Монголчууд Японд довтолсон нь (төгсгөл хэсэг)

Рюкю их сургуулийн профессор, археологич Икэда Ёшифүми бол монголчуудын довтолгоо (өмнөх хэсгийг энд дарж уншина уу)-ны ул мөрийг хайж, далайн усанд 20 жилийн турш шумбаж байгаа хүн юм. Монголын их гүрний 4400 усан онгоцны ихэнх нь Имари булангийн хойд хэсэгт живсэн хэмээн таамаглагдаж байна. Далайн ёроолын элс шаварт дарагдсан усан онгоцны үлдэглдийг илрүүлэхэд туйлын хүндрэлтэй байдаг. Тухайн үеийн малтлага зориулалтын хоолойгоор элс шаврыг соруулах аргад тулгуурлаж байсан бөгөөд малтлагын явцад их хэмжээний шавар усанд тархаж үзэгдэж орчинг хязгаарладаг, үр ашиг муутай, их хэмжээний газрыг шалгах боломжгүй байжээ.

Харин Ёшифүми далайн ёроолын газрын давхаргыг судлах газар хөдлөлтийн судалгааны төхөөрөмжийг 7 жилийн өмнөөс ашиглаж эхэлсэн байна. Төхөөрөмжийн илгээсэн долгион газрын давхаргуудад хүрч эргэн ирэхдээ давхаргын нягтын ялгааг тодорхойлох замаар элс шавар дор булагдсан олдворуудыг илрүүлэх боломж олгож байв. Судалгааны баг Имари булангийн хэсгүүдэд 50 м зайтай самналтыг 5 жилийн хугацаанд хийсний үр дүнд олдвор байж болох цэгүүдийг нийт 142 байрлалд илрүүлсэн байна. Төхөөрөмжийн долгионы нарийвчлалыг нэмэгдүүлэн дахин шалгаж, тэдгээрээс магадлал өндөртэй 11 цэгийг тодруулжээ. Үүнд ашиглагдах нэгэн чухал нөхцөл нь далайн ёроолын элсний зузаан юм. Элс шавар хуралдах хурдыг тооцоолж үзэхэд 730 жилийн хугацаанд 1м орчим зузаан бүхий хэмжээ гарч байв.



Улмаар далайн эргээс 200 м зайд, 23 м-ын гүн далайн ёроолын хэсгийг сонгосон байна. Далайн урсгал болон салхины тааламжтай нөхцөл бүрдсэн үед уг хэсэгт хийсэн малтлагаар 10x15 м газарт тархсан модны бөөгнөрлийг илрүүлжээ. Олдвор бараг бүтнээрээ хадгалагдсан усан онгоцны үлдэгдэл бөгөөд дэлхийн хэмжээнд ховор олдворт тооцогдоно. Мөн онгоцны ачааны үлдэгдэл ч олджээ. Үүнд Хубилайн цэргүүдийн хэрэглэж байсан тухайн үеийн хамгийн өндөр технологийн зэвсэг болох тэсрэх бөмбөг, хятадад хийгдсэн тоосго орно. Эрдэмтэдийн анхаарлыг хамгийн их татсан зүйл нь усан онгоцны ёроол хэсгийн урт мод байв. Өдийг хүртэл хадгалагдан үлдсэн цөөхөн баримтын нэг нь монголчуудын довтолгооныг дүрсэлсэн зураг юм. Түүнд дүрслэгдсэн усан онгоцны ёроол хавтгай хэлбэртэй, тухайн үеийн япон загварын жижиг хөлөгтэй төстэй байв. Ийм хөлгөөр тээвэрлэх боломжтой хүний тоо 10-аас хэтрэхгүй. Өөрөөр хэлбэл 44000 ийм хөлгөөр 140 мянган цэргийг зөөвөрлөх боломжгүй юм.

 

Монголын их гүрний үеийн довтолгооны хөлөг өмнө нь солонгос улсын нутаг дэвсгэрээс олдсон байдаг. Хөлгийн ёроолын дагуу байрлах урт мод нь давалгааны нөлөөллийг саармагжуулж, хөлгийн тогтворжилтыг хангах тул далайн аялал хийх боломжийг бүрдүүлдэг байна. Солонгост олдсон хөлгийн урт 34м бол ёроолын модны урт түүний хагастай тэнцэнэ. Судлаачид дээрх хөлөгт тулгуурлан усан шинэ олдворын дүр төрхийг сэргээсэн байна. 13,5 м урт бүхий ёроолын модны хэмжээгээр тооцоход хөлгийн урт дор хаяж 27м хүрэх бөгөөд 100-аас ч олон тооны хүн тээвэрлэх чадвартай байна.


Имари булангаас өмнө нь усан онгоцны чулуун хүндрүүлэгч бүхий зангууг олсон байна. Хүндрүүлэгч чулуунд химийн шинжилгээ хийж, насжилтыг тодорхойлох замаар хятадын Гуанжоу орчмоос олборлосон болохыг тодорхойлжээ. Гуанжоу нь торгоны замын нэг төгсгөл бөгөөд тухайн үеийн гадаад харилцааны чухал хот байв. Уг хотын орчмоос Монголын их гүрний цаг үед хамаарах усан онгоцыг олсон байна. Хөлгийн дотор хэсэгт хөндлөн чиглэлд хийсэн таславчууд нь хөлгийн хана цоорсон хэсгийг тусгаарлаж, хөлгийг живэхээс сэргийлэх, өөрөөр хэлбэл алс холын аялалд зориулагдсан хийц юм. Тухайн үед хятадад очсон Марко Поло европт ч байгаагүй технологийг хятадууд эзэмшдэг тухай гайхан бичиж үлдээсэн байдаг. Усан онгоцны их биеийг 2 давхар зузаар модоор хучиж, ус нэвтрэхээс хамгаалах шавардлага хийдэг байжээ. Имари булангийн олдвороос мөн адил хийц болон шавардлага илэрсэн байна.


1279 онд бүх хятадыг эзэлсэн Хубилай хоёрхон жилийн хугацаанд 4400 аварга усан онгоц бүхий флотыг хэрхэн бүрдүүлсэн нь сонирхол татдаг. Тухайн үеийн өрнө дорнын гүүр болсон Гуанжоуд исламын наймаачид голлон худалдаа наймаа эрхэлдэг байжээ. Тэдний дунд хамгийн өндөр нэр хүнд, нөлөө бүхий Чэн Шо Пугаар Хубилай өөрийн цэргийн нэгэн нэгжийг толгойлуулах болсон байна. Исламын наймаачдын тухайн үеийн өндөр технологийг ашиглан 600 усан онгоц бүтээх тухай Хубилайн зарлигийн бичиг хадгалагдан үлдсэн байдаг. Мөн өөрийн эрхшээлд байсан солонгосчуудад 900 усан онгоц бүтээх үүрэг өгсөн байна. Эзлэн авсан улс орны технологийг авч ашигласан монголын морьтон цэрэг дэлхийд томд тооцогдох далайн аварга арми болон хувирчээ.



Усан онгоцны үйлдвэрлэлийн түүхээр мэргэжсэн Киото их сургуулийн профессор Мацүки Сатору Имари булангийн олдвороос сонирхолтой дүгнэлт хийсэн байна. Ердийн усан онгоцны хийцэд ашиглагддаггүй, хөндлөн чиглэлд угсрагдсан богино хэмжээтэй моднууд хүн тээвэрлэх вандан байсан гэж тэр үзэж байна. Хүн зөвхөн хэвтээгээр байрлах боломжтой вандангуудыг байрлуулж аль болох олон тооны олзны цэргийг зөөвөрлөж байжээ. Монголын их гүрэнд эзлэгдсэн улсын цэргүүд дараа дараагийн тулалдаануудад ашиглагдаж байв. Энэ нь монгол цэргийн хорогдлыг эрс багасгаж, газар нутгаа үр ашигтайгаар тэлэх бодлого юм.


Тэсрэх бөмбөгний үлдэгдлүүд Имари булангийн хөлгийн үлдэгдлийн чухал олдворуудын нэг юм. Тэдгээрийн зарим нь тэсрээгүй, бүтнээрээ байсан бөгөөд ийм бүтэн олдвор өөр хаана ч байдаггүй ажээ. Бөмбөгний дотор химийн бодисуудын хамт төмөрлөгийн хэлтэрхийнүүд агуулагдаж байв. Өмнө нь ийм төрлийн тэсрэх бөмбөг зөвхөн дуу чимээ гаргаж цэрэг, морьдыг айлгах зорилготой гэгдэж байсан бол энэ шинэ олдвор илүү хөнөөх чадалтай гэдгийг харуулав. Японы тэсрэх, дэлбэрэх бодисийн судалгааны төвд дууриалган хийсэн бөмбөгийг дэлбэлж туршихад төрмийн хэлтэрхийнүүд 50 м радиус хүртэлх орон зайд шидэгдэж байв. Хөлгийн үлдэгдлийн хамт тоосго, вааран эдлэл их хэмжээгээр олджээ. Эдгээр нь эзэлсэн газар нутагт байшин барьж, захирагчдийг суулгахаар төлөвлөж байсныг илтгэнэ.


1281 оны 6 сард 900 усан онгоц бүхий эхний ээлжийн цэргүүд солонгосоос гарч Хаката буланд ирсэн байдаг. Япончууд далан байгуулах зэргээр идэвхтэй хамгаалсны үр дүнд монголын цэрэг 7 хоногийн турш тулалдсан ч эрэгт гарч чадалгүйгээр Ики арал руу буцсан байна. Дараа нь хятадаас гарсан 3500 усан онгоц бүхий цэргийн гол хүчтэй нэгдэн аймшигт довтолгоо эхлүүлжээ. Гэвч далайн хар шуурга эхэлж, монголчуудын довтолгоонд саад болсон байна. Тайфунаас зугтсан 4400 усан онгоц Имари буланд орж ирсэнээр камиказэгийн эрхшээлд автагдсан флотын ихэнх хэсэг энд төгсгөлөө угтсан хэмээх түүх биднийг хүртэл уламжлагдан ирсэн билээ.

Өмнөх малтлагаар олдсон усан онгоцны 4 зангууны үзүүр бүгд өмнө зүгт чиглэн далайн ёроолд байрлаж байв. Энэ нь хөлөг сүйрэхийн өмнө өмнөөс хойш чиглэсэн салхинд автаж байсныг илтгэнэ. Далайн энэ буланд өмнө зүгээс ирсэн салхи маш их хүчтэй байдгийг өнөөгийн загас агнуур эрхлэгчид ч нотлож байна. Ийм салхитай үед загас агнах боломжгүй учир тэд далайд гардаггүй ажээ. Газарзүйн байрлалаас хамааран Имари булангийн зүүн болон зүүн хойд чиглэлээс салхи ирэх боломжийг арлууд хаадаг. Харин өмнө хэсгээс голын хөндийг дагасан салхи хүчтэй салхилдаг байна. Газарзүйн энэ нөхцөл байдлыг тодорхой мэдэхгүй байсан явдал нь монголын флотыг сүйрэхэд хүргэжээ.
 

Гэвч өөр бусад шалтгаанууд ч усан онгоцуудыг живэхэд нөлөөлсөн байж болохыг эрдэмтэд хэлж байна. Түүхэн баримтад монголчууд усан онгоцоо хооронд нь холбож бэхэлсэн байсан тухай өгүүлдэг. Далайн ослын судалгаагаар мэргэшсэн Тамура Кэничи компьютерийн симуляци хийж үзсэн байна. Салхины хурд ихсэх үед усан онгоцууд дайвалзаж, тавцанд ус дүүрнэ. Улмаар живж буй усан онгоцууд холбоотой ойролцоох усан онгоцуудаа нэг нэгээр нь татан живүүлж байв.

Түүхч Ёккаичи Ясүхиро "засварласан" хэмээх ханз үсэг бүхий моднуудыг хөлгийн үлдэгдлээс илрүүлжээ. Исламын наймаачид Хубилайн зарлигт тушаасан хөлгийн дөнгөж дөрөвний нэгийг л шинээр бүтээж амжсан хэмээх түүхэн мэдээлэл байдаг. Тэд хөлгийн тоог гүйцээхийн тулд эрэг орчмын богино зайн тээврийн болон загасчлалын хөлгүүдийг засварласан байх магадлал өндөр. Далайн аялалд зориулагдаагүй ийм усан онгоцууд урт хугацааны аялын явцад хурдан элэгдэж, муудах учир далайн шуургыг тэсвэрлэх боломж эрс багасах нь ойлгомжтой юм.

эх сурвалж, NHK & inoues

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх