Тархинд цус харвасны дараах 6 сарын хугацаанд сэргээн засах эмчилгээг тогтмол хийснээр, саажилтыг багасгаж, эрхтнүүдийн ажиллагааг зарим талаар сэргээх боломжтой байдаг тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Гэхдээ энэ хугацаа нэгэнт өнгөрсөн тохиолдолд тархины мэдрэлийн эсүүд үхжиж, өнөөдөр ашиглагдаж байгаа ямар ч эмчилгээ үр дүнгүй болдог хэмээн ойлгогддог. Тэгвэл цус харвалтаас хойш ямар ч хугацаа өнгөрсөн бай саажсан эрхтнүүдийн ажиллагааг тодорхой хэмжээгээр сэргээх боломжтойг сүүлийн үеийн судалгааны үр дүн харуулж, түүнд тулгуурласан эмчилгээний шинэ арга эмнэлгийн практикт нэвтрээд байна. Цус харвалтын дараа тархины үхэжсэн мэдрэлийн эсүүдийн үүргийг ойролцоох эрүүл эсүүд зарим хэлбэрээр хүлээн авдаг болох нь тогтоогджээ. Энэ нь эрүүл эсүүдийн мэдрэлийн сэртэнгүүд сунаж, ойролцоох эсүүдтэй холбогдох замаар явагддаг байна.
Тархинаас илгээгдсэн эрхтнүүдийг хөдөлгөөнд оруулах дохиолол нугасны мэдрэлийн систем (1)-ээр дамжиж булчингуудад хүрдэг. Нугасны мэдрэлийн эсүүд урт сунаж тогтсон учир мэдээлэл маш хурдан дамжина. Харин нугасны мэдрэлээс булчин хүртэл өөр төрлийн мэдрэлийн эсүүд (2) дохиолол дамжуулах үүрэг хүлээнэ. Цус харвалтын үед ихэвчлэн тархины мэдрэлийн эсүүдээс гадна нугасны мэдрэлийн эсүүд ч бас гэмтдэг байна. Энэ үед булчинд дохиолол дамжуулах мэдрэлийн эсүүд нугасны мэдрэлийн эсүүдийн үүргийг давхар хүлээхийг эрмэлздэг. Эдгээр эсийн мэдрэлийн сэртэнгүүд сунах боловч эс нь анхнаасаа жижиг хэмжээтэй учир ихэнх тохиолдолд буруу тийш чиглэх зэргээр нугасны мэдрэлийн эст хүрч амждаггүй байна.
Гэвч тэдгээр мэдрэлийн жижиг эсүүд нугасны мэдрэлд хүрэлгүйгээр ойролцоох өөр төрлийн эсүүд (3)-тэй холбогдож, тэдний хооронд маш хүчтэй дохиолол дамждаг байнаа. Үнэн чанартаа нугаснаас булчинд дохиолол дамжуулах мэдрэлийн эсүүд (2) нь нугас (1)-ны бус, булчингаас нугасанд дохиолол дамжуулах эсүүд (3)-тэй холбогдож орхидог байна. Гарт хэт халуун зүйл хүрэх тохиолдолд энэ тухай дохиолол булчингаас нугасанд хүрэх мэдрэлийн эсээр дамжин нугасанд хүрнэ. Гэхдээ энэ мэдээлэл тархинд хүрэлгүйгээр нугаснаас булчинд хүрэх мэдрэлийн эсээр дамжин буцаж булчинг агшаах үйлдэл хийлгэн, гарыг халуун зүйлээс холдуулна. Үүнийг рефлекс гэдэг. Өөрөөр хэлбэл тархины оролцоогүйгээр бие махбодыг гэмтлээс богино хугацаанд хамгаалах төрөлхийн чадвар юм.
Цус харвалтын үед нугаснаас дохиолол ирэхгүй учир буруу эстэй холбогдсон мэдрэлийн эсийн үйлчлэлээр рефлексийн үеийнхтэй адил дохиолол булчин нугас хоёрын хооронд тасралтгүй илгээгдэж (2-3), булчинг агшилтын байдалд оруулснаар саажилт үүсдэг байна. Тэгвэл саяхнаас эмчилгээнд нэвтрээд байгаа шинэ эмийг булчинд тарихад булчингаас нугас хүртэл дохиолол дамжуулах мэдрэлийн эсийн ажиллагааг саармагжуулна. Улмаар булчингийн агшилт суларч эхлэх бөгөөд нугаснаас булчинд дохиолол дамжуулах мэдрэлийн жижиг эсүүд нугасны мэдрэлтэй холбогддог байна. Энэ нь тархинаас ирэх мэдээллийг булчин хүртэл дамжуулах боломж олгож саажсан эрхтнүүд хөдөлгөөнд ороx нөхцөл болдог. Эмийн нөлөө 1 долоо хоногийн дараагаас илэрдэг бол эмчилгээ 3 сар хүртэлх хугацаагаар үргэлжилдэг байна.
Ботулын эмчилгээ (botulinum therapy) гэгдэх уг эмчилгээг сэргээн засах эмчилгээтэй хослон хийх бөгөөд өнөөдөр япон улсын 8 эмнэлэгт хийгдэж байна. Үр дүнгийн хувьд тухайлбал хурууны хөдөлгөөн бүрэн алдагдсан өвчтөн зөвхөн нэг удаагийн эмчилгээнээс хойш 10 хоногийн дотор гараараа хөнгөн зүйлийг барьж, атгах чадвартай болсон байна. Мөн хөл нь 90 градусаас илүү тэнийдэггүй өвчтөн 8 хоногийн дотор бусдын туслалцаагүйгээр бие даан босч зогсох, тэр ч байтугай алхах дасгал хийх чадвартай болжээ. Эмчилгээг ямар насны, мөн цус харвалтаас хойш хэдэн ч жил өнгөрсөн өвчтөнд хийх боломжтой юм. Эмчилгээгээр саажилттай эрхтнүүдийн ажиллагааг эрүүл хүнийх мэт бүрэн сэргээх боломжгүй ч өвчтний хувьд өдөр тутмын ойр зуурын үйлдлээ өөрөө хийх чадвартай болгоно. Шинэ эмийг хоолны хордлого үүсгэх нөлөөтэй, мэдрэлд үйлчлэх маш хүчтэй хор бүхий нянгаас гаргаж авчээ. Үүнтэй адил төрлийн эм үрчлээ арилгах зэрэг гоо сайхны эмчилгээнд ашиглагдаж байна.
эх сурвалж, NHK ためしてガッテン Анагаах ухаан, Физиологи
4 сэтгэгдэл:
botulinum therapy g mongod hiij bgaa yu
Хаана хандах вэ уг эмчилгээг хийлгэхэд
Энэ эмчилгээг хаана хийлгэх вэ .маш их хэрэгтэй бна
Хаана хандах вэ үнэхээр их хэрэгтэй байна.
Сэтгэгдэл үлдээх