Curiosity станцыг тоноглосон 10 төхөөрөмж

Ангарагийг судлахаар тус гариг дээр буугаад байгаа Curiosity сансарын станц өмнө нь бүтээгдэн хөөргөж байсан загваруудтай төстэй боловч сансар судлалын олон арван жилийн түүхийн алдаа, оноонд тулгуурлан сайжруулагдсан бүтээл юм. Иймдээ ч хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг агуулж байна. Тус станц Ангарагийн чулуулгийг нейтроноор буудаж, салхины хурдыг хором тутамд хэмжиж, хөрсний дээжийг ууршуулан судлаж, харь гаригийн нууцыг танин мэдэхэд туслах болно. Ангараг гариг дээр амьдралын ул мөр байгаа эсэхийг эрж хайхад ямар төхөөрөмжүүд ашиглагдах талаар сонирхоцгооё.


Цацраг хэмжигч (RAD)
Цацраг идэвхжил ямар хэмжээтэй байх нь үнэн чанартаа сансарын станцын ажиллагаанд хамааралгүй асуудал юм. Гэхдээ ирээдүйд Ангараг гариг руу хүмүүс аялахад зориулагдах учир ийм төрлийн хэмжилт чухал ач холбогдолтой. Талх шарагчтай адил овор хэмжээ бүхий авсаархан төхөөрөмжийн цезийн иодид (cesium iodide), силикон мэдрэгчүүд сансарын туяа болон нарнаас ирэх бөөмсийг таних чадвартай. Өндөр хэмжээний энерги бүхий цэнэгжсэн бөөмсүүд төхөөрөмжийн хүлээн авах хэсгээр дамжин электрон болон гэрлийн дохиолол үүсгэх бөгөөд төхөөрөмж түүнийг мэдэрч хэмжинэ. Үүнээс гадна цацраг идэвхжил Ангаргийн амьдралд (хэрэв байсан бол) хэрхэн нөлөөлсөнийг тодорхойлоход туслана.


Камер (Mastcam)
Mastcam камер нь өнгөт фото зураг авах, видео бичлэг хийх, хэд хэдэн зургийг нийлүүлэн панорама зураг үүсгэх чадвартай. Мөн өндөр нарийвчлал бүхий дурангаар тоноглогдож секундэд 10 кадр бүхий HD видео бичлэг хийхээс гадна цахилгаан соронзон спектрийн янз бүрийн хүрээн дэх гэрлийн тархалтыг шинжлэх зорилгоор нэг төрлийн өнгө бүхий зураг авах боломжтой. Багтаамжийн хувьд хэдэн мянган фото зураг, хэд хэдэн цагийн видео бичлэгийг хадгалж, дэлхий рүү илгээнэ. Үүнээс гадна камерийн дүрсний мэдээллүүдийг станцыг удирдах, жолоодоход ашиглана.


Дашрамд дурдахад энэхүү камерийн талаар өмнө бичигдсэн мэдээлэл өрөөсгөл хандлагатай байгаа нь фото зураг болон камерийн талаар тодорхой мэдлэг бүхий хүмүүст ойлгогдоно. Энэ талаархи сэтгэгдлийг сонирхох үүднээс орчуулгыг ямар нэгэн нэмэлт тайлбаргүйгээр нийтлэсэн боловч уншигчид сайн анзаараагүй бололтой юм. Камеруудыг зөвхөн пикселийн хэмжээгээр харьцуулах нь учир дутагдалтай талаар өмнө нь энд бичиж байсан. Mastcam камерийн гэрэл мэдрэгчийн хэмжээ 13.38 x 9.52мм байгаа нь  ухаалаг утасны камеруудаас 3-4 дахин том байна. Мөн 6.5 -100mm-ийн телефото линз нь гар утасны камерийн дижитал таталт (зүүм)-тай харьцуулшгүй үзүүлэлт юм. Эдгээр болон бусад харьцуулалтаас хэдийгээр пикселийн хэмжээ бага боловч хангалттай өндөр чанар бүхий зураг авах боломжтой гэдгийг мэдэж болно.

Буултын үеийн хэмжилтийн төхөөрөмж (MEDLI)
Инженерүүдийн сэтгэлийг хамгийн их түгшээж байсан зүйл нь сансарын станц Ангарагийн агаар мандалд орох үе байсан юм. Гэвч энэ хугацаанд станц хэвийн ажиллаж, дараа дараачийн даалгавруудыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллүүдийг цуглуулсаар байв. Хэмжилтийн төхөөрөмж 2 хэсгээс бүрдэх бөгөөд эхнийх нь станц агаар мандалд орж, доошлох үеийн дулааны нөлөөллийг хянах зорилготой юм. Ангарагийн агаарын эсэргүүцлээс шалтгаалан станцын их биед үзүүлэх халалтын нөлөөлөл Шатлл хөлөгтэй харьцуулахад 3 дахин өндөр байдаг байна. Үнэн чанартаа станц агаар мандалд доошлох үед түүний хамгаалалтын систем бүрэн шатаж дуусдаг. Зургийн зүүн хэсэгт байрлах хар хайрцаг бол эхний хэмжигч юм. 2 дахь хэмжигч нь станц доошлох үеийн агаарын даралтын нөлөөллийг хэмжиж, хөндлөн чиглэлд цувран байрласан мэдрэгчүүдийн тусламжтайгаар цаг хугацаанаас хамааруулан станцын чиг баримжааг мэдэхэд туслана. Энэ нь станцын буулт төлөвлөсний дагуу явагдаж байгаа эсэхийг хянах, цаашид илүү сайн төхөөрөмж бүтээхэд туслах болно.


Лазерийн шинжилгээний төхөөөрөмж (ChemCam)
Энэхүү төхөөрөмж нь 9м хүртэлх зайнаас чулуулгийг лазерийн гэрлээр шарж ууршсан материалын агууламжийг таних, чулуулаг болон хөрсний хэсгийн геологийн бүтцийг шинжлэх чадвартай. юм. Хэд хэдэн хэсгээс бүрдэх бөгөөд лазер нь станцын дээд хэсэгт, камер болон жижиг хэмжээний телескопын хамт шон хэлбэрийн шурагт байрлана. Түүнтэй холбогдох 3 спектрометр станцийн их биед байрлаж ууршсан дээжээс ялгарах гэрлийг шинжлэнэ. Үүнээс гадна онилсон хэсгийн хог, шороог лазераар арилгаж, илүү нарийвчилсан зураг авах боломжтой юм.


"Томруулагч шил" (MAHLI)
Геологичдийн ердийн багаж хэрэгслийн дэвшилтэт хэлбэр мөн адил Curiosity-д шаардлагатай төхөөрөмжүүдийн нэг юм. Өндөр хүчин чадал бүхий соронзон шилнээс бүрдэх энэ төхөөрөмж нь дээжийг маш ойрхоноос харахад нь эрдэмтэдэд туслана. Төхөөрөмжийн цагаан болон хэт ягаан туяаны гэрлийн үүсгүүрүүд өдөр ч шөнө ч ажиллах боломжоор хангаж 12.5 микрон буюу хүний үсний ширхэгтээс ч нарийн хэмжээний өнгөт зураг авах чадвартай юм. Хэт ягаан туяаны нэгэн нууцлаг боломж нь газрын гадарга хэлбэржин тогтоход ус оролцсоныг нотлох нүүрсхүчлийн давс болон ууршдаг эрдэс бодисуудыг илрүүлэх юм. Төхөөрөмж станцын 2.1 м урттай, 5 үе мөч бүхий робот гарын үзүүрт байрлана.


Цаг уурын хяналтын төхөөрөмж (REMS)
Энэ төхөөрөмж нь атмосферийн даралт, чийглэг, хэт ягаан туяаны цацраг, салхины хурд, чиглэл, агаарын болон газрын гадаргын температурыг тус тус хэмжиж, өдөр тутмын болон улирлын нэгдсэн мэдээллийг бүрдүүлнэ.


Рентген туяа, альфа бөөмийн спектрометр (APXS)
Энэ төхөөрөмж дээжийн нарийвчилсан шинжилгээнд ашиглагдана. Чулуулаг буюу хөрсний дээжийг альфа цацраг болон рентген туягаар шарж, түүний нөлөөгөөр ялгарах энергийг хэмжих замаар ажиллана. Төхөөрөмж өдөр шөнийн аль ч цагт ажиллах чадвартай боловч шинжилгээ хийхэд бага зэрэг хугацаа шаардлагатай. Дээжид агуулагдах голлох элементүүдийг тодорхойлоход 10 минутын хугацаа зарцуулагддаг бол бүх элементийг бүрэн тодорхойлоход 2-3 цаг шаардагдана.


Химийн болон эрдэсийн шинжилгээний рентген туяаны дифракцийн төхөөрөмж (CheMin)
Сансарын станцын ажиллагаа зөвхөн ирээдүйн төлөө зориулагдаагүй бөгөөд Ангарагийн өнгөрсөн түүхийг ч бас судлах зорилготой юм. Тодорхой эрдэс бодисууд, тухайлбал галт уулын лаваас үүдэлтэй чулуулгийн бүтэц лав урссан тухайн цаг үеийн мэдээллийг агуулна. Энэхүү төхөөрөмж олон төрлийн эрдэс бодисыг таньж тэдгээрийн оршин байгаа эсэх болон хэмжээг тодорхойлох чадвартай. Робот гарын тусламжтайгаар авсан дээжийг рентген туяагаар шарж, ялгарах энергийг хэмжих замаар эрдэсийн талстын бүтцийг тодорхойлно.


Дээж шинжлэх төхөөрөмж (SAM)
Энэ төхөөрөмжийг станцын амин сүнс гэхэд хилсдэхгүй бөгөөд Ангарагийн судалгааны амжилтын талаас илүү хувь нь энэ төхөөрөмжийн ажиллагааны үр дүнгээс хамаарна. CheMin-тэй адилаар робот гарын тусламжтайгаар авсан дээжийг үүгээр шинжилж бидний мэдэх амьдралын үндэс болсон нүүрстөрөгч агуулах нэгдэлүүдийг эрж хайна. Мөн дэлхийд амьдрал үүсэхэд нөлөөлсөн устөрөгч, хүчилтөрөгч, азотыг илрүүлэх чадвартай. Төхөөрөмж 3 хэсгээс бүрдэх бөгөөд жингийн спектрометр нь бөөмсийн цэнэгийн харьцаанд тулгуурлан химийн элементүүдийн жинг тодорхойлж, түүгээр нь ангилан ялгана. Хийн хромотаграф нь дулааны үйлчлэлээр элементүүдийг ууршуулан судлана. Лазерийн спектрометр нь хэр олон төрлийн изотопууд дээжид агуулагдаж байгааг тодорхойлно.


Нейтроны үүсгүүр (DAN)
Станцын их биеийн хойд хэсэгт байрлах энэхүү төхөөрөмж гадаргын эрдэс бодисуудад ус болон мөс агуулагдаж байгаа эсэхийг тодорхойлох зорилготой юм. Төхөөрөмжийн үүсгэх нейтроны цацраг газрын гадаргад хүрээд ойж, эргэн ирэх ирэх хурдыг хэмжинэ. Хэрэв хөрсөнд ус болон мөс агуулагдаж байгаа бол тэдгээрийн устөрөгчийн атомын нөлөөгөөр нейтроны хурд удааширдаг байна. Төхөөрөмж хөрсний 2м хүртэлх гүнд, 0.1%-иас бага хэмжээний усны агууламжийг илрүүлэх чадвартай.


эх сурвалж, popsci болон space

Space Shuttle - 30 жилийн түүх (төгсгөл хэсэг)

1986 оны 1 сарын 28, Шатлл (эхний хэсгийг энд дарж уншина уу) - Челленжер  хөлөг 25 дахь удаагийн нислэгтээ бэлтгэж байв. Энэ жил НАСА-гийн хувьд хамгийн завгүй жил болох төлөвтэй байлаа. Тухайн үед Шатлл хөтөлбөр маш их амжилттайд тооцогдож, нислэгийн тоог ихээхэн нэмэгдүүлэн, хөлгийн гүйцэтгэх үүргийг өргөтгөхөөр төлөвлөж байв. Челленжерийн нислэгийн өмнөх орой агаарын температур хасах хэмд хүртэл доошилж, нислэгийн тавцан орчимд том том мөсөн унжлагууд тогтсон байв. Мөс дулаан тусгаарлагчийг гэмтээх аюултай.

Иймд мэргэжилтнүүдийн дунд дулаан тусгаарлагч материалын аюулгүй байдалд эргэлзсэн саналууд ч гарч байв. Мөн нислэгийг хойшлуулах, эсвэл аюулгүй байдлыг шалгаж баталгаажуулах талаархи утасны дуудлага төслийн удирдагчаас нислэгийг удирдах төвд ирсэн байна. НАСА-гийхан ч тэр дор нь хөлөг болон хөөргөх төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгаж аюулгүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Нисгэгчдийн дунд анх удаа энгийн иргэн оролцож байгаагаараа Шаттлын энэ удаагийн нислэг онцгойд тооцогдож байлаа. Хүүхдүүдийн сонирхлыг шинжлэх ухаан, технологид татах үүднээс Цагаан ордны санаачилсан төлөвлөгөөний дагуу дунд сургуулийн 11 мянган багш нараас 2 хүүхдийн эх, 37 настай Криста Маколив шалгарч нислэгт оролцохоор болжээ.

Нислэгийн өглөө сансарын 7 нисгэгчийг нислэгийн тавцанд хүрч очих үед ч агаарын температур 0 хэмээс яльгүй өндөр байв. 11 цаг 29 минутад хөлөг төлөвлөсний дагуу амжилттай хөөрч хөдөлгүүрийн ашиглалт 65%-д хүрсэн байна. Нислэгийн удирдагчаас хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ердийн үүрэг нисгэгчдэд өгөгдөв. Харин Челленжерээс "ойлголоо" хэмээх хариу өгөгдсөний дараахан дэлбэрэлт болж, удирдлагын төвийн дэлгэц дээрх мэдээллүүд алга болжээ.

Телевизээр нэвтрүүлж байсан нислэгийн ажиллагааны шууд дамжуулалтын дундуур хөлөг дэлбэрч далайд унасан тухай нислэгийг удирдах төвийн мэдээлэл хийгдэв. Энэ цаг үеийг хүртэл америк хүн сансарт нас барсан тохиолдол гарч байгаагүй учир сансарын нислэгийн аюул ослын талаар хэн ч төсөөлж байгаагүй юм. Ослын дараа Шатллийн бүх нислэгийг цуцалж, түүхэнд байгаагүй чанд хатуу, нарийвчилсан шалгалтыг эхлүүлэв.

4 сарын турш үргэлжилсэн шинжилгээний эцэст сансарын 7 нисгэгч, 2 тэрбум долларын өртөг бүхий Челленжер хөлгийг золиослосон ослын шалтгааныг пуужинт хөөргөгчийн резинэн жийрэгт байсныг тогтоожээ. Хатуу түлш агуулах пуужингийн их бие цилиндр хэлбэрийн 5 хэсгээс бүрдэнэ. Тэдгээрийг хооронд нь холбосон залгаасны хэсэгт пуужингийн битүүмжийг хадгалах үүрэгтэй хос резинэн жийргийг байрлуулжээ.

Хөлөг хөөрч, пуужинд гал авалцах үед түүний голоор галын дөл цойлно. Энэ үед дэлбэрэлтийн хүчтэй тэнцэх хэмжээний хүч пуужингийн их биеийг гадагш тэлэх чиглэлд үйлчлэнэ. Харин агаарын хасах хэмд резинэн жийрэг хатуурч, уян хатан байдлаа алдсанаас пуужингийн битүүмжлэл хангагдсангүй. Жийрэгний зай завсараар галын дөл гадагш алдагдаж, дэлбэрэлтэд хүргэжээ.

Резинэн жийрэгтэй холбоотой адил төрлийн хүндрэл өмнө нь ч бас гарч байсан нь шалгалтын явцад тодорхой болов. Мөн ноцтой гэмээр дутагдлууд ч илэрчээ. Нислэгийн өмнөх орой пуужинг үйлдвэрлэгч компаниас агаарын хэм хэт бага байгааг анхааруулж нислэгийг хойшлуулах хүсэлт ирсэн байна. Эцэст нь тэд НАСА-гийн шахалтад орж нислэгийг төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэх талаар санал нэгдсэн байна.

Шалгалтын явцад НАСА-гийн шийдвэр гаргах түвшинд удирдлагын асар их алдаа, дутагдал байгааг ч илрүүлжээ. Ослоос хойш 2 жилийн хугацаанд 1.4 тэрбум доллар зарцуулж, хөлгийн 200 хэсэгт сайжруулалтын ажил хийгдэв. Аюулгүй байдлыг хангаж, дараагийн нислэгийг аль болох хурдан эхлүүлэхгүй бол Шатлл хөтөлбөр цаашид оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй болно.

1988 онд Шатлл хөлөг нислэгийн тавцанд дахин ирэв. Бүх хүний анхаарал сансарын нисгэгчдэд ханджээ. Өмнөх нислэгийн бүх нисгэгчид амь үрэгдсэн учир энэ удаад хэн зориглож нисэх нь нислэгээс илүүтэйгээр хүмүүсийн сонирхолыг татаж байв. Харин энэ удаагийн нислэг ямар ч асуудалгүй, амжилттай болов. Гэвч дараагийн төлөвлөгөөт нислэгүүд хийгдэх тусам хөлгийг шинэ нислэгт бага зардлаар бэлдэнэ гэсэн мөрөөдөл бага багаар нуран унасаар байсан юм.

Сансарт бизнесийн зорилго бүхий ачааг хүргэхэд Шатлл бус, уламжлалт пуужин ашиглах явдал нэмэгдэж, Шатллд шинэ зорилго олох шаардлага гарч ирэв. Тэрээр олон төрлийн үүрэг гүйцэтгэж, өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулахад ашиглагдаж байсан боловч түүний үүрэг 10 жил тутамд өөрчлөгдсөөр иржээ. 1980-аад оны үед тээврийн хэрэгсэл байв. Харин 1990-ээд оны үеэс шинжлэх ухааны туршилт, судалгаанд чухал үүрэг гүйцэтгэх болов.

Эрдэмтэд орчлон ертөнц хэзээ үүсч, хэрхэн бүрэлдсэн тогтсон нууцыг тайлахын тулд аварга телескопийг сансарт байрлуулах талаар 1940-өөд оны үеэс мөрөөдөж эхэлжээ. Тэрхүү мөрөөдлийг биелүүлэх түүхэн үүрэг 1990 онд Шатллд оногдов. Эрдэмтдийн мөрөөдлийн биелэл болох сансарын Хабл дуран хэдэн тэрбум жилийн туршид сансарт аялсаар ирсэн маш бага хэмжээний гэрлийг ч мэдрэх чадвартай байх болно.

Сансарт аварга телескоп байрлуулбал өдийг хүртэл боловсруулагдаж ирсэн олон онолыг нотлож, эсвэл эсрэгээр нь няцааж, сансар огторгуйн талаархи бидний ойлголт өргөжих болно. Гэвч бодит байдалд тулгарсан томоохон асуудал нь Хаблийг байрлуулах тойрог замын хамгийн тохиромжтой өндөр, тухайн үед Шатллийн хэзээ ч хүрч байгаагүй буюу 600 км байсан явдал байв. Шинэ хөлөг тус тусдаа түлшний систем бүхий хос хөдөлгүүрийг агуулж байсан ч эрсдэл өндөр байв.

Өөрөөр хэлбэл 600 км өндөрт ямар нэгэн асуудал гарвал зөвхөн нэг хөдөлгүүрээр буцаж ирнэ гэдэг хэтэрхий эрсдэлтэй юм. Энэ төвөгтэй даалгаврыг Дисковери хөлөг гүйцэтгэх болов. Сансарын нисгэгчид Хаблыг тойрог замд амжилттай байрлуулж, түүний авсан анхны зургуудыг дэлхий хүлээж авчээ. Гэвч тэдгээр зургууд фокусгүй байв. Хаблыг хөөргөж, байрлуулах үйл ажиллагаа маш амжилттай болсон боловч түүнийг ажиллуулж шалгах үед томоохон согог байгааг илрүүлжээ.

Хабл дуран хос толины тусламжтайгаар гэрлийг ойлгож, фокусын цэгт төвлөрүүлэн хүлээж авах зарчимаар ажиллана. Харин үйлдвэрлэгч нар анхдагч толийг зүлгэж, өнгөлөх үед маш бага хэмжээний зөрүү гаргаж орхижээ. Толины гадаргын налуу үсний ширхэгийг 50 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээгээр байх ёстой хэмжээнээс зөрсөн учир гэрэл фокусын бүрэн цэгт хүрэхгүй байв.

Харин 2.4 м диаметртэй анхдагч толь дурангийн их биеийн гүнд байрлах учир сансарын орчинд түүнийг хөдөлгөж, тэгшлэх байтугай гар хүрэх ч боломжгүй байв. Иймд эрдэмтэд гэрлийн хугарлын өнцөгийн зөрөөг засварлаж фокусын цэгт зөв хүргэх, нэмэлт толины төхөөрөмжийг анхдагч толины өмнө байрлуулахаар шийдвэрлэжээ. Гэвч энэ нь сансарын нисгэгчдийн хувьд өмнө нь нэг ч удаа гүйцэтгэж байгаагүй нарийн төвөгтэй даалгавар юм. Нэмэлт төхөөрөмжийн суурилуулалтаас гадна нарны панель, тэнцвэрийн гироскоп мэдрэгч, тоормозлох төхөөрөмж, электрон удирдлагын хайрцагийг тус тус солих зэрэг жижиг ажлууд цөөнгүй байв.

Сансарын нисгэгчид жингүйдлийг зохиомлоор бий болгох усан бассейнд өдөр бүр 16 цагийн дасгал сургуулилтыг 11 сарын турш гүйцэтгэсний дараа 1993 оны 12 сард даалгаврыг гүйцэтгэх ажилдаа оржээ. Шатлл хөлөг Хабл дуранд хүрэхэд 3 хоног зарцуулав. Хөлгийг тохиромжтой байрлалд шилжингүүт робот гарыг зайнаас удирдаж Хабл дуранг барьж авах шаардлагатай. Эрсдэл өндөртэй энэхүү ажлыг 5 удаа давтан хийх шаардлагатай бөгөөд энэ нь нисгэгчдийн хувьд анх удаагийн төвөгтэй үйлдэл юм.

Нэмэлт толин төхөөрөмжийг суурилуулах ажил харьцангуй хялбархан бүтэж төлөвлөсний дагуу хийгдэв. Харин дурангийн их биеийн гүнд байрлах 4 гироскопийг солих ажил төвөгтэй байв. Сансарын нэг нисгэгч дурангийн дотор жингүйдлийн нөхцөлд биеээ аль болох тогтвортой байлгаж, гироскопыг солих үед өөр нэгэн нисгэгч хөлнөөс нь барьж тогтоож байжээ. Дараа нь ажлаа дуусгаад дурангийн бүрхүүлийг хаах гэтэл бүрэн хаагдсангүй.

Хабл дурангийн битүүмж алдагдсан тохиолдолд нарийн төвөгтэй, мэдрэмтгий төхөөрөмжүүд сансарын хэт хүйтэнд эвдэрч ажиллагаагүй болно. Улмаар 1 тэрбум доллараар бүтээсэн Хабл сансарын хог болж хувирахыг ч үгүйсгэх аргагүй. Эцэст нь сансарын нисгэгчид зөв шийдлийг олж айл нүүлгэдэг компаниуд ачааг автомашины бүхээгт бэхэлдэгтэй төстэй төхөөрөмжөөр дурангийн бүрхүүлийг хөдөлгөөнгүй бэхэлж чадсан байна. Нисгэгчид сансарт 10 хоног ажилласны эцэст даалгаврыг бүрэн гүйцэтгэж дууссан тухай илтгэв.

Засварлагдсан Хабл дуран хар нүх, Ангарагийн элсэн шуургын зургуудийг илгээв. Мөн одод үүсэн бий болох, дэлбэрэн устаж буй мөчүүдийг бидэнд харуулж, орчлон ертөнцийн тэлэлтийн хурдыг хэмжихэд ч бас ашиглагдах болов. Түүнээс хойш Хабл дуран 20 жилийн турш дэлхийг тойрон эргэлдэж, одон орны олон шинэ нээлт хийгдэж, орчлон ертөнцийг танин мэдэхэд голлох үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс гадна Хабл дуран Шатлл хөлгийн шинэ боломжийг нээн харуулсан юм.

1993 онд АНУ-ын парламент хүн ажиллаж, амьдрах байнгын станцыг сансарт байгуулах зорилгоор хэдэн тэрбум долларын өртөг бүхий төсвийг батлав. Олон улсын сансарын станц нь түүхэнд байгаагүй олон улсын хамгийн аварга төсөл бөгөөд өртөг зардал, цар хэмжээ, оролцох хүний тооны хувьд ч хамгийн том нь байв. Хэрэв Шатлл хөлөг байгаагүй бол үүнийг хэрэгжүүлэх боломжгүй юм. 1990-ээд оны эхээр хүйтэн дайн дуусч, дэлхийн улс төрийн байдалд ч эерэг өөрчлөлтүүд гарах болов.

Сансарт өрсөлдсөөр ирсэн америкчууд болон хуучин зөвлөлтийн хооронд хамтын ажиллагааны эхлэл тавигдаж, өмнө нь дайсагнаж байсан улсын сансарын нисгэгчид хамтран ажиллах болов. Сансарын нисгэгчид түүхэнд хамгийн томд тооцогдох байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээв. Тэд 13 жилийн турш 30 гаруй удаагийн даалгавар гүйцэтгэж, сансарын станцыг бага багаар угсарсан юм.

ОУСС аль хэдийн арван хэдэн жилийн турш ашиглагдан, хүмүүс тасралтгүй байрлаж, ажилласаар байна. Энэ хугацаанд Шатлл хөлөг 15 орны эрдэмтэд, инженерүүдийг ОУСС-д хүргэж, тэдний тусламжтайгаар жингүйдлийн нөхцөлд олон төрлийн судалгаа хийгдэж, олон шинэ технологи төрөн гарсаар иржээ. 21-р зууны эхээр Шатлл хөтөлбөр дэлхий дээрх хамгийн амжилттай сансарын төсөл хэмээх итгэлийг хүмүүст төрүүлэх болов.

2003 оны 2 сарын 1, Шатлл-Колумбиа хөлгийн нисгэгчид сансарт ердийн байдлаар даалгавраа гүйцэтгэж байв. Колумбиа нь 20 жилийн өмнө анх сансарт нисгэсгэн Шатллын хамгийн хуучин загвар бөгөөд 28 дах удаагийн нислэгээ хийж байгаа нь энэ юм. 7 нисгэгчийн 4 нь анх удаагаа сансарт нисч байна. Тэд шинжлэх ухааны туршилтууд хийж, видео бичлэгүүдийг дэлхий рүү илгээж байв.

16 хоногийн нислэг дуусч хөлөг дэлхийд буцах цаг болоход бүхээг дэх төхөөрөмжүүдийн заалт бүх зүйл хэвийн гэдгийг илтгэж байв. Колумбиа хөлөг дэлхийн агаар мандалд орсоноос хойш 10 минутын дараа температурын 4 мэдрэгч ажиллагаагүй болсон талаархи мэдээлэл нислэгийг удирдах төвийн дэлгэц дээр гарчээ. Хөлөг газардах үед иймэрхүү нөхцөл байдал үүсэх нь тийм ч их ер бусийн зүйл биш юм. Бусад мэдрэгчүүдийн заалт ч бүгд хэвийн байв.

Хэдэн минутын дараа дахин өөр мэдрэгчүүдэд асуудал үүсч, удалгүй хөлгөөс ирэх холбоо тасарчээ. Нислэгийг удирдах төвөөс Колумбиа хөлгийг дахин давтан дуудсаар байсан боловч хариу ирсэнгүй. Дахин хэдэн минутын дараа сонирхогчийн камераар хийсэн бичлэг Далласын телевизийн сувгаар нэвтрүүлэгдэв. Тэр нь Колумбиа хөлөг орж ирэх ёстой тэнгэрийн хэсэгт олон жижиг гэрлийн бөөгнөрлүүд нисч байгааг харуулсан дүрслэл байв.

"Бид Колумбиаг алдлаа, нэг ч хүн амьд үлдсэнгүй" хэмээсэн ерөнхийлөгч Бушийн гашуудлын үгс телевиз, радиогоор цацагдав. Челленжер хөлгийн ослоос хойш 17 жилийн дараан Шатлл дахин осолд өртөв. Маш олон хүн сансарын нислэгийг ажиглах байгууламжид цугларч нисгэгчидтэй салах ёс гүйцэтгэж байжээ. НАСА ослын шалтгааныг тодруулахаар дахин нарийвчилсан шалгалт, судалгааг эхлүүлэв. Луйзана, Арканзас, Тексас мужуудийн нутгаар тархсан 12 мянгаар тоологдох хөлгийн үлдэгдэл хэсгүүдийг цуглуулж авав.

Судалгааны баг эд ангийн шинжилгээнээс гадна нислэгийн үеийн видео бичлэгүүдэд ч шинжилгээ хийв. Хөөрөх үеийн бичлэгийн чанар тийм ч сайн байгаагүй ч пуужингийн дулгаалгын ялтас хууран унаж, хөлгийн их биетэй мөргөлдөж байгаа нь бичигдэн үлджээ. Дараа нь аюулгүй байдлыг хангах газар болон цэргийн байгууллагаас илүү тод бичлэгийг хүлээн авав. Судалгааны багийн ахлагч осолд нөлөөлсөн байж болох хүчин зүйл нь дулаалгын хөөсөнцөр гэж үзсэн боловч НАСА-гийн удирдлага үүнд онц ач холбогдол өгсөнгүй.

Хөлөг 20 км өндөрт гарах үед цагт 3000 км хурдална. Энэ нөхцөлийг тооцож, ослыг мөрдөн шалгах баг Энтерпрайз хөлгийн тусламжтайгаар дулаалгын хөөсөнцөрийг хөлгийн баруун далавчинд мөргөлдүүлэх туршилтыг хийв. Туршилтаар 1 кг хүрэхгүй жинтэй хөөсөнцөр хөлгийн гадаргад 30 см хэмжээтэй нүх үүсгэжээ. Колумбиа хөлгийн хувь тавилан түүнийг хөөрсөний дараах 83 дэх секундэд нэгэнт шийдэгдсэн байжээ.

Сансарын нисгэгчид сансарт 16 хоногийг өнгөрүүлэхдээ хөлгийн далавчинд нүх үүссэн байгааг огтоос мэдээгүй байсан юм. Шинжилгээний баг 7 сарын дараа эцсийн дүгнэлтээ танилцуулав. Хөөсөнцөр ховхорч мөргөлдсөнийг хөлөг хөөрсөнөөс хойш 22 цагийн дараа инженерүүд бичлэгээс мөн адил олж мэдсэн байжээ. Тухайн үед энэ талаар мэдээлэгдсэн боловч НАСА-гийн удирдлага ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр үл тоож өнгөрүүлсэн байв.

Колумбиа хөлгийн осол Шатллийн нислэг аюул осолтой бөгөөд түүнийг урьдчилан тооцоолох боломжгүй гэдгийг дахин харуулав. Иймд ОУСС-ын бүтээн байгуулалт дуусах мөчид Шатлл хөлгийг ашиглалтаас гаргах тухай шийдвэрийг ерөнхийлөгч Буш 2004 онд гаргав. Онолын хувьд сансарын 100 нислэг тутамд 1 удаа хүний амь эрсэдсэн осол гарах магадлалтай гэгддэг бол Шатллийн хувьд 2 удаа осол гарсан нь яавч аюулгүй гэсэн үзүүлэлт биш юм.

2011 оны 7 сарын 21, Шатлл - Атлантис хөлөг Флорида муж дах Кеннедийн нэрэмжит сансарын нислэгийн төвд амжилттай газардсанаар түүний 30 жилийн түүх дуусгавар болсон юм. Шатлл хөлгийн нийт 135 удаагийн нислэгийн зардлыг өнөөгийн ханшаар тооцвол 209 тэрбум долларт хүрчээ. Олон дахин ашигласнаар өртөгийг багасгана гэдэг эндүүрэл байв. Нислэгийн дараа хэдэн арван мянган төхөөрөмж, системийн шалгалт туршилт хийх шаардлагатай. Гэхдээ энэ нь тооцоолж байснаас давсан ажил байв.

Шатллийн үүргийг илүү хямд өртөг бүхий дараагийн сансарын хөлөгт шилжүүлэх болно. Гэвч олон олон анхдагчийн эзэн болсон Шатлл хөлөг дараа дараагийн үеийнхний сансарын итгэл найдварыг хурцалж, мөрөөдөлд хүрэх замыг нь нээж байна. Атлантис хөлөг Флорида дах Кеннедийн сансарын нислэгийн төвд, Эндовер хөлөг Лос-Анжелес дахь Калифорнийн шинжлэх ухааны төвд, Дисковери хөлөг Вашингтоны Сансарын нислэгийн музейд тус тус тавигдаад байна.

Өнөөдрийг хүртэл сансарт ниссэн 5 хүн тутмын 4 нь буюу нийт 355 нисгэгч Шатллийг хөлөглөжээ. Түүний тусламжтайгаар хийсэн олон туршилт, судалгаа түүхэнд томоохон ул мөрүүдийг үлдээсэн. Шатлл хөлгөөр хөөргөсөн сансарын станц Юлисийз нарны хойд, өмнөд туйлуудыг анх удаа ажигласан. Сугар гаригийг судлагч Магеллан, Бархасвадийг шинжлэгч Галилей станцуудыг ч мөн адил Шатлл хөөргөсөн.

Түүний тусламжтайгаар бүтээсэн хамгийн том ажил нь сансарын Хабл дуран, ОУСС байв. Шатлл дэлхийг 21152 удаа тойрч, нийт 872 сая км зайг туулжээ. Энэ нь дэлхийгээс Бархасбадь гаригт хүрэх зайтай тэнцэнэ. Одоо НАСА дэлхийгээс илүү хол зайд нислэг хийхийг зорьж байна. Шатлл сансар судлалын ирээдүйн түүхэн хөгжлийн өнгийг тодорхойлсон юм. Тэр нь сансарт хүн удаан хугацаагаар ажиллаж, амьдрах боломж юм.


эх сурвалж, Space shuttle: final countdown болон NHK

Curiosity-ийн камер таны гар утасныхаас хэд дахин муу

Амьдралын ул мөрийг хайх зорилгоор Ангараг гариг дээр газардсан НАСА-гийн Curiosity сансарын станцын тухай мэдээлэл сүүлийн хэд хоногийн туршид сансар, одон орон, цаашлаад шинжлэх ухаан, технологи сонирхогчдын дунд шуугиан дэгдээж байна. Станц газардлаа, эхний фото зургуудыг илгээлээ, станцыг жолоодож эхэллээ гэх мэтчилэн шинэ шинэ мэдээллүүдийг бид өдөр тутам хүлээн авч байгаа билээ.

Харин тус станцаас илгээж буй Ангараг гаригийн дүр төрхийг харуулсан фото зургууд чанарын хувьд хэр тааруухан байгааг анзаарч байгаа байх. Учир нь Curiosity станцын камерийн дүрсний нарийвчлалын хамгийн дээд үзүүлэлт дөнгөж 2 МП байгаа юм. Тэгвэл сүүлийн үеийн ухаалаг утаснуудын камерийн хувьд энэ үзүүлэлт 8 МП болон түүнээс дээш хэмжээнд хүрээд байна.

2.5 тэрбум доллараар бүтээгдсэн хамгийн сүүлийн үеийн сансарын станцын камер таны гар утасныхаас хэд дахин таруухан үзүүлэлттэй байгаад гайхаж байна уу. Үүнд 2 гол хүчин зүйл нөлөөлсөн тухай мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна. Эхнийх нь төхөөрөмжүүдийн хөгжүүлэлтэд харьцангуй урт хугацаа шаардагдсан явдал бол удаах шалтгаан нь гариг хоорондын орчинд мэдээлэл дамжуулах боломж хязгаарлагдмал байдгаас үүджээ.

Энэ талаар Curiosity станцын камерийн хөгжүүлэлтийг хариуцан ажилласан Malin Space Science Systems компаний менежер Mike Ravine, Digital Photography сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тус компани 2004 оны эхнээс сансарын станцын камерийн төсөл дээр ажиллаж эхэлжээ.

Сансарын станцад суурилуулсан флэш санах ойн хэмжээ 8Гб байгаа бөгөөд энэ нь бидний өдөр тутам хэрэглэдэг зөөврийн төхөөрөмжүүдтэй харьцуулахад тийм ч бага хэмжээ биш мэт санагдана. Гэхдээ Ангараг гариг дээр 2 жилийн турш ажиллах станцын хувьд хангалттай хэмжээ биш юм. 2 МП камераар авсан зураг харьцангуй бага хэмжээтэй боловч хэдхэн мянган фото зураг хадгалахад л дээрх хэмжээний санах ойг дүүргэнэ.

Мөн төсөл эхэлсэн 2004 онд 2МП гэдэг тийм ч муу үзүүлэлт байгаагүй бөгөөд Mike Ravine-ий компани нэгэнт батлагдсан НАСА-гийн төлөвлөгөөнд тусгагдсанаас өөр төрлийн камер бүтээх боломжгүй байжээ. 2 дахь хүчин зүйл нь мэдээлэл дамжуулах зурвасын өргөн хязгаарлагдмал байгаа явдал юм. Бодит байдалд гариг хоорондын мэдээлэл дамжуулалт туйлын удаашралтай байдаг нь орчин үеийн шаардлагад тийм ч сайн нийцэхгүй байна.

Curiosity станц эхний ээлжинд мэдээллийг Ангарагийн тойрог замд байрлах хоёр хиймэл дагуулд илгээж байна. Тэдгээр нь дэлхий рүү дамжуулах үүрэг гүйцэтгэх бөгөөд дамжуулалтын хурд дөнгөж 128 Кб/с, нэг хоногт дамжуулах мэдээллийн багтаамж 250 Мб тус тус байна.

Curiosity-ийн камер
Curiosity-ийн илгээсэн эхний зургуудын нэг
Сүүлийн үеийн ухаалаг утасны камер илүү сайн зураг авдаг

эх сурвалж, mailonline

Никон компани андройд камер бүтээжээ

Ухаалаг утас, таблетүүд олон төрлөөр худалдаалагдах болж, тэдгээрийн камерууд ч ердийн фото зургийн аппаратаас дутахааргүй чанартай зураг авах боломжтой болсон. Энэ нь уламжлалт фото камер үйлдвэрлэгчдийн зах зээлийг уналтад оруулж байгаа юм. Тэгвэл Никон компани энэ байдлаас зайлсхийх зорилгоор шинэ төрлийн фото камер бүтээсэн байна.

Ирэх сарын сүүлээр худалдаалж эхлэхээр төлөвлөж байгаа Nikon Coolpix S800c камер нь Google-ийн андройд үйлдлийн системийг агуулах бөгөөд WiFi холболтоор интернетэд холбогдож фото зураг болон видео бичлэгийг олон нийтийн сүлжээ зэрэг сайтуудад шууд ачаалах боломжтой юм.

3.5 инчийн даралт мэдрэх OLED дэлгэцийн тусламжтайгаар видео үзэх, интернетээр аялах, апликэшн програмуудыг ажиллуулах зэрэг андройд систем бүхий төхөөрөмжийн адил үйлдлүүдийг хийх боломжтой. Мөн GPS-тэй бөгөөд линзний таталтын үзүүлэлт 10x байна.

Үнийн хувьд 350 доллар орчим байгаа нь 64 GB-ийн iPod Touch-оос хямдхан юм. Хамгийн гол нь 16 МП бүхий CMOS мэдрэгчийг агуулах учир фото зургийн хувьд бусад ямар ч зөөврийн төхөөрөмжид байхгүй өндөр чанарыг үзүүлэх боломжтой ажээ.





эх сурвалж, weeklyacsii

НАСА хувийн компаниудын сансарын технологийг дэмжинэ

НАСА сансарын хөлөг бүтээхээр өрсөлдөж буй хувийн компаниудыг шалгаруулж, тэдэнд олгох санхүүжилтийн хэмжээг тогтоосон байна. Шинэ загварын дэвшилтэт хөлөг, хөөргөх төхөөрөмж бүтээх, мөн хөөргөлт, газрын болон нислэгийн үеийн удирдлагаар хангах иж бүрэн үйл ажиллагааг хамарч буй Commercial Crew Program төслийн хүрээнд Sierra Nevada корпорацид 212,5 сая доллар, Space Exploration Technologies компанид 440 сая доллар, Boeing компанид 460 сая долларын санхүүжилтыг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Space Shuttle хөтөлбөр дуусгавар болсоноор НАСА өөрийн гэсэн сансарын хөлөггүй болоод байгаа юм. Иймд хувийн компаниудад дэмжлэг үзүүлж, тэдний бүтээж буй арилжааны зориулалт бүхий сансарын хөлгүүдийг сансарын нисгэгчдийг олон улсын сансарын станцад хүргэхэд ашиглахаар шийдвэрлэсэн юм. Дээрх төслийн хүрээнд компаниудын боловсруулж буй технологийг сайжруулж, цаашид 2014 оны 5 сар гэхэд ашиглалтын түвшинд хүргэхээр төлөвлөж байна.

Гэхдээ НАСА 6 сар хүртэлх харьцангуй удаан хугацааны туршид аялал хийх боломжтой, олон төрлийн зориулалт бүхий сансарын хөлгийн Орион, Ангараг гариг, түүний сарууд, дэлхий орчмын жижиг гаригууд руу нислэг хийх боломж бүхий илүү хүнд жинтэй хөлгүүдийг хөөргөх системийн төслийг тус тус бие даан хэрэгжүүлж байгаа юм. Орион төслийн хувьд тойрог замын туршилтын эхний нислэгийг ирэх онд, анхны жолоодлогот нислэгийг 2016 онд тус тус хийхээр төлөвлөөд байна.

Энэ удаад шалгарсан хувийн компаниуд дундаас Sierra Nevada корпорацийн бүтээж буй Dream Chaser сансарын хөлөг илүү танил санагдаж магад. Уг хөлөг нь Space Shuttle хөлгийн жижигрүүлсэн загвар мэт харагдах бөгөөд НАСА-гийн цуцлагдсан төсөлд суурилж, зөвхөн хөлгийн хөөргөх төхөөрөмжийг хамарч байгаа юм. 7 хүртэлх зорчигчийг тээвэрлэх чадвартай Dream Chaser хөлгийг ердийн пуужингийн тусламжтайгаар хөөргөх бол буух үед планер хэлбэрийн нислэгийг ашиглана. Уг хөлгийг 2016 оноос сансарын нислэгт ашиглаж эхлэнэ хэмээн зохион бүтээгчид найдаж байна.

Dream Chaser хөлөг ОУСС-тай холбогдох үеийн төсөөлөл зураг
Dream Chaser хөлгийн туршилтын нислэг
Харин хамгийн өндөр боломж бүхий өрсөлдөгчид сансарын хөлөг бүтээх хагас зуун жилийн туршлага бүхий Boeing компани тооцогдож байна. Тус компаний бүтээж буй CST-100 сансарын хөлөг өмнө нь тэдний оролцож байсан Аполло, Меркури зэрэг төслүүдийн туршлагад тулгуурлаж байгаа бөгөөд хөлгийн капсул Аполлогийн удирдлагын модулын томсгосон загвартай төстэй юм. Хөлөг мөн адил 7 хүртэлх сансарын нисгэгчийг тээвэрлэх боломжтой. Мөн тус компани  хөлгийн хөдөлгүүр, ослын үеийн зогсоох систем, нислэг болон газардлагын системийг аль хэдийн боловсруулаад байгаа бол анхны нислэгийг 2016 оны эхээр хийхээр төлөвлөөд байна.

CST-100 хөлөг залгагдах үеийн төсөөлөл зураг
CST-100 хөлгийн бүхээг
Шалгарсан 3 дахь компаний Dragon хөлөг сансарын нислэгт аль хэдийн ашигладаж, Олон улсын сансарын станцад ачаа хүргэх автомат жолоолдогот нислэгийг амжилттай гүйцэтгээд байгаа юм. Уг хөлгийн тээвэрлэх зорчигчын тоо дээрх хөлгүүдтэй адил боловч хөлөг болон хөөргөгч пуужинг олон дахин ашиглах боломжтойгоороо онцлог шинэ загвар юм. Гэхдээ жолоодлогот нислэг хийх түвшинд хараахан хүрээгүй байгаа бөгөөд 2015 он гэхэд ийм боломж бүрдэнэ хэмээн SpaceX компанийхан найдаж байна. НАСА-аас олгогдсон хөрөнгийг ослын нөхцөл үүсэх тохиолдолд хөлгийг пуужингаас салгах зэрэг аюулгүйн дэвшилтэт системүүдийг хөгжүүлэхэд зарцуулах ажээ.

SpaceX компаний Dragon хөлөг
Dragon хөлгийн бодит хэмжээ бүхий загварын бүхээгт
эх сурвалж, gizmag

"Viral hit" хэрхэн төрдөг вэ

Viral хэмээх үгийг болор толиос харвал "вирусын, нянгийн" гэсэн утгатай болохыг мэдэж болно. Тэгвэл сая сая хүмүүсийн дунд яг л вирусын халдвар мэт хоромхон зуур тархаж, алдарших видео контентийг viral hit гэх болжээ. Youtube-ын шинжээч Kevin Аlocca видео бичлэгүүдийг зөвхөн "үзэх" ажил хийдэг бөгөөд өөрийгөө энэ дэлхийн хамгийн өвөрмөц мэргэжилтэй хүмүүсийн нэг хэмээсэн байдаг.

Иймэрхүү шинэ ажил мэргэжил бий болоход viral hit-үүд чухал үүрэг гүйцэтгэж байна. Ингээд тэдгээр нь хэрхэн төрдөг талаар Kevin Аlocca-ийн хийсэн дүгнэлтийг сонирхоцгооё. Хүн бүхэн нэр алдартай болохыг хүсдэг ч бодит байдалд ийм аз тун цөөхөн хүнд тохиодог. Гэхдээ итгэхэд бэрх ч хүсвэл маш богино хугацаанд од болох боломж хэн бүхэнд бий. Үүний тулд юу хийх хэрэгтэй вэ.

Өнөөдөр Youtube сайтад секунд тутамд 48 цагийн видео бичлэг шинээр нэмэгдэн орж байна. Тэдгээрээс тун цөөхөн нь саяас дээш тооны хандалт авдаг. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа юм. Yosemite үндэсний цэцэрлэгт хүрээлэнд давхар солонго татсан байгалийн үзэгдлийг дүрслэх видео бичлэг 2010 онд 23 сая хандалт авчээ. Гэхдээ уг бичлэг мөн оны 1-р сард youtube-д орсон боловч 7 сарын хугацаанд хандалтын тоо бараг тэг байсан гэхэд хилсдэхгүй. Гэтэл 7-р сараас энэ тоо өдөрт 400 мянгад хүрэх болов.

Хандалтын тоо ингэж огцом өсөхөд юу нөлөөлөв. Америкийн телевизийн нэртэй хөтлөгч, хошин шогч Jimmy Kimmel уг бичлэгийн тухай "миний найз Todd энэ дэлхийн хамгийн хөгжилтэй видеог оллоо гэсэн, магадгүй түүний туйлын зөв байх" хэмээн жиргэсэн нь түлхэц өгчээ. Viral hit төрөхөд хэн нэгэн нөлөө бүхий хүн буюу "түгээгчид" чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

13 настай дуучин Rebecca Black-ийн Friday дуу өнгөрсөн онд 200 сая хандалт авчээ. Бичлэг 2011 оны 2 сарын сүүлчээр youtube-д орсон боловч 20-иод хоногийн турш ямар ч хандалтгүй байв. Харин дараа сарын 10-нд хошин шогийн хөтөлбөрт ишлэгдэж, блог, нийгмийн сүлжээнүүдээр яригдах болжээ. Хэн нэг нь олон хүнд хүрэх боломжийг нээж өгвөл бичлэг тэр дороо тархах болно. Өнөөдөр энэ дууны 10 мянган өөр өөр хувилбар бүтээгдээд байна. Дуу зөвхөн Баасан гаригаар хязгаарлагдсангүй, долоо хоногийн бүхий л гаригийн тухай хувирган дуулагдах болов. Бүр хэтэрхий утгагүй санагдах хувибарууд ч бас гарчээ.

Nyan cat хэмээх муурын хүүхэлдэйн богино хэмжээний хөдөлгөөнт дүрслэл хөгжмийн аянд давтагдан тоглогдоно. Уг бичлэг одоогоор 50 сая хандалт аваад байна. Тэр ч байтугай 3 цаг үргэлжлэх хувилбар нь 4 сая хандалттай болсон байх юм. Хүмүүс бичлэгийг хоёрдогч, гуравдагч болгон хувиргаж ремикс, франц, япон, орос гэх мэт олон улсын хувилбарууд ч хийгджээ. Муурын бичлэгийг муур ч үзэж байна. Муурын бичлэг үзэж байгаа бичлэгийг өөр муур ч бас үзэж байна.

Унадаг дугуйн зам тийм ч аюулгүй зүйл биш гэдгийг хөгжилтэй хэлбэрээр илэрхийлсэн бичлэгийн хандалт 5 саяд хүрээд байна. Энэ тохиолдолд бага зэргийн өвөрмөц санаа маш их үр дүнд хүргэж байгааг харж болно. Энэ бүхэн юуг өгүүлж байна вэ. Өнгөрөгч зуунд бид дуу, хөгжим, урлагийн тоглолтыг зөвхөн үзэж, сонсдог байсан бол өнөөдөр өөрсдөө уран бүтээлд хамтран оролцож, зугаацах боломжтой болов.

Энэ бүхэн үзэгчид нь өөрсдөө хамтран бүтээлцдэг, улмаар үзэгчид нь өөрсдөө үнэлэлт өгч, нэрд гарах эсэхийг шийддэг шинэ урлаг буюу соёлын шинэ төрөл зүйл үүссэнийг харуулж байна. Viral hit төрөхөд 3 хүчин зүйл шаардлагатай. Эхнийх нь түгээгчид буюу хэн нэгэн нэр алдартай хүний нөлөө юм. Дараагийх нь олон нийтийн оролцоо юм. Гурав дахь нь бага зэргийн өвөрмөц санаа, хөгжилтэй, хошин илэрхийллийг агуулж байх явдал юм.

Дашрамд дурдахад тус блогт өмнө нь мэдээлж байсан Хацүнэ Микү иймэрхүү viral hit-үүдийн нэг тод жишээ юм. Мөн манайдаа л viral hit болоод байгаа нэгэн бичлэгийн тухай манайдаа л түгээгчид тооцогдох нэгэн блогт дурдагдсан байгааг эндээс сонирхож, нэрд гарахад нь ямар хүчин зүйл нөлөөсөн байж болохыг тунгаагаарай.


эх сурвалж, ted talk