөөс муу нэрээрээ алдаршиж, ердийн айл өрхийн компьютерэээс авахуулаад АНУ-ын төв банк, НАСА, Амазон зэрэг томоохон сүлжээнүүдэд хүртэл нэвтэрч байсан ZeuS трожан вирусын хувилбарууд дөнгөж 200-500 доллараар үнэлэгдэж байна

Мөн 2007-2011 онд тархаж, учруулсан хохирлын хэмжээгээр багагүйд тооцогдож байсан DNSChanger, өнгөрсөн жил ихээр тархсан Ransomware (компьютерийн файл болон системийн ажиллагааг зогсоож, түүнийг засварлах нэрээр төлбөр шаарддаг mallware)-үүд  ээс гадна спам тараах энгийн үйлчилгээнүүдийг ч бас санал болгож байна. Оросын хар зах дээрх кибер довтолгооны голлох үйлчилгээнүүдийн ханш дараах байдалтай байна.

・ Gmail бүртгэлд нэвтрэх - 1 имэйлд 162$
・ SOCKS бот (хамгаалалтын системийг нэвтлэх зорилготой) - 100$
・ DDoS довтолгоо - хоногт 30-70$, сард 1200$
・ Хэрэглэгчийн мэдээллийн сан болон имэйлрүү спам илгэх:1 сая имэйл тутамд 50-500$
・ SMS спам - 100 мянгаас 1 сая мессеж тутамд 3-150$
・ Ботнет - 200-2000$
・ Windows-ын Root-kit - 292$
・ Фэйсбүүк болон Твиттер бүртгэлд нэвтрэх - 130$
・ Компаниудын имэйлийн сүлжээнд нэвтрэх - 500$
・ Windowsийн хамгаалалт эвдэхэд зориулсан программууд - 10-20$

Илтгэлд дурдсанаар эдгээр кибер үйлчилгээний үнэ хөлс улам хямдарч байгаа бөгөөд Фэйсбүүкийн 1 сая 100 мянган хэрэглэгчийн хувийн мэдээллийг 5 доллараар худалдаж авсан тохиолдол ч гарчээ. Мөн кибер гэмт хэрэгтнүүд халдлагын үйлчилгээний үнийг бууруулахын тулд хамгийн сүүлийн үеийн технологуудыг ашиглаж байна гэжээ.


эх сурвалж, wired

Цусны даралт ихсэх өвчний тухай (эхний хэсэг)

Тус блог манайд элбэг тохиолддог өвчин эмгэгүүдээс сонгон, тэдгээрийн эмчилгээний талаархи хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг нийтлэж байгаа билээ. Энэ удаад цусны даралт ихсэх өвчний талаар бэлтгэсэн NHK телевизийн эрүүл мэндийн нэвтрүүлгийн дугаарыг орчуулан хүргэж байна. Хэмжилтээр цусны дээд даралт 135-140 мм м.у.б, доод даралт 85-90 мм м.у.б буюу түүнээс их хэмжээтэй бол цусны даралт ихэссэн хэмээн ойлгоно. Цусны даралт ихсэх өвчин үндсэн 2 хэлбэртэй байдгийг сүүлийн үеийн судалгаагар тогтоожээ.

Энэ өвчний үед ихэвчлэн хоол хүнсэндээ хүсний ногоо түлхүү хэрэглэх, алхах мэтээр дасгал хөдөлгөөн хийх, давсны хэрэглээг багасгах зэргээр эмч нар зөвлөж ирсэн боловч өвчний хэлбэрээс хамаарсан онцлог бүхий эмчилгээний аргуудыг хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Энэ талаар Япон улсын Кеио их сургуулийн профессор Ито Хироши зөвлөж байна. Хүний биед цусны даралтыг тохируулах системүүд байдаг бөгөөд тэдгээрийн ажиллагаа алдагдсан үед даралт ихэсдэг байна.

Цусны даралт ихсэх өвчний хэлбэрүүд

 1. Агшаах хэлбэр
Даралт ихсэх өвчний энэ төрөл нь хүний симпатик мэдрэлийн системтэй холбоотой. Хүний бие аюул ослыг мэдрэх үед ердийн үеийнхээс их хэмжээний цусыг биеийн хэсгүүдэд түгээхийг эрмэлзсэн механизмыг агуулж байдаг. Уг механизм ажиллах үед тархи симпатик мэдрэлийн системд нөлөөлж, норадреналин хэмээх гормоныг ялгаруулдаг. Уг гормон судсыг нарийсгахыг эрмэлзсэн үйлчлэл үзүүлдэг байна.

Гэхдээ бодит байдалд тэр болгон судсыг нарийсгаад байдаггүй. Харин стрес зэрэг хэвийн хэмжээнээс хэтэрсэн цочролд орох үед уг механизм хэт ачаалал авч цусны даралт ихсэх нөхцөл болдог байна. Усны хоолойн үзүүр хэсгийг шахаж нарийсгавал, хоолойноос гарах усны даралт, хурд нэмэгдэж, илүү хол зайд цацагдана. Цусны даралт ихсэх өвчний"агшаах" хэлбэр нь үүнтэй төстэй юм.

2. Тэлэх хэлбэр
Энэ хэлбэрийн даралт ихсэх өвчинд давсны хэрэглээ болон дотоод эрхтнүүдийн ажиллагаа голлон нөлөөлдөг. Давс ихтэй хоол хүнс тогтмол хэрэглэх үед цусан дахь давсны хэмжээ нэмэгдэнэ. Хүний биед давсны хэмжээг тогтмол барихыг эрмэлзсэн механизм ажиллаж байдаг. Харин цусан дахь давсны агууламж нэмэгдсэн тохиолдолд уг механизмын нөлөөгөөр эд эс, эрхтнүүдээс ус цусанд сорогддог. Өөрөөр хэлбэл цусны хэмжээг ихэсгэж, түүнд агуулагдах давсны концентрацийг багасгахыг эрмэлздэг байна.

Цусны даралт ихсэх өвчний энэ хэлбэрийг үлээдэг бөмбөлөг (шаар)-т хийсэн устай зүйрлэн ойлгож болно. Түүнд илүү их ус хийх тусам тэлж томордог. Томрох тусам түүн дотор агуулагдах усны даралт нэмэгдэнэ. Залуу хүмүүсийн судасны хана зөөлөн, агшиж тэлэх чадвар сайтай учир цусны хэмжээ нэмэгдсэн ч даралт ихсэх нөлөөг төдийлөн үзүүлдэггүй. Харин нас ахих тусам судасны хана хатуурсанаас ийм төрлийн даралт ихсэлт тохиолдох магадлал өндөрсдөг байна. Нөгөө талаас удаан хугацаанд цусны даралт өндөрссөнөөс судасны ханыг хатууруулах (агшиж тэлэх чадварыг бууруулах) үйлчлэл үзүүлдэг, өөрөөр хэлбэл нэг нэгэндээ харилцан нөлөөлдөг байна.

Цусны даралт ихсэх өвчний хэлбэрийг тодорхойлох

Цусны даралт ихсэх өвчний хэлбэрийг цусны шинжилгээгээр хялбархан тодорхойлох боломжтой. Цусны шинжилгээний үед нонадрэналин, ренин, ANP гэсэн гурван хэмжигдэхүүнийг анхаарах ёстой. Хэрэв эхний 2 нь их хэмжээтэй бол сүүлийнх нь бага, эхний 2 нь бага хэмжээтэй бол сүүлийнх нь их буюу эсрэг хамааралтай байдаг. Цусан дахь нонадрэналин, рениний агууламж өндөр бол даралт ихсэх өвчний "агшаах" хэлбэр, "ANP" өндөр бол "тэлэх" хэлбэр давамгайлсан байгааг тус тус илэрхийлнэ.

Үүнээс гадна цусны даралт ихсэх өвчний хэлбэрийг өвчтний нас, эрүүл мэндийн байдал, өдөр тутмын амьдралын хэмнэлээс тодорхойлох боломжтой. "Агшаах" хэлбэр нь зан чанарын хувьд эмзэг мэдрэмтгий, стрэсст амархан аврдаг хүмүүст элбэг тохиолддог. Мөн энэ хэлбэрийн үед өглөөгүүр цусны даралт ихсэх боловч орой буурдаг, мөн даралтын хэлбэлзэл харьцангуй өндөр байдаг.

Харин "тэлэх" хэлбэр нь биеийн дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаанаас голлон хамаарах учир харьцангуй өндөр настай, давс ихтэй хоол хүнс хэрэглэдэг, зүрхний ажиллагаа бага зэрэг сул хүмүүст голлон тохиолдоно. Мөн цусан төрлийн төрлийн хүмүүс даралт ихсэх өвчинөөр өвчилж байсан бол энэ хэлбэрийн өвчлөлийн магадлал эрс өндөрсдөг. Цусны даралт ихэвчлэн өглөөгүүр бага байх ч оройд илүү нэмэгдэнэ, даралтын хэлбэлзэл харьцангуй бага байна.

Жишээ. Өвчтөн А, 76 настай, эрэгтэй. Тэрээр 15 жилийн турш цусны даралт ихсэх өвчнөөр шаналж байв. Түүний хувьд өглөө болгон цусны даралтаа хэмждэг. Даралт ихэвчлэн 150-аас өндөр байдаг. 2 төрлийн эм хэрэглэн, өдөрт 2 цагаас илүү хугацаагаар алхаж, хүнсний ногоо голлон хэрэглэж тус тус хэвшсэн боловч цусны даралт буурдаггүй байв. Нэвтрүүлгийн хүрээнд түүний даралт ихсэх өвчний хэлбэрийг "тэлэх" гэдгийг тодорхойлжээ. Тохирох эмчилгээг хэдхэн сарын хугацаагаар хийлгэснээр цусны даралт хэвийн хэмжээнд хүртэл буурсан байна.

үргэлжилнэ ...

эх сурвалж, NHK

Автомашиныг нэвт харагдуулах технологи бүтээж байна

Японы Кеио их сургуулийн судлаачид автомашины хойд хэсгийг нэвт харагдуулах системийг бүтээсэн байна. Энэ нь профессор Инамигийн бүтээсэн гэрлийг буцааж ойлгох шинж чанар бүхий материалын технологийг автомашинд хэрэглэсэн хувилбар бөгөөд жолоочийн харааны цэгээс машины арын хэсгийг нэвт харагдахаар тохируулжээ. Технологийн онцлог нь жолоочид өөрийн нүдээр машины гадна орчинг ямар нэгэн саадгүйгээр харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Одоогоор автомашинд ашиглагдаж байгаа хойд хэсгийг харах камерын дүрслэлүүд нь машин болон саадын хоорондын зайг тодорхой харуулдаг боловч хүний нүдээр харсантай адил алслалттай дүрсийг үүсгэж чаддаггүй. Тэгвэл шинэ систем гурван хэмжээст үзэгдэх байдалтай төстэй бодит дүрслэлийг харуулдагаараа онцлог юм. Уг систем автомашины хойд хэсэгт байрлах камераар хүлээн авсан дүрсийг хагас толиор дамжуулан арын суудлын хооронд байрлах гэрэл ойлгогч материалд проекцлох зарчимаар ажиллана.

Материалаас ойсон гэрэл буюу машины арын дүрслэл жолоочид машиныг "нэвт харагдуулна".  Мөн дүрслэлийг зөвхөн жолоочийн харааны цэгээс бүрэн харагдахаар комьютерээр тохируулдаг байна. Гэрэл ойлгогч материал нь оптикийн хувьд гэрлийг ирсэн чиглэл рүү нь буцаан ойлгох онцгой шинж чанартайгаас гадна автомашинд хэрэглэх тохиолдолд өрдийн гэрэлтэй нөхцөлд ч тод харагддагаараа онцлог юм.

Технологийн судалгааны түвшин одоогийн байдлаар зөвхөн арын суудлын хэсгээр хязгаарлагдаж байгаа боловч цаашид харааны цэгийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлэх замаар автомашиныг 360 хэмээр нэвт харагдуулж, жолоодлогын үеийн харааны саадыг бүрэн арилгахыг зорьж байна. Мөн хэрэглээнд нэвтрүүлэх талаар автомашин үйлдвэрлэгчид нартай ярилцаж байгаа бөгөөд 5 жилийн дотор зарим хэлбэрээр ашиглаж эхлэхээр төлөвлөжжээ.





эх сурвалж, diginfo

Ой дурсамжийг арилгаж болно

Та хаанахын хэн бэ, өдийг хүртэл амьдрахдаа юу хийж бүтээж, ямар үйл явдлуудын гэрч болов. Эдгээр бүх мэдээллүүд хүний ой дурсамж хэлбэрээр тархинд хадгалагддаг. Хэрэв хүн ой дурсамжаа алдвал өөрийгөө хэн болохыг мэдэхээ болино. Цочрол, осол гэмтэл, насжилт мэтийн цөөхөн шалтгаанаас бусад тохиолдолд хүний ой дурсамж алдагдах боломжгүй гэж эрдэмтэд итгэж байсан юм. Тэгвэл Ховард Хью анагаахын судалгааны төвийн неорологич Андрэ Фэнтон эмийн тусламжтайгаар ой дурсамжийг арилгах боломжтойг өнгөрсөн жил нээж, нэрд гарсан хүн юм. Түүний нээлт хүмүүст найдвар болон айдсын аль алинийг өгчээ.

Мэдрэмжийг тусгаарлах танк гэж бий. Хэрэв та түүн дотор орвол юу ч үзэгдэж сонсогдохгүй, үнэрлэх, амтлах, хүртэх мэдрэхүйн эрхтнүүд ямар ч мэдээлэл хүлээн авахгүй. Та зөвхөн өөрийн тархины үүсгэх дүрслэлийг удирдаж, яаж ч зугаацаж болно. Хэрэв орон зайд хурдалмаар санагдвал тэр дороо хурдлана, эсрэгээрээ удааширсан ч болно. Гэхдээ энэ бүхэн зөвхөн таны тархин доторхи төсөөлөл бөгөөд бие махбод огтхон ч хөдлөхгүй. Андрэ Фэнтон энэ сонирхолтой үзэгдлийн нууцыг тайлахаар шийджээ. Үүний тулд эхлээд тархины нууцад нэвтрэх ёстой гэж үзээд судалгаагаа эхлүүлжээ.


Эхний ээлжинд туршилтын хулганад онцлог ой дурсамж үүсгэх оролдлогыг хийв. Энэ нь орон зайн мэдрэмжтэй холбоотой богино хугацааны ой дурсамж юм. Хулганыг хавтгай цилиндр хэлбэрийн тавцанд байрлуулж, түүний нэгээхэн хэсэгт орох үед цахилгаан цохилт өгөх төхөөрөмж бүтээжээ. Цахилгаан цохилт зөвхөн тавцангийн доторхи орон зайн сектор хэлбэрийн хэсэгт л өгөгдөнө. Туршилтыг давтан явуулах бүрт хулгана уг орон зайгаас зугтаж, эцэстээ тэр хэсэгт огт орохгүй болох ёстой. Гэхдээ энэ ой санамж нь төхөөрөмжийн дуу чимээ, тавцангийн шал, хананы онцлог хэсэг гэх мэт нүдэнд үзэгдэх дүрслэлүүдээс хамаарахгүй байхыг чухалчилжээ.

Хамгийн зөв арга нь хулганыг байрлуулсан савыг эргэлдүүлэх явдал байв. Энэ тохиолдолд цахилгаан цохилтын орон зай хөдөлгөөнгүй байх бөгөөд мэдрэхүйн эрхтнүүдийн мэдээлүүдээс хамааралгүйгээр түүнийг мэдрэх ой дурсамж үүсэх боломжтой эсэхийг шалгажээ. Туршилтаар хулгана цахилгаан цохилтын орон зайг мэдэрсэнээр түүнээс зугтах болов. Хүссэн үр дүндээ хүрч, онцлог ой дурсамж үүсгэх төхөөрөмжийг бүтээсэн боловч үүнийгээ юунд, хэрхэн ашиглах талаар Андрэд ямар нэгэн санаа төрсөнгүй.


Зарим ой дурсамж хүний насанд туршид мартагддаггүй. Гэтэл зарим нь яагаад богино хугацаанд мартагддаг юм бол. Мөн судалгааны төвд хамт ажиллаж, Андрэ Фэнтоны дээд давхарт байрлах Тод Сакторын судалгаа энэ асуултын хариуг олоход чиглэж байгаа юм. Тархины мэдрэлийн эсүүд урт удаан хугацааны туршид тодорхой хэлбэрээр, хүчтэй цочролд орсоноор ой дурсамж хадгалагддаг гэж эрдэмтэд үздэг. Тод Сактор мэдрэлийн эсийн иймэрхүү химийн нөлөөлөл (цочрол)-ийг PKM zeta фермент хангаж байгаа хэмээн таамаглажээ. Үүнийг шалгах хамгийн шилдэг арга нь уг ферментийн ажиллагааг зогсоох замаар удаан хугацааны ой санамж алдагдаж байгаа эсэхийг тогтоох явдал юм.


Харин хэрхэн шалгах вэ. Тэрээр нэг давхар уруудан Андрэгийн өрөөнд очиж, энэ талаар зөвлөгөө хүсчээ. Тэд хэд хэдэн аргын талаар ярилцсан боловч, аль аль нь ямар нэгэн дутагдалтай байв. Эцэст нь Андрэ өөрийн зохиосон төхөөрөмжийг санал болгожээ. Хулганыг төхөөрөмжид байрлуулж, цахилгаан цохилт өгөх замаар орон зайн ой дурсамж үүсгэнэ. Хулганы явсан замыг тодорхойлж, хэрэв цахилгаан цохилтын орон зайд орохгүй байвал шинэ ой дурсамж үүссэн гэдэг нь нотлогдох учиртай.

Дараагийн ээлжинд PKM zeta ферментийн ажиллагааг зогсоох бэлдмэлийг тарина. Үүний дараа цахилгаан цохилтын төхөөрөмжид хулганыг дахин байрлуулж, туршилтыг давтан явуулахад ой дурсамж арилсан эсэхийг мэдэх боломжтой. Туршилтаар хулгана төхөөрөмжийн тавцан дээр анх гарсан мэт хаа хамаагүй гүйж, цахилгаанд дахин дахин цохиулж байв. Түүний ой дурсамж алдагдсан нь нотлогдов. Ферментийн ажиллагааг зогсоосноор тархины мэдрэлийн эсүүдийн химийн нөлөөлөл суларч, ой дурсамж арилдаг байна.


Андрэ нар энэ талын судалгаанд зөвхөн анхны зөв алхамыг хийсэн боловч мэдээллийн хэрэгслүүд түүнийг "ой дурсамжийг арилгагч хүн" хэмээн зарлав. Иймэрхүү мэдээлэлд сэтгэлийн зовлон шаналалд автсан хүмүүс хамгийн ихээр мэдрэмтгий хандаж, олон тооны захидал, элeктрoн шууданг илгээх болжээ. "2 жилийн турш эмчилгээ хийлгэж байгаа боловч ямар ч үр дүн алга..", "3 жилийн хугацааны ч бай хамаагүй, ой санамжаа арилгуулмаар байна...", "үнэхээр боломжтой юм бол сайн сайхан дурсамжуудаа ч бас хамт золиослоход бэлэн байна...",  "там мэт өдөр хоногуудаас хурдхан хагацмаар байна...", "хэрэв хүн дээр турших бол намайг санаж байгаад хамгийн түрүүнд дуудаарай...".

"Ой дурсамжаа арилгуулахаар олон хүнээс хүсэлт ирсэн боловч тэдгээрийг гүйцэлдүүлэх боломжгүй. Энэ бол эндүүрэл юм. Хүний насан туршид, удаан хугацаанд бий болсон дурсамжуудыг устгавал тэр хүн хэн болж хувирах вэ. Нэг удаа устсан ой дурсамжийг хэзээ ч дахин сэргээх боломжгүй" хэмээн Андрэ Фэнтон ярьж байна.

эх сурвалж, NHK

Монголчууд Японд довтолсон нь (оршил)

Дэлхийн цэрэг дайны түүхэнд хамгийн томд тооцогдох далайн цэргийн ажиллагаа бол 1944 оны 6 сард холбоотны 150 мянган цэрэг Францын Нормандад газардсан явдал юм. Тэгвэл үүнтэй эн зэрэгцэх томоохон довтолгоог өдийгөөс 730 жилийн өмнө Монголчууд хийжээ. Япон улсын түүхийг өөрчилсөн энэхүү довтолгоо амжилт олоогүйн учир юунд байв. Дэлхийн талыг морин туурайгаар тамгалсан дайчин удмынхан далайн давалгаанын өмнө хүчин мөхөстөв үү. Түүхэнд үлдсэн цөөхөн баримтад дурдагдан ирсэн бурханы салхи - камиказэ байв уу. Өнгөрсөн жил далайн ёроолоос олдсон монголчуудын усан онгоцны үлдэгдэлд тулгуурлан хийсэн судалгаа эдгээр нууцыг тайлах түлхүүр нь болж байна.


үргэлжилж магад, үгүй ч байж магад...