Цахилгаан автомашиныг гар аргаар бүтээж болох уу?

Цахилгаан тээвэр компанийн инженерүүд Honda маркийн ердийн автомашиныг цахилгаанаар ажилладаг болгон хувиргасан тухай хэд хоногийн өмнөөс мэдээлэгдэх болсон билээ. Уг машиныг 220 вольтийн цахилгаанаар 6-8 цагын хугацаанд бүрэн цэнэглэх бөгөөд нийт 120 километр зайг 600 төгрөгийн цахилгаан зарцуулан туулах хүчин чадалтай гэжээ. Тус компани урьд нь доубус болон троллейбус угсарч үйлчилгээнд гаргаж байсан туршлагатай боловч үнэхээр цахилгаан машин бүтээсэн тухай дээрх товч мэдээнээс өөр илүү тодорхой мэдээлэл одоохондоо байхгүй байна. Иймдээ ч зарим нэг мэдээллийн сайтуудад л гэхэд уг мэдээнд эргэлзсэн, үл итгэсэн сэтгэгдлүүд цөөнгүй бичигдсэн байгаа юм. Үнэхээр шатахуунт хөдөлгүүрт машиныг гар аргаар цахилгаан машин болгон хувиргаж болох болов уу? Энэ талаархи хүмүүсийн эргэлзээг тайлах зорилгоор японы телевизийн сувгуудаар мэдээлэгдсэн дараах хоёр мэдээллийг хүргэж байна.

Гар аргаар бүтээсэн цахилгаан машин
Японы Сага муж, Аги хотын иргэн, автомашин худалдааны компаны засварчин 39 настай Наказава гар аргаар цахилгаан машин бүтээсэн байна. Тэрээр 1991 онд үйлдвэрлэгдсэн шатахуунт хөдөлгүүрт бага оврын суудлын хуучин тэргээ цахилгаан машин болгон өөрчилжээ. Наказава 2008 оны 11 сараас эхлэн сэлбэг цуглуулж эхэлсэн бөгөөд машинаа өөрчлөхөд жил гаруй хугацаа зарцуулсан байна. Батерей болон түүнтэй холбогдох эд ангиудыг олж угсрахад хамгийн хүндрэлтэй байсан бөгөөд бүх эд ангиудыг өөрөө худалдан авч цахилгаан машинд нийцүүлэн угсарчээ. Цэнэглэх хэсгийг мөн өөрийн гараар бүтээж гэр ахуйн цахилгаан сүлжээнээс цэнэглэх боломжтой болгосон байна. Түүний өөрчилсөн цахилгаан машин автомашины үзлэгт ямар нэгэн саадгүй тэнцэж одоо өдөр тутам унаж ашиглаж байна гэнэ.



1 сая иен зарцуулан гар аргаар цахилгаан машин бүтээж болно
Японы Хирошима муж, Ономичи хотын ШТС-ын ажилчин Такаги 20 мянган иенээр худалдан авсан шатахуунт хөдөлгүүрт хуучин машиныг цахилгаан машин болгосон байна. Тэрээр өнгөрсөн оны 11 сард цахилгаан машинд зориулагдсан эд ангиуд Нийгата мужийн нэгэн компанид худалдаалагдаж байгааг дуулаад өөрийн гараар цахилгаан машин бүтээхээр шийджээ. Үндсэн эд ангиуд нь бага оврын суудлын тэргэнд зориулагдсан бөгөөд тухайн үед 850 мянган иений үнэтэй байсан байна. Такаги хуучин машиныхаа шатахуунт хөдөлгүүр, радиатор, яндан зэргийг салгаж оронд нь шинээр худалдан авсан 6кв-ийн цахилгаан хөдөлгүүр, хурд тохируулагч, 12 в-ийн 8 ш батерей, цэнэглэгч зэрэг үндсэн эд ангиудыг угсарсан байна. Түүнийг машинаа хувиргахад засварчны мэргэжил эзэмшсэн нь тус болсон бөгөөд ажлынхаа зав зайгаар оролдож 1 сарын дотор дуусгасан байна.

Такаги; "Үнэнийг хэлэхэд тийм ч их хүндрэлтэй зүйл байгаагүй гэж хэлж болно. Угсралтын зураг төсөл огт байхгүй учир хаана яаж байрлуулж, хэрхэн угсрахаа бүгдийг өөрөө бодож олсон. Зарим тохиолдолд техникийн мэдлэг бага зэрэг шаардагдсан" хэмээн сурвалжлагчид ярьжээ. Дээрх үндсэн эд ангиудаас бусад шаардлагатай зүйлсийг орон нутгийн гэр ахуйн барааны дэлгүүрээс худалдаж авсан байна. Түүний цахилгаан машин гэр ахуйн цахилгаан сүлжээнээс 10 цагийн хугацаанд бүрэн цэнэглэгдэж 50 км/ц орчим хурдтайгаар 40 км зайг туулах чадалтай болжээ. Машин унах үеийн зардал шатахуунтай харьцуулахад 10 дахин багассан бөгөөд, батерэйг удаан хэрэглэх үүднээс айркон зэргийг ашигладаггүй боловч ойр зуур дэлгүүр явах зэрэгт тохиромжтой, эко унаатай болсон байна. Мөн автомашины үзлэгт ямар нэгэн асуудалгүй тэнцжээ. Машинаа цахилгаан болгон өөрчлөхөд нийтдээ 1 сая иений зардал гаргасан байна.



Эдгээр мэдээг дуулсны эцэст манай монгол инженерүүдийн мэдлэг боловсрол, ур чадвар японы жирийн нэг засварчдаас дутна гэж та бодож байна уу? Дашрамд дурдахад бодит амьдралд иймэрхүү жишээ олон байгаа бөгөөд автомашин болон техник сонирхогч таньд үзээд алдах сэтгэл төрж байж магадгүй, надад ч мөн адил...

ганцхан сэтгэгдэл:

энэ мэдээг анх удаа л харж байна.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх