Тоёото Приусын борлуулалт эрс нэмэгдэв

Тоёота компаний мэдээлж байгаагаар 5-р сарын 18-наас япон улсын зах зээлд худалдаалж эхэлсэнээс хойш гуравхан долоо хоногийн хугацаанд зарагдсан хосломол хөдөлгүүрт (hybrid) шинэ загварын Приус машины тоо 140 мянгад хүрч бүтэн жилийн турш худалдаалахаар төлөвлөж байсан хэмжээнээс (120 мянга) давсан байна.

Тус компаний үйлдвэрлэл энэ загварын машины борлуулалтын огцом өсөлтийг гүйцэхэд хүндрэлтэй байгаа бөгөөд Айчи мужид байрлах үйлдвэрийнхээ ажилчдын тоог 20-30 хувиар буюу 1000 хүнээр нэмэгдүүлэн ажлын цагийг уртасгаж, жилийн хугацаанд 600 мянган ширхэг Приус машин үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Эдгээр машины 40 хувь японы зах зээлд, үлдэх 60 хувь нь гадаадын зах зээлд худалдаалагдах юм.

Шинэ загварын Приус машин нь 1л шатахуунаар 38 км зам туулах чадалтай бөгөөд шатахуун зарцуулалтаар дэлхийд хамгийн бага үзүүлэлттэй, үнийн хувьд ч ижил төрлийн машинууд дундаа хамгийн хямдханд тооцогдож байна. Одоогоор японы зах зээлд энэ машин 2 сая орчим иенээр худалдаалагдаж байгаа ба экологид сөрөг нөлөө багатай, татвар болон зарим төрлийн хөнгөлөлтөд хамрагддаг учир хэрэглэгчдийн таашаалд илүү нийцдэг юм.

Приус загварын машиныг 2003 оноос худалдаалж эхэлсэн бөгөөд 2008 онд японы дотоодын зах зээлд 73 мянган ширхэг зарагдсан нь өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад 25 хувь нэмэгдэж байсан байна.


(эх үүсвэр; yahoo news, carview)

,

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх