Салхин турбинаар цэвэр ус үйлдвэрлэнэ

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор ашиглагддаг төхөөрөмжүүдийн нэг нь салхин турбин билээ. Харин францын Eole Water компани түүнийг байгальд ээлтэй өөр нэгэн технологид ашиглах боломжтой болгон хувиргасан байна. Тус компани агаарын чийглэгээс цэвэр ус үйлдвэрлэх WMS1000 маркийн салхин турбин бүтээсэн бөгөөд энэ оны эцсээр худалдаанд гаргахаар төлөвлөжээ.  

Уг турбиныг алслагдсан хөдөө орон нутаг болон хуурай уур амьсгалтай орнуудын ундны цэвэр усан хангамжийн бие даасан эх үүсвэрийн зориулалтаар ашиглахад тохиромжтой юм байна. Шинэ турбины 24 м өндөртэй туршилтын загварыг АНЭ улсын нийслэл Абу Даби хотын ойролцоо суурилуулан өнгөрөгч оны 10-р сараас хойш туршиж байгаа бол уг турбин цагт дунджаар 62 л цэвэр ус үйлдвэрлэж байна.

Шинэ салхин турбины ажиллагааны үндсэн зарчим нь уламжлалт турбинуудтай адил цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх юм. Харин үйлдвэрлэсэн эрчим хүчийг агаарт агуулагдах усыг шүүж авахад ашигладаг байна. Үүний тулд турбины сэнсний ойролцоо хөргөлтийн компрессор байрлуулж түүгээр сорогдсон агаарын чийглэгийг конденсацлан цуглуулж авдаг байна. Цуглуулсан усыг турбины суурь хэсэгт байрлах саванд хуримтлуулж, шүүлтүүрээр цэвэрлэн унданд хэрэглэхэд тохиромжтой болгодог байна.

Хүчин чадлын хувьд агаарын температур, чийглэгийн түвшин, салхины хурдаас хамааран 1 турбин хоногт 1000л хүртэл хэмжээний цэвэр ус үйлдвэрлэх боломжтой юм. Энэ нь 2000 - 3000 хүн ам бүхий тосгоны цэвэр усны хэрэглээг хангахад хүрэлцэх ажээ. Газар нутаг болон орчны нөлөөллөөс хамааран шинэ турбиныг суурилуулах өртөг одоогоор 660 -790 мянган доллараар үнэлэгдэж байна.





эх сурвалж, CNN

,

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх