Монголчууд мөсөн "халхавч" барьж УБ хотоо сэрүүцүүлнэ

Монголын цаг уурчид аварга мөсөн уул байгуулж Улаанбаатарын өвлийн хүйтнийг зун хүртэл хадгалахаар төлөвлөж байна. Тэд дэлхийд хамгийн том мөсний агуулах хийх туршилтыг энэ сарын сүүлээр эхлүүлэн дэлхийн дулаарал болон хотын "дулааны арал"-ын нөлөөллийн эсрэг тэмцэхээр зорьж байгаа юм. 1 саяас дээш хүн амтай хотын орчимд агаарын температур орон нутгийн цаг агаараас 1-3 хэм дулаан болох үзэгдлийг "дулааны арал" гэж нэрлэдэг байна. Цаг уурчдын энэхүү төсөл нь Улаанбаатар хотын захиргаанаас санхүүжиж байгаа бөгөөд өвлийн хүйтнийг мөс хэлбэрээр хөлдөөж хадгалан хайлах үед нь зуны турш хотыг сэрүүцүүлэх болон усжуулахаар төлөвлөж байгаа юм.

1 тэрбум төгрөг (750 мянган доллар)-ийн төсөв бүхий энэхүү төсөл сэрүүцүүлгийн системийн хэрэглээг багасгаж усжуулалт болон ундны усны хангамжийг тохируулна хэмээн эрдэмтэд найдаж байна. Хэрэв уг төсөл амжилттай хэрэгжвэл дэлхийн бөмбөрцгийн хойд бүс нутгийн бусад хотуудад хэрэгжүүлэх боломжтой юм. Хойд бүсийн цаг агаарын нөхцөлд булаг шанд, голын мөсийг өдрийн цагт шүүрч гарч ирсэн ус (халиа) шөнөдөө хөлдөж нимгэн давхарга хэлбэрийн мөсний бүтцийг үүсгэдэг. Монгол - Английн хамтарсан ECOS & EMI компани Туул голын мөсөн дээр цооног өрөмдөх замаар энэ процесийг зохиомлоор эрчимжүүлж мөсний агуулах байгуулах бөгөөд өвлийн турш хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мөсний иймэрхүү бүтцийг Хойд Солонгост танкийг гол гатлуулах, Орост өрөмдлөгийн тавцан хэлбэрээр ашигладаг байна. Гэвч инженерүүдийн хувьд гүүр болон төмөр замд аюул учруулах сөрөг нөлөөтэй гэж үздэг. Харин ECOS & EMI компанийхан зуны үеийн сэрүүцүүлгийн өртөгийг багасгах, ундны усны хангамжийг тохируулах, хотын бичил уур амьсгал бий болгох зэргээр энэхүү мөсөн бүтцийг ашиг тустай зүйл болгохыг зорьж байна. "Хойд туйлын мөсөн уулууд хайлж байгаад хүн бүхэн сэтгэл түгшиж байдаг боловч түүний эсрэг тэмцэх хямд бөгөөд хялбар аргыг олоогүй байна, хэрэв бид мөсний бүтцийг ашиглаж чадвал сэрүүцүүлгийн зардлыг багасгаж мөнх цэвдэгийг сэргээж чадна" гэж монголд ажиллаж буй геологич Robin Grayson хэлжээ.


Мөсний давхарга хэлбэрийн бүтэц үүсэх процесийг тайлбарласан зургаас үзвэл өрөмдлөг хийж зохиомлоор халиа үүсгэснээр 7 м хүртэлх зузаантай мөсөн бүтэц үүсгэх боломжтой гэжээ. Өвлийн нөхцөлд урсгал ихтэй голын мөс бүрэн хөлддөггүй бөгөөд мөсний доод хэсгээр усны урсгал үргэлжилж байдаг. Мөсний жингээр дарагдаж байсан ус мөсний ан цаваар хальж гарах үзэгдлийг бид бүхэн мэддэг. Төслийн зорилго нь мөсөн дээр өрөмдлөг хийж халиа үүсэх явцыг зохиомлоор түргэсгэх зорилготой байгаа нь ойлгогдоно.

Дашрамд дурдахад тухайлбал Япон улсад өвөл орсон цасыг зуны турш хадгалж сэрүүцүүлгэд ашиглах тохиолдол байдаг. Цас их ордог Нийгата зэрэг мужид дулааны тусгаарлалт бүхий томоохон агуулхуудад их хэмжээний цасыг хурааж хадгалан агуулахын агаарыг сэрүүцүүлэг шаардлагатай барилгын өрөөнүүд рүү үлээлгэх хэлбэрээр ашигладаг. Япон улс цаг агаарын хувьд зуны 3 сарын турш тогтмол 35-аас дээш хэмжээгээр халж айр кондишн, сэрүүцүүлгийн төхөөрөмжийн цахилгааны зарцуулалт их хэмжээгээр нэмэгддэг.

Харин Улаанбаатарын нөхцөлд зуны улиралд сэрүүцүүлэг бараг шаарддаггүй байдаг. Мөн хотын усан хангамжийн хувьд хүндрэлтэй гэгддэг боловч Туул голын мөсөөр ундаалах хэмжээнд хүрэх яагаа ч үгүй байна. Нөгөө талаас мөсөн доогуур урсаж буй голын усыг хөлдөөж хуримтлуулснаар зуны улиралд Улаанбаатар хотыг сэрүүцүүлнэ гэдэг амьдралаас тасархай санагдана. Мэдээнд төслийн зорилгыг хойд бүсийн хотуудын сэрүүцүүлгийг шийдэх зорилготой гэж байгаа боловч тухай хотууд ихэвчлэн Улаанбаатартай адил цаг агаарын хувьд сэрүүхэн, зуны улирал богино учир сэрүүцүүлгийн хувьд тулгамдсан асуудал биш юм.

Мэдээлэлд Япон улсын жишээтэй адилаар мөс хадгалах агуулах байгуулахаар төлөвлөгдсөн тухай дурдаагүй бөгөөд ийм тохиолдолд мөсийг зуны турш ашиглах боломжгүй гэдэг нь ойлгогдоно. Хавар цаг агаар дулаарах үед голын мөс нэгэн зэрэг хайлж урсах учир зуны эхний саруудад ч хүргэх боломжгүй. Үнэхээр сэрүүцүүлэг, ус хангамжийн дутагдалтай асуудал байгаад түүнийг шийдэхийг оролдож байгаа бол өөр хэрэг юм. Утаа, атвозамын түгжрэл, гэр хорооллын дэд бүтцээс авахуулаад тулгамдсан асуудал өч төчнөөн байхад өвлийн турш Туул голын мөсийг дэмий шахуу өрөмдөж 1 тэрбум төгрөгийг салхинд хийсгэхээр төлөвлөж байгаа нь цаанаа давхар өөр зорилготой байх гэсэн эргэлзээг өөрийн эрхгүй төрүүлнэ.

эх сурвалж; the guardian

5 сэтгэгдэл:

electronic nose tuhai

хариулах...
This comment has been removed by the author.
хариулах...

Дэлхийн дулаарлын эсрэг авч байгаа арга хэмжээ гэдэг утгаараа бол таалагдаж л байна. Бодитой үр ашгаа хэр өгөх бол доо?
Мөн үүсэж гарах эрсдэлийг тооцож үзэх хэрэгтэй байх тийм ээ? Ямар ч байсан өтгөн манан дунд аваар осол гарах, агаарын тээвэр саатах гэх мэт сөрөг үзэгдлүүд гарч байх шиг байна. Энэ чиглэлийн мэдлэг хомс тул загасан болон экологид ямар нэгэн сөрөг нөлөө үүснэ гэж бурж үнэхээр чадахгүй юм. Эрдэмтэд эрдэмтэй байлгүй дээ. Амжилт хүсье.

хариулах...

Дулаарлын эсрэг тэмцэх ч гэж дээ, ядаж далайд дусал ус нэмэхийн төдий ч нөлөөлөх юм болов уу даа ...

хариулах...

Одоо туулаа ширгээх нь л дээ

хариулах...

Сэтгэгдэл үлдээх