Фүкүшима Дай-Ичи АЦС-д осол гарсанаас хойш 2 сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд реакторууд болон хэрэглэсэн түлш хадгалах савнуудын хөргөлтийг тодорхой хэмжээгээр тогтворжуулж, цацраг идэвхт бодисын алдагдлыг үндсэндээ зогсоогоод байна. Токио Дэнрёкү компани реакторуудын хөргөлтийг найдвартай горимд оруулахад 3 сар, цаашид бүрэн аюулгүй болгох хүртэл дахин 6 сарын хугацаа тус тус шаардагдана хэмээн мэдэгдэж байсан юм. Харин хэд хоногийн өмнөөс 1-р реакторын хэсгийн цацраг идэвхт бодисын өндөр агууламж бүхий агаарыг соруулан авч хүн ажиллах нөхцөл бүрдсэнээр хөргөлтийн үндсэн системийг ажиллагаанд оруулах ажил эхлээд байв. Гэтэл хамгийн аюул багатай гэгдэж байсан тус реакторын түлшний бортогнууд бүрэн хайлж (melt down), реакторын ханыг гэмтээн хайлсан түлш хамгаалах савны ёроолд тунасан байгаа нь илэрлээ. Түлшний бүрэн хайлалт осол болсоноос хойших хэдэн цагийн хооронд явагдсан гэж үзэж байна. Мөн 1-р реакторын подвалын хэсэгт тус АЦС-д осол болсоноос хойш хамгийн өндөр үзүүлэлт буюу 2000 млЗв цацраг идэвхжил бүхий 3000 тонн орчим ус тунасан байгааг илрүүлэв. Энэ нь реакторыг хөргөх зорилгоор шахаж байсан ус хайлсан түлшний цацраг идэвхт бодисоор бохирдон реакторын хамгаалах савны зай завсараар алдагдсан ус юм. Өмнө нь түлшний бортогоны хайлалтын хувь хэмжээг 1-р реакторт 55%, 2, 3-р реакторт 35%, 30%-д тус тус хүрсэн гэж үзэж байсан бөгөөд 2, 3 -р реакторт ч мөн адил түлш бүрэн хайлсан байж болохыг үгүйсгэхгүй байна. Эдгээр нөхцөл байдлаас үүдэн АЦС-г бүрэн аюулгүй болгоход төлөвлөж байгаагаас илүү урт хугацаа шаардагдаж магадгүй байна.
АЦС-д осол үүссэн нөхцөл байдал болон түүнээс гарсан сөрөг үр дагаварыг арилгах, цаашид тохиолдох хүндрэлүүдийг даван туулах талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд болон эрдэмтэн судлаачдын дунд өргөн хэмжээнд хэлэлцэгдэж байна. Фүкүшима Дай-Ичи АЦС-ын зураг төслийг Тошиба болон Хитачи компанийн мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэсэн байдаг. Тус АЦС-д осол үүсэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь байгалийн гамшигийн нөлөөллийг дутуу тооцсон явдал гэдэгтэй дийлэнх мэргэжилтнүүд санал нийлж байна. Зураг төслийн явцад АЦС-ыг 8 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэлт болон 5.7 м өндөртэй цунамигийн давалгаанаас хамгаалагдахаар тооцсон байдаг байна. Гэхдээ газар хөдлөлтийн чичирхийллийн нөлөөллийг голлон тооцоолж, цунамигийн аюулыг бүрэн хэмжээнд хангалттай тооцоолж чадаагүйгээс ослын нөхцөл үүссэн юм. Газар хөдлөлтийн чичирхийллийн хүч төслийн дээд хэмжээнээс 1 магнитудаар илүү байсан боловч АЦС-д ноцтой хохирол учруулаагүй. Харин цунамигийн давалгааны өндөр 14 м-т хүрч зураг төслийн явцад тооцоолж байсан хамгийн дээд хэмжээнээс даруй 3 дахин илүү байснаас АЦС-ын үндсэн байгууламжуудийн дийлэнх хэсэг 5 м хүртэл гүнтэй усанд автагдсан байна. Мөн ослын үед гол үүрэг гүйцэтгэх дизел станцууд (цахилгааны гадаад эх үүсвэр), хөргөлтийн үндсэн системийн насосуудыг далай талд байрлуулсан нь давалгаанд хамгийн түрүүнд өртөж ажиллагаагүй болоход нөлөөлжээ.
Мөн Фүкүшима АЦС-г хариуцагч Токио Дэнрёкү компаний үйл ажиллагаанд дийлэнх хүмүүс шүүмжлэлтэй хандаж байна. Хэдийгээр өмнөх 1000 жилийн хугацаанд ийм хэмжээний хүчтэй газар хөдлөлт, цунами тус бүс нутагт тохиолдож байгаагүй, байгалын гамшгийн хүчийг хангалттай тооцоолох боломж хомс байсан боловч аюулын цар хүрээг зарим талаар урьдчилан тооцоолж, түүнээс хамгаалах арга хэмжээ шаардлагатай түвшинд хүрэхгүй байгааг сануулж байсан тохиолдлууд осол болохоос өмнө цөөнгүй удаа гарч байжээ. 2009 онд Засгийн газар, Токио Дэнрёкү, орон нутгийн засаг захиргааны хамтарсан ээлжит хуралд 869 онд тухайн нутагт тохиолдсон Шооган хэмээгдэх газар хөдлөлтийн судалгаа хийсэн эрдэмтэд цунамигийн давалгааны өндөр тооцоолж байгаагаас илүү гарах магадлалтай, АЦС-ын хамгаалалтыг сайжруулах шаардлагатай хэмээн мэдэгдэж байсан боловч Токио Дэнрёкү компанийхан судалгаа бүрэн бус гэдгээр шалтаглан хүлээж аваагүй байна. Мөн нэгэн эрдэмтэн тус бүс нутагт тохиолдож болох цунамигийн симуляци хийж хэдэн сарын өмнөөс танилцуулж байсан нь энэ удаагийн газар хөдлөлтөөс үүссэн цунамигийн тархалттай ихээхэн ойролцоо үр дүнг үзүүлж байсан байна. Япон улсын газар нутгийн дийлэнх хэсэгт газар хөдлөлт, цунами, галт уулын дэлбэрэлт, тайфуны аюул тогтмол заналхийлж байдаг учир энэ талын судалгаа эрчимтэй хөгжсөн байдаг. Эрдэмтэд хэдийгээр байгалийн гамшгийн аюулыг тодорхой хэмжээгээр тооцоолж урьдчилан сануулсаар ирсэн боловч тэр бүхнийг тооцож хамгаалалтын систем боловсруулахад асар өндөр хэмжээний өртөг зардал шаардагдах нь ойлгомжтой юм. Токио Дэнрёкү компани эрдэмтэдийн саналыг тэр бүр авч үзэж байгаагүй нь үүнтэй холбоотой байж болох юм.
Мөн байгалийн гамшгийн аюулыг сэрэмжлүүлсэн эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд тогтмол нийтлэгдэж тэдгээрт үндэслэсэн нийтлэл нэвтрүүлгүүд ч хийгдсээр ирсэн. Тухайлбал Фужи галт уул дэлбэрэх тохиолдолд түүнээс цацагдсан үнс нурам Токио хотыг бүрхэнэ. Галт уулын үнсний ширхэгтүүд компьютер болон электрон системийг гэмтээж тэдгээрийг ажиллагаанаас бүрэн гаргаснаар нийслэл хотын амьдрал зогсох магадлалтай тухай нэвтрүүлгүүд хийгдэж байсан. Орчин үед шинжлэх ухаан технологи өндөр хөгжсөн боловч газар хөдлөлтийг урдьчилан мэдэж чадах хэмжээнд хараахан хүрээгүй байна. Харин газар хөдлөлт тодорхой хугацаанд давтагдах шинж чанартай байдаг учир өмнө тохиолдсон хөдлөлтүүдийг судлан дараагийн газар хөдлөлт хэдий хугацаанд тохиолдож болохыг харуулсан судалгаанууд хийгдэж тэдгээрийн үр дүнгээр шаардлагатай арга хэмжээнүүдийг төлөвлөж байна. Ийм төрлийн судалгааг тус улсын засгийн газрын харьяаны мэргэжлийн байгууллагууд нэгтгэн гаргаж нийтэд танилцуулдаг. Фүкүшимагийн АЦС-ын осол Япон улсын засгийн газар болон бусад салбарт эрдэмтэдийн дуу хоолойг хангалттай сонсох шаардлагатайг мэдрүүлсэн үйл явдал болж байна. Саяхан Хамаока АЦС-ын ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн нь үүний нэг илрэл юм. Япон улсын газар нутаг Евроази, Номхон Далай, Филиппины гэсэн хавтангуудын уулзвар дээр оршдогоос газар хөдлөлтийн идэвхтэй бүсүүдийн нэгд тооцогддог. Мөн тус улсын хамгийн том хотууд болох Токио, Осака, Нагояагийн ойролцоо Токай (зүүн далай), Нанкай (өмнөд далай), Тонанкай (зүүн өмнөд далай) хэмээх газар хөдлөлтийн идэвхтэй томоохон голомтууд оршдог бөгөөд тэдгээрийн нэгнийх нь хүрээнд Хамаока АЦС байрлаж байгаа юм.
2009 онд гаргасан ойрын 30 жилийн хугацаанд тус улсын нутагт хөдлөх магадлал өндөртэй томоохон газар хөдлөлтийн голомтыг харуулсан зургаас Хамаока АЦС-ын орчимд 6.7 - 7.2 магнитудын газар хөдлөлт болох магадлал 70% байгааг гэдгийг харж болно. Өмнөх мэдээлэлд дурдсанаас тоон утгын хувьд зөрж байгаа шалтгаан нь цаг хугацааны хувьд шинэчлэн хийсэн өөр өөр судалгааны үр дүн байж болох юм (шалгах боломж байсангүй). Гэхдээ аль аль нь магадлал харьцангуй өндөр байгааг харуулж байна. Сонирхолтой нь 3-р сарын 11-ны газар хөдлөлт болсон районд 7.5 магнитудын газар хөдлөлт болох магадлал зураг дээрх хамгийн өндөр үзүүлэлт буюу 99% байгааг бид харж байна. Юутай ч энэ жишээ япончууд ирээдүйд тохиолдож болох байгалийн гамшигуудын тухай хангалттай төсөөлөлтэй байгаагийн нэг илэрхийлэл юм. Харин тэдгээрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа ямар түвшинд байгааг эргэн дүгнэхэд нь Фүкүшимагийн осол томоохон сургамж болж байна.
Ирэх 30 жилийн дотор газар хөдлөлт болох хамгийн өндөр магадлалтай газрууд |
Газар хөдлөлтийн идэвхтэй томоохон голомтууд |
Газрын гүний хавтангуудын байрлал |
3 сэтгэгдэл:
Өндөр хөгжилтэй улс аргагүй өөр юмаа. Боломжуудыг нь хүртэл ингээд тооцоод гаргачих юм.
Тэгээд энэ зургаар бол 99% байсан юм байна, яагаад анхааралдаа аваагүй юм болоо тээ? Магнитутын хэмжээ нь арай гайгүй болохоор тоогоогүй юм болов уу.
Өндөр хөгжилтэй орнууд магадлалыг хичнээн сайн тооцоолсон ч гамшигт нэрвэгдсээр л байхад намхан хөгжилтэй манайхан яах бол гэдэг асуудал байгаа юм. Бүгдийг нь анхааралдаа авахын тулд маш их мөнгө хэрэгтэй болдог биз.
сайхан л тайлбартай юм
би энэ станцын ослын талаарх олон арван тайлбар мэдээллийг эхнээс үнэн мэдээлээгүй байснаас үндэслэж их сэжиглэж байгаа
мэдээлэл нэг хэрэг
мэдээллийг ямар зорилгоор хэн хэнд зориулж гаргав гэдэгт анализ хийнэ гэдэг бас өөр шүү дээ
Сэтгэгдэл үлдээх