Замын түгжрэл, дулаан зогсоол, шатахууны үнэ, утааны татвараас авахуулаад жолооч нарт зовлон мунддаггүй. Зардал багатай хоёр дугуйт хөлөглөе гэхээр бороонд норж, хүйтэнд даарах нь хэцүү. Тэгвэл маневр сайтай, зогсоолын асуудалгүй, эдийн засгийн хэмнэлттэй, илүү найдвартай, цаг агаарын ямар ч нөxцөлд ашиглах боломжтой, таны шаардлагад нийцэх шинэ төрлийн тээврийн хэрэгслийг Тоёота компани бүтээж байна. i-ROAD хэмээх "гурван дугуйт" ердийн автомашинтай адил хэмжээний тогтворжилт болон аюулгүй байдлыг хангажээ
Мотоциклийн адил өргөн бүхий энэ шинэ тээврийн хэрэгсэл хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлоос ангижруулахад туслана. Мөн бүхээг, гэрэлтүүлэг, дулаацуулга, хөгжим, "хөх шүд"-ээр хүртэл тоноглогдож, тун тохилог орчинг бүрдүүлжээ. Хэдийгээр мотоциклтэй төстэй мэт харагдах боловч энэ гурван дугуйтын жолоодлого автомашинаас ялгарахгүй ажээ. Үүний нууц нь "идэвхтэй налалт" хэмээн нэрлэгдэх жолоочийн үйлдлийг автоматаар засварлах систем юм. Уг систем огцом эргэлт хийх, замаас гарах, мурилзсан хөдөлгөөн хийх үед урд дугуйг дээш болон доош хөдөлгөн хамгийн оновчтой байрлалд шилжүүлдэг байна.
Эргэлтийн үед яг л мотоцикл мэт налах боловч жолооч ямар ч автомат технологи болон тэнцвэр алдах эсэхэд анхаарал хандуулах шаардлагагүй юм. Хөдөлгүүрийн удирдлагын төхөөрөмж нь жолооны эргэлтийн байрлал, гироскоп мэдрэгч, хурдны мэдээллээс хамааруулан налалтын өнцөгийг автоматаар тохируулна. Мөн шулуун хөдөлгөөн хийж байлаа ч замын дэгэн догон тааралдсан тохиолдолд урд дугуйнууд дээш, доош эсрэг чиглэлд хөдлөж донсолгоог саармагжуулах учир их биеийн түвшин тогтвортой хэмжээнд баригддаг байна.
Одоогоор бүтээгдээд байгаа 2 хүний суудалтай туршилтын загвар нь 2 кВ-ын лити ионы хос батерейгээр тоноглогдож, нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 50 км зайг туулан, 60 км/ц хүртэл хурдлах боломжтой юм. Гурван дугуйтын урт нь 2.35 м, өндөр нь 1.45м, өргөн нь 85 см тус тус байна. Мотоциклтэй адил өргөнтэй учир нэг автомашины зогсоолд 4 гурван дугуйтыг зогсоох боломжтой. Одоогоор концепт түвшиндээ байгаа учир үнэ өртөгийг нарийвчлан тодорхойлоогүй байна. Тоёта компани i-ROAD "гурван дугуйт"-ыг 2020 оноос олноор үйлдвэрлэж, ердийн хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
эх сурвалж, mailonline Автомашин, Концепт
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх