2012 онд галав юүлэхгүй

Сүүлийн үед 2012 онд болох дэлхийн сүйрэл олон хүний ярианы голлох сэдвүүдийн нэг болоод байгаа билээ. Мөн энэ тухай кино, ном, зохиолууд гарч мэдээллийн хэрэгслүүдээр элдэв утга агуулгатай мэдээлэлүүд олноор нийтлэгдэж байна. Эдгээр мэдээллүүд нь өсвөр насны, шашин шүтлэгтэй, эмзэг зан чанартай, мөн боловсрол нимгэн хүмүүсийн сэтгэлзүйд сөрөгөөр нөлөөлж байна. Дэлхийн сүйрэлтэй холбоотой айдас олон хүнийг хамарч, ийм төрлийн мэдээлэл бүхий сайтуудад бичигдсэн сэтгэгдлээс ажиглавал зарим нэг нь сэтгэл санаагаар унаж, амьдрах итгэлээ алдах дээрээ тулаад байгаа бололтой.

2012 оны дэлхийн сүйрэлтэй холбоотой мэдээллүүд нь анх элдэв домог үлгэр, далдын хүч сонирхогчдын хүрээнд, мөн бизнесийн зорилгоор олон нийтэд тараагдаж эхэлсэн гэдэгтэй санал нийлэх хүн олон байдаг. Энэ зорилгоо ч амжилттай биелүүлж чадаж байгаа бололтой. 2006 оны тавдугаар сард “The Return of Quetzalcoatl” ном хэвлэгдэн мөн оны эцсээр Мэл Гибсоны найруулсан “Apocalypse” кино бүтээгдсэнээр 2012 оны сүйрлийн тухай дэлхий даяар шуугиж эхэлсэн билээ.

2008 онд гэхэд л "Temple At The Center Of Time: Newton’s Bible Codex Finally Deciphered and the Year" ном amazon.com сайтын шилдэг борлуулалт бүхий 100 номын тоонд багтаад зогсохгүй түүхийн сэдэвтэй бестселлерийн No1 номоор шалгарч байсан байна. Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн "2012" кино гэхэд л 65 сая долларын орлого олж box-office-ийн долоо хоногийн жагсаалтыг хол тасархай тэргүүлж байна.

Ингээд дэлхийг сүйрэлд хүргэнэ хэмээн таамаглаж буй хүчин зүйлүүдийн хэр үнэн бодитой талаар НАСА-гийн албан ёсны веб хуудсанд нийтлэгдсэн мэдээллийг чадан ядан орчуулсанаа өөрийн дуулж сонссон бусад мэдээллээр баяжуулан тоймлож хүргэе. Хэрэв та дээр онцлон дурдсан шинж чанар бүхий хүмүүсийн нэг бол энэ мэдээлэл таныг айдсаас чинь бага ч болов салгахад туслах байх хэмээн найдаж байна.

Сүйрлийн тухай таамаглалын эх үүсвэр
Дэлхийн сүйрлийн тухай таамаглахад хүргэсэн анхдагч мэдээлэл нь эртний соёл иргэншлүүдийн домог үлгэр дээр үндэслэгдсэн зохиолоос үүдэлтэй юм. Нэгэнт домог ярианаас үүдэлтэй зүйлд итгэж үнэмших нь шинжлэх ухаан технологийн үсрэнгүй хөгжлийн үед амьдарч байгаа бидний хувьд туйлын тэнэг хэрэг болно. Домог, үлгэрт өгүүлсэн зүйлс үнэхээр тохиолддог бол өнөөдрийг хүртэл дэлхий хэд дахин сөнөж мөхөх хангалттай хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд түүхийн урт хугацааг ямархуу байдлаар туулж ирсэн нь эрүүл ухаантай хэнд ч ойлгомжтой юм. Эдгээр домгийн чанартай эх үүсвэрүүдийн тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Галааридын блогоос уншина уу.

Nibiru, Planet X, Eris хэмээх гаригуудын дэлхийтэй мөргөлдөх магадлал
НАСА-гийн эрдэмтдийн мэдэгдэж байгаагаар Nibiru, Planet X хэмээн нэрлэгдэх гаригууд огт байдаггүй байна. Хэрэв ийм гариг байгаад 2012 онд дэлхийтэй мөргөлдөхөөр байгаа бол одон орончид хамгийн багадаа арван жилийн өмнөөс илрүүлж, уг гариг нь энгийн нүдэнд харагдах хэмжээгээр дэлхийд ойртож ирсэн байх ёстой гэнэ. Харин Eris хэмээх гариг бий боловч өөр нарны аймагт хамаарагддаг бөгөөд дэлхийтэй мөргөлдөх байтугай хамгийн ойрхондоо 6.4 тэрбум км зайтай зөрж өнгөрдөг ажээ.

Сүүлт од унах аюул
Дэлхийн агаар мандалд олон тооны сүүлт од, тэдгээрийн үлдэгдэл орж ирдэг боловч томоохон хэмжээний солир маш ховор тохиолддог. Хамгийн сүүлчийн томоохон солир 65 мянган жилийн өмнө дэлхийн гадаргад унаж үлэг гүрвэлүүдийг мөхөлд хүргэсэн гэж үздэг. Одоо ашиглагдаж буй НАСА-гийн сансрын аюлгүйн хяналтын "Spaceguard Survey" систем нь дэлхийд ойртож ирсэн томоохон солирыг хангалттай хол зайнаас илрүүлж чаддаг ажээ. Уг системийн тусламжтайгаар ойрын хугацаанд дэлхийд ойртон ирэх томоохон солир байхгүйг тодорхойлсон байна. Үүнтэй холбоотой мэдээллүүд НАСА-гийн NASA NEO Program Office веб хуудсанд тогтмол нийтлэгддэг бөгөөд 2012 онд ямар нэгэн солир унахгүй гэдгийг хүсвэл та өөрөө ч шалгаж болох ажээ.

Мааяа нарын он тооллын төгсгөл
Мааяа нарын он тоолол бүрэн төгсчихөөгүй бөгөөд зөвхөн урт хугацааны тооллын нэгэн үе 2012 онд дуусч, дараа оны 1 сарын 1-ээс дахин шинэ урт хугацааны тоолол эхэлж байгаа юм. Тэгээд ч өнөөдрийг хүртэл олон календарын хуудас дуусгасан та бидэнд ямар нэгэн сүйрэл гамшиг тохиолдоогүй байгааг бэлхнээ мэдэж байгаа бизээ.

Гариг эрхсийн жагсаалын нөлөө
Ойрын хэдэн арван жилийн хугацаанд гариг эрхэсийн ямар нэгэн жагсаал болохгүй юм байна. Мөн дэлхий 2012 онд галактикийн хавтгайг хөндлөн гарахгүй бөгөөд гаригуудын жагсаал болсон ч дэлхийд үзүүлэх нөлөө маш өчүүхэн байх болно. Харин жил бүрийн 12 сард дэлхий болон нар галактикийн сүүн замын тэнхлэгтэй давхцдаг боловч тухайн үед болдог үйл явдалд сөрөг хэлбэрээр ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй юм.

Туйлуудын шилжилт, дэлхийн гадарга богино хугацаанд 180 градус эргэх
Эрдэмтдийн өгүүлж байгаагаар ийм шилжилт байх боломжгүй ажээ. Эх газрууд урт удаан хугацааны турш аажим шилждэг (жишээ нь антарктид тив 100 мянган жилийн өмнө экваторын ойролцоо байрлаж байсан) боловч туйлууд эргэж, шилжих ойлголт байдаггүй. Харин соронзон орны шилжилт 400 мянган жилийн хугацаагаар үргэлжлэн явагддаг боловч энэ нь дэлхий дээрх амьдралыг сүйрэлд хүргэх хэмжээний нөлөө үзүүлдэггүй байна. Соронзон орны хамгийн ойрын мэдэгдэхүйц шилжилт хэдэн мянган жилийн дараа болох ажээ.

Нарны соронзон шуурганы аюул
Нарны идэвхжил тогтмол хугацаанд адил давтамжтай явагддаг бөгөөд хамгийн өндөр идэвхжил ойролцоогоор 11 жилд нэг удаа тохиолддог байна. Өндөр идэвхжилийн үед зарим тохиолдолд хиймэл дагуулын холбоо тасрах зэрэг үзэгдэл ажигалагддаг боловч дэлхийн хүн амьтанд мэдэгдэхүйц хэмжээгээр нөлөөлөөд байдаггүй. Нарны дараачийн өндөр идэвхжил 2012-2014 оны хооронд тохиолдох боловч сүйрэлд хүргэх хэмжээнд хүрэх боломжгүй, урьд нь тохиолддогтой мэдэгдэх төдий байж ажээ.


0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх