Space Shuttle - 30 жилийн түүх (төгсгөл хэсэг)

1986 оны 1 сарын 28, Шатлл (эхний хэсгийг энд дарж уншина уу) - Челленжер  хөлөг 25 дахь удаагийн нислэгтээ бэлтгэж байв. Энэ жил НАСА-гийн хувьд хамгийн завгүй жил болох төлөвтэй байлаа. Тухайн үед Шатлл хөтөлбөр маш их амжилттайд тооцогдож, нислэгийн тоог ихээхэн нэмэгдүүлэн, хөлгийн гүйцэтгэх үүргийг өргөтгөхөөр төлөвлөж байв. Челленжерийн нислэгийн өмнөх орой агаарын температур хасах хэмд хүртэл доошилж, нислэгийн тавцан орчимд том том мөсөн унжлагууд тогтсон байв. Мөс дулаан тусгаарлагчийг гэмтээх аюултай.

Иймд мэргэжилтнүүдийн дунд дулаан тусгаарлагч материалын аюулгүй байдалд эргэлзсэн саналууд ч гарч байв. Мөн нислэгийг хойшлуулах, эсвэл аюулгүй байдлыг шалгаж баталгаажуулах талаархи утасны дуудлага төслийн удирдагчаас нислэгийг удирдах төвд ирсэн байна. НАСА-гийхан ч тэр дор нь хөлөг болон хөөргөх төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгаж аюулгүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Нисгэгчдийн дунд анх удаа энгийн иргэн оролцож байгаагаараа Шаттлын энэ удаагийн нислэг онцгойд тооцогдож байлаа. Хүүхдүүдийн сонирхлыг шинжлэх ухаан, технологид татах үүднээс Цагаан ордны санаачилсан төлөвлөгөөний дагуу дунд сургуулийн 11 мянган багш нараас 2 хүүхдийн эх, 37 настай Криста Маколив шалгарч нислэгт оролцохоор болжээ.

Нислэгийн өглөө сансарын 7 нисгэгчийг нислэгийн тавцанд хүрч очих үед ч агаарын температур 0 хэмээс яльгүй өндөр байв. 11 цаг 29 минутад хөлөг төлөвлөсний дагуу амжилттай хөөрч хөдөлгүүрийн ашиглалт 65%-д хүрсэн байна. Нислэгийн удирдагчаас хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ердийн үүрэг нисгэгчдэд өгөгдөв. Харин Челленжерээс "ойлголоо" хэмээх хариу өгөгдсөний дараахан дэлбэрэлт болж, удирдлагын төвийн дэлгэц дээрх мэдээллүүд алга болжээ.

Телевизээр нэвтрүүлж байсан нислэгийн ажиллагааны шууд дамжуулалтын дундуур хөлөг дэлбэрч далайд унасан тухай нислэгийг удирдах төвийн мэдээлэл хийгдэв. Энэ цаг үеийг хүртэл америк хүн сансарт нас барсан тохиолдол гарч байгаагүй учир сансарын нислэгийн аюул ослын талаар хэн ч төсөөлж байгаагүй юм. Ослын дараа Шатллийн бүх нислэгийг цуцалж, түүхэнд байгаагүй чанд хатуу, нарийвчилсан шалгалтыг эхлүүлэв.

4 сарын турш үргэлжилсэн шинжилгээний эцэст сансарын 7 нисгэгч, 2 тэрбум долларын өртөг бүхий Челленжер хөлгийг золиослосон ослын шалтгааныг пуужинт хөөргөгчийн резинэн жийрэгт байсныг тогтоожээ. Хатуу түлш агуулах пуужингийн их бие цилиндр хэлбэрийн 5 хэсгээс бүрдэнэ. Тэдгээрийг хооронд нь холбосон залгаасны хэсэгт пуужингийн битүүмжийг хадгалах үүрэгтэй хос резинэн жийргийг байрлуулжээ.

Хөлөг хөөрч, пуужинд гал авалцах үед түүний голоор галын дөл цойлно. Энэ үед дэлбэрэлтийн хүчтэй тэнцэх хэмжээний хүч пуужингийн их биеийг гадагш тэлэх чиглэлд үйлчлэнэ. Харин агаарын хасах хэмд резинэн жийрэг хатуурч, уян хатан байдлаа алдсанаас пуужингийн битүүмжлэл хангагдсангүй. Жийрэгний зай завсараар галын дөл гадагш алдагдаж, дэлбэрэлтэд хүргэжээ.

Резинэн жийрэгтэй холбоотой адил төрлийн хүндрэл өмнө нь ч бас гарч байсан нь шалгалтын явцад тодорхой болов. Мөн ноцтой гэмээр дутагдлууд ч илэрчээ. Нислэгийн өмнөх орой пуужинг үйлдвэрлэгч компаниас агаарын хэм хэт бага байгааг анхааруулж нислэгийг хойшлуулах хүсэлт ирсэн байна. Эцэст нь тэд НАСА-гийн шахалтад орж нислэгийг төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэх талаар санал нэгдсэн байна.

Шалгалтын явцад НАСА-гийн шийдвэр гаргах түвшинд удирдлагын асар их алдаа, дутагдал байгааг ч илрүүлжээ. Ослоос хойш 2 жилийн хугацаанд 1.4 тэрбум доллар зарцуулж, хөлгийн 200 хэсэгт сайжруулалтын ажил хийгдэв. Аюулгүй байдлыг хангаж, дараагийн нислэгийг аль болох хурдан эхлүүлэхгүй бол Шатлл хөтөлбөр цаашид оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй болно.

1988 онд Шатлл хөлөг нислэгийн тавцанд дахин ирэв. Бүх хүний анхаарал сансарын нисгэгчдэд ханджээ. Өмнөх нислэгийн бүх нисгэгчид амь үрэгдсэн учир энэ удаад хэн зориглож нисэх нь нислэгээс илүүтэйгээр хүмүүсийн сонирхолыг татаж байв. Харин энэ удаагийн нислэг ямар ч асуудалгүй, амжилттай болов. Гэвч дараагийн төлөвлөгөөт нислэгүүд хийгдэх тусам хөлгийг шинэ нислэгт бага зардлаар бэлдэнэ гэсэн мөрөөдөл бага багаар нуран унасаар байсан юм.

Сансарт бизнесийн зорилго бүхий ачааг хүргэхэд Шатлл бус, уламжлалт пуужин ашиглах явдал нэмэгдэж, Шатллд шинэ зорилго олох шаардлага гарч ирэв. Тэрээр олон төрлийн үүрэг гүйцэтгэж, өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулахад ашиглагдаж байсан боловч түүний үүрэг 10 жил тутамд өөрчлөгдсөөр иржээ. 1980-аад оны үед тээврийн хэрэгсэл байв. Харин 1990-ээд оны үеэс шинжлэх ухааны туршилт, судалгаанд чухал үүрэг гүйцэтгэх болов.

Эрдэмтэд орчлон ертөнц хэзээ үүсч, хэрхэн бүрэлдсэн тогтсон нууцыг тайлахын тулд аварга телескопийг сансарт байрлуулах талаар 1940-өөд оны үеэс мөрөөдөж эхэлжээ. Тэрхүү мөрөөдлийг биелүүлэх түүхэн үүрэг 1990 онд Шатллд оногдов. Эрдэмтдийн мөрөөдлийн биелэл болох сансарын Хабл дуран хэдэн тэрбум жилийн туршид сансарт аялсаар ирсэн маш бага хэмжээний гэрлийг ч мэдрэх чадвартай байх болно.

Сансарт аварга телескоп байрлуулбал өдийг хүртэл боловсруулагдаж ирсэн олон онолыг нотлож, эсвэл эсрэгээр нь няцааж, сансар огторгуйн талаархи бидний ойлголт өргөжих болно. Гэвч бодит байдалд тулгарсан томоохон асуудал нь Хаблийг байрлуулах тойрог замын хамгийн тохиромжтой өндөр, тухайн үед Шатллийн хэзээ ч хүрч байгаагүй буюу 600 км байсан явдал байв. Шинэ хөлөг тус тусдаа түлшний систем бүхий хос хөдөлгүүрийг агуулж байсан ч эрсдэл өндөр байв.

Өөрөөр хэлбэл 600 км өндөрт ямар нэгэн асуудал гарвал зөвхөн нэг хөдөлгүүрээр буцаж ирнэ гэдэг хэтэрхий эрсдэлтэй юм. Энэ төвөгтэй даалгаврыг Дисковери хөлөг гүйцэтгэх болов. Сансарын нисгэгчид Хаблыг тойрог замд амжилттай байрлуулж, түүний авсан анхны зургуудыг дэлхий хүлээж авчээ. Гэвч тэдгээр зургууд фокусгүй байв. Хаблыг хөөргөж, байрлуулах үйл ажиллагаа маш амжилттай болсон боловч түүнийг ажиллуулж шалгах үед томоохон согог байгааг илрүүлжээ.

Хабл дуран хос толины тусламжтайгаар гэрлийг ойлгож, фокусын цэгт төвлөрүүлэн хүлээж авах зарчимаар ажиллана. Харин үйлдвэрлэгч нар анхдагч толийг зүлгэж, өнгөлөх үед маш бага хэмжээний зөрүү гаргаж орхижээ. Толины гадаргын налуу үсний ширхэгийг 50 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээгээр байх ёстой хэмжээнээс зөрсөн учир гэрэл фокусын бүрэн цэгт хүрэхгүй байв.

Харин 2.4 м диаметртэй анхдагч толь дурангийн их биеийн гүнд байрлах учир сансарын орчинд түүнийг хөдөлгөж, тэгшлэх байтугай гар хүрэх ч боломжгүй байв. Иймд эрдэмтэд гэрлийн хугарлын өнцөгийн зөрөөг засварлаж фокусын цэгт зөв хүргэх, нэмэлт толины төхөөрөмжийг анхдагч толины өмнө байрлуулахаар шийдвэрлэжээ. Гэвч энэ нь сансарын нисгэгчдийн хувьд өмнө нь нэг ч удаа гүйцэтгэж байгаагүй нарийн төвөгтэй даалгавар юм. Нэмэлт төхөөрөмжийн суурилуулалтаас гадна нарны панель, тэнцвэрийн гироскоп мэдрэгч, тоормозлох төхөөрөмж, электрон удирдлагын хайрцагийг тус тус солих зэрэг жижиг ажлууд цөөнгүй байв.

Сансарын нисгэгчид жингүйдлийг зохиомлоор бий болгох усан бассейнд өдөр бүр 16 цагийн дасгал сургуулилтыг 11 сарын турш гүйцэтгэсний дараа 1993 оны 12 сард даалгаврыг гүйцэтгэх ажилдаа оржээ. Шатлл хөлөг Хабл дуранд хүрэхэд 3 хоног зарцуулав. Хөлгийг тохиромжтой байрлалд шилжингүүт робот гарыг зайнаас удирдаж Хабл дуранг барьж авах шаардлагатай. Эрсдэл өндөртэй энэхүү ажлыг 5 удаа давтан хийх шаардлагатай бөгөөд энэ нь нисгэгчдийн хувьд анх удаагийн төвөгтэй үйлдэл юм.

Нэмэлт толин төхөөрөмжийг суурилуулах ажил харьцангуй хялбархан бүтэж төлөвлөсний дагуу хийгдэв. Харин дурангийн их биеийн гүнд байрлах 4 гироскопийг солих ажил төвөгтэй байв. Сансарын нэг нисгэгч дурангийн дотор жингүйдлийн нөхцөлд биеээ аль болох тогтвортой байлгаж, гироскопыг солих үед өөр нэгэн нисгэгч хөлнөөс нь барьж тогтоож байжээ. Дараа нь ажлаа дуусгаад дурангийн бүрхүүлийг хаах гэтэл бүрэн хаагдсангүй.

Хабл дурангийн битүүмж алдагдсан тохиолдолд нарийн төвөгтэй, мэдрэмтгий төхөөрөмжүүд сансарын хэт хүйтэнд эвдэрч ажиллагаагүй болно. Улмаар 1 тэрбум доллараар бүтээсэн Хабл сансарын хог болж хувирахыг ч үгүйсгэх аргагүй. Эцэст нь сансарын нисгэгчид зөв шийдлийг олж айл нүүлгэдэг компаниуд ачааг автомашины бүхээгт бэхэлдэгтэй төстэй төхөөрөмжөөр дурангийн бүрхүүлийг хөдөлгөөнгүй бэхэлж чадсан байна. Нисгэгчид сансарт 10 хоног ажилласны эцэст даалгаврыг бүрэн гүйцэтгэж дууссан тухай илтгэв.

Засварлагдсан Хабл дуран хар нүх, Ангарагийн элсэн шуургын зургуудийг илгээв. Мөн одод үүсэн бий болох, дэлбэрэн устаж буй мөчүүдийг бидэнд харуулж, орчлон ертөнцийн тэлэлтийн хурдыг хэмжихэд ч бас ашиглагдах болов. Түүнээс хойш Хабл дуран 20 жилийн турш дэлхийг тойрон эргэлдэж, одон орны олон шинэ нээлт хийгдэж, орчлон ертөнцийг танин мэдэхэд голлох үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс гадна Хабл дуран Шатлл хөлгийн шинэ боломжийг нээн харуулсан юм.

1993 онд АНУ-ын парламент хүн ажиллаж, амьдрах байнгын станцыг сансарт байгуулах зорилгоор хэдэн тэрбум долларын өртөг бүхий төсвийг батлав. Олон улсын сансарын станц нь түүхэнд байгаагүй олон улсын хамгийн аварга төсөл бөгөөд өртөг зардал, цар хэмжээ, оролцох хүний тооны хувьд ч хамгийн том нь байв. Хэрэв Шатлл хөлөг байгаагүй бол үүнийг хэрэгжүүлэх боломжгүй юм. 1990-ээд оны эхээр хүйтэн дайн дуусч, дэлхийн улс төрийн байдалд ч эерэг өөрчлөлтүүд гарах болов.

Сансарт өрсөлдсөөр ирсэн америкчууд болон хуучин зөвлөлтийн хооронд хамтын ажиллагааны эхлэл тавигдаж, өмнө нь дайсагнаж байсан улсын сансарын нисгэгчид хамтран ажиллах болов. Сансарын нисгэгчид түүхэнд хамгийн томд тооцогдох байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээв. Тэд 13 жилийн турш 30 гаруй удаагийн даалгавар гүйцэтгэж, сансарын станцыг бага багаар угсарсан юм.

ОУСС аль хэдийн арван хэдэн жилийн турш ашиглагдан, хүмүүс тасралтгүй байрлаж, ажилласаар байна. Энэ хугацаанд Шатлл хөлөг 15 орны эрдэмтэд, инженерүүдийг ОУСС-д хүргэж, тэдний тусламжтайгаар жингүйдлийн нөхцөлд олон төрлийн судалгаа хийгдэж, олон шинэ технологи төрөн гарсаар иржээ. 21-р зууны эхээр Шатлл хөтөлбөр дэлхий дээрх хамгийн амжилттай сансарын төсөл хэмээх итгэлийг хүмүүст төрүүлэх болов.

2003 оны 2 сарын 1, Шатлл-Колумбиа хөлгийн нисгэгчид сансарт ердийн байдлаар даалгавраа гүйцэтгэж байв. Колумбиа нь 20 жилийн өмнө анх сансарт нисгэсгэн Шатллын хамгийн хуучин загвар бөгөөд 28 дах удаагийн нислэгээ хийж байгаа нь энэ юм. 7 нисгэгчийн 4 нь анх удаагаа сансарт нисч байна. Тэд шинжлэх ухааны туршилтууд хийж, видео бичлэгүүдийг дэлхий рүү илгээж байв.

16 хоногийн нислэг дуусч хөлөг дэлхийд буцах цаг болоход бүхээг дэх төхөөрөмжүүдийн заалт бүх зүйл хэвийн гэдгийг илтгэж байв. Колумбиа хөлөг дэлхийн агаар мандалд орсоноос хойш 10 минутын дараа температурын 4 мэдрэгч ажиллагаагүй болсон талаархи мэдээлэл нислэгийг удирдах төвийн дэлгэц дээр гарчээ. Хөлөг газардах үед иймэрхүү нөхцөл байдал үүсэх нь тийм ч их ер бусийн зүйл биш юм. Бусад мэдрэгчүүдийн заалт ч бүгд хэвийн байв.

Хэдэн минутын дараа дахин өөр мэдрэгчүүдэд асуудал үүсч, удалгүй хөлгөөс ирэх холбоо тасарчээ. Нислэгийг удирдах төвөөс Колумбиа хөлгийг дахин давтан дуудсаар байсан боловч хариу ирсэнгүй. Дахин хэдэн минутын дараа сонирхогчийн камераар хийсэн бичлэг Далласын телевизийн сувгаар нэвтрүүлэгдэв. Тэр нь Колумбиа хөлөг орж ирэх ёстой тэнгэрийн хэсэгт олон жижиг гэрлийн бөөгнөрлүүд нисч байгааг харуулсан дүрслэл байв.

"Бид Колумбиаг алдлаа, нэг ч хүн амьд үлдсэнгүй" хэмээсэн ерөнхийлөгч Бушийн гашуудлын үгс телевиз, радиогоор цацагдав. Челленжер хөлгийн ослоос хойш 17 жилийн дараан Шатлл дахин осолд өртөв. Маш олон хүн сансарын нислэгийг ажиглах байгууламжид цугларч нисгэгчидтэй салах ёс гүйцэтгэж байжээ. НАСА ослын шалтгааныг тодруулахаар дахин нарийвчилсан шалгалт, судалгааг эхлүүлэв. Луйзана, Арканзас, Тексас мужуудийн нутгаар тархсан 12 мянгаар тоологдох хөлгийн үлдэгдэл хэсгүүдийг цуглуулж авав.

Судалгааны баг эд ангийн шинжилгээнээс гадна нислэгийн үеийн видео бичлэгүүдэд ч шинжилгээ хийв. Хөөрөх үеийн бичлэгийн чанар тийм ч сайн байгаагүй ч пуужингийн дулгаалгын ялтас хууран унаж, хөлгийн их биетэй мөргөлдөж байгаа нь бичигдэн үлджээ. Дараа нь аюулгүй байдлыг хангах газар болон цэргийн байгууллагаас илүү тод бичлэгийг хүлээн авав. Судалгааны багийн ахлагч осолд нөлөөлсөн байж болох хүчин зүйл нь дулаалгын хөөсөнцөр гэж үзсэн боловч НАСА-гийн удирдлага үүнд онц ач холбогдол өгсөнгүй.

Хөлөг 20 км өндөрт гарах үед цагт 3000 км хурдална. Энэ нөхцөлийг тооцож, ослыг мөрдөн шалгах баг Энтерпрайз хөлгийн тусламжтайгаар дулаалгын хөөсөнцөрийг хөлгийн баруун далавчинд мөргөлдүүлэх туршилтыг хийв. Туршилтаар 1 кг хүрэхгүй жинтэй хөөсөнцөр хөлгийн гадаргад 30 см хэмжээтэй нүх үүсгэжээ. Колумбиа хөлгийн хувь тавилан түүнийг хөөрсөний дараах 83 дэх секундэд нэгэнт шийдэгдсэн байжээ.

Сансарын нисгэгчид сансарт 16 хоногийг өнгөрүүлэхдээ хөлгийн далавчинд нүх үүссэн байгааг огтоос мэдээгүй байсан юм. Шинжилгээний баг 7 сарын дараа эцсийн дүгнэлтээ танилцуулав. Хөөсөнцөр ховхорч мөргөлдсөнийг хөлөг хөөрсөнөөс хойш 22 цагийн дараа инженерүүд бичлэгээс мөн адил олж мэдсэн байжээ. Тухайн үед энэ талаар мэдээлэгдсэн боловч НАСА-гийн удирдлага ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр үл тоож өнгөрүүлсэн байв.

Колумбиа хөлгийн осол Шатллийн нислэг аюул осолтой бөгөөд түүнийг урьдчилан тооцоолох боломжгүй гэдгийг дахин харуулав. Иймд ОУСС-ын бүтээн байгуулалт дуусах мөчид Шатлл хөлгийг ашиглалтаас гаргах тухай шийдвэрийг ерөнхийлөгч Буш 2004 онд гаргав. Онолын хувьд сансарын 100 нислэг тутамд 1 удаа хүний амь эрсэдсэн осол гарах магадлалтай гэгддэг бол Шатллийн хувьд 2 удаа осол гарсан нь яавч аюулгүй гэсэн үзүүлэлт биш юм.

2011 оны 7 сарын 21, Шатлл - Атлантис хөлөг Флорида муж дах Кеннедийн нэрэмжит сансарын нислэгийн төвд амжилттай газардсанаар түүний 30 жилийн түүх дуусгавар болсон юм. Шатлл хөлгийн нийт 135 удаагийн нислэгийн зардлыг өнөөгийн ханшаар тооцвол 209 тэрбум долларт хүрчээ. Олон дахин ашигласнаар өртөгийг багасгана гэдэг эндүүрэл байв. Нислэгийн дараа хэдэн арван мянган төхөөрөмж, системийн шалгалт туршилт хийх шаардлагатай. Гэхдээ энэ нь тооцоолж байснаас давсан ажил байв.

Шатллийн үүргийг илүү хямд өртөг бүхий дараагийн сансарын хөлөгт шилжүүлэх болно. Гэвч олон олон анхдагчийн эзэн болсон Шатлл хөлөг дараа дараагийн үеийнхний сансарын итгэл найдварыг хурцалж, мөрөөдөлд хүрэх замыг нь нээж байна. Атлантис хөлөг Флорида дах Кеннедийн сансарын нислэгийн төвд, Эндовер хөлөг Лос-Анжелес дахь Калифорнийн шинжлэх ухааны төвд, Дисковери хөлөг Вашингтоны Сансарын нислэгийн музейд тус тус тавигдаад байна.

Өнөөдрийг хүртэл сансарт ниссэн 5 хүн тутмын 4 нь буюу нийт 355 нисгэгч Шатллийг хөлөглөжээ. Түүний тусламжтайгаар хийсэн олон туршилт, судалгаа түүхэнд томоохон ул мөрүүдийг үлдээсэн. Шатлл хөлгөөр хөөргөсөн сансарын станц Юлисийз нарны хойд, өмнөд туйлуудыг анх удаа ажигласан. Сугар гаригийг судлагч Магеллан, Бархасвадийг шинжлэгч Галилей станцуудыг ч мөн адил Шатлл хөөргөсөн.

Түүний тусламжтайгаар бүтээсэн хамгийн том ажил нь сансарын Хабл дуран, ОУСС байв. Шатлл дэлхийг 21152 удаа тойрч, нийт 872 сая км зайг туулжээ. Энэ нь дэлхийгээс Бархасбадь гаригт хүрэх зайтай тэнцэнэ. Одоо НАСА дэлхийгээс илүү хол зайд нислэг хийхийг зорьж байна. Шатлл сансар судлалын ирээдүйн түүхэн хөгжлийн өнгийг тодорхойлсон юм. Тэр нь сансарт хүн удаан хугацаагаар ажиллаж, амьдрах боломж юм.


эх сурвалж, Space shuttle: final countdown болон NHK

,

7 сэтгэгдэл:

агуу гэхээс өөр юу гэхэвдээ баярлалаа

хариулах...

сайн уу, artgaa1@yahoo.com руу холбогдооч хө.

хариулах...

Mash ih Bayarlalaa

хариулах...

hoosontsor geed yugaa bicheed bna aa shuttlr holgiin gadna burhuul ni dulaan tesvertei ceramic buyu shavar shaazan havtantguud baigaa l daa hoosontsoroor sansariin holog hiideggui l baihgui yu daa

Cаарал хариулав... 9/4/12, 6:45 PM

Сансарын хөлгийн гадна бүрхүүлийг юугаар хийсэн тухай эхний хэсэг дээр тодорхой бичсэн байгаа. Хөөсөнцөрийн тухай төгсгөл хэсэг дээр тодорхой бичсэн байгаа. Сайтар анхаарч байгаад аль алиныг нь дахиад нэг удаа уншаад үзвэл учрыг нь ойлгох болно.

Cаарал хариулав... 9/9/12, 8:30 PM

Хөлөг хөөрөх үед 3 хэсгээс бүрдэж байгааг зургаас харж болно. Голд байгаа харьцангуй том хэмжээтэй зүйл нь түлшний гадаад сав юм. Түүний дулаалгыг хийсэн хөөсөнцөрөөс хэсэг нь тасран унаж хөлгийн далавчийг мөргөхдөө нүх үүсгэсэн юм. Нийтлэлд хөөсөнцөр "пуужингаас" унасан мэтээр бичсэн нь алдаатай болсон байна. Хөөсөнцөр пуужингаас бус "түлшний гадаад сав"-наас унасан. Хатуу түлш агуулах 2 пуужин түлшний гадаад савны 2 талд байрладаг.

хариулах...

Агуу агуу Америкчууд ийм л агуу хүмүүс дээ монголчуудаа...

хариулах...

Сэтгэгдэл үлдээх