Харь гаригийнхныг судлах нь

Харь гаригийн хүнтэй холбоотой хувь хүмүүсийн үлгэр домог мэт цуу яриа элбэг байдаг. Гэхдээ орчин үеийн шинжлэх ухаан дэлхийгээс өөр гаригийн амьдралын талаархи бодитой нотлогоог хараахан олоогүй байна. Иймд харь гаригийн хүн, амьдрал байдаг эсэх талаар эрдэмтэдийнхээ үгийг л сонсохоос өөр аргагүй. Тэдний хувьд одоохондоо таамаглалаас өөр зүйл хэлж чадахгүй байна. Сайн муу хоёр мэдээ байна, алийг нь эхэлж сонсох вэ гэсэн хэллэг байдаг. Энэ удаагийн тохиолдолд өөдрөг, гутранги хоёр төрлийн мэдээлэл байна гэвэл илүү зохих байх. Гутрангиас нь эхлэе.

"Манай галактикийн олон тэрбум оддын нэгэнд нь ч амьдрал оршин тогтнох гариг байхгүй. Дэлхий бол цорын ганц санамсаргүй тохиолдол нь" гэж Принстон их сургуулийн сансарын физикч Эдвин Тернер, Дэвид Спогел нар үзэж байна. Тэд "бэйзийн шинжилгээ" буюу санааг бодит өгөгдөлд хувиргах аргачлалаар хийсэн судалгааг, өөрсдийн санааг үнэн байх ёстой гэдэгт итгэгч эрдэмтдийн эсрэг сөргүүлэн тавьж байна. Харь гаригийн амьдрал байх ёстой гэж үзэх нь цэвэр бидний хүслээс үүдэлтэй бодол юм. Дэлхийд маш богино хугацаанд амьдрал үүсч, хөгжсөн нь одод гаригсын жишгээс гажсан тохиолдол байх магадлал өндөр. Нөгөө талаас ихэнх гаригт амьдрал үүсэх боломж маш хязгаарлагдмал байдаг. Магадлалын хувьд олон янзын дүгнэлт гаргаж болох боловч эрдэмтэд хамгийн эерэг үр дүнг хүлээн зөвшөөрөх хандлагатай байдаг гэжээ. Гэхдээ Эдвин Тернер нар өөрсдийн судалгааг эцсийн хариулт биш гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм.


Харь гаригийн амьдралыг эрж хайсан эрдэмтэдийн судалгаа ихэвчлэн гаригуудад амьдрал үүсч, хөгжиж болох нөхцөлүүдэд тулгуурладаг. Үүнд "амьдралын бүс" буюу гариг нь одноосоо тодорхой зайд, тодорхой температурын бүст байрлаж, ус шингэн төлөвт байх нөхцөлийг голлож авч үзэж байна. Өмнө нь амьдрал үүсэх боломжтой гаригуудыг илрүүлж, тэдгээрийн тоо хэдэн зуу, мянгад хүрч байгаа талаар мэдээлдэг байв. Гэвч сүүлийн үед ийм гаригийн тоо тэрбумаар тоологдох болов. Принстон их сургуулийн эрдэмтэд сүүн зам галактикийн улаан одой одны судалгаа хийх явцдаа дэлхийтэй төстэй 8 гариг илрүүлсний 2 нь амьдралын бүст байрлаж байв. Эдгээр гаригийн хэмжээ дэлхийгээс 1-10 дахин том юм. Манай галактикийн нийт оддын 80% нь улаан одой од байдаг бол нийт оддын 40% нь амьдралын бүст орших гаригуудыг агуулж болохыг судалгааны үр дүн харуулж байна. Гэхдээ улаан одой од харьцангуй бүдэг учир гаригууд түүнд илүү ойрхон зайд байрлах тохиолдолд амьдрал үүсэхэд шаардагдах дулааныг одноосоо авна. Ийм тохиолдолд илүү их хэмжээний хортой цацраг туяа хүлээн авах учир амьдрал үүсэхэд сөргөөр нөлөөлж болохыг зарим эрдэмтэд анхааруулж байгаа юм.


Тэгвэл зөвхөн нартай төстэй оддын судалгаа амьдрал үүсэх боломжит гаригийн тоог бүр ч олон гэдгийг харуулж байна. Сүүн замын 5 од тутмын нэг нь хэмжээ, өнгө, нас, дэлхийтэй адил ус шингэн төлөвт байрлах амьдралын бүст гаригууд агуулдагаараа нартай адил байна гэдгийг сансарын Кеплер дурангийн 4 жилийн ажиглалтын үр дүнд хийсэн шинжилгээнд үндэслэн НАСА-гийн эрдэмтэд нотлож байна. Иймд манай галактикт харьяалагдах 200 тэрбум одноос 40-50 тэрбум нь дээрх үзүүлэлтүүдээр нартай төстэй, тэдгээрээс 8.8-11 тэрбумд нь амьдрал үүсэх боломжтой ажээ. Харь гаригийн амьдрал оршин байх магадлал ихээхэн өндөр байгаад олонхи эрдэмтэдийн үзэл бодол нэгдэж байна. Гэхдээ энэхүү амьдрал хэмээх ойлголтод нэг эст амьтад, бактери нянгууд ч хамаарна. Гэтэл бидний сонирхол харь гаригийн оюун ухаант хүнд төвлөрдөг. Энэ талаар эрдэмтэд маань одоохондоо математик тооцооллоос өөр зүйл бас л тодорхой хэлж өгч чадахгүй бололтой.

1960 онд, түүхэнд анх удаа сансарт радио долгион илгээж, харь гаригийн амьдралыг хайсан хүн бол америкийн одон оронч Фрэнк Дрэйк юм. Тэрээр манай галактикт холбоо барих боломжтой иргэншил бүхий гариг хэд байгааг тооцоолох тэгшитгэл (Дрейкийн тэгшитгэл)-ийг зохиожээ.  Түүгээр нэг жилд үүсэн бий болох одны тоо 10, уг од гаригтай байх магадлал 0.5, тэдгээрээс амьдрал үүсэхэд тохиромжтой гаригийн тоо 2, тэнд амьдрал үүсэх магадлал 1, тэнд үүссэн амьдрал оюун ухаантай болтлоо хувьсах магадлал 0.01, тэр ухаант амьтны гариг хооронд мэдээлэл дамжуулах магадлал 0.01, тэрхүү иргэншлийн оршин тогтнох хугацаа 10000 жил хэмээн тус тус тооцсоноор холбоо тогтоох боломж бүхий оюун ухаант амьтан оршин байгаа гариг манай галактикт 10 бий хэмээн тооцоолжээ. Тэгвэл сүүлийн үеийн нарийвчилсан тооцоогоор ийм гаригийн тоо 50-д хүрээд байна.


Судалгаа, таамаглалын хүрээнд харь гаригийхан хаа нэгтээ байх ёстой гэсэн дүгнэлт хийгээд асуудлыг ор тас орхих нь учир дутагдалтай юм. Хэрэв тэгвэл шинжлэх ухааны уран зөгнөлт кинонуудад харийнхныг дүрслэхэд хүндрэлтэй байх болно. Кинонд харь гаригийнхныг бие махбодын хувьд ихэвчлэн хүнтэй төстэйгээр дүрсэлдэг. Энэ нь цэвэр найруулагчийн төсөөллөөс урган гардаг байж болох ч үнэний хувьтай байж болох юм. Хүн болон харийхан орчлон ертөнцийн нийтлэг ДНХ-г адилхан хуваалцах ёстой. Энэ санааг аминхүчлийн судалгаа хийсэн  Хамилтон их сургуулийн профессор Ральф Рюдриц дэвшүүлжээ.

Амьдралын түүхий эд бага даралт, температурын нөхцөлд цэцэглэн хөгжих боломжтой. Дэлхий дээр амьдрал бий болж, хүн үүсэх хүртэл хувьсан өөрчлөгдөхөд ДНХ-ийн бүтцэд ордог 20 орчим аминхүчил шаардлагатай байсан. Тэдгээрийн 10 орчимыг нийлэгжүүлээд байгаа бөгөөд бага даралт, температурын нөхцөл байхад л хангалттай гэдгийг Рюдриц нотложээ. ДНХ, РНХ-ийн бүтцэд ордог аминхүчил зэрэг нэгдлүүд сансарт болон сүүлт одонд илэрсэн нь сансарын өөр өөр бүст амьдралын нийтлэг үүсэл, хувьсал явагдахад хүргэж, улмаар харь гаригийнхныг бидэнтэй төстэй болгоно хэмээн таамаглаж байна.


Бидний мэдэх амьдралын хэлбэр нүүрстөрөгчид суурилдаг ч үүнээс өөрөөр цахиур зэрэг өөр элементэд суурилсан хэлбэр байж болохыг эрдэмтэд үгүйсгэдэггүй. Хэрэв энэ үнэн бол харийнхны дүр төрхийг бодитоор төсөөлөх боломжгүй бөгөөд уран сэтгэмжээ ашиглахаас өөр аргагүйд хүрнэ. Хиймэл дагуулын шинжээч бөгөөд засгийн газрын зөвлөх Магги Адерины төсөөлөлд далайн залхаг мэт харийнхны төрх урган бий болжээ. Харь гаригийн ийм "хүн" хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй, сонгино мэт дайвар эрхтэнтэй, дэрвийсэн улбар шар хормойтой байна. Арьсаараа шингээх нарны гэрэл, аварга амаараа сорох химийн бодисууд цахиуран биеийх нь хоол тэжээл болно. Бид нэг нэгэнтэйгээ дууны долгионоор харилцдаг бол тэд хоорондоо гэрлийн импульсаар ярилцана. Залхагтай төстэй боловч далайд бус, Бархасбадь мэтийн аварга гаригийн гадаргууд амьдардаг байна.


Далайн гүний амьтадад хийсэн ажиглалтаас үүдэлтэй энэхүү төсөөлөл хэтэрхий хийсвэр санагдаж байгаа бол арай өөр үзэл бодолд анхаарлаа хандуулцгаая. Америкийн химич Роналд Бреслов; бага зэрэг ялгаатай аминхүчил болон сахараас бүрдэх амьдралын хэлбэрүүд аварга том хэмжээтэй байна гэж үзжээ. Иймд харийхныг оюун ухаан, өндөр технологи эзэмших хүртлээ хөгжсөн үлэг гүрвэлүүд байж магадгүй гэж дүгнэхэд хүргэнэ. Энэхүү таамаглал хүнтэй төстэй харийнхны тухай үзэл бодолд ойр бөгөөд амьдрал үүсгэхэд чухал шаардлагатай аминхүчлүүд, сахар, ДНХ, РНХ-г бүрдүүлэгч бодисууд нэг төрлийн шинж чанартай байдгийг онцолж байна. Дэлхийн хувьд солир унаж, үлэг гүрвэл мөхсөнөөр хүн үүсэх орон зай суллагджээ. Үлэг гүрвэлүүд нь дэлхий дээр хамгийн урт хугацаанд оршин тогтносон амьтны төрөл зүйл бөгөөд хэрэв мөхөөгүй байсан бол өнөөдөр ямар төрхтэй байхыг Бресловын үзлээр төсөөлж болно.


Гэхдээ өндөр технологиор өвч зэвсэглэсэн ч үлэг гүрвэлүүд шинэ маханд шунах өлсгөлөн зангаа орхихгүй учир хэрэв дэлхийд ирвэл тэднээс болгоомжлох шаардлагатай гэнэ. Харийнхны дайсагнасан хандлага сүүлийн үеийн кинонуудад янз бүрээр дүрслэгдэж, энгийн хүмүүсийн хувьд танил болсон зүйл билээ. Нэрт физикч Стивен Хокингс ч харийнхан дэлхийг булаан эзлэж магадгүй талаар үг унагаж байсан. Гэхдээ тэд үнэхээр биднээр хооллож, эсвэл биднийг боолчилж, ашигт малтмал олзлохын төлөө ирэх үү. Гэрлээс ч илүү хурдалж, гариг хоорондын аялал хийх харийнхны хэт өндөр технологийн боломж нь иймэрхүү наад захын хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаг болсны илрэл байх болно хэмээн Харь гаригийн амьдралыг эрж хайж төв (SETI)-ийн захирал Жийл Тартер үзэж байна. Хэрэв тэд дэлхийд ирвэл судлах, нөхөрлөх зорилгоор л ирэх ёстой гэнэ.

эх сурвалж, mailonlinemailonlinemailonlinemailonlinemailonline & nbc

, ,

ганцхан сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх