Монголчуудын 4 хүн тутмын нэг нь нэрвэгдээд байгаа гэгдэж буй цусны даралт ихсэх өвчин цаашид тархинд цус харвах, зүрхний имфаркт, бөөрний дутагдал зэрэг нас баралтын үндсэн шалтгаан болсон өвчлөлүүдийн үндэс суурь болж байна. Энэ өвчний үед хоолны дэглэм барих, дасгал хөдөлгөөн хийх, хорт зуршлаас татгалзах, эмийн эмчилгээ хийх зэрэг арга хэмжээ авдаг боловч манайд ч, хөгжингүй орнуудад ч бүрэн төгс эмчилж эдгээж хараахан чадахгүй байгаа юм. Нэгэнт анагаах ухааны боломж хязгаарлагдмал байгаа нөхцөлд уламжлалт болон бусад төрлийн эмчилгээний аргыг хослуулан хэрэглэх талаар эрдэмтэд, эмч нар зөвлөх тохиолдол цөөнгүй байдаг.
Ийм төрлийн аргуудын нэг болох иллэг, массажны аргын үр дүнг орчин үеийн шинжилгээний багаж, аргачлалын тусламжтайгаар үнэлж, даралт ихсэх өвчнөөр шаналж буй хүмүүст санал болгосон NHK телевизийн "Тамэши гаттэн" (туршаад үз) нэвтрүүлгийн 8-р сарын 31-ний дугаарын агуулгыг хүргэж байна. Урьдчилан сануулахад иллэг массажны тусламжтайгаар цусны даралт бууруулах арга нь шинжлэх ухаанаар хараахан батлагдаагүй учир анагаахын практикт хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны эмчилгээний арга биш юм. Гэхдээ нэвтрүүлгийн үед хийгдсэн болон бусад туршилтуудын үед эерэг үр дүнгүүд ажиглагдаж байгаа учир цусны даралт өндөртэй хүмүүс туршаад үзэхэд илүүдэхгүй юм.
Нэвтрүүлэгт 86 настай Тэраниши гэх эрэгтэйг жишээ болгон авсан бөгөөд түүний цусны даралт тогтмол ихэсч 180 мм м.у.б-аас илүү өндөрсөж байснаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх тохиолдол цөөнгүй гардаг байжээ. Тэрээр иллэг хийж даралт буулгах аргын тухай дуулаад 10 жилийн турш хэрэгжүүлсний үр дүнд түүний цусны даралт 121 мм м.у.б буюу хэвийн хэмжээнд хүртэл багасч тогтмолжсон байна. Энэхүү иллэгийн аргыг Япон улсын Окаяма их сургуулийн профессор Сэо Сачимару анхлан судлаж, хэд хэдэн ном бичиж хэвлүүлэхийн зэрэгцээ уг аргыг өвчтнүүдэд санал болгодог байжээ. Профессор Сео 3 жилийн өмнө 92 насандаа нас барсан юм.
Иллэг хийснээр судсанд ямар нөлөө үзүүлж цусны даралт хэрхэн буурдаг болохыг тодруулах үүднээс нэвтрүүлэгт оролцож буй эмч богино долгионы төхөөрөмжийн тусламжтайгаар гарын артерийн судсанд хэмжилт хийж үзжээ. Ердийн нөхцөлд судасны өргөнийг хэмжихэд 3.88 мм диаметртэй байсан бол иллэг хийсний дараа судасны диаметр 4.11 мм болж 5.9 %-иар өргөссөн байна. Судас өргөссөнөөр түүгээр урсаж буй цусны даралтыг бууруулах нөлөө үзүүлэх нь мэдээжийн хэрэг юм. Нэвтрүүлгийн хүрээнд судас өргөсөх шалтгаан яг юунд байв гэдэг асуултын хариултыг олох зорилгоор нарийвчилсан шинжилгээ хийж үзэхэд иллэг хийснээр артерийн судасны дотор талын нимгэн эсийн давхарга (endothelium) агших, тэлэх хөдөлгөөнд орж судсыг өргөсгөх нөлөө бүхий азотын исэл ялгаруулж байгаа нь тодорхой болсон байна.
Дараагийн шатанд цусны даралт харьцангуй өндөртэй 20 хүнийг хамруулсан туршилт хийв. Тэдгээрээс 10-ыг нь нэг бүлэг болгон өдөр бүр 15 минутын хугацаагаар иллэг хийлгэн цусны даралт буурч байгаа эсэхийг 3 долоо хоногийн турш ажиглажээ. Бусад 10 хүнийг нүүрэн дээрээ нойтон алчуур тавиулах (даралт бууруулах нөлөөтэй гэгддэг уламжлалт аргуудын нэг бололтой) маягаар үр дүнг мөн адил хугацааны туршид ажигласан байна. Туршилтын үр дүнд "нойтон даавууны бүлэг"-ийн оролцогчдын цусны даралтын дундаж утга мэдэгдэх төдий бага хэмжээгээр буурсан бол "иллэг- массаж" бүлгийн оролцогчдын цусны даралт 8.6 мм м.у.б буюу харьцангуй өндөр хэмжээгээр буурчээ.
Туршилтын үр дүнг зүрх судасны мэргэжлийн эмчид үзүүлэн санал сэтгэгдлийг нь асуухад эмийн буюу цусны даралт ихсэх өвчний үндсэн эмчилгээтэй хослуулан хэрэглэхэд тохиромжтой байж магадгүй гэж хариулжээ. Харин иллэг-массажны аргыг үргэлжлүүлэн судлаж буй Сeo профессорын гарын шавь болох эмчийн нотлож байгаагаар уг арга өвчтнүүдийн 90%-д даралтыг бууруулах эерэг нөлөө үзүүлж байгаа юм байна.
Нэвтрүүлгийн төгсгөлд даралт бууруулах нөлөөтэй иллэгүүдийг танилцуулав. Иллэгийг доорх зааврын дагуу өдөрт 1 удаа 15 минут хугацаагаар хийхэд хангалттай бөгөөд үнэхээр даралт бууруулах нөлөө үзүүлж байгаа эсэхийг хэдхэн сарын хугацаанд өөрийн биеэр туршиж мэдэх боломжтой юм. Харин иллэгийн аргыг туршиж байгаа хүмүүс даралт бууруулах эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд ямар ч нөхцөлд эм уухаа зогсоож, үндсэн эмчилгээгээ тасалдуулахгүй байхыг нэвтрүүлэгт оролцсон эмч нар анхааруулж байна.
Даралт бууруулах иллэгүүд
1. Хуруу.
Хуруугаа атгаад хоёр тийш нь эргүүлэх маягаар иллэг хийнэ. Үргэлжлэх хийх хугацаа нэг гарын хуруунуудад нийтдээ 1 минут орчим байна.
2. Гар.
Алгаа дэлгэсэн байдлаас гарынхаа арьсан дээр дарж атгаад булчинг ясанд үрж мушгих маягаар иллэг хийнэ. Үргэлжлэх хугацаа нэг гарын бугалганаас мөр хүртэл нийтдээ 2 минут орчим байна.
3. Хөл.
Гарын иллэгтэй адилаар мушгих маягийн иллэгийг хоёр гараар хийнэ. Үргэлжлэх хугацаа хөлийн хуруунаас бүдүүн гуя хүртэл 3 минут орчим байна.
4. Толгой.
Шанаанаас дух хүртэл артерийн маш олон жижиг судсууд тархсан байдаг. Тэдгээр хэсгүүдэд тойрог зурах маягийн иллэг хийнэ. Үргэлжлэх хугацаа 3 минут орчим.
эх сурвалж; NHK ためしガッテン Эрүүл амьдрал
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх