Товчлуурын даралтаар хэн болохыг чинь танина

Японы NTT communication компани компьютерээр бичих үед гарны товчлуур даралтын онцлогийг үндэслэн тухайн хүн мөн эсэхийг тодорхойлох програм хангамж бүтээсэн байна. Уг програм нь бусдын нэвтрэх эрхийг хууль бусаар ашиглан сүлжээнд холбогдож байгаа эсэхийг тодорхойлох ач холбогдолтой учир зайн сургалт зэрэг онлайн үйлчилгээнд ашиглах боломжтой бөгөөд энэ жилээс эхлэн хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Keystroke dynamics хэмээгдэх энэ арга нь хурууны хээ, нүдний солонгон бүрхэвчийн зураг авахтай адил хэн нэгэн хүнийг бусдаас ялган таних технологийн нэг төрөл бөгөөд хуруу компьютерийн товчнуудад хүрэхээс авхуулаад хөндийрэх, дараагийн товч дарах хүртэлх хугацаа болон давтамж зэрэг нь хүн бүрт өөр өөр байдаг онцлогод тулгуурлажээ.

Урьдчилан 1000 орчим үсэг бүхий текст бичүүлж авах тохиолдолд түүнээс үндэслэн тухайн хүний товчлуур даралтын онцлог зуршилыг тодорхойлох боломжтой болох бөгөөд дараагийн удаад 150 үсэг бүхий бичилт хийх бүрт тухайн хүний бичилтийн онцлогийн тохиромжийг шалгадаг байна. Үүний тулд тухайн хүний товчлуур даралтын мэдээллийг сүлжээгээр дамжуулан шалгагч серверт онлайнаар хүргэх шаардлагатай. Туршилтаар энэхүү аргын таних магадлал бараг 100 % гэдэг нь батлагдсан байна. Хэн нэгэн хүнийг компьютер хэрэглэх явцад нь тасралтгүйгээр үргэлжлүүлэн шалгах боломжтой учир бусдын нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар ашиглан сүлжээнд нэвтэрсэн ч богино хугацаанд илрүүлэх боломжтой юм. Энэ програмыг их сургуулиудын зайн сургалтын шалгалтын үед бусдын өмнөөс шалгалтад орж байгаа эсэх, мөн бэлэн материал хуулж байгаа (copy paste) эсэхийг илрүүлэхээс гадна гэрээр ажилладаг хүмүүсийг хянахад ашиглах боломжтой ажээ. Мөн нэмэлт тусгай төхөөрөмжүүд шаардлагагүй, програмыг суулгах төдийд ашиглах боломжтой болох учир хувийн карт болон хурууны хээ шалгах аргуудаас илүү хямд өртөгтэй юм.

Дашрамд хэлэхэд манай онлайн ертөнцөд санаатай болон санамсаргүйгээр элдэв зорилго бүхий мэдээлэл тараах тохиолдол цөөнгүй гардаг билээ. Наад захын жишээ гэвэл улс төрчид зэрэг хувь хүмүүс болон ямар нэгэн компани, байгууллагын нэр хүндийн эсрэг, зарим тохиолдолд хууль бус үйлдэлд уриалан дуудсан бичлэгүүд сэтгэгдэл хэлбэрээр олонтоо нийтлэгддэг. Иймэрхүү үйлдлүүдэд тухайн этгээдийг IP хаягаар хөөж олох боломжтой боловч интернет кафе зэрэг өөр өөр компьютер ашиглах тохиолдолд илрүүлэхэд хүндрэлтэй. Харин энэ шинэ аргыг ашигласнаар гэмт этгээдийг илрүүлэх магадлал эрс нэмэгдэж болох юм. Техник, технологи хөгжихийн хэрээр түүнийг дагасан эерэг сөрөг үр дагавууд олон гарах болж онлайн ертөнцөөс нуугдахад улам хэцүү болж байгаагийн нэг жишээ энэ юм.


эх сурвалж; yomiuri

,

3 сэтгэгдэл:

New idea... сайхан шийдэл байна

хариулах...

нэг төрлийн keylogger л юмаадаа. тэгэхээр бас эрсдэлтэй л юм байна

Cаарал хариулав... 6/11/12, 2:20 AM

Үнэн! Харьцуулалт хийх зорилгоор урьдчилан бэлтгэсэн мэдээллийн үндсэн баазад нь нэвтэрвэл ямар ч нууц үгийг тайлж чадна. Тэгэхээр харьцуулалт хийдэггүй, огт өөр шинэ төрлийн шинэ аргачлал нээх хэрэгтэй юм.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх