Нийгмийн сүлжээнд дэлгэцийн цаанаас харьцаж буй үл таних хүний тухай ойлголтыг нүүр тулж уулзахаас илүү өргөн хэмжээгээр авч болно. Иймд хувь хүмүүсийн дотоод ертөнцийн талаар илүү ихийг танин мэдэх, цаашлаад олон нийт, нийгмийн сэтгэлзүй зэрэг төрөл бүрийн чиглэлээр судалгаа хийх боломжийг сэтгэлзүйчид, улс төрчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бизнесийн байгууллагуудад өгдөг. Фэйсбүүк, Твиттер мэтийн сайтуудыг тэр болгон хэрэглэдэггүй ч "Монгол Эйч Ди" телевизийн тарьсан дуулианаас үүдэн өөрийн хэмжээнд төстэй туршилтыг нийгмийн сүлжээнд хийж үзэх саваагүй санаа төрж байлаа.
Тэгтэл санаа маань санамсаргүй шахуу биелж орхив. Фэйсбүүкт монгол хэлбичгийн чиглэлээр хамгийн олон хүнийг хамарсан, хамгийн идэвхтэй нэгэн бүлэг бий. Зорилго нь хэлбичгийн дүрэм зөрчсөн элдэв буруу зөв хэрэглээг шүүмжилж, зугаацах, мэдэхгүй үг хэллэгээ харилцан асууж, зөвлөх. Бүлэгт Саарал Дондог гэгч өөрийн бичсэн хэдэн өгүүлбэрээ нийтлэжээ. Энэ этгээд тус блогийг эрхлэгч гэдгийг уншигчид андахгүй байх. Энэ удаад хөндлөнгийн байр суурьнаас харж, өгүүлбэрүүдийг хальт уншиж үзэхэд нэгэн хувь хүн өөрийн бодол санаагаа илэрхийлсэн мэт харагдаж байгаа нь мэдрэгдэнэ.
Хүн магадгүй өөрийн мэдлэг боловсрол, итгэл үнэмшлийн хүрээнд хамгийн зөв гэж бодсон санаагаа бичиж болно. Эсвэл бусдын анхаарлыг татаж, сэтгэлзүйд нөлөөлөх зорилгоор, эсвэл бүр саваагүйтэж цаг нөхцөөх гэж, дэл сул бодсоноо, энд тэндээс уншсанаа ч бичиж болно. Мөн энд ямар нэгэн зүйлд уриалан дуудаж, тулган шаардаж, өдөөн хатгасан үг үсэг байхгүй гэдэг нь ил. Тэгтэл хүмүүс үүнийг хэрхэн хүлээж авч, ямар хариу үйлдэл үзүүлж байгаа нь тун сонирхолтой санагдсан тул бичлэг болгон нийтлэж байна.
Өгүүлбэрүүд бүлгийн хуудсанд оронгуутаа маш олон сэтгэгдэлд дарагдана. Дэлгэцийн зураг хангалттай авч амжаагүй боловч сэтгэгдлүүдийн агуулга сүүлд хавсаргах зургуутай адил учир ганц жишээ үзүүлье. Үүнээс цааш монгол хэлний "ерөөл магтаал"-ын "уран тансаг" үгс олныг дэлгэн үзүүлэх гэж байгаа тул сэтгэгдэл бичигчдийн өмнөөс урьдчилан "талархал"..., үгүй ээ хүлцэл өчье. "Тун эелдэг" үгс бичиж үлдээсэн энэ хүний Фэйсбүүкийн дүрс зураг (аватар) болон өөртөө оноосон нэрийг харахад үндэс угсаа, бичиг соёлоо дээдэлдэг мэт харагдах боловч бичиж байгаа үгстэй нь эрс зөрчилдөнө.
Бусад сэтгэгдлийн агуулга ямархуу байхыг эндээс бүрэн төсөөлж болно. Мэдээж ийм эсэргүү үгс бичсэн хүнийг бүлгээс хөөхийг шаардана. Бүлгийн зохицуулагч шаардлагыг тэр дор нь биелүүлнэ. Фэйсбүүкийн зарим бүлгийг ажиглаж байхад зохицуулагчийн үзэмжээр гишүүдийг хөөж, туух тохиолдолд олон гардаг. Сануулна, ойлголцоно, эхний ээлжинд бичсэнийг устгана гэх мэтийн ойлголт байхгүй. Энэ бүлгийн зохицуулагч нь гадаад дотоодод олон түвшний боловсрол эзэмшиж, тодорхой хугацаанд багшилж, ном хэвлэл хүртэл гаргаж, онлайн ертөнцөд ч танил болж даяаршсан нэгэн. Тэгэхээр сохрын газар сохор явахаар шийдсэн нэгэн байх гэсэн сэтгэгдэл төрөв.
Өгүүлбэрүүдийг устгаж, "гэмт этгээд"-ийг хөөж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болгосны дараа хэлэлцүүлэг мэдээж өрнөнө. Гэхдээ хэргийн эзэн байхгүй учир тийм ч их сонирхолтой болохгүй.
Асуудал үүгээр дууссан гэж бодож байвал эндүүрэл болно. Харин ч сонирхолтой үзэгдэл дөнгөж эхэлж байна. Хэл соёл, үндэс угсаагаа эрхэмлэгч, "Монголын номер 1 сайт" "монголжсон олон хятадын дундаас нэгийг илрүүлж, тархи угаахыг оролдож байгаа"-г нь 90 мянган дагагчдаа зарлан мэдэгдэнэ. Энэ нь манай мэдээллийн сайтууд уншигч, хэрэглэгчдийн сэтгэлзүйг танин мэдэж, түүнд тулгуурласан "тоглолт хийж" чаддагийн баталгаа юм. Дашрамд нь энэ сайт өнгөрөгч оны эхээр хууль дүрэм зөрчсөн шалтгаанаар багагүй хугацаанд хаагдаж байсан боловч бараг л монголдоо хамгийн олонд тооцогдох Фейсбүүкийн дагагчийг татаж, тэр ч байтугай хэд хэдэн байгууллагаас зарласан шалгаруулалтын оны шилдэг ангилалд тэргүүлэх хүртлээ сэргэн мандсаныг сануулахад илүүдэхгүй биз. Гэхдээ бусдыг хаа нэгтээ бичсэн үгсээр нь далимдуулан олон хүний өмнө элдэвээр цоллож, нэр хүндийг унагах үйлдэл хийсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээдэг ёстой. Фэйсбүүкт өөрийн жинхэнэ нэр, зургаар бүртгүүлсэн хүн ийм тохиолдолд гомдол гаргах бүрэн эрх нээгддэг. Манай сайтуудад сүүлийн үед садар самуун, биеэ үнэлэлттэй холбоотой зар огт үзэгдэхээ больсон. Энэ нь хууль хүчний байгууллагууд тодорхой арга хэмжээ авч байгаагийн илрэл бөгөөд цаашид гомдол гаргасан тохиолдолд нийгмийн сайтуудыг хүртэл хамардаг болох нь мэдээж юм.
Манайдаа л "вайрал"-д тооцогдох сайт нэгэнт "хятад" гэдгийг тодорхойлсон тул уншигчид мэдээж санал нийлнэ. Гэхдээ Хятадаас гадна Япон гэсэн улсыг давхар дурдсан байхад зөвхөн хятадад хамруулж ойлгох нь сонирхолтой үзэгдэл юм. Хятадыг орхиод зөвхөн Япон Солонгос хоёрыг дурдсан ч бас л Хятадтай хамааруулж таарах байх.
Дараагийн сэтгэгдлүүд манайхны өдөр цаг, хором мөч тутмын нийтлэг хэрэглээ болсон "ерөөл"-ийн үгсээр үргэлжилнэ. Хүнийг хэлж буй үг, хийж буй үйлдлээр нь хангалттай таниж болдог. Гэхдээ нийтлэг үгсийг нийтээрээ ердийн мэт хэрэглээд хэвшчихээр энэ санаанд эргэлзээ төрнө. Нийгмийн сөрөг үзэгдлүүд олон нийтэд нөлөөлж байгаагийн илрэл болов уу.
Технологийн дэвшил "ерөөл"-ийн хэлбэрт хэрхэн нөлөөлдөгийг үзүүлнэ ээ.
Зарим нь бол "ерөөл, магтаал" мэтийн ямар ч үйлдэлд хүч нэмэгдүүлэх хэрэгслээр хэзээд бэлэн байдгаа харуулна.
Зүгээр ч нэг "ерөөхгүй", нэрнээсээ авахуулаад "бүтэлтэй" хүн гэдгийг давхар нотлохоо мартахгүй. Нэр гэснээс Сааралаас илүү хэцүү нэртэй хүн онлайн ертөнцөд тун ч хэцүүдэх бололтой. Ялангуяа ахмад хүний сайхан, муухай муу ямар ч нэрийг хэлэхээс цээрлэдэг монгол заншил байсан. Одоо ч ул болж дээ.
Дараа нь "монголжсон хятад"-ын үйлдэл ямар зорилготойг тодорхойлно. Манайхны хятад гэдэг үгний ард тагнуул гэдэг ойлголт үргэлж дагаж явна. Үнэхээр л тагнах гэж байгаа бол ямар ч сэжиг төрүүлэхгүй байх учиртайсан.
Хятадын эсрэг үзэл нь үндэсний үзлийн сүүдэр тал гэж ойлгож болно. Нэгэнт үндэсний үзлээ илэрхийлж байгаа болохоор бахархалаа давхар дурдах ёстой. Гэтэл түүнийгээ "ерөөл"-ийн үгтэй холиод хутгачихаар ямар юмных нь бахархал, үндэсний үзэл байх вэ дээ. Үйлдэл нь үзэл бодлоо үгүйсгэхээс хэтрэхгүй.
"Монголжсон хятад"-аарaa цоллогдож, "цагаач тагнуул" хийсэн нь тодорхой болсон тул "амьд явах эрхээр шагнуулна". Энэ тохиолдолд "вайрал" сайтын зүйл анги нэмэгдэнэ. Дээр нь энэ хүмүүсийг бусдын "амь нас аврах"-аар төлөвлөсөн гэж шүүхэд өгөх эрх нээгдэж байгаа нь энэ. Эмэгтэйчүүд, залуухан охид хүртэл хүн буудах тухай ярьж, уриалж байгаа нь манай залуусын сэтгэлгээ хэр "өндөр" түвшинд байгааг харуулна. Харамсахаас өөр аргагүй.
Бурууг өөр зүйлээс хайж, эргэлзсэн хүн бас байлгүй л яахав. Эндээс харахад манайхны сэтгэлгээнд мэдээллийн хэрэгсэл, нэр хүндтэй хүмүүс хэр нөлөөлдөг нь харагдана. Тэднийг ашиглаад зөв тийш нь чиглүүлэхэд тийм ч хэцүү биш баймаар.
Олон дунд сайн нь ч бий, муу нь ч бий. "Ерөөдөг" нь бүгд биш. Хуруу дарам цөөн ч өөр өнцөгөөс харахыг хүссэн хүн бас байна аа. Нас, нийгмийн бүлгээр нь авч үзвэл нийгэмшиж, төлөвшсөн хүмүүс тэр болгон "ерөөгөөд" байхгүй нь мэдээж. Тэгээд ч тийм хүмүүст нийгмийн сүлжээнд оролцох цаг, сонирхол үгүй байдаг. Орсон нэг нь бусаддаа уусан шингэхээс өөр аргагүй ч байж магадгүй. Гэхдээ бодол, үг, үйлдэл нь нийлдэг хүмүүс байж л таарна. Санаа зөв бол заяа зөв өө.
Бичлэгийн эхлэлд суртал ухуулгын тухай үг үсэг байхгүй байгаа тухай дурдсан. Тэгэхээр ийм санаа дараах хүмүүст төрөхөд "вайрал" нөлөөлж гэж үзэж болно. Үүнийг эс тооцвол бодол, үг, үйлдэл нийлэгчдийн ангилалд хамаарах хүмүүс. Ийм хүмүүс, өөр өнцөгөөс харагчидтай нийлээд нийт сэтгэгдэл бичигчдийн дөнгөж 2.4 хувийг л эзлэнэ. Бусад нь бүгд "ерөөгчид", гэхдээ дуугай өнгөрөөгчид тэднээс олон ч байж магадгүй.
Ийм сайхан мэдээг бусадтайгаа хуваалцаж, эх оронч сэтгэлгээгээрээ гайхуулахаас зайлсхийх "ухаантан" гэж хаа байхав. Хошуу амаа ёрвойлгосон хөөрхөн, жоохон охид, хүүхдүүд ч хүртэл "ерөөлөөр" томчуудаасаа давдаггүй юмаа гэхэд дутахгүйгээ харуулна аа. Хуучин цагт хар, цагаан "хэл ам"-ны тухай сүжиг олон хүнд байсан. Бөө, лам нар "зоолсон" энэ цаг үед иймэрхүү сэжиг сүжиг улам л газар авмаар санагдах юм, үгүй бололтой.
"Ерөөл"-ийг зөвхөн Фэйсбүүкт тавьдаг гэвэл алдас болно. Тэнд байгаа юмс энд ч, энд байгаа юмс тэнд ч адилхан. "Замбараатай уянгалуулагчид"-ын тухай жиргэж өгнө өө.
"Ерөөл"-ийн сэтгэгдлүүд жиргээнд ч адилхан. Учир нь энэ бол 1 юмны 2 тал л гэсэн үг.
Зүгээр л олон нийтээрээ "магтан сайшаагаад" байх нь утгагүй. "Монголжсон тагнуул, хужаад" өөрт нь шууд хандаж, улам сайн "ерөөх" хэрэгтэй. Фэйсбүүкийн илгээмж гэж сайхан арга байхад. Гэхдээ ийм "ерөөл"-ийн зорилгыг ойлгоход бэрх. Нэгэнт л хятад бол яаж ч "ерөөсөн" хятадаараа л үлдэнэ. Эсрэгээр монголыг хичнээн олон дахин "ерөөлөө" ч хятад болохгүй нь мэдээж.
Үүгээр нийгмийн сүлжээнд өнгөрүүлсэн нэг өдөр маань дуусч байна. Хүмүүс санаатай санаагүй бичсэн үгээрээ хятад, орос болон хувирч, "ерөөлгөж магтуулж", "амиа авруулж" янз бүр л болдог бололтой. Магадгүй маргааш сонин, сайтууд, тэр ч байтугай зурагтын нэвтрүүлгээр "магтуулан ерөөлгөх" байх. Эцэст нь ямар нэгэн дүгнэлт хийхийг хүссэнгүй, уншигч, "ерөөгч" таньд үлдээв.
Жич;
Энэ бичлэгээ нийтлэхтэй зэрэг шахуу эхний "ерөөл" ирж байна. Хэдийгээр бараан талых ч гэсэн "вайрал"-ын ачаар "од байхын зовлон, жаргал"-ыг хэсэгтээ л амтлах бололтой.
Энэхүү бичлэг хийгдсэнээс хойш бараг 2 жилийн хугацаа өнгөрчээ. Гэвч нэгэнт хорхойтой араанд зуугдсан эрлийз тагнуулыг мартахад хангалттай цаг хугацаа бус бололтой. Бүлгийн зохицуулагч хаанаас ч юуг ч ухаад гаргаад ирж чаддаг гэдгийг давхар харуулжээ.
Санаа оноо
8 сэтгэгдэл:
За яахав дээ. Нийгмийн масс-ын боловсролын хэмжээг харуулж байгаа хэрэг байлгүй.
Энэ нийтлэлийг бичсэн хүн өөрөө Саарал Дондог юм бишимбишүү?
ach holbogdolgui zuild notstoi handaj tsag huchee uuraa barahaa bolihgui otoltsgooh ene ueiihen maani ur huuhduuddee umnii goliig olj surah uhaan suulgah argaa olno baigaa
Гоё урхи байна, манайхны энэ хараал ерөөл их муухай байна, Элбэгдорж ерөнхийлөгч стрессээ гаргах хэрэгсэл нь гэсэн. Монгол хүн уг нь бэлэг дэмбэрэлтэй сайхан үгээр бие биентэйгээ харьцдаг сан.
яг үнэнийг хэлэхэд удам судраа баттай мэддэг хүн монголд тун ховор буюу бараг байхгүй. Гэвч, бүгдээрээ л өөрсдийгөө монгол гэж итгэдэг, ярьдаг. Үнэн хэрэгтээ хүн хаана нийгэмшинэ, тэр газар нутгийн хүн болж торинодог. тиймээс барууны оронд хааяскүүл төгсөж буй даргын хүүхдээс дурын дунд сургуульд сурч буй эрлийз хүүхэд монгол гэх сэтгэлтэй болно. харин бид нийтээрээ иймэрхүү тэнэг мулгуу, хүнийг яс үндэсээр нь ялгаварласан хэвээр байвал тэр хүмүүс яаж торинохыг таашгүй.
Би болбоос тус бүлгэмийн нэгэн админ нь байна аа. Хэдий бүлгэмийн нийтлэлүүдийг зохицуулах үүрэгтэй ч таны нийтлэлээс гадуур өнгөрчээ. Хүсвэл таны хоригийг арилгаж болох юм. Таны бичсэн нийтлэл ч байж боломжгүй "хачин" сайн гаргаж байгааг ойлгож байгаа биз.
Зугаатай хэл шинжлэл бүлгэмийн зохицуулагч: Ж.Зоригт
Сэтгэгдэл үлдээх