"Бурханы бөөм"-ийг нээсэн гэв үү

Европын Цөмийн Судалгааны Байгууллага (ЕЦСБ)-ын эрдэмтэд шинэ төрлийн эгэл бөөмийг нээсэн, түүнийг хигс бозон байх өндөр магадлалтай байгаа тухай 2 хоногийн өмнө зарлалаа. Шинэ эгэл бөөмс хигс бозон мөн эсэхээс үл хамааран уг шинэ нээлт нобелийн шагнал хүртэх хэмжээний нээлтэд тооцогдож байгаа юм.

Орчлон ертөнцийн гарал үүсэл, түүний зүй тогтлын талаархи Стандарт загварын онолыг 1960-аад оны үед эрдэмтэд боловсруулсан байдаг. Уг онолоор бүхий л матери 17 төрлийн анхдагч эгэл бөөмсөөс бүрддэг гэж үздэг бөгөөд тэдгээрээс кварк, лептон тэргүүтэй 16 нь бодитоор оршин байгааг өмнө нь хийгдсэн туршилт, судалгаануудын хүрээнд бүрэн баталсан байдаг.

Харин 17 дахь бөөмийг туршилтаар илрүүлж чадаагүй байсан юм. Уг бөөмийн тухай таамаглалыг Эдинбургийн их сургуулийн профессор, онолын физикч Питер Хигс 1964 онд анх дэвшүүлсэн тул түүний нэрээр хигс бозон хэмээн нэрлэх болсон байна. Хигс бозон нь материйн масстай байх нөхцөлийг хангадаг учир орчлон ертөнц бүрэлдэн тогтоход чухал үүрэгтэй бөөмс юм.

Их тэсрэлтийн үед хэмжээлшгүй тооны эгэл бөөмс ялгаран гарч гэрлийн хурдаар эмх замбараагүй цойлон нисч байсан гэж үздэг. Харин 1 секунд орчим хугацааны дараа тэсрэлтийн халуун буурч эхлэхэд хигс бозонууд үүсчээ. Хигс бозон бусад эгэл бөөмстэй харилцан үйлчлэлд орсоноор тэдгээрийн хөдөлгөөнийг сааруулах болсон байна. Энэ үзэгдлийг тэдгээр нь массыг агуулах болсонтой холбож үздэг.

Масстай болсон бөөмс өөр хоорондоо татагдан нэгдэж, хэлбэржих замаар одод, гариг эрхэс, орчлон ертөнцийг үүсгэж, улмаар амьдрал үүсэх нөхцөл болжээ. Иймд хигс бозоныг "бурханы бөөм" хэмээн нэрлэдэг. ЕЦСБ Адроны аварга хурдасгуур (LHC)-ын тусламжтайгаар Их тэсрэлтийн дараах нөхцөл байдлыг зохиомлоор үүсгэж, онолын хувьд тодорхойлогдсон боловч бодит байдалд хараахан илрүүлж чадаагүй байгаа эгэл бөөмсийг нээн илрүүлэх туршилтуудыг хийж байна.

Үүний тулд фотонуудыг гэрлийн хурданд хүртэл хурдлуулан мөргөлдүүлэх үед үүсэх эгэл бөөмсийг бүртгэн авч, тэдгээрийн шинж чанарыг судлаж байгаа юм. Харин энэ удаад АНУ болон Европ, Японы эрдэмтэдийн оролцсон судалгааны 2 баг хоорондоо хамааралгүйгээр бие даан хийсэн судалгаагаар өмнө нь мэдэгдэж байгаагүй шинэ эгэл бөөмсийг тус тус илрүүлсэн тухай мэдээллээ.

Туршилтын хүрээнд фотоны мөргөлдөөнийг нийтдээ 200 тэрбум удаа хийсэн бол тэдгээрээс 2000 гаруй удаад нь үл мэдэгдэх шинэ эгэл бөөмс үүсч байгааг илрүүлсэн байна. Мөн тооцооллын нарийвчлал 99.99998%-д хүрч байгаа учир олонхи эрдэмтэд тэдгээр бөөмсийг хигс бозон мөн гэж үзэж байна. Гэхдээ шинэ бөөм шинж чанарын хувьд төстэй боловч өмнө нь төсөөлж байснаас харьцангуй хөнгөн жинтэй байгаа нь эргэлзэх шалтгаан болж байгаа юм.

Хигс бозоныг туршилтаар илрүүлсэн байж болох талаар өнгөрсөн оны эцсээр анх мэдээлж байсан бол өнөөдрийг хүртэл туршилтуудын үр дүнд цугласан асар их хэмжээний мэдээллийг нягтлан шалгаж ирсэн юм. Харин судалгааг гардан хийсэн эрдэмтэд хигс бозоныг илрүүлсэн  хэмээх дүгнэлт хийхийг яарахгүй байгаа бөгөөд энэ ондоо багтаан эцсийн хариултыг өгөхөөр ажиллаж байна.

Хэрэв судалгааны эцсийн дүгнэлтээр "бурханы бөөм" мөн гэдэг нь тогтоогдвол хагас зуун жилийн турш нууц нь тайлагдаагүй байсан онолын физикийн салбарын хамгийн том оньсого тайлагдаж, зууны шилдэг шинжлэх ухааны нээлтүүдийн нэгт тооцогдох болно. Харин энэ шинэ нээлт бодит амьдралд ямар ач холбогдолтой байх нь энгийн хүмүүсийн сонирхолыг татаж магадгүй.

Хэдийгээр эрдэмтэдийн дэвшүүлсэн онолыг үнэн зөв гэдгийг нотлож, орчлон ертөнцийн зүй тогтлыг танин мэдэх, цаашид хар матери зэрэг шинжлэх ухааны тайлагдаагүй нууцуудыг нээхэд дөхөм болох ач холбогдолтой боловч бидний амьдралд яг ямар хэлбэрээр нөлөөлөхийг одоогоор хэлэх боломжгүй юм. Үүнийг электроныг нээсэнтэй зүйрлэж болно.

Атом илүү жижиг хэсгүүдээс бүрдэж болох тухай 1838 онд анх таамаглагдсан бол электроныг 60 жилийн дараа л нээсэн байдаг. Тухайн үед түүнийг юунд ашиглаж болох талаар хэн ч мэдэхгүй байсан бол өнөөдөр телевизор, хөгжим тоглуулагчаас авахуулаад хорт хавдарын цацраг туяаны эмчилгээ хүртэл технологийн бүхий л дэвшил электрон болон түүнтэй холбоотой физикийн хуулиудад тулгуурлаж байна.

Өндөр энерги бүхий фотонуудын мөргөлдөөн
Хигс бозоныг нээсэн тухай танилцуулж байна
"Бурханы бөөм"-ийг анх таамагласан 83 настай Питер Хигс, нээлтийн тухай
танилцуулах үед нулимсаа арчиж харагдана
Нээлтийн тухай танилцуулгыг сонссон эрдэмтэд алга ташин талархаж байна

эх сурвалж, mailonline болон бусад

, , , ,

2 сэтгэгдэл:

Зууны шилдэг нээлтйин гэрч болсон, эсвэл болох гэж буйдаа баяртай байна. Үнэхээр сайн, ойлгомжтой бичдэг шүү.

хариулах...

САЙХАН САЙТ БАЙНА.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх