Хашгираан

Норвегийн экспрессионист зураач Edvard Munch-ийн "Хашгираан" зургийг ирэх 5 сард дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөсөн, 80 сая орчим доллараар худалдаалагдах төлөвтэй байгаа тухай мэдээллүүд гарч байна. Зургийн 4 хувилбар байдгаас уг хувилбар хувийн хадгаламжинд байсан учир олон нийтэд төдийлөн толилуулагдаж байгаагүй, иймдээ ч хүмүүсийн сонирхлыг ихээр татаж байгаа бололтой.

Зургийн утга санааг ямар ч хүнд ойлгомжтой энгийн хэлбэрээр илэрхийлсэн нь нэр алдартай болсон шалтгаануудын нэг юм гэнэ. Гэхдээ олонхи хүмүүсийн хувьд иймэрхүү сонгодог урлагийн бүтээлүүдийн утга санаа, үнэ цэнийг ойлгож мэдрэхэд төвөгтэй байдаг. Ялангуяа Пикассо зэрэг зураачдын хийсвэр урлагийн төрөлд хамаарах зургуудийг ойлгоход торгон мэдрэмжээс гадна тодорхой хэмжээний урлагийн боловсрол шаардагдах нь мэдээж.

Тэгвэл сонгодог урлагийн бүтээлүүдийг энгийн хүмүүст илүү ойлгомжтой, илүү хүртээмжтэй хэлбэрт хувиргахад компьютер график туслаж байна. MediaPro Majic компаний уран бүтээлчид өөрсдийн уран сэтгэмжээр "Хашгираан" зургийг хөдөлгөөнд оруулж, тохирсон дуу хөгжим, харилцан яриаг оролцуулан видео хэлбэрт хувиргажээ. Зурагт юун тухай өгүүлснийг дараах бичлэгээс үзнэ үү.



Нарны идэвxжил буурч дэлхийг "хүйтрэл"-д хүргэх үү

Нарны гадаргын хамгийн өндөр идэвхжилтэй хэсэгт ажиглагддаг, бага температуртай учир бараан харагдах хэсгийг нарны толбо гэх бөгөөд түүний хэмжээ нарны ажиглалтын гол үзүүлэлтүүдийн нэг болдог. Зарим жилүүдэд толбоны тоо олширч байхад заримдаа бараг үзэгдэхээ больдог. Нарны толбоны энэхүү өөрчлөлт нь нарийн тогтсон цаг хугацаанд буюу 11 жилийн давтамжтайгаар явагдсаар иржээ. Энэ нь нарны идэвхжлийн хэмжээг илэрхийлэх бөгөөд идэвхжил өндөр жилүүдэд толбоны тоо хэмжээ эрс олширдог.

Нарны толбоны тоо хэмжээ өөрчлөгддөг
Нарны идэвхжил 11 жилийн давтамжтай байдаг
Гэтэл өнгөрсөн жилээс эхлэн нарны толбоны өөрчлөлт цаг хугацааны нарийн тогтсон давтамжаас гажиж эхэлж байгаа нь тодорхой болжээ. Энэ нь орчин үеийн шинжлэх ухааны нарийвчилсан ажиглалт хийж эхэлснээс хойш тохиолдож байгаагүй онцлог үзэгдэл болж байгаа юм. Өнгөрөгч 2011 онд нарны идэвxжил давтамжийн хамгийн өндөр хэмжээнд хүрэх төлөвтэй байсан боловч урьдчилан тооцоолж байснаас 50% бага хэмжээтэй байгаа ажээ. Энэ гажилт дэлхийд томоохон нөлөө үзүүлэх магадлал өндөр байна.

Нарны идэвхжил 2011 онд тооцоолсон (ногоон)-оос 50% бага (улаан) байсан
Шинжлэх ухааны түүхэнд нарны толбыг хамгийн анх судалсан хүн бол Италийн нэрт физикч, математикч, одон оронч, философич Галилео Галилей юм. Түүнээс хойш 400 гаруй жилийн туршид эрдэмтэд нарны толбоны ажиглалтыг тасралтгүй хийсээр иржээ. Ажиглалтын түүхэн баримтуудаас үзвэл 17-р зууны хоёрдугаар хагасаас 70-аад жил үргэлжилсэн хугацаанд нарны толбо бараг үзэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн зурвас үед нарны идэвжил хамгийн доод цэгтээ байжээ.

Маундерийн минимум
Уг зурвас үеийг нээсэн эрдэмтний нэрээр маундерын минимум гэж нэрлэсэн юм. Тухайн үед дэлхий ямархуу байдалтай байсан нь эрдэмтэдийн сонирхол татсаар иржээ. Үүнийг шууд мэдэх боломжгүй боловч хариулт нь санаанд оромгүй газраас олдсон байна. Осака их сургуулийн эрдэмтэд сакура ямар цаг хугацаанд цэцэглэж байсан тухай түүхэн баримтуудаас тухайн үеийн агаарын температурын мэдээллийг гаргаж авсан байна.

Сакура агаарын тогтсон хэмд цэцэглэх бөгөөд цаг агаарын байдлаас хамаарч цэцэглэх хугацаа өөрчлөгддөг байна. 17-аар зууны эхэн үе хүртэл шинэ он гарсанаас хойш 100 дахь хоногтоо сакура бүрэн цэцэглэж байсан бол сүүл үед цэцэглэх хугацаа 10-аад хоногоор хойшлож байв. Энэ мэдээллээс агаарын температурыг тооцож үзэхэд маундерын минимумын үед олон жилийн дунджаас 2 хэмээр бага байсан нь тогтоогджээ. Тухайн үед зөвхөн япон улсаар тогтохгүй дэлхий даяар агаарын хэм бага байсан нь бусад олон баримтаар нотлогддог. Тухайлбал өмнөд Английн нутгаар урсах Темза мөрөн бүхэлдээ хөлдөж байсан баримт түүхэнд үлджээ.

Темза мөрөн бүхэлдээ хөлдөж байсан
Маундерийн минимум буюу бага мөстлөгийн үед нарны идэвхжил маш бага байсан боловч энэ нь ямар замаар дэлхийн агаарын температурт нөлөөлж байсан нь тодорхойгүй байв. Зарим эрдэмтэд нарны идэвжхил бага жилүүдэд түүний гэрэлтэлтийн хэмжээ буурч, улмаар дэлхийн агаарыг сэрүүсэх нөлөө үзүүлж байна хэмээн таамаглаж байсан боловч америкийн сансарын хиймэл дагуулын тусламжтайгаар сүүлийн 40 жилийн турш хийсэн нарийвчилсан ажиглалтаар гэрэлтэлтийн байдалд ямар ч өөрчлөлт гараагүй нь тогтоогджээ. Харин нарны идэвжхил 11 жилийн давтамжтай тогтсон хугацаандаа явагдаж байв. Иймд дэлхийн "хүйтрэл"-ийн шалтгааныг нарны гэрэлтийн хэмжээнээс бус өөр зүйлээс хайх хэрэгтэй болжээ.

1997 онд Данийн Үндэсний Сансар Судлалын Төвийн эрдэмтэн Henrik Svensmark-ийн нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл эрдэмтдийн дунд шуугиан тарьсан нээлт хийгдсэнийг зарлав. Хиймэл дагуулын тусламжтайгаар дэлхийн үүлэнд хэмжилт хийж үзэхэд түүний хэмжээ сансарын туяаны хэмжээтэй шууд хамааралтайгаар өөрчлөгддөг болох нь тогтоогджээ. Сансарын туяа нь оддын дэлбэрэлтээс үүсч огторгуйн орон зайд тархах цацраг идэвхт туяа юм.

Henrik Svensmark-ийн нээлт буюу сансарын туяа (шар) үүлний хэмжээ (хөх)-тэй шууд хамааралтай
Нарны идэвхжил (улбар шар) соронзон хүч (хөх)-нээс хамаардаг бол гэрэлтэлт (шар) нь тогтмол байна
Дэлхийд ирэх сансарын туяаны хэмжээ ихсэхэд дэлхийн агаар мандалд үүсэх үүлний хэмжээ мөн адил нэмэгдэж улмаар цаг агаарт нөлөөлж байгаа нь эрдэмтдийн гайхлыг төрүүлөв. Үнэндээ бол дэлхийд ирэх сансарын туяаны хэмжээ нарны соронзон орны хүчнээс хамаардаг нь тодорхой болсон байжээ. Нар бол нэг ёсондоо соронзон од юм. Түүний гадаргын ихэнх хэсэгт соронзон орны хэмжээ дэлхийнхээс 100 дахин их байдаг бол идэвхжил өндөртэй толбоны орчимд 10 мянга дахин их байдаг. Мөн дэлхийн соронзон орны шугамууд хойд, өмнөд туйлыг холбосон чиглэлтэй байдаг бол нарны соронзон орны шугамууд эмх замбараагүй байрласан байдаг. Тэдгээр шугамууд нарны гадаргатай огтлолцсон хэсгүүдэд нарны толбо үүсдэг байна.

Дэлхийн соронзон орны шугамууд хойд, өмнөд туйлыг холбосон чиглэлтэй байдаг
Нарны соронзон орны шугамууд эмх замбараагүй байрласан байдаг
Нарны соронзон хүчний өөрчлөлтийн хэмжээ нь нарны толбоны өөрчлөлттэй шууд хамааралтай байдаг байна. Нарны үүсгэж буй соронзон орон нарны аймгийг бүхэлд нь хамрах бөгөөд сансарын туяаг нарны аймгийн бүст орж ирэхэд саад болж байдаг байна. Харин нарны идэвхжил буурч, үүсгэж буй соронзон хүчний хэмжээ багасах үед илүү их хэмжээний сансарын туяа нарны аймагт нэвтэрч улмаар дэлхийн агаар мандалд үүл үүсэх нөхцөл болдог байна.
 
Нарны соронзон орон нарны аймгийг бүхэлд нь хамардаг
Сансарын туяа дэлхийн цаг агаарт хэрхэн нөлөөлдөг механизмийг Henrik Svensmark тун энгийнээр, ахлах сургуулийн физикийн хичээлийн үүл үүсгэх туршилтын зарчимаар тайлбарлажээ. Үүл үүсэхэд зөвхөн усны уур байх нь хангалттай нөхцөл биш юм. Түүнээс гадна макро буюу агаар дах тоосонцрын хэсгүүд байхыг шаарддаг. Сансарын туяа агаар мандалд орж ирэх үед агаарын тоосонцрын молекулуудтай мөргөлдөж тэдгээрийг цэнэгжүүлдэг байна. Цэнэгжсэн молекулууд хоорондоо татагдан нэгдэж макро хэсгүүдийг бий болгоно. Түүн дээр усны уурын молекулууд цугларсанаар үүл үүсдэг ажээ.
 
Нарны соронзон орон сансарын туяаг нарны аймгийн бүст орж ирэхэд саад болдог
Харин эрдэмтэд энэхүү тайлбарыг хараахан хүлээн зөвшөөрөөгүй байсан боловч Швейцарын CERN лабораторт хийсэн туршилтаар үнэн бодитой нь нотлогдож эхэлж байна. Тус лабораторт хурдасгуурын туламжтайгаар нейтронуудыг мөргөлдүүлэн, сансарын туяатай төстэй эгэл бөөмсөд задлах туршилтууд хийгдэж байна. Энэ нь нөгөө талаас сансарын туяаг зохиомлоор үүсгэж байгаа гэсэн үг юм. Харин агаар мандалд үүл их хэмжээгээр үүссэнээр нарны гэрлийг хааж агаарын температурыг бууруулах нөлөө үзүүлэх нь мэдэжийн хэрэг билээ.
 
Henrik Svensmark-ийн нээлт ба нарны идэвхжил (улаан)
Эрдэмтэд сүүлийн 6500 жилийн хугацааны нарны идэвхжлийн мэдээллээс маундерын минимум үе 15 удаа тохиолдож байсныг тогтоожээ. Мөн тухайн үеүүдэд дэлхийн агаарын температур хэрхэн өөрчлөгдөж байсныг судлаж үзэхэд 12 удаад нь "хүйтрэл" болж агаарын температур 2-4 хэмээр буурч байв. Хэрэв ийм үеүүд тодорхой давтамжтай явагддаг гэж үзвэл маундерийн минимумын шинэ үе ойрын хэдэн арван жилд тохиох магадлал өндөр байна. Юутай ч өнгөрсөн оноос эхэлсэн нарны идэвхжлийн бууралт нь дэлхийн "хүйтрэл"-д хүргэдэггүй юмаа гэхэд дулаарлыг сааруулах нөлөө үзүүлэх магадлалтай байгаа юм. Эрдэмтдийн тооцоолж байгаагаар сүүлийн жилүүдэд дэлхийн агаарын температур олон жилийн дунджаас 2 хэм орчимоор нэмэгдсэн гэж мэдээлэгдэж байгаа билээ.
 
Сансарын туяа дэлхийн агаар мандалд үүл үүсэх нөхцөл болдог
Харин маундерийн минимумын шинэ үе эхлэж байгаа эсэх нь ирэх жилүүдэд хийгдэх нарны идэвхжлийн ажиглалтаар тодорхой болох юм. Мөн өмнө тохиолдож байсан үедүүдэд нарны гадарга дахь соронзон орны туйлуудад өөрчлөлт орж, хасах туйлууд цөөрч, улмаар нэмэх туйлууд голлож байсан тухай судалгааны дүгнэлт байдаг байна. Тэгвэл өнгөрсөн жилийн ажиглалтаар соронзон орны нэмэх туйлууд нарны хойд хагаст төвлөрч адил нөхцөл байдал үүсч байгаа нь тогтоогджээ.
 
Дашрамд дурдахад энэ жил европын нутгаар эрс хүйтэн өвөл болж байгаа тухай мэдээллүүдийг бид өдөр бүр хүлээн авч байгаа билээ. Зарим оронд сүүлийн 70 жил тохиолдоогүй хүйтэн болж олон арван хүн амь насаа алдахаас авахуулаад эрчим хүчний хангамж доголдох, гол мөрөн хөлдөх зэргээр хүмүүсийн амьдралд ихээхэн нөлөө үзүүлж байна. Мөн дундад азын орнуудад агаарын хэм олон жилийн дунджаас буурч, Япон, Солонгос улсын нутгаар их хэмжээний цас орж байна.

Энэ бүхэн нарны идэвхжилийн давтамжинд гарч буй гажилттай холбоотой эсэх тухай мэдээлэл хараахан байхгүй байгаа боловч дэлхийн агаар мандлын үүлний хэмжээнээс хамаарч болох нь хэнд ч ойлгомжтой юм. Юутай ч энэ жил нарны идэвхжил ямар түвшинд байх бол, ирэх өвөл энэ жилийнхээс хэр их хүйтрэх бол, дараа дараачийн жилүүдэд хэрхэн хувьсаж өөрчлөгдөх бол гэх мэтээр байгаль цаг уур, цаашлаад нарны идэвжлийн талаархи танин мэдэхүйн сонирхолтой ажиглалтууд бид бүхнийг хүлээж байна.

эх сурвалж; NHK サイエンス zero

Фото зураг авах үед илүүдэл хүмүүсийг арилгах апликэшн

Олон нийтийн газар болон гудамжинд фото зураг авахуулах тохиолдолд үл таних хүмүүс зурганд орох, хөшөө дурсгал зэрэг фон болгон харуулах зүйлсийг халхлах тохиолдол байнга шахуу гардаг. Тэгвэл Шведийн фото зургийн Scalado компани фото зурагт боловсруулалт хийх төвөгтэй ажиллагаа бүхий нүсэр програм хангамжгүйгээр үүнийг шийдвэрлэх хялбар аргыг олсон байна.

Ухаалаг утас зэрэг үүрэн төхөөрөмжүүдэд зориулагдсан Remove хэмээх апликэшний тусламжтайгаар дэлгэц дээр хуруугаар даралт хийх төдийд зурагт орсон хүсээгүй хүмүүс болон обектүүдийг арилгах боломжтой болжээ. Фото зураг авах үед хэд хэдэн цуврал кадрууд автоматаар дарагдах бөгөөд уг апликэшн тэдгээрийн хооронд нь харьцуулалт хийх замаар сонгосон обьектүүдийн дүрслэлийг арилгадаг байна.

Энэ нь Google street view-ийн зураг авалт хийх үед гудамжинд байгаа явган зорчигдийн дүрслэлийг арилгах технологитой төстэй юм. Мөн харьцуулалт хийх үйлдэл нь сүүлийн үеийн дижитал камеруудад үзэгдэх болсон HDR, панорама зураг авах функцүүдийг санагдуулна. Харин дутагдалтай тал нь хөдөлгөөнгүй обьектийг арилгах боломжгүй юм байна.

Ийм тохиолдолд зурганд илүүдэл болох гуравдагч этгээдийг түр холдож байхыг эелдэгээр хүсэхээс өөр аргагүй бололтой. Одоогоор туршилтын шатанд байгаа учир Remove апликэшний нийтэд зориулагдсан хувилбар хараахан гараагүй байна. Харин энэ сарын сүүлээр зохион байгуулагдах 2012 Mobile World Conference-д иж бүрэн хувилбарыг танилцуулах магадлал өндөр байна.





эх сурвалж; gizmag

Зүрхний цохилтыг нууц үг болгон ашиглана

Интернетийн онлайн үйлчилгээ болон компьютер зэрэг электрон төхөөрөмжүүдэд нэвтрэх, тэдгээрт агуулагдах мэдээллийн аюулгүй байдлыг хадгалахад шаардагдах хамгаалалтын энгийн арга хэрэгсэлд нууц үг голлон ашиглагдсан хэвээр байна. Гэхдээ энэ нь хамгаалалтын найдвартай арга биш бөгөөд энэ талаар тус блогт өмнө нь мэдээлж байсан билээ.

Нөгөө талаас хакеруудын ур чадвар болон компьютерийн хүчин чадал өдөр ирсэх тусам өсөн нэмэгдэж байгаа нөхцөлд нууц үгийн тэмдэгтийн уртыг тогтмол нэмэгдүүлэх шаардлагатай болж энэ нь мартагдах зэргээр ашиглахад төвөгтэй байдлыг үүсгэдэг. Майкрософт компани гэхэд л иймэрхүү хүндрэлээс зайлсхийх зорилгоор удахгүй гаргахаар төлөвлөж байгаа Виндовс 8 үйлдлийн системдээ зөвхөн тухайн хэрэглэгчийн өөрийн мэдэх зургуудыг нууц үгийн зориулалтаар ашиглах хамгаалалтын аргыг туршиж байна.  

Харин банк, бизнесийн байгууллагууд зэрэг өндөр нууцлал шаадлагатай обьектүүдэд нэвтрэх эрх бүхий хүн мөн эсэхийг тодорхойлох биохэмжилтийн аргууд ашиглагдаж байгаа боловч тэдгээр нь зарим онцлог сул талуудыг агуулдаг. Хурууны хээ таних төхөөрөмж гэхэд л хурууны фото зурагт хууртах тохиолдолд цөөнгүй гардаг байна.

Иймд мэргэжилтнүүд таних магадлал өндөртэй боловч өртөг хямд боломжуудыг эрэлхийлэн биохэмжилтийн зарим шинэлэг аргуудыг боловсруулж түрүүчээсээ хэрэглээнд нэвтрэх шатандаа шилжиж байна. Тухайлбал компьютерээр текст бичих үед товчлуур даралтын онцлог шинжүүдийг тодорхойлж тухайн хүн мөн эсэхийг найдвартай таних арга ашиглагдаж эхлээд байна.

Мөн даралт мэдрэх дэлгэц дээр гарын үсэг зурах үед таних ажиллагааг найдвартай хийх боломжтой болжээ. Энэ арга нь бичилтийн хурд, даралтын хүч зэргийг хэмжих учир гарын үсгийг хичнээн сайн дууриалган зурсан ч буруу хүн гэдгийг хялбархан илрүүлж чаддаг байна. Иймд обьектүүдэд нэвтрэхээс авахуулаад ухаалаг утас, таблетүүдээр дамжин онлайн үйлчилгээ ашиглахад тохиромжтой нууцлалын аргад тооцогдож байгаа юм.

Харин Тайваний эрдэмтэд хүний зүрхний цохилтыг нууц үг болгон ашиглах хамгаалалтын систем бүтээсэн байна. Зүрхний цохилт нь биохэмжилтийн дээрх аргуудтай адил хувь хүний давтагдашгүй шинж чанарыг агуулдаг бөгөөд хүн тус бүрт өөрийн гэсэн онцлогтой байдаг байна. Chung Hsing их сургуулийн профессор Chun-Liang Lin-ий удирдсан судалгааны баг хүний хуруунаас авсан зүрхний бичлэгийн мэдээлэлд тулгуурлан тухайн хүн мөн эсэхийг хоромхон зуурт тодорхойлох математик аргачлалыг боловсруулжээ.

Уг аргаар зүрхний бичлэгийн онцлогийг тодорхой тоон утгаар илэрхийлж ашиглах замаар хамгаалалтын өндөр түвшин бүхий системийг бий болгох боломжтойг нотложээ. Харин хүний бүх хуруунаас зүрхний бичлэгийн мэдээллийг урьдчилан авч хадгалах шаардлагатай бөгөөд дараа нь код тайлах шаардлага гарах бүрт түүнийг харьцуулж шалгахад ашигладаг байна. Судлаачдын цаашдын зорилт зөөврийн хатуу диск зэрэг электрон төхөөрөмжүүдэд хуруугаа хүргэх төдийд таних ажиллагаа явагдах боломжтой болгоход чиглэж байна.


эх сурвалж; mailonline & etc.

Зүүд удирдах апликэшн

Хэдийгээр хөгжлийн харьцангуй өндөр түвшинд хүрээд байгаа боловч Inception кинонд өгүүлдэг шиг өөрийн зүүдийг удирдан жолоодох боломжийг өнөөгийн шинжлэх ухаан хараахан бүрдүүлж чадаагүй байгаа билээ. Гэхдээ програм зохиогчид зарим нэг оролдого хийж таны зүүдийг удирдаж өөрчлөх магадлалтай апликэшн зохиосон байна. Хүний гүн нойрсолтын хэмжээг 6 түвшинд ангилж үздэг бол түүний 5-р түвшин буюу REM (rapid eye movement) нойрсолтын үед зүүдлэх магадлал хамгийн өндөр байдаг ажээ.

Зүүдлэх үед хүний биеийн ихэнх булчин хөдөлгөөнгүй байдалд шилжих боловч нүдний хөдөлгөөн түргэсч, зүрхний цохилт, амьсгалын тоо ердийн үеийнхээс нэмэгддэг байна. Юмэмирү хэмээх шинэ апликэшн ухаалаг утасны микрофоны тусламжтайгаар унтаж байгаа хүний амьсгалын тооны өөрчлөлтийг мэдэрч REM нойрсолтын түвшинд орсон эсэхийг тодорхойлно.

Хэрэв энэ түвшинд орсон бол баян болох, амжилт олох, нисэх, наран шарлагын газар амрах зэрэг 8 төрлийн зүүдэнд хамаарах дуу авиаг сонсгож зүүдийг удирдах нөлөө үзүүлдэг. Тухайлбал зүүдэндээ ойд зугаалахыг хүсвэл шувуудын жиргээ, навчис сэрчигнэх чимээг, эсвэл эсрэг хүйсийн хэн нэгэн хүн өөрт нь хайр сэтгэлээ илчилж байгаагаар зүүдлэхийг хүсвэл "би чамд хайртай" гэх мэт үгсийг сонсгодог байна. 

Хүссэн зүүдээ урьдчилан сонгох шаардлагатай бөгөөд зүүднээс сэрэх цагийг тохируулж сэрүүлэг тавих боломжтой юм. Уг апликэшн одоогоор зөвхөн япон хэлээр гараад байгаа бөгөөд iTunes-ээс үнэ төлбөргүй татаж авч OS 4.0 үйлдлийн систем болон түүнээс хойших хувилбар бүхий iPhone 3GS, 4, 4S, 3 болон 4-р үеийн iPod touch төхөөрөмжүүдэд суулган ашиглах боломжтой.

Харин үнэхээр хүний зүүдийг удирдаж, тухайн сонгосон зүүдийг зүүдлүүлж байгаа эсэх талаархи хэрэглэгчдийн сэтгэгдэл болон рэвьюнүүд хараахан гараагүй байна.





.

Google шинэ үйлчилгээ гаргана

Wall Street сэтгүүлд мэдээлсэнээр Гүүгл компани дараагийн шинэ үйлчилгээгээ гаргах гэж байна. Энэ нь үүлэн технологид суурилсан файл хадгалах, түгээх үйлчилгээ байх бөгөөд Drive хэмээн нэрлэгдэнэ. Apple, Майкрософт, Dropbox, SugarSync зэрэг компаниуд үүнтэй адил төрлийн үйлчилгээг санал болгож байгаа боловч Гүүгл томоохон давалгаа үүсгэж мэдээллийн сайтууд болон блогчдийг багагүй шуугиулах бололтой. Ажиглагчдын үзэж байгаагаар Гүүгл компани бичиг баримт хадгалах, түгээх чиглэлийн үйлчилгээнүүдэд хөшүүн хандаж ирсэн ч үүнээс ангижрах гарц нь үүлэнд суурилсан шинэ үйлчилгээ байх ажээ.

Drive хэрэглэгчдэд файл хадгалах, түүнийгээ ухаалаг утас, таблет зэрэг интернет холболт бүхий төхөөрөмжүүддээ чөлөөтэй дуудаж ашиглаж боломж олгох бөгөөд тун удахгүй, магадгүй хэдхэн долоо хоногийн дараа нээгдэх төлөвтэй байна. Файлууд нь фото зураг, бичиг баримт, видео хэлбэрийн мэдээллүүд байх болно. Мөн Dropbox-той адил тодорхой хэмжээний файл хадгалах тохиолдолд үнэ төлбөргүй байх боловч мэдээллийн хэмжээ ихсэх тохиолдолд төлбөр төлөх шаардлагатай болно.

Apple-ийн Cloud, Майкрософтийн SkyDrive зэрэг төстэй үйлчилгээг цөөнгүй компаниуд үзүүлж байгаа боловч хүмүүсийн анхаарал Dropbox-т төвлөрч хэрэглэгчдийн тоо 50 саяд хүрээд байна. Тус үйлчилгээ 2ГБ хүртэлх хэмжээний мэдээлэл хадгалахад үнэ төлбөргүй боловч 50Гб хүртэлх хэмжээний мэдээлэл сард 9.99 доллар, 100Гб хүртэлх мэдээлэлд сард 19.99 долларын төлбөрийг тус тус шаарддаг. Харин Гүүглийн шинэ үйлчилгээ Dropbox-ийн хаанчлалд заналхийлж байна.

Үүнээс гадна Гүүглийн бизнес шинэ гишүүнчлэл шаардаж бусад үйлчилгээтэй давхардсан төлбөр нэхэх үү, эсвэл сурталчилгаа явуулж илүү их ашиг олох зорилгоор хэрэглэгчдийн хадгалсан мэдээллүүдэд шүүлт хийх үү гэдэг асуудал байгаа юм. Энэ нь мэдээллийн нууцтай холбоотой асуудалд мэдрэмтгий хандагчдийн эсэргүүцэлтэй тулгарахад хүргэнэ. Эцэст нь томоохон хэмжээний бизнесийн нууцыг хэрхэн хамгаалах вэ гэсэн үүлэнд суурилсан файл хадгалах үйлчилгээний голлох асуудал байгаа юм.

Ажиллагсад өөрсдийн компаний бизнесийн чухал мэдээллүүдийг үүлэнд хадгалж байгаа эсэхийг хянах боломжгүй гэж зарим ажиглагчид үзэж байна. Мөн ийм тохиолдолд сүлжээний хамгаалалтын систем хандалтыг автоматаар таслах боломж бий болгох талаар яригдаж эхлээд байна. Гэхдээ хэрэв Dropbox айпад, андройд утас, компьютер зэрэг төхөөрөмжүүдэд нэгэн зэрэг ашиглах хувилбарыг гаргавал олон компани тааламжтай хүлээж авна гэсэн хандлага байгаа юм.

Нью-Йорк таймс сонинд мэдээлснээр сая сая хэрэглэгчид ажлынхаа электрон шуудангийн хаягаар Dropbox-т нэвтэрч байна. Тэгвэл Box.net өөрийн файл түгээх үйлчилгээний давуу талыг ашиглан бизнес хэрэглэгчдийг амжилттай татаж байна. Тэд өөрийн хамгаалалтын систем болон серверийн уян хатан байдалд ихээхэн хөрөнгө оруулан, үйлчлүүлэгч компаниудын нууцыг найдвартай хамгаалах нөхцөл бүрдүүлсэн хэмээн мэдэгдэж үүнийгээ хамгийн том давуу тал хэмээн сурталчилж байгаа юм.


эх сурвалж; physorg

Гамшигаас хойш 11 сарын дараа (фото)

Япон улсад байгалийн гамшиг тохиолдсоноос хойш 11 сарын хугацаа өнгөрч байна. Газар хөдлөлт, цунамигаас амьд үлдсэн ч орон гэрээ алдсан бүх хүн, айл өрхийг өнгөрөгч оны намар гэхэд түр сууцаар хангаад байгаа юм. Өнгөрсөн хугацаанд нуранга зайлуулах ажил хийгдсээр ирсэн боловч сүйдсэн хот, барилгуудын сэргээн босголт бараг хийгдсэнгүй. Учир нь энэ удаагийнхтай дүйцэхүйц гамшигаас найдвартай хамгаалах нэгдсэн арга хэрэгсэл, төлөвлөлтийг засгийн газрын болон бусад холбогдох байгууллагууд бүрэн боловсруулж дуусаагүй байна.

Тухайлбал орон сууцуудыг аюул багатай өндөрлөг газар байгуулах зэргээр орон нутгийн засаг захиргаа, иргэд, хот байгуулалтын мэргэжлийн хүмүүсийн санаачлага гарч байгаа боловч далайн эрэгт ойр байрлах шаардлагатай загас агнуур, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтэй уялдах болон бусад хүндрэлтэй асуудлуудыг нэг мөр шийдэж чадаагүй байна.

Япон улсын засгийн газраас сэргээн босголтын ажилд нийт 50 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж байгаа нь Хирошима, Нагасакигаас хойш хийгдэх хамгийн том хэмжээний сэргээн босголтын ажилд тооцогдож байгаа бол  газар хөдлөлт, цунамигийн хохирлын нийт хэмжээ 300 тэрбум долларт хүрчээ. Харин яг өнөөдрийн байдлаар гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн дүр төрх ямархуу байдалтай байгааг 11 сарын өмнөхтэй харьцуулан харцгаая. Тус блогт өмнө нь гамшигаас хойш 3 сарын дараах зургуудыг нийтлэж байсан билээ

Иватэ мужын Офунато хотын орон сууцнуудын дундах нурангийг цэвэрлэж дуусчээ

Ишиномаки хотын Юүко Сүгимото хөнжил нөмрөөд нуранга дундаас хүүгээ эрж хайж байсан газраа
11 сарын дараа 5 настай хүү Тайтогийн хамт

Мияги мужын Кэсэннума хотын эвдэрч сүйдсэн барилгыг зайлуулж цэвэрлэжээ

Сэндай хотын нисэх буудлын хяналтын цамхагийн өмнө овоорсон автомашинуудыг зайлуулж дуусчээ

Мияги мужын Тагажо хотын байдал.

Иватэ мужын Рүкизэн таката хотын байдал

Сэндай нисэх буудлын ойролцоох автомашин, онгоцны сэгийг зайлуулжээ

Мияги мужын Минамисанрикү хотын нурангыг цэвэрлэж хийн баллон болон хуучин дугуй цуглуулан овоолжээ

Иватэ мужын Рикүзэнтаката хотын байдал

Фүкүшима мужын Минамисома хотын байдал

Кэсэннума хотын байдал

Кэсэннума хотын байдал

Мияги мужын Ишиномаки хотын гудамж

Мияги мужын Хишономаки хотын гүүр

Сэндай хотын ойролцоох Натори хотын байдал

Иватэ мужын Рикүзэнтаката хотын байдал

Мияги мужын Тагажо хотын гудамж
Эх сурвалж;  mailonline

Өмнөд Солонгост дэлхийн анхны 4D парк байгуулагджээ

Өмнө нь зөвхөн "Minority Report", "Avatar" мэтийн кинонуудад л дүрслэн үзүүлж байсан хийсвэр ертөнцийн технологи бодит байдал боллоо. Өмнөд Солонгосын Коян хотод дэлхийн анхны 4D сэдэвчилсэн парк өнгөрөгч оны 12 сард нээлтээ хийж виртуал бодит байдлын концептийг шинэ түвшинд гаргаж байна. Медиа энтертеймэнт чиглэлийн D'strict компанийн байгуулсан ‘Live Park 4D World Tour’ парк идэвхгүй хэлбэрийн уламжлалт паркийн үе өнгөрснийг илтгэж байна.

Паркад зочилогсод видео, аудио, 3D харилцан үйлчлэлийг нэгтгэсэн 4D технологийн ертөнцөд өөрсдийн аватар дүрслэлийг үүсгэж ер бусын адал явдлуудын гол баатар болон хувирах боломжтой юм. Мөн тоглоомын харилцан үйлчлэлийн элементүүд өөрийн түүхийг бий болгож түүнд өөрийн биеэр оролцох боломжийг олгож байна. 10000 метр квадрат талбай бүхий шинэ паркийг байгуулахад 2 жилийн хугацаа зарцуулж нийт 13 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Мөн 3000 үйлчлүүлэгчийг нэгэн зэрэг хүлээн авч хоногт 10000 хүнд үйлчлэх хүчин чадалтай юм. Тус паркаар үйлчлүүлэгчид тэдний биеийн хөдөлгөөн, нүүр царай, дуу хоолойг таних кинект мэдрэгч болон радио давтамж бүхий бугуйвчийн тусламжтайгаар өөрсдийн аватар дүрслэлийн хамт сэдэвчилсэн 7 үе шат бүхий 65 атракционоор тоглох боломжтой юм. Зарим онцлог атракционуудаас танилцуулбал;

Ender Mirror - Үйлчлүүлэгчид өөрсдийн аватар дүрслэлийг үүсгэнэ.
Live360 - Дэлхийн хамгийн том 360 хэмийн стерео театрын турсламжтайгаар олон янзын төгсөл бүхий адал явдалд өөрийн аватар дүрслэлийн хамтаар оролцоно.
Live Square - Үйлчлүүлэгчид өөрсдийн аватар дүрслэлийн хамтаар 150 м-ийн өргөн проекцийн талбайд төрөл бүрийн тоглоомуудаар тоглоно.
Live Holo - чамин голограф дэлгэцээр солонгосын болон гадаадын алдартай жүжигчдийн хийсвэр дүрслэлийг үүсгэнэ.
Syno Star Performance - Үйлчлүүлэгчийг тэдгээрийн аватар болон голограм дүрслэлийн хамт хийсвэр ертөнцөд оруулна.
Mega Live Event - Парк бүхий л үзүүлбэрийн хамтаар шөнийн энтертеймэнт хэлбэрт шилжинэ.

D’strict компани ийм төрлийн паркийг эхний ээлжинд Хятад болон Сингапурт байгуулж улмаар дэлхий даяар түгээн дэлгэрүүлэхээр төлөвлөж байна. 2000 онд байгуулагдаж 4D бүтээлийн чиглэлээр дэлхийд тэргүүлж байгаа тус компани 3 жилийн дараа азид нээгдэх 1 тэрбум долларын өртөг бүхий олон төрлийн сэдэвчилсэн паркийн цогцолборын сонгон шалгаруулалтад тэнцээд байгаа юм. Өмнөд солонгосчууд мөн дэлхийн анхны робот паркийг байгуулж байгаа тухай өмнө нь тус блогт мэдээлж байсан билээ.









эх сурвалж; prweb & gizmag

Японы электроникийн үйлдвэрлэл хүнд байдалтай байна

Япон улсын электрон бараа үйлдвэрлэгч Панасоник компаний алдагдлын хэмжээ энэ оны 3 сар хүртэлх нэг жилийн хугацаанд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 780 тэрбум иен (10.2 тэрбум доллар)-д хүрэх төлөвтэй байгаа тухай мэдэгдлээ. Энэ нь тус улсын үйлдвэрлэлийн салбарын түүхэнд тохиолдож буй алдагдлын хамгийн өндөр үзүүлэлт юм. Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнд улсаас олгодог хөнгөлөлтийн хугацаа дууссан, телевизийн тоон системд шилжсэнээр дотоодод худалдаалж буй телевизорын борлуулалт буурсанаас гадна гадаад нөхцөл байдлын нөлөөгөөр их хэмжээний алдагдалд ороход хүрчээ.

Сони компани мөн хугацаанд 220 тэрбум иений алдагдалд орох төлөвтэй байгаа бол Шарп компаний хувьд алдагдлын хэмжээ сүүлийн 3 улирлын нийлбэр дүнгээр 290 тэрбум иенд хүрээд байна. Сони компанийн зөвхөн телевизорын үйлдвэрлэлийг авч үзвэл сүүлийн 8 жил дараалан алдагдалтай ажиллаж байгаа юм.

Харин Хитачи сүүлийн 3 улирлын дүнгээр 85.2 тэрбум иений ашигтай ажиллаж ашгийн хэмжээгээр электрон бараа үйлдвэрлэгч компаниуд дундаа тэргүүлж байна. Гэвч 3 жилийн өмнө тус компани мөн л үйлдвэрлэлийн салбарын түүхэнд хамгийн өндөр хэмжээний буюу 787 тэрбум алдагдал хүлээж байсан юм. Тухайн үед ашиг багатай плазма дэлгэц болон LCD телевизорын үйлдвэрлэлээ зогсоож цахилгаан станц, төмөр зам зэрэг дэд бүтцийн салбарт түлхүү хөрөнгө оруулах болсон юм. Тошиба компани 65 тэрбум иений ашигтай ажилласан боловч ашгийн хэмжээ өмнөх оныхоос 70%-иар буурсан байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн телевизорын зах зээлийн үнийн өрсөлдөөн ширүүсч зах зээлд Өмнөд Солонгос, Хятад улсын үйлдвэрлэгчдийн эзлэх хувь нэмэгдэж байна. Одоогийн байдлаар телевизорын нийт зах зээлийн 36.2%-ийг Өмнөд солонгос, 34.4%-ийг Япон, 19.4%-ийг Хятад улс тус тус эзлэж байгаа юм. Сүүлийн үед доллартой харьцах иений ханш тогтмол өндөр байгаа, Тайланд улс дахь салбар үйлдвэрүүд үерт автсан зэрэг гадаад нөхцөл байдлаас шалтгаалан Японы электрон бараа үйлдвэрлэгчдийн ашиг орлого буурч, их хэмжээний алдагдалд орж байна.

Панасоник компани нарны батерей зэрэг байгаль орчинд ээлтэй технологийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх замаар энэ ондоо багтаан алдагдлаас гарахаар төлөвлөж байгаа бол Шарп компани телевизорын үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж, ухаалаг утсанд зориулсан жижиг оврын дэлгэцийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Харин Сони компани Олимпустай хамтран эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Япон улсын электрон бараа үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэл болон ашгийн дийлэнх хувийг телевизорын үйлдвэрлэл бүрдүүлсээр ирж, телевизор тэдгээр компаниудын нүүр царай болсон бүтээгдэхүүнд тооцогдож байв. Гэвч энэ байдал дэлхийн эдийн засгийн хямрал болон бусад шалтгааны улмаас үндсээрээ өөрчлөгдөж байна.