Сүүлийн үед олон улсын болон мэргэжлийн байгууллагуудаас хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүн, тэдгээрийн зохистой хэрэглээний тухай цөөнгүй мэдээллүүд гарах болов. Мөн нийгмийн сүлжээ, интернетээр дамжин үнэн худал нь үл мэдэгдэх элдэв хортой хүнсний тухай мэдээлэл, цуурхал тархаж, олон хүнд эргэлзээ төрүүлэхэд хүргэж байна. Бидний өдөр тутам хэрэглэж буй хоол хүнс, хүнсний түүхий эдэд эрүүл ахуйн шаардлага, хортон шавьж устгах химийн бодисын хэрэглээ зэрэг асуудал голчлон анхаарал татдаг байсан бол өнөөдөр цоо шинэ аюул эрсдэлүүдийн тухай ярих болов. Үүнд бидний өдөр тутам хэрэглэж буй голлох хүнсний түүхий эдүүд ч хамаарч, зарим төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ, борлуулалт буурч байна.
Хүнсний бүтээгдэхүүний аюул эрсдлийн талаархи бүрэн бус, тодорхойгүй мэдээлэл тархах явдал элбэг байгаа нь хэрэглэгчдэд илүү эмзэг хүлээж авах, болгоомжлол үүсгэхэд хүргэж байна. Тухайлбал махыг өндөр хэмд халаах, утах боловсруулалт хийх үед үүсэх бодис хорт хавдар үүсгэх магадлалыг нэмэгдүүлж байгаа тухай судалгааны дүнд тулгуурлан хиам зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүн бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэх магадлалтай талаар өнгөрөгч оны 11-р сард ДЭМБ-аас мэдээлсэн. Гэвч өдөр тутмын хиаман төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ 14 грамаас их байгаа тохиолдолд эрсдэл үүсгэж байгаа гэсэн судалгааны үр дүн мэдээллүүдэд тэр болгон дурдагдаагүйгээс хэрэглэх хэмжээнээс үл хамааран "хиам л бол хортой" гэсэн ойлголтыг олон хэрэглэгчид төрүүлж байна. Тэгвэл япончуудын дундаж хэрэглээний нөхцөлд эрсдлийн хэмжээ өчүүхэн бага тухай тус улсын хүнсний аюулгүй байдлын байгууллагын дүгнэлт гарчээ.
Мөн эрсдлийн түвшин хооллох соёл, хүнсний голлох түүхий эдийн төрлөөр эрс ялгаатай улс орон бүрт адил байх эсэх нь анхаарал татаж байна. Америкийн Хүнс Эмийн байгууллага (FDA) маргарин төрлийн бүтээгдэхүүнд агуулагдах ханаагүй тосны хүчил (trans-unsaturated fatty acids) зүрхний өвчлөлийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна гэж үзэн, хэрэглээг 3 жилийн дараагаас бүрэн хориглох тухай зарласан билээ. Тус байгууллага хүний өдөр тутмын хоол хүнснээс авах энергийн 1%-иас илүүгүйг ханаагүй тосны хүчлээс авах нь зохимжтой хэмээн тооцжээ. Түргэн хоол болон махан төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ өндөртэй АНУ-д ханаагүй тосны хүчлээс авах энергийн хэмжээ 2.6% байгаа бол японд энэ үзүүлэлт дөнгөж 0.3% байна.
Цагаан будааг өдөр тутам хүнсэндээ хэрэглэх тохиолдолд түүнд агуулагдах хүнцэл (arsenic)-ийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө эрс нэмэгдэнэ хэмээн Шведийн Хүнсний Байгууллага саяхан зарлав. Европын холбоо цагаан будааны хэрэглээний зохистой хэмжээг энэ онд багтаан тогтоохоор төлөвлөж байна. Швед улсын хувьд ази гаралтай цагаач иргэдийн тооны өсөлттэй хамт цагаан будааны хэрэглээ нэмэгдэж, иргэдийн эрүүл мэндэд шинэ эрсдэл үүсгэхээс сэргийлэхэд хүргэжээ. Нөгөө талаас эрсдэлийг Хятад, Бангладеш зэрэг орны ундны усанд агуулагдах хүнцлийн нөлөөлөлд хийсэн судалгаанд тулгуурлан тооцоолсон байна.
Тэгвэл олон зууны туршид цагаан будааг голлон хүнсэндээ хэрэглэсээр ирсэн япончуудын хувьд түүнээс үүдэн хүний эрүүл мэндэд үзүүлсэн сөрөг нөлөөллийн тохиолдол нэг ч удаа бүртгэгдээгүйгээр барахгүй урт наслалтаар дэлхийд тэргүүлэгч орнуудын нэгт тооцогдож байна. Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдэд агуулагдах хорт бодис, тэдгээрийн хоруу чанарын тухай мэдээлэл олноор гарах болсон нь энэ төрлийн эрсдэл огцом нэмэгдсэнээс бус шинжилгээний технологи эрс сайжирч байгаатай холбоотой юм. Үүний нөлөөгөөр хүмүүсийн олон зуун жилийн туршид хэрэглэж ирсэн хүнсний голлох бүтээгдэхүүн "хортой болон хувирч" байна. Үнэн чанартаа зарим төрлийн хүнсний ногоо, байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэмээн бидний ойлгож ахиухан хэрэглэж ирсэн түүхий эдүүд ч тодорхой хэмжээгээр хорт бодисуудыг агуулдаг. Хэрэв хорт бодис, аюул эрсдлийн тухай мэдээлэл бүрийг эмзэглэн хүлээж аваад байвал бидэнд хоол хүнсэндээ итгэж хэрэглэх зүйл олдохгүй болох нь мэдээжийн хэрэг юм.
Хүнсэнд агуулагдах хорт бодисын тухай мэдээллээс гадна бидний амьдралын хэвшилээс үүдэн хооллох дэгийг өөрчлөх төрөл бүрийн зөвлөмж, аргачлалууд гарч байна. Өвчинг хялбар эдгээх, гоо сайхнаа хадгалах, турах зорилгоор зөвхөн нэг буюу хэдэн төрлийн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх, эсвэл зарим төрлийн хүнсний хэрэглээнээс бүрмөсөн татгалзах зэрэг зөвлөмжүүд нь бодитоор хэрэгжүүлсэн гэгдэх хүмүүсийн жишээг дурдаж, итгэл үнэмшил төрүүлэх тохиолдол олон бий. Гэвч хүмүүсийн бие махбодь, амьдралын дадал, заншлын онцлог, ялгаанаас хамааран заримд нь таарч тохирох мэт санагдах боловч бүх хүнд адил тэгш үйлчилнэ гэх баталгаа үгүй юм.
Япон улсад худалдаалагдаж буй "Нүүрс ус хүн төрөлхтөнг мөхөөнө" хэмээх номын нийт борлуулалтын хэмжээ өнгөрөгч жил 100 мянгын босгыг давсан юм. Уг номын зохиогч, эмч Нацуй Макатоши "эрүүл амьдарч, урт наслахыг хүсвэл нүүрс ус агуулсан хүнсний бүтээгдэхүүнээс бүрмөсөн татгалзах хэрэгтэй" хэмээн зөвлөсөн нь олон мянган япончуудын сонирхлыг татжээ. Нүүрс ус нь хоол хүнсний шим тэжээлийн бодисын үндсэн хэлбэр бөгөөд гурил, гурилан бүтээгдэхүүн, будаа, төмс, лууван зэрэгт их хэмжээгээр агуулагддаг. Нацуйгийн зөвлөж байгаагаар нүүрс ус нь хүний биед сахар болон хувирах бөгөөд хар тамхины адил донтуулдаг. Бие дэх сахрын хэмжээ нэмэгдсээр чихрийн шижин болон бусад өвчний үүсгэвэр болно. Мөн таргалалтын шалтгааныг өөх тосны хэт их хэрэглээ гэж ойлгосоор ирсэн нь эндүүрэл бөгөөд үнэндээ нүүрс усны хэтэрсэн хэрэглээнээс үүдэлтэй гэжээ. Нөгөө талаас Нацуй өөрөө нүүрс ус хэрэглэхээ больсноос хойш хагас жилийн хугацаанд 11 кг турж, нойргүйдэл, цусны даралт ихсэх өвчнөөс бүрэн салсан гэв.
Гэвч нүүрс ус нь тархийг энергиэр хангагч үндсэн бодис болох глюкозыг үйлдвэрлэгч чухал түүхий эд бөгөөд хэрэв хэрэглээг огцом багасгавал тархи цусан хангамжийн дутагдалд орж, ажиллагаа нь эрс сулардаг байна. Хүн өдөр тутам хэрэглэж буй хоол хүнсний нийт илчлэгийн 20% нь зөвхөн тархинд зарцуулагддаг. Нүүрс ус нь мөн бие дэх устай нэгдэн булчинг бүрдүүлэгч гликогенг үүсгэнэ. Харин нүүрс ус бүхий хүнс хэрэглэхгүй тохиолдолд бие махбод булчин дахь гликогенг задлан, тархины тэжээлийн бодис глюкозыг үүсгэнэ. Иймд булчингийн жингийн хамт биеийн жин багасч турсан мэт харагдах боловч биед агуулагдах өөхний хэмжээ харьцангуйгаар нэмэгдэж, нуугдмал таргалалтад хүргэдэг байна. Харин таргалалтын үндсэн шалтгаан нь ихэвчлэн хооллох буруу зуршил, хэт их идэх, хөдөлгөөний дутагдал гэдэг нь тодорхой бөгөөд нүүрс ус бүхий үндсэн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах явдал нь зохисгүй хооллолтын нэг хэлбэр юм.
Харвард болон Индонезийн Үндэсний Их Сургуулийн эрдэмтэд хамтран, 1980-аас 2006 оны хооронд 130 гаруй мянган хүнийг хамруулан хийсэн судалгаа Нацуй болон түүнийхтэй төстэй турах аргачлал үндэслэлгүй болохыг харуулжээ. 20 гаруй жил үргэлжилсэн судалгаагаар нүүрс ус бага хэрэглэдэг эрчүүдийн нас барах эрсдэл ердийн хэрэглээтэй эрчүүдээс 1.5 дахин их байсан бол эмэгтэйчүүдийн хувьд 1.35 дахин илүү байгаа нь тодорхой болсон байна. Нүүрс усны бага хэрэглээ бүхий хүмүүсийн хувьд хорт хавдар болон зүрх судасны өвчлөл онцгой нэмэгдэж, нас баралтын голлох шалтгаан болжээ. Судалгаа хоол тэжээлийн зохистой баланс алдагдах нь хүнд өвчинд нэрвэгдэж, улмаар харьцангуй эрт нас барахад хүргэдгийг нотлов. Хоол хүнсэндээ хэрэглэх нүүрс усны хэмжээг нийт илчлэгийн 50-70 хувь байхаар тооцож, амьтны гаралтай уураг, өөх тос агуулах хүнсний хэрэглээг багасан, ургамлын ширхэгт бүхий хүнсний ногоо, ургамлын гаралтай уураг хэрэглэх нь эрүүл амьдарч, урт наслахад туслана. Харин турах, жингээ барих хамгийн зөв бөгөөд эрүүл арга нь зохистой хоололт, тогтмол дасгал хөдөлгөөн хийж хэвших явдал билээ. Мөн хоол тэжээлийн балансыг эвдэлгүйгээр нийт илчлэгийн хэмжээг бууруулах нь үр дүнтэй арга юм.
эх сурвалж; NHK болон бусад Биологи, Эрүүл амьдрал
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх