Ухаалаг утас, ухаалаг цаг зэрэг үүрэн төхөөрөмжийн технологийн дараачийн үеийг Google glass тодорхойлж байгаа боловч ийм төрлийн бүтээгдэхүүн нийтийн хэрэглээнд хараахан нэвтрээгүй байна. Гэхдээ Google ухаалаг нүдний шилний бета хувилбарыг хөгжүүлж байх явцад адил төрлийн төхөөрөмжүүд бүтээгдэж эхлэв. Нүдний шилэнд видео камер суурилуулж, гурван хэмжээст орон зайд голограм дүрслэлийг удирдах зэргээр бусад өрсөлдөгч компаниуд ухаалаг нүдний шилний хөгжүүлэлтэд хошуурцгааж байна.
Зарим компани Google-ийн дутагдалтай талыг ашиглахыг зорьж байна. Google glass-ыг харааны шил зүүдэг хүмүүс хэрэглэхэд тохиромжгүй. Тэгвэл Epiphany Eyewear хэмээх ухаалаг нүдний шил 32 Гб хүртэлх багтаамжтай, товчлуураар асч, унтрах HD камерыг агуулахаас гадна электрон хэсгийн тусламжтайгаар бараг бүх төрлийн хараанд тааруулан тохируулгыг өөрчлөх боломжтой юм. Мөн линзний өнгийг өөрчилж нарны шил болгон ашигласан ч болно. Одоогийн байдлаар урьдчилан захиалага өгч энэ нүдний шилийг худалдаж авах боломжтой бөгөөд 8 Гб багтаамжтай нь 299 доллараар үнэлэгдэж байна. Zeyez нь ердийн нүдний шил мэт харагдах боловч 8 Гб багтаамжтай, дуу, дүрс бичлэг хийж, Фэйсбүүкт шууд ачаалах, харааны шил болгон ашиглах боломжтой.
Зарим үйлдвэрлэгч нар ярих, бичих, хайлт хийх, интернетээр аялах зэрэг Google-ийн адил боломжуудыг хангалттайд тооцож байна. Vusix smart glasses болон GlassUp нь хэрэглэгч таны ухаалаг утсыг нүдний чинь өмнө авч ирнэ. Гэхдээ ердийн ухаалаг утсаа биедээ авч явах шаардлагатай. GlassUp нь спорт загварын болон ажилчдын хамгаалах нүдний шил мэт сэтгэгдэл төрүүлдэг бол Vusix’s нь чихэнд байрлуулах "хөх шүд" төхөөрөмжийг нүдний өмнө хүртэл сунгасан мэт харагдана. GlassUp нь зөвхөн уншигч төхөөрөмж бол Vusix’s нь ердийн ухаалаг утасны адил мэдрэгчүүдийн тусламжтайгаар хуруугаар товших, дуу хоолойгоор удирдах боломжтой. GlassUp ухаалаг нүдний шил 299 доллараар үнэлэгдэж байгаа бол Vusix’s-ийн үнэ өртөг одоогоор тодорхойгүй байна.
Тэгвэл Meta SpaceGlasses нь Google-ээс илүү боломжуудыг санал болгож байна. Энэ нүдний шил гурван хэмжээст голограм дүрслэлээр үүсгэсэн хийсвэр орчинд хэрэглэгчийг оруулж, гарын хөдөлгөөнөөр удирдах боломж олгоно. Мөн ойрын хугацаанд дуу хоолойны удирдлагыг нэгтгэж, ирэх 4 сараас худалдаанд гарах үед тоглоомын апликэшнүүдийг суулгахаар төлөвлөжээ. 667 доллараар үнэлэгдэх уг нүдний шилний эхний хувилбар голограм гар (keyboard)-ны апликэшнийг агуулах бололтой. Сурталчилгааны бичлэгт үзүүлсэнээр хэвлэх обьектийн өгөгдлийг бүтээж, 3D принтерт дамжуулах боломжоор хангагдах ажээ. Уг нүдний шилийг үйлдвэрлэлийн хэрэглээнд илүү тохиромжтой хэмээн шинжээчид дүгнэж байна.
Vusix мөн адил хийсвэр болон бодит ертөнцийг холбох технологийг агуулах боловч өөрийн гэсэн апликэшнгүй байгаа юм. Ухаалаг нүдний шил илүү өргөн боломжийг агуулах тусам овор хэмжээ нэмэгдэж, үзэмж муутай болдог нь хэрэглэгчдийн таашаалд тэр болгон нийцэхгүй байдалд хүргэдэг. Мөн ихэнх үйлдвэрлэгчид өөрийн гэсэн хит апликэшнгүй байгаа тул энэ чиглэлд анхаарлаа хандуулж байна. Иймд Google ойрын хугацаанд хэрэглэгчийн зах зээлд ноёлсон хэвээр байх бололтой. Нээлттэй эхийн андройд үйлдлийн систем нь олон тооны хөгжүүлэгчдийн дэмжлэгээр хит апликэшнүүдийг цөөнгүй төрөн гарахад голлон нөлөөлж байгаа билээ.
эх сурвалж, singularityhub Технологи, Электроник
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх